Хуульч Б.ГҮНБИЛЭГ: Одоо бидний гарц аливаа зүйлийг өөдрөгөөр харах
2015 оны 9 сарын 30 [Уншсан тоо: 67046]

Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн Болдбаатарын Гүнбилэгтэй ярилцлаа. Түүнийг өмгөөлөгч, хууль зүйн чиглэлээр нийтлэл бичиж, манай сонины  “Гүнбилэгийн булан”-г хөтөлдөг гэдгээр манай уншигчид сайн мэднэ.

-Таныг манай хууль зүйн салбарт төрж байгаа шинэ залуу хуульч эрдэмтэн гэдгээр тань хуульч нар сайн мэдэх юм билээ. Таны нийтлэлүүд их хөгжилтэй, хуульч бус улсуудад ойлгомжтой энгийн аргаар бичигдэж, дуусахдаа манай уншигчдад нэгийг бодогдуулсан, хууль сурталчилсан хэлбэртэй байдаг. Ер нь эрдмийн ажил хийхээс гадна уран зохиол сонрхож байв уу?

-Багаасаа ээж, аавынхаа зохиол, бүтээлийн анхны уншигч болж, аав ээжийнхээ найз нөхөд олон эрдэмтэн, зохиолчдын дунд өссөн маань нөлөөлсөн дөө. Би уран зохиолын болоод аль ч шинжлэх ухааны номонд их ойр өссөн. Бүр багадаа бичиг үсэг сураагүй байхад минь ээж галынхаа өрөөнд намайг суулгаж байгаад үг холбуулж шүлэг бичүүлдэг байлаа. Хэлсэн үгийг маань толгой холбуулж бичээд аав, эгчид минь уншуулж, өхөөрддөг байсан тод санагдаж байна. Ингэсээр ээжийнхээ урмаар бага багаар бичих сонирхолтой болж, тухайн үед зохиогддог байсан тэмцээн уралдаанд оролцож, шагнал баярын бичгээр олонтаа шагнуулсан. Манай сургуульд уран зохиолын Ганди, түүх нийгмийн Цэрэнханд гэж хүүхдийг мэдэрдэг гайхалтай хоёр багш байсан. Тэр багш нар маань биднийг урамшуулах, ухааныг задлах тал дээр их ажилладаг байж. Ангийн маань багш Р.Аминаа гэж сайхан эмэгтэй байлаа. Бидний санаачилсан ажил бүрийг маш идэвхтэй дэмждэг, сайн удирдагч, зохион байгуулагч, хөгжөөн дэмжигч маань байсан. Би найзуудынхаа хамт наймдугаар ангийн сурагч байхдаа НҮБ-ын Хүн Амын сангийн нөхөн үржихүйн төслийн хүрээнд “Охид ба хөвгүүд” нэртэй сонин гаргаж, тухайн үедээ манай ангийнхан их амжилттай ажиллаж байв. Манай нэгдүгээр хорооллынхон мэдэх байх. Есдүгээр ангидаа анхныхаа номыг гаргасан юм. Н.Носовын “Фантазёры” гэдэг номыг орчуулж, тэр номын маань өмнөх үгийг Монголын хүүхдийн алдарт зохиолч Ж.Дашдондог ах бичиж өгч байсан. Дараа нь “Зуслан”, “Би чамд хайртай”, “Хөгжилтэй гэр бүл” гээд хүүхдийн хэд хэдэн туужийн ном гаргасан.

-Та ямар учралаар хуульчийн мэргэжлийг сонгочихов оо?

-Аравдугаар анги төгсөхдөө Боловсролын яамнаас дуртай сургуульдаа суралцах урилга авсан юм. 1997, 1998 онуудад улсын тэргүүний сурагчдын нэгээр шалгарч, Ерөнхий сайдаас батламж гардаж, ямар мэргэжил сонгох вэ? гэсэн асуулттай тулгарсан. Ингээд утга зохиол, сэтгүүлчийн мэргэжлээр суралцдаг юм уу гэж бодож байтал аав нэг өдөр дуудаад хуульч бол гэсэн. Хуулийн мэдлэгтэй байхад чи сэтгүүлчээр ч, ер нь нийгмийн ухааны ямар ч мэргэжлээр ажиллах, хөрвөх чадвартай болно гэж хэлсэн учир ерөнхийдөө аавын хэлснээр мэргэжлээ сонгосон. Гэхдээ эхний хичээлийн улиралд бол ер нь сэтгүүлчийн анги руу шилжчихмээр санагдаад байсан. Арван жилдээ гайгүй сурдаг байсан хүүхэд Эрх зүйн онол, философи гээд хичээлүүд дээр цээжлээд, цээжлээд олигтой дүн авч чадахгүй байлаа. Заримдаа бүр хуулах гэж хичээгээд, баригдчих гээд нэг эвгүй. (инээв) Тэгээд явж байтал эрх зүйн онолын Д.Баярсайхан багш надад сэдэв өгч илтгэл бичүүлээд би эрдэм шинжилгээний анхны хуралдаа орж, урам авсан юм. Дараа нь Х.Тэмүүжин гэж багштай таарсан, ингээд л эргэлзэх юмгүйгээр Хуулийн ангийн жинхэнэ оюутны шинжийг олсон доо.

-Одоо энэ УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үү?

-Тийм. Х.Тэмүүжин багш тэр үед сурч байсан олон оюутныг номын амтанд оруулсан. Манай хүн гоё, сонирхолтой ярина. Хичээлээ их өвөрмөц заана. Шууд ширээн дээрээ гарч суучихаад, хөлөө савлаж байгаад л “нэг Баагий явж байсан байхгүй юу. Тэгсэн чинь…” гээд ярихаар дандаа буурьтай, намбатай багш нараар хэлүүлж, цээж бичиг хийж байсан мань мэт нь гайхчихна. Сүүлдээ эрх зүйн онол, философи, төр гэдэг чинь ийм энгийн юм байна, би бас ойлгочих юм байна. Энэ талаар би тэрний байр суурьтай нийлэхгүй юм байна, энэ нь зөв байна гэж ирээд л мэтгэлцэж, тэрэндээ урамшаад ном, сэтгүүл харж эхэлсэн. Х.Тэмүүжин багш, бас одоо Улсын Ерөнхий прокурорын орлогч хийж байгаа Г.Эрдэнэбат гээд багш нар биднийг хооронд нь өрсөлдүүлж, их дэмжиж ажилладаг, бид хичээл тараад өрөөнөөс нь салдаггүй. Ингэж л хорхойссон доо.

-Х.Тэмүүжин гишүүн та нар чинь нас ойролцоо биш юм уу? Би та нарыг нэг үеийнхэн гэж хардаг ш дээ.

-Биднээс ес, арав ах байх аа. Би чинь 1980 оных, манай багш нар 1970 оны эхэн үеийнхэн. Одоо л ид хийж бүтээх насандаа идэрхэн яваа хүмүүс дээ.

-Та чинь тэгээд эрх зүйн шинэчлэлээр их юм бичдэг. Их шүүмжилдэг биз дээ?

-Шүүмжилнэ ш дээ. Анх хэрэгжиж эхлээгүй ярианы төвшинд байхаас нь л хэлж ярих юмаа хурал, зөвлөгөөн, семинар дээр анхааруулан хэлж ярьж, сонин дээр бичиж байсан. Хүн ам цөөхөн, өргөн уудам нутагтай, манайх бас холбооны улс биш гэдгийг нэлээд ярьдаг байсан. Эрх зүйн рецепци гэдэг маань өөрийн онолтой, арга зүйтэй шууд авч хэрэглэж болох ч юм байна, болохгүй ч юм байна.

-Багшийнхаа өөдөөс тэгээд зөрүүдлээд байхаар яаж хүлээж авах юм бэ?

-Би ганцхан багштай хүн биш шүү дээ. Эрх зүйн шинэтгэлийн зарим зүйлийг дэмжих үе байна, дэмжихгүй ч үе байна. Хувь хүнийг хүндэтгэн дээдлэх, хайрлах үе байхад хууль цаазны ажил дээр шүүмжлэх ч үе байна. Энэ бол манай хуульч нарын Их сургууль төгсөхдөө л олж авсан олдмол бус заяамал зан юм. Б.Чимид багшийн “Сөргөөр бодоод эергээр дуусгавал өлзийтэй сайн шүү” гэдэг үг байдаг юм. Хувь хүн талаасаа багш шавь, найз нөхөд, ажил төрөл дээрээ хуульч шиг л байхыг бид сурсан. Гол нь хэт субъектив байдлаар шүүмжилж, гоочилж болохгүй. Тэгэхээр манай багш нар, хуульчид тэр тал дээр гомдоод, гоморхоод байх хандлага бие биендээ гаргах нь цөөн. Харин иргэдэд энэ нь их сонин санагддаг байх. Багш хүний хувьд бол аварга бөх шавьдаа мэх заагаад, шавь нь тэр заасан мэхээр нь давбал ачийг нь хариулж байгаа хэрэг гэдэг шиг өгсөн мэдлэгийг нь ашиглаж, ажил төрөл ярьж байхад багш хүн баярлаж урамшиж байдгийг би өөрөө багш болчихоод мэдэрч л явна.



Б.Чимид багштайгаа


Аав ээжтэйгээ


Хөгшин ээжийн хамт



-Сонин л санагдана биз дээ. Та түрүүн хүн ам цөөн гэж ярьсан энэ чинь тэгээд танай хуулийнхны талаар танил талдаа үйлчилдэг, хууль шударга бус байна гэх мэтээр сөрөг яриа гаргах үндэс болдог юм биш үү?

-Ер нь бол ийм ш дээ. Хуулийнхан бараг бүгдээрээ бие биенээ танина. Ердөө хоёр гуравхан мянган хүн чинь нэг бол нэг сургуулийнх, эсхүл нэг байгууллагад харьяалагддаг, нэг байранд ажилладаг, үгүй бол хуучин дарга, цэрэг байсан, ах дүүгийн хүүхэд гээд холбогдох сэжүүр зөндөө бий. Гэхдээ бидэнд өргөсөн тангараг бий. Зөрчвөл, зөрчсөнийг нь нотолж чадвал арга хэмжээ авах газар ч бий. Хааяа нэг сэтгэлд хүрэхгүй улаан цайм гэмээр шийдвэр ч гарах тохиолдол байдаг. Би ч бүх шатны шийдвэр гарч дууссаны дараа энэ талаар нийтлэл бичиж, шүүмжилж байсан. Гэхдээ бүх хуульчдыг муу гэж яривал, танай хуулийнхан гэж өргөн хүрээтэй яривал энэ төр оршин тогтноход хэцүү болно. Тиймээс тодорхой хэрэг дээр л ярих нь зүйтэй байх.

-Б.Чимид гэж агуу хүний удирдлаган дор ажиллаж байлаа гээд олон үеийн хуульчид нар бахархангуй ярьж байхыг олонтаа сонссон. Таныг судалж байхад энэ хүний ойрын шавь нарынх нь нэг юм билээ…

-2003 оноос эхлэн миний хувьд багш Б.Чимид, Ж.Амарсанаа багш нарын удирдлаган дор арав гаруй жил ажилласан. Тухайн үедээ Хууль зүйн үндэсний төв нэртэй байгууллага байж байгаад сүүлд нь Хууль зүйн үндэсний хүрээлэн нэртэй болсон. Энэ байгууллагад ажиллаж, хоёр том багшийн дор эрдэм шинжилгээ, багшлах ажил эрхэлсэн олон арван шавь нарынх нь нэг нь би. Бид Б.Чимид багшаас өдөр бүр шинийг сонсож, үргэлж сэтгэлийн урамтай, шинийг мэдэх сурах эрмэлзэлтэй ажилладаг байлаа. Би ер нь Б.Чимэд багшийгаа үргэлж дурсах дуртай. Зарим үед шөнө өдөр, хагас бүтэн сайн гэлтгүй суудаг байлаа. Харин залхаж байснаа санадаггүй юм. Багшийнхаа цүнхийг бариад хажууд нь явахад ч дүүрэн номтой хүнд цүнх барилаа гэх бодол бидний хэнийх нь ч толгойд орж ирж байгаагүй. Би энэ хүний цүнхийг барьж явна. Багш надад ямар гоё юм хэлэх бол гээд аз завшаан болгож явсан. Хамтдаа байхад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг тийм нэг хүн байдаг даа. Багш маань тийм л хүн байсан.

-Б.Чимид гуайн ажлыг дараа нь Та авсан юм билээ. Тэр том хүний орон зайг дүүргэхэд хүндрэл гарч байв уу?

-Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлаа багш надад өгсөн юм. 2010 онд юм байна. Би Австралид байсан юм. Арван оны цагаан сараар багшийнхаа мэндийг асууж залгахад багш “Чи ер нь энд ирмээр байна. Багшийнхаа ажлыг ав” гэсэн. Тэгэхэд буцах ч бас арай болоогүй байсан, ирсэн. Багш байнга хажууд байсан болохоор хүндрэл гарах нь гайгүй байсан. Бараг өдөр бүр уулзаж байсан болохоор шавь нарынх нь хувьд судалгааныхаа гаргалгаа, гарцыг багштай зөвлөөд явах боломж бүрэн байсан. Энд би нэг юм хэлмээр байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн гэж байгууллагын удирдлагыг улс төрийн шийдвэрээр томилдог болсноор манай улсын хууль зүйн салбарын шинжлэх ухаанч байдал, institutional memory гэдэг дээ, байгууллагын ой санамж алдагдчихсан юм. Одоо эрдэмтэн багшийн орон зайг зөвхөн нэг байгууллагын хувьд биш Монгол Улсын үндэсний хэмжээнд үгүйлж байна. УИХ-ын гишүүн, эсхүл дарга болчихоороо бүхнийг мэддэг болчихдог энэ цагт тэднийг хазаарлах жинтэй үгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүний орон зай үгүйлэгдэж байна. “Даргын толгойд юу орсноор дүрмээ хийж болохгүй. Төрийн толгой, хөл нь нэг судсаар холбогддог” гэж зүгээр нэг хэлээгүй байх. Д.Лүндээжанцан багшийг УИХ-ын дарга байхад, бас Д.Дэмбэрэл гуайг УИХ-ын дарга байх эхний хэдэн сард би хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байгаад Австрали явсан. Энэ хоёр хүнээс их зүйл сурсан даа.

-Таны “Эх орон танаас эхэлнэ” нийтлэл их олон хүнд хүрсэн. Нээрээ бид нар эх орныг дандаа бүхэллэг утгаар нь бодсоор байгаад би өөрөө эх орон юм байна, эх орон миний үүрэг, хариуцлагаас эхэлнэ гэж бодохоо байсан юм шиг ээ.

-Монголчууд бид ясны эх оронч улс. Байнгын бахархал маань Монгол хүн байх. Социализмын үеэс уламжилж ирсэн нийгмийн сэтгэлзүй маань байнга эх орон манай хөдөө талаас, уул уснаас, сумаас, аймгаас, ээж, ааваас гээд маш ерөнхий зүйлсээр эх орноо төсөөлж, аажмаар тэр эх орон дотор би хэмээх ойлголт байгаагаа мартаж эхэлсэн. Би-г хэзээ ярьдаг вэ? гэхээр эрх чөлөө, ардчилал гэх мэт эрхийн хүрээнд ярьж, дураараа аашлах хэрэглүүр болгосон. Гэтэл тэр олон би-гээс чинь эх орон бүрддэг гэдгийг мэдсээр байж, үүрэг хариуцлага ярих болохоор би байхгүй болчихдог. Тиймээс цэцэрлэг, сургуулиас эхлээд би өөрөө эх орон юм гэдэг боловсролыг олгох нь зүйтэй байна. Шүлэг, дуунаас эхлүүлээд миний эх орон надаас эхэлнээ гээд ойлгуулаад эхэлбэл маш олон үүргээ ухамсарласан эх орнууд маань наад зах нь гудамжинд хогоо хаяхгүй, эрүүл мэндээ анхаарч, ажил төрөлдөө үнэнчээр зүтгэнэ шүү дээ. Эх орон хэмээх үгийг хэлэх дуртай хэрнээ эзэнгүйжүүлснээ иргэн бүр ухаарч эх оронч сэтгэлгээтэй, үүргээ ухамсарласан хүмүүс нийгмийн харилцаанд оролцвол нөгөө хүний эрх, эрх чөлөө чинь бүрэн утгаараа хэрэгжиж эхлэх юм. Хүүхдэдээ мянган удаа унтахаасаа өмнө шүдээ угаа гээд үгэнд орохгүй байгаа бол чиний шүд чинь эх орны шүд, энэ шүд эрүүл бол Миний эх орондоо эрүүл мэндээрээ тус хүргэж байна, шүдээ угаахдаа хэрэглэж байгаа усаа хэмнэ, энэ дусал уснаас эх орон бүтнэ. Гэрлээ унтраа, цахилгаанаа хэмнэ. Наад цахилгаан гаргаж байгаа нүүрс чинь нөгөө Чингисийн бидэнд үлдээсэн газар шороо гээд ойлгуулаад авбал л бидний энэ улсад биеэ олсон хэрэг бүтэх юм. Ингэж хүүхдүүддээ ойлгуулахын тулд бид бас өөрсдөө үлгэрлэн дагуулах, дадуулах, жинхэнэ эх оронч монгол гэр бүл, монгол аав, монгол ээж болох ёстой гэж олныг уриалан, нийтэд мэдээлэл түгээсэн маань тэр. Энэ гарцыг амьдралд хэрэгжүүлбэл манай улс хөгжиж л таарна.

-Бас таны “Атамаан байх албатай юу?” гэсэн этгээд нэртэй нийтлэл их хөөрхөн болсон. Олон залуучуудад юм бодогдуулсан байх. Өөрөө ер нь багадаа атамаан байв уу?

-Атамаан байгаагүй ээ. Гэхдээ тэр нийтлэл дээр бичсэн зүйлс үнэн. Атамаан гэдэг чинь тусдаа улсууд. Аварга аваргаараа төрдөг гэдэг шиг. (Инээв) Ер нь бол хүнд дээрэлхүүлдэггүй, хүн хүнээ ална гээд явж байхад бие биенийгээ алчихаагүй, дундуур нь ороод л явдаг байсан. Одоо ч гэсэн хоёр залуу бие биенээ ална гээд явж байхад би дундуур нь ордог. Яах юм бэ. Нэг нь нөгөөгөө байхгүй болгоно гээд гүйж байхад, надад хамаагүй, холхон байя гээд сууж байвал муухай биз дээ. Дуусгана гэснийхээ өөдөөс чаддаг юм бол дуусга гээд агсам тавиад байдаг хүмүүс ч олон байна. Гэхдээ манай залуучууд архинаас л болоод байгаа болохоос дундуур нь ороод алгадаад унагаачихад, маргааш өглөө нь “баярлалаа ахаа, тас үсэрчихсэн байна” гээд инээгээд л явж байдаг. Бидний дунд ухаанаа алдтал архи уухад л буруу байгаагаас биш, үнэндээ монгол эрчүүд харьцангуй цагаан цайлган, эр хүн шиг л эр хүмүүс байдаг. Тиймээс бие биенээ амьдад нь хайрла гээд байгаа нь амиа бод гэсэн үг бас биш юм шигээ. Би харьцангуй олон орноор явж, сурч ажиллаж үзсэн. Нутгаа санахад ер нь найз нартайгаа инээж хөхөрч явах үеэ их санадаг юм, манай эрчүүд чинь.

-Таны аав, ээж хоёр монголчуудын бахархал болсон хүмүүс. Академич, түүхч Жигжидийн Болдбаатар, дууны шүлгийн яруу найрагч Сүрэнгийн Оюунчимэг гэхээр манайхан андахгүй. Энэ хоёр хүний дундаас төрсөн гэхээр танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Ижий, аав хоёрынхоо ачаар энэ зэрэгтэй яваа. Хүн болгон ээж, ааваараа бахархдаг. Гэхдээ олонд хүндтэй хүний хүүхэд гээд ээж, аавынхаа нэрийг байнга дурсаж, түүгээрээ давуу байдал үүсгэх гээд байх нь нэг их чухал биш. Би Болдбаатарын Гүнбилэг гэдэг утгаараа үүрэг хариуцлага хүлээж, биеэ зөв авч явахыг бодож өссөн. Мэдээж, дүрсгүйтэх үе байсан байх. Эртээд нэг телевизийн нэвтрүүлэгт ороход сэтгүүлч надаас “Та олонд нэртэй эрдэмтний хүүхэд. Аав тань танд юу гэж сургадаг вэ?” гэж асуулаа. Юу гэж сургасан юм бол гэж бодсон чинь хэлэх үг олддоггүй. Байнга уулзаж, хажуудаа байхаар халуун илчийг нь мэдрэхээсээ илүү, эрхэлж яваа учир бодолд орж ирээгүй байх. Тэгсэн харин нэг зүйл санаанд ороод хэлсэн. Өөрийгөө гайгүй том болчихсон гэж бодоод л, орой болохоор гарч гүйчих гээд байдаг үе эрэгтэй хүүхдэд байдаг ш дээ. Тэр үед аав сууж сур л гээд байдаг байсан юм. Тухайн үедээ ойлгоогүй байх. Хожим бодох нь ээ. Номын хүн суухгүй бол бодол тогтохгүй, сэтгэхгүй, ухаан төвлөрдөггүй юм билээ. Сууж байж гараас юм гардаг, сууж байж хөдлөхөөсөө өмнө бодож, төлөвлөдөг юм билээ. Тэгэхээр би ч бас хүүдээ сууж сур л гээд байгаа. Нэг харахад дэвтрээ бариад газар хэвтчихсэн зурагт үзээд байгаа юм уу, хичээл хийгээд байгаа юм уу, аль нь мэдэгдэхгүй явж байх үе хүүхдүүдэд байх л юм байна. Суугаад хичээлээ хий гэхээр компьютер, гар утсаар тоглоод суучихна. Яваандаа сууж сурах байлгүй дээ л гэж бодох юм.

-Таны twitter дээр “хүмүүс ер нь сайхан ном, ярилцлага, нийтлэл уншлаа, кино үзлээ л гэх юм амьдрал дээр тэгсэн хэрнээ тэр бүгдийг огт хэрэгжүүлэхгүй” гэж бичсэн байсныг уншсан. Нээрээн заримдаа тэгж бодогдох үе байдаг шүү…

-Надад нэг найзын маань аав энэ талаар хэлж халагласан юм. Яг үнэн л дээ. Сайн сайхан юмнаас сайн энерги авч байгаа ч гэсэн, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байгаа нь нөгөө л бидний эх орон дундаа өөрийгөө олж харахгүйд байгаа юм. Ямар нэгэн ном уншсан ч бай, кино үзэх, сайхан хууч сонсохдоо өөрийнхөө гарцыг тэндээс олж харах хэрэгтэй. Дээрээс л үүгээр гар гэвэл гараад байхаар амьдралаа хүнд даатгачихсан мэт санагдах, хүн бүр өөрийн зөв мөрийг цав цагаахан цасан дээр гаргаж буй мэт амьдралаа мэдрэмжээр хөглөөсэй гэж боддог.

-Та Хуульчдын холбоо-ны Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн юм байна. Энэ холбооны талаар монголчууд хааяа нэг зурагтаар л мэдээлэл авах юм. Ингэж шүүгч, прокурор, өмгөөлөгч нарыг нэг дээвэр дор нэгтгэх хэрэг байсан юм уу?

-Энэ холбоо эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр бий болсон байгууллага. Хуульч нарыг нэг дээвэр дор цуглуулж, чадсанаараа олон давуу талыг бий болгохыг зорьсон. Тухайлбал, мэргэжлийн хариуцлагыг өндөржүүлэх, хуульч нарын эрх ашгийг хамгаалах, улс төрөөс хараат бус байдлыг төлөвшүүлэх, үргэлжилсэн сургалтыг дэмжих, хуулийн салбарын их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх гээд олон үйл ажиллагаанд босоо удирдлагаар биш хэвтээ төвшинд хуульчид өөрөө удирдах ёсны дагуу ажиллах бололцоог олгосон. Үүнийг дагаад сөрөг үр дагаврууд бас бий болсон. Үндсэн хуульд заасан хараат бус шүүхийн зарчим алдагдаж, шүүгч нарт хариуцлага тооцох механизм бий болсон, төсвөөс санхүүждэг байсан үргэлжилсэн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил санхүүжилтгүй болж, бүх зүйлийг хуульч нар өөрсдөө нуруун дээрээ үүрэх болсон. Гадаадын хуульчдад зарим талаар давуу байдлуудыг бий болгосон. Хуульч нараас жилдээ сургалтын төлбөр, татвар, мэргэжлийн холбоо, хороодын хураамж гээд аваад эхлэхээр иргэнд очиж байгаа үйлчилгээний хөлс эргээд нэмэгдээд эхэлсэн. Хэн энэ ачааг үүрэх вэ? гэхээр иргэд үүрнэ. Төлбөрийн чадваргүй иргэдэд зориулсан хууль зүйн үйлчилгээг төр хариуцах ёстой. Гэтэл хуульч нар өөрсдөө үүрэх төлөвтэй байна. Тэгэхээр зарим зүйл одоог болтол тодорхойгүй л байна.

-Хуучин төлбөрийн чадваргүй иргэдийн төлбөрийг улсаас төсөвлөдөг байсан юм байна. Ямар журмаар өмгөөлөгчид санхүүжилтаа авдаг байсан бэ?

-Хууль зүйн яамаар дамжуулаад Өмгөөлөгчдийн холбоонд төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тодорхой хэмжээний төсөв өгдөг байсан. Өмгөөлөгчдийн холбоо энэ үйл ажиллагааг зохион байгуулж, төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн өмгөөлөгчид бага ч болов зардал өгдөг байсан. Одоо бол тийм юм байхгүй. Хуульчдын холбооны нуруун дээр ачаа ирж байна. Ганц нэг төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулах төдийхнөөр л аргалж байна. Гадаадын олон шүүхийн үүдэнд иргэдэд үйлчлэх цонхнууд байдаг. Хэрхэн яаж нэхэмжлэл, гомдлоо гаргах вэ? гэдгийг хэлж өгдөг лавлах үйлчилгээнүүд байдаг. Бэлэн загвартай, иргэдэд шүүхэд хандахад дөхөмтэй болгосон ажлуудыг зохион байгуулмаар санагддаг.

-Өмгөөлөгч, прокурор нар шүүгчтэй нэг байгууллагад харьяалагдаж, нэг дээвэр дор байгаа нь “цус ойртох” нэг том үндэс гэж хардаж байна. Энэ талаар…

-Шүүгчийн талаархи гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрхийг Хуульчдын холбоо хүлээн авснаараа шүүн таслах ажиллагаа болон шүүгчийн бие даасан, хараат бус байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдэг нь үнэн. Гадаад орнуудыг харахад шүүгч нар Хуульчдын холбоо шиг нэгдсэн байгууллагадаа харьяалагддаггүй. Манайх шинэчлэл хийхдээ зарим зүйлийг хэт туйлшруулчихсан шиг санагддаг. Хуульчдын холбоо шүүгч нарын эрх ашгийг хамгаалах талаар ажиллаж болохоос Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь халдаж болохгүй.

-Хуульчдын холбооны нэг чиг үүрэг нь хуулийн төсөлд санал өгөх юм байна. Энэ талаар Хуульчдын холбооноос зохион байгуулсан ажил байна уу?

-Энэ олон хуулийн төсөл буцаад, Засгийн газар нь өргөн барьсан хуулиа танихгүй болж байна гэдэг нь манай хуульчдын оролцоо төрийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх ажилд тун бага байна гэдгийг илэрхийлж байна. Хуульчдын холбооны хууль, дүрмээр зөвлөхүүдийн зөвлөл гэж байгууллага байгуулах ёстой. Энэ зөвлөл нь эрдмийн цол зэрэгтэй, доктор, академич нарын бүрэлдэхүүнтэй байхаар тусгагдсан. Энэ нэгж одоогоор байгуулагдаагүй байна. Зөвлөхүүдийн зөвлөл байгуулагдчихвал тодорхой хэмжээгээр бидний дуу хоолой улстөрчдөд албан ёсоор хүрэх юм.

-Танай холбоо хоёр жил боллоо. Яг юу хийж бай-гааг нь мэдэхгүй байна гэх хуульч нар ч байна…

-Миний хувьд хуульчдын холбооны сайн дурын нэг хороог тэргүүлдэг. Яг удирдлага дээр ямар ажил хийгддэг талаар өөрөө л судалж, хүн амьтнаас асууж байж мэдээлэл авч байна. Нэг талаас нэгэнт хийсэн ажлаа сурталчлах ажил дээр арай удаан байна уу гэсэн бодол төрдөг нь үнэн. Нөгөө талаас хуульчид өөрөө өөрсдийнхөө оролцоог идэвхжүүлэх ёстой. Энд байгаа Хуульчдын холбооны ажлын алба амьдрал дээр юу нь болохгүй байгааг тэр бүр мэдэж чадахгүй. Манай хуульчид санал бодлоо харамгүй энэ байгууллагадаа санаачилгатайгаар хэлж яримаар санагддаг. Миний хувьд ажлын албаныханд таарсан газраа бодсоноо хэлээд явдаг. Ажлын алба маань хоёр жилийн хугацаанд ерөнхий араг ясаа босгоод авлаа. Одоо гол нь манай хуульчдын идэвхи, өөрсдийн байгууллагадаа итгэх итгэлийг сэргээх хэрэгтэй байна. Маш олон сургалт зарлаж байхад, эхний удаад нь хоосон, сүүлийн хоногуудад нь хүссэн хүсээгүй хүчээр ирж сууж байна. Тэгэхээр сургалтын чанар дээр ч анхаарч ажиллахгүй бол болохгүй, хуульчид ч оролцоогоо нэмэгдүүлэхгүй бол үнэндээ болохгүй нь. Бидний дунд энэ бидний юм, миний юм гэх соёлыг төлөвшүүлэх ажил л дутагдаад байна. Байгууллагын соёлыг мэдээж хоёрхон жилд бий болгоход хэцүү л байдаг байх. Нөгөө талаас энэ байгууллагыг байгуулахад байсан улс төрийн баталгаа үгүй болсон учир олон хуульч нар эргэлзсэн, одоо энэ холбоо үгүй болно гэсэн байдлаар хараад байгаа нь ажиглагддаг. Нэгэнт байгуулсан юмныхаа сайн сайхан талыг нь өөдрөгөөр хараад, аваад явчихмаар байна.

-Танай Хуульчдын холбооны дүрэм, журмыг судалж байхад бусад хуульч гэж нэр томьёо гарч ирээд байсан. Бусад хуульч гэж ямар хүмүүс байнаа.

-Шүүгч, прокурор, өмгөөлөгчийн ажил эрхэлдэггүй хуульчдыг бусад хуульч гээд нэрлэчихсэн юм. Энэ нэрний оноолт жаахан ойлгомжгүй болсон. Тиймээс хуульч гэдэг ердийн нэр томьёогоороо явахад асуудал байхгүй учир хуульч гээд явах нь зүйтэй. Шүүгч нь шүүгч, прокурор нь прокурор, өмгөөлөгч нь өмгөөлөгч шүү дээ. Дараагийн шатны ажлаа эрхлээгүй хуульч гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нөгөө талаар энэ хуульчдын талаар Хуульчдын холбоо маань одоогийнхоос арай өөр бодлого баримталмаар санагддаг. Тухайлбал, мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй эдгээр хуульчдын сургалтын кредит, татварыг нь тавин хувиар багасгах, бүр магадгүй хоёр хүртэл жилээр эрхээ түр түдгэлзүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах шаардлага гарсан үедээ чөлөөтэйгээр эрхээ сэргээлгэдэг байх тогтолцоог бий болгохгүй бол олон хуульч Хуульчдын холбоо гэхээр татвар, сургалтын дарамт мэтээр хүлээж авах сөрөг үр дагаврууд бий болоод байна. Төр, хувийн хэвшилд ажилладаг хуульчид хуульчийн гэрчилгээтэй хэрнээ түүнийхээ үр дүнг мэдрэхгүй явж байна шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч эрх зүйн шинэтгэл нэрийдлээр 12 шүүгчийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн гэж та нийтлэлдээ бичсэн байсан…

-Хуульчдын холбооны зүгээс мэдэгдэл хийж, эдгээр 12 шүүгчийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Гэтэл одоо болтол уг асуудал бүрэн шийдвэрлэгдэж дуусаагүй л байна. Аль ч нам, улстөрч гарч ирсэн, алх бариад сууж байгаа шүүгчдийг хуульчийнх нь хувьд манай холбоо хамгаалах үүрэгтэй. Магадгүй ирэх сонгуулийн дараа хэн нь гарч ирээд, хэн гэдэг шүүгч, хэн гэдэг прокурорыг дарамтлаад, төрийн албанаас хууль бусаар халахыг бид мэдэхгүй. Тиймээс бид одооноос дархлаагаа сайжруулахгүй бол эцэс сүүлд нь Үндсэн хуульт ёс алдагдаж, иргэд л алдах болно.

-Эдийн засаг газар доогуур орлоо, хуулийн салбар газар доогуур орлоо. Одоо юуг газар доогуур оруулах дутуу вэ? гэж та асуусан байдаг.

-Эдийн засаг хямраад, Өршөөлийн хууль гэж ажил болгоод, хуулийн байгууллагуудыг хооронд нь тулалдуулаад, улстөрчид хуулийн салбарт нөлөөлөөд, хууль батлахдаа гадаад орноос санал асуух болсон талаар л асуудал дэвшүүлсэн юм. Үнэндээ одоо бидэнд аливаа зүйлийг өөдрөгөөр харах л эцсийн зам байна. Хууль зөрчигчидтэй хариуцлага тооцож, хүн бүрт энэ орны иргэн гэдгийг нь ухамсарлуулж, сайн сайхан болно доо л гэж бодож, түүндээ итгэж, зүтгэх л үлдлээ. Өөр ямар ч гарц байхгүй. Одоо иргэдийнхээ итгэлийг сэргээх л үлдсэн. Монгол орны заяа их гэдэг дээ.

-Өмгөөлөгч хүмүүс зурагтаар их гарах юм. Зурагтаар гараад бүр од болчихсон ч хүмүүс байх юм. Хүмүүс ер нь өмгөөлөгч нарыг улстөрчид болчихож гэх яриа гарч байна.

-Иргэний ба улс төрийн эрхийг хамгаалахын тулд өмгөөлөгчид зурагтаар асуудлыг олон нийтэд тавих арга барилыг ашиглаж байна. Энэ нь ч тэр хүндээ, одоогийн нөхцөлд зөв байх. Хүний хувь тавиланг төөрөгдүүлчихгүй юмсан гэсэн сэтгэл, хор шар бүх л өмгөөлөгчид бий. Гэхдээ гарын таван хуруунд багтахаар цөөхөн хүн л телевизээр их гарах аргыг ашигладаг. Энэ нь өнөөгийн улс төрийн байдлаас бий болж буй ужиг юм. Би жишээ нь хэд хэдэн улстөрчидтэй холбоотой хэрэг өмгөөлсөн. Олны анхааралд өртсөн, нийтийг шуугиулсан хэргүүд байсан. Дотроо шатаад, доороо самармаар үе байдаг. Гэхдээ шүүхийн хараат бус байдал гэж юм байна. Хэрэг хэлэлцэж дууссаны дараа л зарим нэгийг нь сонинд бичиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, аль болох асуудлыг улстөржүүлэлгүй шийдвэл эргээд хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл сэргэх юм. Зарим өмгөөлөгчид бүр шүүгч нарын ах дүүс, гэр орныхныг нь яриад явчихна лээ. Тэрэн шиг муухай юм ёстой байж болохгүй. Ер нь манай Шүүхийн Ерөнхий Зөвлөл шүүх хуралдаанд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл оруулах зөвшөөрөл өгч байгаа нь шүүхийн хараат бус байдалд шууд нөлөөлнө гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зарим барууны орнуудад бичлэг хийх байтугай, зураг ч авч болдоггүй. Тиймээс тунг нь тааруулахгүй бол нийт өмгөөлөгч нарын нэр хүнд яригдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуульчид ажиллаж байж, эх орон, тусгаар тогтнол байгаа юм. Монгол орны иргэдийн эрх ашгийг хамгаалагчид нь хуульчид юм.

-Илэн далангүй сайхан ярилцлага өгсөн танд амжилт хүсье. Танд бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа.

-Танд бас баярлалаа. “Open door” сонин залуучуудыг их дэмждэг. Талархаж байна шүү.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив