Б.Батзаяа: Болох ёстой юм болдгоороо болж хойд эх гэрээсээ хөөж гаргалаа
2014 оны 8 сарын 12 [Уншсан тоо: 135849]
Дөнгөж сарын өмнө Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Баасандоржийн Батзаяаг гэнэт ажлаас нь чөлөөлжээ. Мэдээж түүнээс асуудлыг тодруулах ёстой. Тийм учраас энэ удаагийн зочноороо урилаа.

-Бид ахин ярилцлагын ширээний ард сууж байна. Дөнгөж сарын өмнө ярилцаж байсан биз дээ. Гэвч...

-“Open door” сонины зочноор уригдаж, ярилцлага маань зургадугаар сарын 27-нд гарч байсан.

-Гэтэл өнөөдөр та огцорчихоод сууж байна. Хүн огцорч байхад сонирхож явна гэвэл буруу ойлголт өгчих байх. Гэхдээ л юу болоод байгаа нь сонирхол татаад болдоггүй. Та яагаад ажлаас чөлөөлөгдөж байгаагийнхаа бодит тайлбартай танилцсан уу?

-Түрүүчийн ярилцлагын үеэр та надад асуулт тавьж байсан л даа. Өөрийг тань явуулах, ажлаас чөлөөлөх тухай асуудлууд цухалзаж эхэллээ. Энэнд бэлэн үү гээд. Тэр үед би танд бэлэн л гэж хэлж байсан. Тэгээд яахав болох ёстой юм болдгоороо болж хойд эх гэрээсээ хөөж гаргалаа. Энэ мэт зүйлс болж л байдаг, тэр нь өнөөдөр надад тохиолдож байна. Улс төрийн амьдрал дахь үзэх ёстой юмаа л үзэж мэдэрч буй нь тэр юм биз ээ. Чин үнэнийг хэлэхэд энэ засгийн газрын үйл ажиллагаанд олон түмний өгч байгаа үнэлэлт дүгнэлт тодорхой байгаа шүү дээ. Би ямар харь гаригийн хүн биш үүнийг мэдрэлгvй яахав. Гэтэл Засгийн эрхийг барьж буй цөөхөн хэдэн хүн амьдралыг нөлөөтэй толинд хардаг юм уу, бүх юм сайжирч байна, бид чадаж байна л гэж хараад, эндүүрээд байдаг. Энэ хоёр  ойлголтын зөрүүнд л би гарах цаг нь болсон юм байлгүй. Гарч байна. Үүнд гуниж гутраад, цочирдоод байх зүйл байхгүй ээ.

-Сэтгэл санааны хувьд бэлгэлтэй байж байсан.

-Хэзээ вээ л гэдэгт асуудал байсан. Урд нь бас хэлж байсан шүү дээ. Би хэн нэг хүнд таалагдах гэж ерөөсөө ажил хийгээгүй. Хийх ёстой тэр ажлаа л хийсэн. Ерөөс би Монгол Төрийн төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн болохоос Ерөнхий сайдын төлөө ч юм уу, эсвэл өөр хэн нэгний төлөө ч юм уу зүтгэнэ гэж тангараг өргөөгүй. Тэгээд бид чинь эрх зүйт төр дор, эрх зүйт нийгэмд амьдарч байгаа. Хууль ёсыг чандлан сахиж, хууль ёсыг чанд хэрэгжүүлж ажиллах ёстой. Үүний манаанд зогсдог төрийн хамгийн дээд албан тушаал бол Төрийн нарийн бичгийн дарга. Улс төрийн ямар нэг нөлөөнд автахгүй яамны үйл ажиллагааг удирдаж явуулах ийм үүрэгтэй. Тэгж л ойлгож ажилласан. Тэр ойлголтоороо л ажлаа хийсэн. Харин яг энэ зарчимтай зөрчилдсөн үүрэг даалгавар бол улс төрөөс ирдэг юм байна лээ.  Тэрийг хүлээж аваагүй. Тэгэхээр Ерөнхий сайдаар тогтохгүй олон хүний хувьд цочрол үүсгэж, “Энэ ер нь яасан хөдөлдөггүй нөхөр вэ. Яасан хэгжүүн нөхөр вэ” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн тийм тохиолдол бол олон гарсан байх.

-Үгэнд орохгүй нөхөр гэсэн ойлголт явчихсан уу?

- Ийм дүгнэлт өгсөн улсууд олон байсан байх аа.

-Тангараг өргөсөн төрийн албан хаагч ажлаас улс төрийн шалтгаанаар халагдах явдал сүүлийн жилүүдэд хавтгайрч байгаа. Тэгэхээр юуны төлөө тангараг өргөдөг юм. Зүй нь тэр чөлөөлсөн төрийн шийдвэр өөрөө маш бодитой баримт дээр суурилсан. Маш хариуцлагатай баримт бичиг байх ёстой. Тэр тогтоол дээр таныг яг ямар шалтгаанаар ажлаас халсан гэж тусгасан юм бэ?

-Өнгөрсөн Пүрэв гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар намайг чөлөөлсөн шийдвэр гарсан. Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн учир төрийн албанаас халах гэсэн тогтоол гарсан байна лээ.

-Урьдчилсан мэдээллээр бол ажлын хариуцлага алдсан гэх үндэслэл цацагдсан л даа.

-Засгийн газрын хурлын мэдээнд бол намайг чөлөөлсөн тухай мэдээ тавигдаагүй. Тийм учраас яг юу болсон юм бэ гэж олон улсууд лавлаж ярьж байсан л даа. Яг тэр өдөр би Сэлэнгэд томилолттой ажилласан. Хуралдаан болдог өдөр А.Гансүх сайд байгаагүй. Урд өдөр нь ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордсон байсан. Үүрэг гүйцэтгэгчээр томилогдож миний ажлыг хүлээж авч байгаа Манлайбаяр дарга сайдыг дагалдан айлчлалын бүрэлдэхүүнд яваад эзгүй байсан. Тэгэхээр ер нь бол салбарын сайд нь байгаагүй. Чөлөөлөгдөж байгаа этгээд бас байгаагүй. Ажлыг нь авах гэж байгаа хүн тэр хуралд бас байгаагүй. Гэхдээ тийм нэг шийдвэр тэгээд гарчихсан.

-Чөлөөлөх шийдвэр гарсан гэх мэдээллийн араас бас л улсын хөрөнгө рүү гар дүрсэн гэх аястай, үргүй зардал гаргасан, төрийн мөнгө царцаасан гэсэн яриануудыг явуулсан. Тань дээр нэлээн шуурхай захиалгат бичвэр хүртэл үйлдвэрлэсэн харагдана лээ. Тэнд дурьдагдсан зүйлсийн учир шалтгааныг өмнө нь тантай уулзахдаа асууж байсан ч энэ нийгмийн ой санамж төөрөлдөмтгий, мартамхай болчихжээ. Тийм болохоор юун мөнгө төгрөгтэй холбосон юм араас тань явчихав аа гэж ахин асуухаас өөр арга алга.

-Яг таны ярилцлага дээр энэ асуудлыг нэлээн дэлгэрэнгүй тайлбарлаж, тоо баримттай хэлж ярьж байсан л даа. Тэрийг мартсан, олж үзээгүй улсууд байвал эргээд тэр ярилцлагыг бас сөхөөд хараачээ. Ахиж тайлбарлаад яахав. Баабар.мн дээр архивт нь зургадугаар сарын 27-ны өдрийн ярилцлага байгаа. Ерөнхийд нь хариуцлага алдсан гээд зүтгүүлээд байгаа энэ явуулгын хариуд би товчхон хэлэхэд “ерөөсөө тийм юм байхгүй” гэж хэлнэ. Урд нь зургаан сарын цалингийн 20 хувиар торгох арга хэмжээг дөрөвдүгээр сард бас авсан.

-Нээрээ бас арга хэмжээ авсан шүү дээ. Гэхдээ их хөгжилтэй санагдаад, инээд хүрээд байх юм. Та битгий эмзэглээрэй.

 -Хөгжилтэй байгаа болоод та ингэж их инээж байгаа байлгүй дээ. Гэхдээ тэр үед намайг хууль зөрчсөнгүй гэж арга хэмжээ авсан шүү дээ. Тэгхээр наргиантай байхаас аргагүй биз. Яг болсон явдлыг тайлбарлах юм бол. Энэ улсын болон олон улсын чанартай автозамуудын засвар арчлалтыг хариуцдаг АЗЗА гэж төрийн өмчит компаниуд аймаг болгонд байдаг. Зарим аймагт бол хувийн компаниуд энэ ажлыг гүйцэтгэдэг. Тэгээд яг манай яамнаас санал оруулаад АЗЗА компаниудын гүйтцэтгэлийг нь бас давхар орон нутгаар нь хянуулъя гээд гурвалсан гэрээ байгуулъя гэдэг асуудал гаргаж тавьсан. Тэр үед Засгийн газрын хуралдаанаас зам, тээврийн сайдын төсвийн багцад суусан зам засвар арчлалтын хөрөнгийг чиглэл бүрээр нь Засаг дарга нартай гэрээ байгуулан шилжүүлж, хяналт тавьж ажиллахыг сайд А.Гансүхэд даалгав гэсэн шийдвэр гарч байсан юм. Яамны хувьд тогтоолын хэрэгжилтийг нь бид хангаж ажиллах үүрэг хүлээнэ. Ингээд тогтоолын дагуу асуудлыг нь аваад үзэхээр төсвийн тухай хуулиараа засвар арчлалтын хөрөнгийг төсөвт тодотгол оруулсан нөхцөлд л аймгууд руу нь шилжүүлэх боломж нээгдэх байсан. Тодотгол хүлээвэл намраас наана зам засварын ажил эхлэхгүй. Сангийн яамнаас энэ асуудлаар лавлагаа авахад төсвийн тухай хууль зөрчигдөх учир болохгүй гэсэн хариу ирсэн. Ингээд ажлын гүйцэтгэлд нь хяналт хэрэгжүүлэхээр Засаг дарга, АЗЗА, яам гэсэн гурвалсан гэрээгээ байгуулаад одоо гэрээгээ хэрэгжүүлээд явж байгаа. Зарим нэг Засаг дарга нар овоо хэдэн төгрөгтэй болох гэж байсан зам, тээврийн яамныхан мөнгөө өгөлгүй аваад үлдчихлээ гэж Ерөнхий сайдад хошуу хүргэсэн байх. Ер нь бол шилжүүлэхдээ тулбал өөрийн багцаас мөнгө гаргах нь салбарын сайдын эрх хэмжээний асуудал шүү дээ. Нэг иймэрхүү асуудлаар хууль зөрчсөнгүй гээд л арга хэмжээ авч түүнийгээ хэвлэлээр зохион байгуулалттай шуугиулсан. (инээв) Энэ нь Батзаяаг явуулах бэлтгэл ажил байсан. Ажлаас халсан тогтоол дээр албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн байгаа юм. Наргиантай явдлыг наргиантай өнцгөөс нь уншвал удаа дараа хууль зөрчихгүй гэж гөжиж чөдөр тушаа болсон болж таарах гээд байгаа биз. (инээв)   

-Зөвшөөрөөд л ингээд явах юм уу. Энэ чинь таны төрд алба хашсан жилүүдэд  тавьж байгаа дүн гээд л явчихна шүү дээ.  Олон залуусыг төрөөс ийм тоглоомоор явуулаад л байх уу. Тангараг өргөсөн олон алба хаагчдыг шууд л халж байна. ХХААЯ-наас ч зүв зүгээр нам бус, мэдлэг чадвартай, дээр нь албан ёсны төрийн албан хаагч залуусыг учир битүүлгээр халж байгаа мэдээ ирж байна. Одооноос залуучууд ингээд л яв гэхээр нь яваад байх уу. Та ч бас тэгэх үү?

-Би чинь урд нь бас нэг халагдсан юм ш дээ.

-Тэгсэн.

-Одоо нөгөө хэл ам татлаад байгаа зүтгүүрүүд гэрээний дагуу дөрөвдүгээр сард орж ирээд, туршилтын аяллуудаа хийгээд, Улаанбаатар төмөр замтай тээвэрлэлт хийх протокол зурсан. Гэрээ байгуулахгүй, протокол зуръя гэсэн юм. Монголын төмөр зам ТӨХК-ний өмчлөлд байгаа бүх хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт намайг захиралаар очихоос өмнө хийгдчихсэн байсан гэдгийг энд онцлоё. Харин намайг захиралаар ажиллах үед гэрээний дагуу хөдлөх бүрэлдэхүүнүүд үйлдвэрлэгдэн нийлүүлэгдсэн байдаг. Ирээдүйгээ холоор харсан компанийн хувьд брэндингээ бас бодолцож хөдлөх бүрэлдэхүүнийхээ өнгө будгийн дизайныг нь мэргэжлийн дизайнертай хамтарч гаргаж байсан. Тэр жил чинь бас хэд хэдэн өндөр ой тохиож байсантай уялдуулж үндэсний хэв маяг шингээж дизайнаа бүтээсэн. Зүтгүүр гэхээрээ л нэг баагилдсан хар юм байх ёсгүй шүү дээ. Тэгээд аяллын зүтгүүрүүдээ тавдугаар сарын 9-нд аялалд гаргаж таарсан юм. Ингээд шинэ зүтгүүрийнхээ кабинд суугаад хоолтын даваа руу аялаад ирсэн. Тэгээд  ирсэн чинь ТӨХ-ноос дуудсан. Очсон. За, маргааш ТӨХ-ны хуралдаанаар орноо гэсэн. Маргааш нь орсон. Нууц гэрээ хийсэн, их хэмжээний гэрээ хэлцлийг ТӨХ, ТУЗ-дөө мэдэгдээгүй ээ гэдэг үндэслэлээр ажлаас хална гэсэн. Тийм зүйл болоогүй, болох боломжгүй гэдгээ хэлсэн чинь “тэгвэл өөр юу байж болох уу гээд ярилцаж байснаа гарч бай” гэсэн. Тэгээд гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэл гаргаж ирээд намайг явуулсан. Би шүүхэд хандсан. Долдугаар сарын сүүлээр шиг санаж байна. Шүүхээс “Буцааж ажилд нь авах ёстой. Ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлгүй байна” гэсэн шийдвэр гарсан. Тэгээд наймдугаар сарын 20-оор ажилдаа орж байсан. Тэгэхээр юу буруу хийсэн, юуг зөв хийсэн гэдгээ би бас 40 гарч яваа хүн гадарлахтайгаа. Одоо энэ удаа ч нөхцөл байдал яг адилхан шүү дээ.



-Та их тогтуун хүн атлаа ороо бусгаа зам туулах юм. Бас их тайван юм аа. Нэг л өглөө ажлаас чөлөөлөгдөөд л, улс орон даяар дуулиан болоод хонох чинь бас эвгүй байдаг биз дээ. Ямар л олиг байв гэж?

-Янз бүрийн л ажил хийж үзэж явна л даа. Энэ албан тушаал дээр л очихгүй юм бол хорвоо тэр чигээрээ төгсчих гэж байгаа юм шиг. Нөгөө УИХ-ын даргын хэлдгээр үхчих гээд байгаа юм шиг. Усгүй олон хоног хатаж ангаж яваа хүн энэ хөтөл дээр л гарчихвал устай залгачих гээд байгаа юм шиг хүмүүс байх. Миний хувьд би хэзээ ч, албан тушаал гээч рүү тэгж тэмүүлж байгаагүй. Энэ албан тушаал руу ч би тэгж очоогүй. Боломж гарсан. Боломжоо ашиглаад сайн зүйл хийе л гэж бодож зүтгэсэн. Би өөрийгөө хувьтай, азтай хүн гэж үздэг. Хар багаас буянтай буурлууд, сэхээтэн эцэг эхийн гар дээр өсч торнин, хожим гайхамшигтай хүмүүстэй учирч, суралцаж, ажиглаж явах ховорхон хувь надад тохиосон. Далай багшаас авхуулаад олон гэгээнтнүүдийн үг сургаалийг нь сонсож, ном сургаалийнх нь захаас уншиж дотроо эргэцүүлж бодож чармайж явах боломж олдсонд талархаж баршгүй. Буруу зүйлийг засахын төлөө л явах ёстой гэдгийг багаас ухаарсан. Богинохон хугацаанд энэ бүх завхрал засагдчихна гэж байхгүй л дээ. Гэхдээ эвлэрч болохгүй.

-Тийм шүү дээ. Ер нь өөрийгөө зольж, өөрөөрөө дэнчин тавьж тэмцэх бол хамгийн төвөгтэй зам байдаг л даа. Жаахан харгис сонсогдож байж магадгүй. Гэхдээ л тийм байдаг. Миний араас нь чаргуулдаад асуугаад байгаа зүйл бол монголын залуусаар шалтгаангүй тоглодог, эцэст нь бүгдийг нь чимээгүй төрөөс явуулдаг жишиг тогтож болохгүй гэсэн л үзэл юм. Тэд тэгээд юу гэж бодоод явах юм. Бас эргэж ирэх үү гэсэн олон асуулт байгаа юм. Үүний өмнө л монголын залуусыг босоо байгаасай гэж боддог юм.

-Сайхан залуучууд гарч ирж байна. Боловсролтой залуучууд ч олон байна. Гагцхүү тэд нийлээд, зөв ирээдүй, зөв жишгийн төлөө нэгдээд явах ёстой юм шиг байгаа юм. Зарим залуус маань богино замыг туулаад, түргэн амжилтад хүрчихье гэсэн өрөөсгөл бодол бас тээгээд байна л даа.

-Тийм ээ, гэхдээ тэр үзэгдэлд хутгалдсан хэсгээс ялгаж харах хэрэгтэй.

-Ялгаж харах хэрэгтэй. Энэ сайхан залуусыг зөв удирдаж, зөв зангидаж авч явах тийм ТББ ч юм уу, улс төрийн байгууллага ч юм уу бий болох цаг болсон ч юм шиг. Зурагдсан пянз шиг энэ улиг болсон улс төрийн намуудыг биш шинэ улс төрийн хүчин байгуулах хэрэгтэй байгаа ч юм шиг зарим үед харагддаг. Гэхдээ хөрс суурь нь бэлэн үү, хэн толгойлж манлайлах вэ гэдгийг мэдэхгүй. Энэ олон боловсролтой залуус ямартай ч нэгдэх л хэрэгтэй.

-Улс төрийн шинэ од төрүүлье гээд нэг төсөл зарлагдаад байна. Тэр нэр томъёо тойрсон жижиг сажиг асуудлууд яах вэ. Энэ чинь бас л энэ мухардлаас үүдсэн, эндээс гарах арга зам хайсан давалгаа юм болов уу гэж харах юм.

-Давалгаа, гэхдээ эрүүл, зөв зорилгын төлөөх давалгаа бол хэрэгтэй болжээ. Гол нь нийгмийн эрэлт байх шиг байна. Энэ чинь өөрөө том ойлголт шүү дээ. Одоо энэ хоёр том намын ялгарал нь яг юу вэ. Юугаараа ялгарч байгаа юм гэхээр үндсэндээ ялгарал алга л даа. Зүгээр аль намынх нь тугийн дор жагсч байгаа юм бэ гэдгээрээ л ялгарч байгаа болохоос биш. Энэ байдал өөрөө эрэлт үүсгэж байна.

-Төрийн бодлого шийдвэр, төрийн амьдрал гэж байна. Үүнээс гадна улс төрийн амьдрал гэж бас байдаг. Энэ амьдрал тааруухан ч гэсэн бас өөрийн “хууль”-тай. Үүгээр нь харахаар таныг Х.Баттулга сайдтай холбоотойгоор л зайлуулж байх шиг байна. Баттулгын гэх завь руу сүүлийн үед мэдэх мэдэхгүй болгон чулуу нүүлгэж байна л даа. Завь ч чулуугаар дүүрч байх шиг байна. Зүгээр л эндээс үсэрч буугаад орхиж болох байсан уу?    

-За даа, үгүй дээ. Би бас нэг тусгай албанд алба хаагаад үзчихсэн. Тусгай албаны дайчид нэг баг болоод хүнд хэцүү, амь сөрсөн даалгавар биелүүлэх гээд ордог улсууд л даа. Тийм эрчүүд “Энэ аягүй аюултай юм байнаа, би болилоо” гэдэггүй.

-Завиа орхиод буудаггүй гэж үү?

-Тийм зүйл байх боломжгүй ш дээ. Тийм хүн тэр албаны босгыг давна ч гэж байхгүй. Ер нь тэгээд л бүтэхгүй нөхөр энэ тэр гээд л янз бүрээр л дайрах юм. Эцсийн эцэст би аль тэртээ ерээд онд Төрийн тусгай албадад ажиллаж байсан хүн. Төрийн тусгай албадад тэр үед бүтэхгүй нөхдүүдийг авдаггүй байсан цаг үе байхгүй юу. Одоо бол хэн гуай ч гэсэн энэ тусгай албадын босгыг алхдаг болчихлоо л доо. Бүтэхгүй нөхөр, хараажийн хужаа байна гэж орилж байгаа улсууд юмаа мэдэж ярих хэрэгтэй. Бүтэхгүй нөхдүүдийг, угсаа гарвал нь янз бүр улсуудыг тэр ерээд онд тэр НАХЯ-ны школ алдагдаагүй чанд үед босгоороо давуулдаггүй л байсан юм. Тийм төлөвшил авсан улсуудад завиа орхиж явах тухай ойлголт байхгүй шүү дээ.

-Сайхан хариулт байна. Танд сайн сайхныг хүсье. Яагаад ч юм өөр асуух зүйл надад алга. Ингээд л төгсгөмөөр хариултыг та надад барилаа.

-Хүн гэдэг ярилцаж байж биенээ таньж мэдэрдэг нь жам биз. Үнэн худлын заагийг гаргах эмэгтэй хүнд хэт ахадмаар гэмээр ажлыг урваж няцалгүй хийж яваа тантай ярилцахад суралцах, бодох зүйлс нэмэгдэх юм. Танд маш их баярлалаа.

-Баярлалаа. Танд амжилт, сайн сайхныг хүсье.

-Баярлалаа.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив