Б.Цогтгэрэл: Ахиад олон хуулийг амь оруулахсан
2015 оны 12 сарын 14 [Уншсан тоо: 52808]

Манай энэ удаагийн VIPerson зочин олны дунд шилэн Цогоо хэмээн алдаршсан, залуу эрхэм Б.Цогтгэрэл. Бидний яриа та бүхэнд түүний тухай шинэ мэдээлэл, мэдрэмжүүдийг өгч чадах байх хэмээн найдаж байна.



-Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа, Цогоо. Та сүүлийн үед “Шилэн Цогоо” гэдэг шинэ нэртэй болсон.

-Харин тэглээ. (инээв)

-Хүмүүс гэхдээ таны хийгээд байгаа энэ ажлыг олон янзаар хүлээж авч байна. Нэг талаас Цогоо гуай хүний мууг үзэх гэж улайрч байна. Яасан муу залуу вэ гээд шүүмжлээд байдаг. Тусгай хяналтын систем, ийм чиг үүргийн байгууллагууд байхад тэдний урдуур орж шуугиан тарих хүсэлд автаж байна ч гэх. Нөгөө талаас энэ нь өөрөө том зориг, сайн үйл хэрэг гэж үзэх хэсэг ч их байх юм. Ийм үнэлэлт дүгнэлтэн дунд сүүлийн үеийн амьдралаа та өнгөрөөж байгаа байх. Хоёулаа энэ сэдвээс л яриагаа эхэлье. Ер нь яаж яваад энэ ажлыг бариад авав аа?

-Бурхны бэлэг гэхэд ч хаашаа юм, ийм хууль гараад ирсэн. Ер нь өмнө нь бид нар эрх барьж байгаа хүмүүсийг, албан тушаалтнуудыг идээд, уугаад байна гээд л хардаад, таамаглаад шуугиад байдаг байсан. Нэг үгээр хий ус самардаад байдаг байсан. Гэтэл баримттай юм ярьж, түүнийхээ мөрөөр ажиллах нь нийгэмдээ тусах үр өгөөжөөрөө чухал. Эцсийн эцэст иргэд бидний л татварт өгсөн мөнгө шүү дээ. Зовж зүдэрч олсон хэдэн төгрөгийг маань тэнд нэг дарга яаж үрж, цацаж байгааг одоо бид яруу тодоор хараад сууж байна. Эдийн засгийн хямралтай энэ хүнд үед бүх хүн л мөнгө хайж, мөнгө олохын тулд худлаа ярьж, хулгай хийх нь холгүй, зарим нь хүн алахаас ч буцахгүй болж ирж байна. Яг ийм үе өөрөө хүмүүсийг татварын мөнгөндөө санаа зовдог болгож эхэлж байна шүү дээ. Урьд нь ч зовдог байсан. Гэхдээ хаалттай байсан, одоо нээлттэй болчихсон. Уг хаалттай, хяналтгүй, далд орчныг энэ Шилэн дансны хууль ил болгож өглөө. Би тэр хуулийг сурталчилж, хүмүүст ойлгуулж, мэдрүүлэх, үнэ цэнийг нь тархи толгойд нь суулгах, нутагшуулах ажлыг л хийж байгаа.

-Энэ хууль одоогийн засгийн үед батлагдсан хамгийн сайн хууль болж үлдэж мэднэ. Харин хуулийг сурталчлах хамгийн том PR-ыг та ганцаараа хийлээ. Та бол улс төрийн намын гишүүнчлэлийнхээ хувьд МАН-ын хүн. Өрсөлдөгч хүчин эрх барьж байгаа үед тэдний намаас гарч ирсэн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг бүтэн аппаратын хэмжээнд сурталчилж байна. Нам тань харин үүнийг яаж хардаг юм бол?

-Манай намынхан маш их дэмжиж байгаа. Дэмжихээс өөр аргагүй. Нам битгий хэл ард түмэн дэмжиж байна. Бүр хүмүүсийн сэтгэл нь хөдөлж байна шүү дээ. Одоо л нэг юм засарч эхлэх тийшээгээ явж байна уу даа гэсэн итгэл үнэмшил авч байгаа талаас нь би хэлж байна. Хоёрдугаарт, Монголд 500 гаруй хууль байна. Ерөнхийлөгчийн маш олон зарлиг байна. Би нэгхэн зарлиг, нэгхэн хуулийг л иргэний оролцоо гэдэг утгаараа гаргаж ирээд сүүлийн хоёр сарын хугацаанд явж байна л даа. Үлдсэн хуулиуд нь, бараг Эрүүгийн хуулиас бусад нь амь тавьчихсан шүү дээ. Хаана хууль хэрэгжээд байгаа юм. Хүмүүс хууль хэрэгждэг гэдэгт итгэх итгэл байхгүй болчихсон. Тэгвэл нэг ч гэсэн хуулийг амь оруулаад гаргаад ирлээ. Уг нь бүх хууль энэ мэтчилэн эрэг шураг нь болж ажилладаг байсан бол манай нийгмийн амьдрал шал өөр төвшинд гарчих байсан юм. Энэ үзэл санааны үүднээс Цогоогийн муу нэр авах, хүний мууг үзэгч гэж хэлүүлэх юу ч биш, жижигхэн асуудал.

Гуравдугаарт, би өөрийгөө дандаа өрөөлийн оронд тавьж боддог. Жишээ нь, би хүнийг газар дор ортол нь шүүрэн шанага болтол нь аймаар шүүмжилдэг. Будаа болгодог, бут ниргэдэг. Гэхдээ ард нь дандаа хэрвээ би тэр хүний оронд байсан бол өнөөдөр ямар сэтгэлийн дарамттай байх бол, сэтгэлд ямар хүнд байх бол. Би тэр хүний ээж, аав, эхнэр нь байсан бол Цогтгэрэл гэдэг хүн ямар дарамтад байх байсан бол. Тэр хүнийг яаж үзэн ядаж, харааж зүхэх бол гэж ямагт тэр хүний оронд өөрийгөө тавьж төсөөлөн боддог. Энэ байдал надад маш хүнд байдаг. Гэхдээ цаг хугацааны явцад над руу янз бүрийн дайралтууд орж ирэхэд, тэрийг хүлээн зөвшөөрдөг болчихдог юм байна лээ.

-Та сэтгүүлч биш гэдэг нь үнэн юм байна. Сэтгүүлч хүн таных шиг дарамтыг өөртөө авах буруу. Таныг маш олон хүн сэтгүүлч гэж хардаг. Би хүртэл саяхныг болтол тэгж бодож байсан.

-Тийм байх.

-Тэгэхээр энэ Цогоо гэдэг дүр хаанаас ирсэн, хэн юм бэ. Яг ямар гарал үүсэлтэй, ямар гэр бүлд өсч торнисон, ямар боловсрол эзэмшсэн хүн юм бол гэж сонирхож байгаа хэсэг бий биз. Энэ талаар та надад ярьж өгөөч?

-Уг нь би хувийнхаа амьдралыг яриад байх сонирхол багатай хүн. Гэхдээ таныг хүндэтгээд яръя. Би Улаанбаатар хотод төрсөн. Манай дээд үеийнхэн бүгд Сэлэнгийнх. Аав маань Дорноговьд төрсөн, ээж маань Сэлэнгийн Ерөөгийн хүн. Айлын хүүхдүүд аав, ээжийнхээ аль нэгний талыг барьж бараадаж л өсдөг. Манайхан ээжийнхээ талыг илүү барьдаг. Манайхан ер нь Сэлэнгийн улсууд голдуу. Ээж маань эхээс 19-үүлээ.

-Ямар сонирхолтой юм бэ. Ийм олуулаа айл огт сонсоогүй юм байна.

-Гоё байгаа биз. Би аав ээжээсээ дээш тав, зургаан үеэ мэднэ. Ургийн ном маань ч гарсан. Манай ургийн номонд 600 гаруй хүний нэр байдаг юм. Хэн, хаана, юу хийж яваа нь бүгд тодорхой байдаг. Аавын маань тал ч гэсэн адилхан маш мундаг хүмүүс байдаг. Би Улаанбаатар хотын Бага тойрогт өссөн. Тавдугаар дунд сургууль төгссөн. Манай тавдугаар сургуулийнхан чинь ер нь нэлээн зоримог шийдвэр гаргачихдаг хүмүүсээрээ алдартай байх шүү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга байсан Б.Билэгт гуай, Боролдой Мягмар ах, “Зууны мэдээ” сонины эрхлэгч байсан Д.Болдхуяг ах гээд бүгд тавдугаар сургуулийг төгссөн. Дандаа сонирхолтой, сонин фигурүүд. Цогтгэрэл нь тэд нарыгаа дууриасан бас нэг сонин фигур болчихоод байгаа юм. (инээв) Би чинь 1998 онд аравдугаар ангиа төгссөн. 1996-2000 оны хооронд эх орон, эдийн засаг ямар байсныг бүгд л мэдэж байгаа. Ээжийн маань ажиллаж байсан газар хувьчлагдаад, ажил дээр нь хөдөлгөөн орчихсон, аав маань цомхотголд ороод манай амьдрал маш их гундсан. Эгч маань надаас нэг насаар эгч. Би дороо хоёр дүүтэй. Эхээс дөрвүүлээ, хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэдтэй байхгүй юу. Эрэгтэй дүү бид хоёрыг энэ хоёр маань яаж ийж байгаад учраа олох байх гээд охиныгоо их сургуульд оруулсан. Намайг миний хүү ингээд амиа бод л гэсэн. Одоо өдий том болчихлоо. Гэхдээ боловсролыг хаяж болохгүй гээд тухайн үед тавдугаар сургууль дээр оройн анги хичээллэж эхэлсэн юм. Оройн ангид сурч төгссөн. Гэхдээ би аав, ээждээ хичээлд сурахын хажуугаар ажил хийж туслахгүй бол болохгүй. Аав маань орон тооны цомхотголд орж үр хүүхэд, гэр орноо тэжээхийн тулд нэг газар жижүүр хийдэг байсан. Надад хоёр сонголт байсан. FМ радиод хөтлөгч болох, нөгөө нь манай ээжийн ажиллаж байсан хувьчлагдсан караоке баар байсан, тэнд зөөгч болох ийм сонголт байлаа.

-Наймдугаар анги төгссөний тань дараа гэсэн үг биз дээ?

-Тийм. Наймдугаар ангиа төгсөөд. Тэгээд аравдугаар анги төгстөлөө оройгоор сураад тэр хооронд өдөр нь ажил хийдэг байсан. Тэрнээс өмнө би зургадугаар ангиасаа л ээжийнхээ хажууд ажилладаг байсан. 1994, 1995 оны үед. Тэр үед би 3000 төгрөгийн цалин авдаг байсан. Өглөө ээжийнхээ ажил дээр очоод үхрийн мах эвдэж, гурил зуурна. Ачигч хийнэ. Их том ресторан байсан. Тийм ажил л олдоно. Биеийн хүчний ажил хийдэг байсан гэсэн үг. Зундаа мод бэлтгэлд явдаг байсан. Жаахан ш дээ, зургадугаар ангийн хүүхэд чинь. Тэгсэн ч мөнгө олох гээд л яваад байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэхэд ээж ааваар дэвтэр, ном авахуулахгүй өөрийгөө болгочихдог байсан. Тэр үед орос форм, орос гутал, цүнх их гоё санагддаг байсан. Тэр бүхнийг өөрөө авчихдаг байсан. Худлаа хэлэхгүй дээ, ер нь бол аав, ээжээс зургадугаар ангиас хойш мөнгө нэхэж үзээгүй. Тэрийг миний аав, ээж хоёр одоо ч гэсэн ярих дуртай. Миний хүү ёстой аав, ээжийнхээ толгойг өвтгөөгүй өссөн хүүхэд дээ гэж хэлдэг юм.

-Тэгээд нөгөө ажлын хоёр сонголтынхоо алийг сонгов?

-FМ-д ажиллахыг сонгосон. Зургаан жил ажилласан. Мэдээж залуу хүн дуу хөгжимд дуртай байна шүү дээ. Дуу хөгжимд аймаар дуртай байсан. 102.5 FМ-д хөтлөгч байсан. Ч.Чадраабал гуайн FМ. Тэнд би маш их юм сурсан. Хүнд яаж дарамтлуулдаг, ажил гэж юу юм бэ, шөнө орой болсон хойно ажиллах, ахмад хүнээс үг сонсох, үг даах гэж юу юм гээд л. Заримдаа бол шанаадаад л унагаачихдаг байсан. Нойроо дийлж сурна. Өглөө эфир долоон цагт эхэлнэ. Хүүхэд юм чинь нойр дийлнэ, шөнөжингөө явна. Тэгээд л нэг мэдсэн зургаан жил болсон байсан. Тэр хугацаанд FМ-ийн реклам, шторкийг хамгийн мундаг хийдэг залуучуудын нэг болчихсон байсан. Хүн чинь зургаан жил нэг юмаа хийхээр чинь тийм болчихдог юм байна лээ. Дараа нь надад ажлын саналууд их ирсэн. Шинээр FМ-үүд гарч ирсэн. Нийт манай FМ-ийн олж байгаа ашгийн 35 хувийг чи ав. Чамд цалин өгөхгүй. Ингээд ажилла, хоёр жилийн гэрээ хийе гээд л. Эхний санал нь “Элгэн нутаг” 100.5 гэдэг FМ-ээс ирж байсан. Тэнд би хоёр жил 35 хувиараа цалинжсан. Мэдээж аймаар их мөнгөтэй болсон. Надад 99.3 гэдэг Чапигийн FМ санал тавьсан. Мобиком, Скайтел гээд хамгийн их реклам, сурталчилгаа хийлгэдэг газрууд бүгдээрээ ярьсан. Монголын топ 10 компани арвуулаа л ярьсан. Тэр үед би FМ радиод нэг том шинэчлэлийг хийсэн. Энэ тухай хаана ч ярьж байгаагүй юм. Танд ярьж байгаадаа би маш их аз жаргалтай байна. Монголын FМ-үүд CD-нээс явдаг байсан. Би бүх CD-нүүдийг МР3 руу өргөтгөлд оруулаад, Монголд анх удаагаа эфир дээр компьютер авчирч тавьж байгаад компьютерээсээ дуу явуулдаг болгосон. Энэ том шинэчлэлийг хийсэн.

-Тухайн үедээ бол маш том үсрэлт л дээ.

-Үнэхээр тухайн үедээ асар том үсрэлт байсан. Хоёр жил энэ дээрээ зөвхөн өөрөө суусан. 21 аймаг, 200 гаруй суманд FМ радио суурилуулсан. Бараг ихэнх суманд миний шавь нар байдаг. Энэ салбарт би үндсэндээ 12 жил ажилласан. Их залуугаасаа ажилласан. Тэгээд л энэ салбараас явсан даа. МР3 тоглуулагч гэж юм гарч ирсэн. Хүн болгон МР3-аа зүүдэг болсон, машиндаа тавьдаг болсон. Тэр хөтлөгчийн янз бүрийн юм ярихыг сонсох шаардлагагүй болсон. Дуртай дуугаа сонсдог болсон. Дууг хуулж авдаг болсон. Тэгээд би телевиз рүү шилжсэн. “Ардын мэдээ” гэдэг хүмүүстэй шууд харилцдаг нэвтрүүлэг хөтөлж эхэлсэн. Уул нь би FМ дээр хийсэн юм. Тэгээд тэрийгээ телевиз дээр хийсэн. Сүүл рүүгээ би хоёр, гурван FМ-д зэрэг ажилласан. Гурван FМ-д 35, 35 хувь эзэмшээд явж байгаа байхгүй юу.

-Өөрөөр хэлбэл Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байх хугацаандаа санхүүгийн эрх чөлөөнд хамгийн түрүүнд хүрсэн гэсэн үг болов уу?

-Тийм. Монголын шилдэг брэндүүд, нүсэр том шоу тоглолтууд Цогоогоор юмаа хийлгэнэ, реклам сурталчилгаагаа хийлгэнэ гэчихээр яалт ч үгүй намайг мөнгө сайн дагасан л даа. Зургадугаар ангиасаа хойш мөнгөний амт, үнэ цэнийг мэдэрсэн хүүхэд асар ариг гамтай, үнэхээр тооцоотой болчихдог юм байна лээ. Аав маань нярав, ээж минь нягтлан хүн. Тэр хоёрын дундаас гарч ирсэн, тэгээд багаасаа хөдөлмөр эрхэлсэн ийм хүн эдийн засгийн тооцоог яаж хийх нь бараг ойлгомжтой байх.

-Тэр хооронд их, дээд сургуульд суралцсан уу?

-Хүнд үе байсан л даа. Эцэг эх маань мөнгө төлж намайг их сургуульд сургах боломж, бололцоо байгаагүй. Тэр үедээ ч би эцэг эхээсээ мөнгө авъя гэж бодож ч байгаагүй. Эгчтэйгээ барьцъя гэж үнэхээр бодож байгаагүй. Дараа нь хэд хэдэн сургуульд элсэн орж үзсэн. Надад зарим нь таалагдсан, зарим нь таалагдаагүй. Заримд нь би санхүүгийн бэрхшээлээс болж мөнгө төгрөгөө төлж чадаагүй. Болсон болоогүй диплом бол байж л байна. Ингэж явсаар байгаад би, “Их засаг” их сургуулийн Роял Академи гэж байдаг. Тэнд л яг идэвхитэй сайн суралцаж нэг ч хичээл таслалгүй бүх цагийг зөвхөн өөрийн мэдэх сурахын төлөө явж төгссөн. Төрийн удирдлагын институт юм л даа. Хоёр дээр нэмэх нэг ч гэдэг юм уу, тийм системээр явдаг. Монголд хоёр, Англид нэг жил ингэж сурч төгсдөг. Мэргэжил нь Төрийн удирдлагын менежер, улс төр судлал. Зэрэг хамгаалсан сэдэв маань “Change management” гэж их ярьдаг юм даа. Менежментийн өөрчлөлт гэж. Миний хамгаалсан сэдэв бол дандаа “Change management” буюу өөрчлөлт. Аливаа нэг байгууллагад хүнд асуудал тулгарсан бол түүнийг яаж өөрчлөх вэ гэдэг ийм сэдвээр миний бүх эрдмийн ажлууд хийгдсэн байдаг. Жишээ нь, миний анхны хамгаалсан сэдэв бол, “Женерал Моторс” гэдэг компани дампуурахад АНУ-ын Засгийн газар аваад энэ компанийг амьд үлдээж байна шүү дээ. “Форд”-ыг аваад амьд үлдээгээд тэгээд энэ хямралыг даваад гарч байна ш дээ. Энэ чинь “Change management” байхгүй юу. Удирдлагын зардлыг хас. Бүх удирдлагуудын хэрэглэж байсан хувийн онгоцнуудыг хас гэх мэт хэний ч хийж байгаагүй нарийн судалгаануудыг хийж асуудлыг шийддэг, гарцыг олдог.

-Монгол залуучуудад орон гэртэй болох гэдэг амьдралын их том даваа, зорилго байдаг. Би гэхэд зүтгэж зүтгэж, бараг 30 нас хүрэхийн даваан дээр анх орон гэртэй болж байсан л даа. Хөдөөний хүүхэд чинь хотод учраа олох гэж олон шатыг давна. Чиний хувьд амьдралын ийм замналтай хүн орон гэрээ өөрийн гараар бий болгож, босгосон байх. Хэдэн настайдаа өөрийн гэсэн байртай болж байсан бэ?

-Би 25 насандаа эхнэр авсан. Би өөрийнхөө хүчээр байр аваагүй. Манай хадмууд анх бид хоёрыг өрх тусгаарлахад хүнд түрээслүүлж байсан байраа та хоёр маань ийшээ ор доо гээд өгч байсан. Гэхдээ бид их азтай. Тэр их жижигхэн байр байсан юм. Би ер нь их азтай хүн л дээ. Нэг хэсэг байр маш өндөр үнэтэй болсон ш дээ. 10 саяын байр чинь бараг 60, 70, 80, 90, 100 сая хүрээд л. Яг тийм оргил үед тэр байраа зараад гэнэт маш их мөнгөтэй болохгүй юу. Тэгээд бүх зүйлээ хамж шимээд их гоё байр авсан ш дээ. Одоо болтол тэндээ амьдардаг. Яг шинэ байр аваад дөнгөж ороод байж байсан бараг маргааш нь шахуу байрны үнэ унасан байхаа. Аймар оргил үед нь хуучин байрыг өндөр үнэтэй зараад, зөрүүгээр нь сайхан байр авсан.

-Телевизээс яваад хаачсан бэ. Намд элссэн үү?

-2009 онд Ерөнхийлөгчийн сонгууль болдог юмаа. Тэгэхэд би нам бус байсан. Хүмүүс намайг намын гишүүн гэж харсан байх. Дараа нь би намын гишүүн болъё гэж бодсон. Би хаана ч ярьж байгаагүй юмаа яримаар санагдаад байх юм. Хачин юм бэ. 2009 оны сонгуулиар намайг бүр “егүүтгэе” гэсэн хүмүүс ч байсан ш дээ.

-Миний таныг шүүмжилж нийтлэл бичиж байсан үе шүү дээ.

-Яг тэр үе. Сонгуулийн улаан солио тусчихсан байсан үе. Эх орон даяараа хэн нэгний фанат болчихсон. Нэг хэсэг нь Ц.Элбэгдоржийн төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон. Нөгөө хэсэг нь Н.Энхбаярын төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон байсан үе. Улс орон таг хоёр хуваагдчихсан аймаар үе. Тэгээд намайг тэр үед Ц.Элбэгдоржийн Солонгосуудтай холбоотой материалыг тавьж байхад хүмүүсийн зарим нь намайг “дуусгачих” юмсан гэж бодож байсан байх. Мэдээж сонгуулийн нагаар зургаан сар болоод л дарагдаж байгаа юм. Хүмүүс буцаад л сонгуулийн маргааш уулздагаараа уулзаад л явж байсан. Үнэндээ надад тэр үед хэн нь ч ялсан хамаагүй байсан.

-Үгүй байлгүй дээ.

-Үнэн. Хэн нь ч ялсан хамаа алга. Нам бус байсан. Хоёрдугаарт, би тэр үед жаахан хүүхэд байсан шүү дээ. 29-хөн настай. 30 нас ч хүрээгүй. Ямар бичлэг тавьж байгаагаа ч мэдэхгүй. Энэ нь цаанаа ямар дүн, ач холбогдол авч ирэх вэ гэдгийг, Монголын улс төрийг хааш нь эргүүлэх вэ гэдгийг ч мэдэхгүй. Нэг хүний хэлсэн үг байдаг даа. 30 наснаас өмнөх амьдралаа бодохоос ч айдаг гэж. Тухайн үед гаргаж буй материал маань ямар ач холбогдолтойг тооцож үзээгүй. Тэрийг хүн болгон өөр өөрсдийнхөөрөө ургуулж, фантазалж бодсон байх. Аймаар дарамт байсан. Энэ аймаар дарамтын үеэр улс төрийн намд орчих юм бол намайг дарамтлахаа больчих юм байна гэж бодсон. Бас л тухайн үедээ хүүхдийн л бодол байсан. Улс төрийн ямар нэгэн хамгаалалт буй болгож байна гэсэн. Тухайн үед Ардын нам, Ардчилсан намуудын аль алинд нь миний найзууд байсан. Надад Ардчилсан намд ч орох боломж байсан. Тэр үед Байгаль орчны дэд сайд байсан Ч.Жаргалсайхан гуай “Би өвөөг чинь мэднэ. Миний дүү энэ хоёр намыг судал. Түүхийг нь судлачих. Тэгээд чи өөрөө сонголтоо хий” гэж хэлж байсан. Тэгээд би түүхийг нь судалсан. Арай тулхтай юм. Ардын нам нь зүгээр юм байна гээд л орсон. Ороод хүн болгонтой танилцаад л явсан. Ардын нам дотор сайн юм ч сургасан хүн байна. Саар муу зүйл ч хэлж байсан хүн бий. Энэ дотор одоо ч таарч, эвлэдэггүй хүмүүс байна. Үй зайгүй, ах аа, эгч ээ болчихсон сайхан хүмүүс ч байна.

-2009 онд яг тэр сонгуулийн улайрлын үед, ер нь бол сэтгүүлчид бие биенийхээ талаар зоригтойгоор бичдэггүй байсан ш дээ. Одоо ч тэр бол цөөхөн гардаг жишээ. Тэрний нэгийг, өөр рүү чинь хандаж би хийсэн. Уучлал гуйя гэж боддог юм. Залуу жаахан хүүхэд. Тэр үед ширүүн дайрч бичсэн. Хүн ер нь зүрх сэтгэлээ угааж явах ёстой юм л даа. Танаас уучлал гуйя. Ахиад асуухад дарамт гэж амь насанд заналхийлж байсан гэж сонсож байсан. Тэрийг юуны хүчээр давж гарсан юм бэ. Тэр дарамтуудаас захаас нь хамгийн гомдмоор жишээ юу вэ?

-Гомдмоор жишээг үнэхээр мартчихаж. Яагаад гэвэл Ганаа эгч ээ. Би үнэн оптимист хүн ш дээ. Яаж ийм өөртөө итгэлтэй байж чаддаг байна гэмээр, хүн гайхмаар үзэлтэй хүн байхгүй юу. Таг жаахан хүүхэд шиг одоо болтол аймаар гоё мөрөөдөж чадна. Тухайн үед надад хоёр хүний зөвлөгөө, хоёр хүний нөлөө маш их тус болсон. Нэг нь Ц.Нямдорж гуай. “За, миний хүү хэцүү санагдаад байвал хааяа ирж шатар тоглож байгаарай. Улс төр биш, шатрын нүүдэлд чинь их олон зүйл болдог юм ш дээ” гэж хэлж байсан.

Тэр нь залуу хүнд их гоё зөвлөгөө байсан. Нөгөөх нь До.Цэнджав гуайн “Хөх жавар”-ыг хуудас хуудсаар нь уншсан. Нэг хуудсыг уншаад ойлгохгүй бол хуудсаа эргүүлдэггүй. До.Цэнджав гуай бол аймаар гоё бичдэг. “Алтан жүн жор”, “Дээдэс өршөө”, “Цахрын хар шуурга”. “Алтан жүн жор” дээр “Шумуулын чинээ шүүдэр нүдэнд нь тусахыг харлаа” гэж байгаа байхгүй юу. Шумуул гэдэг амьтан чинь сүүдэртэй ш дээ. (инээв) Тэд нарыг их уншдаг байсан. Ерөөсөө уншаад тасарчихдаг. Тэгж л гарч байсан. Угаасаа зургаан сарын дараа бүх юм л байдаг байдаг байрандаа орчихсон. Таныг Монголын сэтгүүл зүйн Хатан хааны суудал дээр сууж байгааг бүгдээрээ мэдэж байгаа.

-За, намайг ичээж яах нь вэ?

-2009 онд та Хатан хааны суудал дээр сууж л байсан. Одоо ч сууж л байна. Тэгвэл Хатан хаан намайг тоогоод ганцхан ширхэг өгүүлбэр бичихэд харин ч би баярлах ёстой байхгүй юу. Над шиг 30 хүрээгүй бацаанд тэр чинь олдохгүй том харалт байхгүй юу. Одоо жишээ нь, манай үеийнхэнд байдаг даа. Ардчилсан нам, Ардын нам ялгаа байхгүй. Энэ намайг ингэж хэллээ гэж хорсол тээгээд яваад байдаг. Өөрөө хэн ч биш, юу ч биш байж, намгийн мэлхий байж тэгээд л муу занал, хорсол тээгээд, яриад яваад байдаг. Би тийм хүмүүсийг ойлгодоггүй.

-Ноднин би анх удаа ар араас нь угсруулж бичүүлээд шоконд орж, бараг ухаан алдах гэж байсан. Таныг би шүүмжилж, зэмлэсэн аясаар бичиж л байсан. Тэгээд заавал хожим танилцвал уучлалт гуйх юм шүү гэж бодож явсан юм.

-Зүгээр, яаж хүлээж авснаа танд хэлсэн шүү дээ.

-Дараагийн асуулт. Энэ “шилэн” гэдэг ойлголтыг хүний намтар руу оруулж ирье. Төрд явж байгаа нөхдүүдийн намтар зарим нь тасалдчихсан, тодорхойгүй байх юм. Тэд нуух хэсгээ нууж чаддаг. Сонгогчдоос түүхийнхээ таагүй хэсгийг нуугаад өнгөрчихдөг ийм жишиг байгаад байх юм. Шилэн намтар гэдэг ойлголт байж болох уу. Та энэ тухай бодож байсан уу?

-Наадахь чинь аймаар хэцүү. Үнэхээр хэцүү.

-Аль утгаараа?

-Хувь хүний орон зай руу хэтэрхий яваад орчихно л доо.

-Төрд гарч ирж байгаа хүмүүсээ илүү нарийн шүүлтүүрээр оруулъя гэсэн санаа шүү дээ.

-Ганаа эгчээ, уул нь болдог бол би арван жишээ, та арван жишээ гаргаад ирсэн ч болж байна. Зүгээр Германы нэг сайд элсэлтийнхээ шалгалтын үеэр хүний материал хуулж байсан гэдэг нь ил болоод л огцорчихлоо шүү дээ. Японы нэг сайд зөвхөн рашаан сувилалд амарсныхаа төлөө огцорч байх жишээтэй. Дандаа хувийн асуудлаасаа болж огцроод байгаа биз. Гэтэл тэр хүмүүс хуулийн орон зайндаа төгс ажиллаж чадаж байгаа байхгүй юу. Хэрвээ Японд Шилэн дансны хууль байсан бол манайх шиг биелэлттэй байсан бол дуусаа. Энэ Засгийн газар 100 хувь огцорчихсон байгаа. Уг нь энэ санаа буруу биш. Гэхдээ манайханд чинь нуух юм маш их байдаг юм байна ш дээ. Юунаасаа ч их тэгж их айдаг юм.


ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ДЭМЖИХ БАЙЛГҮЙ ДЭЭ

-Тэгэхээр энэ бол тийм зөв санаа биш гэсэн үг үү?

-Яахав хүний хувийн орон зай руу их л орох байх. Мэдэхгүй, би бол ёстой бодож үзээгүй юм байна. С.Ганбаатар гишүүнийг Ерөнхий сайд “Чи тэр сургуульд сурч байгаад төгсөж чадаагүй юм байна лээ ш дээ” гэдэг чинь одоо яг таны хэлээд байгаа юм явж байна шүү дээ. Шилэн намтар. Шилэн намтар нь ширэн байгаа улсуудыг, тэгвэл манай иргэд өөрсдөө мэдэж байгаасай, ядаж битгий сонго л доо. Өөрсдөө сайн мэдрэмжтэй бай. Заавал шилэн болгох нь манай нийгмийн уур амьсгалд ашигтай зүйл биш ээ. Ер нь сонгуулийн хуульд намтраа буруу бичсэн бол нэрээ татчихдаг ш дээ. Тэрийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ С.Ганбаатар гишүүний бүрэн эрхэд халдаж хувийн орон зайд нь Ерөнхий сайд судалгаа явуулаад сууж байх чинь өөрөө хууль бус зүйл шүү дээ.

-Чи бол дарамт мэтийг тоохоо больчихсон толгой байх. Энэ шилэн данстай орооцолдсоноос хойш танд ямар нэг дарамт ирэв үү?

-Ирээгүй.

-Тохиролцоо санал болгож байна уу?

-Санал болгох гэж үзэж байна лээ. Мэдээж ийм аймаар өндрөө авчихсан сэдэв дээр намайг оролдох юм уу, эсвэл хийсэн хэргээ булзааруулах гэж оролдох юм бол тэр нь өөрсдөд нь бүр том дарамт болж ирнэ гэдгийг энэ хүмүүс одоо ойлгож байгаа.

-Шилэн дансны энэ баримтуудын хоёр туйлыг нь л асууя. Үнэхээр сайнаас сайн, супер сайн жишиг аль байгууллага дээр гарав. Үнэхээр гаргаж тавиад ч барагдахгүй байгаа толгой сэгсэрмээр хамгийн аймшигтай муу жишиг аль байгууллага байна?

-Муугаас нь АТГ болон Үндэсний аудитын газар өгөөд эхэлчихсэн байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байна. “Монголросцветмет”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”, “Үндэсний олон нийтийн телевиз”, “Эрдэнэт” үйлдвэр. Энэ хүмүүсийг би номер нэг муу жишгүүд гэж байгаа юм. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд. Хамгийн их мөнгөний урсгал, тусгай хангамж, халамж, бүх аймшигтай аймшигтай юмнууд чинь тэнд явж байгаа шүү дээ. Тийм болохоор шилэн дансаа хөтөлдөггүй. Сайн нь юу вэ гэвэл би бүр хараад баярлаад байгаа юм чинь. Иргэний шилжилт хөдөлгөөний газар. Хуучнаар иргэний харьяатын газар. 100 мянган төгрөгөө хүртэл бичээд байгаа юм. Принтерийн хороо хүртэл бичээд байгаа юм чинь. Хуулиар чинь таван саяас дээш л бич гэсэн болохоос таван саяас доошхыг битгий бич гээгүй болохоор бичээд байгаа байхгүй юу. Бүр аягүй гоё. Сэтгэл уярмаар. Ийм сайн нь ч байгаа юм. Муу нь ч бас байгаа юм.

-Манай монголчуудын аливаа юманд ханддаг хандлагын тухай яривал бид хоёрын цаг барагдахгүй. Жишээ нь, Цогоо МАН-ын хүн учраас ингэж байна. Тэгвэл МАН-ын үед Шилэн дансны хууль үйлчилж байсан бол юу юу гарч ирэх байсан бол доо. Танай нам өөрөө шилэн данстай бол гэх мэтчилэн дайралтууд явж байх шиг байна.

-Би танд хоёрхон юм хэлэх үү. Нэгдүгээрт нь, 15 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг би АТГ-т өгчихсөн байгаа. Тэнд МАН-ын хоёр хүн байгаа, би одоо болтол тэрэндээ эмзэглэж байна. Дотроо шаналж байгаа. Би 72 цагийн хугацаа өгсөн. Хуульд иргэн хяналт тавьж болно гээд заачихсан учраас. Ингээд хугацаа өгөөд та нар хөтөлчихөөч ээ гээд гуйсан байхгүй юу. 15-уулангаас нь гуйж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хөтөлдөггүй. Тэгээд одоо би намыхандаа мөрийн хөтөлбөртөө оруулах санал аваад л яваад байгаа юм. Хүмүүсээс, иргэдээсээ та нар 2016 онд МАН ямар мөрийн хөтөлбөртэй ороосой гэж хүсч байна гээд. Би намдаа 2016 онд МАН шилэн данстай болноо л гээд мөрийн хөтөлбөртөө хийчих гэж хүсч байгаа юм. МАН бол анхны нам, Монгол Улсын түүчээ нам, бүтээн байгуулсан нам, хүн сансарт нисгэсэн нам гээд манайхан аймаар гоё юмнуудаа ярьдаг л даа. Тэгвэл XXI зуунд бид нар хаанаас эхлэх ёстой юм. МАН шилэн данстай болсон гээд л эхэлье л дээ. Юунаас нь нуудаг юм бэ үүнийг. Цогтгэрэл нь сонгуулиар сая төгрөг өгсөн, тэрийг юунаас нь нуудаг юм бэ. Сайхан ил болгоод тавьчих л даа. МАН 200 мянган гишүүнтэй тэрнээсээ ийм хэмжээний татвар авдаг юм, иймийг нь буцаагаад ийм ийм санхүүжилтэд зарцууллаа гээд яадаг юм бэ, ил болгочихъё л доо. Улс төрийн намын тухай хуулийг өөрсдөө санаачлаад санхүүжилтээ ил болгодог л хуультай болчихъё л доо. Ямар их авлига, өглөг, авлага ил болох бол доо. Ямар олон улс төр рүү тэмүүлж байгаа хүн болих бол. Би тэгж боддог юм. Мөрөөддөг шүү, бүр.

-Үнэхээр гоё санаачилга. Тэд нар аваад хэрэгжүүлбэл. Энэ улс төрийн PR сурталчилгааны ертөнцөд бол Цогоо гэдэг фигур байна. Ер нь нам сөрөг хүчин байхад энэ талын ажлууд дээр амжилттай гоё гоё төслүүд хийх хамгийн өргөн бололцоо нээгддэг л дээ. Танай намын энэ талын ажлууд уначихлаа. Яагаад үүнд та хувь нэмрээ оруулахгүй байна вэ. Жишээлбэл, сая маш том форум хийлээ, сурталчилгаа байсангүй. Үнэндээ та намын гишүүн атлаа тэс өөр ажил хийгээд яваад байгаа юм биш үү гэж асуувал хэрхэн хариулах бол?

-Нэгдүгээрт, Ганаа эгчээ наадахыг чинь хариуцсан бүхэл бүтэн газар байгаа. Хоёр ч газар байгаа, манай нам дээр. Мэдээлэл технологийн газар, хэвлэлийн газар гэсэн. Тэр хүмүүсийн хийх ёстой ажил. Манай Т.Гантулга нарийн бичгийн дарга мундаг хүн шүү дээ. Газрын дарга нар нь ч тэр, дор нь ажиллаж байгаа нь ч тэр мундаг хүмүүс байгаа. Би тэр хүмүүсийн ажилд оролцоод юм уу, тэр хүмүүст тэгээч ингээч гээд шахаж шаардаад байх дэмий байх. Би ингэж л боддог.

-Бүх юманд та ингэж ханддаг уу?

-Ажил хариуцсан хүн өөрийнхөө хариуцаж буй ажлаа л төгс хийчих. УИХ-ынхаа бүлэг дээр надад хариуцсан ажил байгаа учраас тэрийгээ л би төгс хийе. Дор бүрнээ л хариуцсан зүйлээ төгс хийе. Тэгээд л болоо. Мэдээж ажил хийж байгаа хүмүүст алдаа дутагдал, шүүмжлэл гаралгүй л яахав. Тэрийг би шүүмжлэхээс илүү манай хэвлэлийн магнатууд, олон нийтийн мембрам болсон хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Зоригтой хэлээд, танай энэ чинь болж байна, энэ чинь болохгүй байна гээд шууд хэлж л байна. Тэр улсууд ойлгоод, хүлээж аваад, тохиргоо хийгээд л явах байх гэж бодож байна. Тэрнээс нэг дор, мөр зэрэгцэж зүтгэж байж нэгийгээ болсон болоогүйгээр дуудаад байх надад л лав эвгүй санагддаг юм. Магадгүй би энэ талаар хэзээ ч хэлэхгүй байх. Таныг асуухаар нь л хэлж байна.


НАМЗХ-ДОО ОДОО Ч ХАЙРТАЙ

-Өрсөлдөөн гэж ойлголт байдаг. Том ойлголт. Энэ салбар ерөөсөө л өрсөлдөөн гэдэг ойлголтоор тодорхойлогдож байдаг. Энийг та яаж хүлээж авдаг юм бэ. Одоо тантай ярьж суухад өрсөлдөх, үзэлцэх талдаа их аядуу хүн юм байна. Яг үйл ажиллагааг тань харахаар бас ч шар хор харагддаг шиг?

-Ганаа эгчээ, миний нэг аймаар том дутагдал байдаг юм аа. Манай найзууд ч хэлдэг. Чи нам доторхи улс төрөө ерөөсөө хийж чаддаггүй. Үнэлэгдэж чаддаггүй гээд намайг аягүй их шүүмжилдэг байхгүй юу. Танай дарга нар чамайг тоодог юм уу. Чиний хийж, хэлж байгааг үнэлдэг юм уу гээд л шууд хөндлөнгийн эмзэг маягийн хүн ойлговол шургаад, хутгаад ч байгаа юм шиг хэлдэг. Чи энэ намын төлөө үхэн хатан ар өврөө мэдэхгүй донгосч байдаг. Чамайг яг шороон дээр унахад хэн чамайг харах юм. Хэн чамайг тоох юм бэ. Бусад чинь яаж дотоод улс төрөө хийж байна. Тэгэхэд чи гараад л АН-ыхантай ч юм уу, хэдэн мөнгөтэй эрх мэдэлтэй улсуудтай л заамдалцаад явж байдаг гэж дандаа хэлдэг. Миний хамгийн том дутагдал бол бараг тэр байх. Дарга аа, би ингэчихлээ шүү гээд цаасан дээр бичсэн юм барьж гүйгээд л, дарга аа энэ бариулыг сольчих уу, яачих уу эсвэл таныг иртэл байж байг уу гээд л, ямар кинон дээр гардаг билээ. Тэрэн шиг тийм бялдуучлах юмандаа би муу.

-Хувь заяаны эрхээр хүнд ирээд углагдчихдаг “малгай” гэж байдаг л даа. Зарим нь тэрнээс гарах гээд л их тэмцдэг, зарим нь углаад л явдаг. Тэр малгайнуудын нэг тань НАМЗХ. Энэ хэдэн залуучууд, цүнх баригч нар, У.Хүрэлсүхийн нохойнууд гэх маягийн дүгнэлтүүд олон жил явчихлаа. Тэр ялыг үүрч яваа залуучуудын нэг нь та. Нам дотор байдаг энэ НАМЗХ өөрийн түүхтэй байгууллага. Яг та бид хоёрын уулзаж байгаа энэ үед дотроо жаахан зөрчил үүсчихсэн үе байх шиг. Энэ байгууллагын цаашдын ирээдүй ер нь юу юм. Дотор нь үүссэн зөрчил яг юунаас үүдэлтэй юм бэ?

-Манай Л.Оюун-Эрдэнэ та хоёрын хийсэн ярилцлага дээр энэ талаар бүр дэлгэрэнгүй хэлчихсэн байсан. Хэн ч ойлгохоор аягүй гоё хэлчихсэн байна билээ. Тиймээс би энд нуршаад дэмий байх гэж бодож байна. Мэдээж ял ямба хоёрыг аль алиныг нь үүрэлцэж, сайн муугаар хэлүүлж байгаа хүмүүсийн нэг бол яалт ч үгүй л би. Энэ дотор, эгнээнд нь байсан уу байсан. 35 хүрсэн үү, хүрсэн. Хүрээд гараад явсан. (инээв)

-Одоо хамаагүй болсон гэсэн үг үү?

-Одоо хамаагүй болсон. Би 35 хүрсэн учраас.

-Тэр дүрэм хэвээрээ байгаа юу?

-Үгүй. Одоо 39 хүртэл байж болно. Би бол 35 гэдэг зарчмын талдаа байсан болохоор өөрийнхөө зарчимдаа зогсож байгаад гарсан.

-Энэ сэдвийг ярих тоолонд нэг түүх санагддаг юм. Талийгаач У.Уламбаяр НАМЗХ-г даргалж байсан даа. Тэгээд У.Хүрэлсүх тэр орон зайд гарч ирсэн. Жамын дагуу “байлдаад” л авсан.

-Тэгсэн байх.

-Ер нь бол аливаа явдлын дараа ялагдсан талаас яриа авах илүү сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ. Илүү их адал явдал, илүү сэтгэл хөдлөл, илүү мэдээлэл гарч ирдэг. Сэтгүүлчдэд бол ашигтай байрлал, стратегийн хувьд шүү дээ. Тэгээд У.Уламбаяртай ярилцлаа. Түүний “Яахав дээ, 35 арай хүрээгүй У.Хүрэлсүх маань л НАМЗХ-г авлаа” гэсэн үг үргэлж хөгжилтэй дурсамж санадуулж байдаг юм. Гэтэл 20-иод жилийн дараа дахиад л нөгөө 35 насны заалтаас болоод зөрчилдөж байх юм. Нөгөө талд байгаа залуучуудын төлөөллөөс би асууж үзсэн. Яагаад ингээд байдаг юм бэ гээд. Үгүй ээ, Ганчимэг сэтгүүлчээ бид хунтайж нар, баячуудын хүүхдүүд гэж чичэлсэн энэ нэг юмнаас залхаж байна. Бид лифтэнд суугаагүй, цүнх барилгүйгээр энэ улс төрд шинэ соёл тээж өөрсдөө орж ирсэн шүү. Гэтэл даргын дор жагсдаг, нөгөө л хийх хийхгүйг нь хийж, буруу жишиг тээж ирсэн нөхдүүд нөгөө талд зогсоод байна шүү дээ. Та энэ өнцгөөс нь нэг хараач гэж. Бодох л үг юм шиг.

-Нэгдүгээрт, би НАМЗХ-нд байхдаа хэний ч цүнхийг барьж гүйгээгүй. Яг л өнөөдрийн Б.Цогтгэрэл, тэр үеийн Б.Цогтгэрэл хэвээрээ байж байгаа.

-Ер нь таныхаар цүнх баригч гэж ямар үйлдлийг хэлээд байгаа юм бэ. Цүнх баригч гэж яг байдаг юм уу. Эсвэл бидний зохиосон домог уу?

-Энэ нэршил би яг түрүүн хэлсэн шүү дээ. Даргаа, даргаа, даргаа гээд энийг ингэчих үү, тэрийг тэгчих үү гээд гүйгээд байдаг хүмүүсээс болж гарч ирсэн нэршил байх.

-Үзэгдэл нь байсан учраас байсан гэсэн үг үү?

-Үзэгдэл нь байсан. Аль ч намд байгаа. Одоо ч байгаа. Цаашдаа ч байх байх. МАН гэж ганцхан нам дээр яриад байдаг нь ч өрөөсгөл. Хоёрдугаарт, НАМЗХ-д явснаараа жишээ нь ажил албан тушаал дээр очдог юм бол Л.Оюун-Эрдэнэ, Б.Цогтгэрэл хоёр очих нь яасан юм бэ. Энэ хоёр хүнд бяр дутаагүй. Энэ хоёр хүнд боломж дутаагүй. Боломж байсан уу, байсан. Тухайн үед яавал яах л байсан шүү дээ. Аль алинд нь албан тушаалын дон юм уу, аль нэг дарга даамлын цүнх барьж, хэн нэгэнд ажлаа тайлагнаж, даргаа ингэчихлээ, даргаа тэгчихлээ гэж ажилладаг арга барил байдаггүй л байхгүй юу. Мэдээж хүндлэл бий. Хүндлэх ёстой хүмүүсээ хүндэлнэ. Ахас ихсээ хүндэтгэнэ гэдэг ойлголт чинь маниас өмнө үүссэн юм. Хүндлэлгүй яадаг юм. Хүндлэлийг жишээ нь өөр байдлаар хардаг, тэгээд шүүмжилдэг байсныг үгүйсгэх арга байхгүй.

-Улс төрд залуу насыг “За миний хүү хойшоо сууж бай” гэдэг нэг тийм хуульчлагдаагүй жам байх юм. Тэр нь заримдаа бүх насаар нь ч үргэлжилчих жишээний…

-Тэгдэг ч байх, бас зарим талаар үгүй ч байх.

-Тийм бол үүнийг ер нь та яаж хардаг юм бэ?

-Ёстой л тухайн хүмүүсээсээ л болдог байх.

-Ямар цаг үетэй учирсан юм. Ямар даргын үед тохиосон хэний залуу нас байсан юм бэ гэдгээс үү?

-Тийм. Яахав өмнөх үеийнхээ ах нар Г.Занданшатар, дээшээ У.Хүрэлсүх дарга, талийгаач У.Уламбаяр дарга эд нарын үеийнхнийг хараад байхаар мөнгө төгрөгийн хүчин зүйл нөлөөлөл одоогийн энэ үеэс бага байсан юм болов уу гэж харагддаг. Ёстой жинхэнэ мөнчгөрөөрөө. Ёстой нэг итгэл сэтгэлээрээ, ёстой үзэлцээд гардаг байсан юм шиг харагдаад байдаг юм. Харамсалтай нь бидний үед мөнгөний нөлөө аймаар их болчихлоо. Уучлаарай, би үүнийг өөрийгөө барьж дийлэхгүйгээр хэлчихлээ л гэж бодъё. Одоо бол мөнгөний нөлөө аль ч намд, хөгшин залуу ч гээд байх юм байхгүй түрж байна.

-Хоёр том нам дотор өнөөдрийн учирч байгаа зовлон 20 жил хоорондоо эвээ олоогүй нэг үеийнхнээс л болж байна гэж ажиглагчид үзэх юм. Танайх ч адилхан, тэднийх ч адилхан. Одоо танай НАМЗХ-г өнөөдөр нэг хэсгийг нь хунтайж нар, нэг хэсгийг нь боловсрол мэдлэг тааруу, барлаг маягийн хэсэг гээд хуваачихсан л байж байна. Та нар ах нарынхаа байранд очихдоо энэ зовлонгоо үүрээд л явах юм уу. Үе дотроо учраа олох талаар ямар нэг алхам хийж байгаа юу?

-Мэдээж санал зөрөлдөх 10 шалтгаан байг гэж бодъё л доо. Улс төрийн ч юм уу. Өөр юу байдаг юм. Тэгвэл нэг зорилгын дор нэгдэх 10 мянган шалтгаан бидэнд байна. Тэр нийтлэг эрх ашгийн төлөө шүү дээ. Тийм болохоор бид ямар нэгэн дэмий ачааг тийшээ өвлөж очихгүй.

-Тэр хүртлээ ужигруулахгүйгээ мэдэж байна гэж үү?

-Мэдэж байгаа. (инээв)

-Гоё хариулт байна.

-Бид нарт нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйл үй түм байгаа шүү дээ. Тэрнээс давчихсан 35 босго ч гэдэг юм уу, эсвэл мөнгөний хүчин зүйлийн босго гэж байхгүй. Бид нарын өнөөдөр зөрчилдөөд байсан тэр зүйлийн урд тавигдах, эх орон, ард түмэн, залуучуудынхаа нийтлэг тулгамдсан асуудлуудын төлөө зүтгэх зорилго байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар тэр нийтлэг эрх ашиг дээр яг нэг хүн шиг босоод л явцгаана.

-Нөгөө талаас та битгий эмзэглээрэй. Энд эзэмшсэн боловсрол дагасан өөрийн эрхгүй хагарал байна гэж бас харагдаад байх юм. Байвал та шударгаар хэлж чадах уу. Тэр хэсэг бол уучлаарай, дэлхийн төвшний боловсролтой залуучууд. Та нар л шороотой гудамжиндаа чулуугаар нүүлгэлцээд л явсан хэсэг шүү дээ гээд хэлчихвэл та ямар шазруун хариу өгч чадах вэ. Би таныг боловсрол гэдгийг юу гэж үздэг юм бэ гэдэг ойлголт руу чинь орох гээд ийм асуулт асууж байна л даа.

-Бид нар одоо 30 эргэм насны залуучууд, 40 эргэм насан дээрээ очно. 50 эргэм насан дээрээ очно. 20 жилийн дараа нөгөө л 35 насаа яриад л хэмлэлдээд байх уу. Хаашаа ч харсан өнөөдрийн аль нэгэн дарга байхгүй тийм үед бид нар очъё гэж бодъё л доо. Хаашаа ч харсан хэн ч байхгүй 50 насан дээрээ бид нар очъё л доо. Яг энэ багаараа очъё. Энэ 100 залуу, 200 залуу, 60 мянган залуу очъё. За, бид нар улс эх орноо үүрч явах өдөр ирлээ. Одоо ингээд 50-тай 60 хүртлээ энэ эх орныг үүрээд яв гэдэг үе ирнэ шүү дээ, бид нарт. 20 жилийн дараа ирнэ. Магадгүй 40 настай 10 жилийн дараа ирнэ. Ингэхэд бид нар 35 насаа яриад суугаад байх уу. Ингэж хэзээ ч ярихгүй. Тухайн үеийн үзэл бодлын зөрчилдөөн, тухайн үеийн үл ойлголцол тэндээ л үлдэнэ. Тэр цаг хугацаандаа л үлдэнэ. Түүх болоод үлдэнэ. Бид нар дараагийнхаа үе дээр, дараагийнхаа тэмүүлэл, өөр эрх ашгийн төлөө явна. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө ярс хийтэл босоод нэгэн зэрэг, нэгэн зүгт хараад, эх орныхоо сайн сайхны төлөө л явна шүү дээ. Би үүнээс илүү хариулт өгч чадахгүй. Хаашаа ч харсан бид нарт хэн ч авралын гараа сунгахгүй, тэр үед бид нар хоорондоо тохиролцож, бие биенээ дэмжиж, ойлголцож сурсан, нэг нэгнээ таньсан очно гэж бодож байна.

-Чи гадаадад төгссөн, би дотоодод төгссөн гээд л дайтаад байхгүй болчихсон байнаа гэж үү?

-Тийм. Тэр хамаагүй. Хаашдаа бид нар тэтгэвэрт гарахаараа байрны сүүдэрт даалуу эргүүлээд л хамтдаа сууцгаана шүү дээ.

-Ер нь миний асуултын цаана байгаа сүүдэр та нарын дунд боловсролын ялгаа байгаа юу. Тэрийг дагасан зөрчил мөн үү. Эсвэл энэ бүхэн хоосон яриа юу гэсэн л зүйл шүү дээ?

-Байхгүй дээ. Наадахь чинь худлаа. Ялангуяа манай НАМЗХ-ны залуучууд үзэл бодол, үүсэл гарал, эцэг эх, хашиж байсан албан тушаал, ундаа зардаг, зардаггүй байсан, грушиг хийдэг байсан, хийдэггүй байснаар нь хэзээ ч хэнийг ч дүгнэдэггүй. Бие биедээ хэдийгээр хатуу ширүүн үг хэлдэг байлаа ч гэсэн чи муу нэг дэлгүүрийн грушиг байсан биз дээ гэж намайг доромжилж байгаагүй л байхгүй юу.

-Саяхан болсон зөрчилдөөнй үеэр та нар бие биенийхээ эсрэг нэлээн л юм хийх шиг болсон. Н.Номтойбаяртай холбоотой домгуудаас цацаад л, Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой баримтууд бичигдээд л…

-АНУ-ын шүүхээр орсон ч гэх шиг үү.

-Энэ бол харамсмаар явдал биз дээ. Үүнийг хөндлөнгийн сэтгүүлчид хийчихсэн үү. Эсвэл та нар өөрсдөө хийчихсэн үү?

-Нэгдүгээрт, харамсмаар явдал, хоёрдугаарт гаднаас өдөөсөн хүмүүс ч их байгаа байх. Завшаан болгож, улс төрийн далим болгож далайх илдийг сугалсан хөндлөнгийнхөн байсныг үгүйсгэхгүй. Тийм зорилготой хүмүүс байгаа. НАМЗХ-ны дүрэм тойроод л маргалдсан шүү дээ. Дүрэм тойроод маргалдаж байхад бие биенийхээ хувийн орон зайд халддаг, эсвэл халдсан болгож хутгасан нь аягүй муухай бүдүүлэг явдал. Үнэндээ хувийн харилцаанаасаа болоод зөрчилдсөн нэг ч хүн байхгүй шүү дээ.

-НАМЗХ гэдэг байгууллага МАН-ын хувьд стратегийн үнэхээр тийм том түшиц газар юм уу. Яг ямар ач тустай байгууллага юм бэ?

-Хүний биологийн наснаас гадна улс төрийн нас гэж байдаг. Гишүүдийн хувьд улс төрийн боловсрол, багаар ажиллах чадвар, энэ намаа мэдэж мэдэрч авах, олон нийтийн ажилд суралцах, улс төрийн боловсролоор хамгийн зөв хэмжээнд төлөвшил олж авдаг газар нь энэ байхгүй юу. Намын институтийн нэг чухал хэсэг л дээ.

-Намын зүтгэлтэн болоход уу?

-Би хувьдаа ерөөсөө намын дэргэдэх артерын судас нь болсон газар гэж ойлгодог. Энэ газар л хүн болно гэдэг байсан. Энэ дээр чинь залуучууд хийгээ дарж авнаа. СУИС-д орсон нэгдүгээр курсын оюутан чинь анх ирэхдээ би бүгдийг дуулж чадна гэсэн Ардын жүжигчин ордог юм гэсэн биз дээ. (инээв) Тэрэн шиг ер нь л УИХ-ын гишүүн л орж ирнэ шүү дээ. Ингэж орж ирээд л хүн чинь өөрөө хамт олон дунд төлөвшөөд, хүмүүжээд, олон нийтийн ажилд яваад, сураад, хаашаа ч хамаагүй томилогдоод ажлын ачаалал дааж сураад л эхэлдэг байхгүй юу. Тэнд манай нэг залуу байгаа тэрэнтэй очиж уулзаад, ийм ажил зохион байгуулаад, залуучуудаа цуглуулаад ингэж гоё бужигнуулаад, ингэж гоё сургалт хийгээд, ингээд ир гэхээр хүн асар их юм сурчихаад л ирдэг байхгүй юу. Ингээд явсаар байгаад үнэхээр оюутан болоод СИУС төгслөө гэдэг шиг, ёстой нэг чанагдчихаад, энэ тогооноос гараад дараагийнхаа улс төр, дараагийн алхмаа хийгээд явна. Энэ хооронд чинь хууль сурна, хүн хүндэлж сурна, ядаж хүнтэй мэндэлж сурна, ахас ихсээ хүндэлж сурна гээд бүгдийг нь үйл ажиллагаагаараа заагаад өгдөг байхгүй юу. Сайныг нь ч сурна, саарыг нь ч сурна. Муугийн жишээ ч олон байгаа, сайны жишээ ч олон байгаа шүү дээ. Хэвлэлээр гаргахдаа мууг нь гаргаж цоллоод байдаг болохоос биш… Би бол НАМЗХ-ноос асар их сайн сайхан зүйлс сурсан. Одоо ч би НАМЗХ-ндоо хайртай. Тухайн үед хамт ажил зохион байгуулаад, хөдөө гадаа яваад зүтгэж байсан, манай холбоонд байсан бүх хүнээс асуугаад үзээрэй. Бүгдээрээ гоё, гэрэлтэй гэгээтэй тэр хэсгийг л дурсана. Хамтдаа нэгэн үед Л.Оюун-Эрдэнэ бид нар яваад НАМЗХ маань нэр цэвэр байж нөхдөдөө хүлээлгэж өгсөндөө.

-Саяхан таны тухай нэг хачирхалтай нийтлэл гарсан байсан. Та яаж хүлээж авсан бэ?

-“Шилэн Дамдин” гээд үү.

-Гарчгийг нь сайн санахгүй байна.

-Мэдэхгүй, гэхдээ би энд жаахан гомдлын чанартай ч юм уу, эсвэл нэг учрыг нь олохгүй байгаа зүйлийг хэлчихье л дээ. Би түрүүн Монголын аягүй олон хууль “үхчихсэн” байна гэж хэллээ шүү дээ. Тэрэн шиг жишээ нь, Ерөнхийлөгчийн зарлиг болон УИХ гишүүдийн санаачилсан хуулиуд дотроос нэгийг нь амь оруулаад алхуулаад, гишгүүлээд, гүйлгээд ард нь бүр хариуцлага тооцуулаад ингээд явж байхад дэмжлэгийн механизм нь хаана байгаа юм. Ерөөсөө мэдэгддэггүй. Хэн нь намайг ер нь дэмжих юм бол. Хүмүүс болохоор энийг нам нь дэмжих байх аа, нам нь аягүй л бол дэмжиж байгаа даа, үүний ард нам нь л байгаа гэдэг юм уу. Уул нь бол хамгийн хүчтэй дэмжлэг Ерөнхийлөгчийн институтиэс гарах байх гэж би бодоод байдаг юм. Хардаг юм. Одоо ч гэсэн хүлээдэг юм. Хэрвээ Ерөнхийлөгчийн институтийн хүчтэй дэмжлэг ороод ирэх юм бол дараа дараагийн олон хууль амилж босч ирэх гоё шалтаг шалтгаан болох байх гэж бодож байна. Тэрнээс би залуу хүн, надад шагнал хөөцөлдөх ч юм уу тийм юм байхгүй шүү дээ.(инээв)

-Сая засагт танай намыг хамтарч байхад Цогоо гуай тэнд очих гэнэ, энд томилогдох гэнэ гэсэн яриа их явсан. Үнэхээр тийм саналууд ирж байсан уу. Эсвэл бас л нэг хардлага уу?

-Би танд дахиад л хаана ч хэлээгүй. Бүр зарим сайн нөхдөдөө ч яриагүй юмаа ярьж байгаа юм шүү. Гэхдээ би жаахан ичээд, санаа зовоод байна. МАН хамгийн түрүүнд Б.Цогтгэрэлийгээ гэсэн юмаа. За, Цогоо минь гээд надад маш гоё ажил санал болгосон. Надад дөрвөн хүн ажлын санал тавьсан. Дөрвүүлэнгээс нь би татгалзсан. Би өөрөө тухайн ажлыг хийх хангалттай хэмжээнд төлөвшөөгүй байна гэж өөрийгөө үзсэн. Хангалттай хэмжээний мэдлэг олж авч чадаагүй байна гэж бодсон. Би улсын ажил унагаахаасаа үнэхээр айсан. Даруухан загнасан ч гэж хэлж болно. Бүр МУ-ын маш том агентлагийн дэд даргыг хүртэл надад санал болгосон. Чи ингээд ажил, намын том үүрэг өгч байна гээд яв гэсэн. Би яагаад айсан юм гэвэл нэгдүгээрт, туршлагаасаа айсан, санаа зовсон. Хоёрдугаарт, би МАН гэдэг энэ намд тууштай ингээд зүтгээд байвал нэг юманд оччихдог юм байна гэдэг ийм зүйл залуучуудад маань буруу ойлголт болж суугаад явчих вий гэдгээс бас их айсан. Намд явах юм бол албан тушаалд оччихдог юм байна гэдэг ийм ойлголт газар авчих вий гэдгээс аймаар айсан. Тэгээд би дөрвөн ажил санал болгоход нь бүгдээс нь татгалзсан. Үнэндээ аймаар амбийцтайдаа л намд яваад байгаа юм биш шүү дээ. Энэ дотор нь миний алхаж орж ирээд шинээр төлөвшсөн, шинээр учирсан хамт олон, миний найз нөхөд байгаа шүү дээ.


ШҮҮРЭН ШАНАГА БОЛТОЛ НЬ ШҮҮМЖИЛСЭН ХҮНИЙХЭЭ ОРОНД
ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ БОДДОГ

-Цогоо гуай гэдэг нэрийг яагаад өгсөн юм бэ. Сошиалд бол та содон тоглогч нарын нэг шүү дээ.

-Цогоо гуай гэдэг чинь жүжигчин Хүрэлхүү гуайн надад өгсөн нэр байхгүй юу.

-Хүрлээгийн тоглодог рекламнаас өмнө үү?

-Тэр реклам гарахаас өмнө Хүрлээ ах намайг FМ-д байхад л Цогоо гуай гэж дууддаг байсан байхгүй юу. Дараа нь харин сошиалд ороход тэр реклам гараад, ёстой бэлэн брэнд л байж байсан шүү дээ. Хүн болгон л намайг Цогоо гэдэг байсан юм чинь гуай л нэмчихсэн байхгүй юу. (инээв)

-Сошиалд харж байхад та нэг хацрыг нь алгадахаар нөгөө хацраа тавьж өгөөд л байдаг хүн харагддаг. Энэ нь бас Б.Цогтгэрэл гэдэг эр хүнийг авч яваа чанаруудын нэг юм болов уу. Эсвэл зүгээр л энэ соёлт нийгэмд гаднаа зүүж яваа имиж юм уу?

-Эхэндээ би аймаар эмзэглэдэг байсан. Бүр зарим хүнд гомдоод, яагаад энэ хүн намайг ингэж их үзэн ядаж байгаа юм бол, энэ хүнд би ямар гай болсон юм бол, энэ хүний амьдралд юу болохыг нь би болиулчихсан юм бол гэж бодоод нойргүй хонох ч үе байсан. Тэгээд дараа нь би бодож байгаа байхгүй юу. Тэр хүн намайг тэгж хэлсний төлөө би энд нойргүй хонож байдаг ёстой илүү зан байна даа. Би чинь эр хүн шүү дээ гэж. Би бор амьдрал дундаас босч ирэх гэж яваа л нэг эр хүн шүү дээ. Иймхэн юмны төлөө ингээд унаад өгвөл яах юм бэ гэж өөрийгөө хурцалдаг юм. Мэдээж заримдаа шаналгаатай юмнууд, зовиуртай үг хэллэгнүүд гарч ирж л байдаг юм. Манай бурханч лам Пүрэвбат багш хэлдэг байхгүй юу. Би чинь бурхны шашин их шүтнэ. Пүрэвбат гуайн үгийг их сонсоно. “Өөрийгөө хормын төдийд шил болгож төсөөл” гэж аягүй их хэлдэг байхгүй юу. Бүүр дээр үеэс. Энэ шилэн данснаас өмнө. Хоромхон хугацаанд чи өөрийгөө шил болгоод төсөөл, усан дотор болор хийхээр болор харагдахаа больчихдог шүү дээ. Яг тэрэн шиг өөрийгөө шил толь болгож төсөөл. Өөрийгөө ариуслаа гэж төсөөл гэдэг. Яг ингэж аливаа зүйлийг өөрөөрөө нэвт гаргуулж сурах хэрэгтэй л гэж боддог юм. Юуг ч хүн дээр бие дээрээ тусгаж авах биш, шингээх биш өөр рүү чинь ирсэн сумыг нэвт гараад л явлаа гэж өөрийгөө бүр шил толины чанартай байна гэж төсөөл гэж л боддог юм. Ингэж бодоод сурчихаар хэр баргийн доромжлол гүтгэлгийг тоохоо больчихдог юм байна лээ.

-Цогоо гуай ингэхэд дургүйгээ хүрвэл зодоон хийдэг үү?

-Багадаа их зодолддог байсан. Манай Бага тойргийнхон чинь аймаар зодолддог байсан ш дээ. (инээв) Пүү ёстой найгүй зодолдоно. Гэрээсээ гараад л хичээл хүртлээ зодолдоно, хичээлээсээ тараад харих хүртлээ зодолдоно.

-Би хүмүүсээс асуусан, таны тухай. Зарим нь юун хүнтэй заамдалцаж авах, зодоон нүдээн хийх. Аягүй сайн зохицуулагч шүү дээ гэсэн. Ер нь дэргэдээ байгаа хоёр хүнийг турхирч байгаад барьцалдуулаад авахгүй л хүн гэж таны нэг найз бас хэлж байсан. Эр хүний хувьд зодоон хийх нь зөвхөн хөвгүүн насанд нь л үлдэх ёстой юу. Би бол тийм биш, үзвэл үзчихдэг байх ёстой гэж хэлнээ…

-Мэдэхгүй, одоо бол хүн зодолдуулахаасаа илүү эвлэрүүлэх нь их байх шүү. Би бас хаана ч ярьдаггүй юмаа л ярих гээд байна. (инээв) АН-ын хоёр найз маань жишээ нь хоорондоо муудалцахад би эвлэрүүлсэн тохиолдолд байдаг шүү дээ. МАН-ыхан ч бас хоорондоо үл ойлголцох тохиолдолд, бие биедээ гомдоод, туниад эе эвдэрхэд би хоёуланг нь дуудаж авчирч байгаад, цасан дээр дарж унаад л хоёуланг нь зэрэгцүүлж хэвтүүлээд тэврэлдүүлж байсан тохиолдол байдаг л юм. Хоёуланг нь замын хажуу руу татаж гаргаж ирж байгаад тэврэлдүүлээд, өөрөө цасан дээр дараад унаж байсан, гурвуулаа зэрэгцэж хэвтээд инээлдэж байсан дурсамж байдаг. Эр улсуудын хооронд болдог л юм.

-Архи уух уу?

-Аймаар бага. Би харшилтай байхгүй юу. Ганц 100 грамм татаад л нүүр ам час улаан болоод л явчихдаг. Аягүй хэцүү.

-Энэ амьдрал хүнд олон бэлэг өгдөг л дөө. Тэрний нэг нь нөхөрлөл. Найз нөхөд гэдэг тавилан. Тэдэндээ үрэгдээд л дуусах тавилан байдаг юм байна. Нөхөрлөлд хандах хүмүүсийн хандлагыг би их сонирхдог юм. Зарим нь тэд бол дараа, нөхөд гэж ноход ч гэх. Зарим нь амьдралын бас нэгэн баяр баясгалан гэх?

-Энэ хамгийн гоё сэдэв байна. Таныг хэлэхээр л бодож байна. Нээрээ би чинь аль найздаа аль үед зовоход нь зовлонг нь хуваалцлаа, жаргахад нь жаргалыг нь хуваалцлаа гэж. Би маш олон тохиолдол, гоё дурсамжууд ярьж чадах юм байна. Үнэхээр супер хамт олон, супер найзуудтай зовлон жаргал дундуур, бас ч олон залуу хүнд үнэхээр багтамгүй юман дундуур явсан ч юм шиг. Зарим нь зовлон байсан байх, зарим нь залуу хүнд батгамгүй л аз жаргал бидний улс төрийн нөхөрлөл дунд байсан байх. Мэдээж улс төргүй, энэ талаар юу ч ойлгохгүй манай найз нар байна шүү дээ. Ямар намд нь юу болоод байгааг ч мэдэхгүй хүмүүс. Ийм хэсгийн амьдралаас тасарчихсан хол улсууд ч байна. Би өөрийгөө үнэхээр амьдралын замд ханилгаатай найз л гэж боддог. Баяр баясгаланг хуваалцах тал дээр ирдэггүй энэ тэр тал бий байхаа.

-Ямар үед найз нар бие биендээ хумхийн тоосны ч чинээ үнэгүй болдог юм бол. Та юу гэж бодож байна?

-Их гомдсон үедээ л тэгдэг байх даа. Итгэл алдсан үед, урвасан үед байж болно. Улс төрийн найз нөхөд дунд бол урвалт хамрын ханиад шиг л болчихсон шүү дээ, одоо. Та ямар аймаар гэж бодож байна. Ёстой нэг нуруу руу хүйт оргиод гэдэг шиг юм болдог болчихсон. Та миний твиттерийн зургийг хараарай, арагшаа харчихсан зураг байгаа. Сая хамтарсан Засгийн газрын үед хэдэн хүн, хэдэн найз гэж бодож явсан хүмүүс маань миний нуруу руу хутга зоосон гэж бодож байна. Улс төрд энэ үзэгдэл бол хамрын ханиад шиг л болчихсон шүү дээ.

-Тийм хүмүүсийг та орхиод л явдаг уу. Амьдралдаа үлдээдэг үү?

-Би бүр ахиж бодохоо ч больдог. Би эр хүн шүү дээ. Сайнаар ч, муугаар ч бодохоо больдог. Энэ хүн маань ийм л хүн юм байна даа. Ёстой л нэг замын эхэнд залуу насандаа танилаа даа гээд л.

-Эр хүнийг сорьдог хоёр гурван үйл явдал байдаг гэх юм билээ. Зовлон, ашиг орлого, хайр дурлал гэж. Хайр дурлалд таны хандах хандлага. Одоо залуу гэр бүл маш их салж байна. Бас залуучууд их орой гэрлэдэг болчихсон нь ч анзаарагддаг. Нөгөө гоё романтик үе хүмүүсийн залуу наснаас эрт алга болдог болчихсон юм болов уу гэмээр.

– Орчин үеийн залуус аймаар хүчтэй дурлаж мурлаад л байхаа больсон байна гэж үү. (инээв)

-Бие биендээ итгэхгүй, хэт их болгоомжилдог, олон юмыг тооцож гэрлэдэг ч болчихсон юм шиг. Одоо бараг 30 хүрээд л гэрлэдэг болж хувирч байх шиг…

-30 гэдэг чинь аймаар орой байна, тийм ээ. Ямар сайндаа “Single Ladies” гээд кино гарах вэ дээ, энэ чинь одоо. (инээв) Би нээрээ танд аймаар онигоотой юм ярих уу. Би сая “Single ladies”-ыг үзээд бараг гуравны нэгд нь унтчихсан гээд бод доо. Тэгээд ичээд би өөрийгөө мод гэж бодож байгаа байхгүй юу. Би яасан тэнэг юм бэ, ямар муухай мэдрэмжгүй юм бэ гээд. Хүмүүс инээлдээд л байхад тэнд ингээд зовхи нь унжаад, киногоо ойлгохгүй байж байна гэхээр би бол мэдэхгүй тийм хайр дурлал, романтизмаас аймаар хол хөндий болчихсон юм шиг байгаа юм. Нөгөө талаас би 25-тай даа аав болсон байна. 24-тэйдөө хүнтэй суусан байна гэхээр яг насандаа суучихсан байгаа байхгүй юу. (инээв) Та түрүүн хэллээ. Гэр бүл салалт их байна гэж. Надад бас тэр залуус айл гэр болж тоглож байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Гэр бүлийн маргаан зэргийг харахаар хэдэн хүн батлуулж байна, хэдэн хүн салж байна гэдэг тоог хараад л ухаан алдаж унамаар. Айл гэр болж тоглож байгаа биш дээ. Би эрчүүддээ хандаад нэг зүйл хэлчихье. Амьдралд сөхөрч нугарах зүйл маш их гарна. Эмэгтэй хүнээс болоод, эмэгтэй хүний түргэн ааш, хэлэх хэлэхгүй үг зэргээс болоод өнхөрч унамаар ийм зүйл зөндөө гарна. Ямар ч үнээр хамаагүй гэр бүлээ л авч үлдээрэй гэж. Юуг ч хамаагүй зольж байгаад гэр бүлээ л авч үлдээрэй. Бүхний түрүүнд л гэр бүл байна. Гэр бүл тогтвортой байхад амжилт, мөнгө, эд хөрөнгө, албан тушаал зэрэг залуучуудын мөрөөдөөд байгаа бүх зүйл дагаад л ороод ирнэ.

-Эрэгтэй хүүхдүүд багадаа тийм нэг техникийн хөгжил дагасан мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Сансрын нисэгч болно гээд л. Цогоо гуай багадаа ямар мөрөөдөлтэй байсан бэ?

-Нисгэгч байсан шүү дээ. Одоо болтол тэр мөрөөдөл маань байдаг гээд бод доо. Одоо миний төрсөн эгч хэлдэг байхгүй юу. За, миний дүү багадаа яг ямар хүүхэд байсан яг тэр хэвээрээ л байгаа. Мөрөөдлөө ширхэг болгоноор нь биелүүлж явж байгаа гэж. Манай эгч надад ингэж дүгнэж хэлсэн. Яагаад тэгж дүгнэсэн гэхээр жишээ нь, би 10 жилд байхдаа орос сургуулийн охидуудыг хараад шүтдэг байсан байхгүй юу.(инээв) Манай Бага тойрог чинь орос сургуулиудтай. Ямар гоё охидууд вэ гээд л, тэд нарт хэлж чадахгүй ш дээ. Гэтэл хожим охиноо сургуульд өгөхдөө орос сургуульд өгч байгаа байхгүй юу. Манай эгч, Цогоо аргагүй аргагүй. Хүүхдээ орос сургуульд өгч байна, манай дүү чинь орос сургуулийн охидуудыг шүтдэг байсан байхгүй юу гээд. (инээв) Унаж байгаа машины өнгө нь хүртэл өөрийнх нь багаасаа дуртай өнгө нь байх жишээтэй. Өмсөж байгаа хувцас, тарьж байгаа цэцэг бүх юм нь багынх нь мөрөөдөлтэй, багынх нь л сонголтууд гэж. Мэдээж хүүхэд байхдаа эгчдээ ярина, хүүхдүүд чинь мөрөөдлөө ярьдаг. Манай Цогоо бол яг багадаа юу мөрөөддөг байсан тэрийгээ нэг нэгээр нь хийгээд яваад байгаа гэж одоо эгч ярьдаг. Миний эгч чинь надаас нэг л эгч юм чинь.

-Уран зохиолын сайн уншигч юм шиг байна.

-Аймаар сайн уншигч.

-Бичих тухай ямар нэгэн мөрөөдөл байдаг байж уу?

-Бичье гэж боддоггүй. Энэ талаархи миний мөрөөдөл гэвэл юм бичдэг хүмүүс үүнээсээ илүү гоё юм биччихээсэй л гэж боддог. Аягүй мангар мөрөөдөл байгаа биз. Жишээ нь, би Д.Цэнджав ахыг “Хөх жавар”-ыг бут цохисон дараагийн нэг тэсрэлтээ биччихээсэй гэж хүсдэг. “Цахарын хар шуурга” шиг “Морин галав” шиг зохиолуудаа давуулаад бичээсэй. Хүмүүс “Морин галав”-ыг хайж олоод уншчихаасай. Оросыг монголчууд яаж эзэлж, монгол цэрэг нэг тосгоноор хэрхэн дайраад өнгөрсөн тухай л жижигхээн өгүүллэг байхгүй юу. Тийм гоё юм уншчихаад л таны хэлдгээр нисч байгаа юм чинь. Тийм гоё зохиолыг унших чинь жаргал шүү дээ. Тэдэн оны тэдэн сард Бат хаан тэрийг эзлээд тэгсэн чинь тэрийг ингээд гэж бичихгүй ш дээ. Зүгээр л голын эрэг дээр тосгоны хоёр өвгөн ойгоос өмхий үнэртээд байна. Энэ юуны үнэр вэ. Мэдэхгүй сүүлийн үед л ингээд үнэртээд байдаг боллоо гээд л ярьцгааж байгаа юм. Тэгтэл монгол цэрэг ирж явсан нь тэр. Зүгээр явалт дундаа тэр тосгоноор дайраад л өнгөрч байгаа байхгүй юу. Тэр хоорондоо бүх үхрийг нь эвдээд мориныхоо ард ачаад явчихаж байгаа юм. Голын ус хүртэл чичрээд байсан гэж дүрсэлсэн байдаг. Юмыг яаж тэгж дүрсэлж, тэгж уран яруу, тод томруун, хэн ч ойлгож чадахаар бичиж чадаж байна аа. Би бол “Өдрийн сонин”-ы аймаар сайн уншигч. Бүр фен нь байлаа. Гэхдээ би одоо фен нь байж чадахаа байчихаад байна. Жишээ нь, аймшигтай том акулуудын сэлж байсан аквариум өнөөдөр хоосон юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Би Золоо ахын “Уйтан дорнын талст”-ыг уншаад бүр уйлж байсан гээд бод доо. Нулимс цийлэгнээд байгаа юм чинь. Тэрний дөнгөж дараахан “Давалгаа болорших дайд” гээд Мексикийн тэмдэглэл, “Уйтан дорнын талст” нь Энэтхэг. Би бол зүгээр Мексик орноор, Энэтхэг орноор гээд л биччих нь. Золоо ах хэрэмний сүүлэн бийрээр завсрын биш хөнгөхөн ягаан өнгөөр зөөлхөөн зураад байгаа зураач шиг санагддаг байхгүй юу. Үнэнхүү тэр хүмүүсийн бичиж байгаа, нийтэлж байгаагаас нэг тийм аархал мэдрэгддэг байсан. Тэндээс өдөр тутмын мэдээллээ ч авна, оюуныхаа санг ч бүрэн дүүргэж аваад д ажилдаа ордог байсан даа. Та нарын хэн ч одоо тэнд алга. Акулуудын юмыг унших гэж хүлээдэг байсан. Өглөө болгон шинэ талх зүсэхэд ямар гоё байдаг билээ дээ. Үнэр нь хүртэл тийм гоё. Тийм л байсан шүү дээ. Тэр үеийнх шиг өгүүллэг, эссэ, нийтлэлүүд гараасай, буцаад тийм хүчтэй хэвлэл гарч ирээд Монгол орныг залуурдан яваасай гэж үнэхээр боддог юм шүү. “Өдрийн сонин” Монгол Улсыг удирдаж байсан шүү дээ, нэг хэсэг үнэндээ. Хэн худлаа гэж хэлэх юм бэ.

-Бизнес хийх гэж оролдож байв уу. Ашиг, мөнгө гэдэг ойлголтыг яаж хардаг юм. Зарим нь “Цогоо намаасаа их мөнгө авдаг байх аа. Гадаадад аялаад л байх юм” гэж бичиж байгаа харагддаг.

-Би яг ийм асуулт ирнэ гэж мэдээд бодсон байхгүй юу. Би хаана, юу хийж мөнгө олж явж байсан билээ гэж. Багаасаа л мөнгийг яаж олдог юм, яаж зарцуулдаг юм, бизнес хийвэл яаж хийдэг юм бэ гэдэг дээр л миний толгой аягүй сайн ажилласан. Нэг бодлын азтай. Ажилд орохдоо цалин ярьж ордог бол ашгийн хувь ярьж орсон бараг анхны FМ-ийн хүүхэд байсан байх. Эхнэр ч аваагүй, хүүхэд ч байхгүй үе байсан. Ийм үедээ би хувь яриад л, өөрөө сонголтуудаа хийгээд л явж байсан. Одоо би tsag.mn гээд бас нэг сайт ажиллуулж л байна. Тэр нь яахав өөрөө өөрийгөө болгоод, хааяа надад бас талхны мөнгө өгчихдөг. Гадагшаа дотогшоо явлаа гэж бичсэн л харагддаг. Тэр нь бусад шиг биш шүү дээ.


ЭВДРЭЛЦСЭН АНДУУДАА ЦАСАН ДЭЭР ДАРЖ УНААД Л ИНЭЭЛДДЭГ

-Яагаад цаг гэж нэрлэсэн юм бэ?

-Хайлт хийсэн чинь л цаг гээд гараад ирсэн. Боломжтой байхаар нь авчихсан. Тэрнээс биш айхтар утга агуулга бодож сонгоогүй. Цаг гэдэг чинь бүх юмны хаан шүү дээ. Энэ утгаараа таалагдаж эхэлсэн. Тэгээд л хийсэн.

-Цаг гэдэг сайтын эзэн ямар фирмийн, ямар үнэтэй цаг зүүдэг юм бэ дээ?

-Би Seiko-гийн Sportura гэдэг загварын 900 мянган төгрөгийн үнэтэй цаг зүүдэг. Надад тийм их үнэтэй цаг байхгүй. Зарим хүмүүсийг харахаар 10-20 мянган долларын үнэтэй цаг зүүчихсэн л явж байдаг юм. Минийх бол энгийн л залуучуудын зүүдэг цаг. Одоо бол оффисын ажилтнуудын л зүүдэг цаг. Би маш сайн өндөр үзүүлэлттэй техникт харин сонирхолтой. Ёстой уралдаж ирээд Монголдоо бол хамгийн түрүүнд авдаг. “Apple”-ийн шинэ бүтээгдэхүүнүүдэд бол хэзээ ч гар татаж байгаагүй. Яагаад гэвэл өдөр тутам хэрэглэж байдаг зүйл учраас. Шинэ загварын мэдээллийн технологийн чанартай юмыг хамгийн түрүүнд хэрэглэж үзэж, доторхийг нь ухах дуртай.

-Хөгжим харин таны ертөнцийг бүрдүүлж байдаг зүйлсийн нэг байх?

-Яах аргагүй мөн. Би одоо болтол FМ -д ажиллаж байх үеийнхээ дуунуудыг эргэж сонсох дуртай. Би маш олон гоё дуу мэднэ. Хөгжмийн мэдлэг бол үеийнхэн дундаа өндөр гэж хэлж чадна. Хаана ч бардам хэлнэ. Харин хуулийн мэдлэг маруухан шүү. Гэхдээ хөгжмийн талаар яривал ярина. (инээв) Би 1970, 80-аад оны баллад дуунууд сонсох дуртай. Намайг төрөөгүй байхад, дөнгөж төрсөн байхад дэлхийг байлдан дагуулж байсан тэр гоё гоё дуунуудыг сонсох дуртай. Бас тухайн үедээ долоохон хоног хит болж байсан түүхтэй гоё гоё дуунууд байдаг шүү дээ. Тийм дуунуудыг хайж олж байгаад сонсох дуртай. Хэний ч сонсдоггүй. Монголд хэний ч тоож сонсдоггүй дуунуудыг би сонсдог байж магадгүй. Киноны хөгжмүүд байна. John Williams-ын зохиосон хөгжмийн зохиолуудад жишээ нь би дуртай. “Forest Gump” “Geisha“ гээд кино байна шүү дээ. Тэрний аянуудад дуртай. Гоё япон шинж агуулсан. Японы дайны дараахи үеүдийн хөгжмүүдийн бүх агууламж, элементүүд тэр дотор байдаг учраас тэрийг сонсох дуртай. Та миний хэнд ч ярьдаггүй, бараг гэр бүл дотроо ч ярьдаггүй тийм зүйлүүдийг л яриулаад байх юм. (инээв)

-Баярлалаа, Цогоо. Танд илэн далангүй сайхан яриа өрнүүлсэнд үнэхээр талархаж байна. Мөн ажилд тань амжилт хүсье.

-Та бүхэнд, танай хамт олонд хамгийн сайн сайхныг хүсье.

Сошиал ертөнцийн алдартай тоглогчдын нэг Шилэн Цогоотой ийн хөөрөлдлөө. Заримд нь бусдын мууг үзэгч, залуу хүн гэхэд байж боломгүй намын хатуу зүтгэлтэн мэт харагддаг. Миний хувьд тэр өөрийнхөөрөө, бас гэрэл гэгээтэй, хүүхдэрхүү аашаа тээсээр л яваа нэгэн санагдав.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив