Л.Баатар: Би зугтагч биш
2014 оны 8 сарын 6 [Уншсан тоо: 119371]

Өнөөдрийн миний зочин Улаанбаатарын хамгийн том дуулианыг дэгдээсэн “Херо интертаймент”-ын найруулагч Л.Баатар.

-Би танд тавихыг хүсч байсан асуултуудаа л тавъя. Яагаад гэвэл энэ ярилцлагыг би хөтөлж байгаа учраас. Та анх компаниа байгуулахдаа яагаад Херо гэж нэрлэсэн юм бэ. Өөрийн тань нэрнээс өөр шалтгаан байдаг уу. Ямар нэгэн фантаз байдаг уу гэж сонирхож байгаа юм ?

-Би чинь Өвөрхангайн уншилтай хүн шүү дээ. Манай Өвөрхангайд  Л.Аюуш гэж эх орныхоо төлөө амиа өргөсөн, 12 буудуулж нас эцэслэсэн баатарын хөшөө байдаг. Бүгдээрээ тэр баатарыг хүндэлж биширдэг. Тэгээд намайг төрсөн чинь манай өвөө  нэг цаасан дээр нь Аюуш, нөгөө дээр нь Баатар гэж бичээд аягатай будаан дотор хийгээд сэгсэрхгүй юу.

-Нээрээ тийм ёс бас байдаг байсан.

-Будаанаас аз болж Баатар гэсэн нэр нь гарахгүй юу. Аюуш гээд гараад ирсэн бол одоо “Аюуш интертаймент” гэчихсэн явж байх юм уу хаашаа юм. (инээв) Би баярладаг юм. Баатар гэдэг энэ нэрийг өвөө маань надад өгсөнд. Яагаад компаниа “Hero интертаймент” гэж нэрлэсэн бэ гэхээр , тэр үед Hero гээд алдартай кино гарч байсан. Хятадын. Тэр бол гайхалтай гүн ухааны кино. Ёстой үзэж ханамгүй. Тэр киноны философид би үнэхээр их татагдсан. Тэгээд л зорилго чиглэл маань гангийн урсгал мэт бат бөх цуваасай,тасрашгүй яваасай гэж бэлгэдэж “Hero интертаймент”  гэж нэр өгсөн юм.

-Танайх байгуулагдаад хэр удаж байгаа билээ?

-Нэлээн удаж байна. Бичиг цаас авснаараа бол одоо арван жил болох гэж байна.

-Телевизэд таны амьдралын маш гоё  гэрэл гэгээтэй түүх үлдсэн байгаа. Монголын рок поп хөгжмийн урлагт бас байгаа. Хараад байхад бүх амьдрал тань ерөөсөө л уран бүтээлчийн амьдрал байдаг. 

-Баярлалаа. Таны асуулттай хамт өнгөрсөн амьдралын маань түүх тэр чигээрээ жирэлзээд өнгөрөх шиг танил дотно мэдрэмж төрж байна. 

-Харин телевизэд  өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж, уран бүтээлчдийн нэг үе солигдож, залуус жинхэнэ юм хийж байтал таныг гараад явчихсан гэж хардаг . Яагаад тэгсэн юм бэ?

-Та их зөв харсан байна. Ерөнхийдөө миний телевизэд орсон түүх их хөгжилтэй ш дээ. Би өөрөө нэвтрүүлэгт орж байсан. Хүний гарын үсгийг , амьтан болгож үзүүлээд л хүмүүс алга ташаад л. Ерөнхийлөгч Очирбат гуайн ч байдаг юм уу, янз бүрийн хүмүүсийн гарын үсгийг амьтан болгож зураад л. Нэг хэсэг тэндээ бас жижигхэн од болж байлаа ш дээ. Тэр үед намайг найруулагч Мөрөнгуа эгч маань олж харсан. Чи ер нь хүүхэлдэйн кино зур, чамайг телевизэд оруулья гэдэг гэнэтийн санал тавьдаг юм. Ингэж би анх хүүхэлдэйн киноны зураач гэдэг мэргэжлээр монгол телевизэд орж байсан. Миний урлагийн амьдралын загалмайлсан эх бол яах аргагүй Мөрөн эгч маань юм даа. Намайг олж хараад, чи ерөөсөө хүүхэлдэйн киноны хүн байна гэж итгүүлэн үнэмшүүлээд, нээгээд,  хүүхэлдэйн киногоор өвчлүүлээд, телевизийн хүн болгосон. Ингээд монголын телевизийн урлаг, тэр дундаа  реклам, клип гээд том ай сав руу орж явчихсан.  Шинэ үеийн телевизийн урлагт  намайг оруулж, түлхэж, аравнайлсан хүн бол  манай Боролдой студийн захирал Мягмар ах маань байдаг. Олон сайхан буянтай хүмүүс миний амьдралд таарсан.

-Би юу гэж асуух гээд байна вэ гэхээр эрч хүчтэй залуу хүн атлаа их эргэлтийн өмнө явчихсан.

-Та их зөв хараад байна л даа. Яг телевизийн урлагийн уугуул тэр том урсгал, тэр аварга үйлдвэрлэлийн ертөнцөд шинэ хувьсгал болоход хажууд нь байсан. Тэр утгаараа маш олон зүйлсийг өөртөө шингээж авч чадсандаа баярладаг. Хуучны болон шинэ үеийн уран бүтээлчдийн уулзвар дээр, яг тэр гал халуун цөм дээр маш олон уран бүтээлчидтэй  хамтарч ажилсан маань миний амьдралын нэгэн сайхан үе болж үлдсэн. Тэр үе нь өөрөө телевизийн урлагийн нэгэн шинэ үеийн түрлэг орж ирсэн үе байсан. Одоо энэ “On&Off”-ын С.Ононбат, “Боролдой” Д.Мягмар хоёр бол монголын телевизийн урлагийн шинэ өнгө төрхийг авчирсан хоёр хүн яалт ч үгүй мөн.  Үнэхээр маргахын аргагүй. Ардчилсан хувьсгалтай зэрэгцээд л тэр барууны хийц, хэв маяг телевизийн урлагт орж ирсэн шүү дээ. Энэ ажилд хамгийн томоор шан татсан хоёр хүн бол яалт ч үгүй энэ хоёр хүн. Үүнийг үгүйсгэж болохгүй. Энэ хоёрын урлангаас  маш олон монголын видео уран бүтээлүүд гарч ирсэн. Дагаад олон арван залуус гарч ирсэн.

-Уран бүтээлийн орчин өөрөө мөнхийн өрсөлдөөн. Бие биенээсээ болоод үзэгчидээсээ, нийгмээс байнга хатгалт, бас өвдөлт авч байдаг. Тэнд тэссэн, тэндээ элэгдэж яваа хүмүүс зөндөө бий. Харин таныг телевизээс зугтсан л гэх гээд...

-Зугтах биш ээ, Ганчимэг ээ. Би зугтагч биш. Би өөр гүн цөм рүү явах ёстой байсан. Яагаад гэвэл тэндээс авах юмаа би уран бүтээлчийн хувьд авсан. Дараагийн шатнаас олж авах юм надад мэдээж байсан. Тэрнийхээ төлөө л би явсан. Би дараагийн шат руу явсан. Тэндээсээ бас дараагийн шат руу явсан. Амьдрал өөрөө асар хурдтай өрнөсөн шүү дээ. Зүгээр нэг зугтагч байсан бол би хамгийн амар хялбарыг бодоод зураачаа хийгээд, эсвэл аавынхаа сургууль дээр зургийн багш хийгээд явах байсан байх л даа. Манай аав бол намайг зураач байгаасай, зургийн багш байгаасай гэж маш их мөрөөдсөн.

-Тийм ээ, та урсгал дагагч биш. “Hero интертаймент” рок поп хөгжмийн урлагт бас чамгүй ихийг хийсэн. Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч гэж юу байлаа гэдэг шиг видео клип гэж бас юу байлаа Рок попын хөгжилд бол юм хийсэн зүтгэлтэнүүдийн нэг гэж таныг боддог . Нэг хэсэг Баатар “шинэ од” үйлдвэрлэгч байсан. Тэр ажлаасаа гэвч яагаад бас явсан бэ?

-Нэгдүгээрт видео урлаг,клипны урлаг гэдэг бол өөрөө маш том урлаг. Хүмүүс амархан бодоод байдаг, өө клип бол яахав дээ гээд л. Клип өөрөө маш том төлөөлсөн бас бие даасан урлаг болоод хөгжчихсөн зүйл. Гуравхан минутын хөгжим, тэр ритмийг дүрстэй маш нарийн  холбож, хүний сэтгэхүйд  хүргэнэ гэдэг өөрөө маш нарийн мэдрэмж, маш том цаг хугацааны мэдрэмж шаарддаг ажил.

-Хамгийн урт дуу гэхэд л 4-5 минут байдаг байх.

-Тийм. Тэр өгөгдсөн хугацаа, тэр орон зайд яаж тэр олон зүйлсийг багтааж, хүний сэтгэлийг татаж авч явах вэ гэдэг л юм.  Маш олон зүйлсийг хэлэхгүйгээр хийх урлаг юм. Нэвтрүүлэг бол хэлчихдэг шүү дээ. Ойлгохгүй юмыг амарханаар, тодорхойгоор хэлчихдэг. Клипний урлаг бол илүү мэдрэмжинд суурилдаг учраас нарийн урлаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Үнэндээ бол манайд клипний урлагийн өнгө төрхийг авчирсан хүн бол Ононбат, Тулгаа хоёр. Өнгөрснөө мартаж хэзээ ч болохгүй. Ялангуая уран бүтээлч бид. Яагаад гэхээр би тэр хүмүүсийн хийсэн зүйл дээр өөрөө өндийсөн хүн. Хүн дандаа урд талын хүмүүсийн явж ирсэн замыг харж, мэдэж байж өөрийгөө зөв авч явна. Одоо манай Балхаа ах байна, UBS-н Баяр ах байна. Монголын рок поп бол өөрийн үе үетэй. Яг тэр мандалтын үетэй нь би өөрөө давхцаж гарч ирж байсан байх.  Түүнээс биш би гоцдоо, гойддоо гоё юм хийж байсан юм биш. Яалт ч үгүй рок поп урлаг тэр үед үнэхээр бусдаасаа хурц тод байсан. Дуучид нь үнэхээр өнгөлөг, бүх хүн рок попыг сонсдог байлаа. Тэр утгаараа рок поп урсгал үнэхээр хүчтэй байсан. Тэр том урсгал,тэр их хувьсалтай давхцаж би тэр салбарт ажиллаж, шинэ юм хийх гэж хичээж байсан. Тэгэхээр цаг үедээ баярлахаас өөр арга байхгүй.

-Маш том багийн ажлууд байдаг ч монголд зөвхөн дуучин нь сугараад л од болдог, түрүүлж үнэлэгддэг. Ерөнхийдөө  уг ертөнцийнх нь өрсөлдөөн өөрөө  хатуу ширүүн. Үйлдвэрлэлийн үр дүнд гарч ирсэн тухайн “од” бол цаашаа өөрийгөө яриад л явчихдаг. Баатар энэ шуугиант талбараас төвөгшөөсөн байж болох юм.

-Ер нь хүн халширвал халширхаар, ядарвал ядархаар буцалсан ертөнц л дөө. Гэхдээ...

- Одоогоос хориод жилийн өмнө таны аавтай ярилцлага хийж байлаа. Таны аав тэгэхэд хэлж байсан юм. “Хийж бүтээх хэцүү байдаг юм байна, харин нураах амархан юм” гэж. Анхны л хувийн дунд сургуулийг байгуулаад явж байсан. Амжилтаа булаалгачих гээд манай редакцаас шийдвэр гаргаад би очиж ярилцаж байлаа. Гэхдээ тэр нугараа ч үгүй,  амжилтаа булаалгаа ч үгүй үлдсэн.

 -Би клипэнд маш дуртай, дуу хөгжимд дуртай. Яалт ч үгүй цаг хугацаа л намайг шахсан. Би олон даруу бус юм хэлж байж магадгүй.  Клипний урлагт оюуны хувьсгал хэрэгтэй. Дахиад нэг том соёлын хувьсгал хийх цаг болсон юм болов уу гэж боддог. Одоо бол бид нар хэлбэрийн хувьд дэлхийтэй зэрэгцсэн болов уу. Өмсөж байгаа хувцас, амьдралын хэрэглээ, аливаа харах өнцаг бүх талаар дутаад байх юм алга, тийм үү. Клип бол хэлбэр талын урлаг бас мөн. Стил, имиж гээд олон талаар хэлбэрийн урлаг. Одоо бид агуулга дээр ажиллах хэрэгтэй. Энэ үндэслэл намайг жаахан зовоогоод байсан.

-Гоё, сонин шийдэлтэй клипүүд хийсэн л дээ. Олон ч дуучид дээр алагчилж үзэхгүйгээр ажилласан. Сүүл рүүгээ “Hero интертаймент” гэдэг шошго тал нутаг, морьтон харуулсан,  олон улстөрчдийг ярайтал суулгасан сонгуулийн ажлууд дээр харагдаж эхэлсэн. Бараг зохиолын дуу шиг дуунууд дээр баримтад кино шиг нүсэр дүрстэй ажлууд гарч байсан. Поп урлаг бол өөрийн гэсэн хэлтэй урлаг. Хүн төрөлхтний хөгжимд ямар том байр суурьтай урлаг билээ.

-Би таны юу хэлэх гээд байгааг тун сайн ойлгож байна.

-Таны тэр ажлуудыг анзаарч харж байдаг, нуулгүй хэлэхэд таагүй ханддаг. Зарим ажиглагчид ч “Баатар өөрчлөгдөж дээ” гэдэг.

-Та их нарийн, эмзэг байж болох зүйлсийг хөндөж байгаа атлаа гоё асуух юм. Мэргэжлийн хүн гэдэг өөрөө энгийн, зүв зүгээр, ямар ч анзааргагүй юм шиг байж байгаад маш гярхай олон зүйлсийг өөртөө тээж чаддаг тийм гайхалтай увидастай байдаг л даа. Тэр утгаараа сайн судалгаануудыг та хийсэн байна.

-Та энэ компаныг байгуулаад олон жил явлаа. Таны ард олон хүны амьдрал байгаа. Тэгэхээр энэ компанийг авч явах л ёстой, ажилтнуудаа цалинтай байлгах үүрэгтэй. Энэ бодит амьдралаас болоод тэгж заримдаа хальтирахаас өөр аргагүй юу?

-Ганчимэг ч гэсэн өөрчлөгдлөө гэж таныг бас ярьдаг шүү дээ. Яг үнэндээ хүн байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг амьтан. Манай монголчууд ярьдаг шүү дээ, арван жилд тийм л юм байсын, одоо ийм болчих гэж гээд. Үгүй ээ тэгэх ёстой шүү дээ. Хүн өөрчлөгдөх ёстой. Хүн бол өөрчлөгдөхдөө тулбал нэгхэн минутанд ч өөрчлөгдөж болно. Тийм учраас хүний өөрчлөлтийг дандаа анзаарч, хүндэтгэж байх хэрэгтэй. Хувь хүн өөрөө бас байнга өөрчлөгдөхийг бодож байх хэрэгтэй. Би түрүүн хэлсэн. Цаг хугацааны хурд яаж уран бүтээлчийг тасралтгүй шахаж байдаг тухай. Ер нь найруулагч гэдэг хүн ганц нэг клип л хийх ёстой юм уу. Нийгмийн хаа нэгтэй ямар нэг газар, ямар нэгэн юмаар цангаж эхэлж байна гэсэн дохио ирэх л юм бол  тэнд найруулагч нар ажлаа хийж байх ёстой. Энэ бол хууль. Хэрвээ улс төр цэгцрээд сайхан болоод явчих юм бол, би улс төрийн сэдэвтэй “100 чухал сэдэв” гэдэг нэвтрүүлэг хийх хэрэггүй л байхгүй юу. Би илүү надад таашаал өгдөг урлагийг хийгээд л явчихна.  

Хоёрдугаарт, хэзээ ч уран бүтээлч хүн мөнгөний төлөө, цаана нь Ганчимэгийн ард 10 хүн байгаа шүү, Баатарын ард 10 хүн байгаа шүү гэж хэзээ ч бүртгэл хийдэггүй байхгүй юу. Өөрөө мөнгөөр бүтээгдчихдэггүй байхгүй юу. Хичнээн мөнгө өгөөд уран сэтгэмж гоё шийдэл, сайхан зүйл зүгээр л урсаад орж ирдэггүй. Тэгэхээр оюун ухаан гэдэг зүйл нь өөрөө мөнгөөр хэмжигдэж мөнгөөр залагддаг зүйл биш. Өөр нэг зүйл бас байна. Уран бүтээлчид өөрсдөө продюсорууд хар аяндаа эд эсээрээ татагдаж ирээд ажиллах тийм бүтээлийг хийх ёстой. Яг үнэндээ манай рок поп өнөөдөр зогсонг үедээ ирчихсэн байхгүй юу. Энийг өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэхээр гайхалтай хэдэн дуучид нь одоог хүртэл байна. Яагаад энэ олон жил Сараа гэдэг гайхалтай дуучны энд хүрэхээр дуучид  гарч ирэхгүй байгаа юм. Урьдийн бид нарын үеийг бодвол илүү л их дэмжих бололцоо энэ нийгэмд бий болоод байна. Хаана ч очоод дуу бичүүлж болно. Дэлхийн стандартад бичээд өгчих студиуд манайд дүүрэн байна. Яагаад энэ залуучууд бүтээл хийхгүй байна вэ. Яагаад “Камертон” шиг хамтлаг одоо хүртэл гарж ирэхгүй байна вэ. Тэгэхээр надад нэг бодол байгаа биз дээ. Тэгэхээр тэнд үнэхээр биднийг хошууруулаад, бишрүүлээд гараад ирчих одууд төрөхгүй байна шүү дээ. Тийм учраас би ахиад л биелгээгээ биелүүлээд, дуугаа дуулуулаад л, ахиад л нөгөө хэдэн дуучдыг нь дуулуулаад л явах уу. Надад бас гунигтай л байна ш дээ. Энэ улстөрчдийн байгаа байдал, эх орондоо хайргүй хүйтэн хандлагууд, энэ их холион бантан уран бүтээлчийн хувьд намайг өвтгөж байна. Би энэ эх орны л нэг хүү нь. Яагаад би цаг үеийнхээ энэ болж бүтэхгүй зүйлсийг хараад таг дуугүй бэртэгчин царайлаад амьдраад явах ёстой юм. Тийм учраас би киногоо хаяад, клипээ хаяад, хайртай дуртай хөгжмийн урлагаа орхиод энд уран бүтээлчийн тэмцэл хийж яваа юм. Учир нь ердөө л тэр. Та ч гэсэн зохиолоо бичмээр л байдаг байх, сайхан кино бичмээр байдаг, сайхан өгүүллэг бичье гэж мөрөөддөг байх. Тэгвэл тэгээд яагаад тэр ажил руугаа орохгүй энд хүмүүсээр хараалгуулаад, хавчуулаад өдөр шөнөгүй “байлдаж” байгаа юм бэ. Бидний дотор адилхан уран бүтээлчийн зүрх шатаж байгаа учраас л ийм амьдралыг сонгосон.

-Таны хийж байгаа “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэг төсөлд бол би баяр хүргэнэ.  Манай салбарыхан бол эхлээд дургүй л байсан. Нэвтрүүлгийн нүүр царай болсон эмэгтэй дээр илүү тэр атаархал тусч байсан байж магадгүй л дээ. Хатуу үнэн нь мэргэжлийнхэн шинэ юм сэтгэхээ больжээ. Тэд хөдөлмөрлөхгүй байна. Тийм болохоор хүмүүс орж ирээд юм хийж эхэллээ. Энэ төсөл дээр сэтгүүлчид бууж өгөх хэрэгтэй. Харин “100 чухал сэдэв” төслийг бол би өөрөөр хардаг. Таны удирдлаганд олон залуус ажилладаг. Тэр баг хөдөө гадаагүй явж ажилладаг. Унаа тэрэг, шатахуун тосноос авахуулаад маш их зардал гарч байгаа нь тодорхой. Тийм болохоор нэг сайн юм хийж байвч , нөгөө талд нь мөнгө босгох шаардлага байгаа учраас нөгөө төслийг хийж байна гэж. Би өөрөө анх удаа бие дааж шинэ ажил эхлүүлээд ахуйн зовлон гэдэг юмтай нүүр тулж байна л даа. Миний харж байгаа зөв үү. Та шударгаар хариулахгүй юу?

-Монгол зуун эрхэмийн хувьд та их зөв харсан байна. Бид өөрсдийгөө их ангилж, зэрэглэх юм. Мэргэжлийн бус, мэргэжлийн гээд л. Яг үнэндээ, бид нараас урьдах үеийнхэн бол бүтэн давхаргаараа л мэргэжлийн бус л байсан шүү дээ, тэгж ярих юм бол. Тийм ч учраас маш олон сайхан том том ололтуудыг хийсэн. Чингис хаан ямар ч удирдлагын академи төгсөөгүй. Би байгалиас авч төрсөн тэр авъяас дээрээ, тэр мэдрэмж дээрээ тулгуурлаж уран бүтээлээ хийх  ёстой юм шүү. Би хүнийг хайрцаглах дургүй. Хайрцаглагдаагүй хоёр хүнээр нэвтрүүлэг хөтлүүлье л гэж бодсон. Амжилттай болсон. Энэ төсөл маань маш олон түүхийг бичиж үлдээнэ. Би архивын ажилтан биш ч гэсэн, энэ үүрэг ганцхан миний үүрэг биш ч гэсэн монгол улсын түүхийг үнэн зөвөөр нь хадгалах л ёстой гэж зүтгэж байна. Камер гэдэг бол өөрөө гайхалтай зүйл байхгүй юу. Жишээ нь би тантай нэвтрүүлэг хийхэд таны үзэл бодол, таны түүх бичигдээд л явчихна. Камер гэдэг бол олон зүйлийг авч хадгалж чаддаг гайхалтай зүйл. Тэр үед Ганчимэг тэрийг хэлэхдээ их тийм гуниглангуй болоод тамхиа хоёр гурав сорсон юмаа гэдгийг бичдэг хүн байна, бичихгүй ойлгодог хүн байна. Харин камер бол яг дотоод сэтгэлийн тусгалтай нь хамт бичдэг байхгүй юу. Тэгэхлээр Ганчимэг гэдэг сэтгүүлч ерөнхийдөө ийм хүн байжээ. Яг арга барилаа ингэж босгосон юм байна. Судалгаагаа ингэж хийдэг байж. Амьдралынхаа тэр үед тийм байдалтай байсан юм байна, ингэсэн юм байна гээд л бичигдээд үлдчихдэг. Дараагийн судлаач нар харин  энэ үгэн дээр яагаад тэр хүн тамхи татсан юм бол гэж судлах жишээний. Телевизийн урлагийн гайхалтай зүйл нь дүрс дуу хоёрыг зэрэг бичиж байдаг учраас тэр мэдрэмжүүдийг авч чаддаг. Амьд шинжүүдийг авч хадгалдгаараа гайхалтай учраас авч хадгалья гэсэн зуун хүнийг сонгоод ажиллаж байгаа юм л даа. Цаашдаа бусад найруулагчид олон зууг хийх л байх. “100 чухал сэдэв” төсөл маань “Монгол тулгатны 100 эрхэм”-ээ санхүүжүүлж, татаж явдаг уу гэвэл мэдээж би анх тэгж бодож анх хийсэн. Гэвч амьдрал дээр бүх зүйл амархан биш. Энэ бас өөрөө болдоггүй юм байна лээ. Мөнгө өгөхлөөр л толгой ажиллаад байна гэж байдаггүй юм байна шүү дээ бас. Тэрийг би олон үзсэн байхгүй юу. Мөнгийг нь авчихаад юмыг нь хийж чаддаггүй үе зөндөө. Яг үнэндээ Ганчимэгээ нэг юм хэлэхэд би нэг бүтээл хийлээ гэхэд тэр гол дүрдээ маш сайн болж байж хамт юм хийдэг байхгүй юу. Эсвэл би тэр ундаанд дуртай болж байж ч юм уу, амталж үзэж байж, мэдэж байж рекламыг нь хийдэг байхгүй юу. Би магадгүй, тухайн киноныхоо гол дүрд дурлаж байж хийдэг найруулагч байж мэднэ. Би сэтгэлээсээ юмийг хийдэг байхгүй юу, тэр хийж байгаа хүнийхээ итгэл үнэмшилд хамт орж байж, энэнийхээ үнэн зөв гэж хэдэн эсэндээ бүр цаад талынхаа эс ширхэгэндээ шингээж байж зөв гэж  авдаг байхгүй юу. Яахав зарим хүмүүс чи ямар тэнэг юм бэ, чи толгойгоо угаалгалаа гээд шүүмжилдэг. Магадгүй би толгойгоо угаалгаж байж тэр хүнтэй нийлж юм хийдэг байхгүй юу. Чамтай хэрвээ хамтарч юм хийвэл, би Ганчимэг гэдэг хүүхэнд маш сайн болж байж, би чамд охин шигээ дурлаж байж, охин шигээ хайрлаж байж, ээж шигээ хайрлаж байж ч юм уу тийм болж байж л хийнэ. Хайртай эмэгтэйг нь, охиныг нь ч юм уу ярихаар уурлаад байдаг шүү дээ хүмүүс. Хаана ч, хэний ч өмнө хар аяндаа өмөөрөөд байдаг. Би тийм хэмжээнд харилцаатай байж байж уран бүтээл хийдэг хүн байхгүй юу. Хаана ч явсан би хамтрагч нараа муулуулах дургүй. Бүр яг цаанаасаа уур хүрдэг. Тэгж байж  бүтээл гардаг юм болов уу. Яагаад гэхлээр би яг мэргэжлийн хүн биш болохоор тэгж сэтгэлээ хөвчилж байж хийдэг хүн байж магадгүй. Мэргэжлийн хүмүүс тэрийг хиймлээр, илүү хялбараар хийдэг байж магадгүй л дээ. Харин би бол өөр. Тийм учраас “100 чухал сэдэв” надад бас хэцүү байна. Яагаад гэхээр  одоо намайг нарийн царигийн тухай нэвтрүүлэг хийгээч гээд хүмүүс хэлж байна. Болохгүй юм байна лээ л дээ. Ахиад би тэр хүмүүсийг чинь мэдэрч, тэр хүмүүсийн чин үнэн эрмэлзлэлийг ойлгож байж хийнэ шүү дээ. 

-Саяны дуулиан болоод байгаа “100 чухал сэдэв” нэвтрүүлэг рүү орьё л доо.  Энэ нэвтрүүлэг үнэхээр Монгол даяар шуугиан тарьчихлаа. Таныг тагнуул дээр дуудаад байцааж байгаа гэсэн. Тэнд оролцсон зочдыг байцааж байна л гэнэ. Төр засгаас ч анхаарал тавьчихлаа. Энэ нэвтрүүлгийг сайн муу болсон гэх яриа бол зөвхөн уран бүтээлчдийн л дунд яригдах яриа. Үзэгчид бол тэндээс авсан юман дээрээ л маргаж байгаа. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлд нь сэрсэн ойлголтон дээрээ олон нийт  маргалдаж байгаа.

-Яг тийм. Та их гоё хэллээ. Сэрсэн ойлголтон дээрээ гэж. Би бол тэр нэвтрүүлэгийг чин сэтгэлээсээ л хийсэн. Би үнэхээр хоёр үзүүрт сэтгэлээр хандаж чадахгүй. Яг энэ нэвтрүүлэгийн тал дээр ямар ч мөнгө төгрөгний асуудал байхгүй. Ёстой тийм юм байхгүй. Намайг мөнгө авдаггүй юм хийдгийг MCS группын ерөнхийлөгч М.Оджаргал мэдэж байх ёстой, уг нь. Би М.Оджаргалын “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг нэг зоос ч авахгүйгээр хийж өгсөн.  Ямар ч мөнгө аваагүй. Тэгэхээр чинь тэр хүн бас ойлгож байгаа шүү дээ, за Баатар энийг бол мөнгө аваагүй хийсэн байх аа гэж.

-Би таны бухимдлыг ойлгож байна. өнөөдөр сэтгүүлчдийг ч, бусад уран бүтээлчдийг ч юм л хийвэл “өө, мөнгөөр хийчихэж” гэж шууд хэлдэг харанхуй манан бүрхчихээд байна. Тэрний өөдөөс арга тасрахаас өөр хариулт олдохгүй байдал руу одоо шахаж байна. Энэ үнэхээр маш бүдүүлэг, маш хэцүү дарамт болж байна.

-Бүх зүйлийг мөнгөөр хардаг болчихжээ. Сайхан зүйл болгоныг мөнгөтэй хутгаж харлуулж байна. Яг үнэндээ энэ нэвтрүүлэг бол үнэн зүйлийн тухай ярьсан, чин сэтгэлээсээ хийсэн, тэр утгаараа маш их хүнд хүрсэн юм болов уу. Үнэн  учраас хүчтэй нийгэмд хүрсэн. Тэрнээс биш 1 цаг 40 минутын эфирийг хүн бас үзнэ үзэхгүй. Дуулиан болно, болохгүй, тийм биз дээ. Яахав зүгээр манай төр маш хэврэг болсны бас нэг илэрхийлэл юм болов уу . Ганц баримтат кинонд л ганхаж байна гэхлээрээ манай монголын төр өөрөө ямар болсныг харуулж байгаа юм. Мянга мянган жилийн тэртээгээс явж ирсэн  гайхамшигтай төр маань өөрөө ямар их суларсныг харах хэрэгтэй байхгүй юу. Ямар ч дархлаагүй болчихсон.

-Ер нь бол дэлхий хавтгай болчихсон. Юун буу, юун танк вэ. Шал дэмий юм ярих юм гээд нэг хэсэг маань уурлаж байна. Би таныг сөрж асуух гээд байна л даа. Нэвтрүүлгийн стратегийн хувьд, бүтцийн хувьд олон өө байна лээ. Дамба гэдэг уул уурхайн яриад явдаг энгийн хүн байна. Нэг тийм номхон хүн авчраад олуулаа балбасан нь ёс зүйн хувьд тиймхэн харагдав уу даа.  Хоёрт манай алдартай найруулагч Го.Бадарчийг тойрсон янз бүрийн ойлголт явж байна. Олон жилийн өмнө миний ярилцлаганд орохдоо тэр хүн өөрийнхөө бүх юмыг нуугаагүй. Тэгтэл дараа нь намайг хүмүүс хятадыг сурталчиллаа гээд бас л дайрсан. Тэр хүнийг судсаар нь гүйж байгаа цуснаас урвуулаад хаячихаж байгаа юм биш үү. Бадарч найруулагч харамсалтай тоглоом болчих шиг харагдсан. Гуравдугаарт,  хэн хөтлөгч юм бэ, хэн зочин юм бэ гэдэг нь техникийн хувьд ойлгомжгүй болчихсон. Хүмүүс намайг агуулгын талаас л энэ нэвтрүүлэгтэй байлдуулахыг хүсч байгаа байх. Мэдээж энийг цусаа буцалгаж хийсэн хүний хувьд зөндөө олон хариултууд өөрт тань байгаа. Тэр хариултуудыг би уншигчиддаа засваргүй хүргэхийг хүсч байна.

-Та их гоё хэллээ, цусаа буцалгаж хийсэн гэж. Би яг цусаа буцалгаж хийсэн. Миний цус буцалсан байхгүй юу. Долоон газраар хилээ сэтлүүлээд бид яах болж байна вэ. Судлаач нар бүгд санал нэгдсэн. Энэ тал дээр бид дугарах ёстой гэж шийдсэн.  Би хэзээ ч тэд нарыг хүчээр яриулаагүй. Тэд нар  өөрсдөө сэтгэлийнхээ дуудлагаар ярьсан. Дандаа эрдэмтэд байсан. Хүннүгийн үеэс авахуулаад монголын бүх тусгаар тогтнол Хятадаас айх айдас дээр тогтсоор ирсэн байхгүй юу. Хэдэн мянган жил, цагаан хэрэм баригдтал. Энэ айдас дээр л монгол улсын тусгаар тогтнол явсан. Энэ байсаар л байгаа.  Орос бол манайхыг эзэлтлээ өдий. Нэг монгол Баатар гэдэг хүнд дөрвөн зуун хятад ногдож байгаа энэ үед бол айхаас өөр аргагүй байхгүй юу. Уучлаарай, тийм биз дэ. Дамба гэдэг хүн дээр та зөв харсан байна. Дамба гэдэг хүн манай уул уурхайг тойрч амдарч байгаа, ингэхээс өөр яах юм бэ гэсэн л сул дорой байр суурьтай, өрөвдөлтэй төлөөлөл учраас би өрөвдөлтэйгөөр нь хийсэн юм.  Энэ бол миний дүр байхгүй юу. Энэ бол баримтат кино шүү дээ. Би бүгдийг нь танд задлаад өгье. Та яг мэргэжлийн талаас нь асууж байгаа учраас надад их гоё байна. Энэ бол миний дүр. Бусдыг нь уриад ирээгүй. Би нэвтрүүлгийн дараа судалгаа хийсэн чинь 97% дэмжсэн хандалтууд байсан. Бусад хувь нь ердөө л тэр нүүрсний гэр бүлийг, нүүрс зарж амьдардаг хүмүүсийг тойрч амьдардаг гэр бүлүүдийн цөөн хүмүүс. Энэ бол цөөнх. “Өөр яах юм бэ, хятадаас өөр арга байхгүй шүү дээ, хятаддаа л хямдхан юмаа зараад байж байя л даа” гээд байгаа биз дээ. Бүр бачимдаад дайраад байгаа биз. Сүүлдээ Х.Баттулга гишүүн бухимдаад яваад өгчихөж байгаа биз дээ. Үг хэлэхгүй , хэлэх юм байхгүй. Учирлаж үзээд, ойлгуулах гэж үзээд өөрөө гарч явсан. Түүнээс биш тэр хүнийг янз бүрээр ерөөсөө дуудаагүй шүү дээ. Новшоо, энэ тэр гэж ерөөсөө хэлээгүй.  Энэ бол яаалт ч үгүй бидний нийгэмд байгаа өрөвдөлтэй дүр. Тэр хүн харин Х.Баттулга гишүүнийг эвгүй үгээр дайрч хэлсэн. Би хассан. Сүүлд намайг бараг өөрийнхөө яриагүй юмыг яриулсан байна гэж ярилцлага өгсөн байна билээ. Хэрэв хар материалаар нь гаргавал магадгүй тэр хүнийг гудамжинд явж байвал монголын залуучууд омогшоод элдэв юм болох вий гэсэн үүднээс би олон зүйлийг нь хассан.

-Яриагүй юм яриулсан байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Одоо энэ та бидний яриаг бичиж байгаа хальс бол нотлох баримт. Камерийн бичлэг мөн адил. Дүрс, хоолойны өнгө бүгд факт. Би бол үүнийг ойлгохгүй юм байна.

-Харин тийм. Би бүр гайхаад байдаг юм. Го.Бадарч ах бол бас миний дүр байхгүй юу. Монголд элэгтэй эрлийз хүн байдаг юм аа гэдгийн төлөөлөл.  Монголын төлөө тэр бүгдийг хийж байна шүү дээ. Өөрийгөө байхгүй болгож байна шүү дээ.  Мэдээж өөрийгөө монгол гэж бодоогүй , цохилоогүй байсан бол тэр хүн яршиг аа яшиг, би тэгж ярихгүй гэж чадах л байхгүй юу даа.Та их зөв харсан байна. Тэнд бол ярилцагч байхгүй. Таван хүн нэг өрөөнд ороод ирэхлээр ярилцагчгүй ярьдаг , хөтлөгчгүй ярьдаг байхгуй юу. Яриад л эхэлдэг. Би зүгээр л нийтлэг амьдралын хэлэлцүүлэг ямар маягаар хийгддэг вэ, тийм шугамаар хийсэн. Та яг хэлсэн. Үнэндээ энэ бол сэтгүүл зүйн эсрэг явагдсан ажил байхгуй юу.  Гэнэт ярьж байсан хүн нь асуулт асуугаад эхэлдэг. Монтажны тийм хийц загвар байдаг, тэрийг ашигласан. Мэдээж олон хүнийг ирээч ээ гэж би ярьдаг л даа. Сайханбилэг та яриач, ярилцлага өгөөч. Баярцогтоо та яриад өгөөч гэж. Таны хэлсэн алдааг би зөвшөөрнө. Тэгшитгэж үзүүлэх ёстой л доо юмыг. Гэхдээ энэ бол яалт ч гүй ингэх ёстой бодлогын нэг юм байна шүү дээ.  

-Эх орон яг хаанаас эхэлдэг байна вэ. Энийг олж мэдэв үү, ер нь?

-Эх орон бол ээжийгээ хайрлах  хайраас эхэлдэг. Ээж минь хөхөө амлуулах тэр агшиндаа эх орныг нь хамт амлуулдаг юм болов уу. Ээжийгээ хайрлаагүй хүн эх орноо хайрлана гэж байдаггүй. Өөрийгөө хайрлаагүй хүн бас эх орноо хайрлана гэж байдаггүй.

-Эх орон тосгоны минь дэргэдэх гурван улиаснаас эхэлдэг гэх үг бас бий. Үнэхээр гайхалтай санагддаг юм.  

-Тийм.Би эх орон гэхээр л өөрийн эрхгүй маш их омогшдог. Яагаад ч юм энэ газар, ядуу ч гэсэн, хэцүү ч гэсэн энэ газар нутагтаа л би  өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг. Яг тэр Өвөрхангайн нарийхан гудамжинд алхаж байхдаа би бол өөрийгөө монгол хүн гэж мэдэрдэг. Би яг гэр лүү гээ явж байхдаа, Сүхбаатарын талбайгаар явж байхдаа би ямар азаар монголд төрөв өө гэж ямар ч дэвэргэн сэтгэлгүйгээр боддог байхгуй юу.  Ямар гоё газоыг би олж төрөө вэ, ямар гайхалтай ард түмэн дунд төрчихөв өө гэж. Арван хүүхэд байхад, хоёр нь ажил хийгээд, найм нь ажилгүй ч гэртээ хэвтсэн ч амьдраад явж чаддаг тийм гайхалтай ард түмэн байхгуй юу, бид нар. Нэг нэгнийгээ аваад явж байдаг, хэзээ ч ээжийгээ аваачаад асрах газарт өгдөггүй, эцэг эх нь хүүхдийнхээ хүүхдийг тэвэрсээр байгаад өтөл болоод өнгөрдөг. Энэ цэнхэр гаригт байхаа больчихсон бие биенээ хайрладаг, нэг нэгийгээ чирдэг тэр сонин харилцаан дээр бид  амьдардаг. Өөр ийм ард түмэн хаана байгаа юм бэ. Яадгийн нэг нь ажил хийхгүй, юундаа ч юм гомдоод л, архи уугаад л яваад байдаг. Агсан тавиад л. Тэрэндээ эцэг эхчүүд нь бусдаасаа их сайн байдаг шүү дээ. Яадгийн муу хүү минь уугаа л биз, ядарсан амьтныг яах гээд байгаан та нар гэж өмөөрөөд л. Ээж нь нэгнээс нь мөнгө уурлаж аваад тэрэндээ өгчихсөн л байж байдаг. Нөгөөх нь тэгээд гэрийнхээ бүх хүмүүсээс аваад л яваад байдаг, нэг сонин сонин тийм хувцас өмсчихсөн, архичин царайтай юм байж байдаг шүү дээ, тийм үү. Тэгж явснаа гэнэт гэнэт сайжирдаг, долоо хоног их сайн байдаг.  Ээж аавдаа туслаад л. Ээж аав нь энэ муу л тус болж байна гээд л. Тэгсэнээ гэнэт алга болдог. Тэр нэг гайхалтай дотно амьдралд би аймаар баярлаж, бахдаж явдаг байхгуй юу. Хараад инээд хрээд л, гэхдээ энэ дотор нэг тийм зөөлөн хайр төрөөд л. Бид ийм л монголчууд шүү дээ. Ерөнхийдөө эх орон гэдэг өөрөө ахуй л даа. Ахуйн соёл. Бид нар соёлыг бас буруу ойлгоод байдаг. Соёл гэхээр л дуу хөгжим, ардын дуу хөгжим гэж бодоод байдаг байхгуй юу. Соёл гэдэг бол өөрөө ахуй байхгуй юу. Бид нар ахуйгаа л хайрлаж, хамгаалах юм бол бид нар энд байна, монгол гэдэг гүрэн дэлхийд байна.

-Эх оронч болж байна гээд нэг хэсэг маань халуун зун ноосон дээл өмсөөд л, үсээ ургуулаад л, хөндлөн хөндлөн юм яриад л яваад байх юм. Үндэсний үзэл гэдэг зүйл нийгэмийн сонин хэсэг дээр хэсэг хадгалагдаж явах шиг болсон. Тэр гажуудлаас болоод үндэсний үзэл ярьсан хүнд дургуй болоод, үндсэн ойлголт маань өөрөө сарнилаа шүү дээ.

-Та миний хамгийн эмзэглэж явдаг юмыг хэллээ. Үндэсний үзэл гэдэг маань, үндэсний дэвшилтэт үзэл санаа юм аа. Үндэсний дэвшилтэт үзэл санаа гэдэг бол өөрөө өөрийнхөө хамгийн үнэт зүйлүүдийг авч хадгалахын зэрэгцээ, хүний бас үнэт зүйлийг хүндэтгэж, тэрнээсээ бас авч суралцах ёстой ийм урсгал. Тэрийг бид хэтэрхий анархизм руу оруулаад байгаа юм. Манай монголын л юм гоё, бусад нь муу энэ тэр гэдэг бол өөрөө их буруу гажуудал шүү дээ. Сая яг хэлчихлээ л дээ, та. Сүүлийн арван жил бол үндэсний үзэл гэдгийг дандаа нэг ийм хөөргөсөн, хийрхсэн, эсвэл сэтгэцийн жоохон өөрчлөлттэй хүмүүс дээр ярликыг нь аваачиж тавьдаг, тэд нарыг илүү тоглуулдаг болгоод унагаачихсан байхгуй юу. Хаанаасаа ч хийгдсэн юм бүү мэд.  Одоо л бид нар зөв ойлгуулж өгөх хэрэгтэй. Үндэсний үзэлтэн гэдэг маань өөрөө маш оюунлаг хэсэг байх ёстой юм. Оюунлаг тэр давхаргын нэг том төлөөлөл, одоо манай нэвтрүүлгийн ерөнхий редактор Батзоригийг гэж би жишээ нь боддог юм. Яг түүхээ мэддэг, түүхээ мэдэхийн зэрэгцээгээр дэлхийн гайхалтай том түүхүүдийг бас мэдэж, тэрний үнэт зүйлүүдийг өөртөө шингээхийг боддог энэ нэгдлийг нь үндэсний үзэл гээд байгаа юм л даа. Магадгүй Ганчимэгээ, чи бол яалт ч үгүй телевиз рүү орох ёстой байхгүй юу. Энэ бол хувьсгал, уран бүтээлчийн хувьд том хувьсал байхгуй юу. Би үргэлж боддог, энэ хүн телевизийн хүн болоосой гэж. Үнэхээр бодож үзээрэй.

 -Танай нэвтрүүлгийн дараа Х.Тэмүүжин сайдтай холбогдсон гэх эмэгтэйн ярилцлага гарч, бас нэг дуулиан дэгдсэн. Тэр эмэгтэйн өгсөн ярилцлагын захиалагчаар бас л Х.Баттулга сайд болж хувирах шиг боллоо. Х.Тэмүүжин сайд ярилцлага өгөхдөө энэ бүхнийг Х.Баттулга хийсэн гэж хэлсэн. Энэ хоёр үйл явдал хоорондоо ямар уялдаа холбоотой юм бэ?

-Би энд нэг юм хэлье. Яагаад Х.Баттулгатай Баатар дандаа хамтарч ажилладаг юм бэ. Нэгдүгээрт, би хар багаасаа л уран бүтээлийн хувьд тэр хүнтэй холбогдсон. Хоёрдугаарт, би яагаад Баттулга гэдэг хүнтэй байнга ажиллаад байдаг вэ гэхлээр нэг л юмаа хэлье, тэр бол маш хүн чанартай хүн. Энэ л хамгийн том шалтгаан нь. Мөнгө өгөөд байсан хүнтэй ажиллаад байсан бол,  нэг удаа ажиллана, хоёр удаа ажиллана, гурав дахиасаа ажиллахаа больчихно шүү дээ. Хүн сэтгэлийн амьтан байхгүй юу. Ямар нэгэн тал дээр маш олон жижгхэн жижигхэн зүйл дээр хариу нэхэхгүйгээр тус болж, маш олон хүнийг аварч байхыг нь харсан. Манай төрд хүн чанар байхгүй болчихсон байхгүй юу. Төрийг бүрдүүлж байгаа зүйл нь хүн байдаг учраас, хүнийхээ өнгөөр л төр нь  байдаг байхгүй юу. Манай төр яагаад сул байна вэ гэхлээр сул хүмүүс л төрийг барьж байгаа учраас төр маань сул байна. Та өөрөө олон зүйл хийж, олон хүнтэй хамтарч уран бүтээл хийж байсан, уран бүтээл хийж хамтарч ажиллахад хүн чанартай хүн ямар их түшиг болдгийг мэдэх байх.  Би хүний хамгийн түрүүнд хүн чанарыг нь л хардаг. Мэдээж дараа нь чадварын асуудал. Би Х.Тэмүүжинг улс төрд анх орж ирэхэд нь бол бас л гоё өнгө гарч ирж байна даа гэж харж байлаа. Таны хийсэн ярилцлагуудыг уншиж байснаа сайн санаж байна. Тэгээд л тэр залууг бусдын адил талархан хүлээж авч байсан цаг саяхан. Манай ажилтай их ойрхон амьдардаг байсан. Ирж очих замдаа олон тааралддаг. Бас л монголын шинэ үеийн үндэсний сэхээтнүүдийн нэг гэж бодож байсан. Хүүхэн шуухантай холбогдохын хувьд бол тэрэн дээр нэг их эмзэглээгүй. Эр хүний амьдралд тохиолддог л зүйл. Би энэ талаас нь муу муухай зүйл хийсэн гэж бодохгүй байна. Нэг л зүйл дээр онцгүй санагдсан. Бүхэл бүтэн хууль зүйн сайд хүн биз дээ. Тэр бүсгүйг  шоронд ороход нь  туслахаа гүйлгээд л яаж ийгээд л тэр эмэгтэйг тийм юманд оруулахгүй байх ёстой байсан юм болов уу.  Эмэгтэй хүн гомдсон гомдлоо  мэдээж гарч ирээд тайлсан тайлал нь тэр ярилцлага болов уу. Одоо Тэмүүжин эр хүн юм бол тэр хүүхнийг энэ хэл амнаас гаргаад л аваад явчих ёстой шүү дээ. Хийсэн юмандаа эзэн болох ёстой. Энэ үүднээс нь л бодсон.

-Манай уншигчид энэ ярилцлагыг уншаад Баатар өөрөө ч гэсэн нэг эмэгтэйг уйлуулаад л орхисон байгаа шүү дээ гэж хэлэх байх даа.

-Би зөв л юм хийсэн шүү дээ. Би  буруу харж шаналаад л, наашаа харж инээгээд явж болох байсан. Гаднаа гоё элэг бүтэн харагддаг мөртлөө эхнэрээ дандаа орой нь уйлуулдаг ч юм уу тийм гэр бүл зөндөө байдаг. Би тэр хүнийг сэтгэлийн сэвтэй явуулья гэж бодоогүй. Нэгэнт таарч тохирохгүй бол эртхэн шиг ойлголцоод тус тусын замаар явах нь зөв байх. Би хүмүүст гоё харагдаад явж  болно л доо, элэг бүтэн үр хүүхэдтэйгээ, Баатар ямар мундаг юм бэ,  сайхан хосууд шүү гэж хэлэгдээд л. Гадагшаа ийм дүртэй мөртлөө цаанаа дандаа гомдолтой тийм гэр бүл зөндөө байна шүү дээ энэ нийгэмд. Тэгж бид худлаа амьдраад яах юм бэ. Энэ чинь хэддүгээр зуун юм бэ. Манайхны зарим эмэгтэй хүнийг нэг хөргөгч авчихсан юм шиг, телевиз авчихсан юм шиг өмчирхөх гээд байдаг. Тэр хүн бол миний сэтгэлд сайн сайхнаараа л байгаа, би тэр хүнтэй хамгийн сайхнаараа харьцаж байсан нь бидний дурсамжийн илүү сайхан нь байхгүй юу. Миний үр хүүхдэд ч гэсэн тэр нь гоё байхгүй юу. Аав ээж хоёр нь хамт амьдарч байгаа хэрнээ байнга хэрэлдэж байхгүйгээр нэг уулзахдаа хамгийн сайн сайхнаараа уулзчихдаг, аавтайгаа байсан ч сайхан ээжтэйгээ байсан ч сайхан. Хэрүүл, ямар нэгэн хүчирхийлэл өөрөө хүүхдүүдийн сэтгэл санааг үймүүлдэг учраас бид ийм шийдвэр гаргасан. Нэг нэгийгээ золиослоогүй. Нэг нэгийгээ, үр хүүхдээ, бидний хоорондох түүхийг хүндэтгэсэн. Худлаа амьдрахыг би хүсээгүй.

-Алдаа байсан гэж үү?

-Биш ээ, сайхан учрал байсан. Хайр сэтгэлийн түүх байсан. Тэр хүний тухай би ямар ч таагүй зүйл тээдэггүй.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn