Одончимэдийн Одбаяр: Бид “ЛЕКСУС-570″-аар, жуулчид ПУРГОНООР…
2015 оны 11 сарын 15 [Уншсан тоо: 137452]

Манай сонин VIPerson буландаа нийгмийн нэр нөлөөтэй хүмүүсийг зочноороо урьж ярилцдаг. Сүүлийн үед байнга нийгмийн тайзан дээр ил амьдардаг, тэр хэрээр нь олон нийт залхчихсан, бас ярьдагаа л ярьдаг зочдыг биш шинэ, сонин зочдыг чухалчилж байна. Одончимэдийн Одбаяр тэдний нэг. Одоо та түүний ертөнцөөр аялна уу. 

-Таныг өмнө нь гадаад харилцааны салбарт ажиллаж байсныг мэднэ. Өмнөд хөршид олон жил ажилласан. Эргээд энэ салбартаа ажиллах байх гэж бодож байсан юм. Ингэхэд та гадаад харилцааны салбарыг бүр орхисон уу. Ер нь яагаад тэндээс ирсэн бэ. Ирэх, явах гэдэг өөрөө том хөдөлгөөн дагуулдаг шийдвэр байдаг болохоор эндээс яриагаа эхэлье. 
-Намайг зочноороо сонгож урьсанд баярлалаа. Уулзаагүй их удсан байна. Их залуугийн найз ч гэсэн яагаад ч юм Ганаагаа өөрчлөгдсөн болов уу гэж бодож байлаа, хэвээрээ л байна. Энэ надад сайхан байна. (инээв).Ажил амьдралдаа өөрчлөлт хийж, хэвлэл мэдээллийн салбартаа шинээр бизнес эрхэлж эхэлсэн өвөрмөц энэ цаг үед тань уулзаж байгаадаа баяртай байна. Миний ч шинэ бизнесийн эхлэл үе. Тэгэхээр хоёр шинэ хүн уулзаж байх шиг байна. Би 2010 онд эргэж ирсэн. Манайхан мэднэ дээ. Би бол Бээжинд Элчин сайдын Яаманд байх хугацаандаа хаалгачаас нь авахуулаад Консулын гуравдугаар нарийн бичгийн дарга хүртэл бүх ажлыг хийсэн. Энэ хугацаанд асар их юм сурсан. Олон мянган монгол хүмүүст чадах ядахаараа тусалсан. Мэдээж бүгдийг нь баярлуулж чадаагүй, заримыг нь гомдоосон ч байж магадгүй. Амьдрал өөрөө баян учраас. Гэхдээ би хийсэн ажилдаа, туулж ирсэн түүхэндээ сэтгэл хангалуун явдаг. Би Хятадад ажиллах хугацаандаа гадаад харилцааны салбар, Олон улсын агаарын тээврийн салбар, газрын тээврийн салбар гээд олон мэргэжлээр их зүйлийг сурсан. Амьдрал гэдэг сонголт гэсэн үг. Тэгээд төрд ажиллахыг зорьсон.Тэр үед Сү.Батболд багын анд Ерөнхий сайд болсон байсан. Олон нөхөд маань Төрийн дээд төвшинд ажиллаж байсан. Би тэднийхээ багт орж ажиллах хүсэлт тавьсан. Сайхан хүлээж авсан.

-Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан.
-Тэгсэн.

-Хоёулаа энэ хэсгийг эргэж ярилцъя. Ирэх шийдвэрээ гаргах шалтгаан юу байсныг асуусан даа. 
-Наашаа ирэх тухайд бол аав маань надад нэг үг хэлсэн юм аа. Миний хүү гадаадад олон жил сурлаа, амьдарлаа. Одоо амиа битгий хичээ, Монголдоо ирж ажилла. Аль ч утгаараа амиа бүү хичээ л гэсэн. Энэ хэдэн ах дүү нартаа ч гэсэн тусла, аав нь нас ахилаа. Одоо та нарын хөдөлмөрлөх, зүтгэх цаг болсон л гэсэн. Тэгээд ч хүүхдүүд маань ч том болчихсон. Ер нь эх орныг нь мэдүүлж, мэдрүүлэх цаг болж байна гэдгийг би ойлгож байсан. Монгол хүн болж төрсөн л юм чинь тэднийг монголоор нь байлгах гэсэн бодол надад бас байна шүү дээ. Хүүхдүүд чинь хятадаар, англиар хэлд ороод, монгол хэлээ мартахаас авахуулаад. Энэ асуудлыг ч шийдье гэсэн бодол дээр маань аавын хэлдэг хүчтэй нөлөөлсөн л дөө. Тэгээд л ирсэн.

-Ер нь гадаадад олон жил амьдарсан хүмүүст хоёр ялгаа байдаг юм шиг харагддаг юм л даа. Гадаадад олон жил амьдарсан сэхээтэн хүмүүс дэлхийн хүн болоод л үлддэг. Харин амьдралын мөр хөөж, ажил хийж яваа хэсэг нь ул суурь багатай, олон талт ойлголтгүй цалгисан эх орончид болоод ирдэг юм шиг санагддаг. Өөрсдөө гүнзгий ордоггүй мөртлөө нэг тийм үндэсний үзэл ярьж бухимдсан хэсэг болчихдог юм шиг. Ийм хоёр туйл харагддаг. 
-Тийм байдал ажиглагддаг байж магадгүй ээ.

-Та өмнөд хөршид олон жил ажилласан хүн. Өнгөрсөн үед ч, одоо ч өөрчлөгдөөгүй нэг зүйл бидэнд байна. Тэр нь Хятадаас л болгоомжлох хандлага. Энэ маш амь бөхтэй байгаад л байдаг. Массынхаа төвшинд “муу хужаа нар” гэдэг яриа хэвээрээ. Энэ хэзээ алга болох бол. Ер нь Хятадад ажиллаж байхад манайхны энэ хандлагад тэд яг яаж ханддаг вэ. Энэ хандлага дээр гэхэд шинэ зуунд ямар нэг дэвшил гарч чадсан юм уу?
-Нэг хэсэг хаалттай байж байгаад нээгдсэн дээ. Бид өмнөд хөрш рүү визгүй зорчдог болсон. Харилцан наймаа арилжаа хийдэг болсон. Сүүлийн 25 жил БНХАУ-тай бид маш олон талын харилцаагаа амжилттай хөгжүүллээ шүү дээ. Үр дүнд нь төр улсынхаа төвшинд, хувь хүмүүсийн төвшинд, найз нөхдийн төвшинд өргөн хүрээтэй харилцаа тогтсон. Энэ гэхдээ маш бага хугацаа. Та сая хэллээ. Бид өмнөд хөршийгөө муусайн хужаа гэдэг хэвээрээ байна гэж. Хятад хүний амьдралын философийг, тэр хүмүүсийг ойлгоход бидний энэ шинэ харилцааны хугацаа бол маш бага хугацаа. Тэр төвшинд очиж ойлгоход бол бага хугацаа л даа. Дахиад хэчнээн ч жил зарцуулагдахыг би мэдэхгүй байна. “Муухай Хятад хүн” гэж ном хүртэл байдаг юм. Миний хувьд тухайн газар нутагт амьдарч, хүмүүстэй нь харилцаж, хоолыг нь идэж, ажиллаж амьдарч байсны хувьд тухайн орныг үзэх үзэл арай өөрчлөгдсөн. Яагаад гэвэл би ч гэсэн анх Хятадад хөл тавихдаа бас л айдастай, эмээлттэй, хятад хүмүүс намайг хуурах вий, залилчих вий, хятадууд биднийг аргалчих вий гэсэн ийм сэтгэл зүйн айдастай л байсан. Үргэлжийн харилцаатай байгаад байхаар энэ сэтгэл зүйн хандлага өөрчлөгддөг л дөө. Монголчууд бүгдээрээ тэр бүр Хятадад ажиллаж амьдрах боломж байхгүй ч гэсэн жилд давхацсан тоогоор нэг сая гаруй монгол хүн Хятадын хилийг давдаг. Энэ тоо баримтаас харахад харилцаа хэрхэн өргөжсөнийг харуулна. Гэхдээ бид ийм орчин цагт эх орон гэж цээжээ дэлдэн, хөрш орны гэм зэмгүй иргэдийг элдвээр муулж, дуулж болохгүй л дээ. Энэ дэмий хандлагыг хүлээн зөвшөөрөх, хөгжөөх хэрэггүй. Харин харилцаагаа улам сайжруулж байж юм чинь цаашаа явах ёстой юм. Түүх байгаа шүү дээ. Улаанбаатарыг хэн босгосон юм бэ. Тавин хэдэн онд одоогийн энэ 40, 50 мянгатын хорооллыг хэн босгосон юм. Энхтайваны гүүр, Спортын ордныг бас хятадууд босгосон. 1970-80-аад онд бид нарын өссөн 3-4 дүгээр хорооллыг хэн босгосон бэ. Оросууд босгосон. Урд талын Зайсан, энэ хөгжөөд босоод байгаа барилга байгууламжийг хэн босгож байна вэ. Хятадууд босгож байгаа шүү дээ. Ер нь тэгээд монгол хүн гэдэг чинь юм хийдэг юм уу, эсвэл ингээд л хоёр хөршөө ээлжилж зараад, дээрээс нь Америк юм уу, Япон гээд гурав дахь хөршүүдээ оруулж ирээд, мөнгө төгрөгийг нь аваад ингээд юмаа хийлгээд байдаг улс байх юм уу. Ийм л сонин ард түмэн болчихоод байна шүү дээ. Энэ сонин байр байдал дээр маань л ёстой нөгөө лха таван тэнгэр нь байж байдаг байх. (инээв) Ингэж хүмүүсээр юмаа хийлгээд, дээрээс нь тэр хүмүүсийг муулаад байдаг сонин ард түмэн байнаа даа. Энэ нь цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөнө. Өөрчлөгдөх ч ёстой. Монголд хятадууд амьдарч л байсан ш дээ. Таван буудалд байж л байсан. Одоо ч зарим хятад цустай хүмүүс бидний дунд аж төрж л байна. Бид тэд нарыг ингэж гадуурхаж, гоочилж байж болохгүй шүү дээ. Энэ олон улсын харилцаанд байж таарахгүй хандлага тэр тусмаа хөрш орны иргэдийг.

-Одоо хоёулаа “эрлийз” гэж цоллуулах байх. Та ингэж хэлүүлэхээс эмээж байна уу?
-Үгүй, би яагаад айна гэж. Намайг нэг удаа эрлийз гээд биччихсэн байсан ш дээ. (инээв) Гэхдээ хятад гээгүй л дээ.

-Үгүй байлгүй дээ. Ямар ч үндэслэл байхгүй биз дээ?
-Намайг тэгж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Гэхдээ би үүнийг нийгмийн хандлага юм байна гэж бодоод л инээгээд өнгөрсөн.

-Гэхдээ хөршүүд бол реакц үзүүлдэг л дээ. Бид өөрсдийгөө хоёр том гүрний дунд далайд гарцгүй хэцүү хувь заяатай гэж хааяа өрөвддөг. Нөгөө талаас бид үнэхээр азтай ард түмэн. Тайван амгалан, бие даасан тусгаар улс оршин тогтносоор ирлээ. Гэхдээ хөршүүд эгдүүцэхээрээ ямар нэг мессеж өгдөг. Урд хөрш гэхэд хилээ хааж л байсан. Сүүлийн хэдэн жил Орос, Хятадын харилцаа цоо шинэ төвшинд хүрлээ. Тэдний харилцааг бид одоо хүртэл гүйцэд тайлж уншаагүй л байна?
-Үүн дээр манай төрийн тэргүүн, гадаад хэргийн яам, төрийн бодлого байгаа. Хоёр хөрштэйгөө харилцдаг том бодлого. Дипломатууд завсарлагагүйгээр ажиллаж байгаа. Хүмүүс дипломатуудыг зангиа зүүсэн, гоё хувцасласан, гадаадад уулзалтад явсан, хүлээн авалтад орсон тийм л хүмүүс гэж хардаг байхгүй юу. Үнэн хэрэг дээрээ дипломатууд ямар ажил хийдэг вэ гэдгийг энгийн ойлголт, жишээгээр хэлэхэд тэр уулын цаана ус байна уу, шороо байна уу, цас байна уу гэдгийг урьдчилж хардаг, үүний төлөө ажилладаг улсууд байхгүй юу. Монгол Улсыг уул гэж үзье л дээ. Тэрний цаана юу байна, хий хоосон агаар байна уу, үүнийг л урьдчилж хардаг хүмүүсийг дипломатч гэж байгаа ш дээ. Тэгэхээр Монгол Улсын аюулгүй байдал, бусад орноос үзүүлж болох саад тотгоруудыг урьдчилж харж, тэд нартай харилцааны янз бүрийн төвшинд ажиллаж байж тэр шороо, чулуунуудыг зайлуулж, улсынхаа хөгжлийг цааш нь дэлхийн хөгжил рүү авч явдаг ийм үүрэг рольтой. Хятад, Орос хоёр хөрш маань 400 тэрбум долларын том гэрээ хийсэн. Тэрэн дотор нь нүүрс, хий гээд бүх л түүхий эдийг Хятадууд Оросоос авна.

-Атаархмаар том бизнес биднийг тойрчихлоо. 
-Атаархмаар. Ийм том бизнес Монголыг тойроод л давхичихлаа. Бид нар үүнийг ажиглаж байгаа, дэлхий нийт ч ажиглаж байгаа. Тэгээд бид яах юм бэ. Бид нар ерөөсөө хоёр хөрштэйгөө илүү л сайн ажиллах ёстой. Жишээлбэл, нөхөрлөл ч ялгаагүй. Бид хоёр уулзахгүй удчихаар бидний дунд зай завсар үүсчихдэг байхгүй. Ганаа, сайн найзтайгаа бол сард нэг уулз гэж үг байдаг юм шүү дээ. Хүн хоорондын ч харилцаа, улс хоорондынх ч адилхан. Ерөнхий агуулгаараа. Тэгэхээр бид энэ хоёр хөрштэйгөө жилд биш сард нэг уулзаж байх ёстой. Танд жишээ авч ярья, та сонины эрхлэгч хүн. Медиа баг удирдаж байна. Таны ч гэсэн ажил хүнтэй уулзахгүй л бол бүтэхгүй. Явж, ярилцаж, нүүр тулж, ойлгуулж, ойлголцож явж байж ажил чинь явна. Том утгаараа төр бол яг л тийм. Явж байх ёстой, уулзаж байх ёстой, зовлонгоо ярьж байх ёстой. Илүү мэдээлэл солилцож байх ёстой. Тэгж байж хөгжинө, юм хөдөлнө. Дэлхийн тэргүүлэгч нар Украины асуудлаар хэд уулзав аа. Өдөр шөнөгүй, гурвуулаа ч, дөрвүүлээ ч уулзаж ярилцаад л, бөөнөөрөө нэг уулзаад л. Хятадын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хоёр хэдэн ч удаа уулзав. Ард нь дандаа юм өөрчлөгдөж, сайжирч явж байгаа биз. Уулзахгүй бол тойрно шүү дээ. Энэ л байхгүй юу.

-Тавьтартай, зөв байж, тасралтгүй айлчилж, ажиллаж, уулзаж байх ёстой гэж байна. Энэ бол дипломат хүний хариулт юм. Би танаас энгийн асуулт асууя. Одоо Хятадад биеэ үзүүлэх хүн ховор болж, цаашаа даваад Солонгос, түүнээс цаашаа явдаг болж. Бидний Хятадын эрүүл мэндийн салбарт оруулж байгаа мөнгө статистикаар ямар үзүүлэлттэй байдаг юм бэ?
-2002 онд 200-гаад сая доллар байсан шүү дээ. Одоо Солонгос руу 800 сая оруулж байна гэж байгаа биз дээ. Хятадынх анхны үеэсээ буурсан. Манайхан аливаа юмны өнгөн талд хууртдаг. Эмнэлэгийн орчин тийм гял цал биш байж болноч.Тэгвэл Хятадын уламжлалт эмнэлэг Хубилай хаанаас эхэлсэн түүхтэй. Тэр тааруухан байшинд чинь сайн тоног төхөөрөмж тэрбум хүнийг эмчилдэг туршлагатай эмч нар л байдаг.

-Харж байхад Хятадын аз жаргалын индекс гэдэг ойлголт үнэхээр дээд төвшинд очжээ. Зүгээр л гудамжинд амтат төмс зараад зогсож байгаа эмээ, өвөө хоёрын тэр аз жаргал. Орой нь эмгэн нь өвгөнийхөө ард дугуйн дээрээ хөлөө гозгонуулаад жаргалтай буцаж яваа тэр баяр баясгалан. Романтик утгаараа энэ бол тэдний аз жаргалын индексийн үзүүлэлт. Ер нь бол инээж байгаа ард түмэн их хийморьтой явдаг. Манайхан уурлаад л нэг нэгнээ хардаад л, загнаад байдаг. Тэнд эмчлүүлж байгаа болохоор харж, харьцуулж, бяцхан атаархаж байдаг юм. Та үнэхээр сайн хятад найзыг олсон уу?
-Хятадад бол ажил хийнэ гэдгийг аз жаргал гэж ойлгодог. Олон найзууд бий л дээ. Гэхдээ яг тэгж монгол найз нар шиг дотноссон хүн байхгүй.

-Тэгвэл таны доторхи барьер ч гэсэн хэвээрээ л юм байна шүү дээ?
-Магадгүй. (инээв) Гэхдээ энэ нь хийж байсан ажлын онцлогтой холбоотой байж магадгүй.

-Таны харилцаж байсан сэхээтний давхаргад бидний тухай ямар сэтгэгдэлтэй байдаг бол. Монголчуудад дургүй ч юм уу, тийм хандлага байдаг уу?
-Тийм хандлага огт байдаггүй. Хятадууд хэлдэг ш дээ. Та нарт Түвдийн асуудал хамаагүй. Тайванийн асуудал хамаагүй. Өвөр Монголчуудтай сайхан байцгаа. Тэгээд л бүх юм “ок” гэдэг. Тодорхой ийм гурван ойлголт л манай төрийн тэргүүний айлчлалын үед ярьдаг. Өөр асуудал байдаггүй.



-Ер нь Элчин сайд гэж ямар хүн байх ёстой вэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай зочноор орохдоо “Элчин сайдууд өөр үүрэг өгнө. Тэнд суухдаа хүлээдэг улс орны гадаад харилцаа, найрсаг байдал гэх мэт өмнөх классик үүргүүдээс гадна та сууж байгаа орныхоо бизнесээс эх орондоо ямар зам шинээр татаж чадав. Тэнд байгаа ямар компанийг манай компанитай холбож өгөв. Ийм төвшинд хариуцлага нэхэж, хариуцлага тооцдог болъё” гэж ярьсан. Өөрөөр хэлбэл “Явсан нохой яс зууна” гэдэг шиг Элчин сайдуудыг олз руу тавьж явуулах тухай шинэ юм ярьсан. Энэ нэг талаас зөв байж магадгүй. Нөгөө талаасаа яг үнэхээр Элчин сайд хэн байх ёстой юм бэ гэдэг асуулт ахиад тавигдаж байгаа юм л даа?
-Ер нь бол Элчин сайд нь эрх зүйн хувьд Монгол Улсыг бүрэн төлөөлнө. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд шүү дээ. Монгол улсыг бүрэн төлөөлнө гээд эрхийг нь өгчихөж байгаа юм. Мэдээж хоёр орны харилцаа чухал. Харилцаа сайн байгаа орнууд байна. Жишээлбэл, манайх ОХУ-тай, БНХАУ-тай харилцаа маш сайн байгаа. Харилцаа сайн байгаа орнуудтай тэрийгээ цааш нь хөгжүүлнэ. Гэхдээ одоогийн Ерөнхий сайд болон урд урдын сайдуудын өгдөг, “Эдийн засгийн харилцааг илүү хөгжүүлээч ээ” гэдэг даалгавар байдаг. Мэдээж тэгэнгүүт л Элчин сайд шууд бизнесийн байгууллагатай уулзаад л, хоёр компанийг зуучлаад л, одоо чи мөнгөө өг, чи ийш нь хөрөнгөө оруул гээд татаад, чангаагаад байх нь хаашаа юм. Энэ чинь бас сөрөг талтай. Өө, чи хувиараа бизнес хийлээ л гэнэ шүү дээ. Манайхан чинь шууд ойлгохгүй. Аягүй бол энэ Элчин сайдын сонирхол энд явж байгаа гэж хардана. Ийм юм зөндөө л тохиолдож байсан. Энэ нь эргээд сөрөг талтай. Элчин сайдууд үүнээс болгоомжилдог байх. Шууд бизнес рүү хутгалдаж орохоос. Мэдээж зайлшгүй хийх ёстой ажлууд байна. Жишээ нь, Хятад дээр ярья. Та түрүүн хэлсэн далайд гарцгүй орон гэж. Манай Элчин сайдын яам зайлшгүй тэр Синган боомтоос Тяньжингийн боомтоос Замын-Үүд хүртэлх төмөр замын тариф юм уу, Хятадын машин тээврийн тарифыг байнга буулгуулах талаар Хятадын талтай ярьж байх ёстой. Яагаад гэвэл бид нар далайд гарцгүй орон. Танайхаар бүх транзит явж байгаа учраас бид нарт хөнгөлөлттэй нөхцөл олгооч ээ гэж. Гэхмэтчилэн ийм бодлогын чанартай зүйлсүүд дээр ажиллах ёстой. Тийм нийгмийн хандлагыг бий болгох ёстой. Энэ чинь маш том хувь нэмэр байхгүй юу. Том ажил. Тээвэр дээр л Хятадад байгаа Элчин сайдын яам жишээ нь ажиллаад байх ёстой байхгүй юу. Манайхан дотоодын тарифаа буулгасаар байгаад ашиггүй болчихсон шүү дээ. Замын-Үүд-Улаанбаатар, буцаад Замын-Үүд. Уралдаж хоорондоо үнээ хассаар байгаад хасах үнэгүй болчихгүй юу, үндсэндээ. Тэгээд төмөр зам тарифаа нэмээд байдаг. Гэх мэтчилэн ийм онцгой объектууд дээр ажиллах ёстой. Мэдээж манайд байгаа хөрөнгө оруулалтын уриалан дуудах нөхцөлүүд байна ш дээ. Манайд ийм ийм эрх зүйн таатай нөхцөл байна гэдгийг тухайн орондоо сурталчлаад явж байх ёстой. Бүхий л хурал зөвлөгөөн, бүх юман дээр. Яг компани хоорондын харилцаа руу орж ажиллахыг бол би маш эрсдэлтэй гэж хардаг.

-Бид нар хөрөнгө оруулагч нарыг дууддаг л даа. Хөрөнгө оруулалтын орчин маань жаахан сэргэх гэхээр л дотоодын улс төр маань нураачихаад байх юм. Гэтэл нөгөө дипломатуудын маань үүрэг, үндсэн ажил нь хүний улаан нүүртэй тулах шүү дээ. Энийг нь энд нураачихаж байгаа байхгүй юу. Үүнийг олон нийт нь ойлгодоггүй. Тэнд нэг хэдэн юм зүгээр л байж байдаг гэдэг. Элчин сайдын яамдуудын амьдрал өөрөө их хэцүү санагддаг. Хэдэн хүн ажиллаад л байдаг, үр дүн нь нэг их үнэлэгддэггүй юм шиг. 
-Шууд үнэлэгддэг алба биш л дээ. Би түрүүн дурдсан. Уулын цаана чулуу байна уу, ус байна уу гэдгийг харах л гол үүрэг нь болохоос биш хөөрхий минь дипломатуудын ажил чинь бусад салбартай адилхан ил харагддаггүй байхгүй юу.

-Насныхаа эцэст үнэлэгддэг мэргэжил юм уу?
-Ер нь бол тийм, яг үнэн. Би бол жижиг тушаалын албан тушаалтан байсан. (инээв)

-Саяхан би таныг телевизийн ярилцлагад орж байхыг үзсэн. Аялал жуулчлалын талаар ярьж байна билээ. Бид нар “Баяр наадам” ч юм уу, ялангуяа зуны улирлаа тохиолдуулж жуулчин авах төслөө зураад байх шиг байгаа юм. Жуулчдадаа юу үзүүлэх, яах нь тодорхойгүй. Ирсэн хэд нь учир утгагүй байж байгаад зарим нь хулгайлуулж, дээрэмдүүлээд л тав тухгүй буцдаг. Жуулчны баазуудын маань хөгжил ямар билээ, төрөөс ямар ч дэмжлэг авдаггүй. Яг өнөөдрийн үйл явдалтай холбож асуухад одоо энэ АСЕМ-ийн бэлтгэл ажил ид явагдаж байна. Дөчин хэдэн буудлын нэр байна. Та бол эндэхийн нэг том буудлыг нь удирдаж байгаа. Танай нэр байна. Хотын урд хэсэгт тусгай хотхон барьж байгаа. Би бас явж үзлээ, тантай уулзахаасаа өмнө. 40-50-иад ширхэг townhaus барьчихаж. Тэрний чинь нэр ус нь энэ жагсаалтын хаана байгаа юм. АСЕМ-д бэлтгэнэ л гэж яриад байгаа. Та нар жишээ нь юугаар, яаж бэлтгэж байгаа юм бэ?
-АСЕМ-ийн бэлтгэл явагдаж байгаа. Бид тэр үеэр 4000 албаны хүнийг долоо хоногийн дотор хүлээн авна. Энгийн жуулчин биш, дандаа төр засгийн тэргүүн, тэднийг дагаж ирж байгаа ажлын хэсгүүд, протокол, хамгаалалт энэ тэр гээд л яг дэлхийн стандартын дагуу. Би бол АСЕМ-ийг хийх гэж байгааг зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эх орноо таниулах ийм өргөн боломж олон олдохгүй Монгол Улсад аялал жуучлал хөгжүүлэхэд хэрэгтэй.

ОРСОН БОЛ ГАРДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ, ОРООД ТҮГЖИЖ БОЛОХГҮЙ

-Сүүлийн үед хэрэггүй гэдэг юм цахимаар нэлээн яваад эхэллээ. Тэр хурлаар яах юм гээд л?
-Тэр буруу шүү дээ. Яагаад гэвэл хөөрхий минь энэ аялал жуулчлалын салбараа Төр нь дэмжиж байна шүү дээ. Ганц удаа, маш томоор нэг удаа дэмжиж байгаа байхгүй юу. Ганцхан бид нар түүнд бэлэн байна уу, бэлэн биш байна уу гэдэг байна.Яахав зочид буудлуудын хувьд хувийн хэвшил, өөр өөрсдийгөө аргалаад явж л байсан. Төр засгаас энэ АСЕМ-ийн энэ хуралд тохиолдуулаад зочид буудлуудынхаа одоо байгаа төвшинг дахин нэг шат ахиулъя гэдэг зорилго тавьсан. Бид нар үүнийг баяртай хүлээж авсан. Бид нарт эдийн засгийн дэмжлэг үзүүлье гэсэн. Хараахан дэмжлэгээ хүлээж аваагүй байна. Яагаад вэ гэхээр “Хөгжлийн банк” хүндэрсэн бололтой юм.

-Тэнд тэгвэл бондоос мөнгө авчихсан MCS-ийн хотхон баригдаад дуусч байна шүү дээ. Одоо болтол хэдэн буудлуудад олгоно гэсэн мөнгөө өгөөгүй юм уу?
-Тэр “Вилла” бол тусдаа, бид нарт хамаагүй. Тэрийг үнэндээ мэдэхгүй байна. Тэд нар өөрсдөө ямар тохироотой мөнгөө авч хийсэн юм. Ямар ч гэсэн 42 буудал хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаагүй, мөнгө байхгүй гэсэн. Гэхдээ бид нарыг дэмжээд, төр засгийн тэргүүн нь яваад олоод ирж байгаа энэ том бололцоог бид үнэгүйдүүлж болохгүй. Ямар ч байсан өөрсдийн дотоод бололцоогоор зүтгэх ёстой. Бид нар бас энүүгээр чинь мөнгө олно шүү дээ. Өөрсдөө энэ боломжийг ашиглаад гарсан нь дээр.

-Яах аргагүй Монгол орны том сурталчилгаа болох үйл явдал л даа. 
-Маш том сурталчилгаа, ийм сурталчилгааг бид нар хийж байх ёстой байхгүй юу. Соёлоороо дамжуулаад. Аялал жуулчлалын салбараас өнгөрсөн жил манай улс 300 сая доллар л олсон байна билээ. Бид нарын олсон, энэ олон аялал жуулчлалын компаниуд, зочид буудлуудаас авсан татвараас бүрдсэн энэ 300 саяын 10 хувийг нь эргүүлээд Монгол Улсыг сурталчлахад зарцуулчихмаар байгаа байхгүй юу. Тэгэх юм бол тэр 300 сая дахиад 600 сая болоод өснө. Гэхдээ манай Монгол Улсын жилд хүлээж авах жуулчны хэмжээ бол хоёр, гурван зуун мянга л байгаа ш дээ. Бид нар нэг сая болгоно гэж мөрөөдөөд л явдаг байсан. Чадахгүй л байна.

-Ер нь манай зочид буудлуудын хөгжил ямар төвшинд байгаа юм бэ. Танайх жишээ нь хэдэн одтой билээ?
-Дөрвөн одтой буудал.

-Энэ үйл явдал бол нэлээн том шалгуур болно. Цааш цаашдаа үргэлжилнэ. Улс орон юм чинь том том юм зохион байгуулна. Үнэндээ хувийн хэвшлийн нуруун дээр л энэ соёл явж байгаа. 
-Би нэг юманд эргэлздэг юм. Бидний цусанд хүнд үйлчилдэг соёл гэж юм байна уу, байхгүй юу.

-Таны юу хэлж байгааг ойлгож байна. 
-Хятад, Солонгос, Тайландууд ч хүн угтахдаа, үйлчлэхдээ бөхөлзөөд байдаг. Би тэдэн шиг үйлчлүүлэгчдийнхээ өмнө ажилчдаа бөхөлзүүлэх гээд дийлэхгүй байна шүү дээ. Улам л гэдийгээд байх юм байна, энэ хүмүүс чинь.(инээв) Гэтэл гаднын зочид маань бусад орны үйлчилгээний тэр соёлыг бид нараас шаардаад байгаа байхгүй юу. Үүнийг мэддэг боловсон хүчин хэрэгтэй байна. Манай их дээд сургуулиуд чинь гаалийн мэргэжилтэн, татварын мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын мэргэжилтэн аль л мөнгөтэй хийгээд ашиг хонжоотой холбоотой мэргэжилтэн бэлдээд байдаг. Гэтэл үйлчилгээний салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулиуд бидэнд алга байна. Сайн тогооч бидэнд алга байна. Сайн үйлчлэгч бид нарт алга байна. Зочид буудлын менежерүүд алга байна. Бэлтгэгдэхгүй байна. Хэдэн хүүхдүүдийг гадаадад явуулаад бэлдэнэ. Тэд нар маань гаднын нөгөө зочид буудалдаа үлдчихээд байна. Эргэж ирэхгүй байна.

-Одоо хотоор яваад үзэхэд манай том буудлуудаас ийм уяан дээр нь морь мал багширсан, үйлчлүүлэгчид хөлхсөн айл цөөхөн байх шиг байна. Танайхаар би хоёр өдөр ирлээ. Мэдээж энэ ажилд сэтгэлээ өгч л хийж байгаа байх. Ингэж ажиллаж байхыг бодоход “Чингис” зочид буудалд О.Одбаяр хувьцаа эзэмшдэг байсан юм байна даа гэж бодож байлаа. Манай улс төр, бизнесийн хүрээнийхэн нэг хэсэг Сү.Батболд буудлаа “Ажнай” группт зарчихсан гэж шуугисан. Гэтэл биш байж. Уулзсаных үүнийг бас тодруулчихъя гэж бодож байна. 
-Хөрөнгө оруулагч нь “Алтай Холдинг” компани шүү дээ. “Алтай Холдинг” компанийн эзэмшилд “Чингис” зочид буудал байдгаараа байгаа. Би бол эндэхийн гүйцэтгэх захирал. “Ажнай” авсан гэсэн яриа байдаг юм билээ. Хэрвээ тийм байсан бол би энд юугаа хийж байхав. Энэ бол түр зуурын жижиг, сажиг яриа л байсан байх. Аливаа бизнест хөрөнгө оруулагч байдаг. Би бол гүйцэтгэх ажилтан. Миний хамт олон бол гүйцэтгэгчид. Бид нар энэ бизнесийг чин сэтгэлээсээ бүтээж байж, өдөр шөнөгүй ажиллуулж байж нэгдүгээрт би өөрийнхөө цалинг олж авна. Миний ажилчид өөрсдийнхөө цалинг олж авна. Тэгээд илүү гарсныгаа хөрөнгө оруулагчдаа өгөх ёстой шүү дээ. Харамсалтай нь эдийн засгийн хямрал болоод бид нарт ажлын байр бий болгож өгсөн, барилга байгууламжаа өгчихсөн байгаа хүндээ гар дээр нь олигтой юм тавьж чадахгүй л байж байгаа байхгүй юу. Гэтэл хөрөнгө оруулагчийн маань хөрөнгө хуучраад байдаг. Зардал нь өсөөд байдаг. Менежментийн баг нь тэрийг нь нөхөж хийж өгч чадахгүй. Тэгээд л нэг хэдэн сайхан хүн бас л ялгаагүй нөгөө төрийн алба шиг цалин аваад л ингээд хэвтээд байх юм бол хэцүү шүү дээ. Бидэнд тийм сул, сэтгэлгүй байх эрх байхгүй. Миний хамгийн том барьдаг зарчим бол энэ.

-Хоёулаа дараагийн бүлэг рүүгээ оръё. Энэ бол “Улс төр” гэсэн бүлэг байгаа. Та Монгол Ардын Намын гишүүн байх аа?
-Тийм ээ. Тэгээд…

-Ер нь бол нам тойроод сүүлийн 25 жил идэвхтэй амьдарсан нэг хэсэг байдаг. Гэхдээ гишүүн гээд явдаг ч гэсэн ямарваа нэгэн эрх мэдэл, албан тушаалын хуваарилалт болоход ерөөсөө өөрт нь хамаагүй юм шиг явж байдаг нэг хэсэг байдаг. Би өөрийг тань тэр төрлийн хүн гэж хардаг юм. 
-Сонин л дүгнэлт байна. Магадгүй энэ үнэн байх. Улс төрийн намын дотоод гадаад амьдралыг нарийн шинжилж хардаг тоймчид ховор байна. Яг үнэндээ намуудын амьдрал гэдэг бол маш сонин сэдэв шүү дээ.

-Одоо танай намын амьдрал жаахан хүнд байна. Сөрөг хүчин байж ер нь үзээгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Бараг л 25 жилийн алдаа, оноо танайхантай бүтнээрээ хамаатайгаар дүгнэгдэж байна. Ийм сонин хямралын үеийг туулж байгаа намын гишүүнтэй уулзаж байна л даа. Сөрөг хүчин байхад улс төрийн стратегиар бол рейтинг нь хүрч болох дээд төвшиндөө хүртэл өсдөг жишиг бий. Гэтэл танайх уруудаад байна. Ингэхэд намын гишүүнийхээ хувьд та ер нь ямар зиндааны намын гишүүн юм бэ. Намынхаа өнөөдрийнхөө амьдралд таны хандах хандлага ямар байгаа бол?
-Одоо бол би намын хамгийн жирийн гишүүн. Монгол ардын намыг дэмжигч, 2000 онд элссэн гишүүн. Өмнө нь намын Бага хурлын гишүүн байсан. Одоо бол би жирийн гишүүн. “Зүүний хүчний холбоо”-ны гишүүн. Ийм л сэтэртэй. Та ганцхан манай намыг хөндлөө. Үнэндээ өнөөдрийн намууд их доогуур рейтингтэй байна шүү дээ. Ганцхан Ардын нам биш. Ардчилсан намынх ч унаад л байна. Таны хэлдгээр сөрөг хүчин шүүмжлээд л, засаад л, шаардаад л явдаг. Энэ ажлынх нь үр дүнд тухайн сөрөг хүчний рейтинг өсч байдаг жишиг бий. Энэ байхгүй байгаа нь үнэн. Гэхдээ нөгөө эрх барьж байгаа Ардчилсан нам мань дагаад унаад байдаг. Тэгэхээр үүн дээр шууд хэлэхэд ард түмний дунд намуудын нэр хүнд муу байна. Маш муу байна. Бие даагчид ямар өндөр рейтингтэй байгааг та харж байгаа байх. Үүнийг хэлэх хэрэгтэй. Судалгаа харуулж байна шүү дээ. Зуны судалгаагаар бие даагчид өндөр байсан. Ардчилсан намын дарга нь хэдэд байлаа, 17-д байсан байх, нэг судалгаан дээр. Манай намын дарга 11-д байсан. Ерөнхий сайд нь 17-д, намын дарга нь 21-д ч байсан уу. Тийм судалгаа байсан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр ард түмэн нь энэ намын байгууллагуудад итгэхгүй байна шүү дээ.

-Судалгааны төвүүдэд иргэд бүр итгэлтгүй шүү дээ. Та итгэдэг юм уу?
-Яахав дээ, дунд нь ажлаад л харна ш дээ. Олон судалгаа харьцуулна. Хүмүүстэй уулзаад явахаар бүгд л толгойгоо сэгсрээд байна. Олон талаас нь харна шүү дээ. Энэ бүхний эцэст ер нь бол намуудын нэр хүнд муу байгаа нь л харагдаж байгаа юм. Ардын намын хувьд ч стратеги нь юу юм, хаашаа явах гээд байгаа юм, бас тодорхойгүй юм зөндөө байна шүү дээ. Манай нам чинь сонгуулиас сарын өмнө л нэр дэвшигчдээ шийднэ. Сонгууль болохоос сарын өмнө мөрийн хөтөлбөр нь гарна. Бүх юм нь нууц явсаар байгаад тулгаж бүх юмаа ярьдаг. Энэ чинь өөрөө эргүүлээд намаа унагаад байх юм л даа. Гишүүдээ хөргөөд, хөндийрүүлээд л. Нам чинь өөрөө амьд байх ёстой байхгүй юу. Амьдрал нь амьд халуун.



-Намын аппаратад хэр ойр байсан гэдэг хэмжүүрээр ихэнх нэр дэвшигчид тодордог л доо. 
-Үнэн. Өдөр шөнөгүй гүйгээд л байвал нэр дэвшдэг. Миний хувьд намын одоо байгаа удирдлагуудтай ямар нэгэн харилцаа алга. Олон зуун гишүүн ийм л байдалтай байгаа.

-“Зүүний хүчний холбоо”-г улс төрийн ажиглагчид маш анхаарал­тай ажигладаг. Ялангуяа Ардын нам өөрөө дотроо жаахан эвгүйцдэг ийм фракц л даа. Би гэхэд таныг ерөөсөө тэнд хамаатуулж харж байгаагүй юм байна. 
-Би төрийн албан хаагч байсан үе л дээ. Төрд би олон жил ажилласан шүү дээ. Төрийн албан хаагчид намын харьяалалгүй болсон доо. Та санаж байгаа байх. Тэгэхэд анх үүссэн байгууллага юм л даа. Зүүний чиглэлийн бодлоготой, социал демократ үзэл баримтлалтай. Товчхон хэлэхэд Монголын үндэсний аюулгүй байдлыг мэдлэг чадвартай сэхээтнүүд, боловсролтой чадавхитай хүмүүс нь хамгаалнаа гэдэг уриатай төрийн бус байгууллага байхгүй юу. Энд чинь цэргийн хүмүүс ч байгаа. Дипломат, эмч, инженер гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байгаа.

-Удирдагч нь У.Хүрэлсүх?
-Удирдагч ньУ.Хүрэлсүх. У.Хүрэлсүх санаачилсан. У.Хүрэлсүх зөв юм хийсэн. Дээрээс нам 2012 онд ялагдаад сөрөг хүчин болсон гэдэг дээр нэг тайлбар хэлмээр байгаа юм. Бид нар намынхаа нэрийг сольсон. Намын нэрийг Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёр сольсон. “Х” үсгийг авч хаясан. Би үүнд баярлаж байдаг. Залуу хүний хувьд.

-Том зориг байсан л даа.
-Нэгдүгээрт зориг. Хоёрдугаарт, хувьсгалт гэж тэр нэг үгээр Ардчилсан намынхан биднийг яллаад л, пост-коммунистууд гээд байдаг байсан даа. Энэ нэрнээс бид нарыг салгаж өгсөн байхгүй юу. Цаашлаад миний үр хүүхдийг. Дахиж намайг хэн ч чи пост-коммунист гэж хэлэхгүй. Угаасаа ч би коммунист биш. Би энэ ардчилсан хөдөлгөөнийг Монголд ялахад Сүхбаатарын талбай дээр зогсож л байсан. Хүүхэд учрыг нь олох гээд очиж сонирхоод л. Тэгээд хамгийн анх Эвлэлээс гарч л байлаа. Тухайн үедээ энэ нийгмийг бүгд л дэмжиж байсан.

-Бид ч гэсэн Монголын том нам энэ реформыг хийхэд их талархаж байсан. Одоо эргээд хэдхэн жилийн дараа л намыг ялагдалд хүргэсэн, намыг хуваасан нэр зүүлээ. МАХН гэж салан тусгаарлагчид гарч ирээд баллаж байна.
-Цаг хугацаа хэрэгтэй. Би бол энэ ялагдлыг туулж гарах ёстой гэж үздэг. 2012-2016 оны ялагдал бол зүй ёсны ялагдал. Нэгэнт риск хийсэн юм чинь тэрний ард ирэх хариуцлагыг бид үүрэх л ёстой. Би тэгж л хүлээж авсан.

-Танай намын Ё.Отгонбаяр надад хэлж л байсан юм. Үг нь хатаагүй л байна. МАХН гэдэг нэр бол JVC гэдэг шиг л нэр гээд л…
-JVC гэдэг шиг брэнд нэр гээд л. Би санаж байна. (инээв)

-Гэтэл нөгөө брэнд нэрийг хэсэг нөхдүүд аваад салан тусгаарлачихсан. Тэр тусгаарласан бүлэг одоо улам томрох хандлагатай байна гэж зарим ажиглагчид үзэх юм. Энэ танай намд ирж байгаа бодитой аюул мөн үү, биш үү?
-Би үүнийг аюул гэж харахгүй байгаа. Энэ хоёр хэзээ нэгэн цагт нэгдэнэ. Яагаад гэвэл гараа нэг, бол бариа нэг. Цаг хугацаатай холбоотой, зарим нэг лидерүүдтэй холбоотой л асуудал.

-Юу гэнэ ээ, энэ их сонин сонсогдож байна?
-Тийм үү.

-Ер нь та нар тэгвэл МАХН гэдэг нэрээ өөрсдөө хар авдранд хийгээд түгжихгүй яасан юм бэ. Бид төрийн төв хэвлэлд ажиллаж байсан. “Ардын эрх” та мэдэж байгаа. Бид нарыг нэг өглөө л хувийн хэвшлийн хүн болгоод хаяж байсан. Ард нь “Ардын эрх” гэдэг нэрийг таван жил хэрэглэж болохгүй гээд хуульчлаад шүү. Та нар 100 жилээр энэ боломжийг хаачихгүй яасан юм бэ?
-Манай намын том хуульчид тухайн үед сайн бодоод л хийсэн чинь цаана нь өөр гарц байсан юм байна лээ л дээ.

-Тэгэхээр танай намын том хуульчдын хугацаа ч гэсэн бас хэцүү болж байгаа юм байна даа. Гэхдээ энэ наргиа шүү.
-(инээв) Энэ сайхан МАН гэдэг нэр байна шүү дээ. Ардын нам. Манай эртний нэр, Ардын нам энэ чинь гоё нэр. Бид нар “Ардын” гэдгээ, энэ имижээ харин ардынх юм шиг авч явах учиртай.

-Гэхдээ танайх “Ардын” гэдэг дээрээ имиж хийгээгүй явсаар ирсэн. Саяхан МАН-ын дотор “Ардын хүч” гэж шинэ фракц үүссэн гэх мэдээлэл яваад эхэллээ. Улс төрийн шинжээчид үүнийг нэг их анзаарахгүй, араас нь мөшгөхгүй байна л даа. Тэгэхээр “Зүүний хүчний холбоо”-гоо татан буулгаад “Ардын хүч” гэдэг энэ нэгдлийг байгуулчихаж байгаа юм уу. Энэ ямар учиртай юм бэ?
-“Зүүний хүчний холбоо” байгаагаараа л байгаа. Намын дэргэдэх төрийн бус байгууллагууд бүгд байгаа. “Зүүний хүчний холбоо”-ноос тэр “Ардын хүч”-ид Д.Цогтбаатар, О.Одбаяр хоёр орсон учраас “Зүүний хүчний холбоо”оролцсон юм шиг харагдаад байж магадгүй. У.Хүрэлсүх даргын оролцоо ч байгаа, бидний хувьд гэвэл Сү.Батболдтой хамт байдаг учраас Сү.Батболд энд оролцоод байгаа юм шиг, У.Хүрэлсүх байгаа болохоор нөгөө холбоо нь татан буугдаад ирчихсэн юм шиг ингээд нөгөө хоёр дээр чинь аваачаад тохчихож байгаа байхгүй юу. Үнэн хэрэг дээрээ Д.Цогтбаатар, О.Одбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Шилэн Цогоо гээд хүмүүс байгаа. Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын л эвсэл байхгүй юу. Бид нар юу хүсээд байгаа юм бэ гэхээр Монгол ардын намыг жинхэнээсээ “Ардын” байлгахыг хүсээд байгаа байхгүй юу.

-Гэхдээ ер нь ороо бусгаа үед намын толгойтойгоо тэмцэх тэр хөрс суурь, тэр дотоод уур амьсгал жигдрээд нэлээн тэсрэлтийн өмнө очсон үед аливаа том фракцууд үүсдэг. Тэр агуулгаар нь хараад байгаа юм.
-Яахав сэтгүүлчдэд хардах эрх нь байх ёстой л доо. Гэхдээ бид нар маш хэвийн харилцаатай явж байгаа. Жишээ нь, намтайгаа ойлголцоод хамтран ажиллаж байгаа гэсэн үг. Намын дарга ч “Энэ хэдэн нөхдүүд бөөгнөрөөд байна” гэдгийг анзаарч байгаа. Гэхдээ энэ анзаарал маань эргээд өөрөө Ардын намд хэрэгтэй байхгүй юу. Яагаад гэвэл би дахин хэлье. МАН бол ард түмний л нам. Тэгэхээр энэ ард түмний нам дотор “Ардын хүч” хэрэгтэй байгаа биз дээ. Ардын нам анх ардаасаа төрсөн үү гэхээс баячудаас төрөөгүй. Энэ л байхгүй юу.

-Танай Г.Занданшатар чинь ярихдаа “Ардын хүч”-д У.Хүрэлсүх хамаагүй ээ гэж мэдэгдсэн байна билээ. 
-Би хамаатай талаас нь хэллээ шүү дээ. Би жишээ нь, Сү.Батболдтой ойр ажилладаг учраас Сү.Батболд хамаатай юм шиг харагдаад байдаг, У.Хүрэлсүхтэй ойрхон ажилладаг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гээд залуучууд байгаад байхаар тэдний цаана У.Хүрэлсүх харагдаад байдаг. Гэхдээ У.Хүрэлсүх ч Ардын нам, Сү.Батболд ч Ардын нам, О.Одбаяр ч Ардын намын нөхөд шүү дээ. Тэгэхээр нэг л юм байгаа биз дээ.

НЭГ ХЭСЭГ НЬ ТАСРААД ЯВЧИХЛАА, НЭГ ХЭСЭГ НЬ ТЭР ДООР ҮЛДЧИХЛЭЭ

-Намын нэрээ солиод ард нь сайн пиар хийж амжилгүй сонгуульд ороод ялагдсан. Том эрсдэл гарсан. Одоо сонгуулийн өмнөх гараан дээрээ энэ алдсан зүйлсээ нөхөж хийх гэж хэсэг нөхөд нэгдээд ажиллаж байгаа юм байна, тийм үү. Нөгөө талдаа “Ардын нам” гэдэг айлын маань зуух нь бүлээн төдий л байгаад байгаа. Гэрээ халаах, тойроод суух галгүй. Ялангуяа сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого талын ажил нь нурчихсан байгаа учраас хэсэг гишүүд нь сэтгэлийн дуудлагаар энэ ажлыг авч хийж байна гэж харж болох нь ээ дээ?
-Нэг үнэн тал нь бид нар чинь үзэл бодлын нэгдэл шүү дээ. Нам чинь яг нарийн яривал хоосон юм байхгүй юу. Манай нам л нэг том байшинтай болохоос биш. Равжаа хутагтын хэлсэн аливаа зүйлийг байна гэж үзвэл байна, байхгүй гэж үзвэл байхгүй гэж. Уг нь хоосон байх ёстой. Хоосон чанар шүү дээ. Үзэл бодлоороо итгэж нэгддэг. Манай намууд л сум болгондоо нэг нэг байшин барьчихаад, эд хөрөнгөтэй болж, аж ахуйн байгууллага шиг болж харагдаад, эсвэл нэг том компани шиг ч юм уу, корпорац шиг ч юмуу олны анхаарлыг татаад харагдаад байгаа болохоос биш. Намууд хэзээ амьтай болох вэ гэхээр улс төрийн сонгуулийн үед л амьтай болох ёстой байхгүй юу. Тэр үед уяан дээр нь хүмүүс цуглаж байдаг, бусад үед нь бол монголчууд ажлаа хиймээр байна шүү дээ. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр ухамсрын төвшинд нэгдсэн ийм нэгдэл учраас энэ дотор зөрчилдөөн байна. Байлгүй яах юм бэ энэ чинь. 220 мянган хүнтэй нам гэхэд тэрний удирдлагын төвшин, дунд шатны, доод шатны хүмүүс гээд асар том нэгдэл байна. Тэгээд яагаад 2012 онд нам маань ялаагүй вэ гэж бид нар ярьдаг юм. Тэгвэл нэг нэг хүн хөтлөөд ирэхэд л тэр чинь 440 мянга болоод ялна биз дээ. Тэгтэл манайх 340 мянган хүний санал авсан ш дээ. Тэр тоо үнэн байсан уу, худлаа байсан уу гэдгийг бид нар дахин нягтлах ёстой.

-Түрүүн та хувийн төлөвшлийнхөө хувьд өөр, сондгойдуу, эрх чөлөөтэй үзэлтэй хүн болохоор намын байрны тухай их болгоомжгүй ярьчих шиг боллоо. Танайхан байраа ярихдаа их болгоомжилдог юм. Танайх тэгвэл яах гэж төрөөс мөнгө авч энэ байрыг барьсан юм бэ. Бусад шиг түрээсийн байранд амьдраад явахгүй яасан юм бэ гэж асуувал та эгдүүцэх үү?
-Эгдүүцэхгүй. Юунд нь энэ асуудлаас дөлөх юм. Би 2008 онд намынхаа байшинг шатаалгаж байхад халаглаад л зогсож байсан. Нийслэлийн намын байранд энэ Ц.Цогзолмаа бид хоёр хоёулханаа сууж л байсан. Үүнийг түүх гэрчилнэ шүү дээ. Бидний үзсэн, амссаныг. Хүнд л байсан. Ардчилсан нам ч байртай шүү дээ. Манай нам ч байртай байсан. Гэхдээ шатаасан. Хүмүүс дайраад шатаачихсан. Энэ бид нарын амьдарч байгаа ардчилсан нийгэмд хэн нэгний өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч болохгүй нийгэм шүү дээ. Чиний эрх миний хамарт хүрээд дуусах ёстой байхгүй юу. Тэгтэл юу вэ, тэрэн дотор чинь олон компаниуд байсан. Намын байгууллагууд байсан. Бүгдийг нь шатаагаад хаячихсан шүү дээ. Одоо ч гэсэн манай намын байранд нам өөрөө маш бага зай талбай ашигладаг шүү дээ. Нийслэлийн нам, төв намаар хааяа ороход бараг 80 хувь нь түрээсийн байгууллагууд л байдаг. Түрээсээр л амьдарч байна. Нөгөө талаасаа олон хүнд тус болж л байгаа.

-Танайх хотын намын байраа алдчихсан. Үүнийг та юу гэж харсан бэ. Би хувьдаа тэртээ тэргүй том байртай байж, музейд нь өгөх ёстой гэж л харж байсан. 
-Ер нь намууд байраар яах юм бэ. Манайх буцаагаад л өгсөн. Өгөх юм байвал өгчихнө л биз. Одоо манай намын байранд чинь дандаа олон нийтийн байгууллагууд байдаг. Тэр байтугай концерт, хошин шог тоглож байна. Тэнд чинь GYM байна, яг л үйлчилгээний төв шиг л байгаа шүү дээ. Түүнээс биш төв хороо шиг байгууллага биш, хаалга үүд нь онгорхой, тийм л нэг нээлттэй ёстой “OPEN DOOR” гэмээр л газар байдаг шүү дээ. Ний нуугүй л хэлье. Харуул хамгаалалт ч байхгүй. Сүртэй харах хэрэггүй л гэмээр байна.

-Энэ намуудын рейтинг унасан асуудлыг та юутай холбож боддог юм бэ?
-Хүн чинь өөрийнхөө амьдралаар л хэмжинэ ш дээ. Чиний амьдрал сайжирсан уу, сайжраагүй бол сайжраагүй. Нэг хэсэг нь тасраад явчихлаа. Нэг хэсэг нь үлдчихлээ тэр доор. Ардын нам нөгөө социал демокарат үзлээрээ дундаж орлоготой хүмүүсээ нэмэгдүүлнэ, амьдралынх нь чанарыг сайжруулна гээд байгаа шүү дээ. Тэд нар маань ерөөсөө өсөхгүй байна. Эсвэл толгой нь өсөөд, эсвэл сүүл нь доошлоод байдаг. Ингээд хоёр туйл руугаа хоёр зааг болчихоод дундаж гэдэг юм байхгүй болчихоод байна, энэ амьдрал чинь аягүй хэцүү болчихлоо шүү дээ. Энийг намууд мөрийн хөтөлбөртөө чиглэл чиглэлээрээ тусгах хэрэгтэй. Манай Ардын нам тэр социал демократ үзлээрээ үзэл баримтлалаа гаргаад явдаг. Манай гол чиг баримжаа ердөө саяын миний хэлдэг. Тэгээд ер нь базаад хэлэхэд хөрсөн дээрх амьдрал сайжрахгүй байгаагаар намуудын рейтинг дүгнэгдэнэ. Ердөө л энэ.

-Манай голлох улс төрийн намууд дээр нэг сэдэв л хүчтэй хөндөгдөж байгаа. Лидергүй болсон, удирдагчгүй, манлайлагчгүй болсон гэх дүгнэлт. Хуучин Б.Даш-Ёндон, Л.Энэбиш, Н.Энхбаяр, Н.Багабандийн үед хэн ч лидергүй гэж ярьж байгаагүй. Өнөөдөр яагаад энэ төвшинд ярих болж байна вэ. Та үүнийг яаж хардаг вэ?
-Бусад дэлхийн орнуудыг та хар л даа. Бүгд л лидертэй байгаа биз дээ. Та лидергүй орон хэлээдэх дээ. Хөгжсөн лидергүй орон гэж хаа байна. Германыг Ангела Меркель төлөөлж байгаа. Оросыг Путин төлөөлж байна. Хятадыг Си Синьпин, Японыг Шинзо Абэ төлөөлж байна. Манайх парламентын засаглалтай гэвэл 76 лидертэй. Дээрээс нь Ерөнхийлөгчтэй. Лидерийн тоо олон байгаа биз. Гэхдээ нэг лидер дутаад байгаа байхгүй юу. Яахав энэ бол улс төрийн систем. Сая сүүлийн үед Үндсэн хуулиа өөрчлөөд Ерөнхий сайдыг лидер болгоё гэдэг тийм далд санаа яваад байна лээ. Гэхдээ өнөөдрийн байгаа 76 чинь үүнийг хийж чадах бил үү. Эргэлзээтэй. Тэгэхээр лидер хэрэгтэй. Айлд аав хэрэгтэй шүү дээ. Аавгүй айл ямар байдаг уу. Урьд нь аймаг болгон лидертэй байсан биз. Байсан. Одоо байхгүй.

-Та бол жишээ нь Дорноговийг олон жил төлөөлсөн лидерийн хүү сууж байна. Би таныг нутаг гэж ярихаас битгий татгалзаасай гэж хүсээд нэг асуулт руу чирч, уруу татаж яримаар байна. Нэгэнтээ л та өнөөдөр миний бүх асуултад хариулна гэсэн юм чинь. 
-Би харин илүү илэн далангүй, эрх чөлөөтэйгөөр ярьж байх шиг байна. (инээв)

-Энэ их сайн чанар шүү дээ. Таныг бүр илүү эрх чөлөөтэй байхыг зөвлөж байна. Ингэхэд танай Дорноговь гэж ямар сонин тойрог болчихсон юм бэ. Танай энэ улс төрд явж байгаа, улс төрд яг хөл тавих гээд явж байгаа нөхдүүд яагаад дандаа шоронд орчихдог юм бэ. Я.Батсуурь хоригдсон, Ц.Анандбазарыг яг нэр дэвших мандатаа аваад гараад ирэхэд нь бас л хорьж байсан. Одоо нэр дэвших гээд явж байгаа Б.Дэлгэрсайхан гэдэг нөхөр хэд хэдэн удаа л хоригдож байсан. Бид уран зохиолоор дамжуулж говийн хүмүүсийг Монголын сор болсон хүмүүс гэх нэг ойлголттой болчихсон. Яагаад сүүлийн үед ийм түүхтэй байна вэ? 
-Энэ чинь сүүлийн 10 жил болж байгаа процесс л доо. Дээр нь Ж.Баянмөнх байна, Говьсүмбэрийн. Хөөрхий минь бас л хоригдлоо. Энэ бол эмгэнэл. Би бол говь нутгийн энэ сайхан сэтгэлтэй хүмүүсийн үргэлжлэл. Ийм уужуу сэтгэлтэй ард түмэн яагаад ийм сонин хувь тавилантай болчихов оо гэдэг гайхширал надад ч бас бодогдоод байдаг болчихсон. Та харин их сонин юм хөндөж байна. Энэ хэцүү сэдэв. Бидний л хувьд хүнд сэдэв болчихоод байна.

-Танай нутгийн хүмүүс энэ тухай их гайхаж ярьдаг юм л даа. Манай энэ хэдэн хүүхэд яагаад байдаг болчихов оо. Бид нар ийм юм үзээгүй өтөлж байгаа юмсан гэж ярихтай олон таарах юм. 
-Дорноговь аймаг чинь Думаагийн Содном, Ш.Гунгаадорж, Сономын Лувсангомбо гуай ч, Сүрэн гээд олон сайхан төрийн зүтгэлтнүүдийг төрүүлсэн ард түмэн. Увс, Дорноговь хоёр л байсан шүү дээ, төрийн толгойд. Одоо тэгсэн арай өөр юмаар толгойлох гээд байна уу даа. Энэ үзүүлэлтээрээ урдаа гарчих гээд байдаг болчихлоо. Энэ бол эмгэнэл. Ийм муухай юм дахиж битгий гараасай. Энэ бид нарыг, манай Дорноговьчуудыг эвтэй байгаасай гэсэн дохио. Бид нар бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалах ёстой. Энэ асуудлыг зогсоох ёстой. Бид нар эцэг, өвгөдөө хайрлах ёстой. Хүмүүсээ хайрлах ёстой. Энэ залуучуудаа хайрлах ёстой. Нутаг орныхоо төлөө явж байсан энэ хүмүүсийнхээ нэр төрийг бид хайрлах ёстой.

-15 жилийн өмнө байх шүү. Таны аав Одончимэг гуай намайг дуудаад Батсуурь гэдэг залууг танилцуулж байсан. Манай нутгийн улс төрд явах гэж байгаа хүн шүү гээд. Тэр хүн хаана байгаа вэ?
-Одоо Батсуурь гуай чинь 2000-2008 онд аймгийн дарга хийгээд, дараа нь найман жил Их Хуралд сууж байгаа шүү дээ. Манай Дорноговь аймгийг сүүлийн 16 жил төлөөлж байгаа ийм л хүн байгаа. Одоо ч гэсэн Их Хурлын гишүүн байгаа.

-Л.Одончимэд гуай ер нь яагаад тойргоосоо хөндийрсөн юм бэ?
-Уг нь манай аав 2008 онд тойргоосоо нэр дэвших санаатай явсан. Тэгээд Чингэлтэйд нэр дэвшсэн шүү дээ.

-Тойргоосоо?
-Үгүй ээ, яахав. Дараагийн үе нь шахчихгүй юу. Энэ чинь жамтай. Би үүнийг ер нь зөв гэж боддог. Шинэ үе ирнэ шүү дээ, түрнэ шүү дээ. Гарах ёстой. Орсон бол гардаг хаалгатай байх хэрэгтэй. Ороод түгжиж болохгүй. Ороод харин олон хүнийг тэр хаалгаа нээж оруулах ёстой. Бид нарт тийм чанар байдаггүй учраас л түрүүний ярьдаг эмгэнэлүүд бий болоод байгаа байхгүй юу.

-Би Л.Одончимэд гуайг урьж ярилцъя гэж бодож байгаа. Тодорхой хугацааны дараа. Та бол мундаг л хүн юм байна. Хүмүүс нийтлэг л юм ярьдаг юм. Одоо манай аавыг ингэчихсэн, тэгчихсэн ч гэдэг юм уу? 
-Алийн болгон бид настай хүнийг ч амраахгүй нэг тийм хуучин хандлагатайгаа явах юм бэ. Салах ёстой шүү дээ.

-Танай намын зарим хүмүүстэй уулзаад ярьж байхад Л.Одончимэд гуайг намаасаа явах юм шиг байна. МАХН-д очих нь шиг байна гэсэн мэдээлэл явж байх юм. Энэ тухай танд ямар нэгэн мэдэж байгаа юм байна уу?
-Тэтгэвэрт гарсан хүн нам солиод явна гэж байх уу. Манай аав явбал аль хэдийнэ эхэнд нь явах байсан байх л даа. Нам хоёр салж МАХН байгуулагдах үед аав Н.Энхбаярын зөвлөх байсан. Н.Энхбаяр та аль талдаа байх вэ гэхэд “Хүү маань найз нартайгаа шинэ зүгт явж байна. Би тэр талдаа” гэж хэлсэн юм билээ. Тэгээд тэр хоёр тэврэлдээд салсан гэдэг. Тэр хоёр хүний хоорондох эр хүний жудгийн асуудал л байдаг байх. Үүнийг хэнээс ч нууж болохгүй. Монголын бүх улстөрчид хоорондоо уулздаг. Уулзсан болгоныг бие биетэй нь хардах юм бол тэнэг хэрэг биз дээ. Надад ч гэсэн Ардчилсан намын сайхан найз нар байна. Амьдрал юм чинь байна шүү дээ. Аавын тухайд бол одоо миний аав сайхан уран бүтээлээ хийгээд номоо бичээд жаргаж амьдарч байна. Энэ нь бидэнд ч, өөрт нь ч сайхан байгаа.

-Та нэр дэвших үү. Шулуухан л хариулчих?
-Дэвшинэ.

-Маш зоригтой хариулт байна. Нутагтаа юу?
-Намайг 2012 онд нэр дэвших үү гэж байсан. Би татгалзсан, та санаж байгаа биз дээ.

-Санаж байна. 
-Би нэг жижигхэн ярилцлага сонинд өгсөн. Би бүрэн боловсроогүй байна аа. Би гадаадад олон жил болж ирээд яг ний нуугүй хэлэхэд хөрсөө ойлгохгүй явсан байхгүй юу. Будилаад л. Янз янзын хүмүүстэй танилцаад, янз янзын мэдээлэлд хөвөөд л. Тархи толгой эргэлзээд. Одоо бол би Монголын хүн болсон. Баталгаатай. (инээв)

-Ц.Анандбазарыг яг мандатаа аваад гараад ирэхэд барьчихсан. Үүнд би сэтгүүлчийнхээ хувьд жаахан эгдүүцсэн юм. Уучлаарай, би танай нутаг руу л орох гээд байна. Та намайг битгий говьд дургүй хүн байна гэж бодчихоорой. Үнэндээ танай намынхан чинь, нутгийнхан чинь нийлж байгаад бариул­чихсан байдаг юм байна лээ. Их хачин явдал шүү. 
-Ц.Анандбазар өөрөө нэг захиа бичсэн байдаг юм. Тэр их тодорхой, сайн хариулт шүү дээ. Хэрэв та санаж байгаа бол.

-Та “Ардын хүч” гээд ийм бүлэг байгуулалцаад идэвхтэй ажиллаж байна. Үүнийг бас намын толгой хавиар их болгоомжлонгуй хараад байгаа юм билээ. Танай уламжлал чинь намын толгойг хэн их тойрч байна, хэн даргын дэргэдэх фракцид багтаж байна гэдгээр л нэр дээвшигчээ тодруулаад байдаг. Тэгэхээр танд нэр дэвших эрхээ олж авахад ямар саад байх бол?
-Та Ардын намын даргаас асуусан дээр. Тэр тэр нэр дэвших юм уу гээд. Мэдэхгүй л гэж хэлэх байх.



-МАН дотор байдаг хамгийн потенциалный фракц бол МГИМО-ын гэгдэх фракц байдаг. Эд нарын карьер Сү.Батболдтойгоо дуусна гэж баярлаж байгаа нэг хэсэг ч байдаг л юм. Энэ бүлгийн тухай та юу хэлэх вэ?
-Фракц ч биш, бүлэг ч биш зүгээр л анд нөхөд шүү дээ. Үзэл бодол нэгтэй, үнэт зүйл нэгтэй, нийгмийн хөгжил, улс орны хөгжлийн төлөө нэгэн санаатай нэг хэсэг нөхдүүд л байхгүй юу. Түүнээс тэнд ч очиж бүлэглээд л, нийлээд л янз бүрийн юм хийгээд л, өдөөн хатгаад явдаггүйг бүх хүн мэднэ. Дор бүрнээ бүгд л ажлаа хийгээд явдаг хүмүүс. Гэхдээ мэдээж бие биедээ байнга л тусалж, дэмжиж байдаг. Нэгнийхээ дэвшүүлж байгаа асуудлыг мэддэг, дэмждэг.

БИ ЧИНЬ ГУРВАН ЭМЭЭД ЭРХЭЛЖ ӨССӨН ХҮН

-Потенциалный нэгдэл гэдэг чинь угаасаа хүн айх ёстой, эмээх ёстой бодитой хүч байдаг. Тэрнээс нь бэргэдэг юм болов уу гэж хардаг ш дээ. Гэхдээ практик дээр бол гартаа тоосго баривал бариад, заамдалцвал заамдалцаад явсан тийм эр зориг өөрөө улс төрд бас их зам засдаг. Танай найзуудад ийм төрлийн чадвар байдаггүй. Нэг тийм хүчтэй “байлдаан”-аас ухарсан улсууд л харагдаад байдаг юм.
-Тэр яахав гадаад байдлаасаа байх л даа. Та ч шар малтаж асуухдаа сайн юм.

-Үгүй, үгүй. 
-Бид нар чинь сагс тогловол тоглоно, маргалдвал маргалдана. Үзвэл үзнэ ш дээ. Адилхан л хүмүүс юм чинь өөр өөрийн гэсэн зан төрхтэй байж таарна биз дээ. (инээв)

-Улс төрд?
-Улс төрд үү. Улс төрд бол яахав дээ. Хувь хүний, тухайн хүний характераас шалтгаална л даа. Амьдралын хэв маяг гэдэг чинь бас их нөлөөлнө шүү дээ. Манай У.Хүрэлсүх бол жишээ нь зоригтой, дайчин. Халирдаггүй. Надад энэ чанар нь таалагддаг. У.Хүрэлсүх гэнэт л дипломат царайтай болчих юм бол У.Хүрэлсүх биш болчихно шүү дээ. Дургуй хүргэсэн хүнд нь хариуг нь барьчихдаг, УИХ гишүүнээс гараад явчихдаг улс төрчид өөр хэн байгаа юм. Түүн шиг Сү.Батболд, О.Одбаяр ч юм уу, эсвэл Д.Цогтбаатар захаа босгоод л ороод ирвэл хүн амьтны нүд орой дээрээ гарна биз дээ. Ер нь бол хүн байгаагаараа байх их гоё ш дээ. Улстөрчид өөр өөрийн имижтэй.

-Д.Цогтбаатарыг генсект өрсөлдөөсэй гэж бодож байсан. Дараа нь уулзаад “яагаад” гэж асууж байсан юм. Генсек гэдэг бол маш том орон зай шүү дээ. Тэгээд хариултыг нь сонсоод үнэхээр өөр төрлийн сэхээтнүүд юм даа. Энэ орон зайн төлөө бол нармайгаа нээлцтэл явах ёстой баймаар гэж дотроо бодож байсан юм. 
-Хэтэрхий их юмыг бүх талаас нь бодох чинь хүнийг мухардалд оруулдаг юм ш дээ.

-Цаг хугацаа хүлээдэг бил үү?
-Хүлээхгүй. Тэр л хамгийн хэцүү.

-Та намайг битгий бүдүүлэг асуултууд тавьж байна гэж бодоорой. Бид нар залуугаасаа бие биенээ мэдэх болохоор өөрсдийгөө залуу л гээд бодоод сурчихсан нэг гэмтэй. Гэхдээ та бол онцгой залуу харагддаг. Та одоо нас хэдтэй билээ. Улс төрд орох насны босго гэж битүүдээ монголчууд ярьдаг болчихож. Тийм учраас асууж байна?
-Би 49 настай. Манай аав 49 настай УИХ-ын гишүүн болж байсан. Яг л улс төрийн карьер эхэлдэг нас шүү дээ. Даанч манайд харамсалтай нь энэ нь 20 наснаасаа эхлээд, заримынх нь 40 гараад дуусаад байна.

-Биеэ ч төлөвшүүлээгүй, гэрээ ч төвхнүүлээгүй хүн Төрд ирчихээд самраад байна гээд сонгогчид эргэлзэж эхлээд байна л даа. Үүнийг дагаад ямар төвшний хүнээр Төрд өөрсдийгөө төлөөлүүлэх юм бэ гэж бодохоор олон энгийн юмыг асуух шаардлага гараад байна. Жишээлбэл, та хэдэн хүүхэдтэй вэ. Монголчуудын ярьдаг тэр хэмжүүрээр авч үзвэл эр хүний хувьд та яг ямар даваан дээр зогсчихсон байж байна вэ. Гэр орноо хэр төвхнүүлчихсэн, өөрийгөө хэр боловсруулчихсан, ямар түүхтэй эр хүн юм бэ дээ?
-Би таван хүүхэдтэй хүн. Гурван хүү, нэг охинтой байсан. Сая дахиад охинтой болсон. Сэтгэл их хангалуун байгаа. Яагаад вэ гэхээр нэг охин маань ганцаардах гээд байсан, тэгтэл дахиад нэг охинтой боллоо. Би өөрөө цөөхөн хүүхэдтэй айлд төрсөн. Эхээс гурвуулаа, гурван хүүхэд бол цөөддөг юм байна лээ. Ах дүү хоёртойгоо бараг уулзаж амжихгүй. Хоёрдугаарт би олон хүүхэдтэй айлд их атаархаж явдаг байсан юм шиг байгаа юм. Бизнесмэнүүдийг харахаар хэн олуулаа нь амжилттай явдаг. Тэгэхээр улс орон ч гэсэн ялгаа байхгүй хүн бүл сайтай байх ёстой. Айл гэр, албан байгууллага, компани, улс орон бүгд л хүн бүл сайтай байх ёстой. Улс орны хөгжил бол хүн шүү дээ. Ер нь бол Монгол Улсын хөгжил хүн. Тэрнээс биш хөрс шорооноосоо, газар доорхи юмнаасаа хамаарахгүй. Ялангуяа олон хүн амтай оронд ажиллаж, амьдарч байсан болохоор тэрийг бүр их мэдэрч байсан. Зах зээлд жаахан юм хийгээд гаргах гэхээр тэнд 100 хүн авна, энд бол 3 хүн авна. Тэгэхээр үүнтэй хамаарч орлого, зарлага ямар байх вэ. Миний хувьд гэх юм бол би гэр амьтай. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө одоо хийж байгаа бүх юмаа хийж байгаа гэж боддог. Надад бол амрах, зогсох тийм эрх байхгүй. Энэ нь хэдэн нас хүртэл үргэлжлэхийг би мэдэхгүй. Ингээд хүүхэд төрөх тоолонд хүний нас уртсаад, цаашлаад амьдрал улам сонирхолтой болоод байдаг байхаа. Тийм учраас хүн гэдэг чинь өөрөө их агуу юм. Хүнд хүн л хэрэгтэй байдаг. Хүн төрөхдөө хүнсээ аваад, бүх юмаа аваад ирдэг юм аа гэж. Бурхан багш хүн бүхний хэрэгцээг хангаж баялаг өгсөн харин шуналыг нь хангаж чадаагүй гэсэн гоё үг бий. Маш олон зөв гэр бүл болж төлөвших нь бидэнд, монголчуудад хэрэгтэй байна. Наян мянган өрх толгойлсон эмэгтэйчүүд байна ш дээ. Монголын эрчүүд юу хийж байна аа. Наян мянгын ард чинь гурван хүүхэд гэж бодохоор 240 мянган хүүхэд элэг бүтэн биш амьдарч байна гэдэг чинь гурван сая хүнээс чинь их тоо байхгүй юу. Тэгээд л тэр 240 мянган хүн чинь эдийн засгийн, ажлын байрны, оршин суух гэх мэтээр бүх талын дарамттай. Бид нар үүнийг өөрчлөх ёстой шүү дээ.

-Сайхан байна. Сүүлийн үед хоёр, гурван гоё аавтай уулзлаа. Б.Нямтайшир гуайтай уулзахад маш сонин байсан. Би бол таныг харьцангуй шинэ имижтэй, хотын, хүйтэн логиктой хүн гэж хардаг байхгүй юу. 
-Ямар өөдгүй үг вэ. Арай ч дээ. Нээрээ юу. (инээв) Би чинь гурван эмээд эрхэлж өссөн хүн шүү дээ. Тэдний дундаас хүйтэн сэтгэлтэй хүн төрөх боломжгүй

-Хэдий эртний нөхөд ч гэсэн тэр болгон уулзаад, уудлаад суудаггүй болохоор. Түрүүний асуулт руу эргээд оръё. Танай нам байсан байхаа. 100 саяын босго нэр дэвшигчдийн өмнө тавьж байгаа гэсэн үү?
-Би түрүүн хэлсэн ш дээ. Ардын намын нэр дэвшигч одоохондоо биш. Манай намын даргаас асуугаарай гэж. Тэгэхээр надад тэр талын мэдээлэл алга байна. Мэдээж намд хандив мөнгө төгрөг хэрэгтэй байх. Өнөөдөр 100 саяыг гаргах компани байгаа юу. Би бизнес хийж байгаа шүү дээ. Нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Жишээ нь, таны хувьд жишээ нь сонин зараад мөнгө олж байгаа шүү дээ.

-Юун мөнгө олох вэ?
-Та байж бай. Ашиг байхгүй байгаа гэдгийг би мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр бүх бизнес тийм байдалд орчихоод байхад хаанаасаа 100 саяыг гаргаж өгөх юм бэ, ер нь. Энэ асуудлыг бодох ёстой. Би энэ мөнгөн дээр эсрэг үзэл баримтлалтай байдаг. Хоёрдугаарт, би намуудын санхүүжилтын бодлого дээр эргэлздэг. Одоогийн явж байгаа арга барил л лав биш. Ийм хувьцаат компани шиг оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр албан тушаал авдаг байж таарахгүй.Тэгвэл Ардын нам биш болно.

-Би хотын намын хорооны дарга Ц.Сандуйтай хоёр ч удаа ярилцлага хийсэн. Гишүүнийхээ татварыг аваад ирдэг гишүүн цөөхөн гэнэ ээ. Нийслэлийн намынхаа 90 жилийн ойг тэмдэглэх гэж бас л үйлээ үзэж байгааг нь харсан. Тэгэхээр энэ намын оршин тогтнох санхүүгийн эх үүсвэр, энэ тогтолцоог өөрчлөөч. Одоо бүх орон даяараа шилэн данс гэж ярьж байна. Намуудын хувьд шилэн данстай болоход үнэхээр хэцүү байх гэж харагдаж байна. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
-Намууд ч шилэн данстай байх ёстой. Энд шилэн дансанд хэн нь хэдийгээ хийж байгааг харуулж байгаад хийх ёстой. Хоёрдугаарт, одоо бол намын санхүүжилт суудал горилогчдоос л бүрдээд байна. Улс төрд орж төрийг удирдах агуу их хүсэл эрмэлзэлтэй хүмүүс их байна. Тэр хүмүүсийн эрмэлзэл дээр, хандив мөнгөн дээр нь л намын санхүүжилт тогтож байна. Их бага янз бүрийн төвшинд. Намын Их хуралд нэр дэвшихэд намын үүрт мөнгө хандивласан байх ёстой. Хандивууд чинь цувна шүү дээ. Мэдээж жирийн хүн очоод мөнгө өгөхгүй байгаа, харин хүсэгч мөнгө өгөөд байгаа. Энэ хоёрын ялгааг олж харж гаргах ёстой. Тэгэхээр энэ намын мөрийн хөтөлбөр миний амьдралыг сайжруулах юм байна гээд иргэн хүн мөнгөө бариад ирэх юм бол тэр бол жинхэнэ сонгогч, жинхэнэ дэмжигч. Би энэ намд мөнгө өгчихөөд ийм албан тушаал авна гэвэл тэр бол эргэлзээтэй. Хэрвээ тэр албан тушаалаа авч чадахгүй бол яах вэ. Тэр хүнд өгч чадахгүй бол яах юм бэ. Цаана нь өчнөөн сургууль соёл төгсчихсөн, өндөр мэргэжилтэй, ном шатаар нь явчихсан хүн байж байтал урдуур нь нэг хүн мөнгө төлж ороод албан тушаал, амьдрал юмыг нь аваад явчихвал хэцүү биз дээ. Одоо манай намуудын нэр хүнд унаад байгаа чинь үүнтэй холбоотой шүү дээ. Мөнгө өгсөн нь дарга болдог. Өгөөгүй нь ажилгүй байдаг. Нам мөнгө төлөөд төрд ордог дамжлага юм уу. Төр, нам хоёрыг чинь уг нь хуулиар салгачихсан биз дээ.

-Танай намын хувьд сөрөг хүчин байх сонголтыг иргэд хийсэн. Гэтэл засагт хамтарч орох шийдвэр гаргаад орсон. Үүнийг танай намын доод масс дургүй хүлээж авсан юм билээ. Хамтрах ёсгүй байсан гэж тэд хэлдэг. Дараа нь хөөгдөөд гарахаар бүр ч их уурлацгаасан. Энэ процессыг та яаж дүгнэсэн бэ?
-Би ямар ч стратегигүй, бодлогогүй байна л гэж дүгнэсэн. Энэ чинь Монгол Улсыг бараг 100 жил удирдчихсан нам шүү дээ. Нэгдүгээр сургуулийн сурагчид яагаад хичээлдээ сайн байдаг вэ. Уламжлал гэдэг юм байдаг даа. Нэгдүгээр сургуулийг хараад байхад тэр байшин дотор нэг амьгүй сүнс яваад байна ш дээ. Нэгдүгээр сургуульд хүүхдээ өгчих юм бол алзахгүй гэсэн нэг ойлголт. Үүнтэй агаар нэгэн ойлголт шүү дээ. Ард түмэн ингэж горьдож харж байхад ийм жижигхэн бодлоготой байна гэдэг бол надад харамсалтай байсан. Зургаахан сарын цаад талыг харахгүй байна гэж үү. Гуйгаад байхаар нь орчихсон гэж яриад байдаг юм. Гуйгаад байхаар нь хүнд эд хөрөнгөө, мөнгөө өгчихдөг хүн байдаг юм уу.

-Өмнө нь Сү.Батболд Ерөнхий сайдын үед ямар юм амслаа. Яг сонгуулийн өмнө хаяад явчихсан. 
-Би үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бэлэн үзсэн зовлон байж байна шүү дэ. Маш буруу шийдвэр байсан. Зургаахан сарын стратегитай, үүний цаад талыг харж чадахгүй. Тэгээд хайран сайхан залуучуудыг өрсөлдүүлээд. Энэ бол дэндүү харалган шийдвэр байсан гэж л үзэж байгаа. Эсвэл захиалга орчихов уу, бүү мэд.

-Бараг зарим нь тэгж харддаг.
-Би бол тэгж хардаж байсан. Туршлагатай нам байж ийм жижиг алхам хийгээд, зүгээр л автобусанд гар өргөөд сууж байгаатай адил төвшинд очиж жижгэрсэн. Урд хаалгаар нь ороод хойд хаалгаар нь түлхүүлээд буулаа шүү дээ.

-Танай “Ардын хүч” ямар нэгэн байдлаар намын толгойг сонгуулийн өмнө өөрчлөх ч гэдэг юм уу, тийм акц хийх үү?
-Тийм бодлого байхгүй. Бид намдаа ардын хүчээр дэмжлэг үзүүлнэ. Цаг хугацааны хувьд ч тэр бол бүтэмжгүй зүйл. Гэхдээ нам унтаад байх юм бол сэрээнэ шүү.

-Хэчнээн удаан унтав даа?
-Одоо сэрэх цаг болсон. Идэвхитэй байх цаг нь болсон. Тийм нэг энгийн аргуудаа хэрэглэхээ болихыг шаардана. Эрс шийдэмгий, зоригтой шинэ алхмууд хийхийг шаардана. Гэхдээ эв нэгдэлтэйгээр, ширүүхэн асууж, шаардана.

-Эв нэгдэл гэдэг ойлголтын талаар би танаас асууя гэж бодож байсан юм. За яахав ээ 1950-60-аад оныхон хангалттай засаглалаа. Эцсийн хариу энэ тэнд лидерүүд нь ганц нэгээрээ хөгшрөөд үлдлээ. Өнөөдөр лидергүй, удирдагчгүй байна гээд л аль аль талдаа цохилт авч байна. Дунд нь завсарын үе 1980-аад оныхон гарч ирээд төр барилцаад явж байна. Манай далаад он хааччихсан бэ. Энэ амбиц хааяа ч гэсэн санагддаг уу?
-Үгүй ээ. Наадахыг чинь би өөрөөр тайлбарлая. Монголчууд ингээд оноор 10, 10 жилээр юмыг хуваах гээд байдаг байхгүй юу. Энэ бол буруу, улс төрд ийм юм байх ёсгүй. 50, 60, 70,80, 90 оны улстөрчид гэж одоо ярих гээд байна шүү дээ. Ийм юм байдаггүй юм аа. Улс төрд бүс нутгийн бодлого гэж байдаг юм. Шанхайн бүлэглэл, Ленинградын бүлэглэл, Зүүн хойд Азийн бүлэглэл гэх мэт л байна. Үүнийгээ бид нар харах хэрэгтэй. Өөр инээдтэй ойлголт хэрэггүй. Байдаггүй ч юм. Цөөхөн хэдэн монголчуудыг насаар нь ингээд хуваачихаж болохгүй.

-Танай НАМЗХ-д болоод өнгөрсөн процессыг үүнтэй холбож л харсан шүү дээ?
-Энэ насаар хуваадгийг харин бүлэглэл болгож болно, тэр нь өөрөө газар нутгийн ч юм уу. Юмыг арай өөрөөр харах хэрэгтэй шүү дээ Тэгж байж энэ Монгол гэдэг том айлыг чинь бий болгодог болохоос биш. Энэ 60 онд төрсөн, тэр 70 онд төрсөн одоо гаргах ёстой гэж харж болохгүй. Тийм учраас би сая “Дорноговийн шинэ үе” гэдэг төрийн бус байгууллагыг байгууллаа шүү дээ. Би түүнд дандаа хүүхдүүдийг оруулсан. Би яагаад үүнийг байгуулсан бэ гэхээр зүгээр тэдэнд туслаж дэмжихийг хүссэн. Тэр хүүхэд бүс нутгийн бодлогоо ирээдүйд төрдөө ирж танилцуулдаг болж хөгжих ёстой. Ийм сайхан залуучуудыг бид бэлдэх ёстой шүү дээ. Үүний талаар ярих ёстой болохоос биш 70, 80, 90 он гэж хувааж болохгүй. Тэр тусмаа улстөрд тийм юм байж болохгүй ээ. Энэ нь өөрөө маш том улс төрийн соёлгүй алхам болно.Амьдрал өнгөрсөн одоо ирээдүй гурван цагаас бүрддэг. Энэ гурвыг зангидаж удирддаг нам бол жинхэнэ нам түүний лидер нь жинхэнэ лидер болно.

-Та бол аялал жуулчлалын салбарыг маш сайн мэднэ. Энэ салбарт бас үйл ажиллагаа явуулдаг. Урлаг соёл дагасан, тухайлбал кино театр дагасан бизнестэй. Манай энэ соёл одоо ямар төвшинд байна вэ?
-Бид Монголыг байгалийн баялагтай, онгон дагшин гэж ярьдаг шүү дээ. Энэ бол бид нарын л ойлголт байхгүй юу. Хятадад ч онгон дагшин газар байна. АНУ-д ч байна. Шинэ Зеландад ч байна. Бүх л газар байгаа. Гэхдээ энэ зүгээр Монголын гэдэг онцлогтой, тэр нь өөрөө АНУ-ын гэдгээрээ онцлогтой. Тухайн орныхоо онцлогоор л ялгардаг болохоос биш. Монгол ганцаараа онгон дагшин үлдчихсэн юм биш шүү дээ. Гэхдээ энийгээ бид нар тодорхой хэмжээний аялал жуулчлалаар хөгжүүлж дэлхий дахинд улс орноо сурталчлах, тэндээс бид нар тодорхой хэмжээний ашиг олохыг л зорих чухал. Яагаад гэвэл бусад орон жишээлбэл,Тайланд гэдэг юм уу, Сингапур гэдэг юм уу, Макао гээд л байна шүү дээ тийм ээ. Энэ орнууд чинь аялал жуулчлалаар ямар их мөнгө олж болдгийг нотлоод түүгээрээ амьдраад явж байна. Байгалийн баялаггүй орнууд л болоод байна шүү дээ. Гэхдээ бид нар ийм том газар нутагтай, цөөхөн хүн амтай, тэгээд бас онгон дагшин газруудтай, дөрвөн улиралтай, дөрвөн янзын амьдралтай, эртний түүхтэй ийм улс юм чинь аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна. Өөртөө таарсан. Энийгээ бид нар харин яаж хөгжүүлэх вэ. Нэгдүгээрт, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах ёстой. Үүн дээр бид нар зоригтой алхмууд хийх ёстой. Би түрүүн хэлсэн. Аялал жуулчлалаас олж буй орлогоосоо 5-10 хувийг нь дэлхий дахинд улсаа сурталчлахад зарцуулах ёстой. Тэрнээс биш чи бид хоёр бие биедээ сурталчлаад чи л ирнэ. Монголд ирье гэтэл нь л сурталчлах ёстой байхгүй юу. Дэлхийн аялал жуулчлалын төвүүдэд Монголын танилцуулга байж байх ёстой. Аялал хийх гэсэн юм гээд очихоор нь нөгөө л нэг Шинэ Зеланд, Тайланд зэрэг улсуудыг танилцуулдаг. Тэдний сэрлийг төрүүлэх ёстой шүү дээ. Хоёрдугаарт, бол соёл. Бид дэлхийд Монголыг яаж сурталчлах юм соёлоороо сурталчилъя. Би өмнө нь “Блүүмбэрг” телевизийн ярилцлагад орохдоо хэлсэн “Ганнам” стайл гээд солонгосын нэг дуу байгаа шүү дээ. Энэ PSY гээд дуучин, Тэр ганцхан дуу дуулаад л Солонгосын аялал жуучлалд дэм болсон. Мундаг ч дуучин биш, зүгээр нэг залуу л нэг сонин дуу дуулаад л тэрийг нь Солонгосын телевиз, радио цацаад л гаргаад ирлээ.Энэ л сурталчилгаа байхгүй юу. Энэ АСЕМ яг энэнтэй адилхан. Нэг л өнгө нь АСЕМ. Тэгэхээр бид ийм төрлийн нэг дуучин юм уу, нэг киног ч юм уу. Нэг бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах ёстой. Сая Сингапурт хөсөгтөн гээд залуучууд хөөмийгөөр хөөрхий чадлаараа Монголыг сурталчиллаа шүү дээ, гэх мэтчилэн. Энэ нь шууд утгаараа мөнгө орж ирдэггүй ч гэсэн алхам юм.

-Грэмми-д дэвшээд хэдэн залуучууд бас дажгүй сурталчиллаа.
-Тийм. Тиймээс аялал жуулчлалыг зөв хөгжүүлэх ёстой. Аялал жуулчлал чинь байгаль орчинд заримдаа ээлгүй гэж байгаа шүү. Дээрээс нь би чамд нэг парадокс хэлье. Монголын дотоодын аялал жуулчлал аягүй сайн хөгжиж эхэлсэн. Монголчууд бид нар чинь их урт өвөлтэй. Булганы Дашинчилэн гэдэг танай нутагт гэхэд би очиж үзээгүй л байгаа шүү дээ. Монголчууд “Лексус 570″ унаад л хөдөө яваад байдаг. Нөгөө жуулчид маань пургоноор явж байгаа нь хэвээрээ л байна. Тэр чинь сонин зураг байгаа байхгүй юу. Энийгээ бид нар дээшлүүлмээр байгаа байхгүй юу.

-Яг үнэн.
-Тэр пургон дотор чинь ямар нэгэн агааржуулагч юм ч алга. Та нар угаасаа мэднэ. Зун манайх чинь бас халуун шүү дээ. Зүгээр дөрвөлжин төмөр дотор жуулчдаа хийгээд яваад байна. Тэгээд л давхиж давхиж нэг Улаан цутгалан гээд газрыг үзнэ. Тэр нь аймаар нарийхан хүрхрээ байдаг. Тэгээд л хөдөө нэг гэрт хононо. Энд төрийн бодлого хэрэгтэй. Бид аялал жуулчлалын маршрут гаргах хэрэгтэй. Тэр Шинэ Зеландад “Хоббит” гээд нэг киноны зургийг нь авсан. Тэгээд л тэр киноны зураг авсан газрыг аялал жуулчлалдаа ашиглаад эхэлсэн. Хөгжүүлээд маршрут гаргачихсан. Тэгээд л дэлхий тийшээгээ Шинэ Зеландын аялал жуулчлалын салбарын ашиг 10 хувиар нэмэгдэх жишээтэй. Бүх “Хоббит” үзсэн айлын хүүхдүүд тийшээгээ аав ээжийгээ чирээд л явж байна. Австраличууд, япончууд яваад тэр хавийн хүмүүсийн орлого өсөөд явчихна. Аялал жуулчлалын салбар ийм байна. Кино урлагийн салбар манайд эрчтэй хөгжиж байна. Бүр Монголын киноны борлуулалт Холливудын киноны борлуулалтаас илүү байдаг юм. Холливудын киног бид нар худалдаж авдаг шүү дээ. Тэгээд гаргаад талыг нь тэр хүмүүст өгөөд талыг нь авдаг. Урьдчилж худалдаж аваад ашгаа хуваах зарчмаар явдаг. Монголд кино урлаг хөгжиж байна. Ганцхан юм аа олохгүй байна. Студиуд хоорондоо тохирохгүй байна. Кино театрууд хоорондоо бодлогогүй байна. Бүх кино намар есдүгээр сард нээлтээ зэрэг хийнэ. Тэгээд бүгд өөр өөрийнхөө орлогыг хаагаад хаячихдаг. Энийгээ бид нар том продакшнууд сууж байгаад жилийн 12 сараа хувааж авах хэрэгтэй.

-Одоо “Тэнгис”, “Өргөө” хоёр л байгаа биз дээ?
-“Тэнгис”, “Өргөө” хоёр хамгийн том нь “Тэнгис”-т ойролцоогоор 900 хүн кино үзэж байгаа. “Өргөө” бас тэр орчим байгаа байх. Сүүлд 2, 3 том кино театрууд нээгдсэн. “Хүннү молл”, “Гэгээнтэн” гээд. Одоо бид нар бодлого ярих цаг нь болсон байна. Хувийн хэвшлүүд чинь маш их юм хийж байна шүү дээ.

-“Шангрила” гэж дэлхийд алдартай том зочид буудлын сүлжээ орж ирлээ. Түрүүчээсээ манай буудлын бизнес эрхэлдэг нэг залуу ярилцлага өгсөн байсан. “Шангрила” орж ирснээр Монголын зочид буудлуудад үхлийн цохилт өглөө гээд. Бид ингэж хүлээж авах ёстой юу. Одоо “KFC” орж ирчихээд л байж байна. Үнэхээр “Шангрила” орж ирснээрээ Монголын зочид буудлуудад ямар цохилт өгсөн юм бэ. Үүнд яаж хандах ёстой вэ?
-Энд бол эерэгээр л хандах ёстой. Мэдээж энэ чинь зах зээлийн өрсөлдөөний үе. Шинэ учраас хэрэглэгчид “Шангрила”-г илүү сонирхож байгаа нь байдаг л үзэгдэл жижиг зах зээл дээр.

-Давуу тал нь?
-Нэгдүгээрт, стандарт байна, хоёрдугаарт дэлхийн сүлжээ байна.

-Хоол ундаараа танайхаас илүү юм байхгүй санагдсан?
-Байхгүй. Манайх амт сайтай. Ганцхан дэлхийд танигдсан нэр хүнд гэж нэг юм байна шүү дээ. Бид нар хүний юмыг үгүйсгэж болохгүй. Тэр чинь Монголд ирсэн асар том хөрөнгө оруулалт.

-Тэр тусмаа Улаанбаатарыг гээд орж ирж байгаа нь сайхан хэрэг л дээ.
-Манай Улсыг тоогоод ороод ирлээ шүү дээ. Баярлах ёстой.

-Зэрэгцэн оршиж сурах л чухал байна, тийм үү?
-Зэрэгцэн оршиж бие биенээ нөхөж, хамтран ажиллаж сурах л ёстой. Жишээлбэл, Хятадад хэдэн мянган буудал байгаа шүү дээ. Тэд зэрэгцэн оршиж болоод байхад бид хэд сурах л хэрэгтэй. Зэрэгцэн оршоод өөр өөрийнхөө зах зээлийг хадгалах, үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй. Мэдээж хэн ч гэсэн бизнесийнхээ талыг хэн нэгэнд алдахыг хүсэхгүй. Гэхдээ заавал алдчихлаа гээд орилоод яах вэ? Тэрнийхээ төлөө тэмцэх л ёстой. Уйгагүй явж байж л өөрийнхөө хэрэглэгчийг авч үлдэх ёстой. Мэдээж энэ хямрал зочид буудлын зах зээлд нөлөөлж байна. Дээрээс нь жуулчдын тоо эрс буурсан. Манай Улс гадаадынханд сонирхолгүй улс болсон. Хөрөнгө оруулагчдын хувьд. Бид одоо энэ нэг үеийг л давах ёстой болж байна. Хямрал чинь эсрэг талдаа бололцоо сургамж гэж байгаа шүү дээ. Тэр хооронд болохгүй юмаа олж харах.

-Бид нар гадаадын хүн л бол хөрөнгө оруулагч гэж ойлгоод тогтсон байна. Олон улсын зартай том луйварчин орж ирээд манай компаниудтай хамтаръя. IPO-г чинь босгож өгье гээд түрүүчээсээ 25 сая долларыг нь зальдчихсан хэрэг байж л байна. Бид гаднын хөрөнгө оруулагчдын зэрэг зиндааг ялгаж таньж сурах туршлага бас бага байна. Манай Монголчууд их залилуулдаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Бид нар маш сайн хуулийн фирмүүдийг бий болгож гаргах хэрэгтэй. Ердөө л тэр.

-Дэлхийн зиндаанд бизнесээ хамгаалах чадалтай?
-Сэтгэлийн хөдөлгөөнөөр биш дэлхийн төвшинд нь тоглож сурах л тухай асуудал.

-Амаар ярилцаж ханцуйн дотроо тохиролцдог үе өнгөр­сөн гэсэн үг биз дээ?
-Мэдээж бизнес эхэндээ тийм байна. Эхэлж танилцаад бие биедээ таалагдах процесс гээд л. Хятадууд тэгдэг шүү дээ. Өнөөдөр найз болсны төлөө архи ууя гээд. Найз гээд танилцсаныхаа төлөө гээд бэлгэшээж байна. Дараа нь ажил хэргийн төлөө гээд явна. Дараа нь сайхан муудна. Дараа нь сайн хуулийн фирмээр оруулна. Тэгж байж ажил бүтдэг байхгүй юу. Бид нар найзынх нь төвшин дээр нь шийдчихлээ гээд байдаг, тэгээд худлаа болдог.

-Монгол хүний болон Монгол орны гэнэн байх үеийг дуусгавар болгоё гэсэн мессеж тань үнэхээр гоё байна. Түрүүн та хэллээ эх орноо сурталчлахад урлаг, спорт гол нөлөөтэй. Тэр дундаа сонгомол бөх, жудо, чөлөөтийнхөн сайн сурталчилж байна. Сонгодог урлагийн хэдэн залуучууд чардайтлаа явж байна. Кино гэхэд дэлхийн хэмжээний том кинонд анхнаасаа дүр аваад л бас хэдэн жүжигчид маань хичээж байна. Ийм салбарууд руу ер нь Төр мөнгө хийж явах ёстой юм уу, эсвэл хувийн хэвшлийн хийх үүрэг үү?
-Миний бодлоор хувийн хэвшлийхэн бид нар өөрсдөө юмаа сайн зохицуулах ёстой. Төрөөс татварын орчин, амьдрах орчин зэргийг л бүрдүүлж өгөх ёстой. Эв нэгдэл гэж нэг зүйл байна. Ганаа бид хоёр байнга уулздаггүй, өнөөдөр уулзахад гоё байгаа биз дээ. Бид нар ерөөсөө бие биетэйгээ уулздаггүй юм байна. Мэдээллээ солилцдоггүй юм байна. Хамтарч ажиллаж сурцгаая, Монголчуудаа. Эвтэй байцгаая. Бизнесээ хуваах хэрэгтэй. Зах зээлээ хуваа. Олон хүнийг хамруул. Тэгээд тэр хүн чинь чиний хэрэглэгч чинь болно, эргээд нэг хэсэг нь чиний ажилтан болно, нэг хэсэг нь чиний зах зээл болно. Бүгдийг нь хав дарчихаад л ТҮЦ-ийн бүх бохийг нэг дор бүгдийг нь зарах гээд бохио муутгаад зогсоод байдаг. Бушуухан тараагаад өгөх хэрэгтэй. Ийм юмыг л бид тулж уулзаж шийдэж явах зүйл байхгүй юу. Бидний хамгийн том алдаа, хоорондоо ярьж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхдээ хуулийн дагуу гэдгийг мэдрэхгүй явж ирсэн маань. Энэ олон хуульчдыг сорих цаг нь ирчихээд байна. Хуульчтайгаа хамт хулхидуулаад л яваад байвал буруу л даа. Тэгээд л улстөрчдийгөө буруу мэдээллээр хангаад л нөгөө популистууд нь хүлээж аваад л нөгөөдөхийг чинь нийгэмд тараана. Нийгэм бол яахав дээ, ямар мэдээлэл байна тэрийг шууд л хүлээж авна шүү дээ.

-Аав ээжээ үхэн үхтэл нь өргөдөг ард түмэн дэлхий нийтэд их цөөхөн юм шиг байгаа юм. Манайх бол чирээд л байдаг, олигтой асрах газар ч байхгүй. Тэр соёл нь гарч ирээгүй байна. Өөрийг тань олон эмээ нартай гэр бүлд өссөн болохоор ер нь ямар байдаг юм бэ гэдгийг сонирхох гээд л?
-Эцэг эхээ чирэх нь Азийн соёл шүү дээ. Хөгшчүүлээ хэдий өндөрт өргөнө төдий чинээ буян заяа нь нөгөө хүндээ буудаг гээд. Хамтдаа өтөлдөг соёл л доо. Гэхдээ нэг л сул тал байдаг юм. Хамт өтлөхөөрөө жишээ нь, миний 102 настай эмээг ээж асардаг. Ээж гэртээ суусаар дагаад өтөлдөг гэх мэт.

-Гэхдээ эмээгийн ухаан саруул биз дээ?
-Ухаан саруул, утсаар ярина. Маань уншиж зул өргөнө. Биднийг асууж сурна.(инээв) Очихгүй удвал загнана.

-Гэхдээ засаглал биз дээ, эмээ нар ер нь? 
-Засаглана л гэнэ шүү. (инээв) Эмээтэйгээ өсөхөөр хүн их л зөөлхөн болдог. Уяхан болдог. Манай эмээ нар чинь дандаа л сургаал үгээр биднийг хүмүүжүүлдэг. Манай аавын ээж бол дандаа зүйр үгээр ярьдаг хүн байсан. Өвөрмөц амьдрал шүү, бас.

-Та бол Орост сургууль төгссөн үү?
-Би Монголд дунд сургууль, Орост дээд сургууль төгссөн.

-Монголд аль сургууль төгссөн бэ?
-13 дугаар дунд сургууль төгссөн. 3,4 дүгээр хорооллын унаган хүүхэд шүү дээ.

-Оросын аль хот билээ?
-Киев хотод. Дараа нь АНУ амьдарч жаахан хэл сурлаа. Дараа нь Хятадад сурч, ажиллаж Хятад хэл сурлаа. Аль Ерөнхийлөгч хэллээ дээ хоёр хөршийнхөө хэлээ гуравдагч хөршийнхөө хэлтэй нь сур гэж. Би ямарч гэсэн гурвууланг нь гадарлах болсон.

-Та бид хоёр аль аль нь сошиал медиагийн хэрэглэгчид. Сүүлийн үед төр засгийн удирдлагууд маань цахимдаа удирдуулаад байдаг болчихож. Цахимд таалагдах гэж тэд маань гүйдэг боллоо. Энэ чинь нийт сонгогчдын хэдхэн хувь шүү дээ. Гарч ирээд л цахимд би тэрийг дуудлаа.Тэрийг загначихлаа гээд л ярьж байдаг. Энэ арай л биш харагдаад байх юм?
-Энэ бол орчин үеийн модерн хүмүүсийн амьдралын салшгүй хэв маяг. Гэхдээ энэнд донтож болохгүй. Хэт автаж болохгүй. Судалгаа байдаг юм. Улстөрчдийн 90 хувь нь цахим ертөнцөд алдаа хийдэг гэж. Би бол улстөрчдийг цахимаас хол бай гэж хэлнэ.

-Сэтгүүлч бол тэнд ажилдаа хэрэгтэй мэдээлэл хайж, судалгаа хийх гэж ажилладаг. Улстөрчдийн маань зарим бүр бишдээд явчихыг харж л байна. 
-Та бол тагнуулаа хийж байгаа. (инээв) Би яагаад энийг сонирхоод байдаг вэ гэхээр би энэ нийгмийн нэг л хэсэг юм чинь энэ үзэгдлийг тойрохгүйгээр амьдарч таарна. Өөрөөр хэлбэл орчин үеийн хүний хувьд үүнийг хэрэглэдэг.

-Та хэр зэрэг цаг зарцуулдаг юм бэ?
-Мэдээлэл авах үедээ л. Хамгийн богино замаар мэдээлэл авах боломжийг надад олгодог.

-Танай намыхан их хашир, юу гэдэг юм дээ аймтгай, их болгоомжлонгуй, хоцрогдмол гишүүдийн хувь өндөртэй нам. Та бол намаа шүүмжлэхээс буцахгүй. Хоёр нүүр гаргахгүй байр сууриа илэрхийлж байдаг. Үүнээс болж янз бүрийн сөрөг зүйл ирэх үү?
-Ирэхгүй. Энэ нэмэргүй гэж боддог байлгүй. Хэн ч намайг шүүмжилдэггүй. Яагаад гэвэл нэг л хүний үзэл бодол шүү дээ. Ингэлээ гээд МАН өөр болохгүй намайг дагаж хүмүүс хошуурахгүй. Гэхдээ би нийгэмд хэлж байх ёстой шүү дээ. Хэрвээ энэ намын гишүүн л юм бол. Гишүүн биш бол дуугуй л байя. Гишүүн учраас ямар нэгэн байдлаар санаа зовж байна. Санаа зовсондоо л юмаа илэрхийлж байгаа байхгүй юу. Тэрнээс биш надад ямар хамаатай юм гээд л хүмүүс байж л байна. Би тэгж чадахгүй л байна. Тиймээс би бол тэр намын идэвхитэй бас ямар ч итгэл өгсөн дааж чадах гишүүн л гэсэн үг.

-Та парламентын сонгуульд нэр дэвшинэ гэж зарлалаа. Ер нь бол дэвших бодолтой байсан ч ийм үед хүмүүс ингэж ил хэлдэггүй. Надад бол таалагдаж байна. Манайхан нэр дэвшихээрээ торгон дээл өмсөөд л, морь унасан зургаа тавиад л явж өгдөг. Та бол ганган, хэт залуу стильтэй хүн. Ер нь энэ орчин цагийн эрчүүдийн хэв маягийн талаар ямар бодолтой байдаг юм бэ. Би яагаад үүнийг асууж байгаагаа бас тайлбарлая. Монголбанкны ерөнхийлөгчийг шүүмжилж байна. Тэр үнэтэй буудалд буулаа гээд л. Би бол үүн дээр эсрэг байр суурьтай байдаг. Дэлхийн том банкныхан уулзаж учирч байхад яагаад манай банкны ерөнхийлөгч 200 долларын буудалд буугаад хоёр долларын оймс өмсөөд 20 долларын зангиа зүүгээд явж байх ёстой юм бэ. Үүнд дээр бид арай өөрөөр харах ёстой биш үү. Та юу гэж бодож байна?
-Монгол Улс дэлхийн хэмжээнд хөгжье л гэж бодож байгаа бол тэр дэлхийн хөгжлийн зэрэг зиндаатай хамт явах ёстой шүү дээ. Тэр төвшинд чинь Монголбанкны ерөнхийлөгч байна уу, Оросын төв банкны ерөнхийлөгч нь байна уу, Хятадын төв банкны ерөнхийлөгч нь байна уу. Зиндаа нь нэг л байдаг. Бид нар Монгол Улс гээд цээжээ дэлдээд байдаг биз дээ. Дэлхийн хамгийн том банкны ерөнхийлөгч ICBC гээд Хятадын дэлхийн №1 банкны ерөнхийлөгч байдаг. Тэр ирээд л Н.Золжаргалтай уулзах цаг авч байгаа шүү дээ. Тийм л төрт ёсны юм байгаа шүү дээ. Тэгэхээр Монголчууд минь Монголбанкны ерөнхийлөгчийг гудамжны буудалд буулгаад тэгээд тэнд нь ICBC-ийн ерөнхийлөгч очиж уулз гээд байгаа юм уу. Тэгвэл одоо их л сонин юм болох байлгүй дээ.

-Энэ сэдвээр хоёр Их хурлын гишүүнд асуулт тавьсан юм. Н.Номтойбаяр өөр шиг чинь чөлөөтэй ярьдаг нөхөр л дөө. Яагаад Монголын парламентын гишүүн, Монголын улстөрчид гэхээр л бөөдийгөөд л Дарханы нэхийгээ өмсөөд л, хөлсөө гоожуулаад л, энэ тэндээ ноолорсон бөөжирсөн юм дэлхийн том уулзалтууд дээр явж байх ёстой юм бэ. Би төрийн түшээ хүн, Монгол Улсын парламентын гишүүн, би ямар улсын төсвөөс хувцсаа авахуулж байгаа биш, би гоё сайхан, дэлхийн бусад улстөрчидтэй адилхан явах ёстой гэж хариулж байсан. Харин Лу.Гантөмөр сайд болохоор чи ядарсан орны төрийн түшээ шүү. Чиний өмсөж байгаа пальто чинь 200 долларын үнэтэй, Говь ХК-д үйлдвэрлэсэн пальто байх ёстой гэдгээ мэддэг хүн түшээ байх ёстой гэсэн. Та энэ дээр ямар хариулт өгөх вэ?
-Энэ дээр ийм хариулт байна. Загвар дизайн ярихаасаа өмнө хүний эрүүл мэндийг ярих ёстой. Ганаа, хүн миний хувьд өөрөө эрүүл байх ёстой. Харахад Монгол хүн эрүүл харагдах ёстой байхгүй юу. Бие бялдрын хувьд, Монгол эр хүн ямар байдаг билээ дээ, чи мэднэ шүү дээ. Сайхан байдаг шүү дээ. Азиудаас арай том ястай. Нэг тийм өнгөлөг, жавхаатай харагдах ёстой. Тийм юман дээр чинь харин 200 долларын ноолуурыг чинь тавьчихад гоё харагдана. Ноолуур л бол ноолуур шүү дээ. 200 доллар байна уу, 100 доллар байна уу хамаагүй. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр нэгдүгээрт, эрүүл харагдах хэрэгтэй, хоёрдугаарт тэр эрүүл бие дээр тэр сайхан зохисон хувцсаа бие хаадаа тааруулаад бас гоё өмсчихдөг байх хэрэгтэй. Бусдыг хүндэтгэж байгаа хэрэг. Мөнгөндөө гол нь биш, үнэндээ гол нь биш. Зүгээр л хотын хүний соёл иргэншилд бид нар багаасаа суралцсан, цэгцтэй харагддаг учраас л манайхан тэр хүмүүсээ ганган гэж хэлээд байх шиг байгаа юм. Биеэ эмх цэгцтэй аваад явчихна гэдэг бол том соёл шүү дээ. Би мөнгөний тухай яримааргүй байна. Хэн юу өмсөх нь нэг их сонин биш. Хөл хүртлээ брэнд хүмүүс байдаг л юм. Сонин л харагддаг.

-Ерөөсөө гацуур шиг үү?
-Тийм бөөгнөрөл. Тэрийг чинь задлаад зөв хувцаслах хэрэгтэй. Харин нэг үнэтэй юм дунд нь байх ёстой. Би хувцсаа зөв зохицуулаад л өмсчихдөг. Биед эвтэйхэн хувцас л авдаг. Викториа Бекхэмийн нэг ном байгаа. Манай залуучууд түүнийг нэг уншаасай гэж би боддог юм. Тэр чинь дэлхийн том од шүү дээ. Дэлхийн том од зүгээр л Mark & Spencer-ийн дотуур хувцас хэрэглэдэг. Яагаад гэвэл тэр биед эвтэйхэн. Тэр чинь 10-20 паунд. Дотуур майк нь H&M-ийг хэрэглэдэг. Бекхэм дэлхийн хамгийн том баян. Гэхдээ H&M гээд ердийн дэлгүүрийн 10 долларын дотуур хувцас өмсдөг гэх мэтчилэн. Тэгэхээр хүний хэрэглээ чинь янз бүр байх ёстой. Хэзээ хаана юу өмсөх вэ гэдгээ тохируулдаг байх л чухал. Дотуур хувцас заавал Hermes байх хэрэггүй биз дээ. Биед эвгүй шүү дээ. Яг тэр Викториа Бекхэм-ийн номон дээр яаж хувцаслах тухай сонгодог жор байдаг юм.

Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Дараа ахин уулзаж сонирхолтой сэдвүүдээр яриа өрнүүлнэ гэж төлөвлөж байна. Энэ залуугийн хэт гэмээр илэн далангүй, хэт гэмээр эрх чөлөөлөг зан чанар уншигч танд ч бас таалагдсан биз ээ.


 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив