Хятадын төрийн ”Шинхуа энержи” компани Монголын хуулийг зөрчих үү?
2015 оны 3 сарын 23 [Уншсан тоо: 70063]

Хятад улсын дарга, эрхэмсэг ноён Си Жин Пин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн. Ноён дарга манай төрийн хоймроос хэлсэн үгэндээ дэлхий нийтэд болон Монголын ард түмэнд хандаж хөрш орнуудтайгаа харилцах Хятад улсын төрийн бодлого, байр суурийг ил тод илүү дутуугүй тодорхой илэрхийлсэн билээ.Тэрээр Хятад улс дэлхийн эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн болж байгаа ч хөрш орнуудаа дэмжиж, хамтран хөгжинө. Мөн сүр хүчээр далайлгаж жанжлах бодлого явуулахгүй гэдгээ тунхаглан зарласан. Хамгийн гол нь Монгол Улсын сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ хэмээсэн халуун дотно үгээрээ  Монголчуудын итгэлийг олж, сэтгэлийг хөдөлгөсөн билээ.

Мөн эдийн засгийн хамтын ажиллагаандаа Монгол Улсад илүү ашигтай байх зарчим баримтлана гэж хэлсэн нь хүчирхэг эдийн засагтай энэ улсын удирдагч ашиг хонжоо харахаас илүү Монгол Улсын хөгжилд дэмжлэг болох юм байна гэсэн итгэлийг бидэнд үлдээсэн юм. Ерөөс Хятад улс хүчирхэг, хэт их гүрний статустай  болсон ч гэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн шударга гишүүн байна, буурай орныг дэмжиж ажиллана гэдгээ маш тодорхой илэрхийлсэн билээ.

Энэ тухайд нийтлэлийнхээ эхэнд яагаад хөндсөнийг уншигч та одоо түвэггүй мэдрэх биз ээ.

Ерөөс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын хэлэлцээр...энэ сэдэв...одоо далд өрнөж буй үйл ядлуудаас болоод л та бүхэнтэй ярилцах, олон олон зөрчил тээн гарч ирж буй мэдээллүүдийн талаархи санаа оноогоо хуваалцах шаардлага гарч байна гэсэн үг.

Тавантолгойн ордыг ашиглах санал өгсөн консорциумд Хятад улсын төрийн өмчит "Шинхуа" компани байгаа. Үүнийг бид бүгд мэднэ. Хамтрагч нь "МСS" тэргүүтэй Монголын бизнес улс төр дамнасан бүлэглэл. Нялуурч тойролгүй хэлэхэд манай олигархи компаниудын нэгдэл гэсэн үг. "МСS" болон түүний нөхөд Тавантолгойн ордын нэг хэсэг болох “Ухаа худаг”-ийн ордыг авч, "Энержи Ресурс" нэртэй компани байгуулсныг ч бид сайн мэднэ.

Харин энэ компанийг эзэмших компаниа Кайманы аралд "Mongolian mining Corporation" (товчилсон нэр нь ММС) гэдэг нэртэйгээр байгуулсан байсныг бид саяхан л мэдсэн. Одоо ч олон нийт төдийлөн анзаарч анхаарч амжаагүй яваа билээ. "Mongolian mining Corporation" (ММС) гарч ирснээр бүх ээдрээ эргэлзээг араасаа хөврүүлчихлээ. ММС....ММС...

Тоглоомын, тохуурхлын энэ компаниа нэрлэхдээ Монгол гэдэг үгийг оруулсан нь анхнаасаа л хөөрхий биднийгээ төөрөгдүүлэх зорилго байсан болж таарав уу. Юутай их басамжлал вэ?        
   
Тэд маань ингээд Монголд байгаа, Монголын баялаг дээр үндэслэж Кайманы аралд компани байгуулсан байжээ. Кайманы арал шүү.

Мэдээж энэ сонголт учиртай. Кайманы арал бол оффшор бүс. Оффшор нь энгийн утгаар тайлбарлавал улс орныхоо хууль тогтоомжоос зугтагчид, татвараас зулбагчид очиж орогнодог бүс л гэсэн үг юм.

Offshore гэдэг үг «эргийн гадна», «хилийн гадна» гэсэн утгатай. Тэмтэрч ядах юмгүй нэр нь нэдэрээ илэрхийлж байдаг тодорхой ойл-голтын бүс нутаг л даа.  

Монголын олигархиуд Монголоосоо айдаг болжээ. Монголдоо итгэдэггүй болжээ. Иймээс их гарын мэхлэгчид маань оффшор Кайманы аралд очиж компани байгуулсан гэсэн үг. Тэгээд тэр компани нь Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, улс орон даяараа сүр жавхлант сурталчилгаанд умбаж байсан маань дөнгөж өчигдрийн явдал.

Кайманы арал Английн, Хонконг нь Хятадын эзэмшилд байдаг. Энэ хоёр газар байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд Монголын хуулийг мөрдөхгүй. Мөрдөхгүй байх эрхийн бүсэд очиж төвхнөсөн учраас. Хөрөнгө оруулагч нь Монгол хүн байх, компани нь Монгол байх хамаагүй. Зүгээр л гэнэн цайлган нийгмийнхээ толгойг эргүүлэх зорилготой “монгол хүн, монгол нэр” бий болгосон гэсэн үг.

“Ухаа худаг” гэх нүүрсний уурхайг эзэмшдэг "Энержи Ресурс" компанийг өдий болтол бид үндэснийхээ бизнесменүүдийн нэгдэл, үндэснийхээ компани, бүр уянгын халилтай хэлэхэд “манайхан” л гэж итгэсээр ирсэн. Гэтэл нөгөө "Энержи Ресурс" компанийн маань  жинхэнэ эзэн нь "ММС" болоод явчихлаа. Тэгэхээр “Ухаа худаг”-ийн уурхай “ММС”-ынх болсон гэсэн үг.

Төрийн гарт менежментээ өгсөн бүхэн унжирч сунжирч, саатаж самуурч байдгийн гайг бид үргэлж шүүмжилсээр ирсэн. Нэг үгээр ухамсарт маань гүн шингэсэн энэ ойлголтон дээр амжилттай тоглосон яруу алдарт "Энержи Ресурс"-ийн ажил хэрхэн яаж амжилттай хурдалж буй тухай суртал нарыг ч халхалж байсан цаг саяхан. Хувийн хэвшлийнхэн маань хийморьтойхон яваасай билээ, ашгүй хэмээн ерөөсөөр, итгэсээр, найдсаар байтал тэдний маань тухай ийнхүү таагүй мэдээллүүд ирж эхлэх нь энэ. Үнэн хэрэгтээ манай баатрууд “Ухаа худаг” дээрээ ажиллаж, ярьж ухуулж байсан шигээ амжилт хийж  чадаагүй бололтой. Өнөөдрийн байдлаар 1.3 тэрбум долларын өрөнд ороод дампуурч байна гэх зовлонтой мэдээлэл түгэж байна. Үндэсний хөрөнгөтнүүд маань сайн ажиллаж байгаа гэж итгэж залбирч байх зуур тэд маань харин өр үйлдвэрлэж байжээ. Өр бол зовлон. Өр бол дарамт. Өртэй явснаас үхсэн нь дээр гэж бараг Монголчууд үздэг. Тиймээс тэднийгээ ийм зовлонд орчихлоо гэж бид баярлах учиргүй. Бас ёсгүй. Гэхдээ тэдний дампуурлаас гарах арга нь Монгол Улсын төрийн орд, ард түмний өмч болох том Тавантолгойн орд байж болох уу. Энэ нь шударга явдал мөн үү. 

Сүүлийн үед улс төрийн хүрээнд нууцхан бухимдаж, басхүү нууцхан шивнэлдэж буй зүйл нөгөө хэд баларч ирээд ахиад Тавантолгойн орд руу “дайрч” эхэлсэн тухай сэдэв болжээ. Энэ үнэхээр үнэн бол бид тэднийг Дагвын орон дээр дахиад л гаргах гэж үү. Энэ улс оронд ердөө тэр хэдхэн олигархи л бизнес эрхэлдэг хэрэг үү. Тэд тарвалзаж, бид тарчигдаж явах л тавилантай гэж үү.

Тэгдэг юм гэхэд 2010 онд зарласан Тавантолгойн ордыг ашиглах тендерт ороогүй атлаа одоо  амдаж орж, амлаж дайрч явах хуулийн боломж байгаа юу гэх асуулт зүй ёсоор гарч ирж байна. Бас тэд яагаад ийм эрэлхүү, эрээгүй загнаж байна вэ гэсэн хардлага эрхгүй төрнө. Ямартай ч тэд “Шинхуа” компанийг өөртөө татаж чадсан байна гэх дүгнэлт юун түрүүн орж ирж байна.  Эсвэл "Шинхуа энержи" тэднийг эрхшээсэн. Өөрөөр ийм том зориг гаргах бололцоо байхгүй.

Тэд аргагүй хүндрэлд орсны улмаас улайрч байгаа нь ойлгомжтой. Улайрч байгаа учраас Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, УИХ-ын шийдвэр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг ч зөрчин ийм том зориг гарган дайрч байна гэж харахаас өөр арга алга. УИХ-ын гишүүдийг тэд хямдхан гэж тооцож байна. Хямдхан байж ирсэн учраас аргагүй биз. УИХ-ыг тэд бараг хүч хаясан ажиллагаа орох субъект гэж тооцохгүй байна. Тооцох шаардлагагүй байж ирсэн учраас тэр биз. Тийм ч учраас УИХ-аар хэлэлцүүлэхгүй, зөвхөн М.Энхсайхан гэдэг нэг сайдаар л шийдүүлээд явчих арга замыг сонгож. Энэ нь дэндүү ил тод харагдаж байна л даа.

Ингэхэд тэд ямар хууль тогтоомж зөрчих гээд байгаа юм бэ гэж уншигч авхай та надаас асууж байгаа байх.



1.  Тавантолгойг ашиглах хэлэлцээрийг УИХ шийдвэрлэх шаардлагагүй гэж байгаа нь УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг зөрчиж байна.

Тэгвэл УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 5/- дах заалт "дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани (консорциум)-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 он намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах" гэжээ.

Энэ заалтын дагуу Тавантолгойн ордыг ашиглахаар Консорциумаас санал болгож байгаа хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байна.

Тэгээд ч "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-д "УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд 2010 оны 12 дугаар сарын 8-нд зарлан явуулсан Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт"-ын үйл ажиллагааг дор дурдсан нөхцөл, шаардлага, зарчмыг баримтлан үргэжлүүлэн явуулахаар шийдвэрлэсүгэй" гэжээ.

Эндээс харахад ч гэсэн Засгийн газрын одоо шалгаруулаад М.Энхсайхан сайдын хэлэлцээр хийгээд байгаа хөрөнгө оруулагч консорциумтай байгуулах гэрээ, хэлэлцээрүүд УИХ-аар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх нь тодорхой байна.

2. Хэлэлцээр хийж байгаа сайд М.Энхсайханы мэдэгдэж байгаагаар бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг консорциум эзэмшилдээ авч 30 жилийн дараа Монгол Улсад 51 хувийг өгнө гэжээ.

Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С. Батболд нар ҮАБЗ-ийг бүрдүүлж байхдаа 2011 онд 35/32 дугаар зөвлөмжийг гаргажээ. Энэхүү Зөвлөмжийн 1-д "УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодпого"-д шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд Концессын хуулийн 17.1.1 -д заасны журмын дагуу олгох" гэсэн байна. Харин Концессын тухай хуулийн 17.1. Дор дурдсан тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болно: 17.1.1 "уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн" гэжээ.

Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн энэхүү Зөвлөмж, түүнд үндэслэл болгосон Концесын тухай хуулийн 17.1.1 дэх заалтын дагуу Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 121 дүгээр тогтоолоор 1 болон 2 дугаар ээлжинд баригдах (ТТ-Гашуунсухайт чиглэлийн 267 км ороод) 1800 км төмөр замын тусгай зөвшөөрлийг "МТЗ" ХК-д олгожээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг уралдаант шалгаруулалтаар төрийн бус хэвшилд олгох нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзэж Монгол Улсын төр өөрийн төрийн өмчит компанидаа шууд гэрээгээр олгосон байна.

Гэтэл одоо М.Энхсайхан сайд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгож, гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолыг зөрчиж байна.

3. Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4."дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн (Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн)-ийг хэлнэ гэж заажээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн энэ заалтыг харахад Кайманы аралд байгуулагдсан, Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан "ММС" болон БНХАУ-д бүртгэлтэй "Шинхуа" нь Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд биш бөгөөд дотоодын хөрөнгө оруулагчид биш болох нь тодорхой байдаг.

4.  Засгийн газрын тогтоолоос харахад 2010 онд зарласан тендерийг үргэлжлүүлж байна. Тэгвэл 2010 онд зарласан тендерт оролцож богино жагсаалт буюу тендерийн хоёр дах үе шатанд 1. "Шинхуа Энержи" (БНХАУ) болон "Мицуй" (Япон) компанийн түншлэл, 2."Пибоди Энержи" (АНУ), 3."Оросын төмөр зам компани", "СУЭК" (ОХУ), Японы консорциум, Солонгосын консорциум, 4."Вале" (Бразили), 5."Экстрата Коал" (Австрали) 6. "Арселормиттал групп" (Люксембург) зэрэг зургаан компани шалгарсан.

Тендер энэ зургаан компанийн дунд үргэлжилнэ гэсэн үг. Гэтэл анхнаасаа тендерт ороогүй "ММС" хаанаас ч юм бэ гарч ирээд бүр 51 хувь авахаар дээд төвшинд далд хэлэлцээр хийж байна гэх мэдээлэлд бид яаж хандах ёстой вэ.

Ийм хууль зөрчсөн үйл ажиллагаанд Хятадын төрийн "Шинхуа энержи" компани хамтрагч болон оролцож  Монголын хуулийг зөрчих үү?

БНХАУ-ын дарга Си Жин Пин-ий ердөө зургаахан сарын өмнө Монгол улсад айлчилж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг, илэрхийлсэн хамтын ажиллагааны зарчимд нь ийм хууль бус үйлдэл нийцэх үү?

Энэ мэт олон асуулт гарч ирж байна. Хуулийг хэн нь мөрдөж, хэн нь гишгэж явах вэ. УИХ хуулиа зөрчүүлэхгүй сөрөн гарч чадах уу зэрэг үй түмэн асуултууд толгой өвтгөж байна.

Бидний зам яагаад ийм зүдэргээнтэй байдгийг, яагаад итгэлээ өгч Төрд илгээсэн нөхдүүд маань эргэж дандаа элэг рүү тийрч байдгийг шархиран бодно. Яагаад... яагаад...?





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив