Цаадахын цаана
2013 оны 2 сарын 23 [Уншсан тоо: 131544]
Энэ хорвоогийн аяг ааш бол хүний өөрийнх нь л ааш авир байдаг байна. Хүн энэндээ төөрөлдсөнөө мэдэхгүй хорвоогийн хэцүүг гайхаж, хорвоо гэх эзэн биегүй ойлголттой “хэрэлдэж” амьдардаг. Тэрнээсээ болоод өөрийгөө хорвоотой л үзээд байна гэж төөрдөг. Угтаа бол өөртэйгөө л үзэлцэж яваагаа ихэнхи нь мэддэггүй. Байгалийн өгөгдөхүүн, үзэгдлүүдээр нь өөрийгөө баясгаж, цас бороонд нь алхалж, уулын манан уруудан буух чив чимээгүй тансагт нь уярч, гол усны хөвөөтэй гомдол гунигаа хуваалцаж  явавч дотогшоо эргэхээрээ цээжээ хүндрүүлээд байгаа зүйлээ мөнөөх хорвоо дээр л аваачиж тохчихдог мөн ч сонин амьтан даг аа. Хүн өөрөө амьдралд алжааж, тэрнээсээ болон байн байн уйтгар гунигт автаж, тэрнээсээ болон дарстай нөхөрлөн  мансуурч байдаг ч юм шиг. Ингэж дотоод нүд маань хардаг учраас би архинд орчихсон нөхдөө хараад хэзээ ч буруутгадаггүй. Балай авгай, архичин өвгөн гэх маягаар би тэдэнд хандаж чаддаггүй. Тийм ч болохоор манай утга зохиолын хүрээний бүх “дампуучууд” манай өрөөний үүд хаалгаар шагалзаж байдаг биз.

Тэр хүн яагаад архи ууж, ганихарч, гаднаас нь харахад бүхий л утга учраа алдчихсан мэт гундаж, дэмий сэнсэрч явна вэ. Ингэж явахыг чухамдаа өөрөө хүссэн гэж үү. Үгүй л болов уу. Цаана нь заавал шалтгаан байгаа. Цаадахын цаана нь хэнд ч харагдахгүй, хэнтэй ч хуваалцахад бэрх өр өвтгөсөн зовиур байгаа. Хүн өөрийгөө дотроос нь нурааж байгаа энэ зовиураа хүссэнийхээ зоргоор хуу гөвчихөж чаддаггүй. Зарим нь энэ тамаас урт удаан зовж байж салдаг бол, зарим нь эгнэгт салж хүчирдэггүй. Ийм л учиртай юм. Басхүү хүний амьдрал хүслээр болдоггүй. Өрөөсөн жигүүрээ олсон, ажил мэргэжил алба тушаалын хувьд бурханы өглөг шиг яв цав мөрөөдөлтэйгөө зэрэгцүүлж чадсан хүн төдий л элбэг биш таардаг. Тийм ч учраас айхтар нэг нь нүдээ анин цаашаа алхаж, тэсвэр тэвчээр муутай нэг нь тарж бутран живж, сэтгэлийн амьдрал, хувь заяаны тохуунд төдийлөн ач холбогдол өгдөггүй өөр төрлийн зарим нь шоргоолж мэт хурааж цуглуулан гүйсээр дуусдаг. 

Ингээд бодохоор хүний амьдрал тэр чигээрээ төөрөгдөл юм шиг. Тэр чигээрээ мухардал ч юм шиг. Тэгэхээр жаргаж байгаа үедээ жаргал гэж харж, зовж байгаа үедээ зовлон гэж таньж амьдрах нь л чухал юм шиг. Танихгүй, тааварлах ч үгүй хий эргэж явах үеүдээ түргэн хумиж, болохгүй бол аз жаргалыг өөртөө зохиож сурах нь илүү чухал байж мэднэ. Хүн хүнээ цаадах руу нь, цаадахын цаадах руу нь өнгийж жаахан хайрлаж баймаар. Бид бие биендээ аймшигтай хайргүй болцгоожээ. Бидний амьдрал нэг нэгийгээ дэгээдэж унагах, дэвслэх тал дээр сүрхий дадлагажаад явчих шиг харагддаг.

Уг нь сэтгэлийг амирлуулах хамгийн зөв гарц нь зүгээр л амар амгалангаа олох юм. Гацааны гол тээглээ жаахан бодох, уужрах, тавирах тухай л асуудал юм шүү дээ. 

Энэ их урт харгуй, эзэн биегүй, оргүй хоосон уйтгар, санаа алдаад ч хөнгөрөхгүй нүсэр хэмнэлүүд...

Энэ их гүн жалга, нуруун дээрээс дарсан ачаа, уйлаад ч нэмэр болохгүй ганирсан мөчүүд...

Өглөө сэрэхэд өнгө өнгөөр даллаж байх гайхам сайхан хорвоо, үдэш болоход гойд юм юу ч таараагүй бодогдох эгэл жирийн амьдрал....Сайхан ч юм шиг. Эсвэл сайхан гэж бодчиход л хангалттай юм шиг. Бодлын хүчийг ер нь юу давах юм. Бодолд боолын ч тавилан бий, хааны ч тавилан бий. Эзэмдэх, залах, засаглах чадвараараа бол хүн гэдэг амьтны цорын ганц малгай нь бодол шүү дээ.

Үнэндээ амьдралд амт нэмж байдаг зүйлс олон байна. Сайн ном унших, сайхан кино үзэх, эрхэм хүмүүстэй уулзан учрах. Энэ бүхнийг аваад хаячих юм бол амьдрал яасан харанхуй байх бол. Түнэр дундуур тэмтчих шиг л зовлонтой эд байх вий. Нэгэн сайхан номыг уншиж дууссаны дараа ахин нөгөө гайхалтай хуудсыг эргүүлэхэд авдаг мэдрэмжийг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Сэтгэлд улирал солигдох шиг нэг тийм урин сайхан мэдрэмж төрдөг л юм даа.

Нэгэн сайхан бүтээлийг хүртэж байх агшин нөлөөнд нь өнгөрөөж байх өдрүүд яасан яруухан, яасан амтлаг вэ. Ийм мэдрэмжүүдийн цаадахын цаадах зовлон нь хуваалцах эсэхэд оршдог. Хэнтэй ч хуваалцахгүй хав дарагддаг бол тэр нь үнэ цэнэтэй мэдрэмж биш болж хувирах гээд байх шиг санагддаг.  Надад лав тийм л байдаг. Тийм болохоор би хааяа өөрийг минь эзэмдээд байгаа зүйлийн тухай энэ мэт бичдэг юм. Өөрийнхөө бүр цаана байх тэр дотно алсыг дуудаж, элдэв догдлолуудаа дэлгэж байх шаардлагагүй ч байж мэднэ. Гэхдээ би өөрөөр байж чадахгүй.

“Дотно алс” гэсэн нэгэн гайхалтай ном миний найз болоод удаж байна. Зүсийг нь ч хараагүй, нэг ч удаа уулзаагүй нэгэн хатагтайд автаж, заримдаа тачаадан атаархаж, заримдаа оргилон хайрлах болов. Түүний шүлгүүдийн хүчирхэг ховс, ид шидийн гэмээр дуудлага, гуниг баясал, орь хүслэнгийн минь өдөөгч болов. Чичирхийлсэн эмзэг долгион судсан дундуур минь жирвэлзэж, чимээгүйхэн ямар нэгэн хана мөргөх өрөвдөм айдас болов, тэр надад.

Өчигдөрхөн цухлыг минь барж байсан өвөл
Өглөө сэрэхэд л дуусчихсан нь гунигтай байна.
Өөрөө түлхэж явуулсан бүхнийхээ араас
Өдөр бүр уйлах минь тэнэг байна.


Өдийг туулж, тэндээс энд хүрчихээд
Өчигдөрөө өнгөрсөнд нь үлдээж чадахгүй байна.
Өвдөж, өвтгөхөө туйлд нь хүртэл үзчихээд
Өндийж босох хүчээ мэдрэх бүртээ хоосроод байна.
  Өндийж босох хүчээ мэдрэх бүртээ хоосроод байна....Хоосроод...байна...

Ариун галыг хүлцэнгүйгээр
Долоонтой тойрч чадах охин,
Амьдрал туршаа шүд зуух тэсвэртэн
Дотор минь байна.
Өөрийг минь хүрээлсэн
Өндгөн гэрэл хагараагүй,
Өрөвдөх, гомдох, хардахын
Аль алийг мартсан байна.


Уурссан модод зунжин үсэглэсэн номоо
Урж тасдах шиг навчсаа гөвдөг дөө
Углуурга сайт гинжнүүдээ зүрхнээсээ яаж тэгж
Уйлахгүйгээр тайлахыг л сурахгүй байна.



****                  ****               *****

Эзэн минь, боол минь
Эвхээстэй ганцхан даашинз минь
Хүүхдэрхүү гомдоллогч зөрүүдхэн минь


Хардагч, сэжигч, халшрагч минь
Хачин гутранги ганцаардагч минь
Өмчлөгч, өширхөгч, өөнтөгч минь
Өршөөгч, өрөвч эмзэгхэн минь

Хэврэгхэн итгэлт минь, хэнээт найрагч минь
Хүслэнт хүүгийн минь эцэг, мөнхийн хорьтон минь.
Хэцүү үгтэн, зүрхтэн минь, тэнэгхэн минь
Хэзээд ч чамайг хайралсан юм шүү....


Дуу нь сэтгэлд ингэж хадах гэж байдаг аа. Ингэж хадаагдсан дуу хадаах увидсынхаа цаана хатаагдсан л байгаа даа. Хатаагдсан зүрхний тамир л ийм хүчирхэг тэмтрэгддэг дээ.

Уйлмаар болох, ураад шидчихмээр болох, оргилоод газрын гав руу тэнэн алга болмоор болох, оч үсэргэн гал шиг шатан халуурмаар болох...Цаадах... цаадахын цаана ийм л юм болж байна даа....


 
      

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn