Луйвар 1
2015 оны 4 сарын 13 [Уншсан тоо: 126427]

Олон жилийн турш шүүх дээр маргалдсан нэгэн хэрэг шийдэгджээ. Үр дүнд нь Монголын нисэх хүчний нэг зүтгэлтэн чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хоригдох хүнд ялаар шийтгүүлээд дуусч.

Иргэний нисэхийн салбарын бизнес өөрөө мэргэжлийн нарийн дүрэм журам, олон улсын өндөр зэрэглэлийн стандарт шаардагддаг, түүнийхээ хэрээр өртөг өндөр, хөрөнгө оруулалтын хэмжээ том тоогоор яригддаг бизнес байдаг. Тийм ч учраас манайд хийгдэх гэж оролдсон энэ төрлийн бизнес үргэлж бүтэлгүйтэл дагуулж байх шиг. Энэ бүтэлгүйтлийн нэгэн том жишээ “Аэромонголия” компани болон “Моннис групп-ийн хооронд болсон дуулиант хэрэг болоод байна.

“Аэромонголия” компани онгоц оруулж ирэн, орон нутгийн агаарын тээврийн уналтад ороод байсан ажлыг өндийлгөж, улмаар дараа нь “Эйр Карго Монгол” ХХК-ыг байгуулж байсан сайхан мэдээ сонинуудын  хуудсыг чимэж байсан цаг саяхан. П.Баатарсүрэн захирлыг иргэний нисэхийн салбарт 30 гаруй жил ажилласан тэндэхийн хүн гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Бараг байхгүй ч биз. Гэвч эдүгээ тэр өргөст торны цаана, чанга дэлгэмтэй шоронд олон жилийн хүнд хүчир амьдралыг өнгөрөөх болжээ. Энэ бол туйлын харамсалтай явдал.   Энэ явдал юунаас эхтэй вэ. Яагаад ийм байдалд хүрэв гэж учир мэдэх хүмүүс өнөөдөр гайхан ярьцгааж байна. Бидний мэдэхээр бол “Аэромонголия” –гийн түүх рүү Моннис групп”-ийн эзэн Б.Чулуунбаатарын нэр орж ирсэн үеэс энэ ээдрээтэй хэргийн учиг эхэлсэн.

П.Баатарсүрэн захирал нь 2007 онд “Аэромонголия” ХХК-ийн нийт хувьцааныхаа 60 хувийг иргэн Х.Дөчинтав, “Моннис групп”-ийн эзэн Б.Чулуунбаатар нарт худалдсанаас үүдэн зургаан жилийн урт маргаан дагуулж, монголын гурван шатны шүүхээр заргалдсан зовлонтой түүх эхэлжээ. Баримтаар бол гурван шатны шүүхээр хоёр жил явж байж “Моннис групп”-т зарсан хувьцааныхаа мөнгийг авахаар болсон ч өнөөдрийг хүртэл мөнгөө бүрэн аваагүйгээр барахгүй өөрөө бусдыг залилсан гэх хүнд зүйл ангиар шийтгүүлэн ялтан болж хувирчээ.  

Хэдийгээр хуулийн байгууллагын нэг хэсэг нь энэ хэргийг шийдвэрлэсэн ч хуульчдын зарим нь П.Баатарсүрэн залилан хийж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдсан энэ дуулиант хэрэгт маш их эргэлзэж байна.

Тэр “Аэромонголия” компанийн эзэн байсан. Компанийн хувьцааныхаа 50 хувийг яг өөр дээрээ авч байсан хүн аж. 

2007 онд “Аэромонголия”-гийн хувьцаа эзэмшигчээр Б.Чулуунбаатарыг орж ирэх үеэс энэ айлд маргаан үүсч, өөр нэгэн хувьцаа эзэмшигч Х.Дөчинтав  нь шүүхэд  зарга үүсгэж өөрийн эзэмшлийн 30 хувийг баталгаажуулж авсан гэх. Харин П.Баатарсүрэн хувьцаа эзэмшигч  Х.Дөчинтавын үйлдэлд эргэлзэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан тухай баримт байх юм. Энэ хоёрын дотоодын маргааны явцад  “Моннис” компанийн эзэн Б.Чулуунбаатар нь П.Баатарсүрэнгээс “Аэромонголия”-гийн 20 хувийг, Х.Дөчинтаваас  10 хувийг нь авч 30 хувьтай болсон юм байна. Ийнхүү “Аэромонголия”-д  П.Баатарсүрэн 30 хувь, Х.Дөчинтав 30 хувь, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар 30 хувь, өөр нэгэн хувьцаа эзэмшигч Б.Бат-Эрдэнэ  10 хувийн эзэмшилтэй болжээ. Ямартай ч энэ баримтуудаас П.Баатарсүрэн захирал нь хөрөнгө оруулалт шаардагдсан, нөр их ачааллынхаа ард гарахын эрхэнд хувьцааныхаа хэсгийг зарсан болох нь төвөггүй ойлгогдож байна.

Гэвч хэрэг явдлын эцэст П.Баатарсүрэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдан, шүүхээс долоон жилийн хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийтгэлээ. Энэ явдлыг хэлмэгдүүлэлт гэж үзэх хүмүүс олон байна.

Жишээ нь, 2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Монгол улсын Эрүүгийн хуулинд заасныг үзэхэд  "Бусдыг залилан мэхлэх" гэмт хэрэг нь тус хуулийн 148 дүгээр зүйлд зааснаар "Хуурч мэхлэх арга замаар бусдын эд хөрөнгө, тэдгээрийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн" авсан үйлдэл байдаг юм байна.

Тэгвэл хохирогч болж хувирсан "Моннис групп" нийтдээ 2.965.019.962.52 төгрөгийн хохирол учирсан гэж анхан болон давж, заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд дурьджээ. Гэтэл энэ төлбөрт багтсан бүх зардлууд нь "Аэромонголиа" ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан ба П.Баатарсурэн нэг ч төгрөгийг хувьдаа завшаагүй гэдгийг хөндлөнгийн хяналт хийсэн Улаанбаатар аудит корпорацын болон мөрдөн байцаагч, прокурорын даалгавраар дүгнэлт гаргасан шүүхийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгүүдээр бас тогтоосон байх юм.

Энэ баримтууд нь хохирол гэгдээд байгаа төлбөр  "Моннис групп"-ээс гараагүй, хоёрдугаарт төлбөрт тооцогдоод байгаа бүх мөнгө "Аэромонголиа" ХХК-д орсон болохыг нотолж байна.

Нөгөө талаар П.Баатарсүрэн нь өөрт оногдох хувьцааныхаа тодорхой хэсгийг "Моннис групп" ийн эзэн Б.Чулуунбаатарт зарж байх үед "Аеромонголиа" компанийн үйл ажиллагаа аль хэдий нь жигдэрчихсэн, дөрвөн ч онгоцтой, агуулахдаа хоёр сая гаруй ам долларын сэлбэгтэй, орон нутагт 10 чиглэлд, гадаадын дөрвөн чиглэлд нислэг үйлддэг компани байсныг баттай эх сурвалж нотолж байна.

Нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, жилдээ 10-12 тэрбум төгрөгийн орлого олдог компанийнхаа хувьцааны 30 хувийг худалдчихаад нэг ч төгрөг аваагүйгээр барахгүй өөрөө тухайн үед тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч нь байсан хүн хэнийг залилж, хэнд их хэмжээний хохирол учруулсаныг хамтран зүтгэгчид нь ихэд гайхдаг юм билээ. Энэ тухайгаа ч тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан ил захидалдаа бичиж байсан.  

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр учирсан гэх хохирол нь 2007 оны 6 сараас өмнө гарсан зардлууд байна, гэхдээ бүх зардлууд нь ахин хэлэхэд "Аэромонголиа" ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан байна гэдгийг тогтоочихсон байдаг.

Б.Чулуунбаатар энэ бүх зардлыг зөвшөөрөхгүй байсан юм бол дөрвөн жилийн туршид яагаад нэг ч удаа хөндөж, тавьж байгаагүй юм бол. “Моннис групп” анх П.Баатарсүрэнг хувьцааныхаа үнийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг жил, гэрээ байгуулагдаж компанийн эрх мэдлийг өөрсөддөө шилжүүлж авснаас хойш дөрвөн жилийн дараа л энэ асуудлаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг юм байна. Энэ явдал ч анхаарал татна. Энэ тухай П.Баатарсүрэнгийн эхнэрийн бичсэн ил захидалд ч дурьдагдсан байсныг санаж байна.

Үнэн хэрэгтээ "Моннис  групп”-ийн эзэн Б.Чулуунбаатар нь П.Баатарсүрэнгийн хувьцааг үнэгүй авах гэсэн далд дээрмийн санаа тээж анхнаасаа энэ бүхнийг төлөвлөсөн юм биш биз гэх хардлага энэ бүхний эцэст  гарч ирж байна.

Иргэний хэргийн гурван шатны шүүхээр П.Баатарсүрэн захиралд олгохоор шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээ 3.036.682.000 төгрөг. "Моннис групп”-т учирсан хохирол гээд тус компанид олгуулахаар болоод байгаа төлбөрийн хэмжээ 2.965.019.962.52 төгрөг.

Өнөөдөр "Моннис групп" нь "Аэромонголиа" ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа гэдэг. Тэгвэл хохирол гээд байгаа 2.965.019.962.52 төгрөг тус   компанийн   активт   тусгагдсанаараа   "Моннис групп”-ийн л өөрийнх нь хөрөнгө юм биш үү. Өөрөөр хэлбэл уг төлбөр нь "Моннис групп" -ийн хувьд хохирол биш харин ч хөрөнгө оруулалт болж шингэхгүй гэж үү.

Үнэн хэрэгтээ 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 10-12 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтай байсан компанийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг ямар ч үнэ төлбөргүйгээр авсныг юу гэж үзэх вэ гэх асуулт л энэ бүх хэрэг явдлын эцэст гарч ирсэн гол асуулт болоод байна. Гол асуулт одоо хариултгүй байна. Энэ асуултын хариуд ажиглагчид шууд “Дээрэм” гэсэн үгийг хэлж байх юм.

Энэ бүх явдал эцэстээ бусдын компанийг авахын тулд эзнийг нь долоон жил чанга дэглэмтэй хорих газарт ял эдлүүлэхээр зохиогдсон гэмт хэрэг биш биз гэсэн хардлага төрнө. Ийм юм байж болох уу. Том эрх мэдэл, том хамгаалалтын дор дургиж яваа луйварчдад ийм хэрэг зохиож бусдыг няц гишгэх үнэндээ юу ч биш болчихсон болохоор дээрх хардлага үндэслэлтэй санагдана.

Хөндлөнгийн шинжээчид дээрх хэрэгт авагдсан  акт баримтуудыг үзээд худалдан авсан гэх шинэ удирдлагуудыг  “Аэромонголиа” ХХК-иас 2011 оны 11 дүгээр сарын 1-ээс 2012 оны 2 дугаар сарын 29-ны хооронд нийт таван тэрбум төгрөгийг компанийн данснаас татан авсныг илрүүлжээ.

Харин Б.Чулуунбаатар  “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн бус байсан. Жилдээ 10-12 тэрбумын орлоготой байсан гэх баримт ор тас худал зүйл гэж мэдэгддэг.  

Хэрэв энэ үнэн бол энэ группт дампуурлын ирмэгт очсон компаний хувьцааг худалдан авах шаардлага юу байв. Мөн маргааны явцад П.Баатарсүрэнгийн нэхэмжлэлийн төлбөрт “Моннис гурпп” 1,7 тэрбум гаруй төгрөгийг түүнд төлсөн баримтыг юу гэж үзэх вэ.

Бас сүйрлийн ирмэгт ирсэн байсан гэж одоо хэлж буй компанийнхаа данснаас таван тэрбумыг гаргаад л авчихаж байснаа юу гэж тайлбарлах вэ. Гэх мэт өдий төдий эргэлзээтэй асуултууд энэ хэргийн араас гарч ирж байна.

Энэ бүхэн явж явж  тус компанийг өөрийнх нь хөрөнгөөр худалдаад авчихсан гэсэн үг гэж шулуухан хэлэх ч хүмүүс байна. Тийм учраас бид олон жилийн маргаан дагуулсан энэ хэргийг онцолж эрэн сурвалжилсан юм. Ахиад ч толгой гашилгасан, төөрөгдүүлсэн, хууль хүчний байгууллагад том уул бараадсан шинэ цагийн дээрэмчин гэж харж болохоор олон баримтууд илрэн гарч ирж байна.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn