Б.Гүнбилэг: Хуулийн салбарын нүүрийг жалмайтал угаамаар байна
2016 оны 4 сарын 25 [Уншсан тоо: 32200]



Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Бид анх ярилцлага хийснээс хойш хагас жил өнгөрчээ. Тэр үед та жирийн өмгөөлөгч байсан. Харин одоо Монгол Улсын бүх хуульчдыг нэгтгэсэн холбооны тэргүүн хийж байна. Хуульчдын гал тогоо ер нь хэр халуун байна, улс төр хууль хоёр зарим талаар хэт их хутгалдаад байх шиг...

-Та яг ямар асуудалтай холбож хэлж байна вэ? Нийтлэгээр нь хэлж байна уу, эсхүл тодорхой хэрэг дээр тулгуурлаж асууж байна уу?

-Зөндөөн л жишээ байна. Үндсэн хуулийн цэцийн даргыг үнэндээ хавчсаар байгаад ажлаас нь чөлөөлчихлөө. Одоо Р.Гончигдорж гишүүн цэцийн гишүүн болно гэнэ. Ч.Гансүхийн хэрэг, түүний өмгөөлөгч Ц.Баасандоржийн асуудал, дараа нь "Женко"-ийн эргэн тойрныхныг шуугиуллаа. Бас шүүгч нарт улстөрчид нөлөөлөөд байна гэх хардлага...

-Тус тусад нь ярих нь зүйтэй байх. Юун түрүүнд тухайлсан хэргүүдийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны талаар би үнэндээ таниас илүү мэдээлэлгүй учир юм хэлж мэдэхгүй нь. Нөгөө талаас байцаан шийтгэх ажиллагааны талаар эрх бүхий байгууллага мэдээлэл өгөх ёстой. Харин Цэцийн асуудлаар манай холбоон дээр хэлэлцүүлэг явсан байдаг.

-За... Цэцийнхний зөв юм уу, Их хурлынхны зөв юм уу?

-Үндсэн хуулийн цэцийн даргыг хууль бусаар чөлөөлсөн. УИХ-ын баталсан хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно" гэж заасан. Үүний "эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон" гэдэг хэсгийг Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлсэн байдаг. Нөгөө талаас УИХ-ын тамгын газрын дарга нь Улсын дээд шүүх рүү бичиг явуулаад саналаа хэл гэхээр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч "тусгайлсан саналгүй" гэж бичиг явуулсныг үндэслээд шийдвэр гаргах нь ерөөсөө буруу. УИХ-ын Тамгын газрын дарга энэ асуудлаар УИХ-ыг төлөөлөхгүй. Мөн Улсын дээд шүүхийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх байтал Ерөнхий шүүгч бусад шүүгчдэдээ хэлэхгүй "тусгайлсан саналгүй, түүгээрээ шийд" гэдэг нь хууль буруу хэрэглэж байгаа жишээ.

-Ерөнхий шүүгч чинь Дээд шүүхээ төлөөлөх эрх бүхий этгээд юм биш үү?

-Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйл дээр тухайн шүүхээ дотоод, гадаадад төлөөлөх эрх тухайн шатны Ерөнхий шүүгчид бий. Гэхдээ цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудал дээр Улсын дээд шүүх гэсэн үг байгаа. Түүнээс биш Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дангаараа шийднэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр дээд шүүхийн 25 шүүгч дотроо зөвлөлдөж, хуралдаад гаргасан шийдвэрийг нь Ерөнхий шүүгч УИХ-д хэлбэржүүлэн илгээх үүрэгтэй юм. Дээд шүүхийн өмнөөс Ерөнхий шүүгч бүх асуудал дээр төлөөлж болдог гэж ойлговол эрүү, иргэн, захиргааны хэргийг Ерөнхий шүүгч нь ганцаараа хянаад байж таарах нь. Тэнд бусад шүүгчийн хэрэг байхгүй биз дээ. 

-УИХ дээр цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудал дээр Дээд шүүх эгүүлэн тат гэсэн байна, үгүй гэсэн байна гээд маргасан. Ер нь тусгайлсан саналгүй гэж бичиж болдог юм уу?

-Үүн дээр их шүүмжлэлтэй хандаж байгаа. Эрдэмтэн багшийн нэг үг байдаг. "Шүүгч хүн шатрын зальтай нүүдэл шиг юм хийж болохгүй" гэж. Ямар саналтай нь мэдэгдэхгүй, хүн ойлгоход хэцүү шийдвэр гаргах ёсгүй л гэсэн санаа. Мөн саяхан нэг хуульчийн тэмдэглэлээс Б. Чимид багшийн "Шүүгч хүн аливаа улс төрийн хүчний нөмөрт нь хоргодвоос сүр сүлд нь мөхдөг" гэсэн үгийг олж уншсан юм байна.

-Р.Гончигдорж гишүүн Цэцийн гишүүн болох гээд Дээд шүүх дээрээс буцлаа. УИХ-ын гишүүний ажлаа өгөөгүй учир боломжгүй гэсэн байсан санагдана. Ер нь Р.Гончигдорж гишүүн Цэцийн гишүүн болж болох уу?

-Хувь хүнийхээ хувьд болох эрх нь хуулийн шаардлагаа хангавал болно. Гэхдээ өмнөх Цэцийн гишүүнийг Үндсэн хууль зөрчиж, эгүүлэн татсан гэдгийг Р. Гончигдорж гуай мэдэж байх ёстой.  Нэр төртэй, мэдлэгтэй хүн,  тэр дундаа Үндсэн хууль хамгаалах гэж байгаа хүн наад захын Үндсэн хуулийн мэдлэгээ харуулах үүрэгтэй. Монгол Улсын иргэнийхээ хувьд шүү, улстөрчийн хувьд биш.

-Үндсэн хуулийн цэц ер нь сайн ажиллаж байгаа гэж боддог уу?

-Үндсэн хуулийн цэц дандаа сайн шийдвэр гаргадаг гэвэл эргэлзээтэй. Гэлээ гэхдээ Үндсэн хуулийн цэц бол улстөрчдийн хазаарыг татаж, дураар нь дургиулдаггүй гол багана гэдгийг ерөөс мартаж болохгүй. Цэцийн даргыг Үндсэн хуулийн бус аргаар чөлөөлөөд Үндсэн хуулиа хамгаална гэж ярьж байгаа нь ямар ч логикгүй.     

-Танай салбар ер нь уруудав уу, сайжрав уу? Өмнөх сайд Х. Тэмүүжин, одоогийн сайд Д.Дорлигжав хоёр чинь байнга л муудалцаж харагддаг.

-Улстөрчдийн сайдах муудах шалтгаан янз бүр байлгүй. Гэхдээ аливаа шинэчлэл улс төрийн баталгаа, эдийн засгийн баталгаа, нийгмийн баталгаатай байж гэмээнэ хийгдэж чадна. Улс төрийн баталгааны талаар улстөрчид мэдэх байх. Харин эдийн засгийн баталгаа байхгүй болсон тул анх зорьсон шинэчлэл бүрэн хийгдэхэд хүндрэлтэй. Энэ хоёр баталгаа үгүй бол нийгэм өөрөө хүлээж авахгүй. Тэгэхээр нийгмийн баталгаатай байна гэж хэлэхэд бас хэцүү л байна.

-Х.Тэмүүжин гишүүнийг л хамаг бантанг зуурчихаад алга боллоо гэсэн нийгмийн сэтгэл зүй байна... Хууль зүйн салбарынхан юу гэх юм бэ?

-Х.Тэмүүжин сайд маш зоригтой орж ирсэн. Тэр эрчээрээ эрх зүйн салбарын олон зүйл хөдөлсөн. Хувь хүн тэр дундаа хуульч хүн үнэнийг ганцаараа тогтоодоггүй. Хийе гэсэн эрмэлзэл, хөдөлмөр, сэтгэл зүтгэл хүн бүрт байлгүй л яахав. Түүний санаачилж байсан олон хуулийг Д.Дорлигжав сайдын үед олон хуульчдын оролцоотойгоор дахин нягталж, гүйцээн баталлаа. Гэхдээ энд үр дүн байх ёстой. Хуулийн шинэчлэлийн үр дүн нь функциональ зарчмаар үнэлэгдэх ёстой. Гэмт хэргийн гаралтаар эрх зүйн хөгжлийг хэмждэг. 2011 онд 19 мянган гэмт хэрэг гарч байсан бол 2015 онд 27 мянга болж өссөн байна. Аль ч сайдын үед зөв бурууг хэлж, мэргэжил арга зүйгээр хангах үүрэг нь тухайн яамны төрийн нарийн бичгийн даргад байдаг. Энэ хүн мэргэжлийн хувьд хууль зүйн салбарт боловсорсон, тэр салбараа удирдаж, улс төрчдийн бодлого шийдвэрийн тунг тааруулна. Энэ тал дээр манай яам жаахан туршлага дутдаг шиг санагддаг. Одоо шинээр батлагдсан хуулиудын чансаа л манай салбарын сайд нарын ажлыг үр дүнтэй байсан уу, үр дагавартай байсан уу гэдгийг харуулах байх.

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэж нэг "хадны мангаа" хуулийн салбарт байгаад байна уу, эсхүл шүүгчдийн цалинг нэмдэг буянтай газар уу?

-Шүүхийн ерөнхий зөвлөл маань шүүхийн эдийн засгийн баталгааг хангахад сайн ажилласан. Таван оноогоор дүгнэвэл хуульч нар онц дүн тавьж байна. Харин шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн томилгооны асуудал дээр муу дүн, тэрнээс дор тэг гэж дүн байдаг бол тэр тэг дүнг тавимаар байна.

-Яагаад?

-За, цалин бол шүүгч нарт нэмэгдсэн. Харин унтаж сэрээд, шүүгч хүн ажлаасаа халагдсанаа мэддэг байдал шүүгч нарын дунд айдас бий болгож байна. Дээр байгаа хүмүүстээ муухай харагдчихвал би ажилгүй болох нь гэсэн айдас. Энэ айдсаа шүүгч нар холбоон дээрээ хэд хэдэн удаа хэлсэн. Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдаж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэр бүхий хуульчдыг шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн боловч буцаан томилоогүй, эсхүл тухайн шүүгчийн зөвшөөрөлгүй өөр шүүхэд шилжүүлэн томилсон тохиолдлууд гарч байна. Тухайлбал, Шүүх байгуулах тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо 12 хуульчийг шүүгчээр буцаан томилоогүй, 34 шүүгчийг өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсон. Энэ олон шүүгч нар ямар шалтгаанаас болж, шүүгчээр томилогдоогүй, эсхүл шилжүүлсэн бэ гэдгээ одоо болтол албан ёсоор мэдээгүй. Бас хуульчдын холбооноос мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд тухайн шатны шүүхийн шүүгчээр ажиллах шаардлагыг “хангахгүй” гэж дүгнэгдсэн 12 нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг сонгон шалгаруулахдаа маш хаалттай байна гэж шүүгчээр томилогдох гэж шалгалт өгсөн хуульч нар байнга гомдол гаргадаг. Энэ бүхнийг засах гээд ерөөсөө болж өгөхгүй байна. Нэг бол асуусан асуулт, хүсэлтэнд бүрэн хариу өгөхгүй, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч мэддэг гэсэн үгнээс өөр юмгүй хоцорчихоод, Ерөнхийлөгчид хандахаар хариу өгөхгүй байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тэгээд хамаг асуудал нь байгаа юм биш үү?

-Манай хуульчид ерөнхийлөгч гэдэг ганц хүнийг буруутгахгүй байна. Төрийн тэргүүний нэрийг барьсан, түүгээр бамбай хийдэг бас хэсэг хүн байна. Тухайлбал, эрх нь зөрчигдөж, буцаан томилогдоогүй 12 шүүгчийг Төрийн тэргүүн танихгүй шүү дээ. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ “... алагчлалд дургүй... Хүний алагаас аяганы алаг гэж үүнийг хэлж байна. Алагчлахгүй байх ёстой” гэсэн. 

-Хуульчдын холбоог Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу бас байгуулсан...

-Тийм. Төрийн тэргүүн маань юм санаачлахдаа их сайн хүн юм. Тэгээд тэр өөрийнхөө байгуулсан байгууллагыг дэмжихгүй, санаачилсан хуулийнх нь дагуу шаардлага хүргүүлэхээр чимээгүй болчихоод ойлгомжгүй байна. Прокурорын байгууллагын ойн хурал дээр очиж, манай прокуроруудыг дэмжинэ, цалинг нь нэмэх талаар ажиллана гэж амласан. Гэтэл прокурорууд бага цалинтай ажилласан хэвээрээ л байна. Улсын төсвөөс цалингаа тавьдаг байгууллагуудын ажилтны цалинг тодорхой хувиар хоёр удаа нэмэхэд прокуроруудын цалинг нэмээгүй үлдээчихсэн юм билээ. Прокурорууд шүүгч шиг өндөр цалин авахаа байя гэхэд бусад төсвийн ажилтнуудын цалинг хувилан нэмсэн шигээ яагаад нэмдэггүй юм бол гээд гайхаад байж байна.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа гэсэн. Зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд шүүгч нар шүүмжлэлтэй хандаж байсан.

-Нээлттэй нийгэм форумын судалгааны үр дүнгээс харахал Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн хамтарсан зөвлөгөөнөөс тус бүр нэг төлөөлөл сонгох сонгууль шударга явагдсан гэж үздэг үү гэж 281 шүүгч нараас асуухад үгүй гэж 148 шүүгч, хэлж мэдэхгүй гэж 66 шүүгч хариулсан байдаг. Тиймээс одоо болох сонгуулийг Хуульчдын холбооны зүгээс анхааралтай ажиглаж, шударга явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаа. Энэ бол нийт хуульчдын эрх ашгийг хамгаалах, хариуцлагажуулах, цаашлаад улс оронд шударга, ардчилсан ёс тогтооход хувь нэмэр болох юм.      

-Хуульчдын нэр хүнд муу байна л гэдэг...

-Сайны хажуугаар саар байна. Хуульчдын гол толгойны өвчин бол муу хуульчдаас салах. Бүгдээрээ хуульчийн нэр хүндийг унагаж буй хэдтэйгээ тэмцэж нэрээ цэвэрлэх эрмэлзэлтэй. Үүн дээр манай мэргэжлийн хариуцлагын хороо ажилладаг. 39 хуульч мэргэжлийн хариуцлага тооцуулсан, заримынх нь хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон. Цаашдаа иргэдийн гомдол нэмэгдэх хандлагатай байна. Хуульчийн нэр хүндийг унагааж буй нөхөдтэй тэмцэхийн тулд бид шударга, зоригтой байх ёстой. Хуулийн салбарын нүүрийг жалмайтал угаамаар байна.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn