Ерөнхийлөгч миний хүүгийн төлөө тэр том орны удирдагчид захиа бичнэ гэж би зүүдлээгүй
2013 оны 6 сарын 12 [Уншсан тоо: 120400]
Амьдрал бол гуниг баярын далай юм. Амьдрал бол зовлон жаргал ээлжлэн байх тавилан юм. Хэдийгээр энэ хоёр ойлголт ирж буцан сүлэлддэг ч хүмүүс бид нэгийг нь огт хүсдэггүй. Нөгөө рүү нь цаг үргэлж тэмүүлж байдаг.  Зовлонг хүсдэг хүн нэг ч байхгүй атал тэр зүйл нөмрөөд ирэхэд зугтах завдалгүй баригддаг. Тийм ч болохоор энэ талаар эртний монголчууд “Зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг”, “Гай газар дороос” гэх мэтээр хэлж үлдээсэн биз ээ. Өнөөдөр би эгэл жирийн нэгэн ээжтэй уулзах гэж явна. Түүний нэр В.Жавзандулам. Улсдаа хийдгээ хийж, үр хүүхдээ өсгөж, одоо ч тэр ажлаа үргэлжлүүлэн үр ачаа бойжуулж суугаа эгэл жирийн монгол  эх. Энэ эхийн амьдралыг мөнөөх зовлон нөмрөөд авчээ. Хүүгээ харийн шоронд хоригдсоныг, тэр бүү хэл хар тамхины гэх учир битүүлэг хэргээр цаазын ял сонссон гэдгийг  дуулсан тэр хар өдрөөс хойш В.Жавзандулам гуайн сэтгэлийн нар бөхсөн. Энийг зовлон гэхгүй юуг зовлон гэхэв дээ гэж би В.Жавзандулам гуайг зорьж явахдаа өөрийн эрхгүй шимшрэн бодож явав. Яаж хаалгыг нь тогшино доо. Сэтгэлийнх нь зовлон нимгэрсэн л байгаасай даа гэсэн халгасан бодол орж ирнэ.

В.Жавзандулам гуай харахаас ухаалаг, тэсвэрлэг, басхүү хатуужсан хүн байв. Нэвт шувт тэмтэрсэн ухаалаг харц, үнэн шулуухан үгс нь түүний хэн явсныг, бас одоо хэн хэвээрээ байгааг ч илтгэнэ. Ингээд бид хуучны оросуудын барьсан байрнуудын нэг болох хоёр өрөө байрны гал тогооны өрөөнд сууцгаалаа.

-Тантай уулзахыг өмнө нь ч гэсэн бодож байлаа. Энэ миний сүүлд гаргасан “Аав бид хоёр” гэдэг ном, та зав гарвал  уншаарай.

-За, баярлалаа.

-Танд тохиолдсон зовлон бол тэр бүр хүмүүст тохиолдох түгээмэл зовлон биш. Хэвлэлийхэн хэсэгтээ л таныг ээрсэн байх. Гэхдээ тэр үеийнхээс одоо бол байдал өөрчлөгдсөн.  Таны хүү цаазын ялаас хэлтэрсэн. Миний сонссоноор хоёр жилийн дотор тэр хүний хэрхэн хүмүүжсэн байдлыг харгалзаад  ялыг нь эх оронд нь эдлүүлэхээр явуулж  магадгүй гэх юм. Ийм боломж гарах болов уу?

-Тийм ээ, юу гийгүүлсэн гэж би олон юм ярих билээ. Надад  зовж байна гэж хэлэх ч эрх байхгүй. Гэхдээ яахав дээ, хүний зовлон хуучирдаг юм болохоор ингээд амьдарч л байна.

-Хүү тань тэр хэцүү хэрэгт орсноос хойш нэлээн олон жил өнгөрөх шиг боллоо?
-Манай хүүхэд чинь яг 2006 оны зургадугаар сард эндээс яваад л долдугаар сард нь л баригдсан юм шиг байгаа юм. Цаг хугацаа өнгөрч өгөхгүй хичнээн хэцүү байсан ч бүхэл бүтэн долоон жил болчихож дээ.

-Тийм байна шүү. Цаг хугацаа гэж...
-Тийм ээ, зургаа долоон жил өнгөрчихсөн ингээд байж байтал ноднингийн өдий хавьд  манай Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Хятадын удирдагчид миний хүүгийн амь насыг цаазын ялаас хэлтрүүлж өгөөч гэж захидал бичсэн. Би энэ мэдээг сонсоод үнэндээ юу хэлэхээ мэдэхгүй байсан. Тэр том Ерөнхийлөгч хүн миний хүүгийн амийг гуйгаад захиа хүртэл бичиж байдаг. Ерөнхийлөгчийн маань энэ зүтгэлийн ачаар  ямар ч гэсэн миний хүү амьд мэнд байгаа. Амьд мэнд...

-Ер нь бол энэ долоон жил түүний нийт хоригдох хугацаанаас хасагдана биз дээ?
-Хасагдахгүй. Хятадын хууль бол тэгдэггүй юм билээ. Одоо ингээд энэ 2013 оны долдугаар сард  дахин шүүх  хуралдаад ахин ял онооно. Энэнд урд талын туулсан долоон жил хамаа байхгүй юм билээ.

-Ямар аймаар юм бэ. Ийм юм гэж бас байдаг аа?
-Тийм ээ. Гэхдээ эгчид нь гомдох, илүү цаашаа хүсэх эрх байхгүй.

-Танай хүү бизнес эрхэлдэг  байсан юм уу?
- Манай хүү бол жирийн л нэг ажилчин байсан. Энгийн л нэг ажилчин байсан. Юун бизнес.

- Хятад руу явах гэж байгаа хэрэг зорилгоо танд хэлээгүй юу?
- Хэлсээн. Надад хориглох, ямар нэгэн байдлаар саад болох шаардлага огт байгаагүй. Яагаад гэвэл авгай нь тэнд байсан байхгүй юу. Түрүүлээд оччихсон тэнд байгаад байсан. Тэгээд л залуу улсууд чинь хэцүү шүү дээ. Авгай нь утасдаад л энд ийм хүүхэнтэй тэнд тийм хүүхэнтэй явж байна гэнэ, тэгж байна ингэж байна гэнэ  гээд л хардаж загнаад бас их хүндрэлтэй байсан. За, чи тэгээд яваад байна уу гэж би хүүгээсээ асууж ч байгаагүй. Учир нь би хүүгээ мэднэ. Манай хүүхдүүдийн аль нь ч тийм дэл сул явдал суудалтай биш. Энэ бол зүгээр л хүүхдүүдээ хамгаалсан эх болгоны амнаас унадаг жижүүрийн үг биш.  Хүн гэж ямар байдаг юм.  Эхнэрээ яаж хайрлах ёстой юм тэгж чаддаг л улсууд байхгүй юу. Ээжийгээ яаж хайрладаг вэ тэрэн шигээ та нар эхнэрийгээ хайрлаж яваарай гэж би захидаг. Эхнэртээ хамаг байдгаа тавиад туучихсан хайрлаж байгааг нь хараад ч  би уурладаггүй. Би  харин эсрэгээрээ баярладаг. Надад хүүгээ хардсан, харамласан, бусдын үрийг дорд үзсэн зан байхгүй.  Хүү нар маань авгайгаа хичнээн хөөрхөн, гоё болгочихоод хөтөлчихсөн,  хэдэн хүүхдээ дагуулаад ирэхэд би ээждээ авчирсан юмнаас нь илүү тэдний тэр байгаа байдлыг  хараад л баярладаг тийм хүн. Манайхныг мэдэх хүмүүс нь мэднээ.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх  таван хүүхэдтэй. Дөрвөн хүү, ганц охинтой.

-Дамдин хэд дэх хүү нь вэ?

-Том нь. Хүү маань явж явж нэг хүүхэнтэй учирсан юм. Тэгж яваад л ийм юм руу орчихлоо. 

-Гэр бүл болоод удсан байсан уу?
-Ганц хүүхэдтэй. Дөрвөн жил гаруй хугацааны турш амьдарсан улсууд. Гэвч ийм юм бидэнд тохиолдлоо. Өнгөрсөн энэ олон жилийн турш бид нэг ч удаа хүүгийнхээ эхнэрийг буруутгасан үгийг амнаасаа унагаагүй. Бидний хувь тавилан ийм байж дээ гэж л өдөр болгон бодож ирсэн. Саяханаас радио телевизээр хар тамхины гэх тэр хэргийн талаар урьд өмнө нь мэдээгүй байсан өдий төдий зүйлийг мэдлээ. Одоо манай монголын 30 гаруй иргэн хар тамхины хэргээр Хятадад хоригдож  байна шүү дээ. Өрөмчид бол манай хүүхэд ганцаараа байгаа л даа. Тэр бүх улсуудыг  тэр манай бэр байсан Хулан, түүний дүү Халиун гэх хоёр эмэгтэй энэ зам руу оруулсан байна шүү дээ. Өшөө Казакстанд ч хэд хэдэн хүн хоригдож байгаа гэнэ. Казакстанд өөрийнхөө төрсөн дүү, бэр хоёртойгоо баригдаад ямар аргаар суллагдсан юм. Ямар ч гэсэн суллагдаад явж байгаа. Одоо тэр Малайз улсад “Хар гурвалжин” гэдэг тийм нэг мафын л хүн болсон юм байх. Эрэгтэй дүүгээ, ээжийгээ, бэрийгээ казакстанд шоронд хийчихсэн. Ийм хүн чинь яаж миний муу хүүг хайрлах вэ дээ.

-Ээжээрээ бас хар тамхи зөөлгөсөн байх нь ээ?
-Казакстанд л ээж нь баригдсан  юм шиг байна лээ. Ээжийгээ л ингэж золиосолж байгаа хүн чинь бусдыг яаж хайрлах вэ дээ. Үнэхээр гомдож барахгүй юм даа. Миний муу гэнэн цайлган хүүгээр л дуусах ёстой байсан байхгүй юу, уг нь. Гэтэл  тэрнээс хойш гучин хэдэн хүн золиосолсон байна гэдэг даанч муухай биз дээ. 

-Аймшигтай юм аа.

-Бүх юм миний хүүгээр л дуусах ёстой байсан байхгүй юу.

-Хүүг тань дуудаж аваачаад л хар тамхи зөөлгөчихсөн. Амьдралаа бодъё, эргэж нийлэе гэж уг нь дуудсан гэж сонссон?
-Ер нь бол дургүй хүмүүс анхнаасаа л дургүй байдаг юм билээ. Хүү маань жаахан хожуу гэрлэсэн. Нэг өдөр л ийм хүүхэн дагуулаад ороод ирсэн. Ямар гээч үйлийн үрээр миний хүүтэй таардаг юм. Тэр хар тамхийг чинь Тэд нар чинь залгидаг,  нуудаг янз бүрийн арга хэрэглэдэг юм байна л даа. Хөөрхий миний хүүгийн цүнхэн доогуур нь цэлийтэл нь л ёроолд нь хийчихсэн байсан гэнэ лээ. 2 кг 150 гр гэсэн үү.

-Өөрөө бол хар тамхи тээвэрлэж байгаагаа мэдээгүй юм уу. Мэдсэн юм уу?
-Тэрийг нь ёстой мэдэхгүй.

-Та тэр тухай бүх нарийн ширийнийг ярих хэмжээний тухтай уулзаагүй юу?
 -Ямар ч ярих тийм нөхцөл байхгүй. Уулзаад 30 минут л нэг юмны цаанаас яриад л өнгөрч байгаа юм чинь.

- Гадуур хонуулж болохгүй юу?
 -Үгүй. Ерөөсөө л 30 минут  уулздаг. Эхний удаа очихдоо зөвхөн барааг нь харах төдий юмны цаанаас утсаар яриад л дууг нь сонсоод л болсон. Дараагийн удаа очихдоо хаалтны цаанаас 30 минут хальт мульт үг солиод л болоо. Ерөөсөө өөр юм байхгүй шүү дээ.

 -Хэцүү байна гэнэ үү, тэнд?
 -Хэцүү гэж байна лээ. Тэгэхдээ арай ч нэг зодож нүдээд байдаггүй л юм шиг байна лээ. Зодож нүдсэн ч гэсэн хэлэхгүй л дээ, манай хүүхэд.

 -Сард ажлын хөлс өгнө биз дээ. Дансанд нь хийдэг юм болов уу?
 -Сард 8 юанын цалинтай л гэсэн.

 -Тэр улс оронд нь эх орноо төлөөлж суугаа  элчингүүд хоригдож байгаа иргэдээ эргэж тойрдог юм билээ. Танай хүү дээр очсон байна уу?

- Ямар ч гэсэн нэг удаа очиж уулзсан, тэрнээс хойш бол очоогүй юм байна лээ.

-Долоон жил болж байхад ганцхан удаа юу даа?

-Энэ тухайд би юу хэлэх билээ. 

 -Ерөнхийлөгч захиа бичсэнийг, өөрийнх нь амийг хэлтрүүсэнийг өөрөө мэдсэн байна уу?
- Тэнд чинь бүх юм хаалттай байдаг юм шүү дээ.

 -Интернэт, мэдээ мэдээлэл авах өөр бусад хэрэгсэл бүгд  байхгүй юу?
-Бүр юу ч байхгүй. Ерөөсөө л хаалттай орчин. Мэдээллийн технологийн хувьд бүр ч онцгой хатуу орчинтой. Би очихдоо хүүдээ хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч чиний амийг гуйж захиа бичээд амийг чинь хэлтрүүлсэн шүү. Үүнийг сайн мэдэж аваарай. Чи насан туршдаа санаж яваарай гэж. Би чин үнэнийг хэлэхэд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг огт танихгүй.  Улсынхаа Ерөнхийлөгч гэж л мэднэ. Монголын улс төрд орж ирсэн цагаас нь хойш мэдээж бүх монголчууд шигээ түүнийг мэднэ. Нэг ч удаа би уулзаж байгаагүй. Ямар гээчийн азаар, ямар гээчийн хувь тохиолоор Ц.Элбэгдорж ерөнхийлөгч миний хүүд тохиолдсон хэрэг явдлын тухай бичсэн сонинг уншсан юм бол. Яаж олж харж, амийг нь хэлтрүүлэхийг Хятадын талаас гуйхаар шийдсэн юм бол. Энэ ачийг нь би хэзээ ч мартахгүй. Үргэлж л санаж явна. Үеийн үед үр хүүхдүүд минь, миний мэдэх таньдаг бүх хүмүүс, ах дүү хамаатан садан одоо юу байдаг юм бүгд мартаж болохгүй. Би энэ ерөнхийлөгчийг бол яахын аргагүй монголдоо хувь заяагаар бүр  цаанаасаа төрсөн хүн гэж боддог. Тэр бол шударга хүн. Шударга үнэн байхаас ч аргагүй тийм учиртай хүн. Эрдэнэтэд манай ах дүү нар байдаг байхгүй юу. За, би дэмий юм яриад эхэлчихэв үү дээ.

-Зүгээр зүгээр. Та ярь л даа?
-Тэд нар маань Элбэгээ Ерөнхийлөгчийн ээжийн тухай сайхан түүхийг надад ярьдаг юм. Би ээжийнх нь тухай тэр дурсамжийг  сонсоод Элбэгдоржыг улам их хүндэлдэг байхгүй юу. Социализмын үед Эрдэнэтэд тэднийх байж л дээ. Тэгээд олон хүүхэд өсгөх гэж их л зүтгэсэн байх зайлуул. Хонинхүү гуай нэг том агуулах манадаг тийм ажил хийж байсан гэж байгаа юм. Нөөцийн газар юм уу, юу юм. Бараа товар хадгалдаг их л чухал  агуулах юм гэсэн. Элдэв хүн хамаагүй орох эрхгүй. Тусгай үнэмлэхээр ордог байсан гэсэн. Тэгсэн нэг удаа дарга нь үнэмлэхээ үзүүлэхгүй давхиад л хаалгаар нь орчихсон чинь Хонинхүү гуай дугуйг нь зад буудаж байсан гэж байгаа юм. Тэгээд, нөгөө дарга нар чинь гайхаж сандрана биз дээ. Хонинхүү гуай минь та яаж байгаа юм бэ, миний дугуйг зад буудчихлаа шүү дээ. Та намайг танихгүй л байв гэж үү дээ гэтэл урдаас нь номтой юм номоороо хө,  чи надад зөвшөөрлийн бичиг үнэмлэх юмаа үзүүлэх л ёстой байсан гэж хатуу чангаар хариулж байсан гэж байгаа юм. Тэгсэн дараа нь шинэ мэргэжилтэн гээд нэг хүүхэн бас очсон юм байна л даа. Тэгээд л нөгөөх чинь  орох гэсэн чинь  Хонинхүү гуай, алив чи бичиг баримтаа үзүүл гэсэн байгаа юм. Нөгөө хүүхэн ч баахан маяг болоод би эрхтэй дархтай ч гэсэн юм уу. Хонинхүү гуай чи орохгүй ээ, энэ газар бол чам шиг зүгээр л ингээд гунхаад явж байдаг газар биш гэж зад загнасан гэсэн. Би танай мэргэжилтэнбайна, та одоо юу яриад байгаа юм л гэж. Чиний мэргэжилтэн надад хамаагүй ээ. Чи энэ байгууллагынхаа хууль дүрмээр л явах ёстой, яв чи гээд оруулахгүй буцааж байсан гэж байгаа.  Хонинхүү гуай ийм шударга шулуун, үнэнч, зарчимч хүн юм чинь түүний хүү агуу л хүү байж таарна. Би ээжид нь итгэдэг шигээ Ерөнхийлөгчдөө итгэдэг. 

-Ерөнхийлөгчтэй та нүүр тулж уулзаж үзсэн үү. Хавар иргэдтэй уулзсан уулзалтад очив уу?
-Очсон. Анх удаа уулзаж гар барьсан. Уулзах юмсан гэж бодож явдаг байсан л даа. Өөрийнхөө биеэр уулзаад баярласнаа илэрхийлчих юмсан гээд бодоод л явсан. Сая ингэж гар барьлаа. Тэр олон хүн шавчихсан байхад юугаа ярих билээ. Чихэнд нь баярлаж явдгаа хэлээд л бичсэн захиагаа атгуулчихсан. 

-Хүүг маань ингэж зүтгэж байж хүний газар  цаазын ялаас аварсанд баярлалаа гэж захиа бичсэн байсан юм уу ?
-Тийм. Өвгөнтэйгөө хоёулаа ярьж байгаад захиагаа бичсэн. Эхлээд  аягүй урт захиа бичсээн. Тэгээд ахин дахин бичиж багасгасан. 

-Сайхан шүү дээ. Ерөнхийлөгчдөө захиа бичээд, түүнийгээ өөрийн гараар өгөх завшаан олдоно гэдэг. Танайх олуулаа амьдардаг бололтой. Энэ байрандаа  хэдэн жил амьдарч байна?

-Анх нэгдүгээр хорооллыг ашиглалтанд орж байхадл  манайх энэ байшиндаа орсон.

-Улсдаа ажиллаж байхдаа орсон байр юм байна?

-Манай өвгөнд л ажлаас нь олгосон орон сууц. Бид хоёр хорин хэдэн жил энд  амьдарч байна даа.

-Та ямар ажил хийдэг байсан бэ?
-Худалдааны салбарт л насаараа ажилласан. Гарааны мэргэжилтэн,худалдааны газар, цэцэрлэгийн газар, аж ахуйн нярав, мэргэжилтэн гээд 30 гаруй жил би ерөөсөө яг л нэг газраар дагнаад л явсаар байгаад тэтгэвэртээ суусан. 

-Одоо хэдүүлээ амьдардаг вэ?

- Одоо энд 14- үүлээ амьдарч байна.

-Тэтгэвэрээрээ л болгож байна уу?

-Тийм ээ.

- Амьдралд хүрэлцэж байна уу?
-Хүн ер нь хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийж амьдрах ёстой. Би 200 мянган төгрөгний тэтгэвэртэй бол би тэрэндээ л багтаж амьдрахаас бусад улсууд шиг халгиж цалгиж чадагүй шүү дээ. Илүү ч үгүй , дутуу ч үгүй би тэрэндээ л амьдрах ёстой. Тэрнээс би хоёр сая төгрөг авдаг хүнтэй энэ зэрэгцэх гэж зүтгэх юм бол амьдарч чадахгүй шүү дээ.

-Хүүтэйгээ уулзах гээд хоёр удаа явсан юм байна. Зардал мөнгө гээд хэцүү л байдаг байх даа.
-Хэцүү, хэцүү. Эхний удаа нь би үндсэндээ улсын зардлаар явсан. Гадаад хэргийн яаманд нэг сан байдаг юм байна. Тэндээс надад тусласан. Бараг дэмий шахуу хүндээ л зарцуулсан байлгүй дээ, бодоход. Би тэр тусламжийг авч явсан. Би ер нь ах дүү нартаа ч энэ явдлыг хэлээгүй байсан шүү дээ. Ерөөсөө дууллаа, тэр аймшигт мэдээг хүлээж авлаа. Би шууд л унасан. Сэтгүүлч нар чинь манайхыг мэдчихээд хаалгыг чинь балбаад л, энэ тэрүүгээр эргэлдээд л, утсаар дуудаад л би зугтмаар байсан. Орох байх газар олдохгүй байсан.

-Ингэж өөрөө өөрийгөө шийтгээд байж болохгүй . Та гэмт хэрэгтэн биш шүү дээ.
-Гэхдээ л өөрийнхөө зовлонг хүн өөрөө л давж явах ёстой. Өөр бусад руу  нялзааж явах чинь тийм сайн асуудал биш шүү дээ. Надад хүний нүүр рүү эгц харах эрх байхгүй болсон. Би ерөөсөө харж чадахгүй хэдэн жил болсон. Харин хүү дээрээ очиж  ирснээс хойш нийтийн дунд ороод бас арай өөр болчихоод л байгаа нь энэ дээ. Бид юу хийсэн гэж ингэх вэ. Зовлонгоо чимээгүй л үүрэх ёстой. 

-Хүү нь юу ярьж байх юм. Хэл ус сурч байна гэнэ үү?
-За, яахав биеийн байдал  гайгүй гэсэн. Ээж минь би нэг төмөр өргөдөг байсан тулдаа л одоо өдий дайтай явж байна гэж байгаа юм. Тэгээд яахав монголчуудаас, намайг  мэдсэн бүх улсуудаас миний өмнөөс  уйчлалт гуйгаарай. Намайг мэддэг одоо энэ дуулиантай хэргийг соссон, за тэгээд та хоёрт хандив туслалцаа үзүүлсэн ах дүү нар бүх улсуудаас миний өмнөөс уучлалт гуйгаарай. Нэгэнт би одоо энэ хэрэгт орооцолдсон юм чинь өшөө надад ярих юм алгаа л гэж байна лээ.

-Аав нь цуг очсон уу ?
-Тийм.

-Найзууд нь ирж байна уу?
-Үгүй.

-Танай  бэр байсан тэр эмэгтэйг Улаанбаатарт  ирчихсэн явж байсан гэх сураг байсан.

-Явж байсан гэсэн. Миний хүүхдийг тэгээд л хэрэгт хийчихээд л орхисон. Эргээ ч үгүй. Бидэн дээр ч нэг ч удаа ирээгүй. Би ч уулзья гэж боддоггүй. Ийм л хүнтэй учирсан нь бидний үйлийн үр байж гэж бодохоос өөр яах билээ.

 -Бизнес хийдэг хүүхэн байсан юм уу?
-Мэдэхгүй.Ер нь бол яах вэ, дургүй улсууд дургүй л байсан л даа. Манай хүүхэд чинь одоо бас л 30 гарч байж сонгож авч гэрлэсэн байхгүй юу. Хоёр хүүхэдтэй  хүүхэн дагуулаад л ирсэн. Хүүхдүүд нь том болчихсон. Тэгээд одоо яах вэ дээ. Монгол айл хүн нэмбэл хүнс нэмнэ, хүнд хүн илүүдэхгүй гээд л хүлээж авсан. Миний хүү бол дэндүү сайн хүү шүү дээ. Ердөө тэр архи дарсыг уухгүй, тамхи татахгүй. Манай хүүхдүүд ер нь хэн нь ч тийм л дээ. Хааяа гэрээрээ ирнэ. Ээждээ эрхэлж элдэв хөгжилтэй юм ярьж инээлгэж байгаад л за, ээжээ хүүгээ уучлаарай. Хүү нь явалгүй бол болохгүй нь. Миний хүүгийн үнэр үнэртээд байна гэж л хэлдэг байсан хүн шүү дээ. Яах вэ хүний амьдралд юу ч тохиолдож болно. Миний гэм зэмгүй, ариун нандин явсан хүүд минь ийм гай тохиох гэж.

-Хүүгийн тань хүүхдийг аваачиж уулзуулдаггүй юм байх даа. Та нар ч гэсэн ач хүүгийнхээ талаар сураг ажиг тавьдаг уу?

-Одоо байхгүй юм чинь яах юм бэ. Хүнтэй суугаад явсан гэсэн шүү дээ. Филипин гэл үү тийм хар хүнтэй суугаад дахиж хүүхэд гаргаад амьдарч байгаа гэсэн.

-Дөрөв дэхь хүүхдээ юу?

-Тийм ээ.

-Ач хүү тань хаана яаж яваа нь бас хэцүү л юм байна даа?

- Тийм ээ. Олдохгүй байгаа юм чинь яах билээ дээ. Яамныхан ч сурсан. Би ч гэсэн  хир чадлаараа л амьтан хүнээс сурсан. Зүгээр ирчихсэн л байж байна гэсэн. Зайсангийн тэр гоё хороололд байж байна гэдгийг нь сонссон .Надтай яаж уулзах вэ дээ. Нэгдүгээрт,  нүүр байхгүй. Хоёрдугаарт, хүн нь даанч их муу хүн байж дээ .Би л бол өдөр ирэх тусам мэдэрч байгаа. Дүүгээ авгайтай нь шоронд хийчихсэн. Эхийгээ хийчихсэн. Тэгэхээр миний хүү бол зүгээр л гарын алчуур л байхгүй юу.

-Хар тамхины хэрэгт  холбогдож байгаа улсууд бол юугаа ч мэдэхгүй явж байгаад л эргүүлэгт орчихдог байх .  

-Тэр хүүхэн бол өмнө нь зөөж байсан юм шиг байна лээ. Ерөөсөө гаршчихсан хүүхэн юм билээ. Хоёр жил гаруй тэр Өрөмчид байгаад байсан. Яагаад ч одоо тийм газар байдгийг мэдчихсэн юм. Тэнд очоод хоёр жил гаруй амьдраад л нэг л өөр болоод эхлэсэн л дээ. Мөнгөтэй орооцолдсон хүн андашгүй л харагддаг шүү дээ ер нь. Миний хүүхдүүдыг бол хэн ч харсан сайхан л залуучууд гэдэг. Тэгээд л Өрөмч рүүгээ оччихоод л утсаар залгаад л хэрэлддэг байхгүй юу. Тэгээд л би л сүүлд нь явуулчихсан юм даа. За, яахав. Миний хүү очоод ир дээ. Яаж, юу хийж амьдарч байгааг нь үзэж хараад ир. Амьдралаа бод доо гээд явуулсан. Тэгээд л явсан. Очоод нэг сар гаруй болоод л цүнхтэй юм авч явуулаад л баривчлуулсан байсан.

-Хоригдож байгаа шорон нь ямархуу газар байна?

-Ямар гэх вэ дээ. Хотынхоо яг төвд юм билээ. Ном энэ тэр оруулж болно гээд л аваад очсон. Номнуудыг чинь бүгдыг нь эргүүлж үзээд л. Хятад хэлтэй хятад хэлээр бичсэн  тийм ном байвал нь аваад монгол хэлтэй номнуудыг авахгүй. Юу гэж ч бичсэн байгаа юм гээд оруулдаггүй юм байна лээ. Миний хамгийн том ах байдаг байхгүй юу. Тэгээд бид хоёрыг явахад за, тэд чинь одоо уулын чулуулгын зэрлэг улсууд шүү. Та хоёр болгоомжтой яваарай. Дамдинг дуу сайн дуулж байгаарай. Хятад дуу сайн сураарай гэж хэлүүлсэн. Манай ах чинь бас нэг тийм сонин сэтгэхүйтэй хүн байхгүй. Юу бодож дуу сайн дуулж сур гэж хэлээрэй гэсэн юм бол доо. Би эндээс хятад англи словарь аваад очсон чинь оруулахгүй гэж байна лээ. Яахав дээ, хүү маань ямар ч гэсэн эд нартай хэлээ ойлголцоод хятадтай нь хятадаар,  англитай нь англиар, оростой нь оросоор яриад явж болдог юм л гэсэн.

-Өрөөндөө ганцаараа юу?
-Одоо яг л нийтийнх шиг л бүгдээрээ хамт байдаг гэсэн. Яахав ээ, надад аз тохиолдлоо гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ энэ бол аз. Би бол тэгж л бодож байна. Өдийд байхгүй болчихсон байх юм бол би яаж амьдрах юм бэ.

-Тийм ээ, аз. Та урт удаан насалж хүүгээ хүлээгээрэй. Цагийн салхи наашилж юм өөрчлөгдөж, улс орнуудын харилцаа хөгжиж байгаа. Сайхан мэдээ дуулах байх аа.

-Би хүүгээ эргэж ирээд Гадаад Хэргийн яам орж амжаагүй л дээ. Ирсэн даруйдаа очно доо л гэж бодоод байсан. Би ер нь тэгдэг байхгүй юу. За, яаршиг даа. Очоод л даль даль гээд олон юм яриад л, улсуудыг үймүүлээд явах нь зохисгүй явдал гэж боддог. Өөрийнхөө хар зовлон, энэ муухай юмыг очиж наагаад л явах чинь нэг их сайн зүйл биш шүү дээ. Тийм болохоор би арагшаа суудаг. Гэхдээ нэг очиж уулзая гэж бодож байгаа.

-Таны сэтгэлийг хэсэг ч гэсэн тайтгаруулж чадсан болов уу яасан бол. Юутай ч амьдрал гайхамшгаар дүүрэн учраас тэсэн хүлээх ёстой гэж танд зөвлөмөөр байна.

-Баярлалаа. Ажилд тань амжилт хүсье. Би бол Ерөнхийлөгчийнхөө ажил үйлс, хийморь лундааг бодож үргэлж цайны дээжээ өргөж амьдардаг эгэл жирийн монгол эх. Зовлонд нугарсан ч сөхрөхгүйг хичээж яваа.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив