Бардах амны ардах болов доо
2013 оны 8 сарын 16 [Уншсан тоо: 140847]

Энд тэндээс өөр өөр хана авчирч дугуйлсан ч хамтарсан засгийн гэрийг нэг их сандралгүй барьж дөнгөсөн Норовын Алтанхуяг гараагаа ам дүүрэн амлалтаар эхлүүлж байлаа. Хэлэлцээрийн давгүй мастер учраас муусайн намуудтай нэг их хүч хаялгүй учраа олсон. Үнэхээр намирсан туг шиг л амьтан харагдаж байсан сан. Одоо харин түүний байдал өөрчлөгджээ. Бас л амаргүй шахаанууд тал талаас нь түрж эхлэв. Ордны гаднаас ч, дотроос нь ч нүдний шилтэй докторууд дуугаа өндөрсгөн чичилж эхлэв. Үнэндээ тэгэхээс ч өөр аргагүй нөхцөл байдал бидний өмнө тулж ирээд зогсож байна. Мань хүн харин хүчин мөхөсдсөн шинжтэй. Үнэндээ эдийн засгийн хямралын өмнө ямар ч муйхар зориг дуугаа хураадаг бололтой.

Гадны зах зээл дээрх манай компаниудын хувьцаа унаж байгааг жишээ нь шинжээчид Засгийн газрын явуулж буй бодлоготой холбон тайлбарлаж эхэллээ. Тухайлбал, уул уурхай дээр явуулж буй бодлого нь туйлбаргүй, улс төрөөс хэт хараат байгаа нь шүүмжлэлд өртөж буй. Ядаж байхад Оюутолгойн далд уурхай гацаанд орж бөөн дуулиан шуугиан дэгдэж эхлэв. Энэ зогсолтоос болж ажилгүйдэл нүүрлэсэн манай оронд ахиад 1700 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орж ирлээ. Оюутолгойг дагаж багахан ашиг хийж амьдарч байсан жижиг жижиг бизнесийн байгууллагууд үүдээ барьлаа. Хоол унд, хормогч бээлий нийлүүлээд под хийсэн амжиргааг бий болгочихсон байсан үндэсний даруухан компаниуд хаалгаа хаав. Энэ бол ганцхан Н.Алтанхуяг гэдэг хүний баалуулах зовлон биш. Нийт монголчуудад учирч буй зовлон юм. Одоо яах ёстой вэ. Аргаа бараад Ерөнхийлөгч УАБЗ-д ажиллаж байсан хуучны бүх гишүүдийг цуглуулан ярилцаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй болохоор тулгаа тойрч суугаад зовлонгоо ярья гэж тэр санаачилжээ. Нөхцөл байдал ийм хүнд үед харин салбарын сайд хэт мэргэжлийн бус, хэт гэнэн, хэт хүйтэн сэтгэл үнэртүүлсэн тайлбар хийж суугааг олон нийт гайхаж байгаа юм. Улсын төсвийн өмнө өндөр хувийн үүрэг хариуцлага хүлээж буй Уул уурхайн сайд ноён Д.Ганхуяг “ Тайван амгалан байцгаа, юун сүртэй юм. Манай эдийн засгийн пийшин жаахан халчихаад байна. Аяндаа хөрч тогтуун болно” гэж айлдав. Төсвийн орлогын 40 хувийг хариуцаж байгаа салбарын сайдын лүндэн нэг иймэрхүү. Зүгээр л нэг компани удирдаж байсан туршлагаа үүрээд төрд орж ирсэн зарим нөхдүүд балчирдаж эхэлж буйн нэг жишээ энэ юм. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж давхигсдын нэгийг ямар логикоор Уул уурхайн сайд болгосныг зарим хүмүүс одоо ч ойлгодоггүй юм билээ. Тэдний эргэлзээ эл өдрүүдэд нэжгээд лавширч буй биз. Засгийн газрын явуулж буй бодлогын алдаанаас хамаг болж бүтэхгүй зүйл үүдэлтэй гэж үзэхэд түлхэц өгч буй өөр нэгэн сайд нь Н.Батбаяр юм. Дотоодын уул уурхайн компаниудын хоолойд тээглэсэн яс шиг 68 хувийн татварыг бий болгосон гол хүн. Одоо энэ нөхөр тэнгэртэй хамжиж дэмнэн байж Эдийн засаг, хөгжлийн яамыг удирдаж байгаа юм. Түүнийг тойрсон хурцхан шүүмжлэлүүд өрнөж буй ч тэр ямар нэг тайлбар хийгээгүй байна. Валютын ханшийн хэлбэлзэл түгшүүрийн харанга дэлдэж, Монголбанк мөн л хэл амаар балбуулж эхлээд буй ч Сангийн сайд Ч.Улаан мөн л таг дуугүй. За, яахав валютын ханшийн хэлбэлзэл нэг их сүртэй юм биш гэж зарим нь дуугарч буй ч амьдралын борог хөрсөн дээр тодорхой хүндрэлүүд үүсээд байна. Нэгтгээд хэлэхэд манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчноо бужигнуулаад хаячихсанаас хамаг уршиг үүдлээ гэх дүгнэлтэд бүгдээрээ хүрч байна. Энэ бол өнөөгийн Засгийг буруутгах гол хүчин зүйл. Ахин хэлэхэд энэ засаг гол буурь болох санхүүгийн орчноо тогтворгүй болгочихсон. Түүнээс нь дараа дараагийн уруудалтууд улбаалаад жирийж явна гэсэн үг. Одоо яах вэ.



Хөрөнгө оруулалтын орчноороо битгий сор залж байгаач ээ гэсэн гуйлт эрүүл саруул сэтгэдэг болгоны амнаас унаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч энэ орчинд байнга улс төржсөн үймээн дэгдээдгээс болж гадны хөрөнгө оруулагчид үргэцгээж, дотоодынх нь унацгааж, үүнээс үүдсэн хямрал байнгийн нүүрлээтэй орон болж л үлджээ. Бонд гэж богц богц өр тээсэн өнөөдрийн мөнгөний эх үүсвэр маань ч манайхны тавьтаргүйтлээс болоод буруу гараар урсаж эхлээд байна. Өнөөдрийн бондын мөнгөний зарцуулалт маргаашийн бөөн хэрүүл болох нь тодорхой. Засгийн газар энэ асуудал дээр хэт цалгар байгаа нь хэтийн их эрсдлийг тэртээ тэргүй дохиолж буй юм. Бондын мөнгөний зарцуулалтыг хийдэг гол бүтэц хэдэн сайд нарын бүрэлдэхүүнтэй нэг зөвлөл. Энэ зөвлөлд хувийн хэвшлийнхнээс байтугай УИХ-ын гишүүдээс ч ганц хоёрхон хүн ордог. Аргаа бараад хувийн хэвшлийнхний парламент дахь гол дуу хоолой С.Дэмбэрэл энэ зөвлөлийг татан буулгах хэрэгтэй гэж мэдэгдэв.

Бизнесийнхний эрс эсэргүүцэж буй нэг зүйл хувийн хэвшил рүү Төр гар хуруугаа дур зоргоороо дүрдэг явдал юм. Үнэхээр энэ салбар дахь Төрийн оролцоо хэвийн жишгээс хэлтийдээд явчихсан. Улс төржсөн эх адаггүй аяг маяг нь ахин нэг банкийг дампууруулж, Төрийн банк гэх төрийн мэдлийн түр тоглогчид нэгтгэж авав. Мэдээж Монголбанк нь “Харин ч бид ямар нэг донсолгоонгүйгээр асуудлыг шийдэж чадлаа” гэсэн манж үгийг унагасан. Энэ явдал хэдийгээр бизнес эрхлэгчдийн алдаа онооноос үүдэлтэй ч Төр хөшигний ард хутгуурын үүрэгтэйгээр оролцсон нь нууц биш юм. Энэ мэтээр манай Төр хувийн хэвшлээ самарсаар л байна.

Н.Алтанхуягийн бардам ам бондын эх үүсвэр дээр дөрөөлсөн романтик амлалтууд байв. Тэр бондын санхүүжилтээс 1,9 их наяд төгрөг босгож их бүтээн байгуулалт хийнэ гэсэн. Хамгийн сонирхолтой нь өр зээл ч гэлээ мөнгө нь ороод иртэл гар дээр нь хэрэгжүүлэх төсөл нь ч, ажиллах боловсон хүчин нь ч байгаагүй. Тэр ногооны зоорь бэлддэг хүн болохоос улс орны эдийн засагт стратеги хийдэг хүн биш юм байна. Түүний дөнгөж өчигдөрхөний бардам ам өнөөдөр ийнхүү шалдан гуя болов. Хачирхалтай нь манай хүний амнаасаа унагаж буй гол хариу “Өнөөгийн бүх хямралын гол буруутан нь бид биш өнгөрсөн засаг” гэсэн үг болоод байна.  Түүний хувьд цорын ганц хойд хар овоохой бол өмнө нь өөртэй нь хамт эрх барьж байсан МАН болжээ. Энэ бол хэтэрхий өрөвдөлтэй, сул дорой шалтаг юм. Олон нийт бүр ч түүнтэй санал нийлж толгой дохихгүй байна. Одоо яавал зохилтой вэ. Аргаа бараад Н.Алтанхуяг ард түмнийхээ бүсийг татвараар улам чангалах төлөвлөгөө боловсруулж байна гэх. Энэ юу гэсэн үг вэ. Хэрэв үнэхээр хүн амын орлогын татварыг нэмэх аргачлалаар алдагдлаа нөхнө гэвэл иргэд жагсах биш босч ч магад. Тэгэхээр эрхбиш ийм байдал руу яаран хөл тавихгүй биз ээ. Төсвийн алдагдлыг түмнээ мөлхүүлж байж нөхнө гэвэл ард түмэн түүнийг шалдан гуя байтугай нэрлэж, өндөг байтугайгаар нүүлгэх биз. Юу болохыг удаан харах ч аргагүй болсон энэ үед юутай ч УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдуулж магадгүй байна. Эдийн засагчид ээлж дараалан мэдэглэл хийж, өөрсдийн үндсэн үүргээ биелүүлцгээж байна. Одоо Төр түүнийг хүлээж авах, яаралтай анти программ боловсруулж гаргах л үлдлээ. Бардам ам бол тийм ч муу талтай зүйл биш. Гол нь шалдан гуя болчихгүй байх нь л чухал юм.  

  
 
 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn