О.Баасанхүү: Тэр ММС бол хүссэн ч, эс хүссэн ч гадаадын компани
2015 оны 4 сарын 3 [Уншсан тоо: 87262]

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ярьж байна.

-Таныг Өргөдлийн байнгын хорооны дарга болсноос хойш уулзаагүй юм байна. Энэхүү шинэ байнгын хороог нэр төртэй аваад явчих улстөрч удирдах боллоо гэж харж байгаа.

-Баярлалаа.

-Таныг болно гэхэд намууд тийм ч дуртай биш байх шиг байсан. Өөрт тань ер нь энэ хороог авах сонирхол байсан уу. Зүгээр явцын дунд л болчихов уу?

-Ер нь бол МАХН засагт хамтарч орсон гэдэг утгаараа байнгын хорооны хуваарилалтууд, Засгийн газрын хуваарилалтууд дээр тодорхой хэмжээний квотуудтай байсан л даа. Энэ квотын дагуу манайхан бүгдээрээ дарга сэтэр зүүчихсэн байсан.

-Бүгд үү?

-Бүгд шүү. Г.Уянгаа Мянганы хөгжлийн түр хорооны дарга, З.Баянсэлэнгэ байнгын хорооны дарга, Ц.Цолмон болохоор Гадаад бодлогын байнгын хорооны дарга, одоо Батлан хамгаалахын сайд гэх мэтчилэн 11 хүн бүгдээрээ дарга болоод ганцаархнаа би л үлдчихсэн байсан л даа. (инээв) Тэгээд л миний нэрийг гаргасан. АН, болон МАН-ынхан болохоор “Танай намынхан чамайг гаргахыг хүсэхгүй байнаа” л гээд яриад байсан. Үнэн хэрэгтээ тэгсэн ч юм уу, үгүй ч юм уу би мэдэхгүй юм.

-Өөрсдөө л жаахан бэргээд байсан юм биш үү?

-МАН-ынхан болохоор битгий янз бүрийн юм яриач, бидэн рүү битгий орооч гээд л, АН-ынхан ч “Чиний өмнөөс архи уугаад өгье ч гэх шиг, бидэнтэй хамтарч ажиллаач” ч гэх шиг иймэрхүү хачин ярианууд болж л байсан. Би бол зарчим л ярьсан. Яагаад гэвэл бидэнд зарчим гэж байх ёстой. Тэр зарчим нь юу вэ гэвэл өнөөдөр хэрвээ ямар нэгэн байдлаар Төр, засгийг бүрдүүлж явж байгаа бол бүх зүйл дээр тэгш хандах л ёстой байхгүй юу. Намайг ажиллуулахаас хэрвээ татгалзаж байгаа бол шалтгаанаа тодорхой гаргаж тавих ёстой. Яагаад татгалзаж байгаа юм бэ. Юу нь таалагдахгүй байгаа юм гээд. Түүнээс биш хов живийн байдлаар, эрх ашгийн ач холбогдлоор Төрийн ажилд хандаж болохгүй биз дээ.

-Хэвлэл мэдээллийн ийм нээлттэй орчинтой нийгэмд л хүмүүс өргөдөл гомдол бичсээр байна гэдэг өөрөө их зовлонтой ойлголт юм. Арга буюу мухардаад л ийм арга хэлбэр рүү орж байна гэж хардаг. Ялангуяа дээшээ хандсан зүйлсэд хариулт ирэх нь ховор. Хад мөргөөд л буцаад байдаг. Цуурай ч ирдэггүй.  Тиймээс энэ хорооны үүрэг хариуцлагыг их чухал гэж бодож байгаа юм.  Ер нь ямархуу өргөдлүүд ирж байна вэ?

-Янз бүрийн л юм ирдэг. МИ-8 онгоц явуулж манай нутгийн чоныг устгаж өгөөч ч гэх юм уу, эсвэл манай ийм ийм тодорхой албан тушаалтнууд ингэж ингэж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Ингэж авилга аваад байна ч гэх юм уу янз бүрийн л өргөдөл ирдэг юм. Ер нь бол 2012 оны долдугаар сард байгуулагдсан шинэ байнгын хороо шүү дээ. Одоо бол иргэдээс 30 мянган өргөдөл ирчихээд байж байна. Энэ тоон үзүүлэлт өөрөө олон юмыг хэлж байгаа байх. Ер нь бол бид асар их ачаалалтай ажилладаг.

-Өмнө нь Р.Бурмаа гишүүн ажиллаж байсан. Хэр суурь тавьж чадсан юм бол?

-Мэдээж хийх ёстой зүйлээ хийсэн байх. Ер нь бол хувь хүний тухай сайн муу гэж ярих нь тийм таатай зүйл биш гэж би боддог. Бид энэ хороог хамгийн том, хамгийн хүчтэй байнгын хороо болгохын төлөө л ажиллана.

-Би хувьдаа таныг Хууль зүйн байнгын хорооны дарга болоосой гэж бодож байсан.

-Тэд нар өгөхгүй шүү дээ. 

-Танай байнгын хороонд хилсээр яллагдсан, хэлмэгдэж шийтгүүлж байгаа иргэд гомдол бичиж болох уу?

-Болно. Бүх л өргөдөл ирнэ шүү дээ. Бүх өргөдөл дээр бид нар зохих зохих шатанд нь хүргэж өгөөд, очоод, асуудлыг нь гаргаж тавиад, шаардаад, шийдвэрүүдийг нь гаргуулаад явдаг. Сая гэхэд би Цагдаагийн дарга Р.Чингисийг дуудаж чиглэл үүрэг өглөө. Яагаад гэвэл манай дээр замын осол ихэслээ, тэр дундаа хүүхдүүд осол аваарт өртөх явдал бүр хэрээс хэтэрлээ гээд өргөдөл ирж байна.

-О.Баасанхүү гэж нэг пацаан бүр даварчээ. Цагдаагийн даргыг өрөөндөө дууддаг хэн бэ гэсэн жиргээ явж байсан.

-Тийм үү. (инээв) Баасанхүү гэж нэг пацаан биш Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын байнгын ажиллагаатай байнгын хорооны дарга дуудсан юм л даа. Харин ч тэр хүн ирэх ёстой. Өөрөө ирээгүй шүү дээ.

-Өө, тийм үү. Тэр чинь харин яасан даварсан нөхөр вэ?

-Дэд даргаа явуулсан байна билээ. Өөрөө болохоор “Би ажилтай байна” гэж хэлүүлсэн. Би тэр хүн дээр хариуцлагын асуудал гаргаж тавина. Төр өнөөдөр ийм л болчихоод байна ш дээ. Дээрээ ч, доороо ч нэг ийм л маягтай болсон.

-Ямар ч өргөдлийг хүлээж авах юм байна. Хууль зүйн байнгын хороо хэлмэгдэж зовж байгаа, хилс ял зэм хүлээж байгаа хүмүүсийн асуудал руу анхаарал хандуулдаггүй л юм билээ л дээ. Та хорихоор явахаа болио юу даа. Халширсан уу?

-Ний нуугүй хэлэхэд одоо жаахан хашраад байна. Дэндүү гүтгүүлдэг л юм билээ. Тэгээд олон хүмүүс надад “Чи битгий шоронд очиж бай. Хийморьгүй, энерги муутай газар” гэж хэлдэг. Би болохоор өдөр болгон очиж, ямар нэгэн байдлаар хэлмэгдсэн хохирсон хүмүүст туслая, үгийг нь сонсьё гэж бодож ажиллаж байсан. Сүүлдээ гүтгүүлэх хэмжээнд очсон л доо.

-“Саусгоби сэндс” ХХК-ийн Жастин Капла нарт Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Энэ асуудлаар танай хороонд гомдол ирсэн гэж сонссон. Үнэн үү. Та Ерөнхийлөгчийн гаргасан энэ шийдвэрийн талаар ер нь ямар байр суурьтай байна вэ?

-Иргэн Ганбат гэж хүний өргөдөл ирсэн байгаа. Өнөөдөр Каплагийн шүүх хурал болж байгаа. Ямар шийдвэр гарах бол гэж би бас хараад байгаа юм. Яагаад гэвэл уучлагдсан хүний ялыг хэвээр үлдээнэ гэж байх уу. Ялгүй болчихсон байна шүү дээ. Ялгүй болчихсон хүнд шүүх ахиж ял өгөх үү. Эсвэл эсрэгээрээ уучлагдсан зарлигийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үү. Үнэхээр ойлгомжгүй байдал үүсчихсэн байгаа биз дээ.

-Шүүх хурал болох ёсгүй биз дээ?

-Хурал болох ёстой. Каплад ямар ч буруу байхгүй. Гадаад дотоодын иргэн хэн ч бай өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Эрхтэй учраас Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс ч юм уу, ер нь хаанаас ч шууд “Чи гэм буруутай гэдгээ зөвшөөр” гэсэн бичиг явуулах ёсгүй. Дэлхийн хаана ч ийм юм байхгүй. Маш бүдүүлэг явдал болно. Тэр хүн хулгай хийчихсэн ч байна уу, хүн алчихсан ч байна уу өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тэр битгий хэл худлаа ярих эрхтэй байхгүй юу. Өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд тэр хүн худлаа хэлж болно. Гэм буруутай, гэм буруугүйг нотлох л ёстой.

-Нотлохын тулд хууль ийм байдаг.

-Тийм. Нотлогдсон зүйл дээр нь Ерөнхийлөгчид байдаг нэг давуу эрх нь ял шийтгэлээс чөлөөлөх байдаг. Ял шийтгэлээс чөлөөлөхөөс гэм буруугаас чөлөөлж байгаа явдал биш. Ял шийтгэлээс чөлөөлөх гэдэг бол хамгийн гол зүйл байхгүй юу.

-Тэгэхээр одоо цаашаа шүүхээр үргэлжлүүлээд асуудал явна гэсэн үг үү?

-Одоо тэгэхээр тэр хүний шүүхээр явж байгаа процесс дээр Ерөнхийлөгчийн зарлиг асуудал үүсгэчихэж байгаа юм. Одоо Соёмбо-Эрдэнэ гэдэг шүүгч ял шийтгэлийг нь өгөх үү, эсвэл ял шийтгэлгүй цагаатгах уу гэдэг сонин байдал үүсчихэж байна. Нэг ёсондоо Ерөнхийлөгч энэ процессын дундуур ороод тасалчихаж байгаа байхгүй юу. Монгол Улсын Үндсэн хуулин дээр ганцхан л өгүүлбэр байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ял шийтгэлтэй этгээдэд уучлал үзүүлнэ гээд.

-Та бол Ерөнхийлөгчийн шийдвэрийг алдаатай шийдвэр гэж үзэж байгаа юм байна. Ингэж ойлгож болох уу?

-Ерөнхийлөгчийн шийдвэр алдаатай байж болзошгүй үндэслэл байна. Иргэний өргөдөл манай байнгын хороонд ирсэн учраас би дөрвөн шийдвэрийн нэгийг бол гаргана л даа. Материалтай сайн танилцаагүй байна. Нэгдүгээрт, хуулийн хүрээнд өргөдөл гомдол гаргах ёстой. Хуулийн хүрээнд өргөдөл гомдол гаргаагүй байвал иргэнд нь буцаана. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч хэрвээ алдаатай шийдвэр гаргасан байвал өөрөө өөрийнхөө алдааг засах ёстой гээд хуулин дээр байж байгаа. Тэр утгаараа Ерөнхийлөгчид шилжүүлж болно. Эсвэл УИХ Ерөнхийлөгчийн алдааг засч болно гэсэн заалт Үндсэн хуульд байгаа. Тэр утгаараа байнгын хорооноос УИХ-ын тогтоолын төсөл санаачилж болно. Эсвэл Үндсэн хуулийн Цэц дээр Улсын дээд шүүх УИХ-аас ирсэн аливаа бичигт заавал дунд суудлын хуралдаан зарлаж хэрэг үүсгэнэ гэж байгаа. Энэ утгаараа Үндсэн хуулийн Цэц рүү Үндсэн хуулийн тийм тийм заалт зөрчсөн байх үндэслэлтэй учраас танайх шийдвэр гарга гэж өгөөд, маргаан үүсгүүлээд шийдвэр гаргуулж болно. Тэгэхээр дөнгөж ирчихсэн байж байгаа өргөдөл учраас одоогоор бид судалж байна.

-Зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө эрсдэлтэй байдал үүссэн биш ерөнхийдөө хөрөнгө оруулалтын орчин маань өөрөө маш аюултай байна л даа. Юм л бол хорьж, цагдаж байна. Шалгаж байна. Маш дарамттай орчинд үйл ажиллагаа явуулж байна. Энэ тухайд танд ямар бодол явдаг вэ?

-Баялаг бүтээгчдээ бид хамгаалж, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж байх ёстой. Яагаад гэвэл тэдний өгсөн татвараар бид амьдарч байгаа. Төрийн алба гэдэг чинь тэдний өгдөг татвар дээр л оршдог. Тиймээс Төр нь дэмжиж, нийгэм нь ч тэдний амжилт бүтээлд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Гэхдээ нэг зүйлийг бодох ёстой. Хууль бүх хүнд тэгш үйлчилнэ. Гадаадын иргэн үү, дотоодын иргэн үү бүх хүнд л тэгш үйлчлэх ёстой. Эрх мэдэлтнүүдэд нэг өөр ханддаг, энгийн иргэнд нэг өөр ханддаг байж болохгүй. Зарчим бол бүх хүнд хууль тэгш үйлчлэх ёстой.

-Тэгш үйлчилдэггүй шүү дээ. Жишээлбэл, та өмгөөлөгч байхдаа Н.Энхбаяр даргыг эмнэлэгт байлгаж байгаад л гаргачихсан. 

-Би эмнэлэгт байлгаагүй шүү дээ. (инээв) Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байгаагүй гэдгээ та нарт мянган удаа л хэлж байна даа.

-Гэхдээ үйл ажиллагаа тань улс төрийн асар том ашигтай нөхцөл байдлыг үүсгэж байсан.

-Ер нь бол таамгаар хүнд ял өгч ерөөсөө болохгүй байхгүй юу. Нотлох ёстой. Жишээ нь, миний мэдэж байгаа хэргүүдийг нь бол нотолж чадаагүй л гэж би үздэг. Наад зах нь “Улаанбаатар таймс”-ыг завшсан гээд байгаа байхгүй юу. Юуг нь завшсан юм гэхээр газрыг нь гэж байгаа юм. Тийм үү, тэгвэл газрынх нь гэрчилгээ хэний нэр дээр байгаа юм бэ гэхээр хотын нэр дээр байж байдаг. Завшина гэдэг чинь өөрийн нэр дээр болгохыг хэлнэ биз дээ. Гэх мэтчилэн эд нар өөрсдөө нотолж ча-даагүй л байхгүй юу. Саяхан АНУ-ын нэг тэрбумтны тухай би хэвлэлээс уншсан. Эхнэрээ алсан гээд. Гэхдээ тэр хүн шүүхээр ял аваагүй байсан. Яагаад гэвэл хуулийн байгууллага нь нотлоогүй. Нотолж чадаагүй. Манайхан нийгэмдээ баахан нотлогдоогүй зүйлсийг цацдаг. Тэгсэн гэнээ гээд л мэдээллийн шуургаар балбачихдаг. Ийм маягаар хүнийг буруутгаж болохгүй шүү дээ. Энэ зарчимгүй байдал маань газар аваад нийгмийг муухай болгоод байна. Үүнийг хаа хаанаа бодох ёстой болчихоод байна.

-Та байнгын хорооны дарга болоод Монголын хил хязгаараар явлаа. Үүний зорилго юу байв. Цэрэг хувцас өмсөөд зургаа авахуулсан байсан. Бусад жүжигчид шигээ популист болох нь уу?

-Авилгачид, тэр дундаа энэ улсын төр засгийг бусниулан үймүүлэгчид популист гэдэг нэр хочоор эх орныхоо төлөө явж байгаа хүмүүсийн нэг хэсгийг гутаан доромжлоод, өөрсдөө ард нь үлдэх гээд байгаа байхгүй юу. Тэр нь бүр газар авч байна.

-Өдөр шөнөгүй популизм хийж байдаг, ерөөсөө үүгээр оршихуйгаа хийсэн нөхдүүдээс таны имиж өөр учраас л асууж байгаа юм.

-Монголд боомтын тухай хууль гарсан. Боомтын тухай хуулийн ард ямар асуудал үүссэн бэ гэхээр хилийн хянан шалгах байгууллагыг гадаадын харьяат руу оруулаад, хилийн цэргийн хяналт шалгалтын үүргийг ерөнхийд нь байхгүй болгочихсон юм. Энэ байдлаас болоод маш олон зөрчил илэрч байна гэсэн өргөдөл ирсэн. Тэгээд би явсан юм. Хилийн застав дээр очиж хонолоо. Би тэгээд нимгэн курткатай явчихсан чинь өглөө босоод иртэл бүр 30 гаруй градусын хүйтэн болчихсон байсан. Тэгээд даараад хамгийн дулаан хувцсыг нь авч өмсөөд нар харсан юм. Бас нэг монгол эр хүн байна даа. Улсынхаа хил дээр очоод нар харчихъя гэж бодсон хэрэг. Нөгөө талаар би сэтгүүлчидтэй явж байсан болохоор сэтгүүлчдэд эх орных нь сүр хүчийг мэдрүүлэх гэж, эх орон гэдэг зүйл хаанаас эхэлдгийг ойлгуулъя гэж бодсон юм. Бас л огшихоор л юм билээ. Энэ эх орон эх орон гэж их дэлддэг улсууд хил дээрээ очоод торгон хил, торгон хилийн манаа гэдэг юмыг мэдрэх хэрэгтэй. Нөгөө талаар боомтын захиргаа гэдэг юм гарснаас хойш асар том алдаа гарчихаад байгаа юм л даа. Дараа нь би Буриадын Засгийн газрын холбогдох хүмүүстэй уулзсан. Бас Замын-Үүдийн хилээр гараад Эрээнд очиж холбогдох хүмүүстэй уулзсан. Тэд бол хилийн цэргээр хяналт шалгалтаа явуулдаг. Хилийн цэрэг нь хяналтаа тавьдаг. Жишээ нь, нэг урт вагон байлаа гэхэд дөрөв тавхан хүн яаж тэрийг шалгах юм бэ. Тэдний хүч хүрэхгүй байгаа байхгүй юу. Гааль ч хүрэхгүй, хил ч хүрэхгүй байна. Тэгэхээр урьдчилсан хяналт шалгалт бол зайлшгүй байх ёстой. Сая хүртэл Замын-Үүд дээр машин дотор хүн нууж гарсан хэрэг гарсан байна. Нөгөө хяналтуудыг даваад, иргэний харьяатаа даваад нуугаад гарчихсан байгаа байхгүй юу. Тэгж ирээд хүн үхчихсэн байна.

-Ямар ноцтой хэрэг гараа вэ?

-Ноцтой шүү. Энд гэмт хэрэгт сэжиглэгдэнгүүт гадаад руу гарч зугтаад, гадаадад байснаа мэдэгдэхгүйн тулд нуугдаж хууль зөрчиж орж ирээд ийм явдал болсон гэж албан бус байдлаар хүмүүс надад мэдээлэл өгсөн. Судалгаагаар бол хилийн зөрчил багасчихсан гарч байгаа. Яагаад багассан гэхээр урд хил дээрх хяналт суларчихсан л байгаа байхгүй юу. Эрээнд чонын арьс, баавгайн доньд энэ тэр хууль бусаар гаргасан хэргээр зөндөө Монгол иргэд хоригдчихсон байж байна. Хэрвээ манайхан хяналт сайн тавьсан бол тэд тэгж хүний газар зовох байсан уу. Ийм л ноцтой байдал үүсчихээд байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд асар сөрөг нөлөө үзүүлэх зүйл учраас миний хувьд газар дээр нь очиж, иргэдтэй нь уулзах, санал сэтгэгдлийг нь сонсох шаардлагатай байсан.

-Хэцүү л байдал үүссэн юм байна. Ингэхэд уулзсан дээрээ нэг зүйлийг асууя. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай нэлээн яригдаж байна. Та энэ талаар яаж харж байна вэ?

-Би ингэж л боддог юм. Нэг Сонгуулийн хуулиар ядаж хоёр сонгууль явуулмаар байна. Энэ хамгийн чухал ойлголт шүү. Ингээд л сольж өөрчилж хаяад байвал аль ч хууль нутагшихгүй шүү. Ялангуяа Сонгуулийн хуулийг байн байн өөрчлөөд байвал сонгуулийн соёлд өөрт нь сөрөг үр дагавар гарч ирнэ. Сүүлдээ хүндэтгэж төрийн сонгуульд оролцдог, саналаа өгдөг иргэд ч цөөрнө шүү. Энэ маш аюултай. Сүүлийн сонгуулийн дараа ялангуяа жижиг намууд их гомдолтой үлдсэн. Хар машинд луйвардуулчихлаа, их буруу хууль болжээ гээд л. Нөгөө талдаа эд нар өөрсдөө маш сайн хууль, маш сайн хууль гэж бүгдээрээ хамгаалсан. Поропорциональ системийг эд нар өөрсдөө л анх нуувч болгож ашигласан. Яагаад ашигласан гэхээр нөгөө Н.Алтанхуягийг чинь, нөгөө З.Энхболдыг чинь, нөгөө Сү.Батболдыг, Д.Дэмбэрэл гуайг, Р.Гончигдорж гуайг жишээ нь  хэн ч сонгохгүй гэдгийг ойлгоод нөхдүүд ийм нуувчинд оръё гээд энэ системийг гаргаж ирсэн байхгүй юу. Гаргаад ирсэн чинь гайтай юм шиг ардын хүүхдүүд ороод ирэхгүй юу. Ардаа урдаа татаасгүй би ч байдаг юм уу, З.Баянсэлэнгэ ч байдаг юм уу. Өөлөхөд жаахан ядуу, магтахад хулгайч биш ийм ардын хүүхдүүд ороод ирсэн. Тэгэхээр нь одоо алдаа хийчихэж гэж хараад одоо ардын хүүхдийг оруулдаггүй хууль оруулж ирэх гээд байгаа байхгүй юу. Одоо мөнгөний л хууль оруулж ирэх гээд байна шүү дээ. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс сайн юм харагдахгүй байна л гэж би хэлэх гээд байна л даа.

-Тун саяхан Х.Тэмүүжингийн гаргасан тодорхой шийдвэрүүдийг цуцаллаа. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Анхнаасаа л болохгүй, буруу шийдвэрүүд байсан шүү дээ. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нураасан, цагдаагийн цол тэмдгийг байхгүй болгосон, дотоодын цэргийг байхгүй болгосон гээд өдий төдий будлиан самуун хийсэн. Цол гэдэг бол тэр хүмүүсийн амьдрал нэр төрийнх нь маш том бахархал байдаг. Эрэгтэй хүүхдүүд цэрэг, цагдаа болно л гэж мөрөөддөг биз дээ. Сэтгэл зүйн хувьд Х.Тэмүүжин мянга мянган тэдгээр төрийн алба хаагчдийн элгийг эмтэлсэн. Бусад улс орнуудын цагдаа нийгэмдээ ямар нэр хүндтэй билээ. Тэрийг бол үндсэндээ унагасан. Өөрөө дунд нь хутгалдаад, хуваагаад, талцуулаад балласан биз дээ.  Эмнэлгийн асуудал дээр тэр үнэтэй MRI аппаратыг сүйтгэчихсэн. Одоо энэ хэрэг дээр энгийн хоёр будагчин хүн ял авах гээд явж байна шүү дээ. Алдаатай шийдвэр гаргаж, бужигнуулсан албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. Харин золиосонд нь энгийн хоёр ажилчин хүн шийтгүүлэх болж байх жишээтэй. Ер нь бол 40 хүрсэн тэнэгийг жинхэнэ тэнэг гэдэг гэсэн нэг үг бий. Манай хүн 40 хүрчихээд, тэгээд төрийн эрх барих дээд байгууллагад хоёр удаа сонгогдчихоод ийм хийтэй алхмууд хийсэнд би хувьдаа маш их харамсаж явдаг.

-Цагдааг илүү иргэний цагдаа болгох гэж ажилласан гэж бас зарим нь үздэг.

-80 жил болсон байгууллагад алдаа оноо байна шүү дээ. Машинаар бол зарим эрэг шураг нь зэвэрсэн юм байгаа ш дээ. Тэрийг мэдээж янзалж хөдөлгөх ёстой. Ер нь бол төрийн албыг хамаагүй самарч болдоггүй гэдгийг л бид сайн харлаа. Бид ер нь төрийн албан хаагчдаа их л хайрлаж явах ёстой юм билээ л дээ.

-Нэг марзан гэмээр юм асууя. Танай намын даргыг Солонгосоос ирэхээр нэг хэсэг эмэгтэйчүүд уйлж хайлаад л тосч байгаа харагдах юм. Нөгөө Хойд Солонгост уйлдаг тусгай бэлтгэгдсэн улсууд байдаг гэдэг шиг хөгжилтэй харагддаг юм л даа. Яагаад тэгдэг юм бэ?

-Эмэгтэй хүний, тэр дундаа эх хүний эмоци их өндөр л дөө. Яахав дээ, тэр эхчүүд юу нь буруу байгаа юм бэ. Ер нь хүн итгэл үнэмшилтэй байна гэдэг муу зүйл биш шүү дээ.

-Танай намын амьдралаар ингэхэд сонин хачин юу байна. Хэр бэхжиж байна даа?

-МАХН бол улам л шинэчлэгдэж төлөвших ёстой. Улам сайн нам болох ёстой. Үүний төлөө хийх зүйл маш их байгаа. Наад зах нь яг одоо гэхэд Ерөнхий нарийн бичгийн даргаа яаралтай сольж, шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга тавих ёстой.

-Одоо хэн байгаа билээ?

-Г.Шийлэгдамба чинь л одоо давхар дээл өмсчихөөд суугаад байгаа шүү дээ. Сайдын алба хашиж байгаа хүн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг давхар хийж чадахгүй л дээ. Би үүнийг бас шаардаж байгаа. Өнөөдөр МАХН-д бол дөрвөн янзын хүмүүс л байгаа шүү дээ. Нэгдүгээрт, гологдогсод байгаа. Энэ бол баталгаатай үнэн. Хоёрдугаарт, салж тусгаалсан нэг хэсэг байгаа. Намын нэрнээсээ болоод хатуу шийдвэр гаргаж салан тусгаарласан хэсэг шүү дээ. Дээрээс нь улс төрд байгаа олигархиудыг жигшсэн, үзэл санааны хувьд бүр зөрчилдөөд салсан хэсэг бас байна. Дээр нь мэдээж ашиг хонжоо хайгчид байгаа. Тэгэхээр манай энэ дөрвөн бүлэг хүмүүс нэгдээд л ажиллах ёстой. Нэг зорилгын төлөө хамтраад л бүгдээрээ зүтгэх ёстой шүү дээ. Одоо зөрчил огт хэрэггүй. 

-Эрдэнэжамьянд жаахан таагүй үйл явдал тохиолдчих шиг боллоо. Залуу хүний хувьд гурван жил улс төрийн албан тушаал хашиж болохгүй болчих хэцүү байгаа байх. Танай нам энэ залууд нэг л тийм сэтгэлгүй хандчих шиг харагдсан.

-Манай нам уу?

-Тийм.

-Би маш олон удаа хамгаалж тэмцэж байсан. Та нар мэдэж байгаа. Угаасаа энэ асуудал бол ял өгөх асуудал биш байхгүй юу. Б.Хурцын л хийсэн ажил шүү дээ. Мэдээж захиалагч нь манай Х.Тэмүүжин. Х.Тэмүүжин чинь гарч ирээд олон “гэмт хэрэг” илрүүлсэн ш дээ. Эхлээд л өөрийг нь захидлаар дарамталсан гээд нэг настай эмэгтэйг илрүүлсэн. Дараа нь Н.Энхбаяр даргын эхнэрийн мессеж бичсэн “хэрэг”-ийг илрүүлээд, хамгийн сүүлд өөрийнхөө хамт ажиллаж байсан энэ Э.Эрдэнэжамьян гэдэг залуугийн Интерполд бичсэн захиаг илрүүллээ ш дээ. Ийм нэг хүний муу үзсэн л хүн юм шиг санагддаг. Уг нь нэг баг болоод явж байгаа бол нам үл хамааран найз болоод, сайхан хамтраад зүтгэх ёстой ш дээ. Тэгэхэд чинь заавал хорлож гүйгээд л ямар хэрэгтэй юм бэ. Тэр нэг насаараа төрд ажилласан настай эмэгтэй хүнийг ажилгүй болгоод л. Муухай шүү дээ. Одоо бас мөрөөрөө амьдарч явсан хоёр эгэл будагчин хүн ял авах гээд зогсож байна. 

-Мартсанаас таны найзын аав Бошигт гуай шоронд л байна уу?

-Шоронд ш дээ. Хөөрхий одоо 75 настай хүн шүү дээ. Өршөөчихөөсөй гэж би боддог юм. Уг нь энэ ардчиллынхны бараг эцэг нь явсан хүн гэдэг юм билээ.

-Эцэг нь ч юу вэ?

-Үнэн ш дээ. П.Нэргүй гуай Г.Бошигт гуай хоёрыг тэгж л ярьдаг биз дээ.

-Та шоронд очиж түүнийг эргээ юу?

-Үгүй. Энэ маш хэцүү сэдэв ш дээ. Миний ганц найзыг алсан хүнийг би яаж эргэх юм бэ.

-Таныг их зожиг, харамч хүн гэх юм. Энэ томчуудтай аятайхан дайлж цайлаад, учрыг нь олоод дунд нь хутгалдаад явчихгүй байнга сөргөлдөж байдаг гэж зарим улстөрч хэлж байхыг сонссон. Нээрээ тэгээд явчихвал амьдрал тань зарим төвөгтэй зүйлээс салчихна шүү дээ.

-Би шударгаар олж байгаа цалин, жаахан орлогоо тийм нөхдүүдэд долигонож үрээд яах юм. Би чинь бас нэг хүүхдийн асрамжийн газар авч явдаг хүн. Тэдэндээ зориулна. Би одоо 100 хүүхдэд бэлэг өгөх гээд бэлдээд л явж байна. Гурил хүртэл аваад л явж байна. Зарим нь энэ О.Баасанхүү их баян байх гэж хэлдэг. Баяндаа биш. Би дандаа УИХ-ын гишүүн явахгүй. Дандаа улстөрч явахгүй. Дараа нь буцаад очих олон түмэн гэж надад бий. Би бахархах бахархалтай, үлдээсэн сайн жишигтэй байх болно. Та харж л байгаарай. Надад УИХ-д буг болтол суух ямар ч мөрөөдөл байхгүй. Зарим хүн надад “Чи 2016 онд сонгогдохгүй ч байж болно шүү, яанаа” гэж хэлж байна. Миний өмнөөс санаа нь тэгж зовоод яах вэ. 2016 онд би нэр дэвшихгүй байсан ч айхгүй. Их хуралд гарч ирэхийн төлөө үхэн хатан зүтгэх шалтгаан надад байхгүй. Сонгогдохоо болчихвол шоронд орох гээд байгаа юм надад байхгүй. Сонгогдохоо больчихоор миний хувийн амьдрал баяр жаргалгүй болоод, би гудамжинд гараад, лааз өшиглөчих вий гэсэн түгшүүр надад байхгүй. Сонгогдохоо болилоо гэхэд би ард түмний хүүхэд хэвээрээ л байна. Яагаад гэвэл би хийх ёстой юмаа хийгээд л явж ирсэн. Би барих ёстой, байх ёстой зарчим дээрээ байж чадсан. Харин тэр эхлүүлсэн юмаа жаахан дутуу орхилоо доо гэсэн жижигхэн харамсал үүсч магад. Өөр харуусал ирэхгүй. Үүнд би асар итгэлтэй.

-Ингэхэд гишүүн ээ, энэ Тавантол-гой төсөл юу болоод байна вэ. Би уг нь энэ том төслүүд дээр орилоод л байдаг сэтгүүлч биш. Хол явдаг. Хүмүүс мэдээлэлгүй байна. Асууж, тодруулахыг биднээс шаардаж байна.

-Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн ярилцлагад орохдоо нэг үг хэлсэн дээ.

-Юу гэж?

-Тавантолгой чинь ард түмэндээ байгаа ш дээ. Нэг жоохоон хэлтэрхийнээс бусад нь байгаа ш дээ гэж хэлсэн шүү дээ. Тэр хэлтэрхий нь өөрөө таван хувь байхгүй юу. Тэр таван хувь нь 4,5 тэрбум доллар байхгүй юу. Тэгэхээр 95 хувь нь хичнээн хэмжээний мөнгө байх уу? Тэр 95 хувийн 20 хувь нь та бидэнд байгаа. Бид сая төгрөгийн хувьцаа эзэмшсэн. Тэгэхээр би ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр энэ 20 хувиа үнэлгээжүүлээч ээ. Энэ 20 хувиа балансад тусгаач ээ. Тавантолгой гэдэг компани ингэсний дараа жинхэнэ нэг хоёр хүний компани биш нийт ард түмний компани болчихож байгаа байхгүй юу. 20 хувийг хоёр сая гаруй иргэн амчилдөг, 75 хувийг төр өмчилдөг. Энэ компанитай хэлэлцээрт орох ёстой гэж би үзэж байна. Энэ гэрээ хэлцлийг хийх ёстой. Засгийн газарт тэр үүргийг хатуу заачихсан байгаа. Биелүүлэх ёстой. Биелүүлэхгүй бол хууль зөрчсөн болно.

-Тендерт зургаан субьект шалгарсан байгаа. Тэрэн дотор Хятадын төрийн өмчит Шинхуа компани орсон. Гэтэл манай Монголын Энержи Ресурс Хонконгийн нэгэн офшор бүсэд очоод Тэр Шинхуатай хамтраад компани байгуулчихжээ. ММС (Mongolian Mining Corporation) гээд байгуулчихсан байдаг.

-Тэгсэн.

-Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4. "дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн (Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн)-ийг хэлнэ гэж заажээ. Кайманы аралд байгуулагдсан, Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан ММС болон БНХАУ-д бүртгэлтэй Шинхуа нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд биш. Энийг бид яаж ойлгох ёстой юм бэ?

-Үнэн, үнэн. Тэгэхээр нэгдүгээр асуудал юу вэ гэхээр ерөөсөө энэ асуудал УИХ-аар заавал орох ёстой. Ерөнхийлөгч буруу яриад байгаа байхгүй юу. Зарим юмыг битгий УИХ-аар оруул, энийгээ Засгийн газар нь шийдээд яваг гээд. Тийм юм ерөөсөө байхгүй. Стратегийн орд газар гэж бид үзсэн л бол энэ асуудал хамгийн сүүлд УИХ-аар шийдэх ёстой.

-Одоо тэгээд гишүүдийг лоббидох ажиллагаа яваад байна гэх. Та арай тэрэнд нь орчихоогүй биз дээ?

-Би ороогүй. Орохгүй. Хэлцлийн төвшинд тэд нар нь лоббигоо хийнэ үү яана ингээд явцгааж л байг. Дараа нь асуудал ороод ирэх ёстой. Монгол Улсын Их Хурлын 19 гишүүн УИХ-ын даргад албан бичиг өгчихсөн байж байна. Таны хөндөж байгаа асуудлаар Монгол Улсын сайдад асуулга тавьчихсан байгаа. Эцсийн эцэст энэ улсын хуулийг хамгаалж үлдэх болно. Тэрний төлөө зүтгэнэ. Бүх юм дэр зоргоор явдаг цаг дуусна. Тэр ММС бол хүссэн ч эс хүссэн ч гадаадын компани. Тэрэнд нь монгол хүн, монголчууд 100 хувь хувьцаа эзэмшигч байсан ч гадаадын гэж явна. Яагаад гэвэл гаднын хууль тогтоомжийн дагуу гаднын бүсэд байгуулагдсан компани. Бид энэ ямар учиртай юм бэ гээд асуулгадаа тодорхой хөндөж тавьсан байгаа. Тэгэхээр УИХ дээр энэ асуудал ирэхээр асуудлыг нухацтай авч үзэх нь тодорхой.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn