С.Цэцгээ: Төр нурууг нь автал зүтгүүлсэн хувийн хэвшлийнхээ духан дээр нь нэг үнэрлэх цаг болсон
2015 оны 6 сарын 10 [Уншсан тоо: 132727]

Удирдахуйн ухааны доктор, профессор, Гаалийн итгэмжит зөвлөх Сүхээ овогтой ЦЭЦГЭЭ: Төр нурууг нь автал зүтгүүлсэн хувийн хэвшлийнхээ духан дээр нь нэг үнэрлэх цаг болсон


    Гааль хэмээх байгуулла-гатай хувь заяагаа холбож, салбартаа амьдралаа зориулж, басхүү үнэнч үлдсэн хүмүүсийн нэг яах аргагүй Цэцгээ дарга юм. Цэцгээ дарга гэж гаалийнхан нь түүнийг дарга байсан ч, биш байсан ч дууддаг болохоор би ч бас ийнхүү дуудан бичиж байгаа юм. Тийм ээ, Цэцгээ дарга...

Өмнө нь түүнтэй нэг биш удаа уулзаж ярилцаж явсан. Уулзах бүртээ сайн сайхан мэдрэмж авч, чанд хатуу биш ч зүтгүүр чигч чанарыг нь хүндэтгэж, хүйсээрээ түрий барьсан нялцгай зангаар биш эрчүүдтэй яг өөрсдийнх нь “хэл”-ээр, өөрсдийнх нь “дүрэм”-ээр байлдаж учраа олдог няцашгүй чанарт нь мэхийдэг байсан. Бас тэр нам дарга хоёр дагаж амжилтаа бүтээсэн хүн биш учраас би түүнийг бусад удирдах шатанд ажилладаг эмэгтэйчүүдээс өндөрт тавьж үздэг. Өөр гэдгийг нь мэддэг учраас. Ингээд өмнөтгөл болгож хэлэх үгээ өндөрлөж, ярилцлагаа эхэлье.  


-Та бол гаалийн салбарын бүх төвшинд ажиллаж байсан хүн. Миний мэдэхийн та энэ салбарын ажлыг шинэ төвшинд аваачихын төлөө чардайтлаа зүтгэсэн. Ингэхэд Төр таны ажлыг хэрхэн дүгнэсэн бэ?

-Сонин  асуулт байна. Төр, алба хаагчдаа зүтгэ л гэдэг. Бид зүтгэдэг. Өөр ямар нэгэн хүндэтгэлтэй харилцаа байдаг эсэх тухай бодож үзээгүй юм байна.

-Ажлаас чөлөөлөхдөө ямар нэг дүн тавьдаггүй. Баярлалаа, баяртай ч байхгүй яв, ир гэдэг зохисгүй хандлага өөрөө миний хувьд хачирхалтай харагддаг юм. Таныг хуучин ажлаас тань чөлөөлсөн болохоор асууж үзье гэж бодож байсан юм. 

-Төрийн орчинд тийм нялуун юм байхгүй шүү дээ. Тийм орчинд ажиллаад, өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгээд сурчихсан мань мэтэд ийм тансаг асуулт ч хэрэггүй санагдаж байна. Та битгий гомдоорой. Би өөрөө шулуухан хүн. Бүх амьдрал маань төрийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын хүлээсэнд л өрнөж ирсэн. Илүү юм хүсч байгаа ч үгүй. Би Төрд тасралтгүй 30-аад жил ажиллаж байна. Төр намайг хэрхэн үнэлж, ямар дүн тавьсныг хэлж мэдэхгүй. Ямартай ч би сэтгэл зүрхээрээ, туулсан түүхээрээ гаалийн ажилтан хүн. Энэ байгууллагын төлөө л би зүтгэсэн. Ажил маань амьдралын минь утга учир болчихсон. Ийм л хүн. Хотын гаалийн газар олон ажил ажиллалаа. Дараа нь даргын зөвлөх боллоо. Одоо аж ахуйн албаны даргын албыг залгуулж байна. Үнэндээ төр намайг хэрхэн дүгнэсэн бол гэж ач холбогдол өгч бодож үзээгүй. Хоёргүй сэтгэлээр  үнэнч зүтгэх ёстой гэсэн байр сууринаас л  унаж тусталаа ажиллаж явлаа.  Хамт олон, гаальчид маань намайг өдий зэрэгтэй явахад ихээхэн өмөг түшиг болж ирсэн. Ямар ч үед  миний хажууд хамт олон минь байдаг. Алхам тутамдаа тэрийг би мэдэрч байдаг. Ийм сэтгэлийн ханамжийг удирдах төвшинд ажиллаж байсан хэдэн хүн авч үлдэж чаддагийг мэдэхгүй юм.

-Таныг хамт олныхоо дээр сууж биш дунд нь орж ажилласан дарга гэх юм билээ. Хамт олноосоо тийм том мэдрэмж авна гэдэг цөөхөн даргад ирэх дүн болов уу. Цагийн салхи эргэсэн энэ үед ч манай Цэцгээ дарга гээд хийж босгосон ажлуудыг нь ярьцгааж, үгүйлж байна гэдэг үнэхээр сайхан хэрэг?

-Хотын гаальд олон жил удирдах ажил хийж явлаа. Дарга нь ч, орлогч нь ч байлаа. Гаалийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг яаж хуульчилсан байдаг юм, тэр хэмжээнд нь л шаардлага тавьдаг байсан. Гадагшаа уяраад харагдахгүй ч дотроо бол гаальчдаа эх хүний, эгч хүний сэтгэлээр боддог. Энэ хүний  амьдралд яаж туслах вэ,яагаад энэ маань нэг л уруу дорой яваад байна, эрүүл мэнд нь зүгээр байгаа, эхнэр хүүхэд нь ямархуу байгаа юм бол, энэ маань ямар ажилдаа илүү туршлагатай билээ гээд л бодож явна. Ийм бодлууд хэзээ ч миний дотроос алга болж байгаагүй.1990-ээд оны дундуур, намайг хотын гаалийн дарга байхад эцэг, эхийгээ дагаад орж ирж байсан улаан хацартай хүүхэд өнөөдөр өрхийн тэргүүн болчихсон, үр хүүхэдтэй өнөр айл толгойлоод амьдралд хөлөө олчихсон явж байна. Охиноо, хүүгээ гаалийн байцаагч болгохоор орж ирж байсан тэр үеийн хөгшчүүд  өдгөө бурхны оронд очсон байна. Тэр үеийн  гаалийн байгууллагатай хувь заяагаа холбож байсан шижигнэсэн  залуу байцаагчид маань өвөө, эмээ болчихсон байна. Хүний амьдралын мөчлөг бүхэн шат шатаар хуучирч өөрчлөгдсөн байна. Ингэж хэдэн үеийн гаальчидтай хутгалдаж явсны хувьд хүнийг ойлгож, мэдэрч, урам хайрлаж, хэцүү үеийг нь хуваалцаж, бас алдаа гаргахад нь хатуухан “алгадаж”, дараа нь хамтдаа босоход нь түшиг болж сурчээ. Энэ бол миний түүх. Элдэв хүнд хэцүү үеүдийг бид туулж байсан. Тэр он жилүүдэд үнэн сэтгэлийг минь манайхан олж харж, таньж мэдэрч байсан юм билээ. Дарга байна гэдэг өрөөл бусдыг загнаж зандрахыг, зольж холихыг хэлдэггүй л дээ. Ажилтнаа ойлгож, хэцүү үед нь хамт байж, урам түшиг өгөх үед нь өгч, хатуу зэмээр шүрших үедээ шүршиж, хэм хэмжээний тунг тааруулж, зогсох ёстой байр суурин дээрээ гуйвшгүй үлдэж чадахыг л хэлдэг гэж би боддог. Өөрийгөө тийм байж чадсан ч гэж үздэг. Заримд нь би хатуу санагддаг байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний дотор ажилтнуудаа хайрлах хайр цалгилж байдаг байсан. Тэр хайр бол толгой илэлт, тал засалт биш.
 
-Эмэгтэй дарга нарын удирдах арга барилын тухайд олон дүгнэлт явдаг л даа. Зарим нь зөөлөн уян зангаар мэдээлэл цуглуулдаг, хов жив гарлаа гэхэд тэрийгээ чулуу болгочихдог нарийн арга ухаантай. Зарим нь доод ажилтнууддаа хатуухан ханддаг, ерөөсөө хамт олон гэж тоохоо больчихсон сэхүүн. Дээр л оноо цуглуулж байвал доод амьдрал нь хамаагүй. Энэ мэт янз янзын эмэгтэй дарга байдаг гэдэг.

-Олон дотор янз янзын арга барилтай улс байдаг байх. Харин таны жишээ татсан улсууд надтай аль нь ч адилгүй юм байна. (инээв)

-Харин танаас эрчүүд эмээдэг, эмэгтэйчүүд дөлдөг гэж сонсож байсан юм байна. Хотын гаальд хоёр дахь удаа даргаар очихдоо хов живэнд идэгдсэн сонин залхмаар амьдралыг нь таслан зогсоож байсан гэдэг. Хурал дээр хов ярихаа зогсоо. Хов ярьж орж ирсэн, хов ярьсан хэнийг ч шийтгэнэ гэж мэдэгдсэн тухай  дуулж байсан.

-Хамт олны дунд янз бүрийн л юм болж байдаг. Би хов жив ярих, сонсох дургүй. Миний тухай байлаа ч би тэрийг сэтгэлдээ боддоггүй.  Хүмүүс элдэв юм ярьж орж ирэх нь байдаг л юм. Гаалийн ажилтан хүн зарчимч, зөв, сэтгэлдээ буртаггүй хүн байх ёстой гэсэн ойлголт миний зарчим эсвэл зан болж төлөвшчихсөн юм шиг байгаа юм. Зарчмын шаардлагаа ямар ч нөхцөлд, хэн бугайд ч тавина. Хүмүүсийн урд хойно ороод хүүе хаая гээд байдаггүй. Тавих шаардлагаа тавьдаг. Ямар ч нөхцөл байдал үүссэн арга хэмжээгээ авдаг. Энэ салбар өөрөө маш нарийн мэргэжлийн салбар. Энд өчүүхэн ч буруу зуршлыг өөгшүүлж болдоггүй. Би аливаа хүний хувь заяатай холбоотой шийдвэр гаргахдаа эхлээд удаан боддог. Тухайн хүн  мөрийтэй хөзөр тоглоомд орж, толгойгоо алдлаа гэхэд ирээдүй нь цаашаа ямар байх вэ гэдгийг бодож үзнэ. Тэгэхээс ч өөр аргагүй. Олон л янзын тэмцэл хийж явлаа. (инээв) Нэг удаа би зарим ажилтнуудаа мөрийтэй хөзөр тоглоод болохгүй болохоор нь баримтжуулаад  сахилгын хороонд ч өгч байсан. Хүмүүс, хүний мууд дурлалаа гээд янз бүрээр хэлж л байсан. Дотоод хүн маань огт өөр байсан ч ажлын хариуцлагын асуудал яригдаж байхад өөрөөр яах ёстой гэж. Дараа нь гаднын дарамт үүсэх нь тодорхой.  Дотоод хувь хүнийхээ хувьд ч гаргасан шийдвэртээ зөрчилдөж л байсан. Гэвч ажилтан  ажлын байранд ажлаа хийхгүй,тоглоод сууж болохгүй. Шударга байх ёстой юманд би шударга л хандана. Хэн, юу ч гэсэн хамаагүй.



-Гэхдээ дотоодын сахилгын хороонд өгсөн биз дээ. Одоо бол цагдаа, АТГ-д өгч хуйгаар нь зайлуулаад, оронд нь ойр дотнынхноо гялс авах биз?

-Мэдээж гаалийн сахилгын хороонд. Нөгөө талаас гаальчдад дохио өгч байдаг юм байна гэдгийг сануулах хэрэг ч бас байдаг. Харин дараа нь тэр ажилтан маань надад талархаж, та тэр үед сахилгын хороонд хандаагүй байсан бол би яах ч байсан юм билээ. Таны зөв байсан шүү гэж хэлж билээ. Ер нь тэгээд дарга хүн сайн нэр зүүдэггүй юм даа. Сая албаа өгчихөөд удаагүй байтал  миний хөл өвдсөн. Манай олон байцаагч нар минnй  биеийг асууж эргэж ирсэн. Цэцгээ даргаа таны бие яаж байна гэж чин сэтгэлээсээ санаа тавьж хэлэхэд нь“би ажлаа хийж чадаж байж, манайхан намайг ойлгодог байж” гэж бодоод миний сэтгэл хөдөлж байна лээ.

-Та яагаад ч юм цэргийн хүмүүжилтэй хүн шиг санагддаг. Хотын гаальд дарга байхад нь буулгаад хөдөө байцаагчаар яв гэж томилоход яваад л өгч байх шиг. Яагаад тэгдэг юм бэ?

-Би Сэлэнгийн уугуул хүн л дээ. Гэр бүлийн гишүүдийн маань дунд цэргийн хүмүүс олон. Өвөг эцэг маань Ардын хувьсгалын 105 дугаарт үнэмлэхтэй партизан С.Содном гэж хүн байлаа. Аав маань НАХЯ-ны системийн байгууллагад насаараа  ажилласан. Тэгээд л цэргийн хүмүүжилтэй гэж харагдахуйцаар биеэ авч явдаг болчихсон юм байлгүй дээ. Ажлын тухайд тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн Төрийн шийдвэрийг хүлээж авахад хэзээд бэлэн байх ёстой. Цэцгээ чи тэнд очиж  ажиллах ёстой гэвэл ажиллана. Яв гэвэл явна шүү дээ.  2000 онд Хотын гаалийн газрын даргаас бууж, Сэлэнгийн гаальд  байцаагчаар ажиллах тушаал аваад явж л байлаа. Ахиад л тэнд шинээр айл болж байгаа хүн чинь нэг жижиг зурагт, нэг жижиг хөргөгч аваад эгч дүү нар маань зах гарч гурилын мод, гампанз энэ тэрхэн цуглуулаад л, явж байж билээ.  Очсон газрынхан маань ч надад сайн хандсан. Хоёр өрөө байр гаргаж өгч байлаа. Дасахгүй хэцүүхэн үе зөндөө байсан. Дажгүй сайхан тохижоод, айл болж авлаа. Гаалийнхан маань Цэцгээ даргаа л гэнэ. Хэдий тийм ч яалт ч үгүй, ганцаараа байх мэдрэмж төрөөд хэцүү үедээ хэцүү шүү дээ. Нөхөр, үр хүүхдээ дагуулаад явъя гэж байсан ч ганцаараа очиж амьдрахаас өөр зам байгаагүй. Сургууль соёлоос нь холдуулаад яахав гэж бодсон хэрэг. Тэгээд яахав, ганцаараа хүн нэг хоол хийхээрээ ахиухан хийгээд долоо хоногийнхоо хүнсийг нөөцөлнө. Төрийн ажил бол төрийн ажил л гэх гээд байна л даа. Гаалийн байцаагчид орон нутагт ажиллах тушаал аваад гарахад, хэцүүг нь тэгж мэдэхийн хувьд ойлгож, сэтгэл эмзэглэдэг.  Ажил мэргэжлийн онцлогоо ний нуугүй хэлэхэд орон нутгийн  боомтуудад ажиллах нөхцөл хүнд шүү. Гээд яалтай билээ. Дэлхийн жишигт байцаагчдыг сэлгэн ажиллуулдаг зарчим бий. Очих газраа байцаагч нар нь мэддэг, хаана хэдий хугацаагаар амьдрахаа ч мэднэ. Яваад очиход нь орон байраар хангачихсан. Хувцсаа аваад очиход л болно. Бүх зүйл нь бэлэн, ажлын орчин нь тодорхой төвшинд хүрчихсэн байдаг юм билээ. Бидний хувьд нөхцөл байдал хүнд. Гэр бүл салалт ихэснэ. Үр хүүхдээсээ хол амьдарна. Үнэндээ өнчирч байгаа юм. Ер нь бол гаальчдын ар гэр их тэсвэр хатуужилтай болдог юм ш дээ. Гаалийн эрчүүдийн эхнэр ажилтай байна  гэж байхгүй. Хэсэг байж байгаад л хаашаа ч хамаагүй томилолтоор явна. Сэтгэлээрээ л ажиллана шүү дээ. Хүмүүс биднийг нэг л их авлига авдаг, дутах юмгүй улс гэж ойлгоод байдаг. Амьдрал дээр өөр шүү дээ. Гаалийнхан шиг хэцүү хатууг туулж  ажиллаж байгаа хүмүүс байхгүй.

-Та докторын ажлаа хэдийгээр эхлүүлж байв. Хөдөө орон нутагт ганцаараа амьдарч байх даа юу. Хүн ер нь ганцаараа байхдаа бичгийн ажил барьж авдаг юм шиг?

-Надад Сэлэнгийн гаальд чиний хэрэгцээ байна, чи ажиллаж чадна, тэнд очиж юмыг өөрчил гэсэн утгаар явуулаагүй л дээ. Өмнөх засгийн үед дарга байсан тийм учраас энийг хөдөө хөөнө гэх утгаар л хандсан. Заасан газарт очихгүй бол гаалийн байгууллагаас холдуулъя гэсэн бодлого явсан. Гэхдээ би тэр үед дарга нарт буруу өгөөгүй. Би явна. Орон нутагт ч чадлаараа сайн ажиллана гэж шийдсэн. Сэлэнгэд очоод нэлээд удлаа. Ганцаараа удаан байхаар хүн стресст их ордог юм билээ. Нэг талаараа шийтгүүлээд ч байгаа юм шиг. Эсвэл ажлаа муу хийсэн болоод л гологдов уу гэж их бодсон. Сайнаар бодож чадахгүй болчихдог юм билээ.  Хүнд ч итгэж чадахгүй юм шиг ч нэг тийм ёозгүй үеүдийг би эдэлж үзсэн. Гэхдээ дотроо л бодож байснаас биш, гомдлоо ил гаргасангүй.Удалгүй бие өвдлөө. Хятадад очиж эмчлүүлэхээр боллоо, хагалгаанд орлоо. Тэр үед их зовж, шаналсан. Өөрийн эрхгүй, би тэр хүнд ямар муу зүйл хийсэн болоод намайг ингэж их зовоож байгаа юм бэ гэж нэг л удаа их бодсон. Дахиж тэгж бодоогүй ээ. Өөрөө өөрийгөө л голж, үнэлж дүгнэж байлаа. Нэг даргад гологдсон ч нийгэмд, гаальдаа гологдохгүй хичээх, хүчээ шавхах тэнхээг би тэгж ахиж өөртөө сэрээж авсан.

-Таныг улс төрийн нөлөөллөөр сольсон юм байна гэж ойлголоо. Гэвч хүний бодол гэдэг өөр юм. Юуг юу болгож авах ч ухааны хэрэг бололтой?

-Тийм шүү. Хүний амьдралыг бөмбөг шиг өшиглөхөд хаа ч хамаагүй өнхөрч, хэн ч биш болдог юм байна гэдгийг хатуу ойлгосон. Энэ нь эцэстээ миний буруу гэдгийг ч давхар ойлгож авсан гэх үү дээ. Ажлаас чөлөөллөө гэхэд тогтож үлдэх газраа мэдэхгүй,  ийш тийш холбирч байгаа нь миний алдаа. Дахин суралцах, ахиж шинэ төвшинд өөрийгөө бэлтгэх ёстой юм байна гээд Удирдлагын академийн докторантурт суралцсан. Өдөржин, шөнөжин докторантурт элсэх шалгалтдаа бэлтгээд л, ахиад оюутан шиг болсон. Хэцүү үе зөндөө л тохиолдож байлаа. Амьдрал маань тийм ч дардан байсангүй.

-Тухайн үед даацтай,чанартай, мэргэжлийн үүднээс хийсэн судалгааны ажил их ховор байсан. Харин таны бичсэн  судалгааны өгүүллүүд нэлээд өөр өнгө аястай байсныг санаж байна. Тэгж л таныг анх мэддэг болсон. Судалгааны өгүүллүүдээ одоо бичиж байгаа юу?

-Тэр үед судалгааны өгүүллүүд олон бичсэн, одоо ч бичдэг. Сүүлдээ хобби маягийн юм болчихсон. Ном товхимол унших, хурал зөвлөгөөн дээр мэдээлэл авах гээд буцлаад явж байхад гаалийн байгууллагын цаашдын хэтийн байдлын талаар дүгнэлт төрнө. Тэр үед нь тэмдэглэж аваад, дараа нь сууж бичих дуртай. Надад нэг их хүртээлгүй ч юм шиг юман дээр хүртэл санаа сэтгэлээ чилээн улс орныхоо төлөө, эдийн засгийн үр ашиг хаана нь байна вэ гэж оюун бодлоо зовоож байгаадаа л юм бичдэг болчихоод байгаа хүн дээ, би.

-Хотын гаалийн байгууллагад ажиллаж байх үеийн тань дурсамжаас сөхлөө. Хөдөөх томилгооны тухайд таныг албан тушаалаас тань хүчээр буулгаж байж ажлыг тань авч байж. Хоёр дахь удаагаа та Хотын гаалийн газарт даргаар ажилласан. Мөн л та албаа өгчихөөд байж байна. Шалтгаан нөхцөл нь юу байв.

-Миний амьдралын сонин үеүдийн тухай та хөндөж асууж байна л даа. Би бас л чухам юу болсныг ойлгоогүй. Надад шалтгаан хэлээгүй.

-Танай байгууллагад удирдлагын төвшинд гэлтгүй үүднээсээ л ажил буцалж, иргэд холхидог газар болж өөрчлөгдсөн байсан. Таныг удирдаж байх хугацаанд хотын гаалийн байгууллага иргэдэд ойр ажиллаж, гаалийн  үйлчилгээ шинэ шатанд гарсан гэж боддог.  Гаалийн газарт итгэх иргэдийн итгэл, нэр хүнд буурсан байсан шүү дээ, тэр үед. Одоо хоёр дахь томилолтынхоо ажлыг дүгнэвэл юу хэлэх бол. Нөгөөтэйгүүр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс шүүхэд ханддаг болчихсон. Асуудал нээлттэй ч та  хандаагүй байна. Өмнө нь ч, одоо ч тэр.

-Хүний бүхий л сэтгэлээ дайчилж, шантрахдаа шантарч, мухардахдаа мухардаж, унахдаа унаж, ахин босч өөдлөхдөө өөдөлж олж авсан мэдлэг чадвар, туршлага л юутай ч зүйрлэшгүй баялаг юм билээ.

Хүний нүдийг нээж өгдөг,их ч зүйл бодуулдаг. Эцсийн эцэст хүн юуны төлөө амьдрах ёстой юм бэ. Миний амьдралын утга учир бол Монголын гааль. Гаальчдынхаа төлөө л гэж амьдрахгүй юм бол би зорилгогүй болж, хэцүүдэх юм шиг санагддаг.  Хэзээ нэгэн цагт амьдралын минь утга учир болсон энэ салбарын төлөө юу ч хийж чадсангүй гэж харамсах зүйлгүй л байх юмсан гэсэндээ би ингэж их ажилласан. Өөрийгөө машинаас л илүү ажиллаж байсан гэж би хэлнэ. Аливаа зүйл шударга бус явагдаад эхлэхээр хэцүү. Олон жилийн туршлагаас  харахад шууд ойлгогдмоор зүйлс амьдралд маань болдог  л байлаа. Наад зах нь өнө удаан жил ажилласан туршлагатай хүмүүстээ “гаалийн зөвлөх” гэдэг цолоо ч өгөхгүй хэр нь хэдхэн жил ажилласан годгоносон охидод, ямар нэг арга замаар гэнэт орж ирсэн хөвгүүдэд  дэндүү амархан хүртээгээд байдаг тийм үе ч тохиолоо.

-Тэр хандлага бол ер нь түгээмэл болчихсон юм биш үү. Бүх насаараа зүтгэсэн хүн байцаагчаараа л явж байдаг биз дээ?

-Нэгэн үе манай салбарын ажил буруу тийшээ эргэчихсэн байсан. Хүний зэвүүг, дургүйг нь хүргэмээр болтол эргэчихсэн тийм үеийг бид тууллаа. Тэгээд бодсон л доо. Эргээд Хотын гаалийн газрын даргаа хийнэ гэдэг зорилго өөртөө тавьсан. Түүний төлөө зүтгэнэ. Хэрвээ ажиллах боломж олдвол машин шиг л зүтгэнэ гэж бодсон. Өөрөө очиж байж хамт олонтойгоо нийлж өнгө төрхийг нь өөрчилнө. Алдагдсан нэр хүндийг нь сэргээж босгоно. Бүх хүч чадлаа гаальчдынхаа төлөө зориулна гэж би хатуу шийдсэн. Зорьсондоо ч хүрсэн. Дарга даамлуудтай ч, улс төртэй нь ч, дотооддоо ч ойлголцохгүй үе бишгүй л байлаа. Гаальчдын нэр хүнд асар их уначихсан. Тэгсэн хэрнээ хүнд нөхцөлд ажилласан хэвээрээ л байна. Бид яагаад хамгийн муугаар хэлэгддэг болов. Тэгээд яах ёстой юм. Муулуулахгүйн төлөө, хүлээн зөвшөөрөгддөг болохын тулд тууштай ажиллах ёстой биз дээ. Зарим нэг нь миний ярьсныг уншаад шоолж, ажлын хэнээтэй хачин амьтан гэж хэлэх л байх. Хамаагүй ээ, зүтгэлийн үр дүнд би аз жаргалыг мэдэрдэг юм.

-Төрд нэг далд ойлголт байх хэрэгтэй юм шиг. Бидэнд зүтгэсэн хүндээ халгаатай биш, нөөлөгтэй ханддаг соёл хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр албан тушаалаас буулгалаа гэхэд  тухайн хүнээс илүү чадварлаг, чадамжтайг нь томилох ёстой юм шиг. Илүүг сонгож томилох тухай жишиг алга болж өөрийн хүнийг, намын хүнийг л гэдэг шалгуур Төрийн ажлыг баллаж байна шүү дээ.

-Сонгууль болоод Ардчилсан нам гараад л ирсэн. Б.Хишигбат дарга болох нь гэх яриа дээр дооргүй яригдаж, амтай болгоны ярих сэдэв болж байхыг сонсож байсан.  Мэдээж би энэ ажлыг бүх насаараа хийхгүй нь тодорхой. Ажлаа өгөх болох нь ээ гэдгээ ойлгосон. Б.Хишигбат даргатай олон  жил хамт ажилласны хувьд хүнийх нь хувьд үнэлдэг. Ардчилал ялаад байр суурь өөрчлөгдлөө гэж бодсон удаагүй. Б.Хишигбат, бидний төлөө, ардчилсан хувьсгалын төлөө өлсөж цангасан. Амьдрал хаашаа ч эргэж мэдэхээр цаг үед бидний төлөө тэмцэж явсан хүн. Тэгээд ч дотроосоо томилогдлоо гэж олзуурхсан.

-Хишигбат хэмээх сонгодог партизан Хотын гаалийн газрын даргаар сонгогдсон ч ажлаа аваад удалгүй Замын-Үүдийн гааль руу томилогдчихсон. Хэрхэн ажиллаж, юу хийснийг нь ч мэдээгүй байтал өөр нэгнийг дахин томилсон. Ний нуугүй хэлэхэд танай байгууллага ардчиллынхны бие биенээ дэмждэг дамжлага бааз болчихсон юм шиг харагдаж байна. Нөгөө талаасаа таныг хүнд  цаг үед ажиллаж байсныг тань мэдсээр байж  Төр танд хүний мөсгүй аашилжээ гэж санах. Хишигбат даргын хувьд хүртэх ёстойгоо хүртсэн. Ойлгож, хүндэтгэж байна. Гэхдээ тэр бас ямар шалтгааны улмаас ажлаа өгсөн юм бэ. Түүнд ч шалтгаан, дүн хоёр очих ёстой шүү дээ.

-Нарийн учрыг нь мэдэхгүй. Гэхдээ тэр хүнийг тушаал буурсан гэж боддоггүй. Замын-Үүдийн гааль бол том айл. Тэнд ажиллах шаардлагатай болоод л явсан гэж боддог. Гаальд ирж, явах нь хэвийн үзэгдэл.Намын харьяалалгүйн хувьд хараад  байхад, нуулгүй хэлэхэд энэ байгууллагын тамга тэмдгийг яаж авах вэ, даргаас нь болиулмаар байна гэх санаа л цухалзаж байдаг. Бүр цаг үргэлж шүү.Юм хийх тухай өөрийн хөтөлбөртэй, хамт олондоо зөвшөөрөгдсөн тийм хүний тухайд яригддаг гэхэд хэцүү. Төрийн  албаны дархлаа үнэхээр алдагдчихсан. Хүмүүс төрд хоноцын сэтгэлгээгээр ханддаг болоо юу даа гэх эмзэглэл надад төрдөг. Хийж бүтээе гэхээсээ илүүтэй “дарга болох” замыг сонгодог болж дээ. Энэ бол манай хоцрогдлын нэг том илрэл.




-Даргын байр суурь, тогтоосон соёл, ажлын үзүүлэлт тухайн байгууллагын нүүр царай болж байдаг. Удирдах ажил аваад дадлагажиж амжаагүй байхад нь л хөдөө томилчихно. Ялангуяа гаалийн  байгууллагад төрийн бодлогогүй хандлага иймэрхүү байдлаар ирж  ганхуулаад байвал юу болох юм бэ. Өөд нь татах гээд хүчин чармайлт гаргаад зүтгэсэн удирдлага, хамт олон золиос л болоод байх. Үүнээс болоод дорвитой бодлогын шинэчлэл явагдахгүй байна л гэж хардаг. Таныхаар?

- Улс төрийг би огт ойлгодоггүй. Мэдэхгүй юм. Төрийн албыг улс төрөөс холдуулах ёстой гэж боддог. Саяхан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж  намын санхүүжүүлэлтээс улбаатайгаар томоохон асуудал хөндөж байр сууриа илэрхийлж байна лээ. Би яаж ч чадахгүй байна аа гэж хэлж байна лээ. Тэр хүн тэгж хэлж байхад бид мэт яах ёстой юм бэ. Ард түмнээ, байгууллагаа хараад сэтгэл эмтрээд л байж байдаг. Надад мөрөөдөл байдаг учраас миний итгэл найдвар унтрахгүй байгаа юм. Ямар ч байсан салбарынхаа төлөө тууштай ажиллана. Тэмцэнэ гэхгүй, би зүгээр л тууштай ажиллана.

-Таныг хотын гаалийн байгууллагыг удирдсан сүүлийн жилүүдэд гааль ёстой “буцалж” байсан. Хийсэн ажлуудаасаа томоохноос дурдвал болох уу.  Та шинэчлэлийн ажлаа ямар технологийн дагуу хийв?

-Хамгийн наад зах нь, барилга байшингийн ажлаа амжуулсан. Өмнөх удирдлагууд   санхүүжилт, зураг төслийн  асуудлыг нь шийдвэрлэчихсэн байсан. Цэцгээ ганцаараа хийж чадахгүй ш дээ.  Хамт олон гэж агуу хүч байдаг юм. Олон жилийн хүч хөдөлмөрөө зориулж явсан болохоор тэд маань надад итгэдэг. Хүмүүстэй амин хувийн байдлаар харилцаж байгаагүй минь сайнаар дурсагдахад нэмэр болдог ч байж магадгүй. Хотын гаалийг, гаалийн байгууллага шиг  байгууллага болгоно гэсэн зүтгэл минь өдий зэрэгт хүргэлээ. Оюутан байхад миний хөдөлмөрч, шантардаггүй зан чанарыг багш нар маань үнэлдэг байсан. Тэр зан чанар минь одоо ч хэвээрээ. Хотын гаалийн газрын хамт олон маань агуу хамт олон байсан. Толгойдоо бүгдийг нь төсөөлөн зурж тооцоолж хамгийн хямд зардлаар цуцашгүй хөдөлмөрлөн зохион байгуулсан. Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга байсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл жишээ нь их ч тус болсон доо. Их ч ажил хэрэгч хүн. Хамтарч ажиллахад гар нийлдэг юм. Би тэр хүнийг их үнэлдэг. Гаалийн байгууллагын гадаад худалдааг хөгжүүлнэ гээд л дарга нар ярьдаг. Хоосон ярих биш яаж хөгжүүлэх юм. Юунаас эхлэх юм. Бүх юм тодорхой биш байсан. Бидний зүгээс бизнесийн байгууллагын зовлон жаргалыг мэддэг, ойлгодог байх ёстой. Гаалийн үйлчилгээг төрийн үйлчилгээний чиг рүү хандуулах, бизнесийн хүрээний бэрхшээл зовлонг  ойлгож, зөв зохистой ажиллаж үйлчлэхэд чиглүүлэхэд зорилго маань оршсон. Тэдний асуудлыг ойлгож  мэдэрснээр харилцааны шинэ цонх  нээгдэнэ дээ. Тэгэхгүйгээр цаашдын ажил хэрэг урагштай явагдахгүй. Тэр л сэтгэлийн харилцааг нээхээр хамтран ажиллаж байлаа. Хүмүүс танилцахдаа анх мэндлэхээс эхлээд цаашлаад ярилцаж ойлголцож байж ажил явагдана. Энгийнээр л ойлгох харилцаа шүү дээ. Бид тэр итгэлээ алдаагүй. Тэгж л ажлаа явуулж байлаа. Барилгын зураг төслөөсөө эхлээд өөрчлөх зүйл байсан. Зураг дээрээ ажиллалаа.  Цаашлаад бүхий л хүрээнд орж ажиллаж, өөрчлөхөөс өөр аргагүй болж байлаа. Шатны бариулаас эхлээд ширээ сандал бүгдийг сольсон. Барилгын  ажлаа эхлүүлсэн. Зургаан давхрын спорт заалыг гэхэд зүгээр л цементэлчихсэн, зөөлөн хулдаас ч дэвсээгүй байдалтай байх жишээтэй. Санхүүжилтдээ тусгаагүй гээд. Саун, эмчийн өрөө гээд ажилчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар маань хүртэл  карказ шиг байсан. Эндээс л ажлаа эхэлсэн. Байцаагч  нараа хуучин сууж байсан ширээтэй нь үлдээмээргүй байдаг. Тэгээд С.Дэмбэрэл даргад хандаж, байдлаа ч хэллээ. Эрвийх, дэрвийхээрээ хөдөлсөн. Ажлаа дөнгөж авсан үеийнхтэй буюу гаалийн зөрчил, үнэлгээний асуудалтай харьцуулах юм биш. Хүний сэтгэлгээг өөрчлөх хэцүү, их хэцүү зүйлтэй нүүр тулсан.  Гаалийнхан формоо өмсөж хэвш, ажилдаа битгий хоцор гэдгээс эхэлж өөрчлөлт шинэчлэлтийг хийхийн тулд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, хэцүү байдалд орно. Гааль дээр ч шалгалтууд их хийгддэг байсан. Сүүлдээ Цэцгээ даргаа, танай гаалийн бичиг баримт сайн бүрдүүлж байна. Танайх байцаагчдаа хөдөө томилж орон нутгийн гаалийн байгууллагын ажилд туслуулаач гэнэ. Эндээ сайн ажиллаж байгаа байцаагчдаа явуулахгүй ээ. Хөдөө орон нутаг руу явуулахгүй гэдгээ хэлсэн. Миний ажлын нэг онцлог хувь хүнтэй нь ажилладаг байсанд оршдог байсан болов уу. Байшин сав босголоо. Тэр яахав, байх зүйл. Цэцгээг юм хийх гэж байгааг дэмжиж байсан хувь хүмүүст л талархаж явдаг. Хүний сэтгэл гэдэг агуу шүү.  “Номин”-гийн Ш.Баярсайхан, “Эрдэнэт” хивсний Мянганбаяр, Таванбогд ХХК-ийн захирал Баатарсайхан, Голомт банкны Ганболд захирлаас эхлээд олон захирал, цэргийн анги, төмөр замын хамт олон  тусалж дэмжиж байсан. Тэр хүмүүсийн дэмгүйгээр хотын гаалийн барилгын ажил явахгүй байсан. Хүмүүс бидний өрөө тасалгааг гайхдаг. Яагаад халуунд халж, хүйтэнд хөрч өдөржин гадаа ачаа бараа буулгах, хянах, сэтгэл зүйн элдэв дарамт шахалт дор ажиллаад орж ирээд ая тухтай орчинд хэсэг амарч болдоггүй юм. Яагаад хэдэн байцаагч маань тоосон дунд ажиллах ёстой юм. Энийг өөрчилсөн.Ер нь хүнтэй ажиллахад хүний сэтгэл гэдэг зүйлийг орхигдуулчих вий гэдэг дээр л анхаарал хандуулах ёстой. Хүний сэтгэлийг сэвтээж, дарамталж ажиллуулна гэж байхгүй. 

-Төрийн албан хаагч гэдэг иргэдээс их хол байсан. Өнгөрсөн 10 гаруй жилийн дотор төрийн байгууллагууд нэлээд өөрчлөгдлөө. Таныг тэрхүү өөрчлөлтийн улбааг гаалийн байгууллагад гаргасан гэж хардаг юм.

-Өөрийгөө дөвийлгөж боддоггүй. Өөрөөс шалтгаалах зүйлээ л хийсэн. Хүн ингэж л ажиллах  ёстой гэдэг зарчим нүдэнд харагдахаас өөр сүртэй жор байхгүй. Тухайн өдрийн ажлын жагсаалт яаж гарсан байна. Тэр ажлууд дэс дарааллаараа хийгдсэн байх ёстой. Ийм байх ёстой. Тэгж чадаагүй бол тэр өдөр жинхэнэ өдөр биш. Би багш нартаа их баярладаг. Анх докторантурт суралцаж байхдаа шантарч л байсан.  Их хэцүү сонголт хийчихлээ дээ гээд шантрах үед багш  нар маань миний нүдийг нээж, намайг ахин хүмүүжүүлсэн. Ахин босч ирэхэд тэд үнэхээр чухал хөшүүрэг болж өгсөн юм шүү.  



-Ер нь Гаальтай хувь заяагаа холбосон тухайгаа эргэж нэг дурсахгүй юу?

-Олны жишгээр л сонгосон. Багын найзынхаа ээжийн буянаар энэ их айлтай хувь заяагаа холбосон юм даа. Ээжээс минь хойш намайг гэдэг ганц настай хүн байсан. Тэр хөгшин, түүний хүүхдүүд намайг ажилтай болгоно гээд гаальд  оруулсан. Багаасаа өнчин өрөөсөн өссөн намайг хүний дайтай яваасай гэсэндээ тэгж зүтгэсэн байх. Ачийг нь хариулна л гэж санадаг. Яг л миний ээж шиг сайхан ханддаг хөгшин. Их гоё хоол хийдэг, хоолтой, ундтай, тайван, сайхан, дандаа инээмсэглэж байдаг хүн. Хүний буяныг хүн мартах учиргүй. Гаальтай амьдралыг минь холбож өгсөнд нь тэдэндээ талархаад бардаггүй юм.

-Багадаа зовлон үзэж хатуужсан хүмүүс аливаа ажилд хариуцлагатай ханддаг юм болов уу.  Тэр дундаа Төрд сайн ажилладаг юм шиг. Тэдний эмэгтэйг нь төмөр хатагтай, эрэгтэйг нь төмөр нударга гэмээр санагддаг юм.Та багын л ийм хүүхэд байсан уу. Олон эмэгтэйтэй ярилцлаа.Танаас бусад эмэгтэйчүүдээс илэрдэг танхил зан бараг харагдахгүй юм. Хатуужсан хүн юм даа гэж боддог?

-Миний эцэг, эх жирийн  сайхан хүмүүс байсан. Зургаа, долдугаар ангид байсан юм. Манайх чинь олон охинтой өнөр гэр бүл. Би дороосоо хоёр дахь хүүхэд нь. Манайх Шар хаданд байдаг байлаа. Хэдэн малтай, ногоо тарина, цөөн тооны тахиатай. Ээж  маань хүнд өвчтэй ийм л амьдралтай байсан. Өглөө эртээ Шар хаднаас нийслэлийн 14 дүгээр сургууль руу явна. Өглөөний таван цагт босч гэрээ галлаж дулаацуулчихаад, дүүгээ дагуулж гараад үхрээ маллана. Өвлийн хүйтэнд өглөө эрт босч үнээ саах ч амаргүй шүү. Цайгаа чанаж аавдаа өгчихөөд, халуун савтай  цайгаа үүрээд хичээлдээ явдаг хүүхэд байсан. Шар хадны автобус өглөөд  ганцхан явна. Өглөө 6.40-ийн үед Шар хадны эмнэлэг дээр зогсоно. Амжиж суух гэж холоос гүйнэ. Орос цэргийн ангийн араас л автобусны гэрэл нь цухуйж харагддагсан. Сардаа ганц нэгхэн удаа л автобуснаас хоцрох тохиолдолд гарна. Хоцорчихвол уйлна. Тэгээд эмнэлэг дээр, ээждээ цайгаа аваачиж өгчихөөд л найм гэхэд хичээлдээ очсон байна шүү дээ.  Хичээлээс тараад өнөөх л гэрийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ.Гэрийнхээ эрэгтэй хүний хийх ус зөөх, түлээ хагалах ажлыг би нугална. Миний бага насны амьдрал зав чөлөөгүй л өнгөрч дээ. Оюутан болчихоод зуны амралтаараа Мах комбинатын арьс давсалгааны цехэд ажиллалаа. Хонь, үхрийн арьсыг давслаад үйлдвэр рүү ачдаг. Бас Шар хадны эмнэлгийн хүнд тасагт асрагч хийдэг байлаа.Зав гарвал тоогоо бодно. Жаахан онгирчиход, 10 жилийн болоод дунд сургуулийн аттестатууд дээр минь сайн гэх дүн байдаггүй, онц сурлагатан байлаа ш дээ. Тооны хичээлдээ их дуртай, бас болоогүй ангийн дарга гэж байгаа. Ангийн хүүхэд хичээлээ тасаллаа гэж дуулав уу, үгүй юу л араас нь чавхдаж очоод дагуулаад ирнэ. Дунд сургууль төгсөх жил эцэг, эх маань бурхан болчихсон. Толгой дээр бүх юм буусан. Сурагч байхдаа орос хэлийг тооны хичээлээс дутахгүй сайн сурах ёстой гэж бодсон. Онц сураад байхаар багш нар маань автоматаар онц тавьдаг болчихсон байсан юм. Үнэндээ орос хэлэндээ  тийм ч дүүрэн онц биш. Тэгээд л орос хэлээ сайн сурах ёстой гээд давтаж өгсөн. Том эгч маань хоёр хүүхэдтэй, 14 дүгээр сургуулийн хажууд манайх нэг өрөө байранд амьдардаг болчихсон байсан үе. Төгсөх болчихсон. Надад ямар ч арын хаалга байхгүй. Эцэг, эхгүй. Эгч, хүргэн ах нараас өөр хүнгүй. Өөрөө л болгоно, сайн суралцах ёстой гэсэн ганцхан зорилготой. Их, дээд сургуульд орох шалгалтаа ч өглөө. Гадаад хэлний сургуулийн бэлтгэл ангид орчихлоо, чухам л амьдралын  шаардлагаар орос хэлээ үзлээ дээ. Эгчийн хүүхдүүд бага болохоор их уйлна, орой хичээл хийх  боломжгүй. Гэсэн ч амьдрал маань хүндхэн гэж шантралгүй оролдсоор орос хэлний Пулкины гэдэг сурах бичгийг нэгд нэгэнгүй орчуулсан. Тэгж л орос хэлний  бүх дүрмүүдийг цээжилсэн. Шөнийн 12 цагаас өмнө унтчихвал амьдрал зогсох гээд байгаа юм шиг л санагддаг байлаа. Мэрийснийхээ хүчинд өдий зэрэгтэй  амьдарч байна гэж боддог шүү. Би угаасаа л их тооцоотой хүүхэд байсан юм. Зүтгэсний хүчинд гадаадад дээд сургуульд явсан. Хуучнаар ЗХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургуулийн Хөдөлмөрийн эдийн засгийн ангийг дүүргэсэн.



-ЗХУ манай сэхээтний хоёр гурван үеийг бэлтгэж өгсөн орон. Орост сурах гэдэг ч   мөрөөдөл байлаа шүү дээ.

-Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд гэж мундаг сургууль байсан.  Монголын туг нь болж, мандаж явсан хүмүүс бүгд л тэнд төгссөн байдаг. Үр хүүхдийн хэрхэн амьдрах нь эцэг, эхээс шалтгаалдаг гэж үг байдаг даа. Аав маань бие муутай, нэг их удахгүй гэдгээ мэддэг хүн байсан шиг байгаа юм. Өнчин хүүхэд харахаараа туслах гээд л. Надаас хойш миний хэдэн охин яаж амьдарна даа гэж ярьдаг. Аав биднээр  “Үнэн” сонин уншуулна. Өөрөө нүдээ аньчихаад л хэвтээд байна. Ингэж л бидний толгойг цэнэглэж өгдөг байж.  Өөрөөсөө хойш яана даа гэж санаа зовохдоо аав минь биднийг бүх зүйлийг хийж сургадаг байсан. Охид бол охид л байдаг юм билээ.  Ээж минь нас барчихаад байхад бие биенээ дагаж, тэвэрч  уйлахаас өөр юм мэдэхгүй амьтад байдаг юм билээ. Гэхдээ одоо бид бүгдээрээ сайн сайхан амьдарч байна. Бид зовлонг сөрж чадсан.

-Гадаадад сурдаг оюутнуудын ар гэрээс борц энэ тэрээс эхлээд зөндөө л юм ирнэ.  Бас намар сургуульдаа явахдаа наймаа хийх юм бэлдүүлж бөөн л юм болцгоодог.  Тэгтэл таны ар гэр хэцүүхэн. Өнчин охид л байж. Энэ бүхнийг хэрхэн давж туулсан бол доо?

-Би чинь наймаа хийдэг оюутан байлаа шүү дээ. (инээв) Зуны амралтаараа ажиллаж олсон хэдээрээ бага сага зарах зүйл авна. Тарваганы арьс элдээд л суудаг байлаа. Хөгшчүүл их  тусалдаг байж билээ. Эгч, дүү нар ч их тусална. Орос, Монголын хооронд пенициллин “зөөнө”.

-Тариа юу?

-Тийм. Тэр нь хямдхаан, гурван копейкоор аваад Монголд найман төгрөгөөр зарна. Өнөөх чинь бас Эрхүүд байхгүй. Буриадуудын паспортоор Оросоор хэрэн хэссэн дээ. Сүүлдээ “томроод” эгч дүүгээ тэтгэдэг боллоо. Гурвуулаа суралцдаг байсныг хэлэх үү. Нугарч няцах зав ч байгаагүй тийм л он жилүүд. Бурхны ивээлээр аав минь сайн хамт олонтой ажилдаа сайн байсны хүчинд НАХЯ-ныхан биднийг орхиогүй, үргэлж харж ханддаг байсан. Зүрхний хагалгаанд орохыг нь дуулаад л шууд онгоц гаргаж өгч эмчилгээнд явуулж байсан. Аавынхаа ажлын нарийн ширийнийг бага байсан тул сайн  мэдэхгүй. Ямар ч байсан багадаа цагдаагийн хүн болно гэж  боддог байсан сан. Цэргийн хувцас гоё санагдсан юм байлгүй. Хожим аавыг өнгөрөхөд хувцас формыг нь өмсгөж, сүүлчийн замд нь үдсэн. Сонин юм шүү. Би одоо хэр нь цагдаа хүчний байгууллагуудын ажилтнуудыг харахаараа дотроосоо огшоод байдаг юм.

-Залуу нас хүний амьдралын уянгатай, дэврүүн сайхан үе. Эргэн дурсахад хамгийн гайхалтай сайхан үе гэдэг. Чухам л тэр үеийн найз нар их санагддаг. Та бас тэгдэг үү?

-Оюутан байхаасаа л үерхсэн зургаан бүсгүй одоо ч хамтдаа. Хааяа хэрэг болгож уулзалдана шүү дээ. Уулзаад суухаараа оюутан насаа дурсана. Гоё шүү. Өрөөний найз охин маань ярьдаг юм. Өглөө сэрэхэд Цэцгээгийн ор л хураалттай. Хэзээ гарсан, хэзээ ирсэн нь тодорхойгүй. Орой гарцаагүй хамт л унтдаг, өглөө хар эрт гараад явчихдаг сан гэдэг юм. Ажилтай хүн чинь юу гэж унтаад байхав. Ажлаа хийнэ шүү дээ. Эгч, дүүс рүүгээ ярина. Юу нь болохгүй байна. Хэрэгтэй юм юу байна гээд л ярьж өгнө. Бидний олж байсан хэдэн төгрөг одооныхтой харьцуулахад мөнгө биш шүү дээ. Амьжиргаагаа залгуулах төдий. Илүүг олж чадахгүй л дээ. Олдошгүй эм тариаг нааш цааш нь зөөж, хаана л олох боломжтой санагдана хайж өгнө. Нойр яаж хүрэхэв. Хичээлээсээ өмнө бүгдийг тооцоолоод гарна даа. Бүх зүйл хуваарьтай. Ер нь бол надад эмэгтэй хүн шиг уйлж дуулж, уянгалж  явах цаг зав байгаагүй юм аа. (инээв) Оюутны стипенд багасахаар гал тогооноос шил цуглуулж тушаагаад маргарин, төмсөө авна. 84 рублийн тэтгэлгээрээ болгоод л байсан. Их мөнгө шүү, тэр үедээ. Эхний үед наймаагаа хийгээд хичээлдээ анхаарах завгүй явсан ч сүүлдээ жигдэрсэн л дээ.

-Төгссөнөөсөө хойш сургуулиараа эргээд очив уу?

-Очилгүй яахав. Байнга л очно. Сайхан дурсамж хөвөрнө шүү дээ. Эрхүү орчихоод  хамгийн эхэлж сургуулиа алсаас харна. Багш нар маань хөгшрөөд ихэнх нь бурхан болчихсон. Нэг багш маань нэлээд өтөлсөн байж байдаг юм. Монголын түм буман оюутнууд суралцаж байсан газар шүү дээ. Одоо ч нэг ухасхиймээр санагдаж байна.  Жилдээ ямар ч байсан нэг ороод гардаг. Сайхан байдаг юм. Орос шөлөө уугаад, сэтгэлд уяатай газруудаараа алхах. Заримдаа орос хүний үнэр ч зөрөөд өнгөрөхөд танил гоё мэдрэмж төрүүлдөг. Хүмүүс тэгж ярихаар шоолноо...(инээв) Оросын ард түмэн их сайхан ард түмэн шүү. Бид тэдэнд их өртэй.

-Сая ялалтын баяр боллоо. Догдолж л байсан байх даа?

-Аягүй их догдолсоон. Өмнөх жил  би ялалтын баяраар Ленинградад байсан юм. Энэ жил Монголдоо үзсэн. Орос явахаар болбол Москвагаар заавал дайрна. Сонсох цомгуудаа, унших номнуудаа цуглуулна. Би ихэвчлэн Oросын кино үздэг. Унших номоо бөөнөөр нь аваад ирнэ. Энэ л миний аз жаргалын нэг дээ.

-Эмэгтэй хүний амьдрал хэзээ нэг амсхиймээр болох юм бэ. Тэтгэвэрт  гараад гэртээ суухаар яах бол. Эмэгтэй хүн таныхаар ямар үед аз жаргалтай байдаг юм бэ?

-Амьдралыг амсхийж тогтоох хэрэг байгаа юм уу. Хэрэггүй ш дээ. Хүмүүс тэтгэвэрт гарчихаад сайхан амарна гэдэг. Би тэгэхгүй. Хүн амсхийх завгүй амьдарч байгаагийнхаа хэрээр хөгжиж байдаг. Сайхан ч бай муухай ч бай энэ л амьдрал. Тогтоно гэдэг зогсоно гэсэн үг биз дээ. Царцана. Хүсээд байх зүйл биш. Хүн зогсохоо тулбал зогсож л таарна. Заавал тэгж уруу дорой байдал руу өөрийгөө чирэх хэрэг байгаа юм уу.

-Багаасаа л тэргүүлэгч явсан эмэгтэй хүн бусдад ачаа үүрүүлж чаддаггүйг та сайн мэднэ. Хувийн  амьдралтай чинь жаахан холбогдуулаад асуухад таны аз жаргал хаана оршдог вэ. Танай гэр бүлийн онцлог юу вэ?

-Нөхөр хүүхдүүд, ач зээ нараа хараад сууж байгаа маань өөрөө аз жаргал. Тэднийгээ баярлуулаад сайхан хоол хийчихсэн. Гэртээ ирэхэд гэр цэвэрхэн. Тэр л миний аз жаргал юм уу даа.  Ороод ирэв үү, үгүй юу л баярлана шүү дээ. Сэтгэл цадаж, гэр дүүрээд л ирдэг. Энэ мэдрэмж л манайх гэдэг айлыг тодорхойлно.

-Та гэр бүлийнхээ өмнө ачаа үүрдэггүй бололтой харагддаг. Харин Төрд ажиллахдаа ачаа үүрээд зүтгэчихдэг. Ажлын төлөө төрсөн хүн шиг. Энэ мэдээж  сайн төлөвшил. Эмэгтэй хүний амьдрал хамт өтлөх хүнээ хэрхэн сонгосонтой нь шууд холбоотой байдаг. Гэр бүлийнхээ хүний талаар яривал?

-Миний хань бид хоёр чинь танилцаад долоо хоносон уу, үгүй юу нэг гэрт орчихсон улс шүү дээ. Хорвоо надад сайхан хань заяаж дээ гэж би битүүхэндээ баярлаж явдаг. Гэрлээд 30 гаруй жил боллоо. Ханьтайгаа учирснаас хойш миний ард нэг том сүрлэг уул ханхайж байдаг болохоор амьдралын аахар шаахар зүйлд намайг зүтгүүлээгүй авч явсан. 

-Сэтгэл хоосрох, амьдрал утгагүй санагдах зүйл таны амьдралд нэг ч тохиож байгаагүй гэж үү?

-Огтоос тийм зүйл тохиолдож байгаагүй гэхэд буруудахгүй. Санаанд буухгүй байна. Ёстой л дэмий зүйлд сатаарах завгүй он жилүүдийг үдсэн байна. Хүүхдээ яах вэ, гэр бүлээ яах вэ гээд нэг их бодож шаналах зүйл гардаггүй. Би ажиллаж байхдаа л жаргалтай байдаг. Худалч хүнд  маргаашийн ажлаа л хэрхэн хийх тухай бодно уу гэхээс өөр зүйлд санаа зовохгүй шүү.



-Ар гэр рүүгээ сэтгэлээ чилээх зав завсар гаргаагүй сайн л хань байна даа?
-Би ер нь энэ тухай нухацтай бодож үзээгүй бололтой.  Чамайг хэлэхээр л нээрээ юу билээ гэж бодлоо. Хамгийн сонин  нь гэртээ ирээд, өдөр ажил дээрээ бие нь муудсан өнөө байцаагч маань яаж байгаа бол гэх жишээний юманд л санаа зовно. Тэр минь яаж байгаа бол, энэ минь яаж байгаа бол гэж л бодох юм даа. Ингэтэл хүмүүс ижил дасал болдог байна. Миний сэтгэлийг ийм болтол намайг чөлөөлж өгсөн байна, миний хань.

-Таны найзууд дунд  эрэгтэй найз олон уу, эмэгтэй найз олонтой юу?

-Би бас тийм ч их нээлттэй биш хүн болохоор найз нөхөдтэйгөө ядаж караокед ордоггүй ш дээ. Архи дарс уух дургүй сонин хүн ш дээ, би. Орсон ч, гарсан ч онцлоод байдаг  найз байдаггүй. Миний ажил бас намайг тийм болгосон. Харин багын найзууд бол байна аа, байна. Оюутан цагийн хэдэн сайхан найзтайгаа чөлөөт цагаараа уулзалдаж, ярьж сууна. Би ч тэднийхээ нэг хэсэг нь болчихсон. Миний ч хувьд тэд маань чухал хүмүүс. Бүр зайрмагаа хувааж идэж байсан багын найзууд маань ч бий. Нэг дурсамж санаанаас гардаггүй юм. Би багадаа зайрмаг идэх дургүй байлаа. Миний багын хайртай найз өөртөө болон надад хоёр ширхэг зайрмаг авна. Өөрийнхийгөө идчихээд минийхийг иднэ. Тэр зуур би цүнхийг нь барина. Тэгээд л Шар хадныхаа автобусанд суугаад явж өгнө дөө.

-Миний хувьд ном уншина гэдэг амьдралын маань баяр баясгалан. Маш их кайф мэдэрдэг. Бүхий л дээд таашаалыг номноос л авдаг. Номыг кино үзэж байгаа мэт л уншина. Уйдахгүй. Харин таныхаар хэчнээн ч удаа үзсэн уйддаггүй кино гэж бий юу?

-Сонин л асуулт байна. Чиний асуусан асуулт надад  их л сонин сонин юм бодогдуулж байна. Оросын  хуучны кинонууд байдаг даа. Амьдралын тухай кинонууд. Худлаа юм юу ч байхгүй. Тухайлбал, “Амьдрал нулимсанд дургүй” гэдэг ч юм уу, эмэгтэй хүний нандин сайхан асуудлуудыг хөндсөн тийм кинонд дуртай. Оросын эмэгтэйчүүд, гэр бүлийн амьдрал, дотоод сэтгэл, хүнд нэг зүйлийг бодогдуулсан  тийм бүтээлүүдэд дуртай. Учир зүггүй байлддаг кинонд дуртай биш ээ. Бас Оскар авсан  дэлхийн шилдэг бүтээлүүдийг цуглуулж үздэг. Цаанаа л өөр байдаг. Ийш тийшээ  явахаас илүүтэйгээр чөлөөт цагаа зориулдаг зүйл маань энэ.

-Эмэгтэй хүнийх нь хувьд таныг нээх гэж оролдлоо.  Таныг хүмүүс ихэвчлэн дарга л гэж хардаг. Цаанаа  энэ чинь эмэгтэй хүн шүү гэдэг талаас  нь өөрөөр хэлбэл таныг ямархуу эмэгтэй вэ гэдгийг мэддэггүй юм шигээ?

-Мэдэхгүй, энэ удаа та урьд нь таарч байгаагүй хувийн гэмээр олон асуулт надад тавилаа. Бас бодож үзээгүй юм хүнд их л байдаг юм байна.

-Үнэнийг хэлэхэд нийгмээрээ л улстөрждөг болжээ. Та гаалийн байгууллагатай хувь заяагаа холбосон хүн. Гаалийн байгууллага бол улс орны амин чухал салбар. Хэцүү үед гаалийн хэдэн байцаагчдыг төсөв бүрдүүл гэж  үүрэгдээд л хөөгөөд гаргадаг хүчир алба. Өнөөгийн нийгмийг харахад уул уурхайн асуудал дээр нэлээд бухимдалтай байх болж. Хүмүүсийг аз жаргалгүй болгоод байгаа зүйлсийн талаар би хөндөж асуумаар байна. Уул  уурхай дагасан орнуудын талаар уншиж судалж л явсан байх?

-Миний эмзэглэж явдаг асуудал л даа. 2000 оны эхээр “Гаалийн байгууллагын менежментийг боловсронгуй болгох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Дараачийн шинжлэх ухааны докторын ажлаа “Эдийн засгийн аюулгүй байдал, даяаршлын нөхцөлд үндэсний аюулгүй байдал” гэх сэдвээр бичиж хоёр төвшинд хамгаалсан. Судалгааны ажлынхаа дагуу хэд хэдэн ном бичсэн. Манай нийгэмд байгалийн баялгийг хэт шүтэх хандлага бий болж. Бидний бусдаас өөр шинж байна л даа. Бид хамгийн гол нь маш залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй. Байсхийгээд л 20 мянган төгрөг ав гэдэг улс төрийн бодлогын үр дүн ч бас энэнд нөлөөлж байгаа байх. Хүмүүстээ амьдрах арга, ажил хөдөлмөр хийх дадал сургаагүй. Бэлэнчлэх сэтгэлгээг нь л  өөгшүүлээд, амьдралын төлөө тэмцэх хүслийг нь мохоогоод, хялбар аргаар мөнгө олдог аргыг түгээгээд Монгол Улсыг хөгжүүлнэ гэж үзээд байх шиг. Жишээ нь Сингапур ямар ч байгалийн баялаггүй. Тэгсэн мөртлөө энэ улс яаж хөгжиж байна. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл бид ажил хийж чаддаггүй. Хөдөлмөрлөхгүй байснаасаа болж өнөөдөр гаднынхан мөнгөө оруулж ирээд, баялгыг маань ухаж аваад гарах эсвэл хямдханаар баялгаа зарчихаад суух хэв маяг руу орж байна. Алсыг харахгүй байна л даа. Энэ маягаараа улс орон хөгжихгүй. Монгол хүний өөрийн чинь нэг юм байдаг ш дээ. Хэрэглэх үедээ хэрэглэлгүй л яахав. Одоо яг, өнөөдөр мөнгөгүй үедээ хэнээсээ ч гэж гуйж явах вэ, хэн ч бидэнд өгөх вэ. Өнөөдөр зарим нь хэлж  л байна, өнөөдөр л нүүрс хэрэгтэй байна, маргааш хэрэггүй болно гэж. Шинжлэх ухаан хөгжиж байгаа үед ортой л байх. Гэхдээ баялгаа зөв хэрэглэх ёстой. Зөв хэрэглэж, зөв олборлож, зөв орлого олж, түүгээрээ зөв хоолллох ёстой. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх ёстой. Хамгийн гол нь Монгол хүн ажилтай байх ёстой. Ажилтай, амьдралтай зорилготой болох хэрэгтэй байна. Тэгж байж л Монгол хүн хөгжинө. Аж үйлдвэр хөгжихөөр дагаад технологи хөгжинө. Бид нүүдэлчин удамтай гэж яриад л байдаг. Мэдээж, монгол ёс заншлаа хүндэтгэлгүй л яахав. Гэхдээ л боловсрох ёстой. Товчхондоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэх гээд байна. Бид өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг гаднаас авдаг гэсэн. Импортыг орлоно гэдэг маань өргөн хэрэглээнийхээ барааг дотооддоо хангана гэсэн үг. Үнэндээ улсын маань хэрэглээ бага. Ийм жижиг зах зээл дээр зөвхөн өөрсдийгөө тэжээнэ гэж бодох хэрэггүй ш дээ. Хэрэв хийвэл өөрсдөө хэрэглээд үлдсэнийг нь гадагшаа гаргахуйц олон улсын стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Тэгж байж л гаднаас валютын урсгал татна.

-Гаднынхан ашгаа аваад л гарна.Харин бид юутай үлдэх ёстой юм бэ гэдэг дээр л ухаанаа уралдуулцгаах ёстой. Одоогоор татаж оруулж ирэх хөрөнгө оруулалт буюу хожим төлөх хүүтэй өрийн асуудал л ид Төрийн бодлогын цөм болж байх шиг байна.

-Орж ирсэн жаахан юм нь сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдаж, 10, 20 мянган төгрөг болоод тарчихна. Харин би энэ Засгийн газрыг дэмжиж, дотроо баярлаад байгаа. Ч.Сайханбилэг сайд сайн байна. “Оюутолгой”-н хоёр дахь шатыг эхлүүлэх төлөвлөгөөг үзэглэчихлээ. Ашигтай байсан ч, ашиггүй  ч байсан тэр төсөл одоо хөдлөх ёстой. Энэ чинь хүний амьдралаар төсөөлж бодоход бол итгэл найдварын оч үсэргэж байгаа нэг хэлбэр. Бид бага ч гэсэн хүлээлттэй боллоо. Хүмүүсийн амьдрал ахуй ямар болчихоод байгаа билээ дээ.

-Өрийн гэрээ үзэглэхэд баярладаг ард түмэн байх юм даа гэж хэлэх хэсэг ч байна. Гэхдээ амьдрал гэдэг үүрэг хариуцлага, эргэн төлөлт гээд явдаг процесс шүү дээ. 

-Монгол Улсын эдийн засаг бууралттай гарсан. Монгол Улсын ДНБ 7.7 хувьтай гарсан шиг санаж байна. Дэлхийн банкны судалгааг харахаар ядуурлын төвшин 27.4 хувьтай байснаа 29.8 хувь хүрчихлээ. Судлаачийн хувьд хэлэхэд манайх ядуураад иргэд ажилгүй, орлогогүй болоод эхлэнгүүт гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг их хэрцгий болж байна. Уг нь 2012 онтой харьцуулахад хүн ам 4.5 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, 12828 мянган хүнээр.Тэгсэн чинь гэмт хэрэг 2014 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад 23.6 хувиар өсчихсөн байгаа юм. Тоогоор аваад үзвэл 5229 хэрэг гарсан. Үүн дотроо гэмт хэргийн улмаас хохирсон 18 нас хүртэлх хүүхэд 24 хувиар өссөн. 2012 онд амьдрал арай өөр байж. 2014 онд ямар болчихов гэхээр сонин дүр ажиглагдана. Өнөөдөр бид нар хоосон байна гээд байгаа ч модоо барьж, картын бараанд орчихоогүй байна. Дахиад нэг тоо хэлье. Гэмт хэргийн улмаас хохирогчдын 37.7 хувь нь эмэгтэйчүүд. Тэгвэл 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын армийн цэргээс алагдсан, сураггүй алга болсон 78 хүн байдаг юм ш дээ. Гэтэл өнгөрсөн онд гэнэтийн аюул ослын улмаас 173 хүн, гэмт хэргийн улмаас 1078 хүн нас барсан байгаа юм. Бид хэдүүлээ билээ, энэ чинь  хэдэн он билээ. Эдийн засаг жаахан хямрахад л цөөхөн монголчууд ингээд байхаар юу болох вэ.

-Эдийн засаг хямарлаа, өрөнд орлоо л гээд байна. Нарийн судалгаа хийхээр яг хаана нь өөр аюултай эмзэг үзүүлэлтүүд гарч байна.

-Хүн амьд явна гэдэг зөвхөн өөрөө эсвэл ах дүү, хамаатан садан нь аюулгүй байхдаа биш  юм шиг байгаа юм. Бусдад тусалж, сэтгэл гаргаж, аль болохоор нийтийн төлөө ажиллаж байж л бидний ажил амьдрал гайгүй явна шүү дээ. Ганц ярьдаг юм маань гаднаас технологи авчирч, хийж чадахгүй, хийж үзээгүй юмаа хийнэ гэх. Худлаа ярих хэрэггүй. 888 төсөл ч гэх шиг. Бидний хэрэглээд сурсан зүйл хөдөө ахуйгаас маань л гаралтай. Эхний ээлжид энэ чиглэлээ барих ёстой. Ноос, ноолуурынхаа үйлдвэрийг хөгжүүлье, малын махаа боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон гаргая. Бид үүнийгээ мэднэ ш дээ. Өнөөдөр өлсөхгүй байгаа маань малын л буян. Бизнесийг дэмжинэ гээд нэг агентлагийн дарга гарч ирээд баахан юм ярих юм. Алийн болгон бизнесийг дэмжиж байна гэж худлаа ярих юм бэ. Ердөө л өөрийгөө рекламдаж, шоудаад байгаа юм шиг харагддаг. Үнэндээ тухайн бизнесмэн төрийн үйлчилгээг сэтгэл ханамжтай авч чадаж байна уу гэвэл үгүй. Чадахгүй байгаа.

Нэг их тоо баримт, тогтоол журам яриад л. Бодит байдал дээр бизнес хийнэ гэдэг маш хүнд байгаа. Э.Бат-Үүл дарга нэлээн дээр, шинэ нисэх онгоцын буудал дээр гаалийн тусгай бүс байгуулъя гэж дуугарч байна лээ. Их зөв санаа.

-Гаалийн тусгай бүс үнэхээр хэрэгтэй юу?

-Гаалийн горим. Гадаад худалдааг хамгийн наад зах нь тийм юман дээр ашиглах ёстой. Гаалийн тусгай бүс байгуулаад, тэндээ казиногоо байгуулна уу, юугаа байгуулна хамаагүй. Хамгийн наад захын жишээ нь татваргүй барааны дэлгүүрээ байгуулж, хятадын жуулчид орж ирээд худалдан авдаг болгох хэрэгтэй байна. Одоо урд хөрш л дэлхийн эдийн засгийг тэтгэж байна шүү дээ. Тэгэхэд бид хажууд нь байж ядахдаа аялал жуулчлалын бүсээ хөгжүүлчихэж болмоор юм даа. Хөгжүүлж байна л гээд байна. Уучлаарай, монголчууд хүнд үйлчилж чадаж байна уу. Тэнд бид хүнд сэтгэлээсээ ханддаг хандлагааараа гадныг хүнийг татаж чадах уу. Үйлчилгээнд ажиллаж байгаа охид, гар утсаа бариад, амандаа бохь зажлаад л, хүн юм асуухаар өөдөөс нь энэ нэг гай чинь бас юу асуугаад унав даа гэсэн царай гаргадаг нь нууц биш ш дээ. Бидний энэ “гажиг” сэтгэлгээ нийгмийг маань хөгжүүлж урагшуулахгүй хойш нь чангаагаад байна. Манай үйлчилгээний байгууллагууд өөрсдөө эхлээд шинэ стандартад гармаар байна.

-Нээрээ ч наад захын харилцаан дээрээ шинэ шатанд гарч чадахгүй байгаа улсууд цаасан дээр Найрсаг Улаанбаатарыг бий болгож, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж давхиад ямар амжилтад хүрэх вэ дээ.

-Тийм. Бид залуу үеийнхнийхээ хүмүүжил, боловсролд анхаарах хэрэгтэй байна.Энэ сэтгэлгээгээ өөрчлөхгүйгээр амжилтад хүрэхгүй. Намайг хүмүүс хуучнаа санагалзлаа гэх байх. Тэгээд яалтай. Социализмын үеийн нэг юм зүрхэн дотор байдаг юм. Эх оронч сэтгэлгээ ч гэх юм уу бусдад хандах нэг өөр хандлага. Тэр хандлага одоо дуусах гээд байна. Гурав, дөрвөн жилийн дараа тэр үеийн бүх хүмүүс тэтгэвэртээ гарна. Гаальтайгаа холбож яръя л даа. Ер нь би одоо дуугаръя, хэлье гэж бодож байгаа. Урд нь бөөцийлөөд л байдаг байсан. Одоо тэгэхгүй. Гаальчин хүнийг гаальчин хүн л ойлгодог юм. Олон жил ажиллаад олон жил хамт явсан хүмүүс нь л мэднэ. Манай хууль, эрхзүй, татварын орчин хэр зэрэг зөв юм бэ. Ний нуугүй хэлэхэд гаальчид шиг муу, авлигач хүн Монголд байхгүй гэцгээх. Өнөөдөр мундаг улстөрчид, нэртэй төртэй хүмүүс гаалийнхантай ядаж монгол хүний жудгаар сайн уу гээд мэндэлчихэж чаддаг бил үү. Авлигачидаа л гэж байна. Нийгмийн энэ нэг үзсэн ядсан, хэт үзэл сурталжсан, монгол хүний сэтгэлгээний нэг юм байна ш дээ. Тэр нь гаальчдыг ажиллуулахад маш хүнд байна, Ганчимэг ээ. Социализмын үед гаальчдыг Төр засаг үнэхээр сайн харж үздэг, тэр хэрээр манай ахмад үеийнхэн бидний төлөө бараг л амьдралаа зориулж байсан. Үнэхээр нэг номерт тавьдаг, халамжилдаг, хайрладаг, хүндэлдэг, үгийг нь сонсдог байсан. Тэрнийхээ үр шимийг хүртээд их сайхан зам мөртэй явсан. Нэртэй төртэй байсан. Гааль чинь бүхэл бүтэн 100 жил болчихсон байгууллага. Тэгээд дараа нь ардчилсан хувьсгал яллаа. Угаас сайхан уламжлалтай байгууллага, тийм амар унахгүй. Нэг хэсэг гайгүй явсан. Дараа нь чөлөөт зах зээлд ороод янз бүр болоод татварын асуудал, хүмүүсийн зан харилцаа ч өөрчлөгдөөд ирсэн. Би  бизнесийнхэнтэй олон жил ажиллаж байна. Бизнесийнхэн, манай татвар маш хүнд. Бизнесээ хэвийн хийгээд, зах зээлээ хайгаад явах гэхээр ашиг гардаггүй. Татвар энэ тэрээ ном ёсоор нь төлөх юм бол дампуурна гэж хэлдэг. Зүй нь бизнесийг чинь ашиг олж амьдралаа дээшлүүлэх гэж хийдэг. Ашиг олохын төлөө явдаг. Энэ тохиолдолд ямар нэг аргаар гаалийн мэдүүлэг, татвар авдаг хүмүүст нь бараагаа дутуу мэдүүлдэг, хууль дүрэм зөрчиж татварын мөнгөнөөсөө жаахан багасгах байдал руу ордог. Ийм байхад бизнес нь унана биз дээ. Яалт ч үгүй гаалийн байцаагч дээр л “ажиллах” хэрэг гарна.




-Өөрийн эрхгүй л ийм байдал руу чангаадаг гэж үү?

-Чангааж байгаа. Гаалийн байцаагч тэр болгон за гэхгүй. Аав, ээжид нь хэлнэ. Гэвч хүний эцэг, эх хэзээ ч хүүхдээсээ ийм юм гуйхгүй. Хүүхдийнх нь багш хэлнэ. Хүний хамгийн дотно хүнийг олж хэлүүлнэ. Тэгээд болохгүй бол архи өгнө. Тэр үед гаальчдад мөнгө өгдөггүй, архи өгдөг байсан.  Хоолонд оруулна тэгээд100 грамм архи. Эрүүл мэндийн хувьд баллаж байгаа юм. Тийм юм байсан. Тэгэхдээ энэ чинь жижиг бизнес. Том болоод ирвэл арай өөр. Байцаагч, алив Ганчимэгээ надад даатгачих. Би чамаас тэдийг авна гэх юм байхгүй. Байдаггүй л байхгүй юу. Тэгээд ч ямар ч  байцаагч би тэрнийг гомдооно, тэдэн төгрөгийн авлига авна гэж төлөвлөж ажилдаа гардаггүй юм.

-Төр бизнесийнхэнтэйгээ татвар авах гэж л харилцдаг. Өнөөдөр ч манайд хөрөнгө оруулалтын таатай орчин алга. Түрүүчээснь барьж авч шоронд хийгээд л. Дандаа л харгислал... Гадныханяахав, ашгаа хийж аваад л гараад явчихдаг. Үндэсний хэд маань хоорондоо талцаад хэрүүлээ хийгээд л үлддэг. Татвар, эдийн засгийн хэрэг тойрсон маргаан  шүүхийг эзэлчихлээ. Иргэний шүүх бүр  хахчихлаа, зарим нь гулгуулаад л эрүү рүү оруулаад өндөр өндөр ял аваад явчихаж байна. Эндээс харахад, эдийн засгийн өршөөл хийх хэрэгтэй болчихож. 25 жил татвар төлж, хэр чадлаараа улс орноо авчявж ирсэн бизнесээ унагаагаад, шоронд хийхийг нь хийж баллаж байснаас нэг том эдийн засгийн өршөөл үзүүлье гэх санаачилга явж байна. Өршөөлийн хуулийн төсөл ид яригдаад хэрэлдээд сууж байгаа. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?

-Гаалийн ажилтан гэхээсээ судлаачийн хувиар хариулъя. Ер нь хүн чанарын хувьд ч гэсэн яагаад өршөөж болдоггүй юм бэ. Төр авч чадсан юм чинь яагаад нэг удаа өршөөж болдоггүй юм бэ. Яагаад хүн ёсоор хандаж болохгүй гэж… Эх хүн хүүхдийнхээ зулай дээр үнсдэг биз дээ, эцэг хүн үнэрлэдэг биз дээ. Үүнтэй ялгаагүй шүү дээ. Юу нь болохгүй байгаа юм бэ. Бизнесийнхэн л биднийг тэжээж байна шүү дээ. Тэдний өгсөн мөнгийг хэрэгтэй зүйлд нь зөв зарцуулж чадаж байгаа бил үү. Энэнээс илүү яах юм бэ. Нуруугаа авахуулсан морь шиг болчихоодбайна. Одоо тэднийхээ нурууг амраамаар байгаа юм. Том ярихаа байя. Зүгээр л Төр тэднийхээ духан дээр нь нэг үнсчихэд л болоо шүү дээ.
 
-Тэглээ гээд Төр хохирохгүй, харин ч нэг сайн цэгцэлж авах боломж болгож хувиргаж болох юм. Төр бизнес эрхлэгчдийнхээ духан дээр нэг үнэрлэчих л дээ гэж та ямар гоё хэлэв ээ. Сэтгэл хөдөлж байна.

-Хохирохгүй. За, миний хүү чи ингэж байсан шүү, аав нь одоо өршөөлөө, үнслээ. Өнөөх чинь баярлана шүү дээ, хөөрхий. За, би болохгүй юм хийж байж, Төр засгийнхаа итгэлийг дахиж алдахгүй гэж боддог юм байгаа биз дээ. Үнэндээ хувийн хэвшлээ аягүй их дарамталдаг. Үгүй, гэвэл чамайг ингэнэ тэгнэ гээд л явчихдаг. Ямар нэг дарамт заавал олно.

-Харилцаа гэдэг зүйл дээрээ бид хаа хаанаа асар ихийг алдаж байна л даа.

-Бүх төвшинд алдаж байна. энгийн жишээ авч ярья л даа. Өөрийнхөө салбар дээр. Манай гаалийн байцаагчийн дугаар чинь тангараг өргөсөн дарааллаар байдаг юм ш дээ.

-Тийм үү. Ямар учиртай дугаар юм бол доо гэж боддог байсан юм.

-Тэр чинь учиртай дугаар. Тэр дугаар нь өөрөөс нь өмнө бичигдсэн байцаагчаа хүндэлдэг бичигдээгүй хууль энэ айлд үйлчилдэг байсан. Ахмад гаальчны хажууд замбараагүй, цэгцгүй байдал гаргахгүй. Нэг ёсондоо монгол айл гэрийн ах нь дүүгээ сургаж, захирдагтай адил. Ахмад нь ажлаа хийх, биеэ авч явах гэхчлэн практик талаас нь сургадаг. Байцаагч ямарваа нэг асуудалд орлоо гэхэд ахмад гаальчин үр хүүхэд шигээ өмнөөс нь зовж чаддаг байсан юм. Тэгсэн тэр нандин харилцааг бие биенээ дарамталж байна гээд 2000 оны үеэс болиулчихсан. Тухайн үедээ санаанд ороогүй л дээ. Эргээд харсан чинь энэ их мундаг харилцаа байсан юм билээ. Үнэхээр үгүйлэгдэж байна. Ахмадаа хүндэлж үгийг нь сонслоо гээд хүнээс илүү юм уначихдаггүй юм. Ахмад хүн байвал сандлаа тавиад өгчихөж бай. Аяга цай дөхүүлчихэж бай. Хүндэтгэлтэй харьц гэхээр өөдөөс, манай залуус би ямар нийгмийн ажилтан уу гэж хэлж байна. Зарим нь бүр хурдан зайлаасай гээд адлах маягтай. Сүүлийн үед зарим гаалийн байцаагч хүний яг төрсөн өдрөөр нь ширээн дээр нь тэтгэврийн мэдэгдлийг нь өгдөг болсон. Май гэж өгөхгүй ширээн дээр нь өглөө ажилдаа ирэхэд тавьчихдаг.

-Ямар аймшигтай юм бэ?

-Тийм юм тохиолдсон. Ний нуугүй хэлэхэд залгамж чанар алдагдаад байна. Гаалийн сэтгэлгээ гэдэг юмыг хамт олон, ахмад байцаагчид л суулгаж өгдөг. Тэр хэрээр сэтгэлтэй, ажилдаа үнэнч байцаагчид ”төрдөг” байсан юм. Одоо тэгж бэлтгэгдэж чадахгүй байна. Манай сургалтын төв гэж аугаа юм байлаа ш дээ. Намайг анх гаальд орж байхад, энд гурван сарын курстонц сураад гарвал бараг дээд сургуулийн боловсрол эзэмшинэ гэж ярьдаг байлаа. Одоо байхгүй. Мундаг сургалт байсан юм. Манай Булган багш гэж бүх гаальчдын багш хүн байна. Монголын гаальчид тэр хүнд мэхийдэг. 100 жилийн түүхэндээ ганц гавьяаттай. Тэр нь Б.Моюу. Гааль, эдийн засгийн сургууль гэж байгуулагдаад хоёр аравны таван жилийн бакалаврын сургалт явуулдаг болсон. Дажгүй сайн сургууль байсан, бас л татан буулгаад сургалтын төв болгосон. Одоо гаальд гайгүй ажиллаж байгаа хүмүүсийн олонхи нь уг сургуулийг гаалийн байгууллагын харьяанд байхад нь төгссөн төгсөгчид гэдгийг гаалийнхан хэлээд өгнө. Хүнийг сэтгэлзүйн хувьд их сайн төлөвшүүлдэг. Гаалийн үнэт зүйл, сэтгэлгээг суулгадаг гаалийн өндөр мэргэжил олгодог байсан академи.

-Одоо танай сургуулийн байшинд юу байна вэ?

-Худалдан авах ажиллагааны газар гэж юу хийдэг, яадаг нь мэдэгдэхгүй нэг газар авсан. Гэнэт л шийдвэр гараад  2012 онд сургалтын байрыг маань авсан. Шил толь болтол засчихсан. Харин Гаалийн сургалтын төв Хотын гаалийн газрын нэг, хоёр өрөөнд толгой хавчуулж байна. Тэнд сургалт явуулна гэж байхгүй л дээ. Би Худалдан авах ажиллагааны газрыг гайхаад байдаг юм. Онцгой байдлын гал унтраах хэрэгслийн тендер, цахилгаан станцын цахилгааны зуух солих асуудлыг тэнд шийднэ гэж байхгүй л байх. Яаж ч бодсон энэ учир утгагүй явдал. Сүүлд судалгааны ажлаар хийсэн ажил тоо баримтыг нь харсан ер нь ойлгомжтой байгаа юм. Байх ёстой, хэрэгтэй газар мөн үү гэх гээд байна л даа, би. Одоо тэр байшингийнхаа нэг давхрыг Төрийн банкинд түрээсэлчихсэн. Санаагаар болдог бол тэр зааланд нь ч болох нь ээ, сургалтын төвөө оруулмаар байгаа юм. Гаалийн байгууллага тэгж байж л босно. Удирдлага нь мянга өөрчлөгдөөд, түмэн шинийг санаачлаад яах юм бэ. Хүн өөрчлөгдөхгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй ш дээ. Ямар ч сайхан юм хийгээд нэмэргүй. Би мэднэ, чадна гэж хийрхэх хандлага нэг бус нэлээн хэдэн хүнд суучихсан байгаа нь нууц биш. Энэний цаана Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал бий. Зарим нь энэ Цэцгээ их том ярьж байна гэх л байх. Тэр 1200 байцаагчийн нуруун дээр тэр аюулгүй байдал чинь явдаг юм  шүү. Хоёр том улсын голд байгаа жижигхэн улс шүү дээ, манайх. Их хувь заяатай улсууд шүү, бид. Тэгэхээр энэ цагт хамгаалах гол газар нь гааль. Гаальд ажилладаг болоод ингэж хэлж байгаа юм биш. Өргөн хэрэглээний бараа, оюуны өмч, хоол хүнс, ёс суртахуун, хар тамхи мансууруулах бодисоор Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлэх байдал түрж орж ирж байна. Юу байсан юм бэ, цөөхөн хүн амтай шүү дээ, бид. Ингэхэд бид гаднын энэ “түрэмгийлэл”-д бэлэн байгаа юу. Хэн биднийг хамгаалах юм бэ. Хэн дэг журмыг сахиулах юм бэ. Гаалийн байгууллагаа хамгийн муу муухайгаар дуудчихаад сүр сүлдийг унагаж, уруу дорой болгочихоод яах юм бэ. Байцаагчдын амьдрал ядуу. 70-80 хувь нь цалингийн зээлтэй. Цалинг нь нэг л өдөр хоцрооход банкны барьцаанд орж байна.

-Цалингүй зээлгүй айл ч гэж алга даа. Гааль бас л тийм үү?

-Ийм байхад тэр хүнийг зөвхөн эх оронч сэтгэлтэй бай гэж хэлээд яах юм бэ. Энх цагт эх орноо хамгаалах үүрэг гаальчдад оногддог юм.  Эцсийн эцэст гаальчдын нуруун дээр байдаг юм. Байсаар ч байх болно. Гаалийнхны асуудал гэхээр толгой эргэсэн олон хүний асуудал уу. Мэргэжлийн хяналтын байгууллага л гэж байна, байгуулагдаад хэдхэн жил  болж байгаа. Гаальд л 100 жил болсон дадлага туршлага, залгамж халаа, үнэт зүйл  бий. Дэлхийн гаалийн байгууллага ч хилийн нэгдсэн менежментийг гаалийн байгууллага толгойлох ёстой гэдэг. Дэлхийн чиг хандлага нь энэ. Бид дэлхийн чиг хандлагад ойртохын тулд гаальчдаа бэлтгэх ёстой. Ажлаа хийх хэмжээний цалинтай, ар гэртээ зовохгүйгээр байвал болоо. Мэдээж маргаашийнхаа ажилд итгэлтэй байх хэрэгтэй. Маргааш юу хийх, хаана байх, нөгөөдөр миний амьдрал ямар байх нь тодорхой байх ёстой. Өнөөдөр гаальчид хүн болгонд хараалгаж байна. Миний нэг байцаагч ажлаа хийж байгаад, бүтэн сайнд хүртэл ажиллаж байгаад (сайн, мундаг байцаагч л даа) бие нь өвдсөн. Эмнэлэгт хэвтсэн гэж байна. Яасан гэсэн, цус алдсан гэж байна. Би очлоо, яадаг хүүхэд вэ чи чинь. Бие чинь муу байсан юм бол хэлж яриад хагас бүтэн сайнд амрахгүй яасан юм бэ гэсэн чинь. Үгүй ээ, даргаа би ажлаа хиймээр байсан гэж байгаа юм. Гурван охинтой хүн. Эхнэр нь нэг охинтойгоо эмнэлгийн үүдэнд бүлтэгнээд сууж байгаа юм. Насаараа ажил хийгээгүй, нөхрөө дагаж хилээр явсаар байгаад тэр. Эмнэлэгт хоёр, гурав хоноод л нас барсан. Гэрт нь очлоо. Хуучны гурван өрөө байрны том өрөөний голд жижиг  тумбочик дээр зургийг нь тавиад өмнө нь зул өргөчихөж. Нэг дивантай, тэгээд л болоо. Өөр юм байхгүй. Тэр хүн насаараа гаальд ажилласан. Гаалийн даргаас эхлээд бүхий л ажлыг хийж явсан хүн. Тэгсэн атлаа амьдрал нь тийм л байсан. Би очиж байж л мэдэж байгаа юм. Гаалийн дарга, гаальд олон жил ажиллаж жаргал зовлонг нь мэдэх хүний хувьд гол өмрөөд шатаад байгаа юм. Ард нь үлдэж байгаа энэ хүмүүс яах вэ.

-Насаараа зүтгэж байж нэг орох оронтой л болсон гаальчин хүний дэргэд улс төрийн томилгоогоор хожим ирсэн наймаачин л дарга нь болоод мандаж явах. Бусад нь хөдөө хөөгдөж, хавчигдаж зовж байдаг. Тэднийг та нар эрэг дээрээ гаргаад хаяж чаддаггүй.

-Миний сэтгэл үнэхээр өвдөж байна. Тэр хүн ажлаа хийж яваад л өнгөрсөн.Мөнгөнд дуртайдаа биш ажилдаа сэтгэлээсээ хайртайдаа. Манай гаальд сэтгэлтэй, ажилдаа хайртай хүн хэдэн зуугаараа байгаа. Харамсалтай нь ард нь амьдралын баталгаа алга. Элдэв дарамт шахалт, ажлын байрны хүнд нөхцөлд гаальчдын эрүүл мэнд муудаж сүүлийн жилүүдэд мэргэжил нэгт олон гаальчин найз нөхөд, ид хийж бүтээх насандаа ажлаа хийж яваад хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна.Гаальд 1200 гаруй хүн ажилладаг гэж хэлсэн дээ. Яагаад эднийг сэтгэл амар ажиллах боломжоор хангаж болохгүй гэж. Хүүхдийг өдөр шөнөгүй хулгайч гээд байвал хэн болох вэ, тийм биз дээ. Эднийхээ төлөө би дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ. Би зөвхөн байцаагчдынхаа төлөө өмнөөс нь дуугарч байгаа юм биш шүү. Цаашлаад хогийн цэг дээр хог түүж байгаа хүн, ядаж тэр хор багатай хогоо түүх хэрэгтэй байна. Биднийг тэжээж байгаа бизнесмэн яагаад маргаашдаа санаа зовохгүй төрийн үйлчилгээг авч болдоггүй юм бэ. Тийм хэцүү, шийдэх боломжгүй асуудал биш шүү дээ. Одоо би дуугарна, хэлнэ, ажиллана. Тууштай ажиллана. Би олон гаалийн даргыг мэднэ. Муу хүн байгаагүй, эдэн дотор. Яахав, эр хүн нэг алдаа л биз, эрэг нураа л биз. Гэтэл өнөөдөр гаалийн дарга байсан улсуудаас сайн яваа нь хаана байгаа юм бэ. Гаалийн дарга шоронд орж байна, гаалийн дарга гудамжинд лааз өшиглөчихсөн явж байна. Нэг бол нас барчихсан байна. Яахаараа гаальчдын хувь заяа ийм байх ёстой юмбэ. Хэнийг гомдоогоод, яагаад ийм болчихсон  хүмүүс юм бэ. Бид чинь ард түмний нэг хэсэг биз дээ. Бид ажиллаж, хийж бүтээмээр байна. Яагаад бидэнд итгэж болохгүй гэж. Хүн болгон арван хуруу тэгш байх албагүй. Уулын мод өндөртэй намтай ч гэдэг. Гэхдээ л гаальчдын төлөө ажиллаж юм хийх цаг болсон. Өмнө нь ингэвэл энэ яах бол гэдэг  юм уу, болгоомжлол байсан. Одоо бол тэгэх шаардлага алга. Дараа нь сэтгэл хангалуун байх нь чухал. Би гаальчдынхаа төлөө чадах бүхнээ хийсэн. Ажилласан, ард түмнийхээ төлөө зүтгэсэн гэж бодох дүүрэн бодолтой би үлдмээр байна. Надад мэдлэг чадвар, практик, сэтгэл байна. Би ид ажиллах насандаа явна.Тийм болохоор ажилланаа. Зүтгэнэ.

    Цэцгээ дарга ийм л хүн. Яагаад ч юм түүнтэй уулзахаар эрч хүчээр цус сэлбэгдэх шиг болдог. Зоримог, шулуун шударга энэ хатагтай Монголын гаалийн байгууллагын яв гэсэн газар явж, ир гэсэн үед нь ирж явсан бардам түүхтэй хүн. Өнөөдөр тэр ажлаа хийж яваад нас барсан байцаагчаа яриад нулимс унагаж байна. Түүний уур хилэн энэ бүхнээс болж дүрэлзсэн байна. Учир нь тэр ядруу, даруу байцаагчдад хаан шиг данайж, чадруу даварсан байцаагчдын өмнө бөхийдөг дарга яваагүй. Энэ бол түүнийг өнөөдөрт хүргэсэн ялгаа, зангараг нь.

Бас түүний дотор хар бага наснаас суусан тэмцэгч чанар, нугаршгүй итгэл байдаг. Тэр бол Монголын гаалийн хатаагдсан болд мэт хатагтай. Бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж түүнийг сонгож зочноороо урьсандаа сэтгэл хангалуун байна. Түүнд амжилт хүсч, энэхүү ярилцлагаа өндөрлөе.





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив