Ц.Сүхбаатар: Бид заавал эхлээд нэг муруй байшин барих шаардлагагүй
2013 оны 12 сарын 4 [Уншсан тоо: 137900]


“Ярилцъя”- ын шинэ зочин Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, ноён Ц.Сүхбаатар. Монгол Улсын Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалыг тойрсон таагүй яриа хөөрөө,  ил далд чимхсэн шоглолууд тасралтгүй яригдаж байгаа болохоор элчин сайдын байр суурийг сонсох хүсэл сэтгүүлч надад их байв. Ингээд ноён элчин сайдын яриаг та бүхэнд хүргэе.   

-Таныг ярилцлагынхаа зочноор урих шалтгаан хэд хэд байлаа. Манай Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлал бидний ярианы чухал сэдэв байх болно. Миний урилгыг хүлээж авсан танд баярлалаа.  
-Танд ч гэсэн баярлалаа.

-Ерөнхий сайдын маань албан ёсны айлчлалыг тойрсон шүүмжлэл байна. Ард иргэд бол өгөгдсөн мэдээллүүдийн хүрээнд л хүлээж авна. Тэр мэдээлэл хангалтгүй байв уу, эсвэл  Ерөнхий сайд энд ирээд гуравдугаар зэрэглэлийн зочин шиг эвгүй байдалд ороод буцав уу.  Онгоцны буудал дээр буунгуут нь Бээжин рүү ч оруулахгүй шууд Сычуань руу “цөллөө”.  Нэг тосгондоо аваачиж үзэсгэлэн худалдаа үзүүлж байгаад явуулчихсан гэх маягийн шог яриа хүртэл гараад байна. Мэдээж энэ бол ажил хэрэг. БНХАУ бол бидний мөнхийн хөрш орон.  Хамгийн чухал зарчмын байр суурийг илэрхийлэх хүн та шүү дээ.
-Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны төвшинг ерөнхийдөө бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр бол энэ харилцаа стратегийн түншүүдийн хэмжээнд хүрч хөгжсөн. 2011 онд түрүүчийн Ерөнхий сайд С.Батболд айлчлах үеэр үүнтэй холбоотой баримт бичгийг зурсан байгаа. Тэрний дараа 2012 онд Монголд УИХ-ын сонгууль болж засаг солигдсон. Нөгөө талд 2013 оны эхээр БНХАУ-д арван жилд нэг удаа болдог том төрийн дээд удирдлагын сэлгээ болж өнгөрлөө. Үүний дараа болж байгаа хамгийн дээд хэмжээний айлчлал гэдэг утгаараа манай Ерөнхий сайдын айлчлал маш чухал айлчлал. Энэ үеэр Хятадын баруун бүсийн худалдаа, үзэсгэлэн яармаг боллоо. Тэр нь хэдийгээр баруун бүсийн арван хэдэн мужийг оруулаад хийж байгаа арга хэмжээ боловч олон улсын томоохон арга хэмжээ. Энэ арга хэмжээнд улс орнуудын Ерөнхийлөгч, төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд нар уригддаг. Жишээлбэл, энэ удаагийн арга хэмжээнд Австралийн, Канадын ерөнхий захирагч нар. Дээрээс нь Македоны Ерөнхий сайд, Танзаны Ерөнхий сайд, манай Ерөнхий сайд гээд олон төр засгийн тэргүүнүүд оролцсон том арга хэмжээ болсон. Дээр нь бас орлогч сайд нарын төвшинд гадаадын 70- 80-аад орны төлөөлөгчид оролцсон. 

-Тэр нь товлогдчихсон, өдөр цаг нь манай Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөрийн эхэнд байсан юм уу ?

-Тийм. Тийм учраас манай Ерөнхий сайдыг эхэлж тэр арга хэмжээнд нь оруулаад, албан ёсныхоо хүлээн авах арга хэмжээг Бээжинд ирэхэд нь зохион байгуулсан юм.

-ОХУ-ын Ерөнхий сайд Медведев, Энэтхэгийн ерөнхий сайд нарын дараа буюу гуравдугаар зэрэглэлийн зочин шиг үзсэн гэж дүгнэх бол дэмий яриа юм байна, тийм үү?
-Тэр бол утгагүй яриа. Яагаад гэвэл тэр арга хэмжээнд харин ч манай улсыг тусгай зочин, хүндэт зочин гэж хүлээн авсан. Онцгойлж үзээд оройны нээлтийн арга хэмжээнд зөвхөн манай Ерөнхий сайдаар үг хэлүүлж байх жишээтэй. Манай Ерөнхий сайдад тусгайлан цагийг нь гаргаж өгөх, үг хэлэх гээд бүх юмыг нь дандаа нэгдүгээрт нь тавиад л явсан. Энэ бол илүү хүндэтгэл. Цаг хугацааны хувьд Оросын Ерөнхий сайд, Энэтхэгийн Ерөнхий сайд нар цувраад яг хугацаагаараа  айлчлаад л явцгаасан.

-Айлчлалын товыг хүлээж авч байгаа орон тогтоодог юм уу, харилцан зөвшилцөж байж хийдэг юм уу?
-Харилцан зөвшилцөнө. Жишээлбэл, зарчмын хувьд оны эхэнд энэ жил манайхаас Ерөнхий сайд, танайхаас тийм албан тушаалтан айлчлана шүү гэж тохироод хугацааны хувьд хэзээ гэдгээ яриад тогтоод явдаг. Жишээлбэл, энэ баруун бүсийн том арга хэмжээнд танай Ерөнхий сайдыг бид хүндэт зочноор оруулмаар байна гэж аль хэдийн ярьж тохирсон. Тэгээд БНХАУ-ын тал өөрийнхөө хувиартаа оруулаад айлчлалаа хийсэн. Бид тэр дундуур нь Ляонин муж руу явсан. Тэр баруун бүсийн яг албан ёсны арга хэмжээнд нь ороод л бусад арга хэмжээнд нь ороогүй шүү дээ. Яагаад гэвэл Ляонин мужид цаг бага байссан.  Хятадын зүүн хойд, Далянь, Даньдун  боомт байгаа тэр муж руу зориуд бид очиж айлчилсан. Тэр нь яахав цаанаа эдийн засгийн бусад агуулгатай, улс төрийн ч. Манайх бол далайд гарцгүй орон. Энд Монгол Улсын Ерөнхий сайд зүгээр нэг хөл тавьж байгаа юм биш. Манайхаас өмнө нь төрийн удирдлагын хэмжээнд огт очиж байгаагүй ийм муж. Тийм болохоор тэнд очих зорилго байсан. Тэгээд ирээд л албан ёсныхоо арга хэмжээ рүү ороод явчихсан. Дөрвөн өдрийн энэ айлчлалыг үндсэндээ бид маш шахуу хөтөлбөртэйгөөр хэрэгжүүлсэн. Хятадын төрийн бүх дарга нартай уулзсан.  
 
-Манай олон нийт айлчлалын ач холбогдлыг зөвхөн эдийн утгаар хардаг бас нэг цонхтой болчих гээд байх шиг. Ер нь юу гийгүүлсэн юм, юу олж ирсэн юм, юу бүтээсэн юм бэ гээд л эхлэдэг. Зарим хэсгийнхэн нь доншуучиллаа, гуйлга гуйлаа, дандаа бадар барьж  ирээдүйдээ өр бэлдэж байдаг гээд л. Сая ч гэсэн буцалтгүй тусламж гээд л аваад очсон. Буцалтгүй тусламж гэдэг ойлголтыг та манай уншигчдад тайлбарлаж өгнө үү. Тэрийг ирээдүйд ямар нэгэн байдлаар манайхаас эргүүлж авах өр гэж иргэд маань хардаг шүү дээ?

-1990-ээд оноос эхлэн ЗХУ задарч унаад манайхыг тэжээгч гол улс маань байхгүй болсон. Үүний дараа манай улс эдийн засгийн маш хүнд байдалд орсон. Тэр үед гадаад дотоод айлчлал хийх гол зорилго нь тэндээс тусламж босгох, буцалтгүй тусламж, болж өгвөл хүүгүй зээл олж ирэхийг үнэхээр зорьж явдаг байсан. Тэр бол тухайн үед зайлшгүй хийхээс өөр аргагүй ажил, хайхаас өөр аргагүй зүйл байсан. Тэр 1990-ээд оны үеийн хүндрэлийг бид зайлшгүй давж гарах шаардлагатай байсан. Одоо бол манай эдийн засаг сэргээд, ерөнхийдөө өөрийгөө авч явж чадах хэмжээнд хүрэхийн хэрээр энэ асуудлыг ойлгох хүмүүсийн ойлголт ч гэсэн өөр болоод ирлээ шүү дээ. Тэгээд л тусламж энэ тэрийг өөрөөр хардаг, бадар барилаа гэсэн байдлаар цамаархах маягтай ханддаг болж ирж байна л даа.

-Улс орон бас хүнд үеэ даваад иржээ. Дагаад иргэдийн маань асуудлыг харах нүд өөрчлөгдөж байна гэсэн үг үү?
-Одоо манай энэ бонд босгож байгаа, хөнгөлттэй зээлүүдийг авч байгаа зэрэг нь хэвийн л зүйл. Монгол улс бол асар их баялагтай. Баялагаа дэлхийд нээлттэйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулаад, төлбөрийн чадвартай болж байна гэдгээ харуулж эхлэлээ. Энэ улсад зээл өгчихөд ямар ч байсан эргээд төлөх юм байна, аваад алга болчихгүй юм байна гэдэг итгэл дэлхий дээр төрчихсөн байгааг л харуулж байгаа юм. Мэдээж бид нар энэ зээл авсан хэрээрээ эргүүлэн төлнө. Жишээ нь 1960- 1970-аад оны үед манайх сэргэж, эдийн засаг хурдтайгаар хөгжиж, маш их хэмжээний зээл ОХУ-аас авч байсан. Тодорхой цаг хугацааны дараа  тэр өрөө цайруулчихсан. Тэрэн шиг л бид зээл авч байна. Харин энэ бол тэгж цайрдаг өр биш. Гэхдээ бид төлж чадна гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас тэр бонд босгох, хөнгөлөлттэй зээл олж ирж байгаа зэргийг хүндрүүлж ойлгох хэрэггүй. Улс орон эхний ээлжинд нэн даруй хурдан хөгжихийн тулд эхлээд бэлэн мөнгөний урсгал орж ирэх ёстой. Энийгээ харин яаж зөв ашиглах вэ, яах вэ гэдэг бол манай дотоодын асуудал. Гадны улсуудад хамаагүй. Энэ удаагийн айлчлалаар харилцан ашигтай нэлээн чухал асуудлууд яригдсан. Өмнөх тогтсон заншлаараа 50-60 сая юанийн тусламжийн асуудал шийдэгдсэн. Хөрш зэргэлдээ орондоо үзүүлдэг тусламжийн жишгээр л манайд өгсөн. Тэрнээс илүүг ч өгдөггүй, бага ч өгдөгггүй.

-Ганцхан Монголд өгдөг ч тусламж биш шүү дээ?
-Ганцхан Монголд биш. Бүх хөгжиж байгаа хөрш зэргэлдээ бүх орондоо өгдөг. Тэрийгээ юу гэдэг юм сайн хөршийн найрсаг сэтгэлийн илэрхийлэл гэж үздэг. Үнэндээ бол Хятад улсад манай 1950-1960-аад оны үед тавьсан өр гэж байсан юм шүү дээ. Зуун хэдэн сая Швейцари франкийн өр.

-Оросод төлөх их өр гэж ярьдаг л болохоос энэ тухайд тэр бүр мэдээлэгддэггүй байсан.
-Дээр нь бас ерээд оны үед байдал хүнд байх үед авч байсан юанийн өр энэ тэр гэж ч байдаг. Хятадын тал тэр өрийг цайруулдаг ч үгүй, гэхдээ бас  та нар төл гэж нэхдэггүй. Ингээд байж байдаг. Цайруулах тухай асуудал бол ярихгүй гэж байгаа юм. Ер нь авсан бол төлдөг нь зарчмын асуудал. Яагаад гэвэл танай улс нэн ядуу ямар ч төлбөрийн чадваргүй улс биш, танайх  чадвартай. Тиймээс танайх төлөх боломжтой үедээ төлнө биз гээд байж байдаг. Ер нь бол манайх Хятадын талаас 300 саяын зээл, 500 саяын зээл аваад явж байгаа. Энэ бол хөнгөлөлттэй зээл. Мэдээж өөрийнхөө экспортийг дэмжихэд зориулж өгч байгаа зээл.

-Жаахан тодруулахгүй юу?
-Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл Хятадын компаниудтай хамтарч ажиллана, хятадын технологиор ажиллана гэсэн үг. Тийм л нөхцөлтэй зээл.

-Саяны Ерөнхий сайдын айлчлалаар боловсролын салбарт нэлээн  таатай гэрээ хэлцлүүд хийсэн юм байна гэж ойлгосон. Эдний засгийн газрын тэтгэлгээр сурдаг оюутнуудын тоо нэмэгдсэн байв уу ?
-Түрүүчийн Ерөнхий сайд Вэнь Зябао манайд айлчлахдаа ирэх таван жилд 2000 оюутныг өөрийнхөө зардлаар сургаж өгнө гэж амласан. Сая Ли Көцянь шинэ ерөнхий сайд бол жилд 1000 оюутныг сургая гэж байгаа. Жилд 250 орчим болчихож байгаа юм. Таван жилд гэдэг чинь 200 оюутан болж байгаа юм. Тэгэхээр энэ Ерөнхий сайд тэрийг нэмээд жилд 1000 болгосон. Энэ бол манайд үзүүлж байгаа маш том тусламж. Нэг хүнд ногдох тоогоор нь авч үзэх юм бол энэ хөрш зэргэлдээ орнуудаас манай улс нэлээн тасраад л явж байгаа байх.

-Тэтгэлэг нь бусад орнуудыг бодвол их боломжийн байдаг юм байна лээ.
-Одоо бол Хятадын засгийн газрын тэтгэлэг сайн болчихсон шүү дээ.

-Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадын улс орнуудад айлчилж, сайн муу хэлүүлээд явахдаа залуучуудаа сургачих бололцоог хаа хаанаа хайгаад  л явдаг. Гэхдээ амьдрал дээр харахад нөлөө бүхий албан хаагчид, дарга нарын хүүхдүүд сорчлоод явчих нь түгээмэл. Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдээс авдаг шалгалтыг Монгол дахь БНХАУ-ын элчин сайдын яам өөрсдөө авдаг болсон байгаа. Өөрсдөө авдаг болсон ч гэсэн бас л сөрөг мэдээллүүд сонсогдож байдаг. Энэ элсэлтэн дээрх  журамд өөрчлөлт орсон уу ?
-Тэр бол яг хянахад хэцүү. Харахад дарга нарын хүүхдүүд ч сурч байна. Энгийн ард иргэдийн хүүхдүүд ч сурч л байна. Бас 200-300 хуваариас бүгдийг нь дарга нарын хүүхдүүд авчихгүй л дээ. Дийлэнх хэсэг нь чадлаараа орж байгаа залуучуудад хүртэж байгаа. Тэр бол ойлгомжтой. Журамд нэг их өөрчлөлт ороогүй байгаа. Энэ журмаараа л явах байх.

-Мэргэжлийн хувьд сонголтууд нэмэгдэв үү. Манай талаас бид  инженерийн мэргэжлээр жаахан түлхүү боловсон хүчин бэлтгэмээр байна, танай Анагаах ухааны сургалт их нэр хүндтэй. Бид энэ жил тэдэн тооны хүн явуулмаар байна ч гэдэг юм уу. Иймэрхүү болзлыг хүлээж авах уу ?

-Манайх уг нь бол санаа нь аль болох техникийн чиглэлээр сургая гэсэн эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ эднийх жил болгон гадаадын оюутан авдаг эрх бүхий сургуулиудынхаа хэдэн хуваарь авах боломжтойг манайд мэдэгддэг. Тэгээд оюутнууд шалгалт өгдөг. Тэнцсэн оюутан шалгалтанд орохоос өмнө гурван сургуульд сонголт хийлгэдэг. Тэгээд шалгалтандаа тэнцвэл тэр гурван сургуулиасаа аль боломжтойг нь сонгож аваад явдаг.

-Хамаагүй давуу бололцоо олгодог юм байна шүү дээ.
-Ер нь гайгүй. Тийм болохоор эхний үед манайх жаахан замбараагүй явцгаасан. Тэгээд харсан чинь дийлэнх нь дандаа нийгмийн талын мэргэжлийн оюутнууд болчихсон байсан. Жишээ нь эдийн засагчид, сэтгүүлчид, хуульчид, нарийн мэргэжлээр их цөөхөн бэлтгэгдээд харьцаа нь жаахан алдагдчихсан байсан. Сүүлд Боловсролын яамнаас анхаараад одоо бодлоготойгоор техникийн,  инженерийн чиглэл рүү олон хүн түлхүү сургая гэсэн бодлого барьж байгаа. Хоёр талаасаа ажлын хэсэг гараад, хоёр яам оролцоод нэлээн тулхтай хандаж байгаа.

-Манайх стратегийн ордуудаа хөдөлгөөд эхлэнгүүт ажиллах хүчний асуудал дээр  том “шок”-нд орлоо шүү дээ. Хятадаас ажиллах хүчээ авлаа гээд л олон нийт нь уурлаад байдаг. Тийм болохоор төрийн бодлого энэ зүг рүү эргэж байгаа хэрэг.
-Ажиллах хүчнээ бэлдэж авахгүй бол хэцүү юм байна гэдэг нь харагдаад ирсэн л дээ.

-Өөр нэг асуух зүйл гэвэл энэ бизнесийнхнийг хооронд нь уулзуулж учруулах ажлууд томоохон айлчлалын хүрээнд хийгддэг. Айлчлалын бүрэлдэхүүнд бизнес групп ордог. Мэдээж төрийнхөнтэйгөө хамт ирээд, уулзаж суугаад гэрээ хэлэлцээр хийж аваад явах нь тэдэнд таатай завшаан байлгүй яахав. Ийм арга хэмжээнүүд Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хийгдэв үү. Мэдээллийн хэрэгслүүдээр гавьтай юм болсонгүй л гэж мэдээлсэн?
-Хятадын хувьд ер нь онцлогтой шүү дээ. Өнөөдөр бол манай улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад нэгдүгээрт явж байгаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр манай улсад Хятад руу бизнес хийхэд ямар нэгэн бэрхшээл байхгүй л гэсэн үг. Өөрсдөө л ирээд хамтрагчаа олоод, дор дорноо юмаа хийгээд яваад сурчихсан. Ийм төвшинд хүрчихсэн. Нэгэнт ийм нөхцөлд бид шинэ улсыг нээж байгаа юм шиг хуйлраад л, манай баахан бизнесмэнүүд дагаж ирээд л эдний бизнесмэнүүд цуглаад л хооронд нь танилцуулаад л Төрийн зүгээс ингэж хутгалдаад явах үнэхээр шаардлага байхгүй. Ерөнхий сайдын айлчлалын гол чиглэл нь юу байсан бэ гэхээр энэ шинээр гарсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг, энэ хөрөнгө оруулалтын шинэ орчны талаар яг хэрэгтэй хүмүүст нь мэдээлэл өгөх л зорилт тавьсан. Манайх руу хөрөнгө оруулсан, манайхыг сонирхож байгаа томоохон пүүс компаниудыг уриад л удирдлагын төвшинд оройн зоог байдлаар зохион байгуулсан. Тэр арга хэмжээн дээр Ерөнхий сайд өөрөө танилцуулга хийсэн.

-Манайхантай хамтарч ажиллаж бизнес нь эрсдэлд орсон гадны хөрөнгө оруулагчид их байна. Хөрөнгө оруулалтын орчин маань доголдоод эхэлчихсэн, гадныхан дайжих хандлага гарч эхлэсэн.  Үндсэндээ дотоодын улс төр  энэ сэдэв дээр л тоглож байдгийг та мэднэ. Лицензүүдийг хоморголон цуцалсан. Тэдний 80 гаруй хувь нь гадныхантай хамтраад явж байсан, эсвэл ном журмаар нь төлбөрөө төлөөд хөрөнгө оруулагч хайгаад явж байсан жижиг компаниуд байна. Үүний өмнө нөгөө алдарт 68 хувийн хуулиар үндсэндээ уул уурхайн олон компани үүдээ барьсан. Цаад талд нь өмнөх хөршийн хөрөнгө оруулалттай компаниуд хүнд байдалд орсон нарийн ширийн мэдээллүүд сонсогддог . Энэ талын гомдол ирэх юм уу. Танай хууль эрх зүйн орчноос болоод, тогтворгүй байдал, савалгаатай улс төр, олон нийтийн буруу ойлголт, нийгмийн хөдөлгөөнүүдийн чинь хариуцлагагүй шахалтаас болоод манай ийм олон компани төдий хэмжээний хохирол амслаа гэх мэтийн үг хэлийг тавьдаг уу?
-Ер нь бол байна. Хоёр гурван чиглэлийн асуудал байна л даа. Нэгдүгээрт, түрүүчийн хавар баталсан хуулиар гадаадын төрийн өмчийн компани тодорхой хувь орох юм бол ингэнэ тэгнэ гээд байгаа. Үүнийг Хятадын дийлэнхи төрийн өмчийн томоохон компаниуд эмзэг хүлээж авсан. Хятадын эсрэг та нар ийм юм хийж байгаа юм биш үү гэж ний нуугүй асуулт ч тавьдаг. Энэ нь цаанаа хуулийг нь харахаар гадны улсын байгууллага, тэдний бодлого манайх руу орохыг биш хувийн хөрөнгө оруулалтыг бол бид дэмжинэ гэсэн бодлого байдаг. Үүнийг бол хятадууд ойлгож байгаа. Яагаад гэвэл хаана ч мэдээж гадны хөрөнгө оруулалт тэр улсынхаа төрийн бодлогоор орж ирээд байвал цаанаа хэцүү шүү дээ.Тийм учраас аль ч улс орон өөрсдийн хөрөнгө оруулалтын орчноо хамгаалдаг нэг ийм асуудал бий. Хоёрдугаарт, түрүүн цухас дурдаад өнгөрсөн ажиллах хүчинтэй холбоотой асуудал их гарч байгаа юм. Мэдээж Хятадын хөрөнгө оруулалт, Хятадын технологи ороод ирэхээр ажиллах хүчээ өөрсдөө дагуулж орж ирнэ. Өөр гадны хөрөнгө оруулагч орлоо ч гэсэн манайтай хамгийн ойр зах зээлээс л ажиллах хүчнээ авна, хамгийн ойр зах зээлээс материалаа авна. Хятадын зах зээл зайлшгүй нөлөөтэй . Манайх бонд аваад жишээлбэл, Германы компани оруулж ирлээ гэхэд тэд нар хамгийн ойр зах зээлээс л юмаа татна шүү дээ. Германаас юмаа татна гэж байхгүй. Тэгэхээр зайлшгүй энэ Хятадын зах зээлтэй бүх зүйл холбогдож таараад байгаа биздээ. Тэгээд ажиллах хүчин дээр яриад ирэхээр манайд нэг асуудал байдаг. Ард түмний дунд буруу зөрүү ойлголт асар их байдаг. Олон хятадууд орж ирж байна. Өөрийнх нь хүмүүс ажилгүй байхад хятад хүмүүсээр юмаа хийлгэж байна гэдэг. Ийм асуудал бол байнга гардаг. Үнэндээ  томоохон бүтээн байгуулалт, нарийн мэргэжил шаардсан ажлууд дээр манайх гадны ажиллах хүч авахаас өөр арга байхгүй шүү дээ.

- Үнэхээр хэцүү сэдэв л дээ.

-Хэцүү.

-“Оюутолгой” дээр тавдугаар зэрэглэлийн гагнуурчин авъя гэхэд л ямархуу хачирхалтай явдлуудтай учирсан талаар сонсч байсан. Баахан үнэмлэхтэй нөхдүүд ирээд ажилд авчихдаг. Үүргээ гүйцэтгэж чадахгүй. Арга буюу хятадаас гагнуурчид авсан гэсэн.
-Яахав хэл амтай ч гэсэн тэр “Оюутолгой”-н  бүтээн байгуулалтыг бол жил болгон тав, зургаан мянган хятад ажилчид хийсээр байгаад босгоод ирчихлээ л дээ. Хамгийн гол нь бид тэрэн дээр нэг их айж ичих хэрэггүй байхгүй юу. Тэр мэргэжлийн хүмүүсийг нь оруулж ирээд ажиллуул. Цөөн тооны монгол хүмүүсээ дунд нь оруулаад ажиллуул. Сураад ав. Тэгээд тэрийгээ хянаад, манайд визнийхээ хугацааг зөрчиж үлдэхгүй байхаар цаг хугацаандаа гараад явахаар ийм л тогтолцоог бий болгох ёстой байхгүй юу. Манайхан  хятадууд орж ирээд суурьшаад,  хүүхнүүдийг нь авч суугаад ингээд явчихна гэж бодоод байдаг. Одооны монгол орон гэдэг чинь тэр 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеийн харанхуй бүдүүлэг бичиг үсэггүй, юу ч мэдэхгүй тийм ард түмэн биш шүү дээ. Бид нар чинь 21-р зууны иргэд. Ард түмэндээ бас итгэх ёстой байхгүй юу. Бид  ямар  юмыг туулж энэ хүрэв. Өөрсдийгөө хамгаалах хэмжээний ухамсар, хариуцлагатай болчихсон шүү дээ. Тийм болохоор ирээд ажил хийж байгаа хүнийг зүгээр ажлыг нь хийлгээд явуул л даа. Мөнгийг нь өгөөд. Дараа нь бид нар сайн чанарын замтай болоод үлдэнэ. Сайн баригдсан барилга үлдэнэ. Бид заавал өөрсдөө сурах гэж эхлээд нэг муруй байшин бариад л, бөөн мөнгө үрээд зардал гаргаж байх шаардлага байхгүй. Сайн юмыг нь хийлгээд авчих. Хүүхдүүдээ хамгийн гол нь сайн сургаж боловсруул. Тэр хүүхдүүд маань дараа нь хийнэ шүү  дээ. Тэд маань өөрсдөө ч хийдэг, ажил хийхээр орж ирсэн улсуудыг ч захирдаг болно. Одоо залуусаа менежерээр эхлээд ажиллуулъя. Сурсан сурсан төвшинд нь юмыг нь хийлгэе л дээ. Заавал хүрз барьж газар ухуулах гээд байх тийм шаардлага байхгүй. Энэ хугацаанд ажилчин ангиа ч төлөвшүүлээд сургаад авъя. Жаахан системтэй, ертөнцийн жишгээр явцгаая л даа. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа үед ажиллах хүчний асуудал зайлшгүй яригдана. Манай хоёр орны  хооронд ажиллах хүчний асуудал дээр яриа хэлэлцээр үргэлжилсээр байгаа.

-Манайхан яг үнэндээ хятад ажилчдад дарамт учруулах үйлдлийг нэлээд гаргадаг.  Янз бүрийн анархист хөдөлгөөнүүдийн зүгээс хурц хурц алхам хийх гэдэг. Хэм хэмжээ, дэлхий нийтийн соёлд бас захирагдаж баймаар байна. Өөр улс орнуудаар явж байгаад Бээжинд ирээд буухад бүх зүйл нь таньдаг мэддэг, амар тайван байдал угтдаг нь нууц биш. Айл хөрш орон гэж арай өөр шүү дээ.
-Тийм, хажуугийн гудамжиндаа бууж байгаа юм шиг л манайхан ирж очдог болсон шүү дээ.

-Зарим нь миний асуултуудыг уншаад “Аа энэ муу хужаагийн талд орж байна” гээд л хашгираад унах байх. Манай гүнд байдаг энэ уламжлалт хандлагаас үүдсэн асуудал тухайлбал таныг энэ улс оронд ажилллаж байхад  хөндөгдсөн үү. Манай хоёрын харилцаа хүндэрсэн үед бол иргэдийн хооронд зодоон хүртэл үүсч,  хоолондоо савхаа дүрээтэй орхиод  л гарч байсан гэдэг.
-Ер нь бол энэ асуудал нэг хэсэг их хурц гарч ирсэн. Хоёр гурван жилийн өмнө байна уу, та санаж байгаа байх. Гудамжаар элдвийн юм бичээд л, хятад тогоочтой ресторан руу дайраад л хэцүү л байсан. Хамгийн дээд цэгтээ хүрсэн нь тэр хятадын тусламжаар барьж байгаа барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хооронд том зөрчилдөөн зодоон цохион гарсан явдал. Үүнээс болоод асуудал нэлээн хурцадмал болж ирсэн. Тэр үед бол энэ асуудал янз бүрийн төвшинд яригдаж байсан л даа. Нэлээн хүндрэх талдаа ч орж ирсэн. Манай иргэд дэлхий нийтийнхээ ёс зүй, соёлд бас хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй. Одоо бол гайгүй болж байна. Ер нь амьдрал хэцүү, хүнд, ядуу байх үед л иймэрхүү асуудлууд их гарч ирдэг. Дэлхийн бусад орнуудад болж байгаа юмыг харахад тийм л байна шүү дээ. Том, нэлээн боловсролтой улсууд бол энгийн байдлаар надтай их ярьдаг юм. Яагаад танай хандлага ийм байна гэж их асуудаг л даа. Өнгөрсөн олон зуун жилийн түүх яриад яахав дээ. Энүүхэн ойрхны түүх яръя. Одоо ингээд 1960-аад оны үед жишээлбэл 1950-аад оны бид нарын ээж аавын үед хоёр улсын харилцаа маш сайн байсан. Бүр хачин сайхан байсан. Тэгээд 1970-аад онд муудсан. Тэр үеийн бүтээгдэхүүн жишээлбэл би байна. Би хүүхэд байхдаа өдөр болгон өглөөнөөс орой болтол хятадын түрэмгийлэгчид дайрах гэж байна. Тэгэх гэж байна. Ингэх гэж байна гээд л. Тэгээд хятад юм болгоныг муу гэсэн асар том үзэл суртал явж байсан. 1970-аад оны сүүл хүртэл. Энэ юмны сүүл одоо арилах болоогүй байна. Тэр үед байсан хүүхдүүд одоо миний үеийн улсууд. Өнөөдөр төрийн янз бүрийн албан тушаалд гарсан байна. Үнэхээр удирдах албан тушаалтнууд бол тэр үеийн л улсууд байж байгаа шүү дээ. Ийм ийм бодит шалтгаан бол бий. Энийг арилгахад цаг хугацаа хэрэгтэй. Орчин үеийн Хятад гэдэг бол шинэ Хятад орон. Энэ орон бол шал өөр гэдгийг мэдэх төвшингийнхэн мэднэ. Гэтэл нийт ард олны хандлагыг арилгахад хугацаа хэрэгтэй. Бидний харилцаа сайжраад хорин хэдхэн жил болж байна шүү дээ. Энэ хооронд бид зохих шатыг дамжих ёстой гэж тайлбарладаг юм. Үнэхээр харахад бас тийм байгаа юм. Тэр үзэл суртал чинь маш хүчтэй байсан шүү дээ. Тэрний нөлөө одоо ч арилаагүй байгаа.

-Бидний үеийнхэн, биднээс доод үеийнхэн ч Оросын соёлын дэвсгэр дээр хүмүүжсэн улсууд. Тэр үедээ орос ах нар гээд л их ч сайн байсан. Оросууд ч бид нарт гайгүй ханддаг. Сүүлдээ бас л мэргэжилтнүүдийг нь ачаад л гаргаж явуулсан. Одоогийн шинэ оросуудад монголчуудын тухай ойлголт ч байдаггүй, таагүй талдаа гэж ярих юм. Тэрэн шиг шинэ хятадууд энгийн амьдрал дээрээ манайхны талаар ямар ойлголттой байдаг юм бол?
-Ерөнхийдөө одоогийн энэ орчин үед их зүгээр ойлголттой байдаг юм байна шүү дээ. Хятадын хөрш зэргэлдээ бусад орнуудтай харьцуулъя л даа. Жирийн иргэд нь зарим улс орны нэрийг сонсохоос ч дургүй нь хүрдэг нь анзаарагддаг. Монголд бол ерөөсөө тийм юм байдаггүй. Жишээ нь, монгол дуу эднийхэнд маш их таалагддаг. Монголчуудыг их авъяастай, дуу хууранд үнэхээр сайн гэж ярьдаг. Бүр хүн болгон тэгнэ шүү. Хятадын өмнөд зүгийн захын хотод орой талбай дээр хөгжим тоглоод сууж байгаа тэтгэврийн өвгөчүүд тийм улсуудыг хараад явж байхад заавал монгол аялгуу явна. Их сонин. Одоо ингээд Бээжингийн энд тэнд явж байгаад орой караокед орох юм бол “Улаанбаатарын үдэш” бол заавал байна гэж байгаа юм. Тэрийг энд тэнд заавал дуулж байна. Жирийн хүмүүсийн дунд тийм айхтар сөрөг юм юу ч байдаггүй. 

-Манайхнаас өөрсдийн мэдлэг, мэдээлэл, болгоомж сэрэмж дутуугаасаа болоод энэ улсын хууль тогтоомжийг зөрчсөн, алдаж эндсэн нэлээн олон ялтан байдаг. Элчин сайдын яамнаас тэднийг эргэж тойрдог юм байна лээ. Хэдий гэмт хэрэгтэн болсон ч гэсэн тэднийгээ эргэж байна гэдэг бас л сайхан сонсогддог юм.
-Хичээж л байна.

-Жишээлбэл, хар тамхины ямар ч ойлголтгүй байж байгаад жирийн иргэд ашиглагдаж хэлмэгддэг. Тэдний нэг бол Дамдин гэж залуу юм. Өнгөрсөн жил ээжтэй нь ярилцлага хийсэн. Таныг эргэсэн гээд их баярлаж байна лээ. Манай Ерөнхийлөгч нэлээн хүч тавьж амийг нь авч үлдлээ. Зарим нь ч нэг хүний амийг ингэж гуйгаад байхдаа яадаг юм, юун сүртэй юм л гэж байсан. Үнэндээ бол удирдагч хүн болгоны хийгээд байдаг алхам биш шүү дээ. Ер нь ямар нэгэн алхам хийсэн хүн л шүүмжлүүлж байдаг.
-Угаасаа л тийм шүү дээ.

-Энэ хэргийн эргэн тойронд болсон зүйлийг та нарийн судалсан байх.  Одоо 7 жил суучихсан байгаа. Шүүх хурлын дараа дахиад яллуулж дахиад л хоригдох хугацааг нэгээс эхлээд тоолдог юм байна гэж ойлгосон. Ер нь энд хэдэн хүн ял эдэлж байна вэ. Хар тамхи, хүний наймаа гэсэн хоёр ноцтой том хэрэг шинэ нийгэмд гарч ирлээ. Үнэхээр тийм хэргүүд ихсээд байна уу. Ялангуяа хүний наймаан дээр бүртгэгдсэн хэрэг байна уу. Олон нийтийн дунд үүссэн фантаз юм уу ?
-Энэ бол яривал том сэдэв л дээ. Энэ сэдвээр ярих ч шаардлагатай байна. Холоос эхлээд яахав. Ер нь нийтдээ жилд манайхаас Хятад Монголын хилээр 1 сая 200- 300 хүн зорчдог. Тэрний сая орчим нь Монгол иргэд. Эндээс харах юм хичнээн олон хүн урд хөрш рүү янз бүрийн шалтгаанаар явж байгаа нь харагдаж байгаа байх. Энийг дагаад гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох явдал ихсэж байна. Өнөөдөр нийтдээ 130 орчим хүн хоригдож байна. Нэг хэсэг 2011 оны үед бол энэ хар тамхи зөөвөрлөх хэрэгт маш олноороо холбогдож эхэлсэн. Монголын зохион байгуулалттай бүлэг хүртэл байсан.

-Эгч дүү хоёр эмэгтэй толгойлогчтой мөн үү?
-Хоёр  эмэгтэйгийн нэр байгаад байгаа юм. Тийм улсууд зохион байгуулалттайгаар гадаадад өндөр цалинтай ажилд нас зүс харгалзахгүй зуучилна гэсэн зар өгөөд, тэгээд хүмүүсийг судлаад бүртгээд ажиллаж эхлэсэн байдаг. Үнэхээр мөнгөний асар их шаардлагатай, янз бүрийн юманд ороход бэлэн тийм хүмүүсийг олж аваад Малайзад аваачаад тэнд арван хэд хоног сургууль  хийлгэдэг байсан байгаа юм. Буудалд байрлуулаад юм залгиж сургууль хийлгээд, тэгээд Хятад руу явуулж байсан. Үүний гайгаар тэр үед нэг удаад зургуулаа, долуулаа хүртэл нэг дор баригдаж байсан. Тэр нэг удаа долоон хүн баригдахад Малайзад Монголын 21 хүн нисэх гэж байсан онгоцныхоо билетийг цуцлаж байх жишээтэй. Маш том зохион байгуулалттай бүлэг үйл ажиллагаагаа явуулж ирсний илрэл. Тэгээд бид Ерөнхийлөгч рүү хандсан. Тэр үед олон газар хандаж бичсэн л дээ. Цагдаа, Хил, гаалийнханд бүгдэд нь. Тэгээд харин Ерөнхийлөгчийн зүгээс үүнд их анхаарал тавьсан. Олон нийтийн анхааралд хүргэсэн. Үүний хүчинд хүмүүс ийм юм хийж болохгүй юм байна, ял нь маш хүнд байдаг юм байна. 50 граммаас дээш бол цаазын ялтай. 50 грамм гэдгийг их жаахан тэрийг өөрөө хэрэглэх гэж байна гэж үзээд ялыг нь бас хөнгөвчилж үзнэ. Тэрнээс дээш гарах юм бол энэ цааш нь зарж хүн хордуулах хэмжээний гэж үздэг. Манай энэ хэрэгт холбогдоод байгаа хүмүүс чинь 2-3 килограммыг зөөвөрлөж байгаад баригдсан тийм улсууд шүү дээ. Үүн дотор бас биедээ авч явж байгаад арван хэдэн удаа зөөгөөд, арван хоёрдох дээрээ баригдаад амиа хорлосон хүн ч бий. Монголын иргэн онгоцны буудал дээр баригдаад тэгээд эмнэлэгт аваачиж туулгаж гаргалаа гээд л шуугиж байсан даа.  Тэгээд ийм эмчилгээ хийлгэж байх үед нэг хүн цонхоор үсэрч нас барсан ийм хэрэг ч гарсан. Тэр Дамдингийн хэрэг, Байгалмаагийн хэрэг гээд хэвлэл мэдээллээр их гарсан. Эрдэнэчимэг гээд эмэгтэй бас бий.

-Байгалмаа чинь эндээ байгаа билүү?
-Байгалмаа гэвэл цаазын ял нь бүх насаар болоод, бүх насаар хорих ялыг нь 19 жил болгоод, одоо хугацаат ялаа эдэлж байгаа. Дамдингийн асуудал бол маш хүнд асуудал. Зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байсан. Тэгээд тэр бүс нутаг нь бас эвгүй. Тийм учраас нэлээн хатуу ял өгөх болчихоод маш хүнд байдалтай байсан.

-Зүгээр л барьж явсан цүнхэнд нь зулаад хийгээд өгчихсөн байсан гэдэг  юм байна лээ. Бас л хүний хувь заяанд дэндүү харгис хандаж байгаа хэрэг шүү.

-Цаанаа яг юу байсныг бид тэр бүр нарийн мэдэхгүй. Гэхдээ Шинжань  хавийн тэр  нутаг дэвсгэрийн хувьд онцгой бүс шүү дээ. Маш хэцүү, янз бүрийн салан тусгаарлах, террорист үйл ажиллагаа явагддаг ийм газар. Тийм болохоор цаана нь маш том зохион байгуулалттай гэм хэрэг  байж магадгүй гэж үзнэ. Ийм учраас нэлээн хүнд байдалтай байсан. Ерөнхийлөгчийн захидлын дагуу одоо амь нь аврагдлаа шүү дээ.

-Тухайн үед шууд Ху Жинтаод бичсэн байх шүү
-Тийм, тэгсэн. Гадаадын зарим улсуудыг тухайлбал, Ирланд, Япончуудыг гэхэд аль дээр цаазалчихсан шүү дээ. Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр. Манайхнаас одоохондоо азаар нэг ч хүн цаазлаагүй байгаа. Тэгээд ч бас энэ 2012, 2013 онд ийм төрлийн гэмт хэрэг гарсангүй. Манай иргэд ухамсарлаж байгаа. Дахиж ийм хэрэг гарахгүй байх гэж найдаж байна. Бас монголчууд арга хэмжээ авч байна. Төр засгаас нь улсуудаа энэ юмнаас  хамгаалж чадаж байна. Тийм учраас заавал ингэж хатуу арга хэмжээ авах шаардлагагүй гэж Хятадын Засгийн газраас үзсэн ч байж магадгүй.

-Дамдинд бол бүр цаазын ял өгсөн байсан биз дээ?
-Цаазын ял өгөөд, нөгөө хугацаатай хоёр жил харгалзан гүйцэтгэхээр байж байсан. Тэгж байгаад саяхан бүх насаар нь болголоо. Тэгээд хэрвээ тухайн хүн өөрийнхөө гэм бурууг зөв ойлгоод, засрах хандлагатай байх юм бол хугацаатай ял болгож өгнө. Тэр нь яахав өмнө нь эдэлсэн ялыг тооцохгүйгээр дахин хугацааг нь шинээр тоолдог тийм хуультай юм байна лээ.

-Тэр л их ойлгомжгүй хууль юм. Өмнө нь бүтэн 10 жил хоригдчихсон байхад тэрийг  тооцохгүй гэхээр л байж боломгүй санагддаг.
-Тэр бол улс улсын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал.

-Тийм ээ. Гэхдээ амийг нь өршөөлгөж чадлаа. Энэ бол хүний эрхийг хамгаалах тавцан дээр байгуулж чадсан гавъяа, иргэнийхээ төлөө нэр нүүр хичээхгүйгээр зүтгэж чадсан гайхам сайхан жишээ.
-Хамгийн гол нь амийг нь өршөөсөн гэдэг нь юутай ч харьцуулашгүй том өршөөл байхгүй юу. Тэгээд цаашаагаа хувь хүний өөрийнх нь асуудал. Өөрөө хичээх хэрэгтэй. Бид ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулах гээд чадлаараа ажиллаж байна. Одоохондоо манайх батлагдсан. Хятадын тал батлаагүй байгаа. Гэхдээ эдний батлах процесс нь маш удаан. Энийг бол хуультай зэрэгцэх хэмжээний асуудал гэж үздэг. Тийм учраас маш нарийн шалгуураар, маш олон хуулийн байгууллагуудаар дамжиж явж байж эцсийн шатанд батлагддаг. Бид хүлээж л байна.

-Хуультай зэрэгцэх хэмжээний журам гэж улс хоорондын харилцаанд байх уу?
-Олон улсын гэрээг дотоодын хуультай тэнцүүлж үзнэ. Хуультай зөрчилдвөл гэрээгээ баримталдаг олон улсын жишиг юм.

-Хүний наймааны хэрэг гэж онц жигтэй шинэ хэрэг шуугиад байх юм. Энэ талаар.
-Нэг хэсэг байсан, сүүлийн үед гайгүй болж байна. Яахав янз бүрийн хэлбэрээр, тухайлбал биеийг нь үнэлүүлэх гэх мэт хэргүүд бий.  Ер нь бол бас Хятадад чинь эрэгтэй эмэгтэй хүний харьцаа жаахан зөрүүтэй. Эрэгтэй хүний тоо ихтэй. Тийм учраас янз бүрийн байдлаар эхнэр зуучлах, тэгээд зуучилж авч ирчихээд янз бүрийн байдалд оруулсан явдлууд бий. Хөдөө, алс сууринд аваачсан, тэндээ очихоороо бас боолын маягтай амьдарч байгаа тийм тохиолдлууд бий. Тэндээсээ зугтаж бариад манай элчингээр ирж хоргодож байгаад явсан улсууд ч бий. Тийм юм бол мэр сэр гарч байна. Гэхдээ их өргөн хэмжээгээр гардаг нь бол больсон. Зарим газруудаар нотлогдоогүй ч хил орчмын хотуудад монгол охид биеэ үнэлэх явдал байна гэж байгаа. Манай хууль хүчний байгууллагууд эднийхэнтэй холбоотой болж, ажлаа нэлээн уялдуулсан. Үр дүнд нь нэлээн гайгүй болж байгаа. Цагдаагийн байгууллага, цагдаатайгаа прокурор хууль хяналтынхан бас тэдэнтэйгээ шууд харьцдаг. Дээрээс нь Авилгатай тэмцэх газрынхан хоорондоо шууд харьцдаг болсон. Ингээд хоорондоо чиглэл чиглэлээрээ холбогдоод  ажиллавал иймэрхүү гэмт хэрэг гарах үндэс нь гайгүй. Сүүлийн үед нэг санаа зовоож байгаа юм нь хулгайн хэрэгт маш их холбогдож байна. Энэ хэргээр ял эдэлж байгаа, мөрдөн шалгаж байгаа улсуудын тоо нэмэгдээд байна. Хулгай хийдэг хүмүүсийн тоо маш их нэмэгдсэн.

-Энд ирчихээд хулгай хийгээд байдаг.
-Энэ Хятадууд чинь том дэлгүүрүүдийг их хөгжүүлж байгаа. Төвлөрсөн том shopping, mall энэ тэр гээд байна шүү дээ, олон хүн цугладаг. Тэнд л хулгай хийдэг болчихлоо. Тэгээд ажиглаад байхад урд талын Хонг Конг, Гуанжоу энэ тэр гэсэн  хотуудаас хулгайн хэрэг их гардаг байсан, монгол иргэдийн холбогдсон. Одоо хойшоогоо нүүж байна. Тэнжинь, Бээжин гээд хойд зүгийн хотуудаар нэлээн элбэг болоод эхэлж байна. Яваандаа гайгүй болох байх.

-Францад монгол хулгайчид үзэгдлийн хэмжээнд очсон гээд л яригдах юм. Ичмээр ч юм даа.
-Бид нар цаг тухайд нь холбогдох байгууллагууд мэдээлэл өгөөд байна л даа. Энд хулгай хийж байгаа улсуудын талаар. Эхний удаа хулгайлсан юмных нь хэмжээ нь бага, тэгээд тэр хүн нөгөө юмаа зарж борлуулаагүй буцаагаад өгчихсөн иймэрхүү тохиолдол байвал зүгээр хөөгөөд гаргачихдаг байхгүй юу.

-Яаж хулгайлаад байдаг юм бэ?
-Тэр дэлгүүрийн дуугардаг дохиолол байна шүү дээ. Тэрийг л хаадаг цүнх мүнх байдаг юм уу. Тийм юмтай ирж байгаад л дэлгүүрээс юм авч гараад тэрийгээ зарж борлуулж мөнгө олдог юм яваад байгаа юм. Энэ бол заавал зохион байгуулалттай явна. Ганц нэгээрээ ороод тийм юм хийж чадахгүй. Нэг хүн нь гадаа нь харж өгдөг, дотор нь нэг хүн байдаг. Гарч ирээд тэрийгээ борлуулдаг. Тэгэхээр гурав дөрвөн хүн заавал байж байгаа юм. Иймэрхүү юм сүүлийн үед яваад байна.

-Хүн болгон улс орныхоо нэрийг бодох хэрэгтэй шүү дээ. Яаж ч тэмцмээр юм бэ дээ?
-Нэг хулгай хийгээд хөөгөөд гаргачихсаны дараа нөгөө нөхөр буцаж гарч ирээд орж ирээд байгаа байхгүй юу. Манай хил гаалийнхан, харъяатынхан, бүртгэлийн газар энэ тэр сайн ажиллах хэрэгтэй. Бид тэдэнд баримтууд өгөөд байгаа л даа. Нэг бүртгэлд орчихсон хүнийг хар тамга дараад өөрсдөө хянаж баймаар байна. Ийм хүнийг дахиж гаргаад хэрэггүй.

-Ер нь Хятадын дундаж иргэдээс манайд очиж амьдрах, шингэх тийм хүсэлтэй хүмүүс үнэхээр байдаг юм уу. Манайхан л өөрсдөө дэмий хардлагандаа итгэчихээд байдаг юм уу?
-Манайх руу учир утгагүй зүтгээд байгаа юм байхгүй ш дээ. Манайхыг сонирхдог нь юу вэ гэхээр энэ уул уурхай дээр очиж ажил хийх сонирхолтой. Эд нарын нэг сайхан авууштай чанар нь мөнгө хийхийг ажил хийх гэж ойлгодог. Манайхан бол ажил хийхгүйгээр мөнгө хийж болно гэсэн ойлголттой. Эдний дийлэнх хүмүүст нь тийм бодол байхгүй. Ямар ч ажлыг голохгүй яг л номоор нь хийдэг. Тийм бүр яс маханд нь шингэсэн чанар байна. Тэгээд тэд нар дотор чинь хөөрхий  ядуу зүдүү хүн зөндөө л байна ш дээ. Сайнтай, муутай юм зөндөө байдаг л байх. Ер нь бол дийлэнх нь очоод сайхан ажлыг нь хийгээд хэдэн төгрөг аваад хадгалаад, ар гэртээ авчрая гэсэн л бодолтой. Манайхан Өмнөд Солонгос руу явдаг шиг тийм л байгаа шүү дээ. Өмнөд Солонгос руу бол бүгдээрээ үхэн хатан явдаг. Манайх руу ирээд хүн бас нэг мөнгө олчихъё гэхээр учиргүй дургүйцээд харааж хөөгөөд байдаг.

-Ер нь Хятад хөршөөсөө бид нүүгээд явчихгүй суугаад үлдцгээнэ. Шинэ зуун гараад хоёр арван өнгөрчихлөө. Та гадаад харилцааны мэргэжилтэй хүн.  Манай хоёр орны энэ харилцаа онолын хувьд авч үзвэл хэр төвшний харилцаа юм бэ. Эдийн засгийн хөгжил, иргэдийнх нь ухамсрын тухай харьцуулж хоёулаа нэлээн ярьлаа.
-Яг олон улсын харилцаа, олон улсын эрх зүйн үүднээс аваад үзвэл манай хоёр харилцаа одоо нэн тааламжтай үедээ байна гэж хэлж болно. Эхлээд газар нутгийн асуудал байдаг юм. Одоо жишээ нь Хятадын өмнөд тэнгисийн асуудал, Японтой асуудал гээд байна шүү дээ. Тэдэнтэй харилцаагаа хөгжүүлэхэд саад бэрхшээл их гардаг. Гэтэл манайтай ийм асуудал байхгүй. Газар нутгийн асуудлаа 1961 онд шийдээд, бүх хилээ тогтоогоод, гэрээгээ НҮБ-д бүртгүүлээд хилээ хааш нь ч хөдөлгөхгүй олон улсын стандарт болгоод авчихсан. Хилийн маргаан байхгүй байна гэдэг бол маш чухал. Хоёр зэргэлдээ орны хувьд. Улс төрийн асуудал гээд аваад үзье. Бидэнд улс төрийн асуудал гэхэд маргаантай санал зөрөлдөж байгаа юм үнэхээр алга. Бид жишээ нь, Тайванийн асуудлаар тодорхой ойлголцсон. Төвдийн асуудлаар, Шинжан янз бүрийн асуудлаар ойлголцсон. Нэг жаахан төвөгтэй асуудал Далай ламын асуудал байдаг. Энэ бол маш хэцүү асуудал. Энэ бол Монгол улсын хувьд Төвдийн далай ламын хувьд манай шашны тэргүүн гэж тооцогддог. Яалт ч үгүй Монгол улс иргэдийнхээ шашны эрх чөлөөг хүндэтгэж байгаа бол бид үүнтэй холбоотой асуудалд төр оролцоход маш хэцүү. Яахав энэ асуудлыг бид харилцан ойлголцоод аль болохоор бие биенийхээ язгуур эрх ашигт холбогдсон асуудлыг хөндөхгүй явъя гэсэн ойлголтонд хүрч чадсан. Үүнтэй  улбаалаад есдүгээр Богдын хойд дүр Аравдугаар Богдыг тодруулах барих гээд ийм асуудал бий. Энэ бол улс төрийн асуудал боловч харилцан нөлөөлөх хэмжээнд хүрэх асуудал биш. Яагаад гэвэл манай язгуур эрх ашиг энэ мөнхийн хөрштэйгөө хэл амаа ололцож л амьдрах асуудалтай уялдана. Улс төрийн хувьд тэгэхээр харилцаа нэн тааламжтай. Дээр нь эдийн засгийн харилцаагаа тэлэх маш их бололцоо байна. Би хувьдаа боддог юм. Хятадын энэ өсөн нэмэгдэж байгаа, асар хурдацтай хөгжиж байгаа эдийн засаг  Монгол улсад маш том боломж гэж. Бид  Орос гэж дэлхийн хамгийн том газар нутагтай орон. Хятад гэж хамгийн олон хүнтэй хоёр орон хоёрын яг дунд нь сууж байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр бидэнд маш том боломж байна гэдгийг л илтгэдэг. Энэ нь биднийг Монгол хүн та ухаантай л бай гэж байгаа юм. Боловсролтой бай, чадалтай бай. Тэнд мундаг юм хийвэл энд зах зээл чинь бэлэн байна шүү дээ. Тэгэхээр ухаантай байцгаая.

-Дэлхийн хамгийн том зах зээл дэргэд маань байна гэдэг талаас нь нийтээрээ хардаг болоогүй байгаад л хамаг учир байна.
-Бид нар Монгол дотроо л сэтгээд байгаа байхгүй юу. Монголоосоо хальж сэтгэмээр байна. Ерөнхийлөгч хэлээд байгаа шүү дээ. Дэлхийн хүн болоо гэж. Тэр чинь том сэтгэ гээд байгаа байхгүй юу. Монголоороо сэтгээд шууд л машин үйлдвэрлэнэ, онгоц хийнэ гэж эвлүүлгэ хийж хамаг цаг хугацаагаа барснаас энд явагдаж байгаа үйлдвэрлэлийн нэг хэсгийг, нэг юмыг нь хийгээд сурчих. Хийсэн юмаа энэ зах зээл рүү зар. Энэ шүү дээ. Хамгийн гоё жишээ гэвэл нэг Өвөрмонголын залуу эмэгтэй дуучин нэрд гараад энэ хоёр жилийн өмнө Дагина гэсэн нэрээр Бээжин хотоор тоглолтоо хийгээд явсан. Бээжингээр дүүрэн алдаршлаа. Тэр хүн манай мундаг поп дуучныг таньдаг юм байна л даа. Тэр охиноос манай нөгөө алдартай дуучин асуусан байгаа юм. Өөрийг нь багш аа, ах аа гээд хүндэлдэг юм гэнэ. За, миний дүү концертоо тоглох нь тоглочихлоо. Тэгээд CD гаргах уу гэж гэнэ. Тэгсэн цаадах нь ах аа, дүү нь ядуу шүү дээ. Ганцхан сая л CD гаргана гэсэн гэнэ. Хөөх тийм үү, тэгээд ямар үнээр зарах уу гэж. Хямдхаан хямдхан 10 юань гэж. Тэгээд бод доо тэр хүн маш даруухан сэтгэж байна шүү дээ. 10 сая юань. 10 сая юаныг манайх 280 аар үржүүлбэл хэд болох уу. Манайхан дотроо л хоорондоо үзээд байхаар эдний зах зээлд таалагдах юмыг нь эрж,  эдний сэтгэл зүйг судалж байгаад ганц мундаг дуу хийгээд л энд жаахан танигдахад зүгээр л нэг сая цомог зарах нь байна шүү дээ. Бүх талаараа бидэнд боломж байгаа байхгүй юу. Соёл урлагт боломж байна. Манайхан чинь толгойтой, монголчууд тоо физик бүх юмандаа сайн. Манай Лу.Гантөмөр сайд ирээд шинжлэх ухааны парк байгуулъя гээд яваад байна шүү дээ. Тэр бол маш зөв зүйл. Энд тэр шинжлэх ухааны паркийг байгуулаад тэнд мөнгөө хийж өгөөд монголчуудаа ажиллуулаад. Одоо энэ гар утсан дээр нэг жаахан өөрчлөлт хийнэ шүү дээ. Тэгээд энэ патентаа аваад ийш нь зарахад хэдэн тэрбумаар долларыг чинь олж байгаа байхгүй юу. Эдний зах зээл дээр гаргаад нэг зарахад л гүйцээ. Тэгэхээр манайх  зах зээлийн ийм гоё байрлалтай гэдгийгээ л зөв ойлгох ёстой. Манайхан сүүлийн үед Орос Хятад хоёрын хооронд дамждаг гарц нь болъё. Төмөр зам, агаар, авто замаар. Эндээс ашгаа олъё гээд. Энэ бол зөв. Гэхдээ манайхан өөрсдөө дотроо бодолтой байх ёстой. Заавал бид нар бүх юмаа энд хийх хэрэггүй ш дээ. Бид нар зүгээр толгойгоо л хөгжүүлье л дээ. Эд нартай энэ зэрэгцэх хэмжээнд л наймаалцах ёстой байхгүй юу. Үндсэрхэг зан гаргаад л, хилээ хаагаад л дотроо суугаад байвал тэр хэмжээгээрээ бид хоцрогдоно, тэр хэмжээгээрээ л хүний олз болно. Аль болохоор нээж өгч, оролцож суралцаж гадны пүүс компани байгууллагуудын арга барилыг мэдэж авах чухал. Тэгж байж л зэрэгцэнэ үү гэхээс биш бид хойшоо суугаад л байх юм бол хөгжихгүй.

-Та ОХУ-д төгссөн үү. Хятад хэлтэй юу ?
-Хятад хэл байхгүй ээ.

-Заавал Хятад хэлтэй байх шаардлага ч үгүй биз дээ?

-Үгүй ээ, энд бол Хятад хэл жаахан мэдэх хэрэгтэй юм байна лээ. Би чинь өнгөрсөн жил бүтэн жил курсэд суулаа шүү дээ.

-Хятад хэлийг хүмүүс хэцүү л гээд байдаг юм. Гэхдээ сонирхолтой юм шиг байгаа юм.
-Оросоос бол шал өөр юм байна. Энд бол сэтгэхгүй өөр байна. Тийм учраас ярианы бүх юм нь өөр юм. Тэгээд их сонирхолтой. Үзээд байхад монгол хүн бол амархан л сурах юм байна лээ. Монголын өгүүлбэрийн бүтэц энэ тэр ойролцоо болоод ч тэр юм уу. Би бол бичгийг нь үзээгүй л дээ. Бичгийн хэлийг нь сурах юм бол их удах юм шиг байна.



-Олон улсын харилцааны мэргэжлийг та ер нь яагаад сонгосон юм бэ?
-1970-аад оны сүүлээр Ю.Цэдэнбал дарга тогтоол гаргасан байдаг юм. Улс төрийн товчоогоор оруулаад батлуулсан. МГИМО гэдэг тэр сургуульд дандаа дарга нарын хүүхдүүд яваад байна. Тийм  учраас энийг өөрчилнөө гэж. Сурлага сайтай энгийн ардын хүүхдүүдээс явуулна гэж. Тэгээд тэр дагуу намын төв хорооноос улсууд  арван жилийн сургуулиар яваад судалсан. Тэгж явтал би гэж тэр зуравдугаар сургуульд ангийн дарга марга идэвхитэй нөхөр явж байж л дээ.

-Та 6-р сургууль төгссөн юм уу?
-Тийм. Тэгээд тэндээс сонгож намайг явуулсан байхгүй юу. Би бол яахав сонирхол бол илүү нийгмийн ухааны чиглэл сонирхдог байсан. Тэр маань ч таарсан, тэгээд л явж сурсан даа.

-Яг аль чиглэлээр нь юм бэ?
-Олон улсын хууль зүй.

-Тэр үед чинь олон улсын хууль зүй гэхээр хүмүүс огт сонирхохгүй шүү дээ. Одоо л хошуурч ороод байгаа болохоос биш.

-Тэр үед тийм л дээ. Хорин хэдэн хүүхэд явахад гуравхан хүүхэд л хуулийн ангид ордог. Бусад нь эдийн засаг, сэтгүүлчийн ангиар явдаг байсан.

-Танай сургууль бол алдартай сургууль. Одоо танай төгсөгчид л манай гадаад харилцааны салбарын нуруу болоод явж байна. Тэр битгий хэл улс төрд  фракц хүртэл зарим намуудад үүссэн байх шүү.
-Тэр чинь бүр нам дамжсан фракц хүртэл гарсан шүү дээ. /Инээв/

-Та намдаа, улс төр лүүгээ нэлээд ажилласан билүү. Намын нарийн бичгийн дарга байсан биз дээ?
-Би гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.Есөн жил хэртэй болсон.

-Бусад үед мэргэжлээрээ ажилласан уу?

-Би 1986 онд Москвагаас төгсч ирээд л Гадаад яаманд ажиллаж байгаад тэгээд 1990-ээд оны үед улс төрийн сонголтоо хийгээд явсан. Тэгээд 1996 онд элчин сайдаар томилогдоод Швейцарт ажилласан. Швейцарт байж байтал  Англид томилж явуулсан. 1997 онд очоод 2001 он хүртэл тэнд ажилласан.

-Таныг намд ажиллаж байхад цагдаа дээр л олон таардагсан. Манай хэдэн “сахилгагүй” тоймчид байн байн л дуудагдана. Г.Дашрэнцэн, Г.Эрдэнэбат, Шаабар гээд л. Бичсэн нийтлэл болгоныхоо дараа баригдах гэнэ. Тэр үеийн дурсамж санагдаж байна. Нөгөө хэдийгээ батлан даах гээд очихоор л намаас та ирж нөгөө талаас нь гарын үсэг энээ тэрээ болдогсон. Бас л зовлонтой үе байсан шүү.
-Сонин үе. Би чинь тэр үед хоёр удаа юу яасан хүн шүү дээ. (инээв) Нөгөө Л.Гүндалайг баригдахад чинь бүх юмыг нь хийсэн байдаг. Мань нөхрийн гадаад явах бүх юмыг нь зохицуулж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ажлаа дуусгаад би амрах ёстой. Зун болчихсон. Манай ганц л их хурлын гишүүн шүү дээ. Бичиг баримтыг нь бүрдүүлж янзалчихаад, онгоцны буудал руу гаргаж өгөх гэсэн чинь манай авгай хүүхэд гаргаж өгнө хэрэггүй гэсэн. За, сайн яваарай гээд саллаа. Одоо л нэг амоъя даа гээд найзуудтайгаа хоол идэх гээд сайхан сууж байсан чинь л утасддаг юм. Хөөе болохоо байлаа, намайг энд гаргахгүй байна. Би одоо намын байр луу явж байна гээд. Тэгээд л би сандраад намын байр луу ирсэн. Тэр үед М.Энхсайхан дарга сонгуулийн ажилд ч билүү Кампож улс руу явчихсан байсан. Тэгээд М.Энхсайхан руу утсаар ярих гээд өрөөнөөсөө утасных нь дугаарыг авах гээд дээшээгээ гарах гээд ирсэн чинь үүдэнд пижигнээд унасан. Л.Гүндалайг чинь барьж аваад ноцолдоод унасан. Би очоод та нар ингэж болохгүй. Наад хүн чинь УИХ-ын гишүүн гээд салгах гэдэг. Хоёр гурван удаа авч шидүүлээд. Юм юм л болж байлаа. 

-Намын байр эзгүй. Хааяа орохоор эл хуль л байдагсан. Аливаа нам ер нь л тэгдэг . Ялагдсан үед бүгд л тэнээд явчихдаг. Байраа сахисан ганц хоёр нь янз бүрийн юмтайгаа ноцолдоод байж байдаг. Ялахаар бол хөл тавих зайгүй. Энэ гоё сэдэв юм шиг санагддаг юм.
-Тэр үед чинь нээрээ л эзгүйрсэн дээ. Хурал энэ тэр хийх гэхээр хөрөнгө мөнгө байхгүй хэцүү л байсан. Би Лондонд байхдаа Консерватив барууны чиглэлийн намуудтай нэлээн холбоотой ажиллаж байсан. Тэр холбоогоо ашиглаад хариуцсан чиглэлдээ нэлээн л ажил явуулсан. Янз бүрийн үеийг туулсаан туулсан. Таныг хөндөөд асуухаар бас олон юм дурсагдаж байна. Сүүлд нь Э.Бат-Үүл даргын тракторын хөдөлгөөнөөр бид нар чинь баахан сэтгүүлчидтэй хоригдсон. Та санаж байгаа биз дээ.

-Саналгүй яахав. Манай зурагчны аппаратнаас нь чирээд явчихсан. Талбай дээр л цагдаагийнхантай хэрүүл  хийгээд гүйж явлаа. Аппаратаа хэмхэлчихвэл бөөн асуудал шүү дээ.

-Тэнд бүр хоносон шүү дээ, бид. Намайг эхэнд нь аваачаад тусгай өрөөнд хорьчихсон. Бүр өөр өрөөнд. Би ч намайг ганцааранг нь хорьсон юм байхдаа гэж бодоод л сууж байсан. Тэгээд нэг энгийн хувцастай хүмүүс суучихаад надаас юм асуугаад л. Тэгээд байж байгаад би жаахан бие муу байна, бие засъя гээд жорлонд орох гээд явсан чинь өө, төмөр торны цаана манайхан бүгдээрээ байсан. Өө, Сүхээ дарга аа гээд хашгиралдаж байна. Тэгэхээр нь хөөе намайг тийш нь оруулчих гээд.../Инээв/. Тэгсэн чинь нөгөө хэд чинь байж байснаа за за, тийшээ ор гээд тэгээд нөгөөдүүлтэйгээ нийлүүлсэн. Тэнд нэг хонож билээ. Дарга нар байхгүй шөнө тэнд явж байгаад баригдсан нь тэр. Нэг нөхөр л надад касет, бичлэг өгсөн юм. Энэ бичлэгийг хураах гээд байна гээд та гэдсэндээ хийчихээч гээд. Тэгээд би гэдсэндээ хийгээд, миний гэдэс өвдөөд байна гэж хэлээд гэдсээ дарж яваад нөгөөдөхийг нь дамжуулах гэж хөгийн юм болсон. Тэгээд нэг шөнө хоригдож хонож билээ. Намын амьдрал бол тэр чигээрээ бидний түүх шүү дээ. Тухайн үед мөнгө төгрөгний гачаалтай, бүх юм л хэцүү бэрх байсан ч бид ажилллаж л байсан. Таныг асуухаар тэр үеүдийн дурсамж бодогдож байна.

Тийм ээ, дурсамж бол сайхан зүйл. Цаг байвал илүү олон үнэ цэнтэй дурсамж гарч ирэх нь тодорхой. Ц.Сүхбаатар сайд бусад шиг юм юманд хүртээлтэй дэгдэж явдаг хүн биш. Тайван, оногдсон ажлаа нуруутайхан хийгээд л явна. Алба амины алин дээр ч хаа сайгүй жирэлзээд гүйж явдаг, түүнийхээ хэрээр цаг зуурын ашиг хүртчихээд дотроо айдас тээж явдаг хямдхан нөхдүүд олширсон өнөө цагт миний зочин Ц.Сүхбаатар ховордуу хүн. Түүнтэй ярилцаж суухдаа хэдэнтэй нэгэн зүйлийг гайхан асууж байгаа нь анзаарагдсан. “Хүмүүс яагаад ажил төрлийн тавцан дээрх юмаа хувийн харилцаа руугаа чирээд орчихдог. Тэрийгээ дараа нь бүр хонзон болтол тээж чаддаг юм бэ. Үүн шиг гунигтай, зовлонтой явдал байхгүй шүү дээ” гэсэн үг байв. Энэ гайхширал нь түүнийг ямархуу гэгээн “амьтан” болохыг харуулна. Тийм ээ, Тэр гэгээн. Тэр ёс журамтай.

Уулзаж ярилцсандаа харамсах сэтгэл төрөм хүмүүс таардаг. Энэ удаа би зочноо олжээ.  


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив