Эрх ашгийн эрэмбээ эвхээд тавьчихсан гишүүд
2013 оны 3 сарын 20 [Уншсан тоо: 65590]
УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө УИХ-д сонгогдсон ялагч  яг ямар тангараг өргөдөг вэ. Төрийн сүлдэт тугандаа ёслон мөргөж, үг үсэггүй давтан дуудаж  өргөдөг тэрхүү тангарагаа тэд яг юу гэж ойлгодог вэ. Ёсчлон дагадаг уу. Эрхэмлэн дээдэлдэг үү гэсэн эдгээр асуултуудыг яагаад бид тэднээс асуудаггүй юм бол. Ерөөс манайд тангараг гэдэг ойлголт ёс төдий зүйл болж хувирав уу. Албан ёсны утгаар ч, анд нөхрийн ёсноос ч энэ зүйл алга болж байгаа юм болов уу.

Юутай ч эхлээд Төрийн дээд төвшнөөс эрж хайх нь зүйтэй болов уу.  Манай улсын  Төрийн эрх барих дээд байгууллага бол бүх ард түмнээс сонгогдсон УИХ. УИХ-ын гишүүдээ бид дөрвөн жилд нэг удаа үндсэн хуулийнхаа дагуу нууцаар саналаа өгч сонгодог билээ. Тийнхүү сонгогдонгуут тэдгээр 76 “гишүүн”  Төрийн сүлдэндээ сөгдөж, УИХ-ын гишүүний тангаргаа өргөдөг. Өөрөөр хэлбэл тангараг өргөснөөр бүрэн эрх нь хууль ёсны дагуу нээгддэг гэсэн үг. Үндсэн хуулинд УИХ гишүүн гэж яг хэн байхыг хэрхэн томъёолсныг харъя. Үндсэн хуулийн “Монгол Улсын Төрийн Байгуулал” гэсэн гуравдугаар бүлгийн  23 дугаар зүйлийн нэгд, Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заажээ. Харин хоёрт нь, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэсэн байна.

Хамгийн эхний тодорхой зүйл тэднийг бүх ард түмний элч төлөөлөгч мөн гэж Үндсэн хуулиар баталгаажуулжээ. Эрх ашгийнх нь эхний эрэмбэ энэ юм байна. Бүх ард түмний элч байх энэ статусыг тэдний үүргийнх нь нэгд зоож өгснөөр ерөөсөө хэн байхыг нь хуулчилсан гэсэн үг. Тангаргынх нь эхний үг өгүүлбэрт ч мөн адил. 

Ингэж тангараг өргөснөөс хойш тэд бол УИХ-ын танхимд намын эрх ашиг ярих эрхгүй нөхдүүд болж хувирдаг гэсэн үг. Намын байр сууринаас асуудалд хандах ёсгүй. Учир нь эрхгүй болдог. Төрийн хоймор, парламентын танхимд тэд  зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг л ярих ёстой. Ярих гэхээр арай жижигдээд байна.  Төлөөлөх гэдэг үгээр солъё. Тэдний хэн байх ёстой хууль ёсны зарчим нь ердөө энэ юм байна.

Гэтэл манай нөхдүүд өнөөдөр хэнийг төлөөлдөг вэ.  Бүгд аль нэг намыг төлөөлж байна. Тэд намын нэрээр сонгогдож гарч ирдэг улсууд мөн үү гэвэл мөн. Улс төрийн тайзнаа улс төр хийхээр хүлээн зөвшөөрөгдсөн, намаасаа тохоон томилогдсон, шигшигдсэн улстөрчид мөн үү мөн. Гэхдээ Төрийн сүлдэнд тангараг өргөснөөс хойш тэдний нэгдүгээр эрх ашиг нам биш Монгол Улс, түүний ард олон болж хувирдгийг мартчихаад байна. Өнөөдөр манай УИХ-ын гишүүд чуулганы танхимд улс орны амин чухал эрх ашигтай холбоотой аливаа асуудлыг хэлцэхдээ ч мөнөөх эрэмбээ үл хэрэгсэж байна. Тэдний амнаас дандаа намын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан, эцэс төгсгөлгүй хэрүүл талцлаар жигүүрлэсэн үгс л гарч байдаг болжээ. Сүүлдээ бүр намаа өмөөрч харагдахын төлөө уралдаанд орсон юм шиг ээлж ээлжээр улс төрийн эрх ашиг тээсэн байр сууриар сонгогчдоо булж байна. Энэ бол яах аргагүй үндсэн хууль болоод бусад хууль тогтомжуудыг, мөн шар ордны улаан хивсэн дээр хөл тавихдаа андгайлсан төрийн хүний тангаргаа зөрчсөн үйлдэл. Тэдний энэхүү зарчимгүй үйлдлүүдээс нь болж нийгэм хуваагдаж, улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалд ноцтой хохирол учирч байгааг эрхэм гишүүд ойлгохгүй байна. Цааш нь нарийн ярих юм бол тангаргаа уландаа гишгиж буй энэхүү байдлыг нь төрийн эсрэг гэмт хэрэг ч гэж үзэж болно.

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахдаа “гэрээслэл” үлдээсэн байдаг тухай саяхан нэгэн эрхэм ярьж байна. Түүний үлдээсэн тэрхүү “гэрээслэл” нь өнөөдрийг хүртэл АНУ-ын төрийн хар хайрцагны бодлогод чиг баримжаа болон явж байна гэж. Түүний Америкийн төрд үлдээсэн тэрхүү өвийн үндсэн агуулга ерөөсөө аливаа асуудалд хандахдаа Америкийн Нэгдсэн Улсын эрх ашгийг буюу тэр дундаа худалдааг бүхний эхэнд  тавьж, улс төрийн асуудлыг хойш нь  шидэж байх хэрэгтэй гэсэн захиас аж. Улс төрийн асуудлыг нэгдүгээрт тавьбал ард түмний нэг хэсгийг нөгөөгийнх нь эсрэг турхирч, хооронд нь хагаралдуулж, АНУ-ын нэдмэл байдлыг алдагдуулж, хүч чадлыг сулруулж гадны нөлөөлөл орж ирэх боломжийг нээж өгөх хор уршигтай гэж тэр онцгойлон захижээ.

Манайхан бол өөр л бодлогоор галгиулаад байна. Бүгдийн нэгд улс төрийг эрэмбэлж, түүгээрээ дотооддоо явуулах бүх бодлогоо хулдаж байна. Үүнээс нь болж үндсэн эрэмбийнх нь дээр намын эрх ашиг заларч, гадныханд суларсан орон зай дээрээ тоглох бололцоогоор хангаж өгч байна ч гэхэд хилсдэхгүй. Том том төслүүдээ тойроод л талцчихдаг. Долоон булчирхай, найман найлзуурхайгаа дэлгэсэн хэрүүлээр нөгөө төслүүдийнхээ нөөц үүц бүх юмыг цацаж орхидог. Бараг гадныхны бодлогод орж, тэдний хүсэлтээр нь манай зарим улстөрчид тоглож өгдөг юм уу ч гэж хардмаар харагдах нь энүүхэнд болжээ. Гэтэл бусад улс гүрнүүд улсынхаа олох ашиг орлогоо, хожоогоо л нэгд эрэмбэлдэг. Манай улстөрчид болохоор чуулганыхаа танхимд орж ирээд аливаа байр суурь ярихдаа манай намын байр суурь ийм байна гэж дуугардаг. Намаа л оройдоо залахгүй бол суух завьгүй болчих гээд тэгдэг байх. Тийм болохоор дотогшоо дургүйд зориулагдсан дулимагхан хүчээ шавхаж, гадагшаа намдаа үнэнчээ үзүүлж, намынхаа төлөө зүтгэж байгаа харагдах зовлонтой ажлыг хийж байна. Зарим нам парламентад сууж байгаа гишүүдээ дуудаж ирүүлээд улаан цайм “Хэний ачаар та тэнд морилж байна вэ. Намын буянаар УИХ-ын гишүүн болчихоод намаа өмгөөлж хамаалахгүй хар амиа хоохойлоод явааг чинь бид харж байгаа шүү” гэж заналхийлдэг болж. Намын эрх ашгийг төрийн хоймор хэрхэн өргөж яваагаар нь үнэлж дүгнэдэг болж. Нам ингэж бидний бүх эрх ашгийн эхэнд заларч байна.

УИХ-ын гишүүдэд эрэмбийнх нь эхний зүйлийг сануулж хэлэх цаг болжээ. Тэгэхээр энэ ажлыг хэн хийх ёстой вэ. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэд, эздийн холбоо, сэтгүүлчдийн байгууллагууд санаачилж давалгаалуулаасай гэж хүсч байна. Ялангуяа өдөр тутмын сонинуудын холбоо энэ төслийг авч явж, ичихээ мэдэхээ байсан гишүүдэд Төрийн сүлдний өмнө андгайлсан андгайг нь сануулах ажлыг хийгээсэй. Аар шаархан пиар хөөж, пүүс компаниудыг гороолох, гишүүдийг тойрогт нь “танилцуулах”  ажилд биш ийм зүйлст хүчээ зориулаасай.

Үндсэн хууль зөрчиж чуулганы танхимд  намын байр ярихыг хуулиар хориглох хэрэгтэй гэж улс төрөөс залхсан уншигчид маань бидэнд захидал бичиж байна. Ийм цаг ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэр бүү хэл чуулганы танхимд намын байр суурь хөндсөн, намын эрх ашиг гаргаж тавьсан гишүүдийг гишүүнээс нь эргэн татдаг байх хэрэгтэй гэсэн хатуу байр суурийг ч тэд санал болгож байна. Арга ч үгүй биз. Тангараг өргөсөн л бол тэр гишүүн  намын эрх ашгаа парламентын танхимын гадаа хаяад орж ирэх ёстой. Намын бүлэг дээрээ, нам дээрээ намынхаа байр суурийг ярьж байх ёстой. Ийм байтал манай нөхдүүд Төрийн хоймроос л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр  намын эрх ашиг ярьж байна. Тэрнээс ард түмэн залхжээ.

Тэгэхээр бид ард түмнийхээ энэ залхалтыг гол сэдвээ болгох хэрэгтэй. Хууль санаачилтал нь, батлагдтал нь “дарамталцгаая”. Сануулж, шүүмжилж, ичиглэж, илчилж байх нь бидний үүрэг учраас.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив