Г.Энхтүвшин: Бид холын зорилгоо тодорхойлж чадаагүйгээс ойрын зовлонтойгоо л зууралдаад байна
2015 оны 2 сарын 28 [Уншсан тоо: 68915]

Гомбосүрэнгийн Энхтүвшин Бууцагаан суманд төрсөн. Баянхонгорын арван жилийн дунд сургууль, ОХУ-ын Екатеринбург хотын Уралын техникийн их сургуулийг барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Байгаль орчны яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, УИХ, МАН-д зөвлөхөөр ажиллаж байсан. Ийм нэгэн залууг бид уншигчидтайгаа уулзуулахаар сонголоо. Дашрамд сонирхуулахад тэрбээр Харвардын Их сургуулийн төгсөгч. Харвардын их сургуулийн "Монгол судлаач" шагнал хүртсэн хоёр хүний нэг юм. Түүний аав Монгол Улсын гавьяат эдийн засагч Чойжилжавын Гомбосүрэн гэж нам төрийн зүтгэлтэн хүн бий. Манай зочин түүний ууган хүү нь юм. Холоос ирсэн хүний үг сонсохоор ноён Г.Энхтүвшинг бид онцолж урьсан нь энэ. 

-Сураг сонсоход Харвардад сурахаар явсан байсан. Харвард бол дэлхийн боловсролын стандарт. МАН-ын залуучуудаас бараг анх та явсан байх шүү. Сургуулиа төгссөн үү. Таны үеийн залуус улс төрийн голомтоос холдох дургүй байдаг. Та яагаад гадагшаа явж сурах шийдвэр гаргасан юм бэ. Эсвэл энэ таны эртний мөрөөдөл үү?

-Намайг урьсанд баярлалаа. Та бид хоёр эртнээс бие биенээ мэднэ. Тийм болохоор ярилцахад таатай байна. 2004 онд Байгаль орчны яаманд газрын дарга байхад л Харвардын их сургуульд сурах урилга ирчихсэн байсан юм. Тэгээд 2004 оноос хойш  Байгаль орчны яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд, мөн УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2009 онд Канад дахь Элчин сайдын яаманд ажиллах үедээ  давхар суралцах бололцоо олдсон юм. “Байгаль орчин-тогтвортой хөгжил” сэдвээр суралцаад ирсэн.

-Манайд Кембрижийн боловсролыг нутагшуулна гэж яриад, одоо ч үргэлжлээд явж байна. Нэг үеэ бодвол залуус маань гадны өндөр хөгжилтэй улс оронд, тэр тусмаа олон улсад нэр хүндтэй сургуульд боловсрол эзэмшихийг хүсч тэмүүлдэг болсон байна. Харвардад хэр олон монголчууд байна вэ. Та суурь боловсролоо Орост авсан хүн. Оросын боловсрол ямар төвшинд үнэлэгдэж байна. Хэцүү бэрхшээлтэй зүйл юу байв. Тийшээ зорьж байгаа залууст маань хэрэг болох болов уу гэж энэ асуултыг тавьж байна л даа?

-Ерээд оноос хойш манай нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт чөлөөт зах зээлийн эдийн засаг эхэлснээс хойш хандивлагч болон өндөр хөгжилтэй орнууд манай залууст их боломжийг олгож байна. 2004 оны тэр урилга гэхэд бүх яаманд ирж байсан. Бүх төрийн нарийн бичгийн дарга, залуу сайдад ирж байсан. Энэ бололцооны хүрээнд миний асуудал шийдэгдсэн. Монгол Улсын төрийн боловсон хүчнийг чадавхжуулах зорилт мөн дипломат харилцааг сайжруулах, орчин цагийн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах боломжийг боловсон хүчнээр нь дамжуулж тухайн оронд олгохын тулд явагдаж байсан бодлого доо. Одоо ч явагдаж байгаа.  Би Уралд сургууль төгссөн хүн. Таны хэлсэнчлэн Орост суурь боловсролоо эзэмшсэн. Хойно сурч байхдаа бас англи хэл үзэж байлаа. Энэ хоёр хэл хоорондоо ойрхон. Америкт сурч байхдаа би Оросын өгсөн школ олон улсын төвшинд үнэлэгдэхээр байдгийг мэдэрсэн. Орост төгссөн хүнд тэдний эрдэмтэд ч таатай ханддаг.

-Та нар тэндээ уулзалдана биз дээ?

-Наадам, цагаан сараар уулзалдана. Бостоны холбоо гэж төрийн бус байгууллага ч байдаг. Цөөхөн монголчууд их уулзалдана л даа. Би тэнд сурч байхдаа дөрвөн хүүхдийг ятгаж араасаа оруулсан. Одоо зарим нь төгсч байгаа байх.

-Та одоо эх орондоо суурьших гэж байна уу?

-Эх орондоо ирээд байж байна. Одоо суурин байлгүй яахав.

-Танай намд байгаа залуусыг харахаар хэд хэдэн хэв шинж харагддаг. Нэг хэсэг нь үнэхээр дарга дагаж явдаг. Нөгөө хэсэг нь тодорхой боловсрол, чадалтай. Зөвхөн  уривал л очдог. Үгүй бол өөрсдөө амьдраад яваад байдаг. Намд бол хоёуланг нь хослуулж явах хэрэгтэй юм шиг харагддаг?

-Хатуу асуулт байна. Бүгд л зүтгэнэ шүү дээ.

-Таныг тухайн үед намын генсекийнхээ зөвлөхөөр очиход зөв хүн авч дээ гэж мэдэх хүмүүс нь ярьж байсан. Дараа нь УИХ-ын даргын зөвлөхөөр ажилласан.  Ингэхэд зөвлөх гэдэг албан тушаалыг манай намууд үнэгүйдүүлсэн. Ам хаах маягаар хандаад. Үүнээс болоод зөвлөх шиг зөвлөх ховордоо юу даа гэж хардаг. Зөвлөхөөр ажиллахад хувь хүний хөгжилд хэрэгтэй тал нь юу юм бэ. Бас залуу хүнд хэрэггүй гэж харах өнцөг нь юу байдаг юм бэ. Манай дарга нар зөвлөхөө ер нь хэр сонсдог вэ?

-Зөвлөх гэдэг албан тушаал таны тодорхойлж хэлж байгаагаар хоёр талын салаа утгатай байж болох юм. Гэхдээ зөвлөхийн үүрэг роль маш чухал. Хүн болгон дарга хийж чадахгүй. Хүн болгон УИХ-ын гишүүн, сайд болж чадахгүй. Өнөөдөр Монголын залуучууд эрдэм боловсролтой болсон. Өөрийн мөрөөдлийн төлөө хувийн ажлаа хийгээд явж байгаа залуучууд ч гэсэн улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулаад явж байгаа. Зөвлөхийн хувь нэмэр бол тухайн нийгмээ мэдрэх, өнөөдөр нийгэмд тулгарч байгаа ямар асуудал байна вэ. Тийш нь анхаарлыг нь хандуулахад чиглүүлж өгдөг чухал хувь нэмэр байх ёстой. Улс төрийн намууд энэ талаас нь хандах хэрэгтэй л дээ.


-Цаад хүнийхээ потенциалийн агуулгыг харж төрд энэ хүн хэрэгтэй гэж сонгодог. Лидерүүдээс хараад байхад М.Энхболд, З.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр зөвлөхүүдээ маш гярхай сонгож байгаа харагддаг юм. Энэ бол настай холбоотой сонголт биш шүү дээ. Эрдэм мэдлэг, чадавхийн л асуудал?

-Зөвлөхөөр залуу сонгож, улс эх орондоо хувь нэмрээ оруулах боломжийг нээж өгч байгаа нь бас л нэг алсын хараа. Магадгүй өөрөө тухайн мэргэшсэн мэргэжил, ажлын туршлагаараа цаашид төрд ажиллаад явчих суурийг нь тавьж өгдөг. Тухайн салбарыг мэдэх, шийдэл гаргах, дүгнэж судалгаа хийх гэхчлэн олон талт туршлага хуримтлуулж байгаа юм. Нөгөө талаар зөвлөхүүд гэдэг бол судлаачид байдаг юм.

-Өөрийн дотоод идеальтай боловсон хүчнийг зөвлөхөөрөө сонгох нь чухал. Зүгээр орон тоо бөглөх маягаар зөвлөх сонгох нь өөрөө алдаа. Тийм биз дээ?

-Яг үнэн.

-Үнэндээ зүгээр нэг идэвхгүй нөхөд зөвлөх болчихоод байхаар төр өөрөө нонж дорой харагдаад байдаг?

-Та сайн мэдэж байгаа. Төр гэдэг хүмүүсийн л бүрдэл шүү дээ.Хүн нь зөв байх ёстой гэдэг асуудал өнөөдөр илүү тод тавигдаж байна.Нам зөв байх ёстой гэдэг асуудал тавигдаж байна.Төр зөв байна гэдэг зөв хүмүүсийн л бүрдэл байх ёстой гэсэн үг шүү дээ.

-Та ер нь яагаад МАН-ыг сонгосон юм бэ?

-МАН-ыг сонгоход нэг талаар миний удам нөлөөлсөн. Манай өвөө энэ намын гишүүн, хоёр дайнд оролцсон партизан хүн. Аав маань бас л нам, төрийн ажил хийж байсан.

-Танай аав чинь аймгийн намын дарга байсан билүү?

-Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан.

-Тухайн үедээ том албан тушаал шүү дээ. Аль аймаг билээ?

-Тухайн үед бүр намаас томилогддог албан тушаал. Дорноговь аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан.

-Уг нь бол та чинь Баянхонгорын хүн биз дээ?

-Би ч, аав маань ч Баянхонгорт төрсөн. Гэхдээ тэр үед боловсон хүчний бодлогоор хаана ч хамаагүй томилогддог байсан.Тэр зарчмаар Дорноговьд очиж ажиллаж байсан.Өөр олон ч аймагт ажиллаж байсан.

-Таны хүүхэд насны тань мөрөөдөл юу вэ. Эрэгтэй хүүхдүүд чинь их хурц, тод мөрөөдөлтэй байдаг юм байна лээ. Сансрын нисэгч ч юм уу, онгоц зохион бүтээгч болно гэх мэтээр. Та Уралд төгссөн. Мэргэжлээ яаж сонгож байв?

-Би хүүхэд байхдаа Залуу техникчдийн ордны дугуйланд явдаг байлаа. Машин хийнэ. Жижиг загварын онгоцнууд бас хийдэг. Ерөнхийдөө техникийн сонирхолтой. Тэр үеийн хүүхдүүдийн нийтлэг сонирхол байсан байх. Олон дугуйланд явдаг. Бас зураач болъё гэж боддог байлаа. Зурах дуртай байсан болоход тэр үү, сүүлд техникийн дугуйланд явж улсын уралдаанд оролцож байлаа.Зургадугаар ангиасаа л мотоцикль унаж, техникт дурласан.Бас шугам зураг, математикт сайн байсан. Олимпиадад оролцдог байлаа. Тэгээд математикийн сонгоны анги төгссөн гэдэг утгаараа инженер болох зам маань шулуудсан юм байлгүй дээ.

-Зураач болж чадаагүйдээ харамсаагүй юу?

-Уралын Техникийн их сургуульд орохдоо олимпиадад түрүүлдэг байсан гэдэг утгаараа огт түүртээгүй.Тэр үеийн бэлтгэгдсэн хүүхдүүд маш сайн байсан юм шүү. Завханы Чулуун-Эрдэнэ, Хэнтийн Цогбадрах бид гурав гурвуулаа нэгдүгээр курст ороод л зэрэг зиндаагаа харуулж байсан. Шугам зураг, математикийн шалгалтанд таван оноо авах юм бол шууд шалгалтыг нь тавьчихдаг байсныг хэлэх үү. Бид нар хичээлд явах шаардлагагүй. Иймэрхүү л байлаа. Тэр үедээ манайх хүүхдүүдийг сайн бэлддэг байж гэж боддог юм.

-Уралын техникийн их сургууль нэртэй л дээ. Дандаа пижигнэсэн эрчүүд л байх уу?

-Охидууд байлгүй яахав. Манай сургуульд барилга, барилгын материал, инженер, цахилгаан, дулаан, радиогийн анги байна шүү дээ. Одоо энэ З.Энхболд дарга намайг нэгдүгээр курст очиход тавдугаар курс төгсөж байсан. Яг уул уурхайн сургуульд Эрдэнэтээс, тэдний зардлаар олон хүн сурдаг байсан. Зонхилох нь эрэгтэйчүүд, гэхдээ Уралд эмэгтэйчүүд бас байсаан. Эмэгтэйчүүд олон байсан газар нь Уралын хөгжмийн консерватур. Уралын техникийн их сургууль бол Оросоос Европт анх хүлээн зөвшөөрөгдсөн сургууль.Уралын техникийн их сургуулийн диплом европт хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгддөг.

-Төгсөж ирээд юу хийв. З.Энхболд дарга гэхэд монтёр болж байсан гэсэн?

-Мэргэжлээрээ ажилласан. Улаанбаатар барилга компанид дөрвөн жил ажилласан. 15-16 байшин ашиглалтад өгсөн байдаг юм. Миний хамгийн анх сууринаас эхлээд босголцсон байшин бол одооны хотын захиргааны шилэн барилга. Хуучин Ардын банкны барилга даа.Тухайн үедээ л Монголдоо хамгийн их загвартай бүрэн цутгамал барилга. Англи хэлтэй байсан учраас малайзчуудтай тохиролцож хийлгэсэн. Манай Улаанбаатар барилгын зөвлөл хуралдаад шийдвэр гаргаж, Америкаас шилийг нь авчирч байлаа. Бас Туушин компанийн барилга, нисэхийн өргөтгөл гээд гар бие оролцсон барилгын ажил байна аа байна.

-Дараа нь?

-Баянгол дүүрэгт ажилласан.

-Хувийн байгууллагад ер нь ажиллаагүй юм уу?

-Хувийн секторт ерөөсөө ажиллаагүй. Баянгол дүүрэгт ажиллаж байгаад Байгаль орчны яаманд очсон. Долоон жил ажиллаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд очсон.Тэнд дөрвөн жил ажилласан.Тэгээд УИХ-д очсон. Дараа нь Канадын элчин сайдын яаманд ажилласан. Төгсөж ирээд намын боловсон хүчнээр ажилласан гээд би чинь их цомхон түүхтэй ш дээ.

-Намын гишүүн хүнээс өнөөгийн улс төрийн амьдралын талаар асуухгүй өнгөрнө гэж юу байхав.  Сая танай нам улс төрийн хүнд шийдвэр гаргалаа. Олон суудал авсан нөхөд маань өөр нөхөдтэй хамтарч явж байгаад бүтэхгүй нь ээ гээд нэг засгаа огцруулчихаад танайхыг урилаа?

-Тийм ээ, хүнд шийдвэр. Хүнд шийдвэрийн ард хүнд ачаа ирсэн.

-Засагт орж хамтрах шийдвэрийн тухайд гишүүд нь хуваагдмал байр суурьтай байх шиг байна. Би хувьдаа шийдвэр гаргахдаа том бүтцээрээ авч хэлэлцээгүй гэж харж байгаа. Улс төрийн ашиг хонжооны хувьд энэ нь “тэг” шийдвэр. Улс эх орноо бодож байна гэж танайхан ярьж байгаа. Одоо ч гэсэн дугуй нь эргэхэд хэцүү л байх шиг байна. Энэ шийдвэрийг та яаж хүлээж авсан бэ?

-Чингис хааны хэлсэн “Алсын зорилго үгүй болвоос ойрын зовлон дэргэд байсаар л байна” гэж үг байдаг. Миний ойлгож байгаагаар алсын том зорилготой байх ёстой. Өнөөдрийн туулж байгаа зовлон бол жижиг. Бид холын зорилгоо тодорхойлж чадаагүй учраас ойрын зовлонтойгоо зууралдаад байна. Алсын зорилгоо зөв болгож гаргахын тулд монгол хүн бүрийн сэтгэл зөв байх ёстой. Улс орныхоо хүрэх алсын зорилгыг бодож манай нам шийдвэрээ гаргасан байх гэж би бодож байгаа. Улс орны эрх ашгаас намын эрх ашиг дээгүүр байна гэж байхгүй. Алсын зорилго гэдэг бол Монгол хүн сайн сайхан амьдрах, Монгол Улс хөгжилтэй байх л асуудал. Өөрөөр хэлбэл хүсэн хүлээгээд байгаа руугаа хурдан очихын тулд зайлшгүй тийм шийдвэр гаргах шаардлага гарчихаад байна гэж би хувь хүний хувьд хардаг. Гэхдээ аль болох л хурдан хэл амаа ололцож, урагшаа явах ёстой. Өнөөдөр бид хэдэн "толгой" л яриад байгаад байна.Тийм айхтар шийдэж болдоггүй асуудал юм уу. Дэлхий дээр шийдэгддэг л асуудлууд. Монголчууд бид болохоор л шийдэж чадахгүй юм уу. Үгүй шүү дээ.

 Хэдэн мянган том төслийг гурав дөрөвхөн жилийн дотор хийдэг практик энэ ертөнц дээр чинь хангалттай байна. Бидний хувьд алсын зорилгоо бүрэн тодорхойлж чадахгүй, ард түмэн, иргэддээ зорилгоо зөв ойлгуулж чадахгүй байгаагаас ийм замбараагүй байдалд хүрээд байна. Заримд нь таалагдаад заримд нь таалагдахгүй, үүнээсээ болоод зөрчил тэмцэл дүүрэн байгаа биз дээ.Нийгмийн консенсус гэдэг юмыг үүсгэж чадаагүйн илрэл гэсэн санаа л даа.

-Уул уурхай түшиглэсэн эдийн засгийн бодлогоор нэг их удаан давхихгүй гэж эдийн засагчид хэлдэг. Үйлдвэржие, хийж чаддаг байсан юмаа сүүлийн 25 жил хийж чадахаа болилоо. Үйлдвэрүүд бүгд хаалгаа барьчихлаа, одоо үйлдвэржие гэсэн санааг тулхтай эдийн засагчид гаргаж ирж байна. Одоо манайд болж байгаа энэ хямрал яг ямар хямрал вэ. Холоос ирсэн хүнд бодит байдал өнгө будгаараа ялгараад л харагдаж байгаа биз?

-Энэ бол манай дотоодын л хямрал гэж би бол шууд хэлнэ. Түүнээс биш гадна талаас ямар нэгэн эдийн засгийн хориг тавигдаагүй. Монгол Дэлхийн худалдааны байгууллагад элсчихсэн.Тэр бүү хэл гурав дахь эдийн засагтай нээлттэй харилцаатай болчихлоо. Бидэнд ямар нэг байдлаар гаднаас хаагдаж боогдсон юм алга. Хоёр хөрштэйгөө дээд зэргээр нээлттэй харилцаатай байна.Тиймээс энэ бол түрүүн хэлсэнчлэн бид алсын зорилгоо ил тод тодорхойлж ард түмэндээ ойлгуулж өгөөгүйтэй л холбоотой, дотоод хямрал. Өнөөдөр бид ийм болох ёстой. Монголын хөгжил 2020 онд ийм болно. 2050 онд дэлхийн өндөр хөгжилтэй 50 орны нэг болно ч гэдэг юм уу. Ийм ийм үйлдвэрлэлийг бий болгоно.Ганцхан уул уурхай биш шүү гээд хэлж ойлгуулж, итгүүлж, иргэдийнхээ урмыг сэргээж, итгэлийг төрүүлэх ажлаа хийхгүй байна шүү дээ. Бидэнд бололцоо боломж хангалттай байгаа. Өнөөдөр 52 сая малтай гэж байна. Гэтэл өнөөдөр бидний идэж байгаа махны үнэ дэлхийн зах зээлийнхээс өндөр байх жишээтэй. Энэ бол дотоод хямрал.Дотоод хямралаа давж гарах бүрэн боломж бий.  Өөрсдөө дотоодоосоо мөнгө босгох ажлаа хийхгүй байна. Зөвхөн гаднаас хүн мөнгө өгвөл бид амьдрах гээд байнаа гэсэн буруу тархи угаалт явагдаад байна. Эдийн засаг сонирхдог, судалгаа хийдэг хүний хувьд манайд дотоодоосоо мөнгө босгох өргөн бололцоо байгаа гэж хэлнэ.  Байгаа гэдгийг эдийн засагчид харж байгаа, мэдээгүй биш мэдэж байгаа.Тэр бололцоогоо ашиглаж чадахгүй байна.Тухайлбал өнөөдөр яагаад Монголд дэлхийн хамгийн үнэтэй мах байгаад байгаа юм бэ. Нэг хүнд ногдох малынхаа толгойгоор бид дэлхийд нэгд орж байна. Европын холбооны улсын 28 орон нийтдээ 132-хон сая малтай. Европын холбооны улсын нийт малын тал хувь нь Монголд бэлчиж байна. Энэ бол манай эдийн засгийн энгийн л нэг бололцоо. Үүнийг дагаад боловсруулах үйлдвэр, таны хэлсэнчлэн хийж чаддаг байсан юмнуудаа бид хийж эхлэх ёстой.


Нобелийн шагналтай Японы эрдэмтэн Хирино 90-ээд оны үед манайд ирж лекц уншиж байсан. Тухайн үеийн манай төрийн бүх томчууд ирээд өрсөлдөх чадварын тухай хичээл зааж байхад нь сонсож байсан. Тэгэхэд Хирино гуай “Та нар төрд байгаа төрийн өмчийн хувьчлалаа явуул. Малаа ч хувьчил. Гэхдээ маш болгоомжтой хувьчилна шүү” гэж хэлж байсан.Товчхондоо түрээсийн зарчмаар явах нь зөв.Түрээсээсээ ашиг олсон хүндээ шууд өмч болгож өг. 200 хонь өглөө гэхэд тэрнээсээ 100 төл мал ав. 100 хонь таных. Та 100 хонио авч үлдээд 200 хонь таван жилийн дараа 500 хонь болох юм байна. Үндсэн 200 хонийг чинь дараачийн хүнд өгнө.Үйлдвэрүүдээ хувьчлахдаа эхлээд ажилчдад нь хувьцаа гаргаж өг.Хүмүүс өөрсдийнхөө төлөө ажиллаж байгаа учраас ажлаа сайн хийнэ. Дээр нь ажлын байраа, хүмүүсээ цалинтай нь хадгалж үлдэнэ. Хувьцаа гаргаж бирж дээр зараад ирэхээр нэг хүн хөрөнгө гаргаж худалдаад авна. Өөрөөр хэлбэл мөнгө босч ирнэ. Одооныхоор бол IPO гараад ирнэ. Ард түмний нээлттэй хувьцаа гэсэн үг л дээ. IPO гаргаад ирэхээр тэр хүн өөрийнхөө үйлдвэрийн хувьцааг худалдаж аваад нэгдүгээрт хөрөнгө оруулагч болчихно. Нөгөөтэйгүүр хувьцаа эзэмшигч ажилчид өөрсдөө ажиллаж байгаа учраас үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэнэ. Сайн менежер тавиад гадаадад гаргаж борлуулах асуудал яригдана гэхчлэн том өндийгөөд эзэнжүүлэх ажлыг үе шаттай хийвэл танай эдийн засаг, маш богинохон хугацаанд ямар нэг хүндрэлгүй явчих юм байна гэж зөвлөж байсан. Энийг Монголбанкны Н.Золжаргалаас эхлээд миний таньдаг олон хүн сонсоод сууж байсан. Энэ бүхэн одоо бидний дотоодын асуудал болж хувирч дээ.

-Улс төр дээрээ буурь суурьтай төлөвшиж, нэгдэж эвлэлдэж чадаагүйн хар гайгаар үндсэн салбаруудаа баллачихаад байна шүү дээ?

-Улс төр юу руу ордгийг та мэднэ. Популизм руу. Нэг ёсондоо сэтгэл санаа нь хямралтай гонсгор байгаа хүмүүсийн сэтгэлд таарсан юм ярьж эхэлж байна шүү дээ. Энэ олон мөнгөний амлагаанууд. Уул уурхай жаахан өндийх гэсэн чинь нөгөө сонгуулиар амласан мөнгийг нь нэхээд сөхрүүлээд авах жишээтэй.

-Амлалтыг далимдуулаад бас хэсэг популистууд гарч ирсэн. Харанхуй массыг төлөөлөөд улс төр хийчихсэн?

-Тэгсэн. Нэгэнт амласан учраас улс төрийн байгууллага нь хийхийн төлөө явна. Хийхийн тулд арга чарга хайна. Байгаа мөнгөө хуваагаад өгчихсөн. Үр дүнд нь одоо хүндэрчихсэн л сууж байна.

-Ер нь улс төрийн намууд мөрийн хөтөлбөр дээрээ судлаачдаа татан оролцуулах ёстойгоо одоо ойлгосон байх. Нэг тонгорч амаараа шороо үмхэж унаж байж ухаардаг дадалтай юм байна, бид чинь. Бүх ашигт малтмалаа ухаж идчих гээд байна. Одоо дахиж ухуулахгүй, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй гэсэн хэсэг бас хашгираад л байх юм. Ер нь бол байгаа баялгийнхаа тодорхой хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эдийн засгаа солонгоруулна гэж манайхан яриад байгаа шүү дээ. Одоо тэгээд уул уурхай хэрэггүй гэж хэлээд популист аргаараа хаачихаж болохгүй. Эсвэл уул уурхайгаа хаачихаад яахаа тодорхой гаргачих хэрэгтэй. Өнөөдөртөө тийм зам алга. Монголд  эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэр алга. Гэтэл бидний хөрш түүхий эдээр гачигдчихсан. Дэлхийн хоёр дахь зах зээл, эдийн засаг хажууд байж байдаг. Бид баялгаа борлуулахаас өөр аргагүй. Тэгж байж л амьдарна.

-Монголчуудтай ойлголцоход хэцүү гэх мессеж гарчихсан. Ний нуугүй хэлэхэд бид хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн. Одоо энэ засаг алдааг нь засах гээд үзэх л байх. Та түрүүн ярилаа. Урд өмнө байгаагүй сайн төвшинд хөршүүдтэйгээ хэлэлцээр хийлээ гэж. Яг юугаараа сайн юм бэ. Хэдэн хүүхдийг маань сургана л гэж байна. Явах нь яваад, явахгүй нь явахгүй л биз. Гол гол шийдвэрүүдээ манай хөршүүд бидний дээгүүр яриад явж байна. Наад зах нь хурдны зам нь манайхыг тойрох болчихлоо. Энэ яг юуны дохио вэ, та юу гэж харж байна вэ?

-Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө гаргадаг. Өнөө алс хэтийн зорилго гэдэг юмаа гаргачихсан бол мөрийн хөтөлбөр тэрэн дээр тулгуурлагдаж гарах байхгүй юу. Гэтэл хэтийн зорилго байхгүй мэт харагдаж байгаа учраас улс төрийн нам, хүчнүүд бие биенээсээ давах цаас үйлдвэрлэцгээдэг. Жишээ нь, би хүүхдэд таван төгрөг өгнө гэхээр өнөөх нь арвыг өгнө ч гэх юм уу. Шинжлэх ухаанч биш ийм хөтөлбөрүүд гарчихаар төрийн алс хэтийн зорилго биелэх нөхцөл алдагдаж байгаа юм. Мянганы зорилтууд гэж дэлхий дээр гаргачихаад байхад манайх хэтийн төлвөө гаргаагүй л явж байна. Тэрнээс үүдэлтэйгээр та бид хоёрын яриад байгаа уул уурхайгаар явах гээд ч байгаа юм шиг. Эсвэл хаах гэж байгаа ч юм шиг ойлгомжгүй байдал руу яваад байна. Хоорондоо хэл амаа ололцохгүй байхад гадны улс дээрээс хараад сууж байхаас биш яахав. Хоёр хөрш ч адилхан. Манайхаас илүү судлаачид байгаа шүү дээ, тэнд. Шуудхан хэлчихэд бид найдваргүй Монгол гэсэн шошготой болчихоод байна. Өнөөдөр хөрөнгө оруулагч зугтаачихлаа гээд яриад суухаар энэ асуудалд анхаарлаа хандуулж, эрчтэй ажиллах ёстой. Манайхаас гараад шууд л Мозамбек, Киргиз, Мъянмар оччихсон байгаа шүү дээ.

-Хууль журам нь тодорхой, улс төр нь тогтвортой орчныг хайгаад явчихаж байгаа юм л даа?

-Тэгсэн. Хөрөнгө оруулагчид бол тухайн улс орныг хөгжүүлэх гэж очдоггүй.

-Манайхан барилгын үнэ буурна гээд л өртэй хүмүүсээ хуураад явж байна. Амьдрал ийм хэцүү үед хөрөнгө оруулагчдаа хөөчихөөд, үндэсний компаниудынхаа бүсийг ёстой л тасартал чангалаад, татвараар ташуурддаг байдал руугаа орчихсон. Яг ийм нөхцөлд барилгын үнэ буурах боломж бий юу. Бас нэг хууралт уу, та юу гэж бодож байна вэ?

-Барилгын салбарыг ярихаас өмнө өнөөдөр эдийн засаг хямарчихлаа, хүнд байдалд орчихлоо. Бид үндсэндээ өрийн дарамтад орчихсон улс гэдгээ илэн далангүй хаа хаанаа ойлгож амьдармаар байна л даа.

-Ядаж л барилгынхаа түүхий эдийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байна шүү дээ, бид?

-Чадахгүй байна. Шуудхан хэлчихэд юугаараа хямарч байна вэ гэвэл улс орон өрөө дийлэхээ больчихоод байна гэсэн үг л дээ.  Маш богино хугацаанд дотоодоосоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж чаддаг байсан бол бид нар авсан өрөө төлчихнө. Тийм мундаг үйлдвэр байхгүй учраас өнөөдөр өрийн дарамтад ороод эдийн засаг хямарчихаад байна гэж яриад байгаа юм. Эдийн засгийн хямралаас яаж гардгийг манай эдийн засагчид мэдэж байгаа. Та бидний ярьж байгаачлан ард түмнийхээ бүсийг чангалдаггүй. Эсрэгээрээ тэлдэг. Ажлын байрыг нэмдэг, үйлдвэрлэлүүдийг бий болгодог. Гэхдээ үйлдвэрлэлийг бий болгох ажлыг төр хийдэггүй, зөвшөөрлийг нь л өгдөг. Жишээлбэл, хөрөнгө оруулагчдад та дахиад нэг үйлдвэр байгуулбал бид таниас таван жил татвар авахгүй. Харин та 500 хүнийг ажлын байраар ханга гэх маягаар л Төр оролцдог. Тэгтэл манайх хуучин шигээ улс, үйлдвэрээ байгуулна. Хувийн хэвшлийн хийх ажлыг төр өөртөө авчих маягаар яваад байна шүү дээ.

-Төр хамгийн муу менежер гэдэг. Одоо Энержи ресурсийг хар. Төрийн оролцож хутгалдаж байгаа болгон л нураад байна?

-Миний хувьд эдийн засгийн хамгийн зөв бодлого бол тэлэлт. Татвараа нэмэх биш хөнгөлж чөлөөлөх хэрэгтэй. Орост жижиг дунд үйлдвэрээсээ 2020 он хүртэл татвар авахгүй гэх асуудал яригдаж байна. Хоригтой байгаа улс шүү дээ. Нэг ёсондоо гурван ажилтантай компанийг зургаан ажилтантай болговол татвар авахгүй гэсэн үг. Чи гурван хүнийг тэжээ.  2020 он хүртэл. Тэгээд хөл дээрээ бос. Түүнээс хойш хууль тогтоомжийн дагуу татвараа авна шүү л гэсэн яриа. Ингэж явуулах ёстой юмыг мушгиад л, дөнгөж төрсөн эхчүүдийн мөнгийг авна ч гэх шиг.  Яах гэсэн юм бэ.

-Хамгийн номхон хэсгээс л авах гээд байгаа юм биш үү?

-Таны хэлсэн жишээ зөв.” Ухаа худаг”-ийн төсөл дээр хувийн компани юу хийж чаддагийг харуулсан шүү дээ. Төр хэвийн хэвшлийн ажил руу битгий орооч ээ. Эдийн засгийг сайжруулья гэж л байгаа юм бол гүн рүү нь орох хэрэггүй. Үнэхээр үйлдвэрлэлээ дэмжиж орон сууцны үнийг буулгамаар байгаа юм бол гаднаас орж ирж байгаа цементийн татвараа нэмчих хэрэгтэй. Өндөр үнээр, импортын татварыг давж оруулж ирээд Монголын зах зээл дээр өндөр үнэтэй цемент нийлүүлж байгаа компани байвал байж л байг. Та барилгын үнэ буух уу гэж асууж байна. Буулгамаар байвал Төр л битгий оролц. Төр ТОСК үнийг бууруулна гэж нэг хэсэг байшин барьчихлаа. Одоо тэнд нь орох хүн байхгүй байна. Төр нь байшин бариад болоод байхад хувийнхан мөнгөгүй учраас банкнаас өндөр хүүтэй зээл авч барилга барина гэж юу байхав. Өнөө барилгын салбар чинь дахиад л нураад уначихна шүү дээ.

-ТОСК-ийнхан ч гэсэн банкинд бөөн өр зээлтэй л байгаа шүү дээ?

-Чингис хааныхаа нэрээр гаргасан өнөөх бондынхоо нэрээр Хөгжлийн банкнаас зээл авчихсан л байгаа юм билээ. Ингээд эдийн засгийн бодлого нь буруу яваад байгаа болохоор иргэд бухимдаад байгаа юм. Төрийн тэргүүн хэлсэн шүү дээ. Ард иргэд халбага тос, тал талх, үмх махаар голоо зогоож байна шүү гэж. Төрийн тэргүүн харж байгаа, судалгаатай байгаа. Улс төрийн намууд, улс орныг удирдаад явж байгаа удирдлагууд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэргэжлийн төрийн байгууллагууд тухайлбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд байхад бид судалгаа хийдэг байсан. Төрд гаргаад л өгдөг. Судалгаа байгаа юм чинь ямар бодлогоор амьжиргааны доод төвшинд байгаа иргэдээ дээш нь татаж гаргах юм бэ, дундаж орлоготой иргэдээ яаж олон болгох вэ гэдгээ бодлогоор зохицуулах ёстой. Энэ хэдэн том гэж нэрлэгддэг томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулчихад болчихно. Манай улсын эдийн засгийн эргэлт жижигхэн, өндийгөөд л ирнэ.

-Улс төрийн талаас намаа бол шүүмжлэхгүй бодолтой хүн байна шүү, та?

-Шүүмжилж болноо, намын талаар ярьж болно. Надад тийм айхтар санаа алга. (инээв)

-Энэ хямрал, улс төрийн тогтворгүй байдал чинь угтаа улс төрийнхний хийж байгаа ажил. Тэгэхээр бидний яриа эргээд л нам гэдэг субьект дээр очно. Нам өөрөө шинэчлэгдэх ёстой. Түүнээс биш хандив өгсөн хэддээ албан тушаал өгдөг. Эргээд хандивлагчдынхаа атганд арвалзаж байдаг энэ маягаараа урагшаа явахгүй. Сая танай нам засагт орлоо. Хийгдэж байгаа томилгоонууд асар их шүүмжлэл дагуулж байна. Хоёр том фракцийн л нөхөд ажилд очиж байна. Үнэхээр нам боловсон хүчний дутагдалд орчихоод байна уу .Нам бүтцээ эрүүлжүүлж, санхүүжилтээ тунгалагжуулах ямар боломж байна вэ?

-Маш чухал асуудал хөндөж байна.Та олон жил улс төрийн амьдралыг судалсан хүн. Маш судалгаатай хүн гэдгийг тань би мэдэж байна. Өнөөдөр гадны улсын судлаачид Үндсэн хуулиа зүйл заалтаар нь судалж байна. Үндсэн хуульд маш олон зүйл заалт байгаа шүү дээ. Тэр заалт болгоныг судалж гаргаж өгдөг институци, судлаачид ажиллаж байна. Энэ асуудал манайд орхигдчихоод байгаа юм. Бүдүүн баргаар яваад байна.

-Манай үндсэн хууль ямар нөхцөлд батлагдлаа. Энэ Үндсэн хууль бас ямар үеийг давлаа. Нуруугаа хотойтол үндсэн үүргээ биелүүлсэн. Бүтнээр нь биш юмаа гэхэд яг өнөөдөр манай ойрын зовлонг тарьж байгаа зарим заалтууд дээр нь энэ хоёр том нам маш ухаалгаар өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж би боддог. Тэгж байж халдашгүй баримт бичиг болгож дараагийн үед очно.  Библи дээр гараа тавьж тангараг өргөнө гэдэг шиг тийм том магнай хууль болно. Тэр рүү орох гэхээр манай популистууд Үндсэн хуульд гар хүрч болохгүй гээд алчих гээд байна?

-Үндсэн хуулиндаа олон намын системтэй төр байна гээд заачихсан. Тиймээс зүйл заалт бүр дээр нь судалгаа хийж ажиллах ёстой. Өнөөдөр улс төрийн намууд Үндсэн хуулийнхаа заалтаар улс төрийн сонгуульд оролцож байна уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Нэгэнт Төрөө намаар дамжуулж бий болгоно гээд заачихсан  юм чинь Төр чадвартай байхын тулд намууд нь хариуцлагатай байх ёстой. Улс төрийн хамгийн олон суудалтай энэ хоёр намыг гадны судлаачид гайхдаг.  Нийгмийн чиглэлтэй нам либериаль бодлого явуулаад байх юм. Капиталст нам нь болохоор зүүний арга хэмжээ аваад байх юм гээд гайхдаг. Энэ чинь намын төлөвшил болоогүйн шинж. Намын төлөвшлийг хийхийн тулд эрдэмтэд, улс төр судлаачид нь ажиллах ёстой.

-Их хуралд нэр дэвшигчдэд насны босго тогтооно гэж ярьж байгаа дуулддаг. Минийхээр намын гишүүнчлэлд ч насны босго тогтоох ёстой юм шиг санагддаг?

-Яг үнэн. Үндсэн хуулиа чамбайруулаад авчихвал бүх юмны суурь өөрчлөгдөөд явчихна. Төр иргэдийнхээ итгэлийг алдчихлаа гэдгийг Төрийн тэргүүн маань сая чуулган дээр хэллээ. Надад итгэхгүй байна, УИХ-д итгэхгүй байна. Засгийн газарт бүр ч итгэхгүй байна гээд хэлчихсэн. Товчхондоо манайх чинь сайн намтай байж байж сайн төртэй болох Үндсэн хуультай байхгүй юу. Харамсалтай нь бид намаа зөв төлөвшүүлж чадахгүй байна.Тиймдээ ч намын гишүүд нь гомдож, биднийг зөвхөн сонгуулиар ашигладаг гэж ярьж байна. Намын гишүүдийнх нь амьдрал ямар байгаа, хоолтой хоолгүй, хилсдэж, хэлмэгдэх гээд түмэн зүйлээр зовж байна уу, огт хамаагүй. Уг нь нам бол соён гэгээрүүлэгч институци байхгүй юу. Соён гэгээрүүлэх шинжээ алдчихсан. Үнэ хүндээ алдсан. Одоо нам дотроо маш эрчтэй ажиллах хэрэгтэй болчихоод байна. Ерөөсөө Монголчууд хаа хаанаа ажиллацгаах л хэрэгтэй болчихоод байна л даа.

-Намын гишүүн чинь нэр хүндтэй хүн байлаа шүү дээ, дээр үед?

-Гадаадын улс орнуудад одоо ч тийм байна. Манайд бол бараг намын гишүүн гэдгээ нуудаг тийшээгээ орчихож.  Төрийн тэргүүн итгэл алга болжээ гэж хэлдгийн цаана наад намынхаа асуудал, төлөвшлийг цэгцэл гэсэн утга ч бас байгаа юм. Одоо энэ томилгоонуудыг хараад үнэндээ манай намын гишүүд жигшээд байгаа юм. Маш их уурлаж, шүүмжилж байна. Хоорондоо эгдүүцэж ярьцгааж байна. Энэ уур амьсгалыг бид засах ёстой.

-Нам амьсгаатай, амьд баймаар байна, тийм үү?

-Үнэн. Гишүүдээ сонгуулиар ашиглаад хаячихаар дургүй нь хүрэх зүйн хэрэг. Тэнд саарал ордонд бидний саналаар хэдэн хүн 23 жил тасралтгүй суулаа л гэдэг. Намын үүрийн хурал дээр сууж байхад “Тэд дархалсан улс уу. Хуц ухна тавьчихсан юм шиг хэдэн нөхөр яахаараа дандаа сууж байдаг юм бэ, тэгээд зарчимтай ч байхгүй элдэв хэл аманд өртөж байх юм” гэж загнадаг. Бид нар ардчилсан нийгэмд шилжсэнээр үзэх юмаа үзэж байна. Энэнээс ч илүүг үзэх нь байна гээд л ярих юм. Нам гэдэг жанжин шугам, алсын зорилтоо гаргачихсан байх ёстой. Энийг дагаад намын боловсон хүчний бодлого бас байх ёстой.

-20-30 жилээр гаргачихсан л гэж ярьдаг. Цаасан дээр л буулгадаг шиг байгаа юм?

-Дандаа худлаа, цаасан дээр байгаад байдаг. Ажил хэрэг болдоггүй. Хэрэгжүүлэлтэн дээр хэн ч очдоггүй. Намынх нь гишүүд мэдэх ч үгүй. Хэдхэн хүмүүс тэнд бүх юм сайхан болоод л байгаа юм шиг байгаад байдаг. Амьдрал дээр яваад очихоор зэвүүцсэн, үзэн ядсан улс л их байх нь сонин.

-Намууд галаа тойроод ярих цаг болжээ л гэж хардаг. Гэтэл аль ч нам нь галаа тойрч зугтаад, гишүүдтэйгээ ярихгүй, нүүр тулахгүй бултаад, их бага хурлаа хийхгүй байгаад байна?

-Одоо тойрч зугтах, хуурах, аргацаах цаг бишээ. Харин ч ирж, цуглаж, асуудлаа цэгцлэх цаг.

-Таны хувьд намдаа зүтгэх цаг болжээ гэж харж байгаа бололтой. Намаа ийм байдалтай байхад гадна нь байгаад байхгүй биз дээ?

-Арагшаа суух эрх байхгүй. Ний нуугүй хэлэхэд өдөр шөнөгүй хүмүүс утасдаж байна. Намайг хүний нөөцийн дарга байсан гэдэг утгаар хандаж байгаа байх. Хүмүүс ярьж байгаа байхгүй юу. Үүр дээр байдаг настай хүн, удирдах зөвлөлийн гишүүд ч ярьж байна. Яалт ч үгүй дуугарахаас, ярихаас өөр аргагүй болж байна. Би бол жирийн нэг гишүүн. Элдэв албан тушаалгүй хүн. Гэтэл гишүүд маш олон уулзаж, ярьж, олон санал санаачилга гаргаж, одоо бүгдээрээ ажиллая гэж байна. Тойрч суугаад ярих хэрэгтэй байна, гишүүдийнхээ урам зоригийг сэргээх хэрэгтэй байна. Энэ асуудал ганцхан манай намд ч байгаа юм биш. Аль ч нам ялгаагүй ийм байдалд байна.

 Г.Энхтүвшингийн эрс шийдэмгий, эрч хүчээр дүүрэн яриа, санал болгож буй байр суурь уншигч танд нэгийг бодогдуулж, хоёрыг сануулсан гэдэгт би итгэж байна. Ардын дунд явдаг яриагаар бол асаалттай танк шиг ийм шижигнэсэн залуус эх орноо зорин ирцгээж байна. Тэд зорилготой, хөгжилтэй, хүчирхэг Монголын төлөө ажиллахад бэлэн байна шүү.  

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn