Ард түмэн дан дээлтэй даарч явахад тэд давхар дээлтэй халхалзаж байна
2014 оны 4 сарын 22 [Уншсан тоо: 206136]
.....Юм их хачин хувьсаж өөрчлөгдөх юм. Байрь суурь гэх ойлголтыг хатуу ойлголт гэж үзэх бүтэн бололцоогүй ч сүүлийн үед энэ зүйл хаа хаанаа шингэн ундаа лугаа адил урсаж уусаж, хувирч өөрчлөгдөх нь үзэгдлийн хэмжээнд очжээ. Цахим мэдээлийн чөлөөт орон зай дахь хуйларсан их урсгалыг ажихуй дээрх сонин үзэгдлийн гайхшрам дүр төрхийг та төвөггүй олж харна. Манай твиттерчид жишээ нь давхар дээлээр бол олон сар амьсгалсан даа. Бүгд л амаараа тайлж шидээд байсан. Гэтэл сүүлийн хэдэн өдрийн дотор төрөл арилжам өөрчлөгдсөн нь сонин. Хэдийгээр энэ зах хязгааргүй талбарыг найдвартай эх сурвалж гэж үзэх онолын бололцоогүй ч би хувьдаа нийгмийн нэг хэсгийн байрь суурь, үзэл санааны илрэл гэж хардаг. Монголчуудын сэтгэл зүйн өвөрмөц онцлог сэлт бүгд тэнд буй. Тэр бүр юу юуны туханд хүрэлгүй дагаж хуйнардаггүй, бодож дуугардаг, төвшин дуу хоолой ховордож, гулгаж тэшсэн, ийш тийш үсчиж самарсан, ойворгон дүр төрх элбэгшсэн нь харамсалтай л харагддаг. Энэ илрэл л сүүлийн өдрүүдэд шилний хагархай шиг л хурцаар гялалзаж байна. 

За, энэ яахав. Давхар дээлний хэрүүл ид хүчээ авч байнаа. Уг нь шинэ сэдэв биш л дээ. Өнөөгийн эрх барьж буй Засгийн газар дээр л илүү тод тусч, илүү сэдэв болж, илүү үймрэл үүсгэж байх шиг. Энэ нь учиртай. Нийт 19 гишүүнтэй танхимын  17 нь УИХ-ын гишүүн байна. Энэ 17 бараг 100 хувьтай тэнцэж байна.  Урьд өмнөх давхар дээлтэй Засгийн газрууд ч ийм харьцаатай байгаагүй. Энэ удаа бол баланс хэт алдагдсан нь үнэн. Давхар дээлтэй нь байлаа байлаа гэхэд Н.Алтанхуягийн Засгийн газар шиг ингэж даналзсан нь үгүй шүү дээ.

Парламентын засаглалтай орны парламентын гишүүд давхар дээлтэй сайд нарын сүүдэрт давжаарч, бүлгийн хурал дээрээ ч, байнгын хорооны хурал дээрээ ч байнга дарамтлуулж, хэн ч биш “явах” юу нь таатай байх билээ. Гишүүдийн цээжинд бол энэ зангираа  үеийн үед л явж ирсэн зүйл. Эрэмбийн хувьд ч төрт ёс ингэж жижиглүүлж байх нь зохисгүй зүйл учраас тэдний бухимдал зүй ёсных. Гол нь  төрийн үндсэн нуруу болох суурь зарчим маань давхар дээлний балгаар сульдчихаад байна. Энэ бол УИХ нь Засгийн газраа хянах ёстой тэр зарчим, тэр хуулийн зохицуулалт юм. Харин одоо энэ зарчим алдагдчихаад байна. Засгийн газар нь УИХ-ынхаа магнайг малгайгаараа дарчихаад л байж байна. Төр өөрсдийгөө хянах хяналтгүй болсон. Тусгай үүрэг бүхий хүчний байгууллагуудыг ч Ерөнхий сайд маань нэр ус зааж байгаад зандарчихаад л сууж байдаг болчихлоо. Зарим сайд нь харъяа агентлагаа дагавар хүүхэд шигээ хялалзаж, бүр дайтаж байдаг болсон. Энэ мэт моралийн хямрал дагасан шүүмжлэлийг тоочоод байвал цаас цаг үрсэн юм болох биз. Зарим сайд нь бол танхим дээрээ ч биш тэнгэр газрын савслаган дунд л оршдог болсон шүү дээ. Хуралдаа ирнэ үү, гээд дуудуулахад өнөөдөр тэнгэр намайг очоод хэрэггүй гэж хэллээ гээд ирдэггүй сайд байна. Төрийн ажил нэг иймэрхүү л маягтай явж байна.

.....Энд нэг зүйлийн тухай зориуд хөндөхгүй бол болохгүй нь ээ. Уншигч та нухацтай бодож тунгаагаарай. Зуд болохоор нохой зоолно гэж эртний үг бий. Засаглалд хямрал нүүрлэнгүүт, төрийн институциуд хоорондоо үзэлцээд ирэнгүүт дунд нь тоглож ашиг хийдэг салбар бас бий болоод авлаа.Элдэв судалгааны төвүүд л гэнэ, элдэв пиар агентлагууд л гэнэ, элдэв сайт, сонины эзэд л гэнэ. Одоо бүр бүлэг фракцийн зохион байгуулалтад орсон төдийгүй эрээ цээргүй наймаалцаж байдаг хар захын ажилчид болон хувирчээ. Сэтгүүл зүй хэмээх энэ их айл нийгмийн дунд дөрөвдэх  засаглал гэх том өргөмжлөлтэй явж ирсэн. Тэр хэрээрээ нийгэм хүндэтгэдэг байсан л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл түмэн олон түүний талд л явж ирсэн, өөрөө ч энэ салбар түмэн олныхоо талд л амьдарч ирсэн гэсэн үг. Энэ оршихуй эдүгээ эвдрэл хэмхэрэлд автчихлаа. Яагаад одоо ингэтэл онцолж байгааг уншигч авхай та лавламаар байгаа байх. Хэвлэл хэзээ ч Засгийн газартай нэг хэвтэрт нийцдэггүй жамтай юм. Эрх мэдлийн эсрэг ажилладаг хамгийн том хяналтын систем нь сэтгүүл зүй байж ирсэн түүхтэй учраас жам гэх үгийг энд би ашиглаж байгаа юм. Энэ хүртэл явж ирсэн буурал түүх маань эдүгээ нэлээдгүй хэлтийчихлээ, хиртчихлээ. Энийг бид өөрсдөө хөндөхгүй бол болохоо байсан байна. Ам болгон биднийг тургиж, хэл болгон бидэн рүү л гозгонож байдаг боллоо. Одоо газар хөдөлсөн ч гайтай сэтгүүлчдээс болсон гэх нь халаг хараалгаж байгаа салбар сэтгүүл зүй болоод байна. Буруутан нь ердөө л бид өөрсдөө. Гэхдээ би яг фронт дээр эзэд, түүний тохоон томилсон менежерүүд буюу эрхлэгч нарын зангаан дор өдөр шөнөгүй зүтгэж яваа жирийн сэтгүүлчдээ хэлээгүй шүү. Тэд бол гүйцэтгэгчид. Тэдэнд удирдлагуудын тавьж өгсөн нотоор л тоглох үүрэг байдаг. Өөр хөгжим дуугаргах эрх байхгүй.

Одоо манай сонин, сайтууд Засгийн газарт хайр зайрлаж, засгийн газрын үнэнч сурталчингууд, төрөөс хумсалсан хулгайн мөнгөөр санхүүжигчид болон хувирчихаад байна. Бүр мафижсан гэж ч хэлэхэд буруудахгүй. Сүүлийн жилүүдэд манайд эрчимтэй хөгжиж байгаа сошиал медиа-г ч тэд залж байдаг болсон. Үүгээр дамжуулж Засгийн газар өөрсдийн байр сууриа тулгаж, цөөнх болгоныг “хядаж” байна. Одоо бодит байдлыг харвал сошиал ертөнц ч давхар дээлний асуудал дээр ЗГ-ыг түлхүү дэмжиж байх шиг. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг Засгийн газар худалдаж авсаны л дохио. Их хэмжээний мөнгө цутгаж байгаа мэдээ ирэвч хараахан тэр том тоо батлагдахгүй байна. Харин сонин болгон дуугаа хураасан нь батлагдаж байна. Гэвч мөнөөх жирийн сэтгүүлчдийн авдаг багахан цалин хэвээрээ. Амьдрал ахуй нь тарчигхан янзаараа. Бидний амьдрал ийм л байна. Нарийн яривал сэтгүүл зүй цөөнхийн нөмөр нөөлөг нь байх үүрэгтэй. Хэн байр сууриар хавчигдаж байна, хэний дуу хоолой хаагдаж байна тэрний л дуу хоолой байх ёстой. АН-ыг улаан трактороос өөр унах унаагүй байх үед бид улаан дарцаг шиг л тэдний талд дэрвэж явлаа. Уянга, Магнай нарыг уйлж явахад урдуур нь ороод бид бамбай нь болж явлаа. Хүчтэйн талд биш хүчгүйн талд хүнлэгээр зогсдог байлаа. Одоо гэвч бүх юм эсрэгээрээ эргэжээ. Бидний төрх төлөв ийм л болж хувирсан байна. Засгийн газар ирж л байдаг, явж л байдаг. Тэд бол явуулын улс. Явуулын улстай ингэтэл нялганах хэрэг манай сэтгүүл зүйд юу байна вэ. Бид чинь үлдэх улс шүү дээ. Энийг л хэлэх гэсэн юм аа.

.....Өөр нэг жигтэй мэдээ ирээд байна. Ардчилсан намаас давхар дээлийг тайлуулъя гэж саналаа өгсөн дөрвөн гишүүнийг намаас нь хөөх асуудал яригдаж эхэлсэн сураг ирж байна. Х.Баттулгыг дайрсан төлбөртэй нэвтрүүлэг ТВ-үүдээр цацагдав. Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт нарын нэр хүнд рүү халдаж эхэллээ. Уг нь энэ дөрөв бүлгийн шийдвэрээсээ зөрж, эсрэг санал өгсөн нь парламентад ардчилал байгаагийн илрэл гэж ойлгох ёстой юм л даа . Гэтэл Ардчилсан нам тэр дөрвийгөө шахаж хавчиж байх юм. Цахим орон зайн тоглогчид шавар намгаар шидэлж байх юм. 2004 оны сонгуулиар билүү дээ, АН Р.Амаржаргал Я.Санжмятав  нарыг  намаасаа хөөж, тэд нь бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байсан. Нам шиг гишүүн Р.Амаржаргалыг л нам нь хөөж байв шүү дээ. Намын гишүүдээ хөөж туусны үр дүнд Эрэл, ИЗНН- ын “ЭХ орон ардчилал” эвсэл байгуулагдаж, тархай бутархай намуудтай ЗГ байгуулж байсан. Чингээд ч зогсохгүй УИХ-д бүлэггүй болж, МАХН-ын бүлэгт дагаар орж, 62-ын бүлэг үүсгэж явсан гашуун түүх бий. Энэ түүх бидэнд олон юмыг хэлдэг. Эргэж давтаж л болохгүй. Эрх барихаараа л годгоноод унадаг улс юм даа гэж эднийг олон түмэн өнөөдөр ярьж эхэллээ. Олны үг оргүй биш шүү.

....Жирийн иргэд бол улс төрийн хөшигний арын нарийн ширийнийг мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй байсан. Одоо харин монголын гол сэдэв улс төр болжээ. Бүгд л бүлт бүлт үсэрсэн дүгнэлтүүд хэлж суух. Улстөрчдийг сурагаар л харааж зүхэж байх нь энүүхэнд болсон байна. Тэд монголын гол дүр болсны л нэг илрэл байх. Энэ бол тийм ч сайхан зүйл биш. Учир нь бидний амьдрал тэдэнтэй тэдэнгүй баян. Мэдээллийг түгээх урсгал хэт балансаа алдсанаас болж энэ бүхэн болж байна. Өнөөдөр бид монголын тамирчин дэлхийгээс алтан медаль аваад ирснийг бахдан ярихаас илүү Норовын хүү яаж будилж буйг л ярьж суудаг болсон байна. Энэ их хэлтийлтэд тэр өөрөө мөнгө оруулж, хүч тавьж байгаа нь үнэхээр үнэн бол хэтэрхий харамсалтай явдал юм. 

....Үнэхээр улс төрийн өнөөдрийн энэ бужигнааныг уншмаар байгаа бол бид огт өөрөөр унших ёстой санагдана. Х.Баттулга гэж нэг “дайсан” гарч ирчихээд эрх ашгийн зөрчлүүд дээр ил гарч ирж өөрөө гал атгаж байгаа бол тэрийг яаж харах ёстой юм. Би хувьдаа цаад угшил гарвал, далд өнцгийг нь л илүү тэмтэрмээр санагдах.

Х.Батулга бол МоАХ-ны бэлэг тэмдэг. МоАХ-ны удирдагч. Энэ хүн хүссэн ч эс хүссэн ч МоАХ-ныхаа л үзэл санааг тээнэ. Энгийншүүлээд хэлбэл МоАХ-ныхоо л үгийг сонсоно. Тэр тэндээс ямар нэгэн бодлого сонсолгүй тонгочино гэж үү. Ингэж харвал дэндүү гэнэн явдал болох биз. Би хувьдаа түүнд “16 он гэсэн нэг товыг 14 болго” л гэсэн даалгавар өгөгдсөн байна л гэж харж байна. МоАХ бол үнэн хэрэгтээ ганцхан л тэнгэртэй шүү дээ. МоАХ ч ганцхан тэнгэртэй, АН ч ганцхан “хаан” тай. Энийг цааш нь тайлбарлалтгүй биз. Алтанхуяг АН- д ялалт авчирсан л гэнэ. Үнэн хэрэгтээ МАХН хоёр тасарч, МАН тарж бутарсны л үр дүн шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтад ч намын даргын гавъяа гэж орилоод байх юм байхгүй. Ногоон дээлтэй Удвал санал хувааж байж л ялсан. Элдэв хошигнолгүй хэлчихэд эх хүний ач оломгүй билээ. 

МоАХ гэж фракц байшингаар бол АН-ын нуруу. Сайн нэргүй, сайн намтаргүй, сайхан амьдралгүй энэ хэсэг бол үргэлж гудамжинд л амьдарсан хэсэг. Би ч заримдаа тэднийг сүрхий шүүмжилдэг. Гэхдээ уяраад бодохоор тэдэнд ч гэсэн ажил алба хашиж хүн шиг явах тэмүүлэл яагаад байж болохгүй гэж өөртөө хэлдэг. Залуу насаа зольж явсных нь төлөөс гэж юм байдаг бол байх шүү дээ гэж заримдаа боддог. Ийм л юм. Эдэнд нэг л том чанар байдаг. Эд том эрх ашгийн төлөө бол мөрөө тавьж өгөөд л гишгүүлдэг. Завсрын хурц нартай үед бусад нь ордонд заларч явахад тэд хашааны гадаа нооргор хэвээрээ л ямар ч гомдолгүй зогсч чаддаг. Тэгэхээр ийм фракцын хөдөлгөөнийг дэмий зүйл гэж харах алдаа болно.

....Ерөнхийлөгч хэрүүл маргааны бай болж буй энэ хуулийн төслийг өргөн барьсан. Энэ бол Засгийн газарт сэтгэл гонсгор байгаагийн л дохио. Шууд хэлэхэд давхар дээлтэй танхим даанч урагшгүй ажиллаж байна гэж үзсэний л илрэл биш гэж үү. Би ингэж л харж байна. Харин та ?

....Бас Шинэчлэлийн Засгийн газрын дотор ан цав үүсчээ гэж үзэж байна. Эвссэн нөхдүүд нь дотроо талаантай байна.  “Шударга ёс” эвслийн Д.Батцогт, О.Баасанхүү, Л.Цог, Ц.Оюунбаатар нар мөн л шууд эсрэг санал өгч байна. Шадар сайд Д.Тэрбишдагва бүлтгэнэж байгаад арга буюу бултчихаж байна.  Д.Батцогт нь  бүлгээсээ гараад явчихлаа. Араас нь ганц хоёр гишүүн гараад алхвал эвслийн бүлэг задарлаа. Эвсэл задарвал юу болох нь ойлгомжтой. Одоо тэгээд яавал зохилтой вэ. Бид бие биенээ намнаад л, хий цуураад л, энэ эрх ямбан дээрээ тарвалзаж байгаа улс төрийнхний тоглоом нь болсоор л байх уу.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn