С.Цогтбаяр: Сошиал зэрэгцээ ертөнцийг бий болгож байна. Хар л даа. Хэн ч тоодоггүй дорой эрд баатар байх боломжийг өгч байгаа биз дээ
2015 оны 12 сарын 7 [Уншсан тоо: 92141]

Та бүхэнтэй цоо шинэхэн VIPerson зочныхоо хамт мэндчилж байна. Тэр бол Монголын хошин урлаг, шог зургийн нэрт мастер. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Самандарийн Цог тбаяр.

-Ярилцлагынхаа зочноор 13  жилийн дараа ахин урьж байгаа юм байна. Танд эртний тэр хайчилбараа бэлэглэхээр авч ирсэн юм. Сонин байна уу?

-Өө, баярлалаа. Нээрээ сонин бэлэг байна. Хэсэг харлаа. Ерөнхийдөө энэ 13 жилийн хугацаанд “Жанжин шугам”-наасаа нэг их хазайгаагүй л юм байна. Өөрөөр хэлбэл өөрөөсөө нэг их урваагүй юм аа даа янз нь (инээв).

-Тэмээн туйлаадас хаялсан жихүүн өглөө байна. Яах аргагүй намар ирчихэж дээ. Байгалийн энэ мэт өгөгдөхүүн уран бүтээлд хэр тусдаг юм бэ. Жишээ нь, бороотой өглөө, манантай өдөр зурах, бичих хүсэл энгийн өдрийнхөөс ямар байдаг бол. Эсвэл шог зураачдад үзэл санааны нь хөндөх орчин илүү нөлөөлдөг үү?

-Хувь хүний сэтгэл хөдлөл уран бүтээлд ямар нэг байдлаар тусгалаа өгдөг л дөө. Ялангуяа хөгжмийн зохиолчид, уран зураачид, зохиолчдын хувьд бүр ч илүү байдаг шиг санагддаг.  Жишээ нь, хавар ирэхэд дагаад хүний сэтгэл ч гэсэн гэгэлзээд гоё болчихдог шүү дээ. Магадгүй  бүр эрт галавын адгуусан шинжийнх нь  үлдэгдэл ч байдаг юм уу, нэг тийм зөн сэрэхүй далд сэргээд, нэг л сэтгэл өөр болоод явчихдаг даа. Эмэгтэй хүний гоо сайхны тухай бичих нь ихсэх ч юм уу.  Иймэрхүү элементүүд тусгалаа өгч болно. Мэдээж санаа сэтгэлийн хөдлөл дээр бүх уран бүтээл үндэслэгддэг учраас.

Гэхдээ манай зарим багш нарын хэлдгээр шог зураач хүн бол зураач, сэтгүүлч  зэрэг мэргэжлүүдийн нэгдэл гэж. Тийм болохоор илүү нөгөө талаасаа  аливаа юманд автахгүйгээр, их тийм дээрээс харж  уран бүтээлээ хийх нь чухал. Энэ үүднээсээ яг бидний ажил бол сэтгэлийн хөдлөл, уянгын  өгөгдлүүдэд автаж хийдэг ажил бас биш юм аа. Илүү улс төрийн амьдрал, төрийн эргэн тойрон, ёс суртахууны хил хязгаар дээр болж буй үйл явдлуудыг тусгаж өгч байдаг.

-Монголд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ой удахгүй болно. Хэдийгээр Ардчилсан нам засаглаж байгаа ч энэ тухай тийм ч сүржин ярихгүй  байгаа нь надад таалагдаж байгаа. Гэхдээ бид энэ үзэл санааны хөгжил дэвшил, энэ өөрчлөлтийн их давалгаанд өөрийн хувь нэмрийг оруулсан тодорхой сэхээтнүүдийг цувралаар урьж ярилцаж байгаа юм. Тэр зочны маань нэг нь та. Мэдээж өнгөрсөн 25 жилийн тухай өөрийн эргэцүүллийг хийж л суугаа байх.

-Олсон ололтын хувьд бол гайхамшигтай. Зүгээр нэг өнгөцхөн үгээр хэлэхийн аргагүй. Магадгүй монгол хүмүүсийн хүлээх чадвар ч юм уу, сэтгэхүйн хурд нь ч юм уу тэр зүйл нь илүү их өөр юм шиг байгаа юм. Нүүдэлчдийн онцлогоосоо хамаараад үл ханах зан, хэт адгасан  довтолгосон сэтгэлийн түрлэг нь, үргэлж шинийг хүсч байдаг нь, богино хугацаанд үргэлж ихийг хүсч байдаг тэр зан чанар нь бол тийм амар арилдаг зүйл биш бололтой.  Иргэншсэн хүмүүс бол багаар хүсч байдаг, бага багаар урагшилж, сууж сууриншиж байдаг учраас сэтгэлгээний хувьд ялгаа гарч ирж байх шиг байна л даа. Би өөрөө социализмын үед төрсөн, тэр үед боловсрол эзэмшсэн, тэр үед үзэл бодол юманд хандах хандлага  нь тогтсон хүний хувьд одоо ингээд харж байхад асар их юм өөрчлөгдсөнийг анзаардаг бас мэдэрдэг. Заримдаа дурсахад ч итгэмээргүйгээр гайхмаар өөрчлөгдсөн. Бүх зүйл шүү. Ерөөсөө л эргүүлээд л тавьчихсан шүү дээ.  Бүр сууриар нь, үндсээр нь. Тэгэхээр нэг утгаараа бид үнэхээр азтай улсууд байхгүй юу. Зуун солигдохыг үзсэн, мянган солигдохыг үзсэн азтайгаас гадна бид бүхэл бүтэн нийгмийн байгуулал солигдохыг үзсэн, бас тусгаар тогтносон эрх чөлөөт ардчилсан улсад амьдарч байгаагаараа азтай хүмүүс байхгүй юу. Эцэг өвөг дээдсээс минь хэчнээн нь яг л үүнийг мөрөөдөж тэмцэж байсан гэж бодож байна. Магадгүй хэдэн зуун сая хүний үзэж чадахгүй, хэдэн тэрбум хүний үзэж чадахгүй, мэдэрч чадахгүй, авч чадахгүй тэр таашаалыг жинхэнэ утгаар нь эдэлж байгаа хүмүүс байхгүй юу. Тэгэхээр оногдсон энэ хувь заяандаа бид нар талархалтай хандах ёстой. Нөгөөтэйгүүр буян дааж явах хэрэгтэй гэдэг шиг энэ ардчиллынхаа буяныг дааж хадгалж хамгаалж явах хэрэгтэй юм шүү. Урьд нь ямар байсныг одоо ихэнх нь мартчихжээ. Их хурдан мартчихлаа. Нөгөө монгол хүн тарвага шиг мартамхай гэдэг үг оргүй ч биш бололтой дог оо. Үнэхээр бараг л Хойд Солонгос шиг байсан шүү дээ. Үл ялиг хэтрүүлсэн боловч тиймэрхүү л байсан. Бүх юм нь хаалттай, үзэл суртлын л нийгэмд амьдарч байлаа. Би чинь тэр үед орчин үеийн хөгжим сонирхож хөөцөлддөг залуу  байсан болохоор илүү тод мэдэрдэг байсан  байхгүй юу. Бүх юм нь хаалттай хориотой байсан тэр үеийг. Зүгээр ардчилал нутагшихад хорин хэдэн жил хангалттай хугацаа биш үү, мөн үү гэдэг бол маргаантай асуудал байж болно. Яг зөв голдирлоороо явсан бол бүхэл бүтэн үндэстэн, бүхэл бүтэн тив улс хөгжчих хангалттай хугацаа өнгөрснийг зарим орнуудын жишээ харуулдаг. Саудын Араб бас Өмнөд Солонгос, Сингапур ч юм уу, аль эсвэл Дубай ч юм уу. Дубай гэхэд наяад онд л хоосон байсан газар. Одоо үлгэр домгийг цогцлоочихсон байж л байна.  Нөгөө бидний хаалттай боолттой хуучинсагаар  нь гайхдаг Казакстаныг хар. Астанаг харахад л олон юм хэлдэг. Гэвч аливаа юмыг үнэлж дүгнэхэд олон талын хүчин зүйлс шаардагддаг. Байгалиар энгийн жишээ авч үзэх юм бол юм нэг талаасаа гэрэлтэх боловч нөгөө талдаа дандаа сүүдэр дагуулж байдаг. Тэгэхээр дандаа сүүдэртэй талаас нь дүгнэх, эсвэл дандаа гэрэлтэй талаас нь дүгнэх биш аль болохоор дээрээс л харж байх нь чухал юм даа.

-13 жилийн өмнө  ярилцахад таны өгч байсан мессеж санаанаас гардаггүй. “Би мөн ч азтай хүн юм. Эхнэртэй, хүүхэдтэй.  Дээр нь би зурж байна” гэж та хэлж байсан. Одоо тэр хэдэн зүйл дээр нэмэх жаргал юу байна вэ. “Зурж байна” гэдэг тэр үг олон юм хэлж байсан. Мэдээж социализмын үед шог зураачид хэцүү цензурыг дааж амьдарсан нь ойлгомжтой?

-Нэмэгдэлгүй яахав. Хувь хүний амьдралд ч, уран бүтээлчийн хувьд ч. Тэр “зурж байна” гэдэг үгний ард оюун санааны эрх чөлөө тээсэн аягүй том баяр талархал байгаа юм. Өнөөдрийн энэ бидний амьдарч байгаа хорвоо ертөнцөд маш хатуу ширүүн үзэл суртлын цензур дор зовж байгаа хэчнээн олон сая хүмүүс байна вэ. Тэдний дэргэд бол бид нар үнэмлэхүй эрх чөлөөтэй амьдарч байгаа шүү дээ. Үгүй ядахдаа л гэхэд зарим орны иргэд алкоголь хэрэглэж ч чадахгүй, мэдээллийн эрх чөлөө нь хязгаарлагдмал шүү дээ. Хэчнээн материаллаг талдаа хангалуун ч оюун санааны эрх чөлөө хаагдмал боогдмол бол бас таагүй еэ.

-Тийм шүү. Хувийн амьдрал дээрээ гэхэд нээрээ та өвөө болсон байх. Гэхдээ та их залуу өвөө харагдаж байна.

-Тэгэлгүй яахав. Гэхдээ залуу гэж би чинь харин ч их оройтож өвөө болсон шүү дээ. Манай хүүхдүүд чинь хорин тав зургаатайдаа хүүхэд гаргалаа. Түүнээс биш үүнээс ч хамаагүй өмнө өвөө болчих байсан юм. Одоо манай ач чинь сургуульд орох гэж байна шүү дээ. Ирэх жил сургуульд орно.

-Ирэх намрын 9 дүгээр сарын 1-нд ачаа сургууль руу нь хүргэж өгөх бас нэгэн гайхам баяр тохиох юм байна. Үнэхээр сайхан хэрэг.

-Мэдээж сайхан хэрэг. Түрүүн ардчиллын тухай ярьсан яриан дээр би хэдэн зүйлийг нэмж хэлмээр байна. Бидний олсон энэ бүхэн өөрөө Монголын ард түмний өөрийнх нь үнэт зүйл юм. Түүнээс биш хэн нэгний, аль нэгэн намын ч юм уу дангаар харьяалагдах үнэт зүйл биш. Би намын гишүүн биш л дээ. Гэхдээ надад өөрийн гэсэн үзэл бармтлал бий, дэмжиж явдаг улс төрийн тодорхой үзэл санаа бий. Тиймээс ч дэмжиж явдаг зүйлийг маань аль нэгэн нам юм уу, хэсэг бүлэг хүмүүс дангаар эзэмшихийг санаархах нь надад таалагддаггүй. Бүх хүмүүс л оролцсон. Жишээлбэл, жанжин  Сүхийн талбай дээр цуглаанд орж байсан хэдэн зуун мянган хүмүүс бүгд сэтгэл зүрхээрээ  түрлэг болж байсан. Тийм ч учраас бидний олсон ололт, хүрсэн амжилт ард түмний өмч байхгүй юу. Зөвхөн тэр индэр дээр зогсож байсан хэдэн партизануудын өмч гэвэл энэ худлаа.  Тэгж яривал би тэр үед нам засгийн төв хэвлэлд ажиллаж байсан. “Тоншуул” сэтгүүлд, “Үнэн” сонины газарт. Тэр үеийн “Үнэн” сонин бол тухайн үеийн өөрчлөлт шинэчлэлийн бодлогын их суурийг тавихад аягүй том үүрэг гүйцэтгэж чадсан. Ялангуяа Л.Түдэв гуайн оролцоог би бол гайхамшигтай гэж үздэг.  Тэр үеийн МАХН-ын төв хэвлэл мөртлөө айхтар том том  нийтлэлүүдийг тавьж байсан, айхтар хурц юмнуудыг нийтэлж байсан. Жишээ нь, Ж.Барамсай ахын нийтлэлүүд, хийж байсан тэмцлүүдийг  Л.Түдэв гуайн удирдлага чиглэл, нөмөр түшгээс салгаж авч үзэх аргагүй. Тэгж сөрж байж л нийт сэхээтнүүдийн сэтгэлд оч нэмж, айдас хүйдсийг нь арилгах, урам зориг өгөх асар том сэтгэлийн хүчийг бэлтгэж өгсөн. Ардчилал амжилтад хүрэх нэг том суурь хөрс болсон нийгмийн сэтгэл зүйг их сайн бэлдэж өгсөн юм шүү. Одоо Ж.Батмөнх гуайн гавьяаг бид их ярьдаг шүү дээ. Үнэхээр гавьяатнууд. Тэр үеийн хэвлэл мэдээлэл, Сэтгүүл зүйд ажиллаж байсан тэр бүх хүмүүс үнэхээр их үүрэг гүйцэтгэсэн байдаг  юм аа. Би бол энийг битгий мартаасай л гэж хүсдэг. Урд талынхаа үеийн хийсэн тэр үнэт зүйл дээр гишгэлж биш, урд талын үнэт зүйлээ өргөж шүтэж, тэр хүмүүс рүүгээ нулимах биш харин ч бахархаж гарч ирвэл дараагийн үеийн амьдрал өөрөө үнэ цэн сууна шүү дээ. Би тэгж л хардаг.

-Санал нэг байна. Одоо бол манай залуус шууд чулуу нүүлгээд л хараагаад л ирж яваа харагддаг. Өөрийн салбараас харж байхад лав тийм.

-Тийм л юм билээ. Жишээ нь, ерээд оны үед зохиолчдын дунд болж байсан халуун үйл явдлуудыг би сайн мэднэ. Залуучууд бол ер нь урд тал руугаа айхтар нулимсан. Надад тэр үеийн явдал их л ёс зүйгүй санагдаж байсан. Та нарын бичсэн зохиол, хийсэн юм гэж юу байдаг юм бэ л гээд дуу дуугаа аван хашгирцгааж, түүн дээрээ дөрөөөлж гарч ирсэн. Өвөг дээдэс маань бидэнд энэ газар нутаг, энэ урлаг соёл, ядарсан ч гэсэн энэ хэдэн байшин барилгуудыг, цөөхөн ч гэсэн аж үйлдвэрүүдийг, хөдөө аж ахуйг, театр урлагийг үлдээгээд явсан. Энэ гавьяаг байнга санаж байх ёстой. Тэгж байж бид нарын үйлс бүтнэ шүү дээ. Түүнээс биш харгис хатуу коммунистаар нь, хоцрогдсон бүдүүлэг социализмаар нь дуудаад байх нь сайны үр биш. Бид нарын л туулсан түүх.

-Танаас  “Тоншуул”-ын тухай асуухгүй байх утгагүй. “Тоншуул” бол хамгийн их хатуужсан, ээдрээтэй зам туулсан хэвлэл. Тухайн цаг үедээ асар хүчирхэг индэр байсан ч алга болсон. Тэнд ажиллаж байсан олон хүнтэй уулзаж, хамт ажиллаж байлаа.  Одоо ч заримтай нь нэг редакцид байна. Тэднээс ямагт юмыг сөрж явсан, хатуужсан чанар үнэртдэг. “Тоншуул” бол та бүхний амьдралын маш чухал түүхийг шингээсэн газар.

-Тэгэлгүй яахав “Тоншуул”  бол 1935 онд гарсан Монголын ахмад хэвлэлүүдийн нэг. Одоо наян нас хүрэх гэж байна. Үнэхээр Монголын үе үеийн авьяастан, сэхээтнүүд ажиллаж “Тоншуул”-ын тогооноос төрсөн байдаг. Цэндийн Дамдинсүрэн, Бэгзийн Явуухулан гуайгаас эхлээд урт цуваа гарна. Дэндэвийн Пүрэвдорж гуай хариуцлагатай нарийн бичгийн даргаар нь ажиллаж байлаа. Миний үеийнхэн гэхэд 1980-аад онд орж байсан. Наяад оныхон нь  гэхэд л гайхамшигтай баг байсан. Монголын хошин шогийн жинхэнэ аваргууд, мастерууд байдаг байлаа. Миний бүх багш нар байсан. Намайг хүн болгосон газар учраас би үргэлж сүсэглэж, ёстой төрийн сүлдэндээ залбирна гэдэг шиг л залбирч явдаг ариун дагшин газар минь. Тэр сэтгэлээрээ зүтгэж байгаад “Тоншуул”-аа 2000 оноос хойш таван жил орчим хугацааны турш сэргээж гаргасан юм. Тэгээд яахав нөгөө шар хэвлэл, чөлөөт хэвлэлийн ид цэцэглэлтийн үе давхцаад, зах зээлийн тэр давалгааг бидний  менежмент давж чадаагүй. Одоо завсарласан байдалтай байж байгаа. 2015 онд 80 жилийн ой нь тохиох гэж байна. Олон юм хийхээр төлөвлөж байна. Бүр 1940-өөд оноос гарсан тэр дугааруудыг чадвал  бүгдийг нь гоё альбом болгоод хэвлэчихье гэж бодож байгаа. Тэр үед дөчин онд монголчууд юу сэтгэж байсан юм, яаж хошин шүлэг өгүүллэг бичиж байсан юм, хэдийгээр зарим нь инээдтэй санагдах боловч бид нарын туулсан түүх учраас чухал бас сонирхолтой гэж бодож байгаа юм.

-Байнгын л хараа хяналтад байсан хэвлэл байх.

-Тэгэлгүй яахав. Бүх цаг үеийн цензур дундуур гарсан. Тодорхой хэмжээгээр нийгмээ шүүмжлээд л,  засаад л, нийгмийнхээ аж амьдрал, ахуй соёл, иргэдийнхээ боловсрол энэ бүх зүйл дээр л хамтран зүтгэж байсан хэвлэл л дээ. Шагдайн  Цэнд-Аюуш гуайн хэлсэн үг байдаг юм. “Аль ч засгийн үед Тоншуул-ынхан сөрөг хүчин байдаг” гэж.  Мууг нь шүүмжилж л байдаг ч цаагуураа  засахын төлөө ажилладаг.  Зөвхөн муулахын төлөө биш. Одоо чинь муулахын тулд л шүүмжилдэг юм гарчихаад байна шүү дээ. Бид бол сайжруулахын тулд, засахын төлөө тэгж зүтгэж байсан. “Тоншуул”-ынхан бол тийм л хамт олон. Өнөөдөр манайхныг харахад Ц.Байды, Ц.Доржготов багш эд нар маань байж байна. Бүгд л гавьяат болсон байна л даа. Сүүлд Шагдайн Цэнд-Аюуш гуай гавьяат болсон. И.Цэрэнжамц гуай болсон байгаа. Хөгшчүүд маань эхнээсээ ертөнцийн жамаар цөөрч л байна. Хошин урлагийн авьяастан энэ цөөхөн хүмүүсээ хайрлаж байх ёстой юм шүү. Цөөхөн шүү дээ.Бид нарын хошигнож хэлдгээр Улаан номд орж устаж үгүй болохоор цөөхөн үлдэж.

-Шог сэтгүүл зүй бол өвөрмөц салбар. Гаргаж байгаа эр зоригийн хувьд гэхэд л амаргүй тэнхээ шаарддаг. Ер нь бусдыг шоглоно, шоолно гэдэг хүнд хөдөлмөр. Тийм ажил хийдэг атлаа хувь хүмүүс нь их зөөлөн, хоржоонтой, амтлаг улсууд байдаг. Бүгдээрээ сонин зөөлөн. Гайхаад байдаг юм. Ц.Байды ах байна. Ц.Доржготов гуай байна.

-Утга уянгын хэлээр бол  хүний хайлан гэж ярьдаг даа. Манай багш нар бол тийм л хүмүүс. Гоё энергитэй. “Тоншуул” дээр хүмүүс аягүй их цугладаг байсан. Миний мэдэхийн л анхнаасаа тийм газар байсан. Би бол хар багаасаа л тэр цуглаан дунд өссөн.  Нөгөө мундагууд чинь манай дээр л цугладаг байлаа шүү дээ. Д.Цоодол ах, П.Бадарч ах, Ж.Лхагва, С.Дашдооров гуай гээд л бүх мундаг зохиолчид чинь ирж буу халдаг, 100 грамм татдаг, би тэрэнд нь гүйдэг, яриаг нь чих тавин шимтэн сонсдог. Одоо бодох нь ээ тэр бүх зүйлүүд намайг хүн болгосон. Миний үзэл бодол, юманд хандах хандлага, олны дунд биеэ авч явах соёл бүх төлөвшилд асар их нөлөө үзүүлсэн ийм л гал тогоо.

-Манай Ерэнтэй ах ярьдаг юм. Өөрөө бас зурдаг байсан  юм гэнэ лээ. Тэгээд нэг удаа Ц.Байды гуай үзээд, чи бич гэсэн юм гэсэн. Тэгээд л дахиж зураагүй гэдэг. Би биедээ харгис хандсан ч юм шиг мөртлөө асар хайртай хандсан юм шиг. Хэрэв манай хүн хослуулаад яваад байсан бол тодорхой төвшинд хүрсэн нийтлэлч болохгүй л байх байж.

-Магадгүй. Б.Ерэнтэй маань хэдий-гээр надаас насаар хэд ах ч бид хоёр “Тоншуул”-ын гал тогоонд зэрэг орж ирсэн онжавууд. Анд маань сэтгүүл зүйгээсээ хөндийрөлгүй өдий хүртэл энэ гал тогоондоо буцалж, залууст үлгэр дууриал болсоор л явна. Мань эр чинь Монгол бөхийн судлаач, цуглуулагч шүү дээ. Ховор сонин зураг баримтууд нь бол мундаг даа.

-Шог зургийн ертөнцөд мэдээж маш том дэвшил хөгжил гарсан байх. Таны зургууд,  таны багш нарын зургууд дэлхийн том том каталогуудад олон гарч байсан. Одоо эргээд харахад анхны зургууд тань гэнэн санагдах үе байдаг уу. Та техникийн хийгээд үзэл санааны хувьд хэн болж хэр өссөн бэ?

-Яг шууд утгаараа ерээд оноос өмнөх шог зураг, ерээд оноос хойшхи шог зураг тэс ондоо байдаг юм. Яагаад гэвэл оюун санааны эрх чөлөө олгогдсон тэр үеэс  шог зургийн уран бүтээл цоо шинэ өнгө төрхтэйгээр жинхэнэ утгаараа дахин төрсөн гэж хэлж болохоор. Урьд нь бол бас нэг ийм захиалгат Сэтгүүл зүй гэдэг шиг зүйл байлаа ш дээ. Аргалж л хэлэх гэдэг. Далд шургуулж хийхгүй бол болдоггүй ч юм уу. Тэгэхээр уншигдах санаа нь дутуу юм уу, эсрэгээрээ буух нь олон байсан гэж би боддог.

-Харин дарагдаж байхад илүү байгаагүй юу. Далд хэлсэн айхтар зургууд тавигдаж байсан тохиолдол бас зөндөө байдаг.

-Байлгүй яахав. Би өөрийн уран бүтээл дээрээ, бүтэн утгаар нь харж хэлж байна л даа. Одоо манай ахмадуудын чинь хийж байсан юмнууд дотор айхтар юмнууд олон шүү дээ.  Арнайн Гүрсэд гуайн зурсан илүү хуруутай зураг ч гэдэг юм уу. Лениний өмнөөс зургаан хуруу гаргасан байдаг тэр зургийг жишээ нь манай Байды ах ярьдаг юм л даа. Лениний үзэл суртлаас монгол малчны ухаан бол хуруу илүү юм шүү гэж хэлсэн юм аа гэдэг ч юм уу. Яг тэр эх зураг нь одоо бий л дээ. Жишээлбэл, Ц.Байды  багшийн тэр “Дэмий шүү бага ястан” ч гэдэг юм уу шуугиан тарьж байсан зургууд бий. Тэгэхээр аливаа уран бүтээлүүдийг өөр өөрийн цаг үедээ үнэлэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэр л бид нарын үнэт зүйл. Түүнээс биш өнгөрсөн улирсан бүхнийг муу муухайгаар нь дуудаад шүлсээ хаяад байвал бид нарт үнэт зүйл гэж байхгүй болно. Тэгэхээр бид нар өнгөрсөн түүх, тэр бүх зүйлээсээ ичих хэрэггүй. Харин тэр тэсвэр тэвчээр, эр зоригоос нь, холыг харсан бодол, сэтгэл зүрхнээс нь суралцах ёстой.

-Заавал уурлаж хатуу үгийг хэлэх албагүй гэдгийг  жишээлбэл таны бүтээлээс хардаг л даа. Гашуунаар нүдсэн, хилэнтэй биш мөртлөө хэлдэг. Уран бүтээлчийн хамгийн том чанар бол эр зориг. Сэтгүүл зүйд ч ялгаагүй.  Зарим нэг шинжээчтэй уулзаад С.Цогтбаяр зураачийн ажлуудын талаар сонирхож байсан.

-Тийм үү. Судлах та нарын ажлын нэг хэсэг л дээ гэснээс 2000-аад оны дундуур Японы Осакагийн Их сургуулийн монголч эрдэмтэн нэг залуу миний уран бүтээлийг судалж эрдмийн ажил хийж байсан.Тэр нь нэг зураачийн уран бүтээл үзэл бодолд гарсан өөрчлөлтөөр дамжуулж Монголын нийгэмд гарсан өөрчлөлт шинэчлэлтийг харуулах гэсэн сонирхолтой ажил байсан шүү. Хүмүүс тэгээд юу гэж байх юм?

-Шог зураг гэдэг бол өөрөө ямар ч тайлбаргүйгээр л уншигч, үзэгч рүү орж ирдэг. Харахад л инээх юм уу уурлах, санал нийлэх, эс нийлэх цэг дээр шууд л өөрөө буудаг. Гэтэл С.Цогтбаяр зурчихаад давхар тайлбарладаг.  Жинхэнэ шог зурганд бол тайлбар илүүц шүү дээ гэхийг би жишээ нь сонсч л байсан. Та үүнд ямар хариу өгөх вэ?

-Төрлийн ялгаа гэж байна л даа. Жишээлбэл, тайлбаргүй шог зургууд бий. Тийм төрлүүд байна. Жишээлбэл, миний олон улсын үзэсгэлэн уралдаануудад зурсан зургуудад тийм хэллэг хэлбэр их бий л дээ. Тайлбаргүй, ямар ч үндэсний хүн шууд ойлгодог.  Миний сүүлийн үед зураад байгаа нэг төрөл болохоор улс төрийн шог зураг юм. Энэ нь угаасаа ихэнхдээ тайлбартай байдаг. Дэлхийн шог зургийн ертөнцөд тогтчихсон төрөл. Одоо жишээлбэл, хорьдугаар зууны  Английн түүхийг шог зургаар үзүүлсэн энэ ном байна. Дээрээ дэргэдээ өчнөөн тайлбартай тэгж байж тухайн асуудлын мөн чанарыг хүмүүст илүү нухацтай тодоор ойлгуулж чаддаг тийм өвөрмөц төрөл. Би сүүлийн жилүүдэд энэ төрлөөр нь илүү их хийгээд байгаа юм.

-Дэлхийн энэ том каталогуудад зураг нь орно гэдэг бол амьдралын  том баяр бахдал биз дээ?

-Эхлээд бол их л хөвсөргөн хөөргөн хүлээж авдаг л байлаа. Ер нь бол дэлхийн том каталогуудад улсын маань нэр ороод явж байх сайхан шүү дээ. Улсынхаа далбааг өргүүлж төрийн дууллаа эгшиглүүлэхэд тамирчин хүний сэтгэл ямар сайхан байдаг шиг л адил зүйл. Магадгүй манайд урлаг соёл, шинжлэх ухааны салбарыг үнэлэх үнэлэмж арай доогуур шиг санагдаад байдаг юм. Манайхан тэгэхдээ элдэв зүйл нэхэж уйлагналгүй урдахь ажлаа нэр төртэй хийгээд түүгээрээ таашаал аваад л жаргаад л явж байдаг бодь сэтгэлтэй, гүдэсхэн хүмүүс дээ.

-Та бол Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн. Дүрслэх урлагийн дунд сургууль бол манай авьяастнуудын өлгий. Харин  одоо энэ сургуулийн нэр хүнд, байр суурь ямархуу байдаг юм. Энэ сургуулиас та өөрийгөө юу олж авсан гэж боддог вэ?

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Би өөрийгөө бас их азтайд тооцож явдаг. Дүрслэх урлагийн сургууль бол намайг зурах, урлах эрдмийн “А” үсэгт сургасан сургууль. Хүүхэд байхдаа Пионерийн ордонд Энхболд гэж багш маань байлаа. Бараг гурав дөрөвдүгээр ангиасаа эхлээд найм төгстлөө Пионерийн ордны зургийн дугуйланд явж мэргэжлийн дөртэй болно шүү дээ. Тэгээд л Дүрслэх урлагийн дунд сургуульд элссэн. Дээд мэргэжилтэй ч биш. Нөгөө диплом миплом шинжилдэг хүмүүсийн  үнэлэмжээр бол жишээлбэл УИХ-ын гишүүн Х.Баттулга бид хоёр чинь хоёулаа тусгай дунд боловсролтой хоёр байхгүй юу (инээв). Гэхдээ хуучин шиг элдэв эрээн цаас худал үнэн дипломоор хүнийг хэмждэг нийгэм биш, авьяас чадвараар нь ур ухаанаар нь үнэлдэг цэгнэдэг зах зээлийн ертөнц юм болохоор энэ нь наддаа хаваасаг. Тэгээд тэр үед нөгөө гайхамшигтай ийм нэг үе таарсан юм. Хойно төгссөн, маш мундаг авьяаслаг залуу багш нар ирсэн үед бид нар таарсан.  Одоо энэ Б.Пүрэвсүх багш, С.Элбэгдорж гэж багш байлаа С.Дондог багш байсан. Тэр үед Д.Амгалан багш өөрөө надад  зохиомж зааж байлаа, Ц.Бүдбазар гэж багш хар зураг зааж байлаа, Ц.Мөнхжин багш дизайн зааж байлаа гээд бодох юм бол би шилдэг уран бүтээлчдээр сурах эрдмийнхээ цагаан толгойг заалгасан хүн. Одоо би тэр школоороо бахархдаг. Орост Репиний академи төгссөнөөрөө бахархдаг бол  тэр үеийн дүрслэх төгссөнөөрөө Монголын зураачид бахархдаг л даа. Магадгүй би өөрийнхөө савныхаа хэмжээгээр л тэр багш нарынхаа авьяас  мэдлэгээс хутгаж авахыг хичээсэн. Манай багш нар эхлээд та нар энэ академик боловсролоо аягүй сайн авах ёстой. Төгссөн хойноо та нар яаж уянгын халил хийх нь та нарын хэрэг. Одоо бол та нар зөв зурж сур, академик боловсролоо сайн ав гэж л загнадаг байсан. Хамаагүй зурах гэсэн хүүхдүүдийг дардаг байсан. Тэр нь их зөв байсан юм байна гэж би хардаг. Одоо болохоор чөлөөт сэтгэлгээ урсгал изм гээд хар нялхаас нь хүүхдүүдийг эвдээд байна уу даа гэж боддог. Морь зөв сайн зурж сурчихаад модернизм гэхгүй бол суурьгүй байшин шиг логик дараалалгүйгээр өнгөн талаас нь үнэ цэнгүйгээр хуулдаг зуршил хэлбэрдэлт газар авах нь уу гэж эмзэглээд явна.

-Таныг цэргийн алба хаасан гэж сонссон. Энэ их сонирхолтой баримт юм шиг санагддаг юм.

-1986 онд нөгөө их сүрхий цэрэг татлага явагдсан жил шүү дээ. Улс төрийн байдал ер нь их эвгүй байсан юм шиг байгаа юм. Тэр үед их хатуу цэрэг татсан. Манай “Үнэн” сониноос зургаан хүн татагдаж байсан. Манай Шархүүгийн Батмөнх, би гээд зургуулаа татагдсан. Дөрөв нь мултарсан. Би явсан хоёрын нэг. Армид алба хааж байхад хойшоо цэргийн сургуульд, сэтгүүл зүйн сургуульд яваач гэсэн тийм бичиг ирж, санал тавьж байсан л даа. Би зөвшөөрөөгүй, албаа хааж ирээд “Тоншуул”-даа л үлдсэн. Би тэр үеийн “Үнэн” сонинд ажиллаж байсан залуусаар бахархдаг. Одоо ч монголын сэтгүүл зүйн түүчээ болж яваа шүү дээ. Одоо манай Б.Цэнддоо байж байна. Хар бор тодотголтой олон Батмөнхүүд байна. Бид нар нэг эвлэлийн үүр дээр харьяалагддаг байлаа. Тэгээд арай ах үеийнхнээс Ц.Балдорж ах байна. Танай Б.Ганболд байна. Ахмадуудаас  дурдвал тоолох аргагүй бүгд л аваргууд. Сэтгүүл зүйн маш гайхамшигтай гал тогоо байсан байгаа юм. Л.Түдэв гуайн удирдлаган доор. Жинхэнэ нөгөө ёс зүйн алдаа мадаг тэр зүйлийг  барьдаг,  Монголын сэтгүүл зүйн маш халуун гоё гал тогоо байсан. Сүүлд нь Ц.Балдорж гуайн байгуулсан сонин хэвлэлийн байгууллагууд бол бас л мундаг гал тогоо. “Өнөөдөр” сонин маш олон чадварлаг сэтгүүлчдийг гаргаж ирж байсан. Ц.Балдорж гуай бол сэтгүүлчид, уран бүтээлчид  дангаараа бие даасан сэтгүүл зүйн бодлого явуулж болох юм аа гэдгийг амьдрал дээр баталсан хүн.  Энэ өөрөө бизнес байж чадна. Хэний ч хамааралгүй, хэний ч гар хөл бололгүйгээр бусдад хатуухан дуугарсан ийм айхтар хүчирхэг зэвсэг байж чадна гэдгийг баталсан юм. Монголын сэтгүүл зүй унаж босоод янз бүрийн өвчин тусаад л явж байна. Одоо түргэн, нөгөө тусаж амжаагүй юм аа тусаад, хурдан хугацаанд цэгцрээд яваасай. Би Монголын сэтгүүл зүйн ирээдүйг өөдрөгөөр л харж байгаа. Одоо танай “Open door” сонин байна.  Хүчирхэг сэтгүүлчид тусдаа гараад, өөрийн гэсэн зовлон жаргалаа эдлээд явж байна. Чи магадгүй нэлээн залуу насандаа туулах ёстой байсан өвчнөөр одоо өвдөж байгаа байхгүй юу. Чи түргэн босч ирээд улам цаашаа итгэлтэй алхана шүү дээ. Би үүнд асар итгэлтэй байна. “Монгол HD”  телевиз ч гэдэг юм уу, “Тойм” сэтгүүлийн маш чадварлаг багууд байна. “Блүүмберг” телевиз байна. Сэтгүүл зүйн эталон жишиг болсон хамт олон, шинэ баг залуучууд байна шүү. Бас “Монгол тулгатны 100 эрхэм“, “100 чухал сэдэв“ гээд л бие даасан брэнд нэвтрүүлгүүд хүртэл гарч ирж байна.Манай нийгэмд яг одоо байгаа өгөгдөл боломж дээр ёс зүйтэй, үзүүртэй, уншууртай, шилдэг нийтлэл нэвтрүүлэг хийж болох юм байна гэдэг жишээг энэ залуус харуулж бусдадаа урам зориг итгэл өгч байгаа юм биш үү? Яг спортынхны авсан алтан медаль нь дараагийн амжилтын суурь дэвсгэр болдог шиг. Гэхдээ улстөрчдийн урт гарт өртөөд замын дундаас эргэж буцан элдэв бохирт хутгалдчихгүй бол шүү дээ.

-Та Арт аялал гэж хийж байна. Таны залуу насны мөрөөдөл байсан уу.  Энэ төслөөрөө дамжуулж та нар нийгэмдээ юу хэлэх гэсэн юм.  Мэдээж энэ бол сэтгүүлч хүний хувьд атаархмаар ажил.  Өөрөө яваад л, нүдээрээ үзээд л… Сая та бид хоёр хамт нэг үзэсгэлэн үзлээ. Маш гайхалтай үзэсгэлэн.

-Яахав амьдралын нэг том нэг үнэт зүйл бол хүний найз нөхөд байдаг л даа. Найз нөхдийн үнэнч нөхөрлөл. Энэ зүйл дээр үндэслэгдсэн энэ ажлууд ихэнхдээ ашиг сонирхлын бус, үнэн сэтгэлийн, гэрэлтэй гэгээтэй үйлүүд байдаг. Жишээлбэл, Д.Сосорбарам, С.Цацрал бид гурав бол хэн нь ч хэн ч биш байхдаа хар багаасаа нөхөрлөсөн улсууд.  Жоохон хүүхдүүд, годгоносон залуус л явлаа. Би нэг дөнгөж “Тоншуул”-д орчихсон, С.Цацрал дөнгөж “Үнэн” сонинд орсон гэрэл зурагчин залуу, ийм ч нөхөр байгаагүй хөөрхөн гуалиг залуу байлаа. Соо бас зүгээр нэг годгоносон өндөр бор залуу, Драмын театрын жүжигчин. Ийм л гурав анх нөхөрлөж эхэлсэн түүхтэй. Энэ нөхөрлөл урт удаан аяны замыг туулж явсаар одоо хижээл насны эрчүүд болжээ. Өөр өөрсдийн салбарт бас юм юмаа хийсэн идэр эрчүүд болж. Мэдээж бидний мөрөөдөл дүүрэн байсан. Хэлтлээд яваад л байсан. Одоо ч хийх зүйл зөндөө байна. Дотооддоо бид нар ийм Арт аялал үзэсгэлэнгүүд бас нэлээн гаргасан юм. Баянхонгорын “Бичигт хад” гэдэг дагшин сайхан газар дээр анх Элчин сайд С.Хүрэлбаатар ахтай хамт очиж үзэж байлаа.  Бүүр тэр дээр ярьж байгаа яриа хажууд юм шиг сонсогдож байсан, яг л байгалийн анфитеатр. Тэгээд энд бүгдээрээ тоглолт хийе гээд, тэр намраа бид нар очиж тоглолт хийсэн. Яг “Бичигт хад” гээд арван хэдэн мянган жилийн түүхтэй, сүг зураг зурсан бүхэл бүтэн галерей байна л даа. Яг тэнд нь Цацаа бид хоёр үзэсгэлэн гаргаад, тэр сүг зургуудтай хамт шог зураг, фото зургийн үзэсгэлэн гаргаж байгаа юм. Со уран бүтээлээсээ дуулаад, дуурийн дуучин Ө.Уянга ари дуулаад Г.Равдан ах шүлэг найраг, өгүүллэгүүдээ уншаад гайхамшигтай үдшийг бид өнгөрөөж байсан. Тэгээд тэрийг нь нутаг нугийн ардууд ирж үздэг. Зөвхөн тэр орон нутгийн хүмүүс үзээд бас дээр нь биднийг дагаж явсан залуучууд л байсан гэхээр ёстой нөгөө азтай хийморьтойд нь үзэгдээд гэдэг шиг гоё тоглолт болж байсан шүү. Дараа нь бид “Хамрын хийд”-эд бас тоглолт хийж байсан. “Хамрын хийд”-ийн диваажингийн орны голд монгол гэрийн ханыг дугуйруулж тавьж байгаад үзэсгэлэнгээ гаргаж, орой нь Соо тоглолтоо хийгээд ямар гоё байсан гэж санана. Сүүлд нь бид “Сүхбаатар” хөлөг онгоцон дээр  үзэсгэлэнгээ гаргаад орой нь Соо дуулаад, “Илүү сартай зун” киноны 20 жилийн ой гээд нөгөө Ариунаа Соо хоёр чинь тэнд 20 жилийн дараа “Сүхбаатар” хөлөг онгоцон дээр уулзаад нутгийн олон түмэн, жуулчид үзээд.  Тэр бол бид нарын сэтгэлийн кайф. Удалгүй бид гадагшаа ийм Арт аялал гэдэг төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Энэ аялал Монголын түүх соёлын дурсгалт зүйлүүдийг олох, эрэх хайх, тодосгох бүртгэх зорилготой. Тэгээд манай энэ аялал дээр Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун нэгдсэн. Монголын түүхийн төлөө маш ихийг хийж байгаа залуу. Бид нар ноднин Санкт-Петербургт очоод С.Цацрал бид гурав Козловын гэр музейнхэнтэй холбоо тогтоогоод ажилласан. Ингэж бид Монголын холбогдолтой маш олон гэрэл зургуудыг нээсэн. 2000  гаруй урьд нь огт дэлгэгдэж байгаагүй зургууд. Оросын тал юу гэж байсан гэхээр энд танай маш их юм байна аа, энийгээ аваад юм болгооч ээ гэсэн. Тэгээд бид нар тэнд бас гэрээ хэлцэл хийгээд сая очиж тэр зургуудаа авч ирээд үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ  л дээ. Үнэхээр ховор, урьд өмнө нь хэвлэлд нийтлэгдэж байгаагүй зургууд. Г.Вандан аваргын анхны зураг байна.  Козловын авсан тэр зургууд ямар гайхамшигтай вэ. Одоо гарч ирж байгаа сүмогийн шинэ од нөгөө А.Ичинноров чинь Вандан аваргын удам юм гэсэн ш дээ. Бас тийм түүхэн зураг байдаггүй юм шиг байна. Нийслэл хүрээн дээгүүр анх удаа төмөр шувуу нисч байгаа зураг гээд.

-Германы онгоц буучихсан байгаа зураг байна.

-Тийм, тэр нь “Юнкерс” гэдэг онгоц. Д.Нацагдорж зохиолчийн л гэхэд чинь урьд нь нийтлэгдэж байгаагүй өчнөөн зураг гарч ирж байх жишээтэй. Тэгээд тэр дундаа түүхийн маш ховор олдворууд баримтууд олдлоо. 1920-1950-иад он хүртэл ажиллаж байсан Монголын комиссын тайлангуудыг бүгдийг нь олж авсан. Тэр чинь хүний газрын нэг буланд л тоосонд дарагдчихсан хэвтэж байгаа тайлангууд байж байдаг. Монголд маш их хэрэгтэй баримтууд байхгүй юу. Маш ховор үнэтэй баримтууд.  Энэ зүйлүүдийг давхар бүртгэж  бүртгэлжүүлж байна.

-Та бас twitter-т ороод удаагүй байгаа?

-Бүүр дээр нээгээд таг мартсан байсан. Facebook-тэйгээ   ноцолдоод. Twitter-т идэвхитэй жиргээд гурван сар болж байна. Гэхдээ 4360 орчим дагагчтай болсон гэхээр чамгүй амжилт шүү гэж  найзууд урамшуулж, тэрэнд нь хошгирч жиргэсээр нэлээд гүн орох шинжтэй. Манай нэг дүү “Цогоо ахаа та энэ янз бүрийн юман дээр арай л айхтар хурц юмнууд хийгээд байгаан биш үү” гээд, тэгээд гайхсан чинь миний нэрээр хүмүүс юм нээчихсэн. Нарийн бүдүүн цариг гэсэн маргаан явж байна. Тэгээд би биш шүү гээд өөрөө орсон нь энэ. Бас энэ орчинд үзэл бодлоо илэрхийлэх ёстой юм байна. Хоёрдугаарт, энэ шинэ технологийн дэвшил бидний амьдралд орж ирж байна. Магадгүй бид нар аягүй том өөрчлөлтийн бас нэг туршилтын туулай болж байна л даа. Процесс яг явагдаж байна. Химийн шинжлэх ухаанаар бол бодис буцалж байна. Тийм болохоор бид эцсийн үр дүн юу гарахыг мэдэхгүй. Дүгнэлт өгөхөд хэцүү. Блог энэ тэр чинь ердөө үзэгдээд л өнгөрлөө ш дээ. Тэгээд дараагийн маш олон шинэ шинэ зүйлүүд гарч ирж байна. Тэгээд тэрийг нь бид нар бүрэн хэрэглэж чадахгүй. Надад бол ингэж санагдаад байгаа юм. Хүмүүс ингээд зэрэгцээ орчин үүсгээд, өөрийн бие биш мэт зүйлд зэрэгцээ орчинд амьдрах өөр өнгө төрхөнд хувирах боломжийг нээж өгч байгаа байхгүй юу. Зүгээр нэг хэн ч тоодоггүй, нэг тийм дорой ноомой нөхөр маш гайхамшигтай суртаалч, баатар эр болох тэр боломжийг тэр зэрэгцээ ертөнц өгч байна  ш дээ. Магадгүй нэг тийм зүс гундуухан ч юм уу, хэн ч эмэгтэй хүнийх нь хувьд харж байгаагүй тэр эмэгтэй хорвоод байхгүй гоо бүсгүй байх тэр боломжийг тэр зэрэгцээ ертөнц өгч байгаа байхгүй юу. Ажил дээрээ ажил хэрэгч чухал бүсгүй адгийн биеээ үнэлэгч шиг аашлах тэр араншинг энэ ертөнц олгож байна шүү дээ. Тийм болохоор энэ өөрөө дүгнэлт өгөхөд хэцүү ертөнц. Яг л аватар шиг чи холбогдоод өөр дүрээр өөр өнгө аясаар хүмүүст харагдаж эхэлж байгаа хэлбэр. Ихэнх нь нэр нь байхгүй, зүс нь байхгүй мөртлөө  ямар нэгэн дүр тэнд оршоод байгаа нь бас сонирхолтой. Одоо танхай эмээ ч гэдэг юм уу, юу гэдэг ч юм. Үлгэр домог шиг юм тэнд байж байдаг. Тэгэхээр хүмүүс нөгөө өөрөө хүсч байсан, өөртөө байхгүй байсан, авах юм сан гэж мөрөөдөж байсан тэр мөрөөдлөө олж авах боломжийг л зэрэгцээ ертөнц нь амсуулж байгаа болохоор ингэж их донтож, ингэж их тэмүүлж байна шүү дээ.

Үлгэр домог, хүсэл мөрөөдөл, ад мөрийн тачаал нь биеллээ оллоо ч гэж хэлж болно, хэтрүүлбэл. Тэгээд эдгээр нь зарим хүмүүсийн ёс зүй цөвүүн цагийн өнгө төрхнөөсөө шалтгаалаад нөгөө жорлонгийн ханан дээр эрээчдэг шиг ёс зүйгүй, хог хамаг нус цэр, хамаг хараал ерөөлийн овоолго болчихоор тэрийг самардаад уншиж байгаа эгэл хүмүүст хүртэл элдэв муугаар нөлөөлөөд байгаа байхгүй юу.

-Тэгэхээр одоо яах уу?

-Тэгэхээр энийг яаж номын сан шиг мэдлэг түгээдэг газар болгох вэ. Яаж сүм хийд шиг ариусал өгдөг газар болгох уу. Яаж сэтгэл зүйч шиг хүнд тайвшрал өгдөг газар болгох вэ. Яаж энэ нэвтэрхий толиуд шиг хүний асуусан асуултад хариулдаг тийм танин мэдэхүйн том толь болгож болох уу. Яаж хайрын ордон шиг бие биендээ хайр түгээж байдаг, гэрэлтэй гэгээтэй ийм газар болгох вэ гэдэг дээр бид нарын оролцоо бас хэрэгтэй юм шиг байгаа юм. Тийм учраас нийгэмд байгаа идэвхитэй нэг иргэнийхээ хувьд энэ талаар би өөрийнхөө хэлээр санал бодлоо хэлж чадна. Хүн бүр л дор бүрээ хичээх юм бол чи жирийн нэг навч нь болсон энэ аварга мод муруй тахиргүй эгц шулуун ургаж сайн сайхны үр жимсээ бидэнд харамгүй хайрлана шүү дээ. Тэгэхээр энэ дунд байгаа хүмүүс өөрсдөө өөрчлөгдөж байж энийг өөрчлөх юм шиг байна. Өөрсдөө бид нар өөрчлөгдөж чадахгүй бол тэр хогийн том овоолгоны нэг эд эс нь болоод л, бүгдээрээ ялзраад л, үнэр үнэртүүлээд, ялаа эргэлдүүлээд явж байх гээд байгаа байхгүй юу.

-Эхлээд бухимдах гээд байдаг юм билээ. Та тэгсэн үү?

-Нэг тийм даван туулах ёстой үе шатууд байдаг шиг байгаа юм. Мах цусанд төрсөн хүн л юм болохоороо мэдээж уурлана, бухимдана шүү дээ. Гэлээ гээд яахав эрхбиш элдвийг үзэж туулсан нэг эрийн хугархай шуу юм болохоороо бас ч гэж хохирол багатай гарсаан, түүнээс нь. Хөглөсөн будилсан юм нэлээд бий. Сайн зөвлөгчдийн хүч ачаар бас ч гэж гайгүй ээ.

-Та гаднаасаа их дөлгөөн харагддаг. Гэхдээ хүнд бухимдах, тэсрэх үе олон тохиолддог. Ийм үед өөртэйгөө ажилладаг арга барилыг тань сонирхмоор байна?

-Уур биеийг зовооно,  уул морийг зовооно гэж үг бий. Уурласнаар, харааснаар юм бүтдэг, алдаа засагддаг бол баруун зүүнгүй шүршмээр.Тэгдэггүй нь сайхан юм даа, харин. Хүн л юм болсон хойно элдэв зовлон бэрхшээл алдаа эндэгдэл байна аа байна. Ерөнхийдөө бол би хүнд үед хөгжим их сонсдог. Мэдээж сайн хань, ах дүүс, сайхан найз нар хамгийн сайн ерөндөг шүү дээ.

-Та шашинд бас нэлээн хүндэтгэлтэй, гүн ч гэж хэлж болохоор татагдсан хүн байж магадгүй. Ээжтэй тань холбоотой нэг дурсамж сонсч байсан. Тэр үед та тийм хүчтэй шийдвэрийг юуны хүчээр гаргасан юм бэ. Энэ талаараа манай уншигчдад ярьж өгөхгүй юу?

-Ээж маань их хүнд өвчтэй, аппаратанд залгуулаад сэхээнд нэлээд удсаны дараа нэг орой эмч нар нь хүүхдүүд биднийг  нь дуудаж “Одоо найдлагагүй боллоо. Ар гэрээс нь зөвшөөрөл авч аппаратыг нь салгая” гэсэн. Хэдэн муу охин дүү нар маань миний амыг л харна шүү дээ. Ээж битгий их зовоогоорой гэсэн, одоо яах вэ, ах аа гээд л. Соо найз маань ч тэр үед оччихсон хамт байсан юм. Би бодож байгаад “Ээжийгээ би нар үзүүлнэ ээ, харанхуй шөнөөр салгахгүй” гэж түс тас хэлээд үргэлжлүүлж сахиж хоносон. Гэтэл юу болсон гээч, тэр шөнөөсөө даралт нь тогтворжиж, дараа өдрүүдэд нь бүр сайжирсаар долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан. Ёстой гайхамшиг гэж тэрийг л хэлдэг байх. Хэдэн хүүхдийнх нь заяа ээжийн минь буян түшсэн дээ. Тэрнээс хойш бүтэн хоёр жил бидэндээ нар болж, үр ач нараа хүртэл өчнөөнөөр нь үзэж бидэндээ буянаа хайрлаад бурхан болсон доо, миний ээж. Тэгэхэд л би салгана гээд хэлчихсэн бол гэж хэзээ хойно нь хүртэл айдас төрдөг юм. Соо маань нүдээр үзсэн тэр зүйлээ эх үрийн эгэл бус нандин холбоос хэмээн лекцэндээ хүртэл оруулчихсан ярьж, хүмүүс сонсоод уйлж байхыг нь хүртэл би харсан.

-Гайхалтай дурсамж юм. Та ээжийгээ ч юм уу, эхнэрээ, эсвэл натур зурж байсан уу?

-Шог зураач хүний нэг зовлон тэр шүү дээ. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, уран зураач найз нар маань ээжийгээ, эхнэрээ магтсан дуулсан уран бүтээл хийгээд л базари юко үнэлгээ аваад л явж байхад би ганц коко ч байхгүй шүү дээ. Хайрладаг хүмүүсээ шоглож зурж уурлуулалтай нь биш. (инээв)

-Хамгийн сүүлд та ямар зураг зурав. Ер нь өдөр болгон тамирчин шиг бие халаалттай байх ёстой юу. Эсвэл шог зураач хүн үзэл санааны хувьд өгөгдөхүүн ирсэн үед зурдаг юм уу?

-Манайхан ер нь бол залхуу хүмүүстээ тооцогдоно шүү дээ. Гаднын уран бүтээлчдийн хажууд бол ер нь их залхуу. Цөөхөн юм хийдэг, боломж бололцоогоо ашиглаж чаддаггүй, ашиглаж чадах тэр механизм нь байдаггүй. Нөгөө талаас хүнийг шахдаг амьдралаар нь, санхүүгээр нь, хэв маягаар нь шахдаг тийм нийгэм биш л дээ. Тайван нийгэм учраас хүмүүс нь их цалгар назгай. Хэрвээ чи гадаадад амьдарч байгаа Монгол зураач бол зураг зурахгүй бол чи амьдарч чадахгүй учраас байнга зурж байгаа байхгүй юу. Байнгын тийм дасгал сургууль тархины тийм юм хэрэгтэй л дээ. Би бол одоо олон нийтийн сүлжээ энэ тэрийг  зөв юманд ашиглая гэж бодож байгаа. Ялангуяа twitter-ийн тэр хурдан сэтгэдэг ч юм уу, тэр трэндүүд ч юм уу тэр зүйл надад их бүтээлч түлхэц өгч байгаа гэж бодоод байна. Тэгэхээр би үүнд ихээхэн сонирхож шохоорхож орж байгаа. Гэхдээ болж өгвөл гэрэлтэй талд нь л байхыг хичээгээд байна. Хэрвээ чи хөл алдаад л тэр сүүдэртэй талд нь орчихвол тэрнээс гартал бол өдий шүү дээ. Ер нь надад бол бүтээлч талаасаа их нөлөөлж байгаа.

-Та одоо компьютер дээр зурж байна уу. Яг харандаагаар цаасан дээр зурж байна уу?

-Ерөнхийдөө бол уламжлалт аргандаа  үнэнч. Хажуугаар технологийн дэвшил шинэ цагийн өнгөн дээр ирж байгаа энэ боломжуудыг ашиглаж, цаг үеэсээ хоцрохгүй байхын үүднээс элдэв техник шинэ содон зүйлийн хоббигоо бас хөгжүүлээд явах сонирхол хүсэлтэй. Хааяа санаа байвч яалт ч үгүй сачий дутах юм даа, настай амьтанд чинь.(инээв)

-Комиксын хөгжилд бол та том хувь нэмэр оруулсан уран бүтээлч гэж би хувьдаа боддог. Одоо манайд комиксын байр суурь хэр тэлсэн бэ. Хөгжлийнхөө ямар үед яваа бол?

-Комикс бол миний сонирхож байх үед нөгөө нэг цаг нь болоогүй бол юу ч болохгүй гэдэг шиг арай эрт байсан юм шиг байна. Борхүү, Одхүү, Төмөрхүү гэж комикс хийж байсан үе. Гэхдээ л тэр үедээ арван таван мянган хувь хэвлэгдээд, борлогдож байсан тийм л комикс л доо. Түүх юм. Тэрийг их олон залуучууд үзэж харж өссөн л байдаг юм. Одоо манай шавь нар, залуучууд янз бүрийн хүмүүс комикс их хийж байна. Мундаг цувралууд гарч ирээд, өөрсдийн гэсэн баатруудтай болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл энэ салбарт илүү ихээр монгол контент хийж урлаж бүтээж үндэсний соёл уламжлал түүхээр нь хүүхэд залуусынхаа тархи толгойг нь цэнэглэж өгөх хэрэгтэй байгаа юм. Одоогоос хэдэн сая жилийн өмнө үхэж үрэгдсэн тэр батаарын ясанд зарцуулах мөнгөнөөс илүү ихийг амьд байгаа ургаж цэцэглэж итгэл үнэмшил, хандах хандлага нь тогтож байгаа энэ хүүхдүүддээ тэднийхээ оюун тархинд нь оюуны талх  байх эдгээр зүйлд илүү анхаарч явмаар байгаа юм даа. Яг яс юман дээрээ тэр Батаар палентологийн олдвор болохоос соёлын үнэт өв биш шүү дээ. Дэлхийгээр л нэг байдаг. Одоо дор хаяж Эрээнд л өчнөөнөөрөө байж байна ш дээ.

-Та өөрийн номоо хамгийн сүүлд хэзээ гаргалаа?

-Би 2011 онд нөгөө Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэсэн дээ.12 дугаар сарын 29-нд тэр өдрийг анх удаа тэмдэглэдэг болж, Ерөнхийлөгч зарлиг гаргасан биз дээ.  Тэр өдөр  Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг цол авсан л даа. Мундаг юм бүтээсэн, хийсэн ахмадуудтай хамт Төрийн ордонд есөн хөлт цагаан тугийн дэргэд тийм нэр хүндтэй шагнал ард түмнийхээ итгэл хайр хишгийг Ерөнхийлөгчийн гараас авна гэдэг бол бас бахархалтай л хэрэг. Тэгээд нөгөө олны жишгээр найзууд за, хэзээ тэмдэглэх гэж байна гээд би бас яг тэр тухай бодоогүй байсан чинь хүмүүс  их яриад байдаг юм байна. Тэгээд олны жишгээр “Баянгол” зочид буудалд нэг ийм цайллага хийлээ. Би бас өвөрмөц маягаар хийе гэж бодсон. Яасан гэхээр би хэн юм бэ. Юу хийсэн юм бэ гэдгээ харуулъя гэж бодсон. Тэгээд үүдний өрөөнд нь үзэсгэлэн гаргасан, шог зургийнхаа. Номоо хэвлэсэн. Тэгэхэд сүүлийн ном  хийсэн нь тэр л дээ. Ирсэн зочдодоо бүгдэд нь номоо, ил захидал, тэгээд календарьтай өгсөн юм.  Манай найзууд бэлэг өгдөг л найр үзсэнээс биш бэлэг авдаг найр үзсэнгүй гэж  бас хошигнож л байсан л даа.

-“Монголын нэг өдөр” бол  гайхалтай зураг уу. Марзан Шарав гуайн?

-Өө, гайхалтай гайхалтай. Тэр бол гайхалтай бүтээл. Тэр бол бас нэг үзэгдэл шүү дээ. Монголын соёлын нэг том өв. Тэндээс хийсэн бүхэл бүтэн ном харж бай-сан л даа, Японы. Бүр детал деталиар нь судалж хийсэн. Газар тариалан нь ийм байсан байна. Мал аж ахуй нь ийм байсан байна. Аж амьдрал нь ийм байсан байна. Хоорондын дурлал хайр, секс нь ийм байсан байна гээд. Бүр бүлэг бүлгээр нь деталчлаад хийчихсэн зузаан ном. Тэгж л судлах ёстой байхгүй юу.  “Монголын нэг өдөр”-ийн маягаар шинэ цагийн Монголын амьдралыг хошиноор харуулсан тийм зураг хийх гэж оролдоод нэлээд хэдийг зурчихсан байгаа. За, улстөрийн шог зургуудаар нэг ном гаргах байх. Түрүүний чиний асуу-гаад байсан нөгөө тайлбаргүй шог зургуудаар нэг ном гаргана. Шавь нартайгаа, уран бүтээлч андуудтайгаа  хамтарч нөхөрсөг шогоор бас  үзэсгэлэн ном энэ тэр хийх санаа оноо мөрөөдөл зөндөө.

-Нөхөрсөг шог гэдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Агуулгын хувьд бол адилхан л шүүмжилж байгаа биз дээ?

-Социализмын үед л өгсөн нэр томьёо л доо. Манай ахмадуудад бие биенийгээ зурсан зураг их л байдаг юм. Ж.Саруулбуян ах жишээ нь, “Хоч хөрөг” гэж нэршүүлбэл ямар вэ гэж хэлж байсан болохгүй юмгүй л мэт. Сонирхолтой гоё төрөл. Ц.Жандал гэж мундаг мастер байлаа. Миний үеийнхнээс А.Бат-Эрдэнэ, Ц.Оргил нар энэ төрлөөр дагнан бүтээлээ хийж байна. Отгон шавь Гал-Од маань цахиур хагалахаар мундаг зураач гарч ирсэн дээ. Нөгөө мөн ч олон жил бидний-гээ баясгана даа гэдэг шиг.

-Өө, тийм үү. Сайхан мэдээ байна.

-Үнэхээр цойлсон авьяас.

-Эртээр тань руу залгахад та “Өгөх өдөр” гэж нэг арга хэмжээтэй тухай хэлж байсан. Ямар ажилтай яваа юм бол доо гэж бодож байлаа.

-“Өгөх өдөр”-ийн тухайд хэсэг залуус ийм сайхан санал санаачилга гаргаад  тав дахь жилийн нүүр үзэж байна. Эхний жил нь Удвал гэдэг, их ховор хүнд хэцүү өвчний оноштой хүүхдэд туслах хөдөлгөөнөөр эхлүүлж, урлаг соёлынхон хандивын том тоглолт хийсэн. Бас оюутан залуус хүртэл сайн дураараа тусламжийн хайрцаг аялуулах зэргээр өчнөөн ажлыг маш богино хугацаанд чадварлаг зохион байгуулж, өчнөөн сая төгрөг босгон эмчлүүлсэн. Энэ явдал нь их урам зориг зохион байгуулагч залууст өгсөн. Одоо тэр охин эрүүл саруул, инээж хөхрөөд явж байгаа нь хэчнээн сайхан. Хэрвээ хүсэх л юм бол сайхан сэтгэл, бусдад туслах нинжин сэтгэлийг төвлөрүүлж их зүйлийг хийж болно гэдгийг харуулсан даа. Дараа нь “Өглөгч мод” хэмээх хүүхдийн ном хэвлүүлж тараасан, ядарсан зүдэрсэн, боломж бололцоогүй олон хүнд тусалсан гээд дурдвал өчнөөн зүйл бий. Энэ жилийн онцлог нь яруу найрагч Тоомойн Очирхүү ахын ”Хүмүүсээ бие биендээ урам хайрла” гэдэг шүлэгт Чука маань ая хийж, Харангийн Лхагваа, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар дуулсан. Чин сэтгэлийн өглөг гэдэг юу юм гэдгийг хүмүүст ойлгуулах зорилготой юм. Бас зөвхөн материаллаг зүйл бус чин зүрхнээс гарсан урмын үг, бусдыг хайрлах хайр бидэнд ямар хэрэгтэйг ойлгуулах тийм өдөр гэж би ойлгодог юм, энэ өдрийг. Ийм зөв дадлыг удаандаа өөрсдөдөө оршоож чадвал бидний нийгэм улам гэрэлтэй гэгээтэй болно шүү дээ. Нээрээ энэ жилийн “Өгөх өдөр”-өөр удахгүй бие биендээ, дотнын хүмүүстээ чин зүрхний үгээрээ урам хайрлах Challenge давалгаа эхлүүлнэ. Танай сониныхон ч нэгдээрэй. Чин зүрхнээс гарсан халуун дулаан үгээр урам хайрлах давалгаа юм шүү.

-За. Ингэхэд би танаас улс төрийн өнөөгийн байдлыг асуугаагүй. Өчигдөр Соо ахын яриаг үзлээ. Өнөөгийн улс төрийн байдал таны андыг нэлээд бухимдуулж байх шиг байна. Уучлаарай, ганцхан таны андын бухимдал биш гэдгийг тодотгоё. Зүгээр танаас улс төр асуухдаа түүнийг барьж асуух шийдэл арай дээр юм уу гэж бодлоо. Чухам юу болоод байна вэ. Таны бодол, ажиглалт сонин байна?

-Би үзэж амжилгүй байж байгаад интернэтээс бичлэгээр харлаа. Би муу хоёр найзаа хэнээр ч муу хэлүүлэхгүй гэж бодож, харамлаж явдаг хүн. Зөв шүү дээ. Соо ингэж бухимдаж, шатах нь аргагүй. Өөрсдийн залуу халуун насандаа өчнөөн дарамт шахалт, хүнд хэцүүг сөрөн тэмцэж зүтгэж байж олсон ардчиллын тэр их үйл хэрэг үнэт зүйлс нь хэн нэгэн албан тушаалтан, мөнгө өнгө хөөсөн улс төрийн  янхнуудын гай түйтгэрээр ингэж нэр хүндээ алдан, шавар шалбаагт хутгалдаж байхад ингэж бухимдаж тэсрэхгүй яах юм.  Нандигнаж явдаг зүйлийг нь хэн нэгэн хэсэг бүлэг шаарнууд сэмлээд, самраад, мэрээд байхаар зүгээр хараад суух уу. Одоогийн энэ муулаад өөчлөөд байгаа заримыг нь давсагандаа байхад түүхийн хүрдийг эргүүлж, агуу үйлийг бүтээж, бүхэл бүтэн нийгмийн байгууллыг өөрчилж явсан гавьяатай хүмүүсийн нэг нь энэ хүн. Хийсэн юмтай хүн хэлэх үгтэй байдаг гэж боддог. Харин ч хэлье гэснээ хэний ч өмнө нүүр бардам шууд хэлдэг, галтай цогтой ийм хүн байгаад бид бахархаж явах хэрэгтэй ш дээ. Монголын урлаг соёл, улс төрд оруулсан найзынхаа гавьяа, оролцоогоор хаана ч бардамнана даа, харин ч нэг.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив