Гүүгээ
2015 оны 5 сарын 1 [Уншсан тоо: 109151]

Хаврын нимгэн шар нар чадлаараа ээвч, үе үе хуй салхи довтлон ирж малгай толгой авч шидчих шахан дөвчигнөсөн хуйсгануур цагаар нутгаан зорьж явлаа. Голын зэгс бөхийсөн хэвээрээ, гүйцэт мөс нь хайлж ч амжаагүй байхад алаг ангир сагараагаараа ирчихсэн захаар нь далбилзан хөвж яваа харагдана. Амьтны үр ангирын зулзага аа гэж. Юугаар хоол хош хийж байдаг юм бол доо...Голын мөс гүйцэт хайлж, гоё зун налайхад бас ч гэж хэд хоног байна даа гэж бодогдоно. 

Ангир уг нь үр зулзагаа дагуулчихаад налгар цагаар нуурын захаар хөвж яваа нь жигтэйхэн халамжтай, ахуйлаг шувуу санагддаг. Тэрүүхэндээ тогтсон намбалаг амьдралтай, өөрийн гэсэн донжлог үзэсгэлэнтэй энэ шувууд Хун ирээд буухад л сүр нь намс хийн дарагдаж, зэгс рүү л төвхнөж байгаа харагддаг юм. Гоо үзэсгэлэнгийн сүр гэдэг энэ хорвоогийн хамгийн гашуун ойлголтуудын нэг байх аа даа. Хүүхнүүдэд ч ийм тарчин их тохиодог. Анхаарлын төвд эрх дархаа тунхаглан сууж байхад нь өөрөөс нь илүү гоё хүүхэн орж ирэн, нүдэн дээр нь гол дүрийн титмийг нь хуу булаан авч, муусайн эрчүүд ч тонголзоод явчихаар тэр дороо биеэ ч хураан, дуугаа ч татан хачин болдог л биз дээ. Гэнэтхэн ийн хүүхэн шувуу хоёрыг үлгэрлэн бодож инээвхийлэв. Хачин хачин юм аль бодолд орж ирэхийг тэр гэхэв. Ингээд голын эргээс цааш хөдөллөө.

Улсын сайн малчныд очиж сурвалжлага хийхээр ийнхүү зорьж яваа хэрэг. Буурал ханы сүрлэг дүр тэртээгээс хүрэнтэн харагдана.  Энэ уулын л өвөр зүгт очих айл маань байх ёстой. Төд удалгүй Газрын холоос цайвалзсан...ганган цагаан гэрүүд байна...Ганцхан насанд заяасан...миний нутгийн бараа юу....гэж гэгэлзтэл аялсаар давхиж хүрэв.

Ажил үйлс нь өнгөлөг яваа айлын дүр төрх, амьдрал ахуй нь гаднаасаа л өөр. Манай Дашинчилэн мянгат малчид олонтой. Улс, аймгийн аварга малчид ихтэй. Айлын эзэгтэй Дулмаа гэж ажилсаг, чамбай хүүхэн. Тэр энэ гэрийн ерөнхий менежер. Ингээд ирсэн зочид нутгийн айлынхны дунд халуун яриа өрнөлөө. Эднийх ямаагаа самнаж байгаа гэнэ. Ямаа самнахаар тав зургаан хүн ирчихсэн ид ажиллаж байгаа юм байх. Ямаа самнах нарийн ажил. Сураагүй хүн ямааны арьс хөрсийг урж гэмтээх, дутуу самнах гээд алдаа эндэгдэл гардаг тул ажилсаг, үнэнч сэтгэлтэй хүмүүсийг сонгодог ажээ. Хэдэн төгрөг олоод шилтэй цэнхэрт өгчихдөггүй “юм” болгодог, амьдрал ахуйдаа нэмэр хийчихдэг зөв хүмүүстэй  харьцвал нутгийн улс хэн хэндээ тустай шүү дээ гэсэн эзэгтэйн  үг түүний хэн болохыг илтгэнэ. Дулмаа манай дээд ангийн охин тул бид бие биенээ сайн мэднэ.

Намайг бага байхад манай суманд хормой Балдан гэж өвгөн байдаг байлаа. Биднийг  ухаан ороход ямар өвгөн байсан яг тэр чигээрээ байсаар тэнгэрийн орноо одсонсон. Балдан гуай хүүхдэд хайртай. Мөрөн дээрээ үргэлж шонгийн модонд авирдаг дэгээ авч явна. Учир нь тэр манай аавын удирддаг холбооны газар монтёрын албатай. Тэр модонд авирдаг төмөр дэгээ л Балдан гуайг аймаар санагдуулдаг байсан байх гэж одоо би боддог юм. Балдан гуайнд Дулмаа их ирдэг. Хааяа ороход хөөрхөн шар охин сууж байна. Тоглоё гэсэн санаачилга хичнээн гаргавч тэр намбалаг охин барагтай хөдлөхгүй.  Дулмаагаас тэр үеийн төрх төлөв нь нэвт л харагдаж байна. Түүнийг хараад миний дотор тэртээх бага насны өдрүүд, аавдаа эрхэлж туйлж явсан эрх танхил үе амилан санагдаж, хэсэгхэн зуур өнгөрсөн зууны  шаргал өдрүүд рүүгээ гүйж очоод ирэх шиг л болсон.

Балдан гуай үргэлж хатуу ааруул хүлхэж явна. Нэг гэм нь хүүхэд л харвал гижгэдэх гэж хөөдөг зантай. Түүний энэ зуршлаас болоод манай сумынхан хүүхдээ айлгахдаа “Балдан гуай ирж явна шүү, Балдан гуайд өгнө шүү” гэдэг. Хүүхдүүд ч тэр үгийн үзүүрээр л нам болдог байж билээ. Балдан гуайг архи уучихсан найгаж явахыг би хэзээ ч хараагүй. Эхнэр охин хоёртойгоо урд хойноо ороод жаргалтай нь аргагүй алхаж явна. Тэр үеийн улсууд ер нь дандаа хамт л явцгаадаг байсан шиг санагддаг. Эхнэртэйгээ сугадалцаад алхаж явдаг,өндөр гогол каракул  малгай духдуулсан Лувсанчоймбол дарга гэж гоё хүн байдагсан. Тэр хоёр маань урт насалж, удаан амьдарсан. Сайхан байжээ, тэр үеийн хүмүүс. Аав маань гэхэд ээжтэй л хамт кинонд явна. Ээжийг мотоциклдоо сундалж аваад л хөдөө явна. Хар бухын голд очиж усанд орно. Ирэхдээ цаанаасаа жаргалтай, дуу аялсан хоёр тууж орж ирнэ. Хөдөөнөөс орж ирсэн малчид саатай алчууртай эхнэрүүдээ ардаа сундалчихаад л давхилдаж байна. Эхнэрүүд нь оймсон түрийттэй...Наадам болохоор гоё морь унасан, гоё хосууд сумаар дүүрэн харагдана. Одоо манай суманд ийм сайхан хосуудын бараа ховорджээ. Хүмүүс нэг нэгнээсээ уйдаж гүйцсэн ч юм шиг. Нэг л яаруу, нэг л хөндий. Бидний багад л сайхан хосууд нь суурингаа чимэн алхдаг, өдөр нь урт, үдэш нь налгар байсан юм шиг. Одоо харин хосууд гэртээ орцгоосон байна. Бишээ, хосууд машин дотроос гарч ирж алхахаа больсон байна. Амьдрал яасан их өөрчлөгдөх нь энэ вэ....

Дулмаа над руу харан инээнгээ сайхан мэдээ дуулгаж байнаа. Ганчимэг сэтгүүлчийг өчигдөр оройноос хойш харуулдсан нэг хүн манай хотонд байгаа даа...гэж байна. Би ч хэн бэ гэсээр л сортолзов. Гүүгээ ангийн охин ирнэ гээд хураалгаатай өвсөн дээр байн байн гарч саравчилсан л гэнэ. Дээл хувцсаа гөвөөд л, ер нь л догдлонгуй байсан сурагтай. Сэтгэлд ер бусын сайхан уянга урсан орж ирэв. Гүүгээ...манай Гүүгээ.

Гүүгээ гэх нэрийг сонсоод л би гадаа гүйн гарав. Хаваржаан дотроос эрчүүдийн инээх дуу сонсогдоно. Аяархан алхаж очоод намхан хашаан дээгүүр өнгийтөл манай Гүүгээ нэг ямаа самнаж дуусгаад босгож байна. Самнасан ноолуураа дэвссэн даавуун дээрээ нямбайлан  эмхэлж байна. Намайг харсан нэг нь Гүүгээ ангийн чинь хүүхэд гэх дуунаар Гүүгээ инээд алдан харж байна.

Гүүгээгийн маань жинхэнэ нэрийг Доржсүрэн гэнэ. Гэвч бид хэзээ ч Доржсүрэн гэсэн энэ урт, бас хөгшин нэрээр нь дуудаж үзээгүй. Доржсүрэн гэх алдар нь миний найзын паспорт дээр л байдаг байх.  

1978 оны намар Гүүгээ гэх өрөөсөн нүдэндээ жижигхэн цагаатай шар хүүтэй учирчээ. Муу сурдаг учраас улирч орж ирсэн гэх мэдээ анхны өдөр л чихэнд ирж байсан санагддаг юм. Тэр үед муу сурвал доод анги руу нь улираан оруулдаг хатуу журам үйлчилж байв. Гүүгээгийн хувь заяа тэр тогтоолоор шийдэгдэж бид учирсан хэрэг. Тэгсэн нь ч болсон юм.

Манай Гүүгээгийн ээж Цэрэндогоо гэж тэрсхэн хөвгүүдтэй, ганц бие, үйлэнд уран, зүс царай сайхан эмэгтэй байсан. Манай Гүүгээ харин түүний хаанаас гарсан юм бол гэмээр тэс өөр. Анхнаасаа л өөрийгөө муу сурдаг, ерөөсөө муу л сурах ёстой гээд хатуу итгэчихсэн хэнэггүй зантай. Тэгсэн хэрнээ үгээр тайлбарлашгүй ямар нэгэн гуниг хөвүүлсэн, дотогшоо хүү байлаа. Нүднийх нь цагаанаас болоод хүүхдүүд түүнийг долир Гүүгээ л гэнэ. Тэглээ гэж уурлаж тэсэрч сүйд болохгүй. Хувь заяатайгаа эвлэрсэн юм шиг номхон. Түүний энэ занг манай ангийнхан аажмаар уусган нурааж байсан юм. Гүүгээ ширээний араас босдоггүй байсан бол дороосоо хатгуулсан юм шиг босч давхидаг боллоо. Хэн нь ч түүнийг гадуурхахгүй, хөвгүүд бол хуйлраад л хамт пижигнэцгээнэ. Ямартай ч манай анги Гүүгээгээ ахиж доош нь улираагаагүй юм даг.

Тавдугаар ангид байхад онц сурдагууд нь тааруу сурдаг нэг нэг хүүхэд дааж авч хичээлээ хамт давтаж байх шийдвэрийг ангийн багш гаргалаа. Ангийн багш маань Даваасүрэн гэж хими биологийн багш, залуу бүсгүй. Манай анги ардаа багшийн дадлагын өрөөтэй. Тэнд нь хүний араг яснаас өгсүүлээд байхгүй юм үгүй. Бид араг ясных нь ард зогсож байгаад гар хурууг нь гозгонуулж, аманд нь тамхи зуулгаж, есөн шидээр үймүүлнэ. Багш маань биднийг хүмүүжүүлэх гэж үйлээ л үзсэн. Эрэгтэй эмэгтэйгүй түүнээс алганы амт үзнэ. Багшаас  бид айна. Багшийн үг бидэнд хууль. Ингээд багшийн оноолтоор Гүүгээ надад оногдож ирлээ. Гүүгээ хичээлээ хийнэ гэж байхгүй. Ингээд Гүүгээг, бас үргэлж дургүй хүргээд байгаа хэсэг нөхдийг чадах зорилго тавьлаа. Яаж тэднийг хашраах вэ, ямар арга олох уу гээд бодож гарав.

Тэр үед манай анги “Бүлгийн булан” гэсэн нэртэй гоё самбар хийж ханандаа байршуулаад удаагүй байв. Нэг өдөр ангидаа ганцаараа хичээл давтаж байгаад мөнөөх самбарын зураг, үсэгнүүд нойтон юм хүрвэл арилдаг гуашаар зурагдсаныг илрүүлдэг юм байна. Багш шинэхэн самбараа таатайхан хараад л, ач холбогдол өгч буй нь тодорхой. Багшид ч загнуулаад уур хүрч байсан болохоор би “Бүлгийн самбар” гэсэн үгний хоёр толгой үсгийг шийдэмгийгээр хуруугаа шүлсдэж байгаад сараачиж хаялаа. Үр дүнд нь “Бүлгийн самбар” маань  “үлгийн амбар” болов. Хорлон сүйтгэх ажиллагаа дуусч би ангийг орхин гарч гүйлээ. Зүрх түг түг цохилно. Өглөө очоод хэрхэх тухайгаа сайтар бодов. Манай багш намайг онц сурдаг, тэргүүний хүүхэд гэж хатуу итгэдэг. Тийм болохоор багшийн маань толгойд хэзээ ч энэ самбарын хэрэгт сэрдэх, сэжигтний тоонд намайг оруулах тухай бодол орж ирэхгүй. Хэдий тэгж итгэвч хийсэн хэрэг дотроос сэмлэж бараг нойргүй хоносон би өглөө эртлэн сургуулийн зүг алхлаа. Багштай сургуулийн ойролцоо тааран хамт алхав. Багш Гүүгээ та хоёр юу болж байна гэж асуулаа. Багшаа Гүүгээ миний үгэнд орохгүй, хичээлээ давтахгүй байгаа гэж албан ёсны алтан хошуу хүргэв. Багш муу хогийг дээ, чамайг гэж хөмхий зуун занаж байна. Багшийг сургуулийн жижүүрээс ангийн түлхүүрээ аваад ирэх хооронд би урт хонгилын мухарт байх ангийнхаа үүдэнд аль хэдийнэ гүйн ирсэн байлаа. Ангид орж ирмэгц багш туршилтын өрөө рүүгээ явж ороод ихэд удах шиг санагдав. Харин би дөнгөж урд өдөр нь өөрийнхөө гараар сүйдлээд хаячихсан “үлгийн амбар”-аа харан хөшсөн юм шиг зогссоор. Тэрхэн мөчид зүрх яаж түгшсэн гэж санана. Яах гэж ингэв ээ, одоо яах вэ гэж харамсавч оройтсон байлаа. Хоолойгоо  чичрүүлэн багш аа гэж би аяархан дуудав. Яасан, ороод ир гэж багшийг хэлэнгүүт “Та энийг хар даа” гэсэн үг араас нь амнаас сугаран гарав. Нэг мэдэхэд багш миний дэргэд царай нь улайн зогсож байв.

-Хэн ингэсэн ?

-Мэдэхгүй. Ороод ирсэн чинь л ийм байна.

-Хэн байж таарах вэ. Хэн...?

-Батсайхан, Гүүгээ...гэж би ээрч мууран хэллээ. Батсайхан гэж манай ангийн дарга. Дандаа хүүхдүүдийг шоолж байдаг түүнд дургүй хүрч байсан болохоор түүний нэрийг урд шөнө төлөвлөгөөндөө оруулчихсан байсан юм. Тэгснээ бас хамт суудаг, үргэлж хэл ам таталж байдаг Мөнхтөрийг нэммээр санагдав. Ард суучихаад үсний тууз хөвж тамладаг Ишдоржийг илүү шулуухан нэмлээ.  Эд нар л юм шиг байна гэж би доош тонгойж байгаад туучихав.

Төд удалгүй чимээ шуугиан эхэлж, ангийнхан хэсэг хэсгээрээ орж ирцгээв. Ангийнхан бүгд багшийн царай, “үлгийн амбар” хоёрыг харан дор дороо чимээгүй болов. Багш арын өрөөнөөс малтмал сандлын хугарсан хөл болох гуйлан шаргал мод авч ирэв. Гурилын элдүүр шиг өө сэвгүй гуйлан шаргал мод. Тэгснээ нөгөө модоороо ангийн хаалгыг дотроос нь тэвхдэн түгжээд, давхар хаалган дээр сэжигтэн яавч байж таарахгүй Ариунбуянг манаачаар томилж зогсоов. Самбарын урд ташаа тулан зогссон багшийн царай бүгдэд, бүр надад ч түгшүүр төрүүлнэ. Гүүгээ, Батсайхан, Ишдорж, Мөнхтөр наашаа гар гэх дуу ангиар нэг цуурайтав. Манай нөхдүүд ч гарч байна. Тас няс л болоод байв. Айсандаа болоод харахад хэцүү. Энийг та нар яах гэж ингэсэн. Бах чинь ханаж байна уу. Та нар ийм хүмүүжилтэй, ийм сэтгэлтэй байхад манай анги яаж дээшээ гарах юм бэ....Сүүлдээ шийтгэл бүх хөвгүүдийг хамрав. Ингэж хөвгүүдийнхээ тоосыг гөвүүлчихээд тэр өдөржин би хүнд байлаа. Мөнхтөртэй ч муудсангүй. Тэдэн дотроос Гүүгээг харахаар л дотроос ямар нэг юм өгсөж ирээд уйлчих гээд байх нь бүр ч зовлонтой. Гүүгээ хамгийн их зодуулж, бүр уйлсан болохоор миний нулимс чимээгүй түрж ирээд болохгүй байв. Ингэлээ гээд би аз жаргалтай болсонгүй, харин ч ааваас гуаш гуйж авч, нөгөөхөө ахиж хийлгэх гэж бөөн дарамт туулсан. Ичмээр ч дамшиг явж дээ, би.

Гүүгээ бид хоёр хэд хоногийн дараа ангидаа үлдлээ. Хэн нь  хэндээ захиа өгсөн, дотуур байраар юу болж байна гээд би өөрт чухал бүх мэдээллээ түүгээр яриулж, их л эвтэй байв. Тэгж байтал манай хүн нэг хартал тоогоо буруу бодоод, буруу бодоод зогсохгүй давтлагын дэвтэр дээр биш хичээлийн дэвтэр дээрээ ирийлгэчихсэн байдаг байгаа. Дүрсхийн уурласан би үзгээ чанга атгаж байгаад толгой руу нь цохичихов. Гүүгээгийн толгойд үзэгний үзүүр орж, цус урсах нь тэр. Гүүгээ нулимсаа арчин босч ирснээ “Тэгж яривал би чамайг тэр өдөр харсан шүү. Чи ангийн самбарыг тэгсэн биз дээ. Би хичээл давтах уу гэж асуухаар иртэл чи тэгж байхыг би хаалганы завсраар харсан. Гэсэн ч би хэнд ч хэлээгүй за юу” гэсээр цүнхээ шүүрч аван гарч гүйлээ. Би нэг хэсэг таг суув. Тэгснээ юунд ч юм багтран чангаар уйлж гарав. Аминдаа Гүүгээг тайвшраад эргэж орж ирнэ, тэгээд намайг уйлахаар өрөвдөнө, тэгээд нууцыг хадгална гэж бодсон уу. Ерөөсөө хутгалдсан шившгээсээ болж орилсон уу, бүү мэд.

Харин Гүүгээ надад эгнэгт гомджээ. Тэр эргэж ч ирсэнгүй, маргааш нь ч хичээлээ таслав. Тэр өдрүүд надад там шиг урт өнгөрч байлаа. Хөвгүүдийг харахаар миний гэмийг мэдсэн шинжгүй. Тэгсэн атлаа өөрөө ор сураггүй. Гүүгээ ингэж намайг шийтгэсээр л байв.

Тэгж байтал Гүүгээ ирлээ. Над руу харах ч үгүй байна. Босч гүйх ч үгүй. Ер нь л том хүүхэд болчихсон юм шиг царайтай. Би завсарлагаанаар дөхөж очин хичээлийн дараа хоёулаа...гэж хэлж дуусаагүй байтал “Би одоо чамаар заалгахгүй” гэсэн эрс шийдэмгий хариу барив. Ингэж Гүүгээ бид хоёр хэрсүү сууж том хүүхдүүд болцгоосон юм даа. Он жилүүд жирэлзэн хөвөрч, би аймаг руу тэднийгээ орхин явав. Намайг явах болсныг тохиолдуулан бид ангиараа зурагаа авахуулах болтол Гүүгээ эр хүн шиг хүрээд ирсэн нь намайг хамгийн их баярлуулж билээ. Цагаан гэгээ цалгиулсан багын жаахан анд минь...чи намайг хүмүүжүүлсэн шүү гэж түүндээ би хэлмээр санагддаг.

Хаврын үдэш хаваржааны ард ганц “юм” ууж халамцсан Гүүгээтэйгээ хориод жилийн дараа залуу хосууд шиг зогсон тамхилав.

Гүүгээ маань жаахан гацаж ярьдаг.

-Гүүгээ амьдрал ахуй хэр байна даа?

-Дутуу гуцуу ч гэсэн болгож л явна даа. Найз нь нөгөө хү хү хүний ан ан ангийн Оюунгэрэлтэй суусан шүү дээ. (Би тэссэнгүй тас тас инээв. Хүний ангийн гэж манай нөгөө ангийг хэлж байгаа нь тэр. Оюунгэрэл гэж манай нөгөө ангийн охин) Яахав, зарим нэг хүн шиг айл үймүүлсэнгүй, авгай хүүхдээ хаясангүй. (Ахиад л би тачигнатлаа инээв. Тэр үед манай ангийн нэг охин хэрэг тарьж, айлын нөхөр булаасан гэмд уначихсан болохоор манай хүн тэр явдалд унтууцсан хэрэг)

-Гүүгээ танайд тэр жил Н.Багабанди гуай ерөнхийлөгчөөс буухаасаа өмнө буугаад мордсон гэж дуулсан. Үнэн үү?

-Тэгсээн. Багабанди гуай манайд ирсэн. На на найз нь да да дандаа муу сурч байсан ч миний хүү овоо сурч байгаа ш дээ.

-Ашгүй дээ. Сургууль соёлоор явуулаарай.

-Тэ тэ тэгнэ гэж бодож байна. Ганаа хоёулаа Түмээгийнд очих уу.(Түмээ гэж миний хүүхэд байхдаа үй зайгүй үерхэж явсан хөвгүүн)

-Айн, би хүмүүстэй хамт явж байгаа шүү дээ. Гэхдээ тэднийх хол биз дээ?

-Ойрхоон, хоёулаа гүдэн даваад л алхчихна. (Ойрхон биш хол. Манай хүний сэтгэл хөвсөлзөж нөхдөө үгүйлж гэгэлзэхдээ залчихсан байсан. Маргааш нь айлын эзэгтэй пээ Түмээгийнх хаа байсан ханын ар луу ш дээ. Гүүгээ золиг сурвалжлагчаа дагуулж туугаад осгож алах нь байна ш дээ гэж наргиан хийж бөөн инээд болсон)

-Гүүгээ, чи тэгэхэд яагаад намайг илчлээгүй юм бэ?

-Юу. Чи юу яриад байнаа.

-Яагаав, нөгөө “үлгийн амбар”...

-Аан, чи тэрийг мартаагүй юм уу.

-Үгүй. Яаж мартах вэ дээ. Чамайг тэгж гомдоочихоод би үнэхээр их шаналж байж билээ.

-Чи чинь эмзэг шүү дээ. Аягүй бол уйлж унжаад, хэвтэрт орж, Бадамдорж гуай ирж бөөн юм болох байсан биз. Танай аав юу ч бо бо болоогүй байхад л давхиж ирдэг байж билээ. Тэгээд л му му муу Гүүгээ л ахиад хэрэгт орно ш дээ. Тэгснээс дуугүй л явсан нь дээр. Би ч сүүлдээ чамайг өө өө өөрөө өрөвдөх гээд байгаа юм чинь. (Түүний үг намайг ахиад л уйлуулж орхисон)

Дараа нь Гүүгээ надаас асууж байна.

-Ганаа би танай охиныг харсан. Чамаас өө өө өөр юм билээ.

-Адилхан ш дээ.

-Үгүй, өөр санагдсан. Ганаа чи тэтгэвэрт гарахаараа яах вэ?

-(Би юу хэлэхээ мэдэхгүй хэсэг таг болов) Мэдэхгүй. Найз нь нээрээ яах юм бол доо.

-Би чамайг нутагтаа ирээд холбоог ажиллуулаасай гэж боддог. Холбоо чинь чиний аавын холбоо шүү дээ. Чи нутагтаа ирээд арай холбоогоор ордоггүй юм биш биз дээ?

Гүүгээ ямар хачин юм боддог юм бэ. Нээрээ би холбоогоор яагаад ордоггүй юм бэ. Миний л өссөн намхан цагаан байшин шүү дээ...Ахиад л нулимс асгарав. Гүүгээ минь дээ...Бодоогүй юмыг л бодож явах юм даа. Би тэтгэвэрт гараад ирэхгүй ч байсан болно. Ганцхан нутагтаа очихдоо энэ байшингаар л ороод гарах ёстой.

Гүүгээ тэгж  тэр үед миний нэр төрийг хамгаалан үлдэж, намайг сэтгэлийн шархтай үлдэхээс авч гарсан юм. Гүүгээ ингэж намайг хожим ч чөлөөлж өгсөн юм. Ай...хайрлам...уярам сайхан хайр. Уйлан тэвэрч, уучлал гуйн сөхөрмөөр нөхөд...Та нарыгаа санахаар нулимс юу юугүй нүд бүрхээд ирдэг. Нэг уулзчихвал салж хагацахгүй юм шиг хамаг бүхнээ хаяад найрлан суумаар сэтгэл хоргоддог  нь сонин.

Энэ өвөл  би ангийнхнаа зорьж очлоо. Намайг шагнал авсныг тохиолдуулж бид бяцхан баяр зохиов. Нас тогтсон эрчүүд биш сахилгагүй хөвгүүд болж, намба суусан хүүхнүүд биш айлгүй охид болж хоёр өдөр бид шуугилдав. Буяагийндаа гэр тойрч суугаад ая өргөв. Манайхан бүгдээрээ л дуучин. Харин Гүүгээг дуулж байхыг бид анх удаа үзэж, ёстой ангайцгаав. Тод цэнхэр дээл өмсөж булган малгай духдуулсаар Гүүгээ маань намайг зорьж ирсэн байлаа.

Таанын үнэрт салхи чи
Талаар нисэн өнгөрөхдөө
Танхил хонгор түүнд минь
Танил үгийг минь дамжуулаарай...Гүүгээ эвлэг сайхан хоолойгоор дуулав. Түүнийг ингэж дуулдаг гэж санасангүй явсан бид таг болов. Сэтгэл сэнсрээд хачин болж ирэв. Эргэн тойрноо хартал манай хэд бүгд гайхширал, басхүү хөнгөн гунигт автсан байлаа.

Сэвшээ хонгор салхи чи
Сэрүүн талаар өнгөрөхдөө
Сэргэлэн хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь дамжуулаарай....салхиар ханиа хийж, салхиар үгээн дайж, салхиар гунигаан сарниаж амьдарсан миний анд ийнхүү дуулав. Сайхан ч хорвоо юм даа....өөр ч биш ганцхан ийм л бодол  орж ирээд байх нь бас сайхан аа.

Залуу омголон үедээ зөндөө олон хүмүүстэй уулзан учирч, тэдэнд тусалж, тэдэнд уусч явсандаа дургүй хүрнэ. Амьдрал минь яагаад ингэж дургүй хүрмээр болж хувирав. Би тунгаах гэж хичээнэ. Хичээх бүр гашуу оргино. Найзынхаа нүдний цагааг авахуулаад ч өгч чадаагүй намайг тэр зөв таньж, зөв өрөвдсөн байжээ. Би “үлгэн амбар” шигээ л явж. Тийм хүн болохоор тэр намайг өрөвдөн хамгаалж байж. Үнэхээр би өрөвдмөөр хүн ажээ...өрөвдмөөр амьтан. Өөртөө ийн дургүй хүрэв. Өөртөө дургүй хүрэх тусам гашуун байв.

 Гүүгээ маань миний цаг уурын ажиглалтын станцыг түйвээснийг дурсаж, “чи адын монди байж билээ. Бүх хэмжигчийг нь орж хагалаад захиргаан дээр хүртэл дуудагдаж байсан биз дээ. Аав ээж чинь эрхлүүлээд чамайг бүр балай л болох байх гэж боддог байсан. Хүн эрхэлснээрээ тийм болдоггүй л юм байна. Тэгж ойлгосон болохоор найз нь хүүхдээ загнаж зоддоггүй. Найз нь ч ямар эрхэлж үзсэн биш дээ...” гэж чин сэтгэлээсээ санаа алдан ярьсан яриа ахин дахин бодогдсоор л явав. Буцах зам урт байлаа.

Үлээх зөөлөн салхи чи
Үүгээр нисэн өнгөрөхдөө
Үнэнч хонгор түүнийг минь
Үнсэн таалан илбээрэй....Гүүгээ маань энэ дуугаа дуулж яваа. Толгодынхоо дунд.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив