Т.Гүррагчаа: Оргил үргэлж зүүдлэгдэж байдаг
2015 оны 1 сарын 21 [Уншсан тоо: 77924]
Монгол Улсын гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, уулчин Т.Гүррагчаа гуай 73 насандаа Гималайн ноён оргил далайн төвшнээс дээш 8850 метрт өргөгдсөн Жомолунгма оргилд авирах урилга хүлээж авчээ.



-Уулын спортын хамгийн өндөр настай нь та юу, эсвэл танаас өндөр настай хүн бий юу. Эр хүний насыг асуухад гилмэх зүйл байхгүй биз дээ?

-Одоо авирч байгаа хүмүүсээс надаас илүү өндөр настай хүн байхгүй. Энэ жил би 73 хүрч байна. Хонь жилтэй хүн л дээ. 

-Та цэрэгт явах гэж нутгаасаа гараад, цэрэг байхдаа хөгжим рүү орсон юм байна лээ.

-Би ах дүү арвуулаа. Бага насаа аав ээжийнхээ гар дээр өнгөрөөсөн. Айлын хоёр дахь хүүхэд.  Миний дээд талын ах сургууль соёл гээд явчихсан. Манайх мундаг олон малтай айл байсан юм. Тэгээд л би багаасаа хонь хариулсан. Сургууль соёл гэж яваагүй. Аав ээж маань мал дээр аваад үлдчихсэн. Намайг 17-18 настай байхад нэгдэл байгуулагдаж, манайх гишүүнээр элссэн. Би чинь хашаа барьдаг, жин тээдэг сүрхий эр боллоо. Томчуудын нөмөргөн доор ингэж л ажил хийж сурч байлаа даа. Багадаа би их сонин хүүхэд байсан. Манай ээж морин хуур тоглодог байлаа. Хавар мал төллөж байх үеэр хонь хариулж явахдаа хурга, ишиг хийдэг уутаа үүрчихнэ. Дээр нь бас ан хийдэг буутай.

-Их дээр үеийн морин хуур байсан байх даа?

-Их дээр үеийн морин хуур байсан.

-Танд өвөлж ирсэн юм уу. Ямар хуур байсан юм бэ?

-Хувийн гараараа хийсэн хуур. Ямааны арьсаар цар хийчихсэн, нэг тийм хар юм л байдаг байсан. Зарим үед нүүхээр чих нь хугарчихсан, арай л нөгөө цар нь цоорчихгүй явж л байдаг. Тэгээд л модны хар давирхай түрхээд дуугаргадаг тийм л хуур байсан юм. Тэгээд үүрчихээд л өдөржин хонь хариулна. Заримдаа хоёр, гурван хонь, хурга нөгөө уутандаа хийчихсэн ирнэ. Заримдаа ч хоосон ирнэ. Заримдаа ганц ятуу, туулай агнаад ирнэ. Хээр хонь сайхан идээшилж байх үеэр өнөө морин хуураа хөрөөдөж суудаг байлаа. Морин хуураасаа уйдаад ирэхээрээ буугаа бариад ятуу, туулайны араас хөөцөлдөөд өдрийг бардаг ийм л хүүхэд байлаа даа.

-Ятууны мах их гоё амттай шүү?

-Яриад юу гэхэв. Маш гоё амттай.

-Ятуу агнахаар зуд болдог гээд цээрлэдэг. Танай нутагт тэгдэггүй байсан юм уу?

-Манай нутагт тийм яриа байдаг талаар надад л лав сонсогдоогүй.

-Мал ихтэй айлын хүү байж яах гэж ятуу агнадаг байсан юм бэ. Сахилгагүйтэж байгаа хэрэг үү?

-Тэр үед чинь хоршооны төлөвлөгөө гэж байдаг байлаа. Тарвага, туулай, ятуу гээд оноочихдог байсан.

-Ятуу, туулайгаа тэр чигээр нь махтай нь өгөх үү?

-Махтай нь өгнө. Тарваганы арьсыг өгнө. Бүр шар зурамны арьсыг хүртэл өгдөг байлаа шүү дээ. Тэгээд яахав дээ, нэг арьсанд 10 мөнгө, дээд тал нь 50 мөнгө өгнө. Чоно, үнэгний арьсанд бол гурван төгрөг өгдөг байсан нь надад тэр үедээ их л юм санагдаж байлаа. Аав ээж хоёр намайг орой хониноос ирэхэд “За, миний хүү юу агнав” гээд л тосоод ирдэг байсансан.

-Тэдгээрийг ингэхэд юугаар агнах вэ. Буудах уу?

-Калибраар буудна. Эвийг нь олбол чоно ч агнаж болдог мундаг буу шүү дээ. Тэгээд орой хониноос ирэхдээ нэг туулай, нэг ятуутай ирнэ. Заримдаа хоёр туулай агнаад ирдэг байсан. Ер нь тэр үед ан элбэг байж дээ. Одоо бол тийм юм байхгүй болсон. Хоёр, гурван ишиг уутандаа хийчихсэн, ер нь бас л нэлээд ачаатай ирдэг байсан. Ядрангуй харагддаг байсан юм болов уу, аав тосч ирээд буу авч, ээж бусад зүйлийг маань авдаг байлаа. Тэгээд л гурвуулаа үлгэрийн далай шиг улс л гэртээ орно. Төд удалгүй дөнгөж цайгаа уучихаад хурга, ишгээ тавиад хонь малаа хөхүүлэхийг нь хөхүүлнэ. Ажлаа дуусаад гэртээ орж ирээд хоол унд ч гэхгүй, уураг хөөрүүлж уугаад л унтана даа.



-Хуур яах гэж авч явах уу, ер нь?

-Цаг ашиглаж хөдөө хээр явахдаа л хуур тоглож сурах л гэж байхгүй юу даа.

-Ер нь л их идэвхтэй хүүхэд байжээ дээ?

-Тийм байсан юм байлгүй дээ. Юм юманд л их сонирхолтой хүүхэд байж.

-Тэр үед хүүхдийн мөрөөдөл ямар байсан бол. Хот хүрээ явахыг, сургууль соёлд орохыг мөрөөддөг байв уу?

-Мөрөөдөлгүй яах вэ.

Хот явах юмсан, Улаанбаатарыг үзчих юмсан гэж их боддог байсан. Манай Ховд чинь их уул хадтай болохоор геологийн хайгуулынхан их явдаг байлаа. Тэр үед энэ хүмүүстэй геологиор яваад, хаана юу байдгийг нь үзэх юмсан гэж хүртэл боддог байлаа. Тэгээд Цэдэндамба гээд аймагт байдаг хамаатны хүнтэйгээ уулзахаар аймаг орлоо. Гэтэл тэр ах маань ч нэг их намайг авч хэлэлцсэнгүй. Тэр хүн их л том хүн юм гэнэ лээ гэсэн ойлголттой. Тэгсэн “Чи арай бага байна даа” гээд үл тоогоод байгаа юм шиг санагдаад, дургүй хүрээд буцсан. Тэгж байгаад 1963 онд цэрэгт явсан. Яг 20 настай цэрэгт явсан. Дотоодын цэргийн 015 дугаар ангид ирээд, бага даргын сургуульд хуваарилагдаад тэнд 45 хоног хичээлд суулаа. Тэгээд бага дарга гэдэг хүн болдог юм болов уу гээд бодоод явсан чинь хөгжмийн салаанд хуваарилчихлаа. Манай Манхан сумаас Содномдаржаа, Дарь бид гурвыг хошууч Сүрэнхорлоо гэдэг хүн сонсголоор шалгаж авлаа. Тэгсэн тэнцчихдэг юм байна.

-Морин хуур оролдож байсан нь хэрэг болж дээ?

-Тэр чинь л надад урлагийн суурь болсон юм. “Сонсгол сайтай юм байна, тэнцлээ” гэсэн. Ер нь би чинь бараг сургуульд сураагүй хүн шүү дээ. Ингээд л нот сурах юм болоод л явчихлаа. Бид гурав ч дор нь сурчихлаа. Ингээд гурвуулаа сайхан хөгжимчин боллоо.

-Яг ямар хөгжим юм бэ?

-Үлээвэр хөгжим. Бид ч төд удалгүй архаг хөгжимчид боллоо. Улсын баяраар аймгийн хөгжимчид нэгдэж баярын парадад явна. Урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа Цэрэнпил гэдэг хүн Сүхбаатарын талбай дээр бүгдийг нь цуглуулдаг байсан. Бид улсын баяр болохоос өмнө нэг сар бэлтгэл хийнэ дээ. Морин тойруулга гэж байсан. Тэнд л бид чинь өглөөнөөс эхлээд сургуулилт хийдэг байлаа.

-Дунд сургууль бол төгссөн биз дээ?

-Дунд сургууль ч төгсөөгүй.

-Тэгвэл бичиг үсэг яаж сурсан юм бэ?

-Бие дааж сурсан.

-Цэрэгт явахаасаа өмнө сурчихсан юм уу?

-Цэрэгт явахаасаа өмнө сурсан. Цэрэгт байхдаа аав, ээждээ захиа бич-чихдэг байсан шүү. Аав, ээжээс захиа ирдэггүй, миний бичсэн захиа тэдэнд хүрч байгаа ч юм уу бүү мэд. Их л захиа явуулдаг байсан. Бас хажуугаар нь нэг охинтой танилцчихсан байсан юм аа.

-Нутгийн?

-Нутгийн. Нөгөөхдөө нэг муу юм захиа бичнэ. Тэр маань надад бас бичнэ. Намайг бодоход арай гайгүй, дунд сургууль төгссөн юм болов уу. Тэрнээс бас хааяа нэг захиа ирнэ. Тиймэрхүү байдлаар нь цэргийн албыг хаасан даа. Тэгээд 1966 онд халагдсан.

-Халагдсаныхаа дараа шууд хотод үлдчихсэн юм уу?

-Халагдаад л хотод үлдсэн. 1966 онд халагдахаас наана цэргийн олон төрөлт гээд 75 метрийн диаметр дотор гранат чулууддаг. Хамгийн голынх нь жижиг тойрог 110 оноотой байсан. Ингээд л спорт руу татагдаж эхэлж байгаа юм.



-Цэрэгт байхдаа л уу?

-Шууд л хөгжим, спорт хоёрт дурласан. 

-Та чинь их мундаг хөөмийчин юм байна лээ шүү дээ. Хөөмийгөө хэзээ яаж сурсан юм бэ?

-Хүүхэд байхдаа саваагүйтэж салхи гарахаар түүнийг хөөх гэж үзнэ. Манай нутагт Цагааны Лхагва гэж мундаг хөөмийлдөг хүн байлаа. Ээжийн маань хамаатны хүн байсан юм. Их сайхан яриатай хүн байсан. Намайг урамшуулах гэж “Уг нь ч ядах юм байхгүй л дээ” гэж хэлдэгсэн. Тэгж сонирхож үнэн худал дуугаргасаар байгаад сүүлдээ хөөмийчин боллоо. Морин хуур сурчихаар бүгд хоорондоо уягдаад холбоотой болчихож байгаа юм л даа. Тиймэрхүү байдлаар урагшилсаар байгаад үлээвэр хөгжим нотоор тоглодог болсон.

-Цэргээс халагдаад хаашаа явсан юм бэ?


-Манай нөхдүүд халагдаад явлаа. 1966 онд их үер болсон доо. Дарь бид хоёр хал цэрэг Энхтайваны гүүрний тэнд нутгийн айл хэсээд явж байсан юм. Улсын баяр наадам болдгоороо болж байсан. Манай анги Их тэнгэрийн аманд. Тэгсэн “Ард иргэд анхаараарай, үер боллоо” гээд л явчихдаг юм байна. Хоёулаа гараад Энхтайваны гүүрээр гарах гэсэн чинь усанд боогдоод гарч чаддаггүй. Хүмүүс хашгиралдаад шуугилдсан юм л болж байсан. Тэгээд яахав, анги түргэн авсан яана аа гэж бодоод хувцсаа тайлсан. Тэр ус чинь цээжээр татаад л, гэхдээ тийм ч ширүүн урсгалгүй байсан. Тэгээд гүйгээд очсон чинь анги түргэн авдгаа авчихсан, айлуудыг зургаан дугуйтай хөвөгч машинаар лагераас нүүлгэж байсан. Манай ангийн өвлийн байр Улаанхуаранд байдаг байсан. Улсын баяр өнгөрөөд л бид халагдах гэж байсан л даа. Тэгээд цэргүүд дайчлагдаад айл нүүлгэх ажилд орсон. Тэгж байтал тог байхгүй, таг харанхуй боллоо. Гэсэн ч айлуудыг зөөсөөр байгаад Улаанхуаранд хүргэсэн. Тэгсээр байгаад бид долдугаар сарын 30-нд халагдсан юм. Нэгдүгээрт, би багаасаа хөдөө хүнд ажил хийж залхсан байсан. Хоёрдугаарт, төв газар бараадаж сургууль соёлтой болъё гэж бодсон. Хөдөө гараад дахиад л хонь маллаж, хашаа барьдаг ажлаа хийнэ гэхээр надад ямар ч ирээдүйгүй юм шиг санагддаг байсан. Тиймээс хот бараадаж амьдаръя гэдэг бодолтой явсан. Тэгээд намайг Засгийн газрын хамгаалалтын албанд авсан. Засгийн газрын ордонд комендатын алба гэж байлаа л даа. Тэнд орсон. 

-Улаанбаатарт байхдаа ямар айлд амьдарч байв ?

-Төмөр замд Дэмбэрэл гээд манай нутгийн айл байдаг байсан. Хүүхэдгүй айл байсан л даа. Тэднийд нэг жил амьдарсан.

-Нутгийн айл гэх ойлголт тэр үед л байж дээ. Бас л сайхан үе шүү.

-Тэгэлгүй яахав. Ах дүү шиг л байна. Одоо бол тэгэхгүй. Тэр айлдаа ч би бас мундаг тусална. Чадах бүхнээрээ л туслаж, бие биенээ дэмжих хүсэлтэй байна шүү дээ. 

-Нөгөө нутгийн охиноо яасан бэ, ингэхэд?

-Нутгийн охин тэгэсгээд цэрэгт байхад л ерөөсөө чимээгүй болчихсон. Сургийг нь сонсох нь ээ, нутгийн нэг залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон гэсэн. Тэгээд ч би Улаанбаатарт, тэр хүн хөдөө байгаа юм чинь больё гэж санасан. Үнэндээ түүний талаар бодох сөхөө ч байгаагүй. Улаанбаатарт яаж амьдрах уу, яаж сурах уу л гэж бодно. Би тэр Дэмбэрэл гэдэг айлдаа хоёр жил болсон. Засгийн газрын гадна талын аюулгүй байдлыг хариуцдаг цагдаа байлаа шүү дээ. Өвөл болохоор хөлдөж үхэх гээд, зун нь шатах гээд хэцүү л алба байсан. Одоо ч их гоё болж.

-Тэгээд сургууль соёлын мөрөө яаж хөөв дөө?

-Төмөр замд 20 дугаар сургууль гэж байсан. Гэр ойрхон байсан болохоор тэр сургуульд оройгоор явлаа. Тэгж аравдугаар ангиа төгссөн. Дараа нь Улсын багшийн дээд сургуульд оройгоор сураад, сүүлдээ улс төрийн дээдийг хоёр жил суралцаж төгссөн. Би Улаанбаатарт суурьшаад таван зорилго тавьсан юм. Нэгдүгээрт, би дээд сургууль төгсье. Хоёрдугаарт, офицер болъё. Офицер болно гэдэг чинь их гоё шүү дээ. Нэр хүндтэй, цалин мөнгө өндөр гээд их юм байна шүү дээ. Хажуугаар нь бас спортын мастер болъё гэсэн зорилго тавьсан. Дөрөвдүгээрт, жолооч болъё гэсэн зорилго тавьлаа. Сүүлд нь орон байртай болъё гэж бодсон. Энэ зорилгуудаа бичээд халаасандаа хийж явдаг байлаа. Тэгээд явсаар байгаад их сургуулиа төгсөөд, офицер боллоо. Дундуур нь хөнгөн атлетикаар хичээллэсэн.

-Спортын мастераа ямар төрлөөр авав?

-Спортын мастерыг уулаараа авсан. Цаана нь ч хичээллэдэг спортын олон төрөл олон бий.

-Уул руугаа бол та нэлээн эрт орчихсон юм байна шүү дээ?

-Би цэргээс халагдаад л цана, бокс, мотоспортоор явсан. Тэгээд нэг л болж өгөхгүй байсан. Тэгж явсаар 1977 онд Дугана хаданд авирч эхэлсэн. Ууланд авирсан чинь их гоё шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг надад авчирсан. Ялангуяа байгальтай харьцах дэндүү сайхан байсан.

-Эр зоригийн спорт юм даа?

-Яалт ч үгүй эр зоригийн спорт. Тэнд чинь авирч, зүдэрч гардаг. Бууна гэж бол сүнгэнээд л бууна. Маш гайхалтай амьдрал.

-Анхны гарсан оргил тань Дугана хад юм уу?

-Ерөөсөө л хадны спортоор эхэлсэн. 1963 онд цэрэгт ирэхээс өмнө манай Мөнххайрхан буюу Ховдын нутаг дэвсгэрийн ноён оргилд авирсан. Манай Манхан сумын цаана Булган сум гэж байсан. Тэр Булган сумаас тэмээгээр мод татдаг байхгүй юу. Утасны дүнзэн мод татдаг байсан. Тэр модыг чирэх гээд надаас ахмад хэдэн хүмүүстэй явлаа. 30-аад тэмээгээр мод чирэх юм гэнэ. Намайг бага хүүхэд болохоор таван тэмээтэй явууллаа. Одоо Гурван цэнхэрийн агуй гэж яригдаад байдаг даа, тэрний урд талын Хуурай цэнхэр гэдгээр нь гараад Мөнххайрхан сумаар ороод Булган сумын Сэрүүн гэдэг газраас мод татдаг юм байна л даа. Тэгээд явж байсан чинь Мөнх хайрханд авирхаар уулчид ирсэн гэж дуулдлаа. Би ч их сонирхлоо. Тэр үед Мөнххайрхан гэхээр хүн айдаг байлаа. Энэ хайрхан их аюултай, хүн гардаггүй юм гэнэ лээ гэж ярьдаг л болохоос биш хүн гарна чинээ санаанд ердөө ордоггүй байлаа. Тэгээд модоо бэлтгэхээр Мөнх хайрхны урдуур гараад явж байсан чинь олон уулчин авирч байнаа. Одоогоор бол уулчид Барилгачин оргилд авирч байсан байгаа юм. Тэгээд буцаад ирсэн чинь Барилгачин оргилын маань мөс нь гялтайгаад ноён оргил руу нь дурандахаар улаан туг байна аа. Тэгээд л энэ мөсөн дээр гарч үзвэл ямар гоё вэ гэж бодсон. Яаж гардаг юм бол, явж үзэх юмсан гэж бодсон. Тэгж л уулын сонирхол анх төрсөн юм даа. 1977, 1980 онд энэ спорт их хөгжиж байсан. Уулчид Мөнх хайрханд авирдаг юм гэнэ гэж сонслоо. Тэгээд цэргээс халагдаад, дотоодын цэргээс гурав, дөрвөн хүнтэй нэг баг бүрдүүлж аваад Мөнх хайрханд авирхаар баахан уулчид дагаад явлаа. Хүч нийгэмлэгийн уулчдын баг юм гэнэ. Тэр үед нутгаараа дайраад ээж, аавтай уулзахад аав маань “Миний хүү Мөнх хайрханд авирах гэж явах нь зөв юм болов уу” гэсэн. Ээж тас тас инээгээд “Энэ олон хүн явж байхад миний хүү чадахгүй яадаг юм бэ” гэхэд нь намайг дэмжиж байна гэж ээждээ их л баярлаж байж билээ. Тэгээд л 1976 оны намар Мөнх хайрхан руу авирлаа.

-Тэр үед зориулалтын хувцас, хунар гэж ямархуу зүйлс байх уу?

-Ямар юм байх вэ дээ. Хөөрхий минь, Оросын дээр үеийн л эд. Бараг музейд тавих шахуу нэг зүйл байсан л даа. Муурын хумс, таяг гээд дандаа гологдмол юм байсан. Тэрнээс өөр юм байхгүй. Тэгээд тэр нь ховор болохоор ээлжилж хэрэглэнэ. Ингээд л Мөнх хайрханд авирах юм боллоо. Тэр үед Р.Зориг багш биднийг аваад явлаа. Тэгсэн хоёр баг болгоод хамгийн түрүүнд намайг олсонд оруулаад явуулчихдаг юм байна. Бөөнөөрөө нисвэл үхнэ шүү дээ. Тэгээд би урд нь орчихоод таягаараа газар хатгаад эргэж хараад бусаддаа “Тэгж яваарай, ингэж яваарай” гэнэ. Нэлээн дээр гараад явж байсан чинь Р.Зориг багш “Нөхөд минь ээ, та бүгд яаж явж байна” гэж асууж байна. “Энэ замаар ингэж явдаггүй юм. Эндээс чулуу нурахаар үхнэ шүү дээ. Урдуур нь тойрч гар” гэлээ. Тойрч гараад дээр гарахад заримыг нь багш буцаалаа. Бидний зургаан хүн цааш явлаа. Бидэн дунд эмэгтэй хүн байхгүй. Тэгж явтал цасан шуурга болоод хаагуур яаж явж байгаа нь мэдэгдэх юм алга боллоо. Баянцагаан, Чагнаа, Батхүү гээд дандаа мастеруудтай явсан. Би нутгийн хүн болохоор нутгийнхаа хайрханд гарна гээд их л додьгор амьтан. Ангалын ирмэг дээгүүр л яваад байлаа. Яг оргил дээр нь гарсан чинь нэг, хоёр нь уйлаад аюул болж байна. Тэгэхэд би уйлаад байхдаа яадаг юм гэж бодож байгаа юм. Би болохоор цаашаа ямар юм байдаг юм бол гэж шунахаас өөр зүйл бодохгүй. Тэгж л би анх 1977 оны намар уулын оргилд гарч үзсэн дээ. Түүнээс хойш сагсуураад “Тэнд ч гарна, энд ч гарна” гэдэг боллоо. Би дотоодын цэрэг, хүчний байгууллагуудын анхны багш шүү дээ. Хүч спорт хорооны 60 жилийн ойн номыг дарга нь байсан хурандаа Магванноров гэж хүн бичсэн. Тэр хүн бас миний шавь. Спортын мастер болсон мундаг тамирчин л даа. Тэр хүн 60 жилийн номдоо бичихдээ дотоодын хүчний байгууллагын анхны багш гээд намайг зураг хөрөгтэй тавьсан байна лээ. Сүүлд би дотоодын цэргийнхээ багийг олон жил авч ууланд явсан. Альпинат гээд олон улсын том том аялал болдог. Улсын аваргатай тэнцэх хэмжээний авиралт хийдэг. Энэ тэмцээнийг олон жил зохион байгууллаа. Сүүлд нь уулын холбооны гишүүн болоод Авран хянах алба гэж байдаг. Тэр нь уулчдыг хаана авирч байгааг мэддэг, бие нь муудахаар авардаг, тусламж үзүүлдэг авран хянадаг групп. Түүний даргаар олон жил ажилласан. Тэгээд бүр сүүлдээ гадаадын уулчидтай бие дааж явдаг боллоо. Гадаадын уулчдыг авчирч хамтарсан авиралт их хийсэн дээ. Японы уулчидтай олон жил авирлаа. Скандар гээд ахлагчтай Чехийн уулчидтай их авирсан. Франц, Германы уулчидтай авирч, сүүлд 2001 онд Гималайн салбар хоёр том оргилд авирлаа. Мөн Казахстан, Киргизийн хил Тяншины нурууны ноён оргил Хан тэнгэр гээд 7010 метрийн их хүнд авиралт хийсэн дээ. Ингээд нийтдээ 43 жил ууланд авирч байна даа.



-Гималайд анх хэзээ авирав?

-2001 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 2 хүртэл 32 хоног салбар хоёр оргилд гарсан. Яг Гималайн ноён оргилд гарах гэхээр төлбөр мөнгө байхгүй байсан. Гималайд авирсаны түрээсийн мөнгө төлдөг юм ш дээ. Ер нь тав, зургаан хүнтэй бага бол 50 мянган доллар төлж гарна шүү дээ. Тэр үед надад тийм боломж байгаагүй. Тиймээс тэр хажуу талын оргилд авирсан. Надтай 10 гаруй уулчин явсан. Тэгээд хорхой хүрээд болохгүй байхаар нь 6619 метрийн өндөртэй Лобичи гээд харандааны үзүүр шиг сайхан оргил бий. Тэр оргилд гарсан.

-Хорхой хүрээд гэх юм. Уг нь энэ их эрсдэлтэй спорт шүү дээ. Тэгсэн ч оргил дуудаад л байх уу?


-Оргил харахаар л зүүд нойрноос гарахаа больчихдог.

-Ер нь авирхад тохиромжтой цаг гэж байх уу?

-Өндөр ууланд авирхад хавар тавдугаар сар хамгийн тохиромжтой. Тэр чинь зун хаврын зааг гэсэн үг шүү дээ. Гималайд авирах гэж байгаа хүнд есдүгээр сар хамгийн тохиромжтой. Манай баруун аймаг уулын эх орон л доо. Энд авирхад есөн сар арай л хүйтэдчихээд байдаг юм. Наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны хооронд хамгийн тохиромжтой. Гималайгаас айгаад яг л хавар, намар хоёрт л явна. Гэтэл тэр хугацаанд манай Алтай таванбогд, Мөнх хайрхан руу туугаад явчихна шүү дээ. Цагдаагийн 90 жилийн ойгоор Алтай Таванбогдод дөрөвдүгээр сарын сүүлээр гарч байсан. Үнэхээр бэрх авиралт болсон. Адаглаад нөгөө мөс нь уяраагүй байдаг юм билээ. Мөн Хэнтийн Асралт хайрханд 1980 оны өвөл нэг сард авирч байсан. 

-Ууланд авиралт хийж явахад хээрийн хамгийн сайхан хоол нь юу вэ?

-Хурдан хийж идэхэд борц л алт байдаг юм даа. Шуузалсан мах байна. Арвайн шар тостой гурил байна.

-Тийм үү. Ер нь мөнх цаст оргил л гээд байдаг. Яг оргил дээр гарахад мөнх цас бусад цаснаас ямар ялгаатай байдаг вэ?

-Мөнх цас гэж сэвсийсэн цагаан, зөөлөн, аваад идсэн ч ус унд болдог их сайхан цас байдаг. Энгийн цас их хатуу байдаг. Зарим оргилын мөнх цас олон жил болсон нь хүрэн улаан хужир ургасан байдалтай ч байдаг. Хавар болоод хайлахаар улайгаад өөрөөс нь хужир шиг зүйл ургадаг. Тэрийг бол идэж болохгүй. Шинэ цасыг нь идэж болно.

-Оргилын салхи энэ дэлхийн хамгийн хүчтэй салхи байх уу. Ер нь салхигүй оргил гэж байх уу?

-Байхгүй. Тэнд байгаа шуурга тэр орчиндоо л байдаг. Мөнх цастай уулын шуурга цаг агаарын төхөөрөмжинд ажиглагддаггүй юм шүү дээ.

-Та бүхэн үйлээ үзэж авирч авирч оргил дээр нь төрийн далбаагаа л мандуулдаг биз дээ. Эргээд очиход далбаа байх уу?

-Тэр чинь их учиртай. Хамгийн гол нь оргилд гарсан баталгаа болгодог байсан байна. Жишээ нь Алтай Таванбогдод төмөр хайрцаг байна. Бид оргил дээр нь гараад тэр дотор нь протокол бичээд хийдэг.

-Тийм үү. Авирч явахдаа сүрлэг ан амьтадтай олон таарч байв уу?

-Хэнтийн ноён оргилд баавгай биднийг их айлгана шүү дээ. Ер нь бид баавгайнаас айгаад гал түлж хонодог юм шүү дээ.

-Буудахгүй юу?

-Бидэнд буу зэвсэг авч явах боломж байхгүй. Буу гэж гурван кг-аас дээш жинтэй байна. Тэгэхээр пуужин дохио гаргах төдий зүйлтэй л явна. Түүнээс биш буу сум аваад явна гэж байхгүй.

-Одоо таны эверэстийг зорьсон мөрөөдлийн авиралт болох гээд байна аа даа?

-Харин тийм.

-Ноднин та нээрээ Японд гүйсэн гэсэн. Магадгүй уулын спортын хүн болохоор гүйлт рүү оров уу?

-Би ууланд авирахын зэрэгцээ хөнгөн атлетикаар хичээллэдэг. Ууланд авирахгүй болохоор таргалаад бахардаад байдаг. Тиймээс би байнга ууланд бэлэн байрыг хичээдэг. Энэ утгаараа гүйдэг болсон. Тэгсээр байгаад бие хөнгөрөөд хөнгөн атлетикийн тэмцээнд оролцдог боллоо. Ноднин би Японд очсон. Тэндээс хүрэл медаль авсан. Тэнд 32 орны 1200-аад тамирчин оролцсон юм. Тэр тэмцээнд бид дандаа хувиараа явна шүү дээ. Биднийг ивээн тэтгэх газар ямар байх биш. Гэхдээ хүнийг амжилт гаргаад байхаар найз нөхөд, хүмүүс их дэмждэг.   

-Та чинь Улаанбаатарч 40 жил болсон гэл үү?

-1963 оноос л хойш шүү дээ. Одоо 40 гаруй жил болж байна.

-Тэгээд одоо болохоор Ховдод амьдардаг.


-Би 2003 онд тэтгэвэртээ гараад нутгаа, уулаа бараадаад Ховд руугаа явсан. Би чинь гэхдээ хариуцлагатай ажил хийж байсан хүн шүү. Тэр үеийн л мундгуудын хамгаалалтад байлаа. Тэднийг л хаа явна, дагаж авч явдаг байсан.

-Тэр үеийн томчуудын зан ааш хэр үү. Сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?

-Ж.Самбуу гуай. Сүүлдээ их өндөр настай болчихсон л доо. Ер нь яг өөрийнхөөрөө л байсан даа. Шатар тоглох хүн олоод ир гэдэг. Их тэнгэрийн аманд сайхан гэр барьчихаад, айраг уугаад сууж байдаг их намбалаг хүн байсан. Гэргий Нямаа гуай нь намайг дуудаад миний хүү цай уу гэдэг байсан. Бидний үед тийм зүйл байхгүй шүү дээ. Хатуу үе байсан. Ю.Цэдэнбал гуайд бол бас янз бүрийн тийм элдэв зан байхгүй, Филатова гуай харин жаахан ааштай хүн байсан. Ер нь эвгүйдүү. Сүүлдээ олон жил болохоор дасчихдаг л даа. Манай Д.Содном гуай, Ж.Батмөнх дарга хоёр их сайхан зантай хүмүүс шүү дээ. Манай Ж.Батмөнх даргын гэргий Даариймаа гуай чинь маш сайхан хүн шүү дээ. Биднийг “Та нар явж амраач” л гэдэг байлаа. Ж.Батмөнх гуай Хандгайтад их гарна. Д.Содном гуай Туул голын доод руу загас магас гээд бас салхинд гардаг байлаа. Ю.Цэдэнбал дарга Гацууртын дээшээ Бургасанд их салхинд гардаг байлаа. Хээр очоод жаахан юм ууж иднэ л дээ. Бас л дуудаад ууж идээч гэдэг байлаа. Төв хороонд улс төрийн товчооны хэдэн гишүүд байдаг. Нөгөө есөн гишүүн яалаа. Дарга нартай ойр байхад тэдэнтэй бас ойр дотно байна. Д.Майдар гуай бол их ширүүн. Д.Майдар гуай хүнтэй ярих ч үгүй. Машины хаалгыг дандаа өшиглөж хаана. Их харилцаа муутай гэмээр хүн байсан. Дүгэрсүрэн гэж хүн байлаа. Муухай ааштай. Бас Санжийн Батаа гэж генерал байлаа. Тэр хүн бас эвгүй, биднийг загнана. Ж.Самбуу гуай чононд их явна. Явахаараа үүрээр явдаг. Нэг л их том чонон гутал өмсөөд л явна. Сайн бууддаг байсан. Нэг явахдаа хоёр гурвыг буудаж ирээд гараашдаа та нар янзал гээд хаячихна. Ж.Самбуу гуай их анд дуртай хүн байсан юм. Заримдаа хоосон ирнэ. 

-Тэтгэвэрт гарах ер нь гунигтай юм уу?

-Миний хувьд гуниггүй, маш гоё. Надад гунигтай, уйтгартай байх цаг байдаггүй. Зарим хүн хамт олноосоо тасарлаа, өнчирлөө гээд өөрийгөө сэтгэл зүйн их төвэгтэй байдалд оруулдаг юм шиг санагдсан. Гэтэл би бол уяанаасаа алдуурсан нохой гэдэг шиг л явж байна.

-Гэргий тань ямар ажил эрхэлж байв?

-Аюулаас хамгаалах яаманд төлөөлөгч хийдэг байсан. Би бэлтгэл дэд хурандаа, манай гэр бүлийн хүн хошууч хүн. Увсын хүн л дээ. Манайх хоёр хүү, нэг охинтой.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив