Оргилын савдаг
2013 оны 4 сарын 21 [Уншсан тоо: 117320]
Хэдхэн хоногийн өмнө Хойд туйлыг зорин одсон Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр  зорьсон зорилгодоо хүрч, хойд мөсөн далайг туулан, монгол хүний мөр хүрээгүй буурал дэлхийн будант тэргүүнд  Төрийнхөө далбааг заллаа. Түүнийг чадна гэдгийг мэдэж байсан. Итгэж байсан. Гэсэн ч яг энэ ялалтын мэдээг хүлээж авах мөчид оргилын савдаг гэмээр энэ хачирхалтай залуугийн эрсдэл дүүрэн эрх чөлөө нэвт тавиланд далдхан зовниж, чих тавин түгшиж байсан нэг тийм зовиур зад тавин алга болох шиг хачин мэдрэмж төрж байх юм. Бидний сэтгэл зүрхний гоо сайхан бас ч гэж тэгтлээ сүйрчихээгүй ажээ.  Алс холын тэртээ рүү, анигүй цагаан дайд руу зоргоороо, зоригоороо туучин одсон Өсөхөө 90 градусын цэгт хүрчээ. Энэ мэдээг хүлээж аваад огшиж байх юм. Хаа хамаагүй, хажуу хавирганаас ямар нэгэн шалтаг зулгааж аваад далимдуулж баахан уйлмаар ч юм шиг. Ер бусын нэгэн догдлол санаа сэтгэлийг эзэмдэж байна. Сайхан ч юм даа, энэ хорвоо.

Г.Өсөхбаяр бол дэлхийд алдартай тамирчин. Эр зоригийн спорт гэгддэг уулын спорт бол энэ хүний амьдрал, хувь тавилан билээ. Олон олон оргилуудыг эзэлж, рекордуудыг нь эвхэж халаасалсаар ирсэн энэ залуу явлаа ч гэж сүр болдоггүй, ирлээ ч гэж сүржигнэдэггүй. Өөрөө л явдаг. Өөрөө л ялдаг.

Энэ удаагийн авиралтдаа л анх удаа төрийн гэмээр дэмжлэгийг авсан гэж түүний найзууд ярьж байна лээ. Аяллыг санаачлагч, ивээгч нь Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдож болохоор ийн онцолж байгаа юм.  Тийм ч учраас оргил дээр далбаагаа мандуулангуутаа “Иридиум” сансрын холбоогоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогдож, зорьсон зорилгоо биелүүлснээ илтгэсэн байна.   Ерөнхийлөгч түүнд “Зорьсон зорилгоо биелүүлж, эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж, дэлхийн зулайд эх орон, ард түмнийхээ итгэл шингэсэн далбааг мандуулсанд баяр хүргэе. Энэ үйл түүхэн үйл явдал Монгол хүн бүрийн хийморь лундааг сэргээх болтугай. Монгол хүн анх удаа Хойд туйл, дэлхийн бөмбөрцгийн 90 градусын цэгт хүрч, Монголын ард түмэн бас нэгэн бахархалтай болсонд баяртай байна. Аяллаа амжилттай үргэлжлүүлж, эх орондоо удахгүй уулзахын ерөөл өргөе” гэж хэлжээ. Бахархал...бас дахин бахархал.

Өсөхөө энэ удаа дэлхийн бусад уулчдаас бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж явсан. Тэдний  ахлагчийг Keith Heger гэдэг. Ноён  Keith Heger  манай Ерөнхийлөгчтэй ярихдаа, “Монгол хүний тэсвэр тэвчээр, хүч чадлыг уулчин Г.Өсөхбаяраар төлөөлүүлэн ойлгож, бахархаж байна. Бид маш сайн аялж, зорьсон зорилгоо хамтын хүчээр биелүүллээ. Багийн гишүүдийн биеийн байдал сайна байгаа. Тамирчнаа дэмжиж Хойд туйлын эрсдэлтэй аялалд явуулсан Эрхэм Ерөнхийлөгч танд талархаж байна” гэж хэлсэн байна.

Хойд туйлын 90 грудусын энэ цэг дээр тэд уг нь өнөөдөр очихоор төлөвлөж байсан ч багийнхан  манай тамирчин Г.Өсөхбаярын төрсөн өдөр буюу 4 сарын 20-ны өдөр заавал гарна гэж зүтгэжээ. Ингээд гавъяат тамирчин Г.Өсөхбаяр төрсөн өдрөөрөө хойд туйлын зулай дээр монгол хүний мөр, нэр хоёрыг сийлж, улсынхаа далбааг залж чадлаа. 

Өсөхбаяр бол хараа алдрам уужим, амар амгалангийн тууль говийн хүү. Шаргал элсэн дээр нь хөлөө жийж суучихаад өөрийг нь лугшуулж байгаа тэр зүйл чухам юу болохыг таниж мэддэггүй гэж байгаа. Тэгсэн хэрнээ дэлхий дээр заавал үзэх ёстой гурван зүйл бий. Нэг нь, Сфинкс, нөгөө нь Эверест, тэгээд говь гэж эргэлзэх зүйлгүй хэлдэг.  Эверестэд очоогүй бол чи тэнэг гэж бас араас нь хэлнэ.

Америкийн уулчин  John Krakeur Эверестэд болсон нэгэн аймшигт ослын дараа ном бичжээ.  Амьд үлдсэнийхээ дараа бичсэн тэр номондоо “Дэлхийн хамгийн онгироо, зоригтой, тэнэг хүмүүсийн цугларалт Эверестэд болдог юм байна. Гэхдээ тэр хүмүүсийг харж байгаадаа би үнэхээр баяртай байна” гэж  бичсэн гэдэг. Манай Өсөхөө тэр онгироо, сагсуу, өөрөөсөө өөр юугаар ч дэнчин тавьдаггүй цөөнхийн нэг.

Өөрөө нэгэн ярилцлагадаа энэ талаар яг ингэж ярьсан байдаг. “Энэ дэлхийн хамгийн сагсуу, онгироо хамгийн бүдүүлэг, хамгийн эр зоригтой хүмүүс Эверестэд  цугладаг.  Анх очиж байхдаа би тэр онгироо сагсуу хүмүүсийг шүтдэг байсан бол  хоёр дахиа очихдоо  тэндэхийн “хэлээр нь” л тэдэнтэйгээ ярьдаг болсон байсан” гэж.  Тэр жилийн нурангинаар чи хаана байсан. Аан, хоёр нөхөр салхинд хийссэн дээ тэгэхэд чи тэнд байсан юм байна шүү дээ гэх маягаар л ярьцгаадаг гэж байгаа. Авиралтаа хийж явахад нь дээрээс буудуулсан шувуу шиг хөл алдсан хүмүүс нисэлдэн унаж явах бол юу ч биш гэдэг юм билээ. Тэгэхээр ямар амь өрссөн, агуу их эрсдлийн спорт гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Өсөхбаяр өөрөө энэ бол спорт биш гэж хэлсэн удаатай.

Гадагшаа саган асгарч, өөрийгөө агуу их эр зоригоор хурцалдаг ч дотроо жаахан ч гэсэн айдас тээдэггүй гэж үү гэсэн асуулт хүн бүрийн цээжинд явдаг байх. Учир нь энэ залуугийн ажилладаг бүсийг зүгээр л үхлийн бүс гэж үздэг. Харин тэр энэ талаар ингэж ярьж байжээ.

“Extreme спортод айх эрх ердөө ч байхгүй. Би гэхдээ өөрийгөө тамирчин гэж боддоггүй юм. Зүгээр л уулчин. Ууланд авирахыг ч ер нь спорт биш гэж боддог. Спорт гэдэг чинь уралдаан тэмцээн л биз дээ. Хүн хүнтэйгээ уралддаг, хүн хүнтэйгээ л тэмцэлддэг. Зүгээр жаран чавганц уралдахад нэг нь заавал түрүүлдэг л биз дээ. Тэгэхээр спортод бол нэг нь заавал түрүүлж л таарна. Уулчид бол зөвхөн байгальтай тэмцдэг. Үхэлтэй тэмцдэг. Тийм болохоор би ууланд авиралтыг спорт гэж хэлэхгүй” гэж . Аймаар хариулт байгаа биз. Тэр яаж ийм тодорхой, ийм “галзуу” байж чаддаг байна вэ. 

Түүнийг би хүйтнийг сөрсөн халуун гэж боддог. Түүнийг би эрсдэл, эмгэнэл, эр зориг, эрх чөлөөний харъяатан гэж хардаг.

 Өндөрт шувуутай таардаг уу гэж түүнээс асуужээ. Харин тэр хэлж байна.

“Наадах чинь чинь бүүр доорх 5000 метр дэх амьдрал шүү дээ. 7500 метр гэдэг бол амьд амьтан байх орчин биш. Миний нэг уулчин найз “Хэрвээ Эверест дахиад хоёр метрээр л илүү өндөр байсан бол хүн төрөлхтөн очиж чадахгүй байсан байх. Хүн төрөлхтөнд хүч чадал, тэсвэр тэвчээрийн ямар л хэмжээ байдаг юм тэр нь Эверестийн оройд гарахад дуусдаг” гэж ярьж байсан юм. Үнэхээр хүнээс гарах тэвчээр хатуужил, хүч чадлын дээд хязгаар юм уу даа”  гэж.  Тэр ингэж л явж Эверестэд анх бидний мөрийг тамгалсан юм.   

Эверестийн дараа тэр Аляскийн ноён оргил Маккенлид авирсан. Энэ бол супер амжилт хийдэг, ууланд дархлагддаг оргил. Өөрөөр хэлбэл Эверестийг мэргэжлийн уулчин л юм бол хийх ёстой рекорд нь гэж үздэг бол Маккенлид гарсан уулчинтай олон юм ярих бололцоогүй болдог л гэсэн үг юм даа.  Энэ талаараа Өсөхөө “Би Маккенлид гарснаара хамгийн их сагсуурдаг ш дээ” гэж нэг л удаа инээд алдан хэлсэн байдаг. Маккенлид гарах гарахдаа хамгийн хүнд зам буюу West Rib- гэдэг замыг нь сонгож авч манай хүн ямар “галзуу амьтан” болохоо үзүүлсэн гэдэг.

Чингээд зогсохгүй Африк тивийн ноён оргил  Килиманжарод авирсан. Нар уул хоёрыг шүтдэг африкчуудын  шүтээн дээр нь гарч нар мандахыг харсан. Нар оргил хоёрыг  хоёуланг нь “эзлээд” ирсэн хэрэг.  Манай түрэмгийлэгч ийнхүү довтолсоор явна. Оргилыг эзэлсээр. Оосор бүчгүй тэргүүн дээр хөл тавьсаар....

Манай эзлэгч одоо дөнгөж 34 настай. Түүнийг жижигхэн хүү байхад аавынх нь найз алдарт Эверестийн зурагтай плакат бэлэглэсэн гэдэг. Мөнөөх хүү тэр сүрлэг зургийг аван ханандаа өлгөжээ. Өлгөх өлгөхдөө яагаад ч юм монголынхоо далбааг орой дээр нь наачихсан гэдэг. Орж ирсэн хүмүүс гайхаад учрыг нь асуухаар аав нь “Манай хүү том болоод тэнд очих юм гэсээн” гэж хариулдаг байсан аж. Ханан дахь Эверест хүүгийн мөрөөдлийг сэрээжээ. Хожим нь алдарт уулчин болж, Эверестийн оргилд хоёронтоо гарав.  Бүх тивийн тэргүүн оргилуудыг эзлэв. Нэгийг нь эзлээд нөгөө рүү...нөгөөг эзлээд бас нөгөө рүү. Аргагүй дээ, хэний үр сад билээ.

Оргил бол онгодын нутаг биз гэж бодном. Оргилоос өөр зүг чиггүй, оргилоос өөр зорилгогүй хүн тэгэхээр хэн юм бол. Нээрээ тэр хэн юм бол. 

Уулын хүү...оргилын савдаг гэж амандаа би шивнэлээ.   

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn