Ш.Ганболд: Шинэчлэлд саад болж байгаа хүн нь сайд өөрөө болж харагдаад байна
2014 оны 5 сарын 14 [Уншсан тоо: 230125]
Өнөөдрийн улс төрд өрнөж буй олон үйл явдлуудын дотроос Хуулийн шинэтгэлийн явц, батлагдсан зарим хуулиуд, түүний тусгал салбартаа хэрхэн яаж тусч буй нь хүмүүсийн  анхаарлыг ихэд татаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн хурандаа Ш.Ганболдыг урьж ярилцлаа.

-Юуны өмнө ярилцлага өгөхийг арай гэж зөвшөөрсөн явдалд талархаж байна. Та бол нийгэмд тэр бүр ил гарч байр суурь илэрхийлдэг хүн биш. Ер нь цагдаагийнхан тэр талдаа маруухан. Таныг хайх олон шалтгаан бол үнэхээр байлаа.

-Ямар?

-Та энэ байгууллагад бараг 30 жил ажиллаж байгаа алба хаагч. Цагдаагийн дээд түвшний офицеруудын нэг. Яагаад ажлаас чөлөөлөгдөх “дүн” тавиулчихав аа. Нэлээн олон сар өнгөрсөн болохоор хувийн дүгнэлтээ хийгээ байлгүй дээ?

-Анх салбарын сайд ирээд хэлсэн нэг үг бий. Нэгд, улс төрөөс хол бай. Хоёрт, эрүүгийн гэгдэх элементүүдээс хол бай. Гуравт, эдийн засгийн бүлэглэлүүдээс хол бай гэж.

-Х.Тэмүүжин сайд уу ?

-Тийм.

-Нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн юм уу?

-Удирдах албан тушаалд томилогдож байгаа офицеруудад. Бид энэ үгийг маш хүндэтгэлтэй хүлээж авсан. Энэ бол нийгмийн захиалга юм байна гэж хүлээж авсан юм. Миний ажлаас өөрчлөгдсөн шалтгаан бол тэр сандал ч биш л дээ. Асуудал зүгээр л ховоор явчихсан. Удирдагч хүний нэг чадвар байх ёстой юм. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө тухайн хамт олныг нэгтгэж явах ёстой юм билээ. Хувааж, хагалж биш. Бодлого, зорилтынхоо дор нэгтгэж, зангидаж явах сайд маань одоо бол дандаа хуваагаад яваад байна л даа. Хэн намайг дэмжиж байна. Хэн миний эсрэг байна гээд л дүгнэлтээ дандаа хувийн мэдээлэл, таамаг, хар сэрэн дээр тулгуурлаж гаргаад байгаа. Энэ хүнд очиж хошуугаа худалдаж, бусдыг гүтгэж гүжирдэж, хутган үймүүлж яваа улсууд бол тэр хүний жинхэнэ дайснууд нь юм билээ. Харин ажил үүргээ чимээгүй гүйцэтгэж яваа, салбарынхаа хувь заяаны төлөө өвдөж, адлуулж яваа бие бүрэлдэхүүн бол тэр хүний түшиг тулгуур. Үүнийг л энэ хүн олж харахгүй, харахыг хүсэх ч үгүй байна. Нөгөө алдарт сандлын асуудлын тухайд бол. Энэ асуудал их олон яригдаж хэлэлцэгдсэн байдаг. Агуулга нь юу вэ гэхээр надад танилцуулж байсан  хүмүүс энэ хэрэгтэй, энэ сандлыг тараая, хөдөө  орон нутагт ганц нэгээрээ үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид хэрэг зөрчлийг таслан сэргийлэх ажиллагаан дээр буруудах явдал их байна. Бүх газарт эрүүлжүүлэх байхгүй шүү дээ. Тэгээд хүч тэнцвэргүй байдал үүсдэг. Аргаа бараад паарнаас гавлачихдаг. Шонгийн модноос хүлчихдэг. Тэгээд л янз бүрийн асуудлууд гардаг. Энийг яг фронт дээр, тэр хөдөө бөглүү сууринд ганц нэгээрээ үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдаас өөр хэн ч ойлгохгүй.

-Гэхдээ тэр сандал чинь технологийнхоо шийдлийн хувьд тийм аймаар эд юм уу. Тог мог цохьдог ч юм уу, тийм юм байна уу. Бусад улс оронд хэрэглэгдэхээ байчихсан юм биш үү. Яргын сандал гэж хүртэл нэрлэгдсэн шүү дээ?

-Аль ч талаараа тийм биш.

-Та өөрөө яг үзсэн үү. Сандалнаас болж огцорсон хүн биз дээ?

-Яг үнэндээ би хараа ч үгүй. Гэхдээ би уншиж танилцсан. Бусдын амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулахаар биш хэрэгсэл биш. Нэг талаасаа хүний эрхийг зөрчсөн эд юм шиг харагдавч, нөгөө талаасаа хүний эрх, амь нас, бусдад хор хохирол учруулах үйлдлээс сэргийлэх л хэрэгсэл. Хоёрт, тэр сандал нэг ч нэгжид ашиглагдаагүй.

-Тэгвэл та сандлын асуудал дээр шийдвэр гаргалцсан субьектын нэг мөн юм уу?

-Үгүй.

-Сонин юм. Ингэхэд “сандал” гэж нэг сэдэв гаргаж ирээд, золиосонд хэн нэгнийг гаргах шаардлага гарчээ. Тэр нь та байжээ дээ?

-Тийм.

-Ер нь танай баг шахаанд ороод, зөвшилцөж байгаад “Чи яв даа” гэсэн юм биш үү?   

-Тийм юм байхгүй ээ. Яалаа гэж. Тэр надгүйгээр болж байгаа асуудал.

-Тэгвэл “Энэ Ганболдыг явуул” гэж заах шалтгаан нь юу юм?

-Хов. Жаахан дэлгэрүүлээд хэлэхэд  шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхдээ уламжлал шинэчлэлийг хослуулаад  савалгаа ,хохирол  багатай явъя л гэсэн юм. Уг нь энэ цагдаагийн байгууллагын хуулийн эхнээсээ явж байсан концепци юу вэ гэвэл нэгд, цагдаагийн албаны үйл ажиллагаануудаас нийтэд ил болгож болох юмыг нь нээлттэй ил болгоё. Хуулиндаа үүнийг оруулъя. Хоёрт, бүх үед үргэлж буруутгагдаж, нийгмийн зодуур болж байдаг энэ алба хаагчдаа, нийгэм, улс төр эдийн засгийн савалгаанд тэсч үлдэх дархлаатай болгоё л гэсэн юм. Гэвч энэ концепцийг замд нь хутгаад, хорлоод явчихсан. Нэг үзэхэд л нэг өгүүлбэр, үсэг, нэг ойлголт өөрчлөгдчихдөг. Энэ яав, юу болов гэхээр сайд хийсэн л гэдэг. 92 жилийн түүхтэй энэ айлыг савчуулалгүйгээр, ашигт үйлийн коэфциэнтийг нь дээшлүүлье гэж л явсан. Гэтэл бүх зүйл эргэчихсэн. Тэр сандал дээр гэхэд асуудалд үнэхээр шударга бус хандаж байгаа юм. Өмнө нь хэлсэн гурван зүйлээс хол бай гэсэн сайддаа итгэж дэмжиж явтал,худлаа яриад, хуураад, хэлж, хийж байгаа нь зөрчилдөөд байсан. Хамгийн их дэмжээд, хамгийн их барьж гүйж байсан улсууд одоо таг. Би тэрэнд оролцоогүй гэдгээр шалтаглаж хариуцлагаас зугтах эрх надад байхгүй. Зүгээр, энийг тараая. Энэ хэрэгтэй гэж ярьж байсан улсууд яг тэр байр сууринаасаа 100 хувь эргэчихээр л би гайхаад байгаа юм. Дээр нь манай бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг дайчилсан асар том буруу эргүүлэг явсан.  Энэ тухай шүүх дээр ч хэлсэн. Нэг сонин юм ярья л даа. Өмнөд хөршийн хүчний байгууллагын улсууд хэлсэн байна билээ. Та нар яргын сандал Хятадаас авчирлаа гээд л улс орноор нь хүртэл дайрч давшиж шуугих юм. Тэгж ярих юм  бол бид наадахыг чинь нь та нарын шүтдэг тэр Америкаас чинь лиценз, патентаар нь худалдаж авсан юм. Америкийн патентаар хийсэн эд шүү дээ. Тэгээд та нар тэр америктайгаа ярихгүй манай улсын нэр хүнд рүү халдаад байх юм аа гэж.

-Хэцүү үг байна шүү. Гэхдээ яг энэ шинэчлэл гэдэг зүйл юу болоод хувирчихав аа. Олон талын үр дүн гарах ёстой шүү дээ.


-Энэ шинэчлэлийн талаар нэг хүн “Эмч мэргэжилтэй хүн хагалгаа хийх шаардлагатай. Би чадна  гээд мэс заслын ширээн дээр хүн гаргаж  хэвтүүлээд, хэвлийг нь нээчихээд, одоо яах билээ гэх мөртлөө, хажуугаас нь хэлэхээр, би мэдэж байна гээд үгэнд орохгүй байгаа хүнтэй адилхан болчихоод байна” гэж интернэтэд их л онож бичсэн байна лээ дээ. Өөр нэг өнцгөөс цагдааг гоочилдог. Зөвлөлт маягийн системтэй гэж. Гэхдээ бид Зөвлөлтийнхийг авахдаа монголд өөрийн гэсэн хэв шинжтэйгээр нутагшуулчихсан юм билээ.

-Цагдаагийн алба хаагчидтай анх уулзахдаа Хууль зүйн сайд нэг мэдэгдэл хийсэн гэдэг. Би ОХУ-д төгссөн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахгүй ээ гэж.


-Тэгсэн.

-Энэ үгийг нь ойлгохгүй байгаа хүмүүс маш олон гарч байсан. Энэ мэдэгдлийнх нь тусгал тань дээр бас гарчихсан юм биш үү?

-Тэр нь ч үгүй байх аа. Харин манайхаас жил бүр ОХУ- руу хүмүүсээ явуулж сургадаг юм. 2013 онд явах  хүмүүсийн визийг олгохгүй нэлээн удсан. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр танай Хууль зүйн сайд ингэж ингэж мэдэгдсээн гээд. Ер нь бол багш хүн оюутнуудад юу ч ярьж болохоор юм билээ. Төрийн сайд хүн, УИХ-ын гишүүн хүн бол хөрш орнууд руу хөндсөн хамаа намаагүй юм ярьж болохгүй юм билээ.



-Миний авсан мэдээллээр та үндэслэлгүй ажлаас халагдсан тухай гомдол гаргаж, шүүхийн бүх шатанд хэлцэгдээд шийдвэр гарсан байна лээ. Хэдэн сарын турш явагдсан процесс вэ. Одоо та эргээд ажилдаа орох уу?

-Эхний шатанд нь ялаад, дараагийн шатанд ялагдаад, гурав дахь дээр нь ялсан. Нэг шүүгч надаас асууж байсан. Энэ сандалны асуудал үндэсний хэмжээний дуулиан шуугиан тарьжээ. Та сайдад яагаад энэ сандалны талаар танилцуулаагүй юм бэ гэж. Тэгж яривал сандалнаас илүү манайд галт зэвсэг хэрэглэдэг. Гав хэрэглэдэг. Бүр дөрвөлжин хүлэг ч бий.

-Ямар аа?

-Дөрвөлжин хүлэг. Улсын ерөнхий прокурор баталсан хүлэг хэрэглэж болох тухай журам бий. Бид буу сум, галт зэвсэг тараахдаа тэр болгон сайдад танилцуулдаггүй. Хоёр бороохой тараачихлаа, сайд аа. Таван сум руу  гав өгчихлөө, сайд аа гэж   мэдэгддэггүй. Энэ зүгээр л явдаг процесс. Хууль журам, практик нь энэ. Яахав, би шүүхээр явлаа. Хувь хүнийхээ хувьд хохирол, гомдол бий. Манай садангийн хөгшин хүртэл утасдаад “Хүү минь чи юу болчихов оо. Насаараа энэ албанд зүтгэчихээд одоо ямар гээчийн ял зэмд уначихав аа” гээд сэтгэл нь шаналаад хэлж байх жишээтэй. Миний энэ яахав ээ. Гол нь асуудалд хуулийн дагуу мэргэжлийн үүднээс, хандахын оронд зүгээр л сонирхогчийн дүрээр тоглоод л, баахан шоу хийчихэж байгаа нь үнэхээр аюултай байна. Сандлын асуудал бол ердөө л энэ. Бас л олон нийтийг хуурсан, үнэнд гүйцэгдэхээс эмээсэн “тархи угаасан” хичээл болоод л өнгөрлөө.

-Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийг та хичээл гэж харж байгаа юм уу?

-Шинэчлэл хийсний үр ашиг, үр дүн гэж байх ёстой. Нийтээрээ сайн сайхан болно гэсэн урам зориг, итгэл үнэмшилтэй байх ёстой. Томоор нь харах юм бол, нэгдүгээрт бидний сонгосон нийгмийн  шаардлага болох хүний эрхийг хамгаалж, хүнд чирэгдэлгүй болж байна уу. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлыг хангахад ахиц гарав уу. Гуравдугаарт, улс орны эдийн засагт ашигтай  байж чадав уу. Дөрөвдүгээрт, хуулийн салбарын ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулахгүй байж чадав уу гэх зэрэг олон асуудалд хариулт хайвал ”муу” тавихаар л байна. Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, өмнөх сайд, УИХ-ын гишүүд, Улсын ерөнхий прокурор, судлаач эрдэмтэн, доктор академич, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг олон хүмүүс Х.Тэмүүжин сайдын алдаа дутагдалыг нь хэлээд л байгаа. Ажил амьдралаа сайн сайхан болгоё, шинэчлэе, нийгэм, үр хүүхдээ амар тайван аж төрөх нөхцөл бололцоо бүрдүүлэхийг эсэргүүцэх нэг ч хүн байхгүй. Товчхондоо шинэчлэлийг эсэргүүцэх хүн байхгүй шүүдээ.

-За, шүүхийн шийдвэр гарчээ. Одоо та яах вэ. Халах тушаалыг хэн гаргадаг юм?

-Сайд.

-Сайдад шүүхийн шийдвэрээ хүргүүлэв үү?

-Энэ бүх юм тодорхой хугацаатай. Процедуртай. Тэр журмаараа явах байх. Хуульд бичигдсэн дэс дарааллаараа явах байх.

-Та чинь ЦЕГ-ын тэргүүн дэд даргаас халагдсан билүү?

-Тийм.

-Дараа нь та ЦЕГ-ын даргын зөвлөх байсан юм биш үү?


-Зөвлөхөөс ч бас чөлөөлөгдсөн.

-Зөвлөхөөс яагаад халагдчихаж байгаа юм?

-Орон тоог нь байхгүй болголоо гээд л...

-Хөгжилтэй юм.

-Танд л хөгжилтэй байгаа юм байлгүй дээ.

-Ер нь бол цагдаа нийтээрээ л гутралд байх шиг байна л даа.

-Гундуу, бухимдалтай байна. Мэргэжлийн итгэл үнэмшил, урам зориг үгүй боллоо. Нэг л шүншиггүй болчихлоо. Сайд нь янз бүрээр л хэллээ, доромжиллоо. Одоо ч дайрч давшлаад л байна. Алба хаагчдын төрд итгэх итгэл, иргэдийн хуулийн байгууллагад хандах хандлага яаж  өөрчлөгдөж байгааг анзаарахгүй байна. Шинэчлэлийн үр дүнд  хамгийн наад зах нь лав л 300-аад цагдаагийн алба хаагчдын цалин буурч байна. Мөрөөрөө ажиллаж байгаа цагдаа хүн нэг л өдөр ар гэртээ “шинэчлэлийн үр дүнд бидний талхны мөнгө хасагдлаа” гэж хэлэх үү. Ямар ч хүний тэвчээр хязгаартай.

-Цагдаа, прокурор бол бас өвөрмөц байгууллагууд юм л даа. Хүмүүс нь тангарганд хүлээтэй.

-Тийм. Гэхдээ энэ олон мянган алба хаагчдын дунд чимээгүй эсэргүүцэл нүүрлэж байна. Чимээгүй эсэргүүцэл. Энэ их сонин ойлголт шүү.

-Өнөөдрийн энэ цагдаагийн байгууллагын эдэлж амсаж байгаа юм таныхаар яг юу вэ?

-Байгууллагын соёл, үнэт зүйл, мэргэжлийн мэдрэмж гэж юм байдаг юм. Тэр байхгүй болчихож байгаа юм билээ. Эрхэмлэдэг зүйл нь үгүй болж байна шүү дээ. Ноднин Ховдод манай нэг цагдаа буудуулсан. Санаж байна уу?

-Санаж байна.

-Тэр цагдаа өдрийн тэмдэглэлдээ юу бичсэн байсныг сонсох уу. Тэр хүүхэд 19 настай байсан. Тэгэхэд тэр хүүхэд, тэр цэл залуухан цагдаа өдрийн тэмдэглэлдээ 36 настайдаа би хурандаа болно гэж бичсэн байсан. Тийм тэмүүлэл энэ залууст байсан юм. Тэр тэмүүлэл байхгүй болж байгаа юм билээ. Бид олон жил шинэтгэл хийх гэж чадлаараа салбартаа бас чардайсан. Тэрний үр дүн гарч байсан. Өнгөрсөн цагаан сараар Өргөө кино театрын тэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа дээр нэг өвгөн ирж золгосон гэсэн. “Хүү минь чамд бас аав ээж, ах дүү байдаг л байлгүй дээ. Би өдөржин чамайг харлаа. Чи энэ сайхан сар шинэ болж байхад хэнтэй ч золгосонгүй. Өвөө нь хүүтэйгээ золгоё” гээд ирж золгосон гэж байгаа юм. Бас өөр нэг газар нэг хүн манай нэг замын цагдаад халуун савтай цай авчирч өгсөн гэсэн. Чи өдөржин энд байлаа. Харангадлаа гээд. Ингэж ягуухнаар иргэд цагдаа руугаа ойртож, ойлгож эхэлж байсан юм. Энийг байхгүй болгочихож байгаа юм билээ. Сайд нь “Та нар бүгдээрээ авилгачид, бүгдээрээ ялзарсан. Цагдаа миний хүүхдийн цүнхэнд хар тамхи авчраад шургуулж ч чадна” гээд хэдэн сар доромжилсон. Одоо согтуу хүн цагдаагийн жижүүр лүү залгаад “Хөөе, алаг машинаа явуул. Би согтуу байна. Ирэхгүй бол сайдад чинь хэлнэ шүү” гэж байна. Цагдаагийн бүтэц гээд гурвалжин зурж иргэдэд баахан хичээл заасан. Амьдрал дээр бүтэц мөөгөн хэлбэртэй болсон. Энэ юуг харуулж байна вэ. Шинэчлэлд саад болж байгаа хүн нь сайд өөрөө болж харагдаад байна.

-Цагдаад бас нэг төөрөгдөл байсан. Уучлаарай, би өөрөө бас цагдаад шүүмжлэлтэй ханддаг хүн. Та нар өөрсдийгөө төрийн цагдаа гэж андуурсан. Дуу хуур зохиогоод л юу болж байлаа. Одоо үйлчлэгч болчихлоо гээд арай уурлаад байгаа юм биш биз дээ?

-“Зөвд эхийн сүү  шиг ,бурууд илдний ир шиг байх ёстой” л алба юм шүү дээ, манай цагдаа. Хавь ойроо түйвээгээд, хутга барин дайрч давшилж байгаа хүнд “Уучлаарай би танд үйлчлэе гэх үү “ одоо.

-Ахиад нэг асуулт. Олон жилийн өмнө би “Ланд крузер, хаш хөөргийн эзэд хөрөнгөлөг хурандаа нар” гэж цуврал бичиж байсан. Одоогийн сайд энэ сэдвийг их барьж явдаг. Гэхдээ тэр үеийн тэр нэг давхарга алга болсон шүү дээ. Би хувьдаа тэгж хардаг.

-Тийм юм байсан. Цагдаа өөрөө өөрийгөө шилгээж цэвэрлэх гэж хичээж байна. Цагдаа шинэчлэгдэнэ, нийгмийн хөгжил дэвшилд дэм болно  гэсэн сэтгэл зүтгэл бие бүрэлдэхүүнд нь бий. Гэхдээ зөв бодлого, дэмжлэг үгүйлэгдэж байна.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn