Б.Дэлгэрмаа: Монгол маань далайд шидэгдээд, урсгалд цохигдоод явж байгаа юм шиг л харагдаж байна
2014 оны 6 сарын 30 [Уншсан тоо: 169638]

“VIPerson” зочноор Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, АН-ын нөлөө бүхий лидер, хатагтай Банзрагчийн Дэлгэрмаа уригдлаа.

-Таны улс төрийн амьдралын янз бүрийн үед бид ярилцаж байлаа. Энэ удаа нэлээн хэдэн жилийн дараа уулзаж байна.  Би хувьдаа их олзуурхаж байна. Яагаад гэвэл өнөөдөр бид нийгэм рүү гарч юу ч яриад сонсогдохгүй болчихлоо. Тэгсэн хэрнээ нийгэм ховор, хүчирхэг хүмүүсийг хайгаад, дуу хоолойг нь эрэлхийлээд л байна. Гэвч тэр ховрууд маань дэндүү цөөхөн юм.

-Баярлалаа. Намайг зочноороо урьж байгааг би хүндэтгэлтэй хүлээж авч байна.

-Та бол Монголын улс төрийн домогтой хатагтай. Тэр дундаа Ардчилсан намын алтан үеийн лидерүүдийн нэг. Тэгэхээр миний танд тавих эхний асуулт “Ингэхэд та нар хаачив аа, одоо ямар нөхдүүд гарч ирээд засаглаж байна вэ. Та бүхэн хэнд бүх эрх мэдлийг өгчихөөд зулран одов оо” гэдэг асуулт.  Магадгүй миний асуултаас уур хилэн үнэртэж байж болох юм. Гэхдээ танд олон хүн энэ асуултыг тавих байх. Сингапур орвол Элчин сайдын хувьд биш, улс төрийн лидер хүний тань хувьд ярилцана гэж л төлөвлөж байлаа.

-Би бол Сингапурт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувиар яг энэ асуултад хариулмаар байна. Ли Куан Ю дэлхийн алдарт улстөрч. 1965 онд Сингапур улсын тусгаар тогтнолыг олгохын төлөө хүчин зүтгэж явсан залуучууд. Одоо яг 49 жил болж байна. 24-25 жил засагласан. Энэ хугацаанд тэнд нэг л нам ялж байсан шүү дээ. Ард түмний үйл ажиллагааны нам гээд. Тэгээд 24 жилийн дараа тэдэнд ямар асуудал тулгарсан бэ гэхээр одоо үе солигдлоо, хэнд эрх мэдлийг шилжүүлэх вэ. Хэнд засгаа өгөх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Таны асуулт шиг л  гарч ирж байгаа зүйл байхгүй юу. Яг тэдэнд тохилдсон шиг зүйл бидний өмнө иржээ. Өнөөдөр Ардчилсан хувьсгал ялаад 25 жил болж байна. 12-12 гээд мөчлөгөөрөө явах юм бол 24 жил болж байна. Энэ хугацаанд бид нар тэр Ли Куан Ю-гийн бэлтгэсэн, одоогийн Сингапур улсыг авч явж байгаа үе шиг тийм үеийг бэлтгэж чадсан уу. 1984 онд яг тэнд ээлж солигдсон байгаа байхгүй юу.  Тэд нар 1982-83 онд сайд нараа солиод л байсан. Эднийх ерөнхийдөө Төрийн нарийн бичгийн даргаа 10 жилийн хугацаанд ажиллуулаад, яг тушаал нь 10 жилийн өмнө хэдэн сарын хэдэнд гарсан тэр өдрөөр нь сольдог. Яаж ч сайн ажиллаж байсан хамаагүй. Улстөрчдийн тэр генерацийг бэлтгэдэг, хэддүгээр эшелоны хүмүүсийг хэзээ нь эрх мэдэлд хүргэх вэ гэдэг энэ философи бол агуу байгаа байхгүй юу. Би бодож байна. Таны хэлснээр Монголын улс төрийн тэр алтан үе 2016 онд бүгд генераци солигдох ёстой юу.  Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, хэн байдаг юм, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж  ерэн оноос хойш явсан энэ улстөрчид дараагийн генерацид хүлээлгэж өгөх ёстой юу. Тэр генераци нь хэн бэ. Нэр хэлээд яахав. Одоогийн энэ УИХ-д ч улсууд байна. Сайд ч хийж байгаа улсууд байна. Эд нар нь авах ёстой юм уу. Ли Куан Ю-ын хийж чадсан тэр түүхэн замналыг, улс төрийнх нь лидерүүдийн багаараа ажиллаж байсан энэ түүх бүх юмыг нь аваад  үзэхээр бидний хувьд тэр генерациа ерөөсөө бэлтгээгүй юм билээ. Ерэн оны хувьсгал гарсан. Энэ хувьсгал бол тусгаар тогтнолын төлөө хувьсгал байсан. Нийт ард түмний “Москвагаас бидний бүх амьдралыг битгий заагаад байгаач ээ” гэсэн асар том эсэргүүцэл байсан. Бүр элчин сайдыг нь хөөж явуулсан шүү дээ. Монгол хүн өөрсдөө хувь заяагаа тодорхойлдог болноо гэсэн  ард түмний хөдөлгөөн гарсан. Сөрөг хүчин мүчин ч гэж байгаагүй шүү дээ. Улс төрийн товчоо хуралдаж байгаад өөрсдөө сайн дураараа огцорсон. Үйл явц ингээд түрээд л явчихсан. Одоо манайхны зарим ярьдаг даа. Бид хулганын хамраас цус гаргаагүй хувьсгал хийсэн гээд л бахархаад л өвгөн партизаны ярианууд их ярьдаг л даа.  Үнэхээр бахархал мөн. Гэхдээ тэрнийхээ ард юу орхиод явчихсан бэ гэхээр бид нар хүмүүсээ зүгээр л усанд шидээд л хаячихсан. Сэлж чадах нь уу, үгүй юу хамаа байхгүй. Тэр үймээн дотор улс төрийн орон зайгаа эзэлсэн тэр хүмүүс дотор одоо бол усан дээр сэлэх байтугай хөлөг онгоцоо хийж аваад, тэр онгоцоо залаад, живж байсан хүмүүсээ татаж гаргаж хөлөг онгоцон дээрээ гаргаад эд бол миний фракц  гэж зарлан тунхаглаад явсан улсууд ч байна. Дангаараа сэлээд эрэг хүрнэ дээ гэсэн улсууд ч ганц хоёр байж л байна. Ихэнхдээ тэр аврах багийн юман дотор орсон улсууд байгаа учраас одоо  концепцитойгоор, философитойгоор бид нар тэр улстөрчдөө бэлтгээгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тийм учраас манай сайд нарыг ч юм уу, энэ янз бүрийн улсуудыг хараад “очиж очиж энэ сайд болчихсон явж байхдаа яахав дээ, арай ч дээ” гэсэн дүгнэлтүүд, ийм гутралууд хавтгай байна л даа. Тийм хүмүүс өөрөөр хэлбэл улс төр дэх тохиолдлууд засагт орж, удирдах алба хашиж яваа учраас манай Монгол гэдэг чинь нэг тийм залуургүй, далайд шидэгдээд урсгалд цохигдоод явж байгаа юм шиг л харагдаад байгаа юм л даа. Энэ бол  бид нарын асар том дутагдал, сул тал.

-Ямар ч байсан улс төрийн ТМС дөнгөж төгсөөд хар ажил хийж байсан эгнээнийхэн шууд нэгдүгээр эгнээнд дайрч орж ирээд бужигнуулж байна. Тэд азтай байж болох ч ардаа их хр уршигтай харагдах юм. Монголчууд Төр гэдэг энэ биегүй хоосон зүйлээ ямар их хүндэтгэдэг билээ. Таны ээж жишээ нь Төрийн их баяр наадам нээдэг хүн байсан. Манайхан бүгд Төрийн сүлд өршөө гэж залбирдаг. Энэ сүр сүлд, энэ ойлголтыг шүтдэг хүмүүс байсан. Тийм учраас тэр бүр буу шийдэмдээ тулаад тэмцчихдэггүй хараад яваад байдаг онцлогтой. Одоо нөгөө Төр гэдэг ойлголт маань хамгийн энгийн цагаан цайлган ардын сэтгэлээс ч арчигдаж байна. Энэ л хамгийн том сүйрэл нь юм биш үү?

-Би ахиад л жаахан хальж ярья л даа. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед манайх парламентын засаглалтай орон байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай орон байх уу гэдэг асуудлаа шийдсэн. Хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй орон. Буурай хөгжилтэй. Хүн ам цөөхөн, асар том уудам нутагтай гээд манай давуу болон сул талууд бий. Ямар ч байсан 76 гишүүнтэй энэ бүтэц бөөнөөрөө цулаараа улс орноо худалдахгүй гэж тэр үед харж байсан.  76- ууланг нь худалдаад авчих нь гэсэн ойлголт тэр үед байгаагүй л дээ. Одоо бол байж болно. Байгалийн баялагтай холбоотойгоор монголчуудыг, тэр тусмаа эрх баригчдыг бол худалдаж авах бололцоо байгаа. Энэ байдлаас харж байхад ерөөсөө улс орныг яг нэг тодорхой лидер хүн авж явах ёстой байдаг юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Түүнээс биш нэг тийм олонлог, нэг сүрэг ч юм уу, эсвэл нэг омог ч юм уу улс орныг авч явдаг юм биш. Тэр лидер гэдэг маань Германд өнөөдөр хатагтай Меркель, Англид хамгийн хүнд үед Тетчерь авч явж байсан.  Америкийн эдийн засгийн хямралын үед Рейган авч явж байсан ч гэдэг юм уу. Өнөөдөр Японыг аваад үз. Бараг хориод жил уруудаж байгаа энэ үндэстэнд эргээд Наран улсаараа бахархах тэр бардамналыг нь авчирч өгч буй Абе гарч ирж байна. Ингээд хараад байхаар нэг тийм үгүйлэл, лидерийн үгүйлэл л байгаа юм шиг харагдаад байгаа юм. Тэр маань өөрөө үндэстнээ залж, нийгэмдээ үнэт зүйлийг авчирч, монгол хүн ийм юманд хүрэх юм шүү гэсэн сэтгэлд нь хадагдсан тэр зорилгоо тодорхойлчихсон байх ёстой.  Сингапур шиг нэг хүнд ногдох  ДНБ –ээр дэлхийд гуравт орно. Бид нар 64 мянган доллар авч байх ёстой ч гэдэг юм уу, монгол хүн бүр тохилог сайхан орон сууцанд амьдрах ёстой. Агаарын бохирдолгүй цэвэр ариун орчинд, бүх хүмүүс нь өндөр дээд боловсролтой, эрүүл ийм л монгол хүний төлөө зүтгэнэ гэсэн  эрхэм зорилгыг тодорхойлчихоод тэрнийхээ төлөө практик юм хийх удирдагчийн үгүйлэл гарч ирж байна.  Хийх тухай онцолж байна шүү, ярих биш. 25 жил ярьлаа шүү дээ. Одоо ярьж байгаа хүнд хэн ч итгэхээ больсон. Итгэхийн ч арга алга. МАН нь байна уу, АН нь байна уу, ер нь ялгаа байхгүй л байна шүү дээ. Манай улс төрд бол яруу тод хүмүүс байсан. Гарч ирж байсан. М.Энхсайхан байна. Н.Энхбаяр байна. С.Баяр байна. Э.Бат-Үүл байна. Ц.Элбэгдорж байна. Лидерүүд байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ надад бол тэд нар зорилгогүй лидерүүд харагдаж байгаа юм. Бас тэд зорилгодоо хүрэхийн төлөө үнэнчээр, шударгаар ажиллаж чадаагүй юм болов уу. Эдний ард янз бүрийн шалтаг шалтгаанууд байж болно л доо. Жишээлбэл, намаа авч явах, фракцаа авч явах, улс төрийн орон зайгаа тэлэхийн тулд тодорхой үйлдлүүдийг хийх ёстой байсан байж болзошгүй. Манай С.Зориг байна. Сайхан сайхан лидерүүд манай түүхэнд байсан.

-Улс төрийн нас гэдэг ойлголтыг харахад бусад орнууд дээр манайхаас их өөр байдаг. Бид болохоор хүмүүсээ маш эрт явуулдаг. Оронд нь хэн ч хамаагүй орж ирдэг. Өнөөдөр зарим нь парламентад орж ирэх насны босгыг тогтооё гэх мэт санал гаргаж эхэлж байна л даа. Хүн бүр л дотроо эрэлхийлэл хийж байна. Тэгж байснаа мухардаад ерөөсөө ерөнхийлөгчийн засаглалтай болъё ч гэж ярьдаг. Бидний үеийнхэн бол энэ парламентын засаглалыг сонгосон та бүхний шийдвэрт үргэлж талархалтай ханддаг. Түрүүний таны лидерийн үгүйлэл үнэртүүлсэн ярианы араас арай ийм шийдэл тээж байгаа юм биш байгаа гэсэн хар төрж байна. Саяхан Х.Тэмүүжинг огцруулах асуудал, давхар дээлний асуудал хөндөгдөх үеэр ерөөсөө ерөнхийлөгчийн засаглалтай болвол яасан юм гэсэн юм цахим урсгалаар бас цухалзана лээ. Байж байгаад хий үзэгдэл шиг хаанаас ч юм ийм хүсэмжлэлийг явуулдаг л юм. Харин танд ийм бодол байхгүй биз дээ?

-Ер нь бол Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүх судлаачид  хангалттай дүгнэлтээ гаргасан шүү дээ. Монголчууд бид нар аль засаглал нь бид нарт хэрэгтэй вэ гэдэг утгаараа авч үзэх юм бол энэ 76 бол нэгдүгээрт, цөөдөж байгаа. Манайх бол дэндүү бага оврын парламенттай. Дор хаяж долоо найман байнгын хороо байх ёстой. Байнгын хороод гэж юу билээ. Хамгийн гол гал тогоо шүү дээ. Хуулиа боловсруулж байдаг. Гэтэл маайд тэр нь институцийнхээ хувьд ерөөсөө бэхжиж явж чаддаггүй. Яагаад гэвэл дэндүү цөөхөн гишүүнтэй парламент учраас.

-Одоо бол бүр дөрвөн хүнтэй байнгын хороо хуралдаад л шийдвэр гаргаад явж байна шүү дээ. Улам л улс төрийн соёлгүй, улам л задрал нь харагдаад  явж байна. Манай парламентын засаглал өөрөө тодорхой хямралтай тулгараад байх шиг байна. Гэхдээ үүнийг давах ёстой л байх л даа.

-Давах ёстой байх. Манайх вестминстерийн загвараар нэгэнт л ажиллаж чадахгүй байгаа учраас жишээ нь давхар дээлний асуудлыг ярьлаа ш дээ. Давхар дээлний асуудал дээр яагаад хүмүүс маш их дургүйцэж байна вэ гэхээр сайд нар нь бодлогоо тодорхойлж ажлаа хийж чадахгүй, ихэнх цагаа парламентдаа юу засгийн газартаа өнгөрөөх үү гэдэг энэ хоёрын уялдаа холбоо байхгүй. Ингээд ахиад л нөгөө лидерийн үгүйлэл рүү орчихож байгаа учраас ахиад л нөгөө вестминстерийн зарчим чинь явж өгөхгүй байгаа байхгүй юу. Уул шугамандаа манайх парламентын засаглалыг л сонгосон юм бол хэзээ ч давхар дээлний асуудал ярих ёсгүй шүү дээ. Манайх парламентын засаглалын мухардмал байдалд орсон нь одоо нөгөө онол амьдрал хоёр нь дэндүү хол зөрж байгаагийн л илрэл. Тэрэнтэй холбоотой л манай бүх холион бантан эхэлсэн.

-Сүүлийн үеийн олон парламентын шүдний өвчин нь  энэ давхар дээлний асуудал байсан шүү дээ. Өнөөдөр л хурц яригдаж байна. Гэхдээ эрх барьж байгаа хүчин өөрийн лидерийн тодорхой яриа, өгсөн чиглэлтэй байсан гэж харж байгаа. Хууль өргөн барьсан. 2016 он гэсэн. Энэ удаагийн явдал дээр маш замбараагүй тоглолт, урвалт шарвалт, олон таагүй зүйл боллоо гэж  харж байна. Танай намын бүлгийн дөрвөн гишүүн нь давхар бүлгийнхээ шийдвэрийн эсрэг санал өгсөн.

-Тэгсэн.

-Яг хэзээний үетэй зүйрлэхээ мэдэхгүй байна. Х.Баттулга сайд хувийн шийдвэр гаргаж өөрөө огцорлоо. Та бол улс төрийн угшлаараа МоАХ-ын хүн. Улс төрийн нэгдэл, нягтрал нь хаана байгаа юм. Хаана фракцийн толгойлогчийн захирамж хүчинтэй байгаа юм. Хаана нөгөө намын лидерийн байр суурь байгаа юм бэ?

-Ганчимэг ээ, би яг халуун тогоон дотор байгаа улстөрч биш шүү дээ. Надад мэдээллийн дутагдал байгаа. Та тэрийг тооцохгүйгээр асууж байна.  

-Та жишээ нь, сая Х.Баттулгын огцорсныг яаж харсан бэ. Энэ манай улс төрийн хамгийн сүүлийн үеийн дуулиан учраас асууж байна. Түвдэндорж зөрж ороод л сайд болж байна. Энэ явдлуудыг үзэгдлийнх нь хувьд яаж унших ёстой юм бол?

-Энэ үнэхээр ойлгомжгүй явдал. Би Х.Баттулга сайдын алхмыг бол ойлгож байна. Яагаад гэвэл тэр хүн юм хийе гэж орсон. Мэдээж хэрэг хариуцсан яамных нь зориулалт буюу эрхэм зорилт юу харагдсан бэ гэхээр Сайншандын аж үйлдвэрийн парк. Манай байгалийн баялгийн орц гарц хаана вэ гэхээр мэдээж хэрэг өмнөд хөрш. Тэрэнтэй холбоотой энэ Сайншандын аж үйлдвэрийн парк гэдэг маань өөрөө энэ салбарыг тэргүүлж байгаа хүний хувьд хамгийн том эрхэм зорилго нь байхад тэр нь хэрэгжих ямар ч үндэслэлгүй болж ирсэн. Ингээд эхлэнгүүт тэр хүн энэ танхим дотор сайд байхыг ёс суртахууны хувьд өөртөө зөвшөөрч чадаагүй.  Сайд байна гэдэг чинь хариуцлага шүү дээ.  Дээрээс нь кабинетын зарчим алдагдчихсан. Засгийг байгуулахдаа ч дэндүү хэврэг бүрэлдэхүүнтэй байгуулчихсан тохиолдолд тэр хүн эрхэм зорилгоо биелүүлэх орон зай байхгүй болсон. Ийм тохиолдолд улстөрч хүн хамгийн түрүүнд өөртөө л улс төрийн хариуцлага хүлээлгэнэ. Ёс суртахууны хувьд Х.Баттулга сайдын алхмыг дэмжиж, хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Тэртээ тэргүй аль ч улс төрийн нам дотор фракцууд оршин тогтнож байдаг. Нам өөрөө фракцуудын ашиг сонирхлыг зохицуулж байдаг. Дэлхийн бүх намууд ийм л байдаг. МоАХ фракц бол АН-ын гол фракцуудын нэг мөн үү, мөн. Гэтэл фракцийн лидер нь кабинетаас гарч байхад зөрөөд нөгөө нөхөр нь туугаад орно гэдэг бол хамгийн ёс суртахуунгүй үйлдэл л болж харадаж байгаа байхгүй юу.

-Танай МоАХ хорин хэдэн жил амьдрахдаа жаахан “ядарсан” байх л даа. Таны хэмжээний үнэт зүйлтэй, зарчимтай хүнд миний үг доромж ч юм уу, басамжилсан аястай бууж магадгүй. Та ойлгоорой. Гол нь МоАХ-ынхон өөрсдөө тэгж гомдоллодог шүү дээ. Бид насан турш л гадаа зогсож байлаа. Тэгээд л манайхан орж сууцгаагаад ордны цонхнууд гэрэлтэж эхлэнгүүт тэнд дандаа “Алтангадас”-ынхан л сууж байдаг гэж. Энэ гашуун боловч үнэн. Сая МоАХ цөөн боловч албан тушаал авсан. Гэхдээ фракцийн удирдагчаа гарахад нэг нь ч дагаж өргөдлөө өгсөнгүй. Хэрэв ийм хэмжээний акц хийж чадсан бол  том доргион үүсгэж чадах байсан. Тэгэхээр ерөөсөө МоАХ гэж дурсамжаараа ч юм уу, түүхээрээ ч юм уу зангидагдаад байдаг энэ фракцийн хувьд задрал явагдаж эхэлж байна уу гэж харж болохоор.  

-Бүгд өргөдлөө өгөх хэрэггүй л дээ. Шаардлага ч байхгүй. Нэг хувь улстөрч би давхар дээлээ ч тайлахгүй, бас салбарын эрхэм зорилгоо биелүүлэх боломжгүй ч байсан Н.Алтанхуягийн танхимд орж ажиллана гээд орж байгаа бол тэр хүний л асуудал. Фракцид бүтнээр нь нялзаах шаардлагагүй.

-МоАХ фракцийн “хүндэт ерөнхийлөгч” нь бол манай Ерөнхийлөгч л дөө. Энэ “хүндэт ерөнхийлөгч” фракцийг тараах бодлого баримталж байна гэж харж болох уу ?

-Манай Монголын Ерөнхийлөгчийн хувьд их олон зовлонгууд байдаг юм шиг байгаа юм. Нэгдүгээрт, намаасаа нэр дэвшдэг. Гарчихаад нам бус болдог. Гэтэл яалт ч үгүй  намаасаа гарахын тулд маш хүчтэй лидер байж л тэр хүн ерөнхийлөгчид нэр дэвших нь ойлгомжтой шүү дээ. Тэр дотроо тодорхой нэг фракцийн төлөөлөгч байсан гэдэг утгаараа тэр фракцийн эв нэгдэл, тэр фракцийн боловсон хүчний байршлын асуудлыг бол ямар нэг хэмжээгээр зангидна л даа. Зангидах л ёстой. Огт оролцохгүй, сарнаас ирчихсэн хүн шиг байна гэж байхгүй шүү дээ.

-Нэг гайхаш байгаад байх юм. Жишээ нь бидний аль тэртээ мэдэх Р.Гончигдорж, С.Баярцогт, тэр битгий хэл монголын ард түмний ихээхэн хайрладаг Р.Амаржаргал нарын цөөн лидерийн дуугаралт ерөөсөө ялгарахаа байчих юм. Энэ яг ямар олонлогт ороод уусч байгаа жишиг юм бол. С.Баярцогтын хэмжээний лидерийн дуугаралт тэр танхимд байгаа урансайханчийг дуугүй болгох л баймаар. Улс төрийн залхалт, түлхэлт явагдаж байгаа хэрэг юм болов уу. Та жишээ нь, энэ байдлыг юу гэж хардаг вэ. Таныг ч гэсэн энэ нам эрх барьж байгаа хэрэгтэй үед байхгүй байна л гэж хардаг?

-Би тантай ярилцлаганд орохын өмнө “Хот төлөвлөлт Сингапурын туршлага” гэсэн семинараас ирлээ л дээ. Барилга Хот байгуулалтын яамнаас зохион байгуулж байгаа том арга хэмжээ юм. Сингапурын Үндэсний хөгжлийн сайд, Тээврийн сайдаар 23 жил ажилласан Ма Бао Тан гэдэг хүн Сингапурын төлөөлөгчдийг ахалж ирсэн. 1965 онд  нэг загасчны тосгон байсан газрыг өнөөдрийн дэлхийн хөгжилтэй хот улс болгосон түүхээ тэд ярьж байгаа юм.  Яагаад Сингапур ийм амжилтад хүрсэн бэ гэхээр нэгдүгээрт, сайн засаглал. Сайн засаглал нь юун дээр үндэслэж байсан бэ гэхээр тэд хамгийн чухал нь хуулиа дээдэлж байсан. Өнөөдөр Сингапурт авилга гэдэг үг хэрэглээнээс гарчихсан шүү дээ. Ерөөсөө тийм үг байхгүй. Авилга тэг. Дараагийни зүйл, тэд энэ амжилтад хүрэхийн тулд шилдэг боловсон хүчнээ нам харгалзахгүйгээр тодорхой эрх мэдлүүдийг өгч багаар ажиллаж байсан гэж онцолж байна. Ийм гайхалтай гоё үгийг сонсчихоод би ярилцлагад ирсэн. Ганаагийн ярилцлагад уригдана гэдэг миний хувьд нэр төрийн асуудал. Би бас боддог байхгүй юу. Яагаад манай ард түмэн парламентаа үзэх сонирхолгүй болчихов. Яагаад хүндэтгэл нь буурав гээд. Яагаад ард түмнээрээ бүчүүлсэн тэр ухаалаг шийдвэрүүд байхгүй болчихов. Би ч гэсэн үнэнийг хэлэхэд таны нэрлэж байгаа наад хүмүүсийн чинь дуу хоолойг үгүйлж л байна. Магадгүй сүүлийн жилүүдэд манай нийгэмд хүч түрэн орж ирсэн энэ зах хязгааргүй цахим ертөнц нөлөөллөө үзүүлж байгаа байх. Энэ урсгал яг тодорхой ялгарлуудыг анзаарахгүй хуу хамаад явчихаж байна шүү дээ. Энэ харгис нөлөөлөл нэг шалтгаан нь байж болох юм.

-Өөрөөр хэлбэл ямар ч тархины ялгаралыг харагдуулахгүй  болгочихлоо. Оюуны зиндааг үгүй хийж байна ч гэж хэлмээр юм шиг.

-Ерөөсөө байхгүй болж байна. Нэг л их саарал, нэлэнхүйдээ саарал, нүүр царайгүй олонлог харагдаж байна.  Улс төрийн дүрүүдийг нь хараад энэ одоо юм ярих гээд яахав дээ гэж хэлтэл сааралтчихсан байна шүү дээ, энэ парламент. Үнэхээр харамсаар.

-Лидерийг яг юу юу бүтээдэг юм бэ. Жишээлбэл, С.Баярцогт яагаад энэ олон жил манлайлагч болж чадахгүй байгаа юм бол. Би түүнийг их гайхдаг юм. 20 –оод жил сэтгүүл зүйд ажиллахдаа нэг ч удаа энэ лидерээс ярилцлага авч үзээгүй. Ганцхан удаа уулзсан. Энэ улстөрчийг бодлого тээгчийнх нь хувьд хүндэтгэдэг . Гэтэл одоо цахим ертөнц рүү орохоор л тэр хүн шиг “муу хүн” байхгүй. Гайхмаар нь нам дотроо тэр дандаа бусдыг дагалдагч. Бүр өөртэйгөө зиндаархах бололцоогүй хүний “цэрэг” болчихсон явах.

-Би С.Баярцогтыг жинхэнэ нөгөө саарал кардинал гэж боддог ш дээ. Дандаа хөшигний цаана.

-Маш ухаантай гэж хардаг.

-Аймаар ухаантай.

-Тэгэхээр ерөөсөө хүний тавилан гэж байдаг юм болов уу?

-Ухаантай учраас тэгж байгаа юм биш үү.

-Гоё хариулт өгч байна. Гэхдээ та надаас нэг л зэнзийрхээд байх шиг.

-Та өөрөө намайг аягүй шахаж асууж байна шүү дээ.

-Би олон хүнтэй уулзаж ярилцдаг. Тэгээд анзаарч байхад цөөхөн хэдэн улстөрчийг хүмүүс үргэлж хүсэмжилж байх юм. Тэдний нэг нь та. Та яагаад нам чинь эрх барьж байхад хаа хамаагүй явна вэ. Лав л бидний хүссэн газар биш байна. Гол цөмд л байж байх ёстой хүн биш үү. Энэ түлхэлт байсан уу, эсвэл хувь лидерийн залхалт байсан уу. Үүнийг би асуух ёстой гэж үзэж байна.

-Би хувь улстөрчийн хувьд 2000 оны сонгуулийн хариуцлагыг тухайн үеийн эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар үүрээд гарсан. Үндсэндээ олон жил ажилгүй суусан. Гэхдээ ажилгүй гэдэг нь албан тушаалгүй гэдэг утгаар. Тэр хугацаандаа доктор ч хийлээ, сургууль ч байгууллаа. Янз бүрийн л юм хийлээ. Эмэгтэйчүүдийн байгууллагыг ч долоон жил авч явлаа. Хамгийн гол нь миний энэ томилгоо бол яг хувийн шалтгаантай байсан. Тийм учраас улс төрөөс Дэлгэрмааг зайлуулсан гэх асуудал байхгүй. Гэхдээ би бас элчин сайдаар очихдоо нөгөө л хуучин сэтгэлгээгээрээ УИХ-ын гишүүн бол нэг тойргийг, тэр тойргийн сонгогчдыг л төлөөлж ажиллана. Гэтэл би бол бүхэл бүтэн улс орноо төлөөлж тэнд ажиллаж байна. Ямар өндөр хариуцлага вэ л гэж бодож байсан. Мэдээж хэрэг элчин сайд гэдэг бол юун төлөө элч төлөөлөгч билээ. Улс орныхоо нүүр царай болох ёстой. Монголдоо юу авчрах ёстой вэ. Бас нэг хэдэн эрхэм зорилгыг өмнөө тавьчихсан. Тэр зорилго маань эхнээсээ хэрэгжиж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах, монгол хүний эрхэмсэг оршихуйн хамгийн эхний юм бол өөрийн гэсэн байр сууцтай байх. Энэ тал дээр бас Сингапурын хөрөнгө оруулагчдыг, хот төлөвлөлтийн дэлхийн шилдэг багийг монголд авчирлаа. Монголчууд мааань Сингапур луу эмчилгээнд их явах юм. Хүүхдүүдээ их сургах юм.  Тэр утгаараа шууд нислэгтэй болох юмсан гэж их мөрөөдөж байсан. Ирэх есөн сард МИАТ нисэхээр болж байна. Одоо тууз хайчилхад бэлэн.

- Гоё мэдээ байна.

-Тийм. Гэх мэтчилэн өөртөө тавьсан зорилгуудаа хэрэгжүүлчихлээ гэж бодож байна. Сингапурын боловсролын тогтолцоог Монголд авчрах юмсан. Энэ бол их чухал. Яагаад гэвэл Сингапурт чинь англи хятад хэл зэрэг явдаг. Монгол бол хоёр их хөршийнхөө хэлийг мэдэж байх ёстой. Дээр нь мэдээж олон улсын хэлтэй байх ёстой. Англи хэлтэй байх ёстой. Ийм л чиглэлээр ажиллаж байна даа.

-Бид эдийн засгийн хямралд автчихлаа. Амьдралын бодит хөрсөн дээр зовлон ихэслээ. Хөрөнгө оруулагчдаа үргээгээд гаргачихсан. Тэгээд ард түмэндээ хийж байгаа мэдэгдлүүд нь маш хариуцлагагүй, цадиггүй. Зүгээр л зэрлэг омгийн толгойлогч шиг Төртэй байна. Уг нь хамгийн оюун санааны нөөцтэй нам, монголын залуу үеийн их дэмждэг нам засаг барьж байдаг. Бид их найдаж байсан юмсан.

-Үнэн. Хөрөнгө оруулагчдыг бол үргээсэн. Ерэн онд бидний хийсэн  хувьсгалын үр дүн бол монголын тусгаар тогтнолын асуудал. Үүнд л аюул занал учирчих вий. Ийм л айдас байна. 100 хоногийн дотор эдийн засгаа сэргээх гэж байна гээд хаанаас ч юм вагон дүүрэн доллар орж ирээд улс орноо худалдчих вий гэдэг болгоомжлол байна. Үүнээс л би хамгийн их айж байна даа. Индонезийн нэг том улстөрч анх Сингапурыг тусгаар тогтноход  ногоон талбай дээр нэг жижигхэн улаан цэг гэж хэлж байсан юм гэнэ лээ. Индонез Малайз гээд хоёр том лалын орон. Лалын орнууд чинь дэлхийн газрын зураг дээр ногооноор зурагддаг. Тэгээд тэр нов ногоон орон зай дээр нэг жижигхэн улаан цэг байсан гэж байгаа юм. Ийм хоёр том орны дунд, ийм их хүний нөөцтэй орнуудын дунд тэр жижигхэн улаан цэг тэр хоёрыгоо даваад ,тэр бүс нутгийнхаа Төв нь болоод байж байна. Ийм улсыг бүтээсэн гэдэг бол үнэхээр гайхамшиг. Хамгийн гол нь тэд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогоо дээд зэргээр хөгжүүлж авч явсан. Тэр жишээг Изриалаас авсан. Энэ гайхамшигтай жишээг үргэлж харж явах ёстой. Болчимгүй улстөрчдийн балгаас болж энэ тусгаар тогтнолоо алдах вий. Энэ аюулыг битгий март. Стратегийн ордуудаасаа болж эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах вий. Үүнийг л бүү мартаасай.  Энэ хоёр аварга хөрштэй бид маш нарийн ухаалаг бодлогоор тоглох нь тодорхой. Гэхдээ үүнийгээ хэн нь хаанаа авч явж байгаа юм бэ. Тийм учраас манай улстөрчдийн санаатай санаагүй үйлдэл хариуцлагагтай байх ёстой шүү гэдгийг л хэлмээр байна.

-Сая манай хоёр ч сайдыг огцруулах асуудал парламентаар орлоо. Үндсэндээ шударга бус, хууль бус гэж хэлж болохоор аргаар л аваад үлдэх юм. Бусад улс орнуудын жишиг бол өөр байна. Бидэнд өөрөө өөртэйгөө тооцох хариуцлага байхгүй болж. Та эдгээр сайд нарын асуудлууд дээр юу хэлэх вэ?

-Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж манай ардын зүйр үг бий. Овоог бол босгосон байна. Би өөрийгөө оронд нь тавьж хэлэхэд хэрэв би ийм байдалд орсон бол, ингэж улс орон даяар шүүлгэж, ийм хэмжээнд цоллуулсан бол өөрөө л огцрох байсан. Цаад асуудал нь энэ ард түмний ярьж шуугиж байгаа шиг биш байсан байж болно. Тийм юм болоогүй байж болно. Гэхдээ овоо босчихсон, шаазгай шаагиж байгаа тохиолдолд гүрийгээд байгаад байна гэдэг бол улс төрийн соёлын үүднээс асар соёлгүй явдал. Дэлхийн улс төрийн ёс зүйн жишиг бол огт өөр төвшинд гарчихсан шүү дээ. Энэ жишгийн өмнө шууд л өөрсдөө огцрох улс төрийн эр зориг, улс төрийн ёс зүйтэй байх ёстой.

-Ерөнхий сайдын хувьд түүнийг хэлэлцээрийн сайн мастер юм байна. Ийм олон тод лидерүүдтэй, олон фракцуудтай намаас ингэж гарч ирнэ, ингэж зохицуулалт хийнэ гэдэг бол улс төрийн ухаан, ур чадвар гэж үзэж байлаа. Гэвч тэр дэндүү дэл сул ерөнхий сайдын дүрийг бидэнд харуулж байна. Та түүний тухайд юу гэж үздэг вэ ?

-Ахиад л бидний яриа нөгөө лидерийн дутагдал, хүсэмжлэл рүү орох болох байх. Ерөнхийдөө манайд болж байгаа энэ үйл явдлууд, Төр засгийн энэ хямралууд шилдгийн шилдгүүд улс орныг авч явна гэдэг тэр ойлголтыг үгүй хийчихлээ л дээ. 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn