С.Ламбаа: Ерөнхий сайд өмнөх Засгийн газраас болж зовж зүдэрч байна гэж ярих хэрэггүй
2013 оны 10 сарын 7 [Уншсан тоо: 105049]
“Ярилцъя” зочноороо УИХ-ын даргын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан, эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбааг урилаа.  

-Сая болж өнгөрсөн УИХ-ын ээлжит бус чуулганыг хүмүүс янз бүрээр л ойлгож байна. Жишээ нь улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбоотойгоор УИХ дахь цөөнхийн бүлгийн шаардлагаар ээлжит бус чуулганыг хуралдууллаа ч гэж ойлгож байна?
-Хямрал нүүрлэчихсэн гэх нь юу юм. Гэхдээ хууль болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Үүний үр дүнд олон хүчин зүйлтэй холбоотойгоор эдийн засгийн хүндрэл, бэрхшээл гарч байгааг аль аль талдаа хүлээн зөвшөөрөх шиг боллоо. Ээлжит бус чуулганы нэг ач холбогдол гэвэл энэ. Эдийн засаг хямарсан, хямраагүй гэж маргалдаж, мэтгэлцээд яваад байж болохгүй. Нэгэнт бий болсон сөрөг үр дагаварыг арилгахын тулд үе шаттай арга хэмжээ авах нь эрх баригчдын үүрэг. Тийм учраас үүссэн нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газраас өргөн барьсан таван хуулийг хэлэлцэхээр УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ дагуу захирамж гаргаж ээлжит бус чуулганыг зарласан. Түүнээс биш цөөнхийн бүлгийн шаардлагаар хурал зарлаагүй.

-Цөөнхий бүлгийн шаардлагаар хуралдаж болно шүү дээ. Тэгж ойлгогдох, тэгж харагдахаас болгоомжлох мэт нь хэт жижиг зүйл юм биш үү?
-Аль нэг бүлгийн шаардлагаар чуулган хуралддаггүй. Зөвхөн нийт гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачлагаар хуралддаг хуультай юм л даа.

-УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ өмнөх их хурлаар тооцоо судалгаа муутай хууль баталсанаас эдийн засагт сөрөг нөлөө авчирч байна гэсэн. Ц.Нямдорж гишүүнээс эхлээд зарим гишүүд хамаг буруугаа өмнөх их хурал, Засгийн газарт үүрүүлж байна гэж бухимдаад байх шиг байсан?

-Бүгдийг өөр дээрээ тусгах хэрэггүй. УИХ-ын даргаас эхлээд бид цөмөөрөө л өмнөх их хуралд сууж байсан. УИХ алдаа гаргасан бол засах хэрэгтэй биз дээ. 2009 онд “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журамтай нь хамт баталсан. 2010 онд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай” хуулийг баталж, гурван жил мөрдөж байна. Үүнээс болж уул уурхайн салбарт хийгдэх дотоод гадаадын шууд хөрөнгө оруулалт, алтны салбараас улсын төсөвт орох орлого буурч, төсөвт ачаалал үүсч байна. Хуулийн дагуу зөвшөөрөл, лиценз авсан аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулаагүй байна. Үйл ажиллагаа нь зогссон албан ёсны компаниудыг хэзээ ч нөхөн сэргээлт хийх боломжгүй нинжа нар орлож байна. Энэ бүхнийг зохицуулах шаардлага гарч байна. Өмнөх их хурал 2006 онд баталсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хуулийг алтны олборлолт огцом буурлаа гээд л 2009 онд бүхэлд нь хүчингүй болгож байсан. Ялгаа юу байна.

-Засгийн газраас өргөн барьсан зарим хуулийг эсэргүүцэж иргэний хөдөлгөөнийхөн буу шийдэм болж байж зарим нь баригдлаа. Гэтэл ээлжит бус чуулганаар нэг ч хууль батлагдсангүй?

-Тэд наад зах нь төрийн ордон хуулиар хамгаалагдсан обьект гэдгийг бодох хэрэгтэй байсан. Хүлээцтэй хандсан бол юу гэж шорон гяндан болохов дээ. Үнэхээр харамсалтай байна. Нэг ч хууль батлагдаагүйн тухайд учир шалтгааныг УИХ-ын дарга хаалтын чуулган дээр тодорхой хэлсэн.

-Нэг мөсөн намрын ээлжит чуулганаар хэлэлцэж болоогүй юм уу?
-Намрын чуулганаар батлана гэхэд цаг хугацааны хувьд хэцүү. Яагаад гэвэл намрын чуулганд шинэ оны төсөв, мөнгөний бодлого тусгай дэгээр тодорхой хугацаанд хэлэлцэгддэг. Хэлэлцүүлэг эхэлчихвэл дундуур нь өөр хууль ордоггүй. Тэгэхээр ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэгийг эхлэх нь зарчмын чухал ач холбогдолтой гэж үзсэн. Нэгэнт хэлэлцээд эхэлчихсэн болохоор хурдан явчих боломжтой. “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хууль гэхэд эцсийн хэлэлцүүлэг хийгээд л дуусч байгаа биз дээ.

-Сүүлийн үед хүмүүс Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандах боллоо. Ерөнхий сайдыг огцруулах шаардлага ч тавьж байх шиг. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Намчирхалгүй хариулчих уу?

-Засгийн газар сайн ч, муу ч дандаа л шүүмжлэлийн бай болдог. Өмнөх Засгийн газрыг манан будангаар нь дуудаж зөндөө л цоллосон биз дээ.  Шүүмжлүүлэхийн хэрээр асуудалд нухацтай, бодитой  хандаж сайн ажиллах ёстой. Алдаа оноотой ч шинэчлэлийн Засгийн газар нээлттэй ажиллаж байгаа нь сайн жишиг. Миний бодлоор Ерөнхий сайд бүх асуудлыг өөр дээрээ хэт төвлөрүүлээд  байх шиг. Ингэж өөр дээрээ хэтэрхий “гал” авах нь зарчмын хувьд буруу. Яагаад гэвэл Ерөнхий сайд огцорход Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог. Тийм учраас Ерөнхий сайд том бодлогоо зангидаад Засгийн газрын гишүүдэд хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Чадахгүй бол огцруулж ч  болно шүү дээ. Ингэснээр сайд нар  Ерөнхий сайдын өмнө  хариуцлагаа хүлээж, Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ.     

-Үнэнийг хэлэхэд энэ засгийн газар болж бүтэхгүй бүхнийг өмнөх засгийн газарт тохож, өөрсдөө болохоор нэр цэвэр үлдэх гээд хэт муйхраар сурталдаж байна.

- Хүмүүс нэг тиймэрхүү ойлголттой болчихсон байна. Ийм сэтгэлгээгээр асуудалд хандах нь цэвэр үлдэх биш харин ч нийгэмд өөрсдөө бохир болж харагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө өрөвдүүлэх зарчмаар ажиллах нь тийм ч сайн тактик биш. Ардчилсан нам өмнөх засагт хамтарч, намын дарга маань таван сайдтайгаа Засгийн газарт орж ажилласан. Тэргүүн шадар сайдын хувьд Засгийн газрын олон хурлыг удирдаж алх тогшсон. Тийм байхад Ерөнхий сайд өмнөх засгийн газраас болж зовж зүдэрч байна гэж ярих хэрэггүй. Зүгээр л урагшаа хараад зүтгэх хэрэгтэй.

-Үнэндээ айлын ялалтыг хувааж сандайлчихаад, урилгаар нь засагт орж ирээд, ялагдаагүй харин ч ялсан нам шиг явсан нь ердөө өчигдөр шүү дээ. Ядаж хүнийхээ хувьд ичиж зовдог байгаасай гэмээр зарим үед харагддаг. Танаас өөр тэр саяханы үеээ шударгаар хэн нь ч хэлсэнгүй.

-Ард түмэн тэнэг биш шүү дээ. Энийг л ямагт санаж явах хэрэгтэй.

-Та өмнөх засагт Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Хараад, сонсоод байхад эрүүл мэндийн салбарынхан танд их сайн юм аа. Жиргээчид хүртэл таныг сайдаа гээд л эрүүл мэндийн асуудлаар санал солилцоод байх юм. Сайдаа гээд байхаар Танд хэцүү санагддаг уу. Ер нь ямархуу мэдрэмж төрөх үү?

-Юу нь хэцүү байхав дээ. Эрүүл мэндийн сайд байсан нь үнэн юм чинь. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч надад нэг удаа “хэр зэрэг сайд байсан чинь гурван сарын дараа л мэдэгдэнэ дээ” гэж байсан юм. Үнэндээ миний ажлыг иргэд, эрүүл мэндийн салбарынхан л үнэлж цэгнэхээс бус хэн нэг сайд дарга түүний тойрон хүрээлэгчид үнэлэхгүй. Монголын ард түмэн түүний дотор эрүүл мэндийн салбарын хамт олон л үнэлж цэгнэнэ. Ажлаа өгөөд хариугүй хоер жил болох гэж байна. Хүн бүхэн сайдаа  гээд байхыг бодоход гайгүй л ажилласан юм болов уу даа. /инээв/ Энэ салбарыг эмчийн биш эдийн засагч, улс төрчийн нүдээр харж өөд нь татахын тулд ёстой хоергүй сэтгэлээр зүтгэсэн. Бүх аймагт 1-2 удаа очиж тулгамдсан асуудлыг газар дээр нь судалж шийдсэн. Тийм болохоор Эрүүл мэндийн сайд байсандаа ичдэггүй, харин ч бахархдаг. Манай салбарынхан надад сайн, сайн. Би ч бас сайн /инээв/. Үнэндээ 1996 оноос хойш УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, дарга, сайд байсны хувьд энэ салбарынхантай 20 шахам жил хамтран  ажилласан байна. Одоо ч гэсэн УИХ-ын даргын зөвлөхийн хувьд анхаарал тавьж байна. Цагаан нөмрөгтнүүд чинь хүнд нөхцөлд хүний төлөө, шөнө өдөргүй зүтгэдэг хайрламаар хүмүүс шүү дээ. Би сайдын хувьд тэднийг хэзээ ч доромжилж, тохуурхаж байгаагүй. Иргэнийхээ хувьд ч чадахгүй. Яагаад гэвэл аав, ээж, ах, эгчийг минь ганц хоног ч болов амьдруулахын төлөө сэтгэлээ чилээж, зүрхээ савлуулан нойр хоолгүй зүтгэж, надаас илүү зовж шаналж байсныг нь мэдэх учраас.

-Яг ямар сайд байснаа өөрөө нэг дүгнээд хэлчих. Тэглээ гээд та даруу биш харагдахгүй.

-Ингэж байгаад ахыгаа ганц сайн дөнгөх нь үү. (инээв) Сая хэлдгээ хэллээ дээ.

-Тэгвэл одоогийн удирдлагууд Монголд эмнэлэг ч алга, эмч ч алга, эрүүл мэндийн салбар авлигын үүр уурхай болж, элгээрээ хэвтчихсэн  байна гээд байгааг юу гэж ойлгох вэ?

-Би ер нь бусдын хэрэгт оролцож элдвийн юм ярих их дургуй ш дээ. Сайд болоод өмнөх сайд нарынхаа талаар ийм тийм гэж нэг ч үг унагаагүй.  Харин бүгдийг нь урьж уулзаж санал бодлоо солилцож байсан. 40 гаруй мянган ажиллагсадтай энэ том салбарт дутагдаж гачигдсан, алдсан эндсэн юм байлгүй яахав. Одоо ч байж л байна. Гэхдээ Монгол Улс талх, давсгүй шахуу болж, төр засаг нь хөрөнгө мөнгөний хомсдолд орсон үеэс өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлчилгүй аваад үлдсэн хүмүүс чинь үе үеийн эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд шүү дээ. Тийм болохоор хэн дуртай нь эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтлээ, авилагад идэгдлээ, элгээрээ хэвтлээ гээд эмч, сувилагчдыг доош нь хийгээд байж болохгүй. 2009-2010 онд дэлхийг хамарсан гахайн ханиадны үеэр хэдхэн сарын дотор 600.000 гаруй хүн өвдөж эмнэлэгийн тусламж авч 30 орчим хүн нас барахад энэ гучаад хүний тухай л хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл 500.970 орчим хүнийг босгох гэж эмч сувилагчид нойр хоолгүй зүтгэсэн гэдгийг хэн ч тоогоогүй. Статистик үзүүлэлт хүртэл нас барсан, өвдсөн хүнээ тоолоод, зарлаад байхаас эрүүл болсныг нь тоодоггүй.

-Тийм ээ, энэ үнэн. Гэхдээ л эмнэлэг, эмч сувилагчид алдаа гаргаж хүний амь насаар тоглосон тохиолдол гарсаар л байна шүү дээ?
-Хариуцлагагүй үйлдэлтэй бол эвлэрч болохгүй. Тийм ч учраас эрүүл мэндийн тухай шинэ хуульд байгууллагын даргад ч, эмч сувилагчид ч, иргэнд ч хариуцлага алдсан тохиолдолд хүлээлгэх шийтгэлийг чангатгасан. Торгуулийн хэмжээ өндөр байна гээд Үйлдвэрчний эвлэл зохион байгуулж, эмч нарыг босгох гэж оролдсоныг хүмүүс мартаагүй байх. Гэхдээ хариуцлага алдсан хэн нэгний алдааг бүх хүнд үүрүүлж хараар будаад байвал энэ салбар хэзээ ч сэхэл авахгүй. Эрүүл мэндийн байгууллага чинь банк шиг харилцан итгэлцэл дээр тогтдог юм шүү дээ.

-Эрүүл мэндийн тогтолцоо болохгүй байна гээд л ярих юм. Үргэлж энэ яриа байсан. Одоо ч байж л байх юм.

-Нэг засаг гарч ирээд л эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөнө гэдэг. Би монголын эрүүл мэндийн салбар хөрсөн дээрээ буусан хаана ч хүрч үйлчлэх сайн тогтолцоотой гэж үздэг. Ганцхан шатлал хоорондын уялдаа холбоо, менежмент хангалтгүй. Тиймээс эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн байшин барилга, тоног төхөөрөмжийг дэлхийн жишигт ойртуулж, эмч сувилагчидаа ажиллах нөхцлөөр хангаж, менежментийг нь боловсронгуй болгох хэрэгтэй. 2010 онд сумын болон өрхийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн төв болгосон. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тэргүүлэх чиглэл болгож байгаа том суурь шинэчлэл. Бид ийм өөрчлөлтүүдийг олж хиймээр байгаа юм. Намайг сайд байх үед (2008-2012 онд)  Монголын эдийн засаг огцом сэргэсэн. Энэ боломжийг эдийн засагч хүнийхээ хувьд бүрэн ашиглаж, сүүлийн 30 шахам жил буйран дээр нь хаячихсан салбарыг эдийн засгийн хувьд сэргээх алхмыг дорвитой эхлүүлсэн. Эрх зүйн шинэчлэлийг ч хангалттай хийсэн гэдгийг хаа ч хэлнэ.

-Жишээ хэлж болох уу?
-Эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж хэд дахин нэмэгдсэн. Энэ үеийг сүүлийн 30-аад жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт хийгдсэн эдийн засгийн сэргэн мандалын үе ч гэж хэлэхэд хилсдэхгүй. 2008-2012 онд нэг, гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөл, Нийслэлийн 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, тус бүр 150 ортой нийслэлийн нэг, гуравдугаар амаржих газар, цусны хавдартай хүүхдэд зориулсан эмнэлэг, Ахмадуудад зориулсан Грентологийн төв, аймгуудын халдварт, сүрьеэгийн эмнэлэг, 50 ортой төрөх эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийг шинээр барих төсөв хөрөнгийг шийдэж, их бүтээн байгуулалтыг эхлүүлж ихэнх нь ашиглалтад орсон. Солонгос, Австри, Франц, Белги улсын зээлээр Үндэсний оношлогоо эмчилгээний төв, Хавдар, Гэмтэл, Дорнодын Бүсийн оношлогооны төвийг барих, тоног төхөөрөмжөөр хангах зээлийн гэрээнүүдийг баталсан. АХБ-ны буцалтгүй тусламжаар дүүргүүдийн эмнэлгийг өөрчлөх, СХД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгох төслийг эхлүүлсэн гээд яриад байвал их юм бий.

-Гэхдээ бас 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, нэгдүгээр эмнэлэг, Баянзүрх  дүүргийн 150 ортой амаржих газар гээд хэл ам таталсан барилгууд таны чихыг мөн ч их халууцуулах юм даа.
-Надад ямар буруу байхав дээ. Төрөх, хүүхдийн эмнэлэгүүд ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Улаан нүүрээ улалзуулж зүтгүүлж байгаад Улсын Их Хурлаар төсөв батлуулж, гуйж түүж байгаад хотоос газрын шийдвэрийг  гаргуулсан. УИХ-аар төсөв батлагдана гэдэг чинь төрийн хууль гарсан гэсэн үг.  Яармаг дахь 300 ортой төвийг дэд бүтэцгүй газар барьсан гэдэг. Цаана нь ахмадуудад зориулсан Грентологийн төв, бусад барилгууд байж л байгаа. Байж байж сая 2 сарын өмнө хөрөнгий нь шийдээд одоо дэд бүтэц нь ашиглалтад орох гэж байна. Болж л байгаа биздээ. Нэгдүгээр эмнэлэгийн хувьд 1931 оны мөөгөнцөрт эдэгдчихсэн барилгыг буулгаж 2 корпус барих  төсөв батлуулсан. 2007 оны зураг гологдсон учир эмнэлгийн ажилтнуудын шаардлагаар оншлогооны төв, мэс заслын тасгууд орох В корпусын зургийг Солонгосын компаниар дахин хийлгэсэн. Үүнээс болоод гацчихсан. Яагаад дэлхийн жишигт нийцсэн юм барьж болохгүй гэж. 

-Тэгээд л таныг барилгын сайд шиг ажилласан байна гээд шүүмжлээд байдаг юм байна шүү дээ?
-Хэн тэгж байна. (инээв) Эрүүл мэндийн сайдын алба чинь эмчийн ажил хийдэг алба биш шүү дээ. Сайдын албан тушаал бол улс төрийн албан тушаал. Харин хэр зэрэг туршлагатай, нэр хүндтэй улстөрч томилогдов гэдэг бол өөр хэрэг. Сайд хүн салбарын хуулийг шинэчлэхийн тулд хууль зүйн, төсөв хөрөнгөө боловсруулж батлуулахын тулд Сангийн, түргэн тусламжийн асуудлаа шийдэхийн тулд Тээврийн, боловсон хүчнээ шийдэхийн тулд Боловсролын, барилгын асуудлаа шийдэхийн тулд Барилгын, салбарынхаа ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэхийн тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүргийг салбартаа гүйцэтгэх үүрэгтэй гэж би боддог. Энэ бүхнийг шийдэж байж л эрүүл мэндийн салбарын ажил урагшлана. Түүнээс биш Эрүүл мэндийн сайд эмнэлэгт очиж эх бариад, айлд очиж хүн үзсэнээр эрүүл мэндийн салбар сайхан болчихгүй. Тэнд тангараг өргөсөн эмч, сувилагч нар ажлаа хийж байгаа. Эрүүл мэндийн сайдын хувьд оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, бас хариуцаж байсны хувьд биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар хийх ажлаа ч би орхигдуулаагүй. Болж бүтэх бүхнийг манай хамт олон амжуулсан.

-Жишээлбэл,

-10 гаруй хууль, 30 гаруй стратеги, үндэсний хөтөлбөр, 200 гаруй стандартыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Эх хүүхдийн болон нялхсын эндэгдлийг бууруулж чадсан. Товлолын вакциныг олон улсын байгууллагын шугамаар авдаг тогтолцоог хуульчилсан. А гепатитын вакциныг товлолд оруулж, дархлаажуулалтад гурав ба тавтын тогтолцоог нэвтрүүлсэн. Элэг шилжүүлэх мэс заслыг УКТЭ-т эхлүүлсэн. Чөмөг, ясны хэм шилжүүлэх бэлтгэлийг хангасан. Диабетын, зүрхний, элэгний гээд төрөлжсөн төвүүдийг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангасан. Цахим хөтөлбөрийг баталж телемедецины  сүлжээг 10 гаруй аймагт хэрэгжүүлсэн. Цусны эмгэгтэй болон гемофили өвчтэй хүүхдийн протоколын эмийг төсвийн хөрөнгөөр хангадаг болгосон. Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг дэмжих АНУ-ын мянганы сорилтын сангийн 39,2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тархины цус харвалт, зүрхий шигдээсийг эмчлэх төв сая нээгдлээ. Төрөлхийн сонголгүй хүүхдэд дунгийн суулгац тавих, дурангийн мэс заслыг нэвтрүүлэх гээд эмнэлгийн практикт олон арван шинэ оношлогоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлсэн. 10 гаруй жил тасарчихсан байсан “Орбис” нисдэг эмнэлгийг хүртэл монголдоо дахин авчирсан. Цусны албыг дэлхийн хамгийн сүүлийн үеийн автомат тоног төхөөрөмжөөр хангасан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг түргэн тусламжийн автомашин, тоног төхөөрөмжөөр урьд өмнө байгаагүй хэмжээнд хангасан. Алсын дуудлагыг найдвартай машинаар хангаж, явуулын амбульторын машинтай болгосон. 670 гаруй эмч сувилагчдыг орон сууцтай болгож цалинг 30 хувиар нэмэгдүүлж, зарим мэргэжлийн эмч нарыг төрийн сангийн хөрөнгөөр нарийн мэргэжил олгодог болгосон гээд яриад байвал алийг тэр гэхэв.

-Биеийн тамир, спортын салбар гээд түрүүн дурьдах шиг болсон?

-Анх удаа Биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулж, биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсэн. 4500 хүний суудалтай спортын ордонг ашиглалтад оруулж, Боксын, чөлөөтийн, хүндийн өргөлтийн залуудыг засварлаж, Орхонд спортын бэлтгэлийн төв байгуулсан. 6 аймагт спортын ордон барьж, Нийслэлийн бүх дүүрэгт ордон барих зураг төслийг хийж төсвийн эхлэлийг батлуулсан.

-Таны өргөн барьсан хуулиудаас одоо Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль л батлагдагүй байх шиг байна. Тийм үү?

-Тийм. Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн шинэчлэлийн цөм нь гэж үзэж Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж 2010 онд Улсын Их Хуралд өргөн барьсан. С.Эрдэнэ гишүүн 2011 онд бас нэг хууль өргөн барьсан. Их хурал анхны хэлэлцүүлэгийг нь хийгээд зарчмын зөрөөгүй учраас ажлын хэсэг хоёр хуулийг нийлүүлээд бэлэн болгосон ч харамсалтай нь тухайн үеийн нийгмийн бодлогын байнгын хороо хойрго хандсанаас батлагдаж чадаагүй. Энэ хуульд эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж бие даалгах зорилт тавьсан. Эрүүл мэндийн даатгалын байгууллага бол хувь хүний мөнгийг хурааж аваад эмнэлгүүдэд орны тоогоор тараадаг бус эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг худалдан авдаг, эмнэлгүүдийг өрсөлдүүлдэг, даатгуулагч эмнэлэг, эмчээ сонгож үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлдэг, үйлчилгээний чанарт хатуу хяналт тавьдаг, ажлаа хийж чадсан эмнэлэгт мөнгө төлдөг байгууллага байх ёстой. Энэ зарчмыг үндэс болгон хуулийн төслийг боловсруулсан. Энэ удаагийн намрын чуулганаар батлагдах байх. С.Одонтуяа гишүүн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.

-Тэгвэл удахгүй биз ээ. Тантай ярилцахад таатай байлаа. Ажлын амжилт хүсье.

- Баярлалаа.


    
    

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив