М.Зоригт: Эхлээд порно гэж байснаа эротик боллоо. Сүүлдээ зүгээр мужик болох байлгүй
2015 оны 1 сарын 19 [Уншсан тоо: 202769]

Манай өнөөдрийн “VIPerson” зочин УИХ-ын эрхэм гишүүн Мөнхчулууны Зоригт. Түүнтэй уулзаж ярилцахыг хүсдэг байлаа. Өнөөдөр тэрхүү хүсэл биелж, зочдынхоо тоог нэгэн сонирхолтой эрхмээр нэмлээ. Түүний дэндүү гэмээр нээлттэй, хүнлэг, бас халуун дулаан зан чанар уншигч авхай танд ч таалагдана гэдэгт найдаж байна.

-Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ой өнөө жил тохиож байна. Энэ түүхэн ойтой холбогдуулж хэдэн зочин урихаар төлөвлөсөн юм. Та тэдний маань нэг. Энэ олон жилд тантай анх удаа уулзаж байгаа маань сонин байна.
-Үнэхээр анх удаа уулзаж байгаа. Надад ч бас сонин байна.

-Таныг би их эрх чөлөөтэй зочин гэж бодож байна. Энэ ярилцлагын үед илүү их эрх чөлөөтэй байгаарай гэж бас хүсч байна. Аливаа хувьсгалын гол түрэгч хүч нь оюутнууд, залуучууд байдаг. Тэр алдах юмгүй, тэр эрчилсэн залуу үеийг дурсаж таныг зочноороо урьсан юм. Олон хэсгийг олон талд нэгтгэж авч явцгаасан. Чухам оюутнуудтай ажиллах ажлыг оройлж явахыг яаж сонгосон бэ. Мэдээж та энэ том түүхээрээ бахархдаг байх?
-25 жилийн ой нэг тийм бүдэгдүү өнгөрч байна гэж та яриа эхлэхийн өмнө хэлж байна лээ. Ер нь түүхээ санан дурсаж байгаа партизанууд, ардчиллын төлөө амь амьдралаа зориулсан хүмүүс л баяраа хийдэг. Энэ удаа тэд маань их л гонсгор байх шиг санагдсан. 25 жилийн өндөрлөгөөс эргээд харахад тухайн үед бидний хүсч мөрөөдөж, барьж жагсаж байсан уриа, гаргаж тавьж байсан үзэл санаа яг л хэвэндээ байгаа байхгүй юу. Саяхан нэг хэсэг сошиал медиа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэр үеийн бидний барьж жагсаж байсан уриа лоозонгуудыг их гаргаж явууллаа.  Ажаад байх нь ээ,  асуудлаа ерөөсөө алдагдаагүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр бид өнгөрсөн 25 жил яг юу хийчихсэн юм бэ. Нэг л их завгүй бужигналдсан хүмүүс яваад л байсан. Хүсч мөрөөдөөд байсан хөгжил дэвшил хаана байгаа юм бэ. Ийм асуултууд өөрийн эрхгүй л гарч ирж байна. Жишээ нь, 2004 онд намайг  Э.Бат-Үүл ах, Баабар хоёр хөөгөөд л улс төр рүү оруулж байсан. Зоригоо чиний тэмцэж байсан ардчилал, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх гээд амин сүнс болсон эрх ашгууд чинь байхгүй боллоо. Н.Энхбаяр гэдэг хэмжээлшгүй эрх дархтай хүн дуртайгаа хийж байна. Та нар л хойш суух юм бол хэн ардчиллын үнэт зүйлийн төлөө дуугарах юм бэ, хэн зүтгэх юм гэж ятгасан.  Тэгээд л би улс төрд орж ирсэн.  2004 онд болж байсан процесс сая 2014 онд давтагдлаа. Н.Энхбаяртай нэлээд ижил төстэй Н.Алтанхуяг гэдэг товарищ гараад ирчихсэн. Туул гол руу бохироо цутгаж байдаг хувийнх нь өмчийн амралтын газрын талаар бичлээ гээд бүхэл бүтэн вэб сайтыг шууд хаачихаж байх жишээтэй. Сүүлдаа бүр ордонд хүмүүс хоорондоо шивнэж ярьдаг болчихсон байсан гээд бод доо.

-Яагаад тэр вэ ?
-Би чинь зураг авдаг болохоор нэг газар тогтож суудаггүй хүн л дээ. Сүүлд болсон  Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр ч гэсэн зуршлаараа зураг дараад л, таньдаг найз нөхөд тааралдахаар хажууд нь очиж суунгаа мэнд мэдэж таван үг солиод л тэр дунд явж байгаа юм. Тэгсэн зарим нэг нь Зоригоо чи хажуунаас явчих л даа, цаад дарга чинь чи биднийг хамт байгааг харах юм бол хөгшин чинь аягүйдвэл ажилгүй болно гэж хэлсэн гээд бод доо. АН-ын тэр тусмаа ҮЗХ-ны гишүүд ийм байдалд орноо гэдэг чинь бидний мөрөөдөж зүтгэж явсан ардчилсан бүхэн бүдгэрч эхэлсний шинж мөн үү. Дөнгөж учраа олоод цаашаа явах зам нь ч бас тодорхой болоогүй байна ш дээ, уг нь. Гэтэл үнэт зүйлсээ бүдгэрүүлээд хаячихсан. Яагаад манай гишүүд баярлаж чадахгүй байна гэхээр энэ аягүй өрөвдөлтэй байхгүй юу. Сэтгэл санааны хувьд баярлах шалтгаан багатай байсан учраас баяр маань ч нэг тиймэрхүү л өнгөрчих шиг санагдсан. Мэдээж энэ олонлог дотор ардчиллынхаа баярт оролцоод, “Хонх”-ын Цогоогийнхоо хөшөөг нээгээд, үнэхээр санаа сэтгэл сайхан боллоо гэж бодсон олон хүн бас олон байгаа. Өөрийн чинь асуусанд сүүлийн зүйлд хариулахад, оюутны анхны жагсаалын үеэр тийм сүрхий зохион байгуулж, найруулсан юм юу ч байгаагүй. Цаг үе нь л тэгж таарсан байх. Тэр үед чинь монголчууд хэсэг бүлгээрээ нийлээд шивнэж байгаад ч болов ярих юмаа  ярьчихна. Зуслангийн байр, Туулын эргийн бургасандаа хүртэл уулзалддаг  болчихсон байсан юм. Нэг зүйлийг яръя. Ц.Балдорж агсны “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийг уншаад оюутнууд анх удаа сайн дураараа цуглаж, жагссан юм. Тэндээс л бүх юм эхэлсэн дээ.

-Жагс, цугла гэдэг ч юм уу, энэ хэсгийг нь та нар аваад явна шүү гэсэн даалгавар байгаагүй гэж үү?
-Үгүй ээ, тэр үед чинь хүмүүс цуглаж ярьдаг, нэг юм хийх ёстойгоо мэдэрчихсэн байсан.  Яг юу хийх нь их ойлгомжгүй байсан байх. Миний хувьд гэхэд л сүүлийн мөч хүртэл улс төрийн дахиад нэг нам байгуулж болно гэдгийг ойлгохгүй л явсан. Улс төрийн мэдлэг ч хомс байж. Гэхдээ л нэг юм хиймээр санагдаад байдаг. Дээр нь Ц.Балдорж гуай маш мундаг, тултал нь бичсэн. Тэр нийтлэл биднийг сэрээсэн. Оюутнуудад нэг тийм их хүч зориг өгсөн. Түүнээс биш энгийн нэг цуглаан жагсаал бол мундахгүй шүү дээ.  “Вьетнамаас АНУ савраа тат”  ч гэдэг билүү тиймэрхүү утгатай лоозон бариад л, АНУ-д өлсгөлөн зарласан нэг нөхрийг дэмжээд л, за тэгээд Майн 1 гээд жагсдаг л байсан. Дахиад хэлчихэд оюутны тэр жагсаал бол шинэ цагийн түүхэнд монголчууд анх удаа сайн дураараа эвлэлдэн нэгдсэний үндсэн дээр л болсон юм. Сонирхуулахад, Монголын хамгийн анхны улс төрийн шаардлага тавьсан жагсаалыг ч Ховдын багшийн дээдийн оюутнууд хийж байсан юм. Хогийн шүүр бариад, малтмал модон сандал дээр зогсчихоод улс төрийн товчоог огцрохыг шаардаж байсан.

-Оюутнууд бол залуучууд. Нэг талаараа алдах юмгүй болоод зоримог хүч. Тийм учраас л тэгж чадаж байсан хэрэг л дээ.
-Бусадтай харьцуулбал алдах юм бага байсан л даа. Нөгөөтэйгүүр хүсэл зориг, тэмүүлэлтэй байсан хэрэг.  Дандаа л дээрээс бүх  зүйл зааварчлагддаг байсан учраас арай өөрийг хүсэх нь залуу хүний л тэмүүлэл шүү дээ. Монголын ардчилсан хүчний эвсэл гэдгийг  “Монголын оюутны холбоо” анх санаачлаад их сургуулийн хоёрдугаар байранд Ардчилсан холбоо, Шинэ дэвшилтэт холбоо,  Ардчилсан залуучуудын холбооныхныг уриад Ардчилсан холбоо эвслийг байгуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, оюутнуудын цэвэр санаачлага дээр суурилсан. Оюутнууд ер нь дандаа бодитой юм хйидэг байсан.

-Тухайлбал?
-Сталины хөшөөг буулгая ч гэдэг юм уу. Заавал нэг тодорхой акц хийх хэрэгтэй гэж л үзнэ шүү дээ. Тухайн үед  ардчилсан хүчний дөрвөн холбоо маш олон цуглаан хийдэг байсан.  Дөрвөлийн цуглаанд очихоос өмнө оюутнууд заавал өөр газар цуглаж байр сууриа нягталдаг, ярилцдаг байсан. Ярих юм ч ихтэй. Боловсрол, сургалтын тогтолцоо гээд оюутнуудад хамаарах асуудал зөндөө шүү дээ. Хаа нэгтээ цуглаж ярилцчихаад жагсаад явна. Оюутнуудаас сонин юм их  гарна. Эргээд харахад оюутнууд дандаа л анхдагч байсан байдаг. Анхны шоу нэртэй арга хэмжээг гэхэд бид л хйиж байсан. Энэ шилэн үзэсгэлэнг чинь нураангаа алдаж байлаа шүү дээ.  Зүгээр л шоу гэж нэр өгөх нь л тухайн үедээ түүхэн ач холбогдолтой байсан. Анхны босоо хүлээн авалт, стриптиз гээд л... Тайчиж болно гэж мэддэг хэрнээ зүрхлээд нүцгэлэх хүн байхгүй. Ямар сайндаа  хамт тэмцэж явсан охиноо гуйж зоригжуулж, нүүр амыг нь танигдахгүй болтол будна гэж байж зөвшөөрүүлэх вэ дээ. Тэгсэн өнөөх маань мухар олгойны хагалгаанд ороод бүтээгүй. Сандрахдаа их сургуулийн нэг охиныг гуйж нэг дуун дээр цээж нүцгэлүүлж байсан юм даг. Их зоримог охин байсан. Мэдээж сайн жишээ биш л дээ. Гэхдээ анхдагч байх гэсэн эрмэлзэл их байсны жишээ. Түүнээс гадна  МОХ-ны анхны дүрмээ баталчихаад  МОХ-ны Үндсэн хууль гэж нэрлэж байлаа шүү дээ. Тэр үед ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай хүн байгаагүй, дарга цэрэг л гэдэг байсан. Харин МОХ-ны анхны үндсэн хуулиар  ерөнхийлөгчтэй байна. Ерөнхийлөгч нь оюутан байна гээд заачихсан. Би чинь Монголын анхны оюутны холбооны ерөнхийлөгч шүү дээ. Ерөнхийлөгч албан тушаалтай анхны монгол оюутан гэж байгаа юм. Бас бид анхны тохиролцооны хэлбэрийн худалдааг зохион байгуулсан юм даг.

-Яаж тэр вэ?
-Гадаадад сурдаг оюутнууд зун амралтаараа ирэхдээ,  ганц кет ч болох нь ээ авчираад зах дээр гаргаж зардгийг зохион байгуулалттай болгоё гээд Залуучуудын соёлын төвийн зааланд олон нийтэд зарлаж байгаад гадаадад суралцагч оюутнуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулсан юм. Оюутнуудын авчирсан бүхнийг тохиролцоо нэрээр зарсан хэрэг. Харамсалтай нь Залуучуудын соёлын төвийн хамаг хаалга, цонхыг хагалуулсан даа.

-Яагаад?
-Эрэлт хэрэгцээ өндөр байсны л илрэл.  Өнөө сайхан лангуу ширээ бүгд байхгүй. 30-40 минутын дотор л бүх юм зарагдаад дууссан. Хэдэн эвдэрхий ширээ сандал, хагархай хаалга цонхтой л үлдсэн. Бас хамгийн анхны пивотой диског манай холбоо хийж байлаа. МАХН-ын үзэл суртлын хэлтсийн дарга Балхаажав гуайгаас орж зөвшөөрөл авахад хариуцлага,  аюулгүй байдал гээд бөөн асуудал үүссэн. Тэд хариуцах ёстойгоо хариуцахаас гадна бидэнд бас хариуцлага ирнэ. Тэгээд микро, 40 мянгатын атамануудтай уулзсан даа. Жишээ нь, тэр үеийн атаманууд чинь жинхэнэ бодитой атаманууд байлаа. Муу нэртэй ч гэсэн дэг журам, сахилга батыг чанд баримталдаг хүмүүс. Гудамжийг хоослоё гэвэл хоосолно. Замбараагүй болго гэвэл болгочихно. Цэвэрлэ гэвэл цэвэрлүүлчихдэг л байсан. Очоод, бид ийм юм хйих гэсэн юм гээд ярьсан чинь зөвшөөрч байна. За, тэгээд бүжгэн дээр атаманууд маань ирчихсэн ганц ганц пиво барьсан. Ганц бүжиглэж байгаа атаман байхгүй. Уг нь тэр нөхөд чинь л хамгийн сайхан бүсгүйтэй  бүжиглэх ёстой ш дээ. Тэгэхэд бүх атаманууд дэг журмыг сахиулаад, барьсан ганц пивоо ч уухгүй бидний ажлыг дэмжиж өгч байгаа юм чинь. Яагаад гэвэл тэдэнд, энэ хотод бүжиг долоо хоног тутам болох нь л чухал учраас тэр.
 
-Ардчиллын партизанууд гээд л нэг хэсгийнхнийг нэрлэдэг . Партизан гэж яг хэн юм бэ. Амьдралдаа арчаагүй, анхиагүй, хувь заяаны шахалтад хөл алдаад, амьдарлынхаа уналтаас босч чадалгүй нийгмийн солбилцолд үлдчихсэн хэсэг юм уу. Хувь заяагаараа түүхэн үйл хэрэгт  оролцсон тодорхой олонлог уу. Эсвэл үнэхээр шууд утгаараа элдэв салаа утгагүй хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцсон эр зоригтнууд уу?
-Толь бичиг, тайлбар толь ухвал шал өөр ойлголт гарч ирэх байх. Гэхдээ бидний толгойд хоногшсон ойлголт бас бий. Жишээ нь, миний хувьд хөдөө орон нутаг, хаа ч очсон манай Зоригоо, манай партизан байна л гэж хүлээж авдаг. Таны хэлсэнчлэн партизан гэхээр л амьдрал нь хэцүүдсэн, тэгээд партизан гэдэг нэрэн доор хорогдож явдаг хэсэг байдаг гэж харагддаг гэвэл худлаа. Жишээ нь, намайг  хүн хараад хэцүүдэж явна гэхгүй. Тэгэхээр хүн болгон өөрийнхөө л харж ойлгодог байх. Яахав, нийтлэг нэг төрх харагддаг болчихсон байж мэдэх л юм.

-Яг амьдрал дээр харахаар амьдралынхаа 10-15 жилийг архи уугаад өнгөрөөчихсөн, хамраа мурийлгачихсан нөхөд л байдаг. Одоо төр барьж байна. Өнөө партизанууддаа итгээд энд тэнд байршуулсан байна. Нөгөөдүүл нь бас л болж өгөхгүй байгаа байдал ажиглагддаг.  Ер нь хүн амьдралынхаа баримжааг алдчихаар нэг л эвэндээ орж өгдөггүй шүү дээ. Тийм хэсэг байна уу гээд байна л даа?
-Өнгөрсөн он жилүүдэд АН хэдэн ч удаа засаг барьчихав даа. 1996 он, за тэгээд сүүлд нь хамтарсан хамтраагүй гээд л явсан. Эргээд харахаар өнөө л партизанууд дээр дөрөөлж гарч ирсэн нам нь өөрөө хариуцлагагүй байна. Түүхээ хүндэтгэдэггүй. Гавьяатнуудаа харж хандахгүй байна. Гэтэл МАН, МАХН хоёр 1921 оны хувьсгалыг хийсэн ахмад партизануудаа дээд зэргээр харж ханддаг. Үлдсэн үр хүүхдэд нь хүртэл байр сууц өгдөг. Манайхан бол байдаггүй. Ямартай ч бид сая ардчилсан холбооны хэдэн гишүүн, партизануудаа тэр 1921 оны ахмад партизануудтай адил халамж үзүүлдэг болгохоор хуулийн төсөл өргөн барьсан. Гэсэн ч  өнөөдөр манай АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд олигтой дэмжихгүй л байж байна.

-Нэг талаар ардчиллын партизануудыг арчаагүйдээ нийгэмд орхигдоод байгаа гэж харах хэсэг байдаг ч тэднээс нэг тийм хайр хүрмээр тэвчээр бас харагддаг. Ардчиллын партизанууд гэгддэг тэр  нөхөд анх талбай дээр гарч ирж тэмцсэн. Тэндээсээ нэг их холдсонгүй. Идэвхтэй хэсэг нь албан тушаал эрх мэдэлд очдог. Тэглээ гээд үлдсэн хэсэг дуугүй л явцгааж ирсэн. Гол нь хэрэгтэй үед бүгд талбай дээрээ гарч ирдэг.
-Сая Н.Алтанхуягийн Засгийн газрыг солих мөчлөг дээр сонин зүйл их болсон. Тухайлбал, Ардчилсан нам биш шүү, Ардчилсан холбооны, бараг бүх аймгийн салбар зөвлөл хуралдсан. Салбар зөвлөлүүдийг хуралд гэж ямар ч байсан төв ардчилсан холбооны зүгээс удирдамж, сэдэл  өгөөгүй. Хотоос нэг ч дарга очоогүй. Хоёр аймаг өөрсдөө тэндээ хуралдаад л бусад нь давалгаалаад л хуралдаад явчихсан юм билээ. Ер нь Ардчилсан холбооныхон юм болохоо байлаа гэдгийг маш соргогоор мэдэрдэг. Анзаараад байгаарай. Би өөрийгөө Ардчилсан холбооны сэтгэлгээ, натуртай хүн гэж хэлэх дуртай. Манай холбооныхон шударга ёс, эрх чөлөөний мэдрэмж маш өндөртэй. Хаана шударга бус зүйл болж байгааг сайн мэдэрдэг, тэмцэж чаддаг. Ар өвөр, хүний өөрийн гэхгүй л тэмцэнэ шүү. Эрх чөлөө бүдгэрээд ирлээ гэдгийг мэдэрдэг, тэмцэж чаддаг хүмүүс манай холбоонд байдаг. Н.Алтанхуягтай холбоотой асуудлууд, тэр хүргэн Дэнзэнгийн асуудал, араас нь зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг бариад эхлэхэд л манай холбооныхон бидэнд хэлж сануулж эхэлсэн. За, нэг л биш ээ гээд л. Нам доторх шинэчлэлийг би ч  юм уу, УИХ дотор байгаа цөөн тооны нөхөд л түгжилдээд  хийчихсэн юм биш. 25 жилийн өмнө хувьсгал хийж байсан хүмүүс өөрсдөө  нийлж хийсэн юм. Олонд харагдсан нь л бид нар... Үнэндээ ардчиллын партизанууд хийсэн юм. Өнгөрсөн наадмыг хар. Наадмын талбай дээр “Хонх”-ны дууг хэн, яах гэж дуулуулсан юм бэ. 25 жилийн өмнө хувьсгал хийж явсан тэр хүмүүс л “Хонх”-ны дууг наадмын талбайгаас улс орон даяар дуулуулсан юм. Энэ бол дохио байсан юм. Дахиж Энхбаяртангууд битгий бий болоосой, Монголын ардчилалд саад бүү болоосой гэсэндээ сайн муугаар хэлэгддэг ч 25 жилийн өмнөх итгэл үнэмшил басхүү зорилго тэмүүлэлдээ өнөө хэр үнэнч, цаашид ч үнэнч явах  партизанууд өөрсдөө хийсэн юм. Тэгэх шаардлага нь гараад ирчихсэн учраас.

-Хувьсгалыг  уураг тархи болсон хэсгийнхэн буюу ухаантнууд хийж, үр дүнг нь адгийн шаарнууд хүртэнэ гэсэн үг танд хэр үнэн санагддаг вэ. Ингэхэд танай партизанууд түрүүчийн миний асуудаг шиг үнэхээр тийм тэвчээртэй улс уу, эсвэл би хэтэрхий романтик хараад байна уу?
-Аливаа нам дотор асуудал байлгүй л яахав. Нэхэх цагтаа нэхэж, шаардах цагтаа шаардаж, ярих юмаа ярьдаг. Гэхдээ тэр болгон бас яриад байдаггүй юм аа.

-Ардчиллын партизануудад байр сууц өгсөн. Гэхдээ улсын төсвөөс мөнгийг нь аваагүй байх , тийм үү?
-Янз бүрийн арга чарга, хандив тусламжаар болгодог байсан. Энэ жилийн тухайд үнэхээр чадахгүй байна гэдгээ хэлсэн. 25 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа ч ганц сууц өгч чадахгүй байна гэх үнэнээ л партизанууддаа хэлсэн. Уг нь энэ хэдэн партизануудаа бүртгэлжүүлээд, 1921 оны партизануудад байр өгдөг шиг болгох хүсэл их байна. Энэ талаар УИХ-ын даргад хэсэг гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Удахгүй хэлэлцүүлэх байлгүй дээ.

-Улс төрийн тэмцлийг партизан, элит хэсэг гэж ялгарахгүйгээр бүгдээрээ нийлээд хийчихдэг. Харин дараа нь амжилтад хүрвэл эрх мэдэлд хэн очих вэ гэх асуулт үүсдэг. Олон жилийн турш Х.Баттулга ч, та ч парламентын танхим руу орж ирдэггүй байсан. Нөгөө талаасаа олон хүчтэй хүмүүс нэгдэх их хэцүү юм шиг байгаа юм. Би бол танай таван намын нэгдлийг хамгийн том  нэгдэх процесс гэж хардаг.
-Ардчиллын төлөөх таван намын нэгдэл бол үнэхээр түүхэн үйл явдал. Үүнтэй маргах бололцоогүй.

-Яагаад ч юм АН-д Иргэний зориг намыг буцааж авчрах үүргийг таныг үүрч яваа гэж хардаг байлаа. Энэ зовлонтой гэмээр үүргийг биелүүлж амжаагүйдээ  та харамсдаг уу. Ер нь эргэж нийлэх боломж бий болов уу?
-Ер нь орон нутагт намын анхан шатны нэгж дээр очиход манай Иргэний зориг,  АН-ынхан холилдоод л байж байдаг. Нэг байранд, намын дарга нарынх нь тамга нэг шургуулганд байж байх жишээний. Цуглаад ярихаар аль намынх гэдэг нь ойлгогдохгүй. Харин иргэд болохоор бүгдийг нь л ардчиллынхан гэж хардаг. Үндсэндээ оюун санааны нэгдэл үеийн үед л байсан, байсаар ч байна . Садаа болоод байгаа зүйл нь нөгөө л мулхи ухаан. Сонгууль ойртоод ирэхээр л бөөн мулхи ухаан ажиллаад эхэлдэг. Бөөн тактик гарч ирээд л. Би ч гэсэн анх намгүй яваад л байсан. Оюутны хөдөлгөөн гэдэг олон оюутны эрх ашгийг илэрхийлсэн байгууллага учраас аль нэг намын гишүүн байж болохгүй гэж боддог байлаа. Эргэн дурсахад 1996 оны сонгуулиар С.Зоригоо ах бидний алхаж байгаа нэг зураг байдаг даа. Сүүлийн үед твиттерээр яваад байгаа. Тэр үед С.Зоригоо ах, чи намын гишүүн биз дээ гэж надаас асуудаг юм. Би  үгүй л гэсэн. Тэгсэн,  яахаараа одоо болтол намд элсээгүй байдаг юм бэ, гар чи, явж батлахаа ав гээд  хөөж гаргаад. Би талбай дээгүүр гүйгээд намын байран дээр хүрээд ирэхгүй юу. Тэгсэн хөл толгой нь ойлгогдох арга алга. Намайг орж ирж байгааг анзаарах ч хүн алга. Хэн нь ч батлах өгдөг юм, бүү мэд.  Тэгэхээр нь чанга дуугаар “намд элсэх гэсэн юм, хэнээс батлахаа авах вэ” гээд хашгиртал  нүүрэн дээр гал бутраад л, түсхийгээд явчихсан. Хэн нэг нь ирээд намайг цохиод унагачихгүй юу. Чи муу өчигдөр хаана байсан юм бэ гээд л түс. (инээв) Буцаад гарсан. Хэн нь ч цохисон юм, мэдэхгүй. Эргээд С.Зоригоо ах дээр очиж байгаа юм. Хоёр цохиулаад, нүүр хавдчихсан. Яасан л гэж байна, хэлсэн. За, яахав гээд л өнгөрсөн.  Хожим 2004 онд Э.Бат-Үүл, Баабар хоёр намайг дуудаад,  С.Оюундаа хань бол, С.Оюуныг үнэндээ дээрэлхэж байна гэдэг юм байна. Тэр үед “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, М.Энхсайхан хоёр нийлчихсэн. Тоглолт нь ид өрнөж байсан. Гол нь С.Оюуныг ганцаардуулаад, доор нь байсан 30-40 хүнийг тэр чигт нь“Эрэл”-ийн намд аваачаад хийчихсэн. Дарь.Сүхбаатар, Х.Хулан бүгд явсан байсан.  Яг тэр үед намайг дуудсан юм.  Би даалгавар аваад явж очоод батлахаа авлаа. Намын хурал болсон чинь намайг шууд л генсек болгочих юм. Генсек болонгуут С.Оюун, хүүхэд бага байна, хөдөө удаан хугацаагаар явж болохгүй байна. Чи Дорнод руу яв гэсэн. Би “за” гээд л явсан. Ийм л юм болсон. Нэгэнт ИЗН-д орж байгаа юм чинь надад нэг хатуу бодол байсан. Шуудхан хэлчихэд  нэг тийм гомдол гэх нь хаашаа юм бэ, сэтгэлд нэг юм тээглээд байдаг. Саяхан би онгоцны буудал дээр А.Ганбаатар ахтай таарсан юм. Олон жил уулзаагүй хоёр тэврэлдээд, үнэхээр гоё байсан. С.Зоригоо ахын яг хажууд нь байсан дотно нөхөд гэвэл А.Ганбаатар ах, Казино Энхбаатар хоёр шүү дээ. Эд нар нь ерөсөө чив чимээгүй болчихсон. Гэв гэнэт л С.Зоригоо ахын хажууд байсан гээд л баахан хоньчингууд гарч ирээд, нам байгууллаад эхэлсэн байхгүй юу. Тэгээд ч тэр үү, сэтгэлд нэг юм яваад байдаг юм. Байсан юмыг байранд нь тавих юм шүү гэх мэдрэмж, хүсэл миний дотор байж байсан хэрэг. Угаасаа намын зөвхөн анхан шатан дээр төдийгүй “Шар айраг”-ийн Ганхүү, С.Оюун гээд олон хүн энэ бүхнийг засч, “нэгдэх” ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бүтэшгүй зүйл биш шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, 2006, мөн 2008 онд ИЗН-ын зүгээс АН-тай нэгдэх асуудлыг хөндөж байсан ч АН хүлээж аваагүй.  2006 онд АН, ИЗН-тай манатай байсан байх. 2008 оны сонгуулийн өмнө энэ процесс дахин давтагдсан. Би Дорлигоо ахын гэрт нь очоод хоёр хоног гаралгүй ярьж, өчнөөн юм болж байсан. Дараа нь бүр уулзах хүн олдохоо больсон. Ц.Элбэгдорж дарга  гаднаас ирсэний дараа бас л хөндсөн ерөөсөө болоогүй. ИЗН-ын хоёр удаагийн нэгдэе гэсэн санаачлагыг АН хүлээж аваагүй.  Харин одоо З.Энхболд намын дарга болоод нэгдлийн  асуудлыг ярьж эхэлж байна гэж би сонссон. Тэр ч бүү хэл саналыг АН-ын зүгээс тавих юм байна гэж ойлгосон шүү.

-ИЗН-ын буюу С.Оюун даргын нэгдэх эрмэлзэл нь алга болчихсон юм биш байгаа?
-Намын дарга гэдэг хөндлөнгөөс харахад амар харагддаг боловч хэрэндээ л олон зүйлээ  золиослоод явж байгаа, намын гишүүдийн эрх ашгийг хангагч хүн байдаг. Гэхдээ С.Оюун, М.Зоригт гэдэг хүмүүс дээр тусгайлан итгэж орж ирсэн олон хүн бас байдаг юм. Тэдний итгэлийг дураар нь тавиад туучихаж болдоггүй л юм байна лээ. Би С.Оюуны яг дэргэд олон жил байсны хувьд хаа ч хэлнэ. Манай С.Оюун их төлөв хүн. Аливаад маш зөв бодол санаагаар ханддаг. Асар тэвчээртэй.  АН-д элссэний дараахан С.Оюун  над руу утасдаж байна. За, Зоригоо намын хурал дээр хүмүүс чамайг яаж хүлээж авч байна гэж. Бас л тэр хүний санаа нь зовж байгаа шүү дээ. Үнэндээ намайг өөр намаас орж ирлээ гэх нэг ч реакци байгаагүй. Сонирхуулаад ярихад, би ИЗН-ын генсек байсан үед л дээ. Дарханд АН-ын ҮЗХ-ны сунгаа, хурал  болдог юм. Баабар нэр дэвшээд, би бас бус нөхөд нийлээд олуулаа явсан. Өнөөдүүл маань буудалдаа байж байдаг.  Би гарч гүйгээд АН-ын гишүүдтэй уулзчихсан гүйж явах жишээтэй. Уг нь ИЗН-ын генсек шүү дээ. Саяхан Н.Алтанхуягтай хамт Дундговь аймаг руу шинэчлэгдсэн сум төслийн ажлаар очлоо. Хөдөөгүүр явж байхад АН-ынхан бүгд цугладаг юм. Юуг нь нуухав, Н.Алтанхуяг бидний харьцаа тааруухан, нэлээн хэдэн удаа гал авалцчихсан байсан. Дуу муутай, юм ярихаар л сөргөлдчих гээд. Тэглээ гээд яах вэ яваад л очлоо. Ардчилсан холбооныхон маань намайг хараад шаваад ирж байгаа юм. Н.Алтанхуяг яг хажууд байгаад байдаг.  Манайхан, “Тэр муу Түвдэндорждоо хэлээрэй, дахин дахин утасдаад байгаа. Бидний утсыг нь авахгүй байгаа. Битгий утасд гэж хэлээрэй. Зоригоо миний хүү, цаад Тулгадаа л хань болоорой” гэх маягийн л шулуухан шуудхан үгсийг хэлж байх жишээтэй. Нэг тийм цагаахан, тэрүүхэндээ бас аминчхан захиас өгөөд байгаа биз дээ. Манайхан тийм л улс. 



-АН-д буцаж ирэх шийдвэрийг та ер нь яагаад гаргасан юм бэ?
-Дорнод аймаг бол манай ээжийн нутаг. С.Зоригоо ах бол миний хувьд төрсөн шиг л дотны хүн. Би дээр хэлсэн, ардчилсан хувьсгалд оролцож явахдаа олон зүйлийг огт ойлгодоггүй байсан гэж. Түр хороо гэж юу юм бэ, нам байгуулж яах юм бол гээд л гайхаад байдаг. Манай аав, эд нар нам байгуулна. Энэ бол гэмт хэрэг гэх ухааны юм яриад ойлгуулчихсан. Би гайхаад л. 120 мянгатад С.Зоригоо ахынд очиж хононо. Заримдаа С.Зоригоо ах ирэхгүй, гэрт нь унтаад өгнө. Нэг хэсэг өөрийгөө талбай дээр шатаана гээд байдаг нэг нөхөр байдаг байсан даа. Тэр чинь манай сургуулийнх. Хашаа гэдэг юм. Хашаа надаас С.Зоригоо ахынд очиж үзье гээд байхаар нь дагуулаад очсон юм. Очоод 2-3 цаг хүлээгээд байдаггүй. Гарч “Идэр” ресторанд хоол идэнгээ нэг юм хуваагаад уучихлаа. С.Зоригоо ахад нэг юм аваад буцаад гэрт нь ороод,  ирэхгүй болохоор нь өнөөхөө хоёулаа хувааж уугаад гэрт нь нам унтчихаж байгаа юм. Ер нь С.Зоригоо ах хэд хоногоор алга болчихдог байсан даа. Монгол даяар  хайгаад олохгүй байхад би хажууд нь хоол ундыг нь хийж өгөөд л, хамт тууж явна шүү дээ. Тийм л угшилтай улс л даа. Манай Аав маань их цөлх хүн байсан. Ардчиллын цуглаанд анх явж байхад 400-500 метрийн холоос хараад л дагачихна. Явуулахгүй биш явуулна. Гэхдээ санаа нь зовоод дагаад гарна. Дотуур байраар явж байхад дагаад л явна. Гарч ирэхээр нуугдчихна. Би мэддэг ч мэдээгүй царайлна. Дорнодод нэр дэвшихэд сэмхэн дагаад оччихсон байж билээ. Хүн аавыгаа өнхрөөд өгөхөөр л ойлгодог юм билээ дээ. Тэр их хайрыг нь. Ялангуяа аавыгаа алдахаар эр хүн их өөр болдог юм шиг санагддаг.

-Манай нэг найз хэлж байсан. Аавгүй болчихоор малгайгүй юм шиг болчихдог юм билээ гэж ?
-Тэр үнэн. ИЗН-ын бүх л зураг хөрөг, бичлэгийг миний аав авдаг байсан. Миний аппарат үүрээд гүйгээд байдаг чинь ааваас улбаатай юм шүү дээ. Нэг талаас би азтай хүн. Э.Бат-Үүл, С.Зоригоо, Баабар гээд сайхан ах нартай. Миний бүх амьдрал тэдэнтэй холбоотой.

-Та эмзэглэж магадгүй. Дотно байсан учраас С.Зоригийг өнгөрсний дараа илүү хэцүү л байсан байх. Гэхдээ ардчиллын хувьд тэр гол баатруудын нэг л байсан. Түүнийг алга болсны дараа үйл явдал хяналтгүй шахам өрнөсөн. Э.Бат-Үүлийг шорон руу аваад явчихсан. Тэр үед бол АН гашуун зовлон эдэлж байсан . Одоо талийгаачийг ардчиллын загалмайлсан эцэг гэх ойлголт нэгэнт хэвшжээ. Ардчилсан хувьсгалын эхэн үед бодит байдал ямар байсныг, үйл явдал хэрхэн өрнөснийг өөрийн тань сайн ах нарын хэн нь ч дэлгэмэл байдлаар ярьж чаддаггүй. Энэ бол үнэн. Таны дотор энэ сэдэв дээр ямар нэг далд хөндүүр бодол байдаг уу ?
-Ганц монгол ч  биш л дээ. Хүн төрөлхтний ёс байх. Үгүй болсон нэгнээ  үгүйлснийхээ хэрээр үнэтэй болгодог нь бичигдээгүй хууль. Анхны үеүдэд төвөгтэй асуудлууд үнэхээр олон байдаг байсан. МАХН алуурчин биш ээ гэж хэлэхдээ Э.Бат-Үүл ах юуг давж  байж гарч ирж хэлж байсан бол, үймээн самуун гарчих вий гэж айхаасаа илүү эх орноо, эв нэгдлээ гэж бодоод л хэлсэн байх. Гэтэл одоо болтол тэр үгийг нь өлгөж аваад  шүүмжилдэг улстөрчид байж л байна. Жаахан улс төр улайсаад, хэрүүл уруул болохоор л гаргаад ирдэг. Тухайн хүн юуг давж байж тэгж хэлснийг, сэтгэл зүйн хувьд ямар хүч зарцуулсныг нь тооцоолдоггүй. Нэг удаа Э.Бат-Үүл ах их хямарсан, ядарчихсан, бас жаахан уучихсан байсан юм. Өнөө зөн билгийн тулаан зурагтаар гарч эхэлсэн үе. Тэгсэн мань хүн хэлсэн юм. Та нар мөнгөтэй улс, энэ зөн билэгчдээс авчраад асуучихаж болдоггүй юм уу гэж. Энэ ерөөсөө миний санаанаас гардаггүй юм. За, тэгээд цаг хугацаа хамгийн сайн эмч гэдэг үг үнэн дээ. Цаг хугацааны явцад арай л хөнгөрч байх шиг байгаа юм. Одоо бид С.Зоригоо ахын хөшөөнд жилд хоёр удаа цэцэг өргөдөг. Ихэнх нь Майн 1-ний цуглаанд ирж байгаа юм шиг ирдэг болж. Хэвлэл мэдээллийнхэн ч ирдэг болж. Яг сэтгэлээсээ ирдэг хүн алга болж. Манай Халиун ах, Мийгаа ах (Ш.Мягмарсамбуу ) гээд чин сэтгэлээсээ ирж байгаа хүмүүс цөөн харагддаг. Нөгөө талаасаа бид ардчиллынхаа үнэт зүйлийг энэ нийгэмдээ ойлгуулах ёстой. Өөрсдөө үлгэр жишээ болж  чадахгүй байгаатай ч бас холбоотой. Мэдээж бас нөгөө талаас ардчиллын нэр хүндийг зохион байгуулалттайгаар унагаж байгаа. Хамгийн гол нь бид үлгэр жишээ болж чадахгүй байна. Эргээд бидний 25 жилийн өмнө зорьж авчирсан ардчилалд маань асар их эрсдэл тулгараад байна.

-Би С.Оюун гишүүнтэй олон жилийн өмнө ярилцаж байхдаа, та ахынхаа нэрээр дандаа хайрлагдаж яваа хүн. Үргэлж өрөвдүүлэх замаар улс төр хийж байна. Хүч чадал гэдэг юм заавал хүйс дагаж ирдэггүй юм. Одоо  эргэн тойрноо жаахан бодитой хараач гэж хэлээд нулимсыг нь цийлэгнүүчихэж байсан удаатай. Хэн ч С.Оюун гишүүнээс тэгж асуугаагүй, би ч ахиж уулзаагүй. Хэн нэгэн сэтгүүлч энэ асуултыг  тавих ёстой. Цаашлах замд нь хэрэгтэй гэж бодсон хэрэг. Ер нь С.Оюун гишүүнээс илүү хатуу тавиланг даагаад, гашуун үеэ өнгөрөөчихсөн,  бүр илүү өрөвдөлтэй, илүү хайрламаар хүмүүс зөндөө л байгаа шүү дээ гэвэл та  юу хэлэх бол?
-С.Оюуныг улс төр рүү С.Зоригоо ах л түрж оруулсан. Өөрөө байхгүй болсноор С.Оюунд өөр сонголт үлдээгээгүй.  Монголчууд  тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн  учраас улстөрч болгосон. Түмний итгэлийг С.Оюун даасан уу гэвэл даасан. Өнөөдөр бол С.Оюуныг С.Зоригоо ахтай шууд холбож ойлгож дүгнэх бололцоогүй болсон. Манай С.Оюун маш хөдөлмөрч, бас гайхамшигтай сэтгэлтэй хүн. Эмэгтэй хүнд л байдаг чанар байх даа. Аливаад дэндүү сэтгэлээрээ ханддаг. Улстөрч хүн чинь  ажил хийхээс гадна өөр өчнөөн юм л бодож явах ёстой. Манай хүн хувийн гэх бүгдийг хаяж, зөвхөн урдахаа л хардаг. Одоо бол тэр өөрийн гэсэн дүр төрхийг бий болгож чадсан улстөрч.

-Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний өгсөн хайрыг юу ч биш болгоогүй гэх гээд байна уу?
-Тийм. Өөрийн гэсэн хамаг байдгаа улс эх орондоо  өгөөд явж байгаа бүсгүй. С.Оюун аль хэдийнэ том улстөрч, хүчирхэг нэгэн  болчихсон шүү гэдгийг олон түмэнд хүргэж, хэлж байгаа нам л харин байхгүй байна. Түүнээс биш С.Оюун гэдэг улстөрчийн төлөвшил эрт бий болчихсон. Өөрийн гэсэн хараатай, бодолтой, зарчимч, хатуу нугаршгүй зан чанартай хүн. Энэ бүхнийг нь хамт ажилладаг бүх хүн нь хэлнэ. С.Ламбаа гуайн хажууд сууж байхад дандаа нэг тийм гоё дулаан энерги мэдрэгддэг дээ. Харин С.Оюуны  хувьд өөр. Уг нь эсрэгээрээ байх ёстой юм шиг байгаа юм. С.Ламбаа гуай шиг дулаан энерги С.Оюунаагаас мэдрэгдвэл зохимжтой ч юм шиг. Гэтэл үгүй, С.Оюунаас ажил, ажил бас дахин ажил гэсэн тэмүүлэл л мэдрэгддэг. Аливааг сэтгэлээсээ хийдэг, хэн нэгний нөлөөнд автахааргүй болтлоо чангарсан даа, С.Оюун. Би 100 хувь баттай хэлнэ. Өнөөдөр бол С.Оюун, С.Зоригоо ах хоёрыг салангид авч үзэх ёстой. Ер нь бол энэ бүхэн нэхэл дагуулын асуудал. Гэхдээ С.Оюуны нэхэл дагуул биш. Монголчуудын нэхэл дагуул. Төлөөлөл нь болж, үүрэг хүлээсэн хүн нь С.Оюун. Хэрвээ өнөөдөр С.Оюун байхгүй бол С.Зоригоо ахын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлал ч байхгүй болно. Монголчууд өөрсдийгөө тал нутгийн нүүдэлчин,  эзэн Чингисийн удам гэж магтах бүх боломжоороо л магтдаг. Гэвч монголчууд бидэнд өөрсөддөө ил хэлдэггүй муу чанар их бий. Зүй нь муугаа ярих хэрэгтэй юм. Эсвэл та нар ухаж хэлүүлж байх ёстой. За, тэр яахав, үнэндээ нийгмийн өмнө төлөөлж дуугарах үүрэгтэй учраас л дуугараад байгаа болохоос биш, хувийн, гэр бүлийн асуудлаа нийтийн болгоод яваад байх хүсэл тэр хүнд байгаа юу гэвэл бас л эргэлзээтэй асуудал гэж би хэлнэ. Яалт ч үгүй нийтийн өмнө үүрэг хүлээсэн учраас нэхэж, шаардах ёстой. Би 2004-2008 онд С.Зоригоо ахын хэргийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм. Одоо хүртэл С.Зориг ахын хэргийг хариуцсан ажлын алба байж л байдаг. Одоо тэр алба өнгөрснийг ухаж, төнхөж илрүүлэхээсээ илүүтэй Монголд дахин тийм эмгэнэлт хэрэг гаргахгүй байхын баталгаа, хана болчихоод байх шиг байгаа юм, миний ойлгож байгаагаар.

-С.Зориг бол шинэ маягийн зан төлөвтэй, тухайн үед их шинэ монгол байсан. Заримдаа сэрүүн, хайнга хандлагууд их гаргадаг. Би тэр талын ойлголтуудыг тань тандах гээд л оролдоод байгаа юм. Энэ бол эмзэг, хэцүү сэдэв. Гэхдээ дагаж хуйларсан хандлага бидний түүхэнд үлдэх нь тийм ч сайн зүйл биш. Хэн нэг нь хараалгаад ч хамаагүй энэ талаас нь асууж байх ёстой л гэж би боддог. Тэр бололцоог надад олгоод, сэтгэл зүйн зарим хил хязгаарыг давж гарч байгаад тань баярлаж байна. Гэхдээ та  лав “шинэ монгол” биш бололтой. Бодож байснаас их өөр хүн байна.
-Шинэ монгол гэснээс би их олон бизнес хийж байлаа. Бизнес хийж байгаа хүн чинь цалингаас гадна ашиг орлогын хувь гээд мөнгө авдаг. Би яагаад ч юм бүгдийг нь тэр чигээр нь аавдаа өгчихдөг байсан юм. Би багаасаа гэр бүлсэг, салшгүй тийм халуун уур амьсгалд өссөн. Намайг бүр бага байхад л манайх нэг  жижигхэн хоршоо байсан юм. Миний бага насны амьдрал манайх өдөрт гурав дөрвөн талх барьдаг, нэгийг нь өөрсдөө идээд үлдсэнийг нь орцныхоо айлуудад зарчихдаг жишгээр л өнгөрсөн дөө. Арьс шир нухна, элдэнэ, түүгээрээ ямар нэг юм хийгээд зарна. Манай гэрт нэгдсэн хөрөнгө, санхүүгийн бодлоготой жижигхэн үйлдвэрлэл явагддаг байсан гэсэн үг. Сүүлд нь найзуудтайгаа бизнес хийсэн. Үр өгөөжийг нь хүртэхдээ дандаа л аавдаа аваачаад өгчихдөг. Аав бид хоёрын дунд тоо бүртгэл ч байхгүй. Сүүлдээ бизнес босоод ирэнгүүт хувцас хунар хүртэл солигдоно шүү дээ. Манай М.Оджаргалаас авахуулаад одоогийн энэ  бизнесмэнүүд бид чинь бүгд л хоорондоо найзууд. Эд нар чинь гангараад ирэхээр манай хэд ч гангараад эхэлнэ. Би ч бас гангармаар санагдана. Гоё хослол өмсмөөр санагдаад л. (инээв) Аавд хэлэхээр их дэлгүүрийн дөрвөн давхраас л аваад өгнө. Үгүй ээ, аав аа, эндээс авдаггүй юм аа гээд байхад чинь  л энэ сайхан байна. Үнэ нь буусан байна, ав. Ингэж л амьдардаг байлаа. Аавыгаа ойчсоноос хойш би нэг хэсэг мөнгөний мэдэлтэй болсон. Ер нь би их сул гартай хүн. Ашгүй хүү маань төгсөж ирж, бүх эрх мэдэл хүүд маань шилжсэн. Би мөнгөний менежмент багатай хүн. Том макро ч юм уу, удирдлагын зорилгыг хангаад байж чаддаг. Хөрөнгө, санхүү хөтлөлт дээр явахгүй дээ. Тухайлбал, “Голомт”, “Бодь” дээр манай Баясаа л санхүүгээ барьдаг. Лу.Болд ах мөнгө тоолж мэдэхгүй, би мэдэхгүй. Баясаа шиг юмыг чанга хатуу авч явдаг хүн Монголд ховор байх шүү. Сүүлийн үед хараад байхад манай хүү илүү чанга болоод байх шиг байна. Айхтар чамбай. Тэгэхээр таны асуусан шинэ гэдэг үгтэй холбогдуулаад хэлэхэд нийтлэг монгол хүний дүр төрх бол би. Би тэдний л тасархай.

-“Бодь” групп бол таны хувьд чухал түүх. Монголын бизнесийн салбарын том пирамидыг босголцсон хүн. Бидний л мэдэхээр та гурав 20 жил хамт явсан ?
-Лу.Болд ах, Баясаа бид гурав чинь оюутны холбооны л гурав. Оюутны холбооныхны тэр анхдагч байх хүсэл эрмэлзэл, тэр чанар бизнес дээр ч илэрсэн. Анхны гэсэн болгоныг бид хийсэн. Энэ нь нэгд, бусдаас ялгарах чанар. Хоёрт, мөнгө гэж нэг их ухнатаж гүйдэггүй байсан зан. Мэдээж мөнгө хэрэггүй хүн гэж юу байхав. Гэхдээ ач холбогдлоороо хоёр, гуравт л байдаг байсан. Бидний тавьсан зорилго мөнгө биш. Тухайлбал, хэвлэл мэдээллийн салбарт бид багагүй хэмжээний хөрөнгө оруулдаг. Хэвлэл мэдээллийн салбар буцаагаад мөнгө өгдөггүй гэдгийг чи 100 хувь надад нотлоод өгөх байх. Хэвлэл мэдээллэл нэг иймэрхүү өнгө төрхтэй байж болдоггүй юм болов уу гэсэн мөрөөдлөө л энэ нийгэмд хүргэж байгаа ухаантай юм. Жишээлбэл, Ийгл, News.mn сайтыг  бид үүсгэсэн. Нэг талыг дагнасан юм хийхгүй байхыг зорьсон. Оюутны хөдөлгөөнийхний романтик чанар одоо ч бидэнд байгаад л байдаг юм. Үнэндээ хүүхдийн паркийг орон сууцны хороолол болохоос хамгаалсан нь бид гэдгийг  хүмүүс ерөөсөө мэддэггүй. Тэнд гоё хүүхдийн орчин байгаасай л гэж бид хүссэн.

-Та нар тэндэхийн зарим газар буудал барьж байгаа биз дээ?
-Үгүй ш дээ, хаана байна тэр буудал. Энэ төсөл аль хэдийнэ хэрэгжчих байсан. Зураг төсөвөө л бараг хоёр гурван сая доллараар хийлгэсэн. Гэтэл нэг өдөр гарч ирээд л газрынх нь энд тэндээс нь авчихдаг. Зурагаараа хийж болдоггүй, гацчихдаг. Бидэнд өндөр ашиг гэхээсээ зорилго маань чухал байсан. Ажил үүргийн хувьд бид гурав чинь өөр хүмүүс. Баясаа бол айхтар чамбай, чанга хүн Одоо ч гэсэн хүмүүс Баясаатай харьцахаас эмээдэг. Гэхдээ Баясаа шиг цагаан, уярамтгай хүн ховор. Ингээд хэлчихээр хүмүүс худлаа л гэх байх. Үнэн төрх нь тийм л байхгүй юу. Би үнэлэмж өгч болохуйц цаг хугацааг хамт өнгөрөөсөн учраас хэлж байгаа юм. Лу.Болд ах бол үлгэр мэт зүйлийг бодит болгож гаргаж ирж чадах  чадвартай хүн. Бид чинь хаагдмал хүрээнд олон жил амьдарсан. Арай өөр хүмүүжилтэй . Гэтэл одоо охиноо харж байхад шал ондоо. Задгай хөгжиж байгаа юм. Бидний толгой бол өөр. Хаагдмал талдаа. Харин Лу.Болд ахынх өөр. Холыг харж чаддаг. Хэзээ, арай ч дээ гэсэн юмыг  үгүй ш дээ гэж явсаар байгаад бид хоёрт итгүүлж чаддаг. Жишээ нь, банк байгуулна гэдэг үг аймаар хол сонсогдож байсан. “Голомт” чинь Монголын анхны хувийн банк шүү дээ. Дөнгөж үүргийн наймаа эхэлж байхад л Лу.Болд ах банк байгуулна гэж ярьж эхэлсэн. Анх ардчилал байгуулж үед цорын ганц намын хажууд өөр нам  байгуулж болдог юм уу гэж гайхширсан  шигээ л хүлээж авч байгаа юм. Ярьсаар байгаад итгэж үнэмшүүлж бас хийж чадсан.

-Дэлхийн бизнесийн түүхэнд найзуудын гайхалтай түүхэн замналтай компани олон байдаг. Гэтэл манай монгол компани яагаад 20-хон жил яваад салж байгаа юм бэ. “Бодь”-ийн задралд хүмүүс баярлаагүй шүү. Эрчүүдийн нөхөрлөл салж, эрэг нурна гэдэг монголчуудын хувьд баяр баясгалан биш. Энэ асуултыг Лу.Болдод ч тавьж байсан. Одоо танд тавъя. Ярьж болох төвшинд нь ярьж болох уу?
-Бидний нөхөрлөл Монголдоо сайны жишээ болдог байсан. Өнгөрсөн 20 жилд Монголд их л юм болсон. Харин бид хамтдаа байсан. Задралын тухайд мөнгө санхүүгийн асуудал байгаагүй. Бид гуравт гурвууланд нь мөнгө  нэгдүгээр зүйл биш. Би хамт явж ирсэн хоёр нөхрөө дэндүү сайн мэднэ. Хүмүүс мөнгөнөөс болсон гэж бодсон юм шиг байгаа юм. Тийм биш. Том аж ахуйг дээрэмдэж авдаг, дотор нь орж байгаад санхүүгийн түрэмгийлэл, булаан авалт явуулдаг бүлэглэл дэлхийн бизнесийн ертөнцөд үй түмээрээ байдаг. Ийм халдлага Монголд анх явагдсан. Бид гаднаас хэд хэдэн захирал авчирч тавьсан байсан юм. Олон улсын эдийн засгийн хэд хэдэн байгууллагуудтай өнөөдүүл маань сүлбэлдсэн. Тэр том дайралтын өөдөөс бид сөрж зогссон. Болж буй процессыг шууд таньж, зөв ойлгож чадаагүй нь үнэн. Тэр том дайралтын өмнө хааж зогсож  байсан ч нэгнийх нь тамир тасарсан, буруу ойлгосон  тийм л юм болсон. Том дарамтан дотроос бүлт бүлт үсрээд гардаг шиг л зүйл болсон. Хэн нэгнийгээ буруутгах зүйл байхгүй. Одоо бол Монголд дахиж тийм зүйл битгий тохиолдоосой гэж хүсч байна. Задралын тухайд хүн чанараас эхлээд олон зүйлийн шалгалт болсон. Бид ялж гарсан гэж би л хувьдаа хардаг. Гэхдээ бидний нөхөрлөл тусдаа асуудал. Бизнес бол өөр асуудал. Лу.Болд ахын гэр бүлийн бизнес тусдаа явж байна. Ер нь Лу.Болд ах бизнес хийж байгаагүй, хийх ч үгүй байх. Би бол үндсэндээ бүр гарчихсан. Баясаа, манай хүү хоёр л аваад явж байна. Нээрээ сая ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор Лу.Болд ахыг намын дээд шагналаар шагнахад би баяр хүргэж очоод хамтдаа хоол идсэн.  Лу.Болд ах надад их гоё үзэгний сав өгсөн ш дээ.

-Би мэдээлэлтэй байсан хүний хувьд хэлж байна л даа. Болж өнгөрсөн процес дунд хамгийн их шаналсан нь та байх. Ерөнхийдөө монголчуудын мэдрэмж ч бас учиргүй муу төвшнийх биш. Нөгөө хоёр нь гэмтэл багатай гарав уу даа. Лу.Болд л илүү хүнд шарх авав уу гэх бодол нийгэмд үлдсэн. Хамгийн сүүлд “Бодь” гэдэг нэрэн дээр шүүхдэлцэж байна гэхийг сонсоод ний нуугүй хэлэхэд таагүй санагдсан. Болдод “Бодь” гэх нэр нь үлдэхгүй юм болов уу гэж гайхсан шүү?
-Лу.Болд ах “Бодь” гэдэг нэрээ үлдээгээд явсан. Ганц хоёр компаниа салгаж авсан. Өөрөөр хэлбэл “Бодь” групп бүхэлдээ үлдсэн.

-Шүүхийн асуудал дууссан уу?
-Мэдэхгүй би сонирхож асуугаагүй, сонссон. Бусад асуудлуудын тухайд мэдэж байгаа учраас хэлээд байна. Одоогийн төвшинд гэрээ, эрх зүй, бизнесийн  харилцаа чинь шал өөр төвшинд хүрчихсэн шүү дээ. Чи бид хоёр биеэрээ уулзаж нүүр тулж ярилцаж чадамгүй бол өмгөөлөгчдөө  явуулчихна. Өнөө хоёр чинь ямар нэг сэтгэлийн хөдлөлгүйгээр асуудлаа шийдчихээд, болж байна гээд гарын үсгээ зурчихаж байна. Цаана нь хаана хаанаа хүлээсэн хариуцлага юм байгаа юм чинь.

-“Бодь” гэдэг нэр тодорхой хугацааны дараа эргээд нэгдэх цэг байж болох уу?
-Би чамд нэг юм хэлье, хүн ямар зорилго тавьж байна. Тэрэндээ л зорьдог. Монголчуудын бас нэг сул тал нь энэ насандаа бүгдээрээ яарч тэвдээд, өөрийн гэсэн компани, машин хаустай болох гээд яараад дайрчихдаг. Хаана амьдарч байгаа, ямар бололцоо, боловсролтойгоосоо үл хамаарна. Энэ яваа насандаа л бүгдийг амжуулах гээд байдаг. Хэтэрхий амиа бодож хувиа хичээсэн, дэндүү өөрийгөө бодсон хандлага. Миний хувьд өөрийнхөө  зорилтыг олон үе дамжуулж хардаг. Жишээ нь, зарим улстөрчийг хараад, арай ч дээ гэж боддог. Рейтинг гэдэг нэг талаараа үнэ цэнэ. Өөр дээр байгаа рейтингээ дуусч шавхтал нь ашигладаг. Хүүхдүүддээ юу ч үлдээхгүй. Өөр дээрээ хамаг юмаа  шавхаад дуусгачихдаг. Үр хүүхэдгүй, үр хүүхэд нь ирээдүйгүй юм шиг аягладаг.  Н.Алтанхуягийг огцруулсны дараа намайг сайд бол гэсэн. Ер нь миний амьдралд гурван удаа сайд болох санал ирсэн. Гурвууланд нь татгалзсан. Нэгийг нь С.Баяр ах тавьж байсан. Би татгалзсан. Зөвхөн амин хувиа бодсон бол болох л байсан. Би ч гэсэн энэ сайн нэрээ, хүүхдүүддээ  ирээдүйд үлдээх ёстой. Тэр хауст нь би амьдрахгүй  юм аа гэхэд миний хүүхдүүд амьдрах ёстой. Ирээдүйгээ, холыг харах юм бол нэг хүний ролийг онцолж харахаа больчихдог. Болж байгаа бүхнийг шал өөрөөр харж, дүгнэдэг болно. Тэр хэрээр стрессгүй болчихдог.  Аливааг алсаас харах хэрэгтэй л дээ.

-Засгийн тухайд хамгийн том галыг өөр дээрээ аваад, плакат хүртэл бариад суулаа. Өөрийг тань яг сайд болох гэж байна гэж бодсон шүү?
-Манай монголчууд ийм л дүгнэлт хийдэг  болчихоод байгаа юм. Өнөө аажуу уужуу алсыг хардаг монгол хүний үнэт чанар хаачсан юм бэ, мэдэхгүй.  Бид улам бүр хоосорч ядуураад  байх шиг. Саяхан манай Сүхбаатар аймгийн шинэ жил боллоо.  МАН-ынхан зохион байгуулалт, ирцэн дээр хүртэл улстөржөөд жигтэйхэн. Ямар ч ядуу юм бэ. Юм юман дээр, өгч байгаа үнэлэлт дүгнэлт нь хүртэл ядуураад л байна даа, бид. Дэг, сахилга бат, үзэл санаа амжилтад хүргэдгийг би Сүхбаатар аймаг дээр ойлгосон. Ингэлээ гээд ардчиллыг үгүйсгээд байгаа юм биш. Яалт ч үгүй  ардчиллыг дэгтэй цэгцтэй болгохын тулд суурь хийж өгөх ёстой. Яаж хийх ёстойг нь би мэдэхгүй. Ямар ч байсан хийх ёстой гэдгийг л мэдээд байна.

 -Ерөнхийлөгч сонгогдсоныхоо дараа “ намайг ерөнхийлөгч байхад төрийн хямрал нүүрлэхгүй, засаг огцруулахгүй байхын төлөө л явна. Засаг огцрохыг харахад дургүй”  гэж байсан. Сая танай нэг засаг яах аргагүй л уналаа. Сөрөг хүчин асуудлыг оруулж ирсэн байж болох ч 100 хувь тэднээс шалтгаалаагүй гэдгийг та ч, би ч мэдэж байгаа. Ингэхэд Н.Алтанхуягийн засаг яг юунаас болоод уначихав аа?
-Н.Алтанхуяг томрохгүй юу. Намын  тогтолцооных уу, эсвэл Н.Алтанхуягийн буруу юу би мэдэхгүй. Ямар ч сайн хүн хэсэг хугацааны дараа муу хүн болчихоод байх юм. Н.Алтанхуягийг би мэднэ. Түүн шиг сайхан хүн байгаагүй. Яагаад ийм муу болчихов гээд бодохоор энэ тогтолцоонд бас их учир байх шиг байгаа юм.

-Н.Алтанхуяг стандарт бус ерөнхий сайд байсан байх аа?
-Н.Алтанхуяг асар их хөдөлмөрлөсөн, асар ихээр өөрийгөө золиослосон. Нойр, хоолгүй зүтгэсэн, хичээсэн. Тэр Дэнзэнг төрүүлье гэж төрүүлээгүй байх л даа. Эцэст нь бүр аргаа бараад Н.Энхбаяртай нийлж өөрийгөө хамгаалах ажиллагааг сонго биз дээ, хөөрхий. Ерөнхийлөгчийн тухайд хэлсэн үгэндээ хүрээд л байна ш дээ. Бодоод байсан чинь Монголд төр хямарч байсан юм уу. Ард нийтээр сонгодог Ерөнхийлөгчийг бид нар нэг удаа Үндсэн хуулийн бус аргаар огцруулж үзсэнгүй. УИХ нь дандаа л хуваарьт хугацаандаа буудаг. Гүйцэтгэх засаглалын тухайд шаардлагатай бол хэд сольсон ч яадаг юм бэ. Муу бол солих л хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд би бүлэг дээр хатуу байр суурьтай байдаг хүн. Жил гаруйн хугацаанд бүлгийн хурал Н.Алтанхуягтай үзэж тараад дийлээгүй. Бүлгийг бүлэг шиг байлгая, олноороо асуудлаа ярьдаг баймаар байна. Н.Алтанхуяг аа, чиний засгийн хурал чинь хүртэл биш болоод байна гэж сайд нар чинь хэлээд байна. Сайд нар хурал дээрээ орж ирээд зүгээр гараа өргөдөг болчихсон байна. Ганц хоёр хүн бүх асуудлыг шийддэг болж.  Бондын зөвлөл гэж шал худлаа юм байгуулаад ашиг сонирхол зөрчилдөөд байна гэж. 

-Шинэ засгийг оршихуйн хувьд хэврэг байх магадлалтай гэж хардаг. Таныхаар хэрхэн дүгнэж байна вэ?
-Сүүлийн үед нэг зүйлийг л их боддог болчихлоо. Ер нь цөөнх хэрэггүй юм шиг байна. Цөөнх хэдийгээр ардчиллын гол эд эс мөн ч гэлээ арай өөр гарц бас байна. Бид анхнаасаа л АНУ-ын  ардчиллыг үлгэр болгосон. Гэхдээ сүүлийн үед би Швейцарийг их судалж  байгаа. Манайхтай төстэй юм их байна, тэнд. Швейцарь  шууд ардчилалтай. Иргэн нь бүх юмаа мэддэг.

-Швейцарийн шууд  ардчилалд асуудал бас бий.  Нэг сургуулийн дээврийг солихгүй гурван жил болсон, гүүр эвдрээд дөрвөн жил боллоо. Засах гэхээр, шинээр барих гэхээр иргэдийн санал нэгдэж өгөхгүй байна гээд байж байдаг л юм билээ?
-Швейцарьт төсвийн орлого бүрдүүлэхдээ биднийхээр бол сум буюу анхан шатны нэгжид 30, аймагт 30, улсад  30 хувь гэсэн зарчмаар зохицуулдаг. Тэр хэрээр асуудлаа орон нутгийн төвшинд шийддэг. Тухайн газарт сургууль, цэцэрлэгийн алийг барихаа иргэд өөрсдөө шийддэг. Нэгэнт сургууль барина л гэсэн бол 10 жилийн хугацаатай зээлийг зовлонгүй өгдөг. Итгэл бий болсон гэсэн үг л дээ. 10 жилийн хугацаанд орон нутгийн төсөв зээлээ төлөөд дуусчихдаг. Орон нутгийн хөгжлийн сан шиг эрэмбэлэгдээд явчихдаг. Мөн хоёр парламенттай. Нэг хуулийг хоёулаа баталж байж хүчин төгөлдөр болдог.  Хууль нь  иргэн Зоригт таалагдахгүй бол жил хэдэн сарын дотор 50 мянган хүний гарын үсэг цуглуулваас улсын хэмжээнд заавал санал асуулга явуулдаг. Хэрэв ард иргэдээс дэмжлэг авахгүй бол шууд унагадаг. Парламентад нь сөрөг хүчин байхгүй. Намууд суудал авсан хэмжээгээрээ засагтаа орчихдог. Сөрөг хүчин хаана байгаа юм бэ гэхээр сөрөг хүчин бол ард иргэд гэдэг. Үндсэн хуулиараа иргэндээ эрхийг нь өгчихсөн байдаг юм билээ.

-Түүнээс гадна сошиал ертөнц гэж цоо шинэ ертөнц, шинэ бололцоо нээгдлээ. Хэвлэлийн хүн гэхэд би их хожуу орсон. Харин та бол идэвхтэй хүмүүсийн нэг. Төрсөн өдрөө гэхэд л огт танихгүй олонлогтой хамт тэмдэглэж ч байх шиг. Бас нэг ажиглагдсан зүйл гэвэл таныг муулж байсан ч, сайшааж байсан ч бүгдэд нь RT хийж байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Би ухаантай байгаа хэрэг л дээ./инээв/  Тэр нөхөртэй маргалдаж суувал хар ядаргаа, инээдтэй биз дээ. Намайг үзэн яддагаасаа илүү дэмждэг нь олныг би мэддэг.  

-Та бас сошиал ертөнцийн ачаар оны хамгийн эротик гишүүнээр тодрох дөхсөн?
-Энэ бол зүгээр л гарц, гаргалгаа. Улстөрчдөд байдаг гол үнэ цэнэ бол нэр хүнд. Нэр хүндийг нь унагахын тулд ямар нэгэн сул, муу талыг нь олж харах. Намайг идсэн уусан, тендер авсан гээд биччихье гэхээр байхгүй. Өө хайгаад эхэлж байгаа юм. Гэр бүл хүүхэд ухаад эхэлнэ. Тэгэнгүүт нь өөдөөс нь юм өгч байгаа ухаантай юм шүү дээ. Үнэхээр юм олдохгүй болохоор уухайн тас шүүрээд телевизийн нэвтрүүлэг хүртэл хэдээр нь хийлээ, нийтлэлүүд бичигдлээ. Эхлээд порно гишүүн гэж байснаа одоо эротик гишүүн боллоо. Сүүлдээ зүгээр мужик болох байлгүй гэж л хараад байгаа шүү дээ, би.

-Бодлогоор тэр зургийг гаргаж шидсэн юм байна, тийм үү. Технологи л доо ?
-Сошиал медиа бол үнэхээр гайхамшиг. Хамгийн дэвшилтэт технологи болгоныг би үнэхээр шүтдэг. Сошиал ертөнц хүмүүсийг эрэмбэлж, ялгаварладаггүй. Яг нэг төвшинд аваачдаг. Хэний тархи толгойных нь багтаамж өндөр, хэн нь илүү мэдээлэлтэй, боловсролтой байна тэр л хүлээн зөвшөөрөгддөг.  Энэ ертөнцийн гишүүн байна гэдэг яс юман дээр их хурлын гишүүн байхаас илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй юу. Бодоод үз дээ. Хэзээ ч нүүр тулж уулзаж үзээгүй 400 гаруй хүн Хорлоо эмээгийн асуудлыг хэдхэн хоногт шийдчихэж л байгаа биз дээ. Би сошиал медиагийн бүрэн эрхт гишүүн учраас зоримог байдаг. Энэ бол гайхамшигт ертөнц. Одоо энэ гайхамшигт ертөнцөө хамгаалж, эрх чөлөөгөө баталгаажуулж авч үлдэх ёстой. Тэр ч утгаараа интернэтийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилсан. Зоригоо ганцаараа хийгээд байгаа юм биш шүү. Нөгөө л 25 жилийн өмнө хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж явсан нөхдийн ажил. Гэхдээ би ямар ч улстөрчидтэй хамт байхаас илүү энэ цахим ертөнцөд эрх чөлөөтэй байж чаддаг өөрөөрөө бас бахархдаг л байхгүй юу.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив