Б.Мэдрээ: Би бараг л аз жаргалтай хүн. Тиймээс надад үхэн хатан зүтгэх юм байхгүй
2015 оны 2 сарын 16 [Уншсан тоо: 159313]

Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал бөгөөд Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчөөр нийт 5 жил ажилласан.

Тэрээр ЗХУ-ын Харьков хотын Инженер-Эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг юм. Банк, санхүүгийн салбарт 27 жил ажилласан, Монгол Улсын гавъяат эдийн засагч, энэхүү банкир эрхмийг “Open door сонин VIPerson зочноороо урьж ярилцлаа.

-Б.Мэдрээ захирлыг мэдэхгүй, танихгүй хүн ховор байх. Бараг байхгүй байх гэж бодож байна.

-Харьцангуй биз дээ.

-Энэ олон жил тантай үг сольж, ярилцлагын ширээний наана, цаана суух боломж зөндөө байсан боловч явсаар энэ хүрчээ. Өнөөдөр бол таныг зочноор урих шалтгаан гараад ирчихлээ.  Учир нь та том сенсацийн эзэн болчихоод сууж байна. Тэр тусмаа цочирдмоор гэмт хэрэгт ч холбогдчихлоо. Тэгээд л редакцийнхантайгаа зөвлөж байгаад  олж уулзъя гээд ирсэн нь энэ.

-Аль асуудлаар нь явж байгаа юм бол доо. Өөрөө ч гайхаж баршгүй гэмт хэрэгтэн болчихоод байж байна шүү.

-Ноён Б.Мэдрээ та хүний наймаачдыг далд санхүүжүүлэгч, зохион байгуулагч гэсэн ноцтой, маш аюултай нэр хоч зүүчихлээ. Би бол спортын сэтгүүлч биш. Гэхдээ таныг тодорхой өрсөлдөөнд орж байгааг харж байна. Их хэмжээний мөнгө хаясан, нэлээд хүчтэй бодлого явж байх шиг байна. Яаж яваад ийм зүйлстэй холбогдчихов оо?

-Яг одоогийн нөхцөл байдалд миний бие Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшээд өрсөлдөж байна л даа. Энэ өрсөлдөөнд хоёрхон хүн л одоо үлдсэн. Миний өрсөлдөгч болохоор ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн пиар хариуцсан зөвлөх Ганбаатар гэж хүн  байгаа. Харин нөгөөх нь миний бие Б.Мэдрээ. Тэгэхээр миний эсрэг хар пиараа явуулж, хүний наймаачин гэх аймшигт нэр цол хүртэл зүүх хэмжээнд хүртэл шатаж, өрсөлдөгч маань өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийж байна л даа. Энэ явуулж байгаа ажиллагаа нь надад шууд л ингэж хэлж байна. Хүний наймаачин гээд байгаа нь дэлхийн хөлбөмбөгт сайн хөлбөмбөгчдийг нэг клубээс нөгөөд худалдах, худалдан авах, солилцоо хийх гэх мэт энэ ертөнцөд тасралтгүй явагдаж байдаг процесстой л холбож хэлэх гэсэн санаа юм шиг байгаа юм. Тайлбарлахад ч сонирхолгүй хөгийн гэмээр сэдэв юм даа.

-Наадах чинь бол тамирчдыг дагасан дэлхийн том бизнес шүү дээ. Энэ ойлголтыг түшиж, жижигхэн Монголын нэг иргэнийг хүний наймаачин гэхдээ тулж нэрлэх үү. Би хувьдаа эргэлзэж л байна?

-Тийм. Том бизнес. Мань мэтээс давсан, хамаагүй өөр төвшний том бизнес. Хөлбөмбөгийн холбоо гэхээр л энэ том ойлголтыг шууд татаж авчраад энд холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа миний эсрэг хар пиар хийхийн тулд хүний наймаачин хүртэл болгож байна. Өөр ямар балдуушных нь хүний наймаа байх вэ дээ.  

-Манайх хөлбөмбөгийн орон биш. Хөлбөмбөгийн фанатуудтай, энэ спортод хайраа өгч эхэлж байгаа залуу орон шүү дээ. Энэ том спортын ертөнцийг чиглэсэн өөрийн гэсэн амбицтай, тэрийгээ гаргаж тавьж эхэлж байгаа л ийм орон. Манай нийгэм ч энэ талаар тийм ч их давалгаалсан ойлголтгүй шүү дээ. Дээдсийн хэмжээнд л энэ сонирхол явж байгаа.

-Зарим талаар тийм л дээ. Гэхдээ насан турш энэ спортоор өвчилсөн, хичээллэсэн, амьдралаа зориулсан улсууд олон. Энийг бид хөлбөмбөгийн орон биш, бидэнд уламжлал байхгүй гэж унтрааж бас болохгүй л дээ.

-Тийм л байх. Тэгэхээр хүний наймаа гэхээр олон ядуу айлын хүүхдүүдийг хөлбөмбөгчин болгох нэрийдлээр гадаадад гаргаад баллаад байгаа юм шиг л аймаар ойлголт явчихлаа. Та болохоор үүнийг их гэрэл гэгээтэйгээр тайлбарлаж байна. Гэтэл үнэндээ таныг хэд хэдэн хүүхдийг зарах гэж байсан гэж хүртэл бичиж байна шүү дээ.

-Би хөлбөмбөгтэй зэрэгцээ нэг жишээ авъя. 1975 оноос Монгол улс ерэн хэдэн он хүртэл Япон улстай дипломат харилцаа тогтоогоод явж ирсэн. Тэр үеийн Японы 125 сая ард түмэн бол Монгол гэдэг улсын тухай бүгдээрээ тийм ойлголтгүй зөвхөн ажил хэргийн болон улс төрийн хүмүүс л мэддэг байсан байх. Гэтэл Кёкүшюзан гэдэг хүн сүмогийн ертөнцөд орж ирээд шуугиулаад мэхний их дэлгүүр гэдэг нэр хоч зүүгээд эхлэнгүүт Японы 125 сая хүн Монголын талаар бүгдээрээ мэддэг болсон. Тэгэхээр спортын хүч чадал гэдэг ямар хүчтэй байна вэ, дипломат албанаас илүү шахам хүчтэй байна шүү дээ. Тэр үеэс хойш манай ёкүзуна нар төрөн гарсан байна. Дэлхийн хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийн спортод Монголын нэрийг мандуулсан нэг ч хүн байхгүй байгаа. Ганцхан миний ойлгосноор бол Япон хүний тусламжтайгаар 24-тэй Мөрөн гээд залуу Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн багт  зуучлагдаад тоглож байна. Хэрвээ дэлхийн хүчирхэг Германы Байерн, Английн Манчестер, Испанийн Барселон, Реал зэрэг багт монгол хүн тоглох юм бол Монгол улсын тухай ойлголт дэлхийн нийтийнх болж хувирна. Тиймээс би нэг монгол сайн тоглогчийг ч гэсэн Тайландад гаргаж энэ их замыг эхлүүлсэн бол болоо биш үү. Тэр хүний хувийн амьдрал нь дээшилсэн байх. Лав л манайд авдаггүй цалин авч байгаа байх. Тэгээд энэ нь хууль журмын дагуу явагдсан бол гутрах зүйл алга.

-Хэрвээ тийм бол бухимдах хорсох юм үнэхээр байх ёсгүй л дээ.

-Тэгэхээр өрсөлдөгч маань маш их айж сандарч байна. Айсандаа хамгийн бүтэхгүй, хүн амьтан хирд хиймээр  нэр томьёог бодож олж ашиглаж байна л гэж харахаас даа. Хүний наймаачин гэдэг бол угтаа хууль эрх зүйн утгаараа бол маш хүнд гэмт хэрэг.  Би энэ надтай холбоод байгаа хүмүүстэй яаж учирснаа яръя. Нууж хаах юм алга. Над дээр есдүгээр сард хэдэн залуус  ирж гуйсан юм.

-Юу гэж?

- “Та хөлбөмбөгчин байсан хүн. Та 1997-1999 онд хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч болонгуутаа ФИФА, Азийн хөлбөмбөгийн холбоонд Монголын холбоог элсүүллээ. Төсөв батлууллаа. Та тэгээд анхны мөнгө орж ирээд, тэр нь Б.Ганболдын хувийн нэрийн дансанд орчихсон байнгуут  “Би ийм шударга бус явдалтай эвлэрэхгүй” гээд хаалгаа саваад гарсан.  “Одоо та буцаж ирээд шударга ёс тогтоогоод өгөөч. Зөв тогтолцоо голдиролд нь оруулаад өгөөч” гэж. Яг л ингэж надад асуудал тавьж хандсан. Тэгэхээр нь угаасаа хөлбөмбөгт дуртай, сэтгэлтэй хүн юм болохоор хууч нь хөдөлсөн юм уу, мэнгэр нь хөдөлсөн юм уу.  “Та нар надад итгэж байгаа бол би өрсөлдье” гээд амлачихсан. Болсон явдал ердөө л энэ. Энэ болтол би 1999 оноос хойш бараг л 15- 16 жил хөлбөмбөгийн холбоотой холбоогүй гэртээ телевизороороо хөлбөмбөгөө  хашгирдагаараа хашгирч, орилдогоороо орилж үзээд л, авдаг кайфаа аваад л, өмнөх ажлаа хийгээд л, банкаа удирдаад л явж байсан. Үндсэндээ энэ холбооны ажлаас тасраад холдчихсон байсан.

-Ер нь бол манайх нэг үе хэцүү л байсан. Юун мэргэжлийн спортын холбоод хөгжих. Ганц нэг бизнесийн сэтгэл зүрхтэй улсууд л чирж явсан шүү дээ. Боксын холбоог Ш.Сайхансамбуу  янз бүрээр хэлүүлээд л чирсэн л байдаг. Тэр хүнд үед таныг бас  Хөлбөмбөгийн холбоотой хувь заяагаа холбож, дэмжиж тэтгэж явсныг мэднэ. Манай Р.Амаржаргал гишүүн хүртэл Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Та найз нөхөд болохоор түүнийг тийш нь татсан уу, эсвэл угаасаа тэр хөлбөмбөгийн хорхойтон байв уу?

-Энэ ийм зүйл болсон юм. 1997 оны нэгдүгээр сард над дээр дасгалжуулагч, шүүгч, шигшээгийн тоглогч гээд таван залуу хүрч ирээд “Хөлбөмбөгийн холбоо уналтад орчихлоо. Мөнгө төгрөггүй болчихлоо. Хуучин удирдлагууд нь иймэрхүү юманд орчихлоо. Та залуудаа сайн хөлбөмбөгчин байсан юм байна. Хөлбөмбөгчид дотроо хамгийн өндөр албан тушаал хашиж байгаа юм байна. Энэ холбооны үйл ажиллагааг одоо шинэчилмээр байна. Хоёрдугаар сарын 14-нд холбооны их хурал болно. Та ерөнхийлөгч болооч” гэлээ.  Би нэг л юм асуусан. Та нар ойрын зорилтын талаар юу гэж бодож байна вэ. Миний үзэж байгаагаар ойрын зорилт бол олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн болох шүү дээ гэж. Зорилтоо тодорхойл. Тэгэхээр энэ зорилгыг биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд нөлөө үзүүлж болох хүн  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гэж хүн байгаа гээд. Манай  Р.Амаржаргал бид нар нэг байрных л даа.  Надаас долоон насаар дүү, хөлбөмбөгийн хувьд бол надаас миа тоглодог.  (инээв) Гэхдээ манай байр 7-8 хөлбөмбөгийн спортын мастертай шүү. 40 айлын орон сууц  мөртлөө. Тэгэхээр тэр байрны соёл, өв уламжлал нь ерөөсөө хөлбөмбөгөөр амьсгалчихсан орчин байсан юм л даа. Яагаад гэхээр “Алдар”-ын стадионы хажуухан талд байсан. Бид хөлбөмбөгийн мастеруудыг харж хөлбөмбөг тоглож сурсан хүүхдүүд. Р. Амаржаргал ч гэсэн өөрөө хөлбөмбөг тоглодог, энэ спортыг мэддэг. Өвчилсөн хүн. Надтай надгүй татагдаад л орно ш дээ.

-Улстөрчийнх нь нэр хүндийг бас та тэр үед ашиглах гэсэн байна шүү дээ?

-Тийм. Тэр үед Их хурлын дарга ч билүү, төсвийн байнгын хорооны дарга хийж байсан. Тэгээд та нар дэмжих юм бол би санхүүг нь хариуцаад, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллахад татгалзах зүйл байхгүй гэж нөгөө залууст хэлсэн л дээ. Тэгээд 1997 оны хоёрдугаар сарын 14-нд 114 хүн хуралдаад яг миний хэлсэн саналын дагуу Р.Амаржаргал ерөнхийлөгч болоод би дэд ерөнхийлөгч болоод тэгээд л дараа нь ерөнхий нарийн бичгийн даргаар морь хочит Б.Ганболдыг миний дэвшүүлснээр сонгосон. Яагаад гэхээр бид хүүхэд насандаа бага, дунд, ахлах ангийн хүүхэд байхдаа хотын хөлбөмбөгөөр өрсөлддөг гол дүүргүүдийн хүүхдүүд байсан. Би бол Найрамдлын районых, “морь” бол ажилчны районых бас чамгүй сайн тоглодог хүүхэд байсан. Тэр үед “морь” хийсэн тодорхой ажилгүй байсан учраас шинээр байгуулагдсан холбоон дээр найман цаг бүтэн суудаг, хөлбөмбөгөө мэддэг ийм хүн байж, суурин ажиллах ёстой гээд би түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар тавьсан. Түүнээс биш тэр хүнийг ёс зүйн хувьд ямар хүн болохыг нь мэдэхгүй шүү дээ. Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэгчээр энэ талын мэдээллийг нь нүүрэн дээр нь бичдэггүй биз дээ. Надтай хөлбөмбөгөө хөгжүүлье л гэж харьцдаг хүн байсан.

-Тэр хүн маань бас ямар гээчийн юманд орооцолдчихов оо?

-Угаасаа л суурь соёл, гэрийн хүмүүжил, боловсрол, ухамсар, ёс суртахууныг нь бид  мэдэхгүй шүү дээ. Анхны санхүүжилтыг ФИФА-д боловсруулж өгөөд 278 мянган доллар батлаад, Азийн хөлбөмбөгийн холбооноос 18 мянган доллар батлаад, би банкин дээрээ хөлбөмбөгийн холбооны данс нээчихсэн байсан чинь нөгөө мөнгөнүүд орж ирдэггүй. Асуухаар явуулсан л гэдэг. Судалсан чинь Б.Ганболд хувийн нэрийн данс өөр банкинд нээгээд өөртөө авчихсан байхаар нь “За, энэ хүн дөнгөж ирчихээд луйвар хийж байна гээд найзын хувьд Р.Амаржаргалд хэлсэн. Амраа би одоо болилоо, хийдэг юмаа хийчихлээ. Гэхдээ ийм шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй. Чи цаашаа засч залруулаарай” гээд гараад явсан. Огт мөнгөгүй байсан холбоо, арай гэж нэг юм төвхнөөд, хөөцөлдөөд мөнгө оруулаад ирсэн чинь, хувийн дансанд орчихдог. ФИФА-гаас шалгаад л үзнэ шүү дээ. Аймаар явдал.

-Тэр хүн их зовлонтой байдалд орсон юм шиг байна лээ. Сошеал ертөнцөд бол гудамжинд дүүжлэхэд бэлэн шахам бухимдал урссан. Та Б.Ганболд гуайтай сүүлд ер нь уулзсан уу?

-Би 1999 оны тэр явдлаас хойш хоёр тийшээ болсон. Нэг удаа хальт тааралдаж байсан.

-Би спортоос хол хүн болохоор танд миний асуулт таалагдахгүй байж магадгүй. Манайх хөлбөмбөгийн орон биш. Гэтэл хөлбөмбөгийн холбоо нь тэмцэлдээд, хэрэлдээд л байх юм. Тийм их мөнгө эргэлддэг юм уу. Үнэхээр хөлбөмбөгийн холбоонд гадна дотноос хэр хөрөнгө оруулалт орж ирдэг юм. Улсын төсвөөс авдаг юм байна уу. Хорин хэдэн жилийн дараа Монголын хөлбөмбөгийн холбоо байгуулагдсаны үр дүн гэж яг юу байна вэ?

-Дэлхийн хөлбөмбөгийн холбоо 209 орны гишүүнтэй. Манайх рейтингээрээ 194 дүгээр байранд байна. Эрэмбээрээ нэгт гэхэд сая дэлхийн аварга болсон Герман, хоёрт Аргентин, гуравт Бразиль гээд ингээд жагсдаг . Анх 1997 онд шинэчлэгдсэн хөлбөмбөгийн холбоо байгуулагдаад гишүүнээр нь 1998 онд элсээд 2000 он хүртэл тэмцээн уралдаанд орж  байхад бид рейтингээрээ 209 орноос 163-т байсан юм. Тэгэхээр 163-аас  194 хүртэл 31 байраар арагшаа ухарсан байна. 209 орноос 194-т орно гэдэг адагт байгаа  15 орны дээр орсон байна. Тэгэхээр үр дүн нь ахисан биш ухарсан. Өнөөдөр үүнээс ургуулаад юу ярих ёстой вэ гэхээр хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа доголдолтой байна, удирдаж байгаа хүмүүс нь бас доголдолтой байна, тиймээс Монголд хөлбөмбөгийн спортыг шинэ шатанд хөгжүүлэх хэрэгтэй байна, удирдлагын болон менежмент зохион байгуулалтын хувьд шинэчлэх шаардлагатай байна гэсэн зүй ёсны асуулт урган гарч ирж байгаа юм. Монгол улс 1964 онд хойд Солонгосын багтай тоглоод 3:1-ээр хожигдож байсан юм. 1966 онд Англид дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  болоход бидэнтэй тоглосон хойд Солонгосын баг эхний наймд шалгарч байлаа. Тэгэхээр хөгжүүлээд байсан бол үндэсний хэмжээний спорт болж чаддаггүй юм гэхэд ийм байдалтай сууж байхгүй л байсан. Ахин хэлье, энэ спорт чинь дэлхий нийтийн спорт байхгүй юу. Энэ чинь транснациональны корпораци гэдэгтэй адилхан бүх тивд түгсэн дэлхийн номер нэг спорт. Гэхдээ тоглодог, шүүдэг, дасгалжуулдаг хүмүүсээс гадна фанатууд гэж дэлхий даяарх орон зайг эзэлсэн ийм спорт. Өнөөдөр эмээ өвөө нар ач нараа хөлбөмбөгийн дугуйланд сургаж байгаа байх, аав ээж нар хүүхдээ хөлбөмбөгөөр сургаж байгаа байх. Ах эгч нар нь хүргэж байгаа байх. Ийм л хэмжээнд манайд явж, тэлэх гэж хичээж байна.

-Монголд хөлбөмбөгийн мэргэжлийн талбай гэж байхгүй биз дээ?

-Байхгүй шүү дээ. Зүлэг нь нэг ч овон товон байхгүй тэгш талбай байх ёстой. Гэтэл бид дандаа чулуун дээр тоглож ирсэн. Дэгээдүүлж унаад л улаан нялга болдог. Миний мөрөөдөл гоё зүлгэн дээр тоглож үзэх юмсан гэсэн л мөрөөдөл байсан.  Гэвч тийм талбай дээр тоглож үзэлгүй залуу насаа өнгөөрөөлөө. Одоо гишүүн орнууд ФИФА Гоол I, II, III гэсэн төсөл хэрэгжүүлээд яг тэр ногоон зүлгийг чинь хийж байна. Бид хийнэ л дээ. Яг жинхэнэ хөлбөмбөгийн орнуудад талбай нь органик зүлэгтэй байдаг. Гэхдээ л хиймэл зүлэг ч гэсэн унахад зөөлөн, гөлгөр тэгшхэн. Тэрийгээ ч гэсэн хийх юмсан. Монголд хөлбөмбөг ялангуяа нийслэлд дөчөөд оны сүүл тавиад оны эхээр Оросууд хөгжүүлээд дүүргүүд хоорондоо хөлбөмбөгөөр үзэлцдэг байлаа. Ялагдсан нь нөгөөгийнхөө тархи толгойг чулуугаар хагалдаг бас ч жижиг хэмжээний байлдаан болдог байлаа шүү дээ.(инээв)  

-Манайд ФИФА-гийн гишүүнчлэлээр дамжуулан тийм их санхүүжилт орж ирдэг юм уу?

-1998 онд ФИФА-д элсээд, би төсвийг нь боловсруулаад нэг сая доллар гэж анх оруулсан. Үгүй ээ, гээд 800 болгосон. Түүнийгээ дахиж хянаач гээд, ахиад 700 гээд л явуулсан. Тэгсэн 278-аар батлагдсан. Тэгээд тэр мөнгө нь орж ирээгүй. Би тэгээд л  гарсан учраас түүнээс хойш төслөөр хэд орж ирсэн юм, жилийн төсвөөр нь хэд орж ирсэн юм гэдгийг би үнэхээр хэлж чадахгүй. Харин улсын төсөв энэ тэрээс юу ч авахгүй шүү дээ.

-Тэнд мөнгөний их эргэлт байгаа учраас л тийшээ шунацгааж байна гэж та нарыг шүүмжилж байгаа.

-Миний насыг ч, нийгэмд эзэлсэн байр суурийг ч бодсон мөнгөний шуналаас аль хэдийнэ ангижирчихсан хүн шүү дээ. Байгалиасаа би нэг их шуналгүй шаар юм шиг байгаа юм. Байгаагаа хуваалцчихдаг.  Жишээ нь, Худалдаа хөгжлийн банкны миний өмнөх захирлыг өөртэйгөө харьцуулахад өөрийгөө дөвийлгөсөн гэж хэлэхгүй байлгүй . Төрийн өмчийн хорооноос ашигтай ажилласан, татвар сайн төлсөн гээд шагнахад 90 хувийг нь өөртөө аваад 10 хувийг нь бусдадаа өгдөг байх жишээтэй. Дараагийн жил нь төдий хэмжээний шахам шагнал ирэхэд би таван хувийг нь өөртөө аваад 95 хувийг нь хамт олондоо хувааж өгч байсан. Тэр олон хүнийг ажиллуулчихаад хар амиа бодож болохгүй биз дээ. Би мөнгө дагасан зовлонг гэтэлчихсэн хүн. Тэгэхээр надтай ийм инээдтэй сэдвээр ярих асуудал байхгүй.

-Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчтэй ФИФА дээр очоод ФИФА-гийн ерөнхийлөгчтэй уулзаж, Монголын хөлбөмбөгийн мөрөөдлийг ваатум цаасан дээр бичиж өгч байх түүхэн үйл явдлын гэрчийн нэг би болж байлаа. Тухайн үедээ надад сайхан л санагдаж байсан. Одоо ингээд ерөнхийлөгчийн зөвлөх Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байгааг харахад Ерөнхийлөгчийн тэр мөрөөдөлтэй холбоотой, бодлоготой орж ирж байгаа залуу юм болов уу гэж бас харах. Ер нь энэ залуу хөлбөмбөгийн холбоотой ямар түүхээр холбогдож байсан хүн юм бэ?

-Надад тэр талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хувь хүний тухай би тэр хүний хэмжээнд очиж доошоо орж элдэв явуулын үг шидмээргүй байна. Харин Монгол улсын төрийн тэргүүний хувьд бол 2050 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах тухай их сайхан мөрөөдөл гаргаж тавьсан. Тэр биелэхгүй л дээ. Яагаад гэвэл Монгол улс гуравхан сая хүнтэй, 100 мянган хүний стадион ч байхгүй. Гэхдээ би тэр үйл явдлыг хөлбөмбөгийг эх орондоо хөгжүүлэх мөрөөдөл гэж  эерэг талаас нь харсан. Хөгжүүлэх  ёстой. Бид мөрөөдөж байж л хөгжинө. Улс орны эдийн засаг өндийхтэй холбогдуулаад захаас нь бид ажиллаж болно. Ядахдаа манай төв стадион чинь 10 мянган хүний суудалтай шүү дээ. Хөлбөмбөгт  зориулсан стадион тусдаа байдаг. Битүү стадионтой байх ёстой байхгүй юу. Дэлхийн бүх улсад шахуу арванхоёрдугаар сард тэмцээнтэй байхад манайхан зургаа долоохон сар тоглож байгаа юм. Таван сар тоглолтгүй байна. Яагаад гэвэл цаг уур нь хүйтэн. Битүү стадион барьчих юм бол 12 сар ядахдаа Улаанбаатартаа тоглоод байна. 10-15 мянган хүний битүү стадион бариад цас бороо орохоор битүүрчихдэг, сайхан нарлаг өдөр нээгдчихдэг ийм стадионтой болох мөрөөдлийг би ч гэсэн дотроо тээж явдаг. Улаанбаатарт анхны ийм стадионыг барих ёстой байх. Тэгээд тэрийг нь бизнес зориулалтаар гэдэг юм уу, нөгөө 10 мянган хүн дээр оруулахаар 30 мянган хүн үздэг, түүний 20 мянгад нь билет зарахаар 600 сая болдог. Тэр 600 саяынхаа 50 хувийг нөгөө хамтлаг дуучдын зардалд өгдөг. Харин 50 хувь нь хөлбөмбөгийн холбоондоо үлддэг энэ тэр гээд олон менежмент хийж болно.

-Та анх энэ холбоог биежиж байхад нь тодорхой үүрэг биелүүлчихээд холдсон гэж байна. Гэтэл сүүлийн сарын турш явж байгаа мэдээг харвал та тэндээс амбицаа хэзээ ч татаагүйгээр барахгүй хөлбөмбөгийн холбоотой байнга хутгалдаж байсан юм шиг юм ярих юм. Сүүлд Японы иргэн Т.Миромото, И.Отгонбаяр, Г.Мөнхчулуун гээд залуучуудын зургийг тавиад эд нартай нийлж хүний наймаа хийдэг, бизнесийн нэг талбар болгосоор ирсэн гэж байна. Тодорхой хүмүүсийн нэр хүнд хөндөгдөж байгаа учраас би асуух ёстой. Энэ хүмүүстэй та ямар холбоотой вэ?

-Яах вэ, энэ өнгөрсөн 2014 он есдүгээр сарын дундуур хөлбөмбөгтэй холбоотой гурван хөлбөмбөгчин надтай уулзахаар ирсэн, би чинь 1999 оноос хойш хөлбөмбөгийн холбоотой огт холбоогүй болчихсон гэж хэлсэн шүү дээ. Тэд надад “Энэ оны арваннэгдүгээр сарын 22-нд Монголын хөлбөмбөгийн холбооны их хурал болно. Та ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээч ээ. Хөлбөмбөгийн холбоог зөв голдрилд нь оруулаад өгөөч” гэсэн. Тэр үеэс би Г.Мөнхчулуун гэдэг хүнийг таньдаг болсон. И.Отгонбаяр бол 1997 онд над дээр нөгөө орж ирсэн залуусийн нэг нь байсан. Надаас үе мултарсан дүү хүмүүс л дээ. Би И.Отгонбаярыг 1997 оноос хойш мэднэ. Би өөрөө санхүүжүүлээд Пусаны зүүн Азийн тоглолт, Тайландын Азийн тоглолтод мөнгө цуглуулаад араас нь очоод хоол унд, зочид буудлыг нь зохицуулаад л явж байсан. Тэр үед энэ залуу ажиллаж л байсан. Харин Г.Мөнхчулууныг манай банкнаас зээлтэй гээд бичээд байсан чинь манай банкны харилцагч биш байна лээ. Манай банкнаас зээлгүй юм байна. Бас юунд тэр хүнийг ингэж гүтгэж байгааг ойлгоогүй. Хөлбөмбөг бол эр хүний спорт. Энэ рүү ороо ч үгүй байж ингэж баллаж байгаа улсуудыг харахаар сэтгэл өвдөх юм.

-Японы иргэнийг нь танихгүй юу?

-Японыг нь бол огт танихгүй.

-Та хөлбөмбөгийг эр хүний спорт гэж байна. Өнөөдөр та өөрөөсөө 20 насаар дүү залуутай өрсөлдөж байх шиг байна. Төрж байгаа мэдрэмжүүдээсээ хуваалцвал. Яг ийм өрсөлдөөнд орж байв уу, та?

-Бараг л үзээгүй юм байна. Мэргэжлийнх нь онцлог илэрч байна. Тэр дотроо хар пиараараа гаршсан хүн юм байна гэсэн мэдрэмж надад төрж байна. Ний нуугүй хэлэхэд. Энэ чинь өөрөө хүнлэг ёсны хүмүүжил байхгүйн л шинж шүү дээ. Яг харахаар надад сонин сэтгэгдэл төрдөг.  Тэр хүнд байдаггүй харин надад байдаг чанаруудыг эсрэгээр өөрт нь байдаг мэтээр биччихэж байгаа юм. Тэгэхээр тэр хүнд авьяасыг нь бурхнаас заяагаагүй юм байна. Бусдыг л, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарыг онцгой ашиглаж, учраа мэдэхгүй хүмүүсийг хөлсөлж ажиллуулах арга чаргыг бол түүнд заяалгасан бололтой юм.  Удирдах, зохион байгуулах, хүнийг ажиллуулах, бүтээх, босгох, үр дүнд хүргэх гэсэн урт зам мань хүнд байхгүй л дээ. Гэтэл тэрийг нь амьдрал дээр би бүгдийг нь харуулсан хүн. Тэр нь их өрөвдмөөр санагдаад байгаа юм. Надад байгаа үнэт зүйл тэр хүнд гэнэт бий болчихгүй. Маш хэцүү зүйл л дээ.

-Та бол хувийн хэвшлийн хүн. Харин өрсөлдөгчид тань төрийн албаныхан байх шиг. Та Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзаж ярилцаж ер нь үзсэн үү?

-ФИФА гурван зүйлийг дүрэмдээ хориглочихсон байгаа шүү дээ. Улс төр оролцож болохгүй, энэ чинь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Төрийн оролцоо орж болохгүй гээд. Төрийн албаны тухай хуулийн 6.1.10-т зааснаар энэ хүн төрийн, улстөрийн албан тушаалтан гэж явж байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн хүнтэй уулзах ямар ч хэрэг байхгүй. Ач холбогдол өгч хууль зөрчсөн хүнтэй би ярих ёсгүй. Тэгэхээр би уулзахгүй, ярилцлагад орохгүй, хууль бус зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй л байхгүй юу.

-Нийгэмтэй ажилладаг хүний хувьд нэг зүйл харамсалтай санагдаж байна. Цаад талд нь нэг санаа зовних юм байна. Монголын банк санхүүгийн ертөнцөд элдэв савалгаа ирж болохгүй. Таныг Худалдаа, хөгжлийн банкийг маш муу удирддаг л гэнэ. Дээр нь Монголын банк санхүүгийн ертөнцийн нөлөө бүхий хүмүүсийн эсрэг хэвлэл мэдээллээр юм бичүүлж явдаг л гэнэ. Н.Золжаргалын эсрэг хамаг зүйлийг жишээ нь та л хийдэг юм байх. Бас таны ажиллаж байгаа Худалдаа, хөгжлийн банк тун эвгүй байдалд байгаа мэтээр ийм ойлголт  гараад ирлээ. Үүний талаар тантай уулзчихаад асуулгүй өнгөрч чадахгүй нь?

-Бидний өрсөлдөж байгаа салбар  хөлбөмбөг  шүү дээ. Тэгэхээр Монголынхоо хөлбөмбөгийг яаж хөгжүүлэх вэ. Холбоогоо яаж сайжруулах вэ. Энэ гол сэдвээ л ярь л даа. Гэтэл энэ хүн чинь байж ядаад, сандраад ойж буугаад хаа хамаагүй салбар руу ороод байна шүү дээ. Банкны салбар гэдэг чинь итгэлийн байгууллага. Энэ нь ямар утгатай вэ гэхээр иргэн Дорж, Дулмаа мөнгөө хадгалуулдаг. Банкны хөрөнгийн 90 хувь нь хадгаламж эзэмшигчдийн л хөрөнгө байдаг. Тэгэхээр ингэж мэргэжлийн байгууллага руу дайрна гэдэг бол угаасаа хууль бус үйлдэл. Тэгэхээр  энэ асуудлаар бол би шүүхэд шууд хандана. Юу ч хийхээс буцахгүй байна шүү дээ. Харин хөлбөмбөгийг хөгжүүлэх асуудлаар бие биенээ доромжлохгүй, маргаан хийнэ. Бүгдээрээ хийвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг энэ зарчмаар л би өрсөлдөнө. Би энд нэг их улайраад байгаа юм байхгүй. Хэрвээ болчихвол хөгжүүлэхийн төлөө л ажиллана. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэгчээр л би зүтгэнэ. Болохгүй байлаа гээд надад хохирох зүйл үгүй. Надад чинь бас  үзэл бодол нэгтэй гоё найзууд, бүрдүүлсэн сайхан хамт олон байна. Би хийдгээ хийсэн хүн. Сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй. Би амьдралдаа  бүх зүйлд сэтгэл хангалуун явдаг. Би үнэндээ бараг л аз жаргалтай шахам хүн шүү. (инээв) Дампуурсан банкинд очиж босгоод сайн менежер гэдгээ хэдэнтээ харуулж чадсан. Хэн ч маргахгүй. Ер нь хийсэн юмтай хэлэх үгтэй хүн болохоор энэ залууг давчдуулаад байх шиг байна л даа. Гэхдээ  энэ явдал намайг их хурцлаад байгаа байхгүй юу. Ийм новшнууд, шаарнууд улайрч байна гэдэг чинь намайг улам хурцалж байна шүү дээ. Үүний цаана “морь” Ганболд, авгай Мааяатайгаа дэндүү их мөнгө идчихээд хууль хяналтын асуудалтай байгаа бас нэг хөөрхий нөхдүүд хавсарч байна. Олон хүн хөдөлж байна шүү дээ.  

-Б.Ганболд гуай эхнэртэйгээ юу. Эхнэрийг нь Мааяа гэдэг юм уу?

-Эхнэр Мааяа нь хөлбөмбөгийн холбооны гадаад харилцааны захирал байсан. Тэр үед факсаар харилцдаг байсан. Авгай нь англи хэлний орчуулагч, багш мэргэжилтэй. Гэрээрээ факс хүлээж авдаг байсан юм. Мэдээлэл, мөнгөний урсгалыг авгай нөхөр хоёр ингээд атгачихсан байсан. Цуу яриа гэдгээр бол энэ хүн “Сиднейд би хоёр хаустай. Улаанбаатарт хэчнээн хаустай” гэсэн бэ өөрөө ярьсан байсан. Угаасаа анх ямар ч бизнесгүй хүн байсан. ФИФА-гаас аудит ороод ирэх юм бол хууль  хяналтын байгууллагад татагдах асуудал тэр хүн дээр үүсээд байгаа юм. Би энэ хүнтэй учирсандаа их харамсдаг. Гэвч өнөөдөр надад энэ хүн шиг айдас байхгүй. Намайг үнэндээ энэ өрсөлдөөнд орооч гэж хэдэн залуус гуйгаагүй бол би энэ холбоо руу эргэж харах ч үгүй байсан. Ингэж хүмүүс гуйхаар чинь би гэдэг хүн хөөрөөд “OK “гээд л хэлчихсэн байхгүй юу. Тэгсэн явцын дунд би бүр хүний наймаачин болчихлоо. Өшөө юу юу ч болов. (инээв) Амьдралд сонин хачин юм их тохиодог юм байна. Намайг бас энэ нөхдүүд шантаажилсан байна лээ.

-Гэр бүлийн асуудлуудыг тань ил гаргана гэж үү?

-Чаддаг юм бол гаргаад ир гэж би басч байна.

- Яг энэ шантаажтай холбоотой танд нэг мэдээлэл хэлчих үү?

-Тэг тэг. Би сонсъё. Одоо юу ч гаргаж ирсэн би гайхахгүй.  

-Таныг Монголын нэг том гэр бүлтэй хутгаж л нийтлэл бичиж байгаа сураг байна лээ дээ?

-Мисс байхгүй байна уу. Гаргаад ир л дээ. (инээв)

-Тэгэхдээ гоё юм биш үү. 60 насандаа хайр сэтгэлийн асуудлаар баална шүү гээд заналхийлүүлж байна гэдэг чинь?

-Ер нь сэтгэл хөгширдөггүй юм шиг л байна.

-Та эрч хүчтэй, залуу харагдаж байна. Угаасаа 60 нас гэж юу юм бэ. Ийм сэдэв хүртэл яригдаж байна шүү дээ.

-Намайг энэ сэдвээрээ бичиг. Би бүгдийг нотлуулна.

-Нөгөө талаар та Монголын банкны зүтгэлтнүүдтэйгээ туйлын таарамжгүй байдаг гэж юу вэ. Жишээ нь, Н.Золжаргал таны “дайсан” юм уу?

-Үгүй шүү дээ. Би Сүх-Эрдэнэтэй одоо хүртэл ойрын найз хэвээрээ л яваа. Н.Золжаргалын ах Жагаатай найз хэвээрээ л байгаа. Н.Золжаргал бид хоёр бие биенээ их хүндэлдэг. Ажил хэргийн санал шүүмжлэлээ бие биедээ хэлдэг. Хэвийн харилцаа шүү дээ. Өөрөө уулзаад хэлэх, хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлэх бүрэн нээлттэй нийгэмд би нэг нөхрөө бичүүлж явах хэрэг байна уу. Бас энэ хэвлэл хэнд нь илүү нээлттэй байна вэ. Та өөрөө харж байгаа байлгүй дээ.

 -Улс төрийн хувьд та олон жил ардчиллын төлөөх зүтгэлтэн байлаа. Ёстой авдаг өгдөг нь ч юу байлаа гэгчээр аль дээр үеэс мэдэх юм. Тэглээ гээд сайд болъё гээд явсангүй, болсонгүй. Энэ бол факт. Өнгөрсөн сонгуулиар та жагсаалтаар нэр дэвшсэн. Сая таны урдуур таслаад Р.Бурмаа гишүүн орж ирлээ. Тэрнээс хойш таныг Р.Бурмаа гишүүнийг байнга дарамталдаг болсон гэж бичсэн байсан?

-Шал худлаа. Манай МҮДН-ы фракц хуралдаад би хүсэлт тавьсан юм. Банкны системд 20 гаруй жил ажиллачихлаа. Банкны хууль эрх зүйн орчныг засаж залруулчих юм бол зээлийн хүү  буурах боломжтойг хэлсэн. Тэгээд би энэ удаад жагсаалтад орж нэр дэвшмээр байна. Гучин хэдүүлээ сууж хуралдаж байгаад жагсаалтын нэгдүгээрт генсек байгаа Д.Эрдэнэбатыг оруулъя гээд ярьцгааж байгаа юм. Хоёрдугаарт нь Б.Мэдрээгээ оруулъя гэсэн. Яагаад гэвэл би бүх үед тэдний ар талд зүтгэж байсныг тэд маань бас мэднэ шүү дээ. Тэгээд бид хоёрыг эхний аравт ор гэсэн. Тэгээд юм явсаар би найм дээр зогсчихлоо. Тэгсэн манай фракцийн Ажнай Д.Бат-Эрдэнэ, Барилгын сайд Ц.Баярсайхан хоёр Өмнөговь дээр ганцхан мандаттай байж байдаг. Хоорондоо жаахан маргалдах гээд. Тэгэхээр нь би та хоёр ингээд хэрэггүй. Бүгдээрээ ярья гээд. Ц. Баярсайхан арав дээр байсан юм. Би найм дээр. Тэгэхээр нь Ц.Баярсайханыг чи наймд ор, би арав дээр чинь оръё гээд өөрийнхөө фракцийн хүнд нэг буулт хийчихлээ. Тэгээд байж байтал намын удирдлагаас ийм хүсэлт тавьж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг гээд залуухан хүнийг эмэгтэй квот энэ тэрээр эхний аравт багтаагаач гэсэн. Мэдрээ чи арав дээр байгаа юм чинь нэг ухарчихгүй юм уу гэлээ. Тэгээ тэг гээд би 11-т орчихлоо. Тэгээд л яг хамраараа таслуулсан байхгүй юу. (инээв) Тийм л юм болсон.

-Зам чөлөөлж, зай тавьж өгөх ч сайхан ойлголт шүү ?

-Яах вэ дээ, юмыг чинь эв эеээр явуулдаг болохоос үхчих гээд улайраад байх миний зарчим биш. Би нэг зүйлийг сүүлийн үед их ажиглаад байгаа. Популистууд их явах юм. Тийм хүмүүс гарч ирээд өөдгүй юм их хийх юм. Р.Бурмаагийн хувьд өөрөө надтай уулзъя гэсэн. Тэгээд дараагийн хүн нь чи байдаг, ямар бодолтой байна вэ гэсэн. Би жил хагас юу ч хийж чадахгүй, хэрвээ дөрвөн жил байсан бол банкны багц хуулиудад өөрчлөлт оруулах байсан юм. Иргэний хууль, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль, Татварын хууль, Төвбанкны тухай хууль, Банкны тухай хууль, Мөнгөн хадгаламжийн хууль гээд баахан хуульд орох болохоор хугацаа байхгүй. Хоёрдугаарт долдугаар сарын нэгэн болоод хүн амьтан буудсан ямар хэрэг гарлаа. Сонгуулийн хууль чинь их чамбай байх ёстой. Угаасаа сонгуулийн боловсролын төвийн тэргүүн хүн. Чамайг мэргэшсэн хүн гэж хувьдаа ойлгож байна. Тэгээд чи сонгуулийн хуулийг шинэчлэн сайжруулах ажлын хэсгийн дарга. Наадахаа дуусга. Чиний тэр сайд майд надад ядаргаа л байна гэсэн. Юун дарамтлах вэ.

-Гүтгэлэг байх нь, Р.Бурмаа гишүүн хэлэх байлгүй дээ?

-Чи Алтангадастай их шөргөөцөлдсөн. Их хурлын гишүүнээ өгөөд дан дээлтэй сайд болох юм бол чи хэн ч биш шүү гээд би түүнд хэлсэн. Мань хүн цочсон байхгүй юу. Гэтэл надад  монгол улсын иргэний хувьд Сонгуулийн хууль нь чамбай хууль гарах илүү хэрэгтэй байна. Тэр үүднээсээ би Р.Бурмаад илэн далангүй л хандсан.

-“Хоромхон” клубийн Лхагвадорж гэж ямар хүн бэ?

-Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа  гурав дахь хүн  нь Лхагвадорж. Энэ хүн сая Сингапурт Элчин сайдаар томилогдохоор болчихсон. Энэ хүн Женко Баттулгын төрсөн эгчийнх нь охины нөхөр юм билээ. Женко Баттулга “саваагүй нохой саранд хуцна” гэгчээр жүдогоосоо халиад одоо хөлбөмбөгт орчихсон л тууж явах юм. Өөрийн туслах гэнэ үү, хуулийн зөвлөх гэнэ үү Шижир гээд залууг хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулаад ажиллуулж байгаа шүү дээ.

-Таны эсрэг нийтлэлүүд гарч байгаа сэтгүүл, гол суваг болох медиагийн цаад хөрөнгө оруулагч нь том банкны эзэн гэх юм. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Наадах чинь Голомт банкны Д.Баясгалан. Манайд чинь эрүүл өрсөлдөөн гэж бараг байхгүй болж байна шүү дээ. Худалдаа, хөгжлийн банк л манай өрсөлдөгч гэж хараар  хараад байгаа юм. Монголд хэдхэн банк л байна. Нэг том банкных нь хүн ингэж асуудалд ханддаг. Д. Баясгалан бид хоёр хэзээ ч таатай харилцаатай байгаагүй. Гэхдээ миний зүгээс биш шүү.

-Нэгэнт үйл явдал өрнөж, ширүүн өрсөлдөөн явж байгаа болохоор энэ хүрээнд ярилцлаа. Тантай ярих олон зүйл байгаа. Сарын дараа ахин уулзах болзоо тавьж болох уу?

-Болно. Би нээлттэй, илэн далангүй хүн. Надад айж ичээд, үхчих гээд, хүн алж хүрээ тараачих зорилго сэдэл байхгүй. Түмэн олон нүдтэй гэдэгт би итгэдэг.

-Танд амжилт хүсье. 


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив