Намын даргын шинэ жишиг
2013 оны 5 сарын 7 [Уншсан тоо: 96376]
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах гэж удтал дуншсан МАН бага хурлаа хуралдуулж бямба гаригийн шөнө шийдвэрээ гаргалаа. Энэ удаа тус нам хуучин арга барилаасаа эрс өөр алхмууд хийж, бүлэглэлүүдийн эрх дархыг бүрэн хязгаарлаж, харьцангуй шударга өрсөлдөөнөөр нэр дэвшигчээ тодруулсан гэж ажиглагчид үзэж байна. Үүнийг батлахуйц хэд хэдэн үйл явдлыг  нэрлэж болох юм. Нэрээ сольж, хуваагдаж, дараалсан хүнд ялагдлуудыг амссан МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах туйлын хүслэн байхаас аргагүй. Тэр зорилтынхоо өмнө бүлэглэлүүд нь ч дуугаа хурааж, гараа хумхихаас өөр гарцгүй байдалд энэ удаагийн бага хурлаа хуралдууллаа. Бага хуралд намын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан гэсэн дөрвөн нэр дэвшигчийг нээлттэй өрсөлдүүлсэн нь лидерийн хомсдолд орсон, ялагдлын эмзэглэлээсээ ангижирч амжаагүй байгаа, хуваагдаж хүч нь суларсан гэх бодит шалтгаануудын ард хийгдсэн шинэлэг алхам мөн гэж үзэхээс өөр аргагүй юм. Нэн ялангуяа түүхэндээ анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө өрсөлдсөн явдлыг тэмдэглэн хэлэх ёстой. Эмэгтэй хүн нам доторх дотоодын өрсөлдөөндөө зоригтой оролцож чадсан явдал нь өөрөө хэлбэрийн хувьд цоо шинэ үзэгдэл. Хэдийгээр намын бага хурлын гишүүд эрчүүд дагасан улс төрийн амьдралыг илүү чухалчилж үздэг нь хэвээрээ, эмэгтэй улстөрчдөд боломж олгохдоо харам нь янзаараа, эмэгтэй хүнийг гоочилж, буланд шахаж, дорд үздэг эрт балрын хандлага нь хуучнаараа байгааг бидэнд илтгэн харуулсан ч энэ бол түүхэнд үлдэж яригдах, дараа дараагийн удаа эмэгтэй улстөрчид эрчүүдтэй бүх шатанд ханцуй шамлан өрсөлдөхөд бэлэн болсныг үзүүлж чадсанаараа үнэлэгдэнэ. Эмэгтэйчүүдийн карьерын гол саад эрчүүд гэсэн хатуу үнэн хэвээрээ байна. Гэхдээ энэ зүй тогтол болчихсон үнэний хажуугаар өөр нэгэн тээг амь бөхтэй байсаар байгааг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Энэ тээг бол эмэгтэйчүүдийн өөрсдийнхөө эсрэг ажилдаг хүйсийн атаархал дээр суурилсан өрөвдөлтэй тээг юм. Энэ удаагийн бага хурал дээр хотын бүлэгт хамрагддаг эмэгтэйчүүд үгсэн хуйвалдаж, гурвын гурван эр хүнтэй өрсөлдөхөөр зориг шулуудсан Д.Оюунхоролын эсрэг бүлэглэн ажиллаж, эрчүүдэд хавсрага хүч болон эсрэг санал өгцгөөжээ.  Одоо эрчүүд тэднийгээ шоглосон шиг л сууцгааж байна. Эмэгтэйчүүд бид өөрсдөө асуудалд ингэж хандсаар байвал бидний карьерын зам улам л саад бэрхшээлтэй байсаар байх болно. Бид өөрсдийнхөө өмнө хориглох тэмдэг баймааргүй байна. Угаасаа бүх бүсгүйчүүд нэгдсэн ч ялахгүй нь тодорхой. Гэхдээ нэгдэж тэдэнд “юм хэлж” сурмаар байна. Нэгсэж тэдний тоглоом биш гэдгээ харуулж баймаар байна. Энэ тал дээр манай бүсгүйчүүд үнэхээр жижигдлээ.

Өөр нэгэн шинэ үзэгдлийг энэ удаа намын дарга Ө.Энхтүвшин үзүүллээ. Намын дарга нэр дэвших нь бараг л “хууль” гэж ажиглагчид үзэж байв. Гэвч  өнөөгийн хүнд бэрх цаг үед намыг толгойлох амаргүй хувь тавиланг эдэлж яваа Ө.Энхтүвшин шинэ жишиг үзүүлэв. Үнэхээр тэр Ерөнхийлөгчийн сонгуульд “Намын даргын хувьд би л өрсөлдөнө” гэсэн хатуу байр суурьтай байсан бол нам бас түүнийг нь харгалзаж үзэх агаар бүрэлдсэн байв. Гэвч тэр өөрийнхөө төлөө хуруу ч хөдөлгөсөнгүй. Хуучин бол намын даргын бодлого гэсэн хүчтэй ажиллагаа хайрцаглаад л орж ирдэг байсан. Ө.Энхтүвшин энэ бүх хуучин аргачлал, хуучин буруу жишгүүдийг өөрөөрөө дэнчин тавьж байгаад халахын төлөө зүтгэж байгаа юм байна. Түүний үед анх удаа эмэгтэй улстөрч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мандатын төлөө нам дотроо нэр дэвшиж өрсөлдлөө. Тэр бүгдэд боломж өгч байна. Хуучин бол намын дарга нар гишүүддээ эрхийг нь өгч биш, гишүүдийнхээ эрхээс авч даргалдаг, дарангуйлдаг байлаа. Манай улстөрчдийн дунд бусдад зам тавьж өгдөг, эрх мэдлээс дөлдөг, өөрийгөө хазаарлаж чаддаг хүн улам л ховордож байна. Бүгд боломж л гарвал дайрч байдаг, болохгүй байсан ч зүтгэж байдаг эрх мэдлийн шуналд идэгджээ. Үнэн хэрэгтээ МАН-ын дотор Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний лидерүүд хэд гурваараа бий. Энэ удаа тийм зиндааны улстөрчдөө яг бүгдийг нь хамарсан өрсөлдөөн явуулж чадав уу гэвэл бас эргэлзээтэй. С.Баярыг яагаад урьсангүй, Ц.Нямдоржийг яагаад оруулж ирсэнгүй. Н.Багабандийн хууль зүйн бололцоог яагаад сайтар шувталж судалсангүй, Д.Дэмбрэл,Сү.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүхтэй яагаад ажилласангүй, орон даяар явуулсан гэх судалгаа нь яагаад ойлгомж муутай бүрхэгдүүлсэн байдалтай явагдав гээд цөөнгүй асуултууд цаана нь үлдлээ. Улстөрчид нь урагш муутай,  унжийж арагшаа айж суусан байдалд удах тусам урдуур нь бөх байтугай бөө ч дайрах юм байна гэдгийг МАН-ын өнөөгийн дээд төвшнийх нь дүр төр харуулж байна. Улс төрийн өнгийг улстөрчид нь тодорхойлно. Мэргэшсэн улс төрийн соёлоос ухрах эрх улстөрчдөд байхгүй. Гэвч МАН-ын нөхдүүд хамгийн том энэ бодлогоо ялагдлын тоосон дундаа бүдгэрүүлж хаялаа. Одоо тэд парламентад ёсны тогтолцоог бэхжүүлэхийн төлөө, цөөнхийн гэх сонгодог байр сууриа бэхжүүлэхийн төлөө ухаалаг ажиллах цаг ирлээ. Өнөө маргаашийн хэрүүл, өөх ч биш булчирхай ч биш, авах ч биш гээх ч биш хоёрын хооронд гацаа, дэгээ мэтхэнээр хичээллэж, үргэлж ядарсан доромжлуулсан царай гаргасаар суувал ард түмэн ч уйдаж мэдэхээр байгааг эрхбиш анзаарч байгаа биз ээ. Нөгөө талаар намынх нь үндсэн бүтэц сарниж эхэлснийг саяны бага хурал нотолж байна. Зүгээр л хөндлөнгийн санаачлагууд орж ирээд л, хямдхан ажиллагаа явуулчихад хэнийг ч хэнээр сольчихож чадахаар, хэн ч юунд хүрчихэж болмоор онгорхой хаалгатай айл болжээ гэж тэднийг зарим нь шүүмжилж байна. Намын даргын зөөлөн, төв байр суурь намын доогуур юу юугүй жирэлзсэн бүлэглэлүүд торничих бололцоог нэмэгдүүлж магадгүй харагдана. Нэг мэдэхэд санаачлагыг нь эвхээд халаасалчихсан сууж байхад гайхах юмгүй. Хоёр салчихсан, гомдогсод нь юм л бол саахалт айл руу гүйж орчих гэж айлгаж байдаг болсон энэ эмзэг үед гэрийнхээ бүслүүрийг чангалах нь Монголын их улс төрд хэрэгтэй билээ. Хэдхэн хоногийн дараа Монголчууд бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Энэ өрсөлдөөнд МАН үндэсний бөхийн дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг сойлоо. Гэвч сонгууль бол бөхийн барилдаан биш. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгууль.  Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр болж  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ батламжиллаа. Уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өргөдөл, холбогдох бичиг баримтаа өгөх ёстой байсан бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өөр хүн нэр дэвших өргөдлөө өгсөнгүй. Энэ бол тэдний цул шинжийг илтгэж байгаа явдал юм. ҮЗХ-ны хурал Ц.Элбэгдоржийг АН-аас нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэж, 100 хувийн саналаар АН-аас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг нэр дэвшүүлэхээр боллоо. Ингэснээр Монголын гол хоёр улс төрийн хүчин  Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвших өрсөлдөгчдөө эцэслэн тодрууллаа.  Нэг нь дэлхийд танигдсан улстөрч, нөгөө нь монголд танигдсан бөх. Ц.Элбэгдоржийг дэлхийн улс төрийн ажиглагчид Азийн улс төрийн шинэ лидерүүдийн нэг гэж дуу нэгтэй нэрлэцгээж байна. Эрх баригч АН ийм лидерээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойж байгаа бол МАН гар ачааны мастер үндэсний бөхийн зодог тайлсан лидер, парламентад төрсөн нутгаасаа гурав дахиа сонгогдож орж ирээд буй Б.Бат-Эрдэнийг дэвшүүлж байна. Улс төрийн хамгийн том өрсөлдөөн явагддаг талбар дээр улс төрийн утга агуулгаар нь дүйцүүлэхийн аргагүй ийм хоёр хүн өрсөлдөх боллоо. МАН аваргаа бэлэгдлийн чанартай дэвшүүлээд л орхих уу, эсвэл бүгдээрээ дээлээ өмсөж аваад тоос бостол барилдацгаах уу. Үнэхээр гайхаж баршгүй юм гэж үүнийг л хэлмээр байна даа.     
 
 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn