С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн эргэн тойронд юу болж байна вэ?
2016 оны 3 сарын 16 [Уншсан тоо: 122178]

18 жилийн өмнө гарсан нэгэн аймшигт аллагын дуулиан өнгөрсөн өвлөөс ахин босч ирсэн билээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн агсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг гэрт нь, эхнэрийнх нь дэргэд хэрцгийгээр хороосон энэ хэргийн хувь заяа манай улс төрийн амьдралд гүн шарх болон үлдсэн. Харин хэргийн дараахь эхний жилүүдийнх шиг энэ хэргийг барьцаалж нам бүлэг байгуулж тоглох, эл хэргийг илрүүлнэ, анхаарал тавина гэх мэтийн амлалт атгаж нэр дэвших мэтийн гэнэн шоуны үе дууссан болов уу. Гэсэн ч энэ удаа тэр шоу таагүй, таамаглашгүй хачирхалтайгаар дахин босч иржээ.

Талийгаачийн гэргий, энэ хэргийн цорын ганц амьд гэрч хатагтай Б.Булганыг гурван сарын өмнө гэнэт гэрээс нь баривчилсан явдал С.Зоригийн хэрэг илрэх нь ээ гэсэн нууцхан итгэл дагуулсан нь үнэн.

Түүнийг айдас хүйдэс, сэтгэлийн хүнд дарамтаа тэсвэрлэхээ байснаас болж хий юм хардаг буюу өөрөөр хэлбэл сэтгэцийн өөрчлөлттэй болсон байж магадгүй гэх яриа хотоор нэг тэнүүчилнэ. Гэвч энэ нь зориуд түгээж буй мэдээлэл ч байх магадлалтай.

Нэг гашуун үнэн юу вэ гэвэл өнөөдөр түүний араас дүү, өндөр настай ээж хоёроос нь өөр явах хүн байхгүй. Аргаа барсан ээж нь хэвлэлд хандаж сэтгэлийн мухраа дэлгэлээ. Тэр охиноо амьд гарч ирнэ гэдэгт эргэлзэж байгаагаа нуусангүй. Энэхүү мэдэгдлээс хойш олон нийт Б.Булганыг улс төрийн эрх ашиг суурьтай ямар нэгэн детектив зохиомжийн золионд дуусах юм биш байгаа гэж шивнэлдэх болов. Үүнийг ч гэсэн үгүйсгэх боломж алгаа.

Талийгаачийн эхнэрийг 17 жилийн дараа баривчилсан энэ явдал зүгээр нэг мөрдөн байцаагчдын фантазаар шийдэгдэх хэрэг явдал биш гэдэг нь ойлгомжтой. Дээр дуулгаж, дээр итгүүлж байж явна. Энэ гарцаагүй. Зарим хэвлэл барин тавин хачирхалтай нийтлэл ч цацав. Төрийн томчууд хийгээд золгүй байдлаар амь насаа алдсан УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг, эдүгээн хотын дарга Э.Бат-Үүл нарын нэр холбогдсон, тусгай сонин зохиомж бүхий тэрхүү дуулиант нийтлэл юутай ч олон түмний санаа сэтгэлд үймрээн үүсгэж орхилоо. Энгийн олонлог Ардчиллынхан Төрийн эрх барьж байгаа юм чинь гарцаагүй л нэгэн учгаас атгаж гэж хүлээж авна. 

Энэ удаагийн сценари талийгаачийн гэргийг 17 жилийн дараа дахин баривчилж хорихынхоо өмнө Орхон аймгийн харьяат дөрвөн иргэнийг холбогдуулан шалгаж эхэлснээр суурь хийснээрээ өмнөх тохиолдлуудаас өөр юм. Тэдгээр дөрвөн иргэний нэг нь буюу иргэн Амгаланбаатар нь шоронд олон жил болж байгаа, бусдын  амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн ялтан. Үлдсэн гурван иргэн нь өнгөрсөн 8 дугаар сард гэнэт баривчлагдсан хүмүүс билээ. Тэр гурвын нэг нь эмэгтэй.

Эрэгтэй эмэгтэй хоёр иргэн талийгаачийг бүрэлгэсэн гэх мэдээлэл бол С.Зоригийг алагдсаны дараа талийгаачийн гэргий хатагтай Б.Булганы цагдаагийнханд өгсөн анхны мэдүүлгийн “баримтууд”. Тухайн үед хэрэгтнүүдийн ам зургийг гаргаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсныг мэдэхгүй хүн нэг ч байхгүй биз ээ. Энэ баримтаар бол эр эм хоёр С.Зоригийг хороосон гэмтнүүд байх магадлалыг гаднаасаа харагдуулж байж болно. Гэхдээ тэр хоёр иргэн одоогоос 14 жилийн өмнө онгоцны ослоор дэндүү өрөвдөлтэйгөөр  амь насаа алдсан Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёр байсан байж болох уу. Энэ бол өнөөдөр гаргаж тавьж байгаа шоуны дэглэлтийг итгэх боломжгүйгээр гэнэн болгож буй өгөгдөл юм.

Ш.Отгонбилэг бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин МАН-ын гишүүн, амьддаа ч домог болсон эрхэм байсныг бид мэднэ. Чухам яагаад сонгууль ойртсон энэ үед түүний ажиллаж амьдарч байсан Эрдэнэт хотоос сэжигтэн баривчилсан төдийгүй, тэр нөхөд нь Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин хоёр байсан гэх итгэх аргагүй домог гаргаж шидэв ээ.

Эрдэнэтээс 40 гаруй насны гурван хүнийг баривчилсан, тийнхүү барьж явахдаа гэрийнхэнд нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилж байна гэж хэлсэн гэх баримтын араас энэ удаа сэтгүүлч би мөшгөлөө. Хүүгээ гэнэт ийм аймшигт хэргээр баривчлагдсаныг сонссон нэг ээж нь араас нь уйгагүй эрж хайсан, явсан. Эцэст нь 461 дүгээр хорих ангид хоригдож байгааг нь олж мэдсэн байх юм.

Одоо тэр гурван иргэн Төв аймгийн мөрдөнд хоригдож байна. Хатагтай Б.Булганыг ч мөн тэнд хорьж буйг түүний ээж Д.Байгаль гуай ярьсан. Одоогоор энэ дуулиантай холбогдуулж талийгаач Ш.Отгонбилэгийн хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийгээд байна. Тэр бол Эрдэнэт хотоос УИХ-д сонгогдож орж ирсэн гишүүн билээ. Түүний  хувьд харуусалтайгаар амь насаа алдсан эцгийнхээ нэр төрийг хамгаалах үүрэгтэй. Тийм ч учраас түүний хийсэн мэдэгдэлд олон нийт анхааралтай хандаж байгаа биз ээ.

Уг хэргийн бүх санаачилга болон шалгах ажиллагаа Тагнуулын ерөнхий газрын мэдэлд ихээхэн нууцлаг өрнөж байгаа юм. Цагдаагийн байгууллагын зүгээс хатагтай Б.Булганыг баривчлан хорьсон гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй. Учир нь Монголын цагдаа энэ хэргээс хол байгаа. 2015 оны 11 дүгээр сард баривчлагдсан Б.Булганыг одоогийн байд­лаар өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгаа бөгөөд батлан даалтад ч гаргахгүй байна. Энэ талаар түүний ээж Д.Байгаль юу ярив.

Д.Байгаль: “Эрдэнэтээс хоёр эрэгтэйг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан гэсэн. Миний охин эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэж мэдүүлэг өгсөн бололтой юм. Гэтэл эрэгтэй, эмэгтэй биш хоёр эрэгтэй хүн энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бололтой. Охин минь болохоор “Би үнэнийг л хэлнэ, буруугүй хүнийг хэлмэгдүүлж хоёр эрэгтэй гэж хэлэхгүй” гэсэн байна лээ. Хэвлэлээс харахад тэр баривчлагдсан залуус “Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин хоёр” гэж бичсэн байсан.Тэд 35 орчим насных гэнэ.17 жилийн өмнө бол тэд 18 орчим настай байсан юм биш үү. Хөгшин би бодохдоо ийм насны хүмүүс бусдыг захиалгаар хөнөөх үү. Ш.Отгонбилэг агсан ч бусдыг захиалгаар алуулахаар малчин, тогооч хоёроо явуулах уу. Саяхны энэ явдлын дараа манай гэрт хөгшин намайг айлгах гэсэн юм байлгүй, баг өмссөн долоо, найман хүн орж ирсэн. Тэд чинь их сүртэй юм байна лээ. Манайхыг нэгжээд л байсан. Манай гэрээс юу эрж, хайсан юм бол. Ямар өчигдөр болсон хэрэг биш дээ, би ч гайхаж л байлаа. 17 жилийн өмнө манайд ирж нэгжлэг хийж байгаагүй юм. Гэтэл яагаад сая охиныг баривчлагдсаны дараа нэгжлэг хийж байгаа юм бол гэж бодсон”.

Энэ бол охиноо амь мэнд эргэж ирэхэд ч итгэлгүй суугаа хөгшин ээжийнх нь яриа. Талийгаач С.Зоригийн гэргий Б.Булганы эрэгтэй дүү эгчтэйгээ нэг удаа уулзжээ. Тэгж уулзахад нь “Энэ хүн рүү яриарай” гэж хэлээд цаасан дээр бичсэн утасны дугаар өгсөн ч дүүгээс нь нөгөө цаасыг нь хорихын хяналтын ажилтнууд хураагаад авчихсан гэнэ. Мэдээж залуу тэрхэн зуур утасны дугаарыг цээжилж амжаагүй аж. Гэтэл маргааш нь Тагнуулынхан хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах гэж оролдсон учраас гэсэн зохиомол шалтаг хэлж ахиж эргэлтээр уулзуулахыг хоригложээ. Б.Булган дүүдээ хэлэхдээ “Ямар ч өмгөөлөгч аваад нэмэргүй. Намайг хэлмэгдүүлээд буруутгая гэвэл өмгөөлөгчтэй өмгөөлөгчгүй буруутгана. Би өмгөөлөгчгүйгээр өөрийгөө аваад гарч чадна” гэж хэлсэн аж. Бодвол ар гэрийнхэн, ойр дотно хүмүүсээ их хэмжээний мөнгө олох гэж зовно гэж болгоомжилсон байх. Охинтойгоо уулзахын тулд өмгөөлөгч авах зайлшгүй хэрэгтэй учраас Д.Байгаль гуай хамаатныхаа залууд хандаж туслалцаа хүссэн гэнэ. Одоогийн байдлаар өмгөөлөгч нь Төв аймгийн урьдчилсан хорих анги руу нэвтэрч үйлчлүүлэгч нартайгаа уулзаж чадаагүй байна. Ийнхүү Б.Булганы ар гэр мухардалд оржээ.



“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Д.Байгаль: “Яг үнэнийг хэлэхэд цаашдаа яахаа мэдэхгүй байна. Бүх юм хаалттай, болохгүй. Бидэнд нааштай хариу ганц ч дуулдахгүй, ер нь бүтэл муутай байгаа. Эх хүний хувьд хэлэхэд миний охин шоронд орохоор хэрэг хийгээгүй. Өөрийнх нь байж байгаа байдал амьдралын нөхцөлийг хар. Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн бүх л хүмүүс дуугарч надад туслаач гэж хэлье. Өндөр настай надад хийж чадах юм алга. Монголд байгаа хууль дүрмийг хэрэгжүүлэхэд түлхэц болох байгууллага байвал бидэнд туслаач. Энэ талаар дуугараач. Хүний төлөө анхаарахаа байчихсан нийгэм юм биш үү, энэ нийгэм чинь. Ардчилал гээд л байдаг. Энэ ардчиллыг нас өндөр болсон надад бодитоор харуулаач. Охинтойгоо эсэн мэнд уулзмаар байна. Булганыг минь хар шуурга шиг юм дайраад л өнгөрсөн. Охин минь золиос болж 17 жил явлаа. 17 жилийн турш үргэлж сэтгэлийн шаналалтай явсан” гэж сэтгэл шимширэм амьдралын түүхээ хүүрнэжээ.

Өөрөөр энэ хэргийн талаар дуугарсан хүн алга. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хууудаснаа С.Зоригийн амь насыг егүүтгэсэн хэрэг илэрч магадгүй гэж бичсэнийг эс тооцвол шүү дээ. Хамгийн сүүлчийн анхаарал хандуулж магадгүй хүн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны шинэхэн дарга Ж.Батзандан гэж ар гэрийнхэн нь найдлага тавьж байна.


Жавзмаа: Ясаа цайтал, үсээ бууралттал чи хийгээгүй хэргээ
хүлээхгүй шүү гэж хүүдээ хэлсэн


Ингээд Эрдэнэт хотод очиж хүүгээ баривчлуулж, учир битүүлэг ээдрээт зовлонд унан шаналж буй иргэн Жавзмаатай уулзаж ярилцсанаа хүргэе.

-Эхлээд би танд өөрийгөө танилцуулах ёстой байх. Би “Open door” сонины газраас ирлээ. Таны хүүгийн сэжиглэгдсэн хэргийг олон жил судалж байгаа сэтгүүлчийн нэг юм. Та ер нь надтай уулзахаасаа өмнө ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн үү? 

-Огт өгч байгаагүй. Ерөөсөө би сонин хэвлэлд ам нээгээгүй.

-Нэг өдөр тутмын сониноос таны яриаг уншсан санагдах юм.

-Нэг ч удаа би яриа өгөөгүй. Учир нь би эд нарыг арай ч ингэж миний хүүг долоо найман сараар шоронд хорьж тарчилгана гэж бодоогүй. Үнэн зөв нь тогтоох биз, нэгэнт л миний хүү тийм хэрэг хийгээгүй юм чинь гэж бодоод би үнэндээ хэвлэл мэдээлэлд хандаагүй. Өнөөдрийг хүртэл тэвчиж явсан. Тэвчих тэвчээр минь одоо барагдаж байна. Эхний гурван сар ерөөсөө хүүтэй маань нэг ч удаа уулзуулаагүй.

-Ямар учраас хүүг тань баривчилж байгаагаа, ямар гээчийн хэрэг түвэг тулгаж байгаагаа дараа нь ядаж хүний ёсны үүднээс ойлгомжтой үгээр та бүхэнд хэлээгүй юм байна гэж би ойлгосон. Ирээд аваад явахдаа үнэхээр юу ч хэлдэггүй юм байна уу?

-Юу ч хэлээгүй. Би өглөөд хүүдээ цай өгдөг байхгүй юу. Миний хүү тусдаа байшинд байдаг. Тэгээд гартал миний хүү хашааныхаа үүдэнд явж байсан. Тэгээд би хүүгээ дуудаж цайг нь өгье дөө гээд орж ирээд өвгөндөө ярьж байсан юм. Тэгсэн л цагаан машинтай улсууд ирээд аваад явчихлаа гээд хашгирах чимээ гарсан. Ямар улсууд ирээд аваад явчихдаг юм бэ, юу болов гээд л гарсан. Яав ийв болтол ерөөсөө чихээд л аваад явчихлаа гэсэн. Тэгээд би бусад хүүхдүүд рүүгээ утасдсан. Жаагийг гаднаас цагаан машинтай улсууд ирээд чихээд аваад явчихлаа гээд.

-Тэр өдөр чинь бол 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр биз дээ?

-Яг 2015 оны найман сарын 31-ний өглөө. Миний хүү цэцэрлэг яслийнхаа хүүхдүүдийн хувцас хунарыг бэлдэх гээд гартал л аваад явчихсан. Шууд барьж аваад л явчихсан. Хаашаа авч явсныг нь мэдэхгүй. Аргаа бараад хүүхдүүд рүүгээ утасдаж байгаа юм л даа. Тэд нар маань ч хоёр машинтай хүрээд ирсэн. Бүгдээрээ яахаа мэдэхгүй. Хааш нь аваад явчихав аа, энэ Дэнжийн хориход аваачаад хийчихэв үү гээд л үймэрсэн улсууд.

-Яг чихээд аваад явахыг нь хэн харсан юм бэ?

-Гаднын улсууд харсан байсан. Бас эхнэр нь цонхоороо харсан. Эхнэр нь л хашгираад унасан байхгүй юу. Ямар хүмүүс аваад явчихав гэтэл цэргийнхэн л байсан. Багтай хүмүүс гэсэн. Тэгээд л хэдүүлээ машинтай эрэл суралд гарлаа. Ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Орж ирээд ч танилцуулаагүй. Ёстой хүний эрхийг хүндэтгэх ямар ч ойлголт байхгүй. Хүүхдүүд маань машинтай хайгаад л байсан.

-Танайх олон хүүхэдтэй айл уу?

-Манайх долоон хүүхэдтэй айл л даа. Тэгээд Дэнжийн хориход ч очлоо, энэ доошоо хориход ч очлоо. (орон нутгийн хэллэгээр хорих байруудаа ингэж нэрийддэг бололтой) Тэгээд очоод асуухаар л ямар ч газар байхгүй. Манайд тийм хүн ирээгүй л гээд байгаа юм чинь. Тэгээд л Улаанбаатар луу л аваад явчихдаг юм байхдаа гээд л өвгөнтэйгөө үймрээд байж байтал хоёр цагийн дараа нөгөө том хар машинууд чинь хүрч ирээд л “Танайд нэгжлэг хийнэ” гэсэн. Юун нэгжлэг гэтэл “Хүн алсан хэрэгт хамаатуулж нэгжлэг хийнэ” гэсэн. Би урдаас нь хэлсэн. “Ямар хүн амины хэрэг вэ, миний хүүг та нар алчихаад ирээгүй биз дээ” гэж. Ямар ч хүн нь хариу өгдөггүй. Тэгээд би бүр уйлсан. Хүүгий минь арай алчихаад ирсэн юм биш биз дээ. Ямар улсууд ирчихээд хүүг минь авч явчихаад, одоо нэгжлэг хийнэ гээд байгаа юм бэ гээд.

-Тэгэхээр юу гэх юм?

-Ерөөсөө дуугарах дуу ч байхгүй. Байшинд нь орж ирээд хувцас хунар бүх юмыг нь сандаачаад л, том аппаратаар зураг аваад л. Бичлэг хийгээд л байгаа юм байлгүй. Манай хүүхдүүдийг хөөж гаргаад л. За, тэр эх нь наашаа ир, эхнэр нь наашаа ир гээд л. Юу болоод, яагаад ингээд байгаа юм бэ гээд л асуугаад байдаг. Бушуул энэн дээр гарын үсэг зур гэсэн. Би юуг нь ч мэдээгүй. Зур наадахь дээрээ гээд л хашгичаад. Би зурсан. Гэхдээ юун дээр зуруулж байгааг нь ч мэдээгүй. Тэгээд л яваад өгсөн.

-Гарын үсэг зуруулсан бичгийг нь та уншиж ч амжаагүй юм уу?

-Уншиж ч амжаагүй. Би нүдний хараа муутай. Унших нөхцөл байдал ч байсангүй. Тэр улсууд чинь ерөөсөө бушуу энэ хуудсан дээр зур, бушуу зур л гээд байгаа юм чинь.

-Зөвхөн хүүгийнхийг тань нэгжсэн үү?

-Эхлээд манай хүүгийнхийг нэгжсэн. Тэгэхдээ намайг байлгасан. Хамаг юмыг нь сандаачаад л тууччихсан. Дараа нь манайхыг бас нэгжсэн. Манайханд юу байхав дээ. Жижиг хүүхдийн хувцас хунар л байх юм даа. Жигтэйхэн тансаг айл биш юм чинь. Ерөөсөө жирийн л монгол айл. Тэгээд л манай руу ороод бас нэгжлээ. Манайх хажуу талд нь л нэг байшинд амьдардаг. Бүх л юмыг нэгжээд л байсан. Тэгээд л явцгаасан.

-Тэгээд та хэзээ нь хүүгээ эрж хотод очсон юм?

-Тав хоногийн дараа. Тагнуулын газарт очихоор хэлж өгөхгүй. Мэдэхгүй ээ, манайд тийм хүн байхгүй гээд халгаахгүй. Тэгээд аргаа бараад хорихуудад л аваачсан юм байхдаа гээд хайгаад явсан. Төв аймагт ч очсон. Байхгүй л гээд байсан.

-Таны хүү Содномдаржаа бол зодоон нүдээн хийгээд явдаг хүн биш биз дээ?

-Биш биш.

-Та ярилцлага эхлэхийн өмнө надад ярьж байсан. Өмнө нь зах дээр явж байхад нь хоёр танихгүй залуу өдөж барьцалдаж авсан. Учир битүүлэг сонин хэрэг болсон. Гэтэл тэр хоёр залуу АТГ-ын ажилтнууд байсан гэж. Энэ хэргээр л хүүг тань барьж байна гэж та бодсон уу?

-Би тэгж л бодсон. Улаан цайм өдөөд ноцолдсон. Тэгээд хэрэг үүсгүүлсэн. Гэмтсэн барьсан гэж гүжирдээд гурван сая гаруй төгрөг нэхсэн. Тэр мөнгийг нь л яаж ийгээд олоод өгчихдөг байж дээ. Тэгсэн бол юунд хүүг минь ингэж барьж явахав гэж л би бодож байсан.

-Тэр хоёр залууг АТГ-ынх гэж яаж мэдсэн юм бэ?

-Өөрсдөө хэлсэн гэсэн. Улаанбаатарын улсууд, тэр газар ажилдаг гэж. Тэгэхэд бид өмгөөлөгч авсан. Тэр өмгөөлөгч байцаалтад оролцож байсан. Шүүх хурал нь өнөө маргаашгүй болно гэж байхад л барьж аваад явчихаж байгаа юм чинь. Тэр хэрэг нь ч юу байсан юм. Одоо маш аймшигтай юм болж байна.

-Гэмтэл учруулсан гэж тэр хоёрын нэг нь гомдол гаргасан юм билээ?

-Эр улсуудын хооронд гэмтэл гээд байхаар ч асуудал үнэндээ биш л байсан. Бүх юм их хачирхалтай эхэлсэн.

-Тэгээд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт хүүг тань сэжиглэж байна гэдгийг танд ер нь хэн хэлсэн юм бэ?

-Тэр өдөр ирж нэгжлэг хийсэн хүмүүс хэлсэн. Бичгэн дээр гарын үсэг зуруулахдаа тэгж хэлсэн. Юун Зориг, ямар Зориг гэж би асуусан.

-Танайх бол фермерийн аж ахуй эрхэлдэг айл юм билээ?

-Тийм. Манайх Эрдэнэт байтугай Монголдоо анх фермерийн аж ахуй байгуулсан байхгүй юу. Хар тарлан үнээгээр байгуулсан. Тэндээ л хүүхдүүдээ дагуулаад л бүгдээрээ ажилласан. Зах зээлийн хүнд хэцүү ч үе байсан. Эрдэнэт хотын ард иргэдээ сүү цагаан идээгээр хангая, хоёулаа мэргэжлийн хүмүүс юм чинь чаддаг мэддэг юмаа эхлүүлье гээд л байгуулсан.

-Одоо ч гэсэн аж ахуй тань байгаа юу?

-Одоо бид хоёр дийлэхээ байсан. Тэр аж ахуй маань байхгүй болсон. Тэгээд ногоо тарьдаг байсан. Ноднингоос ногоогоо ч тарьж чадахаа байсан. Хүүхдүүд маань яахав зарим нь зах дээр ажилладаг. Манай энэ Содномдаржаа чинь зах дээр ажилдаг хүн ш дээ.

-Нас нь хэдтэй хүн бэ?

-Миний хүү 42-той.

-Одоо бол Төв аймгийн мөрдөнд байгаа, тийм үү. Та хамгийн сүүлд хүүтэйгээ хэзээ уулзсан бэ?

-Би чинь саяхан хоёрдугаар сарын 25-нд уулзсан.

-Нөхцөл байдал нь ямархуу байх шиг байна вэ?

-Миний хүү чинь биерхүү, махлаг хүн. Их л турж эцсэн байна лээ. Ядарсан байна. Толгой тархи нь өвддөг болсон. Дүйнгэтдэг болсон байна. Бие хаагаар нь юм туурдаг болж. Одоо долоон сар хоригдож байна шүү дээ.

-Долоон сарын хугацаанд хэдэн удаа байцаасан гэнэ?

-Долоон сарын хугацаагаар хорихдоо ерөөсөө гуравхан удаа л байцаасан байна.
 
-Та хүүдээ чамайг барьж явсныхаа дараа бидэнд “Хүүг чинь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэржиглэж байна” гэж хэлснийг нь дуулгасан уу?

-Өөрөө миний хүү надад хэлсэн. С.Зоригийг алсан хэргийг надад тохож байна. Эрдэнэт хотод гарсан бүх л хэргийг тохож байна гэж хүү минь надад хэлсэн. Бүр байцаагчийг байхад хэлсэн. Намайг нэг удаа уулзахад Батжаргал прокурор, Бямбажав байцаагч хоёр байсан. Тэр хоёрын дэргэд хэлсэн. Намайг энэ хүмүүс ингэж ингэж гүтгэж байнаа гээд. Надад хүүгээ тэгж хэлэхээр нь би хэлсэн. За, миний хүү хийгээгүй хэргийг хүлээхгүй шүү. Ясаа цайтал, үсээ бууралттал чи хийгээгүй хэргээ хүлээхгүй шүү л гэж хүүдээ хэлсэн.

-Тэр хоёр ажилтны дэргэд үү?

-Дэргэд нь. Би ерөөсөө хүүдээ тэгж л хэлсэн. Тэгээд л тэр байцаагч нь гарахдаа та аяга хоолоо өгчөөч гэж хэлсэн. Өгөх гэхээр тэр балай улсууд нь өгүүлэхгүй байгаа юм чинь. Тэгээд би хоолоо өгье гэж байж хальт мульт өгөөд л гарсан. Минут болсон. Тэгээд л юм ч ярьж чадаагүй гарсан.

-Таны хүү хэдэн хүүхэдтэй вэ?

-Манай хүү зургаан хүүхэдтэй.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүд байна?

-Том хүү нь 22, бага нь хоёр сартай.

-Хоригдож байхад нь төрсөн гэл үү?

-Тийм.

-Тэр баривчилдаг өдөр танайд нэгжлэг хийсэн хүмүүсийн тоо хэд байсан бэ?

-Арваад хүн байсан.

-Тэр үеэрээ эд хөрөнгө болон биед тань халдсан үйлдэл байна уу?

-Халдаж зодолдож нүдэлдсэн юм байхгүй. Бид чинь ядарсан, номхон хүлцэнгүй улс шүү дээ. Гэр орондоо оруулахгүй бариулахгүй гэсэн тийм үйлдэл ерөөсөө хийгээгүй. Тэр хөгшин эх нь ороод ир, тэр авгай нь ороод ир. Бушуу энэ дээр гарын үсэг зур гэж зандарсан л улсууд байх юм билээ. Өндөр өндөр дуутай, том хар маск зүүчихсэн л улс.

-Таны ярилцлага гэж зүйл гарсан тухай би танд хэлсэн. Мэдээж түүний дараа илүү хачирхалтай дуулиан түгсэн. Ийм зүйл бол гарт баригдахгүй шүү дээ. Одоо бол танайхыг УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг гуайн малчин нь байсан юм байна гэлцэж байна. Ш.Отгонбилэг агсантай танай гэр бүл ямар холбоотой байсан юм бэ?

-Ямар ч холбоо байхгүй. Ш.Отгонбилэг агсныг бид зураг хөргийг нь л харж байсан болохоос биш ямар ч холбоо байхгүй. Танихгүй. Нэг ч удаа уулзаж үзээгүй. Манайх бол Булган аймгийн харьяат айл. Миний өвгөн Булган аймагт төрсөн, жинхэнэ энэ Эрдэнэтийн хүн байхгүй юу. Би бол Өвөрхангай аймгийн хүн. Ш.Отгонбилэг агсан бол Завханы хүн биз дээ. Ерөөсөө тийм холбоо сүлбээ байхгүй. Ямар юмных нь малчин, тогооч вэ. Миний хүү өөрийнхөө фермерийн аж ахуй дээр л ажиллаж байсан.

-Та Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга байсан О.Баасанхүү гишүүн, мөн Л.Цог нарын аль нэгтэй уулзсан юм уу. Миний авсан мэдээллээр бол хэн нэгэнтэй нь уулзсан гэх юм?

-Би бол манай Эрдэнэтээс сонгогдсон Л.Цог гишүүнд хандаж өргөдөл өгсөн. О.Содбилэг гишүүнд бас анхаарал хандуулж өгөөч гэж өргөдөл бичсэн. Хэн нь ч надад хариу өгөөгүй. О.Содбилэг гишүүний туслахууд уулзсан. Та ямар учиртай, юун хүн бэ. Энэ ямар учиртай өргөдөл юм бэ гэж. Өөрсдөө бол хэн нь ч надтай уулзаагүй.

-Энэ хэргийн улмаас таны хүүгээс гадна Эрдэнэтээс өөр хоёр хүнийг баривчилсан байгаа. Бас шоронд учир битүүлэг мэдүүлэг өгөөд байгаа өөр нэг нөхөр байгаа. Судлаад үзэхээр танайхан дээр үед айл хөрш явсан гэх юм. Энэ ямар учиртай юм бэ. 16 настай шоронд орсон тэр хөршийн тань хүү таны хүүтэй ямар учиг шижмээр холбоотой юм бэ?

-Ямар ч холбоо байхгүй. Манайх Баянчандмань сангийн аж ахуйгаас 1981 онд шилжиж ирсэн байхгүй юу. Тэгээд нүүж ирээд буутал хамар хашааны айл гэж нэг айл байсан. Тэгж л тааралдсан. Айл хөрш болсон. Тэр үед тав зургаан настай шар хүү л гүйж явдаг байсан. Түүнээс үерхэж найзлаад байсан ч юм байхгүй.

-Тэр гүйж явсан хүү бол шоронд олон жил болж байна. Тэр Амгаланбаатар гэдэг залуу таны хүү Содномдаржаагаас насны хувьд дүү биз дээ?

-Дүү байлгүй яахав. Найман насны зөрөөтэй. Жижигхэн шар хүүхэд л гүйж явдаг байсан.

-Криминалистикийн шинжлэх ухаанд “Цаазын ялтай, бүх насаараа буюу олон жилийн ялтай, хүнд дэглэмийн ял эдэлж байгаа хүмүүс бол энэ амьдралын хүн байхаа нэгэнт больсон байдаг. Тэгээд л элдэв хэрэг хүлээгээд л хэргийн гэрчлэл хийж явдаг. Бүр тэр амьдралдаа дасчихсан ийм хүмүүс байх нь түгээмэл” гэж үздэг юм билээ. Амгаланбаатар бол тэр хэсгийн төлөөлөл байж болох уу. Тийм ч учраас энэ хэргийг хүлээгээд, хүүхэд ахуйдаа айл хөрш явсан, таньдаг мэддэг хүмүүсээ татаж сүйтгэж байна уу. Та юу гэж бодож байна?

-Бид нар бол цаг хугацаагүй ажиллаж байсан хүмүүс. Би хувьдаа ерөөсөө хөршийн тэр хүүг хожим хэрэг хийгээд орон шоронд орсон гэж мэдээгүй. Юу ч мэдээгүй. Мэдэх ч үндэслэл байхгүй. Малын ажил ямар билээ, ногооны ажил ямар билээ. Бид үнэндээ гар хумхихгүй ажиллаж байсан. Бид бол хөдөлмөрч улсууд. Хүүхдүүдээ ч ганц зүгээр гар амар суулгаж байгаагүй. Сая л хүүгээ баривчлагдсаны дараа л тэр хүүхэд тийм хэрэг хийсэн юм байна. Тэгээд шоронд орсон юм байна гэдгийг мэдсэн. Урьд хожид огт дуулж байгаагүй.

-Та хүүдээ их хүчтэй үг хэлжээ. Энэ хэргийн хувь заяа хаашаа яаж эргэхийг бид мэдэхгүй. Тэр бүү хэл надад ч юу тохиолдохыг таны хүүд юу тохиохыг таашгүй. Би бол сэтгүүлчийн үүргээ биелүүлж, таны энэ зовлонг, энэ мухардлыг олон түмэнд хүргэхийг зорилоо. Та биеэ бодож, эрүүл саруул байгаарай. Надад итгэж уулзсанд баярлалаа.

-Ядарсан зүдэрсэн, хүчин мөхөс айлын амьдрал үрэгдэж байна л даа. Чадалтай цараатай айл дээр ийм юм зохиож хэрэгжүүлж чадахгүй байх л даа. Тааж тааварлашгүй ийм хэрэгт хүүг минь аваачаад зовоож байна. Ёстой үйлийн эрхээр тэртээ 1981 онд тэр айлтай айл хөрш болж таарсан. Хожим ийм үй лай үзнэ гэж хэн төсөөлөх юм бэ. Хүний эрх гэдэг ойлголт чинь ядарсан улсууд дээр байдаггүй юм байна. Би Ганчимэг сэтгүүлчээ олон газар хандлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг удаа, Хүний эрхийн үндэсний комист хоёр удаа, УИХ-ын байнгын хороо, О.Баасанхүү гишүүнд нэг удаа, ТЕГ-ын дарга Б.Хурцад гурван удаа, Нийслэлийн прокурорын газар Батжаргалд таван удаа, ТЕГ-ын хэлтсийн дарга Бархасбадид таван удаа, УИХ-ын гишүүн О.Содбилэгт нэг удаа, Л.Цогт нэг удаа өргөдөл өгсөн. Олигтой хариу нэг ч ирдэггүй. Шалгаж байна л гэдэг. Ц.Нямдорж гишүүнд нэг удаа өргөдөл бичсэн. Хөөрхий минь ёстой их гайхсан шүү дээ.

Эрдэнэт хотоос хийсэн энэхүү сурвалжлагын эхний хэсгийг уншигч танд хүргэлээ.


Үргэлжлэл бий.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn