Ирсэн гийчид ба үлдсэн бодол
2013 оны 5 сарын 15 [Уншсан тоо: 84364]
Манай хотод ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэгийн сайд нарын уул­залт болж  далимаар нь нийслэлийн төвөөр хөглөрөх хоггүй хэд хонолоо. Жанжны талбайгаа угааж, бөбөө нараа нууж, сарампай муу машинтай иргэдээ хөл хорьж юм юм л болов. Нөгөө мундаг ардчилсан орон чинь өнгөлөг биш иргэдээсээ ичиж, мөнгөлөг хөрөнгөлөгүүдээрээ гоёж, яажгий машин тэргээ журмын хашаанд цагдаж, албан бусаар таксинд явж хоногийн хоолоо босгодог ядарсан хүмүүсээ хөөрхөн “торгож” шийтгэв. За, яахав далимдуулж байгаад хогноосоо салаад авбал нэг хэрэг шүү дээ гэж нөгөө муу хэд нь уучилж үлдсэн. Гэвч мөнөөх мөнгө зарлагадаж хийсэн субботникууд маань нүд хуурсан ажлууд байжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд түр зуур босоод өнгөрсөн хавсарга бүх хогийг нь ил гаргаад чулуудчихав. 22-ын товчооноос Сонгинохайрхан руу ороод ирмэгц л нүд ухчих гэсэн хогон шуурга угтаж байх юм. Манайхны ажил гэж нэг иймэрхүү л юм байх юм даа. За, энэ ч яахав.

Хавсарга нэвт үлээсэн ааш муутай эл өдрүүдэд өмнөх гийчдээс илүү анхаарал татсан хоёрын хоёр гийчин ирээд буцлаа. Нэг нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи, нөгөө нь “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунин.  Хойд урдаас хоногийн зөрүүтэй шахуу наашаа зорьсон эрхмүүд манайтай чухал уулзаатай ирсэн. Хадан завсар хавчуулаатай өрөвдөм тавиланг минь сануулаад буцсан тэдгээр ноёдын талаар энд мэргэн үг нийтгэх нь угаасаа ач холбогдолгүй зүйл. Харин энэ хоёр нөхрийн айлчлал өнөөгийн Монголын Төрд стратегичид байхгүйгээр барахгүй дэндүү хөнгөн савсаг, тулхгүй, төрийн зүтгэлтний хэв шинж байхгүй нөхдүүд залуур дээр байгааг илчлэн харуулснаараа монголд эмзэглэл нэмж орхив. Орчин цагийн Бээжингийн бодлогыг тээж ирсэн Ян Жэчиг Улаанбаатараас буцаа ч үгүй байхад манай улстөрчид төмөр замын тээврийн талаарх төрөөс баримтлах бодлогыг өөрчлөх саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас гаргаж хөнгөдөв. Бүр ажлын хэсэг байгуулах болж жижгэрэв. Энэ тухайд ажиглагчид үгээ хэлж байна. Жишээлбэл, зарим тоймчийн гайхшрахдаа “Урд зүгийн том нөлөө” биш гэж үү гэж аяархан дуугарсантай миний санал ч нэг байна. Бүр чангаар хашгирмаар том нөлөө манай төрд ажиллаж байна. Энэ удаа өмнөдийн ноёнтон аргагүй сүр хүчээ мэдрээд буцсан биз. Энд яг юунд эдүүцээд байгаагаа тодруулмаар байна. Нууцгүйгээр шулуухан хэлэхэд стратегийн дайралт тээж ирсэн зочноо ядаж нуруугаа харуулсных нь дараа хөдлөхгүй дээ. Юу юуны туханд хүрэлгүй дагжицгаагаад захын нэгдлийн даргаас дор бэмбэгнэж сууцгаах нь инээд шоо нэмэх төдий л хэрэг санагдах юм. Төмөр замын тээврийн талаарх төрөөс баримтлах бодлогыг өөрчлөх саналыг Эдийн засгийн байнгын хороо хэзээ ч хуралдаад гаргаж дөнгөнө. Ажлын хэсэг энэ тэрийг зочныг буцсаны маргааш нөгөөдөр нь ч байгуулж болно шүү дээ. Жижиг санагдаж болох ч ийм явдлуудад эгдүү хүрч байгаа хүн ганц нэгээр зогсохгүй байгаа нь нэгийг хэлж буй юм.

Хойд зүгээс морилсон гийчний хувьд нүүр тулахад Ерөнхий сайдад маань халуухан байсан нь ойлгомжтой. Явуулсан захиаг нь ч жамын дагуу тосоод авч чадаагүй. Замд нь алдаж хэл үг мандаачихсан сууж байдаг. Гэхдээ энэ бол түүний алдаа биш л дээ. Хулгайд юмаа алдсаных нь төлөө эзнийг нь зодох угаасаа утга муутай хэрэг.

Ямар ч байсан Якунин ирээд буцлаа. Түүнтэй манайхан хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төслийн тухай яриа хэлцлээ хийж, ерөнхий зарчмаа нэг чигт оруулсан. Албан ёсны яриа хэлцлүүд угаасаа болох ёсоороо болоо биз. Гацхүү ард нь үлдэх хамтын ажиллагааг яаж авч явах нь чухал. Жишээлбэл,  “Шинэ төмөр зам” ХК-ийн тендерт 10 гаруй компани саналаа ирүүлчихсэн байж байгаа. Энэ асуудал дээр гэхэд ах нар давуу эрх хүсч байгаа шүү дээ. Шинэ оросуудаас бид өнөөдөр хэдий хэр авнам маргааш төмөр замын маань өгөх ашиг төдий хэр тэдний ам руу урсана. Энэ бол өнөөдрийн бидний болгоомжлол. Гэсэн ч “Шинэ төмөр зам” төсөл бол дотоодын хийрхэгчид хийгээд, элдэв эх орончдын буруу ишилсэн сүх шиг довтолгооноос ангид авч явах ёстой маш том төсөл. Бидний хөгжилд хүрэх алтан зам. Бүх улс гүрнүүдтэй, тэр дундаа хоёр хөрштэйгөө ухаанаа уралдуулж, харилцаа холбоогоо нягталж хийх эмзэг төсөл гэдгийг хаа хаанаа бодож явах ёстой. 500 шахам сая.ам долларын үнэтэй энэ төслийг гараанаас нь шаварт хутгах эрх бидэнд байхгүй билээ. Ямар ч байсан гэрээ хэлцлүүд хийгдлээ. Төмөр замын төсөл урагшилж байна. Энэ бол сайн мэдээ. Бид дэлхийн зах зээл дээр ашгийн төлөө тоглож эхэлж буй аз нь гийсэн ч гэж хэлж болох шинэ од юм. Эх орондоо олж ирэх том ашгийн төлөө өнөөдөр бидэнд хөнгөдөх эрх байхгүй гэсэн үг. Хамгийн над захын харилцаан дээр ч.

Ноён Якунин энэ удаагийн уулзалтаараа “ОХУ, Монголын хувь нийлүүлсэн элэгдэж муудсан “Улаанбаатар төмөр зам”-ынхаа хүчин чадлыг ч нэмэгдүүлэх, тэнд хийгдэж байгаа шинэчлэлүүдээ шинэ шатанд гаргах талаар хөндөж ярьсан байна. Хүмүүс өмчиндөө, ашиг орлогондоо ингэж л анхаарал тавьдаг. Энэ бол мөнхийн анхаарал. Бид бол хайнга, Төрийнхөн нь түр идэж тоглож байгаад л явцгаачихдаг. Улс нь давжаа даржин хэвээрээ үлдэж, эрх мэдэлтнүүдийнх нь хэтэвч түнтийж буудаг. Том гүрний том зүтгэлтнүүдээс биднийг ялгаруулж байдаг ёс суртахууны ялгаа ердөө л энэ.  Одоо ийм хорлон сэтгэлээ хаяцгаамаар байна. Бүх шатанд л идэхийн төлөө хомхойрогчид нүүрлээд байна гэх мэдээ редакциудыг дарах болсоор удлаа. Энэ бол хяналтаа сайжруул гэсэн дохио юм. Бурууд хурц байгаач гэж иргэдийн маань өгч буй ташуур юм.

Манай төмөр замын бодлого дээр хоёр хөршийн маань эрх ашиг зөрөлдөөнтэй буй энэ үед бид ухаан муутай, эрхийн тэнэг хүүхэд шиг байж болохгүйг айлчлалууд тодоос тод сануулж байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Улам л хурд хүчээ аван цахилж байна. Тэгэхээр бидэнд алмайж суух бололцоо байхгүй. Энэ онд манай Улсын эдийн засаг 16.0 хувиар өсөх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа. Жишээлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ирэх онд 14.7 хувь, 2015 онд 11.8 хувь, 2016 онд 14.6 хувь байхаар байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр мэдэгдэж байна. Тэгэхээр гаднаас таатай үлээж буй салхийг дотроос хий ширүүсгэж, хоосон улс төржилтөөр түрэх бидэнд ашиггүй гэсэн үг. Сүүлийн жилүүдэд улс орондоо тогтож үлдэх сайн үр дүнг хий улс төржилт явуулж хийсгэдэг жишиг манайд тогтсон. Дундаж сэхээтнүүд, улс төрийн орогнолгүй хөндлөнгийн жижиг тоглогчид ийм зүйлд мөнгө хаян эх орноороо тоглодог байдлыг одоо зогсоох цаг болсон. Юу ч хийж бүтээдэггүй, баялаг босгохын үнэ цэнтэй хөдөлмөрийг мэддэггүй, ойворгон явдал суудлаасаа болоод улс төрд шахагдсан нөхдүүд уул уурхай, төмөр зам гэх мэт том төслүүдээр цэцэрхэж, газар шороо гэх мэт ерөнхий сэдвүүдээр лекц уншиж ард олныг мунхруулж үймүүлдэг явдал одоо зогсох ёстой. Ийм сул орон зай дээр тоглогсдод сонгогчид оноо өгдөггүй болох хэрэгтэй. Үнэн хэрэгтээ сонгогчдын боловсролын төвшин тийш тодорхой хөрөнгө оруулалт хийх цаг болжээ. Энэ сэдэв ч хэн нэгний карьер өгсөх шат байх ёсгүй. Бодит хөрсөнд шингэдэг хөрөнгө оруулалт байх ёстой. Эс тэгвээс бид сонгогчдынхоо ухамсартай сонгууль болгоноор ноцолдсон хэвээрээ л байх болно. Өнөөдөр гав хийвэл газар шорооноос өөр ярих юмгүй нөхдүүд яаж тодорч явааг, явсаар байгаад бүр аль төвшинд оччихсон таваргаж явааг бид харцгааж байна. Парламент сонгуулиас сонгуулийн хооронд потенциалиа алдсаар байгааг энэ бүхэн харуулж байгаа юм. Бид бүх салбарыг, тэр дундаа улс төрийг мэргэшүүлэх тухай олон жил ярьж байгаа. Бид хаа хаанаа тунгалаг засаглалыг мөрөөссөөр удаж байгаа. Одоо асуудалд ултай, суурьтай хандаж байхгүй бол дэлхий нийтийн нэн шинэ эдийн засаг хүчээ авч, хүн төрөлхтний хөгжил дуу дуугаа авалцан хурдалж эхэллээ. Дэлхий дахин цоо шинэ тоглоомын дүрмээр хоорондоо “тоглож”, олсон ашиг, бүтээсэн баялаг, хүрсэн амжилтуудаараа аархаж буй энэ үед бид дүрэмгүй Монгол хэвээрээ л байх уу. Энэ л бидний өмнө зогсож буй хамгийн чухал асуулт болчихоод байна шүү.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив