АСА: Би өөрчлөгдсөн, фантаазгүй болчихсон
2016 оны 4 сарын 19 [Уншсан тоо: 86758]

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж нь сэтгүүлч миний ярилцах дуртай зочин билээ. 2009 онд буюу эдүгээгээс долоон жилийн өмнө Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой анх ярилцаж байсан бол удаах ярилцлагаа одоогоос дөрвөн жилийн өмнө хийж байжээ. Өнөөдөр бид түүнээс дөрвөн жилийн дараа ярилцлагын ширээний ард сууцгааж байна. Яагаад ч юм миний ажигласнаар тэр багагүй өөрчлөгдсөн мэт. Бас яагаад ч юм би түүний дотроос түрж гарч ирээд байдаг мөнөөх ассан гал шиг дүрэлзсэн залууг дотроо хайгаад байх шиг яриагаа эхэлж ядан хэсэг суув.



-Аваргатай уулзаагүй удсан байна. Хамгийн сүүлд бид “Одоо ч гэсэн миний дотор гал ассаар л байна” гэсэн гарчигтай ярилцлага хийж байсан маань санагдаж байна. Таны ажил үйлс амжилттай явааг мэдэж байгаа. Саяхан “Eagle” телевизийн “Бүрэн зураглал” хөтөлбөрөөр үзсэн. Шинэ, сонирхолтой бизнесүүд хийж байгаа юм билээ. Гэхдээ хоёулаа яриагаа дөнгөж өчигдрийн үйл явдлаас эхэлмээр байна.

-Үнэхээр дөрвөн жил уулзаагүй юм байна. Олон жилийн өмнө анх таны зочноор уригдаж ярилцахдаа танд би хэлж байсан. “Та надаас авах гэсэн бүхнээ ухаад аваарай” гэж. Та санаж байна уу.

-Саналгүй яахав.

-Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Тантай уулзах сайхан байна. Энэ хугацаанд их л олон үйл явдал боллоо. Яагаад ч бид дөрвөн жил болоод л нэг ярилцаад байдаг юм. (инээв) Дандаа сонгуулийн цикл таараад байх юм. Гэтэл нөхөр бол өөрөө сонгуульд орох сонирхол байдаггүй шүү дээ. Дөрвөн жил бага хугацаа биш л дээ.

-Анх 27 настай, ид шуугиулж байсан их аваргатай уулзаж, цацаж цалгисан ярилцлага хийж байж.  Дараа нь таныг зодог тайлсны дараахан яагаад ч юм таны амьдралын тун сонирхолтой үеүдэд ярилцаж байж. Энэ бүхэн бол сайхан дурсамж. Эргээд хүүрнэвэл хөврөөд л байхаар.

-Тийм ээ.

-Өчигдрийн үйл явдал бол бас л сонин үйл явдал. Х.Баттулга гишүүний хувийн компанийн байранд нэгжлэг хийлээ. Түүнийг баривчилж ч магадгүй гэсэн мэдээлэл түгсэн байсан. Тулга гишүүн та хоёрын дунд эрчүүдийн нөхөрлөл, их спортын нөхөрлөл бий.  Тийм ч учраас та тэнд очсон байх.

-Би танаас асуумаар байна. Та яагаад заавал өчигдөр болсон үйл явдлын талаар надаар яриулах гээд байгаа юм бэ.

-Та яг ингэж урдаас учир шалтгааныг асуудаг. Би хариулъя. Яагаад гэвэл аливаа үймээн, жагсаал цуглаан болоход байнгын гэмээр тэнд үзэгддэг улсууд байдаг. Та тэдний нэг биш байхгүй юу. Хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг баривчлах үеэр та бас очсон. Өчигдөр сошиал ертөнцөд тэр үеийн үйл явдалтай хамт нэг сэдэв болгож хүмүүс хэлэлцэж байсан. Ийм учраас би асууж байгаа юм.

-Би хариулъя.

-Уучлаарай, ахин нэг шалтгаан нэмье. Хүмүүсийн зарим нь “Х.Баттулга өөрөө Их аварга болон олимпийн аваргуудыг, жүдогийн холбооныхноо дуудлаа” гэж хардсан.  Үнэнийг хэлэхэд би энэ хардлагад эргэлзэж байна. Дуудаагүй гэж бодож байна.

-Шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил хүчээ аван түрж буй энэ цаг үед манай нийгэм ч сошиал мэдээллийн ертөнцийн идэвхтэй хэрэглэгчид болж байна. Миний хувьд твиттерийн идэвхтэй хэрэглэгч. Дагагчийнхаа тоогоор Монгол Улсынхаа хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Баттулгын дараа ордог. Мэдээж энд урсаж байгаа мэдээлэлд хэрэглэгч өөрөө хариуцлагатай хандаж, ялгаж салгаж өөрийн ажил хэрэг болон ахуй амьдралдаа ашиглах ёстой. Та өөрөө сайн мэдэж байгаа. Мэдээлэл янз янзын чанартай байдаг. Би энд өөрийнхөө бүтээн байгуулж байгаа үйл хэргээ, салбартаа хийж байгаа ажлаа, хүсэл мөрөөдлөө өөрийнхөө 167 мянган жиргээчидтэй хуваалцдаг. Өчигдөр би Эрүүл мэнд, спортын яаман дээр Рио-де-Жанейрогийн зуны олимпийн их наадмын мандат буюу тэрний 76 эрхийн тэмцээнд оролцох, нийт 81 орны 650 гаруй тамирчдын асуудлаар “UWW united world wrestling”-ын хэвлэл мэдээлэл хариуцсан албаны дарга нартай шууд онлайн хурал хийж байсан юм. Дөрөвдүгээр сарын 22-24 хооронд энэ том эрхийн тэмцээн Монголд анх удаа болох гэж байна шүү дээ. Тамирчид, дасгалжуулагчдаа бид 20-ноос эхэлж хүлээж авна. Энэ арга хэмжээтэй холбоотой цахим хуралд яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа гуай, манай Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Болд, нарийн бичгийн дарга О.Баянмөнх тэргүүтэй хүмүүс оролцож байсан. Гэтэл л сошиалаар шуугиад явчихсан. Их гэнэтийн мэдээ байсан учраас нэлээн эмзэг хүлээж авсан л даа. Одоо юу юугүй л бас аваад явчих юм болов уу, ямар учиртай үйл явдал болоод байгаа юм бэ гээд бүгд л сонин байдалд орсон. Үнэндээ Ганчимэг сэтгүүлчээ, бид тайван амьдармаар байна шүү дээ. Бид нар үздэгээ үзээд л явж байна л даа. Энэ бүх үзэгдлүүдээс гадна хүнд ёс жудаг гэж нэг юм байдаг юм аа. Хүнийг сайн сайхан байх үед л нөхөр гэдэг тэр утга байдаг юм биш. Бид нөхөр, ах зах гэх энэ сайхан ёс жудгаа умартацгаагаад, хүнд хэцүү үед нь нэг нэгнийгээ хаяж явдаг болчихвол монгол хүний гэх нөгөө үнэт чанарууд хэлтрээд л явчихна. Би өөрийн үзлээ хэнд ч тулгахгүй. Надад бол тийм чанар байдаггүй юм аа. Та ойлгож байгаа байх. Би Эрүүл мэнд, спортын яамнаас хар гүйхээрээ Баянгол зочид буудал руу очсон. Очтол цагдаа хүчнийхэн хамгаалалт авчихсан байсан. Би тэдэнд даргатайгаа уулзъя, орж болох уу гэсэн. Болохгүй гэсэн. Тэд бол үүрэг даалгавар биелүүлж, ажлаа хийж байгаа л хүмүүс. Нөгөөтэйгүүр би чинь бас МоАХ-ны гишүүн хүн шүү дээ. Энэ нь миний өөрийн л сонголт байсан. Иргэн хүний сонгох, сонгогдох эрх гэж юм бий. Тэр үүднээсээ энэ байгууллагад, үнэт зүйлсийг нь эрхэмлээд, гишүүний хувьд дэмжиж явдаг. Нөгөө талд нь Тулга гишүүн бид хоёрыг их спорт гэдэг энэ их айл холбодог. Энийг хүн бүхэн мэдэж байгаа. Түүнээс биш тэр хүн биднийг дуудаагүй. Бүгд л сэтгэл нь зовоод өөрсдөө ирцгээсэн. Монголын жүдо бөхийн холбооныхны хувьд аргагүй шүү дээ. Холбооных нь Ерөнхийлөгчид ийм юм тохиолдоод байхад бүгд л санаа нь зовоод ирнэ. Үүнд ойлгож ядаад байх юм байхгүй л  дээ. 



-Та Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч. Энэ том спортын холбоодыг авч явах амаргүй. Ар өврөөсөө гаргаад л хэдэн тамирчдаа тэмцээн уралдаанд явуулж, бэлтгэл сургуулилтыг нь базааж явдаг. Танай холбооны ажил сайн байгаа. Амжилтуудын тань талаар сонирхвол олимп дөхчихсөн болохоор та ярихаас жаахан цааргалах уу, үгүй юу. Бас нэг тийм сүжгийн асуудлууд байгаад байдаг  бил үү?

-Би зодог тайлж ирээд, Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан л даа. Тухайн үеийн холбооны ерөнхийлөгч Л.Чинбат ахтай ярилцаж, Монголын чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллахаар шийдсэн. Надад хүсэл мөрөөдөл маань байхгүй болсныг та өөрөө сайн мэдэж байгаа. Ямар амьдрал туулж, яаж явав. Ямар үедээ мөрөөдлөө тасдуулсан билээ. Одоо тэрийг минь манай М.Даваажаргал дүү эвдээд явж байна. Надад тэр үед бодох юм үнэхээр их байсан. Хамгийн эхний зүйл бол “Би энэ хүсэл мөрөөдлөө одоо юунд зориулах юм бэ” гэсэн бодол. Энэ бол шаналан байсан. Тэгээд бодсон. Нээрээ чөлөөт бөхөд манайх олимпийн аваргагүй юм байна шүү дээ. Манай ууган спортын холбооны нэг мөн үү гэвэл мөн. Олимпоос Монгол хүний медаль авсан төрөл мөн үү, мөн. Эх орондоо байгаа бусад спортын холбоодоо манлайлан явж, хамгийн олон тив дэлхийн медалиудыг авчирсан холбоо мөн үү, мөн. Ганц л юм дутуу байгаа. Тэр нь олимпийн аварга. Ерөөсөө ийшээ л өөрийнхөө хүсэл мөрөөдлийг өгч зүтгэе  гэж би шийдсэн. Ажилласан. Тэр чин хүслийнхээ төлөө би тасралтгүй ажиллаж байгаа. Манай холбоо сайн ажиллаж байгаа. За, яах вэ сайны хажуугаар саар гэж жижиг сажиг үл ойлголцол байсан. Тэрийгээ даваад явсан. Энэ том холбоо чинь бас л нэг айл. Айл л юм чинь тэрийг авч явахын зовлон гэж байна шүү дээ. Жүдо, чөлөөт хоёр төрөл дүрмийн хувьд өөр, гэвч нэг л ертөнц. Зовлон бол адил. Яагаад гэвэл энэ ачааллыг авч явахад асар их мөнгө ордог юм. Энэ тухай яриад хүмүүс тэр бүр ойлгодоггүй л дээ. Өнөөдөр Х.Баттулга гэдэг хүн байхгүй бол Монголын жүдо бөхийн холбоо хэцүүднэ шүү. Би зовлонг нь мэддэг хүн. Яг тулаад үзвэл хүн мөнгөө зүгээр гаргадаггүй юм. Гуйна түйнэ, арга эвийг нь олно. Олон дэд ерөнхийлөгч нар ажиллуулна. Менежмент хийнэ. Х.Баттулга гэдэг хүн жудогоор нэр төр, ашиг хонжоо хийсэн зүйл байхгүй ээ. Тэр хүн тамирчин байхдаа, залуу насандаа амжилтаа хийчихээд, алдар гавьяагаа хүртээд явж байгаа хүн шүү дээ. Бөхийн төлөө гэсэн чин үнэнч сэтгэлээрээ л зүтгэж байгаа. Гол нь эндээсээ өөрөө кайф авдаг. Үүнээс гадна энэ бүхний чинь цаана бас Монгол Улсын нэр явдаг юм шүү дээ. Удахгүй бид АСЕМ-ын чуулганыг эх орондоо хийх гэж байна. Шинэ Монгол Улсын нүүр царайг дэлхий нийтэд харуулах гэж байна. Бас нэг том олимп шүү дээ. 2008 онд Монгол гэдэг улсын нэрийг тэр тэнгэрт Н.Түвшинбаяр аварга зарлаад өгсөн. Энэ үйлсийн цаадахь нарийн учрыг манайхан сайн ойлгоод өгмөөр байгаа юм.

-Танайх олимпийн хэдэн эрх авсан байгаа билээ?

-Манай холбоо өөрсдийн зорилгоо гаргаж тавиад ажилласан. Түүхэндээ анх удаа эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа олимпод оролцъё гэж зорилго тавьсан. Манайд одоо эрэгтэй эмэгтэй нийлээд гурван эрх дутуу байгаа. Тэрнийхээ төлөө би Олон улсын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Ненад Лаловичтэй харилцан тохирсоны үндсэн дээр олимпийн эрх олгох тэмцээнийг эх орондоо хийх эрхийг анх удаа авсан. Монгол Улс анх удаа авч байгаа юм. Нутгийн дэвжээ түшнэ гэж үг бий. Өөр л дөө. Наад тал нь дөрөв таван цаг, цаад тал нь арван хэдэн цаг нисч очиж тэмцээн уралдаанд манай тамирчид оролцдог. Цагийн зөрөө, агаар ус өөрчлөгдөх гээд олон зүйл бий. Одоо Олимпийн Рио-де-Жанейрод гэхэд бид цагийн зүүний эсрэг 14 орчим цагийн бүслүүрт очно. Энэ бие организм ийм нөхцөлд яадаг билээ. Хүний нойр алдагдахаар яадаг билээ. Дээр нь бэлтгэл сургуулилтын ачаалал гэж юу билээ. Зүгээр гуравхан км гүйдэг улсууд биш шүү дээ, гуч дөчин км гүйдэг улсууд. Амжилт ялагдал гэдэг бол гялалзаад л харагдаад өнгөрдөг зүйл. Энэний ардах юм хэцүү шүү дээ. Тэгэхээр Олимп ойртсон үед битгий энэ хэдэн бөхчүүдээ өөлж муучлаасай билээ гэж хүсэх юм. Хэдхэн хоногийн дараа Монголд Олон улсын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович тэргүүтэй тамирчид, дасгалжуулагчид ирэх гэж байна.

-Та бизнесмэн болсон. Харж байхад гадаад дотоодод их л явж байх шиг байдаг. Дөрвөн жилийн өмнө бол таны дотор эмзэглэл их байсан. Миний дотор гал асч байна гэж хэлж байсан. Одоо тэр гал яасан бэ. Өнөөдөр таны дотор яг ямар гал асч байгаа бол?

-Одооны гал бол өөр гал. Би нэлээн тийм зөөлөрсөн. Бас ч хөрсөн дээрээ буух гэж жаахан зовлоо. Гэхдээ хүн ээжийгээ амьдад зовлон гэж ярих ёсгүй. Тэр зүйл бол сэтгэл зүйн орчинд л туулсан зүйлс л дээ. Нуугаад яахав үүний хажуугаар их гутарсан. Чадах юмаа чадахгүй болж хаалгах шиг хэцүү юм тамирчин хүнд байхгүй шүү дээ. Тэр бүх хэцүү мөчүүдийн ард “За, би ингэж байж болохгүй” гэдэг үгийг л өөртөө хэлсэн. Өөр дээрээ дүн шинжилгээ хийгээд, өөртөө өгсөн үүрэг маань юм даа. Тухайн үед бол гал асаад л байсан. (инээв) Яахав бас эр хүнд алдаж онох юм байна. Намайг бол хэл ам нэг хэсэг идсэн шүү дээ. Наргиж даргилаа ч гэдэг юм уу. Яахав, залуу нас юм болохоор тийм юм байсан. Тэгээд өөртөө зөв явах ёстой юм байна шүү, өөрт тулгарсан хүнд хэцүүгээ өөрөө давъя, өөрөө зөв байя гэдэг л юмыг олсон л доо.

-Та бол од. Жамаараа л таныг дуулиан шуугиан дагадаг. Их залууд олсон алдар хүнд гэдэг зүйл өөрөө бас дотор асаад байгаа зүйлийг хашихад хэцүү байх. Та тэр бүхний дараа хаана ч, ямар ч шинэ замыг гаргаж болох байсан. Хаана ч бизнес эхлүүлж болох. Гэхдээ эндээ ирж буух, дасах, зохицох замыг сонгосон шүү дээ.

-Би чинь Монгол хүн шүү дээ. Өсч төрсөн нутгаасаа өөр сайхныг олох амар биш. Яахав би танил тал бүх харилцаагаа хадгалж явна. Эх орондоо бизнес оруулж ирэх гэж олон талт ажиллагаа хийх, олон холболтуудыг хийх гэж хүчээ дайчлан ажиллаж байна. Мэдээж зодог тайлаагүй байх үе, зодог тайлсны дараах үе хоёр өөр. Гэхдээ спортын буянаар дэлхий дахинаа олон сайхан найз нөхөдтэй болжээ. Дэлхийн олон сайхан тэрбумтнууд, олон агуу тамирчид, улстөрчид гээд. Хүний тогтоосон харилцаа, нөхөрлөл, дурсамж гэж асар үнэтэй ойлголт байдаг. Яахав би Японд ч юм уу бизнес эрхлээд явж болох л байх. Гэхдээ энэ миний эх орон. Энд чинь би уужим амьсгал авдаг. Эх орноо сайхан байхыг үзмээр, тэнд байдаг хөгжил энд байхыг хармаар, түүний төлөө хөдөлмөрлөмөөр байна шүү дээ. Бид зүтгэхгүй юм бол хэн зүтгэх вэ. Би ингэж л боддог. Тэгээд хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байна. Суусан цэцнээс явсан тэнэг гэж нэг үг байдаг даа. Их явж байгаа. Эдийн засгийн таатай бус уур амьсгал үүсээд байгаа энэ үед зүгээр энд хэрэлдээд суумааргүй байна. Явж л байсан нь дээр юм шиг байна. Хөрөнгө оруулалт  татчих гээд л бас л нэг Монгол фигур яваад л байгаа юм. (инээв) Хөөрхий минь тэгээд бүтэх ч юм уу, бүтэхгүй ч юм уу. Гэхдээ хүн явсан нь дээр байдаг юм.

-Спорт бизнес хоёрт адил төстэй талууд байдаг уу?

-Спортоор явсан хүн аливаад илүү шударга л байдаг юм даа. Илүү мэдрэмжтэй болсон байдаг. Спорт дагаж тогтсон нөхөрлөл гэж хил хязгааргүй том зүйл энэ дэлхий ертөнцөд чинь бас байдаг юм. Гайхалтай зүйл шүү. Тэнд чинь бас нэг өөр Асашёорюү явж л байгаа шүү дээ. Бас нэг Н.Түвшинбаяр ч юм уу. Өөр хэн ч байдаг юм. Бас нэг түмэнд танигдсан гэдэг утгаараа хүнтэй уулзахад төрдөг таатай мэдрэмж бий. Мэдээж тэр таатай мэдрэмж олон сайхан зүйлийн суурь болж байдаг. Японы нэг нэр хүндтэй сайд надад хэлж байсан. Гаднаас олон сайд дарга нар ирдэг л дээ. Тэр бүртэй уулзах учрах хэцүү. Харин Асашёорюү үүдэн дээр чинь ирсэн байна гэхийг сонсвол шууд л хаалгаа тайлан угтана шүү дээ гэж. Энэ бол нөгөө л нэр хүнд гэдэг ойлголтын нэг тал байх л даа. Би онгирч байгаа юм биш шүү.

-Х.Баттулга гишүүний номон дээр бас нэг гоё дурсамж байсан. Абэй Шинзотой холбоотой...

-Тийм. Би бас уншсан. Бид уулзаж учирч байсаан.

-Ээж нь таны фен байсан юм билээ.

-Сайхан дурсамж олоон олон. Залуучууддаа хэлэхэд тэр номыг уншаасай. Д.Төрмөнх ах их сонин шийдлээр хийсэн байна билээ.


СПОРТ ДАГАЖ ТОГТСОН НӨХӨРЛӨЛ БОЛ ХИЛ ХЯЗГААРГҮЙ

-Уг нь би танд санал тавьж байсан. Та хэдэн настайдаа ном бичих бол?

-Мэдэхгүй, арай болоогүй биз. Ахиад дөрвөн жил өнгөрөг. Тэрний дараа энэ сэдвээр ярилцъя. Бидний уулзалт л ингэж таараад байгаа болохоос уг нь сонгуультай хамаагүй. Би чинь одоо иргэн Д.Дагвадорж. Иргэний үүргээ л биелүүлж яваа. Энэ иргэн Д.Дагвадорж сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ бас албан ёсоор хэлэхгүй бол манайхан хар сэр ихтэй, элдэв таавар их явуулах юм. Р.Амаржаргал гишүүний хэлсэн нэг үгтэй би санал нэг байна. “Залуус улс төрд орж болно. Тэгэхдээ эхлээд ядаж арван хүн удирдаад, тэрбумын эргэлттэй компани байгуулаад удирдаад үзчих. Үнэ цэнийг ойлгочих. Тэгээд улс төрд ор” гэсэн. Энэ үнэн байхгүй юу. Түүнээс биш төрийн хоймор оччихоод зүгээр л ам хэлээ билүүдсэн нэг фигур байх хүсэл надад байхгүй. Юм хийж бүтээе л дээ. Энэ хөрстэйгөө ноцолдож үзье. Би ийм л юм хүсч байна. Тэнд амаа илүү ажиллуулдаг нөхдүүд цөөнгүй байна. Би тийшээ уралдаж гүйгээд яах вэ. Одоо тэр хардаж байгаа хүмүүс тайван байж болно.

-Та өнгөрсөн сонгуулийн өмнө АН-д элссэн. Энэ шийдвэртээ харамсдаг уу?

-Үгүй. Би итгэл үнэмшил дээрээ сууж удаан бодсон. Тэгээд дараа нь ухамсартай шийдвэр гаргасан.

-Долгорсүрэн гуайн хүүхдүүд өөр өөр нам сонгоцгоолоо гээд л бас шүүмжилж л байсан.

-Би Д.Сумъяабазар ах дээрээ ярья л даа. Энэ хүн чинь 2008 онд Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Сонгинохайрхан дүүргээс өрсөлдөөд төлөөлөгчөөр сонгогдсон. Өөрийнхөө итгэл үнэмшлээр явж байгаа хүн. Нам нь өнгөрсөн сонгуулиар нийслэл хотод нам унасан. 2012 онд МАН нийслэлд ганц ч суудалгүй ялагдаж байхад ах маань ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэр том дүүргийн итгэл найдварыг тээгээд одоо амжилттай ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн амьдралтай хутгалдаад л явж байдаг. Орон нутгийн сонгуульд дүүргийн намын хороогоо мөн удирдаж ороод ялалт байгуулсан. Би ахыгаа энд тэнд чалчаад л явж байдаг, сонин хоосон амтай поп улстөрч болоогүйгээр нь бахархдаг. Бас удам судар, эцэг эхийн олгосон суурь хүмүүжил, их спортоос олсон төлөвшил байгаа байх. Чигч, ноён нуруутай улстөрч болж төлөвшсөн нь үнэхээр харагддаг. Ер нь улстөрч гэхээрээ л энд тэнд очоод л хашгираад явахын нэр биш юм шүү дээ. Бусад улс оронд ч улстөрчид нь тэгээд байдаггүй. Манай Сумъяабазар ах өөрөө ч айхтар чамбай нямбай хүн л дээ. Ядаж эх захаа мэднэ. Ахас дээдсээ мэддэг. Ийм хүмүүжлийг чинь их спорт тавьж өгдөг юм. Тэр утгаараа би ахыгаа их үнэлж явдаг. Мэдээж бид хоёрын үзэл санаа өөр байж болно. Өөр учраас өөр өөр сонголт хийсэн. Анх намайг сүмод цол авч байхад АН-ын доторх Зүүн хойд Азийн гэгддэг фракц байсан даа, одоо энэ М.Зоригоо ах эд нар чинь намайг дэмждэг байсан юм. Хамгийн анх миний фен клубыг нээж өгч байлаа. Гэх мэтчилэн өөр өөрийн түүх байнаа.

-Та бизнесээ сонгохдоо шинэ тутам зам сонгосон байна. Их сонирхолтой санагдсан.

-Би жишээ нь, барилгын салбар луу ороод яах юм. Хүний бизнес. Жишээ нь, жижиглэнгийн бизнес рүү би оролцоод яах юм. Бодох хэрэгтэй. Бидний байгаа потенциал дотор давуу тал болгох ямар ямар хүчин зүйлс байна вэ. Энэ талаас нь илүү бодсон. Монголчуудын өөрсдөө ашиглаж болох давуу тал юу юм. Монгол гэхээр эхний имиж болгож юугаа бид харуулдаг юм. Та юу гэж бодож байна.

-Байгаагаа л харуулна биз дээ. Онгон дагшин байгаль, таван хошуу мал гээд л...

-Мэдээж. Хүннү гүрнээ больчихъё. Наашаа татаад 800 жил рүүгээ аваад ирье. Монголын имиж юу вэ.

-Чингис хаан.

-Чингисийн хань юу вэ. Анд нь юу вэ. Адуу байсан биз дээ. Мөн үү. Монгол адууныхаа хүчээр дэлхийн дайдыг туулсан. Монголын имиж бол адуун сүрэг нь юм шүү. Бид сүлдэндээ хүртэл энэ эрдэнэт хүлгээ дээдэлсэн ард түмэн. Би адуунд хайртай. Өөрөө бас хурд цуглуулдаг. Ойрын жилүүдээс өөрөө  уяад эхэлчихсэн байгаа. Энэ адуугаа дагуулж бүтээсэн монголчуудын соёл дотор нөгөө монгол дархлаа чинь яваад байгаа юм. Би шинэ идей их хайсан. Хайгаад л, бодоод явсан. Тэгээд азаар гоо сайхны үйлдвэрлэл хийдэг нэг том доктор хүнтэй танилцсан. Япон хүн л дээ. Та юу хийдэг юм бэ гээд хоёулаа сайхан ярина биз дээ. Тэгээд тэр хүн хэлж байна. Би байгалийн цэвэр бүтээгдэхүүн гаргаж, гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг юм аа. Ийм ийм үнэтэй, ийм ийм ашиг тустай бүтээгдэхүүнүүд хийдэг гээд танилцуулсан. Үйлдвэрийг нь үзлээ. Энэ мундаг бүтээгдэхүүнүүдээ юугаар хийдэг юм бэ, гол түүхий эд чинь юу вэ гэлээ. Гүүний эхэс гэдэг зүйлээс гаргаж авдаг юмаа гэж байна. Энэ хариултыг сонсоод надад юу ургах вэ. Надад бүр супер бодол төрсөн байхгүй юу. Бид нар чинь хэн билээ, юу билээ. Ёстой адууны нуруун дээр өссөн хүүхдүүд. Би жишээ нь, таван настайгаасаа морь унаж сурсан. Тэгээд л бодоод эхэлсэн. Сүлдэндээ хүртэл морьтой шүү дээ. Энэ юу тохиолдож байна вэ, би үүнийг яаж цааш нь хөгжүүлж явах вэ гээд бодно биз дээ.

-Үнэхээр сайхан учрал юм аа. Гэхдээ Японд адуу юу билээ?

-Би хэлж байгаа юм. Япон бол тийм олон адуугүй шүү дээ гэж. Тийм тийм гэж байна. Тэгээд та нар хаанаас түүхий эдээ татдаг юм. Канад манад гээд эрээвэр хураавар энд тэндээс цуглуулдаг гэж байх юм. Канадын адуу ер нь бол гар тэжээлийн л адуу байгаа шүү дээ. Бараг ойлгомжтой. Фермерийн л адуунууд байгаа. Би шууд л бодсон. Эрс тэс уур амьсгалтай, нэмэх хасах 30 градуст амьдардаг, монголчуудын нүүдлийн мал аж ахуй дээр явж байгаа, тэр их ширүүн уур амьсгал дээр үржиж байгаа, өвөлдөө хөлдөж, зундаа өндөлзөж чарлан байж ургадаг тэр нэг охь шим дүүрэн хээрийн ариун өвс гэж юм байнаа даа. Тэрийг иддэг, хагас зэрлэг амьтад шүү дээ, монгол адуу чинь. Тэр иддэг өвс нь тэр чигээрээ эм. Энэ бүхэн чинь юу вэ. Цэвэр органик бүтээгдэхүүн Монголд байгаа юм байна. Би шууд тэгж мэдэрсэн. Тэгээд ажилласан. Гурван жил бодож, төлөвлөж, явж сууж ажилласан. Монголынхоо бүх аймгуудаар явсан. Хэнтий аймгийг сонгож нарийн судалсан. Манай найз нарын өвлийн жүчээ байдаг. Найз маань мянган адуутай. Мянган адууг дүрслээд бодоход танд яаж бууж байна.

-Араар нэг л адуун сүрэг байна биз. Надад өөр хэмжүүр, дүрслэл орж ирэхгүй байна л даа.

-Араар нэг гэж бид л ярьдаг. Гоё үг л дээ. Тэгээд нөгөө Япон хамтрагчаа дагуулаад мянган адуу харах уу гэсэн, тэгье гэж байна. Тэгээд явсан. Хэнтий аймгийн Баянхутаг сум руу өөрөө машинаа бариад явлаа. Очоод нөгөө мянган адуу чинь энэ байна гээд харуултал тал дээр жоохоон юм харагдаж байгаа юм. (инээв) Тэр их өргөн уудам бэлчээрт нөгөө мянган адуу чинь арван адуу шиг харагдсан. Миний ч төсөөлөл, нөгөө хамтрагчийн маань ч төсөөлөл үгүй болж байгаа байхгүй юу. Зөвхөн нөөц нь энэ байна шүү л гэж би хэлсэн. Нөгөөх маань их бодолд орсон. Энэ ажил маань ингэж л эхэлсэн юм даа. Өнөөдөр бүх аймгуудад агентуудаа нээсэн. Үйлдвэрээ 22- ын товчооны тэнд япон стандартаар бариад дуусч байна. Бүх ялгаж салгах цехүүдээ тэнд угсарна. Ноднин бид туршилтын журмаар дөрвөн тонн эхэс цуглуулж Япон руу гаргасан. Эхэсийг бол маш нарийн шалгаж, үзэж авдаг. Хадгалах горим маш хэцүү. Гэхдээ бид болгож байгаа. Туршилтын дөрвөн тонноо бид МИАТ компаниар тээвэрлэж хүргэсэн л дээ. Тэрний дүн шинжилгээний хариу бол GOOD гэж гарсан. Гайхалтай, манай хамтрагчид эрхий хуруугаа л гозойлгосон. Ингээд бидний ажил явж байна. Энэ жил бид 20 тонн эхэс авна. Эхэс гэдэг юм болох талаар та уг нь бичиж хүмүүст ойлгуулбал. Та хөдөөгийн орчин, малчны амьдралыг маш сайн мэдэх хүн. Одоо яг энэ үеэр, 4-6 дугаар сард гүү унагалдаг. Манай уламжлалт ахуйд эхэсийг хээрээр л шувуу нохой иддэг. Тэгвэл бид өнөөдөр нэг эхэсийг 30 мянган төгрөгөөр авч байгаа. Цэвэрхэн, үнэр танар ороогүй, хөлдөөсөн байх ёстой. Адууны нэг шир 25 мянга төгрөг л байгаа. Нэг кг ноолуур 58-62 мянган төгрөгийн хооронд байгаа. Жилдээ бид ноолуур нэг ямаанаас хэдэн граммыг авдаг билээ. Нэг кг хүргэх гэж хэдэн ямаа самнадаг юм. Тэгвэл нэг эхэс ямар үнэтэй болов. Эхэсийг үнэтэй болгож байна. Энэ бол эрдэнэт малын юм бүхэн үнэтэй гэдгийн илрэл. Эхэс бол эрдэнэ юм. Бид ингэж явах ёстой. Малаа хайрлаж өсгөж, үржүүлэх хэрэгтэй. 200 гүүтэй айлд ямар орлого очих нь вэ. Зөвхөн манай компани гэхэд малчдыг дэмжих тал дээр бас хөөрхөн мөнгө оруулаад явж байгаа биз. Би энэ бизнесээ босгож, энэ үйлдвэр юмаа барихдаа улсаас ганц ч төгрөгийн зээл аваагүй. Түүхий эдээ татахдаа дандаа өөрийнхөө компаниас хөрөнгө гаргаж явуулж байгаа. Тэгээд монголчууддаа шинэ санаа оруулж ирж байна. Малаасаа гардаг нэг зүйлийг ч гэсэн үнэтэй болгож өөр төвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ чинь сайхан үйл хэрэг шүү дээ.

-Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хамгаалах тэмцэл бол бүх цаг үед хүчтэй тэмцэл байж ирлээ. Шинжлэх ухаан бүх туршилтуудыг туршсаар л яваа. Арьсаа алтан утсаар ч тэлж оёж үзэж байна. Сүүлийн үед энэ эхэснээс гаргаж авсан бүтээгдэхүүнүүд шуугиан тарьж байгаа. Таны эхлүүлсэн бизнес үнэхээр сонирхолтой юм. Монгол хүн, монгол адууныхаа түүхий эдийг энэ том ертөнц рүү оруулж чадсанд бахархаж байна.

-Баярлалаа. Зөвхөн гоо сайханд төдийгүй хөгшрөлтийн эсрэг тарианууд, үе мөчний зөөлөн шингэнийг нөхөх бүтээгдэхүүн хийж байгаа. Манай орон эрс тэс уур амьсгалтай, өвдөгнөөсөө их даардаг. Түүнээсээ болж эрүүл мэндийн эрсдэлд ордог шүү дээ.  Мөн нэмж нүүрний коллаген эссенциалуудыг бүгдийг нь хийнэ. Өөр нэг сонин юм танд сонирхуулъя. Хамгийн сонирхолтой нь би хамтрагч компанитайгаа гэрээ хийлээ. Маркетинг дээр нь. Тэгсэн чинь тэр компанийн хийж байсан борлуулалт гурав дахин өссөн.

-Та сурталчилгаандаа тоглосон юм уу?

-YES. Тэгэлгүй яахав. Ингээд захиалга ихсээд ирсэн чинь үйлдвэрийн хүчин чадал дийлэхээ байсан. Тэгээд ярилцаад бид Монгол Улсдаа үйлдвэрийг нь байгуулах тохироо хийгээд, одоо ажилдаа орж байна. Боловсон хүчний асуудал дээр хөндөх зүйл гарч ирж байна. Манай нөгөө мундаг химик, технологич залуучууд чинь дандаа гадаадад шингэчихэж. Монголд ерөөсөө ажлын байр байдаггүй юм байна. Энэ асуудал дээр бид судалгаа шинжилгээ хийсэн. Солонгос руу их гарсан байна, Европ руу их гарсан байна. Америкт шингэсэн байна. Эд нарыг эргэж эх орон руу нь татмаар байна. Дуудаад ахин дараагийн шатны сургалтад нь сургаад авсны дараа тэд чиглэл чиглэлээрээ задраад эх орныхоо шинэ тутам ингээд нэг хоёроороо байгуулагдаж байгаа үйлдвэрүүдээ аваад явна. Хүн эх орондоо хайртай. Гагцхүү Төрд бодлого юу байна. Бодлогоор дэмжих, нарийн мэргэжлийн инженерүүдээ хөгжүүлэх, тэднийхээ хүчийг эх орных нь төлөө ашиглах бодлогыг хийсэн шиг хиймээр байна. Ядаж 20 хүний баталгаатай амьдралыг хийх гээд зүтгэж байна. Баталгаат амьдрал гэж юу юм. Орон байр, цалин, сургалт. Ингэж технологич нараа татъя. Тэд энэ үйлдвэр дээрээ давхар шинжлэх ухааны ажлаа хийж байдаг, туршилтуудаа хийж байдаг талбар нь болог. Манай залуучууд мэргэжил гэхээр л эдийн засаг, хууль, нягтлан гээд л гүйлдчих юм. Нөгөө л хүний нөөцийн менежер гээд л. Хэрэгтэй л дээ. Гэхдээ л инженерингийн салбараа арагшаа хаячихаад яаж бид урагшлах вэ дээ. Ингээд зүтгэж л байна даа, Ганчимэг эгчээ. Бид эндэх үйлдвэрээ барьчихаад, эцсийн бүтээгдэхүүнээ Токио дахь үйлдвэр дээрээ гаргана. Яваандаа миний бодол бол Made in Mongolia гэсэн бүтээгдэхүүн гаргана.

-Та өмнө нь Пепси зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн сурталчилгаанд тоглож байсан. Одоо өөрийнхөө хийж байгаа бүтээгдэхүүний нүүр царай болж байгаа юм байна. Ямархуу сэтгэгдэл төрж байх юм. Та ирж байгаа рекламны саналуудад хэрхэн хандаж байгаа вэ. Өөрийнхөө банкны сурталчилгаанд ч тоглоогүй байгаа биз дээ?

-Тийм. Мэдээж зах зээл болон маркетингийн масс хамрахад манайх өчүүхэн л дээ. Гэхдээ өөрийн эх орноос гаргаж байгаа бүтээгдэхүүн гэдэг чинь валютын урсгалаас  Монгол руугаа татах үйл ажиллагаа биз дээ. Энэ ойлголтон дээр сурталчилгаанд тоглоно гэдэг бол сонин шүү дээ. Би сая Хөвсгөл аймаг яваад ирсэн. Замдаа адуу хараад л. (инээв) Тарга тэвээрэг тааруу байгаа юм байна даа гээд л бодох жишээний. Адууны л өвчтэй болж байна. Адууны соёл гэдэг зөвхөн унах, уралдахын нэр биш юм аа. Айраг сүүг нь уугаад л болчихдог эд биш. Бид малынхаа түүхий эдийг өөр төвшинд боловсруулах шат руу орж байна. Энэ бол бага юм биш. Монголоосоо гаргаж байгаа экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах ажилд оролцоно, тэрэндээ өөрөө сурталчилгаанд нь тоглоно гэдэг маш сайхан мэдрэмж л дээ. Жишээ нь, би Солонгосын нэг капсулын сурталчилгаанд тоглосон бол энэ миний хувьд утгагүй.


ИРГЭН Д.ДАГВАДОРЖ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ


Би олон бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглож байсан. Тэр дундаас энэ бол өөр ойлголт, өөр мэдрэмж, өөр омогшил юм. Бид ингээд цаашаа л тэмүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь, адууны өөх гэж маш сайн бүтээгдэхүүн байна.

-Тийм гэж үү. Бид адууны маханд жаахан тиймэрхүү ханддаг шүү дээ.

-Яалаа гэж. Адууны өөх гайхагдаж байна. Адууны шөрмөснөөс нь эхлээд маш нарийн төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Адуунаас хаях юм байдаггүй. Сэрвээнийх нь дэлээр хүртэл дэлхийн баячуудын хэрэглэдэг хамгийн үнэтэй үсний самыг хийдэг байх жишээний. Ясаар нь кальци хийж байна. Арьсаар нь ойлгомжтой. Ингээд аваад үзэхээр адуунаас хаях юм байдаггүй. Мах нь ч маш сайн чанарын маханд тооцогддог. Манайхан чинь жаахан цамаан улс шүү дээ. Юмаа мэдэхгүй  байна л даа. Гэхдээ бүгдийг нь хамруулж хэлж байгаа юм биш шүү.

-Та өөрөө адууны мах иддэг үү?

-Идэлгүй яахав. Гэхдээ одоо бол идмээргүй л болоод байна даа. Хайрлаад байх өвчтэй болчихсон байна билээ. Миний нэг найз хурдан морьтой, мундаг уяач хүн Японд байдаг. Тэр бол адууны махыг ерөөсөө иддэггүй юм. Морь жилтэй хүн байдаг.

-Та бас будаа тарьж байгаа бил үү?

-Энэ ажлаас гадна би газар тариалангийн ажлыг дөрвөн жил эрхэллээ.

-Гурвалжин будаа тарьж байгаа гэж сонссон. Энэ төрлийн будаа манай өргөн хэрэглээнд орж ирээд тийм ч их удаагүй. Хүмүүс эрүүл ахуйн ач холбогдлыг нь төдийлөн мэддэггүй байсан. Бас цагаан будааг манайх шиг уур амьсгалтай оронд тариалахад хэцүү гэж бэрхшээдэг байлаа. Гэвч одоо тариалж байна.

-Бид зөвхөн Монголдоо ингээд л бужигнаад байх бас  хэрэггүй байнаа. Энд тэндгүй зах зээл байна. БНХАУ гэхэд хуурай замын хамгийн урт хил. Энэ хөрш улс руугаа гаргах, тэрнээс цаашлаад Япон улс руу гаргах экспортыг хийх хэрэгтэй. Гарцууд нь тавигдчихсан. Бид уржнан туршилтаар тариалсан. Туршилтынх нь чанар маш сайн үзүүлэлттэй гарсан. Японд гарал үүслийн бичиг гэж аягүй чухал зах зээлийн баталгаа байдаг. Хаана тариалсан, хаана ургасан, хаана ачигдсан, хаана ахин цэвэрлэгдэж савлагдаад дэлгүүрийн лангуун дээр тавигдсан бэ. Хэрэглэгч энэ бүх мэдээллийг аваад сонголтоо хийнэ. Хэрэглэнэ. Хэрэглээд ялгадас болоод гарсны дараа бүх зүйл ОК байвал тэр бүтээгдэхүүн ОК. Энэ жаахан эвгүй хэллэг болчихов уу даа. Гэвч өөрөөр юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Энэ бол дэлхийн хүнсний эрүүл ахуйд үйлчилдэг зарчим. Энэ бол япон чанарын дэлхийг эзэлсэн зарчим. Намайг Японыг л яриад байдаг гэж битгий бодоорой. Япон чанар, Япон хүнс гэдэг чинь одоо энэ Зүүн өмнөд Азийг эзэлчихсэн байна. Бүгдийг нь хуйлруулж байна. Хятадууд Хонконг явдаг нүүдлээ болиод Токио руу хошуурч байна. Би саяхан Японд очоод нэг юмыг гайхлаа. Гинза дүүргээр алхаж явахад Хятадад байна уу даа гэх бодол төрж байсан. Тийм их аялал жуулчлалыг татаж байна шүү дээ. Яагаад гэвэл Япон өөрөө чанарын баталгаатай улс. Тийм учраас бид будаа бусад юу байдаг юм бүтээгдэхүүндээ Японоос ОК үнэлгээ авчих юм бол Зүүн өмнөд Ази, Зүүн хойд Азийг Монгол руу оруулж ирэх юм. Манайхан одоо үйлээ үзээд тарьсан рапс, будаагаа яаж байна. Эрээний нэг доншуур наймаачин л муучилж, унтрааж унтрааж амандаа орсон хямд үнээр аваад л цаашаа дамлачихдаг. Энэ гогцооноос бид гармаар байгаа юм. Үүний төлөө бид зогсоо зайгүй ажиллах ёстой. Эндээ хэрэлдээд л суугаад баймааргүй байна. Дэлхий байна шүү л гэж хэлэх гээд байгаа юм. Орос руу хойшоо харцгаая. Энэ хэрэглэгдэхгүй шахам байгаа төмөр замаа эргэлтэд оруулъя, хийх ажил хэчнээн их байна вэ. Хийж байгаа, хөдөлмөрлөж байгаа тохиолдолд гарцууд ороод ирээд байгаа юмаа. Бидэнд боломж байна. Хамгийн гол нь бид чанар, сайхан сэтгэл, үнэнч шударга байдал гэсэн энэ эрхэм зүйлсийг л өөрсдөдөө хиймээр байна. Бид бодол сэтгэлээ хулхидмааргүй байна. Энэ бизнес чинь цаашаа гурав дөрвөн үеэрээ үргэлжилж, өвлөгдөж явна. Энэ жил манайх 2200 га талбайд тариалалт хийнэ. Би цаашлуулаад л хөгжүүлээд явна. 

-Газар тариалан маань тогтож аваасай гэж үнэхээр их хүсэх юм. Сүүлийн хоёр жил хэрүүлд л умбачихав уу даа?

-Ганаа эгчээ, бас улсын тэжээвэр байж болохгүй шүү дээ.

-Болохгүй. Гэхдээ тэр буудайны урамшуулал чинь үүрдийн юм биш. Салбар тогттол түр зуур хийж өгсөн хөшүүрэг.

-Юм л бол Төр лүү болох бүтэхгүйгээ чихээд л байж болохгүй шүү дээ. Би энэ үгээрээ тариаланчдыг зэмлэж байгаа юм биш. Гарцууд бий. Би хэрүүл тэмцлээс хол байдаг хүн. Миний идей бол өөр. Бид дэлхийн зүг л хармаар байна. Эндээ хэрэлдэх биш.

-Бид ерөөсөө нэгдэж ажиллаж чадахгүй юм. Та бизнест орж ирээд харж байхад баг болох гэдэг ойлголт ер нь байх юм уу?

-Харж байхад ерөөсөө суурь нь их буруу тавигдсан юм шиг санагдах юм. Улс төр лүүгээ хувийн бизнестэй хүмүүс нь ихээр явж орж байна. Уг нь бизнестээ нөмөр нөөлөг эрж улс төр лүү өөрсдөө явж очдог биш, Төр нь өөрөө хувийн хэвшлээ дэмждэг байх ёстой. Дэмжлэгийн хөшүүргүүд нь тодорхой. Ийм боломжийг л тавьж өгмөөр байна шүү дээ. Би салбар салбарын тухай ярьж хүмүүст адлагдах хүсэлгүй. Тийм болохоор олон юм ярих дургүй. Хамгийн гол нь бид чанарын үсрэлт л хийчих хэрэгтэй. Чанар бол бүх юмны хөл шүү. Боловсон хүчний сургалт дээрээ бид чанар хийчихье. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар мянган оюутанд инженерингийн боловсрол олгож өгнөө гэж байна. Энэ бол гайхамшигтай хөрөнгө оруулалт шүү дээ. Цэвэр хүнд нь хөрөнгө оруулалт хийж өгч байгаа биз. Инженергүй улс хөгжихгүй шүү дээ. Япон орон хэнд, хэзээ, хаана дэмжлэг өгөхөө нарийн бодож төлөвлөдөг. Үнэхээр би япончуудад баярлаж явдаг. 1990-ээд онд бид маш их хямарч байсан. Бид хөдөө аж ахуйн орон атлаа сүүгээр тасарч байсан. Тэгэхэд хамгийн түрүүн тусламжийн гараа сунгаж байсан орон аль улс вэ. Нөгөө л Япон. Хуурай сүүний цэнхэр лаазыг та санадаг уу.

-Санадаг.

-Энэ одоо юу гэсэн үг вэ. Гайхалтай шүү. Манай энэ цэцэрлэг, сургуулиуд дээр хамгийн том том өргөтгөлүүдийг хийсэн “Өвсний үндэс” гээд хөтөлбөрийг хэн хийсэн бэ. Япончууд. Энэ бол ерөөсөө хүн рүү нь чиглэсэн хөрөнгө оруулалтууд биз дээ. Бид энэ бүхнийг мартаж болохгүй л гэж би боддог.



-Та Японд очихоороо Сүмогийн ордонд очиж барилдаан үздэг үү?

-Ойрын дөрвөн жил үзээгүй. Мэдээж хааяа ганц нэг барилдааны тойм харна л даа. Ер нь цаг цагаараа байхгүй, цахилдаг хөхөөрөө байхгүй гэдэг шиг аажим аажмаар холдож л байна даа.

-Сэтгэл дотроо байдаг дурсамжууд, тэр шаталтуудыг сэргэчихнэ гэдгээс болгоомжилдог юм болов уу?

-Үгүй ээ, нас маань бас явж байна. Одоо ер нь маэгашира цолтонгуудаас харахад талаас дээш хувь нь дандаа сайхан залуучууд болсон байна. Таних, танихгүй залуус. Тэд нар бол намайг таньж байгаа биз.

-Мэдээж шүү дээ. Надад лав олон хүн таныг зодог тайлснаас хойш сүмо үзэхээ больсон гэж ярьж байсан.     
 
-Энэ амьдралд хөлөө олоход, дээр нь монголчуудынхаа бахархлыг төрүүлэхэд  тус дэм болсон энэ спортод хайртай байхаас аргагүй. Энүүгээр түмэндээ танигдаж, хайрлагдсандаа бас их баярлаж явдаг.

-Таны хүү сүмо бөхөөр хичээллэнэ гэвэл та яаж хандах вэ?

-Бөхийн гурван үеийн удамтай улсууд ген гэдэг зүйлээ дагаад ийм сонголт хийвэл сайхан л санагдах байх. Гэхдээ аавынхаа энд хүрэхгүй байх л гэж бодож байна. Ер нь аавынхаа энд хүрч барилддаггүй юм даа. Хүүхдэдээ хүн өөрийн хүсэл тэмүүллээ тулгах ёсгүй, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг ч таслах ёсгүй. Цэвэр тэр хүний өөрийн амьдрал юм чинь өөрөө л сонголтоо хийнэ шүү дээ.

-Япон бол таны хоёр дахь эх орон. Ер нь л удаж байгаад  яваад  очиход бас сайхан биз?

-Тэгэлгүй яах вэ. Хүний чанар гэж сайхан зүйл байх юм даа.

-Тэдний танд хандах хандлага хэвээрээ юм шиг санагддаг.

-Хүүе, Ёкүзона гээд бариад авахаар нь цочдог ш дээ. (инээв) Өнгөрсөн амралтын өдрөөр Дуурийн театрын тэнд  японы жуулчид “Чио Чио Сан” дуурийг үзэх гээд явж байсан. Би санаандгүй тэнд явж таарсан. Тэгээд юу ч ярихгүй хажуугаар нь гараад явсан чинь ард шуугилдаад явчихсан. (инээв) Тэгээд би эргэж очоод амар мэнд мэдэлцэж зургаа авахуулсан. Тэгээд би хошигноод өөр лүүгээ заагаад нисч байсан эрвээхэй чинь би  байна шүү гэж хэлж тэднийг инээлгэж байлаа. Чио чио гэдэг чинь эрвээхэй гэсэн үг шүү дээ.

-Сайхан санагдаж байна. Нэг япон хүн хэлж байсан. Асашёорюү одоо ч манайд ирэхээр хэвлэлүүд хөөцөлддөг, явсан газар нь анхааралд өртдөг хэвээрээ гэж.

-Сайхаан сайхан. Яахав монголчуудтай харьцуулахад бол өөр л дөө. Тал нутгийн исгэрээ гэдэг чинь хүнийг мартуулдаг юм биш үү. (инээв)  Үүнийг ойлгох хэрэгтэй. Ганаа эгч ээ, би тантай ярил­цаад нэг их хуучнаа ярьж бас сэдэрмээргүй байна. Сая гуравдугаар сард М.Даваажаргалыг барилдаж байхад, барилдааны явцаасаа шалтгаалаад жаахан эвгүй барилдаан хийчихэд нь сүмогийн үзэгчид шуугисан. Зарим нь болчимгүй үгээр хэлж дайрсан л байна билээ. Би тэр тохиолдол дээр өмгөөлсөн.

-Таны нэг жиргээг харсан. Уйлна гэдэг бол харихын шинж шүү гэсэн. Хүүхдээ өмөөрөхдөө барьж авч алгаддаг гэх нэг монгол яриа байдаг. Тийм утгаар хүлээж авсан. Аварга та өөрөө бас дотоод шаталттай хүн. Нэг биш удаа нулимс унагаж байсан. Хатуу ч өрсөлдөөний үе байсан байх.

-Яахав дээ, би тэгж твиттерт бичсэн. Ер нь нулимс нь ойртоно гэдэг ир нь буурч байгаагийн шинж л дээ. Ер нь нулимс гэдэг чинь зүгээр нэг үгээр илэрхийлэгдэх, бас зөвхөн гомдлын шинж чанартай эд биш шүү дээ. Ялангуяа спортод. Тэрийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Уншигчид энэ тухай асуугаасай гэж хүсч байгаа болов уу. Та ойлгож байгаа биз ээ. Би  бол таны амнаасаа дөнгөж сая унагасан “Би сэдэрмээргүй байна” гэсэн үгийг хүндэтгэж байна. Энэ бол тамирчин байсан хүнээс ирж буй хүндэтгэх ёстой үг. Гэхдээ миний хувьд асуухгүй өнгөрвөл нэг тийм хагас санагдаад бас хэцүү байна...

-Би таныг ойлгож байна. Нулимс гэдэг бол агуу их баяр, агуу их ялалт. Анд нөхөд, амраг садангийн уулзалт дээр ямар билээ. Сайн талаас нь харах хэрэгтэй. Нулимс бол хоёр өнгөтэй. Би зүгээр өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Энэ спортын дуулиан шуугиан, орчин тойронд дэгдэж болох, босч ирж болох хамаг муухай бүх ачаалал нь над дээр тээгдээд явчихсан юм л даа. Тэрний дараа миний дүү нар сайн барилдаж, олон рекорд хийсэн. Тэр их шуурга, оволзоон, элдэв хэл ам, хавчлага, тэмцэл, ялалт ялагдал нь над дээр явчихсан. Тэрийг сайн мэдэрч явах ёстой. Би дүү нартаа хэлдэг байсан. Гэхдээ би Ганаа эгчээ, танд нэг юм хэлье. Тэр бүхнийг туулсан сэтгэлээ би нээж болохгүй ш дээ. Би сая М.Даваажаргалын тэр байдлыг хараад мэдэрч байсан. Тэр байдлыг хамгийн түрүүн хэн ойлгох юм, би ойлгоно. Над руу дайрч байсан дайралтууд бол хажууд нь аймаар шүү дээ. Тэгэхээр миний дүү бол энийг даваад гарах тэнхээтэй байх хэрэгтэй. Нулимсаа бүү  үзүүл л гэж хэлье дээ. Агуу их амжилтыг бүтээсэн хүн тэр зэргийн шахалт, дайралтыг даваад гарах тэнхээтэй байх хэрэгтэй. Би ч гэсэн нулимс нь ойрхон хүн л дээ. Гэхдээ бага л харуулъя гэж хичээж явдаг юм.

-Кайёогийн нутагт болсон тэр жилийн барилдаан дээр зөвхөн зрительд сууж байсан нэг ногоон цамцтай эртэй хоёулхнаа хамт гарч байсан гээд... Таны дурсамж санаанаас гардаггүй.

-Тийм. (инээв) Нэг аваргын хаанчлалын үе удаан үргэлжлэх тусам хэцүү нөхцөл байдлууд бүчиж байдаг. Учир нь хүмүүсийн өнө мөнхийн хүсэл шинэ юм руу тэмүүлж, хүсч байдаг. Энэ өнцгөөс ухаантай дүү нар ургуулж бодох биз. Улам нягт бодох хэрэгтэй. Манай М.Даваажаргал одоо дор хаяж таван жил барилдана гэж би хардаг.

-Та зодог тайлсныхаа дараа монголчууд ахиад 10 жил хаанчилнаа гэж хэлж байсан.

-Санаж байна. Цаг хугацаа жирэлзжээ.

-Сүүлийн үед манай Монголын нийгэмд нэг үзэгдэл айхтар хавтгайрч байх шиг харагдах юм. Нэг ч сайн дүр үлдэхгүй болтол бие биенээ хар хэл амаар нүдэж байх шиг. Монголчуудын сэтгэлийн соёл гэдэг зүйл ер нь хаашаа хэлбийгээд байна даа гэж ахмадууд санаа зовниж байна. Энэ талаар та юу бодож явдаг бол?

-Нийгэм л юм болохоор элдэв үзэгдлүүд гарна. Хэцүү л дээ. Манай өвгөдийн сургаалиуд гэж асар том философи байдаг. Жишээ нь, ахаа алд, дүүгээ дэлэм хүндэл гэж үг бий. Энд юуг хэлж байна. Бид өвөг дээдсийнхээ хэлж үлдээснийг эргэж харахаа больчихлоо л доо. Ёс жаягаа умартаж болохгүй. Талцаад л улс орноо, нийгмээ тамирдуулаад байх бол хамгийн хортой үзэгдэл. Дээрээ гүйдлээ олохгүй бол, доороо суудлаа олохгүй гэдэг айхтар сургаал шүү. Энэ ойлголт дээр л доголдол үүсээд, нийгмээ талцуулаад байх шиг. Үүнийх нь балгаар бидний бүтээлч байдал алдагдсан. Ажлын цалгардалт үүссэн. Би иргэн хүний хувьд ингэж л харж байна.

-Тантай ярилцахдаа миний хувьд үргэлж таатай байдаг. Уншигчид маань ч сайхан хүлээж авдаг. Тийм ч учраас миний зүгээс Та тэгсэн юм уу, ингэсэн юм уу. Нэг ийм яриа явна...гэх төрлийн асуулт тавих дургүй. Мэдээж аатай аагтай залуу насанд янз бүрийн л үйл явдал бүчиж байсан байх. Тэрийг дагасан дуулиан шуугиан тасралтгүй л явж байсан. Харин одоо бол та их өөрчлөгдсөн харагдаад байх юм. Их л өөр болчихсон юм шиг санагдаад байна.

-Тийм үү. (инээв)  Яг ямар болчихож. Яахав дээ, бас эр хүний идэр залуу насан дээр ирсэн байна шүү дээ. Миний амьдралд өөр шинэ бүтээлч үе эхэлсэн. Би фантаазгүй болчихсон.

-Ямар сонин үг вэ?

-Өөрчлөгдсөн. Би хөрсөн дээрээ бууж ирсэн. Та анзаарсан байна л даа. Жишээ нь, би архи огт уухаа больсон. Энэ түмэн олны хайрыг даах гэж хичээж явна. Болсон болоогүй бичигдээд л явмааргүй байна. Хөрсөн дээрээ буух гэж бас цаг зарцууллаа. Өөртэйгөө ажиллалаа. Өөрийнхөө дотор байгаа өөр нэгэн бүтээлч чадавхийг хөгжүүлж  ажиллаж байна даа. 

-Мэдэхгүй ээ, нэг тийм уйтгартай ч болчихсон юм шиг. Их эрт төсөөлж байснаас өөр буурьтай болчихсон ч юм шиг... Эсвэл ойрд уулзаагүй болохоор ингэж байна уу. Нээрээ таны нэртэй холбоотой нэг мэдээ явсан. 10 сая доллар зувчуулсан гэсэн. Энэ юу байсан бэ?

-Та намайг мэднэ. Би өөрөө хэн билээ. 10 сая доллар гэдэг бол их хэмжээний мөнгө. Би ийм мөнгийг тэр хүнээс хулхидаад аваад зугтахаар хүн мөн үү. Түрүүн хоёулаа нүүр нүүрээ тулсан халуун харилцаатай сошиалын ертөнцийн тухай ярьж байсан. Өнөөдөр намайг 167 мянган хүн дагаж байна. Би ийм юм хийчихээд тэр хүмүүстэй ярилцаад, санаа бодлоо хуваалцаад, тантай ярилцаад таны өмнө суугаад, гадуур дотуур ил тод явж чадах уу. Гэмт хүн гилбэлзэнэ гэдэг шүү дээ. Би бол гилбэлзэхгүй байгаад байна л даа. Тэр нэг нөхөр хэвлэлийн хурал хийгээд гараад л байх шиг байна билээ. Бас нэг түрүүлж дугарч, ямар нэгэн юмнаас дайжиж, аргалах гэсэн юм болов уу. Яаж байгаа ч юм. Бүү мэд. Тэр нөхөр өөрөө анх бизнес эрхлэхдээ над дээр хадаг барьж ирж байсан юм. Энэ бизнес явбал Монголд ийм ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж болно, аварга минь та тусал дэмж гээд л. Би тэр хүнд хөрөнгө оруулагчдыг нь олж, холбож өгсөн. Бүр гайхаад байх юм. Энэ таны өмнө сууж байгаа хүн чинь нөгөө бага залуу, гэнэн тэнэг Дагвадорж биш байхгүй юу. Цаад хүмүүс нь ч тэнэг биш. Тэнэг юм шиг мэдэгдэл хийгээд, миний нэр хүндэд тэнэг юм шиг хандаж болохгүй л дээ. Тэр 10 сая долларын чинь баталгаа нь би өөрөө юм байгаа юм. Тэр нь баримттай, би танд үзүүлнэ. Батлан даагч нь би юм байгаа юм. Нөхөр товарищийн хийж байсан анхны төсөл ураных нь ажлын хөрөнгө оруулалтыг олж өгсөн хүн нь би юм. Төлбөр тооцоо нь дийлдэхгүй, өр ширэнд орлоо гээд гүйж явахад нь хөрөнгө оруулалт босгож өгсөн хүн нь би юм байгаа юм. Тэгээд их сонин юм аа. Амалханы Эрдэнэбат нь миний холбож өгсөн цаад хүнээ хулхидаад, компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцааг нь өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хүнд өгчихсөн. Өнгөрсөн долоо хоногт тэр нь шүүхээр тогтоогдчихсон. Ийм хүн чанараа алдчихсан хүн гэж байдаг аа. Батлан даалт гэдэг ойлголтын утгыг ойлгож байна уу. Тэр нөхөр төлж чадахгүй бол батлан даагчийн хувьд би төлнөө дөө. Энэ утга мөн үү. Хуулийн байгууллага тогтоож өгнө биз. Ер нь бол нэлээн бүтэхгүй нөхөр гэдгийг нь бүгд л мэддэг юм билээ. Уучлаарай, яривал их юм байнаа. Ярьдаг газар нь очиж ярья даа. Хөрөнгө оруулалт холбож өгөөд, эх орныхоо бизнест гадны бизнесээс татаад оруулаад ирэхээр энд үл бүтэх зарим нөхдүүд нь итгэл даахгүй, цаад хүмүүсийг хулхидаад байх нь яасан ч хэцүү юм бэ дээ. Ийм байвал манай хөрөнгө оруулалтын орчин улам л түвэгтэй болно шүү.




-Бидний ярилцлага өндөрлөж байна. Цаг зав гаргаж, чин сэтгэлээсээ ярилцсан танд уншигчдынхаа өмнөөс талархаж байна.

-Баярлалаа. Одоо их ажил монголчууд биднийг хүлээж байна даа. АСЕМ-ын чуулга уулзалт болох гэж байна. Дэлхийн олон улс орны зочид төлөөлөгчид ирнэ. Тэдний дотор миний найз нөхөд ирнэ. Хувьдаа бас хичээж бэлтгэл базааж байна. Дэлхийн том том хөрөнгө оруулагчид ирнэ. Найз нөхөд маань, бизнесийн түншүүд маань ирнэ. Нэр нүүртэйхэн ард нь гарчих юмсан. Энэ бол Монгол Улс гэдэг нэр гарах үйл явдал шүү. Сонгууль болно. Олимп болно. Бүгдээрээ эвтэй сайхан байя л даа. Бие биенийхээ өмнө хүлээцтэй, сайхан эв найртай байцгаая. Бүгдээрээ амгалан байя л даа гэж хэлмээр байна.  

Асашёорюү аварга бид хоёр ахин ийнхүү хөөрөлдлөө. Анхны сэтгэгдэл тэр огт өөр хүн болсон ч юм шиг. Ажаад байхад тогтуун, тэрийгээ дагаад үл ялиг уйтгар суусан ч юм шиг....Тэгснээ нөгөө л бадрангуй Дагваа хэвээрээ ч байгаа юм шиг....Ай бүү мэдээ. Гэхдээ л сэтгэл дагаж бадраад....нэг л гоё байна.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn