Твиттер & Политаймент
2013 оны 4 сарын 24 [Уншсан тоо: 122003]
Твиттерийн “дайн” сүүлийн үед манайд эрчимжлээ. Намаараа талцаж хэрэлдэх, бие биенээ гутаах нэгэн том тайз болсон гэхэд хилсдэхгүй. Ихэвчлэн улс төр дагасан залуус хөгжилдөж байдаг талбар байсан бол сүүлдээ улстөрчид нэр хүндээ өсгөх гэж тоглодог сурталчилгааны талбай болон тэлж байна. Нэгэнт зах хязгааргүй энэ ертөнцөд хөл тавьж, оноо цуглуулах их аянд мордсон тэдэнд  хазаараа татах тухай ойлголт харин ч нэг орж ирдэггүй бололтой. Улсын маань Ерөнхийлөгч хүртэл  хийх ажил багатай, хэт эрх чөлөөлөг энэ армид элсэж супер жиргээчдийн эгнээг тэргүүлэх болов.  Ойрын өдрүүдэд түүний Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд женко Баттулгатай твиттерт дэгдээсэн маргаан улс төр сонирхогчдын ярианы сэдэв болж байна. Цэвэрчилж хэлэхэд ярианы сэдэв, шууд утгаар нь амны бай болж байна гэж хэлж болох юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бямба гаригт өөрийн твиттер хуудаснаа  “Хөлбөмбөгийн Үндэсний цомын нээлт боллоо.Бүх аймгаас ирэв. Хөл бөмбөгийн хувьсгал хүчээ аваг. Мөрөөдөлдөө эзэн болцгооё” хэмээн бичсэн юм. Хөлбөмбөг бол түүний хувьд жинхэнэ халууруулдаг хобби нь. Тийм ч учраас Ерөнхийлөгч энэ спорт руу нэлээдгүй анхаардаг. Анхаардаг гэсэн нь зүгээр нэг хөгжөөн дэмжигч гэсэн утгаар биш, улс орондоо хөгжүүлэх гэж мөрөөддөг, үргэлж энэ зүгт ямар нэг юм хийж байдаг гэсэн үг. Үүндээ хөтлөгдөөд твиттертээ ач холбогдол өгөн жиргэсэн хэрэг. Үнэн хэрэгтээ энэ бол байж болохгүй ч үйлдэл биш. Дэлхийн олимпын холбооны ерөнхийлөгчтэй уулзаад л “Бид дэлхийн хөлбөмбөгийн аваргын тоглолтыг авнаа. Авах ч болно” гээд бүр он сар өдөртэй нь мөрөөдлөө зурж байгаад л хэлчихдэг хүн шүү дээ. Энэ бол Монголчууд бидний мөрөөдлийг том болгохын төлөөх түүний тэмцэл юм. Ийм л нэгэн сэдвээрээ жиргээд орхитол хариуд нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас  “Та хааяа ч гэсэн жудо бөх харж бай л даа” хэмээсэн хар хоргүй, гүдэсхэн нэгэн жиргээ ороод ирлээ. Баттулга сайд энүүхнээс үүдэн тийм том асуудал үүснэ гэж бодоо ч үгүй байх. Учир нь жудо бол түүний нэгэн том ертөнц юм. Жудо бөхийн спортод өгсөн түүний сэтгэл зүтгэлийг монгол түмэн дэндүү сайн мэднэ. Тийм болохоор түүний үгийг хэн ч гайхан цочирдож хүлээж авахгүй. Авах ч учиргүй. Гэвч Ерөнхийлөгч маань тэгж харин хүлээж авсангүй. Шууд л тачигнаад явчихав.  “Одоо ажлаа хий. Цаг наргүй л жиргэх юм. Улс орон хэцүүдлээ. Хичнээн хэлүүлдэг юм” гэж тас буулгасан түүний гэнэтийн үг бүх хүмүүсийг ангайлгаж орхив. Тэдний хооронд болсон маргааныг харуулъя.

Elbegdorj Tsahia : Одоо ажлаа хий. Цаг наргүй л жиргэх юм. Улс орон хэцүүдлээ. Хичнээн хэлүүлдэг юм.

Battulga  Hkaltmaa: Цаг наргүй ч юу юм бэ...Та ч бас...

Elbegdorj Tsahia :  Нөгөө засаг дээр санал хураах болон Баярцогтыг чөлөөлөх асуудал юу болсон бэ. Дахиад л завсарлага. Ажлаа хурдлаач.

Battulga  Hkaltmaa: Твиттерт дарга цэрэг байхгүй байх аа. Тэгээд ч амралтын өдөр шүү дээ. Баярцогтын тухайд өөрөө бүх юмаа хүлээн зөвшөөрсөн ш дээ. 

Elbegdorj Tsahia :  Өөрт чинь бас нууц мууц данс энд тэндэхийн арал дээр байгаа юм биш биз. Юу хийж яваа нь мэдэгдэхгүй юмнууд л гүлдийлдээд явах юм.

Battulga  Hkaltmaa: ммм Гүлдийлдээд гэж юу гэсэн үг вэ.

Ерөнхийлөгч, сайд хоёрын ердийн үгнээс болж дэгдсэн таагүй толхилцоон энэ. Ажиглагчид харин энэхүү үйл явдлын талаар янз бүрийн гаргалгаа хийж эхэлжээ. Тэдний дийлэнхи нь  Ерөнхийлөгч Элбэгдоржийг буруушааж байна. Удахгүй болох сонгууль руу түүний бүх үйл ажиллагаа хадуурчээ. Оноо цуглуулахын тулд өөрийнхнөө ч хаацайлдаггүй тасарсан лидер харагдах гээд бүтэлгүйтлээ гэж үзэж байхад зарим нь түүний үнэн бодлого цухалзлаа. Ерөнхийлөгч энэ Засгийн газрыг унавал ч унаг гэж үзэж байгаа юм байна. С.Баярцогтоор сор залах бүр ч их хүсэлтэй байгаа юм байна. Н.Алтанхуягт ч талгүй байна. Аль алинд нь дургүй байгаагаа далимдуулж илэрхийллээ. Түүнээс биш тэр дээрээс бууж ирээд намын дарга, Ерөнхий сайдын аль нь ч биш ердийн нэг сайдад “Баярцогтын асуудлыг яачихав аа, хурдлаач” энэ тэр гэж жүжиг тавих шаардлагагүй шүү дээ гэлцэх хүн олон байна. Нөгөө талаас хүнийхээ хувьд манай удирдагч жаахан таагүй тоглолт үзүүлчих шиг боллоо гэх ажиглагчдын үнэлэлт бас давамгайлж байна. Манай олон нийт зодоон хийсэн хоёрын хамраас түрүүлж цус гарсныг нь л өрөвддөг. Баян ядуу хоёрын ядууг нь хамгаалдаг. Дарга цэрэг хоёрын цэргийг нь өмгөөлдөг тайлбарлахад хэцүү адармаатай зантай. Энэ утгаараа нэгэн наран дор гэгчээр нэг намын туган дор насаараа явчихаад нэгийгээ бүдрэхэд түлхэж, улс төрийн харгислал руу хайр найргүй шидэж өгч байгаа тааруухан сэтгэлтний маруухан үнэр гэж эвгүйцэж байх жишээтэй. Төрд зүтгэх гэж тал талаасаа ассан гал дунд үгтэж яваа Х.Баттулгыг зөөлчилж, олон түмний өмнө ингэж  нэг биш удаа “зодож” харагдсанд дургүйцэж буйгаа илэрхийлцгээж байгаа нь бас л нэгийг хэлж байна.

Ерөнхийлөгч мэдрэмтгий, сэргэлэн хүн. Байдал бишдээд явчихсаныг мэдэрчээ. Урд өдрийн аархалдаа хавчуулж шидсэн “гүлдийлдсэн юмнууд” гэсэн шинэхэн соньхон үгээ өчигдөр тайлбарлав. Цэвэл гуайн толь бичгээс харан харан тайлбарлав. Ерөнхий утга нь нэг их сүртэй муу үг биш гэсэн санаа. Харин Х.Баттулгад бол гүлдийлдэх гэсэн энэ хачин үг бүдүүн хадуун, ямар нэгэн дампуу мулгуу гэсэн санааг илэрхийлж байх шиг таагүй хаялагатай үг болж буусан байхыг үгүйсэх аргагүй. Ялангуяа спортынхонд хөндлөнгөөс эмзэг туссан бололтой юм. Сагсан бөмбөгийн од, өндөр Шараваа гэхэд л шуудхан Ерөнхийлөгчид хандан “Хэлж ярьдаг болохоос хийж чаддаггүй хүн шүү дээ, та” гэсэн утгатай хатуухан үг ирүүлэв. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ч шууд биш дам холоос хөндлөн үг унагав. “Эх нь булингартай бол адаг нь...” гэсэн  хаа хамаагүй зүйр үг чулуудаж хөөрхөн “шургаад” авч байна. Бөх хүнд шууд л өөрийг нь дайруулж байх шиг санагдсан юм даг уу даа. Ер нь бол спорт дээвэртээ багтсан хүнийг олонтой болгодог салбар. Энэ утгаараа Х.Баттулгад спорт нь асар их дэмжлэг болдог байх. Спортынхон эвгүйтвэл  манай удирдагчийг саяхан л бөөн бөөн мөнгөн урамшуулал гардаж байснаа мартчихаад сандаргаж мэдэх л улс. Хайртай Женкогоо өмгөөлөөд бүдүүн бүдүүн үгсийг шидэлж магадгүй л хүмүүс.     
Ингээд дайрлаганд өртсөн Ерөнхийлөгчийн өчигдрийн жиргээг сонирхуулъя.

 Sharavjamts. Ts (сагсчин): Бусадтайгаа адилхан ярьдаг биш хийдэг ганцыгаа ингэж байж унах вий дээ, та

Elbegdorj Tsahia : Би сайн хvнийг л загнадаг. Муу хvнийг загнадаггvй ш дээ. Хайртай морио хазаартай нь усал, хайртай хvvдээ хатуу vг хэл гэж.

Battur. D:Та иргэдээ загнадаггүй, тэгэхээр та иргэддээ хайргүй юм байна.

Elbegdorj Tsahia : Иргэдээ би загнах гэж юу байхав. Иргэд л намайг загнана ш дээ. Харин иргэддээ би туслах үүрэгтэй.

Энэ мэтээр тоглоом нь шоглоом болон хөврөв. Шартай Ерөнхийлөгч ахиад л өглөөний 07.17 минутад л мөнөөх хачин гүлдийх-тэйгээ сэрсэн.

Elbegdorj Tsahia : Сэрээд сэрээд. Сэрэнгvvтээ бос. Сэрчихээд гvлдийгээд хэвтэхгvй гэж тохирсон биз. Бас нэг юм. Шvдээ зуу. Шvдэнд сайн...гэж хашгирах нь тэр. Ахиад л хүмүүс харав уу, үзэв үү. Энэ одоо юу болоод байнаа гэлцэв. Сэтгэгдлүүд нь бүр хамаагаа алдав. Юун нөгөө улс орныхоо Ерөнхийлөгчөөс эмээж цэрвэх. Энэ муу бууж өгөхгүй яадаг юм. Улаан цайм хүн дээрэлхэж доромжилчихоод нэг муу манжлах санаатай...гээд л гулгиж өгчээ. Угаасаа энэ орчинд бохир нүүрлээтэй байдаг. Өөрсдийнх нь нэрээ нууж, зүсээ хааж, хаягаа далдалж байгаад хараал жатгаар бөөлж байх эрх чөлөөг нь Засгийн газрыг загнаж байж олгож өгсөн эзнээ шавар замгаар ёстой нэг шидэх шиг болжээ. Үнэхээр сэтгэл өвдөв.

Твиттерт өрнөсөн тэмцэл ийнхүү өрнөж байна. Хэсэгтээ л олны амнаас гарахгүй явах сэдэв дэлгэх нь дэлгэж орхижээ. Твиттерийг ухаан мэдрэл, хянамж сэрэмжийг нь алдтал донтуулдаг зүйл гэж зарим нь тодорхойлдог. Тэр битгий хэл “хар тамхи” гэж хэлж байх юм. Манай зарим улстөрчид энэ “хар тамхи”-нд найгүй автсан гэх. УИХ-ын гишүүд нь өөрсдөө тэднийгээ хараад гайхширч байхтай олон таарлаа. МАН-ын нэг гишүүн “Хүүш ээ, манай Ё.Отгонбаяр бүр донтчихсон ш дээ. Шатаар өгсөж буухдаа хүртэл нүд салгахгүй шагайж, гар салгахгүй бичиж явдаг болсон” гэж толгой сэгсэрч байсан. Зарим нь идэж байгаа хоолныхоо зургийг тавьж, зарим нь худалдаж авсан хувцсаа гайхуулж, зарим нь үзэл бодлын хэрүүлээ дэлгэж юм юм л болж байдаг. Ерөнхийлөгч бол бүр жиргээчидтэй ууланд гарч, хуушуур зооглосон. Гэр орныхоо зургийг үзүүлж, хамаа намаагүй л туушиндаж байдгийг нь өөрийнхөн нь ч жигтэй их гайхацгааж байхыг харсан. Ухаантайгаа нотлох гэж улайрсан туулайнууд л цагийг нөхцөөн дэгдэж байдаг энэ нутгаар жаахан учиртай дэрвэхгүй бол эвгүйтэх нь байна шүү, улстөрчид өө. Тэгэхээр твиттерт тавьдаг политаймент-аа жаахан хойш тавьж, улс орныхоо өмнө тулгамдсан асуудлууд руугаа анхаарвал  яасан юм бэ, гэж. Хайран цаг, сайхан зав аа гэж....Манай Төрийн нөгөө талын нүүр ийм л байна даа, хөөрхий.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn