Н.Батсуурь: Би их азтай. Таван аварга зодоглосон наадамд түрүүллээ
2014 оны 7 сарын 28 [Уншсан тоо: 147525]

Open door” сонины VIPerson зочин шинэхэн арслан Н.Батсуурь уригдлаа. Төрийн наадмын түрүү манлайн шинэхэн, анхны ярилцлагыг уншигч танаа ийнхүү хүргэж байна.

-Зүлэг ногоон дэвжээнээ зодоглодог болгонд тохиогоод байдаггүй ховорхон аз хийморийг атгаж, наадмын түрүү манлай болсон танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Өөрийн өндөр дэг жаяг, өвөрмөц тавилантай энэ ертөнцөд нэгэн шинэ арслан төрж, монгол  түмнээ цэнгүүллээ. Танд ахин баяр хүргэхийг хүсч байна.

-За, баярлалаа.

-Манай сонин баяр наадмын дараагийн шинэ дугаарынхаа “VIPerson” зочноор ноён УИХ-ын даргатай хамт таныг урьж, уншигч олонтойгоо уулзуулахаар шийдсэн юм. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа.

- Сайхан наадлаа. Олон түмнийхээ чин сэтгэлийн баяр хөөрийг бие сэтгэлээрээ мэдрэх л бөх хүний хамгийн том жаргал байдаг юм байна даа гэж бодож байна.

-Тантай уулзахын өмнө нэгэн сонирхолтой яриа сонсоод дотроо гайхаж, энэ тухай асуух юм шүү гэж бодож явлаа. Наадмын өглөө цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд ирэхэд  түрүү бөхийн байны шагналд очих шинэхэн хөлөг сойлттой байхыг хараад “За, даа орой энэ машиныг хэнээр бариулж харьдаг юм билээ” гээд таныг инээж байсан гэж сонслоо. Зүгээр л хар аяндаа тэгээд хэлчихсэн үү?

-(инээв) Манай гэр өмнө нь хороололд байдаг байсан л даа. Тэгээд л 11-ний өглөө догдлоод л эртхэн гэрээсээ гардаг. Тэгээд түгжирч явсаар байгаад жаахан оройтож оччихоод байдаг байсан юм. Энэ жил харин манайх 13 хороололд цэнгэлдэхтэй ойрхон ирсэн л дээ. Тэгээд яагаад ч юм урьдийнх шигээ санаад эрт гармаар санагдаад, тэгээд хүргэн ахыгаа дуудаад хамт явсан.  Тэгсэн бүр эрт ирчихэж. Наадам 11 цагт нээх байдаг. Би тэгсэн чинь бүр эрт есөн цаг гээд ирчихсэн. Ямар ч хүн байхгүй, цагдаа нар дотогш оруулах болоогүй гээд. Тэгээд зогсч байсан чинь бөхийн хаалганы хажууд ланд круйзер 200 сойчихсон байсан. Хараад хүргэн ахтайгаа тоглоод “За, энэ ч эзнээ хүлээж байгаа унаа байна даа. 12-ны орой хоёулаа л унаад  буцъя даа” гээд тоглоод маазарч байсан чинь харин амны бэлгээс ашдын билэг гэж...(инээв)

-Хүргэн ах тань танай нутгийн хүн үү. Та хоёр үнэхээр гэрэл гэгээтэй хоёр юм аа. Тэр гоё наадмын өглөө тийм сайхан амны бэлэгтэй үгсийг хэлэлцэж зогсдог.

-Манай хүргэн ах Булганы Сайхан сумын хүн. Эгчийн маань нөхөр, бас миний сайн “найз”.

-С.Мөнхбат аваргатай наадамд түрүүлснийх нь маргааш ярилцаж байлаа. Тэр ярилцлагын өмнө бас нэг гоё мэдээ сонсч байсан юм. Наадмын өмнө Дорноговийн Хүслийн уулын орой дээр залуухан харцага ганцаараа зогсож байхтай нэгэн хүн таарч л дээ. Тэр хүн нь миний танил байж.  Тэгээд наадмын өмнө надад “Энэ жил С.Мөнхбат харцага түрүүлнэ, миний морь бас түрүүлнээ чи хараарай” гэсэн гэнэтийн үг хэлдэг юм.  Наадам ч боллоо, С.Мөнхбат түрүүлсэн. Нөгөө эрхмийн морь ч түрүүлсэн. Тэгээд тэр жилийн түрүү бөх залуу аваргатай  ярилцлаа.  Энэ тухай түрүүлээд л асуусан. Аварга их гайхаж, та яаж мэдсэн юм бэ гээд инээгээд байж билээ. Таны наадмын өглөөний хошигнолыг сонсоод надад тэр явдал санагдсан.

-Наадмын өглөө сэтгэл догдлоод л ер нь ер бусын байдаг л даа. Энэ мэдрэмжийг юутай зүйрлэмээр юм бэ дээ. Яараад ч байгаа юм шиг, нэг тийм сонин байдаг юм. Яагаад ч хүргэн ахдаа тэгж хэлсэн юм. (инээв)

-Ер нь бөх хүний бодол гэгээн цагаан явах сайхан байх, тийм үү?

-Тийм ээ, дотроо сайхан зөв бодол санаа тээж явах бөх гэлтгүй бүх хүнд сайхан шүү дээ. Өөрөө жаргалтай, ажил үйлс дагаад өөдрөг сайхан байдаг болов уу гэж боддог юм.

-Бэлтгэл сургуулилтыг бол бүгдээрээ л бүх хүчээ дайчилж сайн хийдэг байх. Гэхдээ энэ жил хүнд хэлээгүй, дотроо өөрийгөө шавхаж зорьсон ямар төлөвлөгөө танд байв?

-Мэдээж бөх болгон л наадамдаа түрүүлэхийг мөрөөддөг. Гэхдээ би ноднин жил харцага болсон болохоор энэ жил харцага цолоо баталчих л хатуу бодол агуулж байсан. Харцгынхаа хэмжээнд барилдаж үзэгч олныхоо урмыг хугалахгүй наадах юм шүү л гэсэн зорилготой  барилдсан. Эхний ээлжинд шөвгөрчихийн төлөө зүтгэнэ шүү дээ, бас. Шөвгөрвөл цаашаа сайн барилдана даа л гэсэн бодолтой.

-Үзүүр түрүүнд хүрнэ дээ гэх мэтээр бодлоо сунгахгүй юу. Яг наадмын дэвжээн дээр дотоод сэтгэлээ элдэв хөдөлгөөнгүй байлгах илүү чухал уу?

-Хүсэл мөрөөдөл гэдэг зүйл чинь хүнд байна шүү дээ. Гэхдээ би яг түрүүлнэ гэж бол бодоогүй. Яг барилдааны явцад даваа даваагаа л бодож барилдаануудаа хийсэн.

-Яг дэвжээн дээр сарниж болдоггүй байх л даа. Бөхийн эрдэм талаас аав тань бол олон зүйлийг хүүдээ хэлж сургадаг байх.

-Миний аав Монгол улсын харцага Д.Намсрайжав гэж хүн байдаг. Бөх хүний голомтод хүү нь болж төрсөн болохоор хар нялхаасаа л аавыгаа дагаж явдаг байлаа. Хөдөө гадаа хаана л бол хаана би хамт л явна. Ингэж өссөн амьдрал маань намайг өөрийн эрхгүй л бөхөд дур сонирхолтой болгосон.

-Дасгал сургуулилтын хэлбэрээр бие дээр өөрөө хийж үзүүлж сургах уу, сэтгэл зүйн талын, сургаалийн шинжтэй зүйлс илүү хэлэх үү?

-Хүний аав юм чинь сурсан мэдсэн болгоноо л бүгдийг нь хүүдээ өгөх гэнэ шүү дээ. Би залуудаа ийм ийм зүйл дээр хайнга явж, алдаа гаргаж байсан байна. Ингэх ёстой байдаг юм байна гээд л  бүгдийг л хэлдэг. Аав маань өөрийнхөө чадлын хэрээр л зааж сургасан. Би бас өөрийнхөө хэмжээнд тэрийг нь задалж, хөгжүүлээд явахыг хичээсэн.

-Та яг хаана төрсөн юм бэ?

-Би Увс аймгийн Улаангомд төрсөн.

-Ээж ааваас хэдүүлээ вэ?

-Ээж ааваас гурвуулаа. Дээрээ хоёр эгчтэй. Би айлын бага хүүхэд л дээ.

-Ганц хүү нь юм байна.

-Тийм.

-Тэгвэл аав тань хөл нь газар хүрэхгүй баяртай яваа юм байна даа.

-Аав минь баяртай байгаа.

-Телевизээр нэг харж байхад таны нэг барилдааны үеэр босч очих гэсэн үү яасан, эргээд суучихаж байгаа харагдсан.

-Догдлоод хэцүү байдаг юм шиг билээ. Анх би 2007 онд аймгийн начин болдог жилээ Ховдод очиж барилдсан юм. Аавтайгаа хоёулаа яваад. Тэгээд дөрвийн даваанд оноолтоор би аавтайгаа таарсан. Би залуу бөхөөр дуудаалаад л гарч байсан.

-Ямар сонин тохиол вэ?

-Харин тийм. Оноолтоор тэгж таарсан. Тав дээр тэгээд тунаад анх аймгийн начин болж байсан. Аав тэр барилдааныг тогтож үзэж чадахгүй асрын араас нуугдаж үзэж байсан гэсэн. (инээв) Өөрөө дараа нь хэлж байсан. Ямар эвгүй байдаг юм бэ гэж. Анх тэгж л аавыгаа нервтүүлж эхэлж байсан даа.

-Арслан маань одоо нас хэдтэй юм бэ?

-Би 1987 оны туулай жилтэй. Одоо 27 хүрэх гэж байна.

-Та чинь гэрлээд удаагүй байгаа юм аа даа.

-Тийм. Эхнэртэйгээ амьдраад хоёр жил болж байна.

-Энэ жаахан амьтан анхны хүүхэд тань уу. Хүү юу?

-Тийм. Хүү. Эхнэр маань оюутан. Ирэх жил сургуулиа төгсөнө.

-Хүүдээ ямар нэр өгснийг тань сонирхож болох уу?

-Хүүдээ би Буянтогтох гэж өгсөн.

-Бөхийн нэр өгчээ.

-Тийм, аваргын нэр.

-Увсын хүмүүс ярианыхаа өнгөөр шууд л танигддаг. Харин та аялгагүй юм.

-Би Увсад төрсөн ч манайх 1990 онд хот руу шилжиж ирсэн л дээ. Дөрөвдүгээр хороололд 58, 59,60 дүгээр байр гээд алдартай байрууд байдаг. Тэнд л хорин хэдэн жил амьдарсан. Тэнд өссөн. Хотын хүүхэд л гэсэн үг. Зундаа бол харин хөдөө гарна.

-Аль сургууль төгссөн юм бэ?

-Би Лхагваа захиралтай “Монген” гэж сургуульд сурч байгаад Увсад нэгдүгээр 10 жилд үргэлжлүүлж сурч төгссөн. Төгсөөд Соёл эрдэм гээд япон хэлний дээд сургуульд орсон.  Япон хэл, аялал жуулчлалын мэргэжлээр сураад төгсөх курсдээ японд очоод хоёр жил болсон.

-Японд амьдарч байсан болохоор япон оронд хайртай байх.

-Санагданаа. 20-22 насны амьдрал маань тэнд өнгөрсөн шүү дээ.

-Япон хэлтэй байх нь. Одоо мартаагүй биз дээ?

-Мартаагүй .

-Японд байхда сумод хүч үзье гэж бодож байгаагүй юу?

-Үгүй. Намайг японд байхад Дагваа аварга, Даваажаргал аварга бүгд барилдаж байсан. Би очиж барилдааныг нь үздэг байсан. Бас л монголын бахархлууд л даа.

-Таныг түрүүлэнгүүт  их аварга Д.Дагвадорж “Увс нутаг бол аргагүй л бөхийн орон юм даа” гэж цахим хуудсандаа бичиж байна билээ. Сайхан л харагдсан.

-Дагваа аварга надад хамгийн анх ямар үг хэлснийг би танд хэлэх үү. Тэр бол жинхэнэ амны билэгтэй үг байсан.  Надтай нэг уулзаад “Ахын дүү чамд улсын наадмын нэг түрүү байгаа шүү, хичээгээрэй”  гэж хэлсэн юм даа.

-Ямар сонин юм бэ. Хэдэн онд вэ?

-2012 оны цагаан сараар. Тэр үг миний санаанаас ерөөсөө гардаггүй. Сая наадмаар түрүүлсэн чинь  их аваргын хэлсэн тэр үг бүр их бодогдож байна.

-Үнэхээр сонин юм.

-Тийм. Дагваа аварга бол амны билэгтэй хүн.

-Онцгой хүн л дээ.

-Үнэхээр онцгой хүн.

-12-ны орой бол ер бусын орой байсан байх. Тэр их олны баяр, түрлэг дундаас хэн нэгний хэлсэн үг онцгойрч үлдэв үү?

-Мэдээж эхлээд аав дээрээ очиж үнсүүлсэн. Намайг ёстой огшоосон дүр зураг Баянаа аваргын маань тэр мөчийн сэтгэл хөдлөл, дүр төрх байсан даа. Уйлаад л над руу алхсан. Урдаас нь би гүйсэн. Очоод тэвэртэл уйлаад намайг үнсэхдээ “Амьд явах чинь яасан сайхан юм бэ. Ямар их юм үздэг юм бэ”  гэсэн тэр агуу аваргын үг намайг үнэхээр огшоосон.

-Энэ жилийн наадам үнэхээр дуулиантай сайхан наадам боллоо. Монгол айл бүрийн хойморт таны тухай, Жаргалсайхан гарьдын тухай, олон жилийн дараа зодоглосон А.Сүхбат аваргын тухай ярьцгааж байна.

-Би бас их азтай хүн юм. Таван аварга зодоглосон ийм наадам бараг сүүлийн хэдэн жил ч болоогүй юм. Тавын таван аварга барилдсан наадам гэдэг бол ховор сайхан тохиол.

-А.Сүхбат аваргын гурвын даваанд гаргасан шийдлийг та юу гэж бодож байна?

-Хоёр сайхан аварга. Баруун зүүний магнайгаасаа болж жижигхэн үл ойлголцол гарсан юм байлгүй дээ. Би юу болсныг сайн мэдээгүй ээ. Барилдаандаа анхаараад. А.Сүхбат аварга дотроо нэг бодолтой л тийм шийдвэр гаргасан байх. Хүний доторх бодлыг таах аргагүй шүү дээ.

-Хожим Баянаа аварга зүүний магнайд гарч, тэр жил нь С.Мөнхбат аварга түрүүлж байсан. Сая О.Балжинням гурвын даваанд барууны магнайд гарч, та түрүүллээ. Энэ нэг үзүүрийн бэлгэдэл байж болох уу?

-Би энэ талаар нэг их юм бодоогүй. Аварга аваргаа авахыг ерөөсөө үзэж дуулж байгаагүй. Юу болов оо л болцгоогоод явчихсан.

-Таны хувьд хамгийн хүч шавхсан барилдаан хэнтэй хийсэн барилдаан байв аа?

-Зургаагийн даваанаас эхлээд л хүч шавхсан барилдаануудыг хийсэн дээ.

-Зургаад тунасан.

-Зургаа дээр тунаж Р. Пүрэвдагва начинтай барилдсан. Долоо дээр Д.Рагчаа гарьдтай. Найм дээр Ч.Санжаадамба заантай, ес дээр Ш.Жаргалсайхан гарьдтай ер нь л хүч шавхсан барилдаанууд байлаа.

-Ч.Санжаадамба заантай хийсэн барилдааны үеэр ам руу нь таны гар орчихсон нэг зураг сошиалаар “шинэ мэх” гэсэн тайлбартай яваад байсан.

-Нойтон, хөлстэй биеэн дээр барьж халах энэ тэр явцад гар хальтирна шүү дээ. Толгойг нь цааш нь түлхэх гэж байсан чинь нэг мэдсэн ам руу нь орчихсон байсан. (инээв) Санжаа ч юм хэлээгүй. Бид хоёр барилдаж байсан. Тэр чинь угаасаа тэмцэл л юм чинь. Бөхчүүд бол ойлгоно л доо. Бөх мэдэхгүй хүмүүст л завжидаж байгаа юм шиг харагдсан юм шиг байгаа юм. Тийм юм юу гэж байхав дээ. Санаандгүй л тийм юм болчихсон.

-Увс аргагүй бөхийн орон юм даа гэж хүмүүс зөвшөөрөх атлаа Увсаас яагаад дандаа бөхийн түрүү төрчихөөд байдаг юм бол. Яасан ч нэг нь гараад л ирэх юм аа гэлцэж байна.

-Мэдээж төрж өссөн нутаг усандаа шүтэж дээдлэлгүй яахав. Гэхдээ миний хувьд бид бүгдээрээ л нэг цул монголчууд. Увс хүн, Увсынхан гэхээр надад таатай санагддаггүй. Адилхан цөөхөн монголчуудад ийм хандлага ямар ч хэрэггүй гэж би боддог. Гадаад оронд бас тодорхой хугацаагаар амьдарч үзлээ. Гадна гараад бид бүгдээрээ нэг л монголчууд байдаг биз дээ. Олон улсын тэмцээн уралдааны талбар дээр бид монгол л гэж дуудуулдаг. Түүнээс энэ Увс хүн гэж зарладаггүй биз дээ. Үндэсний их баяр наадам бол өөрийн уламжлалтай, дэг жаягтай. Ёстой горимтой. Олон зуун жилийн тэр соёлоо дагаад л бөхчүүд нутаг усаараа овоглож гардаг. Бусад үед нутгархах, жалга довны үзлийг дэмжих талцах нь утгагүй зүйл гэж би боддог.

-Та гарьд Ш.Жаргалсайхантай урьд нь таарч барилдаж байв уу?

-Нэг л удаа барилдаж байсан. Завханы нэг наадмаар би очиж барилдсан юм. Тэгээд гурвын даваанд намайг амлаж аваад, би аминдаа аймгийн арслан горьдож очсон байдаг. Тэгсэн намайг аваад таслачихдаг юм. Би уйлаад. (инээв) Тэгээд л наашаа гараад 2000 км замын турш бараагайд л дотроо Жагаа ахад жигтэйхэн гомдсон хүн ирж байсан. Бид хоёр чинь тэгээд хөгжилтэй. Дараа нь Жагаа ах надаас уучлал гуйгаад”за, ахын дүү зүгээр үү” гээд л. Бөхийн амьдрал юм даа.

-Увс нуур дэвжээ хамгийн олон бөхтэй дэвжээ байх. Наадмын бэлтгэлд хэдэн бөх гарах вэ?

-70 бөх гардаг.

-Ерөнхий дасгалжуулагч нь Б.Гантогтох уу?

-Тийм. Б.Гантогтох гарьд. Манай дэвжээ чинь жил болгон өөр өөр багш ажилладаг. Сүүлийн нэг жил Гантогтох гарьд бид нартэй ажиллаж байна. Багаасаа л барилдааныг нь харж шүтэж биширч өссөн. Манай Ганаа багш үнэхээр гайхалтай хүн.

-Уурлаж зэмлэх үү. Бэлтгэлийн үеэр ямархуу зан чанартай вэ?

-Уурлаж бухимдаад байдаггүй, их зөөлөн, зарчимч, мундаг хүн шүү дээ. Тэр хүнээс сурах зүйл асар их байдаг. Би бол багшийгаа монгол улсын аварга л гэж боддог юм. Үзүүр түрүүнд очоод шодооноос хувь тавилангаа шийдүүлчихсэн хүн байхгүй юу. Бөхийнх нь хувьд багшийгаа бодоод их харамсдаг. Бүх талаар төрчихсөн хүн гэвэл тэр хүн.

-Энэ том дэвжээний тэр олон бөхчүүдийн бэлтгэлийг хангах амаргүй байх. Гол авч явдаг хүн нь хэн юм бэ?

-Олон түмнийхээ л дэмжлэгээр явдаг даа. Ерөнхийд нь “Увс нуур” дэвжээг олон жилийн турш манай Дорлигжав ах л авч яваа. Тэр хүний бөхөө, нутаг усаа гэсэн сэтгэлийн тэнхээн дээр л явдаг. Өөрөө барилдаж байсан. Бөхөд үнэнхүү сэтгэлээрээ хайртай хүн л дээ. Амралтын өдөр л олдвол бидэн дээр ирдэг. Энэ мэхийг ингэж өөрөөр хийвэл яадгийн гэж хүртэл шинэ мэх хүртэл гаргаж ирдэг хүн шүү дээ. Хүмүүс улс төр, албан тушаалтан талаас нь илүү хардаг байх. Би бол хүн талаас нь илүү мэддэг, мэдэрдэг. Сайхан ах нарын дэмжлэг буянаар бид бэлтгэл сургуулилтаа хийж, зохих амжилтуудыг үзүүлж явж чадаж байна. Спорт бол хатуу талбар шүү дээ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn