Захиа
2014 оны 8 сарын 11 [Уншсан тоо: 89061]
Өглөө ажилдаа иртэл ширээн дээр маань “Open door“ сонин Б.Ганчимэгт гэсэн шинэхэн захидал хүлээж байлаа. Эрээн эмжээртэй, шуудангийн танил дугтуй. Хэдийгээр орчин цагийн цав цагаан цаасаар хийсэн, тийм ч нандин биш дугтуйтай, цаасных нь үнэр ч арилаагүй , бас аяны зам туулж хоног хоногийн дараа ирээгүй ч  хар бага наснаас танил дотно захиа хэмээх тэр ойлголт намайг юу юугүй догдлуулав.  Чингэлтэй дүүргийн иргэн, хатагтай Ундаръяа захиадал бичжээ. Тэр надад хоёр дахь захидлаа бичиж буй нь энэ.

Танихгүй эгчийн захиа ийн эхэллээ. “Шинэхэн эхэлж буй ажилдаа их бэрхшээлийг туулах байхдаа гэж би чамайг өрөвднөм. Гэвч эрч хүч, авъяас, оюун ухаан, туршлага чамд байгаа болохоор зоригтой тууштай тэмцээрэй...Хэзээ ч уулзаж байгаагүй уншигч эгчийн захиа, сэтгэл догдлуулах онцгой юм юу ч байхгүй харагдах жирийн л нэг захианаас болоод юу юугүй нулимс урсаад ирэв. Хэзээ би ийм дулаан, ийм сайхан сэтгэлийг мэдэрсэн бэ. Хэзээнээс би үргэлж л ганцаарханаа үлдчихсэн юм шиг, үргэлж л хэн ч намайг ойлгохоо больчихсон юм шиг, үргэлж л хайр түшиг хайж давчидсан хатуу мэдрэмжинд хүлэгдэх болоо вэ.
Ундаръяа гэх гоё нэртэй эгчийн , цэх шулуухан үгстэй захидал ийнхүү намайг үймүүлж орхив. Гадаа гармаар. Ганцаараа алхмаар. Жинхэнээсээ гадаа ч “гараагүй”, ганцаараа ч алхаагүй уджээ, би. Гадаа гарах, ганцаараа алхах сайхан. Орчлонгийн явдал суудлыг ажраагүй юм шиг, орь ганцаараа сэлүүхэн алхах сайхан.

Хэний ч төлөө биш өөрийнхөө төлөө ядаж ийм агшныг өөртөө үлдээхгүй би гэдэг хүн юу хийж явсан юм бэ гэж бодон бодон уйлав. Гэхдээ гарсангүй, ганцаараа ч алхсангүй ээ. Эгчийн захиа энэ өдрийг ийнхүү үймрүүлэн эхэллээ.

Дугтуйтай захиа ширээн дээр байна. Танил, тэртээ одсон он жилүүд рүү аяархан намайг аваачиж байна. Аяархан би тийшээ очиж байна. Аяа аа...ямар ч дуулиангүй, ямар ч дуу хуургүй аяархан очиж байна. Ийм их чимээ шуугиан, энэ их чих дөжрөм мэдээллийн орчин аяархан, намуухан, зөөлхөн, дулаахан гэх бүх хэмнэлийг идэж байх шиг санагдав. Энэ үгс хаашаа ч юм алга болж байх шиг бодогдов. Яагаад гэвэл энэ яруухан үгсээр зурах зүйл бидний амьдралаас алга болж байх шиг ээ.

Бага байхдаа би шуудан ирэхийг л юу юунаас илүү хүлээдэг байлаа. Шуудан ирэх өдөр ер бусын өдөр байдаг. Шуудангийн бүхээгтэй машин шинэ болгоныг тээж авчирдаг болохоор тэр биз ээ . Шинэ юм болгон шинэ сэтгэгдэл, шинэ хөөр баяр, шинэ мэдээлэл, шинэ догдлолыг дагуулдаг байлаа. Бодоод байхад шуудан намайг мөрөөдөмтгий болгосон юм шиг. Шуудан намайг итгэмтгий болгосон юм шиг. Шуудан намайг хүлээж сургасан юм шиг санагддаг. Мөрөөдөх, итгэх, хүлээх...ийм чухал зүйлсийг хөтөл даван сунайх шав шар замаас, тэр хөтлөөр хүнгэнэн бууж ирдэг бүхээгтэй ногоон машинаас олж авчээ. Гомдох юм алгаа.

Бүхээгтэй машин ирээд зогсдог ганцхан газар бий. Тэр нь сумын холбооны газар. Аав холбооны дарга болохоор би холбооны байшингаас нь өндөр ургасан хоёр том хар модон дээр нь хэрэм шиг эрх дураараа асаастай  танхил амьтан байлаа. Шуудангийн машины жолооч эхлээд нэг том бор тааран шуудайтай юм дааж ядан оруулж ирнэ. Дараа нь арай дунд зэргийн тааран шуудайтай юм, тэгээд нэг том дөрвөлжин хайрцагтай юм, хамгийн сүүлд нь жижигхэн ногоон тааран богц оруулж ирнэ. Эхний том шуудайд сонин, дараагийн дунд шуудайд сэтгүүл, албан бичиг хоёр байна. Дөрвөлжин хайрцаг дотор илгээмжүүд, харин хамгийн сүүлчийн жижиг богц захианых. Надад захианы богц хамгийн чухал нь. Бүх захиаг ээжтэй хамт нямбайлан тоолж авна. Тэгээд дараа нь хэн хэнд, хаанаас захиа ирснийг үзнэ дээ. Зарим эгч нарын захиан дотор гарт тэмтрэгдэм урт гонзгой зүйл байна. Тэр бол союзан бохьтой захиа.(хэн хэзээ хэлж өгснийг бүү мэд тэгж л ярьдаг байсан) Герман бохьтой захиа ч гэж нэрлэдэг. Үнэртэж үзнэ. Гэвч хичнээн хорхой хүрэвч задалж авч болохгүй. Тэгвэл аав шоронд орно. Ингээд би мөнөөх нандин захиаг дуугүйхэн тавина.  Дугтуй нь, дээр нь наасан марк, гадаад үгээр бичсэн соньхон хаяг. Бүх юм үнэхээр гайхалтай санагддаг байсан шүү. За, тэгээд дараагийн сонирхолтой захиа дотроо товхгор юмтай. Тэр бол ил захидал, бас зурагтай захиа. Цэргийн захианууд ихэвчлэн зурагтай, дугтуйн дээрх хаяг нь дугаар анги гэх мэт хачин хаяг бичээстэй байна. Тэр олон захидлууд дотор сургуулийн хүүхдүүдэд ч олон захиа ирнэ. Шеф сургуулийн найз нараас нь, бүр гадаадаас ч ирнэ. Бидний үед журналын хаягаар шууд буудаж захидлаар харилцаж найзын холбоо тогтоодог сонин арга хэмжээ явагддаг байлаа. Би ч гэсэн орос найзтай байсан. Одоо харин түүний тухай ор тас мартжээ. Тэр ч намайг мартсан бизээ.

Ингэж би захиатай танилцсан билээ. Биднийг дөрөвдүгээр ангид орсноос хойш манай ангийн охид хөвгүүдээс захиа анх авч эхэлсэн юм даг. Манай найз нараас хамгийн анх хайрын захиа авсан нь миний найз Гэрлээ байлаа. Түүнд бараг бүх хөвгүүд захиа өгсөн юм даг. Дөрвөлжилж, сүлжилдэж эвхсэн, дармалдаж бичсэн, дандаа шүлэглэж өгүүлсэн ижилхэн захианууд ирнэ.

Сэсээр (СССР) улсаас гаралтай

Сэвсгэр цагаан цаасан дээр

Дурлаж бичсэн захидлын минь

Дугаар ноймор нэг юм шүү...гээд л явж өгнө дөө. Одоо тэр шүлэг дуу болчихсон явна лээ. Эсвэл анхнаасаа дуу ч байсан юм билүү хэн мэдлээ. 

Захиа анхнаасаа хүний тарыг таниулдаг эд байжээ. Өөртөө итгэлтэй, зоримогхон хөвгүүн бол сургуулийн буланд отож байгаад өөрөө өгнө. Атаман маягийн хөвгүүн тусгай итгэлтэй элчээ зарж захиагаа өгүүлнэ. Арай хулчгар, тэгсэн хэрнээ чимээгүйхэн бүтээчих санаатай зөөлөн хөвгүүд өлгүүрт байх пальтоны халаасанд л хийчихнэ. Захиа ингэж элдэв зам туулж байж ирдэг байлаа. Дөрөвдүгээр ангидаа би захиа зөндөө хүлээв. Гэвч надад нэг ч хөвгүүн захиа өгсөнгүй. Дотроо их л эргэлзэж, гайхаж, битүүхэн шаналж байсансан. Тэгсэн хэрнээ надад найз охидуудад ирсэн захиа сонин биш санагдана. Бүгдээрээ ижилхэн үгтэй, бараг ижилхэн бичигтэй нь анзаарагдана. Тэгсэн ч манай охидууд жинхнээсээ баяртай, би дотроо жинхэнээсээ  гунигтай л өвөлжсөн юм даг. Юуг нь нуух вэ. Болсон явдал юм чинь. Тэгж байтал надад тавдугаар ангийн намар захиа ирлээ. Параллель ангийн хөвгүүнээс иржээ. Хоёулаа үерхэе, хэрэв  зөвшөөрвөл маргааш хариуг нь бичээд халаасандаа үлдээгээрэй...гэжээ. Миний урам хугарлаа. Яахаараа надад шүлэг бичдэггүй байнаа гээд л. Бас баахан захирч тушаасан аястай шүү. Энэ явдал тэгэсгээд мартагдав. Би ч хариу бичсэнгүй, нөгөөх ч шаардсангүй. Аягүй бол хуурамч захиа байсан байх гэж би оношлов. Харин дараа жил би хамгийн сонин үгтэй захианы тухай сонсч үнэнээсээ алмайрсан юм. Манай нөгөө ангийн нэг хүү дээд ангийн эгчмэд охинд захиа өгчээ. Ангийнхаа Жавзан хэмээх гал охиныг шуудан зөөгчөөр сонгосон байна. Үерхэл нууцхан эхэлж, бүх юм ёсоороо явж байж. Гэтэл нөгөө хөвгүүн нэг өдөр шуудан зөөгчийн дургүйг хүргэжээ. Анги дотор тэр хоёрын дунд ширүүн маргаан өрнөж. Шуудан зөөгч гэнэт итгэл эвдэн чангаар хашгирсан гэж байгаа. Зоригоо, тэгж яривал чи дээд ангийн Цэрэндэжидэд “Чиний инээх чинь хүртэл энд сонсогдоно” гэж бичээ биз дээ гээд л Жавзангийн итгэл эвдсэн дуу цуурайтаж. Зоригоо ч нам болсон тухай мэдээ гэрлийн хурдаар манай ангид ирэв. Хүүхдүүд яаж хүлээж авсныг мэдэхгүй. Ямартай ч холбогдогч гурвын тухай л хөхрөлдөн ярьцгааж байсан юм даг. Харин надад “Чиний инээх чинь хүртэл энд сонсогдоно” гэсэн үгс л хэзээ ч мартагдахгүйгээр хадагдан үлдсэн юм. Зургадугаар ангийн хөвүүн ийм гоё романтикийг тээж явдаг байжээ. Тэрний үг

Уулын цэцэг олон боловч

Учралт чи минь ганцхан...гэсэн жижүүрийн шүлэг байгаагүй л юм даа. Хүн ер нь сонин амьтан. Яагаад ч юм бусдын юм л илүү санагдаад байдаг. Тэр үед бидэнд параллель ангийн хөвгүүд юм уу, дээд ангийн ах нар л илүү харагддаг байсан сан. Бүх сонирхол тэдний зүг. Одоо ч гэсэн хүний хүн, айлын нөхөр л илүү юм шиг санагдах үе зөндөө. Нээрээ шүү, би үнэнийг хэлж байна. Манай хүүхнүүд нэрэлхүү болохоор тэр бүр үнэнээ хэлдэггүй шүү дээ.

Дотроо би жинхэнэ захиаг хүлээсээр л явлаа. Ингээд би долоо төгсч, аймгийн төвийн нэгдүгээр 10 жилд, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцахаар явлаа. Анх удаа гэрээсээ холдож, анх удаа дотуур байранд суух боллоо. Шинэ сургууль, шинэ орчин надад хачин их таалагдаж байв. Манай анги сум болгоноос ирсэн хүүхдүүд, дээр нь аймгийн төвийн бүх сургуулиас ирсэн хүүхдүүдээс бүрэлдсэн юм. Намар яах ийхийн зуургүй өнгөрч, өвөл боллоо. Тэр өвөл би 15 нас хүрэв. Тасгийнхаа охидуудтай хамт төрсөн өдрөө тэмдэглэх боллоо. Дотуур байрны хүүхдийн төрсөн өдөр гэхэд улаан устай (ундааг тэгж нэрлэдэг байв), гөөхийтэй, ер нь л юм юмтай төрсөн өдөр болсон юм даг. Бүгдээрээ гитар дараад л...

Ты пригласи на тур вальса.
Будем кружиться мы в танце
Вместе на школьном дворе.
Я о тебе не забуду,
Школа любимая будет
Самым прекрасным мгновеньем
В нашей с тобою судьбе.
Школьный вальс кружит-витает,
О любви он вспоминает,
О прекрасной, самой чистой,
Неземной любви.
Я об этом не забуду,
Этот вальс такое чудо:
Отдаюсь ему всецело,
Помни обо мне....гэж дуулалдаад л... гэнэт хаалга тогшиж урилгагүй зочид орж ирэв. Манай дээд ангийн Есийн гурвын хоёр хөвгүүн ийнхүү морилжээ. Бид танил ч биш, би тэднийг уриа ч үгүй. Гэвч анхны хайр ингэж л урилгагүй  ирдэг юм билээ. Ингэж би 15 насны төрсөн өдрөөрөө анхны хайртай учирсан юм. Ингэж би урилга заллага, ямар нэгэн тохироогүй гэнэтийн учралд дуртай болсон юм. Гэнэтийн юм бүхэн онцгой байдгийг тэр хөвгүүн, тэр үдэш, тэр дуу надад мэдрүүлсэн. Одоо ч би гэнэтийн учралд татагддаг хэвээрээ.

Харин хэд хоногийн дараа би нөгөө хүлээж байсан жинхэнэ захиагаа авлаа. Есийн гурвын ах шуудхан л өөрөө надад өгчихсөн. Авахдаа нэг их сандраагүй атлаа уншихдаа улайчихсан. Ёстой том хүний захиа байсан даа. Анх хараад л зүрх нь хүчтэй булгилсан л гэнэ. Миний үс, миний нүд түүнд бүгдээс онцгой санагддаг л гэнэ. Ямартай ч жинхэнэ захиа авах надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг хэлэх ёстой. Ингэж захиа надад ер бусын догдлол авчирсан. Захиа миний хацрыг улайлгасан. Захиа надад хайрыг мэдрүүлсэн.

Есдүгээр ангид байхдаа ахин гайхалтай захиа авч үзсэнээ хэзээ ч мартдаггүй. Тэр захиа алс холын Налайх хотын нэгэн ТМС-аас сумын маань залуугийн хайр сэтгэлийг тээн ирж билээ. Зөндөө олон захиа ававч, зөндөө удаан гүрийгээд л байлаа. Гэтэл тэр нэг удаа надад хот орж “Хайрыг хайрла” жүжгийг үзсэн тухайгаа бичиж, төгсгөлд нь “Хайрлан харахад бүх юм сайхан харагддаг юм шүү” гэж бичсэн байж билээ. Чамайг би хайрлаж байгаа учраас чи надад ийм чухал байгаа юм шүү дээ гэсэн санаа юу, эсвэл чи намайг хайрлаад л харчих, тэгвэл чамд би бас л хамгийн сайхан залуу харагдана гэсэн санаа юу...юутай ч гайхалтай тэр мөрүүдийг одоо ч би санаж явдаг юм. Тийм ээ, хожим хэн нэгэнд би яг л ингэж хэлмээр байсан. Би чамд галзуурмаар ийм их хайртай болохоор л чи ийм онцгой, чи ийм илүү, чи ийм өндөрт байгаа юмаа гэж.... Одоо ч бичгийнх нь хэв нүдэнд харагдан дурсагддаг түүний захиа шиг захиаг хэн ч надад бичээгүй, түүн шиг халуун хайраар хэн ч намайг хайрлаагүй юм шиг санагдан сэтгэл эзгүйрэх цаг ирдэг.  Аяа, хонгор бага насны томоогүй, тоомсоргүй ааль хорвоогийн урсгалд чамайг ч элээж, намайг ч ийнхүү санан дурсах, харамсах, хайрлахын агаарт сүлэн байдаг шүү.  Өнөөдөр чамдаа би ийм бэртэгчин үгийг эмзэглэн байж илгээмээр байна.

Захиа намайг хайрлаж сургасан. Захиа намайг бичдэг болгосон. Захиа намайг тэвчээртэй болгосон. Захиа намайг гуйж чаддаг, үнэн байж чаддаг болгосон.  Одоо харин захиа гэдэг тэр гайхамшигт зүйл бидний амьдралаас алга болжээ. Ай амьдрал чи олон гайхамшгийг хүнд өгдөг шигээ буцаагаад л арчин алга болгох юм даа.

Захианд хүн хамгийн үнэн үгээ тэрлэдэг байсан байна. Захиа чимээгүй учраас, захиа өөрөөсөө өөр гэрчгүй бичигддэг учраас, захиа голынхоо үгийг бичиж болдог учраас үнэ цэнэтэй байсан байна.

Өөр нэг захиа миний сэтгэлд сийлэгдэн үлджээ. Тэр бол аавын минь захиа байсан юм. “Миний охин аавдаа битгий гомд, аавын чинь үг хожим чамд ямар үнэн байсныг амьдрал ойлгуулна. Миний охин гэртээ хүрээд ир. Наанаа, ямар ч утгагүй цагийг өнгөрөөх хэрэггүй. Аав нь охиныг нь өсгөөд өгье. Миний охин ирж конкурстээ бэлд. Аав нь гуйж байна. Чи аавыгаа сонс” гэсэн энэ үгс миний хамгийн дурсах дургүй захидлын хэсэг юм. Аавынхаа үгэнд орохгүй хүнтэй суугаад явчихлаа гэж аав маань надад энэ захиаг бичиж байсан  юм. Уучлаарай, аав аа. Гэсэн ч би тэр үед таны үгэнд ормооргүй л байсан. Үргэлж ямар нэгэн хүрээгүй алсынхаа тухай бухимдаж, үргэлж би тэрэнд нь очих үүрэгтэй юм шиг шаардаж, үргэлж хайрлах мөртөө голж, үргэлж бахархах атлаа унтрааж, үргэлж өөрөө зөв, харин би буруу явсан миний аавтай үеийн амьдрал. Яагаад ч юм би аавынхаа захидлыг хадгалсангүй. Хадгалахгүйг мэдсэн юм шиг хадагдсан байна.

Захиа ингэж он жилүүдийг тээж байдаг. Захиа ингэж оноо алдааг минь агуулж байдаг. Захиа ингэж одоо ч өвтгөж байдаг. Захиаг мартсан нь дээр. 

Ундаръяа эгчийн захиа намайг ингэж өдөржин үймрүүллээ. Захиа ийм шидтэй. Захиа ийм гунигтай..... Ажлаа хаяад, амин чухал санагддаг юм бүхнээ орхиод, бүр чамайгаан хүртэл хаяад хаашаа ч юм явмаар байна. Амьдралаа орхиод, аз жаргал, бас энэ уйтгарыг ч үлдээгээд хаашаа ч юм тэнэмээр. Гадаа гүйн гармаар, ганцаараа тэнэг юм шиг алхмаар аа....

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив