Д.Батсайхан: Хувьчлал бол эмзэглэх асуудал биш
2015 оны 10 сарын 22 [Уншсан тоо: 84532]

Сүүлийн үед Төрийн банкийг хувьчлах тухай яриа хөндөгдөж эхэлсэнтэй холбогдуулж Төрийн банкны гүйцэтгэх захирал, ноён Д.Батсайхантай уулзсан юм. Бид өргөн хүрээнд тодорхой цаг гаргаж ярилцсан ч энэ удаа зөвхөн банкны хувьчлал тойрсон сэдвээр өрнөсөн яриаг та бүхэнд толилуулж байна. Нэн удахгүй уншигч та энэ эрхмийн өөрийнх нь ертөнцөөр аялаарай.



-Та сайхан намаржиж байна уу. Нутаг явж байна уу. Ингэхэд танай нутгийн намар бусдаас хэр ялгаатай вэ дээ. Яриагаа бас сайхан эерэг гоё сэдвээр эхэлмээр санагдаж байна.

-Ойрд нутаг явж амжаагүй. Нутагт сайхан намар болж байгаа гэж дуулдсан. Манай нутгийн намар сайхан шүү дээ. Хүн бүхэнд ухаарал хайрласан сайхан намар болдог.

-Хөдөлмөрийн гараагаа Завханы банкнаас эхэлсэн гэдэг бил үү. Тэр үеийн орон нутгийн салбарууд ер нь одоо хэр хөгжсөн бэ?

-Би Их сургуулиа төгсөөд Сангийн яаманд хуваарилагдсан ч нутгаа зорьсон хүн дээ. Нутагтаа очоод МУИС-ийн салбар сургуульд гурван жил багшлаад, Аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн даргаар долоон жил ажилласан. Дараа нь аймгийнхаа “Хас” банкны салбарын захирал, “Хаан” банкны салбарын захирлаар ажилласан. Тэр үетэй харьцуулбал банкны систем хурдацтай хөгжсөн. Лааны гэрэлд балансаа гаргадаг байсан бол одоо бүх салбар нэгжүүд онлайн горимд шилжээд балансаа программаар гаргадаг болсон гээд бүхэлдээ шинэчлэгдсэн дээ.

-Одоо гол зорилго руугаа оръё. Монгол улс төрийн мэдэлдээ банктай. Эргэж ийм жишиг рүү ороход эдийн засагчид анхнаасаа эсэргүүцэж байсан. Тийм ч учраас анх Төрийн банкийг байгуулахад хэсэг хугацааны дараа эргүүлэн хувьд шилжүүлэх нөхцөлийг зааж өгсөн байдаг. Тэр нөхцөлийг танаар нэг тайлбарлуулчихмаар байх юм. Миний өнөөдрийн уулзах шалтгаан энэ.

-Төрийн банкийг 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан. Тухайн үед “Зоос” банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор гүүрэн хэлбэрийн банк болгон байгуулсан юм билээ. Тухайн үеийн зорилгоо ч биелүүлсэн. Гэтэл 2013 онд “Хадгаламж” банк төлбөрийн чадварын эрсдэлд орсны улмаас тус банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах, ажиллагсдын ажлын байрыг хадгалах зорилгоор Монголбанкны шийдвэрээр Төрийн банкинд шилжүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Төрийн банк “Хадгаламж” банкны 1,7 сая харилцагчдын эрх ашгийг хамгаалах, 3500 ажиллагсдын ажлын байрыг хадгалах зорилтыг амжилттай хэрэгжүүлж, ашиггүй ажиллаж байсан банкийг ашигтай ажилладаг банк болгож Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаж байна.

Төрийн банк анх 130,2 тэрбум төгрөгийн активтай байсан одоо 1,8 их наяд төгрөгийн активтай, 28,6 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан бол одоо 162,6 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, жилдээ 1,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол одоо 19,3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.



-Төрийн банкийг хувьчилна гэсэн яриа явсаар л байдаг. Энэ банк анх 130 гаруй тэрбум төгрөгийн активтай байсан. Дараа нь “Хадгаламж” банк дампуурлын ирмэгт ирж Төрийн банкинд нэгтгэсэн. Ингэснээр Төрийн банк маш хүчирхэг активтай болсон. Энэ нөхцөл байдал Төрийн банкийг хувьчлах боломжоор хангаж өгсөн гэж ойлгож болох уу?

-“Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлэхэд 1,2 их наяд төгрөгийн активтай банк болж байсан бол одоо 1,8 их наяд төгрөгийн активтай болж активын хэмжээ 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хувьчлалын тухай асуудал бол эмзэглээд байх зүйл биш л дээ. Банкны өмчийн эзэн солигдох тухай л асуудал шүү дээ. Банкны өмчийн эзэн солигдох тухай асуудал бол хувийн банкин дээр ч гэсэн байнга гардаг л зүйл. Саяхан хэдхэн хоногийн өмнө манай нэг хувийн банк хувьцааныхаа тодорхой хувийг зарсан шүү дээ. Энэ бол хувьчлалтай адилхан л хэлбэр юм. Өмчийн эзэн солигдсоноор банкны үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт гарахгүй. Банк бол тодорхой шалгуур хангасны үндсэн дээр Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авч тус зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг онцгой субьект. Тийм болохоор банкны өмчийн эзэн өөрчлөгдсөнөөр өдөр тутмын үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөөлөл үзүүлдэггүй. Өмнө нь олон банк хувьчлагдаж байсан тэд одоо ч гэсэн банкны үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар л байна.

Төрийн банкийг хувьчлах эсэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргана. Өнөөдрийн байдлаар Төрийн банкийг 2016 онд хувьчлая гэж санал яригдаж байна. Энэ санал Улсын Их Хурлаар дөрвөн удаа хэлэлцэгдэж эцэслэн батлагдаж байж шийдвэр болно. Хувьчлах шийдвэр гарсан тохиолдолд хувьчлалын бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулах, олон нийтэд зарлах, сонгон шалгаруулалт хийх гээд маш олон ажил хийгдэнэ. “Хаан” банкийг хувьчлах шийдвэр гараад гурван жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан түүхтэй.

-Өмнө нь жил бүр Төрийн банкны хувьчлалаас төсөвт 80 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгаж байсан. Гэвч нэг ч удаа энэ төлөвлөлт биелж байгаагүй.

-2016 оны төсвийн төсөлд Төрийн банкны хувьчлалаас улсын төсөвт 75 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Энэ бол зөвхөн санал. Энэ санал УИХ-аар эцэслэн батлагдвал шийдвэр болно. 75 тэрбум төгрөг гэдэг бол Төрийн банкны хувьчлах үнэ биш. Зөвхөн төсөвт төвлөрөх орлого юм. Төрийн банкны өмчийн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци, 25 хувийг Сангийн яам эзэмшдэг. Тэгэхээр 75 тэрбум төгрөг гэдэг бол Төрийн банкны 25 хувьд ногдох орлого юм. Төрийн банкийг хувьчлах шийдвэр гарлаа гэж бодоход хувьчлалын доод үнэ нь 300 тэрбум төгрөг байх юм.

-Нөгөөтэйгүүр Төрийн банкийг хувьчлах талаар ярихад тус банкинд зориулж гаргасан бондын асуудал хөндөгддөг.

-Төрийн банкийг 2009 онд анх байгуулахад төрөөс тодорхой хэмжээний мөнгө гаргаж байсан юм байна лээ. Энэ мөнгө өнөөдөр Төрийн банкны 25 хувийн тодорхой хэсгийг бүрдүүлээд явж байгаа. Харин “Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлэхэд төрөөс нэг ч төгрөг гаргаагүй.

-Төрийн банк Хадгаламж банкийг өөртөө нэгтгэснээр томоохон банк болж хувирсан. Хуучин Хадгаламж банкаар төрийн бүхий л хадгаламж, тэтгэвэр, тэтгэмж олгогдож байсан. Одоо Төрийн банк энэ бүхий л үйл ажиллагааг хариуцаж байгаа юу?

-Төрийн банк улс орныг хамарсан 540 салбар нэгжтэй 3800 ажиллагсадтай ТОР 5 банкны нэг болсон. Төрийн банкны нийт хадгаламжийн 10 хүрэхгүй хувь нь төрийн байгууллагын мөнгө байдаг. Үлдсэн 90 гаруй хувь нь ард иргэд, харилцагчдын мөнгө байдаг. Төрөөс ард иргэдэд хүргэдэг тэтгэвэр тэтгэмжийн 52 хувь нь Төрийн банкаар дамжин Монгол орны өнцөг булан бүрт хүрч байна.

-Ардчилсан намынхан банк гэх тусгай тоглоом тоглож байсан хуучны түүхтэй. Тэд ахин тоглохоор Төрийн банкийг “бай”-гаа болгон товлолоо. Одоо тэд хувьчилна. Энэ бол тэдний ээлжит ав гэх ажиглагчид байх юм. Энэ хардагчдад чухам юу хэлэхсэн бол?

-Хардах эрх хүн бүхэнд бий. Төрийн банк байгуулагдсанаасаа хойш зургаан жилийн хугацаанд нийт 42,8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласны 87,4 хувь нь буюу 37,4 тэрбум төгрөгийн ашгийг 2013 оноос 2015 оны эхний есдүгээр сард бүрдүүлсэн байна.

Монголбанкны зайны хяналтаар Төрийн банкны нийт активд чанаргүй зээлийн эзлэх хувь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 1 хувьтай гарсан маань банкны системийн дунджаас 3,8 дахин сайн үзүүлэлт юм.

Төрийн банк гадна дотны маш олон байгууллагын хяналтын дор үйл ажиллагаагаа явуулдагаараа онцлогтой.

Төрийн банкны 2013, 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд Монголбанкнаас иж бүрэн шалгалт хийж “Зөрчилгүй буюу сайн” гэсэн үнэлгээ өгсөн. 2015 оны үйл ажиллагаанд Монголбанкнаас 2 удаа шалгалт хийсэн байна. Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулдаг оны шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулалтаар Төрийн банк 2014 онд Монгол Улсын ТОР таван банкны нэгээр шалгарсан бол, 2015 оны Монгол улсын ТОР 100 аж ахуйн нэгжийн ТОР 17-д тус тус шалгараад байна. Олон улсын аудитын дөрвөн том байгууллагын нэг болох “Эрнст Янг” аудитын компани Төрийн банкны үйл ажиллагаанд иж бүрэн аудит хийж “Санхүүгийн тайлагналын олон улсын стандартуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв толилуулсан байна” гэж дүгнэсэн байна. Төрийн банкинд хийсэн “BDO аудит” ХХК-ийн эрсдэлийн аудитын шалгалтаар “Банкны үйл ажиллагааны болзошгүй эрсдэлийг бууруулсан” гэсэн дүгнэлт өгсөн байна. Олон улсын  үнэлгээний гурван том байгууллагын хоёр төлөөлөл болох “Moody’s”, “Fitch Rating”байгууллагуудаас Төрийн банкны санхүүгийн үзүүлэлтүүд, зээлийн чанарт хийсэн үнэлгээгээр Монгол улсын арилжааны банкуудын хамгийн өндөр үнэлгээ болох “В” буюу “Сайн” үнэлгээ өгөөд байна. Төрийн банкны үйл ажиллагаанд гадаадын болоод дотоодын эрх бүхий байгууллагуудаас өгсөн дээрх бүх үнэлгээ, дүгнэлтүүд таны асуултын хариулт болно байх гэж бодож байна. Төрийн банкны амжилтыг олон нийтэд хүргэх боломж олгосон сайхан асуулт асуусан танд баярлалаа.  

-Банк бол сэтгүүл зүйн хамгийн болгоомжтой хандах субьект. Банкаа нураавал манай нийгэм баганаа нураалаа гэсэн үг. Манай банкууд энэ тал дээр агуулгатай ойлголт тээсэн сурталчилгаа огт хийдэггүй. Зөвхөн үйлчилгээгээ сурталчилдаг. Энэ талаар манай уншигчдад өөрийн бодлоосоо ярьж өгөөч?

-Та маш чухал сэдэв хөндлөө. Үнэхээр банк бол харилцагчдын итгэл дээр тогтдог маш эмзэг субьект. Тийм болохоор үндэслэлгүй, магадлаагүй аливаа дүгнэлт, хардлага бол банкны олон мянган харилцагчдын эрх ашгийг хөнддөг. Тэгэхээр улс төрчид, сэтгүүлчид үүнийг ойлгож аливаа банкны тухай асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ цаана нь олон мянган эгэл жирийн харилцагчдын эрх ашгийг хөндөж байгаа гэдгээ ухаарч олон талаас нь мэдээлэл авч нягталж байж хандах хэрэгтэй гэж боддог.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn