Төр албан тушаалын арилжаа явагддаг хамгийн том бирж болжээ
2013 оны 2 сарын 21 [Уншсан тоо: 169309]

Шударга ёс бол баялаг юм гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө сэтгүүлч надад өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Тиймээ энэ үнэн. Шударга ёс бол яах аргагүй баялаг. Тэр өөрөө энэ үзлийн хамгийн том тээгч.Энэ дүгнэлттэй бол мэтэлцээд байх хүн байхгүй биз. Нөгөө талдаа  түүний нам бас өөрсдийгөө ингэж үздэг. Харин энэ үнэлэлтийг үгүйсгэх хүн мундахгүй болжээ. Эрх бариагүй үедээ болохоор шударга ёсны үзлээ тээгээд, сануулаад, хамгаалаад байдаг. Эрх барихаараа хаячихдаг улс юм байна гэх дүгнэлт өнөөгийн АН-ыг тойрч байна. 

АН-ынхан эрх мэдлээс гадуур явснаа үргэлж онцолдог. Эгэл жирийн гишүүд дэмжигчдийнхээ төвшинд бол тэд гудамжинд явсан нь үнэн. Харин  дээд зиндааныхны тухайд бол үргэлж төрийн байшинд явсан. МАН засаглаж байхдаа ямагт тэднийг урьж, эвсэж ирсэн. Энэхүү урилгыг АН-ын зөвхөн нэгдүгээр эгнээнийхэн гардаж, үр шимийг нь эдэлж явсан нь үнэн. Хамгийн сүүлийн жишээ өмнөх парламентын үе. МАН 45 суудалтай үнэмлэхүй ялалтан дээрээ ч  АН-нхныг дуудан хамтарч гэрээ барьж байсан  халуун буурь нь арилж амжаагүй байна. Өнөө харин тэд өвөртөө багтахгүй өс хонзонгийн эзэд болцгоожээ. АН-ынхны амнаас МАН-ыг чичилсэн хамгийн эвгүй үнэртэй үгс л унаж байдаг болсон. Хүний ёсны үүдээс тэдний энэхүү аяг ааш тун муухай харагддаг. Гэвч улс төрд хүний ёс, хүн чанарын тухай яриа хамгийн хүчин төгс биш яриа хөөрөөнүүд байдаг л даа. 

АН-ын жирийн гишүүд тэгэхээр дээд зиндааны тоглогчидтойгоо л мөс чанарын тооцоогоо ярих ёстой. Саяхан Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт түүчээлж явагсдын нэг Дарь. Сүхбаатарыг ОБЕГ-ын дэд даргаар тавьжээ. Энэ мэт мэр сэр эзнээ олсон томилгоонуудад хүмүүс баярлаж байна. Тэр хүнээс нэгэнтэй би “Та хэдэн жил ажил албагүй явав аа” гэж асуусан юм. Хариуд нь юу гэсэн гээч. “Шалихгүй ээ, ах нь 20-хон жил гудамжинд алхлаа” гэж гудиггүйхэн хариулахад нь дотор өөрийн эрхгүй шархирч байсан. АН ийм хүмүүсээ бодох цаг нь болсон. Гэвч манай эрх баригчид ажил алба тойрсон хачирхалтай бодлого явуулах болжээ. Тэд төрийн албыг төрлийн алба л болгож байна. Өөрийнхөө 20 жил гадаа зогссон партизануудыг дэмнэх биш өвөр түрий, амраг садангийн сүлбээ дагасан өвөрмөц сүлжээ үүсгэж эхэллээ. Эдүгээ МАН-ын арван хэдэн мянган гишүүд дэмжигчид халаа сэлгээнд өртөн гудамжинд гараад байна. Тэднээс АН- д том гарын татаастайгууд нь л ажил алба дэвшиж, завшиж яваа. Эхнэр нь АН-ын гишүүн учраас МАН-ын гишүүн нөхөр нь дарга болон дэвшиж байна. Ах нь УИХ-ын гишүүн болсон учраас дүү нар нь суга суга дэвшиж байна.  МАН-аа баахан өөчилж гоочилж, дотроос нь хагалах ажиллагаа явуулан эрх баригчдад дэм болж буй Р.Раш, С.Загджав нарын эхнэрүүд шууд л дарга болцгоож байна. Ёстой нөгөө байгаа дээрээ амжуулна гэдэг л энэ байх. Нэр төр, мөнөөх шударга ёсны хэмжүүрүүд бүгд будаа.     

Саяхан УИХ-ын гишүүн Х. Болорчулууны дүү жирийн нэгэн мөрдөн байцаагч байсан залуу шууд “Монголрос Цветмет”-ийн захиралаар очиж дуулиан тарьлаа.

“Дорнод гурил” ХХК-ны захирал Х.Болорчулуун УИХ-д бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэр уг нь МАН аас нэр дэвших бодолтой байсан ч мандат олдоогүй. Үүнд хорссон орон нутгийн гурилын үйлдвэрийн магнат бие даан нэр дэвшиж хөндлөн гулдгүй мөнгө цацаж байгаад гараад ирсэн. Түүний түүх товчхондоо энэ. Хэдийгээр МАН нь түүнийг элгээ буруулахгүй байх гэж ихээхэн найдсан ч тэр хялайж ч хараагүй. Нөгөө хоёр бие даагчтайгаа хамтран бие даагчдын бүлэг байгуулж гэдийсэн. Түүний энэ шийдвэр тодорхой хэмжээний хүндэтгэл дагуулж байсан ч угийн арилжаа наймааны стил-тэй эрхэм гишүүн маань кнопоо АН-д арилжчихлаа. Энэ бол монгол хүний гаднаасаа сүржин харагддаг худлаа ёс суртахуунлаг төрхний ард дандаа хувийн өчүүхэн хүсэл шунал нь нуугдаж байдгийн тод илрэл. Үнэт зүйлгүй, үргэлж хувийн эрх ашгийг дээдэлж явдгийн жишээ. Одоо түүнийг  Д.Арвингийн араас АН-ын батлах гардлаа гэхэд гайхах зүйл байхгүй. Нэг ёсондоо зам нь шулуудсан гэсэн үг. Х.Болорчулуун ийнхүү кнопоо  “Монголрос Цветмет”-ийн захиралаар худалдлаа. Энэ бол монголын улс төрд АН-ынхны нутагшуулж буй улс төрийн биеэ үнэлэлт. Энэ бол албан тушаалын эрээ цээргүй наймаа.Сонгогчдынхоо итгэл найдварыг дүүгийнхээ албан тушаалаар сольж байгаа гутамшигт явдал. Одоо нөгөө хоёр бие даагчдыг ч тойрсон албан тушаалд дүү нараа тавиулах гэж байгаа тухай яриа саарал ордноор хийсч явна. Бараг үнэн байх. С. Ганбаатарын дүү хүүхэн Оюутолгойгоор баруун солгойгүй хичээллэж байгаа. Гаднаа монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхийн төөөх шударга тэмцэл явуулж буй мэт харагдавч араас нь сүрдүүлэг л үнэртээд байгаа нь нууц биш. Тэр эмэгтэй мундаг боловсон хүчин байж болно. Гэхдээ гэр бүлд нь нэг нь л тэмцэгч байхад хангалттай. Тэмцлийнхээ төлөөсийг өөртөө баялаг болгон шингээж чадсан нь яах аргагүй С.Ганбаатарын өөрийнх нь чадавхи.  Одоо дүүдээ тэр менежментээ өвлүүлж буй нь харин хэр зохистой юм бол. Дүү нь ч гэсэн ахынхаа арьсыг ингэж  хуулж болохгүй л харагдах юм даа. Энэ бүх зохисгүй явдлын хөлд манай  Төр худалдаа наймааны хамгийн том зах зээл болж үлдэж байгаа нь л харуусал юм.

МАХН-ныхан гэж жижиг гарын аймшигтай наймаачид гарч ирлээ. Бүгдээрээ МАН-ын дэмжигчдийн саналаар гарч ирэгсэд. Бүгдээрээ дотогшоо эргэсэн шивээнүүд. Кнопоо АН-д арижигсад. Голомтоо эргэж самрагчид. Тэд бол шударга ёс гэдэг баялгийг үрэн таран хийгсэд. Одоо шударга ёсны манаач болох Ерөнхийлөгч энэ бүх эрээгүй явдлыг цэгцлэх хэрэгтэй. Ичгүүрийг сануулдаг, ийм зүйлд аранга болдог араншингаа үзүүлэх хэрэгтэй. Өөр ямар ч хүчин зүйлд хазаарлагдахаа нэгэнт больсон тул зангарагаараа зогсоох хүн нь Ерөнхийлөгч л харагдаж байна. 

Хүмүүс ажил албанд очих нь муухай зүйл биш. Гагцхүү шударгаар чардайтлаа зүтгэдэг, боловсрол мэдлэг нь хүлээн зөвшөөрөгдсөн ч ахиж дэвшдэггүй, төрийн албандаа үнэнч тийм  залууст боломж олгохгүй, улстөрд нөмөр нөөлөгтэйг нь дэвшүүлдэг бохир тогтолцоо ноёрхож буй нь зохисгүй явдал. Ийм зохисгүй сүлжээ Төрийг биеэ үнэлэгчдээр дүүргэж, улс төр суурьтай наймааны золиос болгож байна. Энэ муухай жишгийг тогтоож, намынхаа рейтингийг унагаж байгаадаа АН, түүний Засгийн газар  дүгнэлт хийх цаг иржээ. Төрийн гоо зүй бол хоморголон халах, хэлмэгдүүлэх, нам хүчний гишүүнчлэлээр ялгаварлах, ах дүү амраг садангаа татах, унасан доройтсоноо боорлох биш. Төр бол ёс суртахуун, шударга ёсны хашаа.  Авилга хээл хахуулиас ангид орших эрхэмсэг шинж, ганхашгүй сүрлэг шинжийн бэлгэдэл.   Тэгэхээр бид бэлгэдлээ муу муухайгаар булж болохгүй. Эрт дээр үеэс монголчууд төрийн сүлдээ дээдэлж, сүслэсээр ирсэн. Төрийг нүдтэй гэж итгэдэг.   "Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй" гэж хэлдэг. Энэ нь төрийн хууль цаазаараа дамжуулж иргэдээ хамгаалж байдаг ариун дагшин байдлыг шингээж ухаант түмний хэлсэн үг.Тэгэхээр төрийнхөө нүдэнд шороо пургиулж  болохгүй. Төрийнхөө дээр нам гэдэг байгууллага залчихда орон манайхаас өөр байхгүй. Эцэстээ манай бүх гажуудал төрийн дээр нам залсантай холбоотой гажуудал. Энэнээс болж ард түмэн төрд итгэх итгэл суларсан. явсаар үзэл бодол ч биш  хувийн эрх ашгаараа нэгдсэн хүмүүс  л төрийн оройд хэлхэлдэж байдаг болсон. 

Улс төр ба бизнес гэсэн супер хослол төр барьдаг жишгийг сонгогчид халах ёстой. Халах эрх нь ганцхан ард түмэнд бий. Сонголтынхоо ард ултай суурьтай сууж байдаг нуруулаг шинжээ ард түмэн бид гээмээргүй байна. Сонголтоо гоомой хийчихээд дараа нь Төрөө хараагаад байдаг гэнэн шинжээсээ салах цаг болсон. Нарийн яривал ултай суурьтай, элдэв савалгаагүй, жинтэй ард түмнээс сонгуулийн саналыг нь луйвардах ч бололцоогүй шүү дээ. Өөрсдөө бид нухацтай, ухаантай, буурьтай, хөдөлмөрч, ёс суртахуунтай, хүнлэг төлөвшлөөр зузаарах цаг болсон. Явж явж иргэний чадавхи нийгмийн хамгийн том баялаг шүү дээ.  



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив