Б.ХАНДДОЛГОР: МАНАЙД ОРОС, ХЯТАДЫН ТАЛЫГ БАРИМТЛАГЧ УЛСТӨРЧИД БОДИТОЙГООР БИЙ БОЛЦГООЖЭЭ
2011 оны 4 сарын 6 [Уншсан тоо: 203427]
Сэтгүүлч анд маань Энэтхэгт сурахаар одсоноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Түүнтэй сонин сайхан хөөрөлдөх хүсэл төрөөд болдоггүй. Хол явсан хүнээс үг сонсох сайхан. Үргэлж  нэгийг сануулж, хоёрыг бодуулдаг болохоор тэр биз. Бид хамт тухайн үеийн Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ээс сэтгүүлчийн ажлаа эхэлж байсан сан. Харин одоо Хандааг “ҮГ” сонины эрхлэгч, Монголын радиогийн дэд захирал, Ардчилсан нам, ҮШН-ын Хэвлэлийн албаны дарга алинаар нь овоглох ёстойгоо сайн  мэдэхгүй байна.  Тийм болохоор зүгээр л сэтгүүлч Б.Ханддолгортой ярилцъя гэж шийдэв.  Тэрбээр одоо Энэтхэгт  Жавхарлал Нэругийн Их сургуулийн магистрант юм. Ингээд түүний ярианд анхаарлыг тань хандуулъя.   

-Оюутны сурлага өндөр үү, ингэхэд яг ямар чиглэлээр ном үзэж байна. Олон жилийн дараа оюутан болох ямар байна вэ?


-Сурах нэг талаар сайхан ч бас их хүнд хөдөлмөр байна шүү. Энд байнга л шалгалт авч байх юм. Дарамттай ч гэсэн шалгалтанд бэлтгэх явцад ихийг сурдаг юм байна. Олон улсын харилцаа, улс төр судлалын магистраар  сурч байгаа. Манайхан Их сургуулийг кампус маягаар байгуулъя гэж ярьж байгаа нь их зөв юм байна.  Миний сурч байгаа Олон улсын харилцааны сургууль болон Эдийн засаг, Нийгмийн ухаан, Биологи, Инженер технологи, Хүмүүнлэгийн гээд өчнөөн олон сургууль нэг том цэцэрлэг-кампус дотор гэхдээ тус тусдаа байрлах юм. 17 оюутны байранд 5000 гаруй оюутан бас  багш профессорууд нь ч нэг дор сурч ажиллаж амьдрах юм. Мөн хэмжээний оюутан байрны хүрэлцээгүйгээс  кампусаас гадуур амьдардаг гэж сонссон. Энд  үнэхээр бүгдийг  нарийн зохицуулсан, сургалтын маш таатай орчин бүрдүүлжээ. Нэругийн Их сургууль магистраас дээш шатны сургалт явуулж дагнасан болохоор  оюутнууд нь арга барилаа хэдийнээ олсон, үнэхээр сурахын төлөө байдаг. Дэлхийн бүх орноос гадаад  оюутнууд  ирж суралцдаг юм байна. Надтай нийлээд монголын гурван оюутан бий. Гэхдээ  өөр өөр чиглэлээр сурч байна.

-Танай сургуулийг Дэлхийн шилдэг 100 шилдэг их сургуулийн жагсаалтад  дээгүүрт багтдаг гэж сонссон.  Аргагүй юм байна л даа. Хүн бүхэн баруун руу явах болсон үед яагаад Энэтхэгийг сонгов оо?

-Тэгэхээр барууны боловсролыг англи хэлээр хямд зардлаар эндээс авч болно. Гол нь  бид  дорнын  хүмүүс. Дорно дахинаас суралцах ёстой. Хамгийн зохистой газар бол миний бодлоор Энэтхэг. Дээр нь энд  зөвхөн сурна уу гэхээс ажиллах шаардлага, боломж ч байхгүй.  Хүмүүс яаж баруунд сураад бас ажил  хийж амждаг нь гайхалтай. Сүүлийн үед монгол залуус наашаа ирж суралцах нь элбэгшжээ. Баруунтай харьцуулахад хямд зардлаар амьдраад, сурлагадаа хамаг анхаарлаа төвлөрүүлэх боломжтойгоороо Энэтхэг давуу юм уу даа. Тэгээд бас тайван сайхан орон.

-Олон Улсын харилцаа судлаж байгаа юм байна. Яг ямар ямар хичээл үзэж байна?

-Олон улсын харилцааны онолууд, шийдэгдээгүй проблемтэй асуудлууд, Олон улсын байгууллагууд, Улс төрийн гүн ухаан, улс төрийн газар зүй, Энэтхэгийн гадаад бодлого, Олон улсын хууль зэрэг заавал судлах шаардлагатай үндсэн  хөтөлбөрөөс гадна дараа жил тодорхой бүс нутаг, улс орны харилцаа, дипломат албаны ажил үүргийн талаарх хичээлүүдийг   сонгон суралцах юм байна лээ.

-Тэгээд суралцах явцад монголдоо нэн тэргүүн нэвтрүүлчихмээр юмнууд юу бодогдох юм ?

-Юм юм бодогдоно доо. Манай зохиолчид элэг зүрхнээс уяатай, энхрий монгол орон минь... гэж яасан үнэн хэлээ вэ. Үргэлж бодогддог юм байна.
Олон улсын харилцаа бол ихээхэн хаостик  бас анархижуу зүйл. Харилцааны онолыг үзсэнээр гадны улсууд чухам юу хийж, хаашаа хөдлөх гээд байгааг элдэв сэтгэл хөдлөлөөс гадуур зөв ойлгож  таамаглах боломжтой болох юм. Улс орон бүр харилцаа холбооноосоо өөрийн эрх ашигт тустай, үндэсний ашиг сонирхолд унацтай үр дүн гаргахыг эрмэлзэж байна. Энэ үед Монголын төр хэрхэн зөв байж улсаа хөгжүүлэх ёстой вэ гэх зэргээр зөндөө зүйл бодогддог.

-Тухайлбал...


-Тухайлбал манай улсыг үнэхээр гутааж байгаа юм бол улс орны хөгжилгүй байдал. Манай профессорууд жишээ нь лекцийнхээ явцад Монголын Эзэнт гүрний тухай дурднаа. Энэтхэгчүүд түүхийн мэдлэг сайтай. Чингис хааныг маань хүн бүр мэднэ. Энэ бүгдийг сонсох их сайхан. Эзэн хаанаараа бахархана. Гэтэл энэ уудам газар нутагт тийм цөөхүүлээ, тэгээд ихээхэн баялагтай мөртлөө хүн амын маань 30 орчим хувь ядуу амьдарч байна гэхээр арай ч дээ гэж санагдана.  Манай төгрөгийн ханшийг гадныхан асуугаад 30төгрөг 1рупитэй тэнцдэг гэхээр  танай эдийн засаг чинь тийм муу юм уу гэхээр нь ичнэ. Яавал улсаа хурдхан хөгжүүлэх вэ нөхөд өө.

-Харин л дээ. Бид чинь эндээ бужигнаад, зарим үед тэр том зорилгоо мартчихсан юм шиг л амьдарцгаах юм байна шүү дээ?

-Тэр үнэн. Манайхан хоорондоо л үзэлцээд байх юм. Манай сургуульд монгол судлаач, доктор Шарат Сони гэж хүн бий. Түүнтэй ярилцах явцад монголчууд дотоод улс төрдөө илүү ач холбогдол өгөх  юм. Мөн эрдэмтдээ үнэлж, тэдний хүчийг ашигладаггүй. Иим л хоёр том дутагдал байна гэж ярина лээ. Сониноос  энд Карл Марксын “Kапитал”-ыг бүлгээр нь задлаад хоёр ч хичээл дээр үзлээ.  Капитализмыг ойлгое гэвэл ердөө Марксын  “Капитал”-ыг судлах хэрэгтэй гээд таван профессор түүн дотор АНУ Хартфорд их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн захирал лекц уншихыг сонслоо.Эндэхийн Эдийн засгийн сургуулийн бүх төвшинд Марксыг судалж байна.  Манайханд К.Марксын тухай дутуу ойлголт, түүхий мэдлэг л байдаг шүү дээ. К.Маркс одоогийн бидний хөгжүүлэх гээд байгаа хөрөнгөт нийгмийг бүх насаараа судалж  капитализмын согогыг илрүүлэхэд бүтээлээ зориулжээ. “Капитал”-ыг яаж унших тухай зааврууд байна. Жишээ нь, хувьсгалын онол, хожим Ленины туршаад будлиантуулсан тэр талаас нь судалбал шал өөрийг олж мэднэ. Капитализмын эдийн засаг социалный мөн чанар, үр дагаврыг олж харахад “Капитал” өөрийг мэдүүлэх жишээтэй. Тэгэхээр чамаас нэг юм асууя л даа. Монголчуудаас хэн хөрөнгөт нийгмийн талаар  бүрэн мэдэж байна вэ, хэр их туршлагатай билээ бид гэж.

-Надаас асууж байгаа юм уу.  Манайханд ямар юмны нь туршлага байх юм бэ. Зүгээр, баруунд юм сонсчихсон цэцэрхэгчид л бүх сэдвээр ярьцгааж байдгийг та өөрөө сайн мэдэх биш үү?

-Тэр үнэн. Бидэнд туршлага бага байна. Мэдлэг ч муу. Тэгэхээр ядаж Марксын бэлэн авлагыг судалж, капитализмын мөн чанар, заль мэхийг мэдэж байж дэлхийн капиталистуудтай тоглох хэрэгтэй байна шүү дээ. Яагаад азийн орон Энэтхэг, Хятад улс хэрэг дээрээ капитализмыг туршлагагүй мөртлөө сайн хийж, хөгжингүй капиталистуудтай ана мана үзээд байгаагийн нууц нь олон төвшинд тэр тусмаа Марксыг судалсанд байх шиг байна. Амьдарч байгаа нийгмээ мэдэж авцгаая л даа. Эрдэмтэд Марксын судалгаан дээр үндэслэж глобалчлалыг- капитализмын шинэ колончлолын бодлого гэж нэрлэж байна. Марксын онолоос бас амьдралд амжилттай хэрэгжиж, олон улсад ашиглагдаж байгаа  туршлага ч байна.
 
-Тэр нь юу гэж ?

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд. Тухайлбал, хөрөнгөт нийгэмд ажилчин хүн бол ганцаараа юу ч биш. Бусадтайгаа эвлэлдэн нэгдэж тэмцэхгүй бол эрх ашиг хамгаалагдахгүй гэдэг бол Марксын санал.

-Ингэхэд Энэтхэг улс хэрхэн хөгжиж байна вэ?

-Энэ орон улам бяртай болж байна. Оюун ухаанаа эрүүл байлгаж залуусаа хатуу чангаар сургаж шигшдэг юм байна. Удирдагчид нь аядуу дорнын уужуу ухаанаар хүч үл хэрэглэн колончлолыг халж хөгжлийн хурдаа авчээ.  Улсын чухал албыг докторын зэрэг хамгаалсан хүмүүс хашиж, оюутнууд доктор болох гэж зургаан жил наад зах нь бакалавр, магистрын сургалтаас гадна гүрийтэл сурч байна шүү дээ. Цөмийн зэвсэгтэй, дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн болох гэж байгаа бүс нутгийн супер их гүрэн боллоо. Улс төрийн бодлого нь уян хатан тухайлбал  Америк, Орос гэсэн хоёр туйлд дэлхий хуваагдаад  үзэлцэж байхад төвийг сахиад аль алинтай нь хамтран ажиллаж, аль алинаас нь ашиг унагаж улсаа хөгжүүлсэн байх жишээтэй.Тийм сүйхээтэй улс орон тухайлбал Иран бас байна. Лалын шашинт ихэнхи орнууд барууны ертөнцтэй арцалдаж байх хооронд нөхдүүд тэдэнтэй ч хамтраад Муслим орнууддаа ч түлхүүр болж бодлогоороо хөгжлийн хурдтай хийж байна шүү дээ. Манай жижиг монголын хувьд зөв бодлого, мэдрэмж, хурд хэрэгтэй байна.

- Манай газар зүйн байрлал бас хэцүү юм даа?

-Тийм, манайхыг сэндвич, түгжигдсэн орон гэдэг ш дээ. Манай гадаад харилцааны бодлого чиглэл   зөв  тодорхойлогдож, харьцангуй ололттой явж байгаа.  Гагцхүү нэгдсэн зохион байгуулалттайгаар хурдтай ажиллах  хэрэгтэй байх шиг.  АНУ  өнөөдөр дэлхийн хэт их гүрэн байна. Дараагийн өрсөлдөгч нь Хятад гэдгийг онолчид хэдийнээ хүлээн зөвшөөрсөн. Орос,Япон дэлхийн хүчтэй superpowerууд. Тэгэхээр их гүрнүүд хамтран ажиллахыг зэрэгцээ бие биетэйгээ өрсөлдөж хүчийг нь сааруулах, баланс тогтоохыг  эрмэлзэж байна. Хоёр хөрш маань хяналтаа алдахгүй бодлоготой, манайхан бусад гүрнүүдтэй  хамтарч хүчний балансаар аюулгүй байдлаа бататгаж  хөгжлөө хурдасгах хүсэлтэй. Манай газар зүйн байрлал  superpower-уудын анхаарлыг татсан  томхон шатрын хөлөг болчихлоо.   Гагцхүү  дотооддоо нэгдэлтэй, нэгдсэн бодлого зорилготой  байж байж л  гадаад харилцаанаасаа хожно шүү дээ. Бид ухаарахгүй юм бол манай дампуу байдал, төрийн  хүчгүйдэл, үндэстний сул тал,  дутагдлыг маань ашиглан хэргээ бүтээгсэд захаасаа ажилдаа оржээ.   
Ажиглавал  өнөөдөр монголд маань Орос, Хятад, мөн барууны талыг баримтлагч улстөрчид хэдийнээ төрсөн байна.  Аль алины хүчийг нь ашиглавал улсдаа нэмэр болж чадна. Харин тэд маань айлын талд үйлчилж гадны дэмжлэгээр  дотоод улс төрдөө ялах гэж муйхарлавал улсаа хөлдөө чирнэ.   

-Чухам үүнд чинь л ард түмний зарим хэсэг уурлан зэвүүцэж, эрхэм дарга нараа үзэн ядаад байна бус уу?

-Үндэстний мэдрэмж байгаа ш дээ. Гэхдээ ард түмэн бид муу улс төрчдөд  гомдлоо гээд төрөө шалны алчуур шиг дэвсээд байвал энэ хорвоод хэн бидний төр улсыг хүндэлж үнэлэх билээ.Тэнэгүүдийн орон гэж шоолно шүү дээ. Гадныхан монголчуудыг хагалах бодлого явуулдаг гэдэг үнэн шүү. Битгий бусдад туслаарай, бие биедээ туслаарай, бид дэндүү цөөхүүлээ шүү гэж л хэлмээр байна. Англи улс Энэтхэг орныг колончлохдоо үргэлж муслим болон хинди шашинтны зөрчил дээр тоглож ирсэн байдаг. Манайхны бол амбици шуналаар л тоглох байх даа гадныхан.

Манайхан нэг л алгуур, бодлогоо сайн  зангидаж  чадахгүй байх шиг. Бас ёс суртахуунаар доройтож байна. Улс төрчид маань эрх биш үхэх тавилан үйлийн үр, хариуцлагаа ухаарах байлгүй. Хоёр их гүрний дунд айл гэр байх амаргүй. Гэхдээ улсынхаа эрх ашгаас урваж амьдрах ёсгүй. Улс төрч хүн шуналт сэтгэлээ хязгаарлах чадвартай байх хэрэгтэй.  Улс гэр маань үрэгдвэл  ард түмнээсээ нүүр буруулан байж олсон  жаахан хөрөнгө мөнгөхөн ямар юмны баталгаа болох билээ. Манайд зөв сайхан төрийн хүмүүс  олон бий гэдэгт итгэж байна.

-Нийгмийн маань эрүүлжих явц их удах юм шиг санагддаг болсон ?

-Нэг өрх  айл байлаа. Хаана юу байгаагаа мэддэггүй, хоорондоо үргэлж орон гэрээ тартлаа хэрэлддэг, үр хүүхэд нь хөнгөн замаар амьдрах хүсэлтэй, архидалт, мансууралд донтсон. Тэднийд  хэн ч орж юу дуртайгаа хийж болдог  тэгээд эздэд нь их нээлттэй сайхан айл байна.  Ийм л байх ёстой гэж итгүүлээд арилж өгдөг. Энэ бүхэн өөдлөх айлын шиж тэмдэг мөн үү.  Уг нь сэтгэлээ нэгтгээд  өдөр шөнөгүй ажиллахад бидэнд хийх ажил их л байх шиг. Заримдаа манайхан юу хийж, яаж хөгжих ёстойгоо ч мартсан юм  шиг санагддаг. Ядаж цөөхөн ард түмнээ эмчилж эрүүлжүүлж,  ажилтай болгож,  архинаас гаргамаар байна ш дээ. Уул уурхайн баялагаараа үсрэнгүй хөгжлийг хийгээч гэж хүсмээр байна. Биднээс хэзээ хойно төвхнөсөн Казакстан гэхэд л хол тасарчихлаа шүү дээ.

-Тийм ээ. Гэхдээ ингээд л бодоод байхаар санаа сэтгэлд гутрал нүүрлэчихдэг юм аа. Одоо би  өөрийн тань хийдэг бясалгалыг сонирхмоор байна.  Яагаад гэнэт бясалгал хийдэг болчихсон бэ. Асууна даа гэж бодоод явсан юм?

-Надад олон асуултын хариу тодорхой биш байдаг байлаа. Би хэн юм, би яагаад би юм. Яагаад зовж  жаргадаг юм, хайртай эмээ өвөө дүү нар минь хаашаа яваад өгөв  гэхчилэн. Тэгээд азаар Москва  нисч явах замдаа нэг хүнтэй онгоцонд танилцсан юм. Тэр хүн бясаслгалын маань багш байсан. Түүний санал болгосноор анх Випассана  бясалгалыг хийж үзээд үнэхээр алмайрсан. Маш практикал тэгээд хичнээн гүн логиктой байсан гээч.

Сэтгүүлчийн мэргэжлээс болоод надад аливаад шүүмжлэлтэй хандах хангалттай хар бий л дээ. Хэрэв энэ бясалгал зүгээр оюуны тоглоом түр зуурын  сэтгэл хөдөлгөгч  өнгөцхөн  үр дүн багатай зүйл байсан бол  аль эрт орхисон байх байлаа. Будда үнэхээр гайхамшиг гэдгийг бясалгалын дараа мэдэж ухаарсан л даа. Өмнө нь  мухар сүсэгтэн байжээ. 

Байгалийн хууль ертөнцийн гүн ухаан үнэхээр амттай бас бидний оюун санааг үргэлж тэлдэг юм байна гэдгийг би ойлгосон.

-Тэгээд нөгөө асуултуудын хариу тодорхой болсон уу?


-Өөрийгөө таньж мэдэж л явна. Түүнтэй зэрэгцэн бусад хүн, байгалийн хууль тодорхой болж эхэлдэг юм байна. 

Хүмүүс баян ядуу, дээд доод, эр эм хөгшин залуу, ямар шашинтайгаас үл хамааран сэтгэлдээ дарамт ачаатай амьдарцгаадаг. Бидний сэтгэл янз бүрийн стресс зовлон, буруу дадал зуршилдаа дарамтлагдаад ихээхэн мунхаглал төөрөгдөлд оршдог юм байна. Тиймээс бодит байдлыг зөв үнэлэх зөв амьдрах саруул ухаанаа алдсан байдаг. Сэтгэл ямар хүчтэй бас мунхаг гэж санана.  Бид сэтгэлийнхээ эзэн биш  хүсэл шунал уур уцаар аль хэдийнээ эзэн сууж биднийг боолчилжээ  гэдгийг  хүн мэддэггүй. Түүнээс үүдэн ихээхэн зовж шаналж,залхууран хойрогшиж,мансууран донтож,үзэн ядаж, айж түгшиж,атаархан хорсож  сэтгэлийн тэнцвэрээ алдан  бачимдан амьдардаг. Энэ бясалгалаар сэтгэлийнхээ эзэн болж эдгээр муу сэтгэлийг  ариусган цэвэрлэхэд суралцдаг. Буддагийн техникийн гайхамшиг юм даа. Үр дүнд нь сэтгэл цэлмэж амаржин  бусдыг хайрлах дэмжих,  хүн болсон хувь тавилангаа зохистой зөв амьдралаар өнгөрүүлэх хүсэл эрмэлзэл дотоод эрч хүчтэй болдог юм. Ямар ч шашинтай хүн хийсэн  адилхан үр дүнд хүрдэг.

-Ингэхэд энэ бясалгалыг тань хэрхэн, хаана хийж болох юм бэ?

-Дэлхий даяар Випассана бясалгалын төвүүд байна. Монголд Бэтүб хийд дээр байрладаг юм. Эхлээд 10 хоног бясалгалын курст заавал хамрагдаж суралцана. Дараа нь өөртөө дадуулах, сэтгэлээ цэвэр байлгах хариуцлага бий. Сайныг сурахдаа хойрго, эвдэрч муудахдаа сурмаг шүү дээ сэтгэл. Зовлонгийн шалтгааны ихэнхи нь хүний  сэтгэл дотор байдаг. Хүн бид төрөх үхэх өвдөх өтлөх, хайртай хүмүүсээсээ хагацах, хүссэн маань бүтэлгүйтэх үл хүссэн зүлтэйгээ учрах зэрэг илэрхий зовлонгуудыг дайрч гарахын сацуу  өөртөө гай тарих муу сэтгэлийг ямагт тэтгэн хөгжүүлж байдаг. Энэ бясалгалаар тэдгээр зовлонт сэтгэлийн үндэсийг  цэвэрлэж өөрт тань болон бусдад тустай эерэг сэтгэлд суралцаж  байна гэдгээ  бясалгагч  туршлагаараа ойлгож мэддэг. Сэтгэл ийнхүү амгалан эрүүл болохоор сайн чанарууд, аз жаргал аяндаа хөгжиж эхэлдэг, аливаа зовлон бэрхшээлийг даван гарах хүч тэнхээ нэмэгддэг.  

-Бидний сэтгүүл зүйд орж ирж байх үе сайхан байжээ. Ямар ч гадны айхтар хадлага, арилжаа наймаа, мөнгөний дарангуйлал байхгүй. Тэр үеэ жаахан дурсахгүй юм уу ?


-Гоё нь би залуу сэтгүүлч байхдаа ардчилалд их итгэдэг байлаа. Одоо ч нийгмийн хөгжлийн зөв чиг хандлага гэж үздэг. Гэхдээ  ухаарвал засвал зохих зүйлс бас байна.  Тухайлбал ардчилсан нийгэмд тэгш эрх бүгдэд адилгүй. Дэлхийн  их гүрнүүд тухайлбал АНУ манай жижиг монголтой адил тэгш биш,   бичиг цаасан дээр ижил эрхтэй гэж бичигдэж магадгүй амьдрал дээр ондоо. Түүн шиг ядуугийн доод төвшинд байгаа иргэн Болд эрхэм гишүүн хоёр  тэгш эрхтэй биш. Яг үнэнэдээ иргэд нь ядуу, эрхээ хамгаалах чадваргүй нийгэмд ардчилал   сөрөг нөлөөтэй байх нь ч бий. Мөнгөтэй хэсэг бүлэг олон нийтийн мэдээллэлд хяналтаа тогтоож нийгмийн оюун санаагаар тоглох боломжтой. Яг манайд болж буй процесс.  Бодит үйлдвэрлэлд хөрөнгө оруулахгүй яагаад телевизийн суваг эзэмших гэж үхэлдээд байгаагийн цаана суртал ухуулгаар хүч олох хүчээ хадгалах гэсэн сонирхол л байгаа.

Хамгийн ноцтой нь  ардчиллын нэрээр манайхныг санаатай санаагүйгээр гадна дотны явуулгаар хагалсаар байгаад Монголчууд маань  цээжин дотроо үргэлж дарь тээж амьдрах боллоо. Бие биенээ хайрлах, хүндлэх нь байтугай хүлцэн тэвчихгүй болж ирж байна. Биднийг нийтлэг ашиг сонирхолгүй, хагаралтай, ядуу, боловсролгүй, сул дорой  байлгах хэнд ашигтай вэ. Шуудхан хэлэхэд soft колоничлол, зөөлнөөр колоничлох гэдэг, илэрхий колоничлох боломж байхгүй өнөө цагт ийм бодлого явуулдаг юм байна. Манай сэхээтнүүд, сэтгүүлчид монголоо хагалахад биш болж өгвөл нэгтгэхэд хүчээ өгмөөр байна. Улсаа хөгжүүлж иргэдээ өөд татаж байж үндэсний аюулгүй байдал батжина. Монгол хүн монгол орон хожно.

-Ажил мэргэжлийн маань онцлог биднийг маш их стресс дунд амьдарч сургадаг.  Гал шиг дүрэлзэж явах зуур арван хэдэн жил гялс өнгөрчихөж. Одоо хаа нэг тийшээ л урвамаар санагдаж байна. Чи миний оронд байсан бол хаачих вэ?

- Өө, найз минь надад чамтай хуваалцах зүйрлэшгүй үнэт эрдэнэ мэт зүйл байна. Тийшээ урва. Яг үнэндээ бясалгалын дараа оюун санааны хувьд би үнэхээр өссөн. Энэ тэр нам сонин биш болсон. Эх  орон хүн заяаны дэргэд үнэхээр жижиг сонирхол шүү дээ. Надад итгэ гэж шаардахгүй. Зүгээр л туршаад үз. Чи хорвоогийн 365 хоногийг хагалттай бусад зүйлд зарцууллаа. 10- хан хоногийг өөртөө зориул. Өөртэйгөө байж үз. Тэгээд чи дотооддоо өөрийгөө  нээж олохын  сацуу бусдыг, хорвоог, байгалийн хуулийг  зэрэг нээж ойлгож эхэлнэ.  Тэгээд өдөр бүр биеэ угааж цэвэрлэдэг шигээ энэ болдоггүй сэтгэлээ бясалгалаар цэвэрлэж ариусгаж байх хэрэгтэй. Ингэвээс амьдрал амар, аз жаргалтай болж ирнэ.   Манай монголчууд уг нь ухаалаг, хувь заяа өндөртэй хүмүүс. Бид доошоо орж , адгуус мэт амьдрах ёсгүй.   Бие биедээ тусалж өөдөө гарах хэрэгтэй. Зүгээр нутгаасаа хол монголоо санасандаа ингэж яриад ч байгаа юм биш. Буддагийн сургааль номын гол үр шим энэ бясалгалд оршдог юм.  

-Бясалгалын тухайд надад нэг биш хүн зөвлөдөг. Гэхдээ сэтгүүлчийн маань үндсэн чанарууд уусаад, хэт хүлцэнгүй, хэт амар амгалан, хэт номхон болчихвол яана гэсэн айдас төрөөд.  Харин Хандаа маань их өөрчлөгджээ ?

-Мөн их юмнаасаа айваа. Улам актив эрч хүчтэй, хурц ухаантай, ажилсаг бас аз жаргалтай болно.   Өмнө нь маш их эрч хүчийг буруу дэмий зарцуулж ирсэн бол  одоо чиглэл өөрчлөгдөнө. Энэ бол мунхаглал төөрөгдлийн зам биш  чөлөөлөлтийн зам. Зовлонтыг жаргалант, харамчийг өглөгч, дарангуйлагчийг энэрэлт, мууг сайн,  мунхагийг саруул ухаант болгож үргэлж эерэг рүү чөлөөлнө. Эцсийн үр дүн нь төгс гэгээрэл төгс чөлөөлөлт гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ явах зам зуураа хангалттай зөв үр дүнг илэрхий хүртэж байгаагаа бодит туршлагаарааа мэддэг учраас л  өнөөдөр дэлхийн  хүмүүс сая саяараа энэ бясалгалыг хийдэг болж байна.  Тэрнээс  сайхан үгэнд  итгэх шаардлагагүй. Үгээр засардаг бол хорвоо аль эрт сайхан болчихгүй яахав.  

-Баярлалаа. Үнэхээр сонирхолтой амьдарч байгаа юм байна. Амжилт хүсье?

-Баярлалаа.  Энэтхэг улсад сурч байгаа маань надад зөвхөн академик боловсролоо дээшлүүлэхэд төдийгүй   оюун санааны хувьд өсөх боломж олгож байгаа нь  үнэхээр сайхан байна. Хүн олон сайхан зүйлийг мэдэж сурч болох боловч амьдралд хамгийн хэрэг болох үнэмлэхүй ач тустай зүйл бол миний бодлоор Бурханы гэгээрсэн энэ бясаслгал юм байна гэдгийг ойлгосон. Хүн төрөлхтний  зовлон нийтлэг юм байна. Үүнээс ангижрах   энэхүү нийтлэг арга техникийг туршаад үзээрэй гэж захимаар байна. Хийж эхэлсэн цагаасаа үр дүнг нь та өөрөө мэдэх болно. Нийгэм маань үнэндээ хувь иргэдээс л бүрдэнэ. Иргэдийн маань сэтгэл эрүүл эрч хүчтэй, бие биенээ дэмжсэн найрсаг, зөв байвал  нөгөө хөгжлийг бүтээх ч ойрхон байна даа. 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив