Ерөнхий сайд аа, эхнэр хүүхдийнхээ зугаацах зардлыг ядаж өөрөө дааж болохгүй юу?
2014 оны 9 сарын 17 [Уншсан тоо: 389893]
Түрүүчийн удаа би бээр “Засгийн газар хэвлэл мэдээллийн амыг 390 сая төгрөгөөр үджээ” нийтлэлээрээ уншигч та бүхэнтэй уулзсан билээ. Гартаа гал атгаж, энэ амаргүй сэдвийг барьж авах нийтлэлч  “тэнэг” надаас өөр олдохгүй л болов уу.

Засгийн газрын Хэвлэл, мэдээлийн албаны дарга яаран сандран хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл хийсэн ч 200 сая төгрөг Төрөөс гаргаснаа хүлээгээд зогсохгүй, 190 сая төгрөг хаанаас оруулснаа тайлбарлаж чадалгүй “ойчиж”, мэдэгдэл хийснээсээ эсэн юм болж өнгөрсөн. Гэхдээ энэ түүний буруу биш. Цаад багийнх нь л байж байгаа царай.

Харин би энэ ажлаараа оны эцэст дүгнэдэг Сэтгүүл зүйн бүх шагналд дээгүүр өрсөлдөх эр зориг гаргасан гэж гөжүүдлэн бодсоор үлдсэн. Хэдийгээр манай Сэтгүүл зүйн салбарын өндөр зиндааны эзэд ч ундууцан адлаж, зарим нь харааж зүхэж, зарим дунд гарын наймаачид жижиг хөлснийхнөөр элдэв эсэргүүцэл бичүүлэх зэрэг асуудал гарсан ч эсэргүү би бээр өчүүхэн ч ажраагүйгээр үл барам ахин сөрвөлзөж ийнхүү та бүхэнтэйгээ уулзаж байна.

Учир нь, би хэвлэл мэдээллийн орчинд таатай гэхээсээ таагүй ургамал тарьж, ээлтэй гэхээсээ ээдрээнтэй хөрс суулгаж байгаа Засгийн газрыг чиглэж, тэдний хэвлэлд хандаж буй бусармаг арга барилыг буруушаасан. Гарчигнаасаа эхлээд шууд Засгийн газар руу хандсан. Нэг ч хэвлэл мэдээллийг нэр зааж зэмлээгүй. Гэтэл би бээр тогоогоо самарсан гэмтэн, тонгорч унагасан ялтан болчих шахаж суугаа нь гайхалтай. Гайхширч ядаад “Хэвлэл засаг хоёр ихэр байсныг таасангүй, хэдэр ёдор Ганаа эрлэг болсныг мэдсэнгүй” гэж  өөртөө дуу зохиож дуулав. За, энэ наргиа яах вэ. 

Юун түрүүн би Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хувийн өс хонзон, үзэн ядалт, эрт урьдын муу үйлт харилцаа байхгүй гэдгийг онцолмоор байна.

Манай Төрд  янз янзын л Ерөнхий сайд нар гарч ирж, бас буун одож байлаа. Бүгдтэй нь л ажил хэргийн шаардлагаар уулзаж учирч явсан байх юм. Орчин цагийн Ерөнхий сайдууд дундаас юм хийсэн, түүхэнд тод үсгээр нэрээ сийлсэн нь цөөхөн ч Төрийн ордны хананд зургаа зуруулсан нь олон гэдгийг бид бүгд мэднэ. Хамгийн сүүлд МАН-ын Сүхбаатарын Батболдын хөргийг залсан байна билээ. Мэдээж дараагийнх нь Н.Алтанхуягийн хөрөг байх болно. 

Тэд үнэхээр янз янзын хүмүүс байж дээ. Оргилд хүрсэн гоц нь ч байсан, оройд тулсан баян нь ч байсан, ёроолд тулсан тэнэг харин байгаагүй санагдана.

Бүгд л улс төр хэмээх хатуу наадгайд од шүүрч гарч ирсэн цогтой хөвгүүд байсан.  Тэднийг хүндэтгэж байна. Н.Алтанхуяг ч азтай хүн.

Түүний бага насны амьдралын тухай түүх надад олон зүйлийг хэлдэг юм. Олон хүүхэдтэй айлд төрж өссөн Н.Алтанхуяг багаас гялалзсан, бүх юманд шаламгай, хурдтай хөвүүн байсан гэдэг. Онц сурна. Хажуугаар нь гэрийн бүх ажлыг хийнэ. Эцэг эх нь гэрийн шал  өчүүхэн шороо буртагтай байхыг  ч тэвчдэггүй нямбай хүмүүс байсан болохоор шаардлага тийм өндөр тавигддаг  байж. Гэр цэвэрлэх, хурдан гүйх, хичээл номоо давтахын хажуугаар түүнд өөр нэгэн сонирхол байсан нь элдэв янзын том жижиг төмөр цуглуулах байсан гэдэг. Томоохон, ганцаараа даамгүй төмрийг ч тэр ямар нэгэн арга ухаанаар хашаандаа авчирч байж санаа нь амардаг байж. Сүүлдээ хаана ашиглагдаагүй төмөр хэвтэж байна гэж харуулдсаар нэг мэдэхэд тонгойж явдаг зуршил хүртэл сууж байсан гэж байгаа. Энэ зуршил түүний аав нь Түүхий эд авдаг газрын дарга байсантай холбоотой юм билээ. Янз бүрийн хаягдал төмөр, яс, бусад элдэв зүйлсийг Түүхий эдийн тасагт аваачиж тушааж оронд нь мөнгө авдаг байсныг соц үед хөдөө өссөн бүх хүүхэд мэднэ дээ. Манай хүн ийм л чамбай нямбай амьдралаар өссөн хүн. Юмыг багаасаа “юм” болгож сурсан айхтар зан нь түүнийг зарим партизанууд шиг архичин агсанчин болгоогүйгээр үл барам Улсын маань Ерөнхий сайдын сэнтийд хүргэжээ. Энэ зам дардан байгаагүй. Тэр тасралтгүй хорин хэдэн жил “байлдаж” байж л хүрсэн. Ихэнх нь “байлдах”-аас цуцаж, арагшаа суумаар тийм адармаатай замнал туулсан шүү. Энэ замд мэрсээр малтсаар, энд тэндээс нь сэтэлсээр, устгасаар, эзэлсээр явсан. Нэг ч удаа тарайж хэвтээгүй л болов уу. Чингэж явсаар өөртэй нь зүйрлэх аргагүй дэндүү том аваргуудыг бараг бүгдийг нь эцээж, элээж, залхааж, эцэст нь Ялсан. Үнэхээр ялсан юм шүү.  За, энэ сэтгэл хөдлөл яах вэ.   
 
Хүний багын зуршил, олсон хүмүүжил хойшдын зам мөрт үнэхээр ямар нэг байдлаар тусгалаа өгдгийг олон жил хүнтэй ажиллахдаа анзаарч мэдэв. Уншигч та ч анзаарсан биз. Үнэхээр сонин зүйл шүү. Манай Н.Алтанхуяг бол багаас олзонд дуртай, олзноос буцдаггүй, олз биш байсан ч олз болгодог хэцүү жаал байж. Аж ахуйч, дампуу биш, асар нямбай, гэр бүлээ авч явах үүргээ хэзээ ч хөсөр чулууддаггүй ийм нэгэн Эр хүн ингэж бүтсэн байна.  Эр хүний хувьд ийм хүнтэй хэн юу ярих юм бэ. Зарим нь ганц гэр аваад явчихаж чадахгүй хамаг юмаа хацартаа нааж байхад хашир энэ талдаа “ОНЦ”.   Гэхдээ нэг “но” түүнд үнэхээр байна. Норов гуай түүнийг эзэнгүй, энд тэнд, дэл сул хэвтэж буй мөнгө болчих эд зүйлсийг л авч бай гэж сургасан болохоос иргэдийнхээ хөрөнгөөс зөөгөөд байгаарай  гэж сургаагүй л байлтай. 

Манай хүн улс төрийн лидерийнхээ хувьд өм цөм алдаа гаргахын хажуугаар Улсынхаа хөрөнгөөс  чимх ямхаар туугаад байх хэцүү байна. Үнэхээр дуугүй байхын аргагүй болгож байгаа учраас  халшрахгүй нэгэн баримтыг дэлгэж, уншигч түмнээрээ шүүлгэхээр ийн шулуудлаа. Нэг их юм биш л дээ. Зарим нь бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд хүнд энэ зэргийн юм байх шүү дээ гэж хэлж ч магад. Гэхдээ арай ч ингэж ядуу гуцуу үед ард түмнээ басамжлаад дээрэлхээд байж боломгүй санагдаад байх юм.

2013 оны 3 дугаар сарын 8-13-ны өдөр Ерөнхий сайд маань БНСолонгос Улсын СӨҮЛ хотноо аялжээ. Тийн аялахдаа гэргий Х.Сэлэнгэ, хүү А.Тулга, төрийн хамгаалалтын ажилтан С.Баярсайхан, Г.Баярмагнай, Л.Батболд нарын хамт явсан байна.  Мэдээж Төрийн айлчлал ч биш, албаны ажил хэрэг ч биш. Үндсэндээ хувийн хэргээр зорчсон гэсэн үг. Тийн зорчихдоо нисэх онгоцны тийзнээсээ авахуулаад, буусан буудлынхаа бүх зардлыг төсвөөс гаргуулжээ. Ерөнхий сайдын байрласан өрөө хоногт  3 мянга 500 ам.долларын үнэтэй. Зөвхөн зочид буудлын өрөөнийх нь үнэ 17 мянга 500 ам. доллар болсон байх жишээтэй. Нийтдээ тав хоногт 26 мянга 500 ам.доллар зувчуулчихсан баримт одоо таны өмнө байна. Өөрөө СӨҮЛ-ээс түргэн буцсан ч эхнэр хүүхдүүд нь  хэдэн өдөр дэлгүүрээр зугаалахаар бас үлдсэн байх юм. Тэдний буудлын хийгээд, нисэх онгоцны бүх зардал Төрөөс гарчээ. Засгийн газрын холбогдох эрх мэдэлтнүүд бүгд үг дуугүй зардлыг төсвөөс гаргуулах баримтан дээр гарын үсэг зурж, яралзтал шийдэж өгч. Тэдний буруу гэж юу байх билээ. Дээд хүн өөрөө энэ мэтэд ичихгүй бол доод хүмүүс ичээхгүй шүү дээ.



За, ийм юм болжээ. Эхнэр хүүхдээ эрхлүүлэх мөнгөө ядарсан Улсаасаа авч байгаагаа ёс суртахууны хувьд байх зүйл гэж арай тэр хүн үзэхгүй байх. Хууль зөрчсөнөө, эрх мэдлээ урвуулан ашигласнаа хүлээх байх. Хэрэв асуудал зарчмаараа явбал эрүүгийн хэрэг үүсгэн шалгах байх.  

Улс маань ядуу байхад ноёд маань худрагагүй байж болохгүй л гэж би хувьдаа үзэж байна. Тал талаасаа шахуулж, тамаа цайтал “үзэж” байгаа Ерөнхий сайдаа буруу зүйлээр буруушаагаад байна уу гээд хууль тогтоомж ч эргүүлж харлаа.

Хэрэв энэ мэтээр эх захгүй аашилж, эрээ цээргүй идэж уух юм бол Төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээг Төрөөс тусгайлан тогтоосны хэрэг юун билээ. Хоосон цаас төдий зүйл болох биз.

Уг нь Ерөнхий сайд маань Шударга ёсны зарчмын хүрээнд:

Хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах; 

Хууль дээдлэх зарчмын хүрээнд:

Төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих үүрэгтэй. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах ёстой. 

Мөн тэрбээр албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх хатуу үүрэг хүлээсэн хүн аж. Гэтэл манай хүн Солонгосын эмнэлгийн үүдэнд зургаа тавин сурталчилж, хамт патиар юугаа татуулж, урьж залж авчрахдаа зардал мөнгийг нь Төрөөс тууж дэндүү ёс бус аашилж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНСолнгос Улсын эмч нарыг авчирч биеээ үзүүлжээ. Энэ мэдээллийг тухайн үед хальт сонссон ч баталгаажуулж арай чадаагүй юм. Гэсэн ч өнөөдөр баримтаар нотлогдож байна.



Өөрийн эх орны Анагаах ухаандаа үл итгэдэг асуудал нь дараагийн зүйл байх. Мөрөөрөө өөрөө хувийнхаа мөнгөөр очоод үзүүлж байгаа бол тэр хүний эрх. Харин гаднын улс орноос эмч авчирч үзүүлэх зардлыг нь мөн л төсвөөс гаргасан байх нь дэндүү хачирхалтай явдал бус уу.

Энэ явдал 2012 оны 11 дүгээр сарын 9-11-ний хооронд болж өнгөрчээ. Баримт бичиг дээр “Ерөнхий сайдын хүсэлтээр БНСУ-ын эмч нар ирэхтэй холбогдсон зардлыг олгоё” гээд ноён Ч.Сайханбилэг мутраа зурчихсан байна. (Манай Сайхнаа ч Муухнай болжээ. Өөрөө бол хэзээ ч энэ мэт жижиг сажиг мөнгө Төрөөс туухгүйгээ мэдэх хүн дээ)  Үнэндээ Солонгосоос  эмч ч зална уу, тогоочоо ч урина уу тэр хүний хувийн асуудал. Гагцхүү тэр зардлаа Төрөөс авах нь зөв үү гэдэг асуултыг л би тавьж байгаа юм.

Залагдаж ирж Ерөнхий сайдыг үзсэн эмч нар” Чингис” зочид буудлын тансаг өрөөнд тарвалзаж байгаад буцах жирийн иргэд бидэнд падлийгүй зүйл. Тарвалзуулах зардлыг Төрөөс гаргуулж байгаа нь бол бидэнд хамаатай зүйл.
 
Энэхүү “Солонгос эмч” ажиллагааны одоохондоо илэрч буй нийт төсөв 5 сая 309 мянга 940 төгрөг. Төсвийг боловсруулсан хүн нь Ерөнхий сайдын зөвлөх Э.Дөлгөөн, баталсан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг.

Эмчийнхээ ирэх буцах, буудалд байрлах зардлыг хүртэл манай Ерөнхий сайд өөрөө даачихаж болохгүй гэж үү. Ингэж хууль зөрчих, ийм зүйл дээр хүртэл ард түмнээ элэг барих, хатуугаар хэлбэл “мөлжих”  шаардлага түүнд байна уу. Эхнэр хүүхдийнхээ дэлгүүр хэсэх, зугаалах зардлыг өөрөө даачихаж чадахгүй энэ хүнд Төрд өндөр алба хаших ёс суртахууны эрх байна уу. Уншигч та юу гэж хариулах вэ. Хариултаа “Open door” сонинд бичиж ирүүлээрэй.

Энгийн Дорж бол шууд эрүү үүсэн шалгагдах хэргийг цаашид Тэр ингээд л хийсээр байх уу. Хэвлэлүүд нь дуугаа хураан хамгаалж, хэлсэн зарим нь буланд шахагдан дарамтлуулсаар байх уу. Хаа байна тэр шударга ёс? Хашгирсан энэ том асуулт харин хаашаа нисээд одчихов оо?

Шударга ёсны манлайлагч, авилга, хулгай зэлгийг Төрийн тавцнаас хуу зайлуулагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаана байна вэ. Харсан ч эс харсан дүр эсгэж байна уу. Харин хүний өөрийн гэх өчүүхэн ялгаварлал гарган нүдээ аниж байна уу?   



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn