Гайхамшиг, аймшгийн хослол
2013 оны 4 сарын 6 [Уншсан тоо: 117761]


Урлагийн ертөнц бол өдөр бүхэн шинэ содон, гайхширмаар зүйлсээр халгиж байдаг ертөнц билээ. Тэр утгаараа цаг үе бүхэнд хэрэглэгчдээр хахаж байх өвөрмөц амьдралыг өөртөө агуулж байдаг. Саяхан дэлхийн алдартай театруудын нэг ОХУ-ын Большой театрт нэгэн дуулиантай явдал гарлаа. Одоо ч энэ явдал дэлхийн театр сонирхогчдын анхаарлын төвд байна. Тус театрын уран сайхны удирдагч Сергей Филин гэмт халдлагад өртөж, нүүрээ хүчлээр түлүүлсэн энэхүү ноцтой хэргийн дараа уг хэргийг шууд л уран бүтээлийн өрсөлдөөнөөс үүдэлтэй хашраалт гэж ажиглагчид дүгнэсэн. Энэ дүгнэлт батлагдсан ч, эс батлагдсан ч ерөөсөө хамгийн анхны хардлага энэ сэдвээр эхэлж буй нь өөрөө театр гэдэг гайхамшиг аймшгийн хослол болсон их айлын мөн чанарыг илтгэж байгаа хэрэг юм. Театр бол тэр чигээрээ тавилангийн төлөөх хатуу өрсөлдөөн. Энэ өрсөлдөөн тодорхой лидерүүдийн дунд өрнөдөг төдийгүй бусад масс нь зөвхөн дагалдагсад, даган алхагсад болж үлддэгээрээ аймшигтай. Манай Дуурь Бүжгийн Академик театр жишээ нь агуу Х.Уртнасангийн эзэгнэл дор хагас зуун жил шахам байсан. Агуу их “дарангуйлагч” Б.Жамъяндагвын мэдэлд хичнээн ч жил байсан юм бүү мэд.  Аль тэртээ 1962 онд Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг хөгжмийн театрын найруулагч, балетмейстер мэргэжлээр төгссөнөөс хойш Дуурь бүжгийн театрт балетмейстер, ерөнхий балетмейстер, уран сайхны удирдагчаар тасралтгүй ажилласан л хүн шүү дээ. Энэ их он жилийг тэр өөрийн мэдэлдээ байлгасан нь түүний агуу ихийн баталгаа. Өөрөөр авч үзэх бололцоо байхгүй. Тэр бидэнд Римский Корсаковын “Щехерезада”, Лео Делибийн “Копеллия”,  Ц.Пунийн “Эсмеральда”, Л.Минкусын “Дон Кихот”, Ж.Чулууны “Уран Хас”, И.Морозовын “Ай ёо доктор”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, А.Хачатуряны “Спартак”, Д.Шастаковичийн “Энхийн тойрог”, П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” гээд өдий төдий гайхамшгийг  импортолж авчирсан гавъяатан. Дотоодынхоо хөгжмийн зохиолчдыг ч домог болгоход манай “дарангуйлагч”-ийн хийсэн нөр их гай, нөр их гавъяа бий. Түүний эрхшээлд монголын балет хөрс сууриа тавьж, хөгжил цэцэглэлтээ ч олсон. Бүжигчдийнхээ хүүхэд гаргах эсэх эрх чөлөөг нь ч юутай хээтэй нь гартаа атгаж байж тэр энэ бүх амжилтуудыг хийж байсан юм.  Түүний мэдэлд ирж байсан балетчид Пермь, Ташкент, Ленинград, Москвагийн л “бүтээгдэхүүн”-үүд байв. Тэдний толгойд алдарт Ю.Оюун зогсч байсан гээд л бод.  Ю.Оюун байгаагүй бол бид ариун гэгээн, утга төгөлдөр Одеттатай хэзээ ч уулзах байсан юм. Өр өвдөм харуусалт тавилангийн эзэн, өшөө хорсол, тачаасан их тэмүүллийн эзэн  Одилияг хэзээ ч харах байсан юм.

Театр ийнхүү хөл дээрээ босч байжээ. Хөл дээрээ боссон театрт хаан нь ч төрнө, хатан нь ч төрнө. Элдэв “шимнуснууд” нь ч ургана.  Угаасаа жам нь тийм юм. Энэ жамын хөлд манай олон гайхамшигт одод мандан бадарч, олон ч гайхалтай од нь тачаан сөхөрсөн. Балетийн урлагийн нэгэн сод од, тухайн цагийнхаа эрэгтэй бүжигчдийн сор нь болж явсан бүжигчин бусдын гарт амиа алдаж байсан ч түүх бий. Энэ аллагыг ч уран бүтээлийн атаа хорслоос үүдэлтэй гэх яриа бий. Аливаа том театрыг алдаа нь ч оноо нь ч багтаж байж дүүргэж байдаг шүү дээ. Алга ташилт, нулимс, уй гуниг бүгд эргэж байж, зовлон жаргал бүгд сүлэлдэн байж л нөгөө агуу ихийн ай савыг илэрхийлж байдаг.  Өнөөдрийн Большой театрын дуулиан ч энэ бүхний илэрхийлэл. Оросын цагдаагийнхан нүүрээ хүчлээр түлүүлсэн Сергей Филин рүү халдсан гэмт үйлдлийн сэжигтнээр гоцлол бүжичин Павел Дмитриченког сэжиглэн баривчлаад яг сар болж байна.  Учир нь Сергей Филин театрын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг удирдаж байсан аж. Театруудад өөрийнх нь хууль үйлчилдэг учраас дотроо иймэрхүү байгууллагууд ажиллуулах нь түгээмэл. Сергей Филин эдүгээ Герман улсад эмчлүүлж, түүнийг шүүмжлэлээр булж, хүчтэй эсэргүүцэгч байсан Павел Дмитриченко шоронд хоригдож, дэлхийн театр сонирхогчид энэ хэргийн дуулианаар “амьсгалж” байна. Хувь тавилан тэднийг ийм зовлонтой хоёр туйл руу чулууджээ.  Их театрын жүжигчдийн баталж буйгаар нэг удаагийн Үйлдвэрчний эвлэлийн хурал дээр Павел Дмитриченко даргыгаа нэлээн хурцаар шүүмжилсэн байна. Хамт олон ч түүнд автан санал нэгдэж, Үйлдвэрчний эвлэлийн даргаар Павел Дмитриченко сонгогдох бололцоо бүрджээ. Сонирхолтой нь түүнийг хоригдсоноос дөрөв хоногийн дараа буюу хуучин даргаа халдлагад өртсөнөөс 51 хоногийн дараа түүнийг Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгосон байх юм. Хүчнийхэн нь энэ явдлыг нэлээн чухал шалтгаанд тооцож байх шиг байна.

Большой театр бол зөвхөн ОХУ-ын төдийгүй дэлхийн урлагийн үнэ цэнэтэй төвүүдийн нэг. Мэдээж ард түмнийхээ бахархлуудын нэг. 2005 оноос 2011 он хүртэл бүхэл бүтэн таван  жилийн турш энэ театрт  их засвар хийгдсэн. Энэхүү их засварын ажлын хүрээнд манай шинэ оросууд театрынхаа таазыг алтаар бүрж дуулиан тарьсан. Засварын ажилд нийт 35 миллярд рубль зарцуулсан гэдэг тооцоо байдаг юм билээ. Алтан тааз араасаа театрын удирдах албан тушаалтнуудыг  завсраас нь мөнгө шамшигдуулсан хэрэгт мөн татаад авсан.  Энэ мэтчилэн Их театрыг барцад салахгүй ороож байна. Театрын дотоод өрсөлдөөн, эрх мэдлийн төлөөх тулаан энэ театрын түүхийг үе үеэр нь ийнхүү бичиж байна.

Гэхдээ том орон бол том л байдаг. Их театрын уран сайхны зөвлөлийнх нь бүтцийг гэхэд л ОХУ ын Москва хотын захирагчийн алба, Соёлын яамд зэргээс нь төлөөлөгчид орж бүрдүүлдэг бөгөөд Их театрын Ерөнхий Ивээн тэтгэгчээр аялал жуулчлалын томоохон байгууллага, олон улсад нэр хүнд бүхий компани болох Samsung корпораци ажилладаг төдийгүй Москва хотын Төв банк гээд алдартай газрууд спонсороор ажилладаг байна. Хэвлэл мэдээллийн хамтран ажилладаг байгууллагаар нь гэхэд л “Итар тасс” агентлаг ажилладаг байх жишээтэй.

Манайд бол хөөрхий хамгийн анхны том ивээгч нь социализмын үеийн удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна байлаа. Түүний хийсэн зүйл манай сонгодог урлагийн цорын ганц театрт одоо ч сийлээстэй бий. Ивээлд нь багтан боломжоор хангагдах ховорхон азыг атгангаа суу билгээ харуулж, атаархан хорсогчдыг няц гишгиж чадсан агуу одод ч бий. Хараанд нь өртсөн ч хавчигдан гадуурхагдаж, уур хилэнгээ давж чадалгүй сөхөрсөн нь ч бий. Гэвч энэ бол хувь тавилангийн л асуудал юм. Чухамхүү Х.Уртнасан, А.Загдсүрэн нарын түүхээс ч алга ташилт, гомдол харуусал зэрэгцэн үнэртэж байдаг нь ч энэ утган дээр тогтсон нэгэн учгийг ч шингээж байдаг биз. Үүгээрээ би их театрын зовлон тэнд бас байхад, “бага” театрын зовлон энд бас байдаг аа л гэж хэлэх гэсэн юм. Өнөөдөр тэнд нүүрээ шалзлуулах нь шалзлуулж, орон шоронд орох нь орж юм юм болж байхад энд бас тоос пур хийлгэсэн юмнууд болж л байна. Төрийн эрх нэг намаас нөгөөд шилжсэний дараах их халаа сэлгээ явагдаад шувтарч байна. Энэ ажиллагаа манай сонгодог урлагийн театрыг ч тойрсонгүй. Ягаан байшингийн эзнээр нэгэн шинэ хатагтай томилогдон ирээд удаагүй байна. Театр харин түүнийг хүлээн зөвшөөрч өгдөггүй ээ.

Хамгийн хачирхалтай нь манай шинэ хатагтай “Таны урлагийн боловсролын тухайд эргэлзэх хүмүүс байна. Та энэ асуултад хэрхэн хариулах нь сонин байна гэсэн манай сурвалжлагчийн асуултад “Намайг урлагийн боловсролгүй гэж хэн хэлээд байгаа. Тэгж яривал би багадаа шанз тоглодог байсан шүү” гэж хариулж байна. Энэ хариулт үнэхээр урлаг сонирхогчдын дунд супер сенсааци тарьсан шүү. Байдал нэг иймэрхүү. Тэгвэл яг одоо Оросын их театрт “Хавар” нэртэй томоохон фестиваль зохиогдох гээд бэлтгэл ажил нь ид өрнөж байна. Энэ фестиваль “Шинэ зуун- модернизмын зуун” гэсэн уриан дор зохиогдох юм. Мөн алдарт балетын жүжигчин Улановагийн нэрэмжит байнгын үзэсгэлэнг нээсэн байна. Ирэх долдугаар сарыг хүртлэх үзвэрийнхээ хөтөлбөрийг гаргасан байна.  Зөрөө ийм байна.

Большой театр гаднаасаа ч асар их зовлон туулсан театр юм. Галд шатаж, бөмбөгдөлтөд өртөж юм юм үзсэн. Манай муу ягаан ч бас мөнөөх гайт долоон сарын 1-ний бослогын хөлд үрэгдэх магадлал өндөр байсан санагддаг юм. Аз болж тал талаасаа  том том шилэн  байшинд шахагдсаныхаа ачаар “амьд” гарсан.  Театрын удирдлага солигдсонтой холбоотойгоор дотроо элдэв бухимдал хурж байгаа бол гадна яваа зүтгэлтнүүд нь байр сууриа илэрхийлж эхэлж байна. Тухайлбал Дуурь Бүжгийн Академик театрын нэгэн үеийн “хаан” нь явсан найруулагч Л.Эрдэнэбулган “ Б.Жамъяндагва, ерөнхий удирдаач Х.Туулайхүү нартай ч бас хариуцлага тооц” гэж хурцхан мэдэгдэж байх жишээтэй. Жишээ нь, тэрбээр театрын хуучин дарга хатагтай Б.Сэргэлэнгийн талаар ийнхүү мэдэгдэж байх юм.  “Манай Сэргэлэнд авах юм бий. Тэр бол сайн балет­чин хүн. Гадаад бодлогын асуудал дээр сайн менеж­менттэй ажилласан болов уу. Харин удирдлага, зохион байгуулалт дээр мөн л маш том алдаа гаргасан.  Ухаан­тай хүн боловсрол мэдлэгтэй, чад­вартай хүмүүсээр өөрий­гөө хүрээлүүлдэг. Ухаан муутай удирдагч өөрт нь морь нохой мэт зүтгэхээр, өөрийг нь үр­гэлж магтан дуулж явдаг тийм нэг зусарч нөхдөөр өөрий­гөө хүрээлүүлдэг. Б.Сэргэлэн дандаа боловсрол мэдлэг дулимаг, дуурийн ур­ла­гийн үүх түүхийг байтугай дуурь гэдгийг ч мэддэггүй тийм хүмүүсээр өөрийгөө хүрээ­лүүлээд эцэст нь өөрийгөө идүүлээд л дууссан. Өнөөдөр дуурийн театрт сайн хор­мейстр байна уу, байхгүй. Найрал дуу гэж хамгийн гол зүйл өнөөдөр дуугаралтын балансаа алдсан. Симфони оркестрын гол гол хөгжмүүд алга болсон. Сайн дурын уран сайханчдаар хөгжим бичүү­лээд, сайн дурын уран сайханчид түүнийг нь тоглож байгаа. Би үүнд балетыг хэлж байна. Уран сайхны зөв­лөлийг Б.Жамьяндагва гуай толгойлж байгаа. Тэр хүн ингэхэд юу хийсэн юм бэ. Сонгодог юм хийнэ л гээд байдаг. Ерөөсөө л ярьдаг хүн байхгүй юу. Түүнээс юмыг бүтээдэг хүн биш л дээ. Дуу­рийн театрын ерөнхий удир­даач гэж нэг хүн байна аа. Тэр нөхөр гадуур л поп оркестр гэсэн юм тоглоод явах юм. Үндсэндээ халтуур хийгээд яваад бай­гаа. Нэг ч симфони хөгжим хийсэнгүй. Жамсранжав байх­даа хийдэг л байсан. Ж.Бүрэнбэх л хааяа нэг юм хийж байгаа харагдах юм. Ерөнхий найруулагч нь Г.Эрдэнэбаатар гэж миний шавь залуу байна. Түүнд хийж байгаа юм бас алга аа. Дуу­чид нь чамлаад, хөөрхий­лөлтэй нэг амьтан байж л байх юм. Театрт тоглогдож байгаа бүтээлүүдийг харахаар жү­жиг­чидтэйгээ, концерт­мейст­ртэйгээ ажилласан юм нэг ч алга. Ингэж болохгүй ээ. Ака­демик театр гэчихээд "Түмэн эх"-ийн, цэргийн чуулгын бү­жигчдийг авчраад балетад тоглуулж байх юм. Хөгжим бүжгийн балетийн ангийн хүүхдүүд манайд академик театрын бүжигчид болоо юу даа. Ийм л өрөвдмөөр бол­жээ, Монголын дуурийн театр. За тэгээд гоцлол дуучид гээд шижигнэсэн хорин хэдэн дуу­чин байна. Тэд чинь ажил­гүй байна ш дээ. Тэдэнд ажил хуваарилахгүй байна. Дуурийн театрын гоцлол дуучид гэж томорчихоод за­хын нэг зохиолын дуучнаас нэр хүндийн хувьд, ахуй амьдралын хувьд ч долоон дор байна.  Дуурийн театрын удирдлагуудтай одоо тооцоо бодох цаг болсон. Г.Эрдэнэбат, Б.Сэргэлэн хоёр ажлаа өгөөд явсан учир одоо юу ярих билээ. Харин одоо байж бай­гаа Б.Жамъяндагва, Х.Туулайхүү, Д.Эрдэнэбаатар энэ хэдэд ха­риуцлага тооцох цаг болсон. Намайг ингээд үнэнийг нь хэлэхээр  Л.Эрдэнэбулган дуу­рийн найруулагч болох гээд байна  гэж магадгүй. Би бол үеэ өнгөрөөсөн хүн. Надад тэнд ажиллах нас ч, боломж ч байхгүй. Харин хувь заяагаа тэр театртай холбож, тэндээс л ханьтай болж амьдрал минь эхэлсний хувьд бусад шиг чимээгүй байж чадахгүй. Ши­нэ удирдлагуудад ч үгээ хэл­нэ, шүүмжлэхээ шүүмжилнэ. Ийм л байна” гэжээ. Л.Эрдэнбулган бол  анхны хөгжмийн театрын найруулагч мэргэжлээр төгсч ирсэн хүн. Дуурийн театраа мэднэ гэсэн л үг. Түүний үг эрхбиш нэгийг бодуулах биз ээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn