Б.Бат-Эрдэнийн авсан саналын хэдэн хувь нь МАН-ынх вэ?
2013 оны 7 сарын 4 [Уншсан тоо: 113050]
УИХ-ын чуулганаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж баталлаа.

Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар эрх баригч хүчин догонцчих вий хэмээн түгшиж байсан тулгуур хүчээ бэхэлж авав.  2009 онд тус намаас нэр дэвшиж ялалт байгуулан анхны бүрэн эрхийн хугацаандаа амжилттай ажилласан Ерөнхийлөгч эрх баригч хүчинд томоохон нөмөр нөөлөг болж байсан нь зүйн хэрэг юм. 2012 оны УИХ-ын сонгуулиар олж авсан АН-ын ялалтад ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулсан бодлого, хүрсэн амжилт тодорхой хөшүүрэг болсныг үгүйсгэх аргагүй.     Хэдхэн хоногийн дараа Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа тангараг өргөх нь. Тангараг өргөх ёслол долдугаар сарын 10-нд Чингис хааны хөшөөний өмнөх төв талбайд болно. Хуучин баримталж ирсэн тогтоолын журамдаа өөрчлөлт оруулснаар уг ёслол нэлээдгүй шинэлэг байдлаар зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь хуучин Төрийн ордон дотор уламжлалт хэв загвараар явагддаг байсныг өөрчилж нийт ард түмний баяр болгон шинэчлэхээр эрх баригчид шийджээ. Ц.Элбэгдорж энэ удаа сонгуульд оролцож саналаа өгсөн нийт сонгогчдын 50.23 хувийн саналыг авч ялалт байгуулсан юм. Ажиглагчдын зарим түүний ялалтад анхнаасаа огт эргэлзэхгүйгээр итгэж байсан бол зарим нь МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн бөхийн ертөнц дахь нэр хүнд, монголчуудын үндэсний бөхөө дээдэлдэг уламжлалт соёлд найдаж байсан юм. Нэр дэвшигчдийн дунд явагдах мэтгэлцээн хүртэл сонгогчдын тодорхой хувь шийдвэрээ гаргаагүй байсан ч гэж зарим нь үзэж байна. Учир нь сонгогчдын 25 орчим хувь мэтгэлцээнд өндөр ач холбогдол өгдөг төдийгүй энэ үйл явцын дараа хувийн шийдвэрээ гаргадаг гэсэн судлаачдын хийсэн тооцоо байдаг юм байна. Энэ үүднээс үзвэл нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ мэтгэлцээнээр цөөнгүй хувийн дэмжлэгээ алдсан бололтой. Сөрөг хүчнийхний зүгээс эрх барьж буй хүчин төрийн нүсэр аппаратыг тэр чигээр нь дайчилсан гэх мэт жижүүрийн гомдоллол унагасныг эс тооцвол Ц.Элбэгдорж мадаггүй, магадлах шаардлагагүй ялалтыг байгуулжээ. Харин Б.Бат-Эрдэнийн ялагдлыг намынх нь дарга ялалтын дайны ялагдал гэж үнэлсэн. Үнэхээр тэр өнөө цагийн хүчирхэг лидер Ц.Элбэгдоржтой таараагүй бол сандаргах төвшинд өрсөлдлөө. Нөлөө бүхий шинжээчид харин хэрхэн дүгнэв. Тухайлбал, нэрт нийтлэлч Баабар  МАН-ын PR хариуцсан багийн талаар  “напийгүй” амьтадаар сурталчилгаагаа хийлгэснийхээ горыг амслаа гэж шулуухан хэлсэн бол  эдийн засагч Н.Дашзэвэг  “Хөтөлбөр Уриа Пиар гурав нь напийгүй болохоор ямар ч сайн хүн гарахгүй. МАН сургамж авахгүй бол 2016 онд ялахгүй” хэмээв. Гэхдээ энд сурталчилгааны үйл ажиллагааг удирдсан арга барил, чадвар чансааны тухайд голлон дүгнэцгээж байгаа болов уу. Ажиглагчдын дийлэнх энэ дүгнэлттэй санал нийлж байгаа төдийгүй нам дотроо ч илэн далангүй ярьцгааж байна. Харин сурталчилгааны алдаа онооны талаар хөндсөн гишүүдийнхээ шүүмжлэлд намын дарга  Ө.Энхтүвшингийн өгсөн хариу нэгийг бодогдуулж хоёрыг хэлж байгааг намынхан нь анзаарч байгаа болов уу. Намын дарга хэлэхдээ  “Нам ялагдахад Бага хурлын гишүүд буруутай. Миний сонгосон сурталчилгаа хариуцсан нарийн бичгийн даргыг бага хурлын гишүүд өөрсдөө унагасан. Бага хурлын гишүүдийн сонгосон хүн л сурталчилгааг хариуцсан. Тиймээс гомдоллох эрх байхгүй. Бага хурлын гишүүн бүр энэ асуудалд дүгнэлт хийнэ биз дээ. Тэдний л сонголт байсан шүү дээ” гэв.  Энэ бол зуун хувиа давчихсан шахуу үнэн шингэсэн үг. МАН-ын даргын хувьд өөрийн “би” гээ үргэлж арагшаа суулгаж, амбициа  татаж байсан хүний хувьд энэ мэт хамаж шимсэн бурууг хүлээж авахгүй байх дотоод ёс суртахууны эрхтэй. Учир нь сонгуулийн гараан дээр гэнэт ойворготон хэвлэл олон нийт хариуцсан нарийн бичгийн даргаа сольж годгоносон нь том, тулхтай намын хийх алхам биш байсан. Сайн стратеги хийж чаддаг, арга эвийн мастер буюу шууд утгаараа ухаантнуудын хийх ажил шүү дээ. Сонгуулийн сурталчилгааны бүхий л үйл ажиллагаа сайтар төлөвлөсөн, тунгаамал боловсруулалтаар удирдагдах ёстой бөгөөд ерөнхий технологич нь тоглоомын бүх дүрмийг зохиосныхоо төлөө хариуцлага хүлээдэг жамтай. МАН энэ хариуцлагыг үүрэх хүн дээрээ алдаа гаргасан бололтой.  Монголын улс төрийн нэгэн том багана болох энэ хүчин удирдлагын төвшиндөө ч цул шинжээ алдаж, түүхэн хариуцлагатай үед хаяа нь сөхөөтэй гэр шиг хамаа намаагүй, салан задгай байдалтай байсан нь ээлжит томоохон ялагдлыг авчирлаа. Тиймээс нийтлэлч Б.Баабарын  “МАН буюу хуучны МАХН бол үзэл суртлаар үнэнхүү мэргэшсэн бүлэглэл. Нийгмийг ч олон жил үзэл суртлын хүчээр авч явсан. Харин энэ удаагийнх шиг үзэл суртлаар сул дорой байсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Сонгуулийн компаний төлөвлөгөө байхгүй, арга тактик стратеги байхгүй, дайрч довтлох, хэрүүл өдөх, замбараагүйгээр тактикаа гэнэт өөрчлөх, удирдлагагүй байдал зэрэг нь цуглуулж чадсан дэмжигчдээ хурдан хугацаанд эргүүлж алдах шалтгаан болов” гэсэн дүгнэлттэй санал нийлэхээс өөр аргагүй. Ядаж бөхийн ертөнцөөс төрсөн олны хайртай аваргыг олон сайхан алдар цуутай бөхчүүдтэй нь зүлгэн дунд суулгаад сайхан яриа өрнүүлсэн  ганц дулаахан нэвтрүүлэг ч хийж чадсангүйгээс нь үзэхүйд олон нийтийн санаа бодлыг дагуулах нь битгий хэл олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн ч МАН-ын сурталчилгааны багт байсангүй юу даа гэмээр. Стратегичгүй сонгууль явуулчихаад өнгөрсөн хойно намын залуусыг турхирч, тэр лидер, энэ гишүүн оролцоогүй, тэр тэгсэн энэ ингэсэн гэсэн чалчаа үгсийг жороолуулж гүйх нь ёс суртахууны хувьд дэндүү увайгүй явдал юм. Энэ сонгуульд Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар хоолойгоо цахирттал явсан. Ард түмэн харсан. Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, О.Содбилэг, Мөнхбат нар зөндөө зүтгэсэн. Түмэн олон харсан. Ерөөсөө сүүлийн бага хурлаараа сэтгэлийн хирээ арилтал, дотроо онгойтол ярьж, сайн муугаа дуудалцаж нэгдэж нэгсэж аваагүйн л хар гай гарсан. Монгол хүн сэтгэлийн сэвээ арилгаж аваад, сайхан уужралдаж байгаад урдах руугаа дайран ороход аваад л гардаг. Энэ удаа МАН тэгж чадсангүй. УИХ-ын сонгуулиас хойшх гомдол саналаа тээсэн хэвээрээ л сонгуульд орцгоосон шүү дээ.  Одоо МАН-ынхан баяр наадмыг маань булааж авах гэсэн юм шиг хэл ам дэгдээж, дотроо хэмлэлдэж эхэллээ. Үүнд ч олон түмэн таагүй байна.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар удирдуулсан “Шинэчилье” нэртэй хөдөлгөөний залуус намынхаа удирдлагыг, Удирдах зөвлөлтэйгээ хамт огцорч, Бага хурлыг наадмын өмнө хий гэж  шаардав. Намын байрныхаа үүдэнд гэр барьчихсан л үзэж эхэлж байна. Тэд бас авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон лидерүүдээ Авлигатай тэмцэх газарт очиж шалгуул гэж тулгаж байна.

Намаа шинэчлье гэж зориг гарган босч байгаа залуустаа архаг гишүүд нь “Азаргаа олон дахин сольж болохгүй. Гүү сувайрдаг юм” гэх мэтийн бүдүүлэг хариу өгөөд сууж байгаа нь ч зохисгүй үзэгдэнэ.   “Шинэчилье” хөдөлгөөний залуусын араас хуучин барилаараа ямар нэгэн эзэн хайгаад эхэлсэн нь энэ намын хямрал дэндүү ужигарсныг илтгэнэ. Н.Багабанди уу, У.Хүрэлсүх үү ? гэсэн энэ мэт хуучин хардлагын салхи сэвэлзүүлээд байвал намын шинэчлэл явахгүй. Дараалсан ялагдлуудын хариуцлагыг зөвхөн удирдлагууд хүлээх ёстой гэсэн нь ч нэг талаас гүжир шаардлага юм. Тэрэндээ тулбал нэр дэвшээд ялагдал хүлээсэн Б.Бат-Эрдэнэ өөрөө ч бага хурлын гишүүнээсээ татгалзах ёстой. Өгөх мяндар байвал өгөх ёстой. Түүний авсан саналын хэдэн хувь нь зодог тайлсан аварга бөхийн хувь, хэд нь монгол төрийн жолоог үеийн үед атгаж ирсэн МАН-ын хувь бэ гэдэг ч бодох зүйл шүү. Шинэчлэлийн төлөө зүтгэж яваа залуусын дунд шургалсан, нэгийг нөгөөгөөр солихын төлөөх жижигхэн санаа өвөрлөж яваа зарим нэг хутгагчдын “Манай аварга ялах байсан. Энэ хэдэн даргын буруугаас боллоо” гэсэн зэвтэй зүүг энд тэнд шидэж яваа үйлдэл  нь зохисгүй бөгөөд жудаггүй явдал. Тэрэндээ тулбал, Монголын нийгэмд “сэхээтэн хүн” гэх ойлголт байдаг юм байна гэдгийг энэ сонгууль харуулсан. Энэ хүний оролцсон мэтгэлцээн харуулсан. Төрийн тэргүүнд тохирох зиндаа гэж нэг зүйл улс төрөөр оролдсон аавын хүү болгонд олдоод байдаг эд биш болохыг үзүүлсэн.  МАН ахиж үе үеийн сэхээтнүүдийн түүх шингэсэн энэ намын агуулгыг энэ мэтээр унагаж болохгүйг уг ялагдал тодхон хэлсэн. Хариуцлагыг ярьж болно. Ярих ч ёстой. Харин ярихдаа хийсгэлэн, ойворгон байдлаар хандаж болохгүй. Дараалан хүндхэн цохилтууд амссан МАН дотор нэг иймэрхүү үйл явдлууд өрнөж байна. Мэдээж АН-ын гудамжинд одоо баяр болж байгаа. Тэд баярлах эрхтэй. Баяраа балаг болгохгүйгээ эрхбиш мэдэх хэмжээнд туршлагажсан ч биз.
Одоо сонгуульд дахин ялалт байгуулсан Ц.Элбэгдорж АН-ын нөмөр түшиг, хамгаалагч, хайртай эцгийн хувиар биш ард түмний Ерөнхийлөгчийн хувиар зүтгэх л үлджээ. Ц.Элбэгдорж нэр дэвшигчийнхээ хувьд Засгийн газрын явуулж буй алдаа оноотой бодлогуудаас болж халуун шүүмжлэлүүдтэй ч чамгүй нүүр тулсан. Одоо тэр Засгийн газрын буруу гараараа гаргасан томилгоо, түүнийг тойрсон иргэдийн бухимдал, төрийн албадад нүүрлэсэн тамиргүйтлыг арилгахын төлөө тэдэнд шахалт үзүүлж ажиллах ёстой. Эзнээ олоогүй томилгоонуудыг эргэж харах цаг нэгэнт болсон. Төрийн нүд нэг хэрэг. Харин ард түмний нүд сонор билээ. Тамга барьж үзээгүй тавьтаргүй партизануудаас болж “АН-ыхан ч МАН-аасаа дор нохдууд шив дээ” гэсэн үгийг аль хэдийнээс амнаасаа унагаж эхлээд байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй. Тиймээс хэдхэн хоноод Төв талбайдаа түмэн олныхоо дунд тангарагаа өргөх гэж байгаа Ерөнхийлөгчид  “Ард түмэн чинь таныг дэмжлээ, одоо та тэдний төлөө зүтгэх үлдлээ. Таны зүтгэл тал тохой түшээгүй, намаар нь алагчлаагүй жинхэнэ төрийн тэргүүн хүний тэнгэрлэг зүтгэл байх болтугай”, “Таны энэ бүрэн эрхийн үед батжин бэхэжсэн үндэсний компаниуд ганхаж, төрийн дарамтад зүдрэх биш зоо нь тэнэгэр ажиллах бололцоогоор хангагдах болтугай, таны үед  монгол хүний өөрсдийнх нь гараар бүтсэн баялаг зөв суурин дээр цэцэглэж, элдэв хууль бус булаалт дээрэм, хэлмэгдүүлэлт, элдэв захиалгат ажиллагаа зогсох болтугай “ гэх үгийг дайя.

Эгэл жирийн хүмүүсийг хэн нэгэн танил тал, алба тушаалтай хүний захиалгаар хүчний байгууллагууд шалгах нэрээр дарамталдаг, төрийн албанд амар тайван ажиллах бололцоо алдагдаж байгаа зэрэг олон гажуудлууд арилах болтугай. Тунгалаг төрийн төрөө зүтгэх үйлсэд тань улам их амжилтыг хүсье гэх ерөөлийг бас дайя.
 


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn