Л.Болд гэх улстөрч “Бодь” хэмээх нэр ч үгүй үлдэх үү?!
2014 оны 6 сарын 13 [Уншсан тоо: 126903]
Монголын улстөрчдийг жилийн орлогоороо тэргүүлсэн гэх УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдыг өнөөдөр хэн ч “бэлэн мөнгөний машин” гэж харахаар болоод явчихлаа. Тэр тусмаа нийгмийн хөрөнгөлөг хэсгээ зөвхөн хулгай луйвраар баяжсан мэт хүлээж авдаг, хүчээр  тэгж хардаг, зөвхөн ингэж л харахыг хүсдэг хандлага бидний ёс зүйн энгийн хэм хэмжээ болсон энэ үед түүнийг өнгөрсөн жилийн орлогынх нь төлөө жигших хүмүүс ч захаас аван замаар нэг байна.

Ер нь аливаа санхүүгийн эрх чөлөөнд зорьсон хүнийг ганцхан хулгай хийж байгаад түүндээ хүрдэг гэж зөвхөн манайхан л бодож чадна шүү дээ. Зүй нь чөлөөт зах зээлийн нийгмийг байгуулж, иргэн бүртээ хувийн өмчтэй, хувийн бизнестэй болохыг зөвшөөрснөөс хойш уртын урт 25 жил өнгөрчихсөн байхад монголчууд бидний  цөөхөн нь ч болтугай хөрөнгөтөн болох цаг хэдийнэ болсон баймаар. Гэвч нийгмийн маань сэтгэхүй үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас өмч хөрөнгөтэй болсон, хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, бирж дээрээс хөрөнгө босгож, орчин цагийн зах зээлийн нийгэмд амжилт хийж чадсан  хэн нэгнээ булхай луйвар, гэмт хэрэг хийчихсэн хүмүүс мэтээр хүлээж авдаг хэвээрээ л байсаар. Бүр цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ч тэгж бичиж сурталчилдаг болчихсон байгааг анзаарч бодох цаг хэдийнэ иржээ.Нийгмийн яг энэ сэтгэлгээн дээр тоглож, хөрөнгөлөг хүмүүсээ жигших, булхай луйварт хий хардах замаар нэр хүндийг нь унагадаг, шахан зайлуулдаг технологи ч бий болсон.Хэн нэг нь баян, дээр нь улстөрч бол яг ийм замаар улс төрийн тавцангаас шахах боломж овжин заримд нь сул олз мэт харагддаг ч болсон шиг.

Ардчилсан намын лидерүүдийн нэг Л.Болдын  жилийн орлого хэр хэмжээгээр өссөнийг саяхан хэвлэлүүд шуугиад өнгөрсөн нь санамсаргүй ч хэрэг биш. Хорь гаруй жилийн бизнесийн түүхтэй “Бодь” хэмээх аварга том групп салан хуваагдахад Л.Болд “Голомт” банкинд эзэмшиж байсан хувьцаагаа худалдсаны орлого болох 33 тэрбум төгрөгийг Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-тээ тусгасан нь нэг талаас олны анхаарлыг татахаас ч аргагүй байсан. Гэхдээ нөгөө талаар үүнийг нь зориуд  нийгмийн будантсан сэтгэл зүй дээр дөрөөлж хэвлэлээр  системтэйгээр явуулах шаардлага өөр бусад хүмүүст байсан байхыг үгүйсгэхгүй.

“Бодь” группийн хувь эзэмшигчид өөр хоорондоо салах, өмчөө хуваах үйл явц нэг хэсэгтээ л бизнес, улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байсан.Өнөөдөр ч энэ үйл явцын эргэн тойронд анхаарал татах зүйлс үлджээ. Тодруулбал,  “Бодь” хэмээх нэрийг хувь эзэмшигчдийн хэн нь эзэмших талаархи маргаан одоо ч өрнөж, энэ нь хууль, бүртгэлийн байгууллагаар дамжиж байж шийдэгдэхдээ тулжээ. Уг нь Монголын нийгэмд ийм том бизнесийн пирамид босгож чадсан, 20 жил хамт явсан баг задрах нь баяр хөөртэй үйл явдал биш л дээ.Энгийн утгаараа ч эрчүүдийн нөхөрлөл салж, эрэг нурж байхад монгол хүн хөөрцөглөж, хөндлөнгөөс хутгаж гүйдэггүй байсансан.Одоо бүх юм өөрчлөгджээ.

Нөгөө талаас аливаа бизнесийн задрал одоо цагт нийгмийн асуудал болж хувирсан.Яагаад гэвэл энэ задралын ард түмэн хүний хувь заяа хөндөгддөг цаг үе.

Жилийн өмнө би Гадаад хэргийн сайд Л.Болдтой ярилцахдаа хорин жилийн тэртээ “Бодь” гэж нэрийг компанидаа яагаад өгсөн шалтгааныг нь асууж байсан юм.“Бодь” гэх нэрийн түүхийг хөөвөл уг компанийг үүсгэн байгуулагч Л.Болдын аав, ХХ зууны нэрт эрдэмтэн С.Лувсанвандан гуайн төрсөн газрын нэр. Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Бодь толгой гэж хангай газрын хүнд бол толгойн чинээ санагдахгүй ч  өвөрт нь өсч торнисон хүмүүст бол овог нь болохоор дотно, эрхэм газар байдгийг энэ нутгийн хүн бүр мэднэ.

С.Лувсанвандан гуай цаг үе өөрчлөгдөж байгааг түрүүлж мэдэрсэн тэр үеийн олон хүмүүсийн нэг адил хувийн хоршоо байгуулсан байдаг юм.Тэгж оёдлын цех, дэлгүүр зэрэгхэн нээхдээ унасан газар, угаасан усныхаа нэрээр түүнийгээ нэрлэсэн хэрэг.Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нь “Бодь” хоршоо хэмээх нэр, хамтран эзэмшигчээр нь дөрвөн хүүхдээ бүртгүүлсэн баримт ч одоо байдаг юм билээ.Ингэж “Бодь” гэх айлын түүх эхэлсэн. Түүх үргэлжилсээр Монголд компани, аж ахуйн нэгжийн эрх зүйн орчин хэрхэн өөрчлөгдөж, өсч хөгжсөний илрэл ч гэж хэлж болохоор “Бодь” хоршоо, “Бодь” ББХК, “Бодь” ХХК, “Бодь” групп гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд Л.Болдын дүү Л.Болдхуягийн нэр дээр гарч явсаар байжээ. Жирийн нэг малчны хүүгийн төрсөн бууцны нэр төдий биш Монголдоо танигдсан брэнд болж томорсон “Бодь” хэмээх нэрийг өдгөө бусад хувь эзэмшигчид нь ичиж зовохгүйгээр булаалдаж байна гэж бодохоор бизнесийн өрсөлдөөн гэдэг юм хүний жудаг ёсыг ч хөл дороо хийх чадалтай юм даа гэх бодол өөрийн эрхгүй төрж үзгээ шүүрсэн минь энэ. Уг нь хөгшид маань өнгөрсөн  хойно ясыг минь бага өндөлзүүлээрэй гэж захидагсан. Гэтэл одоо үхсэн хойноо нэрээ ч булаалгаж, гарвал угсаа, нутаг усаа ч дээрэмдүүлж болохоор цөвүүн гэмээр цаг иржээ.

Миний мэдэх улстөрч Л.Болдын талаархи бодол түү-нийг таних олон хүний бодол, төсөөлөлтэй л адилхан.Тэр бол барагтай дуугардаггүй ч холын хараатай нүүдэл, бас тийм үйлдэл хийдэг хүн.Хорь гаруй жилийн хөдөлмөр, амьдралаа зориулсан “Бодь” компаниасаа яагаад гарч явсан талаараа ч олон таван үг яриагүй.Сэтгүүлчийн хувьд хэд хэд асууж шалж ч үзсэн.Нүүр тулсан ярилцлагын үеэр тулгаж асуухад ч “Улстөрчийн тавилангаа сонголоо” гэхээс илүүг лав надад хэлээгүй.Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аливаа үйл явдлын талаархи мэдээлэл аяндаа хуримтлагдаж, тэрэнд нь үндэслэн дүн шинжилгээ хийх бололцоо бүрддэг.Ийм л байдлаар “Бодь”-ийн хувь эзэмшигчдийн салалтын талаар ойрын болоод танилын хүрээнийхэн нь одоо л өөрсдийн бодол, ойлголттой болж эхэлж байх шиг харагдана. Тэдний санаа, бодол хийгээд тэднээр дамжин ирж буй мэдээллээс харахад “Бодь”, “Голомт” хэмээх нэр хүнд бүхий брэндүүдийг босгоход Л.Болдын нэр хүнд, нөмөр нөлөө, бусдынх нь өдөр тутмын хөдөлмөр аль аль нь л байсан юм билээ. Анх бизнес эхлэх гарааны мөнгийг нь Л.Болдын эгч өгч байсан, банкны анхны хөрөнгө оруулалтыг мөн л тэрээр германуудаас татаж байсан гээд тэдний үүх түүхийг мэдэх хүмүүсийн хэлж ярьдаг баримт өнөөдөр нэг их ач холбогдолгүй байх л даа.Харин “Голомт” банкны хувьцааг шилжүүлсний орлого 33 тэрбум төгрөг их мөнгө үү, бага мөнгө үү гэдэг нь илүү сонин ч байж магадгүй.Хариулт нь яаж гарах нь уг асуултыг хэнд тавьснаас хамаарч өөр өөрөөр ч гарах байх.Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь төсөөлөхөд ч амаргүй их мөнгө гэдэгт эргэлзэх юм алга.Гэхдээ тэдний үүсэл, хөгжлийн түүхийг дэргэдээс нь мэдэх олон хүн хорин жилийн хөдөлмөр, амьдралаа зориулсан баялагтай нь харьцуулбал “бага мөнгө” гэж хэлэх юм билээ. Цагтаа 70 гаруй охин компанитай болтлоо олон салбарт хөрөнгө оруулалт хийж, бизнесээ өргөжүүлж байсан “Бодь” компани сая салах болоход хорь гаруй компанитай болтлоо “жижгэрсэн” байсан гэх яриа бий. Бусад компаниуд хаашаа, яаж алга болсон, тэдгээрт оруулсан хөрөнгө оруулалт хаачсан зэрэг олон асуулт Л.Болдын хувьд хариултгүй үлдсэн гэх.Мөн тэрээр “Голомт” банкны хувь эзэмшигчийн хувьд сүүлийн хэдэн жил ногдол ашиг авахгүй, банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд түүнийгээ эх үүсвэр болгож байсан гэдэг.Мөнгө бүрээ тоолж, ашгийг нь тооцож байгаагүй юм уу гэмээр энэ байдлаасаа болоод хөрөнгө нь хаана юу болж явааг мэдэх, хянах бололцоогоо алдсан, эцэст нь энэ нь хувь эзэмшигчдийг зөрчилд хүргэсэн гэх таамаглалыг учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ.Тэдний зарим нь “хорин жилийн амьдралаа дээрэмдүүлсэнтэй адил” гэж ярих нь дэгсдүүлэг мэт сонсогдож болох ч үүний эсрэг “Үгүй ээ, Болд маш их мөнгөтэй болсон” гэдэг яриаг зориудаар тараагаад байхыг бодоход нэг учир байгаа нь ойлгомжтой.

Л.Болд хорь гаруй жил зүтгэсэн банкны хувьцаагаа 33 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь тус банкны нэг жилийн ашигтай тэнцэх хэмжээний мөнгө юм гэсэн.Энэ банк саяхныг болтол жилийн 2 сая ам.долларын ашигтай ажиллаж байсныг гадаад CEO ирснээсээ хойш жилийн 30 гаруй сая ам.долларын ашигтай ажилладаг болгосон гэдэг. Ийм их ашиг олон  хүний шуналыг хөдөлгөж, хэрүүлийн алим тарих нэг хүчин зүйл болсон байх л даа. Тэдний салах, муудахын нэг шалтгаан нь энэ байсан гэх таамагтай ч таарна.

Ардчилсан намд үзэл санаа ярьдаг, тээдэг улстөрчид, тийм үнэ цэнтэй лидерүүд улам л цөөрсөөр.Энэ цөөнхийн эгнээнд анхнаасаа л байсан, одоо ч байгаа, цаашид байх ч ирээдүйтэй цөөхөн улстөрчийн нэг нь яах аргагүй Лу.Болд. Түүнийг ноолох, баалах олон шалтгааныг хүний өөрийн өрсөлдөгчид нь энэ хорин жилд хайсаар ирсэн. Хаа очиж “хөрөнгө мөнгөтэй” гэдгээс өөр өө сэв багатай түүнийг  “Монголын тэргүүн баян” гэдэг нэрнээс өөр хөрөнгөгүй, сүүлдээ бүр “Бодь” гэх овог ч үгүй үлдээж нүцгэртэл нь “тонохоор” ноход болсон нөхөд нь харин ч нэг шийдсэн бололтой харагдана. 

Монголын Ардчиллын алтан үеийн тоотой хэдэн лидерийн нэг өнөөдөр ийнхүү хачирхалтай “дарамт”-аар шахуулсаар чив чимээгүй алхаж явна.Бид нэг нэгийгээ ийнхүү чимээгүй “барьж идсээр” л байх уу?



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn