О.Оч: Энэ рейтинг ойрын 20 жилдээ буухгүй
2013 оны 10 сарын 9 [Уншсан тоо: 69566]
“Ярилцъя” энэ удаагийн зочноо Нью Йорк хотоос сонголоо. Энэ хүн бол Монгол улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч буюу элчин сайд О.Оч юм.

-Тантай уулзаагүй нэлээд олон жил болсон байна. Энэ удаад Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч буюу Элчин сайдын албан тушаалыг хашиж байхад нь уулзаж байна. Ялангуяа НҮБ-ын 68 дугаар чуулга уулзалт өндөрлөсний дараа уулзаж байна. Та нар маш их ачаалалтай ажиллаж байгаа нь харагдлаа. Энэ удаагийн чуулганы гол онцлог юу байв гэсэн уламжлалт асуултаар яриагаа эхлье?
-Энэ удаагийн чуулганы хувьд хэд хэдэн онцлогтой. Нэг ёсондоо дэлхийн улсуудын төр, засгийн тэргүүнүүд нэг дор цуглаж маш чухал асуудлаар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж өөрийн орны байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ Мянганы хөгжлийн зорилтуудын биелэлтийг дүгнэж ярилцсан. 2000 онд дэлхийн улс гүрнүүдийн дээд хэмжээний уулзалтаар Мянганы хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон шүү дээ. Харин 2015 онд ажлаа дүгнэх юм. Тэгэхээр одоо бидэнд хоёрхон жилийн хугацаа үлдээд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс ч 1000 хүрэхгүй хоног үлдэж байхад бид ямар амжилтад хүрэв ээ гэсэн асуудлыг хөндсөн.

-Мянганы хөгжлийн зорилтууд бол НҮБ-ын чуулганы үндсэн асуудал. Гэхдээ энэ удаагийн чуулганаар дэлхийн улс төрд цочмог асуудлуудыг хөндсөнөөр онцлог боллоо?

-Энэ удаагийн чуулганаар өмнө нь тохирсон зорилт, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэхэд хоёр жил үлдээд байхад ямар төвшинд яваа болон шинэ зорилтуудынхоо үндэс суурийг нь тавих талаар түлхүү бас ярилцсан л даа. Нэг ёсондоо 2015 оноос хойш хэрэгжүүлэх зорилтууддаа Мянганы хөгжлийнхөөсөө сургамжаас үүдэж хэд хэдэн чухал зүйлийг нэмж оруулж байгаа. Тухайлбал, тогтвортой хөгжил гэдгийг асар чухалчилж авч үзэж байгаа юм. Үүнд нь байгаль орчны хөгжил нэн тэргүүнд тавигдаж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд өөр өөрийнхөө төвшинд хамтарч ажиллахгүй бол сөнөх аюулд орчихоод байна гэдгийг ярьцгааж байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж хамгийн их ярьж байгаа зүйл нь Сирийн асуудал байлаа. Сири өнөөдөр дэлхийн хамгийн халуун цэг болчихоод байна шүү дээ. Тиймдээ ч чуулганд оролцсон бүх төлөөлөгчид Сирийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Энэ нь ч аргагүй юм. Яагаад гэхээр энэ зөвхөн тухайн бүс нутгийн юм уу эсвэл нэг улсын асуудал биш. Олон улсын аюулгүй байдалд нөлөөлхүйц хэмжээнд хүрчихсэн байгаа. Жишээлбэл, тэнд 100 мянга гаруй энгийн иргэд амиа алдсан. Хамгийн ноцтой нь химийн зэвсгийн асуудал байна. Дээр нь, АНУ цохилт хийхээ мэдэгдсэн зэргээр дэлхий нийтийн анхаарлын төв Сири рүү чиглэсэн энэ цаг үед НҮБ-ын чуулган болсноороо онцлог. Одоо бидний найдвар төрүүлж байгаа зүйл нь чуулганы үеэр өрнөсөн яриа хэлэлцээр үр дүнгээ өгөөсэй гэж бодож байгаа юм. Гэхдээ эхнээсээ үр дүнгээ өгч байна. Шинэ дайн дэгдэхийг зогсоолоо. Сирийн тухайд химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдэхээ зарласан. Анх удаагаа олон улсын хяналт дор химийн зэвсгийнхээ тоо баримтыг гаргаж өгөхөө амласан. Энэ асуудалтай холбоотойгоор улс орнуудын Гадаад хэргийн сайд нар ч хоорондоо уулзаж санал бодлоо солилцсон. Гэхдээ зарим нэг шүүмжлэл гарч байна. Тэр нь юу вэ гэхээр ажлын хуваарийн дагуу ирэх оны хавар гэхэд Сири улс химийн зэвсгийнхээ тоо баримтыг гаргаж өгнө. Тэр хугацаа хүртэл энгийн иргэдийн аюулгүй байдал болон хүмүүнлэгийн эсрэг гэмт хэргүүдийг тэвчиж болохгүй гэсэн нөгөө талын шаардлага гарч байна.

-Угаасаа хүн төрлөхтөнд ашиггүй?
-Ашиггүй. Гэхдээ ашиг сонирхолтой хүмүүс чинь энэ асуудалд өөрийн ашиг хонжоогоо авах, байр суурийг энэ бүсдээ улам бэхжүүлэхийг хүсч байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, ОХУ-ын хувьд хэрэв дайн дэгдвэл тухайн улсад химийн бүсийн нөлөөллөө алдах гээд байх жишээтэй.

-Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүн орнуудын нэг. Тиймдээ ч НҮБ дахь Монголын дуу хоолой, түүнийг нь авч үлдэх, улам тэлэх үнэлэмжид сүүлийн жилүүдэд нэлээд өсөлт гарч байна гэж хардаг. Та энэ байгууллагын голомтод нь ажиллаж байгаа хүний хувьд биднийг харах дэлхийн нүд, өөрөөр хэлбэл бидэнтэй харилцах зиндаа хэр өөрчлөгдсөн бэ?
-Манай улсын хувьд НҮБ-ын 193 гишүүн орон дундаас явуулж байгаа, явуулсаар ирсэн бодлого, хүчин чармайлалт, гаргаж ирсэн санаачлагууд нь дээгүүр явдаг. Анх НҮБ-д элсэхдээ л идэвхтэй байр сууриас оролцож байсан. Манайх шиг цөөхөн хүн амтай орны хувьд жижиг улсад тооцогддог. Гэхдээ далайд гарцгүй, эдийн засгийн хэмжээ нь тэлээгүй улсын хувьд маш их идэвх гаргаж эмэгтэйчүүдийн эрх зүйн байдал, хоршооллын тогтоолуудыг санаачилсаар байгаа шүү дээ. Хэдийгээр энэ нь Монгол Улс НҮБ-д гаргасан тогтоолоо дахин батлууллаа гэж жижигхэн мэдээ маягаар гардаг ч цаанаа дэлхий дахинд асар их ач холбогдлыг өгдөг. Энэ бүгдээс харахад Монгол Улсын нэр хүнд НҮБ-д тийм ч муу биш харин өндөр байдаг юм байна гэдгийг харж байна. Нөгөө талаас гишүүн орнуудын төлөөлөгчидтэй уулзахад манай улсыг жижиг орон ч маш идэвхтэй ажилладгийг  онцолж үнэлдэг юм. Нөгөөтэйгүүр, жижиг орны зорилго эрх ашиг гэж байдаг. Яагаад гэхээр идэвхтэй, мэдээлэлтэй улс байхын тулд бололцоотой байх ёстой. Нэг ёсондоо НҮБ-ын санхүүжилтэд тодорхой хэмжээний гишүүнчлэлийн татварыг төлөх гэх мэт.

-Гишүүнчлэлийн татварын хэмжээ нь нууц байдаг уу?
-НҮБ-д гаргаж байгаа шийдвэрийг үндсэндээ лоббигоор гаргана. Тэгэхээр гол хандивлагч  орнууд илүү идэвхтэй оролцох боломжтой болж байгаа юм.

-Тоглогчийнхоо хувьд хэр овсгоотой, сэргэлэн, стратегитай, эдийн засагтай байх нь лобби хийх боломжийг нь тодорхойлдог байх л даа?
-НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрийг нь арай өөрөөр авч үзэх нэг хувилбар. Тухайлбал, зарим орны хувьд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг манайх бүрдүүлж байгаа гэх зэргээр шийдвэр гаргах төвшинд илүү давуу оролцоо үүсч байгаа юм. Мөн НҮБ дахь чухал албан тушаалд нөлөө бүхий орнуудын төлөөлөл орж ирж байгаа. Энэ нь бас тэдний НҮБ-д оруулж байгаа хувь нэмэртэй салшгүй холбоотой. Энэ тал дээр манайх боломж, бололцоо хараахан хязгаарлагдмал байна.

- Таныг  улс төрийн гишүүнчлэл, статусгүй гэж бодож байна. Өмнө нь дэлхийн эдийн засгийн форумаас эхлүүлээд аливаа чуулга уулзалтад манай төлөөлөгчид очиход хэн ч биднийг тоодоггүй байсан. Хатуугаар хэлэхэд хүн гэж хардаггүй тийм хэцүү үе байсан. Харин сүүлийн жилүүдэд Монгол Улс өөрийн гэсэн баялагтай, бусдадаа болзол тавьдаг, дэлхийн уул уурхайн салбарт тоглогч орон болж гарч ирж байна. Нэг ёсондоо энэхүү нөлөөллөөсөө болоод дэлхийн бусад орны Монголыг сонирхох сонирхол огцом дээшилсэн гэж хардаг. НҮБ-ын чуулган бол эдийн форумаас өөр орчин. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, манай бусад сайд нарын дуу хоолой дэлхийн энэ том тайзан дээр бусдын анхаарлыг татах хэмжээний  овсгоо сортоотой байж чадаж байна уу?
-Монгол Улсын хувьд дэлхий нийтийн анхааралд яах аргагүй орчихоод байгаа. Энэхүү рейтинг нь ч ойрын 20 жилдээ буухгүй гэсэн тооцоо гарч байгаа шүү дээ. Нөгөө талаас Монгол Улс хамгийн тогтвортой, хурдтай хөгжиж байгаа орнуудын нэг. Үүнийг нь ч бүхий л судалгаа, олон улсын байгууллагуудаас дүгнэж онцолж байгаа. Мөн уул уурхайн ирээдүйтэй улс гэдгийг нь хэлэхгүй байгаа боловч гол нөлөөтэй орнууд нь Монголд зайлшгүй анхаарлаа хандуулж байна. Тэр хэрээрээ манай дуу хоолой анхаарал татаж, сонирхлын төвд байж чадаж байгаа.



-Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын 68 дугаар чуулганы индрээс нэг өдөрт хоёр удаа илтгэл тавьсан, бас АНУ-ын ерөнхийлөгчтэй хамт хурал удирдсан байгаа. Энэ талаар оролцогчид хэрхэн авч үзэж байх юм?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын чуулганд оролцох үеэрээ Монгол Улсыг парламентын засаглалтай, чөлөөт нийгэм, хүний эрхийг дээдэлсэн орон гэдгээ дахин тодоор зарласан.  Бүх ажлууд нь амжилттай байлаа. Хэвлэл мэдээллийнхэн ч онцолж байна шүү дээ.  Манай зохион байгуулсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал маш амжилттай болж өнгөрсөн. НҮБ-д Ардчилсан орнуудын дэмжигч бүлэг гэж байдаг. Тэд хуралдахдаа Монгол Улсыг байнга үлгэр жишээ болгож ярьдаг. Дээрээс нь 68 дугаар чуулганы үеэр онцолж байсан нэг зүйл нь тогтвортой хөгжилд яалт ч үгүй сайн засаглал чухал үүрэг гүйцэтгэдгийг чухалчилж авч үзэж байна. Хэрвээ засаглал нь муу, авлигалд идэгдсэн байвал тухайн улс жинхэнэ утгаараа хөгжихгүй. Ард түмэн нь хохироод л үлддэг. Энэ утгаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд Монголын жишээг таниулан сурталчилж байгаа. Мөн авлигатай тэмцэх асуудлыг эрчимжүүлж, тодорхой амжилтад хүрч байгаагаа ч тэр олон улсын тавцанд зарласан. Манай улсын хувьд ч авлигатай тэмцэх олон улсын байгууллагын гишүүн боллоо. Мөн олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индексээрээ жил ирэх бүр буурч байна. Мэдээж авлига, сайн засаглал, хүний эрхийг хөгжүүлэхэд улс төрийн эрмэлзэл чухал. Харин улс төрийн эрмэлзэл нь зарчимтай удирдлагатай гэдгээ сайн харуулж чадсан нь Монгол Улс юм гэж хэвлэлүүд онцолж байна. Онцлохоос гадна  хүндэтгэж байгаа.

-Яг одоо дотоодод өрнөж байгаа гол сэдэв нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, зогссон талаарх яриа байна. Улмаар улс төрийн талцал, маргааны сэдэв нь болж Монголын зовох нэг шалтгаан нь болоод байгаа. Манай гадаадын хөрөнгө оруулалтын орчинд үүссэн нөхцөл байдлын талаар юу ярьцгааж байх юм ?

-Мэдээж Монголын эдийн засгийн үзүүлэлт бууралттай гарч байгаа. Зарим үзүүлэлт нь бүр уначихсан байгаа шүү дээ. Гэхдээ Монголыг санхүүгийн хүнд байдалд орлоо. Эдийн засаг нь хямарч байна гэсэн дүгнэлтийг олон улсын санхүүгийн ямар ч байгууллагаас гаргаагүй байна. Энийг бид бас харах ёстой.

-Том төвшинд цуурайтаад байгаа зүйл байхгүй гэсэн үг үү?
-Байхгүй.

-Танай улсын хөрөнгө оруулалт нь муудчихлаа гэсэн яриа хөөрөө яригдахгүй байна гэж үү?
-Байхгүй. Хэрвээ тийм зүйл болсон бол Дэлхийн банк, Олон улсын валютын сан сэрүүлэг дуугаргана шүү дээ. Тэгэхээр дотооддоо ярих яриа хөөрөөгөө бид бас жаахан бодолтой баймаар байна. Өөрсдийгөө өөрсдөө буулгаж хаяад байж болохгүй.

-НҮБ-д суурин төлөөлөгчөө суулгаж байгаа бусад улсыг харж байхад боловсон хүчнийх хувьд хангалттай байдаг нь харагдсан. Манайх болохоор нэг хүн нь гурав дөрвөн байнгийн хороонд хамаардаг. Дөрвөөс таван хүний ажлыг хийдэг юм байна. Гэтэл НҮБ ямар байгууллага билээ. Та боловсон хүчнийг нэмэгдүүлэх  талаар дотоодынхоо улс төр рүү ямар лобби хийж байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид ойлгуулж чадав уу. Тэр тусмаа НҮБ-д байр сууриа бэхжүүлэхийн төлөө том зорилт тавиад ажиллаж байгаа улс шүү дээ бид ?
-Нэг сайхан зүйлийг хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний нөхцөл байдлыг маш сайн ойлгож мэдэрч байгаа. Мэдээж хүн хүчний хувьд дутмаг байдгаас бүх асуудалд хангалттай байдлаар оролцож чадахгүй байна. Японы Элчин сайдын яам гэхэд 110 хүнтэй. Гэхдээ Японы Элчин сайд бидэнтэй уулзаад “Та нар тавуулханаа мөртлөө маш идэвхтэй ажиллах юм, гэтэл манайхан хангалттай биш л ажиллах юм даа” гэж ярьж байсан.

-Гадагшаа гараад Монголынхоо төлөө, ганцхан зорилгын төлөө ажиллаж байгаа болохоор бүх ачаагаа үүрэхээс өөр аргагүй байдаг байх?

-Гэхдээ үр бүтээлтэй ажиллахын тулд боловсон хүчний асуудлыг бодолцох хэрэгтэй. Ялангуяа Нью-Йоркод. Бүхий л лобби, шипи эндээс л гарч байна шүү дээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив