Хунтайж Давааням: Зүчийг бид нар том ах л гэдэг
2014 оны 9 сарын 22 [Уншсан тоо: 477015]
Олны нэрлэдгээр Хунтайж буюу ноён Даваанямыг ярилцлагын зочноороо урихаар залгалаа. Ямар сонины хэн болохыг маань нилээн нямбай лавлаж байна.

-Тантай би илэн далангүй ярилцахыг хүсч байна. Та цаг гаргаж уулзвал би үнэхээр баярлана.
-Чи Баабартай ямар холбоотой юм бэ?

-Уучлаарай, Давааням гуай, яг юу гэсэн утгатай асуулт юм бол. Би Баабар.мн-д харьяалагддаг нийтлэлч юм аа. Бас сонинд ажилладаг. Баабар гуайтай өөр холбоогүй ээ.  
-За тэгвэл болж байна. Маргааш уулзъя. (Ингээд бид маргааш нь уулзлаа)
 
-Уучлаарай, би таны яг юу эрхэлдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Монголын төр засагт саад болоогүй, элдэв тэмцэл хөдөлгөөн хийдэггүй, өөрийн гэсэн зам мөрөөрөө л явж байгаа хүн гэж хардаг. Магадгүй зарим нь таныг ойлгодоггүй. Галзуу солиотой хүн гэх нь ч байх юм. Та сая яг хаанаас ирэв ээ?
-Надад Чингис хааны дээд язгуурын тахилга тайлгыг хийж өгөөч гэж олон иргэд хүсэлт тавьсан юм. Урьд нь тахилгад оролцож байсан хүмүүс ч хүсэлт тавьсан.

-Тахилга тайлга гэж албан ёсны нэршил нь юм уу?
-Тийм. Тэр ажлаа хийж яваад ирж байна. Одоо тэнгэрийн дуудлага эхэлчихсэн. Удахгүй тахилга болох учраас бэлтгэл ажлууд гэж асар их юм хийгддэг юм шүү дээ.

-Хэд дэх удаагаа хийж байгаа юм.
-22 дахь удаагаа хийж байна.

-Тэнгэрийн дуудлага гэдэг үг их сонин сонсогдож байна. Тэнгэрийн дуудлага эхэлчихсэн гэж Та хэлж байна. Тэнгэрийн дуудлага гэж яг юу байдаг юм. Тэнгэрийн дуудлага эхлэхийг та яг яаж мэдэрдэг юм бэ?
-Оюун ухаантай хүн бүх юмыг оюун ухааны үндэстэй хийх ёстой. Оюун ухааны үндэслэлтэй үйлдэх ёстой, оюун ухааны үндэслэлтэй амьдрах ёстой. Оюун ухааныг л нэгдүгээрт тавьж явах ёстой л доо. Хог цэвэрлэдэг хүн хог шүүрдэхдээ, Төр барьдаг хүн төр барихдаа, жирийн оюутан ч бай бүгд бүх юмандаа гүн ухааныг ойлгож мэдэрч, гүн ухааны үндэстэй хийх ёстой. Тэрийг л ойлгохгүй бол дэлхийд нийтлэг тогтсон хүн төрөлхтөний ёсноос гадуур явна. Монгол бол дэлхийн 142 орныг эгнээндээ нэгтгэсэн идеалист ертөнц шүү дээ. 1000 гаруй жилийн туршид үүнийгээ хадгалж яваа. 1000-аад жилийн туршид тогтчихсон дэгтэй. 80 гаруй орон бол тэрний эсрэг явсан байхүй юу. Социалист, коммунист системийг би ярьж байна л даа. Тэр нь яасан гэхээр материалист болж нөгөө идеалистуудын эсрэг яваад ингээд  сөнөчихлөө. Миний ярих гээд байгаа гол зүйл бол энэ идеалист ертөнц хүн төрөлхтөний түүхэнд зургаан сэтгэлгээний стандартыг бий болгосон юм. Тэрний хамгийн доод талд материалистууд ордог. Материалист сэтгэлгээ дэлхийн түүхэнд өөрийн гэсэн 150 жилийн л байр суурийг эзэлсэн. Ингээд яасан гэхээр хүн төрөлхтөний оюуны эсрэг дараагийнх нь геодонизм гээд.

-Та миний асуусан тэнгэрийн дуудлага гэдэг тэр үзэгдлийг тайлбарлах гэж байгаа биз дээ?
-Тэрийг хэлэх гэж байна. Геодонизмын дээд талд хүнд хувиа бодож амьдрах зөвлөгөө өгдөг арга зүй, тийм сэтгэлгээнүүд байдаг. Дотор нь олон зүйл хамрагддаг л даа. Үүний дээр шинжлэх ухааны онолын сэтгэлгээ гэж ихэвчлэн Английн эрдэмтэд бүтээсэн ийм сэтгэлгээний стандарт байна. Дээд талд нь дэлхийн сонгодог философиуд гэж эртний Грек, Ром, Германы сонгодгууд байна. Тэрний дээр Дээд идеализм гэдэг оюун ухаан байдаг. Тэр оюун ухааныг Чингис хаан тэргүүтэй монголчууд бүтээсэн гэдгийг Германы сонгодог философийн эцгүүд болох Гегель, Кант нар 1700-аад онд нотолсон. Чингис хаан тэргүүтэй хүмүүс энэ дэлхийн Дээд идеализм буюу Бурханы төлөвлөгөөг биелүүлсэн. Бурханы зарлигийг биелүүлсэн. Чингис хааныг ингээд үнэлчихсэн юм. Материалистууд бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийсэн. Одоо хүртэл Монголд Чингис хаан гэж ярихаа болъё л доо гэж орилоод байдаг хүмүүс байна. Одоо Монгол шиг дэлхийн тийм том өв соёлыг бүтээчихсэн орны хүмүүс стандарт нь коммунизмын төвшинд юм уу, геодонизмын төвшинд байгаад байвал бид яах юм бэ. Яагаад та нар энэ бодит зүйлээ оюуныхаа иш үндэс болгож хэрэглэхгүй байна. Ухаан болгож яагаад хэрэглэхгүй байна гэж дэлхийн улсууд асуугаад гайхаад байна шүү дээ. Тийм учраас Чингис хааны гүн ухааныг тэр Дээд идеализмын стандартаар дэлхийд би яасан байна.

-Яасан?
-Юу яасан гэж. Нээлт хийсэн хүн байхгүй юу. Хүн төрөлхтөнд нээлт хийсэн. Энэ том нээлтийг одоо хүн төрөлхтөн яах вэ? Хэрэглэхийн тулд надад хандаж байна. Бүхэл бүтэн түүхэн гайхамшигтай гүн ухааныг нээхээр тэд чинь үнэлээд байна шүү дээ.

-Энэ сэдэв рүү хоёулаа дараа оръё. Тэр тэнгэрийн дуудлага эхэлчихсэн гэдэг тухайгаа л та надад тайлбарлаад өг л дөө. Ерөнхийдөө энгийн хүмүүст  бол огт харагдахгүй, мэдэгдэхгүй үзэгдэл юм аа даа.  Дээд ухамсрын төвшинд, далд мэдрэхүйгээр, одоо нөгөө хэд дахь мэдрэмжээр ч гэдэг юм Танд мэдрэгддэг зүйл юм байна гэж ойлгож болох уу?
-За, би дундаас нь хэлье. Яагаад би Чингис хаан гэж хэлэв гэхээр, Чингис хааныг яагаад Бурханы төлөвлөгөөг биелүүлсэн гэж хэлэв ээ гэхээр Чингис хааны үед монголчууд боолчлогдоогүй. Боолчлол, боолын ёсыг огт мэдэхгүй. Бусад нь ямар байсан бэ. Бүх дэлхийн улс оронд боолчлолтой байсан. Хүнийг боол гэж хардаг байсан байна. Тэгвэл Чингис хаан яасан гэхээр хүнийг Мөнх тэнгэрийн элч гэж хардаг ийм том ёсыг дэлгэрүүлсэн юм. Мөнх тэнгэрийн элч гэж үздэг хүмүүс Мөнх тэнгэртэйгээ харилцдаг, ярилцдаг, Мөнх тэнгэрийнхээ хүчин дор бүх юм аа асууж хийдэг. Чингис хаан дэлхийд чөлөөлөх дайныг үндэслэсэн хүн. Бусад нь дандаа боолчилдог боол эзэмшдэг, боолын төлөө дайн байсан. Дайныг хүртэл яасан байна. Асар том философиор хийж байсан байна шүү дээ. Чөлөөлөх дайн гэж би ойлгож байна. Энэ чөлөөлөх дайныг хийж байх явцад Чингис хаан Мөнх тэнгэртэйгээ харьцдаг, дайныхаа өмнө шууд тахилга тайлгаа хийдэг. Тэнгэрээсээ асуудаг. Тэнгэртээ мөргөдөг байсан. Дайн хийж байгаа ч эцсээ хүртэл соёлоо нэвтрүүлдэг. Тэр элчээ илгээдэг энэ тэрээс эхлээд олон соёл бий. Тэрийг ойлгосон хүмүүс дайнд орсон ч дэлхийн өв соёлыг устгадаггүй. Энийг чинь тэр үеэс өвөг дээдэс маань үндэслэсэн байна шүү дээ. 2003 онд Иракийн дайныг яг Чингис хааны аргаар хийсэн шүү дээ. Өв соёл устгахгүй гэж. Энэ мэтчилэнгээр өв соёлыг нь хүртэл тусад нь гаргаж байгаад хамгийн сүүлд гарцаагүй дайтах дээрээ тулах юм бол чөлөөлөх дайныг хийж байсан. Монголчууд Мөнх тэнгэрээ мэддэг, Мөнх тэнгэрийн элч гэдгээ мэддэг, тэнгэрээс язгууртай гэдгээ мэддэг ийм байх үедээ тахилга тайлгаа хийж, тэнгэртэйгээ ярилцахдаа заавал урд нь тэнгэрийн дуудлага гэдэг юмыг хийдэг байсан. Энэ тэнгэрийн дуудлага гэдэг бол тэнгэртэйгээ ёс нийлдэг, зорилго нийлдэг, санаа нийлдэг өөрийнхөө доторхи тэнгэрээс ирсэн дохиогоор мэдрэлцдэг ёс юм. Тэр дохиог авдаг хүнээ тэнгэрийн элч гэж хэлдэг. Тэнгэрийн элч болгодог. Монголчуудын гүн ухааны их том юм бол энэ.

-Тэнгэрийн дуудлага эхэлж байна, дуусч байна гэдгийг бол хүн болгон мэдэхгүй биз дээ?
-Тийм. Мэдэхгүй.

-Одоо манай Төрийн ордонд ч гэсэн би тэнгэртэй ярьдаг, тэнгэр тэгж хэлсэн гэдэг сайд байна. Айлчлалын өмнө тэнгэртэй ярилцаж, гал тахиж бэлтгэл хийнэ гээд явж байна. Танаас өөр тэнгэртэй харьцаж чаддаг хүн ер нь байдаг уу?
-Би нэгэн зүйл хэлье. Чингис хааны алтан ургийнхан л энэ үүргийг хүлээж явдаг юм шүү дээ. Тэр тусмаа яагаад Чингис хаан алтан ургыг сонсч яв гэж хэлсэн бэ. Энэ чинь нарийн зүйл шүү дээ. Тэр тусмаа Тулуйн удмынхан яагаад дандаа бодлого баригч нар байдаг вэ.  Өөрөөр хэлбэл тэнгэр хүн хооронд нь харилцуулж тахилгыг удирддаг тийм хүмүүс гэсэн үг шүү дээ. Түүхийн турш ийм байсан. Энэ учиртай шүү.

-Хэн дуртай нь тэнгэртэй ярилаа гээд байж болохгүй юм байна шүү дээ. Тусгай оноосон хүмүүс байдаг юм байна гэж ойлголоо.
-Оноосон хүмүүс байдаг. Үүний том баталгааг би хэлье. Монголд 1990 оноос хойш би нэлээн олон зүйлийг монголчуудад хэрэгтэй талаас нь хэлж өгсөн. Жишээлбэл, Оросын өрийн асуудлыг хүчингүй болгох асуудлыг миний бие санаачилж НҮБ-д хүртэл бүртгүүлсэн. Тэгтэл тэр үед юу ч дугараагүй байсан хүмүүс хожим нь өөрсдийн гавьяа болгож эрх мэдлээ ашиглаж янз бүрийн байдлаар гарч ирсэн. Тэгээд өөрсдийн санаачилсан зүйл болгож хувиргасан. Тэнгэртэй харилцдаг, Бурхантайгаа харилцдаг ёс заншил манай гариг дээр 16 байдаг. Энэ 16 шашин дотроос сүүлийн 2000 гаруй жилийн турш хүн төрөлхтөнийг соён гэгээрүүлж, энэ талаар баталгаа өгдөг нэг газар байдаг. Бурхантай харилцаж чадаж байгаа нь үнэн, эсвэл худлаа эсэхийг шалгаж нотолж баталгаа өгч чаддаг. Цорын ганц энэ байгууллага нь Христийн гэр бүлийн нийгэмлэг гэж байгаа юм байна.

-Манайд одоо энэ байгууллагаас албан ёсны баталгааг нь авсан байгууллага, хувь хүн гэж танаас өөр байхгүй биз дээ?
-Байхгүй.

-Тэгээд та яагаад энэ тэнгэртэй ярилаа гээд олон түмнийг мунхруулаад байгаа хүмүүсийг зогсоодоггүй юм бэ?
-Энийг хэлэх гэхээр элдэв бусармаг юмтай намайг мушгиж хутгаад байдаг л даа. Жишээ нь, бурхан залгидаг Хөвсгөлийн охин энэ тэр есөн шидийн буруу хүмүүс байна шүү дээ. Тийм юмнуудтай албаар намайг холбож хэвлэл мэдээллээр гүтгэж, албаар бужигнуулдаг ийм бодлогын хүмүүс байна. Саармагжуулах ажлыг тасралтгүй хийж байдаг.

-Тийм юм бас явагддаг хэрэг үү. Та айгаад байх юм байхгүй шүү дээ. Таныг тэнгэр хамгаалж байгаа юм чинь. Заримыг нь тэнгэртээ хэлээд тэмцэхэд яадаг юм. Та нар бас аятайхан байгаарай. Би чинь бас зүгээр нэг хүн биш шүү гээд.
-Тийм л дээ.

-Тэгээд та яагаад хэлдэггүй юм бэ. Та дуугүй л явж байдаг шүү дээ.
-Би тухайн үедээ хэвлэлийн бага хурал хийгээд хэлдэг л дээ. Би чамд саяны албан ёсны батламжийг үзүүлье.

-Тэгэхээр энэ албан ёсны байгууллагаас яг баталгаа юмыг нь авсан хүн бол танаас өөр байхгүй юм байна. Ямар олон тамгатай юм бэ?
-Нүсэр баримт бичиг байгаа биз. Чингис хааны бурхантай харилцдаг шинжлэх ухааныг өвлөсний батламж гэсэн үг. Эднийх 2000 гаруй жилийн турш Бурхантай харилцдаг өв соёлыг баталгаажуулж ирсэн байгаа юм.

-Энэ төв нь хаана байдаг байгууллага вэ?
-Энэ төв нь Аргентин. Энийг надад өгсөн хүн Аргентины Buenos Aires-ын кардинал Франческо гэдэг хүн байсан.

-Энэ эрхээ та хэдэн онд гардаж авсан юм бэ?
-2009 оны 6 дугаар сарын 11-нд албан ёсоор авч баталгаажуулсан.

-Үүний өмнө та тайлга тахилга хийдэггүй байсан уу?
-2005 оны 8 дугаар сарын 19-нөөс хийсэн. Энэ хүртэл хийсэн тайлга тахилгаа тайлга тахилгын ёсоор л бүх утга агуулга, гүн ухаанд нь зохируулж л хийж ирсэн.

-Та Аргентинд очиж энийгээ гардсан уу?
-Үгүй. Энд авчирч өгсөн. Манай Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл байх үед, тэд нар албан ёсоор орж уулзсан. Танай энэ хүн дэлхийн түүхэнд хүн төрөлхтөний өмнө түүхэн гавьяа байгууллаа гэж албан ёсоор мэдэгдсэн. Сүүлийн 1000 жилд таван хүн тав дахь удаагаа гаргаж байгаа гавьяа гэж ингэж албан ёсоор хэлсэн. Манай Монголын төр засаг надад баярлалаа. Таныг дэлхий нийт тэгж байна. Та Монголынхоо нэр хүндийг дэлхийд ингэж гаргажээ. Дэлхийн түүхэнд ингэж бичигдсэн Монголын бахархал болсон хүн байна гэж хэлээгүй.

-Өөрөөр хэлбэл эрдмийн ажил шиг юм хийсэн байна шүү дээ.
-Эрдмийн ажил шиг биш. Бүр нээлт хийсэн.

-Нээлтийнхээ нэрийг албан ёсоор хэлбэл.
-Чингис хааны гүн ухааныг нээсэн.

-Манай Шинжлэх Ухааны академи хэрхэн хандах вэ?
-Монголын шинжлэх ухаан уу. Нэгдүгээрт академи мөн үү гэдэг асуулт бий. Наад зах нь энийгээ бодох ёстой юм. Академи гэж юу вэ гэдгийг.

-Та Чингис хааны академи гэж байгуулсан бил үү?
-Тийм. Тэр академи гэдэг үгний чинь патентыг хэн эзэмшдэг юм бэ. Эртний Грекийн Платон эзэмшдэг. Одоо хүртэл Платон дээр байдаг.

-Тэгэхээр бид нар зөвшөөрөлгүй энэ нэрийг авсан хэрэг үү?
-Академи гээд нэрлэчихсэн туугаад байдаг. Нөгөө материалистуудыг дуурайгаад, Оросыг дуурайгаад.

-Та Чингис хааны академиа яаж нээсэн юм бэ?
-Манайх бол албан ёсоор дэлхийд баталгаажсан академи. Чингис хааны дэлхийн академи гэж байгаа шүү дээ. Энэ академийг байгуулахдаа нөгөө философи байна шүү дээ. Би түрүүн хэлсэндээ бүх юмыг гүн ухааны үндэстэй гэж. Тийм учраас философийг нээгээд, Чингис хааны гүн ухааныг нээгээд албан ёсоор зарласан. “Улаанбаатар” сонин дээр 1997 оны 2 дугаар сарын 7-ны өдөр эрхлэгч нь Ү.Хүрэлбаатар байсан. Монголд хамгийн анх 64 нүүртэй сонин тэр үед хэвлэсэн юм.

-Академи болоход чинь уу?
-Академи болохдоо, академи гээд зарлахдаа.  

-Одоо Чингис хааны дэлхийн академи ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Хажуудаа их сургуультай юу?
-Манайх 1998 онд магистрантур, докторантур нээх гээд бүх юмаа бүрдүүлээд өгсөн. Олон нийтийн байгууллага ерөөсөө докторантур нээхгүй л гэсэн. Би баахан үглэсэн. 

-Бакалавр олгож төгсгөдөг юм уу?
-Үгүй. Магистрын эрх олгосон юм. Ардчиллын Ч.Лхагважав гэж эрдэмтэн хүн л дээ. Энэ хүн Гэгээрлийн сайд байх үедээ хүлээн зөвшөөрөл олгосон юм.

-Бакалаврын сургалт явуулахгүй байж яахаараа магистрын эрх олгодог юм?
-Ер нь бол хааны академууд ерөөсөө доктор мастертай л байдаг юм шүү дээ. Гүн ухаанаа л хөгжүүлж явна шүү дээ. 2004 он хүртэл 25 шавь бэлдсэн. Энэ 25 шавь маань өнөөдөр дэлхийн томоохон улс орнуудад асар том үүргүүд гүйцэтгээд явж байгаа. Яг жинхэнэ шинжлэх ухааныхаа магистрыг төгссөн. Гүн ухаанаар үндэс хийсэн. 2004 онд БСШУЯ-аас танайх бол олон нийтийн байгууллага. Дэргэдээ сургуультай байж болохгүй гэсэн. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан. БСШУЯ-ны дээд боловсролын Р.Бат-Эрдэнийн зүгээс хүсэлт тавиад магистрантурыг хаалгасан байхгүй юу. Энийг бас түүхэнд тэмдэглэчих хэрэгтэй байгаа юм. Ардчиллын он жилүүд гэсэн мөртлөө оюун ухаандаа итгэдэггүй. Оюун ухааны талаас юм хэлж байхад улсын үндэс болгож авах ёстой юм байгаа биз дээ. Иргэн нь ингээд Чингис хааны гүн ухаан гээд хүн төрөлхтөн даяараа зарлачихаад байж байхад, тэгээд юм хийгээд явж байхад их л муухай хандаж байгаа юм л даа.

-Дэлхий нь зөвшөөрөөд, өөрсдөө ирээд Их Хурлын дарга дээр хүртэл орж байж танд гардуулсан юм байна шүү дээ.
-Тийм. Ингээд магистрантурыг маань манайхан хаагаад хаячихсан юм. Олон нийтийн байгууллага гээд яваад байдаг юм. Манайх чинь бас татвар төлдөг юм шүү дээ.

-Орлого олдог ямар үйл ажиллагаа явуулдаг болоод татвар төлж байгаа юм бэ?
-Орлого олдог үйл ажиллагаа хийж болно шүү дээ. Манай Чингис хааны дэлхийн академи чинь дэлхийн 142 орны 700 гаруй академийн гишүүдтэй. Манай Монгол өөрөө статусынх нь дагуу ажиллуулахгүй байгаа болохоос биш энэ хүн төрөлхтөнд дэлхийн академи гээд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Европын холбоо Чингис хааны дэлхийн академийг хүн төрөлхтөний бахархал болсон нэр хүндийн байгууллага гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

-Европын холбоо хэзээ бас тэгэв ээ?
-Европын холбоо 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр баталгаажуулсан байдаг юм. Европын холбооны академи. Энд би гурван юмаа баталгаажуулсан. Шинжлэх ухааны эрх чөлөө байхгүй Монголд ингэж л зүтгэж явна даа.

-Ер нь бол манай Шинжлэх Ухааны академи чинь энэ нэрийг зүүх ёсгүй юм байна шүү дээ.
-Тийм байхгүй юу.

-Та Чингис хааны академийн гишүүн гээд л хүмүүст өргөмжлөл гардуулдаг. Тэрийгээ нэлээн үнэтэй өгдөг. Ялангуяа төр засгаас шагнахгүй байгаа улсуудад гөжиж өөрийн шагналаа өгдөг гэж дууллаа. Энэ бас гүтгэлэг үү?
-Энэ Чингис хааны дэлхийн академийн гишүүн гэдэг ямар хүмүүс байх вэ гэхээр нэгдүгээрт нь Чингис хааны гүн ухаанд боловсорсон, хийж байгаа бүх юм нь дэлхийд номер нэг байх ёстой. Нэгдүгээр шаардлага бол энэ шүү дээ.

-Монголоос та хэн хэнд өгсөн бэ?
-Ийм хэмжээний хүн монголоос яаж ч эрээд олдохгүй. Чингис хааны гүн ухаанд нийцүүлж юм аа хийдэг хүн өнөөдөр монголд байна уу. Байхгүй шүү дээ.

-Тэгээд ерөөсөө гардуулаагүй юм уу?
-Гардуулахгүй суугаад байж болохгүй. Соён гэгээрүүлэлтийн үүргийг бид давхар биелүүлж байгаа. Энийг манайхан юу гэж ярьдаг вэ гэхээр хэрээс хэтэрсэн хүнд нөхцөлд ажиллах зарчим гэж үздэг. Бүр ийм нэр томьёо байдаг. Энэ нэр томьёог үндэслээд миний бие Чингис хааны дэлхийн академийн гишүүн болох хүмүүст нэгэн зүйлийг хэлдэг. Тэр нь юу вэ гэхээр Монголоо дэлхийн тавцанд гаргасан хүмүүст л өгнө гэж. Тийм учраас дэлхийн тавцанд Монголоо гаргаж байгаа хүмүүст л Чингис хааны дэлхийн академийн гишүүний цолыг өгдөг. Өнөөдөр Чингис хааны дэлхийн академи дэлхийн 142 орны 700 гаруй академийн гишүүдтэй байгаа. Түүний 200 гаруй нь гадаадын хүмүүс байгаа. Өөр өөрийн талаараа дэлхийн лидерүүд байхгүй юу. Монголчууд гэхээр 500-аад хүн байгаа байхгүй юу.

-Одоо ингээд тахилга тайлга хийх гэхэд хөрөнгө мөнгө орно. Таныг Хун тайж нарын холбоо молбоо гээд гаднаас санхүүжүүлж байна уу. Та өөрөө ингээд  л болгоод явдаг юм уу?
-Үндсэн хуулинд ч гэсэн заасан. Хүн өөрийнхөө шинжлэх ухааны нээлт бүтээлийн ололт амжилтын үр дүнг хүртэх ёстой гэж. Тэрийг улсаас нь баталгаажуулаад бүр дэмжиж туслах ёстой гэж. Манай Монголын төр засгаас өнгөрсөн хугацаанд надад нэг ч удаа тийм дэмжлэг үзүүлээгүй. Чингис хааны дэлхийн академи гэдгээр нь би бүртгүүлэх гэж 1996 оноос хойш хөөцөлдсөн. Тэгтэл дэлхийн гэдгийг нь авч хаячихаад л дайраад байдаг. Тэгээд явсаар байгаад 1997 онд бүртгүүлсэн байхгүй юу. 

-Нээрээ нэг юм асууя. Хэдэн жилийн өмнө Буянт-Ухаа нисэх буудлыг “Чингис хаан” нисэх буудал болгосон. Тантай зөвшилцсөн үү?
-Үгүй.

-Одоо энэ Чингис архи энэ тэр дээр бол патентын асуудал хөндөгдөнө биз дээ?
-Миний нөгөө хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй асуудал чинь эцсийн эцэст асар том асуудал болж хувирдаг юм. Чингис гэдэг архийг хийгээд хэдэн жил болов гэх мэтчилэнгээр. Чингис зочид буудал ч гэдэг юм уу. Энэ эрсдэлтэй объектууд. За тэгээд тамхи, Чингис хаан, Улааншонхор ч гэдэг юм уу. Тэр том хаад, өв соёлтой холбоотой нэр томьёо, гүн ухааны тийм нэр томьёонуудтай холбоотой. Энэ эрсдэлтэй объектуудыг иймэрхүү байдлаар нэрлэсэн бол хэдэн жил болов гэдгээрээ хар дэвтэр гэдэг юманд бичигдчихдэг. Хар данс гэж.

-Хар дансаа?
-Хүн төрөлхтөний соёлын эсрэг үйлдэл гэж үзэгдэх нь байна шүү дээ. Энийгээ мэдэхгүй яваад байгаа улс шүү дээ.

-Ер нь танаас асууж зөвшөөрөл авдаггүй юм байна.
-Асуулаа ч гэсэн би зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Хүн төрөлхтөний өв соёлыг буруугаар ашигласан, буруугаар хэрэглэсэн гэж хариуцлага хүлээнэ. Харин энэ төв талбайгаа Чингис хаан гэж нэрлэнэ гэдэг ч юм уу, Хэнтий аймгийг нэрлэнэ гэдэг ч юм уу. Би хэлж байгаа юм. Надаас бичиг баримт гаргуулж болохгүй. Би бичиг баримт гаргах юм бол заавал хариуцлага хүлээлгэсэн юм гаргана. Ромын олон улсын шүүх миний олон улсын шүүхийн үүргийг гүйцэтгэж байгаа ш дээ, одоо. Бид нар Монголоосоо олон улсын шүүхтэй болох ёстой юм. Тэгэхээр эд нарт энэ ярилцлагаараа дамжуулан зөвлөхөд, Чингис хааны гүн ухаанд нийцэж хэрэглэгдсэн л байх ёстой шүү. Зүгээр нэг ийм талбайг Чингис хааны нэрээр нэрлэж болохгүй байхгүй юу.  Дэлхийд нэгдүгээр зэргийнх гэдгээсээ гадна гүн ухаанд нь нийцсэн байх ёстой. Хоёрдугаар асуудал нь тэрэнд нийцүүлэхийн тулд төлөвлөгөө юмаа батлуулсан байх ёстой. Гуравдугаарт нь тэр нэрээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн байх ёстой. Дөрөвдүгээрт нь олсон ашиг орлогоо заавал тушааж байх ёстой. Тэр суу алдар, нэр хүндийг эргэлтэд оруулсан бол тэрний төлөө энэ өв соёлд нь зориулж мөнгө, татвар хандив өгч байх ёстой.

-Ямар ч байсан төр нь ч бай, бизнесийн байгууллагууд нь ч бай Чингис хааны нэрийг авахдаа энэ академитай ерөөсөө холбогдоогүй юм байна шүү дээ.
-Чингис хааныг залгамжлах Хунтайжийн эрх авчихсан байхад л дур зоргоороо ийм юмнууд хийгээд л байна. УИХ-ын гишүүд дотроос Ж.Батзандан ноднин асар том асуудал дэвшүүлж тавьсан. Манай УИХ-ын гишүүд дотор мэддэг хүн бас байдаг. Дэлхийн зиндаатай сэтгэдэг хэдэн хүн байна. Ноднин Чингис хааны нэрийг ашиглах тухай асуудал яригдсан даа. Тэгэхэд Хунтайжтайгаа зөвлөлдсөн үү гэж Ж.Батзандан хэлсэн. Энэ бол гайхамшигтай. Энэ дэлхийн зиндааны сэтгэдэг хүн байна шүү дээ. Би шууд ингээд хэлчихье. Ингэж асууж байх ёстой, ингэж зөвлөлдөж явах ёстой.

-Шинжлэх ухаан талаасаа, Дээд идеализм талаасаа гүн ухааны суурь талаасаа ийм юм байна. Хоёрдугаарт, удам зүйн талаасаа би танаас асуумаар байна. Хун тайж гэж хэд дэх үеийн хүмүүсийг хэлдэг юм бэ. Та Чингис хааны хэд дахь удмын хүн бэ. Таныг Хунтайж гэж өргөмжлөхийн утга учир юу вэ?
-Нэгдүгээрт Хунтайж болохоосоо өмнө алтан ургийн хүн гэдгийг тодорхойлох ёстой юм. Ийм учраас би чамд үзүүлэх гээд ийм баримт авчирсан юм. Энэ 13-21 дүгээр зууны Чингис хааны алтан ургийнхны том баримт.

-Энэ баримтыг та хаанаас гаргав. Өөрсдөө боловсруулах уу. Угийн бичиг гэсэн үг үү?
-Угийн бичиг. Угийн бичиг гэдэг зүйл чинь ерөөсөө л энэ алтан ургийнхнаас гарсан зүйл шүү дээ. Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэлхий дээрх алтан ургийнхны өмнө их том гавьяа байгуулсан. Тэр нь яасан юм бэ гэхээр Чингис хааны Алтан ургийнханд хүн төрөлхтөн даяараа хүндэтгэл үзүүлэх ёстой. Хүн төрөлхтөний түүхэнд тэд нарын байгуулсан гавьяаг бид нар талархаж баталгаажуулах ёстой гэсэн уриалга гаргасан. Үүнийг Оросын эрдэмтэн, Казакстаны эрдэмтэн хоёр том групп гаргаад сүүлд нь нэгдээд 13-21 дүгээр зуунд дэлхий дээр амьдарч байгаа Чингис хааны алтан ургийнхныг судалгаагаар гаргасан байна. Энэ судалгаагаагаа тэгээд НҮБ-д бүртгүүлсэн юм байна. Энэ агуу баримтыг та нүдээрээ харж байна.  Зүч, Өгөдэй, Тулуй, энэ Цагаадайн удам ингээд явж байгаа биз. Пүрэв-Ойдовын Давааням гэж энд байгаа биз. (газрын зураг шиг том дэлгэмэл баримт үзүүллээ)

-Тулуйн удмын яг хэд дэх хүн бэ?
-Тулуй удмын 29 дэх үе. 29 дэх үеийн бодлого баригч. Тулуйн удмынхан чинь бодлого барина шүү дээ. Энэ бол дэлхийд батлагдсан зүйл. ЮНЕСКО-д 2010 онд бүртгүүлсэн байна.

-Танай Тулуйн удмаас амьд сэрүүн, хоорондоо холбоо хэлхээтэй, цусаа, ясаа дагасан хэдэн хүн байна. Монголд танаас өөр хүн бий юу?
-1913-аас 1929 он хүртэл устгагдсан, хүйс тэмтрүүлсэн. Үр хүүхдүүд энэ тэр нь хүртэл өөр овог авсан тийм хүмүүс, яг цэвэр ноёд, тайж нарын тоо гэвэл 13475 хүн байгаа юм. Тэд нарын овгоо өөрчилж үлдсэн хүүхдүүд байх ёстой. Жишээлбэл 205 ноён байсан. 14270 тайж байсан. Тийм учраас тэд нарыг нарийвчилж гаргахад болохгүй юм байхгүй. Бид нарын хувьд амархан. Улс оронд бол хэцүү байх л даа. Архив юугаа устгаж, сүйтгэсэн улсуудад. Тулуйн удмынхан Чингис хааны алтан ургийнхан гэдэг чинь ийм л мундаг улсууд байдаг байхгүй юу.

-Зүчийн удмынхантайгаа жаахан харилцаа тааруу байдаг гэж үнэн үү?
-Үгүй. Зүчийн удмынхантай их сайн ш дээ. Ер нь Зүч, Тулуй удмынхан хоёр чинь тэр үедээ ч байнга ойрхон байсан. Зүч, Тулуй удмынхан маш сайхан харилцаатай. Улс төрөөс шалтгаалдаггүй. Сая би Казакстанд уригдаж очоод Казакстан улсыг үндэслэгч Авылай хааны 300 жилийн ойд оролцоод ирлээ л дээ.

-Зүчийн удмын хаан юм уу?
-Тийм. Зүчи, Бат хааны удмын. Тэгээд надад Авылай хааны одон гардууллаа. Энэ одонгийн эрхийг надаас авсан шүү дээ.

-Хэн?
-Казакстаны тал. Төр нь 100 гаруй эрдэм шинжилгээний хурал хийсэн. Тэр хурлыг нь төр нь зохион байгуулсан.

 -Зүчийг Чингис хааны төрсөн хүү биш, бутач хүүхэд гэх нь бий. Яг танай удмынхан дотроо юу гэж үзэгддэг юм бэ?
-Зүчи хааныхныг манай алтан ургийнхан юу гэж үздэг вэ гэхээр ерөөсөө л хэзээнээсээ том ах л гэдэг. Та ч алдас хийж байна. Бид нэрээр нь дууддаггүй. Том ах л гэдэг. Хэрхэхийг тэнгэр мэднэ шүү. Бид бол айдаг.

-Уучлаарай. Хасарын талыг яаж үзэх үү?
-Хасар чинь эзэн хааны төрсөн дүү шүү дээ.

-Тийм л дээ. Гэхдээ танайхан дотооддоо түүнд хэрхэн ханддаг бол?
-Хүндэлдэг, хүндэлдэг. Хүндлэлгүй яахав.

-Дэлхийд хунтайж нарын холбоо гэдэг байгууллага бий юу?
-Байна. 

-Дэлхийд амьд сэрүүн байгаа Хунтайж нар хоорондоо уулзаж учирдаг байх. Та тэд нарын хэдтэй нь танил, дотно холбоотой вэ?
-Учралгүй яахав. Учирсан учраас жишээ нь 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Санремод энэ хоёр ертөнц дахины хаадын их өргөөдийн 3000 гаруй хаад хунтайж нар зөвхөн Чингис хааны өв соёл, дэлхийн өв соёлыг албан ёсоор зөвшөөрлөө ш дээ. Ямар ч байсан 3000 гаруй хунтайж нараас бүгдээс нь гар өргүүлж санал хураадаг. Ер нь бол Royal and Imperial house of Chinggis Khaan гэдгийг байгуулах ёстой. 

-Роял гэснээс Их засаг сургууль танаас зөвшөөрөл авсан уу?
-Аваагүй, бүх юм буруугаараа. Одоо Чингис хаантай холбоотой, юу ч хийсэн дэлхий даяар надаас зөвшөөрөл авна.

-Их хааны мэндэлсний ойнууд гээд улс орон даяар их юм боллоо. Энд таны оролцоо гэж юу байв. Таныг хунтайжийн хувьд урьсан уу. Монголд одоо яг Чингис хааны алтан ургийн хунтайж өөр байгаа юу?
-Байхгүй. Дэлхий дээр надаас өөр алтан ургийн хунтайж байхгүй. Одоо баталгаажуулах ажлыг би хийх ёстой юм. Надад бүрэн боломж байгаа. Бүрэн чадвар байгаа. Яагаад гэхээр манай Чингис хааны дэлхийн академийн гишүүд Европ, Ази, хаана ч гайхамшигтай судалгаануудыг хийчихсэн байгаа.

-Тэгээд Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойгоор Хунтайжийг уриагүй юм уу?
-Хунтайж гэж уриагүй. Хүнийх нь нэрийг хэлчихвэл эд нар янз бүрийн байдлаар хяхаж хавчих байх. Тэр хүний буянд Чингис хааны академийн ерөнхийлөгч гэдгээр оролцсон.

-Гэхдээ та их өөдрөг хүн байх аа. Сэтгэлээр унамаар биз дээ. Удмынх нь хүн, дэлхий хүлээн зөвшөөрчихсөн хунтайж байж байхад их хааны ойд уриад үгийг нь сонсоогүй нь муухай шүү дээ.
-Ганчимэг минь. Яг энэ асуултыг би маш их хүлээдэг. Энэ дээр нэг юм хэлье. Яасан бэ гэхээр энэ Чингис хааны өв соёл, алтан ургийнхан гэдэг улсууд чинь түүхийн турш хэлмэгдэж аюултай байдалд орж, хичнээн цусаа урсгаад энэ улсын төлөө зүтгэсэн улсууд шүү дээ. Хамгийн сүүлд коммунизм, социализмын үед яасан бэ гэхээр бүгдээрээ үзэн ядуулж, хараалгуулж, үр хүүхдээрээ хэлмэгдэж зовсон. Тэгэх нь битгий хэл зориг зүрх гаргаж байгаад Их хаан мэндэлсний 800 жилийн ойг 1962 онд хурал болгоод хийсэн байгаа юм. Тэгэхэд нь ЗХУ-ын талаас хүн төрөлхтөний соёлыг үлэмж хэмжээгээр устгасан дэлхийн өв соёлыг устгасан гэдэг ял тулгасан байдаг. Тэрийг хэн ч хэзээ ч няцаагаагүй. Би 1962 онд төрсөн хүн. Яг тэр жилд төрж байсан. Манай аав Улсын хэвлэлийн газрын Ерөнхий редактор байсан. Долоон улсын хэлтэй. Тэгээд манай аав намайг 9 настай байхад өөд болсон. Дашийн Дамбын бүлэг гэж хэлмэгдэж явж байгаад хөдөөгөөр дандаа сум-нэгдлийн даргын ажил хийж явсаар байгаад ингээд мөнхөрсөн юм. Тэгэхэд тэр хүний толгой ойлгомжтой ш дээ. Тэгээд намайг есөн нас хүртэл яг хажуудаа. Энэ хугацаанд надад юу ойлгуулсан бэ гэхээр “Миний хүү, дэлхийд идеалист, материалист хоёр ертөнц байдаг. Идеалист ертөнцөд гүн ухаанаар нь энэ алтан ургийн бодлого гэдэг энэ юмаа хүлээн зөвшөөрүүлэх ёстой” гэж сургасан.

-Таны аав удам зүйн талаасаа хэн байсан бэ?
-Тулуйн удмын хүн. Чингис хааны алтан ургийн хүн. 29 дэх яг шулуухан удмын хүн байхгүй юу. Миний өвөө чинь 28 дахь. Өвөөгийн аав Өлзийбуян гүн гэж байлаа. Тэр хүн Богд хаант Монгол улсын тусгай албаны захирагч байсан. Тэгээд хаант Оросын нутаг руу албан ёсоор ажилд яваад Тувагийн цаана, хаант улсын нутагт алуулсан байдаг юм.

-Та тэр хороосон газар руу нь очсон уу. Ер нь та хойшоо зүглэдэг үү?
-Явдаг явдаг.

-Орост алтан ургийнхан гэж байдаг уу?
-Байгаа.

-Их Британийн хоёр хунтайжийн томынх нь хурим болсон. Танд хуримын урилга ирүүлсэн гэж сонссон. Та тэдэнд мэндчилгээ явуулсан уу?
-Үгүй ээ. Надад урилга ирсэн гэсэн. Тэгээд дунд нь нөхдүүд устгасан гэж би мэдээлэл авсан.

-Ямар муухай юм бэ. Хунтайж хуримандаа урьсан байхад урилгыг устгаж байдаг.
-Ер нь Чингис хааны дэлхийн академитай холбоотой олон зүйл байдаг. Жишээлбэл Вашингтон, Нью-Йоркод болсон олон улсын хуралдаанд урьсан байдаг л даа. Тэгтэл тэрийг Монголын Шинжлэх Ухааны академи дээр аваачаад өөрийнхөө хүнийг явуулах гэж бөөн асуудал болж байгаад тэр нь баригдаад тэгээд манай академийн гишүүн нэг хүнийг надад хэлэлгүйгээр ярилцаж байгаад, тэгээд тэр хүн маань надад хэлж би за яв яв гэсэн юм. Тэгтэл өөрийнхөө хүнийг хажуугаар нь шургуулаад явуулсан байдаг. Тэгээд тэр хүн нь эргэж ирээд яасан бэ гэхээр дэлхий дээр энэ Чингис хааны дэлхийн академийг мэддэг, Монголын Шинжлэх Ухааныг академийг мэддэггүй юм байна. Энэ Давааням чинь бид нарын нэр хүндийг дарчихаж. Чингис хааны дэлхийн академийг илүү мэддэг юм байна гэж ярьсан байгаа юм.

-Ер нь саад гараад байдгийн нэг жишээ нь хуримын урилга саадсан жишээ. Та тэд нарт өөрсдөд нь урилгаа гар дээрээ авсангүй шүү гэж хариу захиа явуулсан уу?
-Тэгж нэг их хэл ам болгохыг бодоогүй. Дараа нь эсрэг гүтгэлэг баахан явуулдаг.

-Адилхан зиндааны хунтайжаас манай Хунтайжид ирсэн урилгыг замаас нь авна гэдэг бол их бүдүүлэг явдал биз дээ?
-Маш бүдүүлэг явдал. Би бүр ичиж зовоод тэрийг дэлхий нийтэд хэлж чадахгүй байна. Би зовлон үзсэн хүнийхээ хувьд монголчуудын одоогийн байгаа мунхаг явдлуудыг тэвчдэг. Дараа ойлгоно биз гэж итгэдэг. Гэхдээ ингэж хохироож болохгүй шүү дээ. Би тэр урилгын тухай хожим нь сонссон.

-Давааням гуай та эцэг эхээсээ хэдүүлээ вэ. Таны ээж ямар хүн байв?
-Бид долуулаа. Би дундах нь.

-Ээж аав нь бий юу?
-Аав маань 1971 онд намайг есөн настай байхад өөд болсон. Ээж маань уржнангийн цаад жил 6 дугаар сарын 1-ний өдөр тэнгэртээ гарсан. Миний ээж багш хүн байсан л даа.

-Таны бусад ах дүү нар таны энэ амьдралыг ойлгодог уу. Эсвэл нэг удмынхан болохоор ойлгоод тусгай хүндлэл үзүүлээд явдаг уу?
-Манай ээж эд нар бол их зовлон үзсэн хүмүүс байсан. Тийм ч учраас бүгдээрээ ардчиллыг анхнаас нь дэмжсэн. Ардчилсан холбооны, Ардчилсан социалист хөдөлгөөний анхны гишүүд. Намайг асар хүндэтгэдэг.

-Таны яг төрсөн газар хаана юм бэ?
-Миний төрсөн газар Улаанбаатар. Сүхбаатар дүүрэг, хоёрдугаар төрөх газар. Манайх энэ Улаанбаатарын л айл. Өвөг дээдсээрээ явахаараа хангайн нуруу. Яг Архангай, Хөвсгөл хоёрын яг дунд. Би арван жилийн 33 дугаар сургуулийг төгссөн. Цэргийн сургууль төгссөн. Тэр нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль гэж байлаа. Намайг ороход.  

-Таныг хоёр эхнэртэй гэж. Үр хүүхдээ маш их нууцалдаг гэж сонслоо.
-Мэдээж наадахь чинь гутаах гэж л тараасан зүйл. Худлаа. Ний нуугүй хэлэхэд бол би чинь хилчин хүн. Яг энэ До яам гэдэгтээ биш, хуучны Нийгмийг аюулаас хамгаалах яам гэдэгтээ биш. Би тэр хүндэт самбар дээр гарч мэргэжлээрээ тэргүүлсэн офицеруудын нэг байсан. Би улсынхаа хилд хайртай, хилчин хүн учраас. Сургууль төгсөөд Багануурт хуваарилагддаг юм. Намайг Эвлэлийн төв хороо, Нийгмийг аюулаас хамгаалах яам, манай Хилийн цэргийн удирдах газар гурав нилээн булаацалдаж байгаад Эвлэлийн төв хороо, Хилийн цэргийн удирдах газар хоёр дийлж. Л.Түдэв гуай Эвлэлийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нь байсан. Их Нацагдоржийнхоо төрсөн гэрийн буйранд дурсгалын багана босгож энэ гүн ухааныг цагаатгах ажлаа 21 настай эхлүүлсэн юм. Тэрнээс хойш 30 жил боллоо. Дэлхийд би бүрэн цагаатгуулж чадлаа.

-Тэгээд та эхнэргүй юм уу?
-Говь-Алтайд очоод нэг бүсгүйтэй танилцаад хоёулаа хоорондоо сүрхий болоод амьдрах болохгүй юу. Тэгсэн тэр маань явж өгдөггүй. Тэгээд байж байтал миний томилолтын хугацаа дуусаад Улаанбаатарт ирэхгүй юу. Алтан ургийнхан гэдэг чинь зорилготой. Би юу гэж зорилгоосоо хазайх вэ дээ. Энэ чинь алтан ургийнханд нэг том юм байдаг. Энэ бол тэнгэрлэг зорилго байдаг. Тийм учраас зорилгодоо нийцсэн, миний амьдрал ч гэсэн зорилгодоо нийцсэн. Би амьдралаасаа өөрийгөө ялж байж тэр зорилгодоо нийцэх ёстой. Хувийн эрх ашгийг урдаа тавьж болохгүй байхгүй юу. Ийм учраас гэр бүлд ч гэсэн тавигддаг их том шаардлага байдаг юм шүү дээ. Хэн нь өндөр дээд зөв зорилготой байна, түүндээ нэгдэж шингэж амьдрахыг гэр бүл гэнэ гэсэн, алтан ургийнханд хууль байна. Тэгээд тэр маань тэндээ үлдэхгүй юу. Би охиноо 18 хүртэл нь өсгөж, эцгийнхээ үүргийг гүйцэтгэсэн.

-Дараа нь та гэрлээгүй юм уу?
-Тэгээд тэр хүн намайг дагаж ирээгүй, шууд салах өргөдлөө өгчихсөн байсан. Ерөөсөө л ганцхан жилийн дараа. 1992 он байна уу даа. Манай Сүхбаатар дүүрэг дээр шүүгч байсан Даваадорж гээд эмэгтэй шүүгч нэг өдөр дуудсан. Тэгээд яваад орсон ингээд салах өргөдлөө өгсөн байна гээд. Тэгээд л би зөвшөөрсөн.

-Танд ямар хань ижил тохирох вэ гэдгийг таны аав өвөг дээдсээс хэлж үлдээгээгүй юу. Та энэ бүсгүйтэй хайр сэтгэлээрээ учирсан юм уу, эсвэл?
-Тэгэлгүй яахав. Хамгийн гол юм нь би сая хэллээ шүү дээ. Дээд тэнгэртэйгээ холбоотой юм, зөв зорилготойдоо нэгдэж, шингэж амьдрахыг гэр бүл гэнэ гэж заасан байна. 

-Тэр үед та хунтайж байгаагүй. Одоо тэр бүсгүй харамсдаг болов уу?
-Одоо 50 гарсан улсууд юуг нь харамсах вэ дээ.

-Эргэж уулзаж, ярилцаж үзсэн үү?
-Ярилцалгүй яахав, миний охины ээж юм чинь. Хожим би өөр бүсгүйтэй суусан. Тэр маань үр хүүхэд байхгүй. 10-аад жил явлаа. Тэгээд хүний амьдралын хамгийн чухал юм чинь үр хүүхэд биз дээ.

-Ялангуяа танд бол илүү чухал байх л даа.
-Үр хүүхэд төрүүлж өгнө гээд үр хүүхэд төрүүлж өгөөгүй юм. Ингээд 10-аад жил ханилж амьдарч байгаад салчихгүй юу.

-Та тэгээд өөрөө сайн ойлгуулаагүй юм уу. Энэ удмын асуудал шүү. Өөр газар зурлагатай юм аа гээд.
-Монголын нийгэм чинь бас хэцүү байлаа. Тэрийг чинь тэгээд хамаагүй хэлээд байж болохгүй шүү дээ. Одоо гурав дахь бүсгүйтэйгээ амьдраад явж байна. 30 нэлээн гарсан хойно гэр бүл болсон. Нэг хүүтэй. Хүүгээ өөрөөрөө овоглосон.

-Яг өөрийн тань хүү биз дээ?
-Үгүй.

-Тийм үү. Цаад учир зүйгээрээ ийм байж болох уу. Та ингэж бусдын хүүхдийг өөрөөрөө овоглох эрх байгаа юм уу?
-Удахгүй үр хүүхэдтэй болно.

-Баярлалаа. Таны хүсэл биелнэ гэдэгт итгэж байна. Аз жаргал хүсье.
-Баярлалаа.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn