И.Нарантуяа: Гаргасан шийдвэр, хийсэн сонголтондоо хэзээ ч харамсаж байгаагүй
2016 оны 1 сарын 15 [Уншсан тоо: 48034]
Ишбадамын Нарантуяа хэмээх та бүхний танил эмэгтэйг зочноороо урьлаа. Түүний эгэл үнэн ертөнцөөр аялаарай.

-Хэдийгээр бид бие биенээ эртнээс мэдэх ч ярилцлагын ширээний ард уулзаж байгаагүй юм байна. Улс төрч эмэгтэйд шуудхан улс төрийн асуулт тавиад яриагаа эхлүүлчихье. Өнөөдөр танай нам төрийн эрхийг барьж байна. Эрх барьж байгаа нам ер нь сайн хэлүүлдэггүй л дээ. Гэхдээ энэ удаа арай л дэндүү рейтинг муутай байх шиг. Энэ намтай хувь заяагаар холбогдсон нэг гишүүн нь болохоор санаа бодол тань чилж л байдаг байх даа. 

-Та бид хоёр нэг нэгнийгээ дэндүү сайн мэддэг боловч ярилцлагад тань уригдаж явсангүй. Өнөөдөр уулзаж байгаадаа баяртай байна. Манай Ардчилсан намын рейтингийг тааруу байна гэсэн яриа янз бүрийн хэлбэрээр идэвхтэй түгэж байна л даа. Ер нь ажил хийж, амжилт олж явах үед хувь хүнийг ч гэсэн сөргөөр л ярих гээд байдаг нэг тийм зан манай нийгэмд байдаг даа. Нийгмийн гүнд явдаг хүн болохоор та өөрөө сайн мэдэж байгаа байх. Иймэрхүү хандлага бас тээж байгаа байх гэж бид дотооддоо өөрсдийгөө өмөөрч хардаг. Хүний ээж хүүхдээ өмөөрдөг шиг. Бид 25 жилийн турш энэ намаа өмөөрч, босох үед нь босч, суух үед нь сууж, унах үед нь унаад л явж ирлээ. Энэ нийгмийг сайн сайхан болгохын тулд л бид ажиллаж, хөдөлмөрлөж байна. Хамгийн чухал зүйл бол үр хүүхдийн минь ирээдүйд амьдрах тэр нийгэм эрүүл саруул байгаасай л гэж энэ үзэл санааны сонголтыг хийж, түүнийгээ цогцлоохын төлөө зүтгэж ирсэн. Улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцъё, хөлс хүчээ зориулъя л гэж бид явж байгаа. Миний хувьд бизнесийн салбарт нэлээд олон жил ажиллалаа. Тодорхой хугацааны амьдралаа хувийн хэвшилд өнгөрөөсний дараа ахин шийдвэр гаргаж, намдаа үүрэг хүлээгч, хариуцлагатай гишүүн байх зоримог сонголт хийж, улс төрийн амьдралд хөл тавьсан. Өөрийн гаргасан шийдвэр, хийсэн сонголтондоо би хэзээ ч харамсаж байгаагүй. 

-Эмэгтэй хүний хувьд улс төр бол хатуу “тоглоом”. Ялангуяа бизнесийн салбарт амжилттай ажиллачихаад, Төр барьж явсан түүх нь богино, ихэнхдээ гадаа явсан АН-ыг сонгож хөл тавина гэдэг эрсдэл. Та зоригтой л хүн дээ. 

-Бид нар энэ ардчилсан нийгмийн сайн сайхныг эх орондоо цогцлоож нутагшуулах гэж 25 жил зүтгэлээ. Анх энэ замыг сонгохдоо л бид маш том дэнчин тавьсан гэж би боддог. Ер нь ч тийм шүү дээ. Маш эрсдэлтэй замыг туулж байж энэ нийгмийг олж авах, түүн дотроо өөрийнхөө амьдралыг олж авах тийм л үнэтэй сонголт, хүчтэй шийдвэр байсан. Тэгээд тэр үйл хэргийнхээ төлөө зүтгэх боломжийг өгсөн учраас бид нар намдаа дэндүү хайртай байдаг. Бид эрхэм гишүүн болно гэж энэ замыг сонгоогүй юм. Иймхэн зорилгын төлөө 25 жил зүтгээгүй юм. Энэ нийгмийг сайхан болгоё, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө эрүүл саруул, хөгжил дэвшилд хүрсэн тийм нийгмийг цогцлооё гэсэн сэтгэл зүрхээр л явж ирсэн. Энэ нь яваандаа намын амьдрал руу гүнзгий орох, сэтгэл зүрхнийхээ угт тээж ирсэн үнэт зүйлээ баталгаажуулах шинэ үе рүү намайг хөтөлсөн. Эмэгтэйчүүд албан тушаалд хүрэх гэдэг зорилгоос илүү эрхэм чанараар намын амьдралд ханддаг. Би өөрийгөө тийм хүмүүсийн нэг гэж боддог. Тийм хүмүүсийн нэг болоод л АН-ыг сонгосон байлгүй дээ.

-Улс төрийн намууд доторх эмэгтэйчүүдийн байгууллагуудаас МАН доторх эмэгтэйчүүдийн байгууллага, мөн танай намын эмэгтэйчүүдийн байгууллага хоёр илүү тулхтай, илүү түүхтэй. Бас танай нам олон фракцтай, олон зөрчилтэй, лидер дагасан тэмцлүүд тасралтгүй өрнөж байдаг нам. Гэхдээ ажиглаж байхад эмэгтэйчүүд нь их тогтвортой, цул харагддаг. Намын эмэгтэйчүүдийн байгууллагатай холбогдсон таны түүх хэзээнээс вэ?

-2002 оноос эхтэй түүх. Чингэлтэй дүүргийн намын дарга байсан, одоо Дорнод аймгийн Ардчилсан намын даргаар ажилладаг Цэрэнчимэг гэдэг эмэгтэй бий. Миний найз л даа. Тухайн үед дүүргийн сонгууль болж байсан юм шиг байгаа юм. Тэр үед юм ховор байлаа шүү дээ. Принтер, компьютер энэ тэр ч мөн адил ховор. Манай намын бүтэц чинь өрөвдмөөр. Юун техникийн хүч энэ тэр. МАН-тай харьцуулахад хур хөрөнгө байхгүй. Ийм л үе байсан. Хөөрхий нэг компьютертай байсан юм. Принтер ч байхгүй шүү. Би компани дээрээ очиж принтер аваад, би нэг муу машинтай. Тэр үед чинь машинтай хүн ч элбэг байгаагүй. Принтерээ өгч, мань хүн надаар хүмүүсээс санал авахуулна гээд айлаар явуулаад. Өвчтэй байгаа хүнийг ч үүрч авчирч санал авахуулаад явж байсан. Би бүр гайхаад, хэлж байсан. “Чимгээ чи минь юу л хийгээд байна даа. Ийм улсуудыг авчирч яагаад санал өгүүлээд байгаа юм бэ” гэж. Надад бол ойлгомжгүй байсан. Наадах чинь биш байна аа гээд л найзыгаа шүүмжлээд. Тэгсэн хэдий ч найздаа туслаад тэндээс ч хүн зөөгөөд л, бусад ажлуудыг нь хөөцөлдөж наашаа, цаашаа яваад л.

Ингэж эхэлж байсан. Найз маань намайг намд элс гээд л, 2002 онд намдаа элсэн орж байсан. Ерөнхийдөө бол намаа дэмжээд явдаг ийм л хүн байсан. Тэр үед бизнесийн салбарт ажилладаг байлаа. Б.Дэлгэрмаа даргатай манай дүү ойрхон харилцаатай. 2008 онд эмэгтэйчүүдийн квот 20 хувь байхад Б.Дэлгэрмаа дарга “Та нар шиг л эмэгтэйчүүдийг бид намын ажилд гүн оруулмаар байна, чи ир” гэсэн. Б.Дэлгэрмаа дарга бол намайг улс төр лүү чангааж оруулсан хүн л  дээ. Бизнесийн салбарт хүн ямар зорилго тавьж ажилладаг, ямар үр шимийг хүртэх нь их тодорхой байдаг. Би тэрэнтэйгээ адилхан санаад, улс төрийг тэгж ойлгоод л шууд эзэн нь юм шиг орж ирсэн. (инээв) Тэгээд л намын удирдлагууд юу хэлнэ, тэрийг нь ашиг олох гэж байгаа юм шиг л чин сэтгэлээсээ явж хийдэг байсан. Өнөөдрийг хүртэл тэгж л явж ирсэн. Бүх үүргийг хариуцлагатай хүлээж авч, хариуцлагатай үр дүн болгож ажиллаад сурчихсан чанар маань улс төрд намайг өнөөдрийг хүртэл авч яваа. Намд орсон анхны үеийн бүх түүх маань эргэн дурсагдаад сайхан байна. Б.Дэлгэрмаа дарга маань зөвхөн намайг биш их олон бизнес эрхэлж байсан хүмүүсийг намд оруулж ирсэн. С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг гээд. Бид нэг үеийн, яг нэг гараанаас эхэлсэн эмэгтэйчүүд. Зарим нь их сайхан амжилттай явж байгаа, хоёр найз маань гишүүн болчихсон байна. Ер нь бол манай нам эмэгтэйчүүдийнхээ эгнээг үнэхээр өргөтгөсөн. Улам л шалгуур нь өндөр болж, нарийн шалгуур үйлчилдэг нам болж төлөвшсөн.



-Намын эмэгтэйчүүд эрчүүд шиг бүлэглэл дамжсан тоглолт хийх үү. Дотроо бас лидерүүд дагаж фракцид хуваагддаг уу?

-Ер нь нам ямар зарчмаар явна, ямар дүрмээр тоглоно, бид нар тэр дүрмээр л тоглох ёстой. Тэрнээс хэн нэгэн цухалзаад би тэгмээр байна, би ингэмээр байна гэсэн юм байх ёсгүй. Аливаа  төрийн бус байгууллага, төрийн байгууллага бүгд өөрийн гэсэн дүрэм, журам, хуультай байдаг. Тэрэнтэй адилхан л бид нар дүрмэндээ захирагдаад явна. Зарим тохиолдолд фракцлагдах нь ч бий. Ерөөсөө л бид нэг юмны төлөө олон санаагаар явдаг ш дээ. Эцэстээ нэг зорилгын төлөө л явж байгаа учраас намд савалгаа үүсгэхгүй, зарчмын дагуух, дүрмийн хэм хэмжээн дотроо л тоглоно.

-Та УИХ-д хоёр удаа нэр дэвшсэн. Хүнд, хэцүү тойрогт эрчүүдтэй өрсөлдөөд явж байсан. Гэхдээ нэг сайхан чанар ажиглагддаг нь ямар ч гомдол байдаггүй. Ялангуяа сонгуульд өрсөлдөнө гэдэг асар том хүч зарсан ажил. Сонгуульд ороод ялагдсан эмэгтэйчүүдээс нэг тийм хохирогч болчихсон гомдол үнэртээд байдаг юм. Харин та нэг ч юм хэлдэггүй?

-Ер нь бол улс төр бохир. Хэр баргийн эмэгтэй зориг шулуудаад явна гэдэг амаргүй. Үүний дээр нэмэх нь ар гэр, амьдрал гэдэг зүйл нь араас нь сайн түшиж өгч байж эмэгтэй хүний зүрх зориг нь бадарч явдаг юм байна лээ. Хэрвээ би ганцхан намынхаа дэмжлэгээр юм уу, И.Нарантуяа гэдэг нэг эмэгтэй л улс төрд хашгираад явах юм бол юунд ч хүрч чадахгүй. Энэ талбарт өрсөлдөж явахад олон юмны эх үүсвэр, дэмжлэг, түрлэг байгаа. Түрлэг их чухал байдаг. Дээр нь би цаг үеэ олж улс төрд орж гэж боддог юм. Амьдрал ахуй жигдэрсэн, бие хүн өөрөө төлөвшсөн, яг энэ үед эмэгтэй хүн улс төрд орох илүү зохистой байдаг юм байна. Миний амьдралын зам байнга дардан байгаагүй. Би айлын том хүүхэд. Зургаан дүүтэй. Аав, ээж маань айхтар өндөр албан тушаал хашдаг хүмүүс биш. Эмэгтэй хүний удирдагч чанар айлын том охин байх энэ тэрээс ч үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Миний дараалсан дөрвөн дүү дөрвүүлээ эрэгтэй. Тийм ч учраас надад эрэгтэй шинж чанар давамгай байдаг. Хүлээцтэй байх, тэвчээртэй байх гэх мэт. Амьдралыг туулах чадвар гэдэг юм бий. Надад энэ чадвар суусан. Миний өссөн орчин, амьдралын нөхцөл миний төлөвшилд их нөлөөлсөн. Миний хүмүүжил төлөвшил надад өөрт гэлтгүй, Ардчилсан намд ч хэрэг болсон. Юм болгон дээр гоншигноод байдаггүй. Сонгуулиар ялаагүй байсан ч гэсэн гуниж гутардаггүй шинж чанар. Анхны сонгуульд 18000 хүний саналыг би намдаа авчирсан. Тэр бол гомдох санал биш. Нөгөө ахмадын холбооны Баасан гуай бид хоёр чинь нэг тойрогт дэвшдэг хоёр шүү дээ. Мань хүн чинь бол од шүү дээ. Тэгсэн ч мань хүн 2000 хүний л саналтай. Дараагийн сонгуульд дахиад орсон. Би энэ намын төлөө нэгэнт л явчихсан юм чинь эцсээ хүртэл явна гээд дайраад орсон. Дахиад өрсөлдсөн. 32000 хүний санал авсан. Тэр 32000 хүн надад итгэж, надад саналаа өгсөнд би маш их урамшдаг. Ялалт шиг ханамж авч байгаа юм. Намд 32 сая төгрөгийг нэг удаа шууд төр өгдөг байхгүй юу. Сонгогчдын тоогоор намыг санхүүжүүлдэг. 2008 онд би ялагдсан ч гэсэн намдаа 16 сая төгрөгний санхүүжилт босгож өгсөн. Энэ бол ялалт. Би намдаа үнэлэгдсэн эмэгтэй улстөрч. Аливаа зүйлийн чанар хамгийн чухал. Энэ намдаа би чанартай эмэгтэй гишүүнийх нь нэг гэж өөрийгөө үнэлдэг. Миний энэ үгийг элдэв салаа утгаар бүү хүлээж аваасай. Гэрэл гэгээтэй талаас нь ойлгоосой гэж бодож байгаа.



-Хаанаас ирсэн хэн бэ гэдэг чухал ойлголт байдаг. Хүний удмыг, төрж өссөн гэр орныг нь сонж гэж ахмадууд ч сургадаг. Би танайх гэдэг айлыг л сонирхоод байна. 

-Ер нь бол бид эцэг эхээс олуулаа.

-Танайх аль аймгийн гаралтай айл юм бэ?

-Манай аав, ээж хоёр хоёулаа Архангайн хүмүүс. Аав Архангайн Өлзийт, ээж Архангайн Эрдэнэмандалын хүн. Анх төмөр зам бий болж байх 1950-иад онд тэр том бүтээн байгуулалтанд оролцохоор ирсэн илгээлтийн эзэн хоёр юм. Ингэж аав ээж хоёр маань төмөр замыг анх босголцсон түүхтэй. Бидний бахархдаг түүх юм даа.

-Та нарын бага нас төмөр замд өнгөрсөн үү?

-Тийм ээ. Төмөр замд. Би бол төмөр замын хүүхэд,төмөр замыг дэндүү мэднэ, төмөр зам ярихад миний нүд сэргэдэг. Сэтгэл баясдаг. Чойр бол хөдөө орон нутаг ч гэсэн Монголын алдартай газар байсан. Анхнаасаа л хотожсон, дээрээс нь ОХУ-ын томоохон застав байрладаг байсан. Бид нарын бага насны амьдрал тэнд их гоё өнгөрсөн. Паалантай жорлонд бие засч, паартай байранд амьдарч байсан гэгчээр аав ээжийнхээ буянд тийм орчинд бид төрж өссөн. Төмөр замын хүмүүс чинь өндөр цалинтай. Манай Чойр чинь говийн аймагт ордог байсан. Говийн нэмэгдэл гээд л өгнө. Тийм хөшүүргээр орон нутгаас илгээлтийн эздийг татаж авчрах гэж бодлого явуулсан юм билээ. Тэр сайхан боломж  миний амьдралд маш их нөлөөлсөн гэж би боддог. Ээж маань цэцэрлэгт багш, тогооч хийж байсан. Манай аав төмөр замын гэмтлийг хянадаг ийм алба эрхэлдэг хүн байсан. Энэ төмөр зам гэмтэх юм бол манай аавын хариуцлага байдаг байсан. Миний аав яаж хэдий завандаа орос хэл сурсан юм, орос хэлтэй, оросуудтай их нөхөрлөдөг хүн байсан. Чойр чинь хоёр хүний нэг нь орос хүн байдаг байлаа. Нэг монгол айлын хөрш нь орос айл байдаг байсан. Ер нь бол орос школ, тэр соёлд ойрхон өссөн маань бидний  энэ амьдралын суурь болж өгсөн гэж боддог юм.

-Сурлагаар хэр охин байв?

-Сурлагаар бол дундаж байсан. Ер нь бол нэг их айхтар онц сураад байдаггүй. Бас дундаж сураад байдаггүй. Хөдөлгөөнтэй, хэн анги цэвэрлэх вэ гэхэд би л гээд гараа өргөдөг, урлагийн үзлэг болно И.Нарантуяа л очдог, хэн уралдаан тэмцээнд орох вэ гэхэд би л очно. Нэг тийм би гэдэг хүүхэд байсан байхгүй юу.(инээв) Би хүүхэд байхын их нийгэмшсэн хүүхэд байсан. Эхээсээ гараад 45 хоноод л яслиар ороод л явсан замналтай.

-Таны мэргэжил юу билээ. Хаана төгссөн бэ?

-Би 1981 онд Чойрын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Тэгээд санхүү эдийн засгийн техникумд элссэн. Тэр үед чинь би Орос хэлний дээдэд шалгалт өгч байсан юм. Тэгээд аягүй цөөхөн оноо дутаад орж чадаагүй. Тэр үед ээж маань чи эмэгтэй хүүхэд санхүү эдийн засгийн техникумыг ав гээд, дуртай дургүй л авч байсан юм. Манай ээж амьдралын маш их ухаантай хүн байсан. Намайг айлын том, дээрээс нь энэ олон эрэгтэй дүү нартай хүүхэд юм чинь амьдралын баталгаа сайтай, хоолтой ундтай явна гэж бодож сонголт хийж өгч байсан юм шиг байгаа юм. Тэгээд л дуртай дургүй санхүү эдийн засгийн техникум төгссөн хүн дээ. Ихэнхдээ би сагсан бөмбөг тоглож санхүү эдийн засгийн техникумыг төгссөн. (инээв)

Санхүү эдийн засгийн техникумын сагсан бөмбөгийн шигшээ багт байна гэдэг чинь  бас нэр төрийн асуудал болоод, ямар ч байсан багш нар бол намайг унагахгүй. Сургуулийн нэр хүндийг авч яваа хүний нэг шүү дээ гэх маягаар ханддаг. (инээв) Ээж минь намайг яаж санхүүгийн мэргэжилтэй болгосон юм бэ гэж талархах үе миний амьдралд зөндөө тохиолдож байсан. Засгийн газрын агентлагийг удирдаж ажиллахдаа ийм мэргэжилгүй байсан бол би энэ байгууллагыг яаж авч явах байсан юм бол гэж бодох үе байсан. Тэгж дуртай дургүй авч байсан мэргэжилдээ хожим би баярласан. Ээждээ үргэлж залбирч явдаг.

-Улс төрийнхнийг ажиглаад байхаар урлаг гэхээсээ спорттой илүү нөхөрлөдөг хүмүүс байх юм. Спорт тэсвэр тэвчээрийн нэг том хана болдог ч байж мэдэх юм. Таныг би сагсан бөмбөг тоглодог гэж огт сонсоогүй юм байна. Одоо ч тоглодог уу?

-Тоглоно. Ер нь бол хар багаас хичээллэсэн спорт болохоор маш дуртай. Үндэсний сагсан бөмбөгийн холбоог С.Эрдэнэ сайд байгуулсан шүү дээ. Би эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооных нь тэргүүнийг хийж байгаа. Их сонин сонин юм надад бий. Чөлөөт бөхийн зөвлөлийн гишүүн гээд бод доо. (инээв)

-Наадах чинь харин ямар сонин юм бэ?

-Тийм ээ сонин. 



-Таны өссөн гэр бүл гарал үүслийн талаар хоёулаа нэлээд ярилаа. Ямар аавын дэргэд өссөн нь, аав нь охиндоо ямар хандаж, яаж хайрлаж өсгөсөн гэдгээр эмэгтэй хүний нүдний гал тогтдог юм шиг. Сайхан аавын хайранд өссөн охид сэтгэлдээ жаваргүй явдаг. Хожим амьдралын ханьтайгаа учраад тэр харц бүүдийх, амьдралын нугачаанд янз бүр болох хувь тавилан бас байдаг. Таныг хараад байхаар улс төрд ч, бизнест ч ардаа татлаагүй, дур зоргоороо, эрх танхил яваа харагддаг юм. Тэгэхээр таныг бас ийм сайхан бадрангуй авч яваа тэр эр хүн ямар хүн байдаг юм бол. Энэ талаар?

-Сонин юм даа. Миний бодож, мэдэрч явдаг зүйлийг та хөндлөө. Би залуучууддаа ч хэлдэг. Аавын хайранд өссөн эмэгтэй хүүхдийн гал асдаг шүү гэж. Аягүй сонин асуулт та бодож олсон байна. Миний хоёр бага дүү л эмэгтэй байхгүй юу. Би эрэгтэй дөрвөн дүүгийн дээр явахад миний хамгийн бага дүү надаас 11 дүү гэж бодохоор би 11 жил айлын ганц охин байсан байгаа биз. Тэгээд айлын том хүүхдийг аав, ээж нь яаж эрхлүүлдэг билээ. Манай аав намайг аймаар эрхлүүлдэг байсан байхгүй юу. Аавын маань тэр сайхан хайр надад сайн хань ижлийг залгаж авчирсан. Би тэрийг их бэлэгшээж дандаа хүнд ярьж, тарааж гэр бүлийн амьдрал зохиож бий болгож байгаа залуучуудад хэлж явдаг. Үнэхээр хүүхдээ хайрладаг аав их цөөхөн байдаг юм. Ер нь л нэг тийм аавын дүр эсгээд л, аав нь тэгнэ ингэнэ гээд гол юманд нь тусалчихвал болно гээд явдаг. Миний аав бол тийм байгаагүй. Миний сүлд модыг газар тэнгэр нийлүүлж засч өгдөг тийм аав байсан. Хүн яг тийм л сүлд модыг жаахан байхдаа үзэж байсан бол үр хүүхэддээ тэрийг л үзүүлдэг юм байна лээ. Одоо манай охин гурван хүүхдийнхээ сүлд модыг яг адилхан тэгж засч байна. Хүний удам ер нь чанаржиж үргэлжилдэг юм байна. Би гурван ачтай. Миний гурван ач гурвуулаа эрэгтэй. Би ганц охин, ганц хүүтэй. Миний хүү 19 настай жоохон. Миний охин 29 хүрэх гэж байна, охин маань гурван хүүтэй. Би төрийн алба хашсанаас хойш миний хоёр ач намайг танихгүй байгаа. Саяхнаас таньж эхэлж байна. Би ийм л байдлаар төрийн ажлыг хийсэн. 

-Хоёр дахь аавыг асуугаад байхад яагаад тойроод байна?

-(инээв) Хоёр дахь аав бид хоёр бол хүүхэд наснаасаа танилцаад хувь тавилангаа хуваалцаж ирсэн хоёр доо. Бид хоёрын зам бас дардан байсангүй. Гэхдээ залуу насанд бие биенийгээ сонгоно гэдэг өөрөө чанар байдаг. Хэн ч биш байхдаа л бид хоёр учирсан. Амьдралынхаа жаргал зовлон хоёрыг яг зэрэг туулсан. Тэр намайг тулж түшиж явсан. Би тэр хүнийг тулж түшиж явсан. Манай өвгөн бас л таван дүүтэй, хоёр эгчтэй, нэг эгч, нэг ахтай өнөр гэр бүлээс гаралтай хүн.

-Нөхөр хардаж сэрдээд л, нэг тийм ойлгомжгүй харилцаа үүсгээд байвал эмэгтэй хүний амжилт бас явахгүй шүү дээ.

-Явахгүй.

-Таныг харддаггүй юу?

-Үгүй. Би хардуулахгүй амьдрах суурийг тавьсан. Тэр хүнийг унаж байхад нь хажууд нь босоо байж чадсан учраас тэр хүн надад итгэдэг. Амьдралаа эргээд дурсахад юу эсийг туулсан байх билээ. Бас л сайхан шүү.

-Танай аав, ээж хоёр одоо байдаг уу?

-Манай аав 2002 онд нас барсан. Ээж маань 73-тай, надаас мундаг сайхан хөгшин байгаа. Тэр хүн одоо юу хийх вэ гэхээр ерөөсөө л банкны теллер хийж байна. (инээв) Албан бус банкны теллер хийж байна. Амьтан хүний хүүхдийн хорин нэгэн мянган төгрөгийг цуглуулж дансанд хийгээд л, тэгээд л аль банкны хүү өсч байна тэр лүү тэр гүйлгээг хийгээд л. (инээв)

-Таны нэг дүү Сүхээг сайн мэднэ. Эгчээсээ аймаар айна. Яг цэрэг шиг. Сонгуульд өрсөлдөөд явж байхад тань тушаал авсан цэрэг шиг зүтгэдэг. Тийм олон эрэгтэй дүү нарын хувьд та яаж ийм “атаман” эгч байж чаддаг байна аа?

-Ер нь манай ээж энэ хүүхдүүдэд аягүй том юмыг кодлочихсон байхгүй юу. Эгчээсээ л асуу, эгч чинь л мэднэ гэдэг тийм нэг том соёл суулгачихсан. Манай ээж яг ийм юмыг тархинд нь хар багаас нь кодлочихож байгаа байхгүй юу. Тэр код намайг амьдралдаа ямар ч алдаа хийж болохгүй гэдгийг бас давхар өгсөн байхгүй юу. Би ямар нэгэн байдлаар салж сарниад л, гэр оронд нь дандаа байлдаан болоод л, заримдаа нөхөртөө алгадуулаад л, аз жаргалгүй амьдрал ахуйтай, тогтворгүй байж болохгүй шүү гэдгийг энд бас кодлочихсон. Үлгэр дууриалал гэдэг бол маш чухал зүйл байдаг юм байна лээ. Би нас ахих тусам бодож байхад аавын болон ээжийн ухаан энэ айлыг одоо ч зангидаад л явж байгаа байхгүй юу.  Аав, ээж хоёр нь эгчийг нь дээдлээд байхад дүү нар нь аяндаа тийм болдог. Та нар эгчээсээ давж даварч, даналзаж чадахгүй гэдгийг л ойлгуулчихсан байна шүү дээ. Би дүү нараа үүрч дүүрч өсгөсөн. Миний дөрвөн эрэгтэй дүү онц сурдаг байсан. Бид нар Дорноговьт очиж шалгалтаа өгдөг байсан юм. Миний яг доод талын дүү гэхэд Ленинградын төмөр замын дээд сургуулийг төгссөн, одоо төмөр замын инженер хийгээд явж байгаа. Оюуны мөр хөөсөн хүн бол хөөрхий амьтан амьдрал нь нэг тийм л төрх төлвөөр тогтчихдог юм байна лээ. Тэрүүгээрээ л явдаг. Би энэ дүүгээсээ хараад хүүхдээ битгий онц сур гэж хэлдэг байхгүй юу. Амьдралын ухаантай л бол, мэдээж зохих боловсролыг ол, өөр юм хэрэггүй. Хэт онц сурвал ах шигээ болно гэж хэлдэг байхгүй юу. Дорноговьд хүүхдүүдийг сурлагаар жагсаахад миний доод талын дүү нэг номерт жагсаж байсан. Дорноговийнхон мэднэ. Ишбадамын Мөнхбаяр гээд. Ишбадам гэдэг нэрийг манай дүү нар гаргадаг байсан. Манай Сүхээ чинь миний гурав дахь эрэгтэй дүү. Манай Сүхээ Дорноговьт бас нэгд бичигдсэн. Ийм онц сурлагатанууд байхгүй юу, миний дүү нар чинь. Манай ээж зөвхөн миний сурлаганд л анхаардаг байсан. Тэгээд байхад л би бол онц сурдаггүй, доошоо ч орохгүй, дээшээ ч сүрхий цойлохгүй. Яг л тэгээд нуруугаа хадгалаад л байж байдаг байсан. Манай дүү нарыг эрэгтэй гээд хаячихаар бүгд л онц сурдаг байсан байхгүй юу. Ишбадамын хүүхдүүд сурлага сайтай гэдэг нэрэн дээр би ч орчихдог байсан. Гоё байгаа биз. Тэрний чинь нэр сүрэнд би орчихож байгаа байхгүй юу. Яалт ч үгүй орно шүү дээ. 

-Танай эмэгтэйчүүдийн хурал болох гэж байна. МАН-ын хүүхнүүд шиг юм юмтай танхил суурин дээр тонгочоогүй танай намын хүүхнүүдийг хүндэтгэдэг. Та нараас тэвчээр, сайн муу хэлүүлж, зүтгэж явсан тэсвэрлэг чанар харагддаг.

-Тантай уулзаж, амьдралын үнэн ханхалсан сайхан яриа өрнүүлж байгаадаа баярлаж байна.

-Үнэхээр гоё үг хэлж байна. Би маш их баярлаж байна. Биднийг балбадаг хүмүүс олон байдаг болохоос биш яг мөн чанарыг минь хараад ингэж хэлдэг нь цөөн таардаг. Би дамжуулж заавал хэлнээ. Би нэг гоё юм хэлье. Манай намын эмэгтэйчүүдийн байгууллага  шинэ дүрэмтэй болсон. Энэ шинэ дүрэм юуг зааж зангидаж байгаа вэ гэхээр ерөөсөө амжилт гаргасан нь л үүрэг хүлээнэ шүү гэдэг ийм гоё зарчмыг гаргаж тавьсан. Одоо хуралд ирж байгаа энэ 800 эмэгтэй дотор хэн ирж байгаа вэ гэхээр Иргэдийн хуралд нэр дэвшиж ялсан эмэгтэйчүүд ирж байгаа. Тэд ирж эмэгтэйчүүдийнхээ байгууллагын  удирдагчийг сонгох сонгуулиа хийх гэж байна. Гоё байгаа биз. Би тэд нарыг шүтдэг байхгүй юу. Бид нарыг бол бас ч гэж тодорхой өндөрлөгт оччихсонд л тооцогдоно. Үхтлээ яваад өнөөдөр бахь байдаг 25 жилийнхээ өмнөх байсан байрандаа сууж байгаа энэ улсуудаа бид хайрлах ёстой. 

-Баярлалаа. Танд, та бүгдэд амжилт хүсье. Тантай ахин сайхан ярилцах биз ээ. Үнэхээр халуун дулаан яриа өрнүүлэх таатай байлаа.

-Баярлалаа.

И.Нарантуяаг энэ нам нь, энэ гэр нь танина. Тэр шинэ хүн биш. Тэр фракц дагаж, аль нэг дарга түшиж яваагүй. Олон таван маяг, хиймэл төрхгүй энэ эмэгтэй хатууд хатуу, зөөлөнд зөөлөн хүн. Гэхдээ хатуу талдаа гэж тодорхойлбол түүнд илүү тохирно. Уянгын элдэв зүүлт, гоо тодорхойлолт түүнд зохихгүй. Эгэл төлөв, ноён нуруутай зан чанар, сайхан сэтгэл, урваж гуйваагүй түүх нь өөрөө түүний имиж, чимэг нь билээ. Ингээд Нараа эгчдээ ахин амжилт хүсье.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив