Ариунаа сури: Би ”од” биш...
2015 оны 3 сарын 6 [Уншсан тоо: 73339]

"Загвар өмсөгчид чухал. Тухайн загварыг яаж хүнд хүргэж байна вэ. Энэ ойлголт загвар өмсөгчдийн ур чадвар дээр явдаг. Анхаарлыг өөр дээрээ татах биш загвар дээр татах гэдэг нь чухал асуудал байдаг. Тиймээс би хувьдаа тэрхүү чадварыг нь харж загвар өмсөгчдөө сонгодог."

-Ариунаатай олон жилийн өмнө аян замд явж байгаад танилцаж байсан. Түүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. Өнөөдөр та Монголын нийгэмд хэдийнэ танил болсон байна.

-Нээрээ олон жил өнгөрчихсөн санагдаж байна.

-Анх танилцаж байхад ийм жижигхэн охины хаанаас нь гарч байна вэ гэмээр багтаж ядсан эрч хүчтэй, хүсэл мөрөөдөл цацарч байсан.  Тухайн үед та Германд оюутан байсан байх. Ер нь гаднын зах зээл дээр амжилт олчихоод Монгол руу ирэх тохиолдол цөөхөн байдаг. Та Германд томоохон брэндийн компанид ажиллаж байсан.  Мэдээж наашаа дуудсан хүчин зүйл байгаа байх. Яагаад тэнд хүрсэн амжилтаа орхиод ирэх болсон юм ?

-Анх Герман руу явсан зорилго бол тэндээс сурч болох бүхнийг сурах л байсан. Мэдээж тэнд би хүссэн мэргэжлээ эзэмшсэн. Мэдээж зорилгоо биелүүлээд эх орондоо ирж ажиллах ёстой. Тийм учраас анхнаасаа л “яс мөлжсөн ч дуустал нь мөлж” гэж монголчуудын ярьдагчлан өөрийнхөө чадах хэмжээгээр тэндээс сурах зүйлээ сайн сурч аваад Монголдоо ирнэ гэсэн зорилготой байсан. Гэсэн ч хүн хэдий сайн сурсан ч би төгс боловсорчихлоо гэж бодож чаддаггүй юм байна. Нэг л дутуу байгаад байдаг. Тэр дутуугаа гүйцэлдүүлэх зорилгоор тэндээ 1-2 жил ажилласан. Мэдээж  гэр орон, ээж аавыгаа санах, найз нөхөдтэйгээ уулзаж бусдын л адил наргиж цэнгэж, зугаалах юмсан гэх мэт залуу хүний хөнгөн мөрөөдлүүд байдаг шүү дээ. Эдгээр хүсэлдээ хөтлөгдөөд ирвэл ирэх л байсан. Гэвч би тэгээгүй.  Дутуу санагдсан зүйлээ бодоод л тэнд байсаар байсан.

-Германд ер нь хэр удсан бэ?

-Анх очоод Мэргэжлийн дээд сургуульд элсэж суралцсан. Харин миний хүсэл мөрөөдөл бол Урлагийн дээд сургуулийг  төгсөх байсан. Германд нэг мэргэжлээр нэг л сургуулийг төгсөх эрхтэй байдаг. Мэргэжлийн дээд сургуулиа төгсөхийн алдад дахиад өөр сургууль хайж, Урлагийн их сургуулиа олоод  ахиад бараг эхнээс нь суралцаж  төгссөн. Бараг арав гаруй жил Германд би амьдарч, суралцсан.

-Германчуудыг цаг сайн барьдаг, зарчимч хүмүүс гэдэг. Тэнд төгссөн хүмүүсийг “герман хүмүүжил”-тэй гэж онцлох нь бий. Германаас та хувийн төлөвшилдөө  юуг нэмж авсан бэ?

-Олон жил хүний нутагт амьдрахаар тухайн улс орныхоо иргэдийн баримталдаг зарчмыг, соёлыг нь өөрийн эрхгүй шингээж авдаг.  Бидний ээж аав нарыг “орос школ”-той гэж ярьдаг шиг мөн л хүссэн хүсээгүй “герман школ”-той хүн болж төлөвшиж байгаа юм л даа. Цаг барих бол наад захын асуудал. Товлосон цагаасаа өмнө нь ирэх ч бүдүүлэгт тооцогддог. Цагтаа ирэх нь л хамгийн зөв зарчим байдаг. Хүмүүсийн амралтын цагаар залгаж ярих нь хүртэл бүдүүлэг явдлын нэгэнд тооцогдох жишээтэй. Манайхан ч бас цаг барьдаггүй тийм ч  бүдүүлэг хүмүүс байгаагүй шүү дээ. Нэг хэсэг цаг барьдаггүй байдалтай болсон ч эргээд цаг барьдаг хүмүүжил рүүгээ орж байгаа юм болов уу гэж би харж байгаа.

 - Загварын ертөнц бол энэ хорвоогийн хамгийн том өрсөлдөөний талбар байдаг. Жинхэнэ утгаараа өрсөлдөөний аймшигтай болоод гайхамшигтай талууд зэрэгцэн оршиж байдаг салбар.

-Үнэхээр тийм шүү.

-Гэхдээ манай загварын ертөнцөд айхтар том гэхээр өрсөлдөөн байдаггүй. Загвар өмсөгчдөөр л загварын ертөнцөөр төсөөлнө үү гэхээс биш загвар зохион бүтээгч гэдэг энэ ертөнцийн “хаан”-ы тухай ойлголт бага. Би загвар зохион бүтээгч Түвшин агсантай хамтарч ажилладаг байлаа. Тэр хүнээс хойш загвар зохион бүтээгч гэдэг идеал унасан юм шиг харагддаг. 

-Түвшин агсан гэснээс Германд миний сурч байсан сургуульд загвар зохион бүтээгч Түвшин сурч байсан юм билээ. Манай багш Монголоос ирсэн гэхээр намайг хараад “Өө, над дээр Түвшин сурч байсан шүү дээ” гээд л угтаж авч байсан даа. Түвшин агсны багш надтай учирсанд би дотроо их бэлгэшээж байсан. Тэр багш маань надад Түвшин агсаныг их магтдаг байсан. “Маш чөлөөтэй сэтгэдэг хүн байсан. Одоо юу хийж байгаа вэ” гээд л асууна. Тухайн үед би “Түвшин дизайнер Монголд өөрийнхөө сэтгэснийг ажил болгож чаддаг хүн байдаг” гэж хэлж байсан. Тэр хүнийг санах түүх надад байдаг юм.

-Тухайн үед Түвшингийн гэсэн тодотголтой загвар өмсөгчид хүртэл байлаа шүү дээ. Миний  асуусан загвар зохион бүтээгчдийн тухай ойлголтын талаар та юу гэж харж байна вэ?

-Энэ ойлголтыг эвдэхээр өөрийнхөө чадлынхаа хэмжээнд хийх гээд үзээд л байна. Мэдээж загвар өмсөгчид чухал. Тухайн загварыг яаж хүнд хүргэж байна вэ. Энэ ойлголт загвар өмсөгчдийн ур чадвар дээр явдаг.  Анхаарлыг өөр дээрээ татах биш загвар дээр татах гэдэг нь чухал асуудал байдаг. Тиймээс би хувьдаа тэрхүү чадварыг нь харж загвар өмсөгчдөө сонгодог. Тухайн загвар өмсөгчийн нэр хүнд надад бол чухал биш. Гэхдээ шинэ гарч ирж байгаа загвар зохион бүтээгчид нэр алдартай загвар өмсөгчдийг түшиглэж гарч ирэх тохиолдол хаа сайгүй байдаг.

-Манайд томоохон загварын товчоонууд хөгжихгүй байна. “Монгол костюмс”, “Урлах эрдэм” загвар зохион бүтээгч Соёлмаагийн гэх зэрэг ганц нэг загварын товчоо байна. Уг нь загварын товчоо хөгжөөсэй гэж боддог. Даанч манай зах зээл жижиг болохоор хэцүү. Манай загвар өмсөгчдийн хувьд уламжлалт  “школ” байхгүй.  Дээр  үеийн загвар өмсөгчид загварын тайзнаасаа буумагцаа бүгд нэг загварын дамжаа ажиллуулаад явчих юм. Гадны том шоунуудын загвар өмсөгчид манай загвар өмсөгчид хоёр тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Өөрийгөө л үзүүлээд яваад байдаг. Алхаа гишгээ нь яагаад ийм гунигтай,  удаан байдаг юм бол. Ер нь дэлхийд загвар өмсөгчдийг бэлтгэдэг ямар туршлага байдаг юм бэ?

-Гадны  загвар өмсөгчдийг харж байхад амжилт гаргахад өөрсдийнх нь авьяас их нөлөөлдөг. Том брэндүүдийн жишээг харахад угаасаа авьяастай, туршлагажсан загвар өмсөгчдийг л шалгаруулж авдаг. Түүнээс биш хаана ямар сургууль төгссөнөөр нь сонгож авдаггүй. Жишээлбэл, би өөрийнхөө шоунд оролцох загвар өмсөгчдөө шалгаруулж авсныхаа дараа тэдэнтэй сар гаруй хугацаанд дасгал хийдэг.” Хуруу хумсаа битгий гозойлго, энгийн бай, багш чинь дуудахад яаж алхаж явдаг түүн шигээ яв, миний хувцсыг битгий тэгж өмс. Энэ бол секси хувцас биш энэ бол энгийн хувцас тиймээс  энгийн бай” гэх зэрэг шаардлагуудыг тавьдаг. Манай монголын загвар өмсөгчид нэг хэв маягт орчихсон. Түүнийг нь би эвдэх гэж хичээдэг. Гэвч тэр нэг хэв маяг нь монголын загвар өмсөгчдөд гүн дадал зуршил болсон байдаг. Загвар өмсөгч хүн тайзан дээр нэг л илүү хөдөлгөөн хийхэд тэр илүү хөдөлгөөн рүү үзэгчдийн нүд оччихдог байхгүй юу. Энэ бол хэцүү урлаг. 


-Шинэ гарч ирж байгаа загвар өмсөгчдөөс Нора, Төгс зэрэг загвар өмсөгчдөөс арай өөр стандарт  харагддаг. Монгол төрхтэй, онигор нүдтэй моделиудыг сэтгүүлүүд өнгө төрхөөрөө сонгож, загвар зохион бүтээгчид ч хувцсаа өмсүүлж байгаа нь ажиглагдаж байна. Нэг хэсэг том алаг нүдтэй царайлаг моделиуд моданд орж байсан. Харин одоо бол загвар өмсөгчдийн царай нэг их чухал биш байх, тийм үү?

-Яг үнэндээ царай зүс тийм ч чухал биш. Тухайн загвар маань өөрөө этгээд царайтай хүнд илүү тод  харагддаг байх юм бол тэрхүү загвар өмсөгчийг л сонгосон нь дээр байдаг. Сүүлийн үед харин ч бүр этгээд сонин царайтай загвар өмсөгчдийг том брэндүүд сонирхож авдаг болсон.

-Хэт туранхай, тураалд орсон загвар өмсөгчдийг загварын ертөнцөөс шахан гаргах тухай дэлхийн хэвлэлүүд бичиж эхэлж байна. 90 :60:90 гэдэг стандарт ер нь хэвээрээ юу, жингийн хувьд ямар хэмжээг илүү чухалчилж үздэг болсон бэ?

-Анзаарч байхад Coco chanel брэнд гэхэд загваруудаа айхтар туранхай загвар өмсөгчдөөр өмсүүлдэг хэвээрээ байх жишээтэй.  Carl Lagerfeld ч ялгаагүй туранхай загвар өмсөгчдийг шүтдэг, өөрөө ч туранхай хүн бий. Тиймээс энэ асуудал загвар зохион бүтээгчдээс хамаарч байдаг. Christian Dior-ын загвар зохион бүтээгч John Galliano гэхэд загваруудаа маш сонин хүмүүст өмсүүлдэг. Одой хүнд, маш өндөр туранхай хүнд эсвэл том биетэй, лагс  хүмүүст өмсүүлж байх жишээтэй. Гэх мэт энэ тал дээр хатуу стандартыг мөрдөлгүй маш чөлөөтэй сонгодог болсон. Өдөр тутмын хувцсыг энгийн хүмүүст өмсүүлдэг загвар зохион бүтээгчид ч байна.

-Та эх орноо төлөөлж дэлхийн нэр хүндтэй хэд хэдэн том загварын шоунд оролцлоо. Манайд энэхүү салбарыг хариуцаж байдаг яам, бодлогын газруудаас энэурлагийг хэр дэмждэг юм бэ, том шоунд оролцоод явахад хэцүү зүйл нь юу байна.

-Миний сүүлийн хоёр загварын шоуг Соёлын яам дэмжиж ажилласан. Өмнө нь Монгол Улс тамирчдаа болон дуучдаа дэмжиж гадны тэмцээн, уралдаан руу явуулдаг байсан. Загварын салбарынхныг яагаад ч юм хүн хүн дээр нь харж үздэг байсан байх. Харин одоо энэ салбар Монголын нэр хүндийг дэлхийд таниулах хэмжээнд хөгжиж байна. Шийдвэр гаргах төвшнийхөн маань анхаарлаа хандуулаасай гэж боддог. Миний загварын шоуг Соёлын яам дэмжсэнийг шүүмжилж бичсэн байхыг би харсан. Уг нь бол бид монгол үндэсний брэндийг гадаадад сурталчилж, түүнээс тодорхой хэмжээгээр захиалгаа аваад ирдэг. Нэг дуучин гадаадад очоод тоглолтоо хийгээд ирдэг болохоос цомгоо тэнд борлуулах боломжгүй л байдаг шүү дээ. Харин бид бол Монголынхоо томоохон үйлдвэрүүдтэй шууд харьцдаг.  Жишээлбэл кашмерийг оёулахад Монголынхоо үйлдвэрүүдтэй харьцана. Ноос, ноолуурын тал дээр ч монгол үйлдвэрүүдээрээ хийлгэдэг. Тэдгээр хийсэн хувцаснууд дэлхийн том сүлжээ дэлгүүрүүд рүү нэвтэрснээрээ эргээд Монголд ирэх хөрөнгө оруулалт болно гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсдэг. Энэ салбарт ажиллаж байгаа ч хүмүүс ч үүнийг ойлгоосой. Энэ бол ганц хүний нэр биш юм шүү. Савхи болон ноос ноолуурын маш олон монгол үйлдвэрүүдтэй бид хамтарч ажилладаг. Тэд “Ариунаа минь, захиалга аваад ирдэг юм шүү,манай савхинаас л авч хэрэглээрэй ” гэж хэлдэг. Гутал хийсэн ч гутлын үйлдвэр “за миний дүү, үүнээсээ 10-20 ширхэг захиалга аваад ирсэн ч бидэнд  хэрэгтэй шүү” гэж итгэл найдвараа надад өвөрлүүлж явуулдаг. Энэ байдлыг олон хүмүүс ойлгоосой. Би “од” болох гэсэндээ ерөөсөө ч биш, би зөвхөн сурсан мэдсэнээ л хийж яваа хүн. Би өөр юу ч хийх билээ. Нэг үйлдвэрт очоод загвар зохион бүтээгч хийгээд суух бол бас тийм ч дэвшилттэй ажил биш. Би яах гэж 10 гаруй жил Германд энэ мэргэжлээр сурсан юм бэ. Тийм болохоор хийж байгаа ажлыг маань дээр, дооргүй ойлгож дэмждэг байгаасай гэж хүсдэг. Би баян болох хүсэлтэй байсан бол Германд сарын 4000-5000 еврогийн цалинтай ажил хийгээд явбал явах л байсан. Гэвч өнөөдөр энд тоос шороондоо хутгалдаад бас нэг зүйл хийх гээд яваад байгаа нь цаанаа зорилготой юм шүү. Ц.Оюунгэрэл сайдын хувьд намайг энэ тал дээр ойлгож хүлээж авсанд би баярлаж явдаг. Яг энэ сэдвээр бид 30-40 минут ярилцаж байсан. Mercedes Benz-ийн шоуны хувьд тэнд ганцхан загвар сонирхдог хүмүүс очоогүй, дэлхийн том дэлгүүрүүдийн эзэд сууж байдаг. Тэр 400-гаад хүний 200 нь лав л том, жижиг хэмжээний дэлгүүрүүдтэй 5-10 бутик эзэмшдэг дэлгүүрүүдийн эзэд байсан.

-Таны өөрийн нэрийн брэндийг худалдаалдаг дэлгүүрүүд байгаа юу?

-Байгаа. Япончууд гэхэд олон жил хамтран ажиллах найдвартай үйл ажиллагаа, баталгааг харж шийдвэрээ гаргадаг. Намайг эхний жил бүгд л санаа тавьж анзаарсан. Харин хоёр дахь жилдээ оролцмогц харилцагч нар маань нэлээд ул суурьтай хандаж эхэлж байна. Чамгүй хэдэн захиалагчтай, цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа.


-Загвар зохион бүтээнэ гэдэг бол өөрөө том урлаг. Загвар зохион бүтээгч бүр өөрийн гэсэн хэлтэй. Тэр хүний бүтээлээс тухайн загвар зохион бүтээгчийн үзэл санаа, эрх чөлөөний тухай ойлголтын хэм хэмжээ гээд олон зүйл харагдаж байдаг. Таны хувьд өөрийнхөө загваруудад юуг шингээж, юуг хэлэхийг хүсдэг вэ?

-Хүн бүрийн тэр дундаа уран бүтээлч бүрийн дотор “би” гэдэг үзэл байдаг. Бизнесээ, өдөр тутмын орлогоо бодоод ч хийсэн ямар нэгэн байдлаар тухайн “би” гарах ёстой . Ганцхан бизнесийг бодож хувцсыг урлах нь маш уйтгартай. Тиймээс би өөрийнхөө “би”-г тодорхой хэмжээгээр гаргадаг. Миний “би” бол өрнө болон дорнын холимог шийдлүүд дээр тогтдог болов уу. Энэ шинж хүссэн хүсээгүй л загварууд дээр маань илэрч байдаг.

-Дээр үеийн монгол үндэсний хувцаснуудаас ямар элементүүд нь таны сэтгэлийг илүү татдаг вэ?

-Азюматри гэж ярьдаг. Тэгш бус хэмт байдал монгол үндэсний хувцаст байдаг. Түүнийг нь би илүү их анзаарч загвартаа ашиглахыг хүсдэг. Мөн манай монгол хувцаснууд дээр хүнд анзаарагдаагүй жижиг деталиуд ихээр байдаг. Түүнийг нь илүү ашиглахыг хүсдэг. Сүүлийн үед бусад хүмүүс ч анзаарч эхэлж байна.

-Гадагшаа  явахдаа даавуу, материалаа авдаг уу, энэ асуудлаа яаж шийддэг вэ?

-Төв аймагт Нэхмэлийн үйлдвэр байгуулагдаад тоног төхөөрөмжүүд нь бий болж боловсон хүчний асуудлаа шийдээд явж байгаа юм билээ. Тэр үйлдвэрийг хурдан ашиглалтанд ороосой гэж хүсч байна. Хөвөн даавуун болон маалинга зэрэг зарим даавуунууд Монголд байхгүй. Тэдгээрийг гадаадын орнуудаас зохицуулдаг. Хонг Конг, Шанхай, Франц зэрэг улсад болдог даавууны томоохон үзэсгэлэн худалдаанд алгасахгүй оролцохыг хичээдэг. Шинэ гарч байгаа загвар зохион бүтээгдэд зориулсан даавууны үзэсгэлэн худалдаанаас л даавуугаа сонгодог.

-Та хувцсаа өөрөө хийж өмсдөг үү?

-Үгүй. Ёстой л загасчны морь усгүй гэгч нь над дээр хэрэгжээд байдаг. Өөртөө хувцас хийж өмсөх юмсан гэж боддог ч амжихгүй л яваад байдаг.

-Манай ноолуурыг дэлхий сонирхлоо гэж манайхан өөрсдөө ярьдаг ч эдлэхэд маш хэцүү. Бөөсрөөд байдаг. Гадныхан бол үүнийг тэсвэрлэхгүй. Савхины боловсруулалт гэхэд Туркийг гүйцэхгүй байна. Нэхийний боловсруулалт бас л сайн төвшинд хүрээгүй байна. Манай түүхий эдийн тухай гадныхан юу хэлдэг вэ?

-Манай ноолуурыг бол маш их ноосордог гэж хэлдэг. Би Германы компанид ажиллаж байхдаа Монголын ноолуурын компанитай хамтран ажиллаж байсан. Тэгээд загвар гаргаж байхдаа “аз жаргалтай ямаанаас гаргаж авсан аз жаргалтай ноолуур” гэж рекламдсаар байгаад хамтарч ажиллаж байсан. Гэвч маш их ноолорсон. Гаднын загвар зохион бүтээгчид хэлэхдээ “ноолуур нь бол маш сайхан дулаан юм байна. Гэвч ноосроод байна. Энэ бол асуудал. Уг нь ноолуурынх нь ширхэг урт юм байна. Технологи дээрээ л алддаг байх” гэж хэлж байсан. Би ч мөн тэгж боддог. Уг нь хамгийн урт ширхэгтэй ноолуур гэдэг. Ноолроод байдаг нь ямар учиртай юм бэ гээд бодохоор цэвэр өөрийн үндсэн өнгөөрөө байгаа ноолуурууд нь ноосрох нь бага байдаг. Өнгө оруулаад ирэхээр л ноолроод ирдэг. Тиймээс өнгө оруулахдаа манайхан тухайн ноолуураа гэмтээгээд байдаг юм болов уу.

-Ноолууртаа манайхан их найдлага тавьдаг шүү дээ.

-Манай ноолуур сайн байх ёстой. Тиймээс технологийнхоо явцад өнгө оруулалт дээрээ манайхан хороо хэтрүүлдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг. Би технологийн хүн биш ч олон технологийн хүмүүстэй ажиллаж байсан. Ийм л үгсийг олон удаа тэднээс сонсч байсан. Энэ тал дээр л манайхан анхаарах ёстой. Итали ноолуур  хэзээ ч бөөсөрдөггүйг би мэднэ. Тиймээс манайхан энэ тал дээр алдаагаа олж сайжруулах хэрэгтэй.

-Таны энэ жилийн төлөвлөгөөг сонирхож болох уу. Мэдээж танд том мөрөөдөл байгаа байх. Түүнээсээ бас манай  уншигчидтай хуваалцвал.

-Миний хийгээд явж байгаа зүйл бол дизайнер брэндийг олон улсын зах зээл дээр нэвтрүүлэх явдал. Зүгээр л нэг өөрийгөө рекламдаж гүйгээд, хэдэн хүмүүсийн толгойг угаахдаа биш. Монголдоо л юм хийгээд суух биш. Дэлхийн том брэндүүдтэй өөрийн брэндийг зэрэгцүүлэхийг хүсч байна. Нью Йоркийн төв гудамжинд манай нэрийн дэлгүүр байж байхын төлөө ажиллаж байна. Магадгүй би энэ насандаа чадахгүй байж магадгүй. Брэндүүд олон жил болох тусмаа оршин тогтнодог. Тиймээс сайн брэндийн ул суурийг эхнээс нь зөв тавих хэрэгтэй байна. Анхнаасаа зөв менежмент, зөв бодлогыг баримталж ажиллавал олон жилийн дараа мөрөөдөл маань биелнэ гэдэгт итгэж байна.

-Танд загвараа урлаж байхдаа эсвэл өмсүүлээд харж байхдаа таашаал авч, баярлаж  байдаг тийм ухаан, үзэмж төгс загвар өмсөгч бий юу?

-Бий. Жаахан охидууд залуу загвар өмсөгчид гарч ирж байна. Гэвч тэд маань намбажиж, тогтох ёстой. Миний хоёр ч удаа Mercedes Benz-ийн шоунд авч явсан Мичидмаа гэдэг загвар өмсөгч бүсгүй бий. Олон хүний нүдэнд харагдаж амжаагүй ч үнэхээр чадварлаг загвар өмсөгч. Загвар зохион бүтээгчийн шаардаж байгаа шаардлагыг ойлгож, түүнийг нь хийж чаддаг.

-Та “Гоёл” наадамд оролцдог уу?

-Оролцдоггүй.

-Та одоо хэнтэйгээ амьдарч байна вэ, гэр бүлтэй болсон уу?

-Хараахан амжаагүй байгаа. Найз залуутайгаа хамт амьдрах гээд л байж байна./Инээв/

-Нэгэнт загвар зохион бүтээгч хүнтэй уулзсаных өвөл дуусч байна, ирэх хаврын гол өнгө ямар байх бол.

-Хавар бол хүнийг дуудсан, гэгээлэг улирал. Загвар зохион бүтээгчид янз бүрийн өнгө гаргана. Зарим үед уйтгартай ч байж магадгүй. Гэвч түүнийг зохидог хүн нь өмсөөсэй гэж хүсдэг. Үүнээс илүү тухайн хүн өөрт зохисон өнгийн хувцсаа л өмсөх хэрэгтэй. Тэр өнгийг өмсвөл гоё болно гэсэн бодол руу туйлшрах хэрэгггүй. Тухайн хүн маань бор арьстай бол цайвар өнгийг сонговол гоё. Цайвар цагаан царайтай хүмүүс нэлээд завсрын даруухан өнгийг өмсөх тусмаа илүү дэгжин, үнэтэй харагддаг. Тиймээс тухайн хүний арьснаас илүү шалтгаалдаг.

-Таны юм бол сонгочих гээд байдаг хайртай өнгө чинь аль өнгө вэ?

-Юм л бол сонгочих гээд байдаг өнгө маань саарал. Гэхдээ үхмэл саарал биш. Шинэлэг саарал өнгө. Саарал өнгө холилдсон өнгүүдийг бас их таашаадаг. Бас хар өнгөнд  дуртай. Манайх саарал завсрын өнгүүд дундуураа номин цэнхэр, номин ногоон өнгийг маш жижгээр ньюанс болгон оруулж байгаа. Би бас зэс өнгөнд дуртай.

-Манай “од”-ууд шүүмжлүүлэх дургүй байдаг. Гэвч “од” бол “од”. Хариуцлагатай байх ёстой. Их алдаатай хувцасладаг.  Шүүмжлэхээр бухимддаг. Улаан хивсний ёслолд ирэхдээ ч үнэлэхэд хэцүү  эрээвэр сонголтууд хийдэг . Танд энэ тал дээр санал ирдэг үү, уг нь та л тэдгээрийг зоригтой шүүмжлэх ёстой хүн юм шиг санагддаг.

-Иймэрхүү жижиг шүүмжлэлүүдийг сонсоод сурчих хэрэгтэй л дээ. Надад ч бас ганц нэг удаа шүүмжлэл ирж байсан. Гэвч ихэнхдээ гоё урмын үгс ирдэг. 3-4 жилийн өмнө маш ихээр шүүмжлэлтэй харагддаг байсан хүмүүс маань илүү сайжирсан ч юм шиг анзаарагдаж эхэлж байна. Заавал дизайнерууд шүүмжлэхдээ чухал биш. Мэдрэмжтэй хүн бүр түүнийг хардаг. Тэртээ тэргүй олны өмнө гарч байгаа хүн өөртөө анхаарал тавихаас өөр аргагүй шүү дээ. 

-Танд сэтгүүлүүдээс стилист шүүмжлэгчээр хамтарч ажиллах санал ирж байна уу?

-“Манай стилист болооч булан хариуцаад яваач” гэсэн саналууд ирдэг. Ингэхийн тулд тодорхой хэмжээний үүрэг, цаг зав гаргах ёстой. Ажлын хажуугаар хийх зүйл биш. Одоохондоо арай л амжихгүй байна.

-Танд бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

-Танай сонины хамт олонд бас амжилт хүсье. Уншигчдад тань сайн сайхныг хүсч байна.

-Баярлалаа. 

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn