Л.Наранбаатар: Шинэ хүмүүс, шинэ зорилго тэмүүлэл бүр эсэргүүцэлтэй тулгардаг
2013 оны 12 сарын 11 [Уншсан тоо: 135527]
 “Ярилцъя” бас нэгэн эрч хүчтэй залуу зочны хамт мэндчилж байна. Түүний нэр Л.Наранбаатар. Дархан Уул аймгийн Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөний тэр­гүүн.  

-Нэг мэдсэн Наранбаатар гэдэг залуу гараад ирсэн байна. Энэ юун залуу вэ, хэн бэ, хаанаас ирсэн бэ гэх мэт анхан шатны олон асуулт таныг тойрч байх шиг байна. Тэгэхээр би ч гэсэн тантай танилцъя.
-Би Шарын голын нүүрсний уурхайн жижигхэн тосгонд төрсөн хүүхэд л дээ. Бага насны амьдрал маань уур­хайчин айлын гэрт өнгөрсөн. Өссөн орчин маань энэ учраас уул уурхайн чиглэлийн мэр­гэжил ч сонгосон байж магад­гүй. 

-Аав ээж хоёр тань хоёулаа уул уурхайн улс юм уу?
-Аав ээж хоёр маань ил­гээл­тийн эзэд юм. Илгээлтээр Шарын голд очиж, тэндхийн  уурхайн анхны тоног төхөө­рөмжүүдийг угсарч, экскова­торчнаар нь манай аав на­саараа ажиллаж байгаад тэт­гэвэрт гарсан түүхтэй. Ээж маань ч мөн адил уурхайд ажил­лаж байгаад тэтгэвэрт гарсан.  Би их сургуульд орох  хүртлээ Шарын голдоо амь­дарч байсан. Тэгээд эрдэм өвөрт­лөхөөр Улаанбаатар яв­сан.

-Та айлын том хүүхэд үү?
-Би айлын дунд хүү. Манайх есөн хүүхэдтэй айл. Ээж маань ах дүү хамаатан садан гэх хүнгүй цор ганцаа­раа байсан. Тийм учраас ээж маань олон хүүхэдтэй болж өнөр өтгөн амьдаръя гэж бод­сон юм шиг байгаа юм. Одоо ээж маань бурхан болсон л доо. Аав, ээж хоёр маань хүүх­дүүдээ нэлээн л чардайж байж өсгөсөн. Яг ардчилсан хувьс­гал гарч байх үед амьдрал бол хэцүү л байсан. Би гэрээсээ ганцаараа их сургууль төгссөн. Хүнд хэцүү амьдралтай байсан учраас ямар нэгэн байдлаар хариуцлага над дээр ирж байна л гэж ойлгосон. Ерөөсөө би онц сурах ёстой. Тэгж байж л энэ ах дүү нараа авч явна. Ийм л үзэл бага насанд минь суу­чихсан байсан юм шиг байгаа юм.

-Яагаад ч юм айлын том хүүхэд юм байна даа гэж бодож байлаа.

-Би доороо хоёр дүүтэй. Есөөс зургаа дахь нь гэсэн үг л дээ. Одоо бол долуулаа л байгаа л даа, амьд сэрүүн. Олон ах нартай, ганц эгч­тэй, ганц эмэгтэй дүүтэй, ганц эрэгтэй дүүтэй. Ер нь бол айлын дундахь. Угаасаа тийм хүнд хэцүү амьдралыг туулсан. Тийм учраас би ямар нэгэн байдлаар зөв явах ёстой. Өөрийгөө хичээх ёстой. Өөрөө зөв замаар явж байж л бусад ах дүү, найз нөхдөө манлайлж чадах юм байна гэсэн үзэл баримтлал маань аль бага насанд минь суучихсан.

-Айлд нэг хүүхдээ онцолж тэгдэг дээ. За, чи л нэг ер нь энэ хэдээ авч явна шүү.  Чамд л найдаж байна гэж. Танд эцэг эх тань тэгж хэлдэг байсан уу ?
-Тэгж л ярьдаг байсан л даа. Би хамгийн эрх хүүхэд нь байсан. Аав ээж маань ах дүү нарт маань өгдөггүй чихэр жимс, хоол унд, хувцас хунараа надад л өмсгөдөг байсан. Намайг бага байхад эргэн тойрныхон маань оросын маамуу гэж нэрлэдэг байлаа. Яагаад ч тэгж нэрлэдэг байсан юм. Их цэвэр цэмцгэр хувцасладаг. Хүс­сэн болгоныг минь ер нь биелүүлэх гэнэ. Арай л бусад хүүхдээсээ илүү хандаад байгаа юм шиг санагддаг байсан. Ах эгчид маань алганы боов амтлуулж байхад надад чихрэн боов өгөх жишээ­тэй. Дандаа намайг илүү хайрла­даг байсан. Аав маань уурхай­чин хүн. Амьдралын хатуу хөтүүг үз­сэн. Ер нь бол уурхайчид ямар байдаг билээ. Хааяа бор дарсыг ч хүрт­чих­дэг. Гэхдээ ажлыг бол хийсэн шиг хийдэг. Социализмын  үеийн хүмүү­сийн  хүмүүжил төлөвшил, сахилга зарчим чинь маш хариуц­лагатай байсан юм чинь.

-Тэр сайхан гүдэсхэн ажил­чин анги улс орныхоо нуруу болж явсан. Тийм ээ,  сайхан цагийн хүмүүс. Шуналгүй, үнэнч, цагаан цайлган.
-Гэртээ ирэхгүй цаг наргүй ажил­лана. Найз нөхөдтэйгөө хааяа бор дарсыг ч хүртэнэ. Хоо­рон­доо сайхан найзалж нөхөрлө­дөг. Тийм л байсан. Аав маань олон ч найз нөхөдтэй хүн. Ар талд нь ээж маань энэ хэдэн хүүх­дүүдээ өсгөхийн тулд амьд­ралд их нухлагдсан. Би одоо боддог юм. Ард­чилсан хувьсгал гараад, бүх юм картын бараанд шилжээд л, айлууд өлөн зэлмэн болж хувирсан. Энэ үед ээж маань бидний талханд дугаарлаж зогс­дог. Тэр үед ээж минь худаг дээр ажилладаг байсан юм. Худгийн усны орлого гэдэг чинь 20-30 төгрөгөөр л үнэлэгдэнэ биз дээ. Тийм хэмжээний ажил хүртэл хийж зүтгэсэн. Бүр хивэг хүртэл шигшиж бидэнд бантан хийж өгч байсныг би санадаг юм.

-Хивэг шигшиж талх барьж үзэж л байсан. Бас л хэцүү үе­дээ хэцүү л байсан шүү дээ. Одоо харин бүгд л мартацгааж дээ.
-Хэцүү сонин үе нөмөрч байсан. Уг нь мартах ёсгүй. 

-Та илүү их хайрыг нь авсан болохоор илүү их хайрыг өгөх үүрэг хүлээсэн юм байна. Ер нь бол хайр үзэж өссөн хүүхдүүд шал өөр хүн болж өсдөг юм шиг санагддаг.
-Надад ч бас тэгж ажиглагддаг.

-Олон хүүхэдтэй айл хүүхдүү­дээ их ажилсаг болгож хүмүү­жүүлдэг юм шиг ээ. Та ажил хэр хийж сурсан бэ. Эсвэл ганцаа­раа эрхлээд л нөгөөдүүл хий­гээд байх уу?
-(инээв) Ер нь бол ах эгч нар маань хүнд хүчир ажлыг нь хийдэг байсан шүү. Хийе гэсэн ч намайг ойртуулдаггүй, хичээлээ л сайн хий гэж сургах маягтай.

-Шарын голынхон чинь голдуу хашаа байшинд амьдардаг бил үү?
-Тийм. Хашаа байшинд. Би бол хааяа ус, түлээ зөөнө л дөө. Гэхдээ ер нь ихэнх цагаа сурахад зориул­даг байсан. Чи явж хичээлээ хий л гэдэг байсан. Би муу ээжийгээ л их өрөвддөг юм. Намайг яг их сургуулиа төгсөөд, ажилд дөнгөж ороод, амьдралд хөл тавингуут л ээж маань өнгөрсөн л дөө. Ээжийгээ баярлуулж, ачийг нь хариулж чадаагүйдээ харамсдаг.

-Ганцаараа өсөхийн, ганцаа­раа заяахын, ганцаардмал орч­ны тэр амьдрал эрэгтэй хүнийг ха­тууруулдаг бол эмэгтэй хү­нийг асар өөр ертөнц болгодог. Таны ээж үр хүүхдүүдээ бие бие­дээ нөмөртэй, нэмэртэй, түшигтэй яваасай гэж олуулаа заяалгажээ. Бас л гайхалтай чадвар. Ихэнх хүн энэ насны богинохон амьдралдаа өөрөө болж өгвөл жаргаж, туйлж, эр­хэлж, бие амар яваад дуусгахыг боддог бол таны ээж тэс өөр хүн байж. Тийм болохоор та  үнэхээр гоё гэр бүлд өсч, хүмүүжжээ.
-Баярлалаа.

-Уурхай дагасан тосгон гэ­хээр надад их гоё сонсогдож бай­на л даа. Ер нь аглаг хөдөө өс­сөн хүүхэд, үйлдвэр бүтээн бай­гуу­лалтын хажууд өссөн хүүх­дүүд хоёр асар ялгаатай бай­даг. Ялан­гуяа танай Шарын гол бол Mонголын алдар­тай уурхай. Ин­гэ­хэд та хэзээ анх уурхай үзэж байсан бэ. Анх ямар мэдрэмж төрж байсан бол?
-Ухаан орсон үеэсээ л би нэг юмыг их гайхдаг байсан. Энэ уулнууд бүг­дээрээ ийм омбогор, домбогор байхад манай урд талын уул яагаад ийм хавтгай байдаг юм бол гэж. Тэгээд юм л бол тэр урд талын уул руугаа очиж тоглоно. Мэ­дээж тэрүүгээр дүүрэн хог шо­­роотой. Тэгсэн ч тоосон дунд бу­жиг­­налдаад л хүүхдүүдтэй тогло­дог байсан. Тэгж яваад нэг мэдэ­хэд л аяндаа  ухаарсан л даа. Энэ урд талын тэгшхэн уул бол ма­найхны түл­дэг нүүрсийг гаргахын тулд гаргасан шороо нь юм байна гэж. Тэгэж л анх уурхайг мэдэрч байлаа. Манайх чинь уурхайтай ойрхон гэр хорооллын айл. Уурхай дээр асар том эксковатор ажилла­даг. Дуу нь хүнгэнээд л, шанага нь орой болгон түс тас гээд л сонсогд­дог. Тас няс гээд л. Эхлээд би боддог байсан. Манай урд талд тогоо нэрдэг Балдорж гуай гээд буриад өвгөн байдаг байсан юм. Энэ өвгөн орой болгон тогоо нэрж байна даа гэж. Тэгээд нэг удаа амбаар дээрээ гудас дэвсээд унтаж байгаад л энэ нь Балдорж гуайн тогоо шанага биш юм байна, энэ бол эксковаторын дуу чимээ юм байна. Тэртээ алсаас, 5-6 километрийн тэр­тээгээс сонсогддог юм байна шүү дээ гэж ойлгосон юм. Ингэж анх  үндсэн­дээ уул уурхайг хүүхэд насны ойлгол­тоо­роо өөртөө нээж байлаа. Аав маань яг тэр түчигнэж, тачигнадаг уурхайн том эксковаторыг угсар­сан юм байна лээ. Орос руу сур­гуульд сурахаар яваад, алхагч экска­ваторын маши­нист мэргэж­лийг эзэмшиж ирээд, ЭШ-10/70 эксковаторыг угсраад ажилд оруу­лах тэр эхлэлийн үед нь би төрсөн юм  байна лээ. Тэр бол 1979 он.

-Ер нь л уул уурхайн хүн болох байжээ дээ.
-Хувь заяа бол өөрөө намайг чи ийм хүн байх ёстой гэж зааж өгсөн юм шиг байгаа юм.

-Дунд сургуулиа Шарын голдоо төгссөн үү?
-Шарын голдоо.

-Конкурс гэж амьдрал шийддэг том даваа байдаг. Хаана очиж өгөв?
-Конкурсыг бид чинь Дархан суманд ирж өгнө шүү дээ.

-Хэр өгч байв?
-Би 240 хүүхдээс 32-т жагсаж байсан.

-Арван жилээ бол шижиг­нээд л онц төгссөн байх нь.
-Арван жилдээ би ганцаараа онц төгссөн. Манай Шарын голд 172 хүү­хэд төгссөн. Би хүүхэд байхдаа олон нийтийн, ер нь л олон талын ажилд оролцдог тэр­гүү­лэгч  хүүхэд байсан. Өөрийгөө ямар нэгэн юманд сорих дуртай. Бүжиглэж ч үзлээ, дуулж ч үзлээ. Бас болоогүй ээ, рэп энэ тэр бү­жиглэнэ. Манай аав дөрвөн үе дамжсан улсын мэргэн харваач хүн. Багаас л намайг ийш тийшээ явахдаа байнга дагуулж явж олонтой танил­цуулсан. Надад чи үе дамжсан тав дахь улсын мэргэн болох ёстой гэж хэлдэг байсан юм. Тэгээд л би хүүхэд байхдаа сура­хын хажуугаар бас рэп бүжиглэ­хийн хажуугаар үндэсний сурын харваагаар хичээллэж, бас өвөг дээдсийнхээ уламжлалыг цааш нь авч явах ёстой гэж их хичээдэг бай­сан. Өсвөрийн үеийн улсын аварга ч болж байсан.

-Их уйтгартай спорт юм шиг ха­рагддаг. Та тэвчээртэй л хүн юм.
-Гаднаас нь харахад их уйт­гартай юм шиг. Яг хичээллэхээр тийм биш. Хүн өөрөө өөртэйгөө тэм­цэлддэг спорт байхгүй юу. Чи­ний сэтгэл санаа ямар нэгэн байд­лаар тогтворгүй, төвлөрөлгүй бол алддаг. Тийм учраас өөрөө өөрий­гөө бясалгаж, өөрөө өөртэйгөө тэмцэлддэг, өөрийгөө ялдаг тийм спорт. Алдаагаа чи өөрөө хийдэг. Алдаагаа чи өөрөө засах ёстой. Ам­жилтыг ч чи өөрөө хийх ёстой. Хүн өөрийнхөө алдааг ухаарч хар­даг, ойлгох боломжтой болго­дог. Тэсвэр тэвчээртэй болгодог. Тэрнийхээ ард хүнийг хүндэлж чаддаг болдог ийм спорт. Манай аав хэлдэг байсан. За, чи сайн харваач болохын тулд сум сайн зөөж чаддаг байх ёстой гэж. Тэгээд намайг огт нум эвшээл­гэх­гүйгээр 7-9 нас хүртэл сум зөөл­гөсөн. Ерөөсөө нум эвшээлгэдэг­гүй байсан. Тэгтэл нь хорхойг та­таж, хүсэл эрмэл­зэл, тэмүүлэлтэй болгож байгаад оруулж байсан. Би одоо ч гэсэн энэ спортдоо хайртай. Төрийн наадам дээрээ очиж сум тавьдаг.

-За, тэгээд конкурст пижигнээд л орчихлоо. Ер нь л уул уурхайн хуваарь авна л гэж бодож байв уу?
-Бодож байсан. Тэр дундаа уул уурхайн ашиглалтын инженер болно гэж бодож байсан. Яг хуваариа сон­гохоор орох гээд байж байсан чинь ээж маань надад хэлсэн л дээ. Миний хүү, уул уурхайн эдийн засаг, менеж­мент гэж анги шинээр нээгджээ. Хэ­дийгээр ээж нь дээд боловсролтой хүн биш ч гэлээ энэ анги нь инженерийг нь ч хослуулсан, эдийн засгийг нь ч хос­луулсан олон талт үйл ажиллагааг хангасан мэргэжил юм шиг санагдаж байна. Ирээдүйтэй юм биш үү. Зах зээлийн нийгэмд ч шилжиж байна. Миний хүү энэ ангийг авч сурвал яа­сан юм бэ гэж хэлсэн. Тэгээд ээжийн­хээ зөвлөгөө­гөөр ороод авчихсан. Ашиглал­тын инженер маань ч байж л байсан. Яг тэр үед надад шийдвэр гаргахад маш хүнд байсан. Би ашиглалтын инженер болоод аав маань эксковатор барьж байсан бол эксковаторчдыг нь удирддаг хүн болохыг л хүсдэг байсан л даа. Гэхдээ би энэ мэргэжлээ сонгосон нь маш зөв байсан.

-Тэр үед чинь одоогийнх шиг уул уурхай моодонд орж, залуу­чууд бас нэг их сонгодог­гүй бай­сан шиг. Уурхайн хотхонд өс­сөний л нөлөө байж л дээ.
-Тэр үед чинь хүүхдүүд компью­тер, техник менежментийн сур­гууль руу л их орох сонирхол ихтэй байсан. Хуульч, эдийн засагч бо­лох сонирхол ихтэй хүүхдүүд бас их байсан л даа. Минийх бол уул уурхайн эдийн засаг менежмент гээд яг шинэ анги нээгдэж байсан. Ингээд Шинжлэх ухаан техно­ло­гийн их сургуулийн Уул уурхайн ин­же­нерийн сургуульд хөл тавьж бай­лаа. Дөрвөн жил  хичээсээр байгаад л онц төгссөн. Яагаад ч юм ерөөсөө л алдах эрхгүй л юм шиг надад са­нагддаг байсан. 

-Хотод ирээд оюутны байранд байсан уу?
-Эхний жилүүдэд хамаатны­даа байсан. Дараа нь оюутны бай­ранд амь­дарсан. Оюутны хотхонд амьдра­хаар хүн өөрөө бие дааж сурдаг юм байна лээ. Хоёрду­гаарт, аав ээжээсээ тасраад ирэ­хээр асар ихээр тэдний­гээ празит­лаж байснаа хүн өөрөө ойлгодог юм байна лээ. Тийм учраас илүү хариуцлага суудаг. Найз нөхөд­тэй­гөө эвтэй сайн явахгүй бол өөрөө буланд шахагдаад өлсгө­лөнд нэрвэг­дэнэ. Ганцаардал болно гэдгийг бол дэндүү сайн мэдэж авна. Тэгэхээр ерөө­сөө нийгмийн амьтан болох ёс­тойгоо гүнзгий ухамсарлана. Аав ээж чинь яаж зовж чамд эрдэм боловс­рол суулгасан юм бэ гэдгийг ухаарах цаг мөч бол тэнд л надад бий болсон. Тэр­нээс гадна энэ өөрийн эзэмшсэн мэр­гэжилдээ эзэн болж чадах юм бол ирээдүйд надад асар их боломж бай­гааг тухайн үед би мэдэрсэн. Яагаад гэхээр тэр үед чинь уул уурхай ид өсөл­тийн үе рүүгээ орох үндсэн суурь нь тавигдаж байсан үе л дээ.

-Сургуулиа төгсөөд хаашаа алхав. Онц төгсчихөөд байж байдаг.
-Би тэгээд бас хажуугаар нь нутаг орноо хөгжүүлнэ гэсэн айхтар дэв­рүүн бодолтой. Тэгээд тэр тусмаа аав, ээж хоёрынхоо бүх насаа зориулж ажилласан тэр уурхайгаас амьдралын гараагаа эхэлнэ гэсэн хатуу бодолтой байдаг байлаа.  
-Шарын голын уурхайд уу?
-Тийм. Өөр үйлдвэрийн газар ажил­лах боломж надад байсан. Гэх­дээ би Шарын голын уурхайн тухай бодлоо орхиж чадахгүй байсан.

-Тэр чинь хувьчлагдаад бу­даа болчихсон байсан биз дээ?
-Тэр үед анх хувьчлагдаад удаа­гүй байсан юм. Тэгээд очлоо. Өөрийн­хөө мэргэжлээр ажиллана, эдийн засагч болно гээд л сургуу­лиа онц төгсчихсөн аймаар ам­бийц­тай биеэ тоочихсон амьтан очиж байгаа шүү дээ. Их л мундаг  инженер болчихсон гэж ойлгосон. Эдийн засагч болчихсон гэж ойл­го­сон. Тэгсэн урдаас уучлаа­рай, чи эксковаторын туслах хий гэ­сэн. Тэгээд эксковаторын туслах бол­дог юм байна. Ажиллаад хоёр гурав хоноод байж байсан чинь нэг мастер маань өвдөөд урт хуга­цаанд эмчил­гээнд явчихлаа. Чи ерөөсөө мастерын орон тоон дээр түр ажилла гэсэн. Би бол надад их том боломж гарч ирлээ гэж бодохгүй юу. Мэргэжлийн хувьд өсөж дэвжих. Тэгээд залуу, ажил хийж үзээгүй хүүхэд очоод ерөө­сөө хатуу зарчимч хандана гээд л явчихсан. Тас тас гээд л цагаасаа хоцорсон, тасал­сан, архи уусан инженерүүдийн халах өргөдлийг нь бичүүлээд л, цагийг нь тасалсан бол тасалснаар аваад л жиг­тэйхэн юм болсон. Тэгсэн хоёр сарын дараа нөгөө эмчилгээнд явсан мастер маань буцаад ирэхгүй юу. Тэгээд яасан бэ гэсэн чинь орон тоо байхгүй юм чинь буцаад эксковаторын туслах бол гэсэн. Нөгөө цагийг нь хасч бай­сан улсууд дундаа эксковато­рынхаа туслахаар эргээд очиж байгаа байх­гүй юу. Тэгээд яахав зодуулна, да­рамтлуулна, цахилгаан экскова­то­рын кабель үүрнэ. Өглөө хүй­тэнд наана цаана гүйгээд л зовлон үзэж байгаа юм л даа. Яг тэр үед би яг юу гэж бод­сон гээч энэ амьд­ралын хар борыг чинь тэр экскова­торчин, бульдозер­чин гээд хүмүүс л нугалдаг юм байна. Уурхайн гол ажлыг энэ хүмүүс нугалж, гол эрсд­элийг нь ч нуруундаа үүрч явдаг юм байна шүү дээ гэж ойлгосон. Маш хатуу, хүнд хүчир ажил хийдэг. Тэрийг би ингэж л  ойлгосон. Тэгээд л амьдралыг зөв нүдээр харах юм руугаа эргэж байгаа юм л даа. 

-Туслах ажилчнаар хэр удав?

-Нэг их удаагүй. Тэрний дараа би бодсон л доо. Эхнэртэйгээ хамт шийд­вэр гаргах мөч ч ирсэн.

-Өө, бас эхнэртэй болчихсон бай­сан юм уу?
-Тийм. Би чинь ангийнхаа охинтой суусан хүн шүү. Бүр оюутан байхдаа.

-Хэддүгээр курстээ?
-Нэгдүгээр курсээсээ л би хардаг байсан.

-Аль газрын охинтой учрав даа?
-Улаанбаатарынх л даа. Жи­жиг­хэн хөөрхөн охинд сэтгэл алдраад.

-Улаанбаатарын охин хөдөө­ний хүүхдийг тоохгүй зовооно биз дээ?

-Өө, одоо тэгээд л.../Инээв/. Өөрийгөө тийм царай муутай гэж бас бодохгүй байгаа ш дээ.

-Тийм байж бас хөдөө дагаад яваад өгдөг. Та чинь харин эрсдэлээс бол айдаггүй хүн юм биш үү?
-Тэгээд би эхнэрээ хөдөө ирээч ээ гэж дуудсан. Би чинь эхнэрээ бол­гох гэж дөрвөн жил ноцолдож байгаад яг төгсөх жилээ зөвшөө­рүүлж авсан хүн ш дээ, уг нь. Тэгээд төгсөөд тэнд ажилтай болчихсон. Тэгээд эхнэрээ наашаа хүрээд ирээч ээ гээд гуйлаа. Ирээд намайг тэр мастерын ажил хийхийг зөн­дөө харсан л даа. Тэгээд надад эх­нэр маань хэлсэн. Сонголт санал болгож байгаа байхгүй юу. Амьд­ралаа чи сонго. Би чамд үнэхээр хайртай. Намайг чи хайртай ханиа гэж үзэж байгаа бол чи Улаанбаа­тарт очиж боловсролоо дахиж дээшлүүлэх хэ­рэгтэй. Өшөө илүү том карьер чиний өмнө байгаа. Чи тэгэхээр энэ юм­наасаа өөрийгөө чөлөөлж явах ёстой. Чи яахав нутаг усандаа хайртай хүн, чамд тийм том амбийц байгаа гэхдээ энд чиний удаан байх газар биш байна. Өөрийгөө чөлөөтэй нээж хөгжүүлж, илүү амжилт хүсэх юм бол мэргэжлээ дээшлүүлж, Улаанбаатарт ахиж сурах ёстой гэсэн. Хэрэв үгүй гэвэл би чамтай зам нийлэхгүй нь ээ. Баяртай, гээд хаяад явчихсан. Би ч тухайн үед аан тийм үү, тэгвэл та яв яв л гэсэн. Ёстой нээрээ яршиг л байна. Би эндээ ажиллана. Мундаг том уур­хайн дарга, инженер болно л гэж үзэж байгаа юм. Тэгээд сарын дараагаас л яахав дээ эргэж бодоод үзэхгүй юу. Ханийн минь бас хэлж байсан үнэн юм байна. Би энд ингээд байж болох­гүй юм байна. Өшөө өөрийгөө нээх ёс­той. Тэр үед би эргээд мастер бол­чих­сон байсан л даа. Тэгсэн ч Улаан­баатар руу ирсэн.

-Улаанбаатараас ямар ч  дууд­лага байхгүйгээр өөрөө хүрээд ирдэг.
-Хойноос нь очиж байгаа юм чинь.

-Ажил төрлийн хувьд?
-Ажил төрлийн хувьд байхгүй ээ. Юу ч байхгүй. Хов хоосон л юм чинь. Ирээд дахиад оюутны бай­ранд амь­дарч байгаа юм. Манай эхнэр оюутны байранд амьдардаг байсан. Хоёулаа байранд амьдраад. Би магистрантурт сурна гээд, эхнэр маань бааранд зөөгч хийдэг. Би КТМС-ийн сан­хүү­гийн менежментэд сурах гээд. Тэгээд нэг хоёр сар сурсан уу, үгүй юү. Мөнгө ч байхгүй, юу ч байхгүй. Ямар ч бо­ломж байхгүй юм чинь. Тэгээд ер нь жаахан ажил хийж байгаад жилийн дараа ч юм уу, хоёр жилийн дараа сургалтын төлбөрөө хийх чадвартай болоод орж ирсэн дээр юм байна гээд чөлөө авлаа.  Тэгсэн, энэ “Оюутол­гой”-д өрмийн туслах ажилтан авна гээд зарлаж байнаа. Тэгээд очлоо. Өндөр ч цалинтай юм. Тухайн үедээ 350-500 долларын цалинтай болоод авлаа. 2003 он шүү дээ. Тав зургаан ширхэг өр­мийн машинтай. Дандаа миний үеийн шижигнэсэн залуучууд оч­сон. Дандаа инженерүүд. Тэнд тэ­гээд өрмийн туслахаар ажилла­лаа. Долоо, найман сар ажилла­сан. Юун тэр уурхайн эксковатор­чин, бульдо­зерч­ны ажил, тэрнээс илүү хүнд ажил байсан. Тэгээд ялангуяа өвөл өрөм­дөнө гэдэг хэцүү. Миний нүдэн дээр олон ч залуучууд хөл гараа тасласан. Амь насаа алдаж байсан. “Оюутол­гой”-н орд нөөцийг зүгээр сууж байгаад бэлэн юм олчихсон юм шиг л хүмүүс боддог. Яг нүдээрээ харж, тэнд халуун цэг дээр нь ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд бараг дайны талбар дээр байгаа юм шиг тийм аюултай, хүнд хүчир талбар байсан. Тэгсэн ч барууны компаниуд хөдөлмөр хам­гаал­лыг мөрдүүлэхийн тулд асар их хөрөнгө, хүч хаядаг байсан. Хөдөлмөр хамгааллын хувцсаар байнга хангана. Нүдний шилээ зүүгээгүй бол ажлаас нь халдаг ч юм уу. Тийм хатуу зарчим­тай, хүнд хэцүү дэглэмийн дор уул уурхайн хайгуулыг явуулахгүй бол болдоггүй.

-Мэдээж өндөр эрсдэл дааж байж өндөр ашигт хүрдэг биз. Та тэгээд хот руу орж ирнэ гэж ирчихээд ахиад хөдөө яваад өгчээ.

-Өмнөговь явчихсан. Тэгээд би ханьдаа бичиж байлаа. Ханиа, би OTD-247 гэдэг цооногийг өрөмдөж байна гээд л. 247 гэдэг чинь бидний багынхаар би чамд хайртай гэдэг үгийн томъёолол биз дээ. (инээв) Тухайн үед захиа л бичих боломжтой байлаа ш дээ. Гар утсаар яриад байх боломж нь хомс байсан. Би чинь гар утасгүй ч байсан юм. Тэгж гадаа­дынхантай ажиллаж байхдаа өөрийгөө би асар их голсон. Мундаг том сур­гууль төгсчихөөд, хүссэн зорьсон мэр­гэжлээ эзэмшчихээд англиар ч ярьж чадахгүй хүн байж байдаг. Гад­нынхантайгаа дохио зангаагаар л ярь­даг байсан. Тэгээд ажлынхаа зав чөлөөгөөр бие даагаад англи хэл үз­лээ. Кэмбриджийн улаан ном гэж бай­сан юмаа. Өрмийн машин ажиллаад хатуу чулуундаа орохлоор элдэв га­цаа тээггүй нэг хэсэг сайхан өрөмддөг юм. Тэр үед жаахан тайван байдаг. Өрмийн дуу чимээ гэж асар ихтэй. Ганц хоёр цаг ч гэдэг юм уу. Өрмийн машин дотроо кэмбриджийн англи хэлний номыг судалдаг байсан. Уйгагүй нухаж байж зургаан сарын дараа англиар чөлөөтэй ярих хэм­жээнд очсон. Тататунгаа хэл маань татарч эхэлж байгаа юм. Би үнэндээ тэндээ байгаад байвал байгаад л байх байсан гэж боддог юм. Манай өрмийн мастер Марк гээд нэг залуу байсан. Тухайн үед хорин долоо, наймтай л байсан байх. Тэр нэг өдөр өрөмдөж байгаад надаас асуудаг байхгүй юу. Наба чи ямар цалин авдаг юм бэ гэж. Би тэгэхээр нь 500 долларын цалин­тай гээд аймаар бахархалтай хэлсэн. Аан, энэ нэг өдрийн чинь цалин юм уу, долоо хоногийн цалин юм уу гээд ахиад асуусан. Манайд сарын цалин л гэдэг ойлголт байдаг. Би сард  500 дол­ларын цалинтай гэлээ. Тийм үү, гээд сонин царайлаад явчихсан. Одоо энэ тэгээд чиний хувьд хангалттай юу гээд л. Хангалттайгаар барах уу. Би Шарын голын уурхайд ээлжийн мас­тер хийж байхдаа 45 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Энэ дөрөв, таван зуун долларын цалин бол надад тэр авч байсан цалингаас бараг хорь да­хин өндөр цалин байхгүй юу. Энүү­гээр би амьдралаа хангалттай удир­даж байгаа гэсэн. Тэгсэн толгой сэгс­рээд үгүй ээ, Наба чи энэ ажлыг хаях ёс­той юм байна. Чи Монгол Улсын хам­гийн нэр хүндтэй сургуулийг улаан диплом­той төгссөн инженер залуу шүү дээ. Гэтэл би бол ерөөсөө гурав­ду­гаар анги төгссөн боловсролтой. Манай өрмийн мастеруудыг хар. Авст­рали, Канадаас ирсэн найзуу­дыг хар. Биеэрээ дүүрэн шивээс­тэй, ийм л за­луучууд байна. Бо­ловс­ролгүй. Гэхдээ танай энэ Өмнөговьд бид нар дарга байна. Бид нарын цэрэг бол танай их дээд сургуулийг онц дүнтэй төгссөн инженерүүд байна. Үүгээрээ ма­най австралид бахархаж байна гэж на­дад хэлж байсан. Нэг талаараа онги­рох ч юм уу, нөгөө талаараа намайг хат­гаж хурцал­сан юм хэлсэн л дээ. Тэгээд л би маргааш нь хоол хүнс зөө­дөг машинд суугаад л Улаанбаатар явчихсан. Шөнөжингөө бодож хоноод шийдсэн.

-Шууд орхиод уу?
-Орхиод л явчихсан. Тэгээд Улаан­баатарт ирээд бодож байгаа байхгүй юу. Нээрээ би үхсэнээ хийж тэнд байгаад байгаа юм бэ. Өндөр сайн цалин авсан боловч би ээж аавын маань амьдралаа зориулж ганц хүүх­дээ сургасан, энэ мэдлэг боловсролыг ийм юманд зориулах гэж үү. Намайг ийм байгаасай гэж бүх юмаа зориу­лаагүй нь тодорхой шүү дээ. Би ямар нэгэн байдлаар тэмцэх ёстой, эзэмш­сэн мэргэжил боловсро­лоороо ам­жилтад хүрэх ёстой гэсэн эмзэглэл, эр­мэлзэл маань тэр шөнөжингөө намайг унтуулаагүй л дээ. Тэгээд ч эргээд бас ирсэн хариуцлага гэдэг юм байсан. Ээж маань бодогдсон. Ямар амьдралаар амьдарч байж намайг боловсролтой болголоо доо. Ингээд л би маргааш нь л хүнсний машинд суугаад явчихсан. Тэгээд ирээд л ажил хайсан. Монголын алт компани уул уурхайн инженер, эдийн засагч ажилд авна гэж зарласан байна. Яг миний мэргэжлийг бичээд. Тэгээд би яваад очсон. Ингээд 70 мянган төгрөгийн ца­линтай ажилд орж байгаа юм. Гэхдээ надад тэр цалин үнэхээр сонин бай­гаа­гүй. Би тэр компанид ороод эхний өдрөө суугаад л тэр Удирдах зөвлө­лөөр намайг танилцуулж байхад надад аягүй сайн ойлголт өгсөн байхгүй юу. Удирдах зөвлөлийн бүхэл бүтэн арван хэдэн хүмүүс суучихсан надад ойл­гуулж байгаа юм. Энэ компани бол Наранбаатар аа, таван жилийн дараа ийм амжил­танд хүрэх гэж байгаа ком­пани. Ийм ийм төсөл хэрэгжүүлж бай­гаа. Манай компанид хамгийн шилдэг сайн инженерүүд, эдийн засагч нар орж ажиллаж байгаа. Энэний төлөө өөрийгөө зориулахад бэлэн байна уу. Инженерийн хувьд ч мэдлэг боловс­ро­лоо дээшлүүлэх бололцоо шүү гэж. Би бэлэн байна гэсэн. Тэгээд би таван жил ажилла­сан. Тэр таван жил тав хоног ажилласан юм шиг л өнгөрсөн. Нэг мэдсэн чинь би компанийн удир­дах зөвлөлд орчихсон, хорин хэдтэй залуу намайг анх ажилд авч байсан удир­дах зөвлөлийн дунд ороод суу­чих­сан байсан. Компанийн бодлого стратеги яриад, том төслүүдийг хэрэг­жүү­лэх тухай яриад сууж байсан. Гэх­дээ тэр хүртэл явахдаа ерөөсөө албан тушаалын төлөө огтхон ч тэмүү­лээ­гүй. Зөвхөн өөрийн л хариуц­сан ажлаа маш сайн хариуц­ла­гатай хийж явахыг л хичээдэг бай­сан. Тэгээд хамгийн гол нь мэргэ­жилдээ сонирхолтой боло­хоор кайфтай амьдралаар амьдарсан. Яг тэр тавхан жилийн дотор. Ца­гаан суваргын зэс молибдены орд, Нарийн сухайтын нүүрсний төсөл, Элдвийн нүүрсний уурхай, Кокс­жуу­лах үйлдвэ­рийн төсөл, Цемен­тийн үйлдвэрийн төсөл, шохойн чулууны үйлдвэр барих энэ том том ажлуудын суурь тавигдсан. Аягүй тийм бүтээлч хамт олны дунд би орсон. Хоёрдугаарт, сая Чингисийн одон авсан Думаагийн Сод­ном гуай яг тэр компанид эдийн зас­гийн зөвлөх байсан. Намайг үнэхээр чанасан байхгүй юу. Би бас яг залуу на­сандаа өсөж дэвжих үедээ маш мун­даг хүний гараар шүүгдээд орсон­доо бахархалтай, миний амьдралын түүхийн ёстой нэг дурсгалтай сайхан үе гэж боддог юм. Үүгээрээ би бахарх­даг. Өнөөдрийн хувь Наранбаатар өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн тэмүүлэлтэй ийм Наранбаатар болгоход тэр компанийн ажиллаж байсан тэр хүмүүсийн, тэр хамт олны хүсэл тэмүүлэл нь асар их нөлөө үзүүлсэн.

-Таван жил болоод дахиад л эрсдэл хийхээр шийдсэн үү?  
-Дахиад л эрсдэл хийсэн. 2008 оны үед би чинь компанидаа үнэлэг­дээд, бас тодорхой хэм­жээнд салба­рын хувьд хүмүүс на­майг мэргэжилт­ний хувьд сонир­хож эхэлсэн. Олон компаниас янз янзын санал тавьсан. Цалинг чинь тэдээр үржүүлж өгье, байр орон сууцыг чинь ингэж хангана. Ийм машин, унаа тэрэг, хаус зуслан­гийн байр наана цаана гээд өчнөөн амлалт өгсөн. Тэр үед уул уурхай ч өсөлттэй, Монголын эдийн засаг ч өсөлттэй яг сайхан үе байсан л даа. Яг тэр 2006-2008 оны үед. Тэгээд би хэд хэдэн удаа тийм асуудлыг тэвч­чихсэн байхгүй юу. Тэвчээд байж бай­гаад нэг удаа Нямтайшир гуай дээр ороод “Одоо би бие даагаад явах цаг болжээ” гэж хэлсэн. Өөрийнхөө мэд­лэг боловсролд, туршлагад, зорилго­доо найдаж ажиллаад үзье гэж би шийд­сэн. Тодорхой хэмжээний турш­лага ч хуримтлуулсан байсан. Хоёр­дугаарт, Монголын алт ком­па­нид ажиллаж байх үед олон гадаадын кон­салтингуудтай ажилла­даг. Үндсэндээ манайхан техник эдийн засгийн үн­дэслэл судалгаанд олон сая доллар зарцуулж байсан л даа. Тэгээд тэрэн дээр дандаа гадаадынхан ажиллаж байгааг хардаг байлаа. Тухайн үед монгол хүмүүс ч бэлтгэгдээгүй бай­сан. Бид энэ ажлыг чадна. Гэтэл яагаад энэ үнэлгээтэй ажлын урсгал дандаа гадагшаа урсах ёстой юм бэ. Бид яагаад өөрсдөө хийж чадахгүй байгаа юм бэ гэж боддог болсон. Тийм учраас монгол хүн энэ зэрэгцээ очи­хын тулд өшөө өөрийгөө хөгжүүлэх л ёстой байсан. Өшөө юм судлах ёстой юм байна. Тэгээд энэ барууны төв­шинд нь очих ёстой юм байна гэж олж харсан. Удахгүй Монголд уул уурхайн тэсрэлт болно. Яг энэ үед бид барууны инженерүүдтэй эн зэрэгцэхүйц, өр­сөл­дөхүйц инженерүүд болчихсон байх юм бол энэ салбарын хөгжилд томоохон хэмжээний хувь нэмэр оруулж чадах юм байна гэсэн ойлголт маань намайг энэ компа­ниас гаргах, өөрийн бие даасан бизнесээ эрхлэх энэ сэдлийг маань төрүүлсэн. Ингээд явсан чинь дэлхийн эдийн засгийн хям­рал нүүрлэсэн. Тэр үед ерөөсөө яг уул уурхайн компаниу­дын нэг би­чигдээгүй зарчим байдаг юм. Хямрал нүүрлэх юм бол консал­тингийнхаа өрт­гийг хамгийн тү­рүүнд танадаг. Ерөө­­сөө л зах зээл хумигдсан байхгүй юу. Тэгээд би өөрийн бизнесээ хий­гээд ерөөсөө ажил авч чадалгүй бараг жил бол­сон юм. Цалингүй. Өөрөө эрс­дэл хийгээд гарсан учраас эргээд таван жилийн өмнөх На­ран­баа­тар, та­ван жилийн хойдох Наран­баатар хоёр олж авсан ажлын турш­лага нь ялгаа­тай боловч сан­хүүгийн хувьд бие даасан амьдрал зохиохын хувьд яг л нэг төвшиндээ очсон байсан. Тэгээд дахиад гэр хороололд амь­дар­сан л даа. Тэр үед охин маань ч жаа­хан. Би өдөр болгон өөртөө хэлдэг байсан юм. Заавал энийг давж гарах ёстой. Чиний өөрийн сонгосон зам. Хэзээ ч ухарч болохгүй. Хэрвээ хэн нэ­гэн компанид ажилд ороод явах хангалттай сонголт байсан ч гэсэн энийг л сонгох ёстой гэж. Зориглоод шинэ алхам хийтэл ингээд эдийн засгийн хямралын хүнд үетэй тулсан. Жилийн дараа л компа­ни маань нэг төсөл олсон. Тэр төслөө гэхдээ уул уур­хайгаас ч олж чадаагүй. Туушин­гийн Бэст Вестерн зочид буу­дал байна ш дээ. Энэний төсөл бай­сан байхгүй юу. Энэ дээр би тухайн үеийн Туу­шин­гийн захиралд нь ч хэлж байсан юм. Эдийн засгийн хямрал­тай үе тохиож байна. Гэхдээ хямрал цикл­тэй байдаг. Та хөрөнгө оруулалтаа байшин руугаа хий гэж. Дөрөв, таван жилийн дараа  бай­шин чинь босчихсон явна гэж. Тэгээд уул уурхайн бизнес эрхэлнэ гэж явсан боловч арга буюу олдсон тэр ажил нь тийм байсан уч­раас тэгж сонин түүхтэй эхэлж бай­сан. Тэрний дараа алтны нэг шороон ордны төсөл олдсон. Тэрийгээ маш сайн хийсэн. Тэр нь тухайн үеийн эзэнд нь маш их таалагдсан байсан. Том захирлууд чинь хоорондоо сүл­жээ­тэй байдаг учраас энэ их сайн хий­дэг хүүхэд гэж бусдадаа ойлгуулсан болол­той. Ам дамжсан сурталчилгаа эхэлсэн гэсэн үг. Бид ямар нэгэн маркетинг хийгээгүй, зах зээл дээр. Тэгээд амнаас ам дамжсан яриагаар манай төсөл сайн хийгдсэн учраас бид олон том том төслүүдийг хүлээж авч амжилттай сайн гүйцэтгэсэн.

-Ер нь ТЭЗҮ гэдэг юм бидний тээг болж явж ирсэн. Ялангуяа том бүтээн байгуулалтын төс­лүүдийн ч, бусад бүх төвшний төслүүдийн суурь нь ТЭЗҮ бай­даг. Энийг хийдэг үндэсний ком­пани гэж байдаггүй байлаа. Үнэндээ яг энэ юмыг барьж аваад явж байгаа үндэсний анх­ны компанийн захиралтай уулзаж байна. ТЭЗҮ гэхээр л дандаа гаднынхан барьж ав­даг. Гаднынханд л өгдөг. Тэрий­гээ хэмжүүр, үнэлэмж гэж бод­дог. Маш өндөр үнээр нөгөө­дүүл нь хийдэг. Эргээд хариуц­лага ярих боломжгүй, гараад га­раад явчихдаг. Би жишээл­бэл, Ц.Мян­ган­баяртай уулзаад хэл үгийн бай болоод байгаа төслүү­дийг нь судла­хаар бүх ТЭЗҮ-ээ дандаа гад­нынхнаар хийлгэчихсэн байдаг. Жаст нь ч тэгсэн л байсан. Энэ ажлыг гаднынхан л хийнэ гэсэн хатуу ойлголттой байдаг юм билээ. Ордын нөөц тогтоох, цоо­ног өрөмдөх гээд суурь энэ юмнуу­даа өөрсдөө хийдэг бо­лохын давуу талыг ойлгуулах тал дээр та нар жишээ нь юу хийх вэ. Одоо бол компани чинь сал­бар­­таа бас танигдаад ингээд явж байгаа юм байна. Бид үүний тухай нэгдсэн ойлголт­гүй. Зөвхөн гаднынхны чаддаг ажил гэж бараг боддог.
-Манай “Гложекс” компани анх нээг­дэж байхдаа гурван хүнтэй л бай­сан юм. Одоо бол 100 гаруй инженер ажил­лаж байна. Дандаа үндэсний инже­не­рүүд. Дандаа шижигнэсэн залуучууд байгаа. Манай компанийн дундаж наслалт 27 нас дээр очих байх. Гэхдээ бид олсон орлогынхоо дийлэнх хувийг энэ залуучуудын сургалт, тэгээд барууны төвшний өндөр үнэтэй программ хангамжуудыг худалдаж авах, тэрэн дээр ажиллах мэргэ­жилт­нүүдээ бэлтгэхэд зардаг. Энэ инже­не­рүүд бол уул уурхайн үйлдвэрлэл явуулж бай­гаа инженерүүдээс өндөр цалин авах ёстой. Тэгж байж манай ком­пани тогт­вортой ажиллана. Бас энэ хүмүүсийн нийгмийн асуудал нь их чухал байдаг. Байр орон сууц, машин унааны асуу­дал ч хүртэл. Бид нар өөрсдийн ин­же­нерүүдийг ингэж үнэлж байж бид тогт­вор суурьшилтай өндөр бүтээмжтэй  ажиллуулах нөх­цөл нь бүрдэнэ. Энэ чиглэл рүү ма­найх нэлээн их анхаарал хандуулсан. Олсон ор­ло­гуу­даа бүгдийг нь ийшээ чиг­лүүл­сээр байгаад үндсэндээ манай компанийн нэр хүнд, ча­дамж нь босч ирсэн. Үүгээрээ бид юу хийх гээд байгаа вэ гэхээр энэ уул уурхайн салбар бол тэргүүлэх салбар гэж бид ярьдаг. Гэтэл энэ тэргүүлэх салбарыг цааш нь авч явах  гол хүчин зүйл нь юу юм бэ гэхээр хүн байгаа юм. Тэр маань чадварлаг монгол инженер. Тийм учраас бид энэ монгол инжене­рүүдийг хөхиүлэн дэмжих ёстой. Цалин хангамжийн хувьд, цалингийн хувьд ч гэсэн гадаад орны инжене­рүүд­тэй өрсөлдөхүйц хэмжээнд аваачиж байж бид хөгжинө. Тэгж байж бид дэлхийн уул уурхайн хөгжлийн асуудал ярих юм байна гэж ойлгох хэрэгтэй.

-Үнэндээ бидний олон ойл­голт маань эвдэрхий яваад байдаг. Яагаад гэвэл бидэнд өөртөө итгэх итгэл байдаггүй. Бид өөрсдийн эмчдээ итгэ­дэггүй, өөрсдийн багшдаа итгэ­дэг­гүй. Өөрсдийн бодлого тодор­хой­логч нартаа итгэдэг­гүй. Инже­не­рүүддээ итгэдэггүй. Тийм уч­раас бид гаднынхнаар дан­даа төслүүдээ хийлгэдэг, зүгээ хандуулуулдаг. Эргээд тэдний аманд орсон үнийг нь төлөөд, хамаг олно гэж тооцож байсан ашигаасаа өгч байж салдаг. Энэ үндэсний итгэлцлийн ойлгол­туудад зориулж бас компаниуд багагүй ажил хийх гэж оролд­дог юм байна лээ. Энэ тухай танд жишээ нь ямар ойлголтууд явдаг вэ?
-Нэгдүгээрт, хүний итгэлийг олно гэдэг их чухал асуудал байдаг. Хүний итгэлийг олж байж өөртөө итгэх итгэлээ баталгаажуулдаг гэж би ойлгодог. Бид манай монгол инженерүүд муу, дан­даа гаднынхнаар хийлгэдэг гээд байн­гын ярьж байдаг. Гэхдээ бид өөрсдөө сайн байхын тулд өөрөө өөртөө чи юу хийсэн бэ гэдэг асуултыг асуух ёстой. Өөрөөр хэлбэл чамайг тэр хүн сайн гэж хэлэхийн тулд чи ямар учиг шалт­гааныг бий болгосон бэ л гэдэг асуу­дал. Тэгэхээр өөрийгөө засах ёстой. Өөрөө хичээх ёстой. Тэр юм руу тэ­мүү­лэх ёстой байхгүй юу. Тийм тэ­мүү­лэл байхгүй байж надад итгэсэн­гүй, өөр хүнээр үнэтэй хийлгэчихлээ, гадаадынхан мундаг байна гэсэн яриа яриад л явцгааж байдаг. Одоо ч энэ зан маань манайхны дунд байсаар байгаа. Тэгэхээр энэ юмыг өөр өнц­гөөс нь харах цаг нь болсон байна. Бид хүн шиг амьдрахын тулд энэ бу­руу жишгүүдээсээ эхлээд бүр мөсөн салмаар байна. 

-Нэг хэсэг манайхан мэргэж­лийг моод дагаж сонгодог бол­чих­сон. Сэтгүүлч их хэрэгтэй юм байна гээд бүгд шуугиад ордог. Хуульч болно гээд л баа­хан шуур­сан. Тусгал нь зах зээл дээр байгаа бөөн илүүд­лүүд байж байна. Эдийн засаг гээд л шуугисан. МУИС-ийн эдийн засаг төгсчихөөд банкны үүдэнд зогсдог, үйлчлүүлэгч угтаж ав­даг хүмүүс болчихсон явж бай­гаа. Тэгсэн хэрнээ  ин­жене­рийг болохоор зүгээр хар ажлын ул­сууд гэж ойлгоод бай­даг. Гэтэл амьдрал дээр ерөө­сөө бодит юм хийж үзүүлдэг, чад­даг, нотолдог улсууд инже­не­рүүд байдаг. Монгол инжене­рүүдийн идеа­лийг сэргээхийн төлөө та бүгд тэмцэж байгаа юм байна. Бид улсынхаа ажлыг өөрсдөө аваад явдаг болно доо гээд монгол инженерийн баг бүрдүүлээд ингээд явж байгаа аж. Тэгэхээр үнэхээр толгой өвтгөсөн яг хэцүү юм нь юу байна вэ. Монголчуудын тэднээс дутуу юм нь юу байна?
-Бид нэг талаараа уул уур­хайн үйлдвэрлэл эрхэлж байгаа, төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүст үйлчилдэг хүмүүс. Консалтинг компанийн хувьд. Нөгөө талаараа хүний нөөцийн хувьд өрсөлдөгч болдог. Тэгэхээр уул уур­хайн зах зээл хэдий чинээ өсөлттэй байна тэдий чинээ инженерүүдийг шин­гээх чадвар нь нэмэгдэж байдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр бид нар өрсөлдөгч. Тэр инженерүүдээ барьж тогтооно гэдэг асуудал бол асар их зар­дал. Асар их хүний нөөцийн менеж­ментийн ур чадвар их шаарддаг л даа. Өөрөөр хэлбэл дөнгөж орж ирчихээд хоёр сар ажилладаг ч юм уу, тэгээд өөрий­гөө мундаг инженер болчихлоо гээд үсрээд явж байгаа залуучууд байж байгаа. Яг миний эхний үеийн На­ранбаатар шиг. Тэгэхээр хувь хүний хувьд зөвхөн инженер ч гэлтгүй тухайн мэргэжилтэн ту­хайн мэргэж­лээ эзэмшээд түүгээ­рээ амжилтанд хүрье гэж байгаа бол тухайн үеийн үнэ мөнгийг харахгүйгээр тогтвор суурьшил­тай, өөрийгөө тогтоож, барьж ажил­лах нь чухал байгаа юм. Өөрийн үнэт зүйлтэй байх нь их чухал гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Хэн нэг нь нэг юмыг сайн хийж чаддаг байж магадгүй. Гэхдээ маргааш таны чад­вар чинь нөгөө хүний чадвартай харь­цуу­лахад сул байх магадлал өндөр л байхгүй юу. Яг тухайн цаг мөчдөө тохи­роод танд маш өндөр цалин хангамж амладаг ч юм уу тийм тогт­воргүй байдалд оруулах оролд­лого байнга л хийгдэж байдаг.

-Өөрөө л байнга хөгжиж, бус­даас байнга илүү нь л байхгүй бол ард дандаа чиний амжил­тыг мөрөөдөгчид гэтэж явдаг. Энэ цаг үе бол гарцаагүй илүү чад­вар, илүү нэр хүндэд л мөн­гө төлдөг үе. Тэгэхээр хувь хү­нээс заримдаа хэт ихийг шаар­даж ч байгаа юм шиг.  
-Тийм. Энэ байдлуудаас болоод тэнцвэрээ ололгүй манай залуучууд алдаж байгаа. Ирээдүйгээ буруу тооцож байна. Маш ухаалаг тооцоог хийж сурах хэрэгтэй.

-”Оюутолгой”-той тодорхой хэмжээгээр хувь тавилангаа холбож явсан, бүр өрөмдлөг хийж явсан гэхээр маш гоё санагдлаа. Танд энэ төслийн эргэн тойронд өрнөсөн түүх яаж харагддаг вэ. Улс төр рүү “Оюутолгой” гэдэг сэдэв барьж орж ирсэн хүмүүсийн яриад байгаа зүйлүүд жишээ нь яаж буудаг вэ?
-Ер нь бол дэлхийд нөөцөөрөө нэгд тооцогдох орд. Бидэнд ийм хэмжээ­ний ордыг хөгжүүлэх инженерийн туршлага дутмаг, улс төрийн турш­лага бол ерөөсөө байгаагүй. Өнөөдөр эргэж харахад энэ орд дээр ямар нэгэн хувь эзэмших гээд, ямар нэгэн ард түмний өмчийг яриад орсон энэ оролдлого нь өөрөө асар том алдаа байжээ гэж санагддаг юм. Нөгөө талаасаа хэт их, бүр хэтэр­хий их, дэн­дүү хэмжээнээсээ хэтэр­сэн ард­чиллын сөрөг үр дагаврууд энэ төсөл дээр их тод илэрсэн. Энэ юмныхаа өртгийг бид өнөөдөр төлж байгаа юм. Тухайн үед “Оюутолгой” дээр  эзэм­шигч нь хэн байх нь хамаагүй. Зөвхөн та нар манай улсын хууль дүрмийн хүрээнд л амьдар. Хөгжүүл гээд орхи­чихсон бол тэр хөрөнгө оруу­лалтын эрсдэл, зээл авах наана цаана бүх юмыг хөрөнгө оруулагч нарын нуруун дээр нь л үүрүүлэх байсан байхгүй юу. Гэтэл популист нөхдүүд гарч ирээд энэ ордыг гадаадынхан цөл­мөөд аваад явчих гэж байгаа юм шиг, ерөөсөө бидний олчихсон байсан юмыг нэг гаднын нөхөр аваад явчих гэж байгаа юм шиг ийм ойлголтыг нийгэмд бий болгосон. Улс орноо алд­чихаж байгаа юм шиг тийм айдсаар нийгмийн сэтгэл зүйг тэр чигт нь угаа­сан. Тэрүүгээр нь  дам­жиж нийгэм тэр чигтээ өвчлөөд, нөгөөдөх нь хавдар болоод, уул уурхай бол ерөөсөө эдийн засгийг хөгжүүлдэг хөшүүрэг биш. Эдийн засгийг нураадаг хорт хавдар юм байна гэсэн ойлголтыг бүхэлд нь төрүүлчихсэн. Үүнээс улбаалаад аймаг болгонд нэг жижигхэн  үйлд­вэрлэл явуулах гэхээр л жижиг жи­жиг иргэний хөдөлгөөнүүд гарч ирээд ингэ­дэг. Сүүлдээ бүр мөнгө олдог хэрэгсэл болчихоод байна. Улстөрчдийн хувьд УИХ-ын ги­шүүн болох шат нь. Орон нут­гийн улстөрчдийн хувьд мөнгө олох хэ­рэгсэл. Цаашид өөрийнхөө карье­рыг хөгжүүлэх гол зэвсэг нь болчи­хоод байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ улсынх нь төсвийн голыг бүрдүүлж байгаа төсөл байгаад байдаг. 

-Дэлхийн уул уурхайн зах зээл дээр Монгол гэдэг шинэ тоглогч гарч ирлээ. Үүнийхээ ард бид бас гоё харагдах юмсан, зар­чим­тай, соёлтой, сайхан гар барь­даг, хариуцлагаа даадаг ийм байх юмсан. Өөрөөр хэлбэл сайн хүн шиг. Сайн хүн шиг байна гээд бүх юмаа өгөөд алдахын нэр бас биш л дээ. Одоо бол бид нэг аашаа хөдлө­хөөр гэр рүүгээ гүйдэг эхнэр байдаг даа. Улам зодоод хая­чихмаар. Эргээд л хэд хоноод нялуун юм яриад ирдэг. Ийм нэг гэр рүүгээ гүйдэг хүүхэн шиг улс орон байхгүй юмсан. Энэ том зах зээл дээр годго­нуур, тогтворгүй улсууд бол бүтэхгүй шүү дээ.
-Нэгдүгээрт, бид урт хугацааны тогтвортой бодлого байхгүй. Улс төрийн систем, бүтэц маань өөрөө тогтворгүй. Яг таны хэлж байгаа айлын ааш зан нь олдохгүй авгай шиг байх ийм нөхцөлийг бүрдүүлээд байна. Дөрвөн жилийн сонгуулийн хугацаа надад бол бага байна гэж бодогдож байгаа. Ядаж зургаан жил байх ёстой. Та боддоо сонгуульд бэлдэх гэж нэг жил. Сонгуульд ялаад засгаа бүрдүү­лэх гэж нэг жил болдог. Парламент өөрөө тогтворгүй. Засаглалаа нэгдү­гээрт тогтвортой байх тал дээр нь эргэж бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Ер нь цаад агуулга нь. Нөгөө талаараа энэ популизмаас айдаг аймхай улстөрчдөөс болж байгаа байхгүй юу. Улс төрийн зориггүй. Би улс төрийн гишүүдтэй нэг бус удаа тулж уулзаж байхад ер нь ярьдаг юм. Бид урагшаа харж явах ёстой. Мон­голчууд нэгдэх ёстой, нийлэх ёстой. Нөгөө л юмаа ярьдаг юм. Гэхдээ яг их хурлын танхимд суугаад ярихлаараа популист нөхдүүдээсээ айгаад нөгөө нөхдүүдээ дэмжээд яриад явчихдаг. Энэ бол нэгдүгээрт тэр УИХ-ын ги­шүүн, улс орныхоо төлөө гэсэн зориг зүрх байхгүй, зөвхөн өөрийнхөө амин хувийн амбийцийг тогтвортой хад­галах гэсэн л оролдлого нь шиг ха­рагддаг.

-Таны хувийн мөрөөдөлд байдаг амьдрал тань ямархуу дүр зурагтай вэ?  
-Миний мөрөөдөл өтөл буурал насандаа хийж бүтээсэн юмтай, үр хүүхдүүд маань өндөр мэдлэг бо­ловс­рол эзэмшсэн, бас гэр бүлийн маань бизнесийг хөгжүүлээд аваад явчих хэмжээний ийм чадвартай байгаасай. Тэд маань аюулгүй нийгэмд амьд­раа­сай. Үр хүүхдүүд маань боловсролтой дэлхийн хэмжээнд үнэлэгддэг иргэд болоосой. Монгол гэдэг хүний тухай ярихаар дээлтэй хөдөөний хүнээр төсөөлөх биш энэ бол мэдлэг ур чад­вартай, тодорхой хэмжээний эдийн засгийн хувьд бат бэхэжсэн орны бахархалтай иргэн байгаасай гэж би хүсч байна. Энэний төлөө монголчууд нэгдэж нэг талдаа гарна гэдэг бол яах аргагүй үнэн. Бид хоорондоо л учраа олъё.

-Өөрөөр хэлбэл, мөрөөдлөө нэгтгэе.
-Тийм ээ, ерөөсөө л мөрөөдлөө нэгтгэе.

-Наранбаатар бизнесийн сал­бар руу орж ирээд мөрөөдлөө биелүүлээд явж байгаа залуу үеийн төлөөлөл юм. Та өнөө­дөр тодорхой амжилтанд хүр­сэн байна. Гэвч бас л улс төр рүү орчихож ээ. Энэ шийдвэр хаанаас гараад ирэв ээ?

-Эргээд л нөгөө нутгийн хүүхэд нутагтаа хэзээ нэгэн цагт очно доо гэ­сэн бодол маань байнга л хадгалаг­даад яваад байсан л даа. Хэдий тэн­дээс би эрдэм өвөрлө­хөөр нисэн одсон хээрийн галуу мэт явсан боловч нутаг усандаа хэзээ нэгэн цагт очиж сайн зүйлийг хийнэ гэсэн мө­рөөдөл маань ийшээ ороход хөтөлсөн юм л даа. Тэгээд орон нутгийн сон­гуулийн үеэр би Дархан-Уул аймагт очсон юм.  Угаасаа хүмүүжил маань, өс­сөн орчин маань ардчилсан хөдөл­гөөн үүсч хөгжсөн түүхийн орчин бай­сан. Энэ дунд хүүхэд байхаасаа л ажиг­лаж өссөн учраас сонголт тодор­хой байсан. Энэ хүсэл мөрөөдөлдөө хөтлөг­дөж улс эх орондоо сайн зүй­лийг хийхийн тулд л би ардчилсан намын гишүүн болсон.

-Дархан-Уул аймгийн намын дарга юм байна. Сая бас бу­жиг­наан болжээ дээ. Би байхгүй байж байгаад ирсэн. Дарханы АН-ынхан ирээд генсекийн өрөөнд дайрч давшиж орсон ч гэх шиг.  Тэдэнд юу нь таалаг­дах­гүй байгаа юм бэ?

-Саяхан арваннэгдүгээр сарын 18-д Ард­чилсан намын Хяналтын ерөнхий хорооноос тогтоол гарч миний Дархан-Уул аймгийн ардчилсан намын даргын эрхийг сэргээсэн л дээ.  Энэ тогтоолоор бол намын хороогүй, сул намын дарга гэсэн үг. Гэхдээ би намын дарга байх эсэх нь тийм ч со­нирхолтой асуулт биш. Бидэнд дор­витой шинэчлэл хийж, Дархандаа хүлээн зөвшөө­рөгдсөн намын удирд­лагатай байх нь чухал байна. Ийм нөхцөл байдалд хүргэхэд урьдчилсан угтвар нөхцөлүүд нь юу байсан юм бэ гэдэгт би товчхон тайлбар хиймээр санагддаг юм. Ардчиллын өлгий нутаг Дархан-Уул аймаг яах аргагүй мөн. Тэнд анхны ардчил­лын салхи сэвэл­зэж байсан нутаг. Ардчиллын өлгий нутаг гэдэг бахархал л яриад байдаг. Гэхдээ өнөөдөр тэнд 2004 оныг эс тооц­вол ардчилал ялж байсан түүх бараг байхгүй байх юм. Тэгэхээр бид ажилланаа. Юм хийнэ. Өөрч­илнө. Өөр арга барил, өөр өнгө төрхөөр ажилла­на. Мэдээж шинэ хүмүүс, шинэ зо­рилго тэмүүлэл эсэргүүцэлтэй тул­гар­даг. Бид даван туулах болно. Ард­чилал хэн нэгний өмч биш учраас түүнийг өмчлөх гэсэн оролдлого болгон бүтэлгүйтдэг гэдгийг өмнөх сонгуу­лиуд харуулчихсан. Генсекийн хувьд Оюундарь дарга Дарханд ирж жирийн гишүүд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэрхэн дүгнэж байгаа талаар санал бодлыг нь сонсох ирсэн байна билээ. Надад Дархан явах гэж байгаагаа мэдэгдээгүй.

-Дарханы АН угаасаа л ямар ч том зорилгогүй явж ирсэн. Гэх­дээ бараг гэр бүлийн нам бол­чихсон гэдэг юм билээ. Та ч хэцүү тэмцэл рүү орж дээ?
-Гэр бүлийн гэх юм уу компанийн ч гэх юмуу нэг тийм өмчлөгдсөн, хувьч­лагдсан намын хороотой л бол­чихоод байгаа юм. Дарханд Ардчилсан нам гэхээр л хүмүүст таван Даш гэдэг ах дүүгийн тухай л буудаг болж. Тэгээд их хар бараанаар харж энэ намаас эмээх юм.

-Танайх хэр олон гишүүнтэй үүр юм бэ. Үүр гэдэг юм уу. Хороо гэдэг юм уу?
-Намайг намын дарга болоход надад арван мянга орчим намын гишүүн байгаа гэсэн аман мэдээ­лэл өгч байсан. Би бүртгэлүүдийг нь цэг­цэлж үзсэн. Үндсэндээ бол 2500 орчим л яг идэвхтэй гишүүд байдаг юм байна лээ. Бусад нь бол ойлгомжгүй бүрт­гэлтэй. Гэтэл Дархан 90 мянган хүн­тэй. Тэгвэл бид энд ардчиллын өлгий нутаг гээд байгаа тэр бахархалаа алдчихсан байна шүү дээ. Яагаад энд хүмүүс дэмжихгүй байна вэ. Яагаад гишүүнээр элсэхгүй байгаа юм гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу. Гэтэл бодит амьдрал дээр гишүүнээр элсээд, ардчил­лын модны салаа мөчир болоод, энэ ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд оролцъё гэсэн ард иргэдийн тоо асар их байдаг юм байна лээ. Гагцхүү ардчилсан намын хороог өмчилсөн “Бурхан Халдун” компани, түүний гар хөл болсон хэсэг бүлэг нөхдүүдээс болоод үндсэндээ бол сонирхол нь байхгүй болсон байх жишээтэй. Би намын дарга болоод энэ бүхнийг өөрчилнө гэж бодож, ажиллах гэж бас үзлээ.

-Тийм их хугацаа бас болоогүй байна шүү дээ. Таны буруу гэх зүйл юу байгаа юм бэ?
-Үнэндээ “Бурхан Халдун” компа­нийн захирал Мөнхдаш надад санал тавьж би Дархан-Уул аймгийн намын дарга болсон. Олон сонгуульд ялагд­чихлаа Мягмардаш ахыг даргаас нь хусах гээд байна. Чи нам аваад явчих гэсэн. Надад ямар ч өрсөлдөөн бай­гаагүй. Их амархан дарга болсон гэсэн үг л дээ. Би хүүхэд ахуй цагаасаа ард­чиллын өөрчлөлт, шинэчлэлтийн салхи, тэмцлийн үнэ цэнийг харж, мэ­дэрч өссөний хувьд Ардчилсан намыг өөрийн төсөөллөөр их гэгээлгээр бодож орж ирсэн. Тиймдээ ч намын дарга болж, орон нутагтаа өөрчлөлт ши­нэчлэлтийг авчирж, хөгжүүлье гэ­сэн дэврүүн хүсэл минь уг саналыг хү­лээж авах нөх­цөл болсон л доо. Гэ­тэл үнэхээр хар бараан зүйл рүү дав­хиад орчихсноо дараа нь мэдэр­сэн. Ямар ч үнэт зүйлгүй. Юун ардчи­лал. Намайг өөрсдийн модон хүү­хэлдэй болгож, гар хөлөө болгохыг л хүсээд байсан. Надад аймгийн намын даргын тамгыг бол өгөөгүй. Санхүү­гийн захи­ран зарцуулах гарын үсгийг ч шилжүү­лээгүй. Дар­га гэх эрх мэдэл байгаагүй. Гайхаж магадгүй л дээ дарга байж яагаад тийм байгаа юм гэж. Тэгвэл та дарга байгаагүй юм биш үү гэж. Тий­мээ, ний нуугүй хэлэхэд би яг дарга биш байсан. Яагаад гэхээр аймгийн намын хороо үндсэндээ тэр “Бурхан Халдун” гэдэг компа­нийн ажилтан албан хаагчид, ах дүү хамаатан садан, найз нөхөд нь ороод л олонхийг нь бүрдүүл­чихсэн байгаа тохиолдолд ардчил­лын тухай ярих ямар ч бо­ломжгүй болсон. Би энэ нөхцөл бай­далтай ерөөсөө эвлэрч чадаагүй.

-Дарханд тэгвэл ардчилсан нам байна уу гэсэн ерөнхий асуулт танд тавья. Ерөнхий­лөгчийн сонгуулийн өмнө төв намаас гэрээ хийсэн юм байна лээ шүү дээ. Тэгээд тэр гэрээ­ний бие­лэлтийг нам хангалтгүй гэж дүг­нэжээ. Гайхалтай нь энэ дүг­нэл­тийг танайхан эсэргүүцээд байгаа юм биш үү?

-Яг үнэндээ Дарханд Ардчил­сан нам гэж алга. Харин эрхээ булаалга­сан, намын хороогоо хувийн компанид өмчлүүлж, дар­луулсан олон зуун жирийн гишүүд л байна. Намын дарга болсны дараа ард нь гарах  хамгийн хариуцлагатай ажил бол миний хувьд Ерөнхийлөгчийн сонгууль байсан л даа. Бид энэ сонгуульд маш хариуц­лагатай орох ёстой. Бэлтгэл ажлыг сайн хангах ёстой. Маш түргэн бодит байдал дээр дүгнэлт хийгээд, Дарха­ны ардчил­сан нам дотор асар их хага­рал зөрчилдөөн байгааг харсан. Нэг хэсэг нь тэр “Бурхан Халдун”-ыг хү­лээн зөвшөөрөхгүй “Алтан гадас” фракц гээд явчихна, нэг хэсэг нь МоАХ фракц гээд явчихна. Ингээд өвгөд хөгшдөөрөө ялгагдчихсан. Эр эмээрээ ялгагдчихсан. Учраа олохоо байчихсан. Үзэл бодлоо нэгтгэж ча­дахгүй замбараагүй бай­дал угтсан. На­майг үүнийг да­руй цэгцэл гэж Дархан-Уул айм­гийн ардчилсан намын гишүүд, энэ намыг дэмждэг ард иргэд нийтээ­рээ шахалт үзүүл­сэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Дархан-Уул аймагт намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах төслийн тухай ярих гээд ирэх үед үндсэндээ намайг огцруулах бослого болсон л доо. Театраар дүүрэн уриа лоо­зон барьчихсан. Наранбаатар огцор гээд л. Би тэр үед дүгнэлт хийсэн юм. Яагаад намайг ингэж огцруулах шаардлага тавьж байгаа юм бэ. Би дөнгөж ирсэн шинэхэн намын дарга. Ер нь энэ дотор юу болж  бүтэхгүй байгаад байгаа юм бэ. Би дотроо тэр нөхдүүдийг намайг эсэргүүцэж байна гэсэн утгаар нь харахгүйгээр энэ нөхдүүд юу хүсээд ингээд байна гэдэг утгаар нь л анхаарч харсан. Тийм учраас ерөнхий на­рийн бичгийн дар­гад энэ хүмүү­сийг эвлэлдэн нэгтгэх ёстой. Зо­хион байгуулалтанд орж байж бид ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой. Орон нутгийн сонгуульд ялагдчихсан, их хурлын сонгуульд ялагдчихсан. Одоо бид ерөнхий­лөг­чийн сонгуульд ялах ёстой гээд учир байдлыг тунгааж ярилцсан. Тэгээд дөрвөн дэд дарга томилсон. Баян­мөнх, Төмөртогоо, тэр хэвлэлийн бага хурал хийлгээд байгаа Гантулга, Чин­зориг нар. Энэ дөрөв дөрвүүлээ хоо­рондоо учраа олохгүй хэрүүлтэй бай­сан дөрөв. Бас цаана нь тодорхой хэмжээний бүлэглэл, фракцууд байдаг. Ингээд дөрвөн дэд даргатай болоод би намын дарга болсон. Тэр үед чинь Дарханд хоёр намын хороо байсан шүү дээ. Ингэснээр хоёр дахь намын хороог татан буулгасан. Нэг туг, нэг тамга тэмдэгтэй боллоо. Нэг зорилго мөрөөдлийн доор бүгдээрээ сонгуульдаа орно гээд тохиролцоонд хүрсэн. Би ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж оролцоход нь өөртөө болон тэдэнд бас болзол тавьсан юм. Хэрвээ ингэж нэгдэж ороод ялагдах юм бол Наранбаатар, Баянмөнх, Төмөртогоо, Гантулга, Чинзориг бид тав ямар нэгэн улс төрийн албан тушаалд, удирдах төвшинд ажиллахгүй гэдгээ баталж байна. Хариуцлага хүлээнэ. Нэгдэж нийлснээрээ ялж болдгийг үзүүлье гээд зүтгэсэн. Хоёрдугаарт намын гишүүдээсээ дэмжлэг авч чадахгүй байгаа “Бурхан Халдун” компанид өмчлөгдсөн гэх намын хороог сонгуу­лийн дараа буюу есдүгээр сарын 15 өдрөөр татан буулгаж, эрхзүйн чадам­гүй гэж тооцон намын удирдлага зо­хион байгуулалтыг шинээр сонгуулийн зарчимаар шийдье  гэдгийг гэрээний талууд хүлээн зөвшөөрсөн. Энэ тохи­ролцоонд одоо эсрэг тал болж суулт зарлаад байсан Гантулга, Чинзориг нар ч гарын үсэг зурсан байдаг юм шүү. Есдүгээр сарын 15-наар татан буулгаад шинээр бүх үүрүүд дээр шударгаар нээлттэй, ил тод сонгууль явуулж энэ намын хороог тунгалаг­жуу­лах ажлыг намын жирийн гишүүд бидэнд тулгаж, шахсан юм шүү. Ин­гээд үндсэндээ тохироонд хүрсэн. Тэгээд үүнийгээ бид баталгаажуула­хын тулд намын хороогоо хуралдуул­сан. Намын хороогоороо тэр эв нэгд­лийн гэрээг батлаад есдүгээр сарын 15-наар намын хороо татан бууг­даад, ингээд шударга сонгууль явуулж, Дархан-Уул аймгийн ардчилсан нам шинэ нүүр царайг бий болгоно, хүлээн зөвшөөрөгд­сөн намын удирдлагаа сонгоно гэсэн зорилгоо тохирсон. Ийм л асуудал болсон. Бид Ерөнхийлөг­чийн сонгуульд ялсан. Нэгдэж ороод ялсан. Харин ялалт бай­гуулс­ны да­раагийн долоо хоногт намайг тодорхой дарамтанд оруулж намын даргаас буух өргөдлийг хүчээр бичүүлсэн юм.

-Тэгээд нөгөө гэрээ яах юм?
-Энэ эв нэдлийн гэрээг байгуулсан цагаас хойш л над дээр маш их дарамтууд ирсэн. Өөрөөр хэлбэл “Бурхан Халдун” компа­нийн захирал Мөнхдаш, хуучин намын дарга байсан Мягмардаш, дэд дарга энэ Гантулга, тухайн үеийн хэрэг эрхлэх газрын дарга Энхжаргал энэ хүмүүс үндсэн­дээ намын хороогоо барьж байдаг, бүх хорыг нь хийдэг хүмүүс л дээ. Дар­­ханд байж байгаа намыг “хувь­чилж” авсан хүмүүс байхгүй юу. Эд нарын зүгээс шахалт дарамт үзүүл­сэн. Намайг Ардчилсан намын дар­гаас буух өргөдлөө өг гэсэн. Гол зо­рилго нь тэр гэрээг эрх зүйн чадамж­гүй болгохын тулд намайг буулгах явдал байсан юм. Дараа нь гэрээ­ний бас нэг тал болох Баянмөн­хийг на­маас нь хөөсөн байсан.

-Тийм дүрэмгүй тоглогчидтой, дээр нь өөр газар зартай хү­мүүстэй хэл үгээ ололцох амар­гүй биш үү?
-Би ойлгуулахыг хичээсэн. Нам бол ямар нэгэн компанийн өмч биш ээ. Хоёрдугаарт, та нар зөвхөн намын хороон дотроо улс төр хийгээд байна. Өөрсдийн ойр байсан 40-50 хүмүү­сийн хүрээнд нам гэж бодоод байна. Энэ тийм биш юм байна. Багийн засаг даргын сонгуульд өрсөлдөхөд 18 баг дээр нэг ч суудал авч чадалгүй сууж байна. Бүр аймгийн ардчилсан намаас шүү дээ. Улсын хэмжээний хоёр дахь том хотод нэг ч суудал авч чадахгүй ялагдаж байгаа байхгүй юу. Тэгээд би хэлсэн юм. Ерөөсөө ийм  улс төр хий­хээ болих хэрэгтэй. Та нар ч хожих­гүй, Ардчилсан нам ч хожихгүй. Хам­гийн том хохирогч нь аймгийн ард ир­гэд болоод байна. Бид ийм арчаагүй, сул дорой байгаа учраас МАН-д бай­гаа хэсэг бүлэг олигархиуд энэ айм­гийг чинь үндсэнд нь базаад авчихжээ. Та нарыг намын хороогоо хувьчлах гэж ядаж байх хооронд Дархан-Уул аймгийг чинь тэд нар хувьчлаад өөрийн болгоод дууслаа. Цаг хугацаа бидэнд байхгүй. Даруй шинэчлэгдэх хэрэгтэй гэж би хатуу шаардсан. Харамсалтай нь ойлгохгүй юм байна лээ. Яагаад гэхлээр зөвхөн тэр намын хороогоо барихын тулд тэрбум гаруй төгрөг зарсан гэдгээ тэд өөрсдөө ярьдаг. Тийм учраас асар их хөрөнгө зарцуулсан учраас эрх ашиг нь төдий чинээ өндөр яригдаж байгаа юм байна л даа. Улс төрийн хариуцлага гэж байх ёстой. Соёл гэж бас байх ёстой. Удаа дараа орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн удирдлагууд ёс зүйгээрээ халагдах өргөдлөө өөрсдөө өгөх ёстой. Эргээд харахаар манай Ардчилсан намын үндсэн дүрэмд хариуцлагатай заалтыг оруулах шаардлагатай гэж би харсан. Юу вэ гэхээр орон нутгийн сон­гуульд ялагдвал тухайн орон нутгийн намын дарга, хэрэг эрхлэх, дэд дарга нар, удирдлагууд, зөвлөл­дөх зөвлөл нь автоматаар огцордог байх энэ дүрмийг заавал оруулж өгөх ёстой юм байна. Тэгэхгүй бол ялагд­сан ч гэсэн ингээд л хөрөнгө мөнгөөр бариад байх, ардчиллыг өмчлөөд бүр нэг компанийн өмч шиг, нэг хүний өмч шиг байлгаад байх байдал арилахгүй юм байна. Нөгөө талаараа ингэж байж илүү хариуцлагатай ажиллана. Яагаад гэхээр улс эх орны хөгжил, орон нутгийн хөгжил энэ юм бол хэн нэгэн орж ирж суралцаж хийдэг, алдаа гаргах боломжтой зүйл биш. Суралцах юм ерөөсөө огт байхгүй. Энд бол ганцхан сонгогдоод л явна, чадахгүй бол ажлаа өгөх ийм зарчим л үйлчлэх ёстой.

-Та ухарч няцах аргагүй бай­далд оржээ. Ингэхэд таны ард хэн байна. Энэ бол аль ч ут­гаараа гоё асуулт гэж би бодож байна. Нөгөө хүмүүсийн ард компани, олон жил сайн муу нөхөрлөчихсөн нөхдүүд, бол­сон болоогүй ч түүх нь байна. Таны ард хэн байна?
-Миний ард ардчилалд итгэж байгаа, ардчиллын үнэт зүйлсэд итгэж байгаа Дархан-Уул аймгийн ард иргэд байна. Мөн үзэл бодлоороо нэгдэж, түрлэг өгч буй Орхон, Шарын гол, Дар­хан, Хонгор сумдын намын удирдлага, гишүүд, Аймгийн ардчилсан залуу­чуудын холбоо, аймгийн Ардчилсан хол­боо байна. Биднийг ганц нэгээрээ байхад дарамталж болно. Олуу­лаа болоод гар гараасаа барил­цаад ирэ­хээр дарамтлаж чадахгүй. Тийм уч­раас би зоригтой байгаа. Дарханы Ард­чилсан намыг нам шиг нам болгоно. Биднийг эмхэрч цэгцрэхийг хүлээж байгаа. Тийм учраас бид өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэдэгтээ бол би итгэлтэй бай­гаа. Үүний төлөө тууштай тэмцэнэ. 

-Миний харж байгаагаар Наран­баатар гэдэг залуу ахиад л эрс­дэл хийгээд тууж явна. Тэгэ­хээр Дарханы Ардчилсан нам өөрсдийн үнэт зүйлээ эргүүл­сэн олж авч, хөл дээрээ бат зогссоны дараа эргэн уулзъя даа. Та чадах байх. Яагаад ч юм итгэж байна. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn