С.Батзаяа: Гал гарч байгааг арилжааны телевизүүд үзүүлдэг. Харин яагаад гарсан, гарахгүй байж болох байсан уу гэдгийг бид үзүүлдэг
2014 оны 9 сарын 9 [Уншсан тоо: 261177]
Би түүний сэргэлэн, сортоотой асуултуудтай ток шоу, инээж байгаад зальтайхан ивэж асуудаг стилд дуртай байсан. Бас ямар нэг намын тугны өмнө уруулаа жомбойтол будаж сууж байгаад гунигтай жижүүрийн нэвтрүүлгүүд хийж шившгээ дэлгэдэггүй зан чанарт нь хүндэтгэлтэй ханддаг. Манай салбарт түүн шиг чамбай сэтгүүлчид цөөн боловч байгаа. Тэднийг бид та бүхэнтэй нэг нэгээр нь уулзуулах болно. Энэ удаагийн зочин маань МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн захирал хатагтай С.Батзаяа байлаа. Бидний яриаг сонирхон уншина гэдэгт итгэж байна.

-Эхлээд хоёулаа танай телевизтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн асуудлаас яриагаа эхлэе. Чухам юу болоод хэвлэлийн хурал энэ тэр болоод явчихав аа. Байж байгаад л МҮОНРТ рүү дайрдаг л даа. Чиг үүрэг хийгээд өвөрмөц статусыг нь сайн ойлгохгүй байна уу, эсвэл үнэхээр гадна яваа улсууд ч тэсэхийн аргагүй санаа зовмоор хүнд нөхцөл байдал үүсчихээд байгаа юм уу?
-Дотор нь ажиллаж байгаа бидэнд иймэрхүү арга ядсан өрсөлдөөн, эсвэл арчаагүй өс  саналт ядаргаатай л юм.  Энэ байгууллагын тухай худлаа мэдээллийг санаатайгаар тараах бүрт гайхсан, урам хугарсан тухай хоорондоо яриад л өнгөрдөг. Гэтэл ингээд  юу ч болоогүй мэт, тэр гүтгэлгүүд нь үнэн гэж хүлээн зөвшөөрч байгаа юм шиг дуугуй   ажиллаад байвал  бэртэгчин ч болчихоор. Яагаад гэвэл  хариуцлага гэж нэг юм байна.  Олон нийтийн телевизийн талаар яриа гараад байхад хариуцлагатай хүмүүс дуугуй байгаад байвал жинхэнэ хариуцлагагүй хэрэг болох байх. Хүмүүст эргэлзээ байгаа бол тэрийгээ тайлах ёстой, асуулт байгаа бол хариултаа авах эрхтэй. Хүмүүс гэдэг нь  манай үзэгчид, олон нийт шүү дээ. Сая хэд хоногийн өм нө болсон хэвлэлийн бага хурлын тухай та асууж байх шиг байна. Яахав өмнө нь ажиллаж байсан хүн хувийн студийнхээ тохироог өнөөгийн удирдлагатай хийж чадаагүйгээс болоод "гомдож тунирхсан" явдал байгаа юм шиг. Гэхдээ түүний гомдол хуулийн хүрээнд хаалганы цаана үлдсэн бол бид яалтайв. Хувийн ашиг сонирхлыг нь хангаагүйн төлөө энэ гомдол нь  доромжлол, гүтгэлэг болоод явчихлаа шүү дээ. Байж байгаад л дайрдаг  хэдхэн хүн байдаг юм. Энэ хүн яагаад ингээд байдгийн гэхээр л нэг тийм өчүүхэн юм л ардаа хадгалчихсан байдаг. Хийморь сэргэтэл сайхан шүүмжилчихдэг хүн бол өөр шүү дээ. Гарч ирээд л хэвлэлийн хурал хийгээд байдаггүй юм. Мэргэжлийн шүүмжийг хүмүүсээс, үзэгчдээс  авах бол хэвийн зүйл, заримдаа үгүйлэгддэг зүйл. Жишээлбэл, та бол асуултаараа шүүмжлэх гээд л сууж байгаа, би мэдэж байна. Таныг манай статусын тухай  хөндсөнд баярлалаа. Манай үзэгчид байтугай өрсөлдөгчид энэ байгууллагын статусыг ойлгохгүй байдагт зарим талаар бид өөрсдөө буруутай. Хангалттай ярьж сурталчилж, мэдээлэл өгдөггүй. Энэ бол бидний үнэхээр буруу. Яагаад улс оронд олон нийтийн статустай мэдээллийн хэрэгсэл байх ёстой юм, түүгээр дамжиж хэний арх ашиг хамгаалагдах ёстой юм, үндэсний дархлааг бий болгоход энэ олон нийтийн статустай хэвлэлийн байгууллага яагаад оролцох ёстой юм, бусад улс орнууд яагаад үндэсний аюулгүй байдлын талаарх ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй уядаг юм. Гэх мэт олон асуултын хариуг иргэд сайн ойлгоогүй байх шиг. Том том юмаа болъё гэхэд, зүгээр л татвар төлөгч таны мөнгөөр бид ийм ийм юм ингэж ингэж хийсэн шүү хар даа гэдэг таниулгыг л хангалтгүй хийдэг юм билээ. Нууж хаах юу ч байхгүй шүү дээ, тэгэх ч боломжгүй юм. Жилд ганц хийдэг нээлттэй өдөрлөг төдийгөөр биш бүхэл бүтэн жилийн турш зорилготой,хариуцах эзэнтэй ажил хийхээр бид төлөвлөсөн. Ажилдаа орж байгаа. Та жишээлбэл тэсэхийн аргагүй санаа зовмоор гэж тодорхойлж байна. Ийм байдалд үзэгчдийг оруулж болохгүй шүү дээ. Дандаа худлаа мэдээлэл байна билээ, тэр хэвлэлийн хурлын үеэр яригдсан асуудлууд.

-МҮОНРТ-ын захирал М.Наранбаатар луу чиглэсэн довтолгоо нь ил байна л даа. Түүнийг захирлаар ахин сонгосон явдлыг буруушааж байгаа бололтой. Энэ эрх үндэсний зөвлөлийн гишүүдэд хадгалагддаг биз дээ. Хууль зөрчсөн томилгоо гэж ямар өнцгөөс үзэж байгаа юм бол?
-Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгддэг асуудал шүү дээ. Энэ үндэсний зөвлөл маань хэвлэлд нээлттэй ажилладаг бүтэц гэж би боддог ш дээ. Аливаа шийдвэр тохироогоор, дур зоргоор, гэнэтийн байдлаар гарах боломжгүй юм. Үндэсний зөвлөлийн гишүүд биднээс хамаарахгүйгээр шийдвэрээ гаргадаг, ямар шийдвэр гаргаснаа эргээд хэвлэлээр тайлагнадаг. Ингэж ажилла гэдгээ хуулиар заалгачихсан байгууллага шүү дээ.

-Түүнийг олон жил улсын хөрөнгөөр тоглож байна гэж шүүмжилжээ. Танайд ойрд санхүүгийн болон энэ чиглэлийн бусад байгууллагуудаас шалгалт хийсэн үү?
-Хардах эрх бүгдэд бий. Тэр үүднээс энэ шүүмжлэл бол хэвийн юм. 2012 оны 10 сард, 12 сард 2 удаа ойрхон  Үндэсний Аудитын Газраас ажлын хэсэг ирж шалгалт хийсэн. Тэрнээс  нэг сарын өмнө  жил бүр ордог ээлжит аудитын шалгалт ороод үндэсний зөвлөлд дүгнэлтээ өгчихөөд явчихсан байсан. Гурван  шалгалтын дүн зөрөөгүй дээ. Тэр дүн интернэтээр ч зөндөө байгаа. Хэн ч олоод харах боломжтой. Саяхан дахиад л хурлын зааланд хэдэн хүн сууж байна лээ. Юун хүмүүс вэ гэсэн санхүүгийн шалгалтын хүмүүсээ л гэж байсан. Шалгалт бол байнга шүү дээ. Санхүүгийн асуудал ярьсных. Өнгөрсөн жил Ерөнхий захирлын ажлын тайланг Үндэсний зөвлөлөөр сонсч хэлэлцээд, "А" үнэлгээ өгч, мөнгөн шагналаар шагнах шийдвэр гаргасан юм. 2013 онд менежментийн баг хоёр тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа шүү дээ. Ашигтай гэдэг нь ашиг олсон гэсэн үг биш, хэмнэлт хийсэн л гэсэн үг. Үйл ажиллагаагаа үр ашигтай хэлбэр рүү шилжүүлсэн гэсэн үг. Тэгсэн өөрөө өөрийгөө шагнасан гээд л саяын хүмүүс ярьж байх шиг байна лээ. Үндэсний зөвлөлөөс асуух хэрэгтэй шүү дээ.  Нэг сая төгрөгийн ч бай худалдан авалт юм уу гэрээ заавал захирлын зөвлөлөөр шийдэгдэнэ. Тэнд байгаа есөн хүн гар өргөн зөвшөөрөх ёстой гэсэн үг. Мөнгөн дүн 20 саяаас дээшээ л бол Үндэсний зөвлөл хэлэлцэж батлах зөвшөөрөл өгөх ёстой, тийм дүрэмтэй юм. Ажлын процедур яриад байх нь танд ядаргаатай байж магадгүй, гэхдээ санхүүгийн хувьд дураараа дургих боломжгүй юм аа гэдгийг тайлбарлаж байгаа хэрэг.

-Ойлгож байна. Ер нь танай эрх барих дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж болох уу. Мөн тэр зөвлөлд ямар ямар эрх үүрэг хадгалагддагийг мэдмээр байна.
-Ганаа эгч ээ тэр том дарга нарын тухай би ярих нь жаахан зохисгүй байна аа. Энэ асуултыг алгасъя болох уу.

-Та тэгж бодож байгаа бол таныхаар болъё. М.Наранбаатарыг гурав дахь удаагаа улируулан сонгоно гэдэг бол нэг талын том үнэлэмж. Та түүний удирдах арга барилын талаар ямар нэг дүгнэлт өгөхүйц хэмжээнд хамтран ажиллах шиг боллоо. Энэ талаарх таны сэтгэгдлийг харин сонсмоор байх юм?
- Ямар дүн тавьж байгааг сонголт л харуулдаг. Тиймээс сонгосон хүмүүсийн дүнг бид шүүн хэлэлцэх нь утга учиргүй юм. Ер нь телевиз гэдэг чинь "зовлонтой" газар шүү дээ. Нэг тийм билэг танхай. Энд ямар нэвтрүүлэг хийгдэж, ямар төсөл хэрэгжиж байгаагаас хамаарч найруулагч нар дарга байдаг. Юу үзсэн, юу үзмээр байгаагаасаа хамаарч үзэгчид дарга байдаг. Захирал бол зохицуулах төдий ажил шүү дээ. Замын хөдөлгөөн зохицуулдаг шиг л. Заримдаа харахад өмнөөс нь тээртэй санагддаг юм. Ямар их утасны дуудлага, ямар их "тэгмээр байна, тэгмээргүй байна"...Овоохон зохицуулагч л үүрч явах ажил даа.   

-Тэр ажилчиддаа жилийн ажлаа тайлагнадаггүй юм уу. Бас тайлагнах хатуу үүрэгтэй юу?
-Жилийн эцсийн тайлан гээд тавьдаг. Бүх салбаруудын захирлууд эхлээд салбар бүртээ тайлангаа тавина. Дараа нь захирлын зөвлөл дээр захирал бүрийн тайланг нэг бүрчлэн хэлэлцэнэ. Хамгийн сүүлд нь Ерөнхий захирал Үндэсний зөвлөлд болон хамт олны хуралд тайлан тавина. Хэвшил болсон энэ бүх үйл ажиллагаа хийгдэж байгаа.

-Зохиолч З.Дорж гуай түүнийг “Өөртөө таалагдахгүй хүмүүсээ үгүй хийсээр л байгаа” гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг юм бэ. Тийм их халаа сэлгээ хийгддэг юм уу?
-З.Дорж гуай л хариулах байх. Халагдаж солигдоод хаалга үүд онголзуулаад байсан асуудал байхгүй ээ.  Хамт  олон нь  шаардсаны  үндсэн дээр хийгдсэн нэг л халаа солио байгаа.

-Техник, технологийн ямар шинэчлэл хийгдэж байна вэ. Үнэндээ орчин цагийн шинэ телевизүүд зарим талаар илт давамгайлж эхэллээ. Дамжуулалт, контентын шинэлэг хэв маягийн хувьд ч.
-Юу үнэн тэр үнэн. Өрсөлдөөн ширүүсч байгаа. Тэр өрсөлдөөн нь хүчтэй техникээр, сайн гадаад харилцаагаар, сайн менежментээр илэрч байна. Би энэ талбарын тоглогч нарыг, ялангуяа шинүүдийг үнэхээр мундаг гэж боддог. Тэд сайн техниктэй байна, оролдлогууд хийж байна, зоригтой байна. Гэхдээ үгүйсгэж болохгүй бас нэг үнэн бол манай телевиз үндэсний гэх контентоор, мөн туршлага, мэргэжлийн чадвараараа бусдаас давуу. Бид нар дутагдалтай байгаа зүйлдээ үнэлэлт дүгнэлт өгч, шинээр зохион байгуулалт хийж эхэлсэн. Та телевизийн, эсвэл агентлагийн жирийн ажилтнуудаас асуугаад үзээрэй. Гадаад харилцааг шинээр зохион байгуулж байна, олон улсын зах зээлээс контентууд, кино худалдаж авч байна. Орчуулга хийгдэж байна. Маркетингийн, мэдээлийн технологийн өрсөлдөөнд ялагдмааргүй байна. Товчхондоо энэ чиглэлийн ажлууд руугаа ханцуй шамлан орцгоосон. Манай нэг сул тал төсвөөс хараат байдал л юм даа. Хоёр жилийн өмнөөс л техникийн шинэчлэлийн ажил цаасан дээр хар зурагтайгаа, жагсаалт юутайгаа гарчихсан байгаа. Явц нь удаан байгаа нь үнэн. Нэг их олон тэрбумын тоо тавьчихаад "Танайд ийм их мөнгө төсөвлөгддөг юм байна. Идэж уучаад байгаа юм биш үү" гээд байх шиг байна билээ. Үгүй шүү дээ. Техникээ шинэчлэхэд ийм мөнгө хэрэгтэй юм байна. За зөвшөөрлөө, одоо энийгээ хийгээрэй гээд Их хурлаас баталж өгсөн л тоо шүү дээ. Бид техникийн шинэчлэл хийх, шинэ техник худалдаж авах, бүрэн HD болох мөрөөдлийн жагсаалтаа барьчихаад л сайд нарын үүдийг сахисаар удлаа шүү дээ. Их хурал батлаад өгчихсөн манай мөнгийг одоо та гаргаад өгчих л дөө тэгэх үү гэж л бид царайчилдаг. Бага багаар ажлууд хийгдэж л байна. Мэдээний студи, эфирийн тоног төхөөрөмж бүрэн HD болсон. Зөөврийн техникийг шинэчлэх ажил 70 хувьтай явж байна.Одоо шууд дамжуулалтын техникийг солих  гэх мэтчилэн дутуу ажлууд байгаа. Төсвөө царайчлаад л явж байна даа.

-МҮОНРТ бол монголын ард түмний цорын ганц телевиз байлаа. Мэдээж энэ их айлд өөрийн зовлон бий. Гаднаас нь живж буй хөлөг онгоцтой зүйрлэх амархан л даа.
-Живэхгүй биз дээ.  Сэтгэл зүрх нь цохилдог, чадвартай, халуун, тулхтай уран бүтээлчид , сэтгүүлчид, найруулагч нар энэ хөлөг онгоцыг удирдаж байна. Зовлон бий бий. Хүний нөөцийн асуудалд санаа их зовдог. Энүүгээр байгаа бөөн туршлагуудаа мөлжөөд дуусахын цагт хэн залгамжлах вэ гэж боддог. Дараагийн Амбасэлмаа хэн бэ. Хөдөөгийн Алтааг хэн дуурайж чадаж байна. ММ-ийн Цэрмааг яаж дахиж бий болгох уу. Үнэхээр ган болд шиг хатуу чанга хүмүүс шүү дээ. Гэтэл одоогийн хүүхдүүд нэг л тийм нялцгар. Миний хувьд энэ л зовлон байна даа. Бусад нь бол ажил хийх явцад гардаг л саад зөрчлүүд. Байдаг л зүйл.

-Танай хамгийн залуу эмэгтэй диктор “Алтан сарнай” наадам дээр надаас яриа авсан. Эхний надад хандаж хэлсэн үг нь та чинь юун хүн билээ. Аль салбарынх вэ гэж байсан нь гэнэт санаанд орлоо. Хөгжилтэй санагдсан шүү?
-Тэр хүний өмнөөс уучлалт гуйя. Миний хажууд манай нэг арилжааны сувгийн хөөрхөн охин Н.Жанцанноров гуайн хэвлэлийн хуралд суусныхаа дараа “Та өөрийгөө танилцуулаач. Юу хийдэг билээ. Саяны ярьснаа бас дахиад ярьчих” гэсэн л юм даа. (инээв)

-Ш.Ёлка, Г. Золжаргал нарыг үгүйлж байна шүү. Тэд ингэхэд хаана явна вэ?
-Золоо ах гал тогоондоо байгаа. Манай чухал ажлыг хийдэг юм шүү дээ, уран сайхны зөвлөлийн гишүүн гээд. Үе үе нэг сайхан нийтлэл хийдэг. Ёлка ах маань ч байгаа. Наадмаар Ёлка ахаараа “гоёлоо” шүү дээ.

-Танай өөр нэг шүүмжлүүлдэг өнцөг нь улс төр. Хэн эрх барьж байна түүний хараа хяналтад байсаар байдаг. Засгийн газрын үйл ажиллагаа яг одоо бол олон нийтийг хагартал нь уурлуулж байна. Гэвч хэвлэл мэдээлэл таг. Ялангуяа олон нийтийн гэх статустай танай телевиз. Төрийн хараа барианаас хол байх бололцоо үнэхээр байхгүй юу?
-Дөнгөж сая манай сэтгүүлч бэлтгэж ирсэн сурвалжлагынхаа талаар редактортойгоо ярилцаж байгаа харагдсан. Цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг шүүмжилцгээж байгаа гэсэн. Цагийн Хүрдэд орно л доо, энэ сурвалжлага. Бид шүүмжилдэг. Сайн шүүмжилдэг.  Бонд, утаа, эмнэлэг, эх хүүхдийн эрүүл мэнд, төрийн албан хаагчийн ёсзүй, хуулийн шинэчлэлийн хэрэгжилт гээд. Зөндөө л орж байдаг шүү дээ, ийм материал. Одоо санаж байгаагаар "Надад сургууль барьж өгөөч", "Орохыг хориглоно" зэрэг хэд хэдэн нэвтрүүлгүүд, цуврал сурвалжлагуудад маань олон нийтийн зүгээс реакц сайтай байсан шүү. Шар ногоон өнгө орохгүй, гудамжны үг яриа хэрэглэдэггүй болохоор шүүмжлэл биш гэж харагдаад байдаг юм болов уу. Арай үгүй биз дээ. Нөгөө талаар гарч байгаа шийдвэрийг, болж бүтэж байгаа зүйлийг, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бид заавал мэдээлэх үүрэгтэй. Засаг юу хийж, ямар шийдвэр гаргаж байгааг иргэд мэдэх эрхтэй. Олон нийтийн телевиз л иргэдэд Засгийн газрын юу хийж, юугаар занималдаж байгааг хүргэхгүй бол хэн хүргэж, иргэд яаж мэдээлэлтэй байх вэ. Сонгоод дээрээ тавьсан дарга нараа юу хийж байгааг мэдэх эрхийг нь бид хангаж байгаа л хэрэг. Харьцангүй энэ засаг, энэ төрд байгаа эрхмүүд намайг, манайхныг зовоогоод байхгүй юм.  Хэцүү үе байсан шүү. 10-аад жилийн өмнө би энд сурвалжлагчаар ажиллаж байсан. Гишүүн тойрогтоо амрах гээд байгаа ч юм шиг, аялаад байгаа ч юм шиг 20 хоног явахаараа заавал хажуудаа нэг сэтгүүлч камертай дагуулж сүртэй явдаг. " Яв” гэдэг, бид “За". Ийм л байсан. Харин одоо намайг тэгж үзүүлсэнгүй, би тэгж гармаар байна гэдэг хүн харьцангүй цөөхөн болсон.

-Сэтгүүлч хүнийхээ хувьд ч энэ засагт алга л ташмаар байна гэж үү. Харамсаж байна шүү, танд. Гэхдээ энэ ч бас асуулт.
-“ММ” агентлагийг засгийн гар хөл байсаар байгаа  гэж андуурдаг ойлголтонд хариулт өгч байгаа юм. Бид шүүмжлэхээ ч шүүмжилнэ, ялангуяа хариуцлага тооцох асуудлыг хөнддөг. Бондын зарцуулалтын тайлан, эрүүл мэндийн салбарын хариуцлагатай байдал байнга л нэхэж байгаа.

-Уучлаарай, танай телевизийн программ үнэхээр гунигтай гэвэл та эгдүүцэх үү. Одоо алтан фондоор л амь зогоож байх шиг. Тэр битгий хэл ММ-ын мэдээллийн хөтөлбөр ч нэг мэдээг олон дахин давтахаас өгсүүлээд, яг чухлыг онцлох тал дээр рейтинг нь унаж байна. Эсвэл би буруу  хараад байна уу?
- Саяхан АНУ-ын Төрийн департментаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд манайхан америкийн олон нийтийн тв-д хэд хоног ажилласан юм. Тэгэхэд " Хүмүүс манай телевизийг уйтгартай гэж дүгнэдэг" гэж ажилтнууд нь ярьж байсан. Олон нийт гэдэг бол хөгшид, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний цөөнх. Олон нийтэд зориулсан нэвтрүүлэг гэдэг бол тэр бүх насныханд, тэр бүх бүлэгт зориулсан нэвтрүүлгийг хэлж байгаа хэрэг. Хуулинд заавал эдгээр нэвтрүүлгийг бэлтгэж цац гээд заачихсан байгаа. Олон нийтийн телевиз л хийхгүй бол арилжааны телевиз хийх албагүй. Харин бусад асуудлын тухайд шүүмжлэлийг анхааръя аа. Хүртээмжийн гол суурь нь давтамж гэдэг зарчмаар мэдээллийн сувгууд ажиллаж байгаа, бид ч нэг их холуур яваагүй. Гэхдээ “Цагийн Хүрд” маань 45-хан минут. Аль болох голыг нь олохыг хичээн чармайж ажиллаж байдаг даа. "Гал гарч байгааг арилжааны телевизүүд үзүүлдэг. Гал яагаад гарсан, гарахгүй байж болох байсан уу гэдгийг бид үзүүлдэг" гэж америкийн PBS-ийхэн хэлсэн. Энд ч зарчим адилхан.

-Телевизийн салбарт шинэ од төрөлгүй их удлаа. Танд тэгж анзаарагддаг уу ?
-Энэ салбар онцлогтой. Од нь огцом харваад гараад ирэх боломжгүй л болов уу. "30 жилийн дараа сая нэг анзаарагдаж эхэллээ" гэдэг алдартай тв хөтлөгчийн үг байдаг. Чанагдаад, бойжоод, бэлтгэгдээд, инкубатор дотор өсөөд, тодорхой цаг хугацааны дараа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ёстой болдог байх. Харамсалтай нь  даацтай, далайцтай, ёс зүйтэй, хүнлэг персонууд цөөхөн л байх юм. Хүнлэг гэдэг үгийг би заавал хэлж байгаам шүү. Та бид хоёр Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд явж байсан. Си Эн Эн-ийн  Ричард Күэст  ороод ирэхэд тэр дэлхийн том бизнесменүүд, шийдвэр гаргагчид яаж хүлээж авч, хурлын уур амьсгал ямар болж байна. Ирэх жилийн эдийн засгийн төлвийг та юу гэж тодорхойлох нь бидэнд чухал байна гээд шууд хэлдэг. Кристина Аманпур хаана очиж ямар сурвалжлага хийх бол. Михаиль Гусман  хэн гэдэг лидертэй ярилцах бол, яагаад тэрийг сонгосон юм бол. Андрей Малаховын дараагийн сэдэв юу байх вэ. Ийм хүлээлт үүсгэх томьёо нь  олон жилийн хөдөлмөр нэмэх нь +мэргэжлийн чадвар+ нэмэх нь ёс зүй энэ л болов уу.  Бавуугийн Лхагвасүрэн гуай өнөөдөр яахын аргагүй хүлээдэг манай салбарын хүн болчихлоо. Хажуудаа ямар гоё кадрыг "бойжуулж" байна. Жишээ нь, манай Чимгээ, Ичинхорлоо, Ганбаатарыг гүйцэх мэдээний хөтлөгч ойрын таван жилдээ гарахгүй. З.Алтай, А.Авирмэд агсан шиг сэтгүүлчид бойжигдож байгаа гэж хүлээсээр л байна. Нөгөө талаар телевизүүд олон болоод хүний нөөцийн хомсдолтой байх шиг байна. Нас нь итгэл үнэмшил төрүүлэхгүй юм, үйлдэл нь итгэл үнэмшил төрүүлэхгүй юм.

-Гялбаад л гарч ирдэг шүү дээ. Бараг анхны нэвтрүүлгээсээ, анхны дамжуулалтаасаа, анхны текстээсээ л “юм” мэдрэгдээд эхэлдэг шүү дээ. Яагаад од болохын тулд заавал 30 жил хэрэгтэй гэж ?
-Гялбаа төдий байдгийг үгүйсгэхгүй. Энэ гялбааг  туршлага нь, мэдлэг нь, үзэж харсан нь зүлгээд од болгоно. Од болоход 30 жил хэрэгтэй гэдэгтэй би санал нийлдэг. Гялбаад гараад ирсэн од маань хүний зүтгэл сэтгэл дээр өшигчиж байгаад нэр төрийг нь унагаахыг , ямар ч баримтгүй ажиллахыг юман чинээ бодохгүй байхыг би харж л байна.

-Хөтлөгчийн хэлсэн үг болохоор хөтлөгчийн тухайд та ярьж байх шиг байна. За, энэ ч яахав. Телевиз рүү гадны багууд орж ирж их тоглоцгоох боллоо. Мэргэжлийн гэх бардамнал, амбийц хөдлөхгүй юу. Би бол залхуу байна л гэж хардаг юм?
-Гадныхан ирэх нь байх ёстой зүйл. Дэлхий даяараа холилдчихсон байна шүү дээ. Тэд ирж байж бидний өрсөлдөөн илүү бодитой, үнэн, зөв болно. Тогоон дотроо өрсөлдөхийг ямар өрсөлдөөн гэх вэ дээ. СNN манай хөрсөн дээр ирээсэй гэдэг бол бидний мөрөөдөл байх ёстой. Энэ утгаараа мэргэжлийхэнтэй өрсөлдөх амбийц хөдлөлгүй яахав. Тэгж байж тулаан болно, тулалдаанд зөвхөн шонхорууд ордог.

-Танайд Ёлка, Золжаргал нараас өөр шонхор байдаг гэж үү. Хэдэн сайн диктор бол байгаа нь үнэн. Найруулагч нараа та нар сурталчилдаггүй?
-“Бурхан” гэдэг ангилал найруулагч нарын тухайд л дурдагддаг юм шиг ээ. Бурхан найруулагч гэхээс бурхан хөтлөгч, бурхан захирал гэдэггүй. Манай телевиз яах аргагүй бурхан найруулагч нарынхаа гараар боссон телевиз. Р.Аля гээд ахмад найруулагч, мэдээний Т.Цэрмаа, одоо залуучуудаас Л.Ариунжаргал, Н.Байгал, О.Энхболд гээд олон бий дээ. Эд нарынхаа тухай дурдах боломж олгосон танд баярлалаа.

-Та жишээ нь NTV-д өөрийн нэрд гарсан ток шоутай байсан. Энд яагаад тийм шинэ сэргэг юм алга байна вэ. Хөгжмийн брэнд хөтөлбөр танайд л байсан шүү дээ. Одоо харин байхгүй.
-Манай "Ярилцья" ярилцлагын сайн нэвтрүүлэг гэж би боддог. Манай залуучуудын хийдэг "4 урилга" шинэлэг, гэгээн, өөдрөг сайхан нэвтрүүлэг гэж би хувьдаа дүгнэдэг. "Монголын нэг өдөр"-ийг үзэхээр бидний дэргэд ямар сайхан амьдрал өрнөж, ямар сайхан хүмүүс амьдарч байна вэ гэж хардаг. "120-80" Эрүүл мэндийн боловсролын нэвтрүүлэг-Энэ л бидэнд хэрэгтэй байсан. Дурдаад байвал шинэлэг сэргэг юмс байгаа. Бид харин нөгөө л дээр дурдсан давтах, хүртээх, сурталчлах тал дээр ажиллахгүй бол тань шиг завгүй хүмүүс оноож харж үзэхгүй байх шиг байна. Залуучууд мэргэжлийн алдаа хийх юм анзаарагддаг. Гэхдээ л таны асуусан шинэ сэргэг гэдэгт энэ бүхэн багтана.

-Зарим үед сэтгүүлчээрээ ажилламаар санагддаг уу?
-Би одоо ч сэтгүүлчээрээ ажиллаж байгаа гэж боддог. Ил гарах, нэвтрүүлэгтэй байх тухайд бодож байгаа. Би ажлын гараагаа Дарханы телевизээс эхэлсэн. Мэдээ хийдэг байлаа. Дараа нь  Ийглийн мэдээнд ажилласан. Миний хамгийн их чадах жанр бол мэдээ юм байна гэсэн бат итгэл үнэмшил одоо ч надад байдаг. Ярилцлагын нэвтрүүлгийг би анх эхлүүлж байхдаа өөртөө маш итгэлгүй байсан. Хэдэн өдрийн өмнөөс шаналаад л , уншаад л , судлаад суучихдаг байсан. Хүчээр гэдэг шиг л юм болсон доо. Ярилцлага хийчихээд монтажан дээр суух дургуй байсан. Одоо ч хүнтэй ярилцана гэвэл сандарна.

-Та энд ирэхээсээ өмнө Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан. Үнэндээ хамгийн сайн ажилдаг баг байсан шүү. Түүнтэй ажиллахын хэцүү бөгөөд сайхан тал юу вэ?
-Баярлалаа. Миний ЕТГ-т ажилд орсон эхний өдрийн тэмдэглэлд "Хамгийн зөв газраа ажиллах боллоо. Итгэл үнэмшлээ хэзээ ч гээхгүй гэдэгтээ би итгэлтэй байна" гэж бичсэн маань бий. Яагаад гэвэл зорилго нь зөв юм. Зөв юмны төлөө ажиллаж байгаа гэсэн итгэл үнэмшил биднийг нэгтгэдэг.  Үнэхээр сайн баг мөн. Тамгын дарга, зөвлөхүүд, шадар туслахууд гээд тийм хүмүүстэй хамт ажилласан нь миний амьдралын хамгийн том, хамгийн сайхан "их сургууль"  байсан.  Нэгэнт та асуусных хүн бүрт яриад байдаггүй зүйлийг энд хэлэхэд, би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олон улсын тавцанд яаж тоглож байгааг хараад биширдэг байсан. Манай улсыг, бидний зорьж байгуулж байгаа нийгмийг, манай ард түмний сэтгэлгээний цар хүрээг энэ улсыг удирдаж байгаа хүнтэй уулзаад л гадны лидерүүд  тодорхойлж мэддэг . Энэ тал дээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгч үнэхээр нэрийн хуудас болж чаддаг лидер гэж би боддог. Ерөнхийлөгч хэзээ ч хэлэх үгээ хүнээр бэлдүүлдэггүй. Гэхдээ л биднээс бичиг цаас, санал маягийн юм орно. Ерөнхийлөгчийн үг гарсны дараа өөрсдиийнхөө оруулсан цаасыг хараад ичнэ. Хүн ингэж сэтгэж, ингэж харж, ингэж найруулж байхад бид мөн ч болоогүй байна даа гээд л. За, тэр бусад хувь хүнийхээ хувьд бидэнд өгдөг зүйлс зөндөө дөө. Ээжийгээ сонс, хүүхэддээ цаг гарга, хүнийг битгий гомдоож бай гээд л. Гол нь үйлдлээрээ өөрөө үлгэрлэдэг.  Байнга спортоор хичээллэнэ, хөлдөө чирнэ шүү дээ. (инээв)

-Хэвлэл мэдээллийн алба бол дайсан татдаг алба биш сайн харилцаа үүсгэж чаддаг, ойлголцох замаар бусдын хүчийг ашиглах урлаг шаарддаг онцлогтой юм шиг санагддаг. Одоо ч зарим албадыг харахад бараг хүнээ хорлоод байна уу гэмээр үйл ажиллагаа явуулж байх нь элбэг болж. Та бол гярхай анзаардаг байх?
-Та бараг өөрөө дүгнээд хэлчихлээ дээ. Хэвлэлийн алба, олон нийттэй харилцах алба бол сайн харилцаа үүсгэх нь хийх ёстой ажлынх нь тал хувь нь юм шиг санагддаг. Мэдээ бичээд онлайнаар тараах бол хэн ч чадах ажил шүү дээ. Харин онцгой мэдрэмжтэй байх, сонсдог байх, маш хурдан зохицуулдаг байх нь чухал.

-Чи ажлаа явуулах гээд хандахад цаад харьцаж байгаа сонины сонгож ярьж байгаа кадрт чамайг мэргэжлийн хүний тань хувьд хүндэтгэдэг харилцаа байх ёстой. Хэн ч танихгүй нэг шал шал хийсэн хүүхэд залгаад олон юм ярихад би л лав утсаа тасалдаг. Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ дарга нар салбартаа зөвшөөрөгдөөгүй, “танихгүй” хүмүүсийг олон нийтийн харилцааны албандаа авах юм. Намд гүйсэн, сонгуульд нүдэнд нь хэд харагдсан гэх хэмжүүр л бүх олон нийттэй харилцах албадыг унагаж байх шиг.
-Шинэ хүн, шинэ ажил авахаар заавал л нэг дүгнэлтээр угтдаг. Тэр дүгнэлт хамгийн муу байх нь хамаагүй. Гагцхүү тодорхой хугацааны дараа тэр  дүгнэлт бол андуурч эндүүрсэн байжээ гэж хэлэгдэхээр л сайн ажиллаж, үйлчлэх ёстой субьектдээ зөв үйлчилж ажилласан байх ёстой. Төрийн бүх шатны албан хаагчдаас бид ганц л юм хүсдэг шүү дээ. Даргадаа үйлчлэх тань яахав ээ, тэртэй тэргүй таны үүрэг биз, бидэнд яаж үйлчлээд байгаагаа мэдрүүлээд өгөөч ээ л гэдэг. Дарга нар та бид хоёрын шүүмжийг тусгах биз ээ.

-Хамгийн сүүлд телевизээр үзсэн “сайн” нэвтрүүлэг юу байв. Өөрийнхөөсөө бусдаас ч нэрлэж болно.
-Өөрийнхийгөө түрүүн нэрлэчихсэн. Нэг таксины жолооч залуугийн тухай “Хэн нэгэн” гэдэг нэвтрүүлэг аль суваг хийчихсэн байв даа.  Сайхан энгийн яриагаар гэр бүлийн хайр, амьдралын төлөөх тэмцлийг өгүүлж байсан. Нулимс гармаар өөдрөг сэтгэл байсан шүү. Манай орны байгал, ан амьтны тухай "Хүрээлэн" ямар гоё нэвтрүүлэг гээч. Манай Буяаг жаахан дэмжмээр л байгаа юм. Засаг , боловсролын яам, аялал жуулчлал, байгал орчны бодлого боловсруулагчид оролцож дэмжих ёстой нэвтрүүлэг. “100 эрхэм”-ийг бол байнга үздэг ээ.

-Одоо МҮОНРТ-эд нэн чухал шаардлагатай дэмжлэг юу байна вэ.
-Хүмүүс минь итгэдэг, дэмждэг байх нь л чухал дэмжлэг. Сонголт олон байгааг ойлгож байна. Гэхдээ таны хүүхдэд хэрэгтэй боловсролын нэвтрүүлэг хийдэг учраас, солонгос сериал үзүүлдэггүй учраас, эрүүл мэндээ яаж хамгаалах ёстойг заадаг учраас, ерөөсөө монголчууд бид хэрхэн амьдарч байгааг үзүүлдэг учраас та өөрийнхөө телевизийг үзээд сарын мянгахан төгрөгөө хэл амгүй төлчиж байгаарай гэж гуйн хүсч байна даа. Мөн техник технологийн шинэчлэл хийгдэхээр энэ жилийн төсөвт төсөвлөсөн 4,5 тэрбумаа яаралтай шийдүүлмээр л байна. Бусдаас хоцормооргүй байна шүү дээ. 

-Хаалтын гэрээ гэдэг зүйл хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр хүндийг шаварт хутгаж байна. Энэ талаарх таны бодол?
- Амьдрах арга янз бүр байсан бол одоо амьдрах арга бол зөвхөн мэргэжлийн ёс зүйтэй өрсөлдөөн гэдгийг ойлгож эхэлцгээж байх шиг байна. Би тэр “хаалтын гэрээ” гээчийг нь харж барьж үзээгүй. Байсан гэдгийг мэднэ. Байснаасаа ичээд одоо хэвлэлүүд тийм гэрээ хийхээ больж байгааг ч мэднэ. Та бид хоёр жаахан увайгүй ёс зүйгүй мэргэжлийн биш тийм өрсөлдөөнийг харах ёстой байсан юм байлгүй. Дээр үед байгаагүй. Цаашдаа байхгүй болно. Цаг хугацааны тийм үе таарсан. Аливаа шилжилт амаргүй, заавал нөгөө тал гээч зүйлтэй хамт хийгдэж байдаг шүү дээ.

С.Батзаяа бид ийн хөөрөлдлөө. Би түүнийг дэмжиж байна. Хүн ажиллаж байгаа байгууллагадаа сэтгэл зүрхээ өгөх ёстой. Тэр ч гэсэн өгсөн учраас зарим зүйл дээр санал зөрөлдсөн ч гэсэн хүндэтгэл дагуулж байна.

МҮОНРТ бол бидний хайр найргүй чулуу шидсээр байгаад живүүлэх ёстой онгоц биш. Хайрлаж түших, хамгаалж дэмнэх ёстой ууган телевиз маань шүү дээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив