М.Зоригт: Цаашаа ахия. Ахихдаа бид Монгол Улсын хөдөөг гоё болгоё
2016 оны 4 сарын 6 [Уншсан тоо: 83307]

Энэ цагийн төрийн түшээд дотроос хамгийн сонирхолтой, хачирхал дүүрэн дүр бол яах аргагүй Зам тээврийн сайд М.Зоригт. Түүнтэй би цахим ертөнцөд болзсоноороо ийнхүү өөд өөдөөсөө харан сууж байна. Одоо түүнтэй та бүхнийг уулзуулъя.



-Бид ярилцахаар “болзоод” их удлаа. Та их ч явах юм, их ч хөдөлгөөн дунд орших юм.

-Тийм байна уу. (инээв)

-Таны удирдаж байгаа Зам, тээврийн яам бол бидний амьдралын тулгуур бүтцүүдийг агуулж байдаг, олон талт үйл ажиллагаа явуулдаг яам. Тийм болохоор ажил хэргийн дунд олон сэтгүүлч уулзаж танд асуулт тавьдаг байх. Өнөөдөр харин арай өөр сэдвүүдийг хөндөх бодол байна. Жишээ нь, олон нийт таныг хувь хүн талаас чинь ажиглаж их гайхширч байгаа харагддаг. Энэ нөхөр ер нь хэн юм бэ гэж гайхаж байхтай зөндөө таарсан.

-Одоо харин ч намайг илүү сайн мэддэг, мэдэрдэг болсон юм шиг зарим талаар санагддаг ш дээ. Би өөрөө тийм ч их хаалттай хүн биш болохоор хүмүүсийн дунд байхыг илүүд үздэг.

-Тийм үү, юутай ч миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. УИХ-ын гишүүний хувьд Сүхбаатар аймагт хангалттай сайн ажиллалаа. Энэ тойргийн сонгогчид өөрийг тань маш “сонирхолтой”, сайн төлөөллөө гэж харж байна. Харин яагаад гэнэт Дорнод аймагт эргэж “очих” шийдвэр гаргав аа. Энэ шийдвэр баттай шийдвэр мөн үү. Зарим ажиглагчид Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь та хоёрын дунд тохироо хийгдсэн учраас тойргоо солих шийдвэр гаргалаа гэж үзэж байх шиг?

-Сүхбаатарчууд бид өнгөрсөн жилүүдэд ялсан л даа. Сүхбаатарчууд биднүүс (нутгийн хэлц бололтой) гэдэг маань тэр энэ нам гэдэг талаасаа биш, нийт энэ нутгийн ард иргэд бид нэг санаа, нэг зорилго дор нэгдэж чадсаныхаа үр дүнд олон зүйлийг хийж чадсан. Амжуулж чадсан. Ийм л он жилүүд болж өнгөрч байна. Сүхбаатар аймаг бол цаашдаа олон олон жил дандаа ялж явах болно. Бодит амьдралд гарсан бүх өөрчлөлтүүдийг ярих юм бол их олон цагийн яриа болох байх л даа. Зүгээр жишээ болгоод хэлэхэд биднүүс гурав дөрвөн жил дараалан улсын шилдэг аймаг боллоо. Гурав дөрвөн жил дараалан манай Сүхбаатар аймгийн сумууд бараг бүгдээрээ улсын шилдэг сумууд боллоо гэх мэтчилэн бахархах зүйл их байгаа. Спорт гэхэд дандаа багийн төрлүүдийг бид хөгжүүллээ. Ер нь аливаа нийгмийн хөгжил дэвшил бол соёл урлаг, спортоороо өөрөө илэрхийлэгдэж гардаг л даа. Энэ салбарууддаа хийсэн амжилтууд маань өөрөө биднийг хөгжлийн замдаа гарлаа, бид учраа оллоо гэдгийг харуулаад байгаа юм. Нэгдүгээрт, энэ ойлголт юм шүү. Хоёрдугаарт, аливаа юм дандаа тохироогоор бас явдаггүй л дээ. Цаанаас зурсан зургаар л явдаг байхгүй юу. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө манай Ж.Батсуурьт УИХ-д нэр дэвшээд, ялалт байгуулчих тэр төвшний итгэлийг ард олон нь өөрсдөө олгочихсон байсан юм. Гэхдээ бидэнд хэн нь Их Хурлын гишүүн болох вэ гэхээсээ илүүтэй бид хамтдаа юу хийж чадах вэ гэсэн үзэл санаан дээр зангидагдсан багийн тоглолт илүү чухал байсан. Бид үүнийгээ эхэлж харж явдаг. Энэ удаа ч гэсэн миний сонголт яг энэ үзэл санаан дээрээ л суурилж байгаа. Өнөөдөр манай Ж.Батсуурь найман жил тасралтгүй аймгийн Засаг дарга хийлээ. Үнэхээр бид нар хамтдаа, энэ нутгийн олон мянган ард иргэдтэйгээ нийлээд хүмүүсийн гайхшралыг төрүүлтэл юм хийж чадлаа. Манай Ж.Батсуурь өнөөдөр их хурц, ид иртэй байгаа үе дээрээ байна.

-Хэдтэй залуу юм бэ?

-40 хавьцаа л байлгүй дээ. Ер нь залуу ш дээ. Ид юм хийж бүтээх ирэн дээрээ байна. Хүний амьдралын ийм үеүд маш чухал байдаг. Өнөөдөр ийм залууст мань мэт нь замыг нь хааж, хөндөлсөж зогсдог нь маш буруу.

-Эрхэм сайд аа, нөгөө талаасаа бол наадахь чинь бас л жишгийн эсрэг яриа. Хэн хаана ажиллаж, амжилт гаргаж чадаж байгаа тэр газраа байх ёстой гэсэн өөр нэг зарчмыг хүмүүс сануулдаг. Өнгөрсөн 25 жил бид нэг хүн тэндээ мэргэшээд, чадавхижаад, гайгүй ажиллаад ирэнгүүт нь ийш тийш нь чирч явдаг. Ялангуяа аймгийн Засаг дарга нарыг.


АЙМГИЙН ТӨВӨӨР АЛХАЖ БАЙГАА ХҮҮХНҮҮД НЬ
ХҮРТЭЛ ӨӨР ХАРАГДДАГ БОЛСОН


-Ганц Сүхбаатар аймгийн байтугай 21 аймгийн Засаг даргыг хийчих дайны хүч чадалтай, мэдлэг боловсролтой залуучууд дүүрэн байна. Энэ улс орныг чинь нэг хоёр хүн чирээд явчихдаггүй, олноороо, том баг хийдэг байхгүй юу. Өнөөдөр бид хөдөөгийн хүн ард сайхан амьдарч болдог юмаа, хүн ард нь өөрсдөө юм хийж чаддаг юмаа, хөдөөгийн амьдралыг өөрчилж шинэ шатанд гаргаж болдог юмаа гэдэг энэ үзэл санааг Монгол Улсын хэмжээнд авчрах ёстой юм. Санаж байгаа бол би шинэ Засгийн газар байгуулагдах бүрт Ж.Батсуурийг санал болгодог байсан. Ж.Батсуурийг сайд болгочихооч, Барилга хот байгуулалтын сайд болгочихооч ээ. Сүхбаатар аймагт хийж болоод байгаа юмыг бусад аймгууддаа хийе гэдэг саналыг удаа дараа хэлдэг байсан. Бидний мөрөөдөл бол улс орноо нийтээр нь сайхан аж амьдралтай болгох мөрөөдөл шүү дээ. Анх бид гудамжинд явж байхдаа, Ганзориг гэж манай нэг дүү байдаг юм. Тэрний бааранд сууж байгаад ярьж байсан мөрөөдөл байхгүй юу. Тэнд ярьж байсан мөрөөдлөө бид нутаг орон дээрээ хийж чадлаа. Ер нь хүний мөрөөдөл өөрөө хязгааргүй байдаг. Өнөөдөр зөвхөн нэг аймгийн хэмжээнд тогтохгүй. Тийм учраас энэ бол жишгийн эсрэг санаачилга биш. Бид өнөөдөр юмыг дандаа нэг хөшигний ард ярьдаг, найраа хийдэг, тохирдог гэж хардаг муухай хардлагаас салгамаар байна. Энэ бүхэн чинь дандаа ил, дандаа олныхоо нүдэн дээр болж байгаа процесс байхгүй юу. Харин ч Ж.Батсуурийн өмнө би хөндөлсвөл ганцхан түүний өмнө ч биш мянга мянган залуусын өмнө хийж байгаа нүгэл болно.

-Ер нь бол “ах нь явнаа, миний дүү хойшоо сууж бай” гэдэг бас нэг далд ноёрхол танай үеийнхний, танай ах нарын үед явж ирсэн. Харин тэр жишгийн эсрэг та алхаж байна гэж харж бас болох юм байна, тийм үү?

-Ер нь бол бидний хувьд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой ажлууд, түүний ард гарах үр дүнгээс нь хамаатуулж дандаа шийдвэр гаргадаг байхгүй юу. Би дахиад хэлье. Жишээлбэл, өнгөрсөн сонгуулиар би биш манай Ж.Батсуурь гараад ирэх бүрэн бололцоо байсан. Тэрийг чинь бид хоёр хоорондоо тохиролцсон юм биш шүү дээ. Ажил хийх зөв төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд л хийгдэж буй ажиллагаа шүү дээ. Одоо ч гэсэн бид цаашаа нэг алхам ахия гэж байгаа. Ахихдаа бид нар Монгол Улсын хөдөөг гоё болгоё л доо. Өнөөдөр Сүхбаатар аймгийн хөдөө сумын төвд дөрвөн давхар, халуун хүйтэн устай, жорлон ваннтай хэд хэдэн орцтой байруудад малчид амьдраад байна шүү дээ. Өнөөдөр Сүхбаатар аймгийн төвөөр алхаж байгаа хүүхнүүд нь хүртэл шал өөр харагддаг. Би сая Дорнодод очихдоо энэ тухай жишиж яриад загнуулаад өнгөрсөн.

-Та битгий инээд хүргээд бай л даа.

-Үгүй ээ, үнэхээр өнгөлөг харагдаад байгаа юм. Уулзалтад орж байгаа хүмүүсийн нэгнийх нь ч гутал дээр тоос алга. Явган хүний замтай, цардмал хатуу хучилттай замтай болоод ирэхээр чинь манай хүүхнүүд чинь өсгийтэй гутал өмсөөд л, гунхаад эхэлдэг юм байна шүү дээ. Би сая Дорнодоор явсан. Сумын төвд явган хүний тийм зам алга. Гэрэлтүүлэгтэй сум цөөхөн байна. Уулзалтад ирсэн хүн болгоны гутал дан шороо тоос. Тийм байхаар чинь яаж гунхах юм бэ. Гунхаж явж байгаад бүдэрч ойчно шүү дээ.

-Та өөрөө бол Дорнодтой нэлээд холбоотой хүн биз дээ?

-Тэгэлгүй яахав. Миний ээж Дорнодын хүн. Анх би Дорнодоос УИХ-ын гишүүн болж байлаа. Нэр дэвшээд явж байхад аав минь амьд сэрүүн байсан. Бас хүүгээ дэмжээд оччихсон. Тэгсэн хэрнээ орой болгон унтахынхаа өмнө нэг юм хэлдэг байсан. Ээжийнх нь нутаг сайхаан, ээжийнх нь юу байх вэ, бидний л нутаг. Жаахан ийшээ явах юм бол аавынх нь нутаг бий. Сайхан нутаг шүү, миний хүү. Битгий мартаарай. Нутгийн олноо баярлуулж, дэмжиж яваарай гэж хэлнэ. Тухайн үедээ тэгнээ ааваа гээд л хүлээж авч байсан ч ойчоод өгснийх нь дараа тэр үгс нь өөр жинтэй болоод л хувирдаг юм билээ л дээ. Аавыгаа дурсах сайхан байна. Бас л сэтгэл сонин болж байна шүү. Та ойлгож байгаа биз дээ.



-Ойлгож байна. Дорнод гэдэг шийдвэр бол тэгээд…

-Дорнод гэдэг шийдвэрийн тухайд үнэндээ шийдчихсэн юм алга. Би ер нь бол Дорнод их явдаг л даа. Манай садангийнхан өвөлдөө идэш уушаа тэндээс бэлтгэнэ. Ээж маань очиж уул хайрхандаа хүндэтгэл үзүүлнэ. Тэгээд яахав дээ, сэтгэл зовоосон асуудлууд дүүрэн. Орон нутгийн удирдлагын цалгардалт, улс төрийн намуудын хагаралууд, тэрнээс үүдэж хүмүүсийн залхсан зүдэрсэн байдал гээд ярих юм зөндөө. Гол нь энэ бүхнээс болж ажил хийгдэхгүй байгаа байдал. Энэ бүгд чинь ил л байгаа шүү дээ. Би Х.Болорчулууныг нутгийн хүү Их Хурлын гишүүн болчихлоо, энэ нутгийн л хүүхэд юм бол юм хийнэ дээ гэж харж байсан. Өнгөрсөн хугацаанд харамсалтай нь дэндүү гомдмоор байлаа. Би санадаг юм. Олон ч төвшинд уулзаж байсан. Том дарга нартай уулзахаараа ерөөсөө л ярьдаг юм нь манай дүүг тэндэхийн захирлаар тавиад өгөөч, манай тэр төсөл дээр шугам шуудуу тавих мөнгийг шийдээд өгөөч гэсэн л юм хүсдэг. Дандаа рекэт. Тийм юман дээр л өөрийн суудлыг үнэлж байсан. Тэгснээ бүр МАН-д элсээд яана яана гэнэ үү. Тэгээд би ийм этгээдүүдээр тоглуулахгүй гэдгээ л хэлсэн. Ер нь дэвших, дэвшихгүйн тухай асуудлыг хэн шийддэг юм гэхээр манай намын хамт олон л шийддэг ш дээ.

-Тийм байлгүй дээ. Гэхдээ таны мэдэгдэл өөрийг тань их дураараа харагдуулсан.

-Үгүй ээ, тийм биш. Харин Х.Болорчулуун хэрвээ МАН-тай үгсэж байгаад гишүүн болох гэж байгаа бол би түүнийг хаана. Энийг бол би шууд ярина. Дахиж тэр хүнээр энэ нутгаар тоглуулахгүй гэдгээ би хатуу хэлсэн. Ер нь би нэхээд л ажил руу өөрөө явж ордог. Жишээ нь, Зам, тээврийн сайд болохдоо би өөрөө нэхээд л болсныг та мэдэх үү. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд сайд байсан Н.Төмөрхүү гэж нэг нөхөр энэ салбарыг унагаасан. Энэ зам тээврийн салбараас чинь манай алслагдмал аймгуудын хувь заяа их шалтгаалдаг байхгүй юу. Хийгдэж байсан гэрээ хэлцлүүд, бодлого бүх юм зогсоод, би есдүгээр сард сайд болоод Дорнодын зам дээр очиход нэг ч ажил хийгдээгүй байсан. Есөн сарын дундуур шүү дээ, хэзээ мөдгүй цас орох гэж байхад. Ийм юмнуудыг харчихаад би шууд олон нийтийн сүлжээнд жиргэсэн. Та бол жиргээч хүн мэдэж байгаа байх. “Энэ Баагий ер нь ажил хийхгүй юм байна. Ер нь би Зам тээврийн сайд болно” гээд шууд жиргэсэн. Дараа нь Ерөнхий сайдтай уулзсан. Дайрсаар байгаад л болсон ш дээ. Би хэн нэгэн фракцын дэмжлэгээр явдаггүй.

-Ер нь бол сайд аа, есөн сар гэдэг бол тийм ч их хугацаа биш. Тэр үеийн эрх барьж байсан эвслийн хувьд танай намтай үнэнийг хэлэхэд хангалтгүй барилдлагатай байсан шүү дээ. Төрийн залгамж чанар гэх нэг ойлголтыг сүүлийн үед их хөндөж байгаа. Тэгэхээр тэр сайд юу ч хийгээгүй, та ирээд нэг жилийн дотор бүгдийг нь хийчихэв үү. Өмнөх хүний ажилласан есөн сар ямар ч суурь тавиагүй болох гээд байна шүү дээ. Та яг нөгөө хуучин имижтэй гишүүд шигээ ярьж байх шиг ээ.

-Би ирээд жил болчихсон уу. Мэдэхгүй их л хурдан өнгөрч байна. Чи миний өрөөнд орж ирээд анзаарсан байх. Дарга нарын ширээний урд байдаг сүртэй ширээ байхгүй, миний энэ ширээний урд зүгээр л баарны ширээ байгаа биз. Даргын ширээний араас ярих юм хүмүүсээс хол байдаг юм аа. Миний менежмент эндээс л эхэлдэг. Одоо миний ажлын ширээн дээр нэг ч бичиг цаас байхгүй байгаа байх. Бусад сайдын өрөөнд ороорой. Нэг л нуль ухаан царайлсан, өмнөх өрсөн ном, цаасныхаа цаанаас нь харагдахгүй шахам худлаа дүр л сууцгааж байгаа байх.

-Одоо өрөөндөө баарны ширээ тавьсан гэхээр таныг олон нийт юу гэх бол доо. Энэ нөхөр угаасаа л энтертайнмент сайд гэдэг нь үнэн юм байна гэцгээнэ дээ. Тэр бүү хэл заримдаа хүмүүс таныг согтуу байна гэж хараад байдаг. Гэтэл та архи уудаггүй.

-Хүмүүстэй харилцах, ойлголцох, нэвтрэх харилцааны асуудал байхгүй юу даа.

-Үгүй ээ, та илүү тайлбарлах хэрэгтэй. Бүх иргэн тантай уулзахгүй. Сүүлийн жишээ таныг сая Дорнодод очиход танайхны хийж цацсан бичлэг байна. Тэр бол танай намынхны л үнэн нүүр царай. Тэр бичлэгийг үзсэн иргэд сайд согтуу байна гэсэн.

-Би ерөөсөө архи уудаггүй. Гэхдээ бааранд суугаад ярихад хүмүүсийн хооронд байдаг элдэв дарга цэргийн зааг байхгүй болдог. Хүмүүс ер нь иргэн гэдгээрээ, энэ алдраараа чөлөөтэй нэвтрэлцдэг. Тэнд хүмүүс мөрөөдлөө ярьдаг, төслөө ярьдаг, ажлаа ярьдаг. Энэ утга санааг би илүү хүндэтгэдэг.

-Би бол ойлгож байна. Таны өрөө гоё юм. Хоймроо сүлдтэй, хажуу ханандаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй баар.

-За яахав, та яаж дүрслэх нь хамаагүй. Цаад миний хэлээд байгаа агуулга чухал шүү. Энэ бөөрөнхий ширээний ард хүн эрх чөлөөтэй, юу дуртайгаа хэлж болно. Учир нь чиний өөдөөс сайд биш чиний өмнөөс хүн хараад сууж байна шүү дээ. Хоёр хүн тулж суугаад ярилцахад ойлголцдог юм, шийдэл гаргадаг юм. Шийдвэрийг хэрэгжүүлэх шат руу явуулахад энэ хойд ширээ, энэ сайд гэдэг эрх мэдэл түлхэц болж өгнө. Ердөө л энэ.

-Н.Төмөрхүү сайдын үед Тээврийн нэгдсэн хууль гэж томоохон төсөл боловсруулагдсан. Ерөөсөө хуулийг нь эхлээд цэгцлэх ёстой гэж харж. Тэр бол одоо гацчихсан юм шиг байгаа юм. Тэгэхээр есөн сар ажиллахдаа тэр багт үнэхээр хийсэн юм байхгүй юм уу.

-Мэдэхгүй ээ. Ямар ч байсан манай салбарын гол судас болсон хэдэн хууль Иргэний агаарын тээврийн, Төмөр зам, авто тээврийн гэх мэт хуулиуд нэг нь ч хийгдээгүй байсан. Энэ салбарт ерөөсөө хуулийн шинэтгэл хийгдээгүй бараг хориод жил болсон байна.

-Тийм.

-Яг тэр дээр үеийн хуучнаараа яваад байгаа байхгүй юу. Жишээ нь, саяхан Авто замын хөдөлгөөний хуулинд өөрчлөлт оруулсан. Бидний амьдралд эрс өөрчлөлтийг авчирч байна шүү дээ. Биднийг явган хүний гарцгүй газраар бэлчихийг болиулчихлаа шүү дээ. Биднийг гудамжинд дэг журамтай, дүрэм журмын дагуу явуулдаг болгочихлоо. Өнөөдөр хүн гудамжинд гахай нохой шиг цадиг задаггүй явдгаа больж байна. Хүн гудамжинд өөрийгөө авч явж чаддаг болж байгаа байхгүй юу. Энэ үндсэн хуулиуд хэрэгтэй. Орж ирээд хамгийн эхлээд хийсэн юмнууд энэ хуулиудыг хийлээ. Ажлын хэсэг байгуулж ажиллалаа. Салбарын эрдэмтдээр хэлэлцүүллээ. Засгийн газраар бүх үзэл баримтлалыг нь батлуулчихсан. Бусад хуулиуд нь ч өргөн баригдахад бэлэн болчихсон. Хүмүүс хачин юм их шаарддаг. Одоо намайг ингэж хэлж байна. Салбарын хүн л сайд байх ёстой гэж. Тэгэхээр би одоо салбарын хүн гээд онгоцны үйлчлэгч байх байсан юм уу. Эсвэл вагоны жолооч байх ёстой байсан юм уу. Эсвэл хүрз жоотуу барьсан замчин байх байсан юм уу. Ингээд зарим нь тэнэг юм яриад байдаг байхгүй юу.

-Сайд бол улс төрийн албан тушаалтан гэдгийг олон ч жил тайлбарлаж байна даа.

-Энэ яамны ажилчид, баг өөрсдөө жинхэнэ салбарын хүмүүс байхгүй юу. Энэ салбарт зүрх сэтгэлээ өгчихсөн. Энд олон арван жил ажиллачихсан. Үе удмаараа ажиллачихсан энэ хүмүүсийн дотор байгаа хүчин зүйлсийг гаргаж ирж, амьдралд хэрэгжүүлэх замыг нь тавьж өгөх асуудал л сайдын ажил. Тэр бөглөчихсөн байсан таглааг авч хаях. Өнөөдөр М.Зоригт ирээд л баахан томилгоо өөрчилсөн гээд байгаа. Үгүй. Харин ч улстөрч хандлагаар хандсан, намын өнцгөөс харсан бүх томилгоонуудыг нь бүгдийг нь цуцалж хаяад, олон арван жил ажиллаж байсан тэр мэргэжлийн хүмүүсийг нь буцаагаад байранд нь тавьсан. Тэгж байж тэр мэргэжлийн хүмүүсийн хүчийг нэгтгэж энэ салбарын ажлыг буцалгаж чадлаа. Энэ яамны ажил сайн байгаа нь М.Зоригт гэдэг сайдын гавьяа биш, мэргэжлийн баг хамт олных нь чин сэтгэл, тэдний зүтгэлийн гавьяа. М.Зоригт сайд бол ерөөсөө тэр хүмүүсийн бодож төлөвлөсөн ажлынх нь хэрэгжих замыг, үүдийг нь нээж өгч байгаа.

-Танай намын дарга З.Энхболд хэлж байгаа. Бид ерөөсөө бүтэн эрх мэдэл авч үзсэнгүй ээ гэж. Ийм мессеж шидээд эхлэсэн. Та бол нийт Сүхбаатарчуудын ялалт байлаа гэж дүгнэж байна.

-Би таны асуултыг таслаад нэг юм хэлчих үү.

-Тэг л дээ.

-Намайг Сүхбаатар аймагт ирэхэд энэ аймаг улаан цэнхрээрээ хуваагдчихсан, жинхэнэ хагарал тэмцлийн талбар байсан. Ч.Улаан сайд, Ж.Батсуурь хоёр гэхэд бие бие рүүгээ харж чаддаггүй. Харах л юм бол барьцалдаж авчих гээд байдаг. Би бүр хүчээр баруун гар талдаа Ж.Батсуурийгаа, зүүн гар талдаа Ч.Улаан сайдыг авч яваад, хэд хэдэн арга хэмжээн дээр ажилласнаар эхэлсэн. Эв нэгдлийн чухлыг би тэр хоёрт зай завсаргүй үглэж байсан. Үр дүнд хүрсэн. Өнөөдөр бид гурав тэврэлдээд нутгийн ажлыг хийж байна шүү дээ. Өнөөдөр аймагт хийгдсэн томилгооны хэдэн хувь нь нөгөө намын хүмүүс тавигдаж вэ. Эхлээд биднийг биш тэр намын хүмүүсийг тавилаа гэж иргэд ярьдаг байсан. Өнөөдөр тэр намч нүдээр асуудлыг харж чадахаа байчихсан. Болд гээд нэг мундаг залуу байсан. МАН-ын зүтгэлтэн. Одоо тэр хүн төрийн хар хүн болчихсон явж байгаа байхгүй юу. Юун тэр улс төр. Тэр хүн нутаг орныхоо хөгжлөөр дамжуулж улс орноо хөгжүүлэх үйлсэд ханцуй шамлан орсон. Энэ мэт нэгдэж чадсан учраас Сүхбаатар аймаг өнөөдөр урагшаа явлаа. Өнөөдөр МАН-ын том том дарга нар очиж уулзалт хийдэг л дээ. Ж.Батсуурь бид хоёр өөрсдөө гүйж байгаад заалыг нь дүүргэж өгдөг. Хотоос ирсэн хүмүүс юу юу ярих нь вэ, та нар очиж сонс гээд. Манай аймгаас төрсөн том том лидерүүд бий л дээ. Тэд аймагтаа юм хийдэг байсан уу гэвэл хийдэг байсан. Ч.Улаан сайдын хувьд төсвөөс том мөнгөнүүд шийдүүлээд Сүхбаатар руу зүгээр л шидчихдэг байсан байгаа юм. Тэр нь хөрсөн дээрээ буухдаа алдаа гаргадаг байсан. Би сая бас Архангай аймаг яваад ирсэн. Манай Н.Батбаяр гишүүн эд нар тийшээ маш их хөрөнгө хаяжээ. Яг хөрсөн дээр буухдаа нөгөө хот төлөвлөлт, нөгөө шинжлэх ухаанч чанар, гүйцэтгэлд хандсан хандлага дээр дутагдал байна. Би Сүхбаатар аймагт магадгүй Ч.Улаан сайдын хэмжээний их мөнгө аваачиж өгч чадаагүй байх. Гэхдээ бид хүний нүдэнд харагдахуйц, хүний амьдралд ая тух өгөх бүх юмыг бид нар хийж чадсан. Би мөнгөний их багыг яримааргүй байгаа юм. Ч.Улаан сайдын тийшээ шийдсэн их мөнгөнүүд “бай”-гаа онохгүй их урсчээ. Орон нутгийн удирдлага, сонгогдсон гишүүн эд нар өөрөө нэг баг байх ёстой байхгүй юу. Ганцаарчилсан тоглолт хийхгүй байх, юун түрүүн нэгдмэл байх. Зоригоо миний бие ахан дүүсийнхээ байдаг нэг жалганд худаг гаргаж өгөх гээд зүтгэх юм бол буруу. Энийг л би яриад байгаа юм. Ховдод би очлоо. Ховдод зөндөө л том улстөрчид байдаг. Аргагүй л их мөнгө хаяж. Бас л “бай”-гаа олоогүй цацагдаж. Булган байна. Л.Энэбиш гуай бол домог байхгүй юу. Булганыг бол тэр байтугай л бодсон, зүтгэсэн. Одоо та Булганаа очоод хараарай. Хэцүү ш дээ. Энэ юуг хэлж байна вэ гэхээр тэрийг тосч аваад, юм болгож авч үлдэх тэр сэтгэл л дутчихсан байхгүй юу даа. Тэгэхээр энд зүгээр нэг сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй гээд хоосон яриад байгаа юм биш. Энэ чинь юм юмны үндэс суурь байхгүй юу даа. Энийгээ шийдэхгүйгээр бид цаашаа явахгүй. Нөгөө нэг бэлнээр нь тараасан 21 мянган төгрөг байна ш дээ. Тэр бол асар их мөнгө тараасан шүү. Одоо тэр мөнгө мартагдсан. Хүмүүс мартчихсан. Ямар ч байсан өгсөн гэдгийг санаад байгаа юм. Яг юу болж шингэсэн гэдгийг санахгүй байна. Гэтэл тэр их тараасан мөнгөний талаар нь л бид хоёр жилийн дотор зам тавьчихлаа. Талаар нь шүү. Би энэ ялгааг л яриад байгаа юм.

-Та бол хотын хүн. Сүхбаатар аймгийнхан дээр очоод өөрийгөө мэдрүүлэхэд хэр хугацаа орсон бэ. Одоо бол та нар бүр нэгсээд дасчихсан юм шиг байгаа юм. Та ч байнга л очиж байгаа харагдах юм.

-Дарга нар ч, гишүүд ч бүгдээрээ л явдаг ш дээ. Гэхдээ тэр болгон олныхоо нүдэнд харагддаггүй юм шиг байгаа юм. Жишээлбэл, найр наадам боллоо гэхэд том дарга нар нь ул боов, ууц идээнийхээ араар ороод суучихдаг юм. Тэрнийхээ араас харагдахгүй. Би бол сандлаа аваад урд талд нь гараад суучихдаг хүн ш дээ. Би бол монгол ахуй соёлоо дандаа сурталчилж явдаг хүн. Аль ч сумын наадамд очсон би тав зургаан хатдыг эртний хувцсаар нь гоё ганганаар нь өмсүүлээд, бүгдэд нь наймын хувин бариулаад, гишүүний хишиг боов тараагаад баяр дээр нь баяр хөгжөөн нэмээд, би өөрөө зургаа аваад бүтэн тойроод ирдэг хүн байхгүй юу. Тэгээд явахыг минь харсан гаднаас очсон Их Хурлын гишүүд “Энэ Зоригоо чинь өвчтэй байхаа” гээд байдаг. Манай Ж.Батсуурь тэд нарт тайлбарлаад ойлгохгүй байгаа байхгүй юу. “Энэ Зоригоо чинь архи уучихсан юм уу. Энэ өвчтэй юу” гээд урьдаас нь асуугаад байдаг. Энэний цаана шал ондоо юм байгаа байхгүй юу. Түрүүний бид хоёрын хөндөөд өнгөрсөн сэтгэлийн засал гэдэг чинь эндээс эхэлдэг юм. Хэн нэг нь эр зориг гаргах ёстой ш дээ. Чи анзаарсан уу, үгүй юу. Яамны үүдэнд нэг сандал байгаа, хажууд нь тамхины үнсний сав байгаа. Тэнд сайд иргэдтэй уулздаг байхгүй юу. Гадаа энэ сайхан агаарт тамхилж суунгаа юмаа ярина. Дээрээс хүмүүсийг нь дуудчихна. Юмыг нь танилцуулж өгнө. Ер нь сайд гэдэг чинь заавал хамраа зангидсан, заавал хэдэн мянган долларын гоё ганган костюм өмсчихсөн хүн байх ёсгүй юмаа гэдгийг л би олон түмэндээ харуулчих юмсан гэж явна. Сайд гэдэг хүнийг гоё ганган хувцсаар нь биш, эдэлж хэрэглэж байгаа машин унаагаар нь биш, хийж байгаа ажлаар нь дүгнэх ёстой юм ш дээ.

-Таны энэ унаад байгаа онгорхой алаг машин ямар үнэтэй эд вэ?

-Prius-аас л хямдхан, бас prius-аас бага иддэг гээд бод л доо.

-Тэгээд яагаад онгорхой яваад байдаг юм бэ. Хүү чинь танд хаалга хийлгэж өгсөн юм биш үү. Яагаад тэрийгээ авчихдаг юм?

-Ээж л загнаад манай хүүд хэлээд хаалга хийлгэсэн. Хаалга хийчихээр нөгөө нэг жийпэнд явахаас ялгаагүй л болчихож байгаа байхгүй юу. Харин манай хүү надад сандлыг нь халдаг болгоод, хөл рүү халуун үлээдэг, нүүр лүү халуун үлээдэг болгож өгсөн.

“СО” ГАВЬЯАТ ЕРӨНХИЙЛӨГЧ РҮҮ БУС, БИД БҮГД РҮҮ НУЛИМЖ БАЙНА

-Энэ тэгээд бүх юмыг нь монголчлоод л болоод байдаг машин уу?

-Болно ш дээ. Өчигдөр гэхэд хэдэн залуучууд ирээд Зоригоо сайдаа, танд ард чинь нэг ийм авдар хийж өгье гээд аваад явчихсан. Би тэр хүүхдийн нэр ус ч үгүй. (инээв) Facebook-ээр над руу зургийг нь явуулаад одоо хийгээд дуусч байгаа шүү гэсэн байна лээ.

-Аваад алга болсон ч олдох байлгүй дээ. Ганцхан байгаа юм чинь.

-Ер нь одоогийн хүүхэд залуучууд ондоо болчихсон шүү дээ. Маш зөв болчихсон. Энэ сошиал медиагаар дамжаад бид чинь тэр сайд, тэр хүүхэд гэлтгүй нэг төвшинд байнгын 24 цаг холбоотой байдаг болчихлоо. Уурлаж байна, уярч байна. Ойлголцож мэдрэлцэж байна. Дээрээс нь бид хамтраад, нэг эмээ хөөрхий байр сууцгүй байсан. Хэдэн залуучууд нийлээд байшин бариад өгчихлөө. Манай Түмэнцогт суманд өнгөрсөн жил аймаар түймэр гарлаа. Тэгэхэд энэ сошиалаар хэчнээн мянган хүн хэдэн арван сая төгрөгийг цуглуулаад өглөө. Сая шуурганаар яав. Хэдэн арван залуучууд өөрсдийнхөө бензин тосыг хийгээд, өөрсдийнхөө жийптэй гарч давхиад л ирж байгаа байхгүй юу. Өнөөдөр ийм залуучуудад би машинаа өгөх байтугай юман дээр итгэж болноо. Миний хүч бол би олонтой байж чаддагт байдаг. Хэзээ ч би өөрийнхөө үгийг олонд хүргэчихэж чаддаг. Энэ миний давуу тал байхгүй юу.



-Гэхдээ л өмнө нь та их л даруухан залуу харагддаг байсан юм даа.

-Өмнө нь би таны нүдэнд өртдөггүй л байсан байхгүй юу.

-Та битгий саармагжуулаад бай. Үнэхээр нэг сэдвийг бол хүмүүс их асууж байна. Бүсгүйчүүдийн тухай. Үнэхээр эмэгтэйчүүдэд хэт их сонирхолтой хүн юм уу. Эсвэл зүгээр л хэлбэрийн хувьд хийсэн имиж юм уу. Тэр ч бүү хэл танай намын зарим хүмүүс “Энэ нөхөр намын нэр унагаж байна” гэж улстөржсөн өнгөөр хэлэх юм. Хатдыг авч явж хишиг тараалгадаг л гэнэ. Энийг би ойлгож байна. Гэхдээ арай өөр нүдээр харж болмоор ч кадрууд таны зурган дотор байдаг. Та энэ “Эмэгтэйчүүд ба Зоригт сайд” гэсэн харилцааг нэг тайлбарлаж өгөөч?

-Би эх оронч л доо. Эх орон гэдэг чинь зөвхөн хил хязгаараар ч тодорхойлогддог эд биш. Эх орон гэдэг бидний энэ уламжлал, бидний түүх, соёл, амьдрал ахуй. Энэ юмнаасаа бид нар холдоод л, илүү хотжоод л, ipon, Ipad гээд л холдоод л яваад байгаа байхгүй юу. Миний хамгийн харамсдаг юм энэ. Гэхдээ үүнийг зайлшгүй процесс гэдгийг ойлгоод байгаа боловч цаанаа дэндүү харам. Зүгээр л хөдөө гараад нэг айлд очиход угтдаг тэр монгол ахуй хэчнээн гайхалтай гэж санана. Монгол ахуй өөрөө жижиг гэлтгүй маш сонин деталиудаас бүрддэг байхгүй юу. Тэр бүгдийг мэдрэх юмсан, нууцыг нь олох юмсан. Олсноо олонд хүргэх юмсан. Энэ монгол ахуй гэдэг чинь ийм нандин зүйл байдаг юм шүү гэдгийг олонд хүргэх юмсан гэж мэрийдэг. Ингэж дурлаж явсаар байгаад энэ олон сонирхол нэгтнүүд чинь сошиалаар нэгдчихдэг байхгүй юу. Хэзээ ч би нэг ч хүнд мөнгө төлж зураг авч үзээгүй. Эр хүмүүс нь өөрсдөө энд тэндээс дээл хувцас олоод, түрээслээд, өөрсдөө оёж шидээд, өөрсдөө бензин тосныхоо мөнгийг гаргаад надтай хамт Сүхбаатар энэ тэр явж нөгөө ойлголтоо таниулах ажлыг хамтдаа хийдэг байхгүй юу. Хотын дарга Э.Бат-Үүл Улаанбаатарт Даншгийн наадмыг сэргээлээ. Даншгийн наадам гэдэг чинь нөгөө хуучны хувьсгалт наадам биш шүү дээ. Энэ бол жинхэнэ утгаараа монголчуудын урин цагийн эхлэл болсон тэр наадам шүү дээ.

-Бидний түрүүчийн ярилцлагад та Монголын улс төрийн нөлөөтэй эрхмүүдийн тухай, тэдэнтэй холбогдсон таны үүх түүхийг нэлээд ярьсан. Ах нарын үе дуусах болоогүй байна. Гэхдээ тэр ах нарын өөрсдийнх нь бүтээсэн түүх нэлээд гуйвж эхэлж байна уу даа гэж хардаг. Би тэгээд алиных нь ч нөлөөнд орохгүйгээр хэлэх үгээ хэлэх зочин хэн байх вэ гэж бодоод явлаа. Тэгээд хамгийн эрх чөлөөтэйгөөр нь таныг сонгосон.

-Баярлалаа. Түүхээ бид хажуу хавирганаас нь эмтлээд ийш тийш нь наагаад явах нь надад ч эмзэг сэдэв.

-Олон янзын баримтат кино гарах юм. Олон нэвтрүүлэг гарах юм. Ардчиллын 13 гээд л бид ярьдаг. Сүүлдээ бүгд хувьсгалын эцэг болох аян дайнд мордох шиг. Саяхан Д.Бямбасүрэн гуайн оролцсон нэвтрүүлгийг, Б.Сосорбарам гуайн орсон нэвтрүүлгийг үзлээ. Бас талийгаач С.Зоригийн хэрэг тойрсон хачин зүйлс гарч байна. Олон түмэнд их сонин савалгаатай мессежүүд очлоо. Танайхан өнөөдөр нэг нэгнийхээ нүүрэн дээр бие биендээ ямар төвшний ёс суртахуун барьдаг болчихсон юм бэ?

-Би энэ бүхнийг бодоод зүгээр дотроо л уйлдаг. Би сая Ганбаа ахтай таарсан.

-А.Ганбаатар уу?

-Ганбаа ах маань Польшид ажиллалаа. Лех Валенсаг авчирлаа. Ямар ч байсан Монголын энэ хөгжиж байгаа эдийн засагт ямар ч байсан Польш улсаас асар удаан хугацааны, бүр 0,15 хувийн хүүтэй 200 гаруй сая долларын зээл хүртэл бүтээчихээд л зүтгэсээр яваа байхгүй юу. Бүгдээрээ ингээд л энэ улс орны төлөө дор бүрнээ зүтгээд л явж байгаа. Ингээд Ганбаа ахтайгаа уулзаад ярьсан чинь нэлээн тийм бухимдалтай болчихож. Хахир болж, зүрх сэтгэл нь өвдсөн байна, ядарсан байна. Би тэр түүхийн эхлэлийг санадаг байхгүй юу. С.Зориг ах маань байхгүй болонгуут гэнэт С.Зоригийн найз нар гээд баахан хүмүүс гараад ирчихсэн. Яг тэр хүний хажууд нь, жинхэнэ найзууд байсан хүмүүс нь болохоор амаа хамхисан байхгүй юу. Одоо Ганбаа ах байна, Энхбаатар ах байна. Бүгд чимээгүй болсон. Гэнэт С.Зоригийн найз нар гэсэн хүмүүс гарч ирээд, бүр нам зам байгуулаад юу боллоо. Чи бүгдийг нь мэдэж байгаа. Тэгэнгүүт жинхэнэ найз нь явсан хэд нь өөр лүүгээ ороод явцгаачихсан. Энэ миний сэтгэлийн гүнд одоо ч эмзэг. Ганбаа ахтайгаа уулзаад тэр зүйл сэдэрсэн бололтой. Ганбаа ахыг зүгээр бусадтай ярьж байхад нь ажиглалаа. Нэг л тийм, амар биш болчихож. Энэ бол бидний л дотроо өвдөж яваа өвчин байхгүй юу даа. Шарх байхгүй юу. Уржигдар Э.Бат-Үүл ах над руу утасдаад бараг бүтэн цаг загналаа. Яах гэж загнаад ч байгаа юм. Ер нь бухимдалтай байна гэдэг нь л надад мэдрэгдээд байгаа юм. Өөр загнах хүн олдохгүй л байгаа байх л даа. Манай Со гавьяат маань над руу байнга яриад байдаг хүн биш л дээ. Хааяа нэг намайг улс төрийн акц хийсний дараа ярьдаг. Миний хүү зөв шүү гэж. Н.Алтанхуяг ерөнхий сайдын асуудал дээр намайг байр сууриа илэрхийлсний дараа, Н.Энхбаярын асуудлаар байр сууриа илэрхийлсний дараа гэх мэт үед над руу залгаж байсан. Саяхан нэг нэвтрүүлэг яваад л байсан. Харсан чинь нөгөө гавьяат маань харин бидэн рүүгээ нулимж байдаг юм. Нэг жижиг гитар барьчихаад манай муу хэн шиг байгаа биз ч гэх шиг. Тэр чинь Ерөнхийлөгчийг элэглэж байгаадаа асуудал нь биш л дээ. Жишээ нь, Э.Бат-Үүл ахыг Улсын баатраар шагнахдаа тэр чинь Э.Бат-Үүлийг шагнаагүй юм ш дээ. Биднийг бүгдээрэнг нь шагнасан байхгүй юу. Энэ Ардчилсан хувьсгалыг хийж чадсан олон мянган ард иргэдээ төлөөлүүлж шагнасан юм. Тэрэн шиг тухайн үед Монголынхоо төлөө амь нас бүх зүйлээ огоороод тэмцэж явсан хүмүүсийг бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор төлөөлүүлэн хардаг юм шүү дээ, бас. Өнөөдөр Со гавьяатыг тэгээд л авирлангуут над руу нулимсан юм шиг би хүлээж авч байгаа байхгүй юу. Би Ерөнхийлөгч рүү хандаж байна гэж харахгүй байгаа. Бид нар луу бүгд рүү маань нулимж байна гэж хүлээж авсан. Энэ Со өнөөдөр хэний буянд ингэж яваа юм бэ. Бид нар, бид нартай мөр зэрэгцэж явсан тэр олон мянган залуус байгаагүй бол энэ Со ер нь хаана байх байсан юм бэ. Энэ Со ер нь өнөөдөр хэн болчихоод ингэж солиорч байгаа юм бэ. Би хэзээ ч энэ хүний тухай таагүйгээр бодож байгаагүй, ингэж уурлан шатаж ч үзээгүй. Гэхдээ өнөөдөр яагаад ч юм (хэсэг дуугүй суув) хэлэхэд хэцүү байна, гэхдээ хэлэх ёстой гэж би үзэж байна. Муу өөдгүй муу шаар. Тэр олон партизануудаас өнөөдөр олон арав нь бурхан болчихсон байна. Энэ бүх үүх түүхээ умартаад, ингэж биднийг чичилж байдаг хэн юм бэ. Бид ингэж л хүлээж авсан. Эвдэрдэг нэг нь байна. Шархлаад шаналж яваа нэг нь байна. хэл ам, хэрүүл зүхлээс нь үл огоороод ямар ч байсан тэр эхлүүлсэн үйл хэргээ явуулчих юмсан гээд, энэ эх орноо гээд зүтгэж яваа хэсэг нь ч байна. Ер нь манай Ардчилсан намыг замбараагүй, дотроо тэмцэлтэй л гэдэг. Гэхдээ манай нам шиг ийм амьд, ард иргэдийнхээ нүдэн дээр алдаа оноогоо туулаад явж байгаа нам байхгүй ээ. Ард түмнийхээ зүрхэнд ойрхон яваа юм шүү. Өнөөдөр МАН гэж нэг аймаар бүтэц байгаа юмаа. Жишээлбэл, Хойд Солонгос задраад уначихвал яанаа гэж хүмүүс ярьдаг ш дээ. Тэрэн шиг. Одоо Монгол Улсын хэмжээнд мянга гаруй баг байна. Энэ МАН-ын багийн намын анхан шатны байгууллагын дарга, нарийн бичиг нь бүгд цалинтай. Бүгд машин унааны, томилолтын мөнгөтэй.

-Бүр тогтчихсон схем, хэрсэн нарийн бүтэцтэй байгаа биз?

-Бүр хэрчихсэн. Энэ чинь бүр улсын төсөв шиг том мөнгөн дээр тогтдог нам байхгүй юу. Тэр мөнгө байхгүй боллоо. Энэ бүтэц пар гээд л унана. Мөнгөн дээр тогтдог энэ бүтэц яаж үзэл санааны байх юм бэ. Өнгөрсөн хугацаанд МАН-ын засаг барьж байсан үеүдийг бодоод үзээрэй. Ямар нэгэн тийм шинжлэх ухаанч дэвшил байхгүй. Хүмүүсийг хуурах гэж бэлэн мөнгө тараадаг. Одоо бас өрх толгойлсон эхчүүдэд мөнгө өгнө гэсэн санаачилга яриад байна. Эд нарын толгойноос тэрнээс өөр юм гарахгүй. АН-ын засгийн үеийг хараарай. Дандаа шинжлэх ухаанчаар. Бидний хийж хэрэгжүүлсэн юм дандаа эдийн засгаа эрүүлжүүлдэг.

-Би таны хөндөж байгаа санааг ойлгож байна. Гэхдээ тэр “Хойд Солонгос нурчихвал яанаа” гэдэг хошигнол шиг МАН нурчихвал Монголд ерөөсөө ашиггүй шүү дээ. Тэр үүднээс таныг хэлж байна гэж ойлголоо.

-Ашиггүй. Болохгүй.

-Талийгаач С.Зоригийн хэрэгтэй холбоотой дуулиан ахин босч ирсэн. Ахиад л нөгөө буурал Э.Бат-Үүлийг холбосон зохиол бичүүлж, шонгоос уяж тоглож байна. Өмгөөлөгчид нь мэдэгдэл хийж байна лээ. Б.Сосорбарам гуай нэвтрүүлэгт орохдоо “Малыш Америкаас над руу утасдаад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр нухчихсан шүү” гэж шууд хэлсэн гээд л ярьж байх юм. Энэ нэг бохир юм хэзээ дуусах юм бэ?

-Бас Со тэгсэн юм уу. Чёрт вэ, ёстой. Би С.Зориг ахын харамсалтайгаар амиа алдсан энэ хэргийг илэрчихээсэй гэж их хүсдэг байсан. 2004-2008 онд би өөрөө гуйж байгаад УИХ-ын энэ хэргийг дэмжиж ажиллах үүрэгтэй нэг ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэгээд сүүл рүүгээ ерөөсөө тэр тухай уншихыг ч хүсэхээ байсан. Сүүлийн үед хүмүүс тийм юм гарлаа, тийм юм нийтлэгдлээ гэхэд нь би албаар уншихгүй л яваад байгаа. Тэрнээс хол байя гэж боддог юм. Өдий цагт яагаад гарч ирж байгааг хүн болгон “Аан энэ сонгууль” гэж л харна. Тийм ч байх. Уг нь илрээд нэг тийшээ хагарчихвал сайн байна. Сүүлийн үед нээрээ олон сонин жишиг тогтож байна. Манай О.Баасанхүү гишүүн байна. Ч.Сайханбилэгийг мэтгэлцээнд урьж байна гээд л. Аль рейтинг өндөртэй рүү л өөрийгөө чирээд байна шүү дээ. Тэр байтугай Н.Энхбаяр дарга хүртэл намайг ярьдаг болоод байна лээ. (инээв) Би чинь бас рейтинг гайгүй болоод байгаа юм биш үү. Э.Бат-Үүл ахын хувьд юу ярих юм бэ. Би эртээр их хотын иргэн гээд нэг зургийг нь жиргэсэн, харсан уу.

-Харсан. Гоё зураг байсан.

-Үнэхээр гоё. Тэр алхаа, тэр урам зориг. Хүмүүс надаас тэр тавилттай зураг уу гээд асуугаад байсан. Үгүй. Би машинтай явж байгаад л авсан зураг шүү дээ. Ер нь яг үнэнийг хэлэхэд бол хотын иргэний сэтгэлгээ гэж байдаг юм. Би Улаанбаатар хотын өмнө нь удирдаж байсан дарга нарыг тийм юмаар л дутагдсан гэж хардаг юм. Яг их хотын иргэн, их хотын сэтгэлгээтэй хүн анх удаа хотын дарга болсон жишээ Эрдэнийн Бат-Үүл. Энэ хүн миний хот гэдэг зүрх сэтгэлээр хандаж энэ их ажлыг нугалсан. Өнөөдөр манай хүнийг юу ч гаргаж ирж дарсан, босоод л ирнэ. Хараарай. Дараагийн хотын дарга хэн юм.

-Хэн гэж?

-Э.Бат-Үүл шүү дээ. Мэдээж шүү дээ. Би итгэж байна. Тэр хүн УИХ-д нэрээ дэвшүүлэхгүй гэдэгт. Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Манай хүн өөрийн төрөлх энэ хотоо хот шиг хот болгохын төлөө ахиад явна. Харж байгаарай. Ер нь манай энэ Э.Бат-Үүл ах, Ж.Батсуурь эд нарт нэг төстэй юм байдаг. Эд бол нэг юм бариад авсан бол заавал дуусгаж ард нь гардаг.

-Та бол миний асуултуудад сонгууль дөхсөн болохоор улс төрийн өнгөөр хариулаад байна. Би илүү сэтгэл зүрхний хариулт хүсч байна. Одоо энэ хананд зураг нь өлгөөтэй “нөхөр” байна. 18 жилийн өмнө алуурчнаараа дуудуулаад л явж байсан. Бүгдийг чинь л тэгж цоллодог байсан шүү дээ. Өнөөдөр Мүүнчин гээд л хэлүүлж байна. Та нарт ямар ч дархлаа алга. Энэ хэдэн хүн чинь чулуу шидэж болдоггүй баатрууд хэзээ болох юм бэ?

-Энэ бол бид нарын байгуулсан нийгэм шүү дээ. Бид хүн болгондоо үг хэлэх эрх чөлөөг өгсөн. Би ерөөсөө мартдаггүй юм. Хэдэн онд билээ дээ. Гудамжинд өлгөсөн Э.Бат-Үүл ахын том гоё зураг руу нэг залуухаан хөөрхөн охин салаавч гаргачихсан зогсож байгаа зургийг би жиргэдэг байсан юм. Тэр салаавч гаргах эрх чөлөөг бид өгсөн байхгүй юу. Энэнтэйгээ л бид амьдрах ёстой. Энийгээ даах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Баабар, Да.Ганболд эд нар чинь бэлгэ тэмдэг болчихсон улсууд шүү дээ. Тэд чинь бидний залуу насны бэлгэ тэмдэг байхгүй юу. Монголын Ардчиллын бэлгэ тэмдэг. Э.Бат-Үүл ахыг баатар болоход би баатар боллоо гэж баярлаж хүлээж авч байсан. Ц.Элбэгдоржийг Сосорбарам доромжлоход би доромжлуулчихсан юм шиг Соод гомдоод сууж байдаг. Үнэхээр яривал өдий төдий гоё дурсамжууд, өдий төдий сайхан ойлголтууд байдаг юм шүү дээ.

-Н.Энхбаяр гэх үзэгдэл ахин босч ирлээ. Танайхан МАН-ыг гуйж эвсээд, дараа нь хөөгөөд явуулсан. Н.Энхбаярыг шадар сайд болгох сценарийг та хүчтэй эсэргүүцэж байгаа. Тэр ч бас таны эсрэг юм хэлнэ лээ. Хүүхний зураг дараад явдаг нөхөр гэх утгаар. Энэ талаар таны байр суурийг сонирхмоор байна.

-Манай бидон шиг л юм ярьсан юм байна ш дээ, тэгвэл. (инээв) Одоо манай Ганбаа (УИХ-ын гишүүн Д.Ганбат) бидон гэж хэлэхээр гомдохоо байчихсан. Манай Ганбаагийн тэр бидон бол аягүй хэрэгтэй юм болсон шүү дээ.

-Юун 40-ийн бидон яриад явчихав аа?

-40-ийн бидоноор дамжуулаад энэ хуванцар юмнууд чинь хүний биед ямар хор хөнөөлтэй болохыг ойлгуулсан. Жинхэнэ эко тэмцэл биш гэж үү. Хэвлэл мэдээлэл төр засаг бүгд хэлээд болохгүй байсан юманд маш том сэрүүлэг болчихсон байхгүй юу. Хөдөөгүүр би сая зөндөө явлаа. Айл болгон бидон чухал юмаа гэдгийг ойлгочихож. Их том хувьсал болсон шүү, нээрээ.

-Хуучин дурсамжинд нь байсан 40-ийн бидон хуванцрын эсрэг тэмцэл болохын хажуугаар дурсамжтай юутай нь хамт ирсэн. Сонин шийдэл.

-Тэгсэн. Бөөн дурсамж. (инээв)

-Одоо асуултынхаа хариуг авъя. Шадар сайд төсөл юу болсон бэ?

-Болохгүй ш дээ. Н.Энхбаяр гуайг би хүнийх нь хувьд ойлгоод байгаа юм. Би түрүүн Монголын Ардчиллын бэлгэдлүүд гээд хэдэн ах нараа ярилаа шүү дээ. Тэрэн шиг Н.Энхбаяр гуай бэлгэдэл мөн. Гэхдээ болохгүй юмны бэлгэдэл болчихсон хүн. Энэ бол харамсалтай явдал. Би Н.Энхбаяр гэдэг хувь хүнийг ярьж, тэмцэж байгаа юм биш. Би тэр бэлгэдлийн арын муу юмтай нь л тэмцэж байгаа юм. Түүнээс биш хувь хүнтэй нь биш. Н.Энхбаяр гуай бид хоёр Төрийн ордонд зөндөө л таарч байна. Эртээр би хаалгаа арай ширүүн онгойлгоод гарчихсан чинь түс гээд л нэг хүнийг хаалгаараа цохьчихсон. Ёо ёо гээд л бахирсан. Хэн бэ, юу болов гээд харсан чинь Н.Энхбаяр даргыг би хаалгаараа цохьчихож.

-Та битгий инээд хүргээд бай л даа. Бүр ярилцах аргагүй болж байна ш дээ. Инээсээр байгаад.

-Н.Энхбаяр дарга “Одоо байтлаа энэ М.Зоригт гишүүн чинь алах нь ээ” гээд инээж байна. Би тэгэхээр нь “Н.Энхбаяр гуай та чинь одоо байтлаа хаалган доогуур чагнадаг болоо юу” гээд бид хоёр тоглоом наргиа болж инээлдсэн. З.Баянсэлэнгэ, Ж.Сүхбаатар нарийн бичиг, өөр нэг хүн дөрвүүлээ явсан. Бид тавуулаа ярьж хөөрөөд инээлдсээр явж, доошоо хамтдаа буугаад. Нөгөө хэд чинь намайг гараад нөгөө цагаан алаг машинаа асаагаад явахыг харж, араас дөрвүүлээ даллаад, инээлдээд үлдсэн. Ер нь хүн хоорондын харилцаа тийм л байдаг ш дээ. Тийм биз дээ. Би Н.Энхбаяр гэдэг хүний тухай биш Н.Энхбаярын төлөөлдөг тэр цаад хар хүч, тэр юмыг нь л яриад байгаа юм шүү дээ. Н.Энхбаяр дарга бол мундаг хүн юм аа. Ганцаараа энэ улс орны улс төрийг хөдөлгөж, барьж тогтоож, өөрийн хүслийг гүйцэлдүүлж,тулгаж чадаж байгаа өөр хэн байна. Хэн ч байхгүй. Маш том хүч юм аа. МАН түлхээд наашаа оруулчихаар АН-ын зовлон болчихдог. Арай гэж түлхээд хуучин нөхөд рүү нь гаргачихаар МАН-ын зовлон болчихдог. (инээв) Энэ бол тэгэхээр маш аймшигтай хүчтэй хүн байгаа байхгүй юу. Төрийг авилга хээл хахуульд идэгдүүлсэн, албан тушаалыг арилжаа наймааны хэрэгсэл болгосон, олон бурангуй жишгийг тогтоож Монгол төрийн дархлааг ганхуулсан ийм буруу хүчний бэлгэдэлтэй бол бид тэмцэх ёстой. Энэ хүний тогтоосон бүх жишгүүд өнөөдөр Монгол төрийн зовлон болж байна. Үүнийг л хүмүүс ялгаж салгаж тунгаах хэрэгтэй.

-Тантай уулзсаных ИЗН-ын тухай асуухгүй өнгөрч боломгүй. АН-тай нэгдэх нь гэж харж байсан, бас л болохгүй нь бололтой. Таны хийж чадаагүй зүйл л дээ.

-Иргэний Зориг Намын анх байгуулагдсан түүх нь бол надад таалагддаггүй юм. Би түрүүн ярьсан. Явцдаа бол энэ нам С.Оюуны хүчин чармайлтаар бэхэжсэн. С.Оюун чинь өөрөө их тийм бодь хүн шүү дээ. Шударга, шударга бус юмтай эвлэрэхгүй. ИЗН яг энэ удирдагчийн голч шинжийг өвлөсөн, олсон байхгүй юу. Одоо таны асуусан яриа хэлэлцээрүүд явагдаж л байгаа юм билээ. Намайг чинь ашиг сонирхлын зөрчилтэй гээд хэлэлцээрүүдэд оруулдаггүй байхгүй юу. Бас түүх байна, тийм үү. (инээв) Хөөрхий жижиг намууд руу том намуудын хөндлөнгийн хутгаа их ордог. Одоо ИЗН дотор болж байгаа процесс ерөөсөө л энэ холио хутгаа гэж би хардаг. ИЗН-ын үзэл санааг бие сэтгэлдээ шингээж чадсан үндсэн хэсэг нь бол нэгдлийн төлөө байгаа.

-С.Оюун гишүүн өөртөө парламентад байвал гоё, байх ёстой, нэгэн гоё цэх, мундаг лидерийг бүтээлээ. Энэ лидерийн хажууд та олон жил байсан. Бүтээлцсэн байх. Гэхдээ сонгууль болгоноор нэг хар явдаг. Бүх ялалтаа дандаа бэлгэнд авч байсан гэдэг. Хүчээр хийсэн, хоёр том нам хамтарч ялалтыг нь зохион байгуулж өгдөг байсан гэх энэ зүйлс үнэн юм уу?

-Тэр үед Монголын нийгэм С.Зоригийг алдчихсанд их харамсаж байсан. Тэгээд С.Зоригийгоо хүссэн. Энийгээ л буцааж авсан байхгүй юу. Тэгээд цаг хугацааны явцад С.Оюун гэдэг өөрийн хувь хүн, хувь лидер гараад ирсэн шүү дээ. Аль хэдийнэ. Энийг бүр нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. С.Оюуныг доош нь хийх гэсэн оролдлогууд их байдаг байсан. Та санаж байна уу, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаах гээд хэлэлцэж байхад чуулган дээр Д.Тэрбишдагва гишүүн халамцчихаад аягүй муухай үг хэлсэн.




ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЧИХСЭН БАЙГАА,
ИРЭХ ЖИЛ ХИЙГЭЭД ДУУСГАЧИХНА


-Санаж байна.

-Би бол танхимаас гараад л хэд хусчихмаар санагдсан. Гараагүй л дээ, манай хүн. Гэхдээ өнөөдөр С.Оюуныг тэгж хэлэх, зандрах нэг эр хүн Монголд байхгүй болсон. Энэ бол С.Оюун өөрөө өөрийгөө олонд хүргэж чадсаны илрэл. Өнөөдөр Монголын улс төрийн том лидерүүдийн нэг ш дээ. Эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоо нэмэгдсэн явдалд манай С.Оюуны гүйцэтгэсэн үүрэг хамгийн өндөр.

-Салангид яваа хэдийгээ татах тухай хүсэл Ардчилсан намын зүрхэнд үргэлж явдаг. М.Энхсайхан тэргүүтэй бүлэглэлийг татаж авчрах тухай та нар ямар ажиллагаа хийж байна вэ?

-Ёстой мэдэхгүй. Би чинь Зам, тээврийн сайд болохоор…(инээв)

-Гоё хариулт байна. Ер нь бол мэдэрчихлээ…

-(инээв) Өөр юу гэх юм бэ.

-Тэгвэл өөр асуулт байна. Таныг энд сайдаар ирэхэд ажиглагчдын зарим нь “МоАХ энэ яамыг ер нь өмчлөөд авчихжээ” гэх хардлага явсан. Өнөөдөр Женко гэдэг “ардын дайсан”, “төрийн хутгуур” бий болгоод сошиалын төвшинд балбаж байна. Үнэхээр бондын тэр олон сая долларыг овоолсон шороо болгоод хаячихсан байдаг юм уу. Та энэ яаманд ирэхдээ тэр хүнтэй холбоотой ямар өв хүлээж авсан юм бэ. Та энэ асуултад хариулах уу, бас хариулахгүй юу?

-Хариулна ш дээ. Х.Баттулга бид хоёр үй зайгүй найзууд. Эндээс эхэлье. Тулга бид хоёр хоёрхон юман дээр ерөөсөө таардаггүй юм. АН-ын бүлэг дээр тэр байтугай бид хоёр түр тар хийж байсан. Хүмүүс их гайхаж байсан л даа. Энэ хоёр чинь юу болчихов оо гээд л. Төмөр замын царигийн асуудал дээр бид хоёр таардаггүй юм. Би бол Монголоор дамжин өнгөрөх дэд бүтцийг заавал хөгжүүлэх ёстой гэдэг. Манай хүн бол ондоо юм яриад байдаг. Хоёрдугаарт нь шинэ сум, жишиг сум гэсэн хоёр хөтөлбөрийн тухай асуудал дээр бид хоёр бас зөрдөг. Сум суурин газар гэдэг чинь энэ айлуудын хашаа, шавар байшингаас эхэлдэг байхгүй юу. Энэ чинь үе үе дамжиж ирсэн бидний түүх байхгүй юу. Тэр суурингаас нь нүүлгээд нэг цоо шинэ газар цоо шинэ ордон барьж өгөөд байна шүү дээ. Тэр буруу. Тэгээд ч бидэнд тийм их мөнгө байхгүй. Тийм учраас өөрөөр явах ёстой. Энэн дээр бид хоёр таардаггүй юм. Тийм болохоор энэ хоёр юман дээр бодлого зөрдөг учраас Зам, тээврийн яаман дээр намайг тавихыг манай Х.Баттулга хүсээгүй байхгүй юу. Тийм ч учраас намайг сайд болоход Х.Баттулга эсрэг санал өгсөн. Л.Эрдэнэчимэг эсрэг өгсөн. Манай Д.Ганбат гишүүн эсрэг өгсөн. Г.Батхүү эсрэг өгсөн. Б.Гарамгайбаатар эсрэг өгсөн. Би гэж ямар ч фракцгүй, ямар ч амлалтгүй, өргүй ширгүй нөхөр ингээд гараад ирчихсэн байхгүй юу. (инээв) Тэгэхээр энэ салбарт юу хийхээ өөрөө хар толгойгоороо мэдээд, яг салбарын үндсэн хүмүүсийнх нь хүчийг зангиадаад түлхээд байгаа ухаантай юм. Эхний хариулт энэ болог.

-Түүний үлдээсэн өвийн тухайд. 280 сая долларын овоолсон шороо л байна гээд шуугиад байгаа зам юу вэ?

-Би өөрөө очиж үзмээр санагдаад ерөөсөө болдоггүй. Би нэг ч очиж үзээгүй байхгүй юу. Тэгэд нээрээ л овоолсон хэдэн шороо байдаг, тэрэн дээр нь өвс ногоо ургачихсан л байдаг юм байх гээд үзье гээд, тэгэхдээ энэ асуудал дээр хамгийн шүүмжлэлтэй ханддаг бүх сэтгүүлчдийг нь цуглуулаад аваад явсан. Болохгүй бүтэхгүй юм болгочихсон, шороо овоолсон гэж байнга шүүмжилдэг бүх сэтгүүлчдийг нь шүү дээ. Гэхдээ би дотроо нэлээн түгшүүртэй очсон л доо. Очсон чинь үнэхээр баярламаар зүйл угтсан. Би чинь баахан фото зураг авч олон нийтэд цацлаа ш дээ. Далангийн ажлыг 100 хувь хийжээ. Хүмүүс авто зам дээр илүү сайн ойлгодог юм. Далангийн буюу хамгийн их цаг хугацаа зардаг, нийт санхүүгийн зардлын бараг 50 хувийг шингээчихдэг тэр ажлыг хийчихэж. Өө, чи очиж үзээрэй. Мундаг мундаг далангууд хийжээ. Зүгээр ч нэг хийгээгүй, мундаг хийсэн байна. Одоо тэр “Самсунг” корпораци нь хуурамч гээд байгаа юм. Хуурамч биш жинхэнэ “Самсунг”. Энийг харин би хэлчихье. Туслан гүйцэтгэгчээр нь манай Монголын арван хэдэн компани ажилласан байгаа. Дээрээс нь Германы ноймер нэг брэнд компани “Дойчэ бан интернешл” байнга хяналтыг нь хийсэн байгаа байхгүй юу. Хийсэн ажил болгоныг нь очиж хэмжээд л…нарийн хяналт шүү дээ. Энэ бол бодит хийсэн ажил байхгүй юу. Дээрээс нь гүүрнүүдээ барьчихаж. Төмөр замын гүүр гэдэг чинь зүгээр нэг машин явдаг модон гүүр биш шүү дээ. Тэр бол нүсэр том ажил. Өөр стандартын гүүрнүүд байхгүй юу. Хэдэн зуун метрийн, хэдэн километрийн тийм урт гүүрүүдийг барьчихсан байгаа юм чинь. Доогуур нь мал, араатан амьтан гарах хонгилуудтай. Дээрээс нь дэр мод гээд төмөр замд өрөөстэй юмнууд байдаг ш дээ. Тэрийг хийдэг үйлдвэрийг нь байгуулчихсан. Тэр бүгдийг би хараад дотор цэлмэсэн. Амьсгаа авсан. Нөгөө сэтгүүлчид ч зог туссан. Ядаж байхад далан дээр нь ч өвс ургаагүй байх юм. Тэрийг хараад бүр баярлана биз дээ, хүн. Бодвол тэр сэтгүүлчид ирээд өөрсдийн реакцийг гаргасан байх. Дээрээс нь би тэнд авсан зургуудаа цацсан. Хүмүүс ангайсан.

-Энд тэр хүнтэй ажиллаж байсан баг байгаа биз дээ. Тэд нь юу гэж хэлдэг юм бэ?

-Зарим нь намайг А.Гансүхийн багийг авчирлаа, Х.Баттулгын багийг авчирлаа гээд янз бүрээр хэлсэн. Х.Баттулга сайд яаманд ирээд энд ажиллаж байсан боловсон хүчний 14-15 хувийг сольсон байдаг юм билээ. А.Гансүх сайдын үед бас 10 орчим хувийг сольсон байдаг. Н.Төмөрхүү сайдын үед 30-аад хувийг сольсон. Миний хувьд 7-8 хувь. Үндсэндээ манай тэр мэргэжлийн хүмүүсийн үндсэн хувь байгаа гэсэн үг.

-Нэг талаас солих ёстой шүү дээ?

-Тийм. Тодорхой хувьд нь солих ёстой. Миний энэ үүдэнд сууж байгаа нарийн бичиг чинь А.Гансүхийн туслах байсан гэдэг байх шүү. Одоо энэ хэвлэлийн төлөөлөгч чинь бас А.Гансүхийнх гэдэг. Би ямар гадаа гараад хүн дуудаад байлтай биш. Ажилд оръё гэхээр нь бүгдийг нь авсан. Ер нь А.Гансүх, Х.Баттулга хоёр над дээр хоёр хуудас цаастай орж ирсэн байхгүй юу. Үе үеийн сайд нар чинь шинэ сайдтай уулздаг л даа. Тэр соёлын дагуу. Тэгээд нөгөө хоёр хуудсыг нь харсан чинь дандаа тэр хүнийг тийм албан тушаалд тавиарай гэсэн юм байдаг байгаа.

-Захиас?

-Захиас маягийн. Хажууд нь нэлээн хэдэн гэрч байсан. Би нүдэн дээр нь ураад, одоо би сайд, тийм учраас энийг больцгооё гэж хэлсэн. Өнөөдөр би хэн нэгний захиа даалгаваргүйгээр ажлаа хийж байгаа. Миний сайд байх хугацаанд алдаа мадаг гарвал би өөрөө толгойгоороо 100 хувь хариуцна. Тийм болохоор намайг зүгээр ажиллуул. Ердөө зарчим энэ. Тэд ч ойлгосон. Би нэг гоё юм ярья. Би тэгж очихдоо анх удаа тэр Таван толгойн нүүрсний уурхайн ажилчидтай уулзсан юм. Дан монгол залуучуудтай. Тэд юу хэлсэн гээч. Зоригоо сайдаа, яахав том гэрээ хэлцэл улс оронд хэрэгтэй л байх. Бид нар уг нь энэ нүүрсийг хэний ч туслалцаагүйгээр өөрсдөө ухаад гаргачихдаг юм ш дээ. Бид нарт хамгийн зовлонтой юм машинаар зөөж байгаа учраас дэндүү үнэтэй байна. Өрсөлдөж чадахгүй байна. Энэ нүүрсийг чинь ганцхан “Шиньхуа” ч авдаг юм биш, олон компани авдаг юмаа. Төмөр зам тавьчих юм бол гурав дахин зардал нь буурна. Тэгэх юм бол бүгд авна гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд л би энэ төмөр замын ард гарах л ёстой юм байна гэдэг итгэл үнэмшил авсан. Одоо би танд баяртай юм хэлье. Одоо бид энэ жил төмөр замынхаа ажлыг шууд хийгээд эхэлж байгаа. Бид ирэх жил хийгээд дуусгачихна. Тэр том гэрээ хэлцэл нь явдгаараа явж л байна биз.

-Женкогийн яриагаар, танктай хятадууд орж ирнэ гэдэг нарийн царигийн зам…

-Тэрийг би тавина. Тэрийг тавьж байж тэр уурхайчин залуучуудын олборлож ухаж гаргаж ирсэн нүүрсийг бид нар гурав дахин бага зардлаар худалдан авагчдад нь хүргэж өгөх ажлыг хийнэ. Би Зам, тээврийн сайдын хувьд хийх үүрэгтэй учраас хийж байгаа. Нөгөө олон жилийн хэл амтай, олон жил гацаасан гээд байгаа замыг бид тавих гэж байгаа. Таны ярилцлагаар анх удаа харин хэлчихье.

Сайхан мэдээгээр ярилцлагаа таслаад өндөрлөхөөр шийдлээ. Учир нь бид үргэлж муу сэдэв хөндөж, муу дуулиан дээр шаагилдан аж төрцгөөж байна. М.Зоригт хэмээх энэ сонирхолтой фигурийн ертөнц уншигч танд жаахан ч атугай нээгдсэн биз ээ. Дараа ахин уулзацгаая.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив