Цирк рүү явцгаая, АЛИАЛАГЧИД дуудаж байна
2013 оны 3 сарын 7 [Уншсан тоо: 78953]
Ерөнхийлөгчийн сонгууль угтсан бэлтэл ажилдаа намууд хэдийнэ орцгоожээ. Уг нь бол хам­тарсан засаг байгуулаг­дахад үзэглэсэн гэрээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн өрөг байх ёстой юм. Гэвч манай уран сайханчид одоо эвсч нийлж байж арай ядан барьсан гэрийнхээ ха­тавчнаас л нэг нэгээрээ босч ирээд солгой хоолойгоор тэн­хээ мэдэн дуулцгааж эхэллээ. Тэдний хувьд хөгжмийн зохиолчийн бичсэн нот моот, удирдаач, найруулагч бүгд падлийгүй ажээ.  

УИХ-ын сонгуульд “Шудар­га ёс” эвсэл гэсэн шинэ малгай өмсөн, дуулах дуу, дугтрах хүчээ нэгтгэн оролцсон МАХН, МҮАН-ынхан Ерөнхий­лөгчийн сонгуульд хэрхэн яаж орох нь ойлгомжгүй болж хувирлаа. Засгийн газрыг байгуулах гэрээнд Ерөнхийлөгчийн сон­гуульд АН-тай нэг субъект болж оролцоно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулснаа тэд март­жээ. Үнэхээр хачирхалтай явд­­лууд болж байна. Туйлбар­гүй, дүрэмгүй, улс төрд тэртээ тэр­гүй амьдрах насгүй болчихсон хэсүүлчидтэй нэгдэж байгааг нь сануулж байсан цаг саяхан­сан. Юм ч хурдан өрнөж байна шүү. Нэг бодлын ийм алиа­лаг­чид байхгүйсэн бол уйтгартай ч юм шиг.  

МАХН-ынхан саяхан хий­сэн Бага чуулганаа­саа “МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргавал УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбиш­дагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг нам дотроо нэр дэв­шүүлж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сойно” гэсэн шийдвэр гаргаснаа зар­лачихлаа.

Өнөө уулын зэрлэ­гүүд маань явж явж бүр  МҮАН-аас ч тусдаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох юм яриад унах нь тэр ээ. Ийм зэрлэгүүд­тэй ямар хэлээр ярих ёстойгоо одоо ёстой хаа хаанаа мэдэхээ байсаан... Арга ядаад МҮАН-ын дарга М.Энхсайхан “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь АН-тай хамтран Засгийн газрыг байгуулахдаа Ерөнхий­лөг­­чийн сонгуульд нэг субъект болж оролцоно гэж гэрээгээ ба­талгаажуулсан. Түүнийгээ дагах ёстой шүү дээ” гэж аяар­хан сануулав. Хүний өмнөөс ичих хэцүү. Тэр тусмаа ханилж яваагаасаа олны өмнө ичих зовлон шүү дээ.

Уулнаас бууж ирээд бал­лаж байгаа манай нөхдүүд ийнхүү Бага чуулган гэгчээ хийж  хариуцлагагүй, бодлого­гүй, улс төрийн утгаараа бие­жиж хэлбэржсэн бодьгал биш гэдгээ харуулсан ойворгон шийдвэр гаргажээ. Чингээд зог­сохгүй бас нэг сонин шийдвэр гээчийг гаргасан гэж байгаа. Засгийн гэрт эвсч орж ирэхдээ зурсан гэрээгээ ийнхүү амаа­раа ураад зогсохгүй Ерөнхий­лөгчийн сонгуульд аль ч нам­тай эвсэхэд бэлэн гэж дэвэх нь тэр ээ.  Энэ юу гэсэн үг вэ.  Тэгэхээр нөхдүүд ирэх дөрөв­дү­гээр сард зарлах Бага хур­лаасаа Ерөнхийлөгчийн сон­гуульд бусад нам улс төрийн хүчинтэй эвсэхгүй дангаараа оролцох шийдвэр гаргаж ч мэдэх нь.  Тэгвэл юу болох вэ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Шударга ёс” эвсэл зад­рана гэсэн үг үү.  Тэдэнд ийм эрх дарх бий юү. Байлгаад зас­гаас гарлаа гэхэд Ерөнхий­лөгчийн сонгуульд хүнээ өр­сөл­дүүлэх хууль эрх зүйн бо­лолцоо байгаа билүү. Энэ мэт асуухад ч төвөгтэй зүйлс олон гарч ирж байна. Ёстой хэцүү нөхдүүдтэй учирчээ.

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр ийн халуурч эхэлж буй үед намуудын эрх бүхий албан тушаалтнууд арга буюу анхан шатны байдлаар байр сууриа илэрхийлцгээлээ. Тэдний дотроос хамгийн зар­чимтай нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэ­гийнх байв.  Улс төрийн хүч­нийхээ хувьд хамгийн цул, хам­гийн хүчирхэг байр суурь дээр байгаа намын хувьд тэд зарчим сануулж байна. Өөр яах билээ.  

Тэрбээр хамгийн эхлээд МҮАН, МАХН-ын “Шударга ёс” эвслийн хувьд Засгийн газрыг хамтарч байгуулахдаа гарын үсэг зурсан гэрээнд тодорхой заалт байгаа. Тэр нь Засгийн газарт хамтарч орсон намууд орон нутгийн болон Ерөнхий­лөгчийн сонгуульд хамтарч орно гэж гэдгийг сануулав. Хоёр­дугаарт, хамтрагчдадаа дү­рэмтэй тоглохыг санал бол­госон нь өнөөгийн учир замба­раагүй, зарчимгүй, улс төрийн соёлгүй уур амьсгалыг  егөөд­сөн чимхэлт байв. Энэ тухайд тэрбээр “Ардчилсан намын хувьд бүх шийдвэр хамтын шийд­вэр байдаг. Өнөөдөр хэв­лэлээр  гарч байгаа мэ­дээл­лүүдийг харахад нэг улс­төрч “аймаар аймаар” мэдэг­дэл хийх юм байна шүү дээ. Зарим нь “нэгдлээ” л гэнэ, за­рим нь “эвслээ”, зарим нь “эсэргүүц­лээ” л гэнэ. Ардчилсан намын хувьд бол ийм шийдвэр аль нэг улстөрчийн амнаас гарах ямар ч боломж байхгүй. Бид чинь бас нэг хурал хуйтай, тэрнийх нь эрх мэдэл нь тогтчихсон, түү­гээрээ эвсэх үү, нэгдэх үү гэд­гээ шийддэг. Өнөөдөр манай намын дарга дээр ч гэсэн ороод “Та байр сууриа хэл” гэ­вэл хамтын удирдлагын шийд­вэр нь гараагүй учраас тодор­хой зүйл хэлэхэд хэцүү шүү дээ” гэж хэллээ.

Энэ үнэн. Нэг танхимд мөр зэрэгцэн сууж, аяга хоол ч байсан, албан тушаал ч байсан эн тэнцүү хуваалцаж буй нөх­дүүд өглөө босч ирээд л МАНАН БУДАН-гаар нь дуу­даад л, тэгнэ ингэнэ гээд дур дураараа хашгираад унахаар наанадаж ёс зүйн хувьд яаж таатай сонсогдох билээ.  Гэвч өөрсдийнх нь хийсэн үйлийн үр болохоор яалтай.

Түүнтэй зэрэгцэж МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын дэд дарга Л.Цог мөн байр сууриа илэрийллээ. Хашир бол ёстой барин тавин, авахад хэцүү, хаяхад бэрх юм цацжээ.

“Намын бага чуулган дээр МАН-тай нэгдэх талаар бид задгай ярьсан.  Нэгдэх, нийлэх гэсэн хоёр өөр хууль зүйн ойл­голт бий. Хоёр нам нэгдэнэ гэвэл аль аль нь татан бууг­даад, нэг субъект шинээр гарна гэсэн үг. Ийм зүйл мэдээж байж болохгүй. Харин хамтрах тухай асуудал байж болно. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний язгуур эрх ашигт ха­маа­ралтай асуудлаар хамтарч болно гэ­сэн үг. Үүний нэг хэл­бэр нь ма­гад­гүй Ерөнхийлөг­чийн сон­гуульд явж явж нэг нэр дэвшиг­чийг тодруулж магад” гэсэн түүний яриа дурайж байх юм.

Эндээс ямар дүгнэлт хийж болохоор харагдаж байна вэ. Нэгдүгээрт, гэрээ бол юу ч биш болж хувирсан нь баттай бол­жээ. Хамтарсан Засгийн газарт хөтлөлцөж орж ирсэн МҮАН гэсэн хамтрагчаа шууд л хаяж байгаа юм даг уу даа. Цааш нь өнөө нөхөр бүр баллаж өгчээ. Шууд болзол тулгав. Бараг шу­луу­хан Энхбаярдах болзол юм даа.  Юуны ч билээ саваар овог­логдон өнхөрч явдаг манай баа­тар цааш нь ийн урсгажээ. “Бидэнд нэг л болзол бий. Бид шударга ёсыг үгүйлэн, шудар­га бусыг үл тэвчин МАНАН гэсэн бүлэглэлийн эсрэг явсан учраас манан тогтолцоонд буй ёс суртахуунгүй, хууль бус өмч хөрөнгийн хэрэгт хутгалд­сан, нийгэмд нэр төргүй болсон тийм эрх мэдэлтнүүдтэй хамт­рахгүй гэх байр сууриндаа ха­туу байгаа. Хэрвээ МАН толгой дээрээ байсан олигархиудыг цэвэрлэж чадах юм бол бидний яриа ойртох байх” гэж дуугаа өндөрсгөснөөр энэ удаагийн мэ­дэгдэл нь арай гэж зог­сов. Хаанаас ирсэн, хэн гуай айлын гэрийн дотоод руу ийн сүрхий өнгийв гэмээр бодог­доно.

МАНАН гэдэг еэвэнгийн чинь тал нь АН биз дээ. Тэр тал дээр бөөрөөрөө ирж наалд­чихаад одоо юу гээчийг ярьж байгаа юм бол. Ямар  “Уг нь чи олиггүй л явдалтай хүүхэн бай­сан шүү дээ, би л муудаа чам­тай нийлсэн болохоос “ гэж гон­гинож байгаа эр нөхөр биш дээ. Ийм ч нөхдүүдтэй таарах гэж. Хувь заяа ч нэг тохуур­хахаараа тохуурхсан шиг то­хуур­хах юм аа.

Дараагийн анхаарал тат­сан, анхаарал тавихаас ч өөр аргагүй байр суурь мэдээж МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийнх байлаа.  Ноён Ө.Энхтүвшин өөрийн намын туссан өвчнийхөө оно­шийг зарлажээ. Тэр нь зүгээр ч нэг хатгаа төдий зүйл биш нэлээн ужиг нигууртай эд гэд­гийг тэр ил тод хэлэв. Энэ нь түүний хэлсэн “Өнөөдөр манай намд бий болсон нөхцөл бай­дал бол зөвхөн ялагдлын да­раахь улс төрийн хүчнүүдэд то­хиолддог ердийн нэг хүндрэл биш, нэлээд эртнээс эхэлсэн, ужгирсан, олон үе шаттай үйл явц” гэсэн үг дээрхийг нотолж буй юм.  Хурцхан өнгөтэй түүний мэдэгдлээс энэ удаа өөрөө нэр дэвших бодолгүй байгаа нь илрэх шиг. Тэрбээр цааш нь сонгуулийн өмнө хоёр тусгаар болсон намуудынхаа тухайд “МАН, МАХН эвсч, нэг­дэхийн тулд эхлээд намынхаа дотоод амьдралыг эргэж харах ёстой байх гэж бодож байна. Ардын намынхны хувьд эхний ээлжинд өөрийн намыг ингэж хоёр хуваагдах хүртэл нь үйл ажиллагаа явуулсан, сон­гуульд удаа дараа ялагдал хү­лээлгэсэн буруутнуудад арга хэмжээ авч, хариуцлага тоо­цох нь зөв алхам болно гэж хэ­лэх байна. Ингэж чадвал на­мын үзэл бодол, хөтөлбөрөө ойртуулах тухай асуудлыг ярих хэрэг гарах байх. Үүний да­раа хоёр нам эвсэх, нэгдэх тухай асуудлыг ярихад болох­гүй гэх газаргүй” хэмээжээ.  

“Хэн энэ намыг ийм болго­чихсон юм бэ, нөхөд өө” гэсэн халуун цочмог үгийг Москва­гаас ирж намын генсекийн ажлыг авсныхаа дараа Сан­жаагийн Баяр ердөө хэдхэн жилийн өмнө хэлж байсан удаа­тай. Харин энэ удаа ха­луун тогоон дотор нь ч юм шиг, гадна нь ч юм шиг явсан Ө.Энх­түвшин  агаар нэгэн үгийг хэлж байна. Сонин л юм. Ажиглаг­чийн хувьд түүний илэрхийлж буй байр сууриас гадагшаа биш дотогшоо чиглэсэн хатуу үнэр ханхалж байгаа нь илүү анхаарал татна.

Энэ удаагийн сонгуульд тус нам одооноос цагаан туг өр­гөж байгаа ч юм шиг. Сон­гууль гэж хүчээ барснаас гэр орноо илүү өөд нь татаж авах бодлого руу анхаарлаа хан­дуулж ч байгаа юм шиг. Энэ бол хамгийн сонирхолтой байр байдал юм. Бас нэг сонир­хууштай зүйл МАН-ын даргын амнаас уналаа. Тэр бол парла­ментын гадаа яваа БНН-руу хандсан эерүү дүгнэлтүүд. Үү­ний цаана ямар нэгэн үнэр байж ч мэдэх. Үгүй ч байж болох.

Тэрбээр “МАХН, МҮАН-ынхан эвсч, “Шударга ёс” эвс­лийг байгуулж, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон. Гэ­тэл одоо энэ эвсэл ганхаж эх­лэх гээд байх шиг байна. Энэ бүх үйл явцыг юу гэж харж бай­на вэ” гэсэн сурвалжлагчийн асуултад тээнэгэлзэх ч үгүй­гээр “ Улс төрийн хариуцлагагүй байгаа нөхцөлд салж, нийлэх асуудал юу ч биш. Улс төрийн гэрээ, хэлэлцээр хийчихээд хариуцлагатай байж чадахгүй бол салах л хэрэгтэй шүү дээ” гэж шулуухан хариулжээ. Ха­шир улстөрч мөнөөх дүрэмгүй тоглогчдод хаягласан чинжүү шиг үгийг чулуудахаа март­сан­гүй. Эрх барьж буй АН-ын тухайд ч тэр соёл тээсэн байр суурь илэрхийлжээ. Улс тө­рийн зүтгэлтнүүд хийж буй улс төрийнхөө үндсэн зарчмыг ямар ч тохиолдолд хамгаалж байх үүрэгтэй. Тэр хувь улс­төрчийн хувьд үүнээс өөр зэр­лэгүүдийн түвшний байр суурь илэрхийлэх бололцоогүй бол­сон хүн. Тэр нь харагдаж бай­на. Сөрөг хүчин л гэж үргэлж өрвийж байдаг үс, сөрвөлзөж байдаг ам бас биш гэдгийг тэр харуулав.

Тэрбээр мөн хэдхэн хоно­гийн өмнө намынхаа гишүүд, дэмжигчдэд хандаж ил захидал илгээсэн. Тэр нь ерөнхий агуул­гаараа мөн л гадагшаа элдвийг тохож улстөржсөн биш дотогшоо  эргэсэн утга тээсэн нь нам дотор байдал тийм ч амар биш байгаагийн  нэгэн илрэл юм. Түүний захидлыг намынх нь гишүүд тун нухац­тай тунгааж уншаасай билээ. Сүүлийн үед аль ч намын дарга ийм хэмжээний үнэлэлт дүг­нэлт, санал санаачилга  до­тоод­доо хаяглаагүй. Ийм хэм­жээний зовлон ч тээгээгүй байж мэдэх юм.

Өнөөдөр тус нам дотор эл­дэв шинэ бүлэг бүлгэм үүсч, шаард­лага шахалтууд үзүүлж байна.   Гэвч Ө.Энтүвшин өө­рөө агуу их Н.Энхбаярын үед ч жигүүр санаачлан дэрвүүлж явсан түүхтэй. Тийм болохоор энэ мэт үзэгдэлд хатуу хариг хандахгүй биз. Харин цаадуул нь чухам цаг үеийн шаардлага тээж төрөгсөд үү, жирийн нэг дүйвээнээр үймэгсэд үү.

Энэ мэтээр нам хүчнүү­дийн амьдрал идэвхжиж байна. Цаашаа улам ширүүсэх нь нэ­гэнт тодорхой болжээ. Тэр дун­даа хамгийн элэг хөшөөм цэн­гээнт үзүүлбэрүүдийг уулнаас бууж ирэгсэд маань л тавих даг аа...Циркт тавтай морил гэх шиг манай алиалагчид шовгор мал­гайгаа аван мэндчилж эхэл­сэн бус уу?



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn