Гүржавт үнэгүй архи өг
2013 оны 8 сарын 13 [Уншсан тоо: 115451]
Амтай болгон эдийн засаг элгээрээ хэвтчихлээ гэлцэж байна. Үнэхээр ч байдал хүндрээд иржээ. Өмнөх Засгийн газрын үеийн супер сурталчилгаануудын нэг болж байсан эдийн засгийн өсөлтийг энэ хэд маань унагаад авав бололтой. Ямартай ч нэн тэргүүнд энэ их үргэлжилсэн найр наадам нь гиннест бүртгүүлэх гэж хөөрцөглөсөн хурдан морьдын уралдаанаар шувтарч үзээсэй билээ гэж хүмүүс залбирч байна. Үндсэн анхаарлыг энэ мэт алиа шог юман дээр төвлөрүүлж байх сонирхол хаана байдгийг би хувьдаа гайхаж яддаг юм.  Өнгөрөн одож буй зун маань бороо хур элбэгтэй зун байлаа. Шинэ намрын эхэн сар маань ч хур бороо ихтэйхэн л эхэлж  байна. Ардуудын аман яриагаар бол үр тариа руугаа анхаарахгүй бол болохгүй болжээ. Тэдний амнаас хур ихтэй ч өвсний шим муу, идээ цагаа элбэг ч амт гарц нэг л тийм. Ирэх өвөл ямархуу өвөл болдог бол доо гэлцсэн зовнингуй үгс унаж байна. Хэдхэн хоногийн дараа намрын дуу, ургацын дуу тал нутгийг эзэмдэж эхлэнэ. Харин бид энэ намартаа бэлэн үү. Уншигч та юу гэж бодож байна. Задгай амтай Засгийн газар маань бол “Бүх юм окей” л гээд байх юм.

Өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Түшиг, Баруунбүрэн, Сайхан сумдад бороо хур их хэмжээгээр орсон. Тарианы болц яагаа ч үгүй байхад тэндэхийн тариаланчид 1000 гаруй га талбайд тариалсан ургацаа бороонд цохиулчихаад сууж байна. Юутай харамсалтай. Хаврын хар шороонд харштал зүтгэсэн тэдний хөдөлмөр ийнхүү талаар болов. Одоо тариа маань сүүн буюу болцын үедээ явж байгаа гэх. Цаана нь чилийсэн урт намар сунайж байна.  Яавал зохилтой вэ. Албаны эх сурвалжууд баахан сав базааж байгаагаа л мэдээлж байна. Энэ бол шинэ мэдээ биш.  1100 гаруй үр хураах комбайн, 570 гаруй жатка, 220 үтрэм, 120 гаруй төмс ухагчаар тариаланчдыг хангалаа л гэнэ. Энэ ч сүртэй юм биш. Дан ганц хүний болон техникийн хүчин зүйлсээр түрээд шийдчихдэг эд биш болохоор хэцүү. Тариаланчдын бүх анхаарал ганцхан зүйл дээр эргэлдэж байдаг нь нууц биш юм. Тэр бол цаг агаарын мэдээ. Өнгөрсөн зуунд ч тийм л байсан. Өнөө ч хэвээрээ л байна. Намрын саруудыг маань ч бороо хур ихтэй байх прогноз гарчээ. Үүн дээр тулгуурлаад  Тариалангийн бодлогын хэрэгжүүлэх газраас ирэх сард цаг агаарын байдлын улмаас тариалангаа эрт хураахыг, мөн маш анхааралтай байхыг тариалан эрхлэгчдэд сануулж байгаа юм . Манай улс энэ жил 400 гаруй мянган га-д тариалалт хийсэн бөгөөд буудайн болц наймдугаар сарын цаг агаарын байдлаас шалтгаалахаар болоод байна. Тариалангийн мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэ сарын дундуур цаг агаар харьцангуй тогтворжих шинжтэй байгаа ч сарын сүүл рүү байдал хүндрэх гэнэ. Олон жилийн турш бид иймэрхүү прогнозуудтай л учирч ирсэн.

Бороо яахав, залгаад хяруу гэж “дайсан” гарч ирнэ. Бороо, хяруу хоёрын дундуур учраа олчих гээд түжигнэж байхад нь тогоруу гэж цуваа цуваа “хорлогчингууд” тариаг эгнээ эгнээгээр нь хядчихдаг гай бий. Энэ мэт байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс сэргийлж, хянуур болгоомжтой ажиллахыг тариаланчдад ҮХААЯ-аас хэдийнэ анхааруулаад эхлэсэн байна.  Энэ жилийн хувьд үр тариа нөөцлөх агуулах савны хувьд хүрэлцээтэй байгааг дээр дурьдсан. Сааль яриад савгүй сууж байдгаасаа эрхбиш салахаас яахав. Албаны эх сурвалжууд бол ам дүүрэн бэлэнтэй л байна. Жишээлбэл, 140 тоннын элеватор ургац хүлээж авах бэлтгэлээ хангасан л гэнэ. Ахиад ч хэд хоногоос 36 тонны нэг элеваторыг хүлээж авна л гэнэ. Нийтдээ манай гурилын үйлдвэрүүдэд 290 орчим мянган элеватор байгаа бол улсын хэмжээнд 173.6 мянган тонн багтаамж бүхий 3600 гаруй зоорь байдаг аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэхэд л 110 мянган тонн багтаамжтай элеваторуудтай. Эдгээр элевадоруудад ариутгал хийгдэж, бэлтгэл үндсэндээ хангагджээ. Одоо үр тариа хүлээн авахад бэлэн. Тэгэхээр өнөө жил хурааж л чадвал хадгалах сав хангалттай гэсэн үг. 

Бондын мөнгөн дээр будлиулж суугаа Засгийн газар маань харин лангуу мангуухан ярьсан шиг, нэг л их болж бүтэж буй тухай цагаан мэдээ иргэд рүүгээ тавьж  өгчихөөд л суугаад байна.  Энэ зуур нь гадаадын хөрөнгө оруулалт зогсч, экспортын орлого буурч, валютын ханш сандаргаж эхэллээ. Харин Ерөнхий сайд маань ямар нэгэн түрээсийн төлбөргүйгээр хүнсний ногоо тариалагчдад лангуу гаргаж өг энэ тэр гэсэн тушаал гаргаад л сууж байна. Тэдний ногоо бол тэдний баялаг. Тариалалтынх нь явцад бодлогын яамд тэртээ тэргүй анхаарал тавьж байна. Харин хураасан ургацаа яаж мөнгө болгож авах нь Засгийн газрын тэргүүний зарлиг гаргаад байх асуудал мөн ч юм уу, биш ч юм уу. Манай нийгэм зах зээлийн өөр зарчмыг сонгон алхаад хорин хэдэн жил болж байна. Аливаа Төр зах зээлийг бодлогоор тэтгэнэ үү гэхээс, хүрч ирээд тэнд төмсөө тавиад энд нь суугаад тэр хэдэд зарчих гэх мэтээр жижиглэнгийн салбарт шороо манаргаад тууж явдаггүй баймаар. Халамжийн хавтгайрсан бодлогоор бид улсаа хангалттай сульдааж авсан. Гэтэл шинэ Засгийн газар ахиад л үргэлжлүүлж байна. Нөгөө “Гүржавт үнэгүй архи өг” гэдэг луухаан шиг л байна. Оюутнуудад цалин л гэнэ. Одонтнуудад мөнгө л гэнэ. Одоо бүр хувийн аж ахуйтнуудад үнэгүй лангуу тавьж өгч байна. Үнэгүй лангуугаар ногоочдын сэтгэлийг уяраана гэж манай Ерөнхий сайд тооцсон ч эргээд цаадуул нь даварч бас нэгэн шог гараа явагдаад авав. Мөнөөх ногоочид нь үнэгүй лангууны ард сууж аваад л буцаж Төр лүү ноцох нь тэр. Зүгээр ч нэг шаагиад өнгөрсөнгүй, Яаманд шаардлага хүргүүлсэн гэж байгаа. “Ногоочдод хэрэгцээтэй материал болон өвлийн хүлэмж барихад дэмжлэг үзүүлж, ногоочдын ажлыг хөнгөвчилсөн техник технологийн бусад асуудлыг дэмж. Хүнсний ногоо тариалагчдын хөдөлмөрийн нөхцөл байдал, технологийн шийдлийг анхаарч үздэггүйгээс ногооны үнэ тэнгэрт хадаж байна гэдгийг ойлго. Энэ муу лангуу чинь юу юм” гэж пээдийдэг байна шүү. Манай Ерөнхий сайдын үнэгүй лангуу үнэгүй очсон шигээ үнэгүй хариу авчрах нь тэр. Мөн ч хошин монголчууд юм даа. Одоо малчид гэж бөөн бэртэгчингүүд цаана нь бий. Зуд боллоо өвч тэжээл нэхнэ. Төрийн сангаас гаргуулаад л зөөлгөөд байна. Мал махны, ноос ноолуурын цагаараа царай нь цаашаа харчихна. Төр иргэдээ ингэж улам гажуудуулж байна. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого хувийн хэвшил рүү Төрийн оролцоог улам чирч авчирч, Төрийн оролцоо, Төрийн өмч хэмээх ойлголтуудыг улам товойлгож буйг иргэд хэрхэн яаж ойлгохоо мэдэхээ байж байна. 

Нэгэнт ургац хураалт, хадлан тариалангийн салбарт юу болж байгаа талаар хөндөж эхлэсэн болохоор эргээд хүнсний ногоо руу оръё. Юутай ч өнөөдрийн байдлаар Н.Алтанхуягийн лангуунууд бэлэн болсон байна. Тэдгээр лангуунууд дээр Скай их дэлгүүр, Урт цагааны урд талбай гэсэн хоёр байршилд шинэ ургацын ногоог худалдаалж эхэлжээ. Харин үнэ ханшийн хувьд томоохон зах, худалдааны төвүүдийнхээс ялимгүй хямд үнэтэй борлуулагдаж байгаа. Мэдээж энэ асуудал дээр зохицуулалт хийх гэж арай гүйхгүй биз. Харъяалах яамны зүгээс “Ногооны үнэ ханшийг яам хянах, тогтоох боломжгүй. Ногоочдын хувьд тээврийн зардал өөрсдийн ашгийг 10-20 хувь нэмж зарж байгаа. Хамгийн гол нь хэрэглэгчдэд хямд үнээр нийлүүлэхийн тулд лангууны түрээсээс чөлөөлж аль болох ченжээр дамжуулахгүй байх бодлого баримталж байна. Шинэ ургацын ногоо ихээр гаргаагүй байгаа учраас зах зээлийнхээ эрэлттэй уялдаж харьцангүй өндөр үнэ ханштай байгаа. Намар ургац хураалт жигдрэхээр үнэ ханшийн хувьд буурна” гэсэн тайлбарыг өгч байна. Лангуу ба шинэ ногоо гэсэн энэхүү “үзүүлбэр” аравдугаар сарын 15-ыг хүртэл үргэлжлэх аж.  Юутай ч монголын гол зах зээл болох Улаанбаатар хятад ногоогоор биш эх орныхоо хөрсөнд ургасан ногоогоор хангагдах нь шиг байна.  Энэ жил улсын хэмжээнд 313 мянган га-д улаан буудай, 13.8 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тариалсан. ҮХААЯ-наас гаргасан урьдчилсан тооцоогоор ургац хураалтын үр дvнд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг хангана гэсэн зорилт тавьсан. 100 хувь гэдэг үзүүлэлт бол бидний баярлан хүлээж авах ёстой эрхэм үзүүлэлт билээ. Бид ийм үзүүлэлтүүдийг мартаад их удсан. Энэ 100 хувиуд л тэлж нэмэгдэж, сууршиж, тогтож байж л Монгол минь хөгжих юм шүү дээ. Түүнээс биш Гүржавт үнэгүй архи өгч бид хөгжихгүй ээ…

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив