Эдийн засгийн хавар
2013 оны 4 сарын 15 [Уншсан тоо: 69783]
Оюутолгой тойрсон асуудлууд гацаанд орсноор уул уурхайн салбар дээр түшиглэсэн манай эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлтүүд гарч, сөрөг хүчнийхний хэл амыг гозгонуулж, эрх мэдлээс гадуур яваа хэсгийнхнийг “ярих юм”-тай болгож эхэллээ. Энэ үетэй давхцан Монгол улсын Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “илүү чамбайруул” хэмээн лүндэн буулган буцааж орхив. Мэдээж энэ явдал хөрөнгө оруулагчдын дунд түгшүүр үүсгэж байгаа нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын орчныг маань үргэлж гоочилж, ямар нэгэн завсар сиймхий анаж байдаг тэдний хувьд Ерөнхийлөгчийн хийсэн алхам хоолой дээр нь тээглэсэн яс шиг л юм болж байгаа биз. Хэлэхэд муухай л юм. Гэвч энэ бол тэдний асуудал билээ. Одоо бидэнд бусдын санаа сэтгэл ямар байх сонин биш. Өөрсдийн маань явдал суудал хаашаа, яаж эргээд буй нь асуудал болоод байна.

Ерөнхийдөө манай хөрөнгө оруулалтын орчин тэгтлээ найгаа алдчихаагүйг, бас ч гэж тэнгэр нь цэлмэгшиж буйг гадна дотны шинжээчид үнэлдэг болжээ. Үнэндээ хэвлэл мэдээллийнхэн бид ч энэ сэдэв дээр үргэлж тогоо руугаа эргэсэн хурцхан шүүмжлэлээр балбаж ирсэн. Энийгээ л  тогтвортой, таатай болгохын төлөө “улаантан”, “цагаантан”-гүй  бүгд зүтгэж ирсэн нь ч үнэн. Үүний үр дүнд Монгол улс ДНБ-ий өсөлтөөрөө анх удаа дэлхийнхний чихийг сортойлгож, нүдийг бүлтийлгэсэн. Энэхүү таатай сайхан мэдээг дагаад бидний сэтгэл ч тавирч, уул уурхайн бодлогууд улс төрийн барьцаанаас сугаран гарч, шинэ төмөр замын ажил эхэлж, тоос босгосон их бүтээн байгуулалт ундарч, цагийн эрхэнд юм юм гольдиролдоо орох биз хэмээн хүлээж буй. Чингис бондын санхүүжилтыг эхний ээлжинд ерөнхийдөө тээврийн салбар луу хандуулах болж байгаа болохоор шинэ төмөр замын ажил явчих юм байна гэж найдахаас ч өөр аргагүй. Ер нь бид найдах ёстой. Монголынхоо төлөө гэсэн бидний итгэл найдвар хамгийн урт замыг туулсан ч, хамгийн их бэрхшээл саадтай учирсан ч унтардаггүй байх ёстой. Учир нь бидний итгэл, мөрөөсөл бол зуун зууныг туулан тэсч ирсэн буурал шанхтай нүүдэлчдийн бөхөж яваагүй итгэл шүү дээ. Ингэж бодохоор омогшил төрнө. Гэвч өнөөдөр бидний өмнө ямар асуудал үүсээд байна вэ? Эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, улс төрийнхний хэрүүлийг улайсгах сэдэв болж байна. Үзүүлэлт буурна гэдэг  яах аргагүй тойрч суугаад авч хэлэлцэх, хэрэлдэх сэдэв мөн л дөө. Энэ бууралтад олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Тэдний нэг нь яах аргагүй гадаадын хөрөнгийн биржүүд дээр манай төслүүдийн үнэлгээ унасан явдал. Энэ тухайд “Сүүлийн нэг жилийн дотор 70 хувь хүртэл уначихлаа шүү дээ” гэж монголын толгой эдийн засагчдийн нэг О.Чулуунбат бачимдан хашгирч байна. Энэ ноёнтон Засгийн багт ажиллаж байгаа нөхдүүдээс нэг байр сууриараа эрс ялгардаг юм.  Тэр нь мууг нуудаггүй зарчим. Эдийн засгийн ертөнц дэх цаг агаарын мэдээг ард түмнээсээ нууж хаахыг л аливаа эрх баригчид чухалчилдаг. Багийн дүрмээр тоглохыг,нэг амтай байхыг гишүүддээ үүрэгддэг. Харин банкны хэмээх Чука энэ мэт байгууллагын дүрм журмыг авч хэлэлцдэггүй нөхөр болохоор ард түмнээ мэдээллээр хангаж явахыг илүү чухал гэж үзэж байгаа юм. Тийм ч учраас тэр бидэнд “Оюутолгой”, “Саусгоби ресурс”, “Сентерра гоулд”, “Энержи ресурс”, “Хүннү Коал” зэрэг 40-өөд том төсөл гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа. Энэ уналтыг зөвхөн тэдний үнэлгээ унаж байна гэж гэнэнээр бодож болохгүй ээ. Монгол Улсын үнэлгээ уначихаад байна” гэж шулуухан хэлж байна. Харин Сангийн сайд маань “Та нар хуцалгүй дуугүй л байж бай. Намар гэхэд надад ямар ч асуулт тавих чадваргүй болно. Эдийн засгийн өсөлт буурна уу, яана хамаагүй” гэж зандарч байгаа. Нэг танхимд байгаа хоёр эдийн засагчийн дуу хоолой энэ мэт тэнгэр газар шиг ялгаатай байна. Энэ ялгаа нь нэг талаас мөн чанарын, соёлын, мэдлэг мэдрэмжийн том зөрүүг илтгэж байгаа ч нөгөө талаар улс төрийн хийрхэлд зай талбай гаргаж өгч буй явдал ч гэж харж болох юм.

Эдийн засаг нь өсөлттэй гарч байгаа атлаа хөрөнгийн бирж нь унаад байна гэдэг муугийн цондон.  Энэ бол зах зээл дээр дэгдэж буй маш том хонх. Ийм хонхны чимээг битгий авч хэлэлц, дуугүй л суу гэж байгаа нь сангийн сайдын дарангуйлж сурсан муйхарлал. Үнэн хэрэгтээ бирж дээрх уналтууд нь  шууд утгаараа орж ирж байсан мөнгөний урсгал манайхаас даялан зугтаж байгаагийн л илрэл шүү дээ.  Энэ байдалд гол түлхэц өгсөн зүйл нь Оюутолгой, Чалко зэрэг газруудтай дэгдээсэн манайхны “дайн”, улс төржсөн хийрхэл юм. Дээр нь төсвийн орлого багассан явдал нөлөөллөө. Тэгэхээр бүх гайг бид өөрсдөө дуудсан гэсэн үг. Өөрсдөө гал өрдөж гэрээ шатаах гээд байна гэсэн үг. Хариуцлагагүй улс төр, хадны цуурай шиг сэтгүүл зүй хоёр хавсайдаж хамаг төслүүдээ баллах гээд байна хэмээсэн үг . Үүнээс нь болоод хөрөнгө оруулагчид дүрвэж байна.

Энэ бүх ойворгон байдал маань ахиад л бидний чихийг халууцуулж эхэллээ. Монголчуудтай юмыг нэг тохирч болдоггүй, тэд бол хамгийн осолтой нөхдүүд гэж  биднийг цоллож байна. Учир нь манай төрд бодлогын залгамж чанар байдаггүй. Нэг нь гарч ирээд л өмнөх бүх гэрээг урж шиддэг. Ард нь бөөн асуудал. Ачаа зовлон үүсдэг. Энэ бүх тогтворгүй аяг ааш нь монголыг дэлхийтэй эргээд уулзах нүүргүй болгох нь ээ. Ирээдүйн хөгжлийн бодлогынхоо бүдүүвч зургийг бид уул уурхай суурилсан эдийн засаг дээр зурсан. Гэтэл уул уурхайн гол төслүүдээ бид юутай хутгачихаад зогсож байна даа. Өнөөдрийн уул уурхай бол бидний маргаашийн ирээдүй. Экспортын 95 хувийг, ДНБ-ий 25 хувийг маань уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа босгож байхад өөрөөр томъёолох арга алга. Гэтэл Монголд хөрөнгө оруулалтын орчин муудсан гэх ойлголт газар авснаас болж манайд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцаа навс унаж эхэллээ. Одоо сандралд орсон хөрөнгө оруулагчид хэдэн сарын дараа ч юм гараас гарна гэх Ашигт малтмалын тухай хуулийг хүлээхээс өөр аргагүй байдалд оров. Хүлээлт бол тэдний хувьд мөнгөө хий царцаана гэсэн үг. Иймээс хөрөнгө оруулалтын зарим урсгал өөр бизнес рүү чиглэх биз. Учир нь бидний явдал суудлыг харзнах, хүлээх үүрэг тэдэнд байхгүй. Тэгэхээр тэдний асуудал бас дахин тэднийх л гэсэн үг. Эзэн нь хөрөнгөө хаашаа, юу руу оруулахаа мэднэ. Харин бид яах вэ.  Оюутолгой хэрүүлийн бузарт ороогдон гацаж, ердөө хэдхэн сарын өмнө дэлхий дахиныг шуугиулж байсан Тавантолгой таг болов. Таг суусан Тавантолгой маань Чалкогоос 350 сая ам.доллар зээлчихсэн байж байдаг. Өр нь гэрлийн хурдаар жирэлзэж, төслийн хөдлөх хугацаа тодорхойгүйгээр хойшилчихсон. Нарийн бүдүүн цариг гэсэн нажидтай зодоон, Орос Хятад гэсэн оосор бүчгүй хэрүүлээс болоод энэ. Тавантолгой гэдэг “галт тэрэг” маань төмөр замаар л явна шүү дээ. Гэтэл төмөр зам гацаанд.

Гэхдээ энэ зүгээс бүдэг ч гэсэн гэрэл улалзаж эхэллээ гэж үзэж болохуйц үйл явдал саяхан боллоо. Энэ бол Тавантолгойн ордыг түшиглэж барих станцын төслийг эвслийн нэгэн багана МҮАН-ын босс, эдийн засагч М.Энхсайханы гарт атгуулсан явдал юм. Улс төрийн тохироо тойрсон бусад асуудлыг түр орхин дүгнэхэд энэ төсөл эзэнтэй, эхлэлтэй болж буй нь сайн хэрэг. М.Энхсайханд хоосон хэтэвч ч биш эхний ээлжинд 50 сая ам.долларыг бондын хөрөнгөнөөс гаргаж өгөх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэрийг Тавантолгойг хөдөлгөх хөшүүрэг болно гэж зарим шинжээчид найдаж байна. Тэгэхээр аль ч утгаар нь үүнийг гэрэл гэгээтэй мэдээ гэж үзэхээс аргагүй юм.

Хэдийгээр дотоодын улс төрд тоос босч буй ч иргэдийн санаа сэтгэлд дагаж ханарсан савалгаа бага байна. Жишээ нь, өнгөрсөн өдрүүдэд МАХН-ынхны зохион байгуулсан бүхий л арга хэмжээнүүдийг авч үзэхэд өмнөх жилийнх шиг мухар сүсгийн шинжтэй хуйларсан байдал алга байна. Төв талбай дээр очсон залуус алдарт “оймстой баривчилгаа”-ны дүрс бичлэг, зохион байгуулагчдын уриалга сэлтэд тэгтлээ анхаарлаа хандуулсангүй. Харин ч зорилгоо мартсан хөтлөгч нь “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш, Хэрвээ сайхан амьдарч байвал дороо дэвс “ хэмээн дуулж, цуглагсад нь ч баяр хөөртэйгөөр алгаа ташин, өвдгөө цохин баясаж байх юм. Хошин ч гэсэн энэ явдал ард олон  хүчээр эмгэнэдэггүй, хүчээр инээдэг ч үгүй гэдгийг илтгэж байна. Хүмүүс бодит өсөлт, бодит өөрчлөлтийг илүү чухалд үзэж байна. Тэд ирээдүйдээ итгэлтэй байхыг, урам зоригтой урагшлахыг хүсч байна. Энэ бол сайн зүйл. Нийтийн хүсэл тэмүүлэл бол хамгийн том хүч юм. Энэ хүч улс төрд ашиглагдахаа больж буй нь сайн хэрэг.  Эдийн засгийн хавар хавсаргатай, хуйсагнуур байгаа ийм үед иргэдийн санаа сэтгэл улс төрд уургалуулахгүй байх нь хамгийн чухал билээ. Удахгүй ногоо ургаж, хур бууж, дэлгэр сайхан улирал ирэх биз ээ. Тийм ээ, бид итгэж найдах ёстой. Итгэл найдвараа алдвал ирээдүйгээ алдана гэсэн үг. Тэгэхээр гүрийх л ёстой.

Эцэст нь хэлэхэд гадны шинжээчид Монголд “Баялгийн үндсэрхэг үзэл” –ийн синдром болж байна гэж дүгнэцгээж байна. Тэд биднийг гадаадын хөрөнгө оруулагчидтай дотоодынхоо улс төрийг чирч ирсэн утга учиргүй тэмцэл хийдэг гэж шоолж байна. Арга ч үгүй биз дээ. Уг нь улс үндэстнүүд гадны хөрөнгө оруулагчидтай ашгийн төлөөх арилжааны тэмцлүүдийг л хийдэг. Бид ухаантай баймаар байна. Бид урагштай баймаар байна. Үнэндээ бол бид тэдэнтэй барагддаг баялгаар л тоглох гэж байгаа улс шүү дээ. Энийгээ хэзээ ч мартаж болохгүй.    


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn